Categories
мэдээ нийгэм

Есдүгээр ​сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь​

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх есдүгээр сард 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3100 гаруй иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

  • 9 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 8-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 9-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 14-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 15-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 17-нд Хонконг-Улаанбаатар /транзит/
  • 9 сарын 18-нд Истанбул-Улаанбаатар
  • 9 сарын 21-нд Токио-Улаанбаатар
  • 9 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар
  • 9 сарын 24-нд Сөүл-Улаанбаатар
  • 9 сарын 25-нд Седней-Улаанбаатар
  • 9 сарын 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын шуурхай штабаас мэдээллээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

136 зөрчлийг хяналт шалгалтын явцад илрүүлжээ

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд шингэрүүлсэн шатдаг хийн станц, агуулах, автомашин хийгээр цэнэглэх станцуудад гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 2020 оны 08дугаар сарын 17-ны өдрөөс 08 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулан ажиллаж байна.

Нийт 125 аж, ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт явуулж, 136 зөрчил дутагдлыг илрүүлж, газар дээр нь 18 зөрчлийг арилгуулжээ.

Харин бусад зөрчлийг арилгуулахаар гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч, байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага-87, Мэдэгдэл-24 бичиж холбогдох албан тушаалтанд хүргүүлэн биелэлтийг хангуулан ажиллаж байгаа юм.

Галын аюулгүй байдлын стандарт, норм, нормативын шаардлагыг ноцтой зөрчсөн таван аж ахуйн нэгж байгууллагыг Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авахаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ

Categories
мэдээ нийгэм

Шинжилгээний хариу сөрөг гарч, тарваган тахал биш болох нь тогтоогдлоо

Богд сумын нутаг дэвсгэрт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол гарч, шинжилгээг Зоонозын өвчин судлалын үндсэний төв рүү явуулсан. Тэгвэл уг хариу сөрөг гарсан байна.

Үүнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралдаж, Богд суманд тогтоосон хөл хориог цуцалсан бөгөөд цаашид тарваган тахлын өвчлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналт, шалгалтын ажлыг эрчимжүүлэх үүрэг даалгаврыг өглөө. Тус суманд тарваганы мах худалдсан, агнасан гэх зөрчлийг гаргасан иргэнийг олж тогтоон хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд байгааг сумын Засаг дарга Ч.Чинзориг хэллээ. Тарваганы мах идсэн гэх гурван иргэн гэдэсний нянгаар өвчилжээ.

Categories
мэдээ нийгэм

​Гамшгийн сургалтад хамрагдсан алба хаагчдад батламж гардууллаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратегийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Газарзүйн мэдээллийн систем”-ийн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад тус газрын 6 алба хаагч хамрагдаж гамшгийн эрсдэлийн тоон мэдээг боловсруулах, гамшиг эрсдэлийн орон зайн тархацын зураглал, дүн шинжилгээ хийх чадварыг эзэмшиж, мэргэжлийн урчадвараа дээшлүүлсэн байна.

Сургалтын төгсгөлд алба хаагчдад “Батламж”-ийг нь гардуулан өгчээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ нийгэм

​Т.Доржханд: Зээлийн хүүг бууруулах боломж бий


УИХ-ын гишүүн Т.Доржханд нар зээлийн хүүг бууруулах шаардлагатай байгаа талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр зээлийн хүүг бууруулах гол арга нь макро эдийн засгийн тогтвортой байдал. Үүнийг захиргааны аргаар бус зах зээлийнхээ зарчмын бодлогыг баримталж ажиллах нь зүйтэй, шаталсан байдлаар татварыг тогтоох хэрэгтэйг онцоллоо. Мөн дэлхий даяар хүндрэлтэй байгаа энэ үед хамгийн чухал зүйл нь монгол хүний орлого, ажлын байр юм. Тийм учир Засгийн газар зорилтот зах зээлд зориулсан хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлийг гаргаж явуулах нь зүйтэй гэлээ.

А.МӨНХНАРАН

Categories
мэдээ улс-төр

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн Байнгын хороонд буцаав

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Төсвийн байнгын хороо энэ сарын 25-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг зүйл тус бүрээр нь хэлэлцсэн. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн төслийн 2 дугаар зүйлийг “Хуулийн төслийг баталсан өдрөөс эхлэн 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.” хэмээн өөрчлөн найруулах санал гаргасан байна. Уг асуудлыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 10.1.6-д заасны дагуу зохицуулах боломжтой гэж үзэн, хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувийн саналаар дэмжээгүй болно. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн цөөнх болсон хэмээв. Тэрээр, Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийснээс хойш нөхцөл байдлыг дахин судалж үзсэний үндсэн дээр төслийг анхны хэлэлцүүлэгт буцаах хүсэлт гаргаж буй талаар санал, дүгнэлтдээ танилцууллаа.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр 2020 оны төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэх юм. Харин коронавирусний цар тахлын нөлөөлөл 2021 онд ч үргэлжлэх эрсдэл байгааг тооцож УИХ-аас тодорхой чиглэл, зохицуулалтын шаардлагыг Засгийн газарт өгөх нь зүйтэй хэмээн үзсэн гэв.

Төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн бол хуулийн төслийг Байнгын хороонд буцаана хэмээн хуульд заасан байдгийг Г.Занданшатар дарга танилцуулаад Байнгын хорооны горимын саналаар санал хураалаа. Нэгдсэн хуралдаанд оролцсон 66 гишүүний олонх буюу 51.5 хувийн саналаар уг горимын саналыг дэмжсэн тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулахаар Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Ю.Цэдэнбал, А.Филатова нарыг цагаатгуулна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд цагаатгах ажилд анхаарал хандуулан ажиллаж буй бөгөөд өнөөдөр Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байгаагаа мэдэгдлээ.

Өнөөдрийн байдлаар 31314 хүн улс төрийн хилс хэрэгт шийтгэгдсэн хэмээн шүүхээр цагаатгагдсан байдаг боловч Ю.Цэдэнбал болон түүний гэр бүлийг шүүхийн шийдвэрээр цагаатгаагүй тул ийнхүү албан ёсоор цагаатгуулах ажлыг эхлээд байгаа юм байна.

Энэ талаараа УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Үнэнийг тогтоож, шүүхийн шийдвэрийг гаргуулснаар хүний эрх зөрчигдөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Эдгээр хүмүүсийг цагаатгаж байгаа нь төр уучлал гуйж байгаа хэрэг. Тиймээс бид энэ асуудалд онцгой анхаарал хандуулна. Хүмүүс цагаатгасан гэж боддог ч бүх гавьяа шагналыг нь хураасан. Монгол Улсад ямар нам Засгийн эрхэнд байгаагаас үл хамаарч үеийн үед хүний эрхийг дээдэлдэг нийгмийг бүтээн байгуулах ёстой” гэлээ.

Төр, төрийн бус гурван байгууллага, эрдэмтэд, сэтгүүлчид гээд олон хүн энэ ажилд оролцож байгаа юм байна.

“Монгол Улсын түүхэнд давтагдашгүй том үүрэг гүйцэтгэсэн зүтгэлтний гэр бүлийн түүхтэй холбоотой 36 жил үргэлжилсэн хэл ам, тэмцэл, хөдөлмөр нэг талдаа гарах боломж олдож байна. 800 гаруй хүний гарын үсэгтэй бичгийг олон удаа өгсөн. Түүхийн үнэн ялдаг. Олон жилийн хөдөлмөрөө Монгол Улсад зориулсан энэ хүн, энэ хүний гэр бүлийг албан ёсоор цагаатгах цаг ирж байна. Монголын төлөө бүх зүйлээ зориулсан түүхэн хүмүүст хүндэтгэлтэй хандах цаг ирнэ гэдэгт итгэж байна” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

МИАТ эмч нарт нэг удаа үнэгүй үйлчлүүлэх эрхийн бичиг гардууллаа

МИАТ ТӨХК-ийн Боинг 767-300 агаарын хөлгийн 2020 оны долдугаар сарын 9-ний өдрийн Истанбул-Улаанбаатар чиглэлийн ОМ7162 аяллын нислэгийн үеэр хоёр ихэр охин мэндэлсэн түүхэн баярт үйл явдал болсон билээ.

Энэ үeэр мэргэжлийн ур чадвар гарган эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэн эх, хүүхдүүдийг эсэн мэнд амаржуулсан ЭХЭМҮТ-ийн Сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасгийн сувилагч А.Буянжаргал, Багахангай дүүргийн ахмадын сувиллын эмч Д.Мөнхсаруул, Улсын 2-р эмнэлгийн хүүхдийн эмч Д.Отгончимэг, Номун эмнэлгийн хүүхдийн эмч П.Сугармаа, ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжын тасгийн эрхлэгч Б.Батсүх, эх баригч Ё.Даваа нарт МИАТ-ийн нислэг үйлддэг чиглэлд нэг удаа үнэгүй зорчих эрхийн бичгийг өчигдөр гардуулан өгчээ.

Онгоцонд мэндэлсэн ихэр охид болон ээжид МИАТ ТӨХК-ийн нислэгийн бүх чиглэлд насан туршдаа үнэгүй зорчих эрхийн бичиг олгосон байна.

Categories
мэдээ нийгэм

COVID-19 БНСУ-д ажилладаг 5 монгол иргэн коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын Сөүл хотын Гымчон дүүрэгт байрлах хүнсний үйлдвэрт ажиллаж байсан Монгол Улсын таван иргэн болон тэдгээртэй харилцаанд орсон өөр гурван хүн коронавирусийн халдвар авсан болох нь өнөөдөр /2020.08.26/ тогтоогдсон тухай БНСУ-д суугаа Монгол Улсын элчин сайдын яам мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр иргэдтэй харилцаанд орсон иргэд, маршрутыг суугаа орны холбогдох байгууллагаас тодруулан ажиллаж байгаа ба халдвар авсан нэг иргэн наймдугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш Консулын хэлтсээр үйлчлүүлжээ.

Иймд тус өдөр Консулын хэлтсээр үйлчлүүлсэн иргэд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгаа бол ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөсөн байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Нэргүй: Есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн алслагдсан таван хорооны өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхэлнэ

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн нутаг дэвсгэрт 2020 оны зургадугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл завьт эргүүл гол орчмын бүсүүдэд ажилласаар байна. Тухайлбал БЗД-ийн гүүр Яармаг, Сонсголонгийн гүүр, Тэрэлж, Хэрлэн голын орчимд 7 маршрутад эргүүлүүд гарч байгаа. Гол усанд хүний амь эрстэхээс хамгаалахын тулд нийтдээ 2400 орчим алба хаагчид аврах ажиллагааны эргүүлд гарч байгаа. Мөн 37 байршилд сэрэмжлүүлэх самбар байршуулсан. Одоогийн байдлаар 235 хүний амь насыг аварч голын усанд гацсан 37 машиныг гаргасан.

Тарваган тахлаас сэргийлэхийн тулд хяналт тавигдсаар байна. Тарваган тахлын сэжигтэй тохиолдол шинээр бүртгэгдээгүй.

Өвлийн улирал ойртож айлуудын галлагаа эхлэх гэж байна. Өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг бууруулах ажил хийж, шахмал түлш хэрэглэснээр утаа 50 хувьд хүртэл буурсан бол энэ жил 80 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байна.

Өнөөдөр өглөө орсон ширүүн борооны үеэр хэд хэдэн газар усанд автаж боогдсон 9 удаагийн ахуйн зөрчлийн дуудлага ирсэн ч ямар нэг байдлаар хүний амь эрсэдсэн дуудлага бүртгэгдээгүй. Иймээс голын ус руу хүүхдийг явуулахгүй байж хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй.

Нийслэлийн нутаг захиргааны 6000 гаруй ажилчид өвөлжилтийн бэлтгэл байдлыг хангах үүднээс гэр хорооллын айлуудаар явж угаарын хий мэдрэгч, галлагааны заавар зөвлөгөө өгсөөр байна.

Цаашид түлш нөөцлөх ажлыг эрчимжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Алслагдсан 5 хороо агаарын чанарыг сайжруулах төлөвлөгөөнд багтсан учраас эдгээр дүүрэгт чиглэн ажиллаж байна. Есдүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн алслагдсан таван хорооны өрхүүдэд угаарын хий мэдрэгчийг тарааж эхэлнэ” гэлээ.