Categories
мэдээ цаг-үе

Буйд суманд өнгөрөөсөн романтик хоёр жил

Лондон, Лос Анжелос, Японд амьдарч байгаад Монголдоо ирэхдээ Дорнодын Матад суманд суурьшиж, холын буйд сумыг бяцхан Токио болгоно гэж хоёр жил зүтгэсэн хосын тухай танилаасаа сонсоод гэрт нь өнжих хүсэлт тавьсан юм, өнгөрсөн долоо хоногт. Эхэндээ “Бидний мундаг гэж юу байхав дээ” гэж даруу загнаад хавьтуулсангүй. “Их гүрнээс яагаад заавал буйд суманд суурьших шийдвэр гаргасан юм бол. Тэгээд бүр Монголын жишиг цэцэрлэгийг Матад суманд байгуулна гэж зүтгэсэн хоёр. Цаана нь ямар нэг сайхан түүх нуугдаж л байгаа” гэсэн сониурчирхалдаа хөтлөгдчихсөн нөхөр яаж зүгээр суухав. Хэдэнтээ холбогдсоны эцэст гэрт нь өнжих “виза”-тай болоод авав. Ингээд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Номун виллаж” хотхоныг зорилоо. Эргэлдсэн нүдтэй дөч гаруй насны бүсгүй хаалга тайлж өгөв. Зочин ирнэ гээд зорьж бэлдсэн нь илт. Том өрөөний буйдангийн өмнөх бор шаргал ширээнээ салат, зууш, цагаан идээ, чихэр, жимс, ундаа, ус, чамин загвартай сууриа чимж гэрэлтэх гоёмсог лаа, таваг, сэрээ, халбага, аяга сэлтийг янз донжыг нь тохируулан өржээ. Гэрийн эзэгтэй шалмаг гэж жигтэйхэн юм. Гараа угаагаад буйдангийн эсрэг талын Бурхан багшийг дүрсэлсэн уран зургуудыг тогтож харах зуур л уур савссан бууз таваглаад өрчихөв.

Эзэгтэйтэй мэнд мэдэлцэн ойр зуурыг ярилцах зуур гэрийн эзэн орж ирлээ. Ажлаасаа тараад яаран ирсэн нь энэ гэнэ. Гэрийн эзэн “Манай хүн чинь гялалзуулчихжээ. За би одоохон” гээд гэрийн хувцсаа сольж өмсөөд ширээнээ суулаа. Д.Дэмчигсүрэн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн багт ажилладаг аж. Гэргий нь Адиймаа. Гурван хүүхэд нь гадаадад суралцдаг гэнэ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёр бүр багадаа “Найрамдал” зусланд танилцаж байж. Дорнодын Матад сумын дунд сургуулийн онц сурлагатан хүү хотын гоё охинтой “Найрамдал” зусланд танилцчихаад тээр хойно дахин учирчээ. Адиймаа нөхөртөө бууз таваглаж өгөх зуураа “Би бүүр сүүлд гэрчилгээг нь хараад бүх хичээлдээ онц сурч байсныг нь мэдсэн.

Хөөх чи бүх хичээлдээ онц сурч байжээ гэж шагширтал манай хүн өөр дүн байдаг юм уу гэдэг байгаа” хэмээгээд хөгжилтэй инээв. Дэмчигсүрэн эхнэрийнхээ үгийг өлгөж аваад “Гэхдээ би онц сурахаас өөрийг мэддэггүй хэнхэг сурагч байгаагүй юм аа, хамтлагт гитар дардаг, спортод дуртай, бүх л зүйлд оролцож явдаг хүү байсан шүү” гээд жуумалзав.

Бидний яриа удам судрын тухай амттай хуучаар үргэлжиллээ. Адиймаагийн ээж орос хэлний багш байж. Ээжийнх нь аавын аав Балдан тайж гэж нутаг усандаа нэртэй хүмүүн байсан гэнэ. Адиймаа “Баянхонгорын Бууцагааны хүн л дээ, миний өвөг. Ээжийг дүү нартайгаа нутагтаа очиход Балдан тайжийн үр удам гээд сүйд байсан гэдэг юм. Өвөө минь Балдангийн Ядамсүрэн гэж хүн байлаа. Цэргийн анхны гавьяат тээвэрчин. Дайны үеийн цэргийн жолооч нарыг бэлтгэж байсан хүн юм билээ. Аавыг минь Майдаржав гэдэг. Хөвсгөлийн хүн. Хар нялхад нь аав, ээжийг нь хэлмэгдүүлээд хороочихсон гэдэг юм. Өвөө, эмээ минь бичгийн хүн байсан гэсэн тойм үгнээс өөр зүйл алга даа. Ер нь аавын талын түүх тун бүдэг” хэмээн уг удмаа дурссан юм. Гэрийн эзний удам судрыг сонирхуулахаас өмнө нэг түүх сонирхуулъя. Мань эр хорь гаруйхан настай шижигнэсэн залуу үедээ Соёлын яаманд ажиллаж байжээ. Соёлын тухай хууль, төрөөс соёлын талаар баримтлах бодлого дээр анх ажилласан хүмүүсийн нэг гэнэ. Тэр үед угийн бичиг хөтлөх, удмын овогтой болох санаа анх соёолж байж. Гэрийн эзэн “Одоо эргээд бодоход бидний ажиллагаа дутсан л даа. Тухайн үед Ж.Гүррагчаа гуай Сансар гэдэг овог авсан шиг санагдаж байна. Овгийн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр боломжийнхоо хэрээр цацсан. Гэхдээ амьдрал дээр хүн бүр боржигон, хиад, хатиган гэсэн овогтой болчихсон. Ингээд овог сэргээн хэрэглэсний утга жаахан алдагдсан тал бий. Миний хувьд нутаг усаараа бол Хатагин гэж явах учиртай. Маш эртний, сонин түүхтэй овог аймаг гэдгийг монголчууд андахгүй. Гэхдээ бид ургийн овгоо өөрөөр, өөрсдөдөө илүү хамаатайгаар сонгосон” хэмээн дурсав.

Гэрийн эзний аав, ээж Дорнодын баруун, зүүн Матадын хүмүүс гэнэ. Залуудаа уулзаж учрах гэж 300 гаруй км газрыг морьтой туулдаг байснаа дурсан ярьдаг байж. Дэмчигсүрэн “Мэнэнгийн талаар тэр олон км газрыг туулна гэдэг амар биш. Мориор нэг цагт 20 гаруй км явна гээд бодоход л тасралтгүй 10 гаруй цаг явах газар шүү дээ. Миний аавыг Дорж гэдэг. Багш мэргэжилтэй, олон жил багш, захирлаар ажилласан хүн. Ид залуудаа айлын ганц охиныг аваад суучихсан байдаг” гээд хөгжилтэй инээв. Нутгийнхаа тухай ярихаар л нүд нь сэргээд ирэх юм. Бидэнд зургийн цомог сонирхуулах зуураа “Дорнын талд нар мандах, жаргах шиг гайхамшигтай агшин ховор байх шүү. Гэнэтхэн ургаад, гэнэтхэн жаргана. Шөнийн оддынх нь сүрлэг, өнгөлгийг зүйрлэж хэлэхэд үг дутаад байна. Хөдөө талд энд тэнд прожектор тавьчихсан юм шиг. Манай хүргэн ах одон орны хүн. Хүрэл тогоотод олон жил ажилласан. Ховдын хүн л дээ. Манай нутагт очихоороо ийм од байдаг аа гээд толгой сэгсэрч шагширдаг. Жуулчид цэцэг, навч, шувуу гэх мэт төрөлжсөн сонирхолтой байдаг даа. Миний нутгийн од гайхалтай. Та нар заавал очиж үзээрэй” гэж байна.

Матад суманд болсон марафоны үеэр

Аав нь Дэмчигсүрэнг дөрвөн настайд нутгийн ном бичигтэй хөгшинд шавь оруулж, монгол бичиг, төвд бичиг заалгуулжээ. Жаахан хүү таван настайдаа кириллээр дармалдан бичиж, дуржигнатал уншчихдаг болж. Гэхдээ яг насандаа буюу наймтайдаа нэгдүгээр ангид орж байжээ. Уншиж бичдэг хүү нэгдүгээр ангидаа удаан суусангүй, хоёрдугаар анги руу шууд дэвшсэн гэнэ. Гэрийн эзэн “Аав намайг ямар бодолтойгоор төвд, монгол бичиг сургахаар нутгийн хөгшинд шавь оруулсныг мэдэхгүй. Ээж минь шашин шүтлэгтэй. Ээжийн ээж хуучин нийгмийн үед бурхан тахилтай, ёс жаягтай сүрхий хөгшин байсан юм. Би төвд бичигтээ гавиагүй. Монгол бичгийн хувьд багш өвөө маань маш сайхан заадаг байлаа. Одоо бодох нь ээ заах арга нь мундаг байжээ. Монгол бичиг бүр хойно дэлгэрэхэд монголчууд бид заах арга дээр жаахан алдсан байж магадгүй гэж боддог шүү” гэв.

Дэмчигсүрэн соёл судлалын мэргэжилтэй, бүр сүүлд антропологи руу оржээ. Дэмчигсүрэнгийн соёл судлалаас хүн судлал руу орох болсон үе нь Боловсролын яаманд найман жил ажилласных нь дараа тохиожээ. Докторын сэдэв нь бас л сонин түүхтэй юм. Дэмчигсүрэнгийн Английг зорьсон 2000-аад оны эхэн үед Европын холбоо ид хүчээ авч байж. Зүүн Европын орнууд энэ аварга холбоонд элсч эхлэх үед нэг үзэгдэл ажиглагджээ. Европын холбоон дотроо баруун Европ руу их нүүдэл явагдсан аж. Баруун Европ дундаа Англи “моод”нд орж, Британи руу их нүүдэл чиглэжээ. Багш, инженер гээд салбар бүртээ гялалзсан залуус Англид очоод рестораны үйлчлэгч гэх мэт хар бор ажил хийгээд эхэлж. Цалин хөлс нь эх орондоо авдгаас нь илүү ч ингэж ажиллахаар сэтгэл гутралд орох энүүхэнд болжээ. Сэтгэл гутралд орсон хүмүүс гэмт хэргийн гаралт өсөхөд нөлөөлөх гэх мэт сөрөг үзэгдэл Английн нийгэмд ажиглагдаад эхэлсэн гэнэ. Английн засаг их нүүдлээс улбаатай ийм сөрөг үзэгдлийг яаж эерэгээр шийдэх вэ, ямар бодлого явуулбал үр дүн өгөх вэ гэсэн асуултуудад хариу хайж эхэлж л дээ. Товчхондоо Английн засаг Европын холбоон дотор зүүнээс баруун руу нүүдэллэж буй хүмүүсийн нийгэм сэтгэл зүйн дасан зохицох чадварыг судалж, судалгааны үр дүнд үндэслэж хөгжиж урагшлах гарц шийдлүүдээ гаргаж авъя гэж зориод зүтгэжээ. Дэмчигсүрэнгийн багтсан эрдэм шинжилгээний баг энэ том ажлын жижигхэн хэсгийг хариуцаж авсан юм байна. Гэрийн эзнээс судалгааны ажлынх нь талаар сонирхоход “Манай баг маш жижиг хэсгийг нь л хариуцаж авсан. Олон зүйлийг нэгтгэж байж том бодлого тодорхойлдог. Тэр жишгээр явсан ажил байгаа юм. Нэг сонин юм хэлэхэд, Англи Европын холбооноос гарах тухай өнөөдрийн яриа тэртээ 2005, 2006 онд яригдаж байсан. Гарах нь тодорхой гэсэн яриа. Европын холбоо ид хүчирхэгжсэн үед тэр том холбооны хоёр гол баганы нэг нь болох Англи ингэж ярьж байсан юм. Ирээдүйг зөгнөсөн яриа гэж харах нь утга учир багатай л даа. Маш олон зүйлийг судалж, харж, шинжилж судалсны эцэст л гарсан яриа гэж хэлэх нь үнэнд илүү ойртоно. Уг гүнээс нь шинжлэх ухааны үндэслэлтэй судлаад явахаар олон жилийн дараах байдал төлөв тодроод ирдэг хэрэг” гэсэн хариу өгөв. Бидний яриа сүүлдээ судалгаа шинжилгээний үндсэн дээр олон талаас нь бодож харж, гаргасан бодлого Монгол Улсад ч хэрэгтэй гэх мэт албаны хэрнээ амин хэрэгтэй сэдэв рүү гулгалаа. Гэхдээ Дэмчигсүрэнгийн гэрт энэ сэдвээр өрнөсөн яриаг тоймлож бичье гэвэл цаг, цаас их орох учир ингэсгээд зогсъё.

Уг удам, ажил мэргэжлийн яриа хөөрөө гурван цаг хэртэй өрнөсний эцэст удтал хүлээсэн асуултаа тавихаар шийдлээ. Яриа хөөрөөний дундуур сэдэв хазайлгах гэж оролдоод амжилт олоогүй сэдэв болохоор шуудхан л “Англи, Америк, Япон гээд хөгжингүй гүрэнд арав хол давсан жил амьдарсан хоёр эх орондоо ирэнгүүтээ яагаад алсын буйд суманд хоёр жил амьдарсан юм бэ. Дорнодын Матад таны төрж өссөн сум болохоор эхнэрээ ятгаад явчихсан уу” гээд асуучихав. Гэрийн эзэн жижиглэж хэрчсэн тарвас амтархангаа “Монголдоо ирье гэсэн бодолтой байсан. Би хүн судлалын зах зухаас үнэртсэн хүн гэж танд ярьсан даа. Хүн 50 наснаас хойш шинэ орчинд цэцэглэж хөгжөөд явахад хэцүү гэсэн ойлголт байдаг. Угаасаа л эх орондоо суурьших нь тодорхой юм чинь цаг алдаад яахав гэж бодсон л доо. Гадны улсад ажиллаж амьдрахад тав тух, цалин хөлс гээд бүх талаараа дажгүй ч төрж өссөн эх орныг минь яаж гүйцэхэв. Гэхдээ би эхнэрээ хөдөө явъя гэж ятгаагүй шүү” гээд гэргий рүүгээ инээмсэглэн харав. Адиймаа ингэж хэлэхийг нь хүлээж байсан мэт хөгжилтэй инээгээд “Сая манай хүн хэллээ, шинэ орчинд хөлөө олох ёстой учраас цаг алдахгүйгээр шийдвэрээ гаргасан гэж. Тийм л дээ. Монголд ирсэн мөч бид хоёрын амьдралын цоо шинэ үе байсан. Тэгээд хөдөө явахыг хүссэн. Тэгэхдээ бүр нөхрийнхөө төрж өссөн суманд очмоор санагдсан. Хөдөө явж үзээгүй хотын хүүхэд болохоор шинэ орчинд амьдралынхаа шинэ үеийг эхэлмээр санагдсан юм. Би бүр нөхөртөө яаманд орж болохгүй шүү, гадаад явдаг ажил огт хийхгүй гэж захиж хэлсэн. Хоёулаа сумаа л хөгжүүлье гээд зүтгэчихсэн” гэлээ.

Дэмчигсүрэн эхнэр рүүгээ өнөө л дулаан харцаараа инээмсэглэн ширтээд “Ханийнхаа саналыг дуун дээр зөвшөөрөлгүй хаачихав. Энэ маань хөдөө амьдрах чин хүсэлтэй. Би болохоор жорлон энэ тэрд дуртай. Яг л тохирох юм шиг санагдсан” гэж байна. “Жорлон гэдэг нь ямар учиртай юм бэ” гэж сониучирхахад гэрийн эзэгтэй “Миний хань чинь 2010 онд жорлонгийн хувьсгал хийнэ гээд явж байсан хүн. Одоо энэ Оюунгэрэлийн яриад явааг сэдээд бодоод явсан хүн л дээ” гэлээ. Дэмчигсүрэн ярианд оролцож “Яг ч хийчихэж амжаагүй юм аа. Тухайн үед сошиал медиа гэж байсангүй. Миний нэр хүнд ч гэж юу байхав. Жорлонгоо хөгжүүлье, сум суурин хороо, баг бүр жорлонгийн элчингийн сайдтай болох ёстой гэж ярьж явдаг байлаа. Японд байдаг жишиг л дээ. Жорлонгийн соёл талд ажил хийе. Жижиг сум сууринг жишиг болгож тохижуулах ямар арга чарга байна, хөдөө хаа сайгүй таарах нүхэн жорлонг яаж өөрчлөх вэ гэх мэт санаа оноог хамт ажилладаг, ойр тойрныхонтойгоо ярилцдаг байсан юм. Сумандаа амьдрах тухай яриад хоёр талаасаа шийдэх үед эртний санаа маань ажил болох нь гэж баярласан. Гэтэл манай хүн бүр дүрдээ итгэчихсэн” гээд тас тас хөхрөв.

Гэргийгээ “дүрдээ итгэсэн” гэж өхөөрдсөн нь цаанаа учиртай байж. За тэгээд нөхөр нь сумандаа жорлонгийн соёл түгээнэ, эхнэр нь нөхрийнхөө суманд амьдарна гэсэн бодолтойгоор Дорнын талыг зорьж дээ. Очингуут орон нутгийнхан нь уриалгахан угтаж, Матадын дунд сургуулийг онц төгссөн Дэмчигсүрэнг сумын дарга болгоодохож. Очингуутаа, дүн өвлөөр сумын захиргааны модон жорлон руу цахилгааны утас татуулж, жорлон тохижуулаад эхэлсэн Дэмчигсүрэнд нутгийнхан нь тэр дорхноо л хоч өгсөн тухай яриад бөөн инээдэм болов. “Жорлон Дээмээ” гээд хочилчихож. Гэрийн эзэн “Миний энэ насандаа сонссон хамгийн эрхэм алдар” гээд жигтэйхэн баяртай инээд тодруулна.

Адиймаа гэртээ

Адиймаа суманд очсон даруйдаа хүүхдийн тоглоомын талбай хаана байгааг асуужээ. Тоглоомын талбайгүй гэсэн хариулт сонсоод уйлснаа ярив. Гэрийн эзэгтэй бидэнд бялуу таваглангаа “Бид чинь хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүд тоглоомын талбайгүй. Үнэхээр харамсалтай санагдсан. Нөхөртөө хэлтэл намайг багад ийм байсан гэж байна. Болохгүй шүү дээ. Тэгээд цэцэрлэг нь хаана байдгийг асуулаа. Тусдаа байргүй гэж сонсоод бүр цочирдсон. Дотуур байрны хэдхэн өрөөг цэцэрлэг болгоод тохижуулчихсан. Ингээд л эхний хийх том ажил маань цэцэрлэг юм байна гээд зүтгэчихсэн. Бид нийлээд сумын хөгжлийн асуудлаар Матад түншлэл гээд форумыг Блюскайд хийсэн. Гадаад, дотоодын олон байгууллагын төлөөлөл, нийтлэлч Баабар, миний найз дуучин Наран гээд олны танил хүмүүс ч олноороо ирсэн” гэж хэлээд инээмсэглэв. Матад суманд улсын хэмжээнд жишиг болохуйц цэцэрлэг барих ажил тэр үеэс эрчтэй эхэлжээ. Адиймаа “Матадад Монголд жишиг болохоор цэцэрлэг баригдвал алсын тэр сумыг улс даяараа андахгүй болно. Тэр цэцэрлэгийг үзэх гэж энд тэндээс очвол хэчнээн сайхан нөлөө болох билээ. Би тэгж л бодож зүтгэсэн” хэмээв. Гэрийн эзэгтэй “Гадны одод нийгэмдээ нөлөөллийн олон гоё ажил санаачилж, хийдэг. Нийгмийн өчнөөн хэрэгтэй төсөлд оролцдог. Тэр хэрээрээ нийгэмдээ үнэлэгддэг. Миний найз дуучин Наран Матадад улсад жишиг болох цэцэрлэг барих санаачлагад маш идэвхтэй оролцсон. Нэг ажил бариад авахаараа дуусгаж байж ард нь гардаг мундаг чанартай хүн л дээ. Нарангийн нүүрээр маш олон ажил бүтсэн. Жинхэнэ од хүн” гэж хэлээд кофе чанахаар гал тогооныхоо өрөө рүү зүглэв.

Буйд сумын Засаг дарга Улаанбаатарт хөгжлийн чуулган хийсний дараахан “Ротари” клуб гэхэд л цэцэрлэг барих ажилд дэмжлэг болгож мөнгө хандивлахаа илэрхийлжээ. Гадаадад олон жил ажилласан хоёр дэлхийн олон улсад амьдарч байгаа монголчууд, олон улсын байгууллагынхан гээд гаднаас мөнгө, дэмжлэг татах тал дээр борви бохисхийлгүй ажилласан аж. Дэмчигсүрэнтэй олон жилийн ойрын харилцаатай “Ротари” клубийнхэн Матадыг бяцхан Токио болгоё гэдэг дээр санал нэгдэж, Ази руу хандсан хөрөнгө оруулалтынхаа багагүй хэсгийг Матад суманд төвлөрүүлье гэцгээж. Гэрийн эзэн “Хүүхдийн төлөө гээд зүтгэхэд гадна, дотны ямар ч газар, хүмүүс нааштай сайхан ханддаг юм билээ. Япон найз нөхөд түншүүд маань бяцхан Токио байгуулна гээд сэтгэл өндөр байсан шүү. Бяцхан Токио гэдэг нь ухаандаа манайхаар бол шинэ сум л даа. Тийм л юм төсөөлж байлаа” гэж байна. Зураг төслийн ажлаа дуусгаж, Монполимет компаниас цементийг нь хандивлахаар болж, барилгын ажлаа эхэлдгийн даваан дээр Дэмчигсүрэн сумын даргын албанаас буужээ.

Адиймаа халуун кофе аягалж, сүү, сахар дөхүүлээд “Зураг төслийн компанитай хамтарч ажиллаж эхэлснээс хойш нойр хүрэхээ байсан. Би нэг л юманд харамсдаг. Нөхрийгөө ажлаа өгсөнд биш цэцэрлэг барина гэсэн зорилгодоо хүрээгүйд харамсаад байдаг юм. Гэхдээ тийм ажлыг зориглож эхлүүлсэндээ үнэхээр баяртай байдаг. Матад суманд өнгөрүүлсэн хоёр жил бид хоёрын амьдралын хамгийн гэрэлтэй, утга учиртай өдрүүд. Үнэхээр ихийг хийе гэж зорьж зүтгэсэн романтик хоёр жил байсан. Очоод Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг тохижуулсан чинь сумын айлууд орж ирж сонирхоод. Хүн чинь гоё сайханд мөнхөд тэмүүлж амьдардаг. Үе үеийн Засаг дарга нарын амьдардаг жижигхэн өрөөг дөрвөн хэсэг болгоод, жорлон ванн, ажлын, унтлагын зочны өрөө болгочихоор сумынхан маань шагшиж магтаад, гэр орноо тохижуулаад эхэлсэн. Тэр хандлагад нь урамшаад би хувиасаа шагналын мөнгийг нь даагаад Гоё айл гэдэг уралдаан зарлаж шинэ жилээр урамшуулж байлаа. Манай хүн сумын сайн малчдыг шагнахдаа талархлын бичигт эхнэрийнх нь нэрийг давхар бичиж, эхнэрүүдийг нь урамшуулдаг болсон. Тэгж хандахаар ар гэрийнхээ хамаг ачааг нугалдаг бүсгүйчүүд маань их баярладаг юм билээ. Ер нь аль ч газрын хүмүүс сайхан. Систем нь сайн муу гэсэн ялгаа л хөгжлийг тодорхойлдог байх. Сэтгэл байхад сумдыг хөгжүүлэх амархан гэж би боддог” хэмээв. Дэмчигсүрэн ууж байсан кофеныхоо аяганы хээг сүрхий ажиглаж сууснаа “Манай хүн заримдаа ажил хийлгэхгүй шүү дээ. Хуралтай байхад л сум тойруулж тарьсан модны усалгаа хийгдэхгүй байна гээд өөрөө услаад гүйчихнэ. Хүмүүсийн эрүүл мэндийг анхаарна гээд явган аяллын клуб хүртэл байгуулсан хүн шүү дээ” гэж байна. Сонирхуулж хэлэхэд, тэд Матад сумандаа олон улсын марафон хүртэл зохиож байж. Марафоны үеэр сумын халуун ус жилийнхээ орлогыг хийчихсэн гэж байгаа. Марафонд оролцсон нэг тамирчин нэг ам.доллараар усанд орж үйлчлүүлсэн гэнэ.

Гэрийн эзэгтэй Адиймаа загвар зохион бүтээгч мэргэжилтэй аж. Төгсөнгүүтээ “Тахь ко”-д хэсэг зуур ажилласан, Америкт амьдрах үедээ Холливудын ододтой хамтарч ажиллаж байсан, хорь шахам жилийн дараа Монголдоо ирэнгүүтээ алслагдсан сумыг бяцхан Токио болгох гэж зүтгэсэн бүсгүй Матад суманд өнгөрүүлсэн хоёр жилээ “Амьдралаа эргээд дурсахад хамгийн сайхан, хэзээ ч харамсахааргүй өдрүүд” гэсэн юм.

Матад суманд ийм цэцэрлэг босох байжээ. Цэцэрлэг босгох санаачилгад тусалсан гол хүмүүсийн нэг нь дуучин Наран.

Дэмчигсүрэнгийнхээс гараад явах замдаа бодолд дарагдаж баахан алхав. “Бяцхан Токиог Матадад байгуулна гээд зүтгэхгүй яасан юм бэ. Яагаад ажлаа өгсөн юм бэ. Өнөө гоё цэцэрлэгээ барьж дуустлаа ажиллах боломж байгаагүй юм уу” гэх мэт өчнөөн асуултдаа хариу авч чадаагүйдээ бодол болсон хэрэг л дээ. Дэмчигсүрэн, Адиймаа хоёрын хэн нь ч энэ асуултад хариулаагүй юм. “Аль ч газрын хүмүүс нь сайхан. Манай Матадынхан чинь” гэж ирээд дотночлон ярих тэд лав л өөрсдийнхөө хүслээрээ эхлүүлсэн ажлаа орхиод ирээгүй байх аа.


Categories
мэдээ цаг-үе

Э.Мөнгөнчимэг: Агуу Н.Жанцанноров гуайн “Тогосын цагаан овоо” гэх ид шидтэй дууг сэргээн дуулсан би азтай хүн

Дуурийн дуучин Э.Мөнгөнчимэгтэй ярилцлаа.


-Дуурийн дуулаач болох их хүсэл дуу хуурийн өлгий Дундговийн театраас эхэлсэн гэсэн?

-Би Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрж өссөн. Малчин айлын хүүхэд. Арван жилээ төгсөөд Дундговь аймгийн, Төв Халхын Дуулалт Жүжгийн театрт дагалдангаар орж байлаа. Тухайн үед Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Дашням багш “чи СУИС-д орвол О.Ичинхорлоо гээд багш дээр л оч. Тэр хүн чамд яг тохирно, чамтай адилхан сафран хоолойтой багш бий” гэж захисан. Ингээд л би 2007 онд багш дээрээ очиж шалгуулаад СУИС-ийг 2011 онд төгссөн. Хичээлийнхээ хажуугаар театртыаа ч ажилладаг байлаа.

-Хичээлийнхээ хажуугаар ажилладаг байсан гэхээр нэлээн хөдөлмөрч оюутан байжээ. Одоо бол чөлөөт уран бүтээлч үү?

– 2007 оноос 2013 хүртэл театртаа давхар ажиллаж байсан. Сургуулиа төгсөөд театртаа нэг жил ажилласан. Харин өнгөрсөн жил Төв аймгийн шинэ театрт гэрээтээр ажилласан. Тэднийх “Учиртай гурван толгой” дуурийг театрынхаа нээлтэн дээрээ тоглоно гээд намайг Хоролмаагийн дүрд тоглооч ээ гээд урьсан хэрэг. Харин одоо бол чөлөөт уран бүтээлч.

-Өнгөрсөн жил Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайтай хамтран “Тогосын цагаан овоо” дууг шинэчлэн дуулж үзэгчдэд хүргэсэн шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Өнгөрсөн намар Н.Жанцанноров гуйтай холбогдоод “Тогосын цагаа овоо” гэх агуу дууг дуулсан. Энэ дуу 1992 онд зохиогдсон. Шүлгийг яруу найрагч Д.Алтангэрэл гуай, аяыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай зохиосон. “Тогосын цагаан овоо” дуу бол энэ хоёр хүний ээждээ зориулж бичсэн дуу юм билээ. Анх 1992 онд зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуай дуулсан. Дараа нь гавьяат жүжигчинг Д.Сосорбарам гуай дуулсан юм билээ. Гэхдээ Х.Уртнасан гуайн дуулсан бичлэг л байдаг. Өөр бичлэг байдаггүй. Ингээд би 30 жилийн дараа сэргээж дуулсан. Их буянтай, агуу ид шидтэй дуу. Маш удаан давтаж бие сэтгэлээрээ мэдэрч дуу яг өөрийнх болдог. Ёстой нөгөө баруун солгойгүй гэгчээр. Би ч шинэхэн сураад, багшаараа заалгуулаад л дуулсан. Одоо бодоход тийм сайн дуулаагүйдэг ээ. Гэхдээ л аль байдгаараа хичээсэн. Клипийг нь Өвөрхангай аймагт хийсэн. “Есөн зүйл”, “Бүрд” хоёрын дунд байдаг газар л даа. “Тогосын цагаан овоо” гэж морины дэл шиг сайхан хайрхан байдаг юм билээ. Тэнд хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, яруу найрагч Д.Алтангэрэл ах нарыгаа клипэндээ тоглуулсан. Би үнэхээр азтай хүн шүү дээ. Ийм аз завшаан дуучдад тэр бүр тохиогоод байхгүй болов уу.

-Энэ дууг 30 жилийн дараа шинэчилж дуулсан нь ямар учиртай юм бэ. Энэ урт хугацаанд яагаад өөр дуучид шинэчилж дуулаагүй юм бол?

-“Тогосын цагаан овоо” уул нь хүн нутаглуулдаг хайрхан юм гэнэ л дээ. Дээхнэ үед дээдсүүдийг тэнд тавьдаг байсан гэдэг. Яруу найрагч Д.Алтангэрэл гуай ээжийгээ мөн л “Тогосын цагаан овоо”-ны энгэрт оршуулсан юм гэнэ лээ. Харин Н.Жанцанноров гуайн ярьж буйгаар ээжийгээ тэнд оршуулна гэж бодсон боловч тухайн үед гол үерлэж. Ламаас асуутал “гол үертэй байхад гаталж хэрэггүй” гээд өөр газар нутаглуулсан гэдэг. Гэхдээ Н.Жанцанноров гуай ээжийгээ “Тогосын цагаан овоо”-нд л тавьсан гэж боддог. Дууны дахилт нь “Ижий болсон ууландаа эргээд ирнэ ээ хүү чинь” гээд энэ уулыг ээжийгээ гэж шүтдэг. “Үүлс хөлхсөн хурмастын Дэрний чулуутай өлмий Тогосын цагаан овоо Тосон тосон өндөлзөнө” гээд үг нь үнэхээр сайхан. Тэгсэн манайхан сүсэглэсэн юм байна л даа. Хүн тавьдаг уулны талаар дуулахаар яах ч юм эсвэл ээжийгээ амьд байхад энэ дууг дуулаад яахав гэж боддог юм билээ. Яруу найрагч нь нулимс дуслуулаад хэлж байсан. “Энэ дууг маш олон хүмүүсээр дуулуулна гэсэн ч ээжийгээ амьд байхад дуулахгүй гэж хэлж байсан. Харин чи бол бурхнаас явуулсан бэлэг” гэж билээ. Яруу найрагч Н.Алтангэрэл гуайн энэхүү дууг дуулж байгаа минь нэр төрийн хэрэг.

-Уран бүтээлч хүний хувьд энэ дууг их хүсч, зорьж дуулжээ. Хүний сэтгэлээс гарсан үг, үйлдэл бүр хэний ч сэтгэлд хүрдэг гэдэг дээ?

-Н.Жанчинноров багш надаас асууж байсан юм л даа. “Ээж чинь амьд уу” гээд. Би “Байгаа байгаа, гэхдээ ээжийгээ амьдад дуулдаггүй гэсэн яриа надад хамаагүй” гэсэн юм. Яагаад гэхээр энэ бол уран бүтээл байхгүй юу даа. Чи ямар өнцгөөс харна тэр л чухал. Гол нь ижийгээ алдсан хүмүүс зөндөө бий. Алдсан тэр л хүмүүсийн дутуу орон зайг энэ уран бүтээлээрээ жаахан ч гэсэн нөхье л гэж бодоод дуулсан хэрэг. Би ч өөрөө хүсч дуулсан учраас надад асар их буян ирсэн.

-“Тогосын цагаан овоо” дуу их хандалт авчээ. Тэгэхээр энэ дууны шинэ хувилбарыг хүмүүс мөн ч их хүлээж дээ?

-Ямар ч хүн аав ээж, нутаг усаа адилхан л шүтэж амьдардаг шүү дээ. Юм бодоогүй харин ч дуртай дуулсан минь тэр хүсэн хүлээсэн, ижий аав, нутаг усаа санасан хэн д ч болов бэлэг байгаасай. Ер нь бөхийн найр, гал хаана ч байсан “Тогосын цагаан овоо”-гоо дуулаач л гэдэг. Фэйсбүүк, ютүбээр хүмүүс үнэхээр их сэтгэгдэл ирүүлсэн байна лээ.”Миний дээдсүүд тэнд бий. Энэ дууг ингэж гайхалтай дуулах гэж”, “Би хүний нутагт ингэж зовж амьдрах ч гэж, үнэхээр нулимсаа барьж дийлэхгүй уйлаад сонсож байна, гайхалтай” гээд олон сайхан сэтгэгдлүүд байна билээ. Саяхан Хөвсгөлд явж байхдаа дуулсан. Тэгсэн нэг хүн “Ижий минь амьд мэнд ч хажууд минь байхад хүртэл санаж байна. Амьдаар чинь дуулж байгааг бичлэг хийгээд ээждээ сонсгоно” гээд сууж байсан. Ижий аав нь байгаа хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, байхгүйг нь нөхөж чадаж байгаа дуу л гэж бодож байна.

-Зууны манлай дуурийн дуучин Х.Уртнасан гуайн дараа Ардын жүжигчин Д.Сосорбарам гуай дуулсан юм билээ. Тэр хүнээс танд сэтгэгдэл ирэв үү?

-Саяхан Д.Сосорбарам гавьяаттай фэйсбүүкээр найз болоод зөвлөгөө авъя гээд студи дээр нь. “Аан “Тогосын цагаан овоо”-г дуулсан охин, за сонсъё л гэж байна”. Д.Сосорбарамгуай “Морин хуурийн чуулга”-т байхдаа дуулсан байдаг. Гэхдээ бичлэг нь бараг нийтэд байдаггүй. Ингээд дуугаа дууллаа. Тэгсэн “Олон хүн энэ дууг дуулахыг сонсож байлаа. Хамгийн гоё дуулсан нь чи байна. Ямар ч өө алга” гэсэн. Тэгэхээр нь миний баярласан гэдгийг яана. Зорьсон бүтээлээ амжилттай гүйцэтгэсэн юм байна аа л гэж бодсон шүү. Ёстой тарни гэгчээр үнэхээр ид шидтэй дуу юм шиг байгаа юм даа.

-Энэ жилийн уран бүтээлийн олз омог арвин уу. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Дараагаар нь Дундговь аймгийн Дэрэв сумын харьяат яруу найрагч А.Лхагва ахын шүлгээр Н.Жанцанноров ах бид гурав “Сэтгэлийн гэгээ” гээд шинэ уран бүтээл туурвисан. Яг миний хоолойны өнгөнд тохирсон. Өнгөрсөн намар дүрсжүүлсэн л дээ. Дундговь аймгийнхаа бүх үзэсгэлэнт газрууд болох “Цагаан суварга”, “Их газрын чулуу”, “Бага газрын чулуу”-зэрэг газруудаар явсан. Хүмүүс ийм гоё газар хаана байдаг юм бэ гээд л их асууна. Хангай газрыг илүү үзэсгэлэнтэй, говьд тийм сайхан газар байдаг гэж төсөөлдөггүй юм шиг байгаа юм. Ийм сайхан хоёр уран бүтээл хийчихээд л байж байна. Дашрамд хэлэхэд “Сэтгэлийн гэгээ” дууг манай нутгийн компани болох “Суурь төр” ХХК ивээн тэтгэж ажилласан. Ингээд ар араасаа уран бүтээлүүд дээр ажиллаад л явж байна. Урьд нь театрт байхад нас ч бага байж, дөнгөж эхэлж байсан учраас юмны чанар ч мэдэхгүй. Студид нэг хоёр удаа дуулаад гарахад л өөрийгөө лаг гээд бодчихсон. /инээв/ Сүүлд сонсоход ямар ч чанар байхгүй. Тэгтэл би сүүлд “Тогосын цагаан овоо” дууг бүтэн хоёр цаг гаруй дуулсан. Цаашид чанартай бүтээл хийхийг зорьж байгаа хэрэг.

-Бусад дуурийн дуучдаас ялгарах онцлог чухам юу гэж боддог вэ?

-Дуучин бүхэн өөр өөрийн гэсэн хоолойн өнгөтэй. Гэхдээ нутаг уснаас шалтгаалдаг уу ажиглаад байхад манай говийнхон их гоё темпертэй. Говь-Алтай, Ховдынхон гэхэд хөөмийчид их бий. Тал нутаг руугаа уртын дуу илүү дуулдаг. Тэгэхээр нутгийн онцлог шүү дээ. Намайг мэргэжлийн хүмүүс гоё өвөрмөц темпертэй гэж их хэлдэг. Ер нь байгалиас заяасан өгөгдөл дээр агуу багшаар заалгахаар техник ур чадвар сайжраад ирж байгаа хэрэг л дээ.

-Монголд сонгодог урлаг хөгжөөд нэлээдгүй жил өнгөрчээ. Энэ хугацаанд монгол хүний цээл хоолой дэлхийн тайзан дээр хүртэл эгшиглэж байна шүү дээ?

-Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Г.Хайдав гуай бол Монголын дуурийн урлагийг жинхэнэ бүтээлцсэн хүн л дээ. Зууны манлай уртын дуучин Х.Уртнасан гуай гээд олон сайхан хүмүүс бий. Түүний дараагаар П.Ганбат гээд агуу дуучин байсан. Одоо ч улам чангараад л байна. Хүчээ аваад дэлхийд ч гайхагдаж байна шүү дээ. Энэ урлагийг цаашид илүү хөгжүүлье гэвэл улсаас сайн дэмжиж өгөх хэрэгтэй байх. Энэ жил л шинэ засгийн газар байгуулагдаад яамтай боллоо шүү дээ. Улс орны хөгжлийг урлагаас шинждэг гэдэг. Маш олон дуучид, хөгжимчид төгсөж байгаа. Хэд нь ажилтай орлоготой болж байгаа вэ. Бодох л асуудал. Тэгэхээр сайн бодлогоор ажиллах байх аа гэдэгт итгэж байна.

-Солгой хоолойтой хүн гэж байдаггүй. Сонсгол муу сайн л гэж байдаг гэдэг шүү дээ. Ийм хүнийг зөв хоолойтой болгож болох уу. Хэр их хугацаа зарцуулах бол?

-Дээхнэ үед солгой дуучдын улсын уралдаан болж байсан гэдэг. “Үгүй мөн янзын болж байсан” гээд манай багш хуучилж билээ. Тэр их сонирхолтой санагдаж байсан. Солгой хоолой бол дуу дагаад дуулаад байхаар засардаг. Гэхдээ засрахад нэлээн хугацаа орно. Манай эрэгтэй дүү, том эгч хоёр солгой л доо. Том эгчийг дуу дагаж дуулаад бай гэсэн эгч нэлээн гайгүй болчихсон байна лээ. Ер нь багш нар зөвлөхдөө нэг хувийн авьяас 99 хувийн хөдөлмөр гэдэг шүү дээ.

-Дуурийн дуучин сонгодгууд үргэлж гамм уншдаг шүү дээ. Тайзан дээр гарахын өмнө дасгалгүй гарахгүй биз?

-Тэгэлгүй яахав. Дуулж байгаа тонн нь арай өндөр учраас тэр. Би бол дасгалгүй бараг дуулахгүй шүү. Хөдөө хээр явж байвал машиндаа ч хамаагүй дасгалаа уншаад л тайзан дээр гарна. Ер нь өглөө болгон л тогтмол дасгал хийх хэрэгтэй. Ес, арван цагийн үед хоолой гоё сэрчихсэн байдаг. Үүнээс гадна маш сайн амарч байж тэр эрчээрээ хоолой хүчтэй цээл байна гэсэн үг. Спорт, урлаг хоёр адилхан гэдэг. Дуулах урлаг чинь хэвлийн хүч бяр. Дэлхийн гайхалтай дуурийн дуучдыг харахаар горзойсон туранхай дуучин байхгүй. Бүгд масстай, том хөхтэй байж тэр эрчээрээ дуулдаг. Ер нь том хөхтэй хүмүүс нэлээн бяртай масстай байдаг гэж уншиж байсан. Тэр хүчээрээ хоолой сайн гарна.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өдрийн сонинд нэрт нйитлэлч Баабар “Арванхоёр боть эмхэтгэлийн өмнөх үг” хэмээлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаргийн дугаар 12 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

ХБНГУ-ын Мюнхений ТИС Анагаахын сургуулийн эрдэм шинжилгээний багийн ахлагч, ЭМЯ-ны ажлын хэсгийн гишүүн, АШУҮИС-ийн зочин профессор, зөвлөх, анагаах ухааны доктор Д.Нямбаяртай онлайнаар холбогдож ярилцлаа. Тэрээр “Алдаатай оношлуур хэрэглэж байхаар Монголынхоо эрдэмтдийн оношлуурыг хэрэглээнд нэвтрүүлмээр байна” гэлээ

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай хот байгуулалтын талаар ярилцлаа.

Өдрийн сонины нийтлэлийн бодлого тодорхойлогч гуравдугаар нүүрт нэрт нйитлэлч Баабар “Арванхоёр боть эмхэтгэлийн өмнөх үг” хэмээлээ.

Сэтгэл судлалын үндэсний төвийн сэтгэл судлаач Б.Алтанцэцэгтэй ярилцлаа. Ярилцлагыг долдугаар нүүрнээуншаарай.

Валютын ханш тасралтгүй чангарсаар байна. Ингэснээр төгрөгийн худалдан авах чадвар суларч, иргэдийн цалин, тэтгэврийн үнэ цэнэ буурсаар байгаа юм. Өнөөгийн байдлаар нэг ам.доллар 2850 төгрөгтэй тэнцэж байна. Өнгөрсөн оны мөн үед 2660 орчим төгрөгийн ханштай байв. Ханшийн өсөлтийн талаар МУИС-ийн доктор, профессор Л.Оюунтай ярилцлаа.

Манай өнөөдрийн дугаар “Америкийн монголчууд” булан нийтлэгдлээ.

Хэдхэн хоногийн өмнөөс “Dance chance” нэртэй монгол бүжгийн челленж цахим орчинд хандалт авч олон залуус нэгдсэн билээ. Тэгвэл бид их хотын иргэдийг хөдөлгөөн, эрүүл зөв амьдралын хэвшилд уриалаад буй “Dance chance” бүжгийн челленжийг эхлүүлсэн “Moon Dance” хамтлагийн бүжигчин, “Royal dance” бүжгийн хамтлагийн багш дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Б.Халиунтай ярилцлаа.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Сөүл-УБ-ын чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 262 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 25, эрүүл мэндийн шалтгаантай болон хөгжлийн бэрхшээлтэй 50, өндөр настан, асран хамгаалагчтай 36, бага насны хүүхэдтэй гэр бүл 41, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 110 иргэн байна. Энэхүү иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Амар”, “Ворлд Монголиа”, зочид буудалд 21 хоног тусгаарлах юм байна.

Categories
мэдээ нийгэм

НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХООР НЭР ДЭВШСЭН 201 ЭТГЭЭДИЙН УРЬДЧИЛСАН МЭДҮҮЛГИЙГ ХЯНАЖЭЭ

Авлигатай тэмцэх газар. Авлигагүй нийгмийн төлөө хамтдаа.

Авлигатай тэмцэх газар 2020 оны 7 дугаар сарын 16-наас 7 дугаар сарын 24 ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 201 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Тус газар өнгөрсөн долоо хоногт 269 мэдүүлгийг хүлээн авснаас, хянан шийдвэрлэсэн 201 мэдүүлгээс ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй 156, хууль журамд заасан үндэслэлээр буцаасан 32, ажлын байрны тодорхойлолт болон хуульд заасан шаардлага хангаагүй, ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан 13 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэгт хариуг хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгийн гарцыг хааж барьсан хашааг буулгахаар боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай “Орон сууцны хороолол дунд сургууль, цэцэрлэг баригдаж байгаа газрын барилгын ажлыг явуулах нөхцөл боломжийг нь хааж хашаа барьсан байна. Энэ асуудлыг сая холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллаж шалгалаа. Цаашид сургууль, цэцэрлэгийн барилгын үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах үүднээс өнөөдөр хашааг нь буулгаж, газрыг нь чөлөөлнө. 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орон сууцны хороолол доторх орц гарц, авто замын асуудлыг шийдвэрлэхээр тусгагдсан. Тийм учраас энэ ажлыг цаашид үргэлжлүүлж ажиллана” гэв.

Мөн энэ үеэр холбогдох албаныхан тухайн хорооны орон сууцны хорооллын авто замын сүлжээг нэмэгдүүлэх, шаардлагатай газруудад орц, гарц шинээр гаргах асуудлыг судалж, боломжтой газруудад орц, гарцыг нэмэгдүүлж ажиллахаар болсон юм.

Дараа нь газар чөлөөлөлтийн ажил Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны заагт байрлах Маршал таун хотхоны хажуугийн контейнерыг чөлөөлснөөр үргэлжилж байна. Газрын тухай хуулийн 57.3, 57.4 дэх заалтаар иргэд, оршин суугчдын явах зам, орц, гарцыг чөлөөлөх ажлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын алба үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд Маршал тауны хажуугийн орц, гарцыг чөлөөллөө. Ингэснээр хотхоны 3000 орчим оршин суугчдын орж, гарах нөхцөл боломжийг бий болгож байна.

Categories
мэдээ нийгэм

УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг нэг сараар сунгах санал гаргалаа

УОК өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг ирэх сарын 31-нийг хүртэл СУНГАХ САНАЛ ГАРГАЛАА. Маргааш болох Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдийг гаргана.

Шийдвэрийг ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян танилцуулав. Тэрээр

-Дэлхий даяар 16.4 сая хүн халдвар авч, 655 мянган хүн нас барсан. Иймд дэлхийн олон оронд онц байдал зарласан. 22 улсад хөл хорио тогтоогоод байна. 88 улс хилээ хэсэгчлэн болон урт хугацаагаар хаагаад байна. Манай улстай хил залгаа БНХАУ-д хоногт олон мянган тохиолдол нэмэгдсээр байна. Сүүлийн өдрүүдэд шинж тэмдэггүй өвчлөл бүрхэгдсээр байна.

ОХУ-ын хувьд бидэнтэй хил залгаа мужуудад 4-12 мянган тохиолдлыг бүртгээд байна. Манай улсад нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 289 тохиолдлыг бүртгэгдсэн. Тэдний 73 хувь нь 0ОУ-аас ирсэн иргэд байна. 222 хүнийг эмчилсэн. Энэ бүхнийг харгалзан өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгасан.

Хуралдаанаар:

  • КОВИД-19 халдварын нөхцөл байдлын талаар,
  • Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх,
  • Есдүгээр сарын 01-ний өдрөөс бүх шатны сургуулиуд болон цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх эсэх зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Categories
мэдээ нийгэм улс-төр

Ажиллах хүчний асуудалд хоёр тал харилцан анхаарна

Ажиллах хүчний асуудалд хоёр тал харилцан анхаарна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзжээ.

Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаа нийгэм, эдийн засгийн бүхий л хүрээнд эрчимтэй хөгжиж, ялангуяа хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт жилээс жилд хамтын ажиллагаа өргөжиж байгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Ли Ё Хунтай хийсэн уулзалтынхаа үеэр онцлон тэмдэглэв.

Сайд нар энэ удаагийн уулзалтаар дэлхий нийтэд тархаад буй Ковид-19 коронавирусийн халдварт цар тахлын улмаас үүссэн эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хохирол багатай даван туулах зорилгоор Монгол Улсын Засгийн газраас авч буй арга хэмжээ, цар тахлын үед үзүүлэх хариу арга хэмжээний хүрээнд хамтран ажиллах боломж, БНСУ-д амьдарч буй монгол иргэдийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар санал солилцсон юм.

Элчин сайд Ли Ё Хун хоёр орны харилцааг хөгжүүлж, нэг шат ахиулахын тулд иргэд харилцан солилцох үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэж үзэж байгаагаа хэлээд “Одоогийн байдлаар БНСУ-д оршин сууж байгаа 50 мянга орчим монгол иргэн бий. Энэ хүмүүсийн нийгмийн хамгааллыг сайжруулж, Монгол Улсаас хөдөлмөрийн гэрээгээр авч буй ажиллах хүчтэй холбоотой асуудалд анхаарал тавих болно. Монгол Улс оногдсон квотоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгаа. Тиймээс Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах тал дээр илүү анхаарч ажиллана” хэмээсэн юм.

Сайд А.Ариунзаяа “Манай хоёр орны хувьд ажиллах хүч болоод эрүүл мэнд, хөдөлмөрийн салбарт хамгийн түлхүү тулгуур хамтын ажиллагаа өрнөдөг. Монголчуудын хувьд БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэхийг хүссэн хүн олон байдаг. Хэрэгцээ шаардлага өндөр, нөхцөл байдлыг нь хангаад хамтраад ажиллах нь маш чухал. Ковид 19-өөс өмнөх байдлыг ажиглаад үзэхэд л БНСУ-ын Элчин сайдын яаманд монгол иргэдийн бүртгэл, визтэй холбоотой асуудал маш их байсан. Манай иргэдийн зүгээс хуурамч бичиг баримт бүрдүүлэх, худал мэдээлэх зэрэг асуудал ч цөөн биш гарч байсан байх. Тиймээс Монгол Улсын зүгээс бүртгэлийн цахимжуулалтыг хөдөлмөрийн гэлтгүй бүх салбарт хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж байна. БНСУ-ын Элчин сайдын яам эхний үр дүнг нь мэдэрч байгаа байх.

Цаашдаа энэ цахимжуулалтыг зөвхөн Монгол талдаа ч биш БНСУ-тай хамтдаа нэгдсэн мэдээллийн системүүдийг хөгжүүлэх нэн шаардлагатай байгаа. Ингэснээр БНСУ-д ямар ажлын байр байгаа талаар хөдөлмөр эрхлэхээр зорьж байгаа иргэдэд нээлттэй болох юм. Нөгөө талаас энэ системээс иргэдийн мэдээлэл зөв үү, албан ёсных байна уу гэдэг нь шалгагдаад ороод ирнэ. Албан ёсны хөдөлмөр эрхлэлттэй холбоотой хйих ийм ажлууд байна. Харин албан бус буюу хууль бусаар ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр харилцан ойлголцох асуудлууд бас байгаа” хэмээсэн.

Монгол Улсын иргэдийг БНСУ-д хөдөлмөр эрхлүүлэх тухайд Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зохицуулагдаж буй сүүлийн долоон жилийн хугацаанд жил бүр 790-1300 хүн хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явж байна. Энэ жилийн хувьд Ковид-19 цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар ердөө 49 хүнийг илгээгээд байгаа.

Монгол Улс болон БНСУ-ын Засгийн газар хооронд 2006 онд байгуулсан Нийгмийн хамгааллын тухай хэлэлцээрээр БНСУ-д оршин сууж буй монгол иргэд өөрийн орны тэтгэврийн даатгалд хамрагдсанаар нийгмийн баталгаа нь хангагдаж тэтгэвэр авах, тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-ын Үндэсний тэтгэврийн даатгалд давхар төлөхгүй байх эрх зүйн үндэс бүрдсэн юм.

Түүнчлэн 2018 онд хоёр улсын хооронд “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэн байгуулах үеэр БНСУ-ын буцалтгүй тусламжийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор ажил олгогч, ажил хайгчдын мэдээллийн санг бий болгох 2.8 сая ам.долларын хөрөнгө оруулалт бүхий цахим системийн төслийг Монгол Улсад хэрэгжүүлэхээр болсон. 2018-2021 онд хэрэгжих уг төслөөр бий болж буй мэдээллийн цахим систем ажил хайгч, ажил олгогчийн мэдээллийг цахим орчинд бүрдүүлж, ажлын байр, ажил хайгчийн байршил, ажил мэргэжлийн ангилал, тавигдах шаардлага нөхцөлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бий болох бөгөөд цахимаар өргөдөл гаргах, ажилд зуучлагдах болон цахим шуудан, мессеж үйлчилгээ авах зэрэг үйлчилгээг цогцоор нь үзүүлэх боломж бүрдэж буй юм гэж Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамнаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Коронавируст халдвар (Covid-19) 2020-07-28-ны байдлаар

No photo description available.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

9 дүгээр сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо

лсын Онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлыг зэрэгт шилжүүлсэн хугацааг үргэлжлүүлэх эсэх, есдүгээр сарын 1-нд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэх эсэх зэрэг асуудлыг хэлэлцжээ.

УОК-оос сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 9 дүгээр сарын 1-нээс эхлүүлэх шийдвэр гаргасан байна.