Голомтод ажилласан багийнхан
ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн арга зүйн сувилагч Б.Хандмаатай ярилцлаа.
-Халдварын голомтот бүсэд ажиллаж байгаа алба хаагчдыг орон сууцны квотод хамруулсан. ХӨСҮТ-өөс квотод хамрагдсан эмч нарын нэг болох танд баяр хүргэе. Та ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө хэдэн жил ажиллаж байна вэ?
-Би маш их баяртай байгаа. Би ХӨСҮТ-ийн шинэ болон дахин сэргэж буй халдварын тасгийн арга зүйн сувилагчаар ажилладаг. Эрүүл мэндийн салбарт 30 дахь жилдээ, ХӨСҮТ-д 20 дахь жилдээ ажиллаж байна. Наадмын өмнө Засгийн газрын шийдвэрээр эмнэлгийн мэргэжилтнүүдэд 400 байрны квот олгосон. Тэрний нэг болж батламж авсандаа маш их баяртай байгаа. Миний ажилласан гучин жилийн хугацаанд ер нь эрүүл мэндийн салбарын нийгмийн асуудлыг ингэж олноор нь шийдэж байсан түүх байхгүй. Засгийн газар эрүүл мэндийн салбарын ажилчид ялангуяа сувилагч, асрагч, үйлчлэгч нарын байгаа байдалд дүн шинжилгээ хийж ийм олон нийгмийн асуудлыг нь шийдэж байртай болгож байгаад туйлын их баяртай байна. Одоо миний ажиллаж буй шинэ болон дахин сэргэж буй халдварын тасаг гэдэг нь манай ХӨСҮТ дотроо нэг ёсондоо олон улсын дүрмээр зохицуулагддаг халдварт өвчөнүүдийг хүлээж авдаг, хамгийн онцгой объект буюу онцгой байдлын тасаг гэж хэлж болно.
-Та бүхэн хагас жил халдварын эсрэг тэмцэж байна. Таны хувьд гэхэд л өдөрт хэдэн цаг ажиллаж байна вэ?
-Ерөнхийдөө БНХАУ-д шалтгаан нь тодорхойгүй халууралттай ийм уушгины хатгалгаа өвчин гарлаа гэж 2019 оны арванхоёрдугаар сард мэдээлэгдэж байсан. Тэрнээс хойш 2020 оны нэгдүгээр сарын 9-нд хамгийн анхны шалтгаан тодорхойгүй халуурал гэсэн оноштой хүнийг анх манай тасаг хүлээж авсан. Ингээд нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид бүхэн хагас цэргийн зохион байгуулалттай, цаг наргүй нойр хоолгүй ажиллаж байгаа. Миний хувьд яг тэр шинэ болон сэргэж буй голомтыг хүлээж авдаг тасгийн арга зүйчээр ажилладаг учраас арын албыг нь хариуцаж, тасгийн үйл ажиллагааг жигд явуулах бүх ажлыг зохион байгуулдаг. Ерөнхийдөө арын ажлыг нь дааж ажилладаг. Гэхдээ сая би зургадугаар сард “Ковид-19”-ийн голомтод орж тусгаарлагдаж ажилласан. Тусгаарлалтад 14 хоног, дотроо 14 хоног нийт 28 хоног ажилласан. Ажлын долоон цаг ажиллах хуваарьтай байдаг. Гэвч хагас цэргийн зохион байгуулалттайгаар өглөөнөөс орой хүртэл бид 11 цаг ажиллаж байгаа. Хэрвээ хорионд орвол 24 цагаар ажиллана.
-Ядарч байна уу?
-Мэдээж хүн л болсон хойно ядарч байгаа. Гэсэн ч бидэнд өргөсөн тангараг гэж байгаа учраас хүн ардынхаа төлөө, ялангуяа манай Монгол Улс гуравхан сая хүн амтай тул энэ айхавтар өвчнийг дотроо алдчихгүйн тулд маш өндөр хариуцлагыг үүрч, үүргээ ухамсарлаж ажиллаж байна. Тиймээс ядрах гэдэг үгийг бараг л мартсан.
-Тусгаарлалтад орж ажиллахад хэр байсан бэ?
-Яг хорионд орж ажиллаж байгаа эмч, сувилагчид маань багаараа орж ажилладаг. Эмч, сувилагч, асрагч, ариутгагч гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нэг баг ороод 14 хоног ажилладаг. Хорионд орж ажиллаж байх хугацаанд бол хүн өөрөө сэтгэл зүйгээ маш сайн бэлдээд, айдсаа даван туулж чадвал тэнд ажиллахад бэрхшээл бага байдаг. Яагаад гэвэл тэртэй тэргүй сэтгэл зүйгээ бэлдээд орсон хүн өөрийн үүргийг ухамсарлаж, хийх ёстой ажлаа л хийнэ. Түүн дээр нэмэгдэх нэг зүйл нь юу вэ гэвэл бүрэн хамгаалах хувцас хэрэглэлээ өмсөх нь болохоос биш бусдаар би өөрийн хийх ёстой ажлаа хийгээд л, сэтгэл зүйгээ бэлдсэн байхад надад айхавтар тулгарсан асуудал байгаагүй. Гэхдээ одоо олон залуучуудыг оруулж байна. Ингэхдээ тэр дотор сэтгэл зүйгээ бэлдээгүй хүн ч байгаа. Үүнээсээ болоод шантрах, уйлах хэмжээнд хүртэл хэцүү үе бий. Түүнийг нь хамт ажиллаж буй багийнхан нь тусалж дэмжиж л ажиллаж байна. Миний хувьд энэ онцгой тасагт олон жил ажилласан учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй, шантрах зүйл байхгүй, чадна гэсэн өөдрөг сэтгэлтэй орсон.
-Халдварын голомтод хэдэн удаа ажиллаж байсан бэ?
-Би ХӨСҮТ-д 20 гаруй жил ажиллахдаа олон голомтот халдваруудад орж байсан. Жишээ нь, тарваган тахлаар хүн өвчиллөө гэхэд л хамгийн түрүүнд манай тасгийнхан бэлэн байдлыг хангаж ажиладаг. Бас N1H2, SARS, 2015 онд дэгдсэн улаанбурхны үед ч мөн адил ачааны хүндийг үүрээд л ажиллаж байсан. Манай тасаг хорин хүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс энэ хүмүүс асар их сэтгэл зүйн бэлтгэлтэй байдаг. Халдварын голомтод энэ үндсэн тасгийнхан түрүүлж ордог. Сая ч гэсэн “Ковид-19”-ийн голомтод хамгийн эхэнд манай үндсэн тасгийн сувилагч Түмэндэмбэрэл орсон. Ороод гараад ирэхэд дараачийн сувилагч нартаа сэтгэл зүйг нь бэлдэж өгөөд, бас тодорхой хэмжээнд сургалтууд тасралтгүй явагдсаны хүчинд манай ХӨСҮТ-ийн эмч, сувилагч нар сэтгэл зүйгээр сайн бэлтгэгдэж байна. Мөн хамгаалах хувцас хэрэгслийг яаж өмсөх талаар сайн дадлагажсан гэж бодож байгаа. Айдас ч багассан. Хамгийн анх өвчин гарахад хэн хэн нь л айж байсан, яг юун дээр орж байгаагаа мэдэхгүй учраас. Миний хувьд тэр тасгийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд эмчилгээ үйлчилгээ болон өвчтөн, хорионд орсон эмч нарын хоол ундыг зөөхөөс эхлүүлээд тэнд яг юу хэрэгтэй байна, бүх ажлыг тасралтгүй жигд явуулахын тулд л нойр хоолгүй, өдөр шөнөгүй бид зүтгэдэг. Үүнээс ажиглаж байхад миний хамгийн их сэтгэл хөдөлсөн зүйл нь юу вэ гэвэл “Ковид-19”-тэй хамгийн анхны өвчтөнг Чинбаяр эмч маань авч ирээд манай тасгийн үндсэн ариутгагч, сувилагч, асрагч нар маань ороход нь “Би эд нарыгаа юу руу оруулж байна даа” гэж бодогдоод нүдний нулимс цийлэгнэж байсан. Гэхдээ тэд нарынхаа дэргэд би уйлаагүй. Хэрвээ уйлах юм бол тэд маань ч бас айдастай байгаа. Тиймээс тэднийхээ зоригийг нь чангалж “Та нар минь мундаг шүү, бүгдээрээ үүний ард гарч чадна аа” гэж сэтгэл санаагаар нь дэмжээд оруулж байсан. Тэгээд тэр хэдийгээ 14 хоноод гараад ирэхэд нь үнэхээр их баярлаж байсан. Тэр ХӨСҮТ-ийн хамт олны хамгийн том баяр байсан. Мундаг эмч ажилчдаараа үнэхээр бахархаж байсан.
-Өвчтөнүүдийн сэтгэл зүйн байдал мэдээж хүнд байдаг байх. Эмч нар эмчилгээ хийхээс гадна халдвартай өвчтөнүүдийн сэтгэл зүйг анхаарах нь чухал байдаг болов уу?
-Өвчтөнүүдийн сэтгэл зүй их хүнд байдаг. Дэлхий даяараа шахам энэ өвчнөөр өвдсөн л бол үхээд байна гэсэн ойлголттой. Тийм учраас “энэ өвчнийг тусчихлаа, би ер нь үхэх болов уу” гэсэн айдастай өвчтөнүүд орж ирж байсан. Гэхдээ манай эмч, ажилчид эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг үргэлж хийж байдаг учраас тэр хүмүүсийн сэтгэл зүй дээр хамгийн эхэнд ажилладаг. Халдвартай хүн дээр орох тоолондоо тэр өвчтөнийхөө сэтгэл зүйг бэлдэж, тайлбарлаж сургалт сайн хийсний үр дүнд эдгээд гарсан хүмүүсийг хараад дараагийн хүмүүс итгэлтэй болж байсан. Өмнө нь монгол цөөхөн хүн амтай, тоног төхөөрөмж муутай, бараг л хүнээ сэхээрүүлж чадах болов уу л гэдэг байсан. Бас айхавтар хүнд өвдсөн хүн ирээгүй, ихэвчлэн залуучууд хөнгөн хэлбэрээр өвчилсөн учраас монгол хүний дархлаа сайтайгаас харьцангуй хүндэрсэн хүнгүй, сайн эмч, сувилагч нар маань эдгээж чадаж байна.
-Өөрийгөө халдвар авсан гэдгийг мэдсэн хүн, эдгэрээд гарсан хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлдэг вэ?
-Эхлээд онгоцоор ирсэн хүмүүст эмчлэх эмч нь халдвар авсан, тусгаарлагдах талаар нь хэлнэ. Тэгэхэд хүмүүс маш хүндээр хүлээж авдаг. Зарим нь надад зовиур алга, би халдвар аваагүй, бараг л танай энэ шинжилгээ худлаа юм биш үү гэх мэтээр үл итгэсэн байдалтай хүлээж авдаг. Гэхдээ эмч нар маань манай вирусологийн лаборатори бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн учраас хариу худлаа гарах боломжгүй гэдгийг маш сайн тайлбарлаад сүүлдээ ойлгодог. Харин эдгээд гарахдаа бол бүгд баяртай байдаг. Эмчлэгдээд гарч байгаа хүмүүсийн доод тал нь 14, дээд тал нь 50 гаруй хоног эмчлэгдсэн. Тэр хугацаанд сэтгэл санаа нь өөдрөг болоод, хүмүүс эдгээд гарах тусам өөртөө ч итгэлтэй болж, өөрсдөдөө тавих хяналтаа ч мөн сайжруулж байсан. Үүнээс хараад байхад өөртөө итгэлтэй, анхаарал сайн тавьдаг хүмүүсийн эдгэрэлт нь ч хурдан байх талтай байна.
-Та тасгийнхаа баг бүрэлдэхүүний талаар ярихгүй юу?
-Манай ХӨСҮТ бол ерөнхийдөө халдварт өвчний голомтууд дээр улсын хэмжээнд тэргүүн эгнээнд ажилладаг байгууллага. Тэр дундаа манай шинэ болон сэргэж буй халдварын тасаг хамгийн түрүүнд явдаг. Энэ тасагт нийт хорин эмч, ажилчид ажилладаг. Энэ хүмүүс сэтгэл зүй болон бүх зүйлээрээ бэлтгэгдсэн хүмүүс байдаг. Эхний ээлжинд ороод дараа нь ХӨСҮТ тэр аяараа голомтод орж ажиллаж байгаа. Ялангуяа эмч нар харьцангуй цөөхөн, 200 гаруй сувилагчтай. Одоогоор өвчлөл багасаад 40 гаруй өвчтөнтэй байгаа болохоор арай гайгүй амсхийгээд байж байна.
-Тусгаарлалтад орж, бүтэн цагаар ажиллахад эмнэлгийн орчин тав тух хэр байдаг вэ. Эмч нар ямар нөхцөлд ажилладаг бол?
-“Ковид-19” гарснаас хойш харьцангуй эмч, эмнэлгийн ажилчдын тав тухыг хангах талаар маш сайн арга хэмжээ авсны хүчинд бидэнд өглөөний цай тогтмол өгдөг болсон. Мөн яг энэ “Ковид-19”-ийн голомтод ажиллаж байгаа ажилчдад өдөрт гурван удаа хоол, мөн дархлаа сайжруулах бэлдмэлүүдийг өгдөг болсон. Манай тасаг яг энэ халдварт өвчний зориулалтын тасаг учраас арын албанд ажиллаж байгаа ажилчдад бас тусгай өрөө байдаг. Харьцангуй олуулаа бус нэг өрөөндөө гурвуулаа суух жишээний. Тэгээд хоол унд, шинжилгээг нь зөөж аваачих гэх мэтээр хэвийн үйл ажиллагааг хангах талаар их хичээж ажилладаг. Яг энэ клиникийн салбарыг зангиддаг хүн бол халдвар судлаач эмч байдаг. Манай халдвар судлаач Оюунгэрэл эмч маш сайн зохион байгуулдаг. Яг яавал халдвар хамгааллын дэглэмээ баримтлах вэ, гадагш болон дотооддоо халдвар тараахгүй байх вэ гэдийг маш сайн төлөвлөдөг. Бас ард түмэндээ бид бүхэн маш их баярлаж байгаа. Бидний ажил хөдөлмөр, нөхцөл байдлыг ард түмэн минь сэтгэл зүрхээрээ ойлгож маш их хандив цугларсан. Тэр дотор маш их дархлааны бэлдмэл, хандив өгч түүнийг ХӨСҮТ-ийн захиргаа энэ голомтод ажиллаж байгаа хүмүүстээ яг л тэгш хуваарилж өгсөн. Бас биднийг дэмжиж ажиллаж байгаа ЭМЯ, Засгийн газартаа ч бас их талархаж байна.
-Тангараг өргөсөн эмч хэдий ч гэртээ бол айлын эзэгтэй шүү дээ. Энэ их цаг наргүй ажлын хажуугаар ар гэрийнхээ ажлыг хэрхэн зохицуулж байна даа?
-Би Булган аймгийн Дашинчилэн сумын харьяат, нөхөр, хоёр хүүхэдтэйгээ дөрвүүлээ амьдардаг. Нөхөр маань төрийн тусгай хамгаалалтад ажилладаг. Нэг охин маань “Ард Кредит” байгууллагын эрсдэлийн менежер, бага охин маань 12 настай. Ар гэрийн хувьд харьцангуй гайгүй. Яагаад гэвэл манай нөхөр өөрөө цэргийн хүн. Бас тушаалаар л ажилладаг. Харин хоёр охин маань том болчихсон учраас ар гэрийнхээ ажлыг зохицуулдаг. Ер нь намайг ямар онцгой тасагт ажилладаг вэ гэдгийг ойлгодог учраас би зөвхөн ажилдаа сэтгэл зүрхээ зориулдаг. Энэ ажилдаа ямар их дуртай гэдгийг, чин эрмэлзлийг минь мэддэг учраас ар гэрийнхээ амьдралыг тэд маань л үүрч явна даа.
-Таныг халдварын голомтод ажиллах болсныг ар гэрийнхэн тань хэрхэн хүлээж авсан бэ?
-Янз бүрийн голомтот халдвар гарлаа, өвчлөл гарлаа гэхэд хамгийн түрүүнд дуудагдаж ажилладаг болохоор ар гэрийнхэн маань үүрэгт ажил чинь л юм чинь яахав дээ гэж хүлээж авсан. Тэгж дэмждэг болохоор энд ингэж цаг наргүй ажиллах боломжийг олгож байна. Хэрвээ ар гэртээ ямар нэгэн асуудалтай байвал бас хэцүү. Яг энэ халдварын үед хүнд асуудлуудтай зөндөө тааралдаж байсан. Манай голомтод ажиллаж байсан асрагчийн маань аав нь нас барахад үүрэг хүлээсэн цагт очиж чадахгүй байх жишээний. Намайг голомтод ажиллаж байхад миний ээж хавдартай гэж оношлогдсон. Яг дотор ороод ажлаа хийж байхад надад бол хүнд тусаж байсан. Би өөрөө эмнэлгийн хүн байж ээжийгээ үзүүлж, асарч чадахгүй нь дээ гэж дотроо бодож байлаа. Тэгээд л нэг сэтгэлээ онгойтол уйлаад л эргээд ажилдаа шамдаж, энэ бол угаасаа миний үүрэг гэж хүлээж авч байсан. Би өөрөө мэргэжлийн хүн учраас энэ ажлыг хийхгүй бол өөр хэн хийх вэ, ард түмнийхээ дунд энэ айхавтар халдварыг тараачихгүй юмсан гэдэг сэтгэл зүрхээр бүхнээ л дайчилж ажиллаж байна даа.
М.ЭНХЗАЯА