-Н.ЗОЛЖАРГАЛ: КОКСЖИХ НҮҮРСНИЙ ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ ХЭДЭН АРВАН ЖИЛДЭЭ ӨНДӨР ХЭВЭЭР БАЙНА-
КОВИД-оос болоод нүүрсний экспортоос олдог орлогынхоо талыг нь алдсан гэх мэдээллийг “Монгол нүүрс” ассоциацаас өглөө. Манай улс өнөө жил нийтдээ 8.6 сая тонн нүүрс экспортолжээ. Өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад 50 хувиар буурсан үзүүлэлт аж. Нүүрснээс олсон орлого 690 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түрүү жилийн өдийтэй харьцуулахад 850 сая ам.доллараар багасчээ. Төсөвт 42 сая тонн нүүрс олборлоно гэсэн заалт тусчихсан яваа. Нүүрсний салбарынхны хувьд төсөвт туссан хэмжээний нүүрс экспортлох ямар ч боломжгүй гэцгээж байна. Нүүрсний экспортоос олох орлогоо богино хугацаанд яаж нэмэгдүүлэх гарц, гаргалгаа, санаа, шийдлийн талаар “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Н.Золжаргалтай ярилцсанаа хүргэе.
-Төсөвт төлөвлөсөн 42 сая тонн нүүрсийг экспортлохгүй нь тодорхой болчихож. Нүүрснээс олох орлогоо богино хугацаанд өсгөх ямар боломжууд байна вэ?
-Шинэ Уих, Засгийн газар бүрдэж байгаа цаг үе нь их онцгой. Ковид-той холбоотой эдийн засаг хямрал нүүрлэчихсэн. Энэ оны төгсгөл, ирэх он нэлээд хүнд байх нь. ийм үед гадаадаас олж ирдэг орлогоо нэмж байж л эдийн засгийн хямралыг давж туулна. экспортын орлогын 90 хувь нь уул уурхай, түүний тал нь нүүрснээс орж ирдэг байсан. Ковид-оос болоод нүүрсний экспортоос олдог орлогынхоо талыг нь Монгол Улс алдчихсан байна.
Монголын экспортын орлогын 40 гаруй, эрчим хүчний үйлдвэрлэлийн 90 гаруй хувь нь нүүрсэн дээр тулгуурладаг. Засгийн газар “Ногоон гарц” гэдэг зүйлийг санаачлаад хэрэгжүүлэх гэж байна. Зөв зүйтэй алхам. Коронавирусээс болж оны эхнээс нүүрсний экспортыг зогсоосон нь бидний гол алдаа болсон. “Ногоон гарц” гэсэн санаачлага энэ алдааг залруулах байх.
Гаалийн нэвтрүүлэх цагийн хуваарийг Хятадын талтай ярьж уртгасгах шаардлагатай. 24 цагаар ажилладаг болгож байж нүүрснээс олох орлогоо нэмж чадна. Гаалийн хяналтын лаборатори гэж бий. Экспортод гарах нүүрсний чанарыг хянадаг юм. Энэ лаборатори хил дээр байхгүй учраас Улаанбаатар руу явуулдаг. Явуулах гэж долоо хоног, шинжилгээний хариу нь гарах гэж долоо хоног гээд хугацаа алддаг тал байна. Гаалийн хяналтын лабораторийг Гашуунсухайт, Шивээхүрэн дээр яаралтай байгуулах хэрэгтэй.
-Гаалийн хяналтын лабораторийг хил дээр нээхэд хөрөнгө оруулалт, ажиллагаа хэр шаардах бол?
-Нүсэр ажиллагаа хэрэггүй л дээ. Контенейрийн зохион байгуулалттай хялбар шийдлээр лаборатори хийчих боломжтой.
-Нүүрсний салбарынхан жишиг үнэ дээр нэлээд гомдол хэлдэг. Тэр асуудал шийдэгдсэн үү?
-Шийдэгдээгүй. Жишиг үнийг гурван ангиллаар тогтоож байгаа. Монгол Улсын хүчинтэй байгаа хууль тогтоомжийн дагуу гэж яривал бараг хориод ангиллаар тогтоож болохоор. Хялбар тойм байдлаар гуравхныг сонгож авдаг. Гуравхныг авчихаар багагүй асуудал гардаг юм. Нүүрсний хориод ангилал нь зах зээл дээр тус бүрдээ өөр үнэтэй. Хямд нүүрсийг өндөр ангилал руу оруулчихаар компаниудад алдагдалтай. Ийм шалтгаанаар гомдол гаргадаг. Эсвэл эсрэгээрээ өндөр үнэтэйг нь хямд руу оруулж улсад алдагдалтай байх нөхцөл үүсгэдэг. Уг нь тогтвортой үйл ажиллагаа явуулдаг экспортын компаниудад хямд зараад улсыг хохироох сонирхол байхгүй. Тэгэхээр ангиллыг нь нэмэгдүүлээд, жишиг үнэ тогтоох механизмаа өөрчлөх хэрэгтэй. Мэргэжлийн худалдааны байгууллага, нүүрсний салбарын төлөөллийг оруулж байж үнэ тогтоовол илүү бодитой шийдэл болно. Хоёрдугаарт, нүүрсний зах зээлийн судалгааг байнга хийх шаардлагатай. Ганц нэг вэб сайтын мэдээлэлд үндэслэнэ гэдэг буруу.
-Танай ассоциацаас сая ярьсан асуудлуудаараа төрийн байгууллагад хандсан уу, жишээ нь жишиг үнийн талаар…?
-“Монгол нүүрс” ассоциацийн зүгээс Сангийн яаманд хэд хэдэн удаа хандсан. Нааштай хандах байх гэж найдаж байна. Монголын нүүрс экспортлогч, зах зээл судлаач, Хятадын худалдан авагч, төрийн байгууллагынхныг уриад нээлттэй ил тод байдлаар нүүрсний зах зээлийн үнийг судалж байя гээд Хятадын нүүрсний ассоциацитай санамж бичиг байгуулсан. Улиралдаа нэг удаа уулзаж байхаар болсон. Өнгөрсөн удаагийн хурлыг “КОВИД-19”-өөс болоод онлайнаар хийсэн. Нүүрсний экспорт дээр стандарт гэж алдаатай юм бий. Цэг таслалын алдаанаас болоод маргаан гардаг. Энэ буруу бичилтийн алдааг засах гэж хоёр жил хөөцөлдөж байна.
-Төрийн байгууллагын ажиллах хурдаас болоод байна гэсэн үг үү?
-Тэгж хэлж болно. Зүгээр л нэг бичилтийн алдаанаас болж нүүрсний стандарт буруу ойлгогдож гаалийн байцаагч, аж ахуйн нэгжүүдийн дунд маргаан үүссээр өнөөг хүрээд байна. АМНАТ дээр хэлэх зүйл бас бий. Монголын төрийн бодлого, салбарын хуулиар ашигт малтмалыг аль болох хаягдалгүй ашиглаж, олборлож Монголдоо орлого оруулах ёстой. Хаягдал болохоор муу чанарын нүүрсийг баяжуулаад экспортлохоор татвар хураамж өндөр болчихдог учраас ашиггүй болчих тохиолдлууд байна. Үүн дээр анхаарахгүй бол баяжуулах үйлдвэрүүд босгож барих сонирхол, алхам удааширч, чанарын шаардлага хангахгүй байгаа нүүрсээ хаях эрсдэл гарч болзошгүй. Өсөн нэмэгдэх рояалтиг тодорхой түвшнээс дээш үнэтэй байх үед гарсан зөрүүнээс авдаг жишиг олон улсад бий. Нийт үнийн дүнгээс нь авдаггүй. Жишээ нь, 100 ам.доллараас дээш рояалти тооцно гэсэн байлаа гэж бодъё. 120 доллар хүрлээ гэхэд зөрүү 20 ам.доллараас өсөн нэмэгдэх рояалти авна гэсэн үг. Гэтэл манайх 120 ам.доллараас нь тооцоод авчихдаг. Өөрөөр хэлбэл, нүүрсийг 110 ам.доллараар зарах нь улсад ашигтай. Зарж байгаа хүнд 95 ам.доллараар зарах нь ашигтай болж таарч байгаа биз. Нэг талдаа улсад алдагдалтай, нөгөө талдаа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнэ, чанарыг сайжруулах гэж ажиллаж буй аж ахуйн нэгжүүдэд алдагдалтай л зүйл.
-Төмөр замгүйгээс болоод алдсан боломж гээд өчнөөн тоо дуулддаг. Энэ тал дээр ямар нэг тооцоо хийж үзсэн үү?
-Монгол Улс 2008-2019 он хүртэл 255 сая тонн нүүрс экспортолжээ. Төсөвт тооцсон үнээр нь бодвол 18 тэрбум ам.доллар. Энэ хэмжээний нүүрсийг төмөр замаар тээвэрлэсэн бол тээврийн өртгийн зөрүүнээс 3.4 тэрбум ам.долларын хэмнэлт гаргах байж. 12 их наяд төгрөгийн төсөвтэй улсын хувьд бараг л улсын төсвийн хэмжээний мөнгө. Төмөр замгүй арван жилд ямар их зүйл алдсаныг энэ багахан тооцооноос харчихаж болно. Өргөн, нарийн нь хамаа алга, ямартаа ч төмөр зам барьж эхэлсэн нь сайн хэрэг. Эхэлснээрээ яваад дуусгах хэрэгтэй.
-Коксжих нүүрсний үнэ ирэх саруудад ханш ямар байх бол?
-Коксжих нүүрсний зах зээл энэ оны хувьд тогтвортой байна. Үнийн хувьд оны төгсгөл хүртэл дундаж үзүүлэлтээрээ өнгөрсөн оноос 10 орчим хувиар буурна гэсэн таамаглал бий. Урт хугацаандаа коксжих нүүрсний хэрэглээ өндөр байх зураг гарсан. Ингээд харахаар Монгол Улсын эдийн засгийг урт хугацаанд авч явах гол тулгууруудын нэг бол яалт ч үгүй коксжих нүүрс. Аз болж бид хамгийн том зах зээлийнхээ хаяанд байна. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээ нэг тэрбум тонн. 500 сая тонныг нь Хятад улс хэрэглэдэг. Хятад улс энэ хэмжээнийхээ 60-70 сая тонныг л гадаадаас авдаг.
-Өнгөрсөн онд манай улс хамгийн том нийлүүлэгч нь байсан. Энэ жил байр ухрах нь ээ…?
-Тэгэхээр байна. Энэ жил нэгт бичигдсэн статусаа алдах нь тодорхой болчихлоо. Өнгөрсөн жил манай улсын дараа Австрали, Канад, ОХУ гээд жагсаж байсан юм.
-“КОВИД-19”-өөс болоод коксжих нүүрсний хэрэглээ буурахгүй гэж ойлголоо…?
-Буурахгүй. Энэ жил гэхэд л коксжих нүүрсний хэрэглээ 0.5 хувийн өсөлттэй гэсэн прогноз гарсан. Дэлхийн хэмжээнд эрчим хүчний гол түүхий эд нүүрс хэвээр байгаа. “КОВИД-19” дэлхийг яаж ч өөрчилсөн нүүрсний хэрэглээ буурахгүй. Эрчим хүч байнгын хэрэглээ шүү дээ. 2025, 2030 он хүртэл нүүрсний хэрэглээ дэлхийн нийтэд бага зэргийн өсөлттэй. Дэлхийн дулаарлаас болоод нүүрсний хэрэглээг хумих бодлого барьж байгаа. Хөгжингүй улсууд нүүрсний станцуудаа буулгаж, хөгжиж байгаа улсууд эсрэгээрээ нүүрсний станцын хүчин чадлаа нэмж яваа. Ингэснээр нүүрсийг хэрэглэхээ больчихно гэсэн үг биш. Хэрэглээг нэмж өсгөхгүй байх чиг барьж яваа гэж ойлгож болно. Тэгэхээр нүүрсний хэрэглээ ойрын хэдэн арван жилд урт хугацаандаа тогтвортой байна гэж зоригтой дүгнэчихэд хэтрүүлсэн болохгүй.
-Манай өрсөлдөгчдийн тоонд ОХУ багтах уу. Сүүлийн үед Хятад руу гарах гарцаа нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч байгаа…?
-ОХУ дэлхийд нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч улсын тоонд багтдаг. Өнгөрсөн жил 200 гаруй сая тонн нүүрс экспортолсон. 27 сая тонн нь коксжих нүүрс. Дэлхийд 340 сая тонн коксжих нүүрсний экспорт явагдаж байгаа. Үүний арав орчим хувийг Монгол нийлүүлдэг. Тэр утгаараа Монгол Улс коксжих нүүрсний дэлхийн томоохон нийлүүлэгч. ОХУ коксжих нүүрсний хүчин чадлаа нэмэгдүүлэхийн тулд төмөр замын дэд бүтэцдээ анхаарч байна. Далайн эргийн боомтуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж байна. Төрийн цэгцтэй, хүчтэй бодлогоор урагшилж байна л даа. Өнөөхөндөө Оросын нүүрсний зах зээл Монголын нүүрсний зах зээлтэй сүрхий том хамааралгүй. Алсдаа Монголын нутгаар дамжиж, төмөр замын дэд бүтцийг хөгжүүлснээр Оросын нүүрс Хятадын зах зээл рүү орох шинэ гарц нэмэгдэх байх. Тэр үед манай нүүрсний зах зээлд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна.
Дэлхийн кокжсих нүүрсний талыг хэрэглэдэг Хятадын зах зээл рүү орох сонирхол маш олон оронд байна. Бидний хувьд өнөөг хүртэл эзэлсэн орон зай, амжилтаа хадгалахын тулд хоёр зүйлд онцгой анхаарах ёстой. Нэг нь түрүүн хэлсэн дэд бүтэц. Хоёрдугаарт нүүрсний чанар.
-Нүүрсний чанарыг сайжруулах гол гарц нь түрүүнд онцолсон баяжуулах үйлдвэр үү?
-Ерөөсөө л тэр. Сүүлийн үед баяжуулах үйлдвэрүүд нэлээд баригдаж байна. Энержи ресурс, МАК, Өсөх зоос, SGS, Страто гэх мэт компаниуд том жижиг баяжуулах үйлдвэрүүдтэй. Баяжуулах үйлдвэрийн тухайд хаягдал болдог, бага үнэтэй нүүрсийг илүү үр ашигтай борлуулах, өрсөлдөх чадвараа хадгалахад ач холбогдолтой. Баяжуулах үйлдвэр барих гол асуудал улсаас шалтгаалах болчихоод байна. Хуурай, нойтон хосолсон хоёр шаттай технологи бий. Энэ технологийг хөгжүүлж, нэвтрүүлэх шаардлага бий. Нүүрсний гүн боловсруулалт гэж их ярьдаг. Бодлогын бичиг баримтуудад нүүрсний химийн үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гээд тусгачихсан. Эднийг хэрэгжүүлэхийн тулд хөтөлбөр, дэд хөтөлбөрүүд боловсруулах ёстой. “Нүүрс” хөтөлбөр арван жил яригдсан ч өнөөг хэр батлагдаагүй байна. Үүнийг баталж байж худалдаа, нүүрс химийн үйлдвэрийг хэрхэн дэмжих асуудлууд тодорхой болно. Татварын маш тодорхой хөнгөлөлттэй эрх зүйн орчин бүрдүүлж, нефть хийтэй өрсөлдөхүйц болгож байж нүүрс химийн үйлдвэр хөгжинө.
-Нүүрс химийн үйлдвэрийг хөгжүүлэх эхний бодитой алхам нь юу вэ?
-Туршилтын жижиг үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. УИХ-ын гишүүдийн анхаарах ёстой өнцөг гэж бодож байна. Хэрвээ ингэж бодлогоор анхаарахгүй бол маш том асуудал үүснэ. Таван толгой ордын хүчин чадлыг нэмэгдүүлээд ажиллахад л борлуулж чадахгүй асар их хэмжээний олон сая тонн нүүрс үүснэ. Зарах боломжгүй, овоолоод байх бүр боломжгүй. Нүүрс химийн үйлдвэрлэл зайлшгүй хэрэгжүүлэх ёстой гээд байгаагийн нэг том шалтгаан нь энэ л дээ.
-Нүүрс, химийн үйлдвэрээс өөр шийдэж чадаагүй, шийдэх ёстой ямар асуудал байна?
-Дулааны цахилгааны станцуудыг олон жил ярьсан ч хийж чадаагүй алдаа бий. Таван толгойн цахилгаан станц, ТЭЦ-3-ын өргөтгөл, бодлогын баримт бичгүүдэд бүгдэд нь багтсан уурхайн аман дээрх станцуудыг барих хэрэгтэй байгаа. Эрчим хүчний салбарт шинээр хөрөнгө оруулалт татахад нэг том асуудал үүсдэг. Эрчим хүчний үнийг төрөөс тогтоогоод сурчихсан учраас үнэ нь үнэтэй болж харагдаад байдаг. Үнийг хүчээр тогтоож, багаар барьсны сөрөг тал их.
Монголууд эрчим хүчний цамаан хэрэглээтэй. Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль батлагдсан. Хэмнэлт хийх хөшүүрэг нь бодит үнэ. Тэгж байж эрчим хүч хэмнэх яриа ажил болно. Бодит үнэ тогтож байж шинээр хөрөнгө оруулалт орж ирнэ. Бодит үнэ тогтож байж сайн технологи нэвтэрч, салбар хөгжинө. Бодит үнэгүйгээс болж нүүрсний уурхайнууд өртгөөсөө дор хаяж 100 төгрөгөөр доогуур үнээр нүүрсээ станцуудад нийлүүлж ирсэн. Ийм шалтгаанаар уурхайнууд техник технологийн шинэчлэл хийж чаддаггүй, өрийн сүлжээнд ордог гэх мэт өчнөөн асуудалтай нүүр тулдаг.