Мал аж ахуйн хичээлээр 1930 онд Монголд хэдэн толгой мал ямар шалтгаанаар үхсэнийг үзсэн нь:
Эх орон ард түмнийхээ төлөө халуун сэтгэлээр зүтгэсэн ч, халуун сэтгэлээ зориулсан тэр л эх орныхоо бурангуй хууль, бусармаг засгаас цаазын ял авч, алтан амиа алдсан олон хүн бий. Хүн бүрийн цаана намтар түүх, гэр бүл, уйлаад үлдсэн аав ээж, ах дүү, үр хүүхэд гэж буй. Тэр бүгдийг чадах чинээгээрээ сурвалжлан бичиж үлдээж байх нь үзэг цаас нийлүүлдэг хүн бүрийн үүрэг билээ. Үгүй бол тэдэн мянгыг хилсдүүлэн хөнөөжээ гэсэн хөндий тоо болон үлдэж, хүний түүх, хүний амьдрал мартагдаж, ирээдүйдээ сануулах сургамж ч үгүй болж, хагацлын хар түүх давтагдаж мэднэ. Энэ удаад миний бие Шинжлэх ухааны хүрээлэнгийн Утга зохиолын тасгийн эрхлэгч Эвэгийн Хөхдэйн оюутан ахуй цагийнх нь таван дэвтрийг танилцуулахдаа үйл хэрэг, амьдрал намтрыг нь олдсон цөөхөн баримтдаа тулгуурлан өгүүлэх юм. “Олдсон цөөхөн баримт” гэхийн учир нь түүний талаар тусгай судалгаа байтугай хувь хүний дуртгал яриа ч бараг үгүй, архивын материал ч ховор ажээ.
НУТАГ УС, ГЭР БҮЛ
Э.Хөхдэй нь 1913 онд одоогийн Увс аймгийн Түргэн сумын нутагт төрсөн, дөрвөд монгол ард ажээ. Яг 1913 онд төрсөн гэсэн баримт үгүй, харин Тагнуулын Ерөнхий Газрын архивын лавлагаанд 1938 оны байдлаар 25 настай хэмээснээс намтрыг нь ийн эхлүүлж болно гэж үзэв. Эцгийнх нь нэрийг архивын баримтуудад Эмээ, Эмэг, Эвэг гэж гурван янзаар тэмдэглэн үлдээж. Үүнээс Эмэг, Эвэг гэсэн хоёр хувилбар нь зөв, Эмээ нь хожим монгол бичгээс кириллд буулгахдаа урт хэмээн хөрвүүлсэн буруу хэлбэр бололтой. Миний олсон таван дэвтэрт Хөхдэй овгоо монгол бичгээр Эбэг, орос хэлээр Эбигов гэж олонтаа бичсэнээс үзэхэд Эвэгийн Хөхдэй хэмээн тогтох нь зөв гэж үзэж байна. Эхийн нэр Буръяа бөгөөд Намнан гэж ах, Түвшин гэж эгчтэй байсан, эгч нь хожим Тариа гэж хүнтэй ханилсан ажээ. Бага насныхнь тухай мэдээ баримт бараг үгүй, ямар ч байсан арван долоон настайдаа нутгийнхаа Хувьсгалт залуучуудын эвлэлд аль хэдийнэ элсчихсэн, удирдан манлайлах түвшинд хүрчихсэн байсныг дараахь баримт нотолно. 1990 оны зургадугаар сарын 19-ний өдөр хуралдсан БНМАУ-ын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хурлаас Э.Хөхдэйг цагаатгахдаа “…Эвлэлийн дээд удирдлагад эсэргүү хүмүүсийг оруулах гэсэн гэх нотлох баримтгүй, харин тэр 1930 онд гарсан Төгсбуянтын ба Улаангомын хүрээний эсэргүү бослогыг дарахад ХЗЭ-ийн гишүүдийг зохион байгуулж, идэвхтэй оролцсон нь тогтоогдсон байна” хэмээн дүгнэжээ. 1930 оны тэр их үймээн, бараг иргэний “бичил дайн” гэмээр их хэрэгт арван долоохон настай залуу амь бие хайрлалгүй удирдан, зохион байгуулах түвшинд оролцож явсан нь бага залуудаа төлөвшсөний гэрч биз ээ.
Монгол бичиг, эрдэм ухаанд мөн бага наснаас нэвтэрхий мэргэшсэн нь тодорхой байна. Учир нь КУТВ хэмээх сургуульд 1933 онд 20 насандаа ирж, орос хэлээр заасан физик, хими, амьтан судлал, газар зүй гэх мэт хичээлийн лекцийг монгол бичгээр гарамгай сайхан бичиж авсан нь тэр цагт хэдийнэ бичиг эрдэмд төгс боловсорсон байсныг нь харуулна. Бичгийн хэв, дүрэм зүй, найруулга, үг хэллэг зэргийг нь харахад яавч хоёр гуравхан жилийн өмнө сурсан бичиг бол биш. Төр улсын хэрэг хийгээд бичгийн эрдэм, аль алинд нь ийм эрт боловсорсон, одоогийнхоор бол “вундеркинд” маягийн гоц авьяастай залуу байсан бололтой. Эрхэм уншигч, түүхч та бүхэнд Э. Хөхдэйн эх монгол бичгээрээ нэгд нэгэнгүй сийлэн үлдээсэн тэр дэвтрүүд буюу лекцийнх нь тэмдэглэлийг танилцуулах юм. КУТВ гэдэг нь Коммунистический университет трудящихся Востока буюу Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль хэмээх үгийн товчлол. Коминтерний үүтгэсэн энэхүү сургууль 1921 оноос 1938 оныг хүртэл ажилласан, хорь гучаад онд боловсрол олсон манай олон сэхээтэн энэ сургуулиас төрөн гарсан билээ. Гурван жилээр төгсгөдөг системтэй, Э.Хөхдэй энэ сургуульд 1933 онд элсэж, 1936 онд төгссөн ажээ.Сонирхуулахад, Хөхдэйгөөс гадна Хятадын Коммунист удирдагч Дэн Сяопин, Вьетнамын удирдагч Хо Ши Мин, Туркийн коммунист найрагч Назым Хикмэт гэх мэт Дорнын улс орнуудын олон зүтгэлтэн КУТВ-ын бүтээгдэхүүн юм.
НЭГДҮГЭЭР ДЭВТЭР: ДЭЛХИЙН БАЙДАЛ
Энд Хөхдэй дөрвөн салангид дэвтрийг нийлүүлэн үджээ. Эхний дэвтэрт дэлхийн байдал, Хэмжүүрийн тоо, Таван улирлын шугам, Таван тив таван далай, Уул нуруу тогтох нь, Хийн чанар байдал, Салхи салхилах учир гэх мэт 12 хичээлийг багтаасан бол латин үсгээр Delekeinbaidal Bөmbөrcөg хэмээн хаягласан хоёр дахь дэвтэртээ Чийгийн тухай, Цаг уурын тухай гэх мэт хичээлүүдээ нямбай тэмдэглэжээ. Гуравдугаар дэвтрээ мөн латин үсгээр Delekeinbaidal гэснийхээ араас орос хэлээр География хэмээсэн байна. Сүүлчийн дэвтэр нь Эдийн засгийн дэлхийн байдал нэртэй, үүнд улс орнуудыг тив тивээр нь ангилан тусгайлан үзсэн ажээ.
ХОЁРДУГААР ДЭВТЭР: МАЛ АЖ АХУЙН УХААН
Дэвтрийн дотор хавтаснаа монгол бичгээр Мал аж ахуйн ухаан гэсний доор орос хэлээр Животноводство или Зоотехника хэмээн орчуулан бичжээ. Дэлхийн мал хэмээх ерөнхий хичээлээр эхэлсэн уг дэвтэр “Монголын одоогийн малын байдал”, “Монголын мал аж ахуйн ажиллагааны дүр бэлгэ” гэх мэт сонирхолтой хичээлээр Монгол Улсын малын тухай нарийвчлан зааж эхэлсэн нь КУТВ энэхүү хичээлийн хувьд монгол оюутнуудаа салган тусгай анги болгож байсны гэрч мэт. “Малын бие махбодын төрөх үрийн байдал”, “Малын угсаа гэж юу вэ” (Порода), “Малын шинж удам” (Конституция скота) гэх мэт хичээлийн араас мал бүрийг мах сүүний чиглэлээр нь ангилан тусад нь авч үзсэн байна. Энэ хичээлийн агуулгыг кирилл үсэгт буулган, монгол бичигтэй нь хамт хэвлүүлбээс Монголын хөдөө аж ахуйн боловсролын нэгэн сонирхолтой түүх болох нь тодорхой. (ХААИС-иас санал ирвэл хамтран ажиллахад бэлэн буйгаа үүгээр илэрхийлье.)
Дэлхийн байдал хичээлийн дэвтэртээ гараг эрхсийн тухай лекцийг тэмдэглэсэн нь:
ГУРАВДУГААР ДЭВТЭР: ШИНЖЛЭХ УХААНЫ ЕРӨНХИЙ ЭРДМИЙН НЭГДСЭН ДЭВТЭР
Оросоор давхар Естествознание хэмээн хаягласан энэхүү дэвтэр нэн сонирхолтой. Ялангуяа монгол бичгээр байгалийн ухааныг бичиж тэмдэглэж болохгүй, монгол бичигт шилжвэл боловсролгүй болно хэмээх болсон энэ цагт хими, физикийн нарийн томьёо бүхий лекцийг эх монгол бичгээрээ нэгд нэгэнгүй бичин баримтжуулснаараа өндөр боловсрол эзэмшсэн Хөхдэй өнөөгийн залхуу биднийг ичиглэх мэт. Дотроо мөн дөрвөн бүлэг хичээлтэй, Түмэн бодисын ерөнхий боловсрол хэмээх эхний хичээлдээ чулуу шохойноос өгсүүлээд геологийн ухааныг үзсэн бол Биологи-Амьтай бодисын тухай хичээл гэж хаягласан хоёрдугаар бүлэг нь одоогийнхоор бол биологи болон химийн хичээл байна. Араас нь Физик гэж монгол бичгээр бичсэн (П-ийн ард хөндий Х-тэй галигласан) хичээлээ монгол хэлээр Дүрс бодмсын ухаан хэмээн орчуулж… Эцэст нь монгол бичгээр галиглан Элэктричество хэмээсэн хичээлийн лекцийг тэмдэглэжээ.
ДӨРӨВ, ТАВДУГААР ДЭВТЭР: ХУВЬСГАЛЫН ТҮҮХ
Дөрөвдүгээр дэвтрээ Хөхдэй “1934 онд КҮТОБ-ын сургуульд заасан Баруун Европын хувьсгалын түүх” гэж хаягласан бол “Хувьсгалын түүх” хэмээх өөр нэгэн хичээлийг тавдугаар дэвтэртээ бичжээ. Энэ сүүлийн дэвтэр дээр сургуулийнхаа нэрийг монголоор орчуулж “23 оны аравдугаар сард Эв хамтын дээд сургуульд заасан…” хэмээгээд 1933 оны аравдугаар сарын 4 гэсэн огноо бичсэн нь дэвтрийг худалдан авсан өдөр бололтой. Хувьсгалын түүхийн хичээл тэр жил есдүгээр сард биш, аравдугаар сарын 13-ны өдөр эхэлсэн шиг байна. “Анхдугаар цуглаан дээр ярьсан оршил” гэсэн эхний хичээлийн огноо нь аравдугаар сарын 13-наар юм.
ОБЩАЯ ТЕТРАДЬ, ДУРТГАЛЫН ҮГ
Бидний багад хичээлийн ерөнхий дэвтэр 12 хуудастай байлаа. Харин олон хичээл бичиж болох дөчөөс дээш хуудастай дэвтрийг Общая тетрадь гэнэ. Нэг том Общая тетрадь эхэлсэн байхад дуустлаа мөн ч удна шүү дээ. Би өөрийнхөө бага насыг хэмээн наяад оны үеийг хэлж байгаа юм. Гэтэл Хөхдэй тэртээ гучаад онд чухам яг тийм Общая тетрадь дээр хичээл номоо тэмдэглэсэн нь зүгээр дуртгал дурсамжийн үүднээс үзэхэд нэн дотно санагдах, дээр нь монгол бичгээр ярайлган бичсэн нь зүрхэнд бүр ч ойр болгох аж.
Баруун Европын хувьсгалын түүхийн хичээлийн дэвтрийг нэгэн анд нь дурсгасан ажээ. Дэвтэр дээр орос хэлээр“КУТВ-ын ханан дотор найрсаг эвтэй хамтран суусан дотнын хайрт нөхөр Кухдей-д. Хувьсгалын төлөөх хамтын тэмцлийнхээ нөхөрсөг дуртгал болгон үлдээв. Москва. 1934 оны гуравдугаар сарын 22” гээд гарын үсгээ сийлсэн нь орос хэлээр бага сага алдаатайг үзвээс монгол нөхөр нь дурсгасан бололтой. Хэдий тийм боловч энэ бол үнэхээр л эх орныхоо хөгжил цэцэглэлийн төлөө тэмцэнэ хэмээн бодож зорьж явсан гал халуун сэтгэлийн илрэл мөн. Тавхан жилийн дараа хорин тавхан настай, билиг эрдэм танхай энэ сайхан хүүхдийг буудаад алчихна гэж хэн санах сан билээ. (Тийм ээ, “хүүхдийг” гэж албаар бичив, миний дунд хүү энэ жил 25 нас хүрнэ)
ЭВЭГИЙНХӨХДЭЙ НЭРЭЭ ЯНЗ БҮРЭЭР БИЧСЭН НЬ
Дэвтрээ хаяглахдаа Хөхдэй нэрээ монгол, латин, орос үсгээр бараг арваад өөр хувилбараар бичсэн байна. Үүнд монгол хэл-монгол бичгээр бол тогтсон ганц Эбэг-үн Көкэдэи, монгол хэл-латин үсгээр бол Көkөdөi гэсэн мөн ганц хэлбэртэй, харин нэрээ орос болгон орчуулахдаа олон өөр хувилбараар оролдож үзжээ.
Манай сонины Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ