Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч, шаардлага тавьсан Цагдаагийн алба хаагчийн биед нь халдсан бичлэг олон нийтийн сүлжээгээр тараад байна. Тухайн урсгал сөрж явсан жолоочийг Тээврийн цагдаагийн албанаас Зөрчлийн тухай хуулийн 14.7-д зүйлийг үндэслэн арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг явуулж байна. Харин хуулийн дагуу тавьсан шаардлагыг биелүүлээгүй, Цагдаагийн алба хаагчийн биед халдсан хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн шалгаж байгаа аж.
Month: May 2020
“Глоб Интернэшнл” төвөөс “Дэлхийн Хэвлэлийн Эрх Чөлөөний өдөр”-ийг угтан “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналын эзнийг тодрууллаа. Энэ жил “Үнэний төлөө” шагналын эзнээр “Өнөөдөр” сонины сэтгүүлч, эрэн сурвалжлах, экологийн мэдээний албаны дарга Г.Цолмон тодорчээ.
Уг шагналыг олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган хувь нэмрээ оруулан ажилласан сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагад олгодог юм. “Глоб Интернэшнл” төвөөс анх Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны VII сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан гэрэл зурагчин Б.Бямба-Очир тэргүүтэй найман сэтгүүлчид 2009 онд олгож байжээ.
- 2010 онд – Завхан аймгийн “Завхан” сонины эрхлэгч Б.Мягмарсүрэн, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч, эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн албаны дарга Х.Намуун-Уянга
- 2011 онд – “Өдрийн сонин”-ы Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн албаны хамт олон, “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Д.Болормаа
- 2012 онд – Баянхонгор аймгийн Хонгор телевизийн сэтгүүлч Т.Данаасүрэн
- 2013 онд – SBN телевизийн мэдээний албаны сэтгүүлч Г.Батхишиг, зураглаач А.Амарсанаа
- 2014 онд – ТВ 9 телевизийн “Монгол коммент” нэвтрүүлгийн уран бүтээлчдэд
- 2015 онд – “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт
- 2016 онд – “Mongolian Mining Journal” сэтгүүлийн үүсгэн байгуулагч, сэтгүүлч Л.Болормаа агсанд
- 2017 онд – Монгол ТВ-ийн мэдээ болон нийгмийн нэвтрүүлгийн албаны дарга Э.Лхагва
- 2018 онд – Ийгл Ньюс телевизийн сэтгүүлч У.Болортуяа
- 2019 онд – iKon.mn сайтын редакцын хамт олон тус тус хүртсэн билээ.
Музейн тухай хуулийн төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Музейн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өргөн барилаа. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн бүртгэн баримтжуулалтын заавар” болон Музейн үйл ажиллагаанд тавигдах шаардлага, MNS 2006:5643 стандарт зэрэг баримт бичгээр музейн тодорхой үйл ажиллагааг тухайлан зохицуулдаг. Эдгээр хууль, эрх зүйн баримт бичиг нь музейн өмнө тулгамдаад байгаа хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, салбар дундын түншлэл, техник технологийн хөгжүүлэлт, хүний нөөцийн хангамж, гадаад харилцааг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэж, музейн тогтвортой хөгжлийг дэмжих хөшүүрэг болж чадахгүй байна. Ялангуяа музейн үндсэн үйл ажиллагаатай нягт уялдаатай байдаг байгаль, соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарын хууль, тогтоомжийг шинэчлэлийн хүрээнд музейн үйл ажиллагааны асуудлыг тусгаагүй улмаас музейн нийгмийн хөгжил дэх оролцоог хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд бодит бэрхшээл учирч байгааг төслийн танилцуулгад дурджээ.
Иймээс Монгол Улсад музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг бий болгон, музейн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэж, тоггвортой хөгжих боломжийг бүрдүүлсэн хууль, эрх зүйн орчин батлан хэрэгжүүлэхзэр хуулийн төслийг боловсруулсан байна.
Хуулийн нийтлэг үндэслэл хэсэгт хуулийн зорилгыг тодорхойлж, музейн тухай хууль тогтоомж, хамрах хүрээг тогтоож, хуульд хэрэглэсэн нэр томьёоны тайлбарыг, хоёрдугаар бүлэгт музейн ангилал, чиг үүрэг, үйл ажиллагааны зохион байгуулалттай холбогдсон зохицуулалтыг, гуравдугаар бүлэгт музейн сан хөмрөгийн асуудлыг, дөрөвдүгээр бүлэгт музейн аюулгүй байдлын асуудлыг, тавдугаар бүлэгт музейн ажилтны ёс зүйн асуудлыг тус тус тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар өмчийн олон хэлбэрийн музей байгуулагдаж, түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлс болон соёлын үнэт зүйлсийг хадгалж хамгаалах, сурталчлах үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, музейн нийгэм, эдийн засгийн үр өгөөж нэмэгдэх боломж бүрдэх юм байна. Мөн соёлын өвийг хамгаалах, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хзгжүүлэхтэй холбоотой Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрзэ, хэлэлцээрийн хэрэгжилтийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Түүнчлэн, музейн үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгох, музейн шинжлэх ухаан, боловсролын салбарт гүйцэтгэх үүрэг нэмэгдэх, иргэдийн музейгээр үйлчлүүлэх, ашиглах хандах хандлагад эерэг нөлөө үзүүлж, мэдлэг үйлдвэрлэх, түгээх орон зай болж хөгжих суурь болох ач холбогдолтой гэжээ.
Манай улсад орчин цагийн музей 1924 онд байгуулагдсан бөгөөд өнөөдрийн байдлаар хуулийн этгээдийн бүртгэлтэй, төрийн өмчийн 12 музей, орон нутгийн өмчийн 24 музей үйл ажиллагаа явуулдаг байна. Мөн Монголбанк, Хил хамгаалах, Онцгой байдлын, Цагдаагийн, Иргэний нисэхийн ерөнхий газар зэрэг төрийн байгууллага, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн, Археологийн, Палеонтологийн хүрээлэн зэрэг эрдэм шинжилгээний байгууллага, Шинжлэх ухаан, технологийн, Хөдөө аж ахуйн, Анагаахын шинжлэх ухааны үндэсний, Улаанбаатар болон “Их Засаг” олон улсын их сургууль зэрэг их, дээд боловсролын байгууллагуудын дэргэд 16 бэсрэг музей, үзвэрийн танхим, Олон улсын оюун ухааны, “Данзанравжаа”, Монголын Уламжлалт Анагаах Ухааны, Чингис хааны өв соёлын, Хэлмэгдэгсдийн дурсгалын, Монгол костюмс, Цагаандариум музейнүүд болон галерей ззрэг тогтмол үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн 10 гаруй музей үйл ажиллагаа явуулдаг байна. Түүнчлэн, сум, дүүрэгт орон нутаг судлах, сурталчлах зориулалт бүхий 265 музей, үзвэрийн танхим бий.
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив.
Хуулиар олгогдсон чиг үүргийг хэрэгжүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой, тэнцвэртэй, аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг аймаг, нийслэл, хотын хэмжээнд ганцхан мэргэжилтэн хариуцан ажиллаж, сум дүүрэг, тосгоны хөдөө аж ахуйн тасгийн албан тушаалтныг үүрэгжүүлж өгөөгүй байгаа нь улс орон дамнасан цар тахал, хотжилт, хүн амын төвлөрөл, хүнснээс шалтгаалан гарч буй эрсдэлтэй харьцуулбал маш хангалтгүй үзүүлэлт юм. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-209 тушаалаар аймгуудын Хүнс хөдөө аж ахуйн газрын бүтцийг тогтоож өгсөн ба эдгээр байгууллагад ажиллаж буй 427 албан хаагчийн 21 нь буюу 4.9 хувь нь хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, нийтийн хоолны асуудлыг хариуцан ажиллаж байна. Монгол Улсын 21 аймгийн 335 сумдын хөдөө аж ахуйн тасгийн бүтэц, орон тоо, мэргэжилтний судалгаанаас үззхэд нийт сумдын 50 хувь нь хүнсний хангамж, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэнгүй, мал аж ахуй, газар тариалангийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлыг давхар хариуцан хэрэгжүүлж байгаа юм. Нийслэлийн дүүргүүдэд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудал хариуцсан мэргэжилтний орон тоо байдаггүй аж. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх ба хуулийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйл, 10.7 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу аймаг, орон нутагт байгаа сургуулийн захиргаа, гал тогооны газар нь үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадал нэвтрүүлэх, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан түүхий эд, бүтээгдэхүүнээр сурагчдыг үйлчлэх мэргэжлийн хүний нөөцтэй байх шаардлагууд тавигдаж байгаа бөгөөд хяналтын байгууллагаас хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэхээр үүрэгжүүлсэн. Гэтэл сумдын 50 хувь нь хөдөө аж ахуйн тасагтаа хүнсний асуудал хариуцсан мэргэжилтэнгүй байгаа нь сургуулийн хүүхдийн хоолны чанар, аюулгүй байдлын асуудал сумын түвшинд орхигдох эрсдэлтэй.
Аймаг, сум, хотын түвшинд Хүнс, хөдөө аж ахуйн газрын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн, хүнсний аюулгүй байдал. хангамжийн асуудлыг хариуцсан нэгж ажиллуулахаар, сум, дүүрэг, тосгонд хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөн бие даасан албан тушаалыг эрх зүйн хүрээнд баталгаажуулах асуудлыг хуулийн төсөлд тусгасан байна.
Хуулийн төсөл батлагдсанаар хүнсний салбарын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг үнэлэх арга хэмжээ хэрэгжиж, мэргэшсэн хүний нөөц бий болох, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газарт зэрэглэл тогтоож баталгаажуулах, нийтэд мэдээлэх, хэрэглэгч мэдээллээр хангагдах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч ажиллагчдаа мэргэжил дээшлүүлэх сургалтад үе шаттайгаар хамруулах, улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдал хангагдах нөхцөл боломж нэмэгдэх юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Их хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэнд ногоон байгууламжаас ихээхэн хамааралтай. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас жил бүр орон сууцны болон гэр хорооллын дундах ногоон байгууламжуудаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд хариуцуулан усалгаа, нөхөн тарилт, арчлалт хамгаалалтыг хийлгэж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажилладаг. Энэ жилийн хувьд хуурайшилт ихтэй байгаа учир усалгаа, нөхөн тарилтад онцгой анхаарч 7 хоногт хоёр удаагийн давтамжтай ногоон байгууламжийн арчилгаа, тордолгоог хийж байна. Мөн хавар, намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийн хүрээнд албан хаагчдын тарьсан зүлэг, мод бутыг услан, арчлан хамгаалж байна.
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.05.01/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10.07 цагт эхэлж, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир танилцууллаа.
Байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр тогтоолын төсөлтэй холбоотой УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Тэрбишдагва, Ж.Энхбаяр, А.Сүхбат нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд замбараагүй олгогдсон уул уурхайн ашиглалтын зөвшөөрөлд тодорхой хязгаарлалт тавих, хууль бус алт олборлолтыг цэгцлэх, Гутайн даваа орчимд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх талаар байр сууриа илэрхийлж, цаашид газар нутгийг тусгай хамгаалалтад авах ажлыг эрчимжүүлж, ингэхдээ шаардлагатай судалгааны ажлын шат дамжлагыг хялбаршуулах шаардлагатай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.
Үргэлжлүүлэн Байнгын хорооноос танилцуулсан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Тогтоолын төслийн талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.
Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бөгөөд Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон хэмээн танилцуулгад дурдсан.
Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.
Тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болорчулуун танилцуулав.
Тэрбээр, Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Оюундарь Ноён уул орчмын газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авч ангилал дээшлүүлэх асуудлыг дэмжиж байна, байгаль орчноо хамгаалах тал дээр орон нутгийн иргэд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч ажиллах, дэлхийн хэмжээний жишиг улсын тусгай хамгаалалттай газар болгох ажлыг өрнүүлэх, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва байгаль орчин, түүх соёлын дурсгалт зүйлээ хамгаалах асуудлыг онцгой анхаарч, нэн яаралтай улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай, уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах, УИХ-ын гишүүн А.Сүхбат Монгол Улсад химийн хортой нэгдэл болох хүнцэл аль бүс нутагт байгаа талаар судалгаа хийж, хүнцлийн хэмжээг олж тогтоох, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж улсын тусгай хамгаалалтад авахаар Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн нь байгаль орчны төлөө санаа тавьж, тэмцэж явсан хүмүүсийн үйл хэрэг биеллээ олж байна гэсэн саналыг тус тус хэлсэн болно. “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр дэмжсэн болно хэмээн танилцууллаа.
Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүд Ноён уулын хамгаалалтыг ангилал дээшлүүлж, улсын тусгай хамгаалалтад авах ажил олон жил яригдсаны эцэст биеллээ олж байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр дээрх газарт ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдээс газрыг хэрхэн хүлээн авах, байгаль орчны нөхөн сэргээлтийг хэрхэн хийх, нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулж байлаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ноён уул орчимд олгогдсон 11 тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчигдөн явагдсан үйлдлийн үр дүн хэмээгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэлээ. Тиймээс ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тогтоож, аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нөхөн төлүүлэх бөгөөд, бусад харилцааг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.
Өнгөрсөн хоногт: Өнгөрсөн хугацаанд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд бага зэргийн хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшиж, баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүсч 12-17 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 20-25 градус, говийн бүс нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч, шороон шуурга шуурна. Өдөртөө 24-26 градус дулаан байна.
Төлөв байдал: 2-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 2-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. 2-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд нутгийн зүүн хагаст сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор, Олон нуурын хөндий болон Алтайн өвөр говиор 8-13 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна. 3-нд нутгийн баруун хагаст, 4,5-нд ихэнх нутгаар дулаарна.
Цар тахлын дэгдэлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл зайн сургалтыг үргэлжлүүлэхээр болсон талаар тус улсын Боловсролын сайд Зия Селчук өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэл хийжээ.
Турк улсад анхны КОВИД-19-ийн тохиолдол бүртгэгдсэнээс хойш 12 хоногийн дараа буюу 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрөөс ерөнхий боловсролын сургуулийн 18 сая сурагч хичээлээ цахимаар болон телевизийн гурван сувгаар дамжуулан хүлээн авч эхэлсэн байна. Сурагчид хичээлийн жилийн эхний улирлын дүнгээр анги дэвшүүлэхээр болсон байна.
Туркийн сурагчид Туркийн үндэсний олон нийтийн радио, телевиз /TRT/ болон Үндэсний Боловсрол, мэдээллийн сүлжээ /EBA/-ний сувгаар нийтдээ 1600 хичээл болон 20,000 гаруй интерактив контентийг хүлээн авч байгаа талаар хятадын Синьхуа агенлаг 4 дүгээр сарын 10-ны өдөр мэдээлсэн байна.
Бүгд Найрамдах Турк Улсад 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар COVID-19-ийн бүртгэгдсэн тохиолдол 120,204 байгаа бөгөөд үүнээс 3174 хүн нас барсан байна.
Нийслэлийн ахлах сургуулийн сурагчдын дунд зохиогдсон өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдаан 2020 оны гуравдугаар сарын 21-ээс дөрөвдүгээр сарын 29-ний өдрүүдэд цахим орчинд амжилттай явагдаж өндөрлөлөө. 2020 оны уралдаанд 12 цагийн хугацаанд бизнес санаа гаргаж, бизнесийн төлөвлөгөө боловсруулан оролцсон нийт есөн багаас гурван баг (Innoway, Nanitech, Wave багууд) шилдгээр шалгарч, олон улсын GYEC 2020 тэмцээнд оролцох эрхээ дөрөвдүгээр сарын 29-ний өдөр гардан авлаа.
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу өсвөрийн энтрепренеруудын сургалт, уралдааныг Японы Center for Entrepreneurship Development болон Индонезийн SURYA Institute-с зохион байгуулдаг бөгөөд ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын энтрепренер бүтээлч сэтгэлгээ, багаар ажиллах, илтгэх ур чадварыг дэвшилтэт технологи, шинжлэх ухаантай уялдуулан хөгжүүлэх зорилготой юм. Энэхүү уралдааныг 2017 оноос Хүүхдийг Ивээн Сан болон Хөгжлийн Шийдэл ТББ хамтран Монгол улсад зохион байгуулж, улсаа төлөөлөх баг бэлтгэж олон улсын уралдаанд оролцуулж байгаа билээ. 2019 оноос Нийслэлийн Шинжлэх Ухаан, Үйлдвэрлэл, Инновацын газар тус сургалт, уралдааныг дэмжиж хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна.
Хөдөлмөрийн зах зээлд залуучуудын бүтээлч сэтгэлгээ, инновацын хэрэгцээ шаардлага улам бүр өсөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор улс орнууд инновац, мэдлэгт суурилсан эдийн засаг, тэр дундаа энтрепренершипийн давлагаанд анхаарал хандуулах болж, их дээд болон ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энтрепренершипийн ур чадвар олгох хичээлүүдийг оруулж эхэлсэн. Монгол улсын хувьд ерөнхий боловсролын түвшинд эдгээр ур чадварыг хөгжүүлэх боломж бололцоо дутмаг байдаг. Иймд бид ахлах ангийн сурагчдад олон улсын түвшинд өрсөлдөх боломжийг олгохын тулд сургалтыг шинэлэг хөтөлбөр, оролцооны арга барилаар хүргэдэг. Энэхүү уралдаан нь Улаанбаатар хотын аль ч ЕБС-н 15-19 насны ахлах ангийн сурагчдад нээлттэй юм. Тэмцээнд найм хүртэлх гишүүний бүрэлдэхүүнтэй багаар оролцдог. 2017 оны уралдаанд нийт таван сургуулийн 38 сурагч хамрагдсан бол 2018 онд зургаан сургуулийн нийт 64 сурагч, 2019 онд найман сургуулийн нийт 64 сурагч, 2020 онд 11 баг сонирхлоо илэрхийлэн сургалтад хамрагдаж, түүнээс есөн сургуулийн 62 сурагч уралдаанд оролцсон. 2019 оны олон улсын уралдаанд Монгол улсыг төлөөлөн оролцсон багууд өмнөх жилүүдийн амжилтуудыг давж, эхний 10 байр дотор шалгарсныг бахархууштайгаар онцлох нь зүйтэй юм.
Энэ жилийн олон улсын уралдаан тавдугаар сарын 30-ны өдөр, бүтэн 12 цагийн турш цахимаар явагдах юм. Өглөө 7:00 цагт сэдэв зарлагдах ба оролцогч багууд 18:30 гэхэд доорх даалгаврыг гүйцэтгэсэн байна. Үүнд:
1) Санаачилсан бүтээгдэхүүн, үйлчилгээний туршилтын загвар (биетээр эсвэл дижитал);
2) Хоёр хуудас бизнесийн төлөвлөгөө
3) 3-5 минутын дүрсэн танилцуулга /англи хэл дээр/ бэлдэнэ.
Уралдаанд оролцсон сурагчид багийн найзуудаасаа сурахаас гадна баг хоорондоо харилцан суралцаж, дийлэнх оролцогчид цахим орчинд багаар ажиллах чадвараа сайжруулж чадсан байгаа нь сургалтын дараах судалгаагаар харагдсан юм. Сурагчид мөн өөрт байсан бүтээлч санаагаа бодит болгох, түргэн хугацаанд үр дүнтэй ажиллах гэх мэт ур чадваруудыг сургалт, уралдаанаас олж авсан гэж судалгаанд хариулжээ.
Цаашид энэхүү уралдаанд орон нутгийн ахлах ангийн сурагчдыг хамруулан үндэсний хэмжээнд болгохоор зохион байгуулагчдын зүгээс ажиллаж байна.
Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.04.27-04.30-ны өдрүүдэд нийт 834 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 550-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 23 хүн гэмтсэн. Үүний 2 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 7 хүний амь нас хохирсны 1 нь хүүхэд байна.
Нийт хүн бэртсэн, амь нас хохирсон ослыг хэлбэрээр нь авч үзвэл
- Явган зорчигч мөргөх хэлбэрээр -6
- Мөргөлдөх хэлбэрээр-9
- Онхолдох хэлбэрээр-2
- Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр-3
- Мотоцикл, мопедтой мөргөлдөх-4 тус тус бүртгэгдсэн байна.
Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:
2020.04.27-ны өдрийн 15 цаг 38 минутын орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт айлын тоот хашаан дотор Ц жолоочтой Toyota Prius-20 маркийн автомашин явган зорчигч 4 настай, эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад нас барсан,
2020.04.27-ны шөнийн 22 цаг 00 минутын орчим Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2-р багийн нутаг дэвсгэр Замын-үүд Улаанбаатар чиглэлийн хатуу хучилттай авто замд Kia Bongo маркийн автомашин Hino маркийн автомашинтай мөргөлдөж, Kia Bongo автомашинд зорчиж байсан 36-40 насны 4 иргэн шатаж, амь нас хохирсон,
2020.04.28-ны өдрийн 12 цаг 15 минутын орчим Хан-уул дүүргийн 4 дүгээр хороо Арцатын амны асфальтан замд Honda insight маркийн О жолоочтой автомашин онхолдож, 48 настай, эрэгтэй Б гэмтэж, 43 настай эрэгтэй М-ын амь насыг хохироосон, Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн /драгер-2,59%/
2020.04.28-ны өдрийн 09 цаг 33 минутын орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй DT10 /E/ маркийн тракторын жолооч 24 настай, эрэгтэй Д нь трактор, хашааны засвар хавчуулагдаж амь нас хохирсон,
2020.04.29-ний өдрийн 08 цаг 00 минутын орчим Өвөрхангай аймгийн Тарагт сумын 1-р багийн нутаг дэвсгэрт шороон замд улсын дугааргүй Dayun маркийн мотоцикл онхолдож, жолооч 67 настай, эрэгтэй Ц-гийн амь нас хохирсон хэргүүдийг тус тус шалгаж байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 97 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 2 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасан 7 зөрчил бүртгэгдсэн.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 13,9 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 3 дахин өссөн, зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон осол 25 хувиар өсч, бүртгэгдсэн зам тээврийн осол 2,1 хувиар буурсан үзүүлэлттэй байна,
Нийт замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн урин дулааны цаг ирж мотоцикл, мопед, унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох, архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохгүй байх, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцохдоо өөрийн аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан, өдрийн цагт автомашиныхаа “ОЙРЫН ГЭРЛЭЭ” асааж Covid-19 халдвараас сэргийлэх уриалгад нэгдэж замын хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд байх “Азу” нэрийн хэрчсэн гурилын үйлдвэрт үйлдвэрт хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар стандарт, техникийн зохицуулалтад нийцсэн барилга байгууламж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх журам зөрчиж үйл ажиллагаа явуулсан тул үйлдвэрийн үйл ажиллагааг нь Дүүргийн Прокурорын газрын 10 дугаартай тогтоолоор түр хугацаагаар зогсоосон байна. Хяналт шалгалт үргэлжлэн хийгдэж байгаа аж: