Categories
мэдээ цаг-үе

Аниргүй, харагдахгүй, антеннд торохгүй “СТЭЛС”-үүд

Их, бага ямар ч дайн хэзээ ч үл зөвтгөм гамшиг. Гэхдээ тийм үед хүссэн хүсээгүй техник, технологийн талбарт огцом түлхэлт гардаг. Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үед Германы эрдэмтдийн туршиж байсан локаторт барьдаггүй онгоц бүтээх төсөл уг өгүүлбэрийн маань баталгаа билээ. Horten Ho IX хэмээх англиллын богино долгионы антеннд баригддаггүй онгоцыг герман эрдэмтэд туршиж бараг л үйлдвэрлэх хэмжээнд дөхөж яваад холбоотны цэргүүдэд эзлэгдсэн тул ялалт “манайд” үлдэж тэр технологи нь америкчуудын хорин жилийн дараа бүтээх стэлс онгоцнуудын сэжим нь болон хоцорчээ.

Стэлс (stealth) технологийг анх 1962 онд АНУ-ын “Lock­heed Corporation” амьдралд хэрэгжүүлж А-12 хэмээх харагддаггүй онгоц бүтээж эхэлжээ. Энд нэгэн зүйлийг тодотгоё. Жирийн хүн уг төрлийн онгоцнуудыг Нисэхийн зурвас дээр зогсож байвал ямар ч асуудалгүй харна шүү дээ. Зүгээр орчин үеийн дайн тулаан гээчид байлдагч нуувчин дотроо хэвтэж байгаад тэнгэрээс шумбан ирж буй сөнөөгч онгоцыг “пулмоот”-оор шүршээд унадаг цаг үлгэр болсон, дээр онгоц, доор агаарын эсэргүүцэн хамгаалах анги гэсэн хоёр салбарын хэн нь илүү сайн техник, технологитой байна вэ гэдгээр ялагчаа тодруулдаг үе ирсэн гэдгийг саная. Чухам тэр агаарын хамгаалах ангийн элдэв богино долгионы тавган антенн, радаарын системд харагддаггүй, мэдрэгддэггүй технологийг стэлс гээд байгаа юм. Тэгэхээр ийм технологи ямар аргачлалаар ажиллаад байна аа гэдгийг тун бүдүүлэг, энгийн төсөөлөлөөр ухаарах гээд үзье. Газар байгаа агаарын хамгаалахынхан өөрт оногдсон зурвас талбайдаа зогсолтгүй долгион шидэж ямар нэгэн нисдэг биет нэврэх эсэхийг шалгана. Тухайлбал, дайсны онгоц ороод ирвэл түүний биетэд ойсон долгион буцаж антеннд баригдаад сөнөөгч пуужингаа харвах нь байна. Эсвэл уг онгоцноос цацруулж буй дулааны эрчим хүч долгионд орж ирвэл гэх мэт. Тийм учраас стэлс онгоцнууд уг долгионыг шингээдэг материалаар хийгдэж, долгионы хугарлыг өөр зүг рүү цацдаг гаж дүрстэй далавч, их биетэй, хөдөлгүүрээс гарч буюу дулаанаа “залгидаг”, онгоцны эд ангид аль болохоор металл бага орсон байхаар зохион бүтээгджээ.

“Lockheed Corporation” компани овоо хэдэн жил шургуу хөдөлмөрлөсний эцэст 1975 онд төслөө дуусгаж 1977 онд анхны үл үзэгдэгч онгоцоо үйлдвэрлэн туршилтад гаргасан нь тун өндөр үнэлгээ авч байж болох бүх сорилтуудыг давжээ. Тун удалгүй Америкийн цэргийн нисэх хүчин 24 ширхэг тийм загварын сөнөөгч онгоцыг захиалж гэрээлсэн гэнэ лээ. “Хазгар Гоблин” гэж нисэгч нар нь хочилдог F-117 Night­Hawk хэмээх албан ёсны нэршилтэй уг онгоцууд 1981 оноос эхлээд Америкийн зэвсэгт хүчний эгнээнд багтаж 1988 онд анхлан хэвлэлийн хуудаснаа дэлгэгдэн дэлхий нийтийн мэлмийг хужирлаж байжээ. Тэгээд удалгүй Иракийн эсрэг “Цөлийн шуурга” цэргийн ажиллагаа эхэлж нөгөө F-117 NightHawk-ийн бодит боломжийг нийтээрээ харсан даа. Садам Хусейны Ирак тухайн үедээ Арабын нийгмийн хамгийн хүчтэй, өндөр зэрэглэлийн пуужингууд, агаарын биетийг илрүүлэх радааруудтай байсан мөртлөө нэг ч “F-117”-г сөнөөж чадаагүй. Иракийн агаарын эсэргүүцэн хамгаалах бэхлэлтийг үл үзэгдэгч сөнөөгч онгоцнууд зовлонгүй туулж маш богино хугацаанд өрсөлдөгчийнхөө пуужингуудыг устгасныг түүх мэднэ. Үүнээс хойш Панам, Персийн булан, “Цөлийн үнэг” ажиллагаа, Югославын эсрэг дайн зэргээс гадна бусад бага жижиг тулаанд уг төрлийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудыг ашиглаж байгаад 2008 оноос эхлэн ашиглалтаас гарсан. Нийтдээ 1990 оны байдлаар Пентагон 64 ширхэг “F-117”-г захиалж хийлгэсэн байдгаас яг байлдааны талбарт өрсөлдөгчийнхөө пуужинд оногдож унасан ганцхан тохиолдол байдаг гэсэн.

F-117A онгоц 1999 оны гуравдугаар сарын 27-нд Белград хотоос 40 километрийн зайтай газар сербиүдийн пуужинд оногдсон нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт нисгэгч өөрийгөө харагддаггүй гэдэгт хэт итгэж урд нисэж өнгөрсөн маршрутаараа хэд дахин ниссэн. Уг онгоц долгионд баригдахгүй технологидоо хөтлөгдсөнөөс болж хурд, маневр хийх чадваруудаа алдсан сөрөг үзүүлэлттэй тул сербичүүд онгоцны нисэж өнгөрөх цагийг зөв тооцоолж харвасан пуужингаас зайлж чадаагүй гэж бичдэг.

Ер нь тэгээд аливаа шинэ зүйл цагийн аясад хуучирч дараа ирэх шинэлэг зүйлдээ зам тавьж өгдөг жамаар F-117 байрнаасаа буусан л даа. Түүний үзүүлэлтэд хасах талын нэлээн хэдэн шинж чанар байсан.

Нэгдүгээрт, өөрийн өртөг хэтэрхий өндөр. Нэг “F-117”-г ойролцоогоор хагас тэрбум ам.доллараар Пентагон худалдаж авч байсан бол бөмбөгдөгч нь бүр 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй болж ирсэн.

Хоёрдугаарт, дэлхий нийтээрээ, тэр тусмаа боломжит дайсан гэж зарладаг улсууд нь уг төрлийн онгоцуудыг тодорхой түвшинд илрүүлж чаддаг тавган антеннүүдийг бүтээгээд эхэлсэн.

Гуравдугаарт, зохион бүтээгчид үл үзэгдэх чанарт нь хэт их анхаарснаас шалтгаалан уг онгоцны хурд, маневрлах чанар удааширч, жин нэмэгдсэн зэрэг нь агаарт дайсантайгаа таарсан тохиолдолд ялах магадлалыг үгүйсгэсэн.

Дөрөвдүгээрт, өөр төрлийн, хямд төсөр зардалтай онгоцууд үйлдвэрлэж эхэлсэн.

Одоо стэлс төрлийн онгоцуудыг ганц америкчууд биш, технологийн өндөр түвшинд хүрсэн олон орнууд хийж үйлдвэрлэж байна. Израилийн f-35, Оросын Т-50, Хятадын Chehgdu J-20 гээд нижгээд үл үзэгдэгч онгоцнууд улс, улсынхаа армийн жагсаалтад багтаад тэнгэрт нисч явна.

Б.ХУЛАН

Categories
мэдээ нийгэм

Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 261 иргэн эх орондоо ирлээ

89656212_146039886878047_1254369353692872704_o-6ua02ed3f7gho21xepvblv07slryfuhzamzxdytl8hs.jpg

Гадаад улсад түр хугацаагаар зорчиж яваад нутаг буцах боломжгүй болсон монгол иргэдийнхээ өргөдөл, хүсэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу европын улс орнуудаас иргэдээ авахаар ниссэн Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг дөнгөж сая “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 261 иргэн эх орондоо ирж байна.

Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 39, эрүүл мэндийн шалтгаантай 58, жирэмсэн 22, хөгжлийн бэрхшээлтэй болон асран хамгаалагчтай 3, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 77 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ, ОБЕГ-ын харьяа “Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувилал”, “Энхсаран” сувилал, “Центавр” зочид буудалд байрлуулж, 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”

World Press Freedom Day

Өнөөдөр “Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр”. НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос тэмдэглэсээр ирсэн юм. Энэ өдөр хэвлэлийн эрх чөлөөний ач холбогдлыг олон нийтэд сурталчлан ойлгуулах, улс орнуудын төр, засагт иргэд олон нийтийн үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хүндэтгэх үүргийг сануулах, мөн ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилтнуудыг дурсан хүндэтгэдэг билээ. Харин энэ жилийн хувьд “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” уриан дор тэмдэглэж байна. Энэхүү өдрийг тохиолдуулан ЮНЕСКО-гийн ерөнхий захирал Одри Азулей илгээлт ирүүлжээ.

Уг илгээлтэд, “COVID-19” цар тахлын улмаас бид сэтгэлийн түгшүүр, эргэлзээнд автсан энэ үед чөлөөт мэдээлэл нь энэхүү хямралтай нүүр тулах, ойлгох, эргэцүүлэн бодох, даван туулахад туслах чухал ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт, ийм нөхцөл байдалд мэдээллийн амин чухал ач холбогдлыг авч үзэх хэрэгтэй бөгөөд олон нийтэд мэдээлэх нь зохих арга хэмжээг авч хэрэгжүүлснээр өвчинтэй тэмцэх арга замыг хүн бүрт өгч буй явдал юм.
Ийм учраас манай байгууллага Нэгдсэн үндэстний бусад байгууллагатай нэгдэж халдварыг улам хурцатгаж, амь насыг эрсдэлд оруулж буй цуу яриа, худал мэдээллийн эсрэг хамтран тэмцэж байна. Асуудлыг шийдвэрлэхэд туслахын тулд бид “Баримт, шинжлэх ухаан, эв санааны нэгдлийн төлөө хамтдаа”, “Сэнсаци бүү дэгдээ” хэмээх хоёр том нийгмийн сүлжээний кампанит ажлыг сурталчлахаар нэгдсэн.

Эдгээр санаачилгын үр нөлөөг нэмэгдүүлэхийн тулд ЮНЕСКО нь хэвлэл мэдээлэлд зориулж “COVID-19” халдварын талаарх эх сурвалжийн төвийг байгуулсан. Энэхүү онлайн платформ нь сэтгүүлчдэд цар тахлын талаарх хуурамч мэдээллийг илрүүлэх, хямралын талаар найдвартай, үр дүнтэй мэдээлэхэд нь туслах зорилготой бөгөөд 2020 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн “Айдас үгүй, зусар үгүй сэтгүүл зүй” сэдвээр дамжуулан үүнийг сурталчилж байгаа юм.

Энэ сэдэв нь мэдээллийн эрх чөлөө төдийгүй баримтыг шалгаж, мэдээлдэг хараат бус хэвлэлийн төлөө тэмцдэг хүмүүсийн ажлыг цаг үеээ олж тэмдэглэж буй явдал юм. Хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй явдалтай бид маш их учирдаг. Энэхүү хөндлөнгийн оролцоо нь улс төрийн, үзэл суртлын эсвэл эдийн засгийн хяналт, зорилтот хүний нэр төрийг гутаах гүтгэлгийн халдлага, дарамт шахалт аль нь ч бай бүгд сэтгүүлчдийг, нэн ялангуяа сэтгүүлч эмэгтэйчүүдийг дуугүй болгох зорилго агуулсан байдаг. Харамсалтай нь бидний өнөөгийн нөхцөл байдлын онцгой шинж чанар нь сэтгүүлчдэд үзүүлэх дарамтыг улам бүр нэмэгдүүлж байна.

Мөн тулгарч буй хямрал нь сэтгүүлчдийн хувьд эдийн засгийн тодорхой бус байдлыг улам бүр нэмэгдүүлж байна. Жишээлбэл, дижитал технологи руу шилжих шилжилт хурдацтай байгаа энэ үед зар сурталчилгааны орлогоос ихээхэн хамаардаг олон хэвлэлийн орлого нь буурч, зарим нь хаагдахад хүрч байна. Эцэст нь сонинууд үйл ажиллагаагаа багасгах эсвэл зогсооход хүрдэг төдийгүй ертөнцийг харах өөр өөр өнцөг, үзэл бодлын олон янз байдалд шаардлага бүхий зүйлээс олон нийтийг салган холдуулахад хүргэх юм.

Энэхүү хямралын бидэнд ямар нягт харилцан хамааралтайг харуулсан энэхүү ертөнцөд хэвлэлийн олон янз байдал, хэвлэлийн эрх чөлөө, сэтгүүлчдийн аюулгүй байдалд заналхийлсэн, халдсан бүхэн бидэнд хамаатай.
Ийм учраас НҮБ-ын байгууллагуудын тогтолцоо нь дэлхий даяарх хэвлэл мэдээллийн байгууллагууд, засгийн газар, хууль эрхзүйн салбарынхан, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн зүтгэлтнүүдээс бүрдсэн шинэ эвслүүдийн хамтаар сэтгүүлчдийг, тэдний тусгаар тогтнол, үнэний төлөөх тэмцлийг дэмжиж байна.
Өнөөдөр би эдгээр хүчин чармайлтыг дахин нэмэгдүүлэхийг уриалж байна. Энэ чухал мөчид төдийгүй ирээдүйн төлөө бидэнд чөлөөт хэвлэл шаардлагатай бөгөөд сэтгүүлчид бид бүгдэд итгэн найдах чадвартай байх хэрэгтэй” хэмээжээ.

Categories
мэдээ нийгэм

“Ковид-19 цар тахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулийн бэлтгэл

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургуулийн бэлтгэл ажилтай өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дараг, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” танилцлаа.

Дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Ховд аймаг руу орох, гарах замын хөдөлгөөнийг нээжээ

“Коронавирусийн халдварын болзошгүй эрсдлээс сэргийлэх зорилгоор 2020 оны тавдугаар сарын 1-ний 23:00 цагт аймгийн онцгой комиссын гишүүдийг шуурхай хуралдуулж Ховд аймгаас гарах, орох автомашины хөдөлгөөнийг түр хааж, постууд гаргаад байна” гэж тус аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээлсэн байсан.

Энэ шийдвэр хэрэгжиж байгаа эсэхийг Тээврийн Цагдаагийн Албанаас тодруулахад “Ховд аймгаас орох, гарах автомашины хөдөлгөөнийг орон нутгийн цагаар өдрийн 12:00 цагт нээсэн” гэсэн мэдээллийг өглөө.

Харин тус аймагт зам хаах тухай шийдвэрээс улбаалж осол гарсан гэх мэдээллийг тодруулахаар холбогдож байна.

Categories
мэдээ спорт

Сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн талаар хэлэлцэнэ

Японы Засгийн газар орон даяар тогтоосон онцгой байдлын дэглэмийг сунгавал тавдугаар сарын башёгийн хуваарийн талаар хэлэлцэнэ гэж тус улсын Сүмо бөхийн холбоо мэдээллээ.

Японд тавдугаар сарын 6 хүртэл тогтоосон онцгой байдлыг нэг орчим сараар сунгаж магадгүй гэж Абэ Шинзо мэдэгдсэнтэй холбогдуулан Сүмо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны дарга Шибатаяма ийнхүү мэдээлжээ. Абэ Шинзо албан ёсны шийдвэрийг даваа гарагт гаргах төлөвтэй байна.

Онцгой байдлын дэглэмийг сунгасан тохиолдолд бид тэмцээний хуваарийн талаар хэлэлцэнэ гэж Шибатаяма хэлжээ. Сүмо бөхийн холбоо коронавирусний халдвартай холбогдуулан зуны тэмцээний нээлтийг тавдугаар сарын 24 хүртэл хоёр долоо хоногоор хойшлуулах шийдвэрийг өнгөрсөн сард гаргаад байсан юм.

“Бид тэмцээнийг танхимын үзэгчидгүйгээр зохион байгуулах юм уу цуцлах талаар хэлэлцэнэ” гэж Сүмо бөхийн холбоо мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Халдвар тараах өндөр эрсдэлтэй байж болзошгүй тул шаардлагагүй үед эмнэлэг рүү явахгүй байхыг анхааруулав

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр эмнэлгүүд хэрхэн бэлэн байдлыг хангаж байгаа талаар Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд танилцууллаа.

Тус эмнэлэг өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд эмнэлгийнхээ урсгалыг дахин зохион байгуулж, үйлчлүүлэгчдийг нэг урсгалаар нэвтрүүлж байгаа аж. Түүнчлэн гурван орц, гарцынхаа хоёрыг нь хааж, эргэлтийн цагийг 17.00 цагаар хязгаарлажээ.

Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу 280 ор дэлгэж ажиллах бэлтгэлийг хангаад, шаардлагатай эм тариа, хувийн хамгаалах хэрэгслийг бэлдэж, шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг гарган ЭМЯ-нд өгчээ. Эрчимд эмчилгээнд 50, хүндэвтэр болон хөнгөн иргэдийг авах 30 ор бэлэн байгаа аж.

Хэрэв халдвар гарсан тохиолдолд эмнэлгийг 6-12 цагт бүрэн чөлөөлөхөд бэлэн байгааг тэрбээр хэллээ.

Эмч, сувилагч, ариутгагч гэсэн баг 24 цагаа ажиллуулж байгаа бөгөөд ажлын бус цаг болон ажлын өдөр сэжигтэй тохиолдол илэрвэл шууд ажиллах бэлэн байдлын ийн хангасан байна.

Эмнэлгийн хэмжээнд жирэмсэн эхчүүддээ цалинтай чөлөө өгч, дархлаа дэмжих аяныг зохион байгуулж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байна.

Ажилчдынхаа бэлэн байдлыг хангах сургалтад давхардсан тоогоор 1,600 ажилтныг хамруулжээ.

Шаардлагагүй тохиолдолд эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэхгүй байхыг уриалж байна хэмээн С.Энхболд хэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн эрүүл мэндийн байгууллагаар явахгүй байхыг санууллаа. Учир нь Их Британийн эрдэмтэд эмнэлгийн гадаад, дотоод орчинд COVID-19 илрүүлэх судалгаа шинжилгээ хийхэд эмнэлэгт өвчтөнүүдийг хэвтүүлдэг өрөө болон эмнэлгийн бие засах газраас вирус илэрсэн тул эмнэлэг халдвар тараах орчин байж болзошгүй гэсэн үр дүн гарчээ. Тиймээс эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх гэж байгаа хүнийг олноороо дагаж явдаг байдлыг зогсоох хэрэгтэйг анхааруулаа.

Categories
мэдээ нийгэм

64.3 мянган сэг зэмийг төвлөрсөн цэгт булж устгажээ

Хэнтий аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 248.5 мянган м2 талбайд халдваргүйтгэл, ариутгал хийсэн талаар тус аймгийн Мал эмнэлгийн газраас мэдээллээ.

Халдварт болон гоц халдварт өвчин гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс 17 суманд нийт 41 өрхийн 16 шувууны байр, 39 гахайн байранд халдваргүйтгэл ариутгал хийсэн байна.

Мөн мал, мах тээвэрлэдэг 20 автомашин, малын 34 хашаа, хороо, түүхий эдийн хоёр цэг болон нэг цагдаагийн тасаг нийт 112 цэг, мал нядалгааны гурван цэг, халдварт өвчний есөн голомт, гудамж талбайг зэргийг хамруулжээ.

Түүнчлэн хүн, малын халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж зүй бусаар үхэж хорогдсон мал, амьтны сэг зэмийг цуглуулан булж устгах ажлыг 18 суманд зохион байгуулсан гэв. Одоогийн байдлаар нийт хорогдсон малын 80 хувь болох 64.3 мянган сэг зэмийг цуглуулан төвлөрсөн цэгт булж устгасан байна. Мөн эзэнгүй, золбин нохой устгах ажлыг 12 суманд хийж одоогоор 2116 нохойг устгажээ. Уг ажлыг 63 ажлын хэсэгт 710 хүний бүрэлдэхүүнтэйгээр 98 автомашиныг дайчлан гүйцэтгэж байгаа аж.

Монгол улсын Ерөнхий сайдын 01 тоот “Албан даалгавар”, Ерөнхий малын эмчийн 02 тоот “Албан даалгавар”, аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/160 дугаар захирамж, Мал эмнэлгийн газрын “Сэг зэм устгах ажлын зөвлөмж”, уг ажилд хяналт тавих удирдамжийн хүрээнд тус ажил үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

С.Энхболд: II эмнэлэг дотоодод халдвар илэрсэн тохиолдолд эмчлэх, тусгаарлах 100 ор бэлдээд байна

МОНГОЛДОО ЭМЧЛҮҮЛЭХ ЦАГ АЙСУЙ | Control.mnУлсын II төв эмнэлэг “COVID-19” өвчин дотоодод бүртгэгдсэн тохиолдолд өвчтөнүүдийг эмчлэх, тусгаарлах 100 ор бэлджээ. Энэ талаар тус эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлэв. Эрсдэлийг бууруулах үүднээс үйлчлүүлэгчдээс эрүүл мэндийн асуумж авч, 17.00 цагаас хойш эргэлт оруулахгүй байхаар шийдвэрлэсэн байна. Мөн ДЭМБ болон ЭМЯ-ны зөвлөмжийг хэрэгжүүлж байгаа бөгөөд шаардлагатай эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн судалгааг гаргаж, ЭМЯ-нд хүргүүлж, эрчимт эмчилгээний 50 ор бэлджээ. Дотоодод халдвар тархсан тохиолдолд тус эмнэлгийг 6-12 цагийн дотор бүрэн чөлөөлж, нийт 280 ор гаргах боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын байнгын хороод ирэх долоо хоногт

Ирэх долоо хоногт буюу 2020.05.04-2020.05.06-ны хооронд УИХ дахь намын бүлэг, зөвлөл, байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлын хуваарийг та бүхэнд хүргэж байна.


НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН

05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

05 дугаар сарын 05-ны Мягмар гарагт:

1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/.

2. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаар тогтоолын хэрэгжилтийг сонсох.

3. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

4. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2020.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

05 дугаар сарын 06-ны Лхагва гарагт:

1. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 14 гишүүн 2016.12.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг шалгалтын дүнг танилцуулах.

2. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Бусад.

3. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ/;
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төсөл.

4. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.