Categories
мэдээ цаг-үе

Ч.Батсүх: Улаанбаатар хот хөрсгүй болж, газар шорооны бохирдолд нэрвэгдээд байна

“Гарааны Технологийн Инкубатор” ХХК-ийн захирал Ч.Батсүхтэй ярилцлаа.


-“Хөрс хамгаалах үндэсний өдөр”-тэй холбогдуулан асуухад, Монгол Улсын хөрс хамгаалах бодлогын талаарх баримтлалыг асуух гэсэн юм. “Хотын утаанаас илүүтэй хөрсний бохирдол аюултай. Хөрс эрүүл байж хүний орчин эрүүл байдаг” гэдэг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-“Хөрсний бохирдол хотын утаанаас илүү аюултай, хөрс эрүүл байж хүний орчин эрүүл байдаг” гэж таны хэлсэнтэй санал нэг байна. Хөрс хамгаалах бодлогын талаар гэвэл Монгол Улсын Их Хурлаас 2012 онд “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг баталсан. Энэ хуульд хөдөө аж ахуйн газрын, хот тосгон, суурин газрын, тусгай хэрэгцээний газрын, ойн сангийн газрын хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэхэд авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг тусгасан байдаг. Дээрх хуулинд хот тосгон, суурин газрын хөрс хамгаалах гэсэн зүйлийг тусгасаны дагуу НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 66 дугаар тогтоолоор жил бүрийн дөрөвдүгээр сарын 27-ны өдрийг “Нийслэлийн хөрс хамгаалах өдөр” болгон зарласаннь нийслэлийн хөрсөн дэх олон жилийн хуримтлагдсан бохирдлыг бууруулах талаар тодорхой бодлого хэрэгжүүлж эхэлснийг харуулж байна. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 149 дүгээр тогтоолоор жил бүрийн 5 дугаар сарын эхний 7 хоногийг “Хөрс хамгаалах үндэсний өдөр” болгон тэмдэглэж байхаар тогтоосонтой холбогдуулан, сүүлийн жилүүдэд хөрс хамгааллын асуудал,хөрсний бохирдол, нөхөн сэргээлтийн технологийн шийдлийн талаарх асуудлыг тодорхой түвшингүүдэд ярих болсон нь сайшаалтай байна. Цаашид зөвхөн Улаанбаатар хотын хөрсний бохирдлоор тогтохгүй нийт Монгол орны хэмжээнд, ялангуяа, уул уурхайн нөлөөгөөр маш их ухсан нүх, шороо үүсч байгаа, газар тариалангийн талбайн хөрс маш ихээр эвдэрч үржил шим нь буурч байгаа, мал аж ахуйд бэлчээрийн даацтай холбоотойгоор бэлчээрийн талхагдал ихэссэн, байгалийн болон хүний хүчин зүйлийн нөлөөгөөр цөлжилт улам ихсэж байгаа энэ үед хөрс хамгаалах өдөртэй болсон нь маш чухал шийдвэр болсон гэж бодож байна. Эдгээр бодлогын хүрээнд хийгдэх ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлээр манай компани идэвхтэй ажиллаж байна.

-Нийслэл хотод хүн амын дийлэнх нь амьдарч байгаа. Тэгэхээр их хотын хөрс хамгаалах ажил хэрхэн шинжлэх ухааны үндэстэй явж ирсэн бол. Үүнд мэргэжлийн хүний хувьд ямар тайлбар өгөх вэ?

-Нийслэлийн хүн амын төвлөрөл ихсэх тусам хөрсний хүнд металлын агууламж, нянгийн бохирдол нэмэгдэж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө учруулах болоод удаж байна. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хөрс нь иргэдийн ахуйн хэрэглээний хог хаягдал, гэр хорооллын нүхэн жорлон, ил задгай угаадасны нүх зэргээс үүссэн органик буюу нянгийн бохирдол, хот дотор үйлдвэрлэл явуулж буй арьс ширний үйлдвэрийн хог хаягдал, мөн автомашины засвар, тос масло солих үйлчилгээ явуулж буй төвүүд, автомашины угаалгын газруудын хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол гэсэн хэлбэрүүдээр бохирдож байна. Мөн Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн 90 гаруй хувь нь инженерийн шугам сүлжээнд холбогдоогүй учраас нүхэн жорлон ашиглаж байна. Иймд гэр хорооллын бие засах газар нь стандарт шаардлага хангахгүйгээс энгийн нүхэн жорлонгоос шууд хамааралтай хөрс, ус, орчны бохирдол нэмэгдэж байна. Гэр хорооллын жорлонгийн бохир усны цооног, бие засах газрыг дүүрсэн үед шороогоор булж, зэргэлдээ газар дахин нүх ухдаг нь хөрсийг асар ихээр бохирдуулсаар байна.

Энэ тулгамдсан асуудлыг анхаарч, шийдвэрлэх зорилт дэвшүүлсэн шинжлэх ухааны үндэстэй судалгааны ажлууд сүүлийн жилүүдэд нэлээдхийгдэх болсон. Үүнд бидний хийсэн судалгааны ажлууд ч багтаж байгаа. Бид салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран нийслэл хотын нутаг дэвсгэрийн хөрсний бохирдлыг судлах онолын судалгаа хийхээс гадна хөрсний бохирдлыг бууруулах, зогсоох, ариутган цэвэршүүлэх чиглэлээр 10 гаруй жил судалгаа явуулсны үндсэн дээр хүн, амьтан, ургамал байгаль орчинд сөрөг нөлөөгүй, шинэ технологи боловсруулан микробиологийн дэвшилтэт биобэлдмэлүүдийг шинээр гарган авч, үйлдвэрлэн хэрэглээнд нэвтрүүлж байна.

Нийслэлийнхээ хөрсний болон байгаль орчны бохирдол дээр Шинэжлэх ухааны академи уг нь санаа тавин нийслэлтэйгээ гэрээ байгуулан ажиллаж байгаа хэдий ч ихэнхи ажил тендрийн шугмаар явагддаг учраас тэр болгон зорьсон үр дүнд хүрэхгүй байна л даа.

-Хөрсний доройтол энэ хэвээр үргэлжилбэл цаашид ямар дүр зураг төсөөлөгдөж байна вэ?

-Миний хувьд болон хөрсний чиглэлээр олон жил судалгаа хийсэн эрдэмтдийн төсөөллөөр цаашид энэ янзаар 40-50 жил үргэлжилбэл манай орны ихэнх нутагт мал бэлчих бэлчээргүй, тариа тарих талбайгүй, ухсан нүх, овоолсон шороо, хэрсэн зам болж үлдэхээр байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот үндсэндээ хөрсгүй болсон ба газар шорооны бохирдолд нэрвэгдээд байна. Ийм учраас цаашид төр засаг хөрс хамгаалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авч ажиллах нь зүйтэй. Нөгөө талаар хөрс хамгаалал, хөрсний бохирдлыг бууруулах, үржил шимийг сайжруулах, нөхөн сэргээхэд эрдэмтэн судлаачдыг оролцуулан шинэ дэвшилтэт технологийн шийдлүүдийг дэмжин ажиллах шаардлагатай байна..

-Өнөө жил “Ковид-19”-ийн цар тахал дэлхий нийтийг нөмөрч Монгол Улсынхэмжээнд ч айхтар нөхцөл байдал үүсээд байна. Цаашид улам хүндрэх төлөвтэй байна. Энэ цагт ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал хамгийн чухал. Ёстой аминд тулсан асуудал болоод байгаа. Таны компани л улс орны гол амин чухал асуудлыг дааж авах нь мэдээж. Та бүгдээс л Монголчуудын цаашдын ирээдүй, амь амьдрал хэмжигдэх юм шиг санагдаад байхын. Магадгүй сүржин асуулт байж мэднэ, гэвч бодит байдал ийм л байна?

-Шинэ төрлийн короновирус дэлхийн олон улсад дэгдсэнтэй холбоотойгоор манай улсын хувьд онцгой байдал зарлан, тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх олон төрлийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.Дэлхий даяар нийт 5 сая гаруй хүнд халдварлаж, гурван зуу гаруй мянган хүний аминд хүрээд байгаа цар тахлын аюул өндөр хөгжилтэй гэгддэг олон орны эдийн засагт хүндрэл учруулж байхад жижиг эдийн засагтай манай орон энэ цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлэх нь туйлын чухал юм. Урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжүүдийг дагахын хамт орчны ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлуудыг тогтмол хийх хэрэгтэй гэж бодож байна. Агаар, хөрс, ус гурав хоорондоо нягт холбоотой. Утаанд агуулагдах хорт бодисууд, тоосонцрууд хөрсөнд бууж хөрсний өнгөн хэсэгт бохирдол үүсгэн цаашлаад хөрсөнд шингэж гүний усыг бохирдуулах аюултай. Хөрсний бохирдол аль ч улиралд агаар дуслын замаар дамждаг. Хөрс эрүүл байж хүнс эрүүл байна, хүнс эрүүл байж хүн эрүүл байна шүү дээ.Манай компани нийслэлийн гэр хороолол, нийтийн эзэмшлийн гудамж талбай, автобусны буудал, аж ахуйн нэгжүүд, үйлчилгээний төвүүд гээд ариутгаж болох бүх газруудыг нийслэлээс өгсөнудирдамжийн дагуу бусад ариутгалын компаниудын адилаар нийгмийн хариуцлагийн хүрээнд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцон ажиллаж байна.

-Манай улс хөрсний бохирдлыг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэлэлцэж буй асуудал, явуулж буй үйл ажиллагааны талаар?

-Манайорны хувьдбайгаль орчныбохирдлынасуудалдонцгойанхаарах цаг нь ирсэн гэдгийг мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдын өргөн хүрээг хамарсан судалгааны үр дүнгүүд илтгэдэг. Байгаль орчны бохирдлыг зогсоож, хүн амын эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар цогцоор нь шийдвэрлэх, шийдвэрлэж амжаагүй ажлуудын эхлэлийг нь зөв тавих, хууль, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх цаг нь болсон. Эрдэмтэн судлаачдын хувьд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэх арга зам, байгаль орчны бохирдол, урьдчилан сэргийлэх, зөвлөмж, тодорхой технологийн шийдлүүдийг төрийн байгууллагуудад хүргүүлсээр ирсэн, түүнийг төр засаг түүнийг авч бодитоор хэрэгжүүлэх нь чухал болоод байна. Дэвшилтэт технологи нэвтрүүлэхээс гадна нь хөрсний бохирдлыг бууруулах, бохирдлоос хамгаалахад ард иргэд болон аж ахуйн нэгж, төр засгийн идэвхтэй оролцоо, мөн хөрсний бохирдлын уршгийн талаарх ойлголтыг иргэдэд өгөх нь маш чухал юм. Бид хөрс хамгаалахаас гадна , газар тариалан, гол нуур, ой модыг хамгаалахад шаардлагатай байгальд ээлтэй, дэвшилтэт технологиудийг боловсруулж, цуврал бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглээ болгон хэвшүүлэхээр зорин ажиллаж байна.

-Та хэрэглээ болгохоор ажиллаж байгаа байгальд ээлтэй ашигтай бичил биетний технологийн талаараа танилцуулаач.

-Дэлхий нийтээрээ ногоон хэв загварт шилжиж тогтвортой хөгжлийг бий болгоход эрмэлзэж байгаа өнөө цагт шинжлэх ухааны ололт, дэвшилтэт технологийн байгаль орчинд үзүүлэх хор хөнөөлийг нь хэрхэн хамгийн бага түвшинд хүргэх арга замыг эрэлхийлж байна. Ашигтай бичил биетний технологийн бэлдмэлийг товч танилцуулахад уг биобэлдмэл нь хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, биологийн гаралтай, байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэнд болон биологийн олон янз байдалд сөрөг нөлөөгүй, өнөө цаг үеийн үзэл баримтлалд нийцсэн бэлдмэл юм. Ийм учраас энэхүү биобэлдмэлийг албан байгууллагууд ард иргэд хэрэглэж хэвшиж, эрүүл орчинд амьдрах нөхцлөө өөрсдөө бүрдүүлэх боломжтой юм. Мэргэжлийн эрдэмтэдтэйгээ хамтран манай орны хөрсөнд зохицон амьдрах чадвартай бичил биетний цэвэр өсгөврийг ялган аваад байгаа нь бидний бас нэг ололт юм.

-Танай Гарааны компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна, өөр ямар шинэ технологиудыг боловсруулж, амьдралд нэвтрүүлж байгаа вэ

-Манай Гарааны Технологийн Инкубатор ХХК нь инновацийн хуулийн дагуу байгуулагдсан анхны Гарааны компани юм. Компаний үндсэн үйл ажиллагааны чиглэл нь микробиологи, биотехнологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдаалах, ногоон байгууламж, байгаль орчны чиглэлээр ажилладаг юм. Бид өнгөрсөн хугацаанд байгаль орчин, газар тариалан, мал аж ахуй, жимс жимсгэнэ боловсруулах чиглэлээр 30 гаруй технологиудын туршилт зүгшрүүлэлтүүдийг хийсэн. Эдгээрээс 10 гаруй технологи үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрээд байна. Заримаас нь сонирхуулбал манай гарааны компани газар тариалан, уул уурхай, хөрсөө хамгаалах , мөн ой модоо хамгаалах чиглэлээр ажиллаж байна. Газар тариалангийн салбарт сүүлийн жилүүдэд их ургац авах зорилгоор химийн бордоогоор олон жил тасралтгүй бордсноос болж газар тариалангийн талбайн хөрсний үржил шим муудаж газар тариалангийн талбайн ихэнхи хувь хөрсний элэгдэл гэмтэлд орсон ийм учраас бид хөрсний үржил шим сайжруулах амьд бакери бүхий “Их ургац” биобордоо мөн хөрсийг , эрүүлжүүлэх , хөрсний нөхөн сэргээлт хийхэд хэрэглэх “Био-Эко” биобэлдмэлийг үйлдвэрлэж байна. Өөрөөр хэлбэл шимгүй болсон хөрсөнд буцааж шим тэжээл бордоо өгөх бактерийн бордооны технолги боловсруулан үйлдвэрлэж байна. Мөн монгол орныхоо ойн модны хортон шавжийг устгах нэрийдлээр химийн хорыг онгоцоор цацаж ойгоо хамгаалах биш хордуулах нөхцөл үүсэж байгаа тул манай компани эрдэмтдийн хамт модлог бутлаг ургамалд нэн шаардлагатай химийн бус “Ургамал- Эко” биобэлдмэлийг үйлдвэрлэж эхлээд байна. Бид химийн бордоо болон хорыг битгий хэрэглэ гэж байгаа юм биш бизнесийн ашгаа нэн түрүүнд тавихгүйгээр, сайхан байгаль орчноо хамгаалж онолын хувьд зүй зохистой хэрэглэхийг л уриалж байгаа юм.

-Танай байгууллага шаардлагатай олон технологиудыг боловсруулан бүтээгдэхүүн болгон гаргажээ. Цаашид шинэ бүтээгдэхүүнээ зах зээл гаргах, дахин шинэ технологибойжуулахад ямар асуудал , бэрхшээлүүд байна вэ

-Манай оронд шинжлэх ухааны хөгжил удаашралтай байгаа гол шалтгаан нь шинжлэх ухааны санхүүжилт бага байгаатай шууд холбоотой. Технологийн туршилт зүгшрүүлэлт хийсэн бүтээгдэхүүнүүдийг ихээр үйлдвэрлэж зах зээлд гаргахын тулд хөрөнгө оруулалт буюу санхүүжилт зайлшгүй хэрэгтэй. Шинжлэх ухааны салбараас зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг хэн гаргах вэ, эрдэмтэн судлаачид л гаргана. Тэдний лабораторид бэлтгэсэн шинэ технологийг үйлдвэрлэлийн түвшинд боловсруулж зүгшрүүлэх нь хамгийн чухал юм. Ийм учраас бодит хөрөнгө оруулалт, дэд бүтэц бүхий барилга байшин, өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн тоног төхөөрөмжүүд байх ёстой ингэснээр эрдэмтэн судлаачдын судалгааны ажлын үр дүнг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд том дэвшил гарах юм. Нөгөө талаар инновацийн хууль болон бусад хуулиудад ч байдаг л даа эрдэмтдийн боловсруулаад гаргаад ирсэн импортыг орлох инновацийн бүтээгдэхүүнүүдийг төр засаг худалтан авалтаар дэмжинэ ээ гээд. Өнөөдөр энэ хууль, журам амьдрал дээр хэрэгжихгүй бүх ажил тендерийн шугмаар явж монголд үйлдвэрлэж байгаа зарим бүтээгдэхүүнийг гаднаас өндөр үнээр авч байгаа учраас гарааны компаниуд, жижиг дунд үйлдвэрлэл, Инкубаторууд эдийн засгийн хувьд чадавхижиж чадахгүй байгаа учраас хөгжил удаан байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баянмөнх: Бид зогсоол барьж байгаа, гэхдээ ногоон байгууламжийг сүйтгээгүй

Шинэ

Цахим орчноор Чойжин ламын сүм музейн урд хэсэгт авто зогсоол барьж байгаад хүмүүс ихээхэн шүүмжлэлтэй хандаад байгаа билээ. Тэгвэл энэ талаар Монголын урлагийн зөвлөлийн соёлын өвийн хөтөлбөрийн захирал Д.Баянмөнхөөс тодруулан ярилцлаа.


-Энэ сарын 17-ноос эхлэн Чойжин ламын сүм музейн гудамжийг автомашингүй болгосон шүү дээ. Тэгвэл энэ шинэ зогсоол болон орчны төлөвлөлтийн ажил хэзээнээс эхэлсэн юм бэ?

-Энэ бол 2019 оноос эхэлсэн тохижилтын ажлын төсөл. “Эм Си Эс” компани “Өв Эрдэнэ” гээд соёлын өвийн дурсгалт газрыг хамгаалах тэтгэлэлгт хөтөлбөртэй. Энэ хөтөлбөр соёлын дурсгалт газруудыг сэргээн засварлах төслүүдийн талаар судлаад хамгийн эхэнд Чойжин Ламын сүм музейн тохижилтыг хийхээр болсон. Түүнээс өмнө 2017 онд Монголын Урлагийн зөвлөл Чойжин ламын сүм музейд нөлөөллийн судалгааны төсөл хийсэн л дээ. Тэр судалгаагаар эргэн тойрон хэрмэн хашаа тойроод тавьсан машинуудыг хамгийн түрүүнд зайлуулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хэрмэн хашаа тулгаад тавьчихсан машинаас гарч байгаа утаа, тортог агаарын чанарын судалгаагаар үзмэгц барилгын гадна хэсэгт сөргөөр нөлөөлж байгаа юм. Хоёрдугаарт, соёлын өвийн хамгаалалтын орон зай буюу бүс нь зургаан метр байх ёстой. Гэтэл тойроод байгаа машинууд хамгаалалтын бүсийг нэвтлэхээс гадна хүмүүс тамхи татах, тамхины ишээ хаях, явган хүний зам талбай байхгүй гэсэн асуудлууд байдаг. Ингээд хамгийн түрүүнд хамгаалалтын бүсийг тохижуулахаар болж ажлын хэсэг байгуулагдаж түүнд нь БСШУЯ-ны Соёлын үл хөдлөх дурсгал хариуцсан мэргэжилтэн мөн Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын архитектурийн албаны дарга А.Баттөмөр, Соёлын өвийн үндэсний төвийн дарга Г.Энхбат, Монголдоо түүх соёлын уран барилгын ганц зөвлөх, архитектур З.Оюунбилэг, мөн музейн захирал Д.Отгонсүрэн зэрэг хүмүүс есөн төрлийн судалгаан дээрээс гарсан зөвлөмжүүдийг тусгаж энэ төлөвлөлтийн зургийг хийсэн. Ингээд 2019 оны тавдугаар сард нийслэлийн ерөнхий архитектураар батлуулан ажлаа эхэлсэн.

-Музейн гадна тохижилтын ажилд юу юу хийхээр төлөвлөсөн бэ?

-Анзаарсан бол музейн хашаанд галын машин орох газаргүй, баруун зүүн талаараа явган хүний болон машины стандартын зам байхгүй. Тэгэхээр бид хамгийн эхэнд төлөвлөлтдөө музейн хэрмэн хашааг хамгаалъя, хоёр талын машины сул зогсоолоо болиулъя гээд явган хүний болон дугуйн зам төлөвлөчихсөн байгаа. Энэ нь музейнээс гадагш нэг машины урттай тэнцэх хэмжээний зайг хоёр талын хашаагаа хамгаалж ногоон зүлэгтэй зурваст хэсэг хийж хамгаалсан. Мөн урдаа 40 машины зогсоолыг хийсэн. Энэ 40 автомашины зогсоолоос гадна галын байнга сул зогсох зогсоол бий. Музейн үзэгчид зогсоолоор үнэгүй үйлчлүүлнэ гэсэн журмаар явна.

-Өмнө нь жуулчны автобус зогсох зогсоолгүй байсан шүү дээ. Одоо зогсоолтой болсноор олон асуудлаа шийдэгдэж, цэгцэрч байгаа байх?

-Тэгсэн шүү. Урьд нь жуулчдаа зам дээр буулгах, түгжрэлтэй үед автобуснаасаа үсэрч буух маягаар жуулчдад их хүндрэлтэй байсан. Ер нь музей үзэх хүн байтугай бид музейн захиралтай албан ажлаар очоод уулзъя гэхэд ч зогсоол олддоггүй. Музейн мэдэлд гурав, дөрөвхөн зогсоол байдаг. Уг нь байгууллага энэ газрыг эзэмшдэг мөртлөө, өөрсдийн мэдлийн зогсоол байхгүй, их асуудалтай. Ер нь хүмүүс баруун зүүн талаар орж ирдэг байсан учраас хаалгыг үздэггүй, очдоггүй байсан. Харин энэ төлөвлөлтөөр орж ирсэн хүн болгон ямпай хаалга үзчихээд музей руу ордог болсон.

-Эргэн тойрны газар музейн эзэмшил гэнэ. Гэтэл эргэн тойрны авто зогсоолуудыг ямар байгууллага эзэмшээд байгаа юм бэ?

-Эргэн тойрны авто зогсоолуудыг сэргэлэн хүмүүс нь хашиж аваад 2000 төгрөгөөр түрээслээд байгаа байхгүй юу. Бодит байдал дээрээ бол тэдгээр нь музейн хамгаалалттай бүс буюу музейн өөрийнх нь эдэлбэр газар л даа.


Хуучин

-Зогсоол барьсан газар урьд зүлэг ногоотой байсан учраас хүмүүс их шүүмжлэлтэй хандаж байх шиг байна?

-Бүхэлдээ 8000 метр квадрат талбай бий. Үүний 2000 метр квадрат нь зогсоол болж байгаа. Үлдсэн 6000 метр квадрат нь ногоон байгууламж болж байгаа. Энэ 8000 метр квадрат өмнө нь ямар байсныг хүн бүхэн мэднэ дээ. Зэрлэгэндээ баригдчихсан, хууль бус барилга ч барьчихсан байсан. Энэ газрыг зүлэгжүүлээд 3000 мод тарьж байгаа. Одоо тарьсан мод ойролцоогоор хоёр, гурван жилийн дараа хүнд харагдахуйц томорч ногоорно. Зүлэг ч гэсэн наадмын үеэр л ногоорч эхэлнэ. Тэгэхээр хүмүүс тойроод нил шороо ганц зогсоол барьчихлаа гэж хараад байх шиг байна. Ер нь бид ямар нэгэн ажил хийхдээ хүмүүст хэлж, сурталчлахгүй бол буруугаар ойлгоод байна уу даа гэж бодох шиг. Тэгэхээр энэ хүмүүсийн хардлага цаад нөхцөл байдлыг мэдээгүй, ойлгоогүй байгаа л юм л даа.

С.ЛХАМСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 16-18 градус дулаан байна

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.

Хур тунадас: Говь болон зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, өдөртөө баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр сэрүүсч 0-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр 15-20 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 9-14 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр сэрүүсч 5-10 градус, говь талын нутгаар 28-33 градус, Олон нууруудын хөндийн зүүн хэсгээр 21-26 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Усан халианд дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Монголын цагдаа нарын илрүүлж чадаагүй хэргүүд

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн харьяа усан халианд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ. Ослын газарт Онцгой байдлын аврагчид ажиллаж, цогцсыг гаргасан юм байна. Тус талбайд барилгын ажил явуулж байсан компанийн үйл ажиллагааг нийслэлээс зогсоож, ажлын хэсэг байгуулан шалгалт явуулж байсан аж. Одоогоор цагдаагийн байгууллага, Шүүх эмнэлгийн шинжээчид ажиллаж байгаа юм. Амиа алдсан хүүхдүүд нь “Дэнжийн-1000”-аас очиж тоглож байсан хүүхдүүд байжээ.

Categories
мэдээ нийгэм

Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийг нийслэл болон дөрвөн аймагт байгуулахаар шийдвэрлэв

Засгийн газрын хуралдаанаар мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгүүдийг нийслэл болон Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймагт байгуулж, байнгын ажиллагаатай байлгахыг салбарын сайдад үүрэг болголоо.

Тодруулбал, орон нутагт Архангай аймгийн Цахир сумын Солонготын давааны ам, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүр, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Таацын голын гүүр, Төв аймгийн Лүн сумын Айрагийн энгэрт тус тус байгуулахаар тогтжээ.

Харин нийслэл Улаанбаатарт СХД-ийн 32 дугаар хорооны Эмээлт, мөн дүүргийн 21 дүгээр хорооны Баруунтуруун, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүр, Багахангай дүүргйин хоёрдугаар хороонд Хадатын автотээврийн шалган нэвтрүүлэх товчоо, ХУД-ийн 14-р хороонд Хөндлөн уул орчимд тус тус мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэг байгуулахаар шийдвэрлэв.

Мал эмнэлгийн хорио цээрийн хяналтын цэгийн орон тоог баталж, цалин үйл ажилалаганы зардлыг 2020 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, цаашид жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусган ажиллахыг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов.

“Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журмыг батлав

ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хээлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм.

Одоогоор энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргалаа

Ш.Мөнгөншагай нарт холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс “Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.долларыг хурааж авсан” гэх тайлбар бүхий бичлэг зарим мэдээллийн сайт, нийгмийн сүлжээгээр цацагдаж байна.

Иргэн Г.Жаргалангийн хөлсөлж байсан, Сүхбаатар дүүргийн I хороо, 220К байрны 305 тоотоос хураасан 1.205.200 ам.доллар, түүний хамаарал бүхий бусад этгээдээс хураасан зэрэг нийт 1.445.200 ам.долларыг улсын орлого болгох тухай шүүхийн шийтгэх тогтоолд заасан байна. Г.Жаргалан нь шүүгчийн албан тушаал огт эрхэлж байгаагүй бөгөөд бусдад хахууль өгсөн үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн.

Иймд илтэд худал мэдээллийг зохион байгуулалттайгаар түгээж байгаа үйл ажиллагаагаа нэн даруй зогсоохыг шаардаж байна. Цаашид дээрх худал тайлбар мэдээллийг санаатайгаар түгээсэн тохиолдолд хууль тогтоомжид заасны дагуу холбогдох арга хэмжээ авах болохыг мэдэгдье.

Categories
мэдээ нийгэм

Гүнтийн давааны замыг тэгшилжээ

Гүнтийн давааны шороон замыг тэгшилж, нягтаршуулжээ.

Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар Нийслэлийн авто замын сүлжээний гудамж, замуудын арчлалтын ажлын хүрээнд Чингэлтэй дүүрэг, Гүнтийн давааны 2,1 км авто замыг хусаж тэгшлэх, нягтруулах ажлыг энэ сарын 21-26-ны хооронд “Улаанбаатар зам, засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ гүйцэтгэж дуусгалаа.

Тус чиглэлд зорчигч жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулга: Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захья

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай зарлиг гаргасан билээ. Тэгвэл зарлигийг өнөөдөр шүүгчдэд сонордуулж, үнэмлэхийг нь гардууллаа.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шүүгч нарыг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захиж, үг хэлсэн юм.


“Эрхэм хуульчид аа,

Та бүхэн Монгол Улсын нэрийн өмнөөс шударга ёсны талд шийдвэр гаргах, үнэнийг дэнслэн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх туйлын хариуцлагатай албанд өнөөдөр томилогдож байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн цаг үед Та бүхэн шүүгч боллоо. Үнэн хэмээх хамгийн үнэт зүйл, шударга шүүх, хуулийн засаглалд итгэх иргэдийн итгэлийг бүү хөсөрдүүлээрэй гэж хүсье.

Хүний эрх, эрх чөлөөг үнэний талд хамгаалан зогсож, хараат бусаар ажиллах нь юу юунаас эрхэм болсон энэ цаг үед Та бүхнийг өргөсөн тангарагтаа үнэнчээр, хууль ёсыг чандлан сахиж ажиллахыг онцгойлон захья.

Хатуу үнэнийг хэлэхэд шүүх засаглалын нэр хүнд өнөөдөр тааруу байна. Саяхан гэхэд Хан-Уул дүүргийн шүүх Салхитын мөнгөний ордын гэх хэргийг шүүж, шийдвэр гаргалаа. Тангараг өргөсөн зургаан шүүгч энэ хэрэгт холбогдсоноос хоёр нь хорих ял авлаа. Шүүх засаглалын нэр хүндийг сэвтүүлсэн өөр бусад хэргүүд ч бий.

Шүүх засаглалын нэр хүндийг цэвэрлэн өндөрт өргөх нь шүүгч нэг бүрийн үүрэг хариуцлага, хувь хүний дотоод итгэл үнэмшлээр тодорхойлогдоно. Өмнө гарсан буруу жишгийг халж, тогтолцоог засаж залруулах, хэвийн зөв горимд оруулах үйлсийг шүүгч Та бүхэн шударга үнэн, хууль ёс, шүүгчийн тангаргийг чандлан сахиж, хичээнгүйлэн ажиллаж байж хэрэгжүүлнэ.

Иймээс урьд урьдынхаас илүү хичээх, улс орны эрх ашиг, ард иргэдийн итгэл үнэмшил, үнэн мөний талд тууштайгаар үйлчлэх хүндэт зорилго Та бүгдийг хүлээж байгааг ямагт санаж ажиллаарай.

Та бүхэнд ажлын амжилт хүсэж, хуулийн засаглал, шударга ёсыг бэхжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе” гэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон
29 хүн:

Давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Лувсангийн Эрдэнэбатыг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  2. Александрын Сарангэрэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Хонгорын Нямдэлгэрийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  2. Алгаагийн Түвшинтулгыг Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  3. Чулуунхүүгийн Оюунсүрэнг Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  4. Батжаргалын Мөнхзаяаг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Гончигжанцангийн Бямбажаргалыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  2. Ганзоригийн Энхцэцэгийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  3. Олзвойн Чулуунчимэгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  4. Базаррагчаагийн Гончигсумлааг Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  5. Хүрэлчөдөрийн Отгонжаргалыг Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  6. Хурметханы Тасхыныг Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Гансүхийн Хатанцэцэгийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  2. Мягмарын Далайхүү, Ганболдын Золбоо нарыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  3. Борхүүгийн Бямбаабаатарыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  4. Дашнямын Доржсүрэнг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  5. Энхбаатарын Энхжаргалыг Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  6. Батсүхийн Болормааг Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  7. Ганзоригийн Энхтунгалагийг Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  8. Гомбо-Очирын Намуунтуяаг Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  9. Бухарзадагийн Володяаг Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  10. Амарсайханы Мөнхсайханыг Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  11. Нэргүйн Баярбаатарыг Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  12. Өркений Бахытбекийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  13. Батсайханы Бээжинг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд;

Сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд:

  1. Ганболдын Батмөнх, Ганхүүгийн Даваанаран нарыг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд;
  2. Баатарын Болор-Эрдэнийг Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд.
Categories
мэдээ нийгэм

Хан-Уул дүүрэгт хуучин хувцас авах цэг байгуулав

Монголд анх удаа 2019 онд хэрэглэхгүй хэрэглэхгүй эд зүйлсээ заруулдаг дэлгүүр нээгдсэн бол Эко дүүрэг нэрийн хуудастай Хан-Уул дүүрэг анхлан хуучин хувцас авах цэгтэй боллоо. Иргэд хуучин хувцасаа хог руу хаяж, шатаалгүйгээр уг цэгт байгаа хайрцаганд хийснээр дүүргийн зорилтод бүлгийн хувцас авахыг хүссэн иргэдэд хүргэх үйлчилгээг үзүүлэх юм.

Өнөөдрийн байдлаар хуучин хувцас авах цэгийн байршил Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх “River garden” хорооллын “River tower” худалдааны төвийн ард, Зайсангийн эцсийн буудал руу эргэх замд KFC-гийн урд тус тус хуучин хувцасны хайрцаг байрлуулсан. Иргэд та бүхэн өөрт хэрэглэгдэхгүй хувцаснуудаа эдгээр хайрцагуудад хийж, зорилтот бүлгийн иргэдэд тусламж үзүүлнэ үү.


Categories
мэдээ нийгэм

Халамжийн тэтгэмжийг зургадугаар сараас цахимаар олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Нийгмийн халамжид хамрагдах иргэний хүсэлтийг цахим хэлбэрээр хүлээн авах, шийдвэрлэх журам”-ыг батлав.

ХНХЯ-аас нийгмийн халамжийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхээр шат дараатай ажлыг зохион байгуулж, “Нийгмийн халамжийн нэгдсэн систем”-ийг хөгжүүлж байгаа бөгөөд 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Систем бүрэн нэвтэрснээр иргэд ТҮЦ машин ашиглан нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтээ гарган шийдвэрлүүлэх боломжтой болох юм. Одоогоор энэ оны 6 дугаар сараас эхлэн Насны хишиг, Жирэмсэн эхийн тэтгэмж, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж, Ихэр хүүхдийн тэтгэмж, Өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжийг цахим системээр олгох бэлтгэл ажил хангагдаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.