“Никитон” хамтлагийн “Монголдоо хайртай” онлайн тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 3-нд болно. Тоглолтыг Боловсрол суваг телевизээр 20:00 цагаас шууд дамжуулах юм. Онлайн тоглолтод МУГЖ, дууучин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг нар оролцоно.
Month: April 2020
Нийслэлийн Засаг даргын орлогч, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.
-Нийслэлийн зам талбайн тэмдэг тэмдэглэгээг шинэчлэх ажил эхэлсэн байна. Энэ хүрээнд хийгдэх ажлуудаас мэдээлэл өгөхгүй юү?
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласан. Энэ хүрээндээ бид гудамж талбайд байрлуулсан хөдөлгөөн зохицуулах тэмдэг, заалтыг хөдөлгөөнд оролцогчдод илүү ойлгомжтой, хүртээмжтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Эхний ээлжинд хотын төв хэсгүүдийн тэмдэглэгээг шинэчилж, явган хүн, жуулчдад гудамж талбайн мэдээллийг харуулах тэмдэглэгээг хийж байна. Шинэчилсэн тэмдэг, тэмдэглэгээний хувьд хэд хэдэн давуу талтай. Тухайлбал, нэг газар хоёр, гурван тэмдэг ойлгомжгүй байсныг нь нэг шон дээр хоёр салаалуулж буюу жолооч, явган зорчигчдод үзэгдэх орчинг ойлгомжтой болгон сайжруулсан. Явган хүний гарц шар хүрээтэй. Анхааруулах тэмдэг, зам тавьж өгөх тэмдэг мөн адил шар хүрээтэй, шар тэмдэглэгээтэй байна. Ингэснээр явган хүнд зам тавьж өгөх юм байна гэдэг нь илүү ойгомжтой болж ирнэ. Мөн уг ажлын хүрээнд хуучин байсан гэрэл ойдоггүй, харласан, бүдгэрсэн, арилсан тэмдэглэгээнүүдийг сэргээн засварлана. Шаардлага хангаагүйг нь хуулаад буцааж шинээр тавина. Энэ ажлыг Улаанбаатар зам ашиглалтын газар, Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар гэрээгээ байгуулаад нийслэлийн гудамж талбайн тэмдэг, тэмдэглэлээг шинэчлэх ажлыг эхлүүлээд явж байна. Тэмдэг, тэмдэглэгээг сайжруулах, засварлах ажил цаг агаарын хувьд +5 хэмээс дээш хийх боломжтой тул ойрын өдрүүдэд дээрх ажлыг эрчимтэй хийж гүйцэтгэнэ.
-Энэхүү шинэчлэлийн голлох өөрчлөлт юу вэ?
-Энэ удаа тэмдэглэгээнүүдийн ойлтыг сайжруулах тал дээр илүү анхаарч байна. Мөн бид илүү үзэгдэх орчин, байрлал дээр нь анхаарч байна л даа. Ойролцоогоор жилд гурван мянган тэмдэг шинэчилдэг. Энэ ажлууд хийгдэж байгаа. Шинэ стандарт хэрэгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал. Шинээр ажил гүйцэтгэхээр тендерт орж байгаа компаниудыг ч тодорхой стандарттай байхыг шаардаж байгаа.
-Шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүд хийгдэхтэй холбогдуулан шинээр барьж байгаа замуудад мөн ийм шаардлагыг тавьж байгаа юу?
-Шинээр баригдаж байгаа замуудад энэ стандартаа баримталж шинэ тэмдэг, тэмдэглэгээнүүдийг тавина. Мөн тэмдэглэгээнүүдээ хотын төвөөр тавиад хотын захаар тавихгүй гэсэн ойлголт байхгүй. Ялгаагүй л хотын төв болон захуудаар ижил түвшинд тэмдэг тэмдэглэгээгээ тавиад хийгээд явна. Бид тэмдэг, тэмдэглэгээ сайжруулах ажлаа Тээврийн цагдаагийн албатай хамтраад хийж хэрэгжүүлдэг. Дүүрэг дүүрэгт байдаг тээврийн цагдаагийн албаны хэлтсээс хамтарсан үзлэг шалгалт хийгээд, тэр ажлынхаа хүрээнд тээврийн цагдаагийн албанаас замын цагдаа нарыг аваад захиалгын дагуу хийж гүйцэтгүүлдэг. Хотын захад ихэвчлэн гарцын тэмдэглэгээг хийгээд түүнтэйгээ хамт гарцын тэмдэгийг шар хүрээтэй тэмдэг тавиад эхэлчихсэн байна. Тэмдэг, тэмдэглээ гэдэг өөрөө авто замаар зорчиж байгаа автомашин явган зорчигчдод ойлгомжтой байх ёстой. Үүнийг л баримталж хөдөлгөөнд оролцдог шүү дээ. Одоо бүр илүү ойлгомжтой болгох үүднээс л ажиллаж байна.
-Автозамын хичнээн стандарт байдаг вэ?
-Бид стандартын дагуу ажлыг хийж гүйцэтгэдэг. Авто замын салбарт 300-гаад стандарт, дүрмийг мөрдөж ажилладаг. Энэ ажлын хүрээнд засварын ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
-Стандартын хүрээнд хийгдсэн замын жишээг дурдвал?
-Жишээ нь, томоохон бүтээн байгуулалтын хүрээнд, Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн гүүрэн гарцыг нэрлэж болно. Түүнчлэн түгжрэлийг бууруулах чиглэлийн хүрээнд авто замын нэвтрүүлэх чадварыг огтлолцохгүй, гэрлэн дохиогүйгээр зохицуулах байдлаар нэмэгдүүлнэ. Тэр ажлынхаа хүрээнд төмөр зам, авто замтай огтлолцчихсон байгаад хүндрэл бэрхшээл үүсч байна гэж үзэж, замын цагдаагийн гүүрэн гарцыг төлөвлөсөн. Үүнтэй уялдуулан энэ жилээс хоёр нүхэн гарцыг нэмж хийж байгаа. Дүнжингаравын нүхэн гарц, Тахилтын замаас хорин хоёрын товчоотой холбогдох нүхэн гарцны 1.5 км замыг төлөвлөж гэрээ байгуулах шатандаа явж байгаа.
-Зам барихад тулгамдсан ямар асуудлууд байдаг вэ?
-Төслийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал бол үндсэн бэрхшээл болдог. Өөрөөр хэлбэл, зам, гүүрийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг хөрөнгө оруулалт, санхүүжилтийн бэрхшээлээс болоод зарим хэсгийг нь хасах, танах тохиолдол байдаг. Энэ нь өөрөө хэсэг хугацааны өөр нэг хүндрэл, бэрхшээлийн шалтгаан болдог. Тухайлбал, ус зайлуулах хоолойд төлөвлөсөн зардлаа танах, гэрэлтүүлэгтэй ажлыг гэрэлтүүлэггүй хийх, ус зайлуулах хоолой суурилуулсан ч үндсэн ус зайлуулах хоолойндоо холбогдож чадахгүй байх зэрэг асуудал, хүндрэл үүсдэг. Бидний хувьд дээрх асуудлыг цаашид гаргахгүйн тулд зам, гүүрийн төлөвлөлтийг иж бүрэн хийж, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг батлагдсан зураг, төслийн хүрээнд хийхийг зорьж байгаа. Одоогоор төлөвлөсөн замууд дугуйн замтай, гэрэлтүүлэг, ус зайлуулах шугам нь иж бүрнээрээ тусгагдсан байгаа.
-Налайхын замын шинэчлэлтийн талаар мэдээллийг өгөхгүй юү?
-Налайхын зам шинэчлэгдээгүй олон жил болсон. Өмнө нь, сөрөг хөдөлгөөнтэй, хоёр урсгалтай байсан. Осол их гардаг, ачаалал өндөртэй зам байсан. Одоо бол нэг талдаа хоёр эгнээтэй эсрэг урсгалтай нийт дөрвөн эгнээ бүхий голоороо тусгаарлах бетонон зурвастай, явган хүний зам болон дугуйн замтай болж байгаа. Энэ зам хуучин долоон метрийн өргөнтэй байсан. Одоо 14 метрийн өргөнтэй болгосон. Нийтдээ Гачууртын уулзвараас Налайх ороход 20.9 км зам шинэчлэгдсэн. Энэ ажлын хүрээнд мөн таван суурьшлын хэсэгт явган хүний таван гүүрэн гарц барихаар төлөвлөж байгаа.
-Энэ онд авто замын салбарт ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байна?
-Бид томоохон бүтээн байгуулалт хийхээс гадна хотын хуучин замуудаа шинэчлэх, орон сууцны доторх холбоос замуудыг шинээр бий болгох. Гэр хорооллын дотор авто замууд барих зэрэг ажлуудыг давхар хийж байгаа. Энэ замуудыг хийх ач холбогдол маань хотын төв гудамж замуудынхаа хөдөлгөөний ачааллыг багасгах зориулалттай учраас үүн дээр их анхаарч ажиллаж байна.Энэ жилийн хувьд, найман байршилд 50 километр замыг хийхээр төлөвлөсөн. Тэгэхдээ орон зайтай газар нь тусгай замуудыг хийнэ. Хотын төвөөр дугуй унах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Явган замын хажууд дугуйн эгнээ гаргана. Хотын төвийн бүх эргэлт, гарцан дээр байгаа хашлагыг хэвтүүлээд зөвхөн дугуй унахаас гадна хүүхдийн тэрэг түрээд явах боломжтой, хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй хүмүүсийн зорчих замыг хангаж өгч байна. Хотод зам талбай засварлах барих их онцлогтой. Хөдөлгөөний эрчимтэй, холбоо, цахилгаан, дулаан, бохир цэврийн шугам гээд тэр бүх байгууллагуудтай зөвшөөрөл авч зурган дээрээ тусгаж байж замаа барина. Зөвхөн замаа биш шугам сүлжээгээ зайлуулна гэх мэт уялдуулж хийдэг учраас хүндрэл бэрхшээлүүд жаахан гардаг.
СOVID-19 халдварын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас 2020.04.03-ны ээлжит мэдээллээ хийлээ.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн 207 орон шинэ коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. Нийт 53.190 хүн халдварын улмаас нас барсан. Япон улсад сүүлийн гурван хоногт халдвар эрчтэй тархах шинжтэй байна. Монгол Улсад нийт 14 тохиолдол бүртгэгдэж, хоёр нь эдгэрч 12 иргэн нь ХӨСҮТ-эмчлүүлж байна.
Өчигдөр тусгай үүргийн онгоцоор 261иргэн ирсэн. Жирэмсэн 17, зургаан хүүхэд, эмчилгээ шаардлагатай 23 хүн ирээд байна.
Эрүүл мэндийн 16 төвийг шаардлагатай эм тариа, тоног төхөөрөмжөөр хангасан. Өчигдөр 21 аймгуудад амьсгалын аппарат, түргэвчилсэн оношлуур зэрэг нэн шаардлагатай эм эмнэлгийн хэрэгслийг олголоо. Одоо дөрөв, тавдугаар сард шинэ коронавирусийн оргил үе ирнэ гэж үзэж байгаа. Халдвар авсан 12 хүнд хамар битүүрэх, бие арзайх, булчингаар өвдөх шинж тэмдэг нийтлэг илэрч байна. Цаашдаа клиникийн шинж тэмдэг нь бүдэг явагдаж буй үедээ хүндрэх өндөр магадлалтай. Мөн ходоод гэдэс хямарч, суулгах өвөрмөц шинж тэмдэг илэрч байна.
ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Дэлхийн хэмжээнд 1 сая гаруй хүн халдвар авч нас барагсдын тоо 53 мянга даваад байна. Испани улс нас баралтын тоогоороо Итали улсын дараа орсон.
АНУ-д иргэдэд амны хаалт зүүлгэх талаар шинэчилсэн зөвлөмж гаргаад байна. Мөн Япон улсад тархалт нэмэгдэж, Засгийн газраас шуудангийн систем ашиглан айл өрхүүдэд хоёр ширхэг угааж, хэрэглэдэг маск өгөхөөр ажиллаж байна. ОХУ-д хөл хориог тавдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн сунгасан” гэлээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020.04.01-ний өдөр Сэлэнгэ аймаг буюу Зүүнхараа, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр тохиолдлын шинжилгээнд COVID-19 вирус илрээгүй. Катараас ирсэн 42 хүнээс коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан 81 сорьцонд вирус илрээгүй. Ингээд нийт ХӨСҮТ-д 110, Цэргийн төв эмнэлэгт 58, Орхон 20, Дархан-Уул 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр хүнээс вирус илрээгүй. Нийт 326 шинжилгээ хийсэн.
ХӨСҮТ дээр PCR машиныг дахин нэгийг ашиглалтад оруулж өргөжүүлсэн. Тиймээс өдөрт хийх шинжилгээний тоо нэмэгдэнэ. Хурдавчилсан оношлуурыг мөн хэрэглэж байна. Энэ оношлуураар шинжилгээний хариу 15-20 минутад гардаг. Гэхдээ хамгийн сүүлийн баталгаат хариу PCR машинаар гарна. Гэхдээ хурдавчилсан оношлуурыг ашиглах нь бидний ажилд ач холбогдолтой байна” гэлээ.
Улсын Онцгой комиссоос гаргасан болзошгүй гамшгийн үед хариу арга хэмжээ авах бэлэн байдлын төлөвлөгөөний дагуу Интердесижн, Ти Ай Ложистик, Монгол транс дахь гүний гаалийн хяналтын бүсүүдэд Европын орнуудаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжиж Алтанбулаг боомтоор импортлогдож буй ачаа, бүх төрлийн бараа бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэл, жолооч нарыг цагдаагийн хамгаалалт доор хүлээж авах, халдваргүйжүүлэх, тусгаарлах, сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тусгай үйл ажиллагаа явуулж байна. Энэ үйл ажиллагааг НМХГ-ын Экспорт импорт, Хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн нийт улсын /ахлах/ байцаагчид, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Улаанбаатар хот дахь Гаалийн газар, Цагдаагийн газартай хамтран гүйцэтгэж байна.
Гүний гаалийн хяналтын бүсүүдэд 03 дугаар сарын 19-өөс эхлэн 202 ачааны автомашиныг өндөржүүлсэн бэлэн байдалд хүлээн авч, тээвэрлэн ирсэн 5 сая 700 мянган ширхэг, 2 мянга 760 тн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг шалгалаа.
Автомашины 217 жолоочийн 73 нь гадаад, 144 нь монгол жолооч нар байсан бөгөөд тэднээс эрүүл мэндийн асуумж авч, биеийн халууныг үзэж, өвчний сэжигтэй тохиолдол илэрвэл ХӨСҮТ-д шилжүүлэх бэлэн байдлыг хангаж ажиллалаа. Монголын 63 жолоочийг “Асралт мед”, “Наранбулаг”, “Энхсаран”, “Ар гүнт”, “Ивээлэн”, “Амуре зочид буудал”, “Сэлбэ ресорт”-д хүргүүлж тусгаарлалаа. Гадаадын жолооч нарын машины кабинд нь тусгаарлаж, буулгахгүйгээр эх оронд нь буцааж байна. Хяналт шалгалт, тандалт судалгааны явцад жолооч нарт сэжигтэй тохиолдол илрээгүй.
Мөн тээврийн хэрэгслийг ариутган халдваргүйжүүлж, ачааг өндөр хяналт шалгалтын дор дээж авч, гаалийн баталгаат агуулахад битүүмжилж байна. Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв лабораторит 31 аж ахуйн нэгжийн гахайн мах, өөх, тахианы мах, өндөг, малын сүү зэрэг 32 нэр төрлийн бүтээгдэхүүн, ХАБҮЛ лабораторид боловсруулсан хүнс, жимс, хүнсний ногоо, булцуу, хүнсний нэмэлт, сав баглаа боодол, цагаан будаа, шар айраг, иогурт зэрэг 36 аж ахуйн нэгжийн 88 нэр төрлийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч хүргүүллээ. Лабораторит шинжлэгдсэн дээжнээс эерэг сорьц илрээгүй.
-Коронавирусээс үүдэж эдийн засаг хүндэрч байгаа энэ үед хонхтой цэцэрлэгийг 3.2 тэрбумаар шинэчлэх нь хэр зөв алхам бэ?-
Хамгийн гол нь эдийн засаг хүндэрч байгаа, цаашид коронавирусээс үүдэлтэй ямар ч нөхцөл байдал үүсэх нь тодорхойгүй байгаа энэ үед 3.2 тэрбум төгрөгөөр ногоон байгууламжийг хэсэгчлэн буулгаж, үр ашиг муутай төсөл хэрэгжүүлэх нь хэр зөв алхам бэ.
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран “СОЁЛТОЙ БОЛГОЁ” аяныг дэмжин Эртэч Монгол хөтөлбөрийг энэ оны дөрөвдүгээр сард “Эрүүл Монгол 10.000 маск” уриан дор зохион байгуулахаар боллоо.
Хүүхэд, залуучуудад эрт босох, эерэг хандлагыг төлөвшүүлэх, эрүүл зөв дадалтай амьдралыг төлөвшүүлэх зорилготой “Эртэч Монгол” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд 12.000 залуучуудыг хамруулж, бодит оролцоонд тулгуурлан дэмжиж чадсан хөтөлбөр юм.
КОВИД-19 вирусийн дэгдэлттэй холбоотой үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд “Эртэч Монгол” хөтөлбөрийг дэмжин ажилладаг багш нар удирдан зохион байгуулна. Сургалтын хугацаанд есөн сэдвээр есөн багш залуучууддаа мэдээлэл хийх болно.
Хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой. Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно.
Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван шилдэг залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 90099099, 99330335
Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.
Эрүүл Монгол 10.000 маск аянд нэгдэж хамтдаа сэргийлье.
“Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа төвийн ажилтан кабелийн засварын ажлаа хийх явцдаа шороонд даруулж амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “TВН” хотхоны зүүн талд “Улаанбаатар цахилгаан түгээх шугам сүлжээ” ТӨХК-ийн харьяа “Баруун түгээх төв”-ийн ажилтан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат, 32 настай, эрэгтэй Г нь 2х1.5 метрийн хэмжээтэй ухсан нүхэнд цахилгаан дамжуулах кабелийн засварын ажил хийж байх үед эргийн шороо нурж дарагдан амиа алджээ.
Энэ тухай дуудлагыг Нийслэлийн аврах анги өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 02-ны 14:56 цагт хүлээн авсан бөгөөд алба хаагчид 15:04 цагт очиж, иргэн Г-ын цогцсыг ухаж гарган тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгчээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар манай орны ихэнх гол, мөрөн, нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацааныхаас 5-50 см нимгэрч мөс харлах, мөс байрандаа хайлах, усан зах үүсэх, харз гүйх зэрэг үзэгдэл ажиглагдаж байна. Цаашид цаг агаарын дулааралтай уялдан гол мөрний мөс хайлж, мөсний нягт багасан хэврэгшинэ. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.
-Шинэ эдийн засаг гэж их ярих боллоо. Та ч энэ талаар нэлээдгүй ярьдаг шүү дээ?
-XX зууны дэлхийн эдийн засаг нийгэмд олон шинэ өөрчлөлтийг авч ирсэн. Харин XXI зуун хүн төрөлхтний өмнө олон сорилт, шинэ асуудлуудыг босгож ирж байна. Эдийн засагт булчин шөрмөс, биеийн хүч, чадал биш, тархи толгой, мэдлэг илүү үүрэг гүйцэтгэх болжээ. Хүний ажлын туршлага, ур чадвар чухал байсан бол түүнийг дижитал технологи орлох болов. Хүний оролцоо, хүч хөдөлмөрийг хэмнэсэн олон арга, технологи гарч, олон ажлын байрыг булаах болов. Тухайлбал, онлайн, ухаалаг дэлгүүрүүд, Mall-уудын хаалгыг бариулж, жолоочгүй ухаалаг автомашинууд хүргэлтийн ажлыг орлож, шуудан, барааг дроноор гүйцэтгэдэг боллоо. Мэдлэг, ухаалаг үйлдвэрлэл, үйлчилгээнд суурилсан үйлдлийг шинэ эдийн засаг гэж нэрлэж байна. Шинэ эдийн засаг нь биет бус актив буюу үйлчилгээ, технологи давамгайлж, биет активын үүрэг роль буурсан эдийн засгийн дэд бүтэц гэж ойлгож болно. Мөн аж үйлдвэрт тулгуурласан эдийн засгаас үйлчилгээнд суурилсан эдийн засагт шилжих шилжилтийн үр дүн юм. Монголчууд технологийн энэ их давлагааг мэдэрч, шинэ эдийн засгийг хөгжлийн, бизнесийн загвар болгож, шинээр сэтгэж, шинэ нөхцөлд өрсөлдөж, өөртөө давуу байдал олж авах шаардлага үүслээ. Дэлхийн хөгжлөөс бид жишээ авч араас нь хөөх биш, урдаас нь амдаж хөгжих замаар улс орноо хөгжүүлэх шаардлагатай байна. Шинэ эдийн засагт тойрог, дижитал, хуваалцах эдийн засаг, блокчейн, крипто валют, финтек, крауд фандинг гээд маш олон шинэ төрлүүд хамаарна.
-Эдийн засгийн шинэ загвар үүсэх, бий болох шаардлага үүсэх нь мэдээжийн хэрэг л дээ?
-Даяаршил, технологийн өөрчлөлт, орлогын тэгш бус байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд нь уламжлалт эдийн засгийг зайлшгүй шинэчлэх шаардлагатай болгож байна. Монголчууд бид сүүлийн 100 гаруй жилд байгальтайгаа тооцоо судалгаа муутай, дэндүү хэрцгий балмад харьцаж ирснийг өөрчлөх шаардлага үүслээ. Баялгаа ухаж зөөсөөр усгүй, ургамалгүй элсэн цөл дунд үлдэж болзошгүй. Газрыг ухах шаардлага үүсвэл маш сайн, дэлхийн түвшний судалгаа тооцоо, шинжилгээний үр дүнг үндэслэж шийдвэр гаргах шаардлага үүсч байна.
-Байгаль хүний гараар үүсээгүй мөртлөө хүний гараар сүйдэж байна гэсэн яриа гардаг?
-Дэлхийн эдийн засагт байгалиас оруулж байгаа өгөөж жил тутам 125 их наяд доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хугацаанд байгаль, улс орнуудын санхүүгийн зах зээлийг тэжээгч цус, судас болжээ гэсэн дүгнэлтэд хүрч байна. Бид сайхан дулаан өвөл болж байна гээд хөөрцөглөж л байна. Энэ бол цаг уурын өөрчлөлт. Өнгөрсөн 10 жилд дэлхийн түүхэд байгаагүй дулаарал явагджээ. Австралийн газар нутаг түймэрт өртөж, олон зуун сая ан амьтан шатаж үгүй болж, далай тэнгисийн усны түвшин дээшилж, секунд тутамд таван атомын бөмбөг дэлбэлсэнтэй тэнцэх, халуун орчныг дэлхийд бий болгож байгаа мэдээлэл олон улсын байгууллагууд гаргаж байна. Монголд ч гэсэн хариуцлагагүй уул уурхай, төрийн зохицуулалтгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй байгаль орчны сөрөг нөлөөлөл, асар их нэмэгдэж байна. Иймээс дэлхий нийтээрээ эдийн засгийн хөгжлөө байгальд аль болох хор хүргэхгүйгээр, байгальд ээлтэй байдлаар яаралтай өөрчлөх шаардлага тулгарч байна. Ийм учраас байгальд халтай технологиос татгалзаж, экологийн эсрэг үйлдвэрлэл, технологид хөрөнгө оруулахгүй байж, шинэ технологи, инновацийг илүү дэмжиж, илүү шинэлэг, тогтвортой бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгохыг шаардаж байна.
-Шинэ эдийн засгийн онцлог юу вэ. Хуучин эдийн засагтайгаа яаж холбогдох уу?
-Шинэ нь хуучин эдийн засгийн ололт, үйлчилгээг улам сайн болгох замаар бие биенээ нөхөж, мэдээллийн болон шинэ технологийг нэвтрүүлж, бүтээмжээ дээшлүүлж, үр ашигтай ажиллаж байна. Шинэ эдийн засаг нь нийгэм, эдийн засгийн харилцааны хувьд олон онцлогтой. Үүнд, түүхий эдийн нөөцөөс бага хамааралтай байж, хүний оюуны капитал, мэдээллийн технологийг тэргүүлэх ач холбогдолтойд тооцно. Хоёрдугаарт, зах зээл үргэлж хувьсан өөрчлөгдөж, шинэ тоглогчид, боловсронгуй технологи, бүтээгдэхүүн гарч ирж хуучныгаа хална. Гуравдугаарт, ажилд хандах, бизнесээ удирдах, шинэ хандлага үүсч, инновацийг хөгжүүлэх шаардлага үүснэ. Дөрөвдүгээрт, бараа бүтээгдэхүүнийг бөөнөөр массад зориулж үйлдвэрлэх бус хэрэглэгч бүрийн хэрэгцээнд нийцүүлж үйлдвэрлэх нь өргөжинө. Тавдугаарт, Шинжлэх ухааны ололт шууд үйлдвэрлэлд нэвтэрч, эрдэмтэд, зохион бүтээгчид, дизайнер, бизнес эрхлэгчид, компаниуд шинэ эдийн засгийн голлон тоглогчид болж, ашиг орлого нь өснө. Зургаадугаарт, Дэлхийг хамарсан интернэт сүлжээний эдийн засаг зонхилж, үйлдвэрлэгч, борлуулагч, зах зээл, нийлүүлэгч, хэрэглэгчийн холбоо улам ойртож, компанийн төдийгүй улс орнуудын өрсөлдөх чадвар дээшилнэ. Долдугаарт, Хамтын хөрөнгө оруулалт идэвхжиж, инновацийн төсөлд оруулсан хөрөнгө, асар их үр ашигтай байж, шинжлэх ухааны ололтын эдийн засгийн өгөөж нэмэгдэнэ. Мэдээг мэдээлэл болгоод, тодорхой нөхцөлд мэдлэг болгож хувиргаад түүнийгээ технологи болгон хөгжүүлнэ.
-Улс орны хөгжлийг ДНБ өсөлт гэдгээр хэмждэг. Энэ үзүүлэлт юу болох вэ?
-ДНБ-ний өсөлтийн төлвөөр орлогын тэгш бус байдал, технологийн өөрчлөлт, амьжиргааны түвшин, ядуурал гэх мэт олон үзүүлэлтүүдийг шууд харах боломжгүй.
Технологийн өөрчлөлтийн хүрээнд ДНБ-ээр хэмжих хөгжлийн асуудал зайлшгүй өөрчлөгдөнө. Тэгэхдээ ДНБ-ний өсөлт гэдэг үзүүлэлт байна. Улс орнуудын хөгжлийг дэлхийд 1937 оноос хойш ДНБ-ний өсөлтөөр, зөвхөн эдийн засгийн агуулгаар нь хэмжиж байлаа. 2000 он гараад олон улсын хэмжээнд хүн амынхаа аз жаргалтай байдлыг харгалзаж эхэлсэн байдаг. ДНБ өсөхөөр эдийн засаг өсөж, бидний амьдрал сайжрахыг хүлээсээр олон жил боллоо. Сүүлийн үед эдийн засгийн өсөлт хөгжлийн эцсийн зорилт мөн үү гэх асуултад судлаачид өөр өөрөөр хариулах болж. Эдийн засгийн бодит өсөлтийн үр дүнг хүн амын ихэнх нь хүртэхгүй байна. Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нэмэгдэж байгаа ч жирийн иргэдэд оногдох зүйл алга. ДНБ-ний өсөлтийг шүтэх үзэл сүүлийн үед өөрчлөгдөж байна.
-Манай эдийн засаг шинэ эдийн засгийн нөхцөл байдлаар уялдуулаад тооцвол ямар байх вэ?
-Баялгийн маш сайн менежмэнттэй, тогтвортой, экологийн баримжаатай, шинэ эдийн засгийг бий болгож, зохион байгуулах боломж байна гэж үзэж байна. Хэмжээ нь харьцангуй өөрчлөгдөхгүй эдийн засаг, хэт өсөлттэй эдийн засгаас илүү тогтвортой оршин тогтнож чаддаг аж. Үр ашгийн хойноос хөөцөлдөн байгаль орчныг сүйтгэж, хойч үеийнхээ хүртэх ёстой баялгийн ашгийг урьдчилан зээлж авч ашиглах, харийнханд гадаадын хөрөнгө оруулалт нэртэй өм цөм өгч, ард иргэд нь ядууралд өртөж, өвчин зовлонд баригдсан, хоногийн хоол арай ядан залгуулж байгаа манай өнөөдрийн энэ загварыг өөрчлөх шаардлагатай. Уламжлалт эдийн засгаас хүссэн хүсээгүй дунд, урт хугацаанд аажмаар татгалзах тийм нөхцөл байдал дэлхий нийтэд үүсээд байна. Харин уламжлалт эдийн засагтай хамт циркуляр буюу тойрог эдийн засаг, sharing буюу хуваалцах эдийн засаг, дижитал эдийн засаг зэрэг олон шинэ загвар гарч ирсэн.
-Таны дээр дурдсан шинэ эдийн засгийн төрөл болох дижитал эдийн засгийн талаар ярихгүй юу?
-Дижитал эдийн засаг бүх хүнд хүртээмжтэй, бүгд түүний ашиг шимийг хүртдэг байхын тулд бүгдээрээ хамтран ажиллах ёстой. Шинэ технологи, хиймэл оюун ухаан нь хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлтийг авчирч, хүмүүсээс шинэ, огт өөр ур чадвар шаардаж байна. Дижитал эдийн засгийн хэмжээ өнөөдөр дэлхийд 3.0 их наяд доллартай тэнцэж байгаа нь АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй 500 томоохон компаниудын хөрөнгийн 30 орчим хувьтай тэнцүү, Английн ДНБ-ээс их, дэлхийн эрчим хүчний арваны нэгийг ашигладаг гэсэн тооцоонууд гарсан байна.
-Дижитал эдийн засаг гэж яг юу вэ?
-Дижитал буюу тоон хэлбэрт орсон мэдээлэл, мэдлэгийг үйлдвэрлэлийн гол хүчин зүйл болгон ашигладаг өргөн хүрээний эдийн засгийн үйл ажиллагааг хэлнэ. Дижитал технологи нь инновацийг хөхиүлэн дэмжиж, ажлын байрыг олноор бий болгож, эдийн засгийн өсөлтийг өдөөж өгдөг.
-Дижитал үзүүлэлтээр ямар ямар улсууд тэргүүлж байна, манай улс энэ үзүүлэлтээр хаана нь байгаа бол?
-Дэлхийн өрсөлдөх чадварын төв нь “Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийг эрхлэн гаргасан байна. Тайланд өрсөлдөх чадварын индексийг 51 үзүүлэлтээр тодорхойлоход 63 орноос Монгол Улс 62 дугаарт бичигдэж байна.
Тайлангийн дүнгээс харахад 2018 онд өрсөлдөх чадварын индексээр тэргүүлсэн топ таван улсыг АНУ тэргүүлж, Сингапур, Швед, Дани, Швейцарь улсууд орсон байна.
-Боломжгүй мэт байсан зүйлс дижитал эринд боломжтой болсоор байна даа?
-Жолоочгүй автомашин, үйлчлэгчгүй зочид буудал, худалдагчгүй дэлгүүр нээгдлээ гэдэг мэдээ өдөр бүр гарч байна. Дэлхийн хамгийн том таксины компани өөрийн таксигүй (UBER), хамгийн том зочид буудлын сүлжээ буудалгүй (Airbnb), олон нийтийн хамгийн том мэдээллийн хэрэгсэл контентгүй (Facebook), хамгийн том кино театр өөрийн гэсэн кино театргүй (Netflix), хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ (Alibaba) дэлгүүргүй байна. Дижитал эдийн засгийн хэмжээ нь дэлхийн ДНБ-ний 4.5-15.5 хувийн хооронд хэлбэлзэж байгаа тооцоог гаргажээ. Цахим ертөнц нь ганцхан мэдээлэл солилцох хэрэгсэл байхаа больж, хил хязгааргүй эдийн засгийн талбар боллоо. Бодит ертөнцөөс дижитал ертөнц юугаараа ялгарах вэ гэвэл тэнд хийж болох бүгдийг хийж болж байна.
-Дижитал технологийг ашиглаж амжилтад хүрсэн ямар жишээ байна?
-Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан манайхаас цөөн хүн амтай Эстони улс цахим гарын үсгийн хууль баталж, иргэдийнхээ гар утсыг нь иргэний үнэмлэхтэй нь холбож чадсан тул төрийн бүх үйлчилгээг хүн бүрт цахимаар хүргэж сонгуулиа хүртэл сүүлийн арваад жилд гар утсаараа ямар ч алдаа мадаггүй явуулдаг болсон жишээ байна. Ажил үйлчилгээг дижитал болгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, дижитал ертөнц тэр чигээрээ үйлдвэрлэх хүч болон хувирч байна.
-Дэлхийн хөгжингүй орнууд дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд хэр анхаарч байна?
АНУ, Япон, Европын орнууд, Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд жилдээ 900 тэрбумаас нэг их наяд доллар хүртэлх хэмжээний хөрөнгө оруулалтыг дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд зориулж байгаа тооцоо байна. Ийм хэмжээний хөрөнгө оруулалтыг хийснээр түүхий эдийг хэмнэж, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, бараа, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх замаар жилдээ 500 тэрбум долларын өгөөжийг хүртэж байна. Эндээс дижитал эдийн засгийн цар хүрээ харагдана. Үргүй зардал гэж энд байхгүй. Дижитал эдийн засаг гэдэг нь электрон бизнесээс үүсэн гарч, цахим байдлаар борлуулагддаг, цахим бүтээгдэхүүнд суурилсан эдийн засаг гэж ойлгож болно. Дижитал эдийн засгийг хөгжүүлэхийн тулд дэлхийн хэмжээнд 3.7 их наяд долларыг зарцуулж байна.
-Хиймэл оюуны талаар ярилцъя?
-Artificial intelligence (AI) буюу хиймэл оюун ухааныг хөгжлийн зорилгоор ашиглаж, түүний учруулж болох хор уршгаас сэргийлэх шаардлага улс орнуудын өмнө тулгарч байна. Хиймэл оюун ухаан хүний үйлдлийг орлож, өвчнийг оношилж, бизнест робот төхөөрөмжөөр дамжуулан ашиглаж, хэрэглэгчдэд мэдээлэл хүргэж, боловсролын салбарт мэдлэгийг үнэлж, санхүүгийн салбарт төлбөр хийх үндсэн хэрэгсэл болж, амьдралыг сайн сайхан чиглэлд орвонгоор нь өөрчилж байна. Харин эсрэгээрээ дроныг пуужин болгох, хуурамч бичлэгийг нийгмийн сэтгэл зүйг өөрчлөхөд ашиглах, автомат хакерын систем үүсгэх гээд сөрөг зүйлүүд бас гарч байна. Хиймэл оюун ухаан, роботыг анх гарч ирснээс эхлэн нийгмийн дунд маргаан дагуулж байгаа. Зохицуулалтын эрх зүйн үндэсийг инновацийн хөгжлийг хязгаарлахгүйгээр хийх шаардлага үүслээ.
-Манай улсад шинэ эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр юу хийж болох вэ?
Бидний хувьд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагыг ухаарч ойлгон, хоцрогдохгүй ажиллаж амьдрах хэрэгтэй байгаа юм. Монголчууд бид шинэ зүйл сэтгэх, хүлээж авахдаа муу, хэвшмэл байдлаас салахдаа удаан ард түмэн. Хог хаягдлын менежмэнтээ сайн хийх, хог гэдэг зүйлээ ашиглах, өөрт байгаа зүйлээ бусадтай хуваалцах, дижитал эдийн засаг, дижитал технологийн дэлхийд гарсан ололт амжилтыг нутагшуулах ажлыг төрийн бодлого, зохицуулалтаар дэмжих шаардлагатай байна. Бид шинээр буюу “хайрцагнаасаа гарч сэтгэж” байж л улс орноо хөгжүүлэх тийм цаг үед ирээд байна.
Адууны өлөн гэдэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг Гаалийн ерөнхий газраас илрүүлжээ. Замын-Үүд дэх гаалийн хяналтын бүсээр (2020.04.02-нд) Монгол Улсын иргэн Б, Э нар жолоодож явсан чингэлэг ачсан ачааны автомашиныхаа гурван хэсэгт хуваан 20 шуудай буюу нийт 560 кг адууны өлөн гэдсийг нууцаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан байна. Хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа бөгөөд адууны өлөн нь тарифын бус хязгаарлалттай бараа ажээ.