Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шар усны үерийн аюулаас болгоомжил

Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлах, гэр хорооллын зарим хороодын нутаг дэвсгэрт хөрсний ус булаг гарч, халиа дошин үүсэх, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер үүсэх эрсдэл өндөртэй байна.

Иймд гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд ойр орчмын цасаа зайлуулах, үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудууг цэвэрлэн сэргээж шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна.

Нийт иргэдэд үерийн далан, борооны ус зайлуулах суваг, шуудуу, голын голдрилыг өөрчлөхгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, гол, мөрний мөсөн дээр тоглуулахгүй байх, зөвшөөрөгдсөн зам гүүрээс өөр гарц гармаар зорчихгүй байхыг тус тус сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

Дизель түлш ачсан автомашин замын хажуу руу унасныг аюулгүй болгожээ

Хан-Уул дүүргийн Ѳлзийт хорооллын орчимд өчигдөр 32 тн дизель түлш ачиж явсан автомашин замын хажуу руу унасан байна. Онцгой байдлын албаны аврагчид шуурхай ажилаж, дэлбэрэх аюулаас сэргийлж чаджээ. ОБА-ны аврагчид шатахууныг юүлж, автомашиныг кранаар босгож аюулгүй болгосон байна. Жолооч нараа, иргэдээ алхам тутамдаа сонор сэрэмжтэй байж өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байхыг НОБГ-аас анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Хомэрийн Одиссэй

Эртний Грекийн Хомэр гээч суут найрагчийн Нийтийн тооллын өмнөх зургадугаар зуунд буюу барагцаагаар 2600 жилийн өмнө бүтээсэн алдарт “Одиссэй” хэмээгч хөлгөн туульсын бүрэн эх нь соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт диппломатч, улс төрийн зүтгэлтэн Д.Цахилгааны орчуулгаар хэвлэгдэн гарчээ. Хомэрийн “Илиада” болон “Одиссэй” хэмээх хоёр туульс бол барууны уран зохиолын хамгийн эртний зохиол гэж үздэг. Бид сурах бичиг болон бусад ном зохиолоос Одиссэйн туульсыг гадарладаг. Гэвч маш товчлон орчуулснаар нь болон утгачлан орчуулснаар нь л уншдаг байсан аж. Зохиолд Итака нутгийн цэцэн Одиссэй гэж алдаршсан баатарлаг хаан Илион буюу Трой хотын дайнаас буцаж гэртээ харих гэж тэмцэн түмэн бэрхшээл, мянган зовлон туулж байгаа талаар гарна. Тэр мятрашгүйгээр өөрийн төрөлх нутаг Итактаа тэмцэн хүрэх бөгөөд гэртээ очоод ч түүний зовлон дуусгавар болохгүй. Түүний үзэсгэлэнт эхнэр Пенелопад нь тачаадсан нутгийн харчуул гэрлэж сүй тавих гэж байгаа нэрээр гэр оронд нь байрлаад зогсохгүй өдөр шөнөгүй их сүйтгэлтэй найр наадам үүсгэж, хөрөнгө зоорийг нь үрж, хааны ганц хүү Тлемахыг нь дорд үзэн бүүр амь насыг нь ч хөнөөхөөр оролдож байхтай таардаг. Туульс шүлэглэсэн хэлбэрээр бичигдсэн аж. Уг туульсд гарч байгаа хүмүүстэй яг адил зэрэгцээд бурхадыг дүрсэлсэн нь бараг туульсын бадаг бүрээс та унших болно. Охин бурхад, дарь эх нар өөрсдийн талтай хаад, баатруудад тусалж дэмжин,тэдний дайсанд хор хохирол учруулах зэргээр үргэлж цуг оршино. Зевс бурхан түүний дүү Посейдон нар бол өөрсдийн хүн төрөлхтнөөс төрсөн үр хүүхдээ халамжлах тэдний амьдарлыг заах зэргээр мөн л түмэн завгүй байдалтайгаар дүрсэлжээ. Бурхад хүн төрөлхтөнд яг л эцэг нь мэт хандаж, бурууг буруу гэж заан, зөвийг зөв гэж урамшуулна. Тэд одооныхоор бол яг л хууль цааз мэт хүн төрөлхтөнд нөлөөлөх аж. Зевс бурхан дэлхийг харж байгаад

Газрын хүмүүс хачин юм

Гай барцад бүхнээ

Тэнгэрийн биднээс боллоо гэх юм

Хэрцгий мунхаг үйлийн үр

Хэзээд эргээд өөрт нь тусдгийг

Үйлдсэн аллагын өр төлөөс

Үхлийн барьцаатай толгойд буудгийг

Өөрсдөө тэд мэдмээр л юм даа гэх жишээний юм яриад сууж байтал түүний охин дарь эх Одиссэйг буцаах болсон гэж хэлдэг. Одиссэй тэр үед нь нэг эзгүй арал дээр бас нэг дарь эх барьцаалагдсан ганцаараа байх бөгөөд тэр бурхны охин нь түүнийг нөхрөө болгож мөнх нас өгөх бодолтой хорьж байгаа гэнэ.Бүхэл бүтэн арван жил үргэлжилсэн Трой хотын дайнаас буцаж явсан Одиссэй замдаа Посейдон бурхны хүү ганц нүдэт Циклопын нүдийг улайсгасан шороор сохлоод уурыг нь хүргэн бүх хөлөг онгоцоо алдан сүйрээд энд ганцаараа сэлж иржээ. Тэр ганц нүдэт нь мань хүний цэргүүдийг барьж идээд байсан тул дарс өгч согтоож байгаад тасраад унаад өгөхөөр нь тэгж сохолсон байна. Мангас уурлан орилж бөөн шуугиан тарихад бусад мангасууд нь ирж яав юу болов гэж асууна. Одиссэй өөрийн нэрээ “Хэнч биш” гэж хэлсэн учир мангас “ Хэн ч биш, Өөрийн буруугаас би үхэх шахлаа, Хэн намайг хүчээр дийлэх юм бэ” гэж уурандаа шатаж уцаарлан зандрав. Цэцэн Одиссэй ганц энэ биш үй олон аюул зовлонгоос цэцэн ухааныхаа тусламжтайгаар мөн бурхдын ивээлээр гэтэлж чаддаг. Хүн иддэг аюулт том хүмүүс, нарны бурхны мал бэлчдэг арлаас малыг нь нөхдүүд нь өлсөхийн эрхэнд идээд бурхадын хараал хүрэх, дуулдаг шувуун дарь эх нараас, залгидаг аюулт том мангасаас, нөхдийх нь атаархлаас үүдэлтэй бурхадын гэсгээлээс гэх зэрэг түмэн зовлон бэрхшээлийг бурхдын тусламжтайгаар гэтэлнэ. Мөн тамын оронд очиж үхэгсдийн сүнстэй уулзах, тэндээсээ буцаж ирэх гэх зэрэг түүний адал явдал үргэлжилдэг. Тамд алдарт Ахилс баатрын сүнс цуут Агромен хааны сүнстэй ч уулзана. Нөгөө гангийн халуун шатахад ам нь цанган ус уух гэхээр ус нь ширгэдэг ч эрүүгээ тулсан усанд зогсдог Тантал, уулын өөд том бөөрөнхий чулуу өнхрүүлэн түрж яг оройд нь гаргахын алдад буцаагаад алддаг Сизиф гэгч нарыг харна. Энэ бүх зовлон бэрхшээлийг даваад гэртээ очиж төрөлх Итак орныхоо хаан болж эхнэр хүүтэйгээ учран золгож байгаагаар уг туульс төгсөнө.

Өнө мөнхийн энх мэндийн ерөөл оршоож

Өрлөг дээд тэнгэрт андгай тавиад Одиссэй

Өндөр сэнтийдээ заларч, хаан ширээгээ эзэгнэж гэнэ…

Өргөн түмэн, эзэн хааны хооронд

Үл тасрах эвийн чагтагыг чангалан бөхөлж

Өнөр олноороо амар сайхандаа жаргаж гэнэ ээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Чимэдбат: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэж байна

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Чимэдбаттай ярилцлаа.


-Согтуурсан үедээ жолооны ард сууж ноцтой осол үйлдсэн тохиолдол хэд хэд бүртгэгдлээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй цаг үеийн замын хөдөлгөөний нөхцөл байдал ямар байна вэ?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, жолоодож осол хийж байгаа тохиолдол буурахгүй байна. Коронавирустэй холбоотойгоор цагдаагийн байгууллага нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулахгүй байгаа. Тухайн замаар явж байгаа жолооч нэг бүрийг толгой дараалан тандагч багажаар шалган согтуурлын зэргийг тогтоохгүй байгаа гэсэн үг. Гэхдээ гудамж замд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд хяналт тавиад шалгалтын ажиллагаа хийгдээд явж байгаа.

Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 гаруй тохиолдол бүртгэгдэж байна. Сүүлийн үед согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үедээ зам тээврийн осол хэрэгт холбогдсон, ослын газрын санаатай болон санаандгүйгээр орхиж явсан осол хэргүүд олон бүртгэгдсэн. Тухайн жолооч хууль эрх зүйн мэдлэг дутуу, осолд холбогдоод сандарсан зэрэг хүчин зүйлсээс шалтгаалж ослын газрыг орхидог шалтгаан нөхцөлүүд бий.

Оны эрхийн хоёр сарын байдлаар Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 3974 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зам тээврийн осол улсын хэмжээнд 6.8 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослоос шалтгаалаад улсын хэмжээнд 47 хүн амь насаа алдсан. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.7 хувиар буурсан үзүүлэлт гараад байна. Гэсэн хэдий ч цагдаагийн байгууллага энэ тоог бууруулах, нэг ч гэсэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахын төлөө хяналт шалгалтаа 24 цагийн турш гүйцэтгэж байна.

Зам тээврийн ослоос шалтгаалаад нийслэлд 262, орон нутагт 86 улсын хэмжээнд 351 хүн хүнд хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байна.

-Цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг зогсоогоод байгаа. энэ хугацаанд бага насны хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдолд бүртгэгдсэн үү?

-Оны эхний хоёр сарын байдлаар нийслэлд 27 хүүхэд зам тээврийн ослоос шалтгаалаад гэмтсэн. Хөл хорио тогтоож Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор бага насны хүүхэд зам тээврийн осл хэрэгт холбогдож байгаа тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан үзүүлэлттэй байгаа.

Дээрх хугацаанд 3300 жолоочийн эрхийг хассан. Улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 678 жолоочийг баривчилсан. Жолоодох эрхээ хасуулсан, жолоодох эрхийн үнэмлэхгүй, огтын жолооч биш хүмүүс жолооны ард суусан, давтан үйлдэлтэй хүмүүст баривчлах шийтгэл оногдуулдаг.

-Эмэгтэй жолооч нар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох, дээрх хэргийг давтан үйлдэж баривчилгаанд явах тохиолдол байгаа тухай мэдээлэл байсан. энэ талаар тодруулахгүй юу?

-Оны эхний хоёр сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3722 зөрчлийг цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналтаар илрүүлсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт гарсан. Гэхдээ согтуугаар тэээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргах зөрчил нэмэгдэх хандлагатай байна.

Зөвхөн 2019 онд гэхэд 2400 эмэгтэй жолооч баривчилгаанд явсан. Өөрөөр хэлбэл давтан үйлдэлтэй, эрхээ хасуулсан үедээ жолооны ард суусан гэсэн үг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэдэг маань санаатай үйлдэл. Учирч болох эрсдэлийг мэдсээр байж согтуугаар жолооны ард сууна гэдэг хувь хүний ухамсар, төлөвшилтэй холбоотой асуудал. Дээрх зөрчил гаргасан жолооч нарын золиос болж дүрмээрээ хөдөлгөөнд оролцож байгаа хүмүүс зам тээврийн ослын хохирогч болсон жишээ олон байна.

-Өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжээд буй үед согтуугаар жолоо барих зөрчил өсөх хандлагатай байгаа талаар та яриандаа дурдлаа. Үүний шалтгаан нөхцөлийг та хэрхэн харж байна вэ?

-Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор тандагч багаж ашиглан үлээлгэхгүй байгаа гэх ойлголт жолооч нарын дунд яваад байна.

Цагдаагийн хяналт шалгалт байхгүй замуудад жолооч замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчих буюу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, хурд хэтрүүлэх зөрчил гаргаж байна. Цагдаагийн байгууллага зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, тухайн зорчих хэсэгт хяналт тавих зорилгоор хөдөлгөөнт байдлаар хяналт шалгалтаа зохион байгуулж байна. Хаана, ч хэзээ ч цагдаагийн хяналт байж болно гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй.

Гудамж замын хяналтаар зогсооход хөл дээрээ тогтож чадахгүй, хаанаас хаашаа явж байгаагаа мэдэхгүй, өөрийгөө хянах чадваргүй болчихоод жолооны ард суугаад замын хөдөлгөөнд оролцсон тохиолдол бүртгэгдсэн. Хажуудаа жаахан хүүхдээ суулгачихсан явж байгаа юм. Гэр бүлээ ямар эрсдэлд оруулж байгаагаа тухай жолооч ухамсарлахгүй байгаа нь харамсалтай.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох битгий хэл явганаар хөдөлгөөнд оролцох нь эрсдэлтэй үйлдэл шүү дээ.

-Үүсээд буй нөхцөл замын хяналт шалгалтыг ямар арга хэлбэрээр зохион байгуулж байна вэ?

-Бид Германд үйлдвэрлэсэн согтуурлын зэрэг тогтоох багажаар жолооч нарыг шалгаж байгаа. Тухайн багаж нэг удаагийн урт, богино хоёр төрлийн хошуутай. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон Эрүүл мэндийн яамнаас зөвшөөрсөн хошуу байгаа. Нэг жолоочид нэг л хошуу хэрэглэнэ. Тухайн хошуу лацтай, ариун цэврийн шаардлага хангасан байдаг. Үлээсэн хошууг нэгдсэн журмаар устгалд оруулж байгаа.

Хяналт шалгалтаа эрчимжүүлээд байна. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журамд заасны дагуу тусгай арга тактикаар хяналт шалгалт зохион байгуулаад явна. Сүүлийн үед гарч байгаа зам тээврийн ослууд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсонтой холбоотой байна.

Цагдаагийн байгууллага нийслэлийг торлосон хэлбэрээр буюу Нарны зам, Энхтайвны өргөн чөлөө, Залуучууд, жуулчны гудамж, Их, бага тойруу гэх газруудад шалгалтын ажиллагаа явуулж байна.

-Олон улсад согтуу жолоочид хариуцлага хэрхэн хүлээлгэдэг вэ. манайд хэрэгжүүлэх боломжтой ямар сайн жишээнүүд байна вэ?

-Гадаад орнуудад согтуугаар жолоо барьсан иргэдэд хариуцлага тооцдог олон жишиг бий. Тээврийн цагдаагийн албанаас төрийн байгууллагын алба хаагчдын согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргавал ажлын газарт мэдэгдэл, албан бичиг хүргүүлдэг болох талаар ярилцаад хэд хэдэн арга хэмжээ зохиогоод явж байна. Тухайн байгууллагын ажилчид дахин ийм зөрчил гаргахгүй байх тал дээр анхааруулж, цагдаагийн байгууллагаас замын хөдөлгөөний дүрэм Зөрчлийн тухай хуулийн сургалт авч алба хаагчдад мэдээлэл түгээх шаардлагатай байна гэх мэдэгдэл хүргүүлдэг болохоор ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Д.Нямхүү: Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү оролцож мэдээлэл өглөө.

Тэрбээр “Токио Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 62 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр сэжигтэй тохиолдолд коронавирус илрээгүй.

Амар зачин буудалд тусгаарлаад байсан 169, Цэргийн төв эмнэлэгт байсан 74, Зүчи зочид буудалд байсан 4 иргэний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.

Мөн тандалтын шугамаар авсан 26 хүнийн шинжилгээнд коронавирус илрээгүй байна.

Дөрөвдүгээр сарын 4-нд нийт 337 хүнийг шинжилгээнд хамруулсан бөгөөд бүх шинжилгээний хариу сөрөг гарсан” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: “Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас барсан байна

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 209 орон коронавирусийн халдвар тархаж 67 мянга гаруй хүн нас барсан байна.

Манай улсад лабораторийн шинжилгээгээр батлагдсан 14 тохиолдол бүртгэгдсэний хоёр нь эдгэсэн, 12 иргэний эмчилгээ үргэлжилж байна. Ажиглалтад 2,334 хүн байгаагийн дотор архаг хууч өвчтэй 33 иргэн байгаа.

Дэлхий дахинд бүртгэгдээд буй сая гаруй тохиолдлын 40 хувь нь хаанаас халдвар авсныг тогтоож чадаагүй байна. Тиймээс гарын ариун цэврийг үргэлжлүүлэн сахих хэрэгтэй байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зөвлөж байна” гэлээ.

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Испани улсад шинэ халдварын тоо 7.200-р нэмэгдсэн байна. Дөрөвдүгээр сарын 11-нд дуусах ёстой байсан онц байдлыг үргэлжлүүлэн сунгах болсон. Халдварын тохиолдол буурахгүй байгаа Итали улсын Ламбарди мужид иргэд гэрээсээ гарахдаа заавал амны хаалт зүүх эсвэл ам, хамраа битүүлсэн ороолт алчуур зүүхийг үүрэгжүүлсэн байна.

Япон улсад шинээр 118 хүний халдвар бүртгэгдсэн бөгөөд иргэд хаанаас халдвар авсан нь тодорхойгүй байгаа нь санаа зовоож байгааг мэдээлсэн. БНХАУ-д шинж тэмдэгдэггүй нийт 1,024 тохиолдлыг бүртгэсний 47 нь сүүлийн хугацаанд бүртгэж эмнэлгийн хяналтад авсан байна” хэмээв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОУВС-ийн зүүн өмнөд Азийн бүс нутгийн гишүүн орнуудын цахим уулзалт болов

Дэлхийн банк, Олон улсын валютын сан хамтран КОВИД-19 цар тахлын үеэр эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авч хэрэгжүүлж буй улс орнуудын арга хэмжээний талаар мэдээлэл солилцох зорилгоор Зүүн өмнөд азийн бүс нутгийн орнуудтай цахим уулзалтыг 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр зохион байгууллаа.

Тус уулзалтад Сангийн сайд тэргүүтэй Сангийн яамны удирдлагууд оролцож, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, коронавирусын эсрэг авч хэрэгжүүлж буй багц арга хэмжээний талаар мэдээлэл хийж, санал солилцлоо.

Цахим уулзалтад Япон, БНСУ, БНХАУ, Тайланд, Сингапур, Индонези зэрэг бүс нутгийн 15 гишүүн улсын Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар оролцсоноос гадна Азийн хөгжлийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Азийн дэд бүтцийн хөгжлийн банк оролцож үүссэн нөхцөл байдлын үеэр улс орнуудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцов.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Солонго: Өндөр хүүтэй зээлтэй иргэд орлогогүй болсноор хамаг юмаа банкинд алдаад дуусах нь

Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонготой ярилцлаа.


-Монголд зээлтэй хэчнээн иргэн байна вэ. Зээлдэгч нарт ямар хүндрэлүүд тулгараад байна вэ?

-Монголын ард түмэн үнэхээр бухимдаж байна. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэж үг бий. Гэтэл энэ хүнд цаг үед арилжааны банкууд, зээлийн үйлчилгээ үзүүлэгч бүхий л санхүүгийн байгууллагууд зээлсэн мөнгөө бушуухан олж аваад, зээлдэгч нараа “цаанаа учраа ол” гээд түлхэхийг урьтал болгож байна. Ялангуяа, зайлшгүй шалтгааны улмаас зээл авсан жирийн иргэдийг мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан буланд шахаж байна. Монголбанкнаас авсан хоёр долоо хоногийн өмнөх мэдээллээр манай улсад 1 987 840 зээл байна. Үүний 44 300 нь хуулийн этгээд буюу аж ахуйн нэгж байгаа юм. Үлдсэн 1 сая 940 мянга гаруй нь төрийн албан хаагч, жирийн иргэд, өрхийн үйлдвэрлэгчид, худалдаа эрхлэгчид зэргээр хувь нэр дээр зээл авсан хүмүүс байна. Аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн зохих дэмжлэгүүдийг төрөөс үзүүлж байгаа. Дэмжих нь зүйтэй. Тэгвэл цаана нь байгаа нэг сая 940 гаруй мянган хүний байдал тун хүнд боллоо.

Надад маш олон хүн хандаж байгаа. Би тэдгээрээс ирсэн зарим зурвас (мессэж)-аас уншиж өгье. Иргэн А ингэж хандсан байна. “Манайх бизнесийн зээл авсан юм. Зээлээ цаг тухайд нь төлж ирсэн. Гэвч өвчин тахалтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрсний улмаас гуравдугаар сарын зээлээ төлж чадахгүйд хүрч банкинд хүсэлт гаргасан. Хаан банк эхний удаад ямар ч арга хэмжээ авах боломжгүй гэж хариу өгсөн. Дараагийн удаа арай нааштай хариу өглөө. Ингэхдээ энэ сарын зээлийг хуримтлагдсан хүүгийн хамт төлөөд гэрээгээ шинэчил гэсэн байна” гэжээ. Орлого орохгүй, зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн гэж байхад заавал өмнөх хуримтлагдсан төлбөрийг барагдуулж байж гэрээгээ шинэчил гэж дарамт үзүүлж болохгүй.

Зөвхөн арилжааны банк ч биш, банк бус санхүүгийн байгууллага, ломбард гэх зэргээр зээл олгож байгаа бүхий л байгууллагад очихоор манайд албан ёсоор бичиг ирээгүй гэж буцааж байна. Албан ёсны бичиг хүлээгээд ард түмний халаасанд байгаа үлдсэн жаахан мөнгийг сороод авчихлаа. Засгийн газраас зээл хойшлуулах мэдэгдэл хийсэн ч албан ёсны бичиг баримт нь ирээгүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн сараас иргэдийн дансанд байсан хамаг мөнгийг татаад авчихсан. Одоо юун зээл төлөх, яаж амьдрах вэ гэдэг асуудал тулгараад байна.

Надад ирсэн мэдээллүүдийг харахад зээлээ төлөөгүй шалтгаанаар банк бус санхүүгийн байгууллагууд барьцаанд тавьсан машиныг нь хурааж авсан 20 давсан тохиолдол байна. Орон байрнаасаа салж байгаа хэчнээн хүн бийг ч тааварлах арга алга. Хүмүүс амьдрал ахуйгаа өөд татаж, үр хүүхдээ тэжээхийн тулд машин тэрэг, орон байр зэрэг байгаа хөрөнгөө барьцаанд тавьж зээл авдаг. Өндөр хүүтэй зээлээ арай ядаж төлж байтал гамшигт өвчнөөс болж орлогогүй болсноор хамаг юмаа банкинд алдаад дуусах нь ээ.

-Төрөөс зээлийн үндсэн төлбөр болон хүүг хойшлуулах шийдвэр гаргасан ч арилжааны банкууд үүнийг өөрт ашигтай байдлаар тайлбарлах оролдлого байх шиг. Энэ талаар танд ямар жишээ байна вэ?

-Байлгүй яахав, байна. Бараг хоёр сая дөхсөн хүн зээлтэй байгааг дээр хэлсэн. Энэ хүмүүс дунд эрсдэлээ урьдчилан харж, юмны наад цаадахыг тооцож байгаа нь аримлжааны банкуудад хүсэлтээ өгч байна. Харин мэдлэг, мэдээлэл нимгэнтэй хүмүүс нь хаана хандах, хүсэлтээ хэрхэн өгөхөө мэдэхгүй сууж байна. Банкуудад очиход “Манайд зээл хойшлуулах албан бичиг ирээгүй” гэсэн үгээр нэлээн хүнийг буцаасан. Дараагийн удаа очихоор “Та зөвхөн хүүгээ төлөөд явчих” гэж байх шиг. Зөвхөн хүүгээ төлж явах юм бол үндсэн төлбөр нь хасагдахгүй, хүүгийн зардал урсаад илүү шулалт явагдаж байгаа юм биш үү. Үндсэн төлбөр, хүүг аль алиныг нь хойшлуулан гэсэн биз дээ. Мөн зарим нь зээлийн хүү, төлбөрийг чинь гурван сараар хойшлуулъя гэж байна. Өө баярлалаа гэхээр урдаас “Та гурван сарын дараа зээлээ төлөөд эхлэх үедээ өмнө нь хойшлуулсан зээлийн хүү, үндсэн төлбөрөө дараагийн гурван сард нь хувааж нөхөж төлөөрэй” гэж байгаа юм. Ийм хачин дарамттай. Хүний хамаг юмыг шавхаж байж л санаа нь амрах гээд байна. Төрөөс гаргасан шийдвэрийг өөртөө ашигтай байдлаар хувиргах гээд ядаад байх юм. Тэгээд ч гурван сарын дараа энэ хүмүүс зээлээ шууд төлөөд явах боломж хомс. Гэнэт өргөс авсан юм шиг санхүүгийн чадамжтай болчихоно гэж байхгүй.

-Ер нь манайд бизнесээ санхүүжүүлэх санхүүгийн эх үүсвэрээс банкнаас өөр байхгүй учир иргэд арга буюу арилжааны банкинд ханддаг. Энэ байдлаас болоод хэт хатуу нөхцөлөөр зээл олгодог гэж шүүмжилж байсан?

-Ер нь мөнгө санхүүгийн бизнес хийж байгаа хүмүүс маш хатуу гэрээ хийж, хүмүүсийн гарцаагүй байдлыг далимдуулан буланд шахаж ирсэн. Тухайлбал, ямар ч гэрээнд давагдашгүй хүчин зүйлийг тусгадаг. Гэтэл арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн гэрээнд давагдашгүй хүчин зүйлсийн талаар ямар заалт байхгүй. Хэрэв ийм заалт байсан бол энэ хүнд үед төрийн гар оролцуулалгүй хоёр талаас гэрээнийхээ дагуу эрх тэгш байдал үүсгээд зохицоод явж байгаа. Харамсалтай нь, хадгаламж эзэмшигч цөөн хүнээ л дээдлээд зээлдэгч нараа тоодоггүй. Зээл авсан хүнд коронавирусээс үүдэлтэй хүндрэл гэлтгүй өөр ямар ч бэрхшээл тохиолдож болно. Бие муудах, осол гэмтэлд өртөх зэргээр зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байх нөхцөл үүсч болзошгүй. Энэ тохиолдолд эрсдэлийг хуваалцах үүрэг, хүн чанарын хэлтэрхий банкуудад байх ёстой. Гэвч тэд үхсэн ч зээлээ төлнө шүү, авбал ав гэж байна.

-Манайд зээлийн хүү хэт өндөр учир үүнийг давж ашиг олно гэдэг хүндрэлтэй байдаг. Ингээд бага зэргийн хүндрэл тохиолдоход зээлтэй хүмүүс нам цохиулж байна. Хоёр жилийн өмнөх судалгаагаар нэг өрх сарын орлогынхоо 90 хүртэл хувийг зээлэнд өгч байна гэсэн дүнг харж байсан ?

-Ерөөсөө л тийм. Монголчууд дээсэн дөрөөн дээр амьдарч байна. Зээл авч бизнес эрхлээд алдаа гаргах л юм бол хадны ирмэгээс унаж байгаа. Өндөр хүүг дагасан эрсдэлийг даван гарч ажил орлоготой болохын төлөө олон жил хичээсээр ирлээ. Төр засгаас санхүүгийн байгууллагуудыг угжсаар байгаад ард иргэд нь ийм байдалд орчихлоо. Зээлээ төлөхийн тулд сүүлийн 2-3 жил шинэ хувцас, гутал авч өмсөөгүй олон мянган иргэн бий. Бүх юмаа зээлэнд өгч байна. Манайд сарын зээлийн хүү дунджаар хоёр хувьтай байна. Жилийн 24 хүртэл хувь болдог. Монгол бол хамгийн өндөр хүүтэй цөөн орны нэг.

Миний сонссоноор 80 орчим улсад зээлийн дээд хязгаарыг тогтоосон хууль байна. Тэтгэврийн зээл, жижиг дунд үйлдвэрлэлийн зээл, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд өгөх зээлийн дээд хязгаар тэд гэх зэргээр чиглэл чиглэлээр нь тодорхойлж өгдөг. Ингэж үйлдвэрлэл, иргэнээ дэмждэг. Гэтэл манайд ийм зүйл ярихаар эрх мэдэлтнүүд лоббинд орчихсон, хадгаламжийн хүүнээс шалтгаалж байна гээд суучихдаг. Тэгвэл хадгаламжийн хүүг бууруулах ёстой. Нийт хадгаламж эзэмшигчийн тав хүрэхгүй хувь нь 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай. Эндээс хадгаламжийн цаана өндөр хүүгээр орлого хийгээд сууж байдаг цөөн бүлэг байгаа нь харагдана. Тэгвэл энэ мөнгийг бизнес рүү оруулах хэрэгтэй. Өөрөө бизнес хийж чадахгүй юм бол хөрөнгийн зах зээл рүү мөнгөө оруулж, компаниудын хувьцааг худалдаж ав. Мөнгө чинь эдийн засгаа дэмжиж эргэлдэнэ. Бизнесээ ч дэмжинэ, орлогоо ч олно.

-Та төр засагт ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Нийт дөрвөн шаардлага тавьж байна. Юуны өмнө Монголбанкны бодлогын хүүг огцом бууруулах шаардлагатай. Яагаад гэвэл одоо манайх ам.доллар гадагш алдахгүй. Бүх улс орны бизнес хумигдлаа. Долларын эрэлт буурлаа. Тиймээс өмнөх шиг ам.долларын ханш өснө гэж санаа зовох асуудал бага болсон тул бодлогын хүүгээ огцом бууруулж, эдийн засгаа дэмжмээр байна. Хоёрдугаарт, бүх төрлийн зээл олгогч байгууллагын зээл, хүү төлөлтийг 6-12 сараар царцаах шаардлагатай. Мөн төрөөс төгрөгийн зузаатгал хийх шаардлагатай. Түүнчлэн, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуулийн заалтыг үндэслэл болгон иргэн бүрт мөнгөн дэмжлэг олгохыг шаардаж байна. Шаардлагын хариуг ирэх сарын 9 хүртэл өгөхгүй бол 24 цагаар өлсгөлөн зарлах болно.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Монгол төрийн алтан хэлхээ буюу Баасанжавын Тогтохбаяр

БААСАНЖАВЫН ТОГТОХБАЯРЫН МЭНДЭЛСНИЙ 80 НАСНЫ ОЙД


МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцов. 1990.03.20

Нэг хүний үйл хэрэг нэгэн цагийн түүхийг бүтээж улс орны алтан хувь заяатай холбогдох нь бий. Энэхүү гэрэлт тэнгэрийн дор хүмүүн заяаг олно гэдэг чухамхүү бурхны бэлэг юмсан. Гэвчиг солонго шиг татаад арилсан богинохон амьдралдаа өөрийн үзэл бодол үйл хэрэгт үнэнч байж, эцсийн мөч хүртэл эх орныхоо төлөө лугших зүрхтэй байна гэдэг бахадмаар үйлс. Тийм л гуниг харуусал дүүрэн хэрнээ эргэн санахад, элгэн халуун Монголоосоо урваагүй чигч шударгаар зоримогхон дүүлээд цэл залуухан насандаа эрсэдсэн Банзаржавын Баасанжавын гунигт хувь тавилангийн шарласан хуудсыг сөхөж суунам. Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга эл эрхэм гучаад оны их хэлмэгдүүлэлтийн аюулт хар шуурганы төгсгөлд айхавтар хүчтэй балбуулж 34-хөн насандаа амиа алдсан чин зоригт баатарлаг нэгэн юм. Тэрээр 1940 оны эхээр хуралдах ёстой намын аравдугаар их хурлын илтгэлийг нойр хоолоо умартан сууж бэлтгэн, тэгэхдээ маршал Чойбалсантай хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдөж, өөрийн байр сууринд хатуу бат зогсож байсан аж. “Цай, даалимба, гурил гээд ядуу ардуудын хэрэгцээт барааны үнэ нэмэхийг би яасан ч зөвшөөрөхгүй” гэж маршалын өөдөөс эрсхэн хэлж байж. Мөн гучин есөн онд болсон Төв хорооны хурал дээр намын дотоод зохион байгуулалтын тухай ширүүн үг хэлсэн зэрэг нь хэлмэгдлийн хар гогцоонд ороогдох баттай суурь нь болжээ. Ер нь Чойбалсан, до яамны Жамбалдорж нарын бузар үйлдлийг гарцаагүй гадарлаж, үзэл бодлын хувьд хууль бус зүйлтэй нь эвлэрч чадахгүй ганц хүн нь Баасанжав байсан юм билээ. Ингээд түүнийг 1940 оны хоёрдугаар сарын 22-ны шөнө гэрээс нь баривчлан хилс хэрэгт тулгаж до яамны Жамбалдорж гардан яргалж, түүний харгис балмад эрүү шүүлтэд ямар ч таслан шийдвэрлэх тогтоолгүй бүтэн долоон сарын туршид тамлуулсны эцэст дөчин оны аравдугаар сарын эхээр нас барсан байна.

Баасанжавыг хилс хэрэгт тулгагдан баривчлагдахад голомтыг нь залгах хүү Тогтохбаяр нь дөнгөж нэгхэн сартай эхийнхээ мээмэнд наалдаастай улаан цурав амьтан хоцорчээ. Хүмүүний хорвоод өөрийн бие үгүй боловч үйл хэргийг нь, он жилүүдийг нь үргэлжлүүлэх үртэй байна гэдэг бахархал. Үртэй хүн амиа алдсан ч амьдралаа тасалдаггүй. Алдарт Хэмингуэйн хэлснээр “Намайг алж болно, намайг ялж дийлэхгүй” гэдэг жинхэнэ утгаараа энэ ажгуу. Эгэл ардынхаа хоол хош мөр бүтэн, гэдэс цатгалан байхыг өөрийн алтан амиар сольсон түүний төрийн хэргийг хүү нь нэр төртэй үргэлжлүүлж, ачит эцгийнхээ ариун үйлсийг мөнхжүүлсэн юм. Баасанжавын Тогтохбаяр Улсын ургацын комисс, Тээврийн яам хоёрыг холбох гүүр нь болж хөдөлмөрийн баатар Жамъян генералын тодотгосноор “Засгийн газрын атар газар эзэмших шуурхай ажлын штаб болон улсын ургацын комиссын шилдэг боловсон хүчин”-ээр тодорч төр түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн байх юм. Хайрт эцгийнхээ гэгээн зам мөрийг ингэж дархлан тамгалахаас өөрөөр яахсан ч билээ.

НЭГ

Банзаржавын Баасанжав 1906 онд Ховдын хязгаарын Мянгад хошуу одоогийн Ховд аймгийн Мянгад сумын нутаг Үүргэсний бууц гэдэг газар эхээс мэндэлжээ. Чандмань уулын аймгийн бага сургууль, Улаангомын бага сургууль, Мянгад хошууны бага сургуулиудад багшилж алс баруун хязгаарт эрдэм соёлын үр түгээж байгаад хорин гурван онд Мянгад дайчин гүний хошуунд МХЗЭ-ийн үүрийг санаачлан 80 дугаар үүрийн анхны нарийн бичгийн даргаар сонгогдсон байдаг. Ингэж 17 настайгаасаа төр олон нийтийн ажилд орж эхэлсэн юм. Гучин онд 24 насандаа МАХН-ын гишүүн болж Монгол эх орныхоо ирээдүй хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх их үйлс нь эхэлжээ. Түүнийг Ховд аймгийн 8 дугаар хурлаас аймгийн намын хорооны дарга(1934 он)-аар сонгогдоход бүх цэргийн жанжин Дэмид тус хуралд өөрийн биеэр оролцож хил хязгаарын байдал цаг үеийн асуудлаар зөвлөгөө өгчээ. Гучаад оны эхэн үед эх орны баруун хязгаар жинхэнэ цаг төрийн үймээн дунд айдас түгшүүрийн дохион дор байсан. Торгуудын хошууны зарим эрх баригч феодал, эсэргүү лам нар Хятадын шинжааны цэргийн удирдагчидтай нууцаар нийлж, тэднээс зэр зэвсэг авч гол учир нь Ховдын Булган сумын нутгийг шинжааны мэдэлд өгөх хорт явуулга байв. Үгсэн хуйвалдаанд Урианхайн бэйсийн хошуу, Алтайн захчин хошууны зарим да лам, нударган түшмэдүүд оролцож байдлыг улам хурцатган дэвэргэж байсан үе.

Мөн хязгаар нутгийн иргэд хил давах, оргож нүүдэллэх хөдөлгөөн хүчээ авч торгууд, захчин, урианхай зэрэг зургаан хошуунаас хоёр мянга гаруй өрх есөн мянга орчим хүн хил даван нүүдэллэхээр бэлтгэж нэлээд хэсэг нь нүүж амжсан байна. Нам засгийн бодлого шийдвэр, ухуулга таниулгын үр дүнд гучин нэгэн оны сүүлч гэхэд 970 гаруй өрх айл Шинжааны нутгаас буцаж ирсэн нь намын залуухан дарга Баасанжавын гавьяа юм. Үүний зэрэгцээ хасгийн дээрэмчдийн халдлага түрэмгийллээс хамгаалах, зүүний нугалаа завхрал түүний хор уршгийг арилгах, Улаангом Төгсбуянтын хүрээний лам нарын эсэргүү бослогыг дарах гээд олон хэцүү даваатай улаан нүүрээрээ тулсан байна. Харин гучин дөрвөн онд Ховдын хязгаарт байсан зэвсэгт дээрэмчдийн үүр уурхайг бут цохиж гарамгай гавьяа байгуулсан Цэргийн яамны сайд бүх цэргийн жанжин Дэмид, хожим улсын баатар болсон нисгэгч Шагдарсүрэн, намын хорооны залуу дарга Баасанжав, аймгийн орлогч дарга Нушаа нарын 15 хүнийг Цэргийн гавьяаны I зэргийн одонгоор шагнасан түүх бий. Тэр ингэж л эх орныхоо баруун хязгаарын бүрэн бүтэн байдлын төлөө тэмцсэн юм. Ёстой л амь хайрлалгүй тэмцсэн байдаг. Баруун хилийн тулгаралт гэхээр бид баатар Тэгшээ, Гиваан, Даваадорж нарын бахдам гавьяаг ярьдаг. Эдгээр эрэлхэг хөвгүүдийн гавьяатай эн зэрэгцэхүйц эх орныхоо тусгаар тогтнолд үнэлж баршгүй гавьяа байгуулсан цогтой эх орончдыг хамт дурсах учиртай. Тэдний нэгэн яах аргагүй Банзаржавын Баасанжав мөн билээ.

Хилсээр хэлмэгдэхдээ Намын төв хорооны нарийн бичгийн дарга, Монголын үйлдвэрчний эвлэлийн төв зөвлөлийн даргын албыг зэрэг хашиж байсан Монгол төрийн тулгуур баганын нэгэн. Гучин есөн оны арваннэгдүгээр сард маршал Чойбалсан тэр үед Сангийн яамны сайдаар дөнгөж томилогдоод байсан Цэдэнбалыг дагуулан Москва явахдаа Берия, Ворошилов нартай ганцаарчлан уулзаж Амар, Гэндэн, Дэмидийн хамсаатан бол Баасанжав гэж өчсөн байдаг. Түүнийг цааш харуулах тохироо гучин есөн оны төгсгөлд Москвад шийдэгджээ. “МАХН-ын Х хурал дуусах ойртож байсан өдөр Чойбалсан намайг Дотоод яамны конторт ир гэлээ. Яваад очсон чинь Жамбалдорж, маршалын нарийн бичиг Самбууням нар байна. Намайг оронгуут маршал цаадахаа оруул гэв. Шар чисчүү дээл толгой дээгүүр нь нөмөргөсөн хүнийг хоёр харгалзагч оруулж ирэхэд тэр хүн шалан дээр унаж нөгөө хоёр нь босгон сандал дээр суулгав. Маршал дээлийг нь буулга гэв. Гэтэл нүүр нь хөх няц болсон Баасанжав гуай байв. Ер нь Баасанжав гуайг таних төдий л байлаа. Тэрээр маршалыг үзэнгүүт “Маршал минь ямар ч гэмгүй намайг энэ нөхөр Жамбалдорж зодсоор ийм болгов. Амийг минь өршөөж өг” гэж гуйлаа. Гэтэл маршал “Чи муу эсэргүү, гучин долоон оны наадмын комиссын дарга байхдаа наадамчин олныг нам засгийн эсрэг болгох гэж байснаа мэдэж байна уу. Чи Японы тагнуул туршуул байснаа яах гэж байна гээд тулган асууж байсан” гэж Дашийн Дамба даргын ярианд байдаг.

Аав Банзаржав ууган хүүгээ 1936 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар дэвшин явахад “За хүү минь, хүний газар гүний нутагт олон түмнийхээ дунд “хун шиг цагаан биш, хэрээ шиг хар биш, шаазгай шиг алаг яваарай” гэж захижээ. Мөн айхтар үг шүү. Харин хилс хэрэгт баривчлагдсаныг сонсоод “Бурхан болгоод залаад явсан юмсан, буг болгоод бариад явж л дээ” гэж харууссан байна. Товсон овогт Банзаржав гэж Мянгад гүний хошууны ажилч хичээнгүй, шулуун шударга ил цагаан үгтэй, гүйлгээ хар ухаантай, ус нутагтаа нэр хүндтэй, олон түмэндээ өмөг түшиг болсон ёстой л нөгөө өндөр Хөхийн оргил шигээ сайхан хүн байж шүү. Ямархан ухаан төгс хүн байсан нь ууган хүүгийнхээ гэргий Аюушжавыг гурван хүүхдээ дагуулаад нутагтаа ирэхэд хүндэтгэл дүүрэн угтан аваад, баригдаад явсан нялх үрээ эргэж ирэхгүй гэдгийг нэгэнт ухаарч амьдралын хатуу үнэнтэй нүүр тулан бэрдээ дөрвөн ханатай гэр барьж, хэд гурван мал тоо ёсоор зүсэлж өгөөд “Өнөөдрөөс эхлэн энэ айлыг Толягийнх гэж нэрлэж явъя” хэмээн эрс шулуун хэлсэн гэдэг. Толя гэж хайрт эцгээсээ ганцхан сартай хоцорсон Тогтохбаяр хүүг хэлж байна. Үүнийг Өлзийбат зүрх шимширтэл өгүүлсэн сэн. Тэрээр буурал ах(Тогтохбаяр)-тайгаа эмээлийн хоёр бүүрэг шиг өссөн дөө гэж нулимсаа сувдруулж хэлдэг. Өлзийбат бээр “Өдрийн сонинд цувралаар гарч байгаа Баабарын “Монгол ДЕЛО”-г ах нь харж байгаа. Баасанжав ахын тухай гарна байх” гэсэн. Үнэхээр цувралын гуравдугаарт “Намын X их хурлын өмнө цэвэрлэгээ явагдав. Баасанжавыг баривчлан алахыг Зөвлөлтийн дотоод хэргийн сайд Берия өөрийн амаар Чойбалсанд даалгасан байдаг. Монголд нам талаасаа үлдсэн ганц том дарга нь тэр байсан юм. Баасанжав болон түүний бүлэг гэгдэх хүмүүсийг баривчлан тамлан зовоосны эцэст тэрээр цус алдан үхжээ. Биечлэн хороосон хүн нь Дотоод яамны сайд Жамбалдорж” гэж “ДЕЛО” буюу улс төрийн зохиомол хэргийн жагсаалтдаа Баабар тод томруун дурдсан байна.

ХОЁР

Баасанжавын Тогтохбаяр Мянгад сумын бага сургууль, Ховд хотын хоёрдугаар сургууль, Ховдын ХАА-н техникумыг тус тус төгсөөд, МУИС-ийн авто тээврийн инженер эдийн засгийн ангийг дүүргэсэн. Торгуудын өлгий нутаг Минжит Булганы мал аж ахуйн машинт станцаас ажлын гараагаа эхэлж нийслэлийн чихэр боовны үйлдвэрт засварчин, Авто тээврийн газар, Тээврийн яаманд мэргэжилтэн, Ачаа тээврийн удирдах газарт орлогч дарга, дарга Улаанбаатар хотын тусгай үйлчилгээний автокомбинатын дарга гээд хөдөөх суурингийн станцын механикчаас их хотынхоо тусгай үйлчилгээний автокомбинатын дарга болтлоо дэвшин ажилласан. Очсон газар бүртээ өөрийн нэр мөрийг тамгалж ямархан зүтгэлтэй ажилласныг он жилүүд нь гэрчлээд өгнө. Ингээд ерэн дөрвөн оноос Автотээврийн газартай амьдралаа холбосон бол дараа нь “Шуудан тээвэр” хоршооны даргаар ажилллаж байгаад аавынхаа төрсөн газрын нэрээр “Үүргэсний бэл” нэртэй компани байгуулж, “Морь барьдаг” нөхөрлөлийн зөвлөхөөр ажиллан амьдралын сүүлчийн мөчийг хүртэл ачаа тээврийн алтан харгуйд ариун мөрөө үлдээсэн юм. Ямар сайндаа л үсээ бууралттал ухаант амьдралаа зориулсан авто тээврийнх нь салбарын үе үеийн нөхөд түүнийг “Ачаа тээврийн алтан мөртөн” гэж хүндэтгэн дээдэлдэг байхав. Жамъян генералаас аваад Тогтохбаяр гуайг үнэлсэн олон чиг тодорхойлолт, халуун зүрхний үг бий. Буурал генерал Жамъян гуай Тогтохбаярын аав Баасанжавтай анд нөхдийн барилдлагатай явсан хүн. Гэтэл хүүтэй нь Улсын ургацын комисст гучин жил (1957-1987) хамт зүтгэж ард түмнээ идэх хоолтой залгуулсан байх юм. Аливаа юмны хувь ерөөл гэдэг ийм сайхан. Монгол орон төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн бодлогод шилжихэд хот хөдөөд авто баазуудын хүчин чадлыг сайжруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Хот хоорондын тээвэр зохицуулах төв диспетчерийн удирдлага бий болгож, аймгуудад Тээврийг удирдах газар байгуулахад түүчээлэн оролцсон хүн нь Б.Тогтохбаяр.

Тэртээ жаран есөн онд Тэжээл тээврийн XXV бааз байгуулагдсан цагаас Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойр хотуудад тэжээл тээвэрлэх, Дорноговийн Хар Айраг, Хэнтийн Бэрх, Сэлэнгийн Зүүнхараад жонш тээвэрлэх авто баазуудыг тэр гардан байгуулсан. Зөвхөн баруун дөрвөн аймгаас экспортын мах ачихаар ЗХУ-аас 135 чиргүүлтэй “ЗИЛ-130” машин авч Увсын цэнхэр хязгаарт 38 дугаар баазыг байгуулж байсан, мөн Монгол Улсын хэмжээнд жилдээ 500-800 мянган тонн ургац хураан авч байсан зэрэг нь Улсын ургацын комиссын ачаа тээврийг хангах үүрэгтэй Тогтохбаяр даргыг үнэндээ нойр хоолгүй зүтгүүлэхэд хүргэсэн гэдэг. “Авто тээврийн байгууллагын үүсэл хөгжил, мандал бадрал Тогтохбаяр даргатай салшгүй холбоотой. Даан ч “Гавьяат тээвэрчин” цолыг нь хүртээж чадалгүй бурхны оронд явуулчихсан. Гэхдээ үе үеийн тээвэрчдийн зүрхэнд гавьяатаараа мөнхөрсөн” гэж хөдөлмөрийн баатар, гавьяат тээвэрчин Б.Дашцэрэн бахадсан бол “Тээврийн яамны жанжин штабыг яах аргагүй нэр төртэй толгойлсон хүн. Ануухнаараа явчихдаг юм байна, амьд мэндсэн бол юун гавьяат” гэж Тээврийн яамны сайд Батмөнхийн Энэбиш дурссан. “Уул шиг түшигтэй, нөмөр нөөлөгтэй хүн” гэдгийг түүний удирдлагад ажиллаж амьдралын гараагаа эхэлсэн Хүнс хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай бахархан хэлсэн.

Тогтохбаяр даргыг ургацын комисст байхад манай улс гурил, төмс хүнсний ногоогоо дотооддоо бүрэн хангаад зогсохгүй ЗХУ, Вьетнам, ардчилсан Солонгос улс руу экспортолж байсан бахдам түүхтэй. Түүний насны сайхан хань Т.Булгаа гуай “Намрын ургац хураалтын үеэр Төв хороо, Засгийн газар, ургацын комиссоос сайд дарга нар ярьж манай гэрийн утас огтхон ч амардаггүй, манай хүн тавтай амарна ч гэж байхгүй дэгэлзэж хонодог сон” гэж хэлсэн удаатай. Ухаант ханийнх нь энэ үг Тогтохбаяр гуайн он жилүүдийн дүр зургийг эргэн сануулах шиг болдог. Тэрээр жудаг ёсны хувьд дүнжгэр нуруулаг байж хэзээд ч нэг зангаараа явсныг олон чиг нөхдийнх нь дурдатгалаас харж болно. “Олонтой явсан аав минь” гэж дуу байдаг шиг Тогтохбаяр гуай бол аргагүй олны хүрээлэл дунд ноён нуруу нь болж ирсэн байх юм. Хэр баргийн аавын хүүд олдоод байдаг зүйл ч бас биш л дээ. Хичнээн өндөр ажил албатай, боловсрол мэдлэг, дадлага туршлагатай ч олны дунд нэр муутай хүн алийг тэр гэхэв. Гэвчиг өндөр Хөхий шигээ өвөг эцгийн сургаал, ид хийж бүтээх насандаа амиа алдсан ачит эцгийнхээ ариун цагаан мөрийг санаж хүмүүний амьдралын мөн чанарыг нэвт шувт таньсан хүний сэтгэлээр хорвоог туулж дээ гэж молхи би уяран бодож сууна. Их хурлын дарга байсан Лхамсүрэнгийн Энэбиш гуайтай Тогтохбаяр гуай дотно сайхан нөхөд байж. “Манай Энэбиш найз нөхөд олонтой хүн. Гэхдээ хүүг минь бүх ажил албанаасаа чөлөөлөгдөөд хэцүүхэн байх үед тэр олон дотроос Тогтохбаяр шиг үнэнч нөхөр байгаагүй” гэж Энэбиш гуайн ээжийн үг нөхөрлөлд ямар үнэнч явсных нь баталгаа болно. Энэбиш гуайн хүү Мөнх-Очир “Тогтохбаяр ах намуухан яриа хөөрөөтэй, дуу нь өндөр гарахгүй ч оновчтой ойлгомжтой ярьдаг, сайхан ааш зантай хүн. Манайхан гэр бүлийн найзууд байсан. Намар жимсэнд хамт явцгаадаг, надад морь унахыг зааж өгсөн ачтан. Хожим Улаанбаатар хотын ерөнхий менежерийн алба хашиж байхад минь хотын тээвэр, том оврын автобуснуудын талаарх үнэтэй зөвлөгөө өгдөг, миний дотны зөвлөгч байлаа” хэмээн дурсдаг юм.

Тогтохбаяр гуай ачит эцгээ цаг үргэлжид зүрх шимшрэн санадаг байсан нь хэлсэн үг, амьсгалах агаар бүхнээс нь мэдрэгддэг. “Аавыг баригдах үед би төрөөд дөнгөж нэг сар болж байсан, аавынхаа амьд сэрүүн үеийн ажил үйлс, зүс царай, зан чанарыг мэдэхгүй. Гэвч ээж болон том эгч, аавын дүү нарын яриа, дурдатгал, 1966 онд 60 насных нь ойд зориулсан “Үнэн” сонины болон бусад сонин сэтгүүлд гарсан өгүүллүүдээс аавтайгаа танилцсан. Би юмны наад цаад учир мэдэх болсон үедээ ээжээс аавын тухай асуухад “Аав чинь баригдаад явсан ирэх байх. Ер нь ирэх ёстой” гэж хэлдэг байв. Нэлээд хожим ээж минь “Амьдын хагацал яасан хэцүү юм бэ. Аавыг чинь хэзээ нэгэн цагт хүрээд ирнэ гэж хүлээсээр олон жил нойр муутай явж, өндөр газар дайралдах болгонд түүн дээр морьтой явган гарч аавыг чинь харуулддаг байсан” гэж ярьдаг байлаа. Манай ээж аавыг баригдсаны дараа дөрвөөс таван жилд ер нь бүтэн нойртой хонож байгаагүй гэдэг. Тийм ч учраас ээж “Унтана гэдэг жаргал байдаг юм” гээд унтаж байгаа хүнийг сэрээхийг хориглодог байв. 17 жилийн туршид ааваас ямар ч сураг чимээгүй байтал тавин долоон оны хавар “Баасанжав ЗХУ-д Хар далайд цөлөгдсөн байсан. Одоо удахгүй ирнэ” гэсэн яриа гарч ээж бид болон ах дүү нарыг маань их баярлуулав. Бид баярлахын хамт гагцхүү аавын ээжийг амьд сэрүүн байхгүй яав даа гэцгээж байв. Эмээ маань 1957 оны гуравдугаар сард насан өөд болсон юм. Тэгтэл 12 дугаар сард Ховд аймгийн дарга Олдох ээжийг сураглан дуудуулжээ. Олдох дарга нэг бичиг гаргаж уншаад ээжид гардуулсан нь цагаатгах бичиг байв. Ийнхүү миний аавын нэр үүрд сэргэсэн юм” гэх аавыгаа зүрхэн тольтдоо хадгалсан хүүгийнх бичээсийг нулимстай уншиж сууна.

Энэ зуурт Баасанжавын насны хань Аюушжав гэж тэр сайхан журамт эмэгтэй дүр сэтгэлд урган ирж байна. Өлзийбат ахын хоолой зангируулан хэлсэнчлэн ханийгаа баригдсаны дараа нутагтаа очихдоо өөрийн ижий аавдаа очилгүй ханийнхаа ижий аавынд очсон нь ариун журамт монгол эмэгтэйн ямар агуу их ухаан бэ. Энэ хүн гуч гаруйхан насандаа ханиасаа хагацахдаа гурван хүүхдээ хойд эцгийн гар харуулалгүй, өөр хүнтэй ханилалгүй сайхан ханийнхаа үйл заяаг бодож үр хүүхдийг нь хүний дайтай хүн болгох гэж ёстой л нөгөө гадаа гарч эр, гэрт орж эм болж зүтгэсээр 1984 онд 76 настайдаа бурхны оронд оджээ. Тэгэхдээ насан өөд болтлоо ханийгаа хаа нэгтэй газраас гараад ирэх юм шиг 44 жил нүд салгалгүй харуулдсан байна. Орчлон хорвоод амьдын хагацал гэж бий, гэхдээ үүн шиг ариун хайр, журамт ёсыг дээдэлсэн хувь тавиланг мэдэхгүй юм даа. БНМАУ-ын Их хурлын тэргүүлэгчдийн дэргэдэх цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1957 оны додугаар сарын 10-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Банзаржавын Баасанжавын улс төрийн гэмт хэрэгт шийтгэгдсэнийг цагаатгасан байдаг.

ТӨГСГӨЛ

Өнөө жил Авто тээврийн алтан мөртөн Баасанжавын Тогтохбаярын 80 насны ой тохиож байна. Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Баасанжавын хилс хэрэгт аймшигтайгаар гүтгэгдэж халуун залуу амиа өргөснөөс хойш мөн л 80 жилийн хугацаа өнгөрч байна. Ховд аймгийн Мянгад сумын сургуулийн түүхт 90 жилийн ой бас таширлаж буй. Мянгадын сургууль тэртээ ерэн зургаан онд Засгийн газрын шийдвэрээр төр нийгмийн нэрт зүтгэлтэн Банзаржавын Баасанжавын нэрэмжит болсон. Түүний үйл хэргийг мөнхжүүлэх үүднээс сургуулийн өмнөх талбайг бас нэрэмжит болгож хөшөө дурсгалыг нь сүндэрлүүлж ачит эцгийнхээ хөшөөний нээлтэд Тогтохбаяр гуай ах дүү, үр хүүхэд, хань ижил садан төрлийнхөө хамт оролцож алтан туузыг нь хайчилж байсан. “Банзаржавын Баасанжав сан”-гийн тэргүүн Тогтохбаяр агсны охин Мягмарсүрэн өвөөгийнхөө нэрэмжит сургуулийн түүхт ойд Өлзийбат ахынхаа хамт оролцохоор догдолж сууна.

Мянгад далай гүний хошуунд сургууль байгуулагдахад анхны сурагч нь Баасанжав байсан бол Мянгадын бага сургуулийн 1948 оны анхны сурагчдын нэг нь хүү Тогтохбаяр нь байжээ. Аав нь дөчин оны намын X их хурлын илтгэлийг бичсэн бол хүү нь тавин жилийн дараа ерэн оны МАХН-ын Онц их хуралд төлөөлөгчөөр оролцсон гээд хувь заяаны зураг тодорно. Тогтохбаяр гуайн отгон хүү Лхагвасүрэн 2015 онд Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар ажиллаж аавынхаа, өвөөгийнхөө алдар замналыг буухиалан үргэлжлүүлсэн. Монгол төрийн алтан хэлхээ тасардаггүй, өнө мөнхөд оршдогийн баталгаа энэ юм. Хүмүүний орчлон гэдэг ирж буцахын жамтай, энэ алаг тавиланд Баасанжавын Тогтохбаяр шиг сонин хувь заяатан хэд бол доо гэж эрхгүй бодогдном.

Categories
мэдээ нийгэм

“Шарга морьт”-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатжээ

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, “Шарга морьт”-ын аманд түймэр гарч, хэд хэдэн айлын байшин шатжээ. Гал түймэрт хэчнээн айл өртсөнийг одоогоор тогтоогоогүй байгаа бөгөөд галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Аврах, гал унтраах ангийн алба хаагчид ажиллаж байна.

Хаврын хуурайшилтын энэ үед иргэд өнжмөл шар өвс шатаах, хүүхдүүд шүдэнз асааж тоглосон зэрэг санамсар болгоомжгүй байдлаас болж гал алдаж, бусдын эд хөрөнгө, байгаль орчинд хохирол учруулах тохиолдол их байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.