Categories
мэдээ нийгэм

Өмнөговь аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөв

Өмнөговь аймгийн Баяндалай сумын Төхөм багийн “Баян цагаан” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 27 км-т, 2020.04.07-ны өдрийн 17:26 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.

Газар хөдлөлтийг тухай мэдээллийг ООГСХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд 17:40 цагт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус багийн Засаг дарга Э.Мөнх-Ургамалаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын баримтын эхний улирлын бүртгэл өнөөдөр хаагдана

НӨАТ-ын төлбөрийн энэ оны эхний улирлын бүртгэл өнөөдөр дуусч байна.

Тодруулбал, Сангийн яам, татварын байгууллагаас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг энэ оноос эхлэн улирал тутам олгохоор болсон. 2020 оны эхний улирлын буцаан олголтыг энэ 4 дүгээр сард олгохоо мэдэгдээд буй. Тиймээс НӨАТ-ын эхний улирлын төлбөрийн баримтыг бүртгүүлэх сүүлийн өдөр өнөөдөр 4 дүгээр сарын 8-ны оройн 23.59 цагаар тасалбар болж байна.

Баримт бүртгэгдэж дууссаны дараа НӨАТ-ын буцаан олголтын I улирлын тоон мэдээлэл гарах юм. Сангийн яамнаас мэдээлж буйгаар эхний улирлын буцаан олголтод нийт 860 мянган иргэн хамрагдаж, 40 тэрбум төгрөгийг буцаан олгох юм байна. Нэг хүн дунджаар 47 мянган төгрөгийн буцаан олголт авах тооцоо гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү: УИХ-ын сонгуулийг хойшлуулж болохгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ирэх зургадугаар сард болох УИХ-ын ээлжит сонгуулийг хойшлуулах санал гаргасан. Таны байр суурь ямар байгаа вэ?

-Сонгуулиа хойшлуулж болохгүй. Энэ маш буруу. Харин ч урагшлуулах ёстой. Учир нь, явах хүнээр ачаа бүү татуул гэж үг бий. Сонгууль болж, шинэ парламентаас маш их зүйл хүсэн хүлээж байна. Шинэ Засгийн газар, шинэ төсөв төлөвлөгөө, НӨАТ-ыг гурван хувь болгох, зээлийн хүүг царцаах, хойшлуулахыг ард түмэн хүлээж байна. Эдгээрийг энэ Засгийн газар хийхгүй байна. Хойшилбол бүр хийхгүй л гэсэн үг. Ажил хийдэггүй Засгийн газар, УИХ-ыг удаан байлгах нь буруу. Ерөнхийлөгч эдийн засгийн нөхцөл байдлаас болж сонгуулийг хойшлуулахыг уриалж байна гэвэл болохгүй. Монголд өнөөдөр онц байдал зарлаагүй байна.

Ерөнхийлөгч үнэхээр хүнд байгаа гэж үзэж байвал онц байдал зарлах тогтоолоо өргөн барьж болно. Ерөнхийлөгч хууль дүрмийн дагуу ажиллах ёстой. Эдийн засгаа аваръя гэвэл аль болох хулгайч биш хүмүүсийг хурдан гаргаж ирэх хэрэгтэй.

-Засгийн газраас хэрэглээний зээлийн хүүг 90 хоногоор хойшлуулах шийдвэр гаргасан. Гэвч энэ шийдвэр хэрэгжихгүй гурван долоо хоног болж байна. Банкууд татвар төлөгчдөөс зургаан зуун тэрбум төгрөг нэхсэн мэдээлэл бий шүү дээ?

-Та бүхэн санаж байгаа бол би өмнө нь мэдээлэл хийж байсан. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай уулзаад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн зэрэг хүмүүс мэдэгдэл хийж байсан.

-Ямар мэдэгдэл хийсэн бэ?

-Бид хоёр асуудлыг шийдлээ. Нэгдүгээрт, хүүгийн бодлогоо багасгалаа. Хоёрдугаарт, актив чанарыг хоёр хувиар буурууллаа. Ийм учраас өнөөдрөөс эхлээд зургаан сараар банкны зээл хойшилж, хүү царцаж байна гэсэн мэдэгдэл хийсэн. Харамсалтай нь энэ мэдэгдлээс хойш энэ асуудал хэрэгжээгүй. Иргэдийг залилан мэхэлж, хуурсан учраас холбогдох байгууллагуудаас асуудлыг тодруулсан.

-Та бүхний зүгээс ямар асуудлыг хөндөж байгаа вэ?

-Хадгаламжийн хүүг яах юм бэ гэдэг нэг асуудлыг яриад байгаа юм. Жишээ нь 1.2 сая иргэн зээлтэй гэж үзье. Энэ хүмүүсийн зээлийг хойшлууллаа гэхэд 18 хувьтай, ипотекийн зээл найман хувьтай гэж бодъё. Тэгвэл хадгаламжийн сар болгон өгдөг зардлыг яах юм бэ. Таны хэлж байгаагаар 600 тэрбум гарсан гэх мэдээлэл бий. Би онцгойлон нэг зүйлийг хэлье. Хадгаламж эзэмшигчдийн 95 хувь нь манай мөнгө, төгрөгтэй улс төрд нөлөө бүхий гэгддэг хүмүүс байгаа. Тэгэхээр өнөөдөр 100 саяас дээш хадгаламж эзэмшигчдийн нэрсийг гаргах хэрэгтэй байна Б.Лхагвасүрэн дарга аа.

Хэдийгээр хадгаламж эзэмшигчдийн нэр нууц байдаг боловч банкууд нь мөнгө нэхэж байгаа юм бол зайлшгүй хүүхдийн мөнгөө хадгалуулчихсан, хэдэн төгрөг хийсэн хүнд инфляц нь цохилт өгөөд хадгаламжийн хүү авахгүй байгаа юм уу. Аль эсвэл оффшорчид, ЖДҮ-чид, 60 тэрбумынхан маань мөнгөө хадгалуулаад байгаа юм уу. Жишээ нь, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг 1.9 тэрбум хадгаламжтай гээд хэвлэлээр яриад байна шүү дээ. Үнэн худлыг нь мэдэхгүй. Хадгаламж эзэмшигчид үнэхээр тийм мөнгөтэй юм уу. Тэгвэл тэрийгээ зарлавал 600 тэрбумаас өөрсдийгөө эх орончид гэж яриад байгаа хүмүүсийн мөнгийг чөлөөлөхгүй байж болохгүй юу. Хуулиндаа шаардлага нь байгаа шүү дээ. Үүнийг шийдмээр байна гэдэг асуудлыг ярьсан.

Хоёрдугаарт, Монгол улсын Ерөнхий сайд юу яриад байгаа юм бэ. Энийг бас ойлгох хэрэгтэй. Өнөөдөр банкны салбар, системийг тогтвортой байлгах тухай хууль гэж байгаа. Системийн гэж нэрлэгдэх томоохон банкнуудад төр хөрөнгө оруулаад хэдэн ч хувиар хувьцаа эзэмшээд тэр банкийг авах боломжтой болчихоод байгаа. Ийм байдлаар өвтгөх гээд байна уу. Эсвэл манайхны хэлж байгаагаар өрсөлдөх банк оруулж ирнэ гээд байгаа юм уу. Энийг тодорхой болгох шаардлагатай байна.

-Манай банкны системд реформ хийх бодит шаардлага бий юу?

-Миний ойлгож байгаагаар тийм. Ялангуяа нэг хоёр хүнээс хамааралтай банкнаас болж 1.2 сая иргэд хохирч болохгүй. Тиймээс өмчийг нь 20 хувь үлдээгээд үлдсэнийг нь олон нийтэд хувьчил, зар. Ингэж байж банкны засаглал бий болно. Хоёрдугаарт, хууран мэхэлсэн үйлдэлд хэн хариуцлага үүрэх юм. Сангийн сайд хариуцлага хүлээх юм уу, банкнууд хариуцлага хүлээх юм уу. Яагаад гэхээр иргэд хууртсан. Би хүртэл хууртсан.

-Та бас хууртаа юу?

-Би хоёрдугаар сарын 12-нд мэдэгдэл хийсэн. Хүү царцаж, зээл хойшилж байгаа юм байна гэж ярьсан. Маш олон хүн энд төрийн байгууллага орох уу, хувийн байгууллагад хамаатай юу л гэж асуусан болохоос зуун хувь төрд итгэсэн. Төрд итгэсэн итгэлийг үнэгүйдүүлчихлээ. Тийм учраас Ардын намынхан үүн дээр шийдэл гаргах ёстой. Миний ойлгосноор 600 тэрбум төгрөгийг бид хадгаламжийн хүүг тэглэвэл зээлийн хүү багасгах юм уу тэглэж болох юм байна. Тэгвэл тэр хадгаламжийн хүүгийн зөрүү мөнгийг та нар төл гэж хэлсэн байна. Төлбөл хоёр талтай. Хэрвээ У.Хүрэлсүх сайдын 1.9 тэрбум төгрөг байгаа бол би тэр банкны зүйлийг чинь сайн мэдэхгүй. Хэвлэлээр гарсныг харах юм бол татвар төлөгчийн мөнгөөр Ерөнхий сайддаа мөнгө өгмөөргүй байна.

Уул уурхай, байгалийн баялгийг авсан хүмүүс өнөөдөр гучин гэр бүл байгаа гэж хэлээд байгаа тэр хүмүүсийн хадгаламжийн хүүгийн мөнгийг татвараас өгөх үү, үгүй юу гэдгийг бодох хэрэгтэй. Банкуудын яриад байгаа 600 тэрбумыг тохиролцоогүй байж яагаад ард түмэнд хэлж байгаа юм. Үүнийгээ гаргаж ирэх ёстой. Нийт хадгаламж эзэмшигчдийн тоо олон байж магадгүй. Гурван сая иргэд хадгаламж эзэмшигч шүү дээ. Бид хүүхдийн мөнгө, тэтгэвэр, цалингаа авдаг. Гурван сая иргэд бол хадгаламжтай хүмүүс. Үүн дотор 100-аас дээш сая төгрөгийн хадгаламжтай иргэд нийт хадгаламж эзэмшигчдийн 95 хувь байгаа. Хөрөнгө оруулгын мэдүүлэг дээр бүх зүйл тодорхой байна. Хадгаламжийн хүүнээсээ татгалзчих л даа. Өнөөдөр банкнуудыг жаахан эх оронч байгаасай гэж хүсээд байгаа юм. Нэг банк жилдээ 100 сая ам.долларын ашиг хийж байна. Таван банк гэхэд ойролцоогоор хоёроос гурван их наяд төгрөгийн цэвэр ашиг олж байгаа. Тэгвэл энэ ашгаасаа яагаад өгч болдоггүй юм бэ. Өнөөдөр банкинд 5.1 их наяд төгрөг бий шүү дээ.

-Тэгээд хүмүүст зээл өгөх боломжтой байж яагаад өгөхгүй байна вэ?

Өнөөдөр маш ноцтой мэдээлэл авсан. Банк бус санхүүгийн байгууллагууд банкнууд зээл өгөхөөсөө айж байна. Яагаад гэхээр чанаргүй зээлдэгчийн тоо нэмэгдэх гээд байгаа учраас зээл өгөхөөсөө айж байна. Зээл өгөхгүй бол өнөө яриад байдаг эдийн засаг чинь байхгүй болно. Нөгөө талаас хүүг багасгах гэсэн болохоос өөрсдийгөө хаацайлаад, өөрсдийгөө яриад байж болохгүй. Зорилтод бүлгийн асуудлуудаа шийдчихмээр байна. Эсвэл ипотекийн зээлийг, энгийн зээл, бизнесийн гэж байгаа бол ЖДҮХС-гийн зээлийг мөнгөний хомсдолтой үед бушуухан эргүүлээд төлөх ёстой. Энэ мөнгүүдээ чөлөөлмөөр байна. Өдөр болгон айдас төрүүлсэн мессеж ирээд байна шүү дээ. Тэнд эдийн засагч, банкны ажилтанд л уурлаад байх юм. Банкны эздүүдэд, Сангийн яаманд, Ерөнхий сайддаа гарц гаргалгаа гаргаач ээ гэсэн хүсэлт тавиад байна.


Categories
мэдээ нийгэм

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн эхэлнэ

Э.Бат-Үүл нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10.00 цагт эхэлнэ.

Өмнө нь шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг гуравдугаар сарын 23-ны өдөр болсон ч шүүх хуралд шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Г.Орхон “…миний бие ХӨСҮТ-с өгсөн зааварчилгааны дагуу 2020 оны 03 дугаар сарын 10-с доод тал нь 3 дугаар сарын 24-нийг хүртэл гэрийн хөл хорионд байх үүрэгтэй болоод байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэсэн хүсэлт ирүүлсны дагуу шүүх уг хүсэлтийг хүлээн авч Э.Бат-Үүл нарт холбогдох шүүх хуралдааныг 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан юм.

Эргэн сануулахад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан.

Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр шүүх юм.

Categories
мэдээ улс-төр

Боловсролын салбарт тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газар өнөөдөр 08:00 цагаас ээлжит хуралдаанаа эхэлнэ. Тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай, Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

Мөн Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаарх мэдээллийг Засгийн газрын гишүүдэд танилцуулах юм.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Хүнсний ногооны тариалалт, усалгаатай газар тариаланг дэмжих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдийн төсөл

Ч.Хүрэлбаатар

2.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл

Ч.Хүрэлбаатар

3.

Хувьцаа эзэмшигчийн эрх хэрэгжүүлэгч этгээдийг өөрчлөх тухай

Ч.Хүрэлбаатар

4.

“Замын-Үүдийн дулааны станц”-ын талаар авах зарим арга хэмжээний тухай

Х.Баделхан

5.

Музейн тухай хуулийн төсөл

Ё.Баатарбилэг

6.

Өндөржүүлсэн бэлэн байдлын үед боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зарим арга хэмжээний тухай

Ё.Баатарбилэг

7.

Тавантолгойн цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай*

Ц.Даваасүрэн

8.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх

Танилцуулах асуудлууд

9.

Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний 2019 оны хэрэгжилтийн явцын тайлангийн талаар

Х.Баделхан

10.

Олон улсын нислэгийг зогсоосонтой холбоотойгоор иргэний нисэхийн салбар болон “МИАТ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн байдалд үүссэн хүндрэлтэй нөхцөл байдлын талаар

Б.Энх-Амгалан

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр, шашин хоёр тусдаа байхын бодит жишээ Үндсэн хуулийн дагаж мөрдөх огноо

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ таван сар гаруйн хугацаанд хэлэлцэж өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр баталж, энэхүү нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээр тогтоосон. Ирэх сарын 25-ны үе бол сонгууль явагдаагүй, шинэ засаг төр эмхлэгдээгүй буюу одоогийн засаг хэвээр байх үе гэдгийг улстөрчид мэдэж байгаа. Тавдугаар сарын 25 бол ердийн байдаг л хуанлийн нэг өдөр, ажлын эхний өдөр болох даваа гариг байгаа юм. Гэтэл билгийн тоолол талаасаа ихэд утга учиртай, учрал ерөөлтэй болохоор УИХ-ын зарим гишүүн онцгойлон энэ өдрийг сонгож авсан юм билээ. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019 оны есдүгээр сарын 06-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Д.Тогтохсүрэн нар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны 12:00 цаг буюу XVII жарны төмөр хулгана жилийн зуны тэргүүн сарын шинийн гуравны Рашаан барилдлагатай өлзийт сайн шар луу өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 92.9 хувь нь дэмжлээ” хэмээн цагаан дээр хараар бичиж үлдээжээ.

Энэ мэтээр Монгол төрийн үйл ажиллагаа, ёслол бүрт шашны элемент, нөлөө ордог болоод байна. Хэд хоногийн өмнө Байгалийн түүхийн музейн буурин дээр “Чингис хаан” музейн барилгын ажлыг эхлүүлэх ёслол болж, музейн шавыг тавьцгаасан. Шав тавих ёслол ямар нүсэр болж өнгөрснийг бүгд харцгаасан. Ийм төрлийн ёслолыг тэр бүр хараагүй, мэддэггүй хүмүүст булш, бунхантай холбоотой зан үйл болоод ч байгаа юм шиг, эсвэл оршуулах ёслол ч болж байгаа юм уу гэж эндүүрч, андуурч гайхмаар юм болж, сүртэй л юм болоод өнгөрлөө дөө. Угтаа бол музейн нэг барилгын ажил эхэлж, түүнийгээ нийтэд зарлаж буй ажиллагаа юм шүү дээ. Тэгтэл хэт шашинжсан ёслол оруулж, нүсэрдүүлсэн нь зарим хүнд хачирхалтай зан үйл мэт сэтгэгдэл төрүүлжээ.

Төрийн аливаа үйл хэрэгт шашны зан үйл ингэж дагалдаж явахын зэрэгцээ УИХ-ын гишүүд, нэр дэвшигчдээс мөн ийм үйл хөдлөл үе үе цухалздаг. Ялангуяа сонгуулийн үеэр нэр дэвшигчид яаж шашинждагийг сонгогчид хардаг. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр М.Энхболд гадаад ламын өмнө элгээрээ хэвтээд, сунаж мөргөж байгаа нь ямар эвгүй харагдаж байв. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа эрхэм харийн нэгэн ламын өмнө сунаж мөргөж байгааг харсан эгэл ардууд үнэхээр их цочирдсон доо. Ер нь төр, шашин хоёр хэт холилдвол юунд хүргэдгийг орчин үеийн Төвөд улс бидэнд бэлээхэн түүхээрээ, амьдрал ахуйгаараа баталж харуулж байгаа. 1950-иад онд төр, шашин хоёр нь хэт сүлэлдэж, нийтээрээ мухар сүсэгт автсаны харгайгаар гадаад улсын харьяанд орчихсон. Энэ бүгдийг нуршаад байгаагийн учир юун хэмээвэл хэт шашин талаасаа харж сонгосон Шинэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх өдөр нь улс төрийн хямрал дагуулах шинжтэй болоод байгаагаас үүдэлтэй юм. Улс төрийн ямар хямрал дагуулахаар болоод байна вэ гэвэл хамгийн эхэлж “давхар дээл”-ний асуудал яригдана. Дөрвөн гишүүн нь давхар дээлтэй, бусад нь “давхар дээл”-гүй байх ёстойг Үндсэн хуулиар заагаад өгчихсөн. Ингэхээр одоогийн Засгийн газар огцрох болно.

Хэрвээ Засгийн газар огцрохгүйгээр “давхар дээл”-тэй сайдуудаа чөлөөлөөд дөрвөн сайд аа, Ерөнхий сайдтай нь үлдээе гэж бодъё. Намын дарга хамгийн өндөр рейтингтэй учраас гялтайх нь энэ гээд Ерөнхий сайдаа үлдээх байх. Энэ хүн тэгвэл нэмэлт, өөрчлөлт орсон Үндсэн хуулиар УИХ-ыг удирдах бүрэн эрхтэй болж, УИХ-ыг тараах эрх гарт нь ороод ирнэ. Тэгэхээр УИХ-ын гишүүн биш хүн УИХ-ын бүрэн эрхэд халдах улс төрийн хямрал үүсч эхлэх юм. Цаашлаад УИХ-ын гишүүн биш ийм хүнд УИХ-ыг тараах байтугай, бүр төрийн эргэлт хийх бүрэн эрх нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оногдчихоод байна. Парламентын гишүүн биш, ард түмний мандатгүй хүнд ийм эрх очих нь засаг төрийн хямрал үүсгэж болзошгүй.

Энэ бол ердөө хэт шашинжсан, харалган ганц заалтаас л үүдэлтэй гэдгийг эрхбиш гишүүд харж байгаа байх. “Сайн өдөр, бурхны шашины бэлгэ дэмбэрэлтэй өдөр, зурхайн сайн өдөр юм гэсээн” хэмээн түүндээ дулдуйдаад Үндсэн хуулийн өөрчлөлтийг дагаж мөрдөх өдрийг тогтоочихсон нь эргээд улс төрд хямрал үүсгэхээр болоод байна. Төр, шашин хоёр хэт орооцолдож болдоггүй гэдгийн баталгаа нь энэ боллоо. Үүнээс гарах гарц байгааг судлаач, хуульч, УИХ-ын гишүүд янз бүрээр тайлбарлаж байгаа.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Монгол Улсын Засгийн газар Ерөнхий сайд, дөрвөн сайд нь УИХ-ын гишүүн бөгөөд Засгийн газрын гишүүн байх боломжийг хуулиар нээж өгсөн. Бусад Засгийн газрын гишүүдийн хувьд УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг хавсран гүйцэтгэхийг хуулиар хориглосон. Үүнтэй холбоотойгоор Үндсэн хууль батлагдсаны дараа Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Энэ хууль таван зүйлтэй. Нэгдүгээр зүйлд, Үндсэн хуульд орсон нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор тухайн төрлийн харилцааг зохицуулсан шинэ хууль гарах хүртэл тухайн төрлийн харилцааг зохицуулж байсан хуучин хууль тогтоомжоор тухайн харилцааг зохицуулна гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Тиймээс одоогийн Засгийн газар огцрохгүй гэсэн үг” гэж ойлгомжтой тайлбарласан билээ.

Тэгвэл дийлэнх улс төр судлаачид, хуульчид, улс төрийн намууд үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэд үзэхдээ хэрэв Үндсэн хууль бүрэн хүчин чадлаараа ажилаад эхэлсэн тохиолдолд Хүрэлсүхийн Засгийн газар огцорч таарна. Хэрэв огцорохгүй бол Үндсэн хууль зөрчсөн асуудал үүснэ. Энийг үл хэрэгсэн эрх барьж байгаагаараа дулдуйдан засгийн газрыг цаашид хэвээр нь ажиллуулах болбол Үндсэн хуулийн Цэцэд хандах болно гэж мэдэгдээд байгаа билээ. Энэ бүгдийг гишүүд дагаж мөрдөх хуулийг баталж байхдаа мэдэж л байсан байж таарна. Гагцхүү хэт шашинжиж мунхран сайн өдөр, сайхан цаг гэж хөөрцөглөснөөс үүдэлтэй улс төрийн хямрал нүүрлэчихээд байна.

Зүгээр ч нэг улс төрийн хямрал биш, Үндсэн хуулийн хямрал нүүрлэж мэдэх нигууртай болж мэдэх нь байна. Төр, шашин хоёр тусдаа байхгүй бол юунд хүргэж болдгийн бодит жишээ энэ Үндсэн хуулийг дагаж мөрдөх огноог тогтоосон явдал боллоо.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын таван байнгын хороо хуралдана

УИХ-ын 5 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 10.00 цагт хуралдаж, “Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн “Европын хөгжлийн сан болон Европын холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд үйлчлэх Монгол Улсын татварын болон гаалийн зохицуулалтын тухай ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл, Монгол, Францын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагт хуралдаж, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай, “АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт сум, Баян-Өлгий аймгийн Өлгий, Бугат сумын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 14.00 цагт хуралдаж, Коронавируст халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай тогтоолын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр товложээ. Уг төслийг 15.00 цагт Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, 16.00 цагт Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм. Мөн Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Төсөв тодотгохгүй мөнгө хэвлээд суувал сонгуулийн дараа төгрөгийн ханш 40 хувиар сулрах эрсдэл бий

Бизнесийн удирдлагын доктор Б.Лхагважавтай ярилцлаа.


-Засгаас коронавирусийн цар тахлын сөрөг нөлөөг саармагжуулах зорилгоор иргэд, компаниуд руу хандсан шийдвэрүүд гаргалаа. Хэр өгөөжтэй шийдвэр болсон гэж харж байна вэ?

-Хүн төрөлхтөн өглөө бүрийг төчнөөн хүн нас барлаа гэсэн гашуун мэдээ уншиж эхлүүлсээр удлаа. Өөрөөр хэлбэл, дэлхий дайны байдалд байна. Улс бүр иргэд, бизнес, эдийн засгаа хамгаалсан бодлого хэрэгжүүлж байна. Манай улс өнгөрсөн долоо хоногт хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах шийдвэр гаргалаа. Хөдөлмөрийн зах зээл дээрх 1.2 сая хүн бултаараа баярласан. Гэтэл дараа нь Сангийн сайд тэр баярыг нь унтраасан тайлбар хийчихлээ л дээ. Ажил эрхэлж яваа нэг сая гаруй хүнээс гадна 150 мянган компани бий. Цар тахлын үед эднийгээ дажгүй авч гарахын тулд эдэн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Уг нь засгийн шийдвэрийг хэрэгжүүлэх ажил Ч.Хүрэлбаатарынх биш, С.Чинзориг сайдынх байгаа юм. Би өмнө нь тэдэнд өөр гарц санал болгосон мессэж бичиж байсан юм. 1.2 сая хүндээ дөрөв таван сарын хугацаанд ажлынх нь хөлсний 50 хувийг өгөх санал байсан л даа.

-Тэр мөнгийг хаанаас гаргана гэж?

-Ажилгүйдлийн даатгалаас. Тодруулж хэлбэл, бидний цалингаас авдаг таван төрлийн даатгалын санг төр санхүүжүүлэх маягаар хөдөлмөрийн зах зээлээ хамгаалах зарчим бариад явах боломж бий. Ингэнэ гэвэл сард 360 тэрбум төгрөг л хэрэгтэй. Үсрээд 1.2 их наяд төгрөг хэрэг болно. Төр, хувийн компанийн ажилчдын цалингийн 50 хувийг даатгалын сангаас өгөөд үлдсэнийг нь тухайн компаниас тавиад явсан бол зөв шийдэл болох байсан. Засгийн газрын гаргасан шийдвэртэй холбоотойгоор УИХ эхлээд холбогдох хуулинд өөрчлөлт оруулна. Хөдөлмөр, нийгмийн даатгал, татварын багц хуулинд өөрчлөлт орж байж засгийн шийдвэр хэрэгжих юм. Засгийн газрын шийдвэрүүдэд 5.1 их наяд төгрөг зарцуулагдахаар байгаа. Гэтэл миний сая хэлсэн концепцоор бол нэг их наядаар асуудлыг бүхэлд нь шийдэх боломж байсан.

-МҮХаҮТ өнгөрсөн долоо хоногт аялал жуулчлалын салбар тэг зогсолт хийлээ гэж мэдээлсэн. Өөр ямар салбарууд хэцүүдээд байна вэ?

-Үйлчилгээний салбаруудын хувьд хүнсний худалдаанаас бусад нь тэг болсон. Хүнсний хэдэн үйлдвэр, дэлгүүр л хөдөлж байна. Бусад нь ажил нь зогсоогүй ч орлогогүй, зогсчихлоо. Өнгөрсөн гурван сарын хугацаанд төрөөс миний сая хэлсэн даатгалын сангуудыг санхүүжүүлээд явсан бол хөдөлмөрийн зах зээл аврагдчих байсан.

-Та түрүүн Сангийн сайд засгийн шийдвэрийн утгыг алдагдуулчихлаа гэж хэлсэн. Яг яаж алдагдуулсан гэж?

-Ч.Хүрэлбаатарын хамгийн гутамшигтай юм нь төсвөөс цалинждаг хүмүүс татварын хөнгөлөлтөд хамаарахгүй гэчихлээ. Халдварыг оруулж ирэхгүйн төлөө ажиллаж яваа эмч, цагдаа нар төсвөөс цалинждаг. Тэднийг татварын хөнгөлөлтөд хамруулах хэрэгтэй. Бүр цалинг нь нэмсэн ч болохгүй юмгүй. Сангийн сайд уг нь өдийд Увсад барих гэж төсөвлөсөн шавар байшингуудын мөнгөө танаад тахалтай нүүр тулж яваа хүмүүсийн цалинг нэмээд сууж байх ёстой л доо.

-Төсвийн тодотгол хийх шаардлагагүй гэцгээгээд байна л даа. Төсвийг хэдээр танах боломжтой вэ?

-Төсвийг хоёр их наядаар танах шаардлага бий. Танасан хоёр их наядынхаа нэг их наядыг нь хөдөлмөрийн зах зээл рүү оруулах хэрэгтэй. Өмнө хэлсэнчлэн даатгалын санг санхүүжүүлэх маягаар шийдвэл асуудлыг хялбар шийдэх боломжтой.Эрх баригчид төсвөө сонгуульдаа зориулаад хөдөлгөхгүй байна. Товчхондоо төсөв тэдний “алтан өндөг” болчихсон. Төсөв батлах үед цар тахлын сураг ч байгаагүй. Цар тахал дэгдээгүй бол хэрэгжээд явахад асуудалгүй байсан байж болох ч өнөөдөр бол тодотгохоос аргагүй нөхцөл үүчихсэн. Коронагаас хойш дэлхийн эдийн засаг маш хурдтай өөрчлөгдөж байна. Нийгмийн бодлого ч өөрчлөгдөөд эхэллээ. Соёл урлаг гээд нөлөөлөхгүй салбар гэж алга. Төсвөөс танах ёстой хоёр их наяд бол хоосон мөнгө. Зээлээр буюу бонд босгож олох байсан мөнгө. Таначихвал наанадаж л Ерөнхий сайд мөнгө олно гэж зүдрэхгүй.

-Уул уурхайн экспорт гэх мэт найдах зүйл байгаа учраас тодотгол хийх гэж яарахгүй байж мэдэх юм…?

-Нэгдүгээр улирлын байдлаар манай уул уурхайн бүх эргэлт зогссон шүү дээ. Ойрын үед энэ байдал өөрчлөгдөхгүй. Энэ салбараас орлого олно гэж найдах нь маш өндөр эрсдэл дагуулна. Хоёр их наядыг танахгүй бол Монголбанк Засгийн газрын эрхээр юу л бол юу л хийж өгөхөд бэлэн байна. Мөнгө хэвлээд асуудлаа шийдээд явж болно л доо. Гэхдээ наадмаас хойш яах вэ гэдэг том асуулт байгаа. Одоо гэхэд л бидэнд хаврын тариалалтын асуудал байна. Өөр нэг гарц бий. Топ зуун компани ДНБ-ий 40 хувийг үйлдвэрлэж, 87-90 мянган ажлын байрыг бий болгодог. Үүний 50 хувь нь уул уурхайд хамаарна. Сүүлийн хоёр жилд топ 100-гаас 50 нь хангалттай ашиг олсон гэж хэлж болно. Энэ удаагийн хямрал өмнөх шиг эдийн засгийн хямрал биш дайн буюу тахлын хэмжээнд хүрч, бүх салбарыг хамарсан учраас уул уурхайн компаниудад сүүлийн гурван жилийн ашгаараа алдаглаа нөх гэдэг байдлаар хандах хэрэгтэй. Зөвхөн нүүрснээс гэхэд л “Эрдэнэс Таван толгой” өнгөрсөн жил нэг их наядын ашиг хийсэн.

-Улстөржиж ажлыг нь хийлгэхгүй бол бас хэцүү байх л даа…?

-Ажлыг нь хийлгэх орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Нүүрсэн дээр гэхэд сая Ерөнхийлөгчийн айлчлал том дэм боллоо. Нүүрсээ экспортлоод эхэлчихлээ.

-Томчуудыг нь өөрсдийгөө аргал гээд жижиг, дундуудад дэмжлэгээ чиглүүлээд явах ёстой гэж үү?

-Ерөөсөө л тийм. Жижиг дунд гээд онцолбол 50-иад мянган компани бий. Тэдний орлого танагдсан, хаагдсан, татарсан учраас ажлын байрыг нь хадгалж үлдээх бодлогын дэмжлэг маш чухал. Цалингийнх нь талыг даатгалын сангаар дамжуулан өгье гээд байгаа хувилбар маань эдэн рүү чиглэх юм.

-Нэг их наядаар хөдөлмөрийн зах зээлийг тэтгэхээс өөрөөр мөнгө зарцуулах шаардлагатай зүйл гэвэл та юуг онцлох вэ?

-Мөнгөний боломж байвал Улсын онцгой комисс буюу Ө.Энхтүвшин сайдын багц руу мөнгө хийх хэрэгтэй. Гамшгаас урьдчилан сэргийлэх хуулийн дагуу цар тахлын үед төсвийн нэг хувьтай тэнцэх мөнгө зарцуулах ёстой. Өөрөөр хэлбэл хуулиа бариад 130 тэрбумыг өнөө маргаашгүй өгчихмөөр байгаа юм. Тэгвэл УОК санхүүгийн эрх чөлөөтэй ажиллана. Засгийн газар нөөцөөсөө зургаахан тэрбумыг л УОК-т өгсөн. Хандиваар л дөнгөн данган болгож байна. Ер нь нийтийн цугласан мөнгө даатгал, төсөв гээд хуваагдчихдаг. Дээр нь бонд гэж бий. Засгийн газар энэ гурван янзын механизмаас банкны системийг ашиглах гэж оролдоод өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргачихлаа л даа. Дараа нь даатгалын санг ашиглаад явах гэтэл Сангийн сайд холион бантан болгочихлоо. Гурав дахь нь бонд буюу зээл. Үүн дээр мөнгөний менежментийг их сайн хийх хэрэгтэй. Одоо бол даатгалын, татварын, нэгдсэн төсвийн онолоосоо илүү улс төрийн шийдвэр гаргах цаг.

-Улс төрийн шийдвэр гаргаж чадахгүй яваа гэсэн үг үү?

-Тэгж хэлж болохоор байна. Сая улстөрийн шийдвэр гаргах гэж оролдсон ч харамсалтай нь бүтэлтэй юм болсонгүй.

-Хувийн хэвшлийн жижиг дундууд эхнээсээ үүдээ бариад ажилчдаа халаад эхэлчихсэн. Байдал даамжирвал яах бол?

-1-9 хүнтэй нь нийт компанийн 93 хувийг эзэлдэг. Ажилчдаа халаад эхэлбэл гэнэт халагдсаны тэтгэмж гэж цалингийнхаа 70 хувьтай тэнцэх мөнгийг гурван сарын турш авдаг. Хэрэв энэ механизмыг нэг сая хүн ашиглавал ажилгүйдлийн даатгалын сан дийлэхгүй.

-Цар тахал зун гэхэд дуусчихна гэж хараад байгаа юм болов уу?

-Маш гэнэн хандлага. Сангийн сайдад “Та анхнаасаа их гэнэн хандсан шүү. Улстөрийн шийдвэрийг нягтлангийн сэтгэхүй, хандлага гаргаж болохгүй. Өнөөдөр бид яагаа ч үгүй байна. Илүү том сорил биднийг хүлээж байгаа. Дэлхийн улс орнуудыг хараач ээ. Бүгд улстөрийн шийдвэр гаргаж яваа шүү. Яагаад өөрийнхөө эрх ашиг, намынхаа эрх ашиг, сонгууль бодоод байгаа юм бэ. ” гэж хэлмээр байна.

-Цар тахлын сөрөг нөлөө хэдий хугацааны дараа арилах бол?

-Доод тал нь хоёр жил. Вакцин гараагүй байгаа. Олдсон вакцин нь монголчуудад иртлээ хаа байсан юм. Эхлээд топ улсууд иргэдээ вакцинжуулна. Бид чинь дэлхийн адагт яваа улс шүү дээ. Тэр утгаараа вакцин гарлаа гэнгүүт бидэнд шууд ирэхгүй. Коронагийн халдварын өмнө дэлхийн их гүрнүүд цөмөөрөө гараа өргөчихсөн. Иргэдээ хэдэн зуун, өчнөөн мянгаар нь алдаж байна.Тийм хүчтэй улсууд яаж ч чадахгүй байхад бид яах нь ойлгомжтой. Өнөөхөндөө халдвар дотооддоо тархаагүй болохоор л санаа амар суугаа юм. Ерөнхий сайд эдийн засгийн хүн биш. Макро эдийн засгийн параметрийн нэгийг нь ч мэдэхгүй. Олон жил улс төрд явсан гэдгээр хэдэн тоо мэдэж байгаа байх. Гэхдээ цаана нь хөдөлдөг механизмыг мэдэхгүй. Мэддэг хүн нь ганцхан Сангийн сайд. Би Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхад хэлсэн үгээ ахиад хэлмээр байна. Н.Алтанхуяаг 2013 оны уул уурхайтай холбоотой хямралын үеэр Оюутолгой, Тавантолгойг зогсоогоод мөнгө хэвлэж, бонд босгож эдийн засгаа урагшлуулах гэж оролдоод чадаагүй. Тэр чигийн нот мэдэхгүй удирдаач байсан учраас алдсан. Яг тэрэн шиг У.Хүрэлсүх нот мэдэхгүй, нот мэддэг ганц нь өөр зүйл яриад байна л даа.

-УИХ цар тахлын үед үүргээ хэр гүйцэтгэж байна вэ?

-УИХ үхээнц байна. Завсарлаад явчихсан хойгуур нь парламентын олон эрхэнд нь Ерөнхийлөгч, Засгийн газар халдлаа. Уг нь Монголбанк, даатгал, улсын төсөв, татвар УИХ-ын онцгой эрхэнд байдаг зүйлс.

-Ингэхэд таны ярьснаар шийдлээ гэхэд даатгалын сан маань ямар байгаа билээ?

-Даатгалын таван санд өнгөрсөн жил 2.8 их наяд цугларсан. Энэ мөнгөний менежментийг хийж гаргах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн банк, төсөв, зээл, даатгал гэсэн дөрвөн савныхаа менежмэнтийг том харж ухаалаг хийх нь улстөрчдийн гол ажил. Нэгийг нь оролдож хөдөлгөх аядсанаа дутуу хагас орхичихоод нөгөөг нь эхлүүлсэн болоод яваад байж таарахгүй. Яг нарийндаа татварын онол эрх зүй улс төрийн шийдвэр л байдаг. Шийдвэрийг улстөрчид гаргадаг.

-Энэ янзаар гүрийсээр сонгууль болж, долдугаар сар гарчихва эдийн засаг яах бол?

-3.7 их наядын төсвийн хөрөнгө оруулалт бий. Хуулиар бол энэ сарын 1-нд бүх тендэр зарлагдсан байх ёстой. Ингэлээ гэхэд тавдугаар сарын 1 гэхэд эхний нэг их наяд нь хэрэгтэй болно. Засагт мөнгө байхгүй учраас цаас хэвлээд өгнө. Дараагийнх нь хоёр их наядыг ч ирэх зургадугаар сард цаас хэвлэж өгөхөөс аргагүй. Дундаас нь сонгуулийн мөнгөө тасдаж авах нь тодорхой. Үүнээс өөр зорилго байхгүй. Тэтгэврийн зээл тэглэхэд хэвлэсэн мөнгийг нэмбэл бараг гурван их наяд төгрөг гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө хэвлэчихвэл сонгуулийн дараа төгрөгийн ханш хүссэн хүсээгүй 40 хувь унана. Энэ бол хамгийн энгийн логик. Манай ДНБ 12 тэрбум ам.доллар. Өөрөөр хэлбэл төсвийн мөнгөний нөгөө талд найман тэрбум ам.доллар хувийн хэвшилд бий. Бүр тодруулж хэлбэл төсвөөс гадна зах зээлд 8-9 тэрбум ам.долларын эргэлт байгаа. Гэтэл Сангийн сайд ганцхан тэрбум ам.долларыг бөөцийлөөд байна л даа.

Categories
мэдээ цаг-үе

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынх

Ханш нээж байгаль дэлхий сэрж байна. Шинэхэн ногоо өндийж, яргуй хэнзлэн хүн малын сэтгэл тэнийх цаг айсуй.Жил бүр бид энэ бүхнийг үзэж туулах хэрнээ үргэлжид анхны, шинэхэн мэт мэдрэмж төрүүлдэг нь гайхам. Ийнхүү хаврын тухай хөнгөн, гэгээн бодол тээсээр зорьсон газартаа ирлээ. Бид “Танайд өнжье” булангаа бэлдэхээр Монгол Улсын зөвлөх эдийн засагч, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ю.Дашбалынд ирсэн нь энэ. Ганцхан жилийн дараа 80 дахь хавартайгаа золгох гэж буй тэрээр нүдэнд дулаахан инээмсэглэл тодруулсаар бидэнд хаалгаа тайлав. Тэрээр эхнэр, зээ охины хамт гуравдугаар хороололд амьдардаг юм байна. Бид зочных нь өрөөнд тухаллаа. Цонхныхоо урдуур зүйл зүйлийн цэцэг тарьжээ. Хоёр талын хананд хуучны ховорхон номнуудыг тэвхийтэл өрсөн харагдана. Ханандаа нэгэн эрхмийн хөрөг зураг бүхий малчин Юндэн гэх бичигтэй жижиг хивс, Шавартын өндөр хайрханы зургийг онцгойлон залжээ. Одон, медаль, өргөмжлөл, гэрийн эздийн залуу цагийн нүд тусам хөргүүд ч харагдана. Бид цай цүй уунгаа Ю.Дашбал гуайн нутаг ус, ижий аавын тухай яриа дэлгэлээ. Тэрээр Говь-Алтай аймгийн Төгрөг сумын хүн аж. Сумынхаа Хүрэн гол баг буюу хүндлэн залсан Шавартын өндөр хайрханыхаа өвөрт хүүхэд ахуй насаа өнгөрөөжээ. Түүний аав Юндэн Төгрөг сумаас төрөн гарсан анхны Улсын сайн малчин юм байна. Өнөөх хивсэн дээрх хөрөг түүний аавынх аж. Юндэн нь малч ухаанаараа нутаг усандаа үнэлэгддэг, ажигч гярхай, хөдөлмөрч нэгэн байжээ. “Аав маань намар цаг шувтрахын алдад ирэх өвлийн өнгө ямархан байхыг шинжиж, нэг л базаахгүй бол Алтайн уулсыг давж Таянгийн нуруу, Тахийн шар нуруу тийш зорьдог байж билээ. Өнтэй газар луу нүүж байгаа нь тэр. Манайх гэдэг айл тэгж л мал малладаг байв. Манайх их малтай айл байсан ч одоогийнх шиг олон мянгаар тоологддог байгаагүй. Чанарт л анхаардаг байсан юмдаг уу даа. Бид эхээс есүүлээ. Би төрснөөс дөрөв дэх, өссөнөөрөө хоёр дахь нь юм. Бидний долоо нь хүн болсон хэрэг” хэмээн тэрээр ярив. Ю.Дашбал гуай Төгрөг сумынхаа бага сургуульд 1949 онд найман настайдаа орж төгсчээ. Улмаар 1955 онд Төгрөг сум долоон жилийн сургуультай болсноор 1957 онд долдугаар ангиа онц дүнтэй дүүргэсэн байна.

Долдугаар ангиа төгссөн зун нь түүний ах ажлынхаа амралтаар нутагтаа иржээ. Тухайн үед аав нь Дашбалыгаа нийслэл рүү явуулахаар нэгэнт шийдсэн байж. Хоосонгүй толгой гэдгийг мэдэх учир ахыгаа даган эрдэм номын мөр хөөг гэж бодсон нь тэр. Сумын захиргаа орж уулзан хүүдээ Санхүү эдийн засгийн техникумд сурах томилолт өвөртөлсөөр баяр хөөртэй ирсэн аавынх нь дүр төрх одоо ч түүний сэтгэлд тодхон үлджээ. Ийнхүү Ю.Дашбал ахыгаа даган нийслэлийг зорьсон байна. “Бид шуудангийн машинаар дөрвөн өдөр явж байж нийслэлийн бараа харсансан. Оройхон л орж ирсэн санагдана. Энд, тэнд гэрэл гялалзаад жигтэйхэн л гоё харагдаж билээ. Биднийг одоогийн цирк байгаагийн цаад талд буулгасан юм. Ах бид хоёр хятадын морин тэргийг гуйж мах шөл, хувцас хунараа ачаад, одоогийн Цагаан хаалганы наад тал, Дунд голын цаад талд байх ахын албан газрын гэрт буусан юм. Ах маань Худалдааны техникум төгсөөд, гурван ч жил ажиллачихсан байсан үе л дээ. Унаа тэрэг ховор ч байж дээ. Сургуульдаа орчихоод Цагаан хаалганаас Санхүүгийн сургууль хүртлээ алхчихдаг л байсан” хэмээн тэрээр ярилаа. Хотын хүүхдүүд ч сурлага сайтай байх даа, яадаг ч байсан гурав сурчих юмсан гэсээр Ю.Дашбал Санхүү эдийн засгийн техникумд оюутан болж байж. Гэтэл гурав битгий хэл тав сурсаар, улаан дипломтой сургуулиа төгсөж, 1960 оны зургадугаар сарын 20-нд 19-хөн настайдаа Сангийн яаманд байцаагчаар ажиллаж эхэлсэн байна. Ю.Дашбал“Бие жижигтэй учир техникум төгсчихсөн хэрнээ хүүхдийн хувцаснаасаа салаагүй байсан. Тийм л нөхөр Сангийн яаманд ажиллахаар ирсэн дээ.Сангийн яамаа төлөөлөөд шалгалтаар явахад нягтлангууд эхэндээ тоодоггүй байж билээ. Санхүүгийн номоор бол санхүүгийн шалгалт хийж яваа хүнд ширээ, сампин гаргаж өгөх ёстой юм. Хэрэглэгдэхүүнүүдийг гаргаж өгсөн ч хүний ширээний булан заагаад өгөх жишээтэй. Яахав ширээг нь голохгүй сууна л даа. Номыг нь заалгасан юм болохоор шаардлагатай бүх баримтуудыг нь нэхэж авч үзнэ. Санхүүгийн шалгалтаар заавал нэг зөрчил гардаг. Тэр тохиолдолд өнөөх хөдөлж өгдөггүй хүмүүст ёстой бууж өгөхгүй. Төл гээд л шаардана. Ингэж л байцаагч болж байлаа. Сүүлдээ хүн дагуулж сургаж ч явлаа. Сангийн сайд байсан А.Базархүү надаас хойш хоёр жилийн дараа төгсөж ирэн, манай хэлтэст ажилласан юм. Намайг дагаж шалгалт хийж сурсан хүн шүү дээ. Сэргэлэн гэж жигтэйхэн. Бид нэг нутгийн хоёр л доо” гэв.

Түүнийг Сангийн яаманд ирэхэд Д.Содном гуай Валютын хэлтсийн дарга байжээ. Ирсэн жил нь түүнд “Чи гурван жил ажиллачихаад “хойшоо” дээд сургуульд явна шүү, бэлтгэлээ сайн хийгээрэй” гэж аминчлан захиж. Яг гурав дахь жил дээр нь Д.Содном гуай Сангийн сайдаар томилогдож. Сайд нэг өдөр Ю.Дашбал гуайг дуудуулж сургуульд явахаа түр азнаж, Сангийн яамны Боловсон хүчний хэлтсийн дарга болохыг санал болгосон байна. Сайдынхаа хэлснийг ч зөвшөөрч, уг албандаа гурван жил ажиллаад 1967 онд ОХУ-ын Улс ардын аж ахуйн дээд сургуулийг зорьжээ. Гэрийн эзэн “Намайг сургуулиа төгсөөд ирэх үед Ц.Молом гуай Сангийн сайд болчихсон байсан. Миний багш хүн л дээ. Багш маань “Чи Дорнод руу яваад ир. Чамайг би яг гурван жил болоод татна” гэсэн. Дорнод хэлтэс муу ажиллаж байна гэгдэж байсан үе. Очсоны маань дараа жил Дорнод аймгууд дотроос долдугаарт, тэрний дараа жил гуравдугаар байрт орсон. Харин Дорнодоос ирсний дараа Эвлэлийн төв хороонд Лодонгийн Түдэв гуай татаж, тэнд жил хагас тасгийн эрхлэгч хийсэн юм” гэлээ. Түүний хувьд нийгмийн идэвх сайтай нэгэн байж. Сангийн яаманд ажиллаж байх үедээ л Эвлэлийн төв хороонд Шалган байцаах комиссын гишүүн байжээ. Хотын эвлэлд Шалган байцаах комиссынх нь даргаар ч ажилласан байна. Мөн Мэдээлэл, радиогийн хороонд орон тооны бус сурвалжлагчаар ажиллаж, Сангийн яамны систем, хөдөө, гадаа болсон хурал зөвлөгөөн, томоохон тогтоол шийдвэрийн талаар гараар товч мэдээ бэлтгэж өгдөг байжээ.

Ийнхүү явсаар тэрээр анх 1978 онд Ноосны үйлдвэрийн нэгдэлтэй холбогдож, энэ “айлын” хүн болжээ. “Монголросцветмэнт”-д ажиллаж байхад нь Ноосны үйлдвэрийн нэгдлийн дарга С.Бавуусүрэн түүнийг сурагласаар, санхүү эрхэлсэн даргаар томилсон байна. Ю.Дашбал “Юм гэдэг их сонин. Би техникумд байхдаа дандаа үйлдвэрийн талын санхүү, нягтлан, эдийн засгийн холбоотой зүйлс сонирхож цуглуулдаг байсан. Бусад салбарыг нэг их ойшоодоггүй байв. Тиймдээ ч Ноосны үйлдвэрийн нэгдэлд ажиллах тун сонирхолтой байсан. Би тэнд чамгүй юм хийж өгсөн. Хувьдаа тэгж л боддог юм. Товчхондоо цех, үйлдвэр, нэгдэл гурвын хоорондын холбоог нарийн гаргаж ирсэн юм. Цехээс эхлээд аж ахуйн бие даасан байдлыг хангахтай холбогдсон тооцоог гаргасан том ажил байсан юм. Энэ нь улсын хэмжээнд туршлага болж, санхүү эдийн засгийн ажилтны хоёрдугаар зөвлөгөөний төлөөлөгчид ирж судалж байсан удаатай” гэлээ.

Үүний дараа тэрээр Хөнгөн үйлдвэрийн яаманд 1981 оноос 1990 оны эх хүртэл ажиллажээ. Тэрээр яамныхаа Төлөвлөлт, удирдлага, аж ахуйн механизмын хэлтсийн дарга байх үедээ мөн л улсын аж ахуйд нэвтрүүлэх аж ахуй механизмын асуудлыг орлого хуваарилах системээр өөрчлөх чухал санал боловсруулжээ. Түүний энэхүү санал Засгийн газраар дэмжигдэн, хэрэглээнд нэвтэрч маш сайн үр дүн үзүүлсэн байна.Улмаар Ю.Дашбал гуай Хөдөлмөрийн яаманд Өмчийн хэлтсийн даргаар ч томилогджээ. 1990 оны ардчилсан хувьсгал өрнөсөнтэй холбоотойгоор түүний хариуцсан хэлтэс өмч хувьчлалын бэлтгэл ажлыг хийж эхэлсэн байна. Дараа нь Засгийн газраас Өмч хувьчлалын түр комисс байгуулж уг ажлыг зохион байгуулахаар болжээ. Уг түр комиссын даргаар Д.Ганболдыг, нарийн бичгийн даргаар нь Ю.Дашбал гуайг томилсон байна. Ажлын хэсгийн гишүүн, яамны Өмчийн хэлтсийн даргын хувьд тэрээр энэ үед өмч хувьчлалыг купоноор явуулахыг үгүйсгэж, өөрийн саналыг ч дэвшүүлж байжээ. Түүнээс ямар санал дэвшүүлсэн талаар нь асуухад “Би ардчилсан хувьсгалаас өмнө Хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллаж байх үедээ аж ахуйн механизм гээч зүйлийг өөрчилсөн юм. Манай улсад олон жил мөрдөгдсөн ашиг хуваарилах аргыг орлого хуваарилах байдал руу оруулсан. Манай ашиг хуваарилах систем аж ахуйн газрын бие даасан байдлыг хангаж чадахгүй, нэг л дэмий байсан. Улс бүх зүйлийг нь хураагаад авчихаар үйлдвэрт юу ч үлдэхгүй байсан хэрэг. Би үүнийг л эргүүлээд тавьчихсан юм. Цалин, орлого бүх зүйлээ үйлдвэр өөрөө хариуцаад гагцхүү улсын төсөвт өгдгөө өгнө, бусдыг нь өөрөө авна гэх санааг гаргаж ирсэн. Үүнийг Беларусь, Украинд туршлага судалж явахдаа олж мэдсэн юм. Энэ туршлагыг яамандаа танилцуулж, Сүрэн сайд ч дэмжсэн. Энэ хүрээнд хийгдсэн нэг ажил нь Говь-Алтайн модны үйлдвэрийг түрээсэлсэн явдал юм. Сүрэн сайд зөвшөөрч, яриад байгаа туршлагаа ажил нь дордсон гээд байгаа Говь-Алтайн модны үйлдвэртээ хэрэгжүүл гэсэн юм. Гурван хоногийн турш нойр хоолгүй сууж байж модны үйлдвэрийг түрээсээр өгөх бүх тооцоог хийж, дүрэм, журам зэргийг бүгдийг нь өөрчилсөн. Аймгийн захиргаатай нь ярьж байгаад хүн бэлдэж даргаар нь тавилаа. Ингээд нэгдүгээр орлогч сайд Говь-Алтайд очиж бүх нөхцөл байдалтай танилцаж, хурал хийн модны үйлдвэрийг түрээслэхээр болсон. Ингэж л үйлдвэрийг түрээсээр өгөх ажлын зохион байгуулж байлаа.Үйлдвэрээр нь түрээсэлсэн Монголын анхны тохиолдол тэр юм. Энэ их зөв зам байсан. Ажил нь тэг байсан бол ёстой гялзалзсан. Хамт олонд нь үйлдвэрийг тэр чигт нь өгчихөөр арга ч байж үү дээ. Ашиг нь нэмэгдэж, хүмүүсийн цалин сайжирсан. Мэдээж улсад өгдгөө өгч байсан. Модны өөдөс хаядаг байсан бол цехүүд хоорондоо булаалддаг болсон шүү. Энэ зүйлийг хийж, нүдээр үзсэн учир өмч хувьчлалыг купоноор тараахыг зөвшөөрөхгүй байсан юм. Миний хувьд өмч хувьчлалыг хийхдээ олон төрлийн арга хэрэглэх нь зөв, дэс дараатай явъя, эхлээд хамт олонд нь түрээсээр өгье, мэргэжлийн хүн нь тэндээ даргаа хийгээд үлдэг, ажилчид нь хэвээрээ байг гэсэн саналыг дэвшүүлсэн. Гэхдээ бидний санал хараахан дэмжигдээгүй. Яахав, УИХ-ын тогтоол олон төрөл гэж гарсан л даа. Гэхдээ ерөнхийдөө купоноор хувьчилхыг заасан” гэлээ. Мөн тэрээр “Угтаа одоогийн ашиг, орлого хуваарилдаг Монголын систем яг миний ярьж байсанчлан явж байгаа шүү дээ. Миний ярьж байсан бүр тэр чигээрээ явж байгаа. Улс авдгаа авчихаад бусдыг нь үйлдвэр мэддэг болсон” гэв. Түүний ажил хөдөлмөрийн талаар сонсож суухад очсон газар бүртээ л шинийг, зөвийг санаачилж, тэр бүр нь эерэгээр үр дүнгээ өгч байсныг харж болохоор байгаа юм. Үүнийг нь ч мэддэг дарга нар албандаа авахыг хүсэж, эрэл сурал болдог байсан биз ээ. Аливаад чин сэтгэлээ зориулж, тэр бүрийнхээ үр дүнг үзэж, сайн мөртэй, бусдад түшигтэй амьдарна гэдэг магад амьдралын утга учир гэлтэй.

Тэрээр гавьяаныхаа амралтад гарснаасаа хойш мөн л зүгээр суугаагүй байна. Ижил дасал болсон Хөнгөн аж үйлдвэрийн салбарын түүхийг 70, 80 жилийн ойгоор нь бичиж, гурван ч ном гаргажээ. Ноосны салбарын талаар ч мөн бичжээ. Энэхүү номныхоо талаар тэрээр “Манай улсад бэлчээрийн даацаараа 46 сая мал л байх боломжтой юм. Газар нутгийн шим тэжээл дээшилнэ гэж байхгүй учир 46 саяас илүү мал байх боломжгүй. Би 46 сая малаараа тооцож, нэхмэлийн үйлдвэрүүдийг хаана байх нь зохистой талаар судалж, энэ номондоо бичсэн. Гадныхан өөрт таалагдсан нэг зүйлээ олон мянган ширхэгээр авна гэж гэрээ хийдэг. Гэтэл манайх тэр хэмжээнд хүргэж хийж чаддаггүй. Энд тэнд байгаа салангад хэдэн үйлдвэрүүд тэр хэмжээнд хүрч ажиллаж чаддаггүй юм. Тиймээс нэхмэлийн эцсийн бүтээгдэхүүн хийх үйлдвэр Монголд дөрвөн бүсэд л байх нь зүйтэй гэж үзсэн. Түүний жижиг үйлдвэрүүд нь аймаг бүрт байх ёстой. Жишээ нь, баруун бүсэд таван аймаг бий. Үүнээс эцсийн бүтээгдэхүүн гаргах нэг үйлдвэр нь Ховд аймагт байж болно. Эцсийн бүтээгдэхүүн болгож ээрэх, нэхэх, сүлжэхийг төв үйлдвэр дээрээ хийнэ. Харин ноос угаах, хялгас ялгах, барилгын дулаалгын материал хийх үйлдвэр аймаг бүрт хийж болно. Энэ нь анхан шатны боловсруулалт юм. Үйлдвэрүүдэд байх тоног төхөөрөмж, ажиллах хүчний тоог ч гаргаж ирсэн. Дэлхийн зах зээлийг ч зургаан бүсэд хувааж авч үзсэн. Манай нэхмэлийн үйлдвэрт үүнээс өөрөөр явах арга зам байхгүй. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Энэ тооцоо судалгаа бүхий номоо би 2013 онд гаргаж, яамдын үе үеийн удирдлагуудад танилцуулсан. Гэхдээ хэн нь ч зориглож авч хэрэгжүүлээгүй” гэлээ. Тэрээр зөвхөн хөнгөн аж үйлдвэрийн салбарын номнууд бичээд зогсохгүй роман, морины тухай дууль зэргийг бичжээ. Одоо тун удахгүй дахин нэг бүтээлээ хэвлүүлэхээр зэхэж суугаа гэдгээ ч хэлж байлаа.

Биднийг ийн ярилцах зуур гэрийн эзэгтэй зээ охинтойгоо хажуу өрөөндөө гангар, гунгар хийж, хаа нэг инээд алдах нь сонсогдох аж. Түүний гэргийг Н.Сонин гэдэг аж. Тэрбээр “Гэргий маань Дорнодын хүн. Хуульч мэргэжилтэй. Хуулийн мэргэжлээр сурч төгсөөд Хотын шүүхэд нарийн бичгийн дарга, Дорнод аймгийн гүйцэтгэх захиргаанд ажилласан. Үйлдвэрүүдийн боловсон хүчний хэлтсийн эрхлэгч, Говь комбинатын хуулийн зөвлөхөөр ч олон жил ажиллаж байлаа” хэмээн гэрийн эзэн ярьсан юм. Гэрийн эзэгтэйгээс хүүхдүүдийнх нь талаар асуухад “Бид хоёр таван охинтой. Мөн зээ охин олонтой. Бид хоёр их өнөр олуулаа болсон. Бараг 30-уулаа болж байна. Охид маань эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэй. Бүгд л төр захиргааны байгууллагад ажиллаж байна. Хүргэчүүл маань ч мөн ялгаагүй эдийн засгийн чигийн хүмүүс. Хуулийн ч хүн мөн бий дээ” хэмээн намуухан хариулав. Ю.Дашбал гуай 2014 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан гэх эрхэм цолыг хүртжээ. Үүгээр ч зогсохгүй Хөдөлмөрийн гавьяаны улаан туг болон Алтан гадас, Тусгаар тогтнолын одонтой аж. Гэрийн эзэгтэй “Залуугаасаа авсан одон медалиудыг нь нийлүүлбэл чамгүй их юм болно. Ёстой л энгэрээр нь дүүрэн болчихдог доо” гэж байлаа.

Гэрийн эзний ном товхимлууд дотроос өдрийн тэмдэглэлийн цуглуулга нь аргагүй сонирхол татав. Ю.Дашбал гуай тэтгэвэрт гарснаасаа хойш тэмдэглэлийн дэвтэр хөтөлжээ. Харвал ихэд нямбайлан бичсэн сонин содон мэдээлэл, сургаал үгс, элдэв мэдээ, баримттай, өдрийн тэмдэглэлийн хэв загвараас тэс өөр байх аж. Тэрээр тухайн өдөрт сонссон дуулсан хамгийн бодитой мэдээллүүдээ тэмдэглэлдээ бичиж үлдээдэг юм байна. Нэг ёсондоо олж авсан мэдлэгээ дахин бататгахын тулд баримтжуулж үлдээжээ. Эргээд нэг сэдвийн талаар мэдээлэл хэрэгтэй болоход өнөөх дэвтрүүдээсээ шүүж түвэггүй олдог гэнэ. “Би хүүхдүүддээ ингэж тэмдэглэлийн дэвтэр хөтлөхийг үргэлж сануулдаг юм. Ингээд бичсэн байхад хэнээс ч дутахааргүй мэдлэгтэй болсон байна шүү. Хэвлэл дээр гарсан нэг мэдээлэл мөддөө дахин давтагддаггүй болохыг ч тэмдэглэл хөтөлснөөр анзаарсан. Оросын зарим хэвлэлүүд дээр 10 жил болоод давтагддаг юм билээ” хэмээн тэрээр хэлж байв. Тэрээр ярианыхаа төгсгөлд нь аж үйлдвэрийн салбарынхаа талаар “Аж үйлдвэрийг хөгжүүлэхийн тулд манай орны хувьд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэрийг түлхүү хөгжүүлэх асуудал их чухал. Уул уурхайтай эн зэрэгцэх асуудал гэж би хардаг. Цаашид хэн нь ч төр засгийг толгойлж байсан үүнийг онцлон анхаарч, бодож байх учиртай юм. Энэ удаагийн УИХ жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарсан гэж би харж байгаа. Алдаа мадаг гаргаж, сангийн мөнгийг зүй зохигүй зарцуулсныг үгүйсгэхгүй, гэхдээ цаашдаа засаад явах байлгүй. Ямартаа ч Ж.Ганбаатар гишүүн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих хуулийг санаачилж ажилласанд баяртай байна” гэж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Л.БЯМБАСҮРЭН: Нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад авч эхэлсэн

Эрүүл мэндийн дэд сайд, Улсын онцгой комиссын Шуурхай штабын орлогч Л.Бямбасүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Улсын онцгой комиссын шуурхай штабын үндсэн чиг үүргийн талаарх мэдээллийг өгөөч?

Монгол Улсад коронавируст халдвар бүртгэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн хэрэгжилтийг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэгтэй Улсын онцгой комиссын шуурхай штаб байгуулагдсан. Өмнө нь манай улсад ноцтой нөхцөл байдал үүсч байсан боловч энэ удаагийнх шиг шуурхай штаб байгуулагдаж байгаагүй. Улсын онцгой комиссын шуурхай штаб нь коронавируст халдвар тархахаас сэргийлэх бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээний талаар УОК-т танилцуулж, гарсан нөхцөл байдалд нэн даруй арга хэмжээ авч, шийдвэрүүдийг гаргаж хэрэгжилтийг хянаж ажиллаж байна.

-Нийгмийн сүлжээнд зарим иргэд онц нөхцөл байдал зарласан энэ өдрүүдэд гадаадаас монгол иргэдийг оруулах нь зөв эсэх дээр асуудал үүсгэж байна. Шуурхай штаб иргэдээ зөөвөрлөн авчрах ажлыг удирдан зохион байгуулж байгаа. Та штабын орлогчийн хувиар байр сууриа илэрхийлээч?

-Монгол Улсын иргэн Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу эх орондоо хаана ямар ч нөхцөлд байсан ирэх бүрэн эрхтэй. Монгол Улсын Засгийн газраас гадаадад байгаа иргэдээ тусгай үүргийн онгоцоор авч ирж байна. Үүнд нэн тэргүүнд хүнд өвчтэй, гадаад улс оронд эмчилгээ хийлгэсэн, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй иргэдээ авахыг зорьсон. УОКын баталсан журмын дагуу коронавируст халдвар бүртгэгдсэн улс орноос ирсэн, эмнэл зүйн шинж тэмдэггүй хүмүүсийг 21 хоног тусгаарлан ажиглалтад байлгана.Үүний тулд холбогдох газруудаас авсан мэдээлэл, судалгааг үндэслэн шуурхай штаб урьдчилсан хуваарийг хийнэ. Тусгай үүргийн онгоцонд эмч, улсын байцаагч нар явж, 20 асуулттай эрүүл мэндийн хуудсыг зорчигчдоор бөглүүлж, тухайн асуулгад ямар зовиур илэрч байна, явсан газрын маршрутыг нарийн асууж, тэмдэглэн мэдээллээ нэгтгэнэ.

-Орон нутагт “COVID 19”-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар зохион байгуулалттай ажлууд хийгдэж байна вэ?

-Нээлттэй байсан хилийн боомтууд өнгөрсөн сарын 28-нд хаагдсан. Боомтоор орж ирсэн иргэдийг мөн адил УОК-оос гарсан шийдвэрийн дагуу тусгаарлан ажиглалтад авсан. Сэжигтэй тохиолдлуудыг тухайн орон нутгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт тусгаарлан, шинжилгээний сорьцыг нь ХӨСҮТд ирүүлж, хот, хөдөөгүй нэг зарчмаар ажиллаж байна. Дархан-Уул, Дорнод, Ховд, Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн вирусологийн лабораторид коронавирусийг илрүүлэх шинжилгээ хийх бэлтгэлийг хангалаа.

Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд ажиглалтад байгаа 2334 иргэн байгаагаас 14 тохиолдол бүртгэгдэн хоёр өвчтөн эдгэрч, үргэлжлүүлэн тусгаарлан ажиглалтад, бусад 12 иргэн ХӨСҮТд эмчилгээ хийлгэж байна.

-Тусгай үүргийн онгоцоор ирж буй иргэдэд өгч буй зөвлөмж мэдээллийн тухайд?

-Иргэдийн хувьд эрүүл мэндийн хуудсаа л хамгийн түрүүнд үнэн зөв бөглөх хэрэгтэй. Хаанаас ирж, хаагуур явсан, өөрт нь ямар зовиур илэрч байгаагаа мэдээлэх хуудсанд үнэн зөв бөглөсөн тохиолдолд ямар ч хүндрэл бэрхшээл гарахгүй. Мөн тусгаарлалтад байгаа иргэдэд манай эмч нар тусламж үйлчилгээг үзүүлж байгаа. Тусгаарлах байрны журамд хавьтлыг хамгийн бага байхаар зохицуулалт хийсэн. Тухайлбал, хоол үйлдвэрлэлийн хэсгийг ногоон бүсээр нэрлэж, түүнээс бусад хэсгийг улаан гэж нэрлэж байгаа. Ногоон бүсээс нэг ч хүн улаан бүсэд нэвтэрч болохгүй. Улаан бүсэд зөвхөн эмч ажиллана. Тэд маань иргэдэд хоол зөөвөрлөх, иргэдийн халуун хэмжилт, биеийн байдалд хяналт тавин ажиллаж байна. Мөн тусгаарлалтад байгаа иргэд аяга тавгаа өөрсдөө угаан, өрөөн доторх цэвэрлэгээ ариутгалаа тогтмол өөрсдөө хийх зэрэг нь хавьтлын тоог багасгах зорилготой юм.

-Өнгөрсөн долоо хоногт хоёр удаагийн нислэгээр иргэдээ авсан. Зохион байгуулалтад өөрчлөлт орсон уу?

-Коронавируст халдвар дөрөвдүгээр сарын 5ны байдлаар дэлхийн 209 оронд тархаж дэлхий даяар нөхцөл байдал цаг минутаар хүндэрч байна. Эхний удаад хийгдсэн чартер нислэгүүдээр авсан иргэдээ онгоц, онгоцоор нь сувиллын газар, эмнэлгүүдэд тараан байршуулахдаа орны тоогоор нь тусгаарладаг байсан бол энэ удаагаас эхлэн УОКт энэ талаар санал тавьж шийдвэрлүүлэн, өвчний нууц үеийн хугацаа, өвчлөлийн явцтай уялдуулан нэг өрөөнд нэг хүн, нэг гэр бүлийг байлгах бодлого барьж тусгаарлалтад байлгаж байна.

-УОК-оос урьдчилан сэргийлэх зорилгоор эмч, эмнэлгийн ажилчдын эрүүл мэнд, ажиллах аюулгүй байдлыг хангахад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн хөрөнгөөр эхний ээлжинд хэрэглэгдэх нэг удаагийн хамгаалах хэрэгслүүд, шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ авсан. Гэвч онцгой нөхцөлд ажиллах эмнэлэг, тусгаарлах байрны тоо нэмэгдэхийн хэрээр нэг удаагийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай байсаар байна.ДЭМБ аас гаргасан тооцооллоор шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтаа гаргаж шат дараатай хангах ажлыг эхлээд байна.Мөн манай иргэд, байгууллагууд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, дархлаа дэмжих бүтээгдэхүүн, гар ариутгагч, мөнгөн тусламжийг илгээж байгаа нь бидэнд маш их ажиллах урам, сэтгэлийн дэм өгч байна. Иргэдийнхээ сайхан сэтгэлд чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлмээр байна.

-Эрүүл мэндийн салбар эдгээр өдрүүдэд ямар зохион байгуулалттай ажиллаж байна вэ?

Энэ өвчний талаар ДЭМБ 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр зарласнаас хойш эрүүл мэндийн байгууллага, тэр дундаа ХӨСҮТийн алба хаагч нар цаг наргүй өндөржүүлсэн бэлэн байдалд гэртээ ч хэд хоногоор харихгүйгээр ажиллаж байна. Мөн тусгаарлан ажиглах байранд резидент эмч нар тусгаарлагдан ажиглалтад байгаа хүмүүст эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Халдвар зөөвөрлөгдөн орж ирэхээс сэргийлж бид урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүлэх чиглэлээ болгон ажилласан. Өвчнөөс сэргийлэхийн тулд ЭМЯ сургалт судалгааны ажлууд хийн иргэдэд энэ төрлийн мэдээ, мэдээлэл олгох контент хөгжүүлэлтийн ажлуудыг хийж хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээн ажиллаж байна. ДЭМБаас нэгдүгээр сард эрсдэлийн үнэлгээ хийхэд Монгол Улсад энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэх өндөр эрсдэлтэй хэмээн үнэлэгдсэн. Аливаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд хөл хорио тогтоох, хөдөлгөөнийг хязгаарлах нь хамгийн эхний авах арга хэмжээ байдаг. Засгийн газар цаг алдалгүй шуурхай агра хэмжээ авч ажилласнаар ахуйн халдвар Монгол Улсад өнөөг хүртэл бүртгэгдээгүй нь манай улсын Засгийн газар маш сайн ажиллаж байгаагийн үр дүн юм.