Categories
мэдээ нийгэм улс-төр

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН: Хэлэлцэх асуудал, хуваарь 2020.04.20-24

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 04 ДҮГЭЭР САРЫН 20-НOOС 24-НИЙ ӨДРҮҮДЭД НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ, БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ, ХУВААРЬ

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 20-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “Үндсэн хууль” танхимд.

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 21-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

04 дүгээр сарын 22-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

3.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

04 дүгээр сарын 23, 24-ний Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таксины жолооч нар үнээ буулгана гэв

Хаврын салхи хавирга нэвт үлээсэн жихүүн өдрийн ард нар ээсэн намуухан өглөө эхэллээ.

08:00 цагийн алдад л хотын төвийн хөдөлгөөн аль хэдийнэ бужигнаад эхэлжээ. Нэг удаагийн хөх өнгөтэй амны хаалтаар жигдэрсэн иргэд хотын гудамжаар түргэн алхална. Хаа нэг тийш яарсан иргэд ямар нэг зүйлд санаа зовсон, түгшсэн төрхтэй. Дэлхий нийтийг айдаст автуулаад буй тахал манайд ч дэгдэх аюул хажууханд байгааг иргэд ч ухамсарласан бололтой. Амны хаалтгүй гудамжаар алхах хүн нэг ч харагдсангүй. Дор бүрнээ л аюулт тахлаас урьдчилан сэргийлж амны хаалт зүүжээ. Саяхан “Сонгдо” эмнэлэгт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь иргэдэд том анхааруулга өгсөн аж. Харин маскаа эрүүн дээгүүрээ тохож хамраа ил гаргасан ахмадууд олон тааралдсан. Маск зөв зүүх зөвлөмжийг Эрүүл мэндийн яамнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр цаг тутам хүргүүлж байгаа. Харамсалтай нь иргэд мөрдөх тал дээр тааруу байгаа нь ажиглагдаж байсан. Улсын онцгой комиссоос халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр амны хаалт зүүгээгүй иргэдийг Зөрчлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15-ын нэг дэх хэсэгт зааснаар 150 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргаад байгаа.

Шийдвэрийг хэрэгжүүлэхээр нийслэлийн 173 хорооны 1535 хэсгийн байцаагчийг сургалтад хамруулж, цагдаагийн үүргийг давхар гүйцэтгэх эрхийг олгоод байгаа юм. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагчдын ажил бага үдийн алдад эхэлж байна. Автобусны буудал, худалдааны төв зэрэг олон цугласан газруудаар явж маскаа буруу зүүсэн, бага насны хүүхэд дагуулсан иргэдэд анхааруулж явна лээ. Тэд юу юугүй ч шууд торгочихдоггүй бололтой. Маскаа авч бөөнөөрөө тамхи татах залуус руу очиж нөхөрсгөөр зөвлөгөө өгч байгаа харагдсан. Өнөө хэд нь ухамсартай хүлээж авч байна лээ. Торгохоо урьтал болгох бус сэрэмжлүүлэг өгч, аюул хажууханд байгааг анхааруулж байв.

Мөн эргүүлгээрээ маск тохож хамраа ил гаргасан ахмадуудад хэсгийн байцаагч нар зөвлөгөө өгч ажиллаж байсан юм. Ахмадуудын төлөөллөөс маскны ач холбогдлын талаар үзэл бодлыг нь сонслоо.


-Коронавирусээс таны хувьд өөрийгөө хэрхэн сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас хийж буй мэдээллийг цаг тухайд нь үздэг. Гадуур явахад бол маск зүүж л халдвараас сэргийлж байна.

-Маск зүүхийн ач холбогдлыг та хэрхэн харж байна вэ. Найдвартай хамгаалалт мөн үү?

-Маск зүүгээд явж байхад хүний шүлс нүд ам руу үсэрчихгүй байх. Маск тогтмол зүүгээд явж байхад юу юугүй ханиад хүрчихгүй байлгүй дээ. Хүнд цаг удахгүй дуусах байх. Ер нь өвлийн улиралд маск зүүгээд хэвшчихвэл ханиаднаас сэргийлэх наад захын арга юм шиг санагдлаа” гэсэн юм. Аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх ахмадуудын ойлголт ийм байна.

Хотын төв хэсгээр ажиллаж буй хэсгийн байцаагч нар ч зөвлөгөө өгөөд л анхааруулж сэрэмжлүүлээд өнгөрч байна. Харин гэр хорооллын бүс Баянхошуу орчимд бол нийслэлийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дагаж мөрдөж амны хаалт зүүхгүй байх зөрчил нийтлэг ажиглагдсан. Шар хантааз өмссөн хэсгийн байцаагч нар шаардлага тавьдаг ч тоодоггүй аж. Зарим иргэдийг торгоод л төлбөрийн чадамжгүй, бүр оршин суугаа хаяг нь тодорхойгүй байдаг гэх мэт хэсгийн ахлагч нарт тулгардаг бэрхшээл их байгаа талаар тэд хэлж байлаа. Маск зүүхгүй тавьсан шаардлагыг биелүүлэхгүй үл тоож байгаа иргэд бусдынхаа эрүүл мэндэд заналхийлж байгааг онцолж байв.

Сонирхуулахад, Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл түгээсэн, эсхүл эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмийг зөрчсөн бол хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг юм.

Өдөр тутмын 11:00-12:00 цагийн хооронд Онцгой байдлын ерөнхий газраас хүн олноос цугласан автобусны буудал, зах худалдааны төвүүдийн орчмоор эргүүл явуулж коронавирусээс дор бүрнээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж байсан юм.

Өдрийн цагаар таксигаар үйлчлүүлэх иргэд олон харагдана лээ. Харин жолооч нар нь огт амны хаалт хэрэглэхгүй байгаа дутагдал ажиглагдсан.

Ер нь тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцож буй иргэд амын хаалт хэрэглэхгүй байгаа явдал нийтлэг байсан юм.


Такси үйлчилгээнд явдаг иргэн О.Хишигбат: ТАКСИНААС БУУХДАА МАСКАА ЗҮҮЧИХДЭГ ЮМ

Бид таксины үйлчилгээнд явж буй иргэн О.Хишигбаттай цөөн хором хөөрөлдлөө.


-Коронавирус дэлхий нийтийг айдаст автуулаад байна. аюулт тахлаас хэрхэн урьдчилан сэргийлж байна вэ?

-Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийг л мөрдөж байгаа. Ер нь тэгээд онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй л байна. Хүмүүс ч гэртээ л байна. такси барих иргэд тэр бүр байхаа больсон байна. Би ээлжийн ажилтай, амрахдаа таксинд хүн зөөдөг юм.

-Машиндаа маск зүүхгүй юм. Эрсдэлтэй юм биш үү?

-Буухдаа зүүчихдэг юм (Машины толиндоо маскаа тохсон байв). Машинд битүү орчинд даавуун маск зүүхэд хэцүү. Анхаарал ч бүрэн төвлөрч өгдөггүй. Олон хүн орж ирэхэд бол зүүчихдэг.

-Шатахууны үнэ 300 төгрөгөөр буурчээ. Таны хувьд таксины үнээ буулгасан уу?

-Километрийг нь мянган төгрөгөөр л явж байна. Бүх колонкууд үнээ жигдхэн буулгаагүй байна лээ. Хүмүүс ч гэр гэртээ байгаа болохоор тэр бүр такси барихгүй юм. Олдсон цөөхөн хүн нь 1000 төгрөг төлөөд л явж байна.

-Иргэд үнэ буулгахыг шаардаж байна уу?

-Одоогоор надад мэдэгдсэн юм алга.

-Гадуур шатахууны үнэ өсөөгүй байхад ямар ханштай байсан бэ?

-800 төгрөгөөр явдаг байсан. Шөнийн цагаар бол 1000 төгрөгөөр явдаг байсан байх. Колонкууд бензиний үнээ жигдхэн буулгахад жолооч нар ч таксины үнээ буулгах байх” гэв.

Шатахуун түгээх станцууд үнээ жигдхэн буулгажээ. Super 92 шатахуун түгээх станцын салбаруудад А92 шатахуун хамгийн хямд буюу 1440 төгрөгөөр худалдаалагдаж байлаа. Харин Петровис шатахуун түгээх станцын Энхтайвны гүүрний ойролцоох салбарт А92 шатахуун 1540 төгрөгийн ханштай худалдаалагдаж байна. “Сод Монгол” шатахуун түгээх станцын салбаруудад 1490 төгрөгийн ханштай байна. Түүнчлэн “Сод Монгол” шатахуун түгээх станцын зүгээс хөнгөлөлтийн карттай иргэдэд литр шатахууныг 1390 төгрөгөөр олгож байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажил 80 гаруй хувьтай хэрэгжиж байна

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байна. Төслийн 1 дүгээр үе шатны хүрээнд хотын хойд бүсийг Баянхошуу, Сэлбэ дэд төв болгон хэсэгчлэн хөгжүүлэхээр дэд төвүүдэд нийгмийн барилга байгууламжууд болон инженерийн дэд бүтцийн нийт 50 гаруй ажлууд хийгдэж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр холбогдох албаны хүмүүсийн хамт дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлын явцыг шалгаж ажиллалаа.

““Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн I үе шатны хүрээнд Сэлбэ дэд төв Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц баригдаж бүрэн ашиглалтад ороход эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд холбогдоно.

Мөн гэр хорооллын айл өрхийн түүхий нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн уурын зуухыг халах боломжтой болно” хэмээн “Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр төсөл”-ийн дулааны инженер Х.Цолмонбаяр танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбож, эрүүл ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах ажил үе шаттай хийгдэж байна. Цаашид ажлын төлөвлөгөөгөө илүү нарийн гаргаж, цаг хугацаатай уралдаж ажиллаж шаардлагатай. Сэлбэ дулааны станцын ажлыг тохижилтын ажилтай нь хамт хийж, шуурхай чанартай гүйцэтгэхэд холбогдох газрууд сайн хяналт тавьж ажилла” хэмээн гүйцэтгэгч компанийн удирдлагуудад үүрэг өглөө.

Мөн “Гэр хорооллын томоохон дэд төвүүд, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар иргэдийг бодит мэдээллээр байнга хангах ажил дутуу хийгдэж байна” гэдгийг онцолж хэлсэн юм.

Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэн баригдана

Үүний дараа Хотын Захирагч С.Амарсайхан Сонгинохайрхан дүүргийн 9, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Баянхошуу хайрханы бэлд баригдах цэцэрлэгт хүрээлэн, нийтийн чийрэгжүүлэх спорт цогцолборын талбайд ажиллалаа.

нэ үеэр “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд “Энд иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амарч зугаалах шинэ орчин бий болно. Нийтдээ 2 га газарт төлөвлөлтийг хийсэн. Хөлбөмбөг, сагсанбөмбөг болон чийрэгжүүлтийн талбай, хоёр талаараа дугуйн зам, явган хүний замаар холбогдсон, боловсон бие засах газар, усан оргилууртай цэцэрлэгт хүрээлэн байх юм. Зургийн ажил бүрэн дууссан. Одоо тендерийн сонгон шалгаруулалтын ажил хийгдэнэ” гэв. Хотын Захирагчийн зүгээс “Энэ бүсэд амьдарч байгаа иргэддээ төрийн үйлчилгээг дэргэдээсээ авах болон амарч зугаалах орчин нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгаа гэдэг мэдээллийг сайн өгөх шаардлагатай. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа иргэддээ сайн ойлгуулаад хамтран ажиллах нь зүйтэй. Бид захын гэр хорооллуудад амьдарч байгаа иргэддээ чөлөөт цагаа ая тухтай орчинд өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхийг зорьж ажиллана” хэмээлээ. Одоогоор Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдэд өрнүүлж буй бүтээн байгуулалтын ажлын явц 80 хувьтай хэрэгжиж байна.

Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллахыг хүслээ

Дэд төвүүдийн бүтээн байгуулалтын ажлыг шалгах энэ үеэр олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагчидтай уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо. “Иргэд гадуур маскгүй их явж байна. Зохих шаардлагыг тавьж, зарим иргэдэд маск өгсөн. Үйлчилгээний газрууд амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй байх хэрэгтэй байна” гэдгийг олон нийтийн цагдаагаар ажиллаж буй хэсгийн ахлагч нар Хотын Захирагчид уламжиллаа. “Журмаар олгосон эрхийн хүрээнд иргэдэд шаардлагаа тавьж хэрэгжилтийг нь хангуулж ажиллаарай. Хотын соёлыг хэвшүүлэхэд та бүхний оролцоо их чухал шүү” гэдгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн юм.

Хороо хэсгийн ахлагч нар олон нийтийн цагдаагаар ажилласнаар нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг шуурхай мэдээллэх, олон нийтийн гудамж талбайд нус, шүлсээ хаясан, ил задгай бие зассан иргэдэд хатуу шаардлага тавих болон бусад хориглосон заалт журмыг зөрчсөн иргэдэд сануулга өгч хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэйгээр ажиллаж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Амартүвшин: Иргэд олноороо ажилгүй болж байхад Засгийн газар хувь хүн рүү чиглэсэн шийдвэр гаргачихлаа

– ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН САНААЧИЛГА, УИХ-ЫН ДАРГЫН ШИЙДЭЛД Л НАЙДАЖ БАЙНА –

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй эдийн засгийн сүүлийн үеийн асуудлаар ярилцлаа.


-Коронавирусийн цар тахлын үед засгаас эдийн засаг, компаниудыг дэмжих шийдэл гаргаж, тэр шийдвэрийг нь УИХ албажууллаа. Өнөөдөр хамгийн эмзэг асуудал бол ажлын байр, ажлын байруудаа хадгалж байж хямралыг хохирол багатай давна гэж эдийн засагчид хэлж байна. Төр засгаас гарсан шийдвэрээс яг ямар шийдэл нь ажлын байрыг хадгалахад чиглэсэн бол. Ер нь компаниудын асуудлыг шийдэх боломж харагдана уу?

-Шуудхан хэлэхэд, сая гарсан шийдвэрүүд компаниудын асуудлыг шийдэх хэмжээнд гарсангүй л дээ. Засгийн газрын шийдвэрийг бүхэлд нь анзаарахаар ажлын байрыг хадгалах, борлуулалтын орлогыг нэмэх чиглэлд ахиц, дэмжлэг болохоор зүйл алга. Өнгөц сонсоход таатай шийдвэр гарсан мэт боловч нэг том асуудал байна. Засгаас үзүүлэх дэмжлэгийг авахын тулд тодорхой нөхцөлүүд тавьчихсан.

Харамсалтай нь тэр нөхцөлийг нь хангах компани үлдээгүй. Засагт бид бүхэлдээ таван багц, 21 санал хүргүүлсэн. Үүнээс гадна түрээслэгч болоод эмийн салбар, банкуудтай холбоотой саналуудыг хүргүүлсэн юм. Нийлээд 34 санал хүргүүлсэн л дээ.

Бидний саналыг хүлээж авсан хэрнээ Засгийн газраас санал болгосон шийдлүүд үнэхээр хангалтгүй байгаа. Яригдсан долоон асуудлын тухайд хувийн хэвшлийн үйл ажиллагааг тэлэх, дэмжих, ажлын байрыг хадгалахад чиглэсэнгүй л дээ. Хувь хүн рүү чиглэсэн асуудал болоод хувирчихсан нь нуугаад байх зүйл биш.

-Жижиг компаниуд илүү эрсдэлтэй нүүр тулж байна гэх юм. Үнэхээр тийм байна уу?

-Компаниудын хувьд том жижиг гэлтгүй борлуулалт, үйл ажиллагаа нь доголдчихлоо. 200 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлнэ гэж байгаа. Зөвхөн ийм дэмжлэг авах гэж ажлын байраа хадгалж үлдэнэ гэдэг компаниудын тухайд утгагүй болчихлоо л доо. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт дээр нөхцөл заачихсан.

Уг нь ийм нөхцөл заахгүйгээр нийтээр нь дэмжсэн бол хамгаалж болох байсан юм. Засгаас тавьсан нөхцөл, шалгуурыг хангах компани бараг алга. Орлогогүй, үйл ажиллагаа нь доголдсон компанид нийгмийн даатгал төлнө гэсэн ойлголт байхгүй шүү дээ.

-Өчнөөн хүн ажлаа алдах нь, ажлаасаа цомхотгогдсон иргэд том асуудал болох гэж байна гэдгийг МҮХАҮТ-аас эрх баригчдад сануулсан уу?

-Сануулахаар барах уу. Нарийн тооцоо судалгаа гаргаж танилцуулсаар ирсэн. Олон нийтэд ч гэсэн ил тод мэдээллэсээр өнөөг хүрсэн шүү дээ.

-Жижиг компаниуд өчнөөнөөрөө үүдээ барьж эхэлсэн ч олны анхаарлыг төдийлөн татахгүй өнгөрчихөөд байна, том компаниуд нь цомхотгол хийж яваа ч нийтэд мэдээлэхгүй болохоор ажилгүйдэл газар авсан нь анзаарагдахгүй байгаа гэх юм. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Ортой байлгүй яахав. Бүр бодитой мэдээлэл. Цар тахлын хөл хорионоос болж бизнесийн хэчнээн салбар ажиллахгүй, ашиг орлого нь тасарчихсан явааг олон нийт харж суугаа. Манайхан гадны байгууллага шиг хүмүүсээ ажлаас халлаа гэхэд шууд нийгмийн даатгалын байгууллагуудад ханддаггүй онцлогтой. Мэдээлэл нь ил тод биш учраас нарийн тоо гаргахад хэцүү байна л даа.Сүүлд гуравдугаар сарын 23-нд явуулсан судалгаагаар 8000 орчим хүнийг цомхотгохоос аргагүйд хүрсэн гэх хариуг компаниуд өгч байсан. Тэр судалгаанд 1500 компани оролцсон юм. Өнгөрсөн долоо хоногт лав хөнгөн үйлдвэрийн салбарын нэлээд олон компани үйл ажиллагаагаа зогсоож байна гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Ганц тодорхой зүйл гэвэл ажилгүй болж буй иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа.

-Байдал хэцүүдлээ гэдгийг тоо баримттайгаар танилцуулсаар байхад ажлын байр хадгалах чиглэлд шийдвэр гарахгүй байгаагийн цаад шалтгаан нь юу бол?

-Монголын сонгууль, улс төрийн тогтолцоо болохгүй байгаагийн нэг тод илрэл гэж би хувьдаа харж байгаа. Эдийн засаг хүндэрчихлээ, ажлын байр огцом хумигдах нь гэдгийг судалгаа тооцоотойгоор танилцуулаад байхад Сангийн сайд сонсохыг хүсэхгүй байна л даа. Монгол Улс 21 аймаг, 330 сумтай. Гэтэл ганц аймгийн таван сумыг төлөөлж УИХ-д сууж байгаа сайд Монголын ард түмний амьдралаар тоглоод сууж байна. Ингэж болохгүй. Сангийн сайд төсвийн хөрөнгө оруулалтын нэлээдийг тойрог руугаа татчихсан суугаа. “Төсвийн хөрөнгө оруулалт ард түмний амьдралыг дэмждэг” гэсэн тайлбар хэлж ойр тойрныхоо хүмүүсийн цөөн компанийг дэмжээд Монголын эдийн засгийг босгоно гэж байхгүй. Ийм хүнд цагт том улс орны язгуур эрх ашгийг бодох ёстой.

-Яг одоогоор хэцүүдчихсэн байгаа, ажилчдаа цомхотгохоос аргагүйд хүрсэн салбар, бизнесийн асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Жижиг дунд үйлдвэр дээр нэмэх нь үйлчилгээний газрууд, худалдааныхан хэцүүдэж байна. Улаанбаатарт ойролцоогоор 50 гаруй мянган лангуу түрээслэгч бий. Энэ хүмүүсийн орлого эрс буурчихсан. Ихэнх нь хүнээ цөөлсөн. Үйл ажиллагаагаа зогсоосон нь ч нэлээд байна. Жуулчлалын сезон эхэлсэн энэ үед аялал жуулчлалтай холбоотой бүх үйл ажиллагаа зогсчихлоо. Улаанбаатар хотын эргэн тойрны амралт гэх мэт жуулчлалтай холбоотой газруудын үйл ажиллагааг зогсоосноос болж өчнөөн ажлын байр хумигдсан. Танхимын хийсэн судалгаанд аялал жуулчлалын салбар ямар цохитод орж байгааг тодорхой гаргасан л даа. Аялал жуулчлалтай холбоотойгоор зочид буудал, ресторан, саун, караоке, спорт, фитнесс төв гэх мэт газрууд үйл ажиллагаагаа хаагаад гурван сар орчим болчихлоо. Энэ газрууд ажлын байраа хадгалах ямар ч боломжгүй. Сарын орлого нь зардалдаа шингэдэг, ашиг багатай гэсэн онцлог эдгээр бизнест бий.

-Хаврын чуулганы нээлтийн үеэр Ерөнхийлөгч ажлын байраа хадгалж үлдэхгүй бол компаниуд хэцүүдлээ гэсэн утгатай үг хэлсэн. Ерөнхий сайдын үйлдэл, мэдэгдлийг анзаарахаар Сангийн сайдын байр суурийг баталгаажуулсан утгатай зүйл яриад суугаа. УИХ-ын дарга ямархуу байр суурьтай байгаа вэ. ҮАБЗ-ийн гишүүд цар тахлын эдийн засгийн хямралаас гарах гарцыг яаж харж яваа бол гэдэг утгаар асууж байна л даа…?

-Ерөнхийлөгчийн санаачилгыг хувийн хэвшил, тэр дундаа танхим дэмжиж ажиллана гэж хэлмээр байна. Ажлын байраа хамгаалах гэх мэтээр компаниудаа дэмжсэн бодитой үйлдэл гарцаагүй хийх ёстой гэсэн утгатай үгийг Ерөнхийлөгч чуулганы нээлтийн үеэр хэлсэнд хувийн хэвшлийнхэн олзуурхаж байгаа. УИХ-ын дарга ч компаниудад тулгараад буй зовлонг ойлгож, ажлын байрыг хадгалах чиглэлд онцгой анхаарах ёстойг ойлгочихсон яваа юм билээ. УИХ-ын даргын санаачилсан арван багц саналд нэн хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн батлан даалтад анхаарах, жижиг дунд бизнест зээл олгох, ипотекийг дэмжих гэх мэт шийдэл туссан байна лээ. Энэ гарцуудыг би хувьдаа дэмжиж байна.

-Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд бид яг яах ёстой вэ. Зарим эдийн засагч хямралыг давсан Ерөнхий сайдуудаас бүрдсэн баг байгуулж ажиллах санал гаргаж байсан…?

-Цаашдаа эдийн засгийн эрчимжүүлэх, эдийн засгийг зөв удирдахын тулд яах ёстой вэ гэдэг бол зайлшгүй тавигдах ёстой асуулт л даа. Өнөөдрийн Засгийн газрын бүтэц, яамдын уялдаа холбоог харахаар учир дутагдалтай зүйл их байна. Тэгэхээр эдийн засгаа эрчимжүүлэх ажлыг хариуцсан түр хороо байгуулах гэх мэтээр гарц хайх цаг нь болчихож гэж харж байна. Тэр бүтцээрээ дамжуулж том, гол гэсэн төслүүдээ эрчимжүүлэх, далайцтай бүтээн байгуулалт өрнүүлэх гэх мэтээр хурдтай ажиллахгүй бол цар тахлын манай улсын эдийн засагт үзүүлэх нөлөө маш ноцтой байдалд хүргэж мэдэхээр байна. МҮХАҮТ-аас эдийн засгийг эрчимжүүлэх нэгж байгуулах гэсэн саналыг хүргэсэн байгаа. Үндэсний томоохон компаниудаа зөв зохион байгуулалтад оруулаад, танхим хувийн хэвшлийн ил тод манлайллаар хямралыг давж чадна.

-Ингэж чадвал эдийн засаг сайжрах уу?

-Хэрвээ ингэж чадвал эдийн засгийг одоогийнхоос даруй 2.5 дахин тэлэх боломжтой Энэ тал дээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг нэгдмэл байр сууринд хүрээсэй гэж хувийн хэвшлийнхэн хүсч байгаа. Ерөнхийлөгч санаачлаад, УИХ-ын дарга тэр санаачилгыг нь бодитой ажил болгоод бүтээн байгуулалтын ажил өрнүүлж, эдийн засгаа аврах зайлшгүй шаардлага байна.Шинэ бүтээн байгуулалтуудыг ямар гарц шийдлээр эхлүүлэх, тендер сонгон шалгаруулалтыг яаж нээлттэй, ил тод шударга явуулах, хэрхэн хүртээмжтэй байлгах талд анхаарах ёстой. Цөөн хэдэн компанийг онцлолгүйгээр олон компанийг хүртээмжтэйгээр хамруулах ажлыг зохион байгуулах шаардлагатай гэж харж байна. Компаниуд банкнаас зээл авах боломж бололцоогүй шахам болчихлоо. Барьцаа хөрөнгө, өмнөх зээл гэх мэт өчнөөн асуудал бий. Тэгэхээр компаниудын зээлийн хүүг буулгах хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийнх нь татвартай уялдуулаад төр өөрөө батлан даалтын сангаар дамжуулж батлан даалтын дэмжих шаардлага бий болсон. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд хангалттай хэмжээний мөнгө байршуулах гарц байгаа. Ингэж чадвал ажлын байр олноороо нэмэгдэнэ. Цөөн компани ашигтай ажиллах нь чухал биш болчихсон, олон компани ажлын байраа хадгалж хүртээмжтэй байх цаг шүү гэсэн үгийг эрх баригчдад даймаар байна. Тун удахгүй хөдөө аж ахуйн салбарын ажил эхлэх гэж байгаа. Ажлын байрыг олноор шингээдэг энэ салбараа бодитойгоор дэмжих хэрэгтэй. Дөрвөн улирлын хүлэмжийг их хэмжээгээр бий болгох хэрэгтэй. Барилгын салбар ч хэцүүдсэн. Энэ мэт ажлын байр олноор бий болгодог, нэмүү өртөг шингэсэн ийм салбаруудыг цаг алдалгүйгээр дэмжмээр байна. Энэ бүхэн УИХ-ын даргын нэмж санаачилсан арван зүйлд багтсан. Танхим өнөөдөр бизнесийн салбарыг төлөөлж ажилладаг мэргэжлийн холбоодод асуудал, саналуудаа нэгтгэж өгөх хүсэлт хүргүүллээ. Тэднээс ирсэн саналуудыг нэгтгээд төр засагт дахин санал хүргүүлэх асуудал ч яригдах байх. Цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол асуудал үүсээд гурван сар өнгөрчихлөө. Энэ мэтээр удах хэрээр компаниуд улам бүр хэцүүдээд байна. Татвар нийгмийн даатгал гэх мэт асуудлын тухайд хэрэгжих журам нь тодорхой болоогүйтэй холбоотойгоор татварын байгууллага, компаниудын дунд үл ойлголцол үүсээд байна. Ингээд яриад байвал цаг алдалгүй шийдэх цөөнгүй асуудал бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Б.Бүрэнбаатар: Дээрэмдэх гэмт хэрэг 39 хувиар буурсан

ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Бүрэнбаатартай ярилцлаа.


-Нэгдүгээр улиралд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл өгөхгүй юү. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад ямар үзүүлэлт харагдаж байна вэ?

-Цагдаагийн байгууллага энэ оны нэгдүгээр улиралд иргэд, байгууллагаас 135.845 дуудлага, мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэсэн.

Энэ хугацаанд цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 8003 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 1902 буюу 19.2 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Нийслэлийн хэмжээнд 5260 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 1406 буюу 21.1 хувиар, орон нутгийн хэмжээнд 2735 гэмт хэрэг бүртгэгдсэн нь 474 буюу 14.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарсан.

Нийт гэмт хэргийн 65.7 хувь нь Улаанбаатар хотод, 34.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байна.

-Үйлдэгдсэн гэмт хэргүүдийг задалж үзэхэд ямар төрлийн гэмт хэрэг зонхилж байна вэ?

-Өмчлөх эрхийн эсрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 85.6 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл 28.0 хувийг хулгайлах гэмт хэрэг, 17.4 хувийг залилах гэмт хэрэг, 21.8 хувийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг, 6.3 хувийг мал хулгайлах гэмт хэрэг тус тус эзэлж байна.

-Цахим гэмт хэргийн үзүүлэлт өссөн гэсэн. Энэ талаар тодруулаач. Юу нөлөөлөв?

-Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг 93 бүртгэгдсэн нь 19.2 хувиар, хууль бусаар ан агнах гэмт хэрэг 38 бүртгэгдэж 81.0 хувиар тус тус өссөн үзүүлэлт гарсан. Мөн цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 34 бүртгэгдэж 2.1 дахин тус тус өссөн байна.

-Дээрх гэмт хэргүүд өсөхөд юу нөлөөлсөн гэж харж байна вэ. Согтууруулах ундааны хэрэглээ нөлөөлж байна уу?

-Нийт гэмт хэргийн 799 буюу 10.0 хувь нь согтуугаар, 416 буюу 5.2 хувь нь бүлэглэн, 279 буюу 3.5 хувь нь гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн. Мөн 2526 буюу 31.6 хувь нь шөнийн цагаар, 1351 буюу 16.9 хувь нь гудамж талбайд үйлдэгдсэн байгаа юм.

Гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 11.4, нийслэлийн хэмжээнд 12.1 хувиар, орон нутагт 8.8 хувиар өссөн үзүүлэлт гарсан.

Гэмт хэрэгт 3216 хүн холбогдон шалгагдсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 409 буюу 14.6 хувиар өссөн үзүүэлттэй байгаа.

Холбогдогчдын 407 буюу 12.7 хувийг эмэгтэй хүн эзэлж байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 89 буюу 28.0 хувиар өсч, 127 буюу ахуйн хувийг хүүхэд эзэлж байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 64 буюу 33.5 хувиар буурсан.

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль зөрчсөн тохиолдол өндөр дүнтэй гарсан байна лээ…

-Нэгдүгээр улиралд нийт 545.862 зөрчил бүртгэгдсэний 91.9 хувийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, 4.0 хувийг Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах төрлийн зөрчил эзэлж байна.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 77.6 хувь нь нийслэл хотод, 22.4 хувь нь орон нутагт бүртгэгдэж, 99.6 хувийг шалган шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.2 хувиар өссөн байна.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг, зөрчилд холбогдсон 27077 хүн эрүүлжүүлэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1743 буюу 6.0 хувиар буурсан үзүүлэлт. Нийт эрүүлжүүлэгдсэн хүний 74.5 хувь нь Улаанбаатар хотод, 25.5 хувь нь орон нутагт эрүүлжүүлэгдсэн байна.

-Үзүүлэлтүүдийг ажиглахад дээрэмдэх төрлийн гэмт хэрэг өндөр хувиар буурсан нь харагдаж байна. Үүний шалтгаан юу вэ?

-Цагдаагийн байгууллага 2020 оны эхний улиралд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр “Ятгах тусам нягтал”, “Хайр өвтгөдөггүй”, “Дахин сэрэмжилье, дахин шалгая” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан. Нөлөөллийн ажлын үр дүн гэж харж болно. Нөгөө талаасаа иргэдийн хууль эрх зүйн боловсрол дээшилсэн байна.

Мөн дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн коронавирусийнн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоон хэрэгжүүлж, иргэд, олон нийт төр засгаас тогтоосон дэглэмийг ухамсартайгаар сахин биелүүлж, төрийн байгууллагын алба хаагчдын тавьсан шаардлагыг хэрэгжүүлж байгаа явдал нь энэ оны нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэрэг, зөрчил буурч үзүүлэлт эерэг гарахад нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллага үзэж байна.

Мөн хөл хорионы үед иргэд гэртээ байгаа нь орон байрны хулгайн гэт хэрэг тодорхой хэижээнд буурахад нөлөөлсөн гэж харж байгаа.

-Хөл хорио тогтоогоод буй энэ үед ахуйн хүрээнд архидах явдал өсөх хандлагатай байгаа гэх мэдээлэл байсан. Энэ нь гэмт хэргийн нөхцөл байдалд яаж нөлөөлж байна вэ?

-Ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал гарч байгаа энд анхааруулъя. Архи согтууруулах ундаа хэрэглэхэд хувь хүний дархлаа унаж таны эрүүл мэндийн эрсдэлд оруулна. Дархлаа сул хүн л өвчин тусах магадлал өндөр байдаг шүү дээ.

Цагдаагийн байгууллагаас иргэддээ хандан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс аль болох татгалзах, аюулт цар тахалтай холбогдуулан төр засгаас тогтоосон дэглэмийг үргэлжлүүлэн чанд сахихыг уриалж байна.

-Ер нь хөл хорионы үеийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Иргэдийн ихэнх нь гэртээ байгаа. Ихэнх цагийг цахим орчинд өнгөрүүлж байна. Гэмт этгээдүүд үүнийг олзолж цахимд орчинд гол анхаарлаа хандуулаад байна. Короновирустэй тэмцэж байгаа төрийн байгууллага, алба хаагчид, хүнд өвчтэй хүнд хандив цуглуулах нэрийдлээр хуурамч хаяг нээн компанит ажил өрнүүлэн иргэдийг залилах явдал гарч байгаа.

Мөн бараа материал нийлүүлнэ хэмээн залилсан хэд хэдэн тохиолдол гарсан.

БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ” гэж иргэн Б-д санал болгож 8.400.000 төгрөг шилжүүлэн авч залилсан үйлдэл шалгагдаж байна.

Мөн “Онлайн шоп”-оор маск худалдана гэсэн зарын дагуу иргэн Г, М нар нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улс руу 117.0 сая төгрөгийн урьдчилгаа шилжүүлэн залилуулсныг цагдаагийн байгууллага мөрдөн шалгаж байна.

Энэ мэт үйлдлүүд гарч байгаа учраас иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Ард Аюушийн өргөн чөлөөний олон жил сул шороон хөрстэй байсан замын гол хэсгийг иж бүрэн тохижуулж байна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2019 онд Ард Аюушийн өргөн чөлөө буюу Саппорогийн уулзвараас хойш Өргөө кинотеатрын уулзвар хүртэлх зам дагуу 1350 ширхэг бортоготой гацуур мод тарьсан.

Энэ онд 1.6 км урт уг замын голын булеварын ногоон байгууламж дагуу иргэдэд зориулсан явган хүний зам, сандал, хогийн сав, троссон хашлага бүхий иж бүрэн тохижилт бүтээн байгуулалтын ажлыг хийж байна. Нийт 5925м.кв явган зам, 4700м троссон хашлага хийнэ. Өнөөдөр энэ тохижилтийн бүтээн байгуулалтын ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нар шалгаж, гүйцэтгэгч компанийн ажилчидтай уулзав. Гүйцэтгэгчээр “Охь мандал” компани ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил тавдугаар сарын 15 гэхэд дуусна гэдгийг холбогдох албаны хүмүүст хэлсэн юм.

Categories
мэдээ утга-зоxиол цаг-үе яруу-найраг

Лодонгийн Түдэвийн өрөөнд төрсөн шүлэг

Монголын суут их хүмүүн Лодонгийн Түдэв бурхны оронд одоод удаагүй байна. Эл өдрүүдэд олон түмэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Түдэвийнхээ тухай дурсаж, эрдэнэсийн арвин сан мэт бүтээл зохиолыг нь ярьж байна. “Түдэв гуай Нобель авахгүй байх л даа. Уул нь авах ёстой хүн нь гарцаагүй мөн. Цагаасаа хамаагүй эрт түрүүлчихсэн хүн юм. Гэвч энэ цаг үе Түдэвийгээ хайрласангүй” гэж утгын их мэргэд, зохиолч найрагчид хэлдэг. Саяхан Цоодол багш минь утсаар холбогдлоо. Бид хоёрын яриа гарцаа байхгүй Түдэв гуайн өрөөнд төрсөн шүлэг дээр нь буулаа. Ерэн найман оны наадмын маргааш агуу их Түдэвийнхээ Хөдөлмөрийн баатрыг угаах санаатай Цоодол, Бадарч, Төрбат гурав Тү жанжныхаа уйтан харанхуй өрөө(“Үнэн” сонины)-нд нь ганц юм ганзагалаад очсон гэдэг. Тэгээд л энэ шүлэг төрсөн байдаг.

Түдэв гуай ч тэр жил нь хариу шүлэг бичиж хэлэх үгээ хэлсэн. Яг энэ цаг мөчид эл хоёр шүлгийг дахин дахин уншихуйяа, мөн ч их зүйлийг бодогдуулж байх юм. Бурхдын хөөрөлдөөн гэдэг нь энэ биз, бурхан яруу найрагчаар үгээ хэлүүлдэг гэдэг нь энэ биз гэж бодож сууна. “Төр засаг гэж байдаг юм бол Түдэвийгээ аль болохоор наслуулах, оюуных нь нөөцийг авч үлдэх, монгол хүний оюун юу бүтээж, юуг мэдэж болдгийг уул нь гайхуулмаар байна. Гэвч тэгж өгөхгүй юм даа” гэж багш минь Бүрэнгийнхээ тэнгэр дор өнгөрөгч намар гунигтайхан өгүүлж билээ. Ингээд их утга зохиолын хоёр их бурхдын нэг нэгэндээ хандсан шүлгийг хүргэе.

ЛОДОНГИЙН ТҮДЭВИЙН ӨРӨӨНД
ТӨРСӨН ШҮЛЭГ

Уйтан, харанхуй, намхан, мартагдсан мэт өрөөнд

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дунд

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан шиг Лодонгийн Түдэв сууна

Говь-Алтай, Нарангийн сургуулийн модон цүнхтэй жаал

Гоц мэргэн, Янжинлхам бурхны хайртай боол

Нармай их өвгөдийн хол харвасан сүнс мэт

Нар, олноос далд энд юунд бүгнэ?

Есөн өрлөг цэцэлсэн энэ ногоон газар дээр

Ертөнц багтсан ухаантан хэд билээ

Ергөж, тогтож ергөсөн төрийн хэргийг түшихэд

Ерөөл билгээр дутахгүй түшмэл хэд билээ

Уолт Уитмен, Оросын Толстой, Гарсиа Лоркаг

Унаган хэлээр нь тунгааж урамтай туурвих хэн билээ

Эд мөнгөнд архинаас дор донтсон эх орноо

Рипений суут “барлагууд” шиг намгаас чангаах иргэн хэд билээ

Уйтан харанхуй намхан өнөө л жаалхан өрөөндөө

Ундуй, сундуй ном, бичиг цаасан дундаа

Гуниггүй сайхан мишээж, гэрэлт үгээр ивлэж

Гуу нь багадсан бурхан мэт Лодонгийн Түдэв сууна

Цаст Алтайн сугад үнэнхүү багш явж

Цагаан, шар, хартай ертөнцөөр ном хаяж

Цагаачийгаа хайрлах мэт гэмгүй бүгдийг энэрч

Цаг цагийн буулган дор мэргэн шударгуу байж

Аймшигт харанхуйн дундах зул байтал

Азаар бидэнд заяасан нь зол байтал

Цэцэн Равжааг адалж, Нацагдоржийг тамласан

Цэндийн Дамдинсүрэнг хорьж, номыг нь шатаасан

Цэвдэг эх орон нь дахиад л түүгээр гараа угаав

Авьяас ухааны сүсэгтэнд эхлээд бодогдох нь Түдэв

Атаач мунхгуудын санаанд бол яасан их мэддэг Лүдэв

Эзэн төрийн ширээнд залъя гэж нэг нь эндээс босов

Эрээгүй нүдээр хялайж тэндээс нөгөө нь босов

Дэвж явсан шувууг унагаж байж амрах шиг

Дэргэж явсан хүлгийнхээ толгой руу тонших шиг

Дэгс үгээр түүнийг чулуу шиг нүүлгэв

Тэрсүү нүглийг нь уудлахаас сүрдэж нэг нь айв

Тэнэгийг минь мэдчихнэ гэж бэргэж нөгөө нь айв

Түдэвгүй амар, дэргэд нь жижигдэхгүй амар гэж айв

Түшээ нараа голуулж бажгадахгүй амар гэж айв

Алс дүүжүү замд гэрэлгүй машинаар гарах шиг

Аяа, одоогийн ноёд Түдэвийгээ гээв

Аялгуут найрын гэрээс хуураа хаячихаад мордох шиг

Алмай мунхгийн сүрэг Түдэвийгээ гээв

Амыг нь анаад чагнахад суваг нь олон кабель

Авъя өгье шагнал нь сураг төдий Нобел

Арван ухаанд гийсэн монгол бидний Ломоносов

Алтай ханы нуган Лодон овогт Түдэв ээ

Сайн хүнээс битгий ай, Түдэвээс битгий ай

Салхи давчдам өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Саргүй шөнө мэт бүрэнхий өөрснөөсөө л ай

Сайрхуу дээдэст үү, сажилж яваа олонд уу, хэндээ би хэлдэг билээ

Оюунтай хүний үрийг шүтэхээсээ битгий ай

Олхиогүй тэнэгүүдэд сөгдсөөр ертөнцийн доог болохоосоо л ай

Оготны нүх шиг өрөөнөөс нь хэндээ би хэлдэг билээ

Од төөрөм харанхуй, одоо би хэндээ хэлдэг билээ?

Дөнгөтийн Цоодол

1998.07.13

ДӨНГӨТИЙН ЦООДОЛЫН ШҮЛГЭЭС ТӨРСӨН ШҮЛЭГ

Меньшиковын сууж байсан Шивэртийн байшинг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа биз

Меньшиковын хөргийг бийрээр Репин зурсан гэдэг

Миний дүү Цоодол үгээр тийм хөрөг бүтээжээ

Өрөөний харанхуйгаас ах чинь ердөө айдаггүй

Өрөөлийн цээжний харанхуйгаас ах чинь бэргэдэг

Тасалгааны давчууд ах чинь ердөө гуньдаггүй

Танилуудынхаа сэтгэлийн давчуугаас ах чинь бэргэдэг

Уйтан харанхуй тасалгаанд ном байгаа цагт

Уйдах гэрэлгүйдэх зовлон ахад чинь байдаггүй

Ноёны суудалд залрахыг санаархсан нүглээ

Номын ширээнд суухын буянаар цайруулнам би

Тушаалтнууд надаас айдаг гэдэг нь юу л бол

Тушаа болсон дөнгө нь минийх биш юм чинь

Ноёд надаас хөндийрсөн ч уншигч надад ойрхон

Номой бичгийн хүнд отго жинс юуны тус

Зуугийн дөч нь над талтайг мэдсэн хойно

Зуун насыг тэднээс хүртсэнтэй юуны ялгал

Сайдын үгийг анзаардаггүй майга нэгэн монгол

Саваагүй үгтэй номыг минь уншдагт өегшинө

Гаргаж байгаа сонинг минь харин үзэх

Ганц уншигч байхгүй болчихвол гаслан

Бичиж гаргасан номын минь хуудсан дээгүүр

Бэлчээрлэх мэлмий нэгээхэн ч үгүй болчихвол

Уйтан нэгэн тасалгааны харанхуй байтугай

Улс орон бүхэлдээ түнэр харанхуй санагдму

Меньшиковын сууж агсан Шивэртийн тагзыг

Миний одоогийн өрөө аргагүй санагдуулаа бол

Өрөө тасалгааны хэргийн учрыг эрэх хэрэггүй

Өргөө гэрээс л хамаг юмны царай илхэн биш үү

Хэндээ тэр тухай хэлэхийг олж ядах хэрэггүй

Хэлэх хүндээ дүү минь чи хэлчихлээ

Лодонгийн Түдэв

1998.12.12

Categories
мэдээ нийгэм

Д.Нарангэрэл: Бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье

Д.Нарангэрэл: Дэлхийн таван тивийн 48 орон "COVID 19" бүртгэгдсэн

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл, “Дэлхийн 213 оронд COVID 19-ийн улмаас 2,330,967 өвчилж, 160,765 хүн нас барж, 596,537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Турк улсуудад голомтлон тархаж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 1,785 тохиолдол бүртгэгдэж нийт өвчилсөн хүний тоо 36,793, нас барсан 113 тохиолдол байна. Тус улсад өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. Эрхүү мужид 57 тохиолдол бүртгэгдсэн. Мөн Буриад улсад 2002 хүнд халвар тарсан байх магадлалтай гэж үзсэн байна. Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа. Манай улсын хувьд ажиглалтад 1,227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагжигч эмч ажиллаж байна. Иргэдийг сайтар сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье” гэв.

Categories
мэдээ цаг-үе

СЭТГЭЛД дотно ЦАДИГ

Ширчингийн Сүхбаатар “Зохист цадиг” гэдэг зориулалт шүлгийн тун ярвигтай нэг ном бүтээжээ. БҮТЭЭЖ. Ном зохиох, ном бүтээх хоёрын хооронд ялгаа байх ажээ. Зохиох бол эрх чөлөөтэй, дураараа, хүн итгэмээргүй худлаа залж ч болно. Харин Ш.Сүхбаатарын “этгээд” шүлгүүд өгөгдсөн программтай учраас тэр толгой үсгүүдэд л захирагдах ёстой. Яагаад гэвэл хүний нэрэнд орсон үсгүүдээр шүлгийн мөр бадаг эхэлж байгаа учраас түүнээс өөр хувилбар байхгүй. Тэгэхгүй бол ханагүй гэр барихтай адил шүлэг босохгүй. Ёстой төвөгтэй байгаа биз. Энд л энэ өвөрмөгц шүлгүүдийн нууцлаг, альтернатив шинж оршино.

Номын нэр нь ч агуулгаа тодорхойлох аж. “ЗОХИСТ ЦАДИГ”. Титэм үсгээр журамлагдсан эдгээр шүлгүүд зориулсан хүмүүсийнхээ түүх цадигтай нүүрний хэв адил зохицохоос өөр аргагүй. Зарим хүмүүс эдгээр “гажиг” шүлгийг уянгын яруу найрагтай дүйцүүлэн түүнд тавьдаг шаардлагуудыг тулгаж байгаа бол эхлээд уул шүлгээ ямар жанр төрөл зүйл болохыг зөвшөлцөн ойлголцох хэрэгтэй байна. “Зохист цадиг” номын гол онцлог нь өгөгдсөн программтай, системчлэлд тулгуурладаг, үйл явдлын хамааралгүй магтаал шүлгийн сонгодог шинэ хувилбар юм.

Монгол Улсын гавьяат малчин, улсын тод манлай уяач Д.Ононд зориулсан “онон” гэдэг үгээр хайрцаглан бичсэн шүлэг:

Ононгийн хээр олом татуулахгүй эргэцнэ

Ороолсон тоосноос сугарч од шиг чавхдана

Наадамчдын сэтгэл сансарт жингүйдэж

Нарийнхан хээр морь барианд тэмүүлнэ.

Онон тод манлай гээд олон хошуурна

Оодон тэрлэгтэй намбатайхан уяач

Нүүрний хөлсөө ч сэвэх завгүй

Нүүдэлчний соёлтойгоо нүүж явна гэх. 1,2,5,6 дугаар мөрийг “О”-оор, 3,4,7,8-дугаар мөрийг “Н” -ээр л эхлэхгүй бол болохгүй. Цаанаасаа өгөгдөл нь тийм . Эс тэгвэл утга алдагдаж, шүлэг замхарч, тооногүй гэр мэт болно. Нэг шүлгээр жишээ болгон авахад ийм.

Чигжүү дүүжүү алс “Малчин” нутгийн хүү

Чинхүү зүтгэлээрээ хотын ерөнхий дендрологич

Идэр залуу наснаасаа ойгоор өвчилж мэргэшсэн

Их төрийнхөө Байгаль орчны гавьяат зүтгэлтэн

Молхи бичээчийг ичээсэн уран зохиолын хорхойтон

Монгол Улсдаа нэртэй “Мөнгөн цом”-ын эзэн

Итгэл сэтгэлийнхээ хүчинд олноо оройлсон зөвлөх

Ирмэх нүдэн цогтой эрийн сайхан нүнжиг

Дэлгэх судрын баринтагтай биологийн ухааны доктор

Дэвжих замдаа мөртэй Бадрахын Чимид авугай

Аливаа юмны бүтэц байгууламж нарийн төвөгтэй болох тусам тухайн байгууламжийн мэдээлэл дамжуулах хүч чадал, цар хүрээ төдий чинээ өснө гэж орчин үеийн мэдээлэлийн онолд /теория информации/ үздэг юм байна. Тэгэхлээр зориулалт шүлгэнд утга уянгаас илүүтэй тухайн хүний мэдээлэл чухал байдгийг дээрх шүлгээс харж болно. Би Б.Чимидийг танихгүй. Харин надад ийм мэдрэмж мессэж ирж байна. Б.Чимид Увсын Малчин сумын хүн, нийслэл хотын ерөнхий дендрологич, ойн мэргэжилтэн, гавьяат цолтой, биологийн ухааны доктор, Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмаас “Мөнгөн цом” хүртсэн яруу найрагч, төрийн албаны зөвлөх, найз нөхрийн ханилгаатай, нүдэндээ галтай нүүрэндээ цогтой сайхан эр хүн байна гэж уул магтаалаас ойлголоо.Зарим хүмүүс эдгээр шүлгүүдээс утга уянга үгүйлж магадгүй. Гэтэл энэ номын шүлгүүд уянгалах боломжгүй шүлгийнхээ бүтцэд зохицуулан юу хэлэх гэж байгаа агуулгаа л барина. Шинэ үеийн уран зохиолын анхны онолч С.Буяннэмэхийн бичсэнээр мөр бадгууд нь “хоорондоо төгс харьцаанд орсон” өвөрмөгц бүтэцтэй байгааг бид анзаарч байна.

Ш.Сүхбаатар “шинэ” хэлбэрийн шүлгийн шанг татаж байгаа болохоор өмнө нь замчлах юм нэн ховор. Алтангадас зүгийг заана гэдэг шиг л бор зүрхээрээ утга зохиолын ертөнцөд тууж явна. Урьд өмнө ийм, хүний нэрийн үсгээр сүлжиж хийсэн шүлэг манай уран зохиолд мэр сэр байсан. Миний мэдэх Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав жаран оны эхээр хэвлүүлсэн “Шөнө ургасан цэцэг” гэдэг анхны номондоо өөрийн ханьдаа зориулан “Цэндээ“гэсэн шүлэг бичиж шинэ оролдлого хийж байсан юм. Гэхдээ ийм шүлэг өдрийн од шиг цөөхөн. Бүхэл бүтэн ном бол огт үгүй. Гадаад оронд ямар байдаг бол гэх этгээд санаа хэн нэгэнд төрж магадгүй. Ёстой бүтэхгүй даваа. Энэтхэг, Европ язгуурын слав бүлгийн хэлэнд бол юуны чинь толгой холбох. Шүлэг нь үүний 180 градус эсрэг. Орос шүлгийн бүтэц тийм. Энэтхэг, Японд ийм шүлэг тааралдаж байгаагүй гэж хэлийг нь мэдэх, шөлийг нь уусан хүмүүс ярих юм билээ. Ингэхлээр Ш.Сүхбаатарын шүлгүүд монгол газраас соёолж, монгол газраа идээшинэ. Гадаад хэл рүү орчуулна гэвэл гонжийнжоо голионы баас.

Зарим шүлэг, шүлэг болоогүй ч юм ажиглагдана. Би номын агуулгыг бүхлээр нь авч үзэж байгаа тул тэр болгон шүлгийг толгой дараалан, хонь хурга шиг хүзүүдэх албагүй.

Яруу найраг талаас нь авч үзвэл толгой холбосон, хөг айзамтай, дүр дүрслэлтэй байгаа нь яруу найргийн үндсэн элемент, махбодь /Я.Цэвэлийн тольд “в”-гээр бичсэн буй/ мөнөөсөө мөн. Харин яруу найргийн сүнс-уран санаа энд тэнд цухас цухас гялалзаад байна. Тэр болгон шүлгэнд биш. Ер нь ийм хийцийн шүлгэнд уран санаа, яруу уянга харшилдана гэдгийг би дээр хэлсэн. Тус номонд орсон шүлгүүдийн нийтлэг нэг ололттой зүйл бол агуулга нь лут. Нэрээр нь бичсэн шүлэг нь тэр хүний амьдралын дүр төрх, амь зуулга, ажил амьдралын замнал, сэтгэл бодлын хандлага тэр бүхнийг зүрхний бичлэг хийх мэт тод томруун илрүүлж, намтар цадигийг нь бүтээж байна. Онцлог нь энэ.

Сайхан чиг эцэг эхийн хайрын бүүвэйнд бүрэлдэж

Саруулхан тал нутаг Товгорын бууцанд төрсөн

Орчлон хорвоог аргадан “Дорнын цагаанаа”-аа дуулсаар

Олны хайртай Галааг “Илүү сартайд” төрүүлсэн”. . .

…Ардчилсан хувьсгалын манлайд цахилж явсан гал

Алдаа оноотой эвлэрээгүй зөв шударгын гол

Равжаа хутагтын дүрийг тайз дэлгэцнээ амилуулж

Рашаан хүртэж сэржимлэсэн Догшин хутагтын сүнс… гэхээр хэн болох нь тодорхой. Аргагүй л Төрийн соёрхолт Д.Сосорбарамын дүр төрх, зан араншин тодорно. Энэ мэтээр шүлэг бүхэн уул хүнийхээ түүх намтрыг төрүүлнэ.

Зарим шүлэг нь үгээр тоглосон, наргиа аястай юм. Ийм шүлгийн бие даасан төрөл зүйл Оросын хүүхдийн уран зохиолд ч каламбур /үгийн наадам/ гэж бий. Гавьж Өсөхбаярын Гүндсамбуу эрдэмд нэвтэрч их юм уншсан гэгээнтэн. Тэр “Дамдины зохист аялгуунд үгээр чимж, тоглох яруу найргийн олон дүрслэгээнүүд бий. Балдан ламын магтаал, Хангал сахиусын магтаалд үгээр тоглохын гайхамшгийг үзүүлдэг” гэсэн байдаг. Тэгэхлээр Монголын эртний аман яруу найраг, магтаалд үгээр наадах, тоглох уламжлал байсан байна. Ш.Сүхбаатарын шүлгүүдэд үгээр тоглох нь буй. Хурдан морь судлаач, сэтгүүлч Шарын Ганхуягт

Шарын хүү

Шаггүй эр ээ,

Шар махаа ч гамнахгүй

Шатарын хүү шиг зүтгэнэ… гэх буюу бас сэтгүүлч яруу найрагч Н.Лутбаярт зориулаад, нэрэнд нь орсон “баяр” гэдэг үгээр тоглож,

Зартай Дарьгангын унаган баяр

Завхан нутгийн дуун баяр

Найраг шүлгийн онгод баяр

Найрсуу түмний Лутбаяр гэж хэдийгээр наргиа мэт боловч Н.Лутбаярын Дарьгангад төрсөн, Завханд алдарт дуунуудаа “төрүүлсэн”, яруу найрагч олны танил хүн болох үнэн нүүр царайг илчлэн түүх намтрыг нь тодотгосон байх юм. Иймэрхүү наргиа аястай, ёжилсон санаа энд тэнд нэлээд байна. Бас зүгээр нэг хүний нэрийн үсгээр мөр бадгийг эхлээд зогсохгүй бүр 35 үсгээр хийж, “аархсан” аж. Энэ нь бас л уншигчдыг баясгаж, шүлгээ сонирхолтой болгож байгаа нэг арга.

Ерөнхий цар хүрээгээр нь (крупный планаар) авч үзвэл Ш.Сүхбаатарын шүлгүүд ардын аман зохиолоос улбаатай ерөөл магтаалын шинжтэй байгаа нь магтаал гэх уран зохиолын төрөл зүйлийн ШИНЭ ҮЗЭГДЭЛ.

Тэрээр хүмүүсийн жирийн амьдрал түүхийг үйл явдал хөөж, гоёчлолгүй, байгаа байдлаар нь харж тоочин магтах, цоллон өргөмжлөх маягаар бичдэг.Мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга М.Даваажаргалд

…Даяар олноо дуурсагдах дархан аварга аавтай

Дээдэс өвөг Гэндэнгийн удам залгасан ээжтэй…

…Газрын диваажин Монголдоо гүйгүүл морь шиг ирдэг

Гавьяа алдар бүхэн нь Чингисийн дүрээр түгдэг… гэж магтаал өргөсөн бол,

… Ямар ч үнээр сольшгүй хайрын галаа бадраасан

Яруухан гэгээхэн Монголдоо яаран яарсаар ирнэ.

Аньсганд торсон нулимсаа цээжин цаанаа нууж

Алс холын газраас амьдан амьдан ирнэ гэж алс газар суугаа яруу найрагч Банзрагчийн Энхтуяаг ерөөсөн байх. Зориулсан хүнийхээ нэрийн үсгүүдээр бадаглан зангидсан ийм адармаатай шүлгүүд ерөөл, магтаал аястай байх нь зориулсан хүндээ сэтгэлийн таашаал, урам өгдөг аж. Ерөөсөө уул номын агуулга, зориулалт нь тийм юм. Ингэж хүмүүст “шүлгэн цэцэг” барьж хүндэтгэн өргөмжилж байгаа нь соёлын шинэ харьцаа, хандлага мөн.

Ш.Сүхбаатар бол зөвхөн зохиолч, сэтгүүлч төдийгүй нийгэмд нөлөөтэй нэр хүндтэй, хүчирхэг технократ хүн. Энэ байдал уран бүтээлд нь нөлөөлж, номонд орсон шүлгүүд ямар нэгэн сэтгэл хөдлөл, зөн совин гэхээсээ илүүтэй системчлэлд тулгуурлаж байгаа нь нэг талаас хүйтэн хөндий мэт боловч тухайн зориулсан хүнийхээ амьдралд байгаа өөдрөг сайхан шийдлүүдийг дэвшүүлэн гаргаж тэр хүнд эрч хүч таашаал өгч, тухайн хүний хөгжлийг сөөм ч болох нь ээ урагшлуулж байна.

Яруу найрагч Дан.Нямаад гэхэд л,

… Амьдралаа би чамд хайртай гэж орчлонг аргадсан

Арван найман нас минь гэж охидод хоргодсон

Алс цагийн аястай үүрдийн залуу сэтгэлтэн

Ардын төрдөө үнсүүлсэн Соёлын гавьяат зүтгэлтэн гэж байгаагаар нь магтан тодорхойлж байхад хэн ч гэсэн баярлах биз ээ.

Зохиолч хүн мэддэг зүйлээ илүү сайн бичдэг. Ш.Сүхбаатарын зориулсан шүлгийн эзэд цөм түүний таньж мэдэх, ойр дотны хүмүүс төдийгүй энэ нийгмийг түүчээлж яваа алдартнууд юм.

…Нэгэн “зууны манлай” хослон дуулахын гайхамшиг

Нэрийг нь түмэн андахгүй Вандан, Дуламсүрэн гэх. Эдгээр хүмүүсээ нэгэнт таньдаг учраас нэг их эрэл хайлт хийгээүй биз. Гэхдээ уул хүмүүсийнхээ онцлогийн мэдрэх шаардлагатай. Вандан, Дуламсүрэн хоёрын хувьд “Нэрийг нь түмэн андахгүй” гээд хэлчихэд хангалттай. Хэдийгээр “Гэр бүлээрээ хослон дуулдаг, зууны манлай цолтон” гэж болхи хэлсэн ч энэ мөр тэдний давтагдашгүй шинжийг тодруулж дүрээ бүтэн болгожээ. Эндээс, миний өмнө хэлсэн зохиол, бүтээл хоёрын зааг ялгаа тодорч байна. Яруу найрагч Сономын Чулуун, Ш.Сүхбаатарын шүлгийг уншаад “ийм шүлгээр ном бүтээнэ гэдэг их увдис шүү” гэж хэлсэн байдаг. Ш.Сүхбаатарын шүлэг зохиомол биш бүтээл гэдэг дээр С.Чулуун бид хоёр ингэж санал нэгдэж байна.

Зориулалт шүлэг бол зохиолчоос бичиж байгаа хүнтэйгээ шууд ярьж байгаа уянгын хувьчилсан зохиол юм. Худлаа бичих боломжгүй. Эдгээр шүлгийн сайн муу болсны шалгуур нь тэр шүлэг ард түмний санаа сэтгэлийн төлөөлөл болж чадаж уу, үгүй юу гэдэг хэмжүүр л дээ. Зориулагдсан шүлгийн эзнийг олон хүн танина. Тэд бас жирийн нэгэн биш ихэвчлэн олонд танигдсан, үлгэр дуурайл болох тэргүүн шугамын хүмүүс. Тэгэхлээр уншигчид цөм шүүгч болно. Шилэн данс гэдэг шиг “шилэн” шүлэг болно. Энэ хэмжүүрийг л давж гарах нь зохиолчийн хариуцлага.

Эцэст нь хэлэхэд, Ш.Сүхбаатарын энэ үйл явдалгүй, утга эрхэмлэсэн шүлгүүдийг хэрхэн нэрлэх вэ гэдэг бас бэрх. “Зориулалт”, “хувьчилсан”, О.Сундуйн хэлснээр “өргөл” шүлэг гэх үү. Магадгүй сэтгэл хөдлөлөөр бус системийн аргаар программын дагуу бичигдсэн шүлэг гэж ч болох. Би бол магтаал шүлгийн шинэ хэлбэр гэж үзэж байгаа шүү. Ийм урсгал чиглэл Монголын уран зохиолд орж ирлээ. Ямартаа ч дэлхийн уртрагийн босоо тэнхлэгийн 108 градуст яруу найргийн нэгэн сонирхолтой төрөл зүйл хөлд орлоо. Уянгын яруу найргаас тэс ондоо, мөр бадгийн эхний үсгээр титэмлэн хайрцаглан сэдэл шүлэг гэдгийг уншигчид ойлгох биз ээ.

МЗЭ-ийн шагналт зохиолч, судлаач Лхамын САМБУУ

2020.3.26

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

НӨАТ-ын сугалааны 30 сая төгрөгийн азтан өнөөдөр тодорно

НӨАТ-ын урамшууллын 2020 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 19-ний ням гаригт “Боловсрол” телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та 2020 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Супер шагналын эзэн 30 сая төгрөг хожно.