Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад оноосон ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Гантулгад холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх Д.Гантулгыг хүчиндэх болон хүчиндэхийг завдсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх хоёр хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил хорих ял оногдуулсан юм.

Categories
мэдээ улс-төр

Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг 5 сарын 31 хүртэл сунгалаа

УОК-ын 20-р хурал яг одоо болж байна. Хуралдаанаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд хэсэгчлэн шилжсэн хугацааг 5-р сарын 31-ийг дуустал сунгалаа гэж Эрүүл мэндийн сайд, УОК-ын гишүүн Д.Сарангэрэл мэдээллээ.

Мөн мэргэжлийн болон бусад танхимын сургалтын үйл ажиллагааг үе шаттай нээх, Бичигт, Булган боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох бэлтгэл ажлыг хангах зэрэг асуудлыг УОК-ын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргана.

Categories
мэдээ спорт

Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар зүүн, баруун жигүүрийг магнайллаа

Мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн Нацү башёгийн банцүкэ өчигдөр гарчээ. Өнгөрсөн сарын тэмцээнд Эзэн хааны цомыг 44 дэх хүртсэн ёкозүна Хакүхо М.Даваажаргал зүүн жигүүрийн тэргүүнд бичигдсэн бол 71 дэх ёкозүна Какүрюү М.Ананд баруун жигүүрийг магнайллаа.

Цагтаа Эзэн хааны цомыг өргөж явсан экс озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ зуны тэмцээнд макүүчид эргэн барилдахаар болсон нь сонирхолтой. Хүнд бэртлийн улмаас жонидан хүртэл уруудаад Тэрүнофүжи 13 башёгийн (хоёр жилийн) дараа дээд зиндаанд эргэн ирж байна. Харин Кирибаяма Б.Лхагвасүрэн маэгаширагийн барууны 3-аас, экс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил зүүний 9-өөс барилдахаар болжээ.

Мөн жюүрёо зиндаанд долоо, макүшитад дөрөв, санданмэд зургаан монгол бөх хүч үзэх юм. Одоогоор сүмод коронавируст халдвар авсан долоон тохиолдол бүртгэгдээд буй тул хэдий тэмцээний банцүкэ гарсан ч башё болох эсэх нь эргэлзээтэй хэвээр байна. Мэргэжлийн сүмогийн Нацү башё тавдугаар сарын 10-нд эхлэх ёстой байсан ч коронавирусын улмаас Сүмогийн холбоо 14 хоногоор хойшлуулсан билээ.

Categories
мэдээ улс-төр

Маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 29-ны 08.00 цагт эхэлж, 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Олон улсын эрүүгийн шүүхийн дархан эрх болон эрх ямбын тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, Хөрөнгө гаргах тухай, УИХ-ын гишүүн С.Эрдэнийн боловсруулсан Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт багтжээ. Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын боловсруулсан Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын боловсруулсан Хүний эрхийн хамгаалагчийн тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын боловсруулсан Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийн тухай хэлэлцэнэ.

Түүнчлэн Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлах эрх, олгох тухай, Монгол Улсын Их Хурлын 2016-2020 оны бүрэн эрхийн хугацаан дахь эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын тайлангийн тухай Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын танилцуулгыг сонсоно.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын 5 байнгын хороо өнөөдөр хуралдана

УИХ-ын 5 байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдэд оруулах санал, дүгнэлтээ нэгтгэнэ.

Байнгын хороодын хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг жагсаалтаар хүргэж байна.

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүн 2020.04.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 8 гишүүн 2020.04.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Төрийн албаны зөвлөлийн 2019 оны тайлан сонсох;

Бусад.

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан”танхимд:

Хэлэлцэх асуудал:

Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 02 дугаар дүгнэлт;

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

“Эрүүгийн ял шийтгэлийг гадаад улсад эдлүүлэх тухай Америкийн улсууд хоорондын конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, санал дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/;

Олон Улсын Эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2019.12.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга, хариуцлагын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2020.04.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.30 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Х.Болорчулуун нарын 22 гишүүн 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар 2020.04.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 6 гишүүн 2020.03.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

4.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

“Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээнд цахим шилжилт хийх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2020.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт /Засгийн газар 2020.04.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/.

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Үндсэн хууль” танхимд:

Хэлэлцэх асуудал:

Короновируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нарын гишүүн 2020.04.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

Ажлын хэсэг байгуулах тухай /Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ганбаатар: Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгож байгаа

– ИРГЭН 10 САЯ, АЖ АХУЙН НЭГЖ 100 САЯ ХҮРТЭЛХ ЗӨРЧИЛД ХОЛБОГДСОН БОЛ ЭХНИЙ УДААД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ САНУУЛДАГ БОЛНО –

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг иргэдэд бодит нөлөө үзүүлэх эдийн засгийн арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байгаа. Ажилгүй орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж үзүүлж болоогүй юм уу гэх нь ч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Эдийн засгаа сэргээх, ААН, иргэдийг дэмжихийн тулд 5.1 их наяд хүртэлх төгрөгийг зарцуулахаар болсон. Монгол Улсын төсөв өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ашигтай гарч, тодорхой хэмжээний нөөцтэй болсон. Уг нөөцөөс болон гадаадын зээл, тусламжийг авч Сангийн яам дотоод зохицуулалтыг хийж байгаа. Шулуухан хэлэхэд хорио цээрийн асуудал их удаан үргэлжилж байна. Гадны улс орнууд хэсэгчилсэн хорио цээр тавьж, тэрхүү хугацаанд шаардагдах хүнс, эсвэл мөнгөн тусламжийг үзүүлж байна. Та бүхэн гэртээ байж бай, тэр хугацаандаа энэ мөнгөөр, энэ хоол хүнсээр хэрэгцээгээ ханга гэх байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа юм. Хорио цээрийг ийм төрлийн арга хэмжээ дагаж, уялдаж явж байна гэсэн үг. Муухайгаар хэлэхэд хүнийг гэрээс гарахыг нь хориглочихсон юм бол ядаж хоол ундных нь асуудлыг шийдэх ёстой биз дээ. Манай улсад энэ зохицуулалт дутагдалтай байгаа нь үнэн. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би энэ асуудлыг бүлэг, байнгын хорооны хуралдаануудад байнга хэлж байгаа л даа. Энэ нь ч тус байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хүний үүрэг.

Ажилгүй орлогогүй, хүүхдүүдээ хараад гэртээ гурван сар сууж байгаа хүний бүхий л нөөц бололцоо шавхагдаж таарна. Бүр дахин хэдэн сарын турш хорио цээр үргэлжилнэ гэвэл хүүхдүүдээ яаж тэжээх вэ. Тиймээс хэсэгчилсэн хорио цээр дахин урт удаан битгий үргэлжлээсэй гэж хүсч байна. Манайх шиг гурван сарын турш хэсэгчилсэн хорио цээр тогтоосон улс орон хаана ч байхгүй.

-Нөхцөл байдал нь хүндэрсэн улс орнуудад ч ийм хугацааны хорио цээр тавиагүй гэж үү?

-Нэг сар, 14 хоногийн хугацаанд л үргэлжлүүлсэн. Жишээ нь, Герман улсын хувьд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 19-ний хооронд л тогтоолоо. Нөхцөл байдал нь сайнгүй байгаа ч эдийн засаг дийлэхгүй гэж үзээд хорио цээрээ цуцалчихлаа. БНХАУ-ын ихэнх мужууд хорио цээрийг хоёр сарын хугацаанд л үргэлжлүүлсэн. Одоо дотоодын жуулчлал, нислэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүгд хэвийн байдалд орсон. Иргэдийнх нь хувьд л багахан айдастай байх шиг байна. Мэдээж манай улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй ярих зүйл байхгүй. Дэлхийд жишиг болохуйц хэмжээнд явж байна. Гагцхүү эдийн засгийн асуудлуудаа орхигдуулж байгаа зүйлүүд байна.

-Эдийн засгийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Энэ асуудал дээр Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудал яаж эцэслэгдэж байгаа вэ?

-Сангийн сайдын зүгээс нийт аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө, алтны компаниуд урьдын адил НДШ-ээ төлөөд явна гэх байр суурийг илэрхийлсэн. Үүний дагуу холбогдох дүрэм, журам нь гарч хэрэгжээд явна гэж ойлгож байгаа. Үүнээс гадна ноолуурын асуудал, бензиний үнэ, хүүхдийн мөнгө, хүн амын орлогын албан татвар, 200 мянган төгрөгийн олголт зэргүүд хэрэгжээд явж байна. Ерөнхий сайдын тавьсан долоон асуудал дээр нэмэгдээд түрээсийн талаарх зохицуулалт тусгагдсан. Тодруулбал, нэг м.кв-ыг 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг байлаа гэхэд энэ үед гурван мянган төгрөгөөр түрээсэлдэг болжээ. Үлдсэн долоон мянган төгрөгийн алдагдлаа тайлан, баланс бичихдээ зарлага талдаа бичих боломжтой гэсэн үг.

-Банкны салбарт реформ хийнэ гэж байгаа. Ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?

-Миний хувьд банкны салбарт реформ хийх нь зөв гэж үзэж байна. Манай томоохон банкуудын дийлэнх нь нэг гэр бүлийн юм уу эхнэр, нөхрийн л өмчлөлд байдаг. Нэг хүн тухайн банкны 60, 70 хувийг эзэмшдэг байх жишээтэй. реформ хийснээр үүнийг дэлхийн жишигтэй ойртуулж олон нийтийн болгох нь зөв юм. Гэхдээ энэ нь өнөө, маргаашгүй олон нийтийнх болгочихно гэсэн үг биш. Ойрын таван жилдээ багтаан эзэд нь банкаа хувьцаат болгох ёстой. Нэг хүнд ногдох банкны хувьцааг 20-иос дээш хувь байлгахгүй. Банк төрөөс тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага шүү дээ. Банкинд ямарваа нэгэн асуудал гарахад тухайн хувь хүний гэхээсээ илүү нийт иргэдийн эрх ашиг, асуудал хөндөгддөг. Тиймээс төр энэ асуудал дээр анхаарч, бодлого гаргах нь зөв гэж хардаг. Дээрээс нь гадны банкыг оруулж ирж, зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулах өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй. Гэхдээ хадгаламж авахгүй байх, жижиг зээл рүү орохгүй байх зэрэг тодорхой шалгууруудыг тавих ёстой.

-УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулиар яг ямар тодорхой зохицуулалтууд орж байгаа вэ?

-Цар тахлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ гэдэг нь тодорхой бус байсан. Үүнийг тодорхой болгож, сайжруулж байна. Цар тахлын үед ажилласан, ажиллаж байгаа албан хаагчдын эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Зарим аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчлах тухай ч зохицуулалт орж байна.

-Хэрхэн яаж дайчилна гэсэн үг вэ?

-Гадны улс орнуудад эмнэлэг хүрэлцэхээ больж, зочид буудал зэргийг эм-нэлгийн шугамаар ашигласныг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрэв тийм нөхцөл байдал үүсвэл аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчилна. Дайчилсан тохиолдолд нөхөн олговор олгох юм. Энэ асуудлыг уг хуулиар тодорхой болгож байгаа. Мөн халдварын нөхцөл байдлыг ойлгоогүй, санаатайгаар бусдад тараасан иргэдэд Эрүүгийн арга хэмжээ авах хүртэлх хариуцлага хүлээлгэнэ. Миний хувьд уг хуульд эдийн засагтай холбоотой зохицуулалтууд маш бага туссан гэж бодож байгаа. Энэ асуудлыг хөндөх болно.

-Уг хуулиар Засгийн газар ямар эрх мэдэлтэй болох вэ. Энэ тохиолдолд УИХ хэрхэн хяналтаа тавих вэ?

-Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгож байгаа. Нэмж, хасах бус дотор нь хөдөлгөнө гэсэн үг. Энэ нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэхдээ онцгой нөх-цөлд Засгийн газар энэ асуудал дээр түргэн шуурхай ажиллая гэж байгаа юм. Үүнийг тийм ч буруу зүйл биш болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ нь нэг удаагийн л хууль шүү дээ. Хэрэгжих эсэх нь ч одоогоор тодорхой болоогүй байна. Ер нь бол өөрөөр УИХ-ын онцгой эрх мэдэлд халдаад, Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн зүйл байхгүй.

-Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах ёстой гэж та хэлж байсан. Ийм боломж одоо бий юү. Энэ парламент амжиж өөрчлөлт хийж чадах уу?

-Миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, төрийн байгууллагуудаас санал авч байна. Удахгүй Засгийн газрын саналыг авч УИХ-ын даргад өргөн барина. Уг хуулийг дагаж гарч байгаа Зөрчлийн тухай хуулиар олон тооны зөрчлүүдийг зөрчилд тооцохгүй болгоно. Мөн иргэн 10 сая, аж ахуйн нэгж 100 сая хүртэлх зөрчилд холбогдсон бол эхний удаад торгуулийн арга хэмжээ авахгүй сануулдаг болно. Сануулах заалтыг оруулна гэсэн үг. Миний хувьд Зөрчлийн тухай хуулийг санаачилж, ажлын хэсэгт нь орж ажилласан хүмүүсээс тодорхой өөрчлөлт бүхий хууль өргөн барихыг хүлээж байна. Хэрэв хуулиа засахгүй бол би өөрөө өргөн барих юм. Зөрчлийн тухай хуулийн 60-70 хувь нь жижиг аж ахуйн нэгж, иргэдэд хохирол учруулдаг. Товчхондоо, уг хуулийн хамгийн том хор хохирол, үр нөлөө нь иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг шууд хаадаг явдал. Та жижиг аж ахуйн нэгж үүсгээд явж байлаа гэхэд таныг өөрийнхөө гаргасан зөрчлийг огт мэдээгүй байхад төрийн байгууллагаас 40, ихдээ 200 хүртэлх сая төгрөгөөр торгох зохицуулалт уг хуульд орсон. Угтаа та хүнд ийм хохирол учруулжээ, саад болжээ, энэ хуулийг зөрчсөн байна гэдгийг эхэлж хэлж, дахин ийм үйлдэл гаргавал торгоно гэдгийг сануулах ёстой. Хүн олон сая төгрөгөөр торгуулаад ирэхээр урамгүй болж, хийж байгаа зүйлээ орхьё, больё гэж боддог. Тэр ч утгаараа хийж бүтээхийг хүсэх бус амар хялбар аргаар хөлжих гэж зүтгэж байна гэж хардаг. Монгол Улсад бизнес эрхэлхэд хүнд хэцүү болгодог зүйлсийн нэг нь энэ мэт хуулийн зохицуулалт юм. Хямрал зэргээс болоод байсан ч юм байхгүй, зугтдаг шалтгаан нь ердөө энэ. Монголын аж ахуй эрхлэгчид энэ дарамтан дор хэдэн хүнийг цалинжуулах гэж их л чармайх шаардлагатай болдог. Намайг анх Зөрчлийн тухай хуулийг ярихад хүмүүс шинэ УИХ-ын гишүүн төр самрах нь маягийн юм ярьж шүүмжилдэг байлаа. Одоо үнэнд гүйцэгдсэн учраас сонгууль дөхөнгүүт хүн бүр л ярьдаг болсон байна. Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлт гурван жил хэрэгжлээ. Одоо иргэд гэлтгүй төрийн байгууллагууд ч энэ хуулийг засах шаардлагатай гэдгийг ойлгож байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс гэмт хэрэг болчихов оо

Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр боллоо. Шүүхээс түүнийг цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүх хуралдааныг ирэх сарын 5-ны өдрийг хүртэл хойшлуулах шийдвэр гаргав. Прокурорын зүгээс “М.Энхсайханыг олон нийтийн сүлжээнд хэт идэвхтэй байгаа нь шүүхэд нөлөөлөх оролдлого” гэж үзсэн учраас түүнийг дараагийн шүүх хурал хүртэл цагдан хорих санал гаргасныг шүүх бүрэлдэхүүн ийнхүү хүлээн авчээ. Цахим орчинд хэт идэвхтэй гэж үзээд шүүхээс ийм шийдвэр гаргасан нь олон хүний гайхширал, эгдүүцлийг төрүүлж байна. Хэт идэвхтэй гэдэг нь өөрийн үзэл бодлоо илэрхийлж, өөрөө өөрийгөө өмгөөлснийг хэлээд байгаа бололтой. Монгол Улсын иргэн өөрөө өөрийгөө өмгөөлөх, үзэл бодлоо илэрхийлэх хуулиар олгогдсон баталгаатай эдлэх эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй” гээд заачихдаг байгаа. Гэтэл өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь хэзээнээс эхэлж гэмт хэрэг болж хувирсан юм бэ. Үзэл бодлоо илэрхийлэх нь түүнийгээ түгээн дэлгэрүүлэх нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөтэй салшгүй холбоотой зүйл юм.

Тэгвэл олон улсын “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас дэлхийн улс орнуудын 2020 оны хэвлэлийн эрх чөлөөний индексийг хэдхэн хоногийн өмнө шинэчлэн танилцуулаад байна. Энэ индексээр Монгол Улс 73 дугаар байр эзэлж, өнгөрсөн жилийнхээс гурван байраар ухарчээ. Сүүлийн жилүүдэд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ байнга ухарч байгаа.

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь тухайн хүний бүрэн эрхийн асуудал юм. Цахим орчин дахь твиттер, фэйсбүүк аккаунт бол тэр хүний хувийнх нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл. Ингэж үздэг, хүлээн зөвшөөрдөг болоод удаж байгаа. Сүүлийн үед Монголын хэвлэл мэдээллийн эрх чөлөө ихээхэн хумигдаж, хэвлэл мэдээллийнхэнд зориулсан эрүүгийн нөхцөл байдал ч хүндэрч байна. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх юм уу, төрийн аль нэг албан хаагчдын идсэн уусан тухай баримт, мэдээллийг нийтэд дэлгэвэл шууд эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг болсон.

2006 оноос хойш хийсэн нэгэн судалгааны дүнг сонирхуулъя. Бичиж нийтэлснийхээ төлөө хичнээн сэтгүүлч цагдаагийн байгууллагад дуудагдаж, дарамтад өртсөнийг тоо баримттай нь гаргажээ. 2016, 2017 оны тоо баримтыг хооронд нь харьцуулахад бичиж нийтэлснийхээ төлөө сүрдүүлэг, дарамтад өртсөн, дарамтлуулсан, гэр бүлийн хүнээ дарамтлуулсан сэтгүүлч 2016 онд найм байсан бол 2017 онд энэ тоо 20 болж өсчээ. Мөн сэтгүүлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзсан, ажилд нь саад хийсэн тохиолдол 2016 онд зургаа байснаа дараа жил нь 26 болж нэмэгдсэн байна. Ажил үүргээ гүйцэтгэж явахдаа дуу хураагуур, гар утас, камер, микрофоноо эвдүүлсэн тохиолдол хоёр байснаа найм болжээ. Шүүх хүчний байгууллагын дарамт шахалт, шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдол 2016 онд 17 бүртгэгдсэн бол энэ тоо 2017 онд 108 болж огцом өсчээ. 2018, 2019 онд дээрх тохиолдлуудын тоо бүр нэмэгдэж, албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн нэр хүндийг унагах, цаашлаад биед нь халдах тохиолдол гарч байгааг ард түмэн харж байна. Үүний нэг жишээ нь, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг болоод байна. Цагдаагийн хурандаа түүнийг өрөөнөөсөө хөөж гаргаад “Наадахыг чинь гар хүрсэн гэдэггүй юм” гэж хэлж буй бичлэгийг олон нийт харсан. Сэтгүүлч Н.Өнөрцэцэг бичиж нийтэлснийхээ төлөө зөвхөн 2019-2020 онд буюу нэг жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад 12 удаа дуудагдан байцаагдаж, ажлын ихэнх цагаа хууль хүчний байгууллагын дарга нар, байцаагчийн үүдийг сахиж өнгөрүүлж байгаа нь дээрх судалгааг нотолж байна. Энэ бол ганц сэтгүүлчид тохиолдож буй асуудал биш. Монголын хэвлэл мэдээллийн салбарт цагдаагийн байгууллагад дуудагдаагүй, шүүхээс зарлан аваагүй байгууллага, сэтгүүлч гэж үлдсэнгүй.

Төр засаг, хүчний байгууллагын зүгээс хэвлэл мэдээллийн нэр хүндийг системтэйгээр унагаж, гутаах оролдлогуудыг байнга хийх боллоо. Ялангуяа мэдээллийн баталгаатай эх сурвалж болох сонин, телевиз, сайтуудыг илүүтэй гутааж, тэнд ажилладаг сэтгүүлчдийн нэр хүндийг унагасаар байна. Үүндээ бусад мэдээллийн хэрэгслийг ихээхэн ашиглаж, сошиал орчинд онигооны бай нь албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг сэтгүүлчид болоод удлаа.

Хэрвээ албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагаа хумигдаж, нэр хүндгүй болох, цаашлаад эдийн засгийн хувьд дампуурч хаагдвал албан бус сошиал мэдээллийн хэрэгслүүд болох твиттер, фэйсбүүк нүд ирмэхийн зуурт л устана. Тэрэн шиг амархан юм, манай төр засгийнхан, хууль хүчний байгууллагад байхгүй байлгүй. Цагдаагаас тухайн аккаунтын ганц ганц эзэмшигч рүү нь утасдаад л дуугүй болгочихно. Жиргээч, олон мянган дагагчтай бичигч гээд байгаа хүмүүс рүү цагдаагаас ганц утасдахад л таг болчихно шүү дээ. Эсвэл ганц товч дарах юм уу, ганц тохиргоо хийхэд л сошиал гэх энэ хийсвэр зүйл зогсчихно.

Иймээс албан ёсны хэвлэл мэдээлэл, үг хэлэх, хэвлэн нийтэлж байх эрх чөлөөг хайрлаж, хямгадаж байх нь хамгийн чухал зүйл юм. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалах ёстой. Хэвлэл мэдээллийн эрх чөлөө нь Монгол Улсын хувьд ардчиллын баталгаа юм. Ардчилал яагаад тийм эрхэм юм бэ гэвэл, хоёр том гүрний дунд оршдог, Монгол орны хувьд ардчилал бол тусгаар тогтнолын баталгаа юм гэдэгтэй хэн ч мартах ёсгүй. Монгол Улсын тусгаар тогтнол бол зөвхөн энд оршин сууж амьдарч байгаа гурван сая монголчуудын хэрэг төдий зүйл биш. Дэлхийгээр тархан суугаа 10 гаруй сая Монгол үндэстний оршин тогтнох, тэсч үлдэх баталгаа юм. Монгол үндэстний тусгаар тогтнолын үндэс болсон ардчиллын амин сүнс бол үг хэлэх, хэвлэн нийтлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх явдал. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөг юу юунаас илүү хайрлан хамгаалж, түүний төлөө тэмцэж байх шаардлага нийт ард түмний өмнө тулгарч байна. Хэвлэлийн эрх чөлөө бол хэдэн сонин, телевиз, сайтын асуудал биш. Нийт монголчуудын тэмцэж, хамгаалах зүйл болчихоод байна. Монголчууд цахим хэрэглээ, фэйсбүүкт идэвхтэйгээрээ Азидаа тэргүүлдэг. Тэгэхээр та бидний хэн маань ч цахим орчинд идэвхтэй байсан гэдгээрээ хоригдож мэдэх нөхцөл байдал үүсчихлээ.


Categories
мэдээ цаг-үе

З.Буянхишиг: Манай сургууль Moodle программыг ашиглан цахим сургалтаа явуулж байна

ШУТИС-ийн Мэдээлэл холбооны технологийн сургуулийн холбооны салбарын эрхлэгч доктор (PhD), дэд профессор З.Буянхишигтэй ярилцлаа.


-Энэ жил “Ковид-19” цар тахлын халдвараас шалтгаалан хичээл, сургалтын үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон. Танай сургуулийн хувьд цахимаар ямар хичээлүүдийг зааж байгаа вэ?

-Мэдээлэл Холбооны Технологийн сургууль нь ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн нэг. Манай МХТС нь таван үндсэн салбартай. Холбооны, Электроникийн, Компьютерийн ухааны, Мэдээллийн технологийн, Мэдээллийн сүлжээ ба аюулгүй байдлын гээд. Миний бие Холбооны салбарын эрхлэгчээр ажилладаг. Манай салбар 25 багш, дөрвөн сургалтын мастер болон туслах ажилтантай. Энэ улирал буюу хичээлийн жилийн сүүлийн хагас маань цаг үеийн байдалтай уялдан цахим хэлбэрээр явагдаж байна. Энэ тохиолдолд багш, оюутангүй бэлэн бус байлаа. Гэхдээ сургуулийн удирдлага, профессор багш нар маань цэгцтэй шаргуу арга хэмжээ авч, сургалтын үйл ажиллагааг завсардуулалгүй харьцангуй хэвийн явуулж байна. Яг энэ семистрт манай салбарын хувьд бакалаврын 23, магистрын есөн хичээл цахимаар зааж байна. Миний хувьд бакалавр, магистрын тус бүр нэг хичээл зааж байгаа.

-Танай сургууль ямар программ хангамж ашиглаж цахим сургалтын үйл ажиллагааг явуулж байна вэ?

-Манай ШУТИС-ийн профессор багш нар цахим сургалтын материалыг ШУТИС-ийн Багшийн вэб болон www.must.edu.mnсайтын “Цахим сургалт” цэсээр оюутанд хүргэж байна. Манай МХТС-ийн хувьд www.elearn.sict.edu.mnхаягаар Moodle программыг ашиглан цахим сургалтаа явуулж байна. Манай ШУТИС Microsoft Office 365–ийн Faculty A1 болон Stu­dent A1 лицензийг албан ёсоор эзэмшиж байгаа юм.Moodle болон Microsoft Office 365 & Teams программ нь багш нар оюутнуудад лекц, семинар, бие даалтын даалгаврын материалуудыг цахимаар хүргэх, багш болон оюутнууд онлайн орчинд шууд харилцах, тэдгээрийн идэвхтэй оролцоог дэмжих, багшаас оюутнуудын цахимаар суралцах үйл явцыг удирдан зохион байгуулах, хичээлээ хэр зэрэг хандан үзэж буйд хяналт тавих, зохицуулалт хийх, сургалтыг үр дүнтэйгээр тасралтгүй үргэлжлүүлэн явуулах боломжийг олгодог цогц систем юм.

Мөн Microsoft Teams, Skype, Zoom ашиглан бакалавр, магистрын дипломын үзлэгүүд, бие даалт, төслийн хичээлүүд, багш ажилтны хурал семинар зэргийг явуулж байна, үндсэндээ цахим хэлбэрт шилжээд өдөр тутмын үйл ажиллагаа ч гэсэн нэгэнт хэвшиж суралцаж байна даа.

-Цахимаар хичээллэхийн онцлог нь юу байна вэ?

-Танхимын сургалттай харьцуулахад цахим сургалтын онцлог зүйл их бий. Оюутнууд дурын газраас (хэрвээ өөрт нь сүлжээний болоод компьютер, гар утасны боломж нь байвал) холбогдож хичээлээ үзэж байна, цаг хугацааны хувьд хязгаарлагдахгүй уян хатан байх боломж бүрдэж байна, танхимд ганц удаа л багшийн лекц сонсдог байсан бол цахим сургалтаар бол хэдэн удаа ч сонсох, үзэх сайхан давуу талтай, заавал танхимд номхон суугаад хичээл хийх биш, хоолоо хийнгээ, дүүгээ асрангаа, дасгал хөдөлгөөн хийнгээ хичээлээ сонсох, давтан үзэх, ойлгоогүй зүйлсээ дахин нягтлан үзэх гээд тоочоод байвал давуу зүйлүүд мэдээж бий. Танхимд бол шууд багшаас асууна, цахимаар бол бичлэг үзээд эхлээд өөрөө л ойлгох хэрэг гарна, ойлгохгүй зүйлээ мэдээж багшаас асууна, бусдаас асууна, аль алийг нь хослон оюутан мэдлэг олж авах, нөгөө талаас мэдээж бид сургах ёстой. Гол нь оюутан залуус маань өөрөө өөрийнхөө цаг хугацааг менежмэнт хийж, цаг хугацаагаараа өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийх сайхан боломж байна, Мэдээж хувь хүн өөртөө шаардлага өндөртэй, зорилго тодорхой байж цахим сургалт үр дүнтэй болно. Мэргэжлийн хичээлээ цахимаар суралцаад ойлгож буй оюутан цаашдаа бие даан өөрийгөө хөгжүүлэхэд бүр сайн бэлтгэгдэж байна аа гэсэн үг.

-Цахим хичээлийн даалгаврыг гүйцэтгэхдээ оюутнууд ямар нэгэн заль гаргах тохиолдол гарч байна уу?

-Тест сорил өгөхдөө хүний өмнөөс өгөх гэх мэт сөрөг хандлага байх, гэхдээ орчин цагт мэдлэгээс дутуугүй хандлагыг чухалчилдаг болсон өнөө үед зөв хүмүүжилтэй зөв хандлагатай хүн л цааш алхана шүү дээ, тийм болохоор тестийн дийлэнх хувь маань оюутан өөрөө өөрийгөө сорих тест хэлбэртэй байгаа. Зөвхөн үнэлгээг бус үр дүнг чухалчилдаг, хандлагыг ажилд авч ур чадварыг төлөвшүүлдэг эрин үед ирсэн учраас залуу хүн өөр лүүгээ өнгийж, бусдаас суралцаж, бусадтай хамтарч, зорилго карьераа зөв тодорхойлж цаг хугацаатай л өрсөлддөг байх хэрэгтэй.

-Цахимаар хичээллэхэд хүндрэлтэй зүйл тохиолдож байна уу?

-Оюутнуудын хувьд мэдээж ойлгохгүй зүйл гарахаар шантрах, залхах зүйл ажиглагддаг, зүгээр нэг уншаад өнгөрөх зүйл биш нарийн шинжлэх ухааныг зайнаас буюу цахимаар нэг талаас заах, нөгөө талаас ойлгож мэдлэгийг олж авах учраас сургагч, суралцагч аль алинд нь маш их хичээл зүтгэл шаардагдана. Багшийн зааснаар оюутнууд шинжлэх ухааныг танина. Иймд багш хүн маш хариуцлагатай байх хэрэгтэй. Багш нарын хувьд жирийн үеэс илүү их цаг зарцуулж хичээл сургалтын агуулга бэлтгэж байгаа. Танхимд нүүр нүүрээ хараад тайлбарлаж үзүүлж байгаа слайд нэг өөр, цахим сургалтаар багшийн бэлдэж байгаа лекц, семинарын слайд өөр байх учиртай, багш нар маань ppt үзүүлэн слайд, word документ файл, аудио, видео, live, chat, блог, подкаст гээд хүнд мэдээлэл, мэдлэгийг хүргэж болох ямар л хэлбэр байна түүгээр сургалтын материалыг хүргэж, цахим сургалтыг явуулж байна даа. Бид өөрсдөө мэдээлэл холбооны технологийн хүмүүс учраас багш оюутнууд маань энэ цаг үед амархан зохицож үйл ажиллагаа явуулж байгаа нь нэг талаар бидний давуу тал юм даа.

-Цахимаар хичээллэхийн ач тус нь юу байна вэ?

-Цахим хичээлийн нэгдсэн сан бий болж байна, шалгалтын тестийн сан бий болж байна. Иймд танхимын сургалтын үед ч гэсэн багш заавал өөрөө шалгалт авахгүй хөндлөнгийн шалгалт авах тестийн нэгдсэн сантай болж байна гэсэн үг, мөн хичээлээ хангалтгүй үзсэн оюутан дараа семестрт дахин үзэхдээ цахим хувилбарыг сонгож болно гэдэг ч юмуу сонголтот хувилбартай болж болно, мөн кредитийн төлбөрийн хувьд ч зохицуулалт хийж болох талтай. Зайнаас ойлгуулж заахын тулд багш цахим контентоо илүү ойлгомжтой, илүү цэгцтэй хийж тайлбарлах шаардлага зүй ёсоор тавигдана, тийм болохоор багш нарын ур чадвар ч сайжрах байхаа. Оюутнуудад л цагийн менежментийн хувьд давуу тал их гарна даа.

-Цахим сургалтын явцад анхаарвал зохих зүйл юу байв?

-Цахим сургалтын явцад ч гэсэн цагийн нарийн хуваарь хэрэгтэй гэж санагдсан. Тухайлбал, оюутнуудтайгаа холбогдоход, лайв, форум хийхэд давхцал үүсгэхгүй байх гэдэг ч юмуу, онлайн хурал семинар хийхэд тогтсон цагт хийх, мөн оюутны үзэх хичээлийн агуулга багтаамж, лаборатори, семинарын цахим хичээлийн цаг зарцуулалт энэ тэр гээд зохицуулалт хийх асуудлууд нэлээн байнаа. Багш хичээлээ заахад шинэ технологийн мэдлэг дутуу байвал оюутнууд хохирно. Багш мэдлэгээ байнга дээшлүүлэхгүй бол өөрийгөө хохироогоод зогсохгүй оюутнуудаа хохироож буй хэрэг, шинэ тутам гарч буй технологи дэвшлийг тайлбарлаж өгөхгүй бол оюутнаа эрсдэлд оруулж байна аа гэсэн үг. Тийм болохоор хичээлийн агуулгыг байнга шинэчлэх хэрэгтэй болно. Зөвхөн заадаг биш, мэдлэг олгодог, чадвар олгодог, хандлага төлөвшүүлдэг боловсролын ухааныг дэлхий нийт чухалчилж байна. Иймд цахим сургалтаар ч гэсэн мэдлэгийг, дадал чадварыг, хандлагыг төлөвшүүлдэг хэмжээнд цахим хичээлийн агуулгыг бэлдэх зайлшгүй шаардлага багш бидний хувьд тулгарч байгаа. Бас нэгэн зүйл, цахим хичээлийн контент агууламжийг баяжуулахын тулд эх хэл дээр, төрөлх хэл дээрх мэргэжлийн сурах бичиг их хэрэгтэй юм байна гэдгийг хаа хаанаа бүр их ойлголоо, гадаад хэл дээр уншина гэвэл хангалттай материал байна, монгол хэл дээрээ уншиж судалъя гэвэл хомс болоод ирж байна. Иймд бодлогоор багш нарын мэргэжлийн сурах бичиг бичихийг дэмжих, шууд эрхийг нь авч орчуулах гэх мэт ажлыг хийх хэрэгтэй байна. Нэг хичээлээр англи хэл дээр маш олон сурах бичиг олдоно, монгол сурах бичиггүй хичээл байхаар яаж бид нар сайн мэргэжилтэн бэлтгэх вэ, бодох л асуудал.

-Та цахимаар дипломоо хамгаалж буй хүүхэд удирдаж байна уу, хэрэв удирдаж байгаа бол хүндрэлтэй зүйл гарсан уу?

-Манай салбарын хувьд яг энэ семистрт цахилгаан холбоо, утасгүй холбоо хөтөлбөрийн бакалаврын 44 оюутан, 10 магистрант оюутан төгсөлтийн дипломын ажлын судалгааг хийж гүйцэтгэж байна. Миний хувьд хоёр магистр оюутан удирдаж байгаа. Салбарын багш оюутнууд маань дипломын ажлаа төлөвлөгөө гарган хийдэг, явцын үзлэгүүд батлагдсан хуваарийн дагуу хийгдэж байна. Өчигдөр, өнөөдөр бакалавр, магистрын 70-75 хувийн явцын үзлэгүүд цахимаар хийгдлээ. Бид Microsoft Teams программ ашиглан дипломын үзлэгүүдээ хийж байна. Манай сургуулийн магистр оюутны хувьд заавал эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж байж төгсөлт хийгдэх шаардлага тавигддаг, иймд эрдэм шиншилгээний хурлаа цахимаар хийж болж байна.Цахимаар дипломын үзлэгүүдээ хийхэд харьцангуй бэрхшээл алга гэж байна, багш нар маань, харин ч маш сайн төвлөрч бие биенийгээ сонсдог юмуу гэж ажиглагдаж байна. Харин биет зүйл хийж угсарч буй, схем техниктэй болон программ хангамжтай дипломын ажлын хувьд жаахан асуудал байна, угсарснаа, бичсэн программаа ажиллуулна, ажиллахгүй асуудал гарна, шалтгааныг нь олох гээд заавал нүүр тулж уулзах хэрэг гараад байгаа багш, оюутанд, гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ бариад ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу зай контактыг барьж уулзаж байгаад л төгсөлтийн ажлаа хийж дуусгана даа. Харин магистрант оюутнууд маань ажлын байран дээрээсээ шууд холбогдоод дипломын явцаа шалгуулаад зөвлөгөө авч байгаа болохоор тэдний хувьд тун давуу талтай, дуртай байгаа, орон нутгаас суралцаж буй магистрант оюутнууд цөөнгүй бий.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Г.Амгаланбаатар: Ю.Жавзан эгч надад “Ахтай минь жаахан төстэй байна шүү” гэж хэлсэн

УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатартай ярилцлаа.


-Та “Түүх мартахгүй” хоёр ангит түүхэн уран сайхны кинонд Ю.Цэдэнбал даргын идэр насны дүрийг бүтээжээ. Өөрийгөө Ю.Цэдэнбал даргын идэр настай хэр адилхан төрхтэй гэж боддог вэ?

-Би урьд нь “Тусгаар тогтнол” кинонд Ю.Цэдэнбал даргын залуу насны дүрд тоглож байсан. Тэрнээс хойш л хүмүүс намайг түүнтэй адилхан болж болох юм байна гэх хандлагатай болсон байх гэж боддог.

Харин миний хувьд Ю.Цэдэнбал даргатай өөрийгөө адилхан гэж боддоггүй. Би Ю.Цэдэнбал даргын идэр насны дүрд тоглохын тулд өргөн магнайтай болох гэж үсээ хуссан. Ю.Цэдэнбал дарга өргөн магнайтай, харин миний хувьд нарийхан магнайтай юм билээ (инээв). Бас нүүр будалтынхан намайг аль болох Ю.Цэдэнбал даргатай адилхан болгох гэж их л хичээсэн.

-Уг кинонд түүхийг хэр үнэн харуулсан бол оо хэмээн хүмүүс бодож байгаа байх?

-Түүхийг энэхүү кинонд яг үнэнээр нь тусгасан. Уг кинонд Ю.Цэдэнбал даргыг хувь хүн талаас нь харуулахыг илүүтэй хичээсэн. Хүн л юм чинь уйлдаг, уурладаг, гомддог, харддаг, хайрладаг, харамладаг… байсан. Би түүний ид хийж бүтээж байсан идэр насны дүрд тоглосон. Харин ахимаг насанд нь гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах тоглосон байгаа.

-“Түүх мартахгүй” кинонд тоглож байхад Ю.Цэдэнбал даргатай холбоотой дурдатгалууд сэтгэлийг тань эмзэглүүлэх тохиолдол байв уу?

-Уг кинонд тоглож байхдаа Ю.Цэдэнбал даргыг хүний эрхэнд л амьдарсан хүн юм даа гэж бодож байлаа. Бага залуугаасаа том албан тушаалд очсон учраас өөрийнхөө амьдралын бүх л зүйлийг эх орон, ард түмнийхээ төлөө зориулсан. Хоцрогдсон бүдүүлэг, соёлгүй, иргэдийнх нь тал хувь нь шахуу өвчтэй байсан Монгол Улсыг 44 жилийн дотор үсрэнгүй хөгжүүлж чадсан учраас энэ хүнийг мартах ёсгүй.

-Уг киноны постерыг нь харсан хүмүүс таныг Ю.Цэдэнбал даргын идэр настай их төстэй байна гэцгээж байна лээ?

-Аль болох л түүнтэй адилхан болохыг хичээсэн. Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ах надад зөвлөгөө өгч байлаа. Инээхдээ иймэрхүү, үйлдэл нь ийм байсан гэхчлэн хэлж, зөвлөж байсан. Ц.Төмөрбаатар ах 25-хан насандаа Ю.Цэдэнбал даргын дүрд тоглож байсан шүү дээ. Бас би судалгаа их хийсэн.

Ю.Цэдэнбал даргыг бүх монголчууд таньдаг учраас би өөртөө маш өндөр шаардлага тавьж, хариуцлагатай хандан, хичээж тоглосон. Киноныхоо тал хувьд нь би оросоор ярьсан. Би орос хэлдээ тийм ч сайн биш. Тийм болохоор уг кинонд тоглоход хэлний бэршээлээс эхлээд хүндрэлтэй зүйлүүд нэлээд тохиолдсон.

-Та Ю.Цэдэнбал даргын үр хүүхэд, ач зээ нартай нь уулзсан уу?

-Ю.Жавзан гэх дүүтэй нь уулзсан. Их тэнгэрийн аманд Ю.Цэдэнбал даргын эхнэртэйгээ хуримаа хийж байгаа хэсгийн зургийг авсан юм. Тэр үеэр Ю.Жавзан эгч ирсэн. Намайг нэлээн удаан хараад л байна лээ. Тэгснээ дараа нь “Ахтай минь жаахан төстэй байна шүү” гэж хэлсэн.

-Та хувь хүнийхээ хувьд Ю.Цэдэнбал даргыг хэрхэн үнэлдэг вэ?

-Ю.Цэдэнбал дарга миний хүндэлж, биширдэг хүн. Уг кинонд тоглохоосоо өмнө ч ийн хүндэлж биширдэг байсан. Түүнийг их л гомдоож, бурхны оронд нь явуулсан шүү дээ. Ю.Цэдэнбал даргад “Таныг намаас тань хөөчихсөн байна” гэсэн чинь өөдөөс нь “Намайг намаас хөөсөн гэнэ ээ. Тэгвэл тэр миний нам биш байна” гээд чимээгүй суучихсан тухай түүх байдаг.

-Та дэлгэцийн уран бүтээлд тоглож байхдаа тайзны уран бүтээлд тоглох үеийнхээ араншинг гаргах үе тохиолддог уу?

-Тайз, дэлгэц хоёр ялгаатай. Би 20 жил драмын урлагт үнэнчээр хүчин зүтгэж явна. Кинонд тоглож байх үед намайг “Жаахан тоглолтоо дар. Тайзан дээр тоглож байгаа юм шиг дуугарах гээд байна шүү” гэж найруулагч хэлдэг л юм.


-УДЭТ-ын нэлээд хэдэн жүжиг IPTV-д байршсан байна лээ. Түүн дотор таны гол дүрд нь тоглосон жүжгүүд ч мөн байна билээ. Энэ талаар?

-Коронавирусийн халдвартай холбоотойгоор соёл, урлаг, спортын бүх л үйл ажиллагаануудыг хориглосон байгаа. УДЭТ тайзан дээр тоглосон жүжгүүдийнхээ бичлэгийг IPTV-д байршуулан туршиж байна. Миний тоглосон “Өчигдөр”, “Бүүвэй” жүжгүүд IPTV-д байршсан байгаа. Бас “Уучлаарай та дугаар андуурч”, “Манекен” жүжгүүд видео санд байршсан. Эртээд С.Болд-Эрдэнэ бид хоёрын гол дүрд нь тоглосон “Гол дүрийн амрагууд” жүжиг UBS телевизээр гарсан. Түүнийг үзээд тайзны жүжгийг дэлгэцээр гаргахаар жаахан учир дутагдалтай байдаг юм болов уу даа гэх сэтгэгдэл төрсөн. Арай өөрөөр теле жүжгийн хэлбэрээр бүтээж үзэгчдэд хүргэх хэрэгтэй юм болов уу даа гэж бодож байгаа.

-Урлаг таны амьдралд хэр том орон зайг эзэлдэг вэ?

-Миний ганц ертөнц шүү дээ. Амьдралын минь хамгийн том орон зайг урлаг эзэлдэг.

-Дараагийн уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ?

-Би өнгөрсөн жил өөрөө найруулж кино хийхээр төлөвлөж байсан юм. Гэвч “Түүх мартахгүй” кинонд Ю.Цэдэнбал даргын дүрд тоглох болчихоод тэр ажлаа хойшлуулсан. Тэгээд энэ жил тэр киногоо хийх гэсэн чинь өвчин гараад бас жаахан хойшилчихлоо. УДЭТ хөл хорио тавигдахаар “Анна Каренина” жүжгийг үзэгчдэд тоглоно. Миний хувьд уг жүжгийн Левин гэх дүрд тоглох гэж байгаа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Улсын заан Н.Жаргалбаярын ангийнхан

2008 оны намар цаг. Монголчууд олимпийн аваргатай болсон жил “Шонхор” дээд сургуулийн Үндэсний бөхийн багш дасгалжуулагчийн ангид 54 шижигнэсэн залуу элссэн байдаг. Бие бялдар нь илтэд хөгжиж, бөхийн эрдмийг хар бага наснаасаа заалгачихсан, аймаг, сумынхаа наадамд зодоглодог унаж даваад сурчихсан хүүхдүүд нэг ангид оржээ.

Дээд сургуулиа төгсөж, том бөх болох хүсэл эрмэлзэл өвөртөлсөн залуусын ангийн багш нь засуул, дуучин Батмэндийн төрсөн ах аймгийн начин Баасанхүүгийн Батбаатар.

Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Говь-Алтайдаа сайн барилдаж нэр нь түгчихсэн залуус бөхийн өргөөний барилдаануудад тус тусын нутгийнхаа нэрийг дуурсгаж сайн барилдаад эхэлсэн байна.

Увсын Д.Энхбаяр гэж үндэсний бөхийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаанд түрүүлсэн уран барилддаг залуу ангийнхнаасаа хамгийн түрүүнд буюу 18-хан насандаа аймгийн арслан цол хүртэж нөхдөө хурцалж өгсөн байна.

Бөхийн бэлтгэлээ цалгардуулалгүй өдөр бүр хийж байсан энэ ангийн залуусын ур чадвар өдрөөс өдөрт л ахиад ирж. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол 3-4 давж, зарим тохиолдолд шөвгөрдөг болжээ.

Өдөржин бэлтгэл сургуулилт хийгээд хөлсөө гаргачихаар хамаг хоол унд нь шингэчихдэг. Өглөө хичээлдээ ирэхдээ цайгаа уулгүй ирдэг болохоор их өлсдөг. Тэр болгондоо сургуулийнхаа ойр хавийн цайны газруудад очно. Ихэнх нь мөнгөгүй. Тиймээс цайны газрын эгч нарыг панаалдаж хоол идэх гэж аргаа бардаг байж. Мөн ангийнх нь нэг хүү виза карт авчихсан байжээ. Тэгсэн ангийнх нь хүүхдүүд хоорондоо “За ингээд нийтийн унаанд үнэгүй явдаг болж байгаа юм даа” гэж хэлжээ. Тэгсэн нөхөр таксинд үнэгүй явж болох юм байна гэж ойлгоод таксинд суугаад гэр рүүгээ явчихсан гэнэ. Таксины жолооч гэрийнх нь гадаа ирээд “За 4500 төгрөг” гэхэд өөдөөс нь виза картаа үзүүлж байжээ. Картаа яагаад үзүүлж байгаа юм гэсэн үнэгүй явдаг гэсэн биз дээ” гээд таксины жолоочтой ам мурийж хөглөж байсан аж.

Ангийнхан наадмын бэлтгэлд ч хамтдаа гарна. Ойр хавийн уул, овоо тахилгын наадмуудад зодоглож түрүүлж үзүүрлээд байныхаа мөнгөөр ойр зуурын хүнсээ цуглуулчихдаг байжээ. 2010 оны зун наадмын бэлтгэлд ангиараа гарч Дугана хаданд зохион байгуулагдсан Эрдэнэ хайрханы тахилга наадамд барилдсан байна. Шөвгийн найман бөх үлдэхэд бүгд эдний ангийнхан байсан гэнэ. Тэр жилийн наадмын бэлтгэл ч үр дүнгээ өгч бүгд сум аймгийнхаа наадамд цолоо ахиулцгаасан гэнэ.


Б.Батбаатар багш ангийнхаа хүүхдүүдийн талаар “Манай ангийн хүүхдүүд бөх болно гэдгээ бүгд мэдэрчихсэн. Үүрэг хариуцлагатай болчихсон, бэлтгэл сургуулилт тасална гэсэн зүйл огт байхгүй. Бэлтгэл дээр бие биенийхээ дээр гарах гээд үзэж тарна. Тэр тийм мэх сурчихсан байна лээ. Би сурна. Тэр мэхийг тэгж хамгаална гэнэ. Эхний жилүүдэд бие биенийхээ барилдааны онцлогийг мэдчихэж байгаа юм. Дараа нь тэрийг тийм мэхээр давах боломжтой гээд тус тусдаа мэх боловсруулчихсан байдаг. Тийм ч болохоороо оюутан байхдаа аймгийнхаа наадамд түрүүлчихдэг болсон. Бүгд цолонд хүрцгээсэн” гэж ярьж байна.

“Шонхор” дээд сургуулийнхнаас ангиараа цолд хүрсэн тохиолдол байдаггүй гэнэ. Улсын заан Н.Жаргалбаяр, улсын начин Д.Энхбаяр, Ш.Шинэбаяр гээд гурван улсын цолтой бөх энэ ангиас төрж гарсан.

2011 онд гуравдугаар курсийн оюутнууд монгол бөхийг Гиннесийн номонд бүртгүүлэх 6002 бөхийн барилдаанд ангиараа зодогложээ.

Тэр үед залуу бөх байсан улсын заан Н.Жаргалбаяр ангийн багшдаа хандаж “Би том цолтой бөх болж энэ дэвжээн дээр нэрээ дуурсгана” гэж амлаж байсан нь өнөөдөр биеллээ олоод байгаа юм. Заан Жаргалбаяр ийм л өөртөө итгэлтэй, бэлтгэлээ цалгардуулдаггүй оюутан байсан гэнэ. Ангийнхан нь Жагаа зааныг наадамд түрүүлэх бүрэн бололцоотой гэж үнэлдэг юм билээ.

Мөн улсын начин Шоовдойхүүгийн бага хүү, улсын начин Ш.Тогтохбаярын төрсөн дүү Шинэбаяр гиннесийн номонд бүртгүүлэх ойн барилдаанд сайн барилдаж байжээ.

Гуравдугаар курст ороод л энэ ангийн оюутнууд улс аймгийн цолтнуудыг айлгадаг болж ирсэн гэнэ.

2012 онд Увс аймгийн харьяат аймгийн арслан Л.Цээсүрэн тухайн үед аймгийн начин цолтойдоо Богд ханы хишиг барилдаанд улсын арслан До.Ганхуяг, Ц.Содномдорж, улсын харцага А. Бямбажав, улсын начин Ц.Одбаяр нарын шилдгүүдийг орхиж түрүүлж том шуугиан тарьж байжээ. Ангийнхан нь бөөн баяр болж сургууль дээрээ хүндэтгэлтэйгээр хүлээж авсан байна.


Дорноговь аймгийн арслан М.Бямбадорж, Ховдын Г.Хишигбат, Увсын Л.Цээсүрэн нарын улсын цолны эрэмбэтэй залуус энэ үед бие биенээ хурцалж хамтдаа сайжирч байсан гэнэ. Эдгээр залуусыг улсын том цолд хүрнэ гэж бөхийн хүрээнийхэн үнэлдэг. М.Бямбадоржийн тухайд улсын харцага Б.Бат-Өлзий, О.Хангай нарын мундаг бөхчүүдийг өвдөг шороодуулж цаашид сайн барилдах бололцоотойгоо баталж харуулсан байдаг. Үүнээс гадна Ховд аймгийн харьяат аймгийн арслан Г.Хишигбат энэ ангийн төгсөгчдийн нэг. Ховдын наадамд түрүүлж үзүүрлэж байсан залуу арсланг дараагийн улсын цолтноор нэрлэх хүмүүс олон.

Хөвсгөл аймгийн заан Г.Бат-Эрдэнэ, Баян-Өлгийн аймгийн заан С.Бат-Үүл, Увс аймгийн харцага Б.Мөнх-Эрдэнэ, Өмнөговь аймгийн харцага Б.Амар-Амгалан нарын сайчуул ч энэ ангид дөрвөн жил суралцаж төгсчээ. Мөн сумын цолтнуудын барилдаанд тогтмол шөвгөрч сайн барилддаг байсан Өвөрхангайн аймгийн харцага Б.Мөнх-Өрнөх мөн эдний ангийнх. Оюутан ахуйгаасаа л тодорсон тэрбээр өдгөө аймагтаа ажиллаж амьдарч байгаа гэнэ.

Ангийн багш Б.Батбаатар сургууль дээрээ багийн бооцоот барилдааныг тогтмол зохион байгуулдаг байжээ. Улсын арслан П.Бүрэнтөгс, улсын харцага Б.Бат-Өлзий гээд өнөө цагийн шилдэг бөхчүүд бүгд оролцдог байсан гэнэ.

Барилдаанд зодоглохын хэрээр л ур чадвар өсч байсан талаар ангийн багш нь хэлж байна. Сайн барилдсан оюутнуудыг багш нь хувиасаа урамшуулдаг байжээ. Тус барилдаанд сайн барилдсан оюутнууд Бөхийн өргөөнд дээгүүр үздэг байсан гэнэ.

Батсуурь аваргын аав улсын харцага Г.Намсрайжавын уран, сийрэг барилдаан энэ ангийнхнаас харагддаг билээ. Намсрайжав харцага тэдэнд бөхийн эрдэм зааж байжээ.

Мөн Увс аймгийн арслан Навааны Хүрэлсүх, Дорнод аймгийн арслан Ганбаатарын Эрхэмбаяр, аймгийн заан Б.Батжаргал нар энэ төгсөлтийнх учир хамт бэлтгэл хийдэг байсан гэнэ. Сонирхуулахад, Г.Эрхэмбаяр Б.Батжаргал нар өнгөрсөн зун аймгийнхаа баяр наадамд түрүү үзүүрт шалгарч Эрхэмбаяр давж аймгийн арслан цол хүртсэн юм. Ер нь аймгийн арслан болох эрэмбэтэй залуус энэхүү ангид хэд хэд бий. Ховд аймгийн харьяат аймгийн нэмэх начин О.Очбат гэж залууг бөхийн хүрээнийхэн том цолд хүрнэ гэж үнэлдэг. Тэрбээр аймгийнхаа наадамд гурван удаа шөвгөрч байсан юм. Мөн Ховдын Н.Амарсайхан сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол амжилттай барилдаж явна. Түүнийг цол ахихыг хүлээж буйгаа Батбаатар багш дуулгаж байна лээ.

Түүнчлэн нэг ангид суралцаж төгссөн 60 орчим залуусын тэн хагас нийслэлд бэлтгэл сургуулилтаа базааж заал танхимын барилдаанд зодоглож байна. Харин үлдсэн нь хөдөө орон нутагт багш дасгалжуулагчаар ажиллаж үндэсний өв соёл, үндэсний бөхийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж явна.