Categories
мэдээ цаг-үе

Бидний хийсэн ажил, бүтээсэн бүхэн маань иргэн танд зориулагдсан

Шатрын клубын нээлтийн үеэр

Галиндэвийн Энхболд бол төрөө түшилцэж, Улаанбаатар хотыг хөгжүүлэхэд бие сэтгэлээ бүрэн дайчлан, чин үнэнчээр ажилладаг үлгэр жишээ болсон залуусын нэг. Тэрээр Баянгол дүүргийн Төмөр замд өсөж торниж, сурч боловсорч, энэ л дүүрэгтээ гал голомтоо бадрааж, одоо дүүргийнхээ Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга гэх хариуцлагатай албыг хашиж байна. Түүнийг “Танайд өнжье” буландаа урьж, ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдгийг сонирхлоо.

Шинийн тавны бэлгэ дэмбэрэл, өлзий ерөөл бүрдсэн өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт очлоо. Г.Энхболд даргын өрөөнд нь тус дүүргийн иргэн, өндөр настан Цэцэгээ гэх эмэгтэй сууж байна. Тэрээр “Даргатайгаа уулзах гээд ээ” хэмээн инээмсэглэнэ. Гартаа өргөдөл барьжээ.Баянгол дүүргээс хэрэгжүүлж буй зорилтот бүлгийн иргэдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн журмын төслийн хэлэлцүүлэгт санал авч байгаа юм байна. Цэцэгээ гуай саналаа нэмэрлэхээр ийн зорьж иржээ. Г.Энхболд даргын хувьд иргэдтэй уулзах тухайлсан цаг, өдөргүй. Иргэд нь хүссэн үедээ ирэхэд хүлээж авдаг, үүд хаалга нь нээлттэй байдаг юм байна. Г.Энхболд дарга ам нээх болгондоо дүүргээ, иргэдээ ярих бөгөөд “Миний мөрөөдөл бол асуудал, зовлон ярьж ирсэн ганц ч иргэнгүй болох юмсан гэж боддог. Би тийм дүүрэг байдгийг ХБНГУ-ын Берлин хотын Шёнефелд дүүрэгт ажлаар явж байхдаа харсан юм. Шёнефелд дүүргийн засаг захиргааны байранд бүхий л төрийн үйлчилгээний байгууллага нь төвлөрсөн байсан.

Тэгтэл ганц ч иргэн тэнд үзэгдээгүй. Учрыг лавлатал “Бид дүүргийнхээ иргэдийн бүх асуудлыг нь шийдээд өгчихсөн. Хэрэв шаардлага гарвал цахимаар өргөдөл хүсэлтээ өгчихдөг учраас тэдний хувьд энд ирээд байх шаардлагагүй болсон. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд хувь хүний нөлөөллийг багасгаж чадсан” гэж хэлсэн. Би үүнийг сонсоод машид гайхсан ч дотроо Улаанбаатар хотоо ийм л болгох юмсан, цахим харилцаа бол хөгжлийн түлхүүр юм байна гэсэн мөрөөдөл гэх үү, зорилго гэх үү нэг тийм хүсэлтэй болсон доо. Энэ хүслээ Баянгол дүүргээсээ эхлүүлээд ажиллаж байна даа” гэж байлаа. Г.Энхболд дөрвөн хүүтэй айлын ууган нь. Аав П.Галиндэв нь Архангайнх, ээж Б.Энхээ нь Говь-Алтай аймгийн хүн юм байна. П.Галиндэв гуай насаараа цэргийн байгууллагад ажилласан бол Б.Энхээ гуай 1974 онд Төмөр замын техникумыг төгсөнгүүт Төмөр замд Суудлын вагон депогийн нягтлангаар ажилд оржээ. Б.Энхээ сургуулиа төгсөх жилээ хүүгээ олж олж хөл нь газар хүрэхгүй баярлаж, намар нь төрөх дөхөөд ирэхэд “Ээжийнхээ дэргэд очиж төрнө” гээд нутаг руугаа явжээ. Ингээд Энхболд Говь-Алтай аймагт мэндэлжээ. Гэсэн ч ээж нь хүүгээ аваад хотод эргэж иржээ. Г.Энхболд энэ тухайгаа “Миний иргэний үнэмлэх дээр төрсөн газар гэдэг дээр Говь-Алтай, Алтай хот гэж байдаг юм. Ээж минь намайг төрүүлчихээд сар ч бололгүй буцаж ирсэн юм билээ. Манай Төмөр замынхан чинь бүгдээрээ ЧЗ гэсэн үсгээр эхэлсэн регистерийн дугаартай байдаг юм. Би 1974 оноос хойш яг энэ Баянгол дүүрэгтээ, Төмөр замдаа байсаар л байна” хэмээн инээмсэглээд “Би эндээ өсч өндийлөө, боловсрол эзэмшлээ, ажиллалаа, одоо ч амьдарсаар. Төмөр замын тосгоны хүүхэд дээ” хэмээв. Бага насаа, сургуульд байсан үеэ, Төмөр замынхан ямар халуун дулаан харилцаатай, бүлсэг, нэг нэгэндээ хайртай, нэгдмэл байж чаддаг тухай ярихдаа тухайн үеийн Октябрийн районы байр байшин барилгуудыг нэг бүрчлэн дурдаж “Тэгэхэд тэнд тийм байшин байсан юм. Энд ийм намхан цагаан байшин байдаг байлаа. Хожим дээр нь тийм барилга баригдсан даа” хэмээн дүүргийнхээ үүх түүхийг ч өгүүлж, Төмөр замын гэх тодотголтой хүмүүсээ ч дурсах ажээ.

Аравдугаар анги төгсөх жил буюу 1992 онд Монгол Улс зах зээлд дөнгөж шилжиж эхэлсэн ороо бусгаа байсныг ч хэлэх үү, доороо гурван эрэгтэй дүүтэй болохоор аав, ээждээ “Би их сургуульд оръё. Төлбөр төлөөрэй” гэж хэлж зүрхлээгүй гэнэ. “Хэрвээ тухайн үед намайг их сургуульд оръё гэсэн бол аав ээж хоёр минь зүтгэж байгаад намайг төгсгөх л байсан байх. Би чинь арван жилдээ янз бүрийн тэмцээн, уралдаанд орж амжилт үзүүлдэг хүүхэд байлаа” хэмээн Г.Энхболд өгүүллээ. Тухайн үед төмөр замын ажилчдын хүүхдүүдэд вагоны зорчиход тодорхой хэмжээнд хөнгөлөлт үзүүлдэг байсан нь хөрш орнууд руугаа зорчиход их нэмэр болдог байж. Тийм ч болохоор тэр үү Г.Энхболд аравдугаар ангиа төгсөөд наймаанд явж, эцэг эхдээ тус болж эхэлжээ. Тэглээ ч түүнтэй хамт төгссөн хүүхдүүдээс тоотой хэдхэн нь л их сургуулийн босго давжээ. Ингээд үргэлжлүүлэн сурахаа түр хойш тавиад Эрээн, Эрхүү, Москва гээд хойшоо урагшаа явж, наймаа хийж их ч юм үзэж, янз бүрийн улстай нүүр тулжээ. Ингэж яваад ерөөсөө номын дуу сонсъё гээд 2000-2004 онд эдийн засагч мэргэжлээр суралцан төгсөөд 2007 онд Удирдлагын академийг дүүргэж, дараа нь 2013 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг магистрын зэрэгтэй төгссөн байна. Ромбо, дипломаа гардаж авах ёслол дээр тэнхимийн эрхлэгч нь “За хүү минь, ажил ажил гэсээр байгаад эрдэм шинжилгээний ажил холдчихдог шүү. Маргаашнаас докторын элсэлт эхэлнэ. Чи шалгалт өгөөрэй” гэж ромбыг нь зүүх агшиндаа хэлж л дээ. Эрхлэгчийнхээ захиасаар маргааш нь ирж шалгалт өгч тэнцээд докторантаар суралцах болжээ. Энэ хавар докторыг зэргээ хамгаалахаар бэлтгэж байгаа юм байна.

Айлын ууган хүүхэд учир гурван дүүгээ дагуулах, тэдэндээ анхаарал хандуулах ёстой учир энд тэнд элдэв л ажил хийж явж. Эдийн засгийн сургуульд сурахын хажуугаар ажил хийхээр зарын сонин шагайтал “Жолооч ажилд авна” гэсэн зарыг олж уншжээ. Тэр үед жолооны дамжаагаа дөнгөж төгсчихөөд байсан Г.Энхболдын хувьд энэ зар түүний хувь тавиланг өөрчилсөн гэх үү эсвэл бурханы зурсан заяа төөргийнхөө зам дээр гишгэсэн гэх үү ямартай ч бүхий л сайн сайхан зүйлсийнх нь эхлэл болжээ. Зарын дагуу очиж бүртгүүлчихээд байж байтал хэсэг хугацааны дараа буюу 2002 оны арваннэгдүгээрсарын 27-ны өдөр түүнийг дууджээ. Тэгтэл нэг хүн угтаж уулзаад “Машинаа хүлээж ав” гээд түлхүүр өгчээ. Түлхүүр өгсөн хүн бол гавьяат тамирчин, дугуйчин Л.Баттулга юм байна. Ямар хүний жолооч болсон юм бол гэтэл Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ гэж даргын жолооч болсон шүү гэжээ. Г.Энхболд анх ажилд орсон тэр өдрөө хэзээ ч мартдаггүй гэлээ. Учир нь С.Эрдэнэ даргын жолооч болсноор түүний гэр бүлийн гишүүн болжээ. 2005 онд С.Эрдэнэ даргын охин Э.Содгэрэлтэй гэр бүл болсон байна. “Энэ бол миний бодит үнэн. Хуриман дээр хадам аав минь “Би жолооч зарлуулсан чинь хүргэн ажилд авчихсан байна билээ” гэж ярихад бүгд инээлдэж билээ. Одоо ч гэсэн хааяа тэрийг ярьдаг юм. Үнэхээр бид хоёрыг хайр сэтгэлээр учиржээ, үүнийг юугаар ч хязгаарлаж болохгүй юм байна гэдгийг хадам маань ч хүлээн зөвшөөрсөн. Тухайн үедээ биднийг хүлээн зөвшөөрсөн хадам аавдаа баярлалаа гэж ганц ч удаа хэлж байгаагүй юм байна шүү. Надад итгэсэн юм байна лээ. Энэ мөчид танай сониноор дамжуулж баярлалаа гэж хэлье” хэмээн чин сэтгэлийн үгээ хэлсэн юм.

Г.Энхболдын том охин нь өвөө эмээ дээр өссөн бөгөөд аавыгаа МУИС-д эдийн засгийн сургуульд магистрт сурч байхад хамт охин нь баклаврт нэг сургуульд сурч байжээ. Энэ тухайгаа “Аав, охин хоёр их сургуульд хамт суралцахад инээдэмтэй хөгжилтэй тохиолдлууд их болдог байж билээ” гэлээ.

Э.Содгэрэл, Г.Энхболд хоёр 2007 онд хүүтэй, 2017 онд охинтой болжээ. Хүүхдүүд нь аавтайгаа тоглох дуртай. Хүү нь шатарт сонирхолтой. Амралтын өдрүүдээ гэр бүлдээ зарцуулахыг хичээдэг ч ажлын ачааллаас болоод сүүлийн үед энэ тал дээр чамлахаар байгаагаа нуусангүй. “Наад асуудлаас чинь болоод би гэр бүлийнхнийхээ зүгээс шүүмжлэл сонсоод байгаа шүү” хэмээгээд “Гэхдээ яалаа гэж гэр бүлээ орхигдуулах вэ. Хүүхдүүд минь агаарт гаръя, салхинд гаръя, чаргаар гулгая гэхээр аль болох хүслийг нь биелүүлэхийг хичээлгүй яахав. Сардаа нэг хоёр удаа хүүхдүүддээ зорьж байгаад цаг гаргадаг юм.

Миний ажил алба урагштай, төлөвлөсөн ажил сайн явж байгаа нь зөвхөн Энхболд гэдэг хүний хөдөлмөр биш. Амжилттай яваа хүний ард сайн хань байдаг гэдэг үгийг чинь би нотолж байгаа хүн дээ” гэлээ. Э.Содгэрэл хувиараа ажил эрхлэхийн сацуу хоёр хүүхдээ өсгөх, нөхрийнхөө ар талыг бат байлгахын тулд гэр бүлдээ өөрийгөө бүрэн зориулсан эзэгтэй. Г.Энхболд даргын юу өмсөх, ямар хувцас сонгох, ямар хэмжээ дамжаатай, ямар материалтай хувцас сонгохыг нь гэргий нь л мэднэ. “Би нэг удаа аминдаа санаачилга гаргаад өөртөө хувцас авсан чинь багадуулчихсан. Тэрнээс хойш дахиж өөртөө хувцас авахаа больё гэж шийдсэн шүү” гэлээ.

Г.Энхболд даргынх бусдын адил наадам, Цагаан сар, шинэ жил, Хүүхдийн баяр гээд монголчуудын өргөнөөр тэмдэглэдэг баяруудыг хамтдаа өнгөрүүлнэ. Ялангуяа наадмаар гэр бүлээрээ наадмын талбай гарч, хуушуур иддэг уламжлалтай. Эднийх Төмөр замдаа нэг өрөө байранд анх гал голомтоо бадрааж байсан бол дараа Дугуйн спортод сонирхолтой болгосон хүн нь Л.Баттулга юм байна. Мөн гавьяат тамирчин, нэрт дугуйчин Ж.Өлзий-Оршихтой их дотно сайхан нөхөрлөж, хүндэлж явдаг байжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын хурлын дарга, Баянгол дүүргийн АН-ын даргын албан тушаалтай учир түүний ажлын өдөр маш завгүй өнгөрдөг юм байна. Дүүргийн иргэд Г.Энхболд даргатай уулзаж тусламж, дэмжлэг хүсч, санал бодлоо солилцох дуртай.

Г.Энхболд 2005 онд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст Хяналтын байцаагчаар ажиллаж төрийн ажлынхаа гарааг эхлүүлжээ. 2008 оноос дүүргийнхээ ИТХ-д нэр дэвшсэн ч сонгогдоогүй юм байна. 2012 онд амьдарч байсан хоёрдугаар хорооноосоо ИТХ-д дахин нэр дэвшээд төлөөлөгчөөр сонгогджээ. Мөн тэр үеэс Засаг даргын орлогчийн албан тушаалыг давхар хашиж 2016 онтой золгосон байна. Ингээд 2016 оны орон нутгийн сонгуулиар мөн л хоёрдугаар хороондоо нэр дэвшиж сонгогдоод, дүүргийнхээ ИТХ-ын дарга болж одоог хүртэл амжилттай ажиллаж байгаа юм.

Г.Энхболдод дүүргийнх нь иргэд нь ам сайтай. Учир нь дүүргээ мэддэг, дүүргийнхээ жаргал зовлон биеэрээ мэдэрдэг, унаган хүүхэд гэж дотночилох дуртай. Аргагүй юм. Дүүргээ түүн шиг мэддэг залуус цөөн. Г.Энхболд даргын хувьд аливаа бүтээн байгуулалт, шинэ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ иргэдээсээ саналыг нь авахыг чухалчилдаг онцлогтой. Иргэдтэйгээ хэлэлцэж, санал бодлоо солилцож, зөвшилцөх зарчмаар ажлаа явуулдаг учир түүний эхлүүлсэн ажил болгон амжилттай болж, 230 гаруй мянган хүн амтай Баянгол дүүрэг бүхий л үзүүлэлтээрээ нийслэлдээ тэргүүлдэг.

Баянгол дүүргийнхэн гэр хорооллуудаа амины орон сууцжуулах ажлыг идэвхижүүлж байгаа бөгөөд мөн зорилтот бүлгийн иргэдэд зориулж түрээсийн байрны хөтөлбөрийг дүүрэгтээ хэрэгжүүлэхээр болжээ. Баянгол дүүрэг Тэрэлжид хүүхдийн зуслан бүтээн байгуулж байгаа бөгөөд ирэх Хүүхдийн баяраар уг зуслан нээлтээ хийх аж. Нэг удаадаа 400-500 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Мөн өвөл утааны үед хүүхдүүдийг тэнд байрлуулж, хичээлийг нь хийлгэж байх санал ч иргэдээс гарчээ. ТЭЦ IV станцын урд 54 га талбай бүхий Баянгол дүүргийн Агро парк бий. Тэнд сурагчид очиж мод тарьж, ургамал цэцэгстэй танилцаж танин мэдэхүйгээ тэлдэг бол иргэд хүлэмжнүүдэд нь өрхийн хэрэгцээний нарийн ногоогоо тарих боломжтой зэрэг олон давуу талтай юм байна. Тэнд өнгөрсөн жил Германаас авчирсан сайн чанарын 10 мянган суулгацыг авчирсан бөгөөд энэ хавраас дүүргийнхээ гудамж талбайд суулгах юм байна. Энэ хугацаанд Баянгол дүүрэг дөрвөн том, 10 өрхийн эмнэлэг нийтдээ 14 эмнэлэг шинээр барьжээ. Ингэснээрээ нийслэлийн хэмжээнд иргэдэд нь эмнэлгийн ор хангалттай гэсэн үзүүлэлттэй дүүрэг болж чаджээ.

Мөн тус дүүрэг Хуримын ордонтой болж байгаа юм байна. Энэ мэтээр Г.Энхболд дарга дүүрэгтээ хийж байгаа, хийсэн, хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Миний мөрөөдөл бол дүүргийн засаг захиргааны байран дээр зовлон, бэрхшээл ярьсан нэг ч хүн орж ирдэггүй болгочих юмсан. Энэ бол миний мөрөөдөл. Ажил хийе гэвэл чөтгөр ч байсан би дэмжинэ. Хэрвээ ажил хийх хүсэлгүй хүн байвал миний аав, ээж байсан ч хамаагүй би хамтран ажиллахаас татгалзана. Энэ бол миний ажилдаа баримталдаг зарчим.

Ирж буй Арвандолдугаар жарны “Хотол төгс” хэмээх төмөр хулгана жилдээ бүгд эрүүл саруул байгаасай. Дэлхий даяар тархаад байгаа энэ халдварт өвчин Монгол Улсад минь битгий орж ирээсэй гэж чин сэтгэлээсээ бодож байна” гэсэн юм.

Ийм нэг энгийн мөрөөдөлтэй, өссөн төрсөн дүүргийнхээ иргэдийг аз жаргалтай болгохын төлөө өмнөө тавьсан зорилготой, хийсэн бүтээсэн зүйлтэй, хэнтэй ч нүүр бардам, чин зүрхнээсээ ярьж чаддаг Г.Энхболд гэж залуу Баянгол дүүрэгтээ ажиллаж, амьдарч байна. Түүний мөрөөдөл биелэх болтугай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Баабарын “Аврагдсан 57 зорчигч” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Зээлийн хүүг тэглэж, эргэн төлөлтийг хойшлуулах боломж байгаа юу, засгаас хувийн хэвшлийнхэнд үзүүлэх ямар боломжууд байгаа талаар хариулт авахаар МҮХАҮТ-ын удирдлагуудад хандлаа. Энэ тухай өнөөдрийн дугаарын нэг, 13 дугаар нүүрнээс уншаарай.

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалтай ярилцсаныг нэг, дөрөвдүгээр нүүрэнд хэвлэлээ.

Нэг болон тавдугаар нүүрэнд сэтгүүлч Ц.Баасансүрэнгийн “Улстөржилтөд өртсөн Таван толгойн гэрээ яг жинхэнэдээ ямар хэлцэл байв?” нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн хоёрдугаар нүүрнээс УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй хийсэн ярилцлагыг уншиж сонирхоорой.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлж байдаг гуравдугаар нүүрэнд нэрт нийтлэлч Баабарын “Аврагдсан 57 зорчигч” нийтлэл хэвлэгдлээ.

Монголчууд бид хулгана жилийн цагаан сараа хорио цээрийн дэглэмтэй тэмдэглэн өнгөрүүллээ. Цагаан сарын өдрүүдэд хөгжилтэй, дурсамжтай зүйл газар газарт л болж. Энэ тухай тэмдэглэлийг манай сонины өнөөдрийн дугаараас уншиж бие биедээ инээд түгээцгээгээрэй.

Үндэсний урлагийн их театрын уртын дуучин Б.Батцэцэглэнтэй өрнүүлсэн яриаг 12 дугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Түүнчлэн “Өд бэх”, “Хэлэх эрхийн индэр” булангууд болон дэлхий дахинд болж буй мэдээ мэдээллийг унших боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаргийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Улаан морь өдөр

Аргын тооллын гуравдугаар сарын 4, Буд гариг. Билгийн тооллын 9, улаан морь өдөр. Өдрийн наран 07:27 цагт мандан 18:41 жаргана. Эл өдөр эм эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2020.03.03) иргэн С.Шаарийбууг хүлээн авч уулзлаа. Түүний охин Ш.Алтантуяа 2006 онд Малайзад бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан ч одоо болтол хэрэг эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн сард Австралийн Канберра хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын парламентчдын 28 дугаар чуулганд оролцох үеэрээ Малайзын парламентын дэд дарга Дато Мохд Рашид Хаснонтой уулзаж, энэ хэргийг үнэн зөв, шударга шуурхай шийдвэрлэх талаар Малайзын парламенттай хамтран ажиллах санал тавьсан билээ.

Уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Ноён Дато Мохд Рашид Хаснонтой зориуд уулзаж энэ асуудлыг хөндөж ярилцсан. Малайзын парламентаас мөрдөн шалгах тусгай хороо томилон ажиллуулах, эсвэл манай парламенттай хамтарсан Ажлын хэсэг байгуулах зэрэг хэлбэрээр хамтран ажиллах санал тавьсныг тэрбээр хүлээж авсан.

Гэхдээ Ноён Дато Мохд Рашид Хаснон “Шинэ Засгийн газар байгуулагдаж, уг хэргийг шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Улс төрийн талаас нөхцөл байдал өөр болж, өмнөх үеийн удирдагчдын хууль бус үйлдлүүд, ээдрээтэй асуудлыг ил гаргаж, шийдвэрлэхийн төлөө ажиллаж байна. Энэ хүрээнд Монгол Улсын иргэний амь насыг хөнөөсөн хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж болно. Гэхдээ амаргүй, ээдрээтэй хэрэг тул тодорхой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг ойлгоорой” гэж байсан.

Улсын Их Хурал бусдын гарт зэрлэгээр хөнөөгдсөн Монгол Улсын иргэн болон түүний аав ээж, үр хүүхэд, хохирогчдын эрх ашгийг хамгаалахыг үүргээ гэж үзэж байна. Тиймээс УИХ болон холбогдох Байнгын хороод, Ж.Мөнхбат нарын гишүүд Ажлын хэсэг байгуулах, тодорхой шийдвэр гаргах чиглэлээр ажиллаж байна. Үүнд хохирогчдын санал бодол чухал байх болно. Тиймээс таныг урьж уулзаж байна гэлээ.

Иргэн С.Шаарийбуу “Хэрэг гараад 14 жил болж байна. Нэгэнт үйлдэгчид нь ил болсон энэ хэрэгт хэн захиалагч байсан бэ гэдгийг тодруулах шаардлагыг миний зүгээс Малайзын талд тавьдаг. Гүйцэтгэгчид бусдын даалгавраар хэргийг үйлдсэнээ хүлээсэн. Малайзад сөрөг хүчин Засгийн эрхэнд гарч, өмнөх удирдагчдын олон бусармаг үйлдлийг илчилж байгаагийн дотор охины минь амийг хөнөөсөн хэргийг сэргээн шалгахаар болсон. Гэхдээ үйл явц удаашралтай, төвөг саад ихтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын дарга Таны зүгээс энэ асуудалд онцгой анхаарал тавьж буйд бид баяртай байна. Охины минь амь нас хөнөөгдсөний дараа Монголын талаас хамгийн анх намайг хүлээж авч уулзсан хүн бол тухайн үед Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан та билээ. Миний санал хүсэлтэд маш шуурхай хандаж, Малайзын талд Гадаад харилцааны яамны шугамаар албан ёсоор асуудал тавьж байсан. Одоо ч гэсэн энэ хэргийн үнэн мөнийг олохын төлөө хичээж яваад чинь талархал илэрхийлье” гэлээ.

Тэрбээр энэ хэргийн нарийн ширийнийг сайн мэдэх, хэргийг шударгаар шийдвэрлүүлэхийн төлөө зүтгэсэн өмгөөлөгч, хуульчдын санал дүгнэлтийг УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг, гарах шийдвэрт тусгах нь чухал гэсэн байр суурийг илэрхийлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн үзэл баримтлалыг танилцуулав

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагалдан 30 орчим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах учиртай. Тэдгээр хуулиудын төслийг боловсруулах, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсгүүд Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы завсарлагаар ажиллаж байна.

Улсын Их Хурлын даргын захирамжийн дагуу Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулан байгуулсан төвлөрлийг сааруулах, орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг судалж дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2020.03.03) хуралдав. Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн даргалан явууллаа.

Хуралдаанаар Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалын талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан танилцуулгыг сонсож, санал солилцсон юм.

Нийт 7 бүлэг, 83 зүйл бүхий хуулийн төслийг боловсруулсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор А.Бямбажаргал танилцуулав. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын ангилал тогтоож, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн зарим эрх мэдэл, чиг үүргийг шилжүүлэх эрх зүйн үндэс бүрдсэн. Иймээс шинэ хуулийн төслөөр хот, тосгоны эдийн засгийн үндэстэй холбоотой цоо шинэ асуудал гарч ирж байна. Мөн төв засагтайгаа, оршин буй нутаг дэвсгэртэйгээ хэрхэн харилцах, бүрэн эрх нь хэрэгждэггүй байдлыг хэрхэн засах зэрэг тулгамдсан олон асуудлыг энэ хуулиар шийдэх учиртайг онцлов.

Уг хуулийн гол зорилт нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот тосгоны чиг үүрэг, эдийн засгийн үндэс, өөрийн удирдлага, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх зохион байгуулалт, хот тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх, үүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршиж байгаа. Өмнөх хуульд хамгийн их давхцал, хийдлийг үүсгэж байсан чиг үүрэг, бүрэн эрхийн асуудлыг зохицуулж, улс болон орон нутгийн зэрэглэлтэй хот, тосгоны зааг ялгааг нарийвчлан тусгасан.

Тухайлбал, одоогийн байдлаар хот нь хуулиар тодорхойлсон чиг үүрэг, өөрийн удирдлага бүхий тусгайлан олгогдсон эдэлбэр газартай, хот бүрдүүлэгч дэд бүтэц, эдийн засгийн чадавхтай, гэрээгээр шижлүүлсний дагуу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх нийтийн эрх зүйн этгээд (оро нутгийн корпораци) мөн. Харин тосгон нь өөрийн удирдлага бүхий, 2000-аас доошгүй байнгын оршин суугчтай, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал, амралт, сувилал, тээвэр, худалдаа зэрэг салбарын аль нэг хөгжсөн, хотын зарим шинжийг агуулсан сууриан газар (орон нутгийн кордораци) мөн гэж төсөлд тусгасан. Мөн хот, тосгоны өөрийн удирдлагын байгууллага нь оршин суугчдаас шууд, чөлөөтэй, саналаа нууцаар гаргах эрхийн үндсэн дээр сонгосон хот, тосгоны Зөвлөл байхаар төсөлд тусгасан. Таван жилийн хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлэх дээрх Зөвлөлийн гишүүнд улс төрийн нам нэр дэвшүүлж оролцохгүй бөгөөд тосгонд 100-аас доошгүй, хотод 500-аас доошгүй оршин суугчийн дэмжлэг авсан иргэн хот, тосгоны Зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлэхээр төсөл тусгасан талаар танилцуулгадаа дурдав.

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга болон хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн Д.Лүндээжанцан, Ё.Баатарбилэг, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар асуулт асууж тодруулан, байр сууриа илэрхийлэв. Мөн хуралдаанд оролцсон ажлын дэд хэсгийн гишүүд хуулийн төслийн талаарх танилцуулга, төслийн үзэл баримтлалтай холбогдуулан саналаа хуваалцсан юм. Тэд хуулийн төсөлд эдэлбэр газар, хилийн цэс, хот, тосгоны хүн амын тоо, хөгжлийн төлөвлөлт, засаг захиргааны нэгж, хот тосгоны удирдлага зэрэг хэд хэдэн асуудлыг дахин нягталж тусгах шаардлагатайг хэлж байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Томуу, томуу төст өвчлөл буурчээ

Нийслэлийн хэмжээнд гуравдугаар сарын 02-ны байдлаар, амбулаторийн 39.085 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 1951 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.9 хувиар, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 0.7 хувиар тус, тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Нийт өвчлөгсдийн 34.7 хувийг 0-1 нас, 22.5 хувийг 2-4 нас, 12.6 хувийг 5-9 нас, 8.0 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм. Хүүхдийн түргэн тусламжийн 637 дуудлага ирснээс 40.8 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Нийслэлийн харьяа нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвийн нийт ор болон хүүхдийн орны ачаалал хэтрээгүй бөгөөд Эрүүл мэндийн сайдын тушаалаар 362 орыг зохицуулсан байна. Шинээр хэвтсэн өвчтөний 79 тохиолдол буюу 21.7 хувийг томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд эзэлж байна.

Тухайлбал, Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд 17, Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд 18, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд 57, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд 5, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 85, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт 34, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт 79, Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвд 14, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-аас Монгол улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевийг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Б.Мөнх-Оргил өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар инновацын төв болон инновацын дэд бүтэц болох Баянхошуу, Сэлбэ бизнес инкубатор дэд төвүүд, мөн Үйлдвэр, технологийн паркуудын төлөвлөгөө, ажлын явцыг танилцуулж Монгол-Оросын хамтарсан төв байгуулах талаар санал солилцов.

Түүнчлэн газрын дарга Б.Мөнх-Оргил Улаанбаатар хотод инновацын салбарыг шинжлэх ухаан, үйлдвэрлэлтэй хослуулан хөгжүүлэх, салбарын мэргэжилтнүүдийг туршлага солилцуулах, тусгай мэргэжилтнүүд бэлтгэх, гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих таатай нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор ОХУ-ын технологи, инновацын төвүүдтэй харилцаа, хамтын ажиллагаа тогтоох хүсэлтээ илэрхийллээ.

Худалдааны Төлөөлөгчийн газрын тэргүүн Максим Викторович Москва, Новосибирск, Владивосток болон Эрхүү хотуудын томоохон шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологи, инновацын төвүүдийг Улаанбаатар хоттой хамтран ажиллах талаар дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн тэрбээр нийслэл хотод хэрэгжүүлэх боломжтой “Шинэ диск буюу цахим боловсрол”, “Ухаалаг Улаанбаатар”, “Бага оврын нисэх онгоц” төслүүдийг онцлон санал болголоо.

Талууд хотуудын түвшинд бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын түншлэлийг нэмэгдүүлж, цаашид холбогдох төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харилцан ярилцсан юм.

Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Траян Лауренцю Христеаг хүлээн авч уулзлаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагаа хариуцсан захирал Пьер Ив Люка, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын улс төрийн ажилтан М.Ганчимэг болон нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав нар байлцав.

Уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банктай Нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах санаачилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг нийслэлийн зүгээс бүх талаар дэмжиж ажиллахад таатай байх болно. Мөн Европын холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын XII уулзалтаар Элчин сайд нарыг хүлээн авч уулзахаа илэрхийлж байна. “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээний зорилго, ач холбогдлыг олон нийтэд түгээн сурталчлах тал дээр ч нээлттэй хамтран ажиллах болно. НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн зүгээс төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна” хэмээлээ.

Европын холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Траян Лауренцю Христеа “Өнгөрсөн жил бид “Европын нээлттэй өдөрлөг” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бөгөөд энэ жил 2020 оны тавдугаар сарын 16-ны Бямба гарагт зохион байгуулна. Европын холбооны Соёлын институтийн нэгдлийн санхүүжилтээр “Ногоонбаатар” олон улсын эко урлагийн наадмыг мөн ирэх тавдугаар сард зохион байгуулна. Монгол болон Европын улсуудын уран бүтээлчид зургаан долоо хоногийн турш Улаанбаатар хотын гэр хорооллын оршин суугчидтай агаарын бохирдлын талаар санал солилцож, олон нийтийн хандлагыг урлагаар дамжуулан өөрчлөх, тэдний амьдралын хэв маягийг байгаль орчинд ээлтэй болгон төлөвшүүлэх зорилгоор хамтарч ажиллана. Улаанбаатар хоттой хамтран хэрэгжүүлж буй Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл удаашралтай байгаа тул дэмжин ажиллахыг та бүхнээс хүсье. Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслийн хувьд Сангийн яамтай гарын үсэг зурсан бөгөөд 2 долоо хоногийн дараа Европын холбооны Зөвлөлийн хурлаар орсноор эцэслэгдэнэ. Ингэснээр ТЭЗҮ хийх боломжтой болно. Бид ойрын хугацаанд оролцогч талуудын уулзалтыг зохион байгуулах хүсэлтэй байна” хэмээлээ.

Categories
мэдээ нийгэм

Орхон аймагт 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Орхон аймгийн Жаргалант сумын нутагт өнөөдөр /2020.03.03/ 15:00 цагийн орчимд 4.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Урьдчилсан байдлаар төхөөрөмжинд 4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт мэдрэгдсэн байна.

Одоогоор иргэдээс мэдээллийг цуглуулах байдлаар баллыг нь судалж байгаа аж. Иргэдийн зүгээс дайвалзах, тавилга нурж унах зэрэг мэдээллийг холбогдох албаны хүмүүст өгч байгаа юм байна.

Монголд 3.9 магнитутаас дээш бол хүчтэй газар хөдлөлтөд тооцдог аж.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн 12 цэгт пост гарган ажиллаж буй онцгойгийн алба хаагчдад аарц, амны хаалт өгөв

Шинэ төрлийн коронавирусний халдвар дэлхий нийтээр эрчимтэй тархаж буй энэ цаг үед иргэдийнхээ эрүүл мэнд, амар тайван байдлын манаанд үүрэг гүйцэтгэж буй нийслэлийн Онцгой Комисст нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва өнөөдөр дархлаа дэмжих аарц, амны хаалт, гар ариутгагч шингэн, нэг удаагийн бээлий зэрэг хамгаалах хэрэгсэл хүлээлгэн өглөө. Нийслэлийн онцгой байдлын алба хаагч нар нийт 12 цэгт пост гарган ажиллаж байгаа. Тэдний долоо хоногийн дархлаа дэмжих аарцны хэрэглээ, 4,000 ширхэг амны хаалт болон гар ариутгагч шингэн бээлий зэргийг нийслэлийн ИТХ болон нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс ийнхүү хандивлаж байгаа юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва жижиг дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн амны хаалтыг худалдан авсан гэдгийг онцлов. Мөн “Ковид 19” халдвараас сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газарт хөдөлгөөнт хяналт шалгалт зохион байгуулах, алслагдсан дүүрэг хороодод төрийн үйлчилгээг чанар, хүртээмжтэй хүргэж ажиллах явуулын хоёр ажлын байрны хөрөнгийг шийдвэрлэж өгчээ.