Categories
мэдээ нийгэм

Иргэд гэртээ архидан согтуурах тохиолдол ихээр гарсан

Цагдаагийн ерөнхий газраас энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд, ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр нар оролцов.

Энэ оны хоёрдугаар сарын байдлаар гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг буюу гэр бүлийн хүчирхийллийн төрлийн гэмт хэрэг 83 хувиар буурчээ. Мөн бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 79.8 хувиар, үүн дотор хүчиндэх гэмт хэрэг 36.3 хувиар буурсан байна. Хулгайлах гэмт хэрэг 6.8, дээрэмдэх гэмт хэрэг 16.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байгаа аж. Харин хүрээлэн буй орчны аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2 дахин өсчээ.

Монгол Улсад бүртгэгдэж буй гэмт хэргийн бүтцийг авч үзэхэд сүүлийн 20-30 жилийн турш дараах хоёр бүлэг гэмт хэрэг 75-80 орчим хувийг эзэлсээр иржээ.

НЭГ: Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг /хулгай, дээрэм, залилан/ хоёрдугаар сарын байдлаар нийт гэмт хэргийн 65.2 хувийг эзэлжээ.

ХОЁР: Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг /зодолдох/

Хоёр сарын байдлаар гэмт хэрэгт 1734 хүн холбогдсон байна. Эдгээр 44.9 хувийг 18-24 насны залуус эзэлж байгаа юм. Энэ насны иргэдийн 53 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Мөн хоёр сарын хугацаанд насанд хүрээгүй 37 иргэн эрүүлжүүлэгджээ.

Цагдаагийн байгууллага хоёрдугаар сарын 13-ны өдрөөс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа. Сар шинийн өдрүүдэд /шинийн нэгнээс дөрөвнийг хүртэлх хугацаа/ цагдаагийн байгууллага 5869 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 186 нь гэмт хэргийн шинжтэй бусад нь зөрчлийн, согтуугийн дуудлага эзэлжээ. Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн дуудлага мэдээлэл сар шинийн өдрүүдэд өссөн байна. 2019 онтой харьцуулахад согтуугийн дуудлага 7.2 хувиар өссөн байна. Үүнээс иргэд гэр орондоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдол нэлээдгүй гарсан гэж дүгнэж болохоор байгааг Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, Шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт мэдээллээ.

Харин энэ сар шинийн өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл, зам тээврийн ослын дуудлага 50 хувиар буурсан эерэг үзүүлэлт гарчээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржилтөд өртсөн Таван толгойн гэрээ яг жинхэнэдээ ямар хэлцэл байв?

Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсдаг Таван толгойн ордыг цогцоор нь хөдөлгөх гэрээний төслийг өнгөрсөн парламентын үед Ч.Сайханбилэгийн Засгийн газрын зүгээс бэлэн болгож байлаа.

Японы “Сумитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс”-ын хамтарсан консорциум ордыг цогцоор нь хөдөлгөж ашиглах зургийг М.Энхсайханы ахалсан баг гаргаж байв.

Баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг нэг мөр шийдэж, “Шинхуа”-гаар төмөр замаа бариулж, “Сумитомо”-гийн хүчээр нүүрсээ гуравдагч хөршид гаргах боломжийг нээсэн заалтуудтай уг гэрээнд гарын үсэг зурах гэж байхад нь УИХ-ын дарга З.Энхболд зогсоосон түүх өнгөрсөнд бий.

Таван толгойн гэрээг хариуцаж явсан, талуудын хэлэлцээрийг удирдаж байсан М.Энхсайханыг Тавантолгойг зуун жилээр Хятадад егөх гэж байсан гэх шуугиан өнгөрсөн жил олны анхааралд байлаа. Түүнийг АТГ байцааж, урьдчилан хорих төвд саатуулсан удаатай. Таван толгой тойрсон улстөржилт сонгуулийн өмнө дахиад эхэлж байна. М.Энхсайханд хэрэг үүсгэж шүүхэд шилжүүлээд байгаа бол Таван толгойн гэрээг зогсоож байсан З.Энхболд энэ сэдвээр ахин дуугарч эхэллээ.

Улс төрийн дуулианы төвд байгаа Таван толгойн гэрээ чухам ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлахын өмнө М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нар тус гэрээний талаар ямар байр суурь илэрхийлснийг хүргэе.

Image result for М.Энхсайхан

М.ЭНХСАЙХАН: ТАВАН ТОЛГОЙ ГЭХ МЕГА ТӨСӨЛ БҮТЭЭГҮЙН ГОЛ ШАЛТГААН НЬ УЛС ТӨР

М.Энхсайхан өнгөрсөн долоо хоногт хэвлэлтээс гарсан “Социализмаас капитализм руу” номондоо Таван толгойн гэрээ ямар агуулгатай хэлцэл байсныг тайлбарлажээ.

Тэрбээр номондоо “Таван толгойг үнэгүй өгөх гэж байсан гэх гүтгэлгийн хувьд ёстой чөтгөрөөс л тодруулах асуулт байх. Миний хувьд ойлгомжгүй бөгөөд Таван толгой төсөл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардсан том төсөл байсан. Бүтээгүй төслийг тойроод маргалдаад суух хэцүү.

УИХ-ын сонгууль хаяанд ирсэнтэй холбоотой бололтой, зарим попууд Эрдэнэс Tаван толгой маш ашигтай ажиллаж байгаа, хэрвээ Таван толгой төслийн гэрээ хийгдсэн бол энэ ашиг ирэхгүй байлаа гэж ярьцгааж байна. Энэ ч бас худлаа, Таван толгой гэх мега төсөл бүтээгүйн гол шалтгаан нь улс төр байлаа. Тухайн үед эрх барьж байсан АН доторх улс төрийн зодооныг яалтай ч билээ.

Уг нь Монголд мега төслийг мэргэжлийн мэддэг олон залуу байдгийг ажлын хэсгийг ахалж байхдаа харж, өөдрөг сэтгэлтэй үлдсэн шүү. Тэдэнд ажил хийх бололцоо, хараахан гараагүй л байна Болсон үйл явдлыг томоор харвал Таван толгойн гэрээ бүтэлгүйтсэн нь Монголд биш, нүүрсээр манай өрсөлдөгч болох хөрш Орос оронд ашигтай тусаж байгаа бололтой юм.

Ингэхээр манайд болсон, одоо болоод байгаа улс төр нь дотоодынх байв уу, аль эсвэл гадаадын оролцоотой байв уу гэдэгт цаг хугацаа хариулт өгөх байх аа” хэмээн байр сууриа буулгажээ.

Image result for Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж

Ц.ЭЛБЭГДОРЖ: ТЭР ТОМ ТӨСЛИЙГ НЭГ Л ӨДӨР ЧӨТГӨР АВСАН ЮМ ШИГ АЛГА БОЛГОЧИХСОН

Таван толгойн гэрээ яригдаж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Ц.Элбэгдорж өнгөрсөн сарын сүүлээр телевизэд ярилцлага өгөхдөө уг гэрээний төслийн талаар байр сууриа илэрхийлсэн юм.

Тэрбээр “30 сая тонноор зөөхөд 120 жил тээвэрлэх нүүрс. Тэгэхээр энэ ордыг мөнхөд өгнө, алга болгоно гэсэн зүйл байхгүй. Монголд арван тэрбум ам.долларын борлуулалт хийсэн байх хэмжээний тийм том төслийн төлөө явж байсан. Гэтэл бүтээгүй.

Ухраагаад бодоход 2012 онд төмөр зам, том цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр ашиглалтад орох байсан. Одоо ухаж аваад машинд ачаад байхад бараг тэрбум ам.долларын орлого хийлээ гээд байгаа шүү дээ. Таван толгойн бүлэг ордыг түшиглээд нүүрс химийн цогцолбор байгуулах байсан. Нүүрсээ хий болгож урагшаа экспортлох байлаа.

Хажуугаар нь угаагаад гаргавал хэдэн арван тэрбум ам.доллар олно.

Нүүрсээ хийжүүлээд эхэлбэл ганцхан алхаад шингэн болгочихно. Шингэрчихвэл бензин болно. Шаар нь хаягдахад л авто зам барих түүхий эд болох байсан. Ийм том төслийг нэг л өдөр чөтгөр авсан юм шиг алга болгочихсон. Тэр том боломжийг зогсоосон учир өнөөдөр Монголын эдийн засаг хатангиршсан. Өдөрт хамгийн багаар бодоход арван сая ам.доллар Монгол руу орж ирж байх тийм том борлуулалт байсан” гэж онцлов.

ДӨРВӨН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Гэрээ батлагдаад төсөл хөдөлсөн бол улсаас нэг ч төгрөг гаргахгүй байв. Хөрөнгө оруулагч талаас дөрвөн тэрбум ам.доллар хийх тооцоо гаргаад байсан юм. Энэ мөнгөөр дээр дурдсан төмөр зам, баяжуулах үйлдвэр гэх мэт том бүтээн байгуулалтууд өрнөх байлаа.

Баяжуулах үйлдвэрийн хувьд 30 сая тоннын хүчин чадалтай гэсэн аварга тооцоо дуулдаж байв. Таван толгойн бүх нүүрсийг баяжуулаад илүү өндөр үнээр зарах боломжтой гэх мэдээ, мэдээллийг гэрээн дээр ажилласан хүмүүс өгч байсныг онцолъё.

БҮХ ТӨРЛИЙН ТАТВАР+ТӨРИЙН ӨМЧ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР

Таван толгойн гэрээнд бүх төрлийн татвар авахаас гадна төрийн өмч ашигласны төлбөр авах тохироо хийж байв. Тухайн үед энэ төлбөрийг дэлхийн практикт байхгүй жишиг гэж М.Энхсайхан онцолж байсан юм.

Ашиг олох эсэхээс үл хамааран борлуулалтын орлогын минимум хоёр хувиар өсөн нэмэгдэх рояалти төлөх заалт гэрээнд туссан байсныг онцолъё. Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллавал Монголын төсөв жил бүр 340 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад хэлбэрээр авах байлаа. Төсөл жил бүр ашиглалтын зардалдаа 700-800 сая ам.долларын зарлага гаргана гэсэн тооцоог талууд хийж байв.

Манай улсаас туслан гүйцэтгэгчээр ажиллах аж ахуйн нэгжүүдийн тоо 500-600 гэж яригдаж байсныг тухайн үед цацагдсан мэдээллүүдээс харж болно. Өөрөөр хэлбэл, Таван толгой төслийг дагаж хэдэн зуун аж ахуйн нэгжийн бизнес цэцэглэж, эдийн засаг тэр хэрээр тэлэх нь тов тодорхой байлаа.

ТӨМӨР ЗАМ, 12 МЯНГАН АЖЛЫН БАЙР

Төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бол гэрээ ёсоор 6-12 мянган шинэ ажлын байр шинээр бий болох байв. Гэрээний талууд энэ тоог Таван толгойн Ухаа худагт өрнөсөн бүтээн байгуулалтын жишгээр тооцсоноо мэдээлж байсан юм.

Тухайн үед М.Энхсайхан “Төсөл ажиллаж эхэлбэл 1,072 гэсэн үхмэл хувьцааг амилуулах боломж нээгдэнэ” хэмээн мэдэгдэж байлаа. Өдгөө нүүрсний экспорт таг зогсож, нүүрснээс олдог долларын урсгал тасарчихсан.

Хэрвээ төмөр зам барьчихсан бол өдийд урд хөрш рүү нүүрсээ ямар ч асуудалгүйгээр экспортлох байсан гэж эдийн засагчид онцолж буй. Таван толгойг хөдөлгөх гэрээнд төмөр зам барих асуудлыг урд хөршийн “Шинхуа” компани хариуцахаар тусгаж байв.

30 ЖИЛИЙН ГЭРЭЭ

М.Энхсайхан “Социализмаас капитапизм руу” номондоо “2018 онд прокурорын байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн дээр Ерөнхийлөгч Х.Баттулга Таван толгойн гэрээний төслийг бэлтгэхдээ Таван толгойн ордыг Хятадад зуун жилээр үнэгүй өгөх гэж байсан гэж төрийн өндөр албан тушаалаа хүмүүсийг гүтгэхэд зориулав. Энэ бүгд худлаа л даа. Монголын Засгийн газар юу гэж Таван толгойн ордыг 100 жилээр өгөх вэ дээ, тэнэг тэнэг гэхэд ийм юм хийх монголчууд, Засгийн газар олдохгүй.

Энэ бол зүгээр л өрсөлдөгчөө гутаах популизмын халуурал” гэж онцолжээ. Гэрээний үйлчлэх хугацааг 30 жил гэж тохирч байж. Гучин жилийн дараа гэрээг сунгах эсэх нь Засгийн газраас хамаарах асуудал гэсэн тодотгол ч гэрээний төсөлд байна.

Хугацааг сунгах асуудал яригдах үед төсөл хэрэгжүүлэгч тал тодорхой үүргүүдийг биелүүлсэн байх ёстой гэсэн нөхцөлүүд ч гэрээний төсөлд дурайж байгаа.

Таван толгойн бүс нутагт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бий болгох, боловсруулсан баяжмалаа гадаадын хоёроос доошгүй улсад борлуулах, төслийн компани Эрдэнэс Таван толгой компанид хамтын ажиллагааны төлбөр төлөх, Таван толгой-Гашуунсухайтын чиглэлд төмөр замын суурь бүтцийг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан байх гэх мэт шаардлагуудыг жагсаажээ.

Categories
мэдээ улс-төр

Будаа, элсэн чихрийг НӨАТ-аас чөлөөлөх хуулийн төслийг өргөн барина

Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Үр дүнд нь өргөн хэрэглээний үнийн өсөлт бий болгохгүй байх, хүнсний бүтээгдэхүүний зардлыг бууруулах ач холбогдолтой аж.

Categories
мэдээ нийгэм

Б.Батзориг нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

УИХ-ын гишүүн Б.Батзориг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 18-нд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай болж, шүүхээс тэдэнд холбогдох хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргаж байсан юм.

Харин эх сурвалжийн мэдээлснээр, Б.Батзориг нарт холбогдох хэргийг прокуророос 2020 оны хоёрдугаар сарын 28-нд шүүх рүү шилжүүлжээ.

ХХААХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Б.Батзориг, мөн тухайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан албан тушаалтан болон ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирлаар ажиллаж байсан албан тушаалтнууд бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт холбогдож, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрчихөөд байгаа билээ.

Хэргийг шүүх рүү шилжүүлсэн бол хуралдааны товыг 30 хоногийн дотор гаргах хуулийн зохицуулалттай.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхаарууллаа

Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвийн Мөрөн ус судлалын өртөөнөөс зарим гол мөрний мөс задарч байгаа тул иргэдийг баталгаат зам гүүрээр зорчихыг анхааруулж байна.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл нуур нийтдээ мөсөн бүрхүүлтэй байгаа бөгөөд Хатгал тосгон орчимд мөсний зузаан 102 см байгаа нь өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-14 см бага Ханх сум орчимд олон жилийн дунджийн орчимд байна.

Хөвсгөл нуураас эхтэй Эгийн гол Хатгал тосгон орчмоор мөсөн бүрхүүл задарч мөсөн захтай болжээ. Хөвсгөлийн уулсаас эх авсан Үүр, Шишгэд, Бэлтэс гэрэг голын мөсний зузаан өмнөх оны мөн үеэс 2-73 см бага байна. Цаашид гол мөрнүүдийн мөсөн дээгүүр халиа тошин гүйх, мөс задарч мөсөн захтай болох, мөсний зузаан нимгэрч

Categories
мэдээ улс-төр

Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах талаар хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, 13 асуудал хэлэлцэж байна.

Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд Монгол Улсын цэргийн салбарыг оролцуулах, зардал гаргах тухай асуудал багтжээ. Мөн хуралдаанаар Монгол, Украины Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, Монгол, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газрын хэлэлцээрийн төсөл, Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын гишүүн гишүүн А.Сүхбатын боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлтийг хэлэлцэх юм.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын санаачлан боловсруулсан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Хоолны зардлын норматив тогтоох тухай, Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр батлах тухай, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв байгуулах тухай, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд төсөвт өртөг нь нэмэгдэж батлагдсан салбарын зарим барилга угсралтын ажлын талаар хэлэлцэх аж.

Categories
мэдээ нийгэм

БНСУ хичээл эхлэх хугацааг дахин хойшлуулжээ

БНСУ-ын Шадар сайд бөгөөд Боловсролын сайд Ю Ын Хэ Даваа гарагт буюу 3 дугаар сарын 2-нд болсон Засгийн газрын хуралдаанаас улс даяар цэцэрлэг, бага, дунд, ахлах болон их дээд сургуулийн хичээлийн шинэ жил эхлэх хугацааг өмнө нь 3 дугаар сарын 9-нийг хүртэл хойшлуулсныг үргэлжлүүлэн 3 дугаар сарын сарын 23-ны өдөр хүртэл сунгахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.

Дээрх шийдвэр нь тус улсын түүхэнд хичээлийн шинэ жилийг хойшлуулж байгаа анхны тохиолдол болж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

2020.03.03-ны 11:50 цагийн байдлаар тус улсад коронавирусийн халдвар авсан 4,812 иргэн байгаа бөгөөд үүнээс 30 нь бүрэн эдгэж, 34 хүн нас баржээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж дэмий ч нэг хэлээгүй байх аа

2019 оны арванхоёрдугаар сарын сүүлээр шинэ коронавирус БНХАУ-ын Хэбэй мужид илэрч тэр үеэс хойш дэлхийн өнцөг булан бүрт тархаад байна. Сүүлийн долоо хоногийн хугацаанд л гэхэд 24 улсад шинээр илэрчихлээ. Нийтдээ дэлхийн 50 гаруй улсад тархаж, гурван мянгаад хүн энэ өвчнөөр нас барлаа. Манай улсын хамгийн их холбоотой байдаг Япон, БНСУ-д дэгдээд байгаа нь биднийг түгшээж байна.

Шинэ коронавирусийн халдвар дэгдэхэд хамгийн өндөр эрсдэлтэй орон нь Монгол болохыг дэлхий даяар хэлж байсан юм. Энэ үг үнэний ортой. Учир нь манай улс тахлын голомт болсон БНХАУ-тай мөнхийн хөрш. Бид урд хөршөөсөө эдийн засгийн хувьд 90 хувийн хамааралтай оршдог. Хоёр улсын иргэд визгүй зорчдог нь ч таамгийг бататгахад нөлөө үзүүлсэн нь мэдээж. Мөн БНХАУ-ын 14 улстай хиллэдгээс манай улстай хамгийн урт буюу 4700 гаруй км-ийн хуурай замаар хиллэдэг юм. Эдгээр нь биднийг тахлын өндөр эрсдэлтэй орны тоонд оруулахад хангалттай хүчин зүйлс мөн. Хэдий өнөөдөр манай улсад коронавирусийн халдвар авсан тохиолдол бүртгэгдээгүй ч эрсдэл өндөр хэвээр, аюул биднийг отсоор байгаа нь үнэн юм.

Энэ бүх эрсдэлийг тооцож Засгийн газрын зүгээс шат дараатай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. Коронавирусийн эсрэг хамгийн анхны арга хэмжээгээ нэгдүгээр сарын 24-нд авч хэрэгжүүлж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшлуулах шийдвэрийг гаргасан юм. Улмаар их, дээд сургууль, МСҮТ-ийн үйл ажиллагааг зогсоож, Ухань хотоос иргэдээ авч ирэв. Сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхаар шийдэж, Монгол Улс, БНХАУ хооронд агаар, төмөр замаар зорчих хөдөлгөөнийг зогсоосон юм. Мөн Улс, хот хоорондын автомашин, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж, Монгол, Япон, БНСУ-ын нислэлгийг түр зогсоон, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглов. Мөн өвчний халдвар илэрсэн тохиолдолд шаардлагатай эмнэлгүүдийг суллаж, ор гаргах асуудлыг шийдвэрлэсэн юм. Коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээнд зориулж Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилтийг шийдсэн. Мөн өмнө нь 4.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж Эрүүл мэндийн яам эм тариа, хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодис, тоног төхөөрөмж зэрэг шаардлагатай зүйлсээ авсан юм.

Ийнхүү бид төдийгөөс өдий хүртэл чадах ядахаараа хичээж байна. Хэдийгээр манай хошин шогчид Уханьд долоо хоногт нэг эмнэлэг барилаа, бид 50 ор бэлтгэж чадлаа гэж шоолж байгаа ч энэ чамлах зүйл биш юм. Бид зохих арга хэмжээнүүдийг цаг тухайд нь авсны хүчинд тэсэж суугаа байх гэж найдаж байгаа. Хориг арга хэмжээ авч байх хугацаанд хамгийн эрсдэлтэй үе нь Сар шинийн баяр тохиосон явдал байлаа.

Энэ үед л Монголд коронавирус дэгдэнэ гэж дэлхий нийт харж байв. Одоо ч чих тавьж байгаа нь мэдээж. Бид энэ хүртэл хичээж болсон юм чинь цаашдаа ч хичээх хэрэгтэй. Сар гаруй хугацаанд эрвийх дэрвийхээрээ хичээж, бүхий л арга хэмжээг идэвхтэй явуулж чадсан шүү дээ. Ард түмэн ч дэглэмээ хэр чинээгээрээ л сайн сахиж байна. Монголчууд бид “Үхрийн сүүлэн дээр хутгаа хугаллаа” гэлцдэг. Одоо л хэнэггүйтэж, дэглэмээ орхигдуулвал ёстой л сүүлэн дээр нь хутга байтугайгаа хугалах болно. Төдийгөөс өдий хүртэл бидний хичээж ирсэн бүхэн маань утга учиргүй хийрхэл болж хувирна. Бид одоо цаашдаа хэрхэн, яаж сахиж ирэв яг түүн шигээ л энэ дэглэмээ авч явах хэрэгтэй байна.

БНХАУ-д оргил үе нь өнгөрсөн гэж дуулдаж байгаа ч дэлхийн бусад орнуудад ид тархаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн аюулын эрсдэлийн түвшинг маш өндөр болгон шинэчилж байна гэдгээ ч мэдэгдсэн. Тийм учраас санаа амарч, уужрах цаг болоогүй. Бид өөрсдийгөө онцгой, мундаг гэж магтахад ч эрт байна. Гагцхүү энэ хэмнэлээрээ хичээх нь чухал, хэнэггүйтэж огтоос болохгүй. Хэнэггүй хандвал хэн ч энэ өвчнийг тусаж болдгийг Ираны дэд ерөнхийлөгчийн коронавирус туссан гэх мэдээллээс харж болохоор байна. Дээдүүл нь тусахгүй, доройчууд нь л тусна гэсэн зүйл байхгүй, хэнийг ч ялгахгүй бололтой юм. Тиймдээ ч манай улс коронавирусийн голомтод айлчилсан Ерөнхийлөгчөө 14 хоногийн тусгай дэглэмд оруулж, дэглэмийг биелүүлэхгүй их зан гаргасан нарийн бичгийн даргаа МАН халлаа. Эдгээр арга хэмжээ зөв байж, бусдад ч сануулга болов бололтой. Хяналтын дүнд дотоодод нөхцөл байдал тун боломжийн болчихлоо гэж найдаж байна. Харин одоо хилээр орж, гарч буй хүмүүсээ л сайн хянах нь аминд тулсан асуудал болсон гэхэд хилсдэхгүй.

Гэхдээ Засгийн газар зарим арга хэмжээнүүдийг хэтрүүлээд байна уу даа ч гэж ярих хүмүүс байна. Коронавирус гараагүй байхад хот хоорондох замаа хаасан нь арай сүржин шийдвэр болчихов уу гэдгийг хэлж байгаа юм. Мэдээж коронавирус дэгдчихсэн үед хамгийн түрүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ мөнөөс мөн л дөө. Гагцхүү нөхцөл байдлыг зөвөөр үнэлж, бүх зүйлийнхээ тунг нь тааруулж, хэмжээ дамжааг нь баримаар байна. Хэтрүүлэхгүй, хэнэггүйтэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Нэг их сүржигнэж давхилдаж “муу эр дайнд хөөрлөө” гэдгийн үлгэрийг харуулаад ч яахав. Гэхдээ нөгөө монголчуудын алдарт “яагуузай л гэж” гэдгээ үзүүлж муйхарлан өвчин тахлын хөлд үй олноороо үхэж үрэгдээд ч яахав. Бидэнд ямар тэгж үй олноороо үрэгдээд байх ч олон монгол байх биш. Нэг ороод ирвэл энэ улсын чинь тал нь байхгүй болно шүү гэж бодож байх хэрэгтэй.

Энэ тахлын дэгдэлт болбол тун аюултай. Хорин мянган хүн хэвтэхэд бүгдэд нь хүрч эмчлэх эмч, эм, тангийн боломж манай улсад байхгүй шахуу.Бид бодохдоо хорин мянган хүн бүрд дусал залгаад л сувилагч эргэж гүйгээд байх юм төсөөлөөд байна. Ийм дусал, систем байгаа бил үү. Байгаа ч тэр бүгдийг шавхаад гаргах бил үү. Өвчлөгсдийг зүгээр л тусгаарлаад бусдад халдаахгүйг л бодохоос өөр юм хийх бараг боломжгүй шахуу. Тиймээс нэг газар хоригдож байгаад л үхэхээс өөр зам байхгүй гэж бодох хэрэгтэй. Ингэж бодож ингэж төсөөлж байж та энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх сэдлээ өндөржүүлж, ухаалаг, болгоомжтой амьдрах хэрэгтэй байна. Төр засгийн шийдвэрийг ягштал биелүүлж байна гэдэг нь та өөрийгөө хамгаалж байгаагаас гадна элэг нэгтэн монгол ах дүү нараа аюулт тахлаас хамгаалж байна гэсэн үг шүү.

Үүний төлөө ч бүгдээрээ хичээе. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэх зүйр үг бий. Энэ үгийг дэмий ч нэг хэлээгүй байх аа өвөг дээдэс минь. Энэ олон мянган жил дайн тулаан өвчин тахал дунд тэсч тэмцэж ирсэн хүмүүсийн амьдралаас гарсан сургаал юм энэ. Та хичээвэл таны заяа тавилан чинь хичээнэ гэсэн үг гэдгийг эрхбиш бүгдээрээ ойлгож байгаа. Иймээс хүн болгон дор бүрнээ чадах чинээгээрээ л хичээе. Магад тун удахгүй сайн сайхан үр дүнг нь үзэх болно гэсэн итгэл найдвар бид бүхэнд байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Монголбанк бодлогын хүүгээ огцом бууруулж байж коронавирусийн эрсдэлийг дажгүй давна

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-COVID-19 эдийн засагт сөргөөр нөлөөлөөд эхэлчихлээ, Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт гаргасан шийдвэрүүд энэ сөрөг нөлөөллийг багасгах болов уу?

-Юуны өмнө Эх орончдын өдөр ярилцаж байгаагийнх намын даргадаа баяр хүргэчихье. Намынхаа 99 жилийн ойн баярыг тэмдэглэхээс гадна У.Хүрэлсүхийн Засгийн газрын өмнө түүхэн шийдвэр гаргах цаг ирчихлээ л дээ. Ерэн оноос хойш гэхэд л эдийн засгийн дөрөв, таван хямрал боллоо. Дэлхий даяар тархсан тахлаас үүдэлтэй нь энэ удаагийн хямралын онцлог. Олон улсын бүх л хөрөнгийн бирж дээр уналт болж байна. Дэлхийд үүссэн энэ шокоос гарах нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын том асуудал. Сүүлд Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэр хэтэрхий жулдсан зүйл боллоо. Ядаж л гаргасан шийдвэрээ зөв тайлбарламаар байгаа юм. Азаар гэх үү, жилийн өмнө гуравдугаар сарын 18-нд ээлжит бус чуулганаар Татварын багц хууль батлагдсан. Тэр хуулиар нийт компанийн 92 хувьд нь нэг том өөрчлөлт хийсэн. Арван хувь төлж байсан татварыг нь нэг хувь болгосон. Журам нь батлагдсан байвал хялбаршуулсан татварын систем үйлчлээд эхэлчихсэн. Бараг сая гаруй хүнийг ажлын байртай аж төрүүлдэг жижиг дундуудын татвар арав дахин багассан гэсэн үг. Тийм учраас татвар талаас айх юм байхгүй. Харин улсын төсөв бүрдүүлэлтийн асуудал хүндэрнэ. Ийм шалтгаанаар Монгол Улын Ерөнхийлөгч урд хөршид айлчилсан байх. Уул уурхайн компаниудын худалдан авагч талтай очиж ярих шиг боллоо. Хоёрдугаарт, Хятадад төлөх своп хэлцлээ ярьсан болов уу. Энэ бол улстөрчдийн хийх ёстой ажил.

-Өнгөрсөн долоо хоногт Засгаас гаргасан шийдвэр жулдсан гэж та хэллээ. Яагаад тэгж хэлэх болов. Засгаас ямар шийдвэр гаргах эрэлт, шаардлага байна?

-Микро эдийн засагт бий болж буй процессийг макро эдийн засгийн бодлого барьдаг хүмүүс ойлгохгүй яваа юм шиг шийдвэр гараад байна. 160 гаруй мянган аж ахуйн нэгж агшилтын байдалтай яваа. Улаанбаатар дахь нийт бизнесийн 68 хувь нь үйлчилгээнийх. Түрээс чөлөөлөх энэ тэр бол хэтэрхий жижиг асуудал. Монголбанк сая гэхэд л ямар ч шийдвэр гаргасангүй.

-Монголбанк ямар шийдвэр гаргах ёстой вэ?

-Төв банк 11 байгаа бодлогын хүүгээ таван хувь руу буулгах хэрэгтэй. 2012-2016 оны хямралын үед банкийг аврах уу, барилгын салбараа аврах уу гэдэг процесс л өрнөсөн. Банкуудад маш их бололцоо өгч, авраад үлдсэн. Гэтэл сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засаг дажгүй байх үед банкууд Монголбанкны үнэт цаасыг худалдаж авах нэрийн дор, тухайн бондны мөнгөний хүүний зөрүүнд нь буюу нийт хүүнд төлөх ёстой мөнгөнийхөө дунджаар 11 хувийг төлж байна. Тэрнийхээ бараг арвыг нь Монголбанкаар дамжуулаад татвар төлөгч бидний мөнгөөр төлүүлж байгаа. Найман их наядын хадгаламжийн таван их наяд нь Монголбанкны үнэт цаасыг авах гэсэн шошготой яваа. Тийм учраас төв банк бодлогын хүүгээ тав руу буулгах ёстой. Та ажиглаарай, төв банк эдийн засаг дажгүй үед ч бодлогын хүүгээ 0.5 хувиар ч буулгахгүй байгаа.

-Төв банк бодлогын хүүгээ буулгахгүй яваагийн цаад шалтгаан нь юу юм бол?

-Цаана нь арилжааны банкуудын асар том эрх ашиг яваа учраас тэр.

-Мөнгө хэвлэлээ гэсэн шүүмжлэл бий. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё…?

-Уг нь төв банк яаж ийгээд мөнгө хэвлэхгүй байх хэрэгтэй. Сая өрнөсөн нэг өрөвдөлтэй зүйл гэвэл мөнгөний бодлого дээр тоглодог гол банкууд тэтгэврийн зээлийн 730 тэрбумыг Хөгжлийн банкны бондыг худалдаж авах нэртэйгээр шийдэж байна л даа. Хөгжлийн банк гэж юу байхав, яг үнэндээ мөнгө хэвлээд тараачихсан л даа. Хамгийн эрсдэлтэй нь яг хэчнээн хувийн хүүтэй бонд гэдэг нь тодорхойгүй. Хүүг нь зарлахгүй байна. Ер нь тэтгэврийн зээлээс хамгийн их ашиг хүртэж суугаа нь банкууд. Эргэлзээтэй байсан бүх зээлээ төрөөр төлүүлчихлээ. Макро том тоон дээр тоглодог бизнест улс төр, зах зээлийн шугамаар харилцаж оролцож яваа тоглогчид яг ийм хүнд үед суйлах бодлого явуулаад байна. Зүй нь хамтдаа хохирол багатай гарахад анхаарах ёстой л доо.

Монголбанк маш том өртэй. 2.7 их наядаар яригдах өр бий. Тэр өрөнд нь засгийн өр орчихоод яваа.

-Та Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүнийхээ хувиар төв банкинд асуудал тавих уу?

-Хяналтын зөвлөлийн даргад асуудал тавина. 730 тэрбумын зээлийг тэглэхэд хэдэн хувийн хүүтэйгээр юу барьцаалсныг асууна. Хавар мөнгө дутагдах нь тодорхой. Дутагдсан мөнгөө нөхөх зорилгоор төгрөг хэвлэвэл 2016 оныг давтана шүү гэдгийг сануулна. 2016 онд Монголбанк Засгийн газар, УИХ-тай нийлж байгаад 600 тэрбум төгрөг хэвлэсэн. Тэр нь өнөөдөр төв банкны өр болчихсон яваа. Засгийн газраас авах авлага гээд. Өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газраас нэг ч төгрөг авч чадаагүй. Үүнтэй барьцаж байгаа юм шиг дахиад нэг их наядыг ч юм уу хэвлээд тараавал дараа нь учрах эрсдэл нь хэцүү. Сөрөг нөлөө нь наадмаас хойш мэдрэгдэнэ. У.Хүрэлсүхийн хоёр дахь Засгийн газар гарч ирвэл үйл лайг нь өөрсдөө үүрнэ гэсэн үг. 1996 онд яг ийм үйл явдал болсон. 1992-1996 онд П.Жасрай гуай Ерөнхий сайд байсан. Өмнө нь Д.Бямбасүрэн гуай засаг толгойлохдоо иргэддээ эдийн засгийн эрх чөлөөг нь өгсөн юм. П.Жасрай гуайн засгийн үед хувь хүн, аж ахуйн нэгжийн төлдөг татвар 40 хувь байсан. Тухайн үед социализмаас улбаатай 180 гаруй аж ахуйн нэгж байлаа. Тэр өндөр татвараас болж хаалгаа барихад бэлэн байсан л даа. Ташраараа ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй, хөрөнгө оруулалтгүй болчихсон цаг. Тийм үед М.Энхсайхан Ерөнхий сайд болонгуутаа маш хүнд реформ хийсэн. Тэрнийхээ шанд орон нутгийн сонгуульд унасан. М.Энхсайханы хийсэн реформ дампуурлынхаа ирмэгт ирсэн 1800 гаруй компаниудыг аварсан. Бүгдийг нь хувьчилж аварсан. Тэгсний хүчинд амьд гарсан юм. М.Энхсайханы Засгийн газар орон сууцыг хувьчилсан. Ийм шийдвэр гаргасан мөртлөө сонгуулиар унаж байсан түүх өнгөрсөнд бий. Ард түмэнд орон сууцыг нь үнэгүй өгөхөд л сонгуульд унадаг. Тэгэхээр тэтгэвэр тэглээд сонгуульд ялна гэсэн гэнэн хандлагаа хаях хэрэгтэй.

-Та өмнөх ярилцлагадаа эдийн засгийн хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарыг урьж баг болоод ажиллах хэрэгтэй гэсэн зөвлөгөөг энэ засгийн тэргүүнд дайж байсан. Хямралыг амжилттай давсан эхний Ерөнхий сайд М.Энхсайхан юм байна. Дараагийнх нь хэн бэ?

-Энэ удаагийнх 1990 оноос хойшоо тав дахь хямрал. Дөрвөн том хямралыг давж гарсан Ерөнхий сайд нарын зөвлөгөө хэрэгтэй. Улс төр, эдийн засаг, мөнгөний бодлогын шалтгаантай алдаанууд байсан л даа, өмнөх хямралууд. Цэвэр эдийн засаг талдаа шийдэж болохоор байсан. Хамгийн гол нь хямралаас гарах бололцоо нь байсан юм. Харин энэ удаагийнх огт өөр. Дэлхий даяар бүх бодлого өөрчлөгдөнө.

Тийм учраас жижиг, томгүй бүгд хохирно. Гэхдээ аль болох бага хохиролтой давах хэрэгтэй. М.Энхсайханы дараа нэрлэх Ерөнхий сайд бол Сү.Батболд. Ерөнхий сайд болохдоо хасах нэгтэй эдийн засаг хүлээж аваад 17 болгож өсгөсөн. Тухайн үед хийсэн алхмуудын ололттойг нь ашиглах хэрэгтэй. Ч.Сайханбилэгийг ч уримаар байгаа юм. С.Баярцогт шийдвэрийг маш сайн гаргадаг. Учир нь ийм үед мөнгөний бодлого, төсөв, санхүү талаасаа макро түвшинд бодлого гаргах хэдхэн хүн бий. Бүр нэрэлхээд байвал Д.Бямбаүрэн гуайтай уулзах хэрэгтэй.

-Сангийн яамны мэргэжилтнүүдэд гарц гаргалгаа байгаа байлгүй дээ…?

-Олон улсын хөрөнгийн биржүүд дээр улаан гэрэл ассан ийм үед манайхан унаад л босдог юм гэсэн сэтгэлгээ хандлагаасаа татгалзах хэрэгтэй. Сангийн яамны мэргэжилтэн залуус практикийн хувьд тэг. Гадны сургууль төгссөн, макро эдийн засгийн хэдэн параметр цээжилсэн хүмүүс. Зуун жилд нэг удаа болдог ийм агшилтын үед энэ залуусын туршлага, мэдлэг дутна. Өмнөх хямралуудыг даваад гарсан Ерөнхий сайд, эдийн засагчдыг хүний өөрийнгүй цуглуул гэж зөвлөөд байгаа минь ийм учиртай. Ийм хүмүүсээс бүрдсэн онцгой комисс байгуулах хэрэгтэй.

-Засгийн газраас яг ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?

-Төсөвт тодотгол хийх хэрэгтэй. Гэтэл Сангийн сайд хийхгүй гээд байна л даа. Эрүүл мэндийн сайд тахалтай тэмцэж байгаа. Сангийн сайдын өнцгөөс харахаар тахал биш ч юм шиг. Төсөв бүрдүүлдэг орлогын эх сурвалжууд чинь зогсчихлоо гэж Сангийн сайдад хэлмээр байна. Татвар бүрдэхгүй бол мөнгө хэвлэхээс аргагүйд хүрнэ. Мөнгө хэвлэвэл ирэх намар энэ алхмынхаа пянг дийлэхгүй. Яг нарийндаа Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар төсөвт дуслын төдий ч нэмэр болдоггүй юмнууд дээр хөнгөлөлт чөлөөлөлт өгч байгаа анзаарагдсан.

-Жижиг, дундууд руу чиглэсэн ямар бодлого хэрэгтэй байна?

-Уг нь жилийн өмнө батлагдсан татварын бодлого жижиг дундууд руу чиглэсэн байгаа. Журам нь хатуу байна. Хуулийн зарим хатуу заалтыг зөөллөх хэрэгтэй. Өнгөрсөн жилийнх нь тайланг хараад 50 сая төгрөгөөс доош орлоготой бол шууд хялбаршуулсан руу оруулчихмаар байгаа юм. 300 саяас доош орлоготой бол нэг хувь руу автоматаар оруулаад явчих ёстой. Бюрократ хүндрэлийг хууль батлахдаа хийчихсэн байгаа. Уг нь хуулийн философи анхнаасаа тийм байгаагүй. Хуулийн энэ мэт хатуу заалтуудыг журмаар зөөллөөд явахаас аргагүй.

-Засгийн газар хэмнэлтийн горим руу орох хэрэгтэй байх…?

-Тэгэхээс аргагүй. Тэгэхийн тулд яамд яг ямар хэмнэлт хийх талаараа жагсаалт гаргах хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн урд хөршид хийсэн айлчлалын талаар та түрүүн цухас дурдсан. Эдийн засгийн хувьд хэр өгөөжтэй айлчлал болов?

-Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн бэлгэдэл, улсаа төлөөлөх ганц субьект. Тэр утгаараа ажлаа хийлээ. 30 мянган хонийг Засгийн нөөцөөс өгөх байсан болов уу. Гэтэл Монголын ард түмний сайхан сэтгэлээр бүр аян эхэлчихлээ. Хамгийн анх 108 хонь хандивласан хүн гэхэд л Гомбо-Очир гэдэг малчин. Төв аймгийн Эрдэнэсантын хүн. Тэр хүнтэй уулзаж суухад “Малчид бид өөрсдөөсөө дутааж өгч бусдад тусалдаг. Илүүдэл бараагаа өгч сайн хүн болдоггүй” гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Хүнд хэцүү үед мал, малчин хоёр л улсаа авч гарна гэж ярьдаг даа. Яг энэ цагт утгаараа мэдрэгдэж байна. Ийм том давлагаа үүсэхэд бараг Ерөнхийлөгч өөрөө гайхсан байх шүү. Нөгөө талаас үүнийг улс төр болгох гэсэн улс ч анзаарагдаж байна. Намын хонь ч гэж юу байхав. “Эртний сайхан” дуунд ард түмнээ “Тэнгэр мэт заяатай, Тэгш таван оюунтай, Тэнүүн уужим зарлигтай, Тэнгэрийн минь үр сад билээ” гэж магтсан байдаг. Монголын ард түмэн хүнд хүчир цагт засаг төрдөө түшиг тулгуур болсоор ирсэн учраас ингэж бичсэн хэрэг. Малчин түмний сайхан сэтгэл яг одоо гарч ирж байна.

-COVID-19 эдийн засагт ямар нөлөө үзүүлэх талаар СЭЗИС-ийн доктор гаргасан харагдсан. Та энэ чигээр судалгаа хийнэ гэж байсан. Дүгнэлтээ гаргасан уу?

-СЭЗИС-ийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч, Ц.Батсүх докторын нөлөөллийн судалгаа гарсан байна лээ. Эконометрикс хүн л дээ. Математикч, эдийн засагч хүн байгаа юм. Хэрвээ үйлчилгээний салбарын орлого тэг, уул уурхайн орлого тэг болох үед ямар өөрчлөлт гарах талаар судалж тооцсон харагдсан. Би тантай өмнө нь ярилцахдаа худалдаж авсан маш үнэтэй программ. Тэр программ дээр маш эрсдэлтэй өгөгдлүүд өгч байгаад ажиллуулах хэрэгтэй. Хоёрдугаар сарын статистик дүн ойрын үед гарах байх. Хэрвээ бодит үнэнийг гаргаж тавибал нүд халтирмаар тоо гарна. Хоёр, гуравдугаар сар хасахтай гарвал төсвийн тогтвортой байдлын хуулиар өөрчлөлт хийх нөхцөл бүрдэх юм. Гэхдээ төсвийн тогтвортой байдлын хууль энх цагийн хууль. Элдэв эрсдэл байхгүй аж төрж явсан үеийн хууль. Одоо бол онцгой үе. Ийм үед онцгой шийдвэр гаргахаас аргагүй. Ер нь дахиад бүх юм шинээр эхлэх байх. Өөрөөр хэлбэл бүгдийг restart хийж байна. Барууныхан гэхэд л форматлах хэлбэр рүү орчихсон. Нүүрс худалдан авагчтайгаа сая тохироод ирлээ гэж ойлгож байгаа. Тэрэн шиг жижиг худалдан авагчдаа анхаарах хэрэгтэй. Жижиг худалдан авагч гэдэг нь иргэд. Иргэдийнхээ цалинг таслалгүй, багасгалгүй өгч л байх юм бол эдийн засгийн эргэлтээ нөхөөд байна. Цалингаа тавьж хүчрэхгүйд хүрвэл тарчиг байдал руу орно.

-Одоо найдах ганц зүйл нь алт болоод байна. Алтны олборлолтоо нэмж чадвал хямралыг дажгүй давчих боломж бий гэдэгтээ та санал нийлэх үү?

-Санал нийлнэ. Найдах зүйл алт гэдэг нь үнэн. Алтны хувьд ашиглаж болох үндсэн ордууд бий. Ой дотор ч гэсэн хамаа алга, дажгүй нөөцтэй орд байгаа л бол ашиглах хэрэгтэй.

-Ашиглаж болохоор алтны үндсэн орд гэдгээ тодруулаач?

-Жишээ нь Зүүнхараад нэг орд бий. Дархан цаазтай газарт оруулна гээд, орон нутгийнхан нь татгалзаад байгаа. Ноён уулнаас нэлээд зайтай оршдог тэр орд гэхэд л 14 тонн алтны нөөцтэй. 14 тонн алт гэдэг бол тэрбум ам.доллар. Цахилгаан орчихвол шууд ашиглаж болохоор орд. Бас нэг орд бий, говьд. 2008 оны сүүлээр С.Баяр гуайн Засгийн газар ашиглах гэж оролдсон юм. 124 тонн алтны нөөцтэй. Дархан цаазтай газраас гаргаад олборлолт эхлүүлье гэж үзсэн ч тухайн үед УИХ зөвшөөрөөгүй. Энэ мэтчилэн хэд хэдэн орд бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Золбоо: Өвчний нөхцөл байдал намжсаны дараагаар “Нэг бүс, нэг зам” санаачилгаа эрчимтэйгээр үргэлжлүүлэх байх

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д шинэ төрлийн коронавирус (Covid-19)-ийн тархалт гарсантай холбоотойгоор урд хөршийг зорьж, эмгэнэл илэрхийлэн тусалж дэмжихээ мэдэгдлээ. Энэ алхмыг та судлаач хүний хувьд юу гэж харж байна вэ?

-Юуны өмнө сүүлийн үеийн хамгийн сонирхолтой сэдвийн хүрээнд хувь судлаачийн байр суурийг сонирхож, ярилцах урилга ирүүлсэнд талархаж байна. Та бид бүгдээрээ таамаглаж болдоггүй тул амьдрал баян байдаг гэдгийн баталгаа болсон нэгэн сонирхолтой цаг үеийн гэрч болж байна даа. Хөрш орнуудын төрийн тэргүүн нар харилцан айлчлах явдал аль ч цаг үед тухайн улс орны гадаад, дотоод бодлогод чухал байр суурь эзэлсээр ирсэн. Манай улсын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын хувьд үнэхээр тэр бүр тохиогоод байхааргүй онцлог нөхцөл байдал, цаг хугацаанд болж өнгөрлөө. Гэхдээ асуултын тань хувьд яг тэгж тодорхойлж болох эсэхэд эргэлзэж байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар байгаа цар тахал зөвхөн Хятад улс гэлтгүй хөрш орнуудад нь томоохон сорилт болсоор байна. Гэхдээ бид нийтээрээ давж гарах нь цаг хугацааны л асуудал гэдэгт бол хувьдаа бат итгэлтэй байна. Хятад дахь өвчлөлийн нөхцөл байдал харьцангуйгаар намжиж эхэлж буй боловч өмнөх хэвэндээ ортлоо мөдгүй биз. Айлчлалын хувьд хөршийн өмнө тулгарсан асуудалд “Айл хүний амь нэг” сэтгэлээр хандаж байгаагийн илрэл гэж дүгнэж болохоор. Зарим нэг хүмүүс энэхүү айлчлалын үр дүнг бусад дипломат арга, хэлбэрээр хэрэгжүүлж болох байсан гэдэгтэй бол санал нийлэхгүй байна. Сэтгэл гаргаж байгаагийн энгийн нэг илрэл шүү дээ. Аливаа улс оронд тохиосон олон тооны хүн амь үрэгдсэн томоохон осол, албан ёсоор эмгэнэл илэрхийлэх нь дипломат харилцааны практикт байдаг жишиг.

-Ерөнхийлөгчийг тахлын голомт руу явах нь гэсэн шүүмжлэл ч дагасан. Гэхдээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны дээд түвшиндээ хүрсэн болохыг харуулах шиг боллоо.

-Тийм шүү. Түүнд л энэ айлчлалын зорилго, утга учир агуулагдаж байна. Шүүмжлэл бол байх нь зүйн хэрэг, тэр тусмаа төрийн тэргүүнээ эрсдэлд өртөх вий гэж сэтгэл зовнисон гэдэг талаас нь ойлгож болно. Гэхдээ яг тахлын голомт гэж нэрлэх нь хэтрүүлэг болох байх. Бидэнд олдож байгаа мэдээллээр Хятад улс нэг үеэ бодвол өвчлөлийн тархалтыг тодорхой хэмжээнд хяналтандаа авч чадлаа гэж үзэж болохоор байх шиг.

Төрийн тэргүүний айчлал гэдэг ямар ч үед ганц хувь хүний шийдэх хэрэг биш байдаг тул манай улсын яам, холбогдох байгууллагуудын дүгнэлт, зааврын дагуу зохион байгуулагдсан байж таарна. Ер нь төрийн өндөр хэмжээний айчлалд холбогдох мэдээлэл Төрийн нууцын тухай хуулийн хүрээнд тодорхой хугацаанд нууцлалын зэрэглэлтэй байдаг учраас тэр бүрийг олон нийтэд мэдээлээд байх албагүй л дээ. Гэхдээ сүүлийн үеийн олон улсын харилцааны чиглэлийн судалгаанд улс орны гадаад бодлогод шийдвэр гаргагч, удирдагч хувь хүний зан чанар болон бусад хүчин зүйлс тодорхой хэмжээнд нөлөөлдөг болохыг хүлээн зөвшөөрч байх шиг байна.

Ер нь бол манай хоёр улсын харилцаа урьд өмнө түүхэндээ байгаагүй хамгийн сайн үедээ байгаа гэдгийг судлаач, түүхчид хүлээн зөвшөөрдөг. Өнгөрсөн жил тэмдэглэн өнгөрүүлсэн дипломат харилцааны 70 жилийн хүрээнд хийсэн эрдэм шинжилгээний хурлын үеэр өнгөрсөн түүхээ нуршин ярилгүйгээр ирээдүйн харилцаагаа хөгжүүлэх талаар ярилцаж байлаа. Дараагийн 70 жилийн харилцаа өвөрмөц түүхээр эхэлж байна, цаашдаа ч яаж өөрчлөгдөхийг таашгүй.

-Энэ удаагийн айлчлалын хүрээнд Монголын ард түмнээс 30 мянган толгой хонь хандивласан нь урд хөршийн удирдлагууд болоод ард иргэдийн сэтгэлийг багагүй хөдөлгөлөө. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хандивын аянууд ч зарлагдаад байгаа. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Тийм ээ, үнэхээр л хоёр орны ард түмний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан үйл явдал болж түүхэнд бичигдэхээр боллоо. Энэ тооны сүргийг бүрдүүлэхэд ч манай нөхцөлд асуудал биш л дээ. Зарим хүмүүсийн шүүмжлээд байдаг шиг хөдөөгийн эгэл малчид маань зөвхөн бэлэн юм нэхдэг хүмүүс биш, харин ч энэ аянд хамгийн идэвхтэй оролцох хүсэл сэтгэлтэй байгаа гэдэг нь харагдаж байна. Гэхдээ айлчлалын үндсэн зорилго, үр дүнг гурван түмэн халуун хошуут мал байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл болох байх. Тусгаар тогтносон Монгол Улсын ХХ зууны түүхэнд хүнд нөхцөл байдалд өртсөн улс орнуудад чадлынхаа хэрээр хандив, дэмжлэг үзүүлсээр ирсэн түүхэн уламжлал олон бий. Нүүдэлчин монголчуудын хувьд түүхэндээ тэр бүр өөрсдөө мэдэрч байгаагүй өлсгөлөнгийн гамшигт нэрвэгдсэн улс орнуудын ард түмэнд “Өгье гэвэл ганцаасаа, уйлъя гэвэл сохроосоо” гэдэг зарчмаар өөрсдийнхөө боломжоороо амьд мал, махаар тусалж ирсэн арвин түүхтэй. Хоёрдугаар дайны үед Зөвлөлтийн армид хувиасаа түмэн хонин хандивлаж “Фронт Бадам” гэх зэргээр түүхэнд үлдсэн сайхан сэтгэлт жирийн иргэдийн жишээ цөөнгүй бий. Энэ талаас нь аваад үзвэл жирийн монгол малчдын хувьд цоо шинэ үзэгдэл бол биш. Монгол орны бэлчээрийн малын махны амт чанарыг мэддэг хүмүүс нь эмтэй зүйрлэдэг юм билээ. Хөдөө аж ахуйн тэр дундаа мал аж ахуй салбарын ирээдүйн хөгжилд бидэнд хамгийн ойрын том зах зээлийн хэрэглэгчдэд бэлчээрийн монгол хонины махны амт, чанарыг таниулахад ч тус нэмэртэй ч байх.

-БНХАУ-ын Дарга Си Жиньпинтэй хийсэн уулзалтын үеэр “Дусал ус мэт ачлал үзүүлбээс дундаршгүй булаг мэт хариу барьюу” хэмээх Күнзийн сургаалыг эш татсан нь энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг илтгэлээ гэж харж болохоор байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Дорнын ард түмэнд байдаг нийтлэг онцлог, соёл бол үгэн дотор үг бий хэмээдэг. Их гүрний удирдагчийн хувьд хэлсэн үг бүхэн цаанаа гүн гүнзгий утга агуулгатай байхаас аргагүй. Гэхдээ яг энэ эшлэлийн хувьд Күнзээс бүр хойно Мин улсын үеийн түүхэн зохиолд дурдагддаг сургаал хэмээн манай нангиад судлаачид бичсэн байна билээ. Бидний өвгөдийн “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” хэмээх хэлцтэй дөхүү утгатай юм уу гэж хувьдаа харж байгаа. Гэхдээ бид нэг удаагийн дэмжлэгээ дахин дахин дурдаад байх нь жаахан тийм байж магадгүй. Харин мөнхийн хөршийн хувьд хүнд хэцүү цагт чинь сэтгэл санаа нэгтэй байгаа шүү гэдгээ илэрхийлэх боломж байлаа гэж харах нь зөв байх.

-Ер нь цаашдаа энэ айлчлалын үр дүнд хоёр орны харилцаа, эдийн засагт гарах өөрчлөлтүүдийг та хэрхэн харж байна вэ?

-Энэ нөхцөл байдал удахгүй сайжрах нь тодорхой. Тиймээс өнөөдрийн нийтлэг сорилтыг даван туулсны дараахь хоёр улсын харилцааны ирээдүйд алсыг харсан нүүдэл зайлшгүй чухал. Сүүлийн жилүүдэд Хятадын Засгийн газраас идэвхтэй ярьж, хэрэгжүүлэхийг зорьсоор ирсэн “Нэг бүс, нэг зам” санаачилгаа өнөөгийн өвчний нөхцөл байдал намжсаны дараагаар эрчимтэйгээр үргэлжлүүлэх байх. Монголын хувьд хоёр хөрштэйгөө хамтран хэрэгжүүлэхээр тохирсон Эдийн засгийн коридорын төслүүдийн хэрэгжилт ч үүнд хамаарч болно. Гэхдээ нэг үнэн зүйл гэвэл, монголчууд бол бусдад тусалсныхаа хариуг хараад, нэхээд суучихдаг ард түмэн биш л дээ. Цаашдын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх идэвхтэйгээр, харилцан ашигтай хөгжүүлэхэд урьдын адил зөвхөн өөрсдөөс маань шалтгаалах зүйл олон байх биз.

-Одоогоор коронавирусээс үүдэн БНХАУ-д үүсээд буй хүндрэлүүд юу байна вэ?

-Энэ удаагийн тахлын учруулах хохирол эрүүл мэнд, амь наснаас илүүтэйгээр эдийн засагт хохирол учруулахыг эдийн засагчид анхааруулсаар байгаа. Хятадын дарга ч гэсэн ирэх долоо хоногоос худалдаа, эдийн засаг, санхүүгийн салбараа хэвийн байдалд нь оруулахад төрийн зүгээс бүх талаар дэмжихээ илэрхийлж байна. Хятадын эдийн засгийн өсөлт бүх дэлхийд хамааралтай байдаг учраас бидэнд ч хамаатай. Өмнөх томоохон өвчлөл SARS-ийн дэлхийн эдийн засагт учруулсан хохирлоос энэ удаагийнх хамаагүй илүү даваад гарчихлаа. Тэр үеийн Хятадын эдийн засгийн дэлхийн эдийн засагт үзүүлэх хэмжээ одоогоос хамаагүй бага байсныг ч бодолцох хэрэгтэй. Төрийн зүгээс өвчлөл, нийгмийн бусад асуудалдаа төвлөрөөд одоохондоо эдийн засгаа сэргээх төлөвлөгөөгөө албан ёсоор танилцуулж амжаагүй байна. Уламжлалт арга нь мөнгөний нийлүүлэлтээ нэмэгдүүлж төсвийн хөрөнгө оруулалтыг өсгөдөг гэж манай эдийн засагчид бичсэн байна билээ, үнэн биз. Өвчлөлийн голомт болсон Ухань хот өөрөө улсынхаа эдийн засгийн хөдөлгөгч хүч гэдэг тодотголтой байлаа. Эргэн хэвэндээ ортол багагүй хугацаа шаардлагатай. Хөл хорионы уршгаар аж үйлдвэрлэлийн газруудын үйл ажиллагаа, тэр дундаа аялал жуулчлалын салбар мөд сэргэх боломжгүй байх шиг байна. Бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг нүүрсний экспорт зогссон нь тэдний нүүрсний нийт хэрэглээ 30 гаруй хувь буурсанд нөлөөлсөн л байх. Товчхондоо хөршийн маань эдийн засаг аль болох богино хугацаанд эргэн сэргэх нь монголчууд бидэнд ч амин чухал байх болно.