Categories
мэдээ нийгэм

Дотоодын 15 нислэгээр зорчсон 984 иргэнээс сэжигтэй тохиолдол илрээгүй

Улс, хот хоорондын бүх зорчих хөдөлгөөнийг өчигдрийн 06:00 цагаас нээсэн билээ.

Хөдөлгөөнийг нээснээс хойш, 2020 оны гуравдугаар сарын 3-ны 08:00 цагаас 4-ний 08:00 цаг хүртэл дотоодын 15 нислэгээр зорчсон нийт 984 иргэний эрүүл мэндийн байдалд хяналт, шалгалт хийхэд халуурсан болон сэжигтэй тохиолдол огт илрээгүй гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Зорчих хөдөлгөөн чөлөөтэй болсноос хойш НМХГ-ын Эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид Улаанбаатар хотоос орон нутаг руу нисэж буй дотоодын нислэгээр зорчиж буй бүр зорчигчийн эрүүл мэндийн байдалд тогтмол хяналт шалгалт явуулж байгаа юм.

Иймд иргэдийг хувийн ариун цэврээ сайтар сахиж, амны хаалтыг зааварчилгааны дагуу тогтмол зүүж, үйлчлүүлэхийг уриалж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

– Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгов. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.

– Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.

– Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг дэмжив. Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.

– “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” УТҮГ-ыг Биеийн тамир, спортын газрын харьяанд байгуулав. Төв нь биеийн тамир, спортоор хичээллэгч иргэн, тамирчдад лавлагаа тусламж, үйлчилгээг амбулаториор үзүүлэх, спортын шинжилгээ судалгаа, туршилт, сургалт эрхлэх үүрэгтэй юм.

– ОХУ-ын Москва хотноо 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.

Categories
мэдээ нийгэм

Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 10 гаруй хүнийг тусгаарлалаа

Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд манай улс өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа билээ. Дархан-Уул аймгийн хувьд Монголын Улсын томоохон хотуудын нэгэнд тооцогддог, олон улсын транзит тээвэр болон төмөр замын зангилаа бүс нутгийн хувьд олон улсад дэгдэж буй халдварт өвчний эрсдэл өндөр орон нутгийн тоонд ороод байгаа. Дархан-Уул аймгийнхан халдварт өвчнөөс сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдалд хэрхэн ажиллаж байгааг сурвалжиллаа.

Сүлийн өдрүүдэд БНСУ, Япон зэрэг орны нислэгийг цуцалснаар хилийн чанадад байгаа монгол иргэд ОХУ-аар дамжин Сэлэнгэ Алтанбулагийн боомтоор орж ирэх тохиолдол нэмэгдэж байгааг аймгийн Онцгой комиссын дарга С.Насанбат онцолж байв. Тус аймгийн хувьд өнгөрсөн хугацаанд корона вирусийн сэжигтэй зургаан тохиолдол бүртгэгдэж, ХӨСҮТ-ийн лабораторийн шинжилгээгээр сөрөг хариу гарчээ. Гэнэтийн нөхцөл байдалд бэлэн байх үүднээс аймгийн Онцгой комиссын зүгээс тусгаарлалтын байруудыг бэлдэж, аймгийн хэмжээнд хөл хорио тогтоон, ариутгал халдваргүйжилтийг цаг алдалгүй авч эхэлжээ.

Монгол түмний уламжлалт Сар шинийн баяр өнгөрсөн өдрүүдэд тохиосонтой холбогдуулан Улсын онцгой комиссын шийдвэрээр нийслэл, орон нутгийн иргэдийн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон билээ. Тус аймгийн хувьд аймгаас орж гарах цэгүүд дээр 10 пост 24 цагаар ажиллуулж байна. Хөл хорио тогтоосон эхний хугацаанд орон нутгийнхан дуулгавартай байсан бол хугацааг хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3 хүртэл сунгасан шийдвэр гарснаар аймгаас гарах хүсэлтэй иргэд Шуурхай штабад олноор хандах болжээ. Харин постууд дээр очиж хүндрэл учруулах тохиолдол ховор байв.

Өчигдрийн /2020.03.02/ 20:00 цагийн байдлаар тус аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 10 гаруй хүнийг тусгаарлажээ.

Өндөржүүлсэн бэлэн байдлыг аймгийн хэмжээнд хэрхэн зохион байгуулж байгаа талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга буюу Онцгой комиссын дарга С.Насанбат, аймгийн Онцгой байдлын дарга буюу Шуурхай штабын дарга, хурандаа С.Пүрэвсамдан нартай ярилцлаа.


С.Насанбат: Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажилд 60.5 сая төгрөг зарцуулаад байна

-Корона вирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд аймгийн хэмжээнд нөхцөл байдал ямар байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт өндөржүүлсэн бэлэн байдал бүрэн зарлагдаж хэвийн нөхцөлд манайхан ажиллаж байна. Аймгийн хэмжээнд хоёрдугаар сарын 12-нд БНСУ-руу зорчсон талийгаач О-той цуг явсан дөрвөн хүнийг бүрэн тусгаарлаж хяналтад аваад байсан. ХӨСҮТ-өөс ирсэн шинжилгээний хариу нь дөрвүүлээ сөрөг гарсан. Одоогоор ямар нэгэн халдвартай хүн илрээгүй. Түүнээс өмнө мөн хоёр иргэн БНХАУ-аар дамжиж ирсэн учраас тусгаарлан шинжилгээ авсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд эхний ээлжинд бид Нэгдсэн эмнэлэгтээ 12 паладыг бэлдээд байгаа. Улсын онцгой комиссоос сүүлд өгсөн чиглэлээр тусгаарлах байруудыг аймгийн Засаг дарга орон нутагтаа бэлдэх даалгавар ирсэн. Тусгаарлах ажиглах байранд 300 хүн хүлээж авахаар бэлтгээд байна. Үүний дагуу хоёр обьектод 100 орчим иргэнийг хүлээн авахаар бэлтгэлээ. Цаашдаа нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд 1866 хүн хүлээж авах орон байрны бүртгэл судалгааг хийгээд байна. Үүнээс гадна эхний ээлжинд 50 хүнд хүнсний нөөц, нэг удаагийн хэрэглээний аяга тавгийг бэлтгээд байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд ард иргэдэд амны хаалтны хүрэлцээ хомсдсон. Тиймээс бид ОХУ-ын Улаан-Үд хотоос хотуудын хоорондын харилцааны хүрээнд, мөн аймгийнхаа оёдлын үйлдвэрүүдээс 23 орчим сая төгрөгийн үнэтэй 10.000 амны хаалтыг бэлтгэж иргэдэд үнэ төлбөргүй тараалаа. Ариутгал, халдваргүйжилтийн ажлыг ч энэ хугацаанд идэвхтэй өрнүүлж байна.

-Орон нутгийн хувьд эдгээр ажлуудад санхүүжилтээ хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбоотой аймгийн Шуурхай штабыг 24 цагаар ажиллуулах чиглэл ирснээр Засаг даргын нөөц сангаас 10 сая төгрөгийг зарцууллаа. Сургууль, цэцэрлэгийн ариутгалд зориулж 20 орчим сая төгрөгийг шийдвэрлэсэн. Түүнээс гадна нэгдсэн эмнэлэгт 10 сая төгрөг, сумдын эмнэлгүүдэд тус бүр гурван сая төгрөг, өрхийн эмнэлгүүдэд нэг сая төгрөг нийт 26.5 сая төгрөгийгхуваарилж эм хангамж болон ариутгалын бодисыг татан хангуулах ажлыг гүйцэтгэсэн. Одоогийн байдлаар 60.5 сая төгрөг зарцуулагдаад байна. Хамгийн сүүлд УОК-ын шийдвэрээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн үүрэг чиглэлийн дагуу аймгийнхаа ИТХ-тай хамтраад халдварт өвчинтэй тэмцэх үед үүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэний оролцоог хангуулах, тэднээс хүн хүч болон эд материал, мөнгөн хөрөнгө төвлөрүүлэх уриалга гаргалаа. Энэ хүрээнд иргэн аж ахуйн нэгж байгууллагуудаас хандив цуглуулах ажлыг эхлүүлж байна. Эхний ээлжинд “Монгол-Оюу” сургуулийн зургадугаар ангийн сурагчид сар бүр авдаг хүүхдийн 20.000 төгрөгөө цуглуулж 500.000 төгрөгийг хандив өглөө. Шарын гол сумын иргэд ч хандивын аянд нэгдсэн. Аймгийн Тамгын газрын ажилтнууд нэг өдрийнхөө цалинг өгье гэлээ. ИТХ-ын Ажлын алба ч энэ уриалгыг хэрэгжүүлэх замаар орлогыг төвлөрүүлж санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд явж байна.

-Сэжигтэй иргэдээс авсан дээжээ аймагтаа шинжилж байна уу, ХӨСҮТ-д хүргүүлж байна уу?

-ХӨСҮТ-д хүргүүлж байгаа. Шинжилгээний хариу маш хурдан гарсан. Хамгийн гол нь Засгийн газар, Улсын онцгой комисс цаг үедээ тохирсон шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа.

байна. Үүнийг орон нутагт аймгийн онцгой комисс шуурхай штаб 24 цагаар тасралтгйү хэрэгжүүлж байгаа энэ тохиолдолд ноцтой хэмжээнд яригдахгүй болов уу.

-Корона вирусээс урьдчилан сэргийлж улс даяар хөл хорио тогтоож, гадагшаа урсгалаа ч хумьж байгаа нь улс орны эдийн засагт сөрөг нөлөөтэй гэж байгаа. Орон нутгийн хувьд энэ байдал ямар байх юм?

-Сангийн сайд саяхан мэдээлэл хийсэн. Эдийн засаг агшсан энэ үед хөрөнгө оруулалтыг хасахгүй. Тендерээр хийх ажлуудаа Засгийн газраас хэвийн явуулах ёстой. Тэгж байж эдийн засгаа авч үлдэнэ гэдэг бодлого баримталж байгаагаа мэдэгдсэн. 2020 онд аймаг, улсын төсвөөр хийгдэх ажлуудаа холбогдох хуулийн хүрээнд ач холбогдлоор нь эрэмбэлж ажиллах ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Манай аймгийн хэмжээнд энэ жилд улсын төсвийн хөрөнгөөр 480 хүүхдийн сургуулийн барилга барих төсөл бий. Гэр хорооллын хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах ажлын хүрээнд хийгдэх томоохон ажил бол энэ яахын аргагүй мөн. Мөн Дархан сумын тав, зургаа, долоо, наймдугаар багийн нутаг дэвсгэрийг дамнан хоёр он дамжин хийгдэж байгаа инженерийн дэд бүтцийн ажил байгаа юм. Улсын төвсийн хөрөнгө оруулалтаар 19 тэрбум төгрөгийн хамгийн сүүлчийн санхүүжилт бүхий энэ ажил манай аймгийн хувьд маш чухал. Энэ ажил дууссан тохиолдолд Наран толгой, Манхан толгой орчмын гэр хорооллууд орчин үеийн шийдэл бүхий шинэ орон сууцны хорооллууд баригдах инженерийн дэд бүтэц бүхий шугам сүлжээтэй болох юм. Энэ мэтчилэн орон нутгийн хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилнэ.


С.Пүрэвсамдан: Шуурхай штабын зүгээс өдөр бүр 13:00 цагт иргэддээ цаг үеийн мэдээллийг өгч байна

-Аймгийн хэмжээнд ажиллаж байгаа постуудын үйл ажиллагаа ямар байна вэ?

-Хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбоотойгоор Дархан-Уул аймгийн хэжмээнд 10 постон дээр 24 цагаар 30 гаруй албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. УОК-ийн хуралдааны тэмдэглэл, аймгийн Засаг даргын захирамжуудаар тодорхой хэмжээнд аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлсэн. Энэшийдвэрийн хэрэгжилт хэрхэн хангагдаж байгааг хянаж шалгаж, гарсан зөрчлийг арилгуулах иргэдэд анхааруулах, мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог хангах ажил тасралтгүй хийгдэж байгаа. ОУК-ын шйидвэрийн хэрэгжилтийг иргэд хэрхэн биелүүлж байгаа, хяналт шалгалтын үйл ажиллагааг өдөр тутамд Шуурхай штабын гишүүд өдөр бүр 13.00 цагт шууд бичлэгт оролцож иргэдэд шууд мэдээллийг өгч байгаа. Энэ үеэр иргэд санал хүсэлтээ ирүүлсээр байгаа. Эхний үед амны хаалтны олдоц муу байгаа талаар багагүй шүүмжлэл ирж байсан. Үүний дагуу аймгийн зүгээс 10.000 амны хаалтыг үнэ төлбөргзүй тараасан. Одоо сүүлийн үед яригдажбайгаа асуудал бол иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоосонтой холбоотой байна.

-Нийслэл, орон нутгийн зам хаасантай холбоотой гомдол хаа сайгүй байгаа бололтой?

-УОК-ийн шийдвэрээр иргэд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08.00 цаг хүртэл түр зогсоогоод байсан. Үүний дараа хугацааг сунгаж гуравдугаар сарын 3-ны 06:00 цаг хүртэл болгосон. УОК-ын тавдугаар хуралдаанаар постоор нэвтрэх хүндэтгэн үзэх шалтгааныг зааж өгсөн. Ар гэрийн гачигдал, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, албан томилолт, зайлшгүй шаардлагатай бусад ажлууд гэж. Эдгээрийн аль нэг шалтгаантай тохиолдолд холбогдох бичиг баримтыг үндэслэж аймгийн Шуурхай штабаас түр зөвшөөрөл олгож байгаа. Хөдөлгөөнийг зогсоох шийдвэрийг сунгаснаар хоёрдугаар сарын 27-ны өдөр аймгийн Онцгой байдлын газар дээр иргэд багагүй ачааллыг үүсгэсэн. Харин одоо бол иргэд тодорхой мэдээлэлтэй болж үйл ажиллагаа жигдэрч байна.

-Дархан-Уул аймаг бусад орон нутгийг бодвол онцлогтой. Олон улсын зам дайран өнгөрдөг, хойд хилтэй ойрхон гэх мэт. Ийм нөхцөлд та бүхэн өвчлөлийн эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа вэ?

-Эрсдэлийг аймгийн хэмжээнд тооцоолоод Улсын онцгой комисст хүргүүлсэн. Дархан-Уул аймаг бүсийн зангилаа цэг дээр төвлөрч байдаг, олон улсын транзит тээвэр дайран өнгөрдөг, олон улсын төмөр зам дайран өнгөрдөг онцлогтой бүс нутаг. Тухайлбал, Япон, Солонгос улсаас ирэх нислэгийг хаасантай холбоотойгоор иргэд ОХУ-аар дамжин Сэлэнгэ Алтанбулагийн боомтоор орж ирэх хөдөлөгөөн сүүлийн үед эрчимжиж байна. Энэ нь эрсдэлийг дагуулж байгаа. УОК-ын шуурхай штабаас өгсөн үүргээр эхний ээлжинд орж орж байгаа иргэдийг Сэлэнгэ аймаг дээр түр тусгаарлана. Хэрэв цаашид иргэдийн хөдөлгөөн ихсэх, сэжигтэй тохиолдол нэмэгдвэл Сэлэнгэ аймгийн Шуурхай штабаас зохион байгуулсан тусгаарлах орноос хэтэрсэн тохиолдолд дараагийн удаа Дархан-Уул аймагт сэжигтэй иргэдийг тусгаарлах арга хэмжээг явуулна гэдэг чиглэл өгөөд байна. Үүний дагуу холбогдох арга хэжмээг авч байна. Оюутны хоёр байранд 100 орчим иргэдийг эхний ээлжинд хүлээж авах боломжийг бүрдүүлж ариутгал халдваргүйтгэл хийж иргэд тусгаарлах үеийн нөхцөл байдлыг бүрдүүлсэн байгаа.

-Замын хөдөлгөөнийг түр зогсоосноор иргэд хулгайн замаар бусад аймаг орон нутаг, нийслэл рүү нэвтрэх оролдлого хийж байна. Танай аймгийн хэмжээнд энэ нөхцөл байдал ямар байна вэе

-Албан ёсоор батлагдсан улсын замаас гадна батлагдаагүй, иргэдийн хэлж заншсан хулгайн зам аль ч орон нутагт байдаг. Үүн дээр Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэстэй Онцгой байдлын газраас хамтран ажиллаж зарим байнгын постуудыг хулгайн замыг хянахын тулд хөдөлгөөнт болгож байна. Нэг ёсоор батлагдаагүй замыг хяналтдаа бүрэн авсан гэлээ.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

МХЕГ өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа

Мэргэжлийн хяналтын байгууллагаас нэгдүгээр сарын 6-наас хойш хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа танилцууллаа. Үүнд:

  • Улсын Онцгой комиссын гуравдугаар сарын 1-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр Эрхүү-Улаан-Үд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-н хүртэл зогсоосон. Мөн БНСУ, Япон улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирж буй иргэдийг Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлэх болсон тул Сэлэнгэ аймгийн боомтуудаар ирэх зорчигдын тоо нэмэгдэж, хилийн хяналтын ачааллыг нэмэгдүүлсэн тул МХЕГ-ын даргын шийдвэрээр тус боомтод улсын байцаагчдыг нэмэлтээр дайчлан ажиллуулж байна.
  • Энэ сарын 15-наас нүүрсний экспортыг эхлүүлэх тул холбогдох боомтуудад улсын байцаагчдыг дайчлан ажиллуулахаар бэлтгэлийг хангуулж байна.
  • Тусгай горимд шилжин ажилласнаас эхлэн нийт хот хоорондын 68 зорчигч тээврийн автобус, 12,393 нийтийн тээврийн хэрэгслийн цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийн байдалд хяналт хийв.
  • Мөн давхардсан тоогоор 551 шашны байгууллагад олон нийтийг хамарсан арга хэмжээ, хурал, цуглааныг зохион байгуулахгүй байх мэдэгдэл хүргүүлж, түүнд хяналт тавьж байна.
  • Эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлын хяналтыг 385 эмнэлэгт хийж, 73 эмнэлэгт албан шаардлага, зөвлөмж хүргүүлжээ.
  • Нийтийн эзэмшлийн талбайд гар дээрээс хүнсний бүтээгдэхүүн борлуулж байсан 240 иргэний үйл ажиллагааг цагдаагийн байгууллагатай хамтран таслан зогсоожээ.
  • Онцгой комиссын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын 13-наас өнөөдрийг хүртэл БНХАУ-аас болон тус улсаар дамжин ирсэн нийт 3,300 чингэлэг ачаа, 483 галт тэргэнд халдваргүйтгэл хийлгэж, хяналт тавьсан.
  • Гуравдугаар сарын 3-наас хот хоорондын хөдөлгөөнийг нээсэн тул 105 шалгах нэвтрүүлэх цэгт 166 улсын байцаагч ажиллаж, зорчигчдоос асуумж авч байна. Өнөөдөр өглөөний 09:00 цагийн байдлаар 83,926 тээврийн хэрэгсэл, 305,200 зорчигчид хяналт тавьж, асуумжийг авсан байна.
Categories
мэдээ нийгэм

12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүдийн ажлын цагийг хорогдуулах шийдвэр гаргалаа

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд (ганц бие эцэг)-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулах шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар гаргасан.

Тус захирамжид “Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын Их Хурлын Тамгын газрын 12 хүртэлх насны хүүхэдтэй эхчүүд /ганц бие эцэг/-ийн ажлын цагийг 1 цагаар хорогдуулж, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 13-ны өдрийн хооронд хүртэл ажлын цагийг 08.30-16.30 хооронд байхаар тогтоосугай” гэжээ.

Түүнчлэн ажлын цагийг хорогдуулсантай холбогдуулан албан үүргийг бүрэн гүйцэтгүүлэн ажиллуулах, байгууллагын хэвийн үйл ажиллагааг тасалдалгүй явуулах, ажлын цаг ашиглалтыг үр бүтээлтэй хангаж ажиллахыг хэлтэс, хүрээлэн, албаны удирдлагад даалгаж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийн анхааралд

БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газраас коронавирусын халдвар тархалтаас гадаадын иргэдийг урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлж буй арга хэмжээг өөрийн улсын иргэдэд мэдээлж сурталчлахад дэмжлэг үзүүлэхийг хүсч дараах мэдээллийг Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яаманд ирүүлжээ. Мэдээлэлд:

1. Хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураар нутаг буцах өршөөлийн хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагын тусгаарлалтад орж нутаг буцаж чадаагүй бол эдгээр иргэдэд эмнэлгийн нотлох бичгийг үндэслэн өршөөлд хамруулна.

2. Хууль бусаар амьдарч байгаа гадаадын иргэд хуулийн байгууллагад баривчлагдах, саатуулагдахаас болгоомжилж эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүйгээс коронавирусын халдвар тараах эрсдэл өндөр байна. БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу БНСУ-д хууль бусаар оршин сууж буй визийн зөрчилтэй гадаадын иргэд эрүүл мэндийн төв, эмнэлэгт хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа визийн талаар цагдаагийн байгууллагад мэдээлэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй болно.

3. БНСУ-ын Гадаад иргэн, харьяатын газар гадаадын иргэд коронавирусын халдвар авсан тохиолдолд холбогдох мэдээллийг ЭСЯ-нд нь өгнө. Эрүүл мэндийн олон улсын дүрмийн 40-р заалт болон дотоодын холбогдох хуулийн дагуу коронавирусын халдвар авсан гадаадын иргэдийн эмчилгээний зардлыг БНСУ хариуцана.

Categories
мэдээ нийгэм

Энэ сард автомашины улсын дугаар 3 болон 8-аар төгссөн жолооч нар татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой. Татвар төлөх хугацаа дуусах дөхөж байгаа тул та үүргээ биелүүлж амжиж татвараа төлнө үү !!!

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол санаа зоволтгүй. Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.itax.mta.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та цаг заваа хэмнэж www.itax.mta.mn, www.smartcar.mn цахим хуудсаар дамжуулан төлбөрөө төлөөрэй. Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард

2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард

3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард

4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард

5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө.

Та тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах цэгүүдэд биечлэн очихоор бол:

Таны тээврийн хэрэгслийн төлөх татварын дүн нэхэмжлэх үүссэн тохиолдолд Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар Хотын Банк, ХААН банк, Голомт банк, Хас банк, Төрийн банкинд хандан төлж болохоос гадна дараах татварын цэгүүдээр үйлчлүүлж болно.

Д/д

Байршил

Цагийн хуваарь

1

Татварын хэлтэс /БЗД, БГД, СХД, СБД, ЧД, ХУД, НД, БХД, БНД/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

2

Авто Тээврийн Үндэсний Төв /цирк салбар, таван ган салбар/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

3

Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв /Дүнжингарав, Мишээл, Драгон төв, 6 буудлын Оргил төв/

Даваа ~ Баасан: 09:00 – 18:00
Бямба, Ням : Амарна

4

Техник хяналтын үзлэгийн төв /БЗД, БГД, СХД/

Даваа ~ Баасан: 08:30 – 20:30
Бямба, Ням: 09:00 – 19:00

5

Да хүрээ худалдааны төв

Мягмар ~ Ням: 08:30 – 17:30
Даваа : Амарна

Categories
мэдээ нийгэм

Шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 93095 боллоо

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусний халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны гуравдугаар сарын 4-ны 10:00 цагийн байдлаар мэдээллээ. Шинэ коронавирусний халдвараар 3202 хүн нас бараад байна. Халдвар авсан хүний тоо 93095-д хүрсэн бол 50819 хүн эдгэрчээ.

Categories
мэдээ нийгэм

31 998 тээврийн хэрэгслээр 108 772 иргэн нийслэл хот руу орж гарах хөдөлгөөн хийжээ

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд цагаан сарын баярын өдрүүдэд буюу 2020 оны 02 дугаар сарын 23-ны 08:00 цагаас 03 дугаар сарын 3-ны өдрийн 06:00 цаг хүртэл хот хоорондын зорчих хөдөлгөөнийг түр хязгаарласантай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хөдөлгөөний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Өчигдөр өглөөний 06.00 цагаас өнөөдөр /2020.003.04/ 08.00 цагийн хооронд Нийслэлийн шалган нэвтрүүлэх зургаан товчоогоор 31 998 тээврийн хэрэгслээр 108 772 иргэн нийслэл хот руу орж гарах хөдөлгөөн хийжээ. Эдгээрээс 20 302 тээврийн хэрэгсэл нь 74 308 зорчигчтойгоор нийслэл хот руу орон нутгаас орж ирсэн байна. Харин Улаанбаатар хотоос 11 696 тээврийн хэрэгсэлтэйгээр 34 464 иргэн орон нутаг руу зорчжээ.

Хөдөлгөөн нээхтэй холбоотойгоор үүсч болзошгүй нөхцөл байдалтай уялдуулан цагдаагийн байгууллагаас хот хоорондын улсын чанартай хатуу хучилттай авто зам дээр 98 цэгт хяналтын цэгийг байгуулан хяналт шалгалтыг хийж ажилласан. Үүний үр дүнд замын хөдөлгөөний дүрмээ жолоочид биелүүлэн зорчсоноос хүний амь нас хохирсон осол аваар бүртгэгдээгүй байна. Харин хурд хэтрүүлсэн 179 зөрчлийг илрүүлэн торгууль оногдуулж ажиллажээ. Мөн хүн тээвэр хэтрүүлсэн 102 жолоочид арга хэмжээ тооцож илүү зорчигчийг буулган зөрчлийг арилгуулсан аж. Түүнчлэн хүүхдийг буруу тээвэрлэсэн 50 жолоочид арга хэмжээ тооцсон байна.

Хязгаарлалт тогтоосон хугацаанд 5428 тээврийн хэрэгсэлтэй 11 809 зорчигч бүхий тээврийн хэрэгсэл хулгайн замаар зорчих гэсэн оролдлого гаргасныг илрүүлж буцаах арга хэмжээ авчээ. Мөн орон нутагт онцгой комиссын бичгийг ашиглан хууль бусаар хүн тээвэр хийх гэж байсан зөрчлийг илрүүлж арилгуулсан байна.

Баярын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 19 хүн гэмтжээ. Үүнээс гурав нь хүүхэд гэмтсэн тохиолдол байна. Өнгөрсөн 10 хоногийн хугацаанд 9 хүний амь нас эрсэдсэн бөгөөд үүний долоон тохиолдол нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн байна. Эдгээр долоон тохиолдлын дөрвөн нь автомашинтайгаа ухрахдаа анхаарал алдсанаас 2-5 настай хүүхдүүдээ эцэг эх нь дайрч амь насыг нь хохироосон харамсалтай явдал гарчээ. Хөдөө орон нутагт хүний амь нас хохирсон хоёр тохиолдолд нь мотоциклтой холбоотой аж.

Categories
мэдээ спорт

Монголын баг хэсгийн шатанд 100 хувийн амжилт үзүүллээ

ОХУ-ын Эрхүү хотод явагдаж буй бөмбөгтэй хоккейн 40 дэх удаагийн ДАШТ-д Монголын баг хэсгийн шатанд 100 хувийн амжилт үзүүллээ. В зэрэглэлийн В хэсэгт Сомалийн багийг 10:0, Словакийн багийг 4:0, Японы багийг 2:1-ээр хожоод байсан манай хоккейчид өчигдөр Латвийн багийг 2:0-ээр ялж хэсгээ тэргүүлэв.

Тоглолтын дараа манай шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ж.Банзрагч “Эхний үед бид яг төлөвлөснөөрөө тоглолоо. Амжилттай довтолгооноор хоёр гоол оруулж чадсан. Завсарлагааны дараа төдийлөн сайн тоглоогүй ч хамгаалалтад алдаа гаргасангүй” хэмээн ярьжээ. Өнөөдөр буюу гуравдугаар сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхэлж байгаа бөгөөд Монголын баг А хэсгээс дөрөвдүгээр байраар шалгарсан Чехийн багтай тулна. Тоглолт 10:00 цагаас Эрхүү хотын “Рекорд” цэнгэлдэхэд эхлэх юм.