Categories
мэдээ нийгэм

Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд халдвар тархах маш өндөр эрсдэлтэй гэж үнэлэгдлээ

Шинэ коронавируст (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийлээ.

Үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийсэн юм.

Тус үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймгууд “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна. Аймаг тус бүр дээрх үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Шалган нэвтрүүлэх товчоодод эрүүл мэндийн хяналт, тандалтыг хүч нэмэгдүүлэн хийж байна

Гуравдугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагт нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг нээснээр авто тээврийн урсгал, хөл хөдөлгөөн хэвийн үеийнхээс гурав дахин нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас авто тээврийн шалган нэвтрүүлэх найман товчоодод зохион байгуулж буй Хяналтын цэгт ажиллах эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоог эрс нэмэгдүүлж, иргэдийн хувьд хүлээгдэл чирэгдлийг бууруулах бэлтгэл ажлыг хангаж ажиллалаа.

Хүнд нөхцөлд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн хувьд нийслэл болон орон нутаг руу чиглэсэн тээврийн хэрэгсэлд 2 талдаа хяналт тавьж, зорчигч бүрийн халууныг хэмжих, эмнэл зүйн асуумж авах, орох гарах хөдөлгөөний талаар асуумж судалгаа хийх, эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэл өгөх, коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж тараах байдлаар маш өндөр зохион байгуулалтай ажиллаж байгаа юм.

Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газраас НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол Улс дахь салбартай хамтран хяналтын зургаан цэгт зорчигчдын хөдөлгөөнд тандалт, судалгааг хийж байна.

Categories
мэдээ нийгэм

Засгийн газраас “Алсын Хараа-2050” баримт бичгийг Монголбанкинд гардууллаа

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлээд буй “Алсын хараа-2050: Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал” баримт бичгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд гардууллаа. Уг баримт бичиг нь Монгол Улсыг 2050 он хүртэл хөгжүүлэх бодлогын цогц алхмуудыг тусгасан, стратегийн баримт бичиг юм.

Хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд Засгийн газар Төв банк болон бусад мэргэжлийн байгууллагууд, улс төрийн намуудтай нягт хамтран ажиллах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр төв банкны мөнгөний бодлого болон Засгийн газрын хөрөнгө оруулалтын бодлогууд харилцан уялдаа холбоотой, нэгдсэн чиг баримжаатайгаар хэрэгжих нь зүйтэй гэж үзсэнээр уг баримт бичгийг Монголбанкинд хүлээлгэн өгч буйгаа сайд Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Баримт бичгийг хүлээн авсны дараа Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монголбанкнаас сүүлийн жилүүдэд баримталж буй банкны салбарын шинэчлэлийн бодлого, мөнгөний болон макро зохистой бодлогуудын үр дүн, эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдлын талаар товч мэдээлэл өгөв. Мөн улсын хэмжээнд Коронавирусын эрсдэлтэй холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа энэ үед төв банк ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх, ЗГ, УИХ-тай хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио станц бэлэглэлээ

“Сүмбэр коммодитиз” компани нийгмийн хариуцлагын хүрээнд МХЕГ-т 17 ширхэг богино долгионы радио станц бэлэглэлээ. Тус компанийн захирал М.Түвшинсанаа “COVID19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Мэргэжлийн хяналтын байгууллага хамгийн түрүүнд хил дээр нүүр тулж ажилладаг. Зөвхөн энэ удаад ч биш, цааш нь үргэлжлүүлээд ашиглахийг нь тооцож энэ радио станцыг бэлэглэж байна” гэв.

МХЕГ-ын дэд дарга Д.Энхсайхан хилийн боомтууд дээр ажиллаж буй мэргэжлийн хяналтын албад, хэлтэст шаардлагатай байгаа радио станц бэлэглэж байгаад талархаад, тус компанийн хамт олон ажлын амжилт хүслээ.

Categories
мэдээ нийгэм

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, “Бид хамтдаа аян”-г зохион байгуулж ажиллаж байна” хэмээн онцолж хэллээ.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулан өглөө.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахын төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа албан хаагчдыг маань ойлгож, бас дэмжиж байгаад талархал илэрхийлээд “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олонд цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, хилээр нэвтрэх зорчигчдын хөдөлгөөнийг хорих, гол нэр төрлийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах талаар барьж буй бодлого, Улсын онцгой комиссын 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 02 дугаартай хурлын тэмдэглэлийн 4.1-т “Хүнсний барааны хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх талаар холбогдох арга хэмжээг авч, хяналт тавьж ажиллахыг” ХХААХҮЯ-нд үүрэг болгосон. Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлөх юм.

Монгол Улс 2019 онд 339.4 мянган га талбайд улаан буудай тариалсан. Гэвч оны 5 дугаар сард хүйтэн сэрүүн, хүчтэй салхи шуургатай байж хаврын тариалалтын явц болон чийгийн хадгалалт, таримлын соёололтод сөргөөр нөлөөлсөн, 6 дугаар сард хуурай, халуун олон хоног үргэлжилсэн нарны хэт халалт явагдаж буудайн өсөлт хөгжилт, бутлалтыг бууруулсан зэрэг байгаль цаг уурын давагдашгүй нөхцөл үүссэн шалтгааны улмаас улсын хэмжээнд нийт 26.9 мянган га талбайн ургацыг хураах боломжгүй болсон.

Монгол Улсын хүн амын жилийн хэрэгцээт гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд нийт 302.0 мянган тонн улаан буудай шаардлагатай бөгөөд 2019 онд улсын хэмжээгээр 407.6 мянган тн буудай хураан авч, гурил үйлдвэрлэлд 247.4 мянган тонн буудай нийлүүлсэн байна. Харин дотоодын спиртийн үйлдвэрлэлд 10.0 мянган тонн, малын тэжээлийн үйлдвэрлэлд 35.0 мянган тонн, үрийн нөөцөд 42.0 мянган тонн улаан буудай нийлүүлсэн дүнтэй байгаа бөгөөд хүн амын 2020 оны хэрэгцээт гурилыг дотоодоо үйлдвэрлэх, тодорхой нөөц бүрдүүлэх, илүү гурилыг экспортлох зэргээс шалтгаалан 60.0 мянган тн улаан буудай дутагдах тооцоо гараад байна.

Улсын хэмжээнд 2020 оны хаврын тариалалтад нийт 63.0 мянган тонн үр шаардлагатай. Гэвч одоогоор салбарын аж ахуйн нэгж, иргэд 42.0 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих сан болон Онцгой байдлын ерөнхий газарт 6.0 мянган тонн, нийт 48.0 мянган тонн үрийн буудайн нөөц бүрдсэн байгаа тул хаврын тариалалтад 15.0 мянган тонн сайн чанарын үрийн улаан буудай дутагдаж байна.

Иймд дээр дурдсан нөхцөл шалтгааныг харгалзан үзэж Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 03 дугаар зөвлөмжөөр 2020 онд 15.0 мянган тонн улаан буудайн үр, 60.0 мянган тонн хүнсний улаан буудайг импортлохыг зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэвч коронавирустай холбогдон гадаад болон дотоод нөхцөл байдалтай уялдуулан, стратегийн хүнсний нөөц бүрдүүлэх зорилгоор 100.0 мянган тонн хүнсний улаанбуудайг нэмж импортлохыг Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар шийдвэрлээд байна.

Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусын тархалт нийгмийн эрүүл мэндийн байдалд нөлөөлөх түвшинд хүрснийг, вирусын тархалтын цар хүрээ нэмэгдэж байгааг, цаг хугацааны нөлөөлөл ямар байхыг урьдчилан төсөөлөх боломжгүй байна. Иймд байгаль, цаг уурын онцлогоос хамааран дотоодын үйлдвэрлэл хязгаарлагдмал, импортын хэт хамааралтай хүнсний гол нэрийн зарим бүтээгдэхүүний импортыг түр хугацаанд дэмжих цаг үеийн шаардлага тулгарч байна.

Онцгой горимд шилжсэнтэй холбогдуулан иргэдийн хүнсний бараа бүтээгдэхүүний худалдан авалтыг эрс нэмэгдүүлж, их хэмжээгээр нөөцлөх болсон нь зах, худалдааны төв, дэлгүүрүүдэд нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй байна.

Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилгоор хүнсний улаанбуудай, үрийн улаанбуудай, бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), элсэн чихэр, ургамлын тосыг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас 2020 оны 3 дугаар сарын 01-нээс 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлүүлэх саналыг гаргасныг Засгийн газрын өнөөдрийн \2020.03.04\ хуралдаанаар ийнхүү шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

Алтанбулаг, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн сэжигтэй 34 зорчигчийг тусгаарлалаа

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтод НМХГ-ын эрүүл ахуй халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчид томилолтоор ажиллаж байна.

Тэд Сэлэнгэ аймаг дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагчидтай хамтран 2020.03.02-ны 08:00 цагаас 2020.03.04-ний 08:00 цаг хүртэл ОХУ-аас орж буй 153 автомашины 367 зорчигч, Эрхүү-УБ чиглэлийн хоёр цуваа 12 вагоны 81 зорчигчийн эрүүл мэндийн байдалд хяналт хийж “COVID-19” голомттой бүс нутгаар зорчсон сэжигтэй 34 зорчигчийг ажиглалтад тусгаарлаж, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглээрэй.

БОХИРДОЛ ИХТЭЙ ЗҮЙЛС:

• Хаалганы бариул
• Шат, урсдаг шатны бариул
• Автобусны бариул
• Лифтний товчлуур
• Зурагтын удирдлага
• Компьютерийн гар, хулгана
• Гар утас
• Мөнгөн дэвсгэрт
• Дэлгүүрийн сагс, тэрэг
• Суултуур

ГАРАА ХЭЗЭЭ УГААХ ВЭ?

• Гаднаас орж ирээд
• Хоол хийхийн өмнө
• Хоол идэхийн өмнө
• Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
• Хүүхдээ хуурайлсны дараа
• Бие зассаны дараа
• Амьтанд хүрсний дараа
• Нусаа нийсний дараа
• Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
• Бохирдох бүрт

ГАРАА ХЭРХЭН УГААХ ВЭ?

• Гараа усаар норгож, савандах
• Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
• Усаар сайтар зайлах
• Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
• Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх

Categories
мэдээ нийгэм

Австрали улсад оршин суугаа Монгол иргэдийн анхааралд

Австрали Улсын Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээгээр Австрали дахь коронавирусаар халдварласан хүний тоо 2020 оны 2 дугаар сарын 27-ноос хойш эрс нэмэгдэж, 3 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар тус улсад уг вирусээр өвчилсөн 33 тохиолдол бүртгэгдсэн.

Бусад хэвлэлээр 40 хүрсэн мэдээ байна. Ялангуяа, Шинэ Өмнөд Уэльс мужид халдварын тархац нэмэгдэж, гадаад улсад зорчоогүй хүнд халдварласан тохиолдол гарчээ.

Иймд Австрали Улсад сурч, ажиллан амьдарч буй монгол иргэд COVID-19-ийн халдвараас сэргийлэх талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан дараах зөвлөмжид анхаарал хандуулж, дор дороо сэрэмжтэй байхыг хүсье. Үүнд:

  1. Гараа тогтмол сайтар савандаж угаах, ариутгах;
  2. Амны хаалт зүүх;
  3. Ханиах, найтаах үедээ ам хамраа таглах, амны алчуур хэрэглэх;
  4. Амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн хүнтэй ойр байхаас зайлсхийх;
  5. Халдварын эрсдэлтэй бүс нутагт аль болох зорчихгүй байх зэрэг болно.

Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарлаа хандуулж, дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Монгол Улсаас Австралид суугаа Элчин сайдын яам

Categories
мэдээ нийгэм

Барилга, Хот байгуулалтын салбарын ажилтнууд нэг өдрийн цалингаа Улсын онцгой комисст хандивлалаа

Шинэ төрлийн коронавирус буюу Сovid-19 халдварт өвчинтэй тэмцэж байгаа мэргэжлийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, тэдэнд урам зориг өгөх зорилгоор Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан салбарынхандаа хандаж Улсын онцгой комисст нэг өдрийн цалингаа хандивлах уриалга гаргасан юм.

Энэхүү уриалгын дагуу:

-Барилга, хот байгуулалтын яам,

-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар,

-Барилгын хөгжлийн төв ТӨААТҮГ,

-Төрийн орон сууцны корпораци ТӨХХК,

-Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл,

-Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн төсөл L3388-MON төсөл,

– Дархан хотын бохир усны менежментийн МОН-3244/3245 төсөл

-Ногоон нуур 1008 айлын орон сууц төсөл,

-Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл,

-Монголын барилгын үндэсний ассоциаци,

-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо,

-Монголын барилгачдын нэгдсэн холбоо,

-Монголын архитекторуудын эвлэл зэрэг 13 байгууллагын ажилтнуудын нэг өдрийн цалин болох 22,4 сая төгрөгийг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комиссын дарга Ө.Энхтүвшинд Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Баярсайхан, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар гардуулан өглөө.

Мөн энэ үеэр шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай арга хэмжээг авч цаг наргүй ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагуудад талархал илэрхийлэхийн сацуу барилгын салбарт үйл ажиллагаа явуулдаг 80 гаруй мянган ажиллагсадтай найман мянга орчим аж ахуйн нэгж, байгууллага уриалгыг дэмжиж энэхүү аянд нэгдэхээр болсныг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн онцоллоо.