Categories
мэдээ нийгэм

Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймаг “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна

“COVID-19” халдвар орж ирсэн үед тархах эрсдлийг тооцон үнэлэх аргачлалыг 21 аймагт хийв.

Тодруулбал, Монгол Улсын Шадар сайдын тушаалаар баталсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг аймгуудын Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн газар, Санхүү төрийн сан, Тагнуулын газар, ХХААГ, Зооноз судлалын төв, Авто тээврийн төв, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, болон Боловсрол, соёл, урлагийн газрын хамтарсан “Ажлын хэсэг”-ийн бүрэлдэхүүн хийв.

Үнэлгээгээр Өмнөговь, Дорноговь, Баян-Өлгий аймгууд “Маш өндөр”, бусад аймаг “Өндөр” эрсдэлтэй тодорхойлогдсон байна.

Аймаг бүр үнэлгээний дүн, хэрэгжүүлэх шаардлагатай үйл ажиллагааны талаарх зөвлөмжийг аймгийн Онцгой комисст уламжлан шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д суралцдаг, визний хугацаа нь дууссан оюутнуудын анхааралд

БНСУ-Д ОРШИН СУУГАА ИРГЭДИЙН ВИЗ СУНГАЛТЫН НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ:

1.Визтэй холбоотойгоор иргэдэд учирч байгаа хүндрэлийг багасгах зорилгоор аялал жуулчлал, транзит визээр түр ирээд буй манай иргэдийн визийн хугацааг сунгах асуудлаар Сөүл дэх ЭСЯ-наас БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газар /Иммигрэйшн/-д тодорхой хүсэлтүүдийг тавьсан. Иммигрэйшн-тэй тохирсны дагуу 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 11-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой болсныг мэдэгдье.

Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:

•Гадаад паспорт

•Анкетыг дараах холбоосоос татах

https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt

• Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,

• 2/26-3/11-ний хооронд явах нисэх онгоцны тийз,

• БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/ авна.

https://www.hikorea.go.kr/pt/ResvNonRegIdntCM_en.pt

Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:

• БНСУ-ын ХЗЯ-ны Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудсаны дараах холбоосоор цахимаар сунгалт хийлгэх боломжтой.

https://www.hikorea.go.kr/pt/CvlapplInfoDetailR_en.pt…

/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/

Иргэд цаашид ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464-т холбогдоно уу.

Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

2. БНСУ-д суралцдаг (бакалавр, магистр, доктор зэрэг хамгаалах) боловч Монголд түр очоод нислэггүй болсонтой холбоотойгоор БНСУ-д эргэж ирж чадахгүй, энэ хооронд оршин суух хугацаа дууссан ОЮУТАН өөрийн суралцаж буй сургуультай холбоо барьж оршин суух хугацаагаа сунгуулах хүсэлтээ тавина. Таны сургуулийн зүгээс хүсэлтийг БНСУ-ын Хууль зүйн яамд дамжуулж оюутны оршин суух хугацааг сунгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны цахим хуудас “http://overseas.mofa.go.kr/mn-mn/index.do”-аас мэдээлэл авна уу.

Categories
мэдээ нийгэм

Дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардлыг 3000 төгрөг болгов

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсан. Засгийн газрын хуралдаанаар уг зардлыг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.

Categories
мэдээ спорт

Боксчид олимпийн эрхийн төлөө өрсөлдөж байна

Ази-Далайн орнуудын боксчид Иорданы Амман хотноо чуулж, “Токио-2020” олимпийн эрхийн төлөө өрсөлдөж эхэллээ. 35 орны 221 боксчин хүч сорьж буй энэ тэмцээнээс олимпийн 63 эрхийг хуваарилах юм. Үүнээс эрэгтэйчүүдийн найман жинд 41, эмэгтэйчүүдийн таван жинд 22 эрх хуваана.

Манай улсаас бүх жинд боксчид Амманд тулалдаж байгаа бөгөөд өчигдөр эрэгтэйчүүдийн 52 кг-д Х.Энхмандах (зураг дээр) Тажикистаны Ш.Сабзалиевийг эхний үед техникийн нокаутаар, 69 кг-д Б.Мишээлт Катарын Т.Тарумалингамыг 5:0 илт давуугаар, эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Болортуул Папуа-Шинэ Гвинейн Ф.Логаг гуравдугаар үед хүнд цохилтоор тус тус яллаа. Өнөөдөр манай боксчдоос 63 кг-д Б.Чинзориг Папуа-Шинэ Гвинейн Ж.Уметэй, 75 кг-д О.Бямба-Эрдэнэ Сирийн А.Гоусоонтой, 81 кг-д Н.Шинэбаяр Вьетнамын Нгуен Ман Куонтой тус тус тулалдах болно.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ хавар коронавирусийн “буян”-аар коммунизмд яаж амьдарч байснаа үзчихдэг нь муу ч юм биш шүү

Коронавирусийн халдвараас сэргийлж Улсын онцгой комиссын шийдвэрээр хөл хорио тогтоож, улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжчихээд байна. Өндөржүүлсэн бэлэн байдалд та бидний өнгөрүүлж буй энэ хэдхэн хоног хуучин коммунист дэглэмийн үед монголчуудыг яаж амьдарч байсныг тэр чигээр нь яг л харууллаа. Өөрөөр хэлбэл, коммунист дэглэмд амьдарч байсан шиг амьдралаар сая хэд хоног амьдарцгаав. Өмнөх дэглэмд амьдарч үзээгүй залуу үеийнхэн тухайн үеийн нийгмийг их л сайхан юм байсан байна билээ гэж андуурцгааж “Социализм, коммунизм хамгийн шударга, хамгийн сайхан нийгэм байжээ” хэмээн ярих нь сүүлийн үед ихэссэн. Ардчилсан хувьсгал хийсэн хүмүүс, намыг та нарын хийсэн бүтээсэн хаана байна гэж олноороо баалдаг болсон.

Тэгвэл тэдгээр залууст коммунизмд яаж амьдарч байсныг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, хөл хориотой байсан эдгээр өдрүүд бодитоор нь мэдрүүлчихэв. Тийм нийгэмд амьдрах сайн уу, муу юу гэдгийг та нар эргэцүүлж нэг бодоорой. Түүнээс биш коронавирусийн халдвараас сэргийлж хөл хорио тогтоосныг сайн, муу гэж хэлсэнгүй, шүүмжлэх ч гэсэнгүй. Авдаг арга хэмжээгээ л авч, ном дүрмийнх нь дагуу мэргэжлийн байгууллагууд шуурхай ажиллаж байгаа.

Коммунист нийгмийн үед яг саяхных шиг хэн дуртай нь хөдөө гадаа явдаггүй байлаа. “Зам явах” гэдэг бичиг олох гэж суманд бол сумын нарийн бичиг, хороо хоринд бол хорооны даргын үүд сахина. Өнөөх цаасаа олчихоод орон нутгаасаа түр гарчихаад ирэхийн тулд цагдаагаас хүртэл зөвшөөрөл авч байж оршин суугаа газраасаа явах эрхтэй болдог байлаа.

Коммунист нийгмийн үед Цагаан сарын баярыг тэмдэглэдэггүй байлаа. Малчны цагаан сар, хуучны элэрсэн баларсан ёс уламжлалын үлдэгдэл гэх зэргээр ад шоо үзэж, Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийг аль болохоор л энэ баярыг нь тэмдэглүүлэхгүй байх тал дээр үзэл сурталдана. Тэр өдөр нь олон хүнийг хамарсан ямар нэгэн арга хэмжээ олоод зохиочихож дөнгөнө. Цагийг нь бүртгэнэ, эргүүлүүд гудамж, орцоор явна, бууз жигнэж байгаа айлд үнэртээд орж ирээд баална, ямар ч хэрэггүй уйтгартай, сунжирсан хурал семинар, лекц тавина, нийтээр нь суулгаж байгаад сонин уншлага хийх зэргээр сатааруулж, Цагаан сар тэмдэглэхгүй байх бүхий л арга саамыг олчихдог байсан сан. Сая хэд хоногт бид Цагаан сараа хийгээгүй. Яг л коммунист өнгө харагдсан шүү. Тэр үед Эрээн рүү хэн дуртай нь шогшиж мөнгөө үрнэ гэсэн ойлголт огтоосоо байсангүй. Яагаад вэ гэвэл гадаад руу явна гэдэг хориотой. Зөвхөн дээд түвшний дарга нар, цөөн хэдэн тамирчид л тэмцээнд оролцох зорилгоор хилийн дээс алхдаг байлаа. Харин бусад иргэдийн хувьд хэзээ ч гадаад явах эрхгүй учир гадаад явах талаар мөрөөддөггүй байж. Тэрэн шиг гадаад явах эрх нь, мөнгө нь байвч энэ удаад хэн ч Эрээн зүглэсэнгүй.

Коммунист дэглэмийн үед хэн дуртай нь машин унадаггүй байлаа. Сая та нар унах машинтай ч түүнийгээ унаад явах газар байхгүй байсныг биеэр мэдэрсэн шүү дээ. Машин чинь гэр, байшингийнхаа гадаа хучаастай, гараашиндаа байвч хөдөлгөөгүй. Одооных шиг хэн дуртай нь машинаа асаагаад л тааралдсан уулын ам руу гараад чаргаар гулгачихдаггүй байлаа, тэр үед. Ганц унаа явдаг Хандгайтад автобусаар алалдан очиж гулгадагсан. Арай ойр нь Богины ам байсан юм уу, өөр газар яагаад очидоггүй байсан юм бол гэж одоо хүмүүс гайхаад байдаг юм билээ. Унаад явах машин байхгүй юм чинь юу гэж одооных шиг ар болгонд, уул болгонд очиж чадах билээ дээ.

Коммунизмын үед автобус ховор. Автобусны буудал дээр хүмүүс бээрч, аз болж автобус ирвэл тэрэндээ багтах гэж яаж “алалцдаг” байсныг сая харлаа, бид. Тэр үеийн хошин шог өгүүлэл найраглалд автобус хэрхэн ирэхгүй байгаа талаар, бас яаж шахалдан зорчиж байгаа талаар их нийтлэж нэвтрүүлдэгсэн. Саяны хэд хоног автобус байхгүй явгарахын зовлонг мөнч их үзлээ.

Тэр үед хэн дуртай нь найр наадам хийж, наргиж цэнгэж чаддаггүй байлаа. Одооных шиг хэн дуртай нь морь уралдуулаад, ургийн баяр хийж ахан дүүс, хамаатан саднаараа цуглаад байж чаддаггүй байсан юм. Хөл хорионы хэд хоногт найр, наадам хийхийг хориглосныг бүгд харцгаалаа.

Коммунизмын үед бүх сүм, хийд хаалттай, хажуугаар нь явахад ч энд тэндээс тандаж хараад явуулдаггүй байлаа. Сая бүх сүм, хийдийг хаалаа, сүсэгтнүүдийг тийш зүглээд хэрэггүй гэлээ. Тэглээ гээд хохирсон хүн амьтан дуулдсангүй. Харин шашин шүтэн эс шүтэх гэж ямар эрх байдагыг та бүхэн мэдэрч байгаа биз ээ.

Коммунизмын үед байнгын айдас хүйдэстэй амьдардаг байсан, саяны хэд хоног шиг. “Америк, капиталистууд цөмийн бөмбөгөөр довтлох гэж байна”, “Нейтроны бөмбөг хаях гэж байна”, “Тэр бөмбөг нь байшин барилгыг эвддэггүй хэрнээ хүнийг хордуулаад алчихдаг юм гэнэ”, “Өнөө маргаашгүй довтлох нь”, “Америк довтлох гэж байна”, “Хятад дайрах нь” гэсэн байнгын айдас, түгшүүр дор амьдардаг байсан. Яг тийм айдаст монголчууд сая хэд хоног автав. “Өнөө вирус нь ороод ирсэн юм шиг байна. Өнөөдөр дэгдэх нь дээ, маргааш ч дэгдэж магадгүй” гэцгээж аав ээж, ам бүлээсээ айхавтар өвчин холуур өнгөрөг гэж залбирч, айдсаа дарах гэж хичээв. Коммунизмд байсан яг тэр айдас сая хэд хоног манай нийгэмд байлаа.

Коммунист нийгэмд архи, баар, тоглоом наадгай гэдэг юм саяны хэд хоног шиг хориотой байдаг байлаа. Хэн дуртай нь бааранд архи ууж, хэн дуртай нь цахим тоглоом тоглож суух нь яг энэ хөл хорионы үеийнх шиг хориотой байсан юм. Коммунизмын үед хэдхэн сонин, телевизтэй, “Баярын мишээл” гэх зэрэг албан ёсны ганц хоёрхон нэвтрүүлэгтэй л байлаа. Харин саяны хэд хоногт нийгмийн сүлжээ гэдэг гэгээтэй ганц юм л илүү байлаа, коммунизмаас. Хэрвээ нийгмийн сүлжээг хаачихсан байсан бол яг дүрээр коммунизм болох байлаа даа.

Хэрвээ онц байдлын энэ дэглэм цаашид үргэлжилбэл зах зээлийн хуулиа дагаад хүнс ховордоно. Коммунизмын үед монголчууд маханд оочерлодог байлаа. Долоо хоногт нэг удаа мах иддэг байлаа, сүү олддоггүй байлаа. Сүү, маханд бас л “алалцдаг” байсан сан. Хамгийн хүндтэй хүн нь махны дэлгүүрийн худалдагч байсан гээд бод л доо. Хэрвээ нөхцөл байдал энэ байдлаас улам дордож хүндэрвэл яг л ийм дүр зураг биднийг хүлээж байгаа.

Тэгэхээр залуу үеийнхний магтаад байдаг коммунизм, коммунист нийгэм хүсээд байх нийгэм биш байгаа биз дээ. Ийм л нийгмээс ангижруулсан шүү дээ, Ардчилсан хувьсгал маань. Түүнээс өмнө монголчууд яг саяны хэд хоногт өндөржүүлсэн бэлэн байдалд амьдарсан шиг нийгэмд олон арван жил амьдарч байсан юм. 60-аас дээш насныхан бүгд мэдэж байгаа. Тэд “Саяны хэд хоног яг л хуучин цагийг санагдууллаа” гэж ч ярьцгааж байна. Коронавирусийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, дэглэмийг муулж байгаа юм биш шүү гэдгийг дахин сануулъя.

Хуучин нийгэм чинь яг ийм л нийгэм байсан юм шүү дээ. Тэгээд ямар санагдав. Сайхан байж уу, муухай байж уу. Та нар бодоод үз дээ.

Хөл хорионы үеэр коммунист дэглэмээр нэг удаа ч болов амьдраад үзэх нь бас ч тийм муу юм биш байлаа. Дарангуйлал, диктатуртай нийгэм ямар байдгийг зах зухаас нь харуулаад л өглөө. Ямар олон эрх чөлөө эдэлдэг юм бэ гэдгийг ардчилсан нийгмийн хүмүүс ердөө анзаардаггүй нь сая та бүхэнд мэдрэгдсэн байх гэж бодож байна. Хүмүүс агаар амьсгалдгаа огт анзаардаггүй шиг л ардчилал гэдэг эрхэм үг, хамгийн хайрлан хямгадаж байгууштай зүйл гэдгийг та бүхэн анзаарсан байх аа.

Categories
мэдээ нийгэм

Гуравдугаар сарын 5-нд болох үйл явдлууд

10.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд НОБГ, НМХГ, НЭМГ, Агаарын бохирдолтой тэмцэх газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ.

12.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Зүрхний шигдээсийн нэгж болон шинээр тохижуулсан Зүрхний эмгэг судлалын тасгийн нээлт болно.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11.30 цагт Эрдэнэт хотын иргэд “Зэс эрдэнийн хувь” ХХК-ний хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ.

12.00 цагт Иргэний нийгмийн хөдөлгөөнүүд “Сахигтун” үндэсний хөдөлгөөн байгуулах талаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

С.Хүрэлбаатар: Бариа заслаар дархлаагаа сайжруулах боломжтой

“Сэтгэшгүй” эмнэлгийн ерөнхий эмч С.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Коронавирусийн халдвар дэлхий нийтийг түгшээж байна. манай улсын хувьд онцгой бүс нутаг учир өндөржүүлсэн бэлэн байдалд шилжчихээд байна?

-Сүүлийн үед вируст өвчин их дэлгэрч байна. Вирус гэдэг бол маш жижигхэн амьтан. Үүний бүтцийг судалж болно. Харин устгах эмийг хүн төрөлхтөн хийж чадаагүй байна. Монголд коронавирус ороод ирлээ гэхэд эмчлэх эмчилгээ, жор байхгүй. Тэгэхээр бид харийн хамааралтай болчихож байна. Өнөөдөр дэлхийд коронавирусээс болж олон хүн амиа алдаж байна. Ихэвчлэн суурь өвчтэй хүмүүс нас барсан. Суурь өвчин гэдэг нь архаг хатгаа болон бронхиттэй, зүрхний шимийн үрэвсэлтэй, тэр нь эдгэхгүй байгааг хэлнэ. Ийм үед эм уухад дархлаа түр зуур л өсдөг. Энэ тохиолдолд яаж өөрсдийгөө өвчнөөс сэргийлэх вэ гэдэг асуудал байна. Өвчнийг ялах ганцхан нөхцөл байна. Энэ ердөө биеийн эсэргүүцлийг сайжруулах. Нэг үгээр цогц системээр эрүүл байвал ямар ч өвчин тусахгүй.

-Энэ үед хувь хүн эрүүл мэнддээ хэрхэн анхаарвал зүйтэй вэ. дархлаагаа сайн байлгах ёстой гэцгээх юм?

-Бүх төрлийн өвчинд дархлааг тэсвэртэй байлгах ганц аргачлал нь бариа засал, ховс эмчилгээ хийлгэх юм. Дархлааг сайжруулахын тулд бариа засал, ховс эмчилгээ хийнэ. Үүний дараагаар тухайн хүний тархинд код хийж өгөх ёстой. Энэ нь код нь “Чи эрүүл, дархлаа чинь сайн” гэдгийг тархинд сануулж өгдөг. Хүний биед өдөр болгон хавдрын эс үүсдэг. Энэ хавдрын эсийг иддэг эсүүд бий. Тэр нь дархлааны эсүүд. Хүний бие организм өөрөө маш том лаборатори. 1980-аад оны үед ховс эмчилгээнд туршилт хийхэд, хавдрын эсрэг хүний биед байдаггүй шинэ нэгдлүүд бий болж хуримтлагдаж байсан. Үүн дээр тулгуурлаж бид эмчилгээ хийж байна.

-Танай эмнэлэгт голдуу ямар өвчин зовиуртай хүмүүс ханддаг вэ?

-Манайд ирж эмчилгээ хийлгэж байгаа хүмүүс ихэнхдээ нурууны мурийлттай, мушгирсан, захын мэдрэл дарагдсан байдаг. Захын мэдрэл хоёр янзаар дарагдана. Эхнийх нь гар, хөлөө хөдөлгөж өвчин мэдэрч байгааг соматик мэдрэл. Нөгөөх нь далд мэдрэл буюу вегататив мэдрэл. Вегататив мэдрэлийг симпатик мэдрэл, парасимпатик мэдрэл гэж хоёр ангилдаг. Үүнийг зүрхэн дээр тайлбарлая л даа. Нуруунаас гарч байгаа симпатик мэдрэл дарагдвал зүрхний цохилт хурдан болж эхэлнэ. Төв мэдрэлийн системээс гарсан тэнэмэл мэдрэл буюу парасимпатик мэдрэл дарагдвал зүрх удаан цохилдог. Ичсэн хүний нүүр нь минчийж хүрэнтээд нүд рүү нь цус хураад ирдэг. Энэ нь парасимпатик мэдрэл давамгайлаад байгаа шинж. Тэгэхээр энэ судаснууд дарагдах үед бие организм хоол тэжээлээ авч чадахаа болиод аажмаар дутагдалд ордог. Ийм байхад мянга энергийн зүүлт, эм хэрэглээд түр зуур зүгээр болж болох ч цаанаа урхаг нь үлддэг.

-Таны нэг ном хэвлэгдсэн гэж дууллаа?

-Миний “Hypnose in der Mongolei” гэж ном герман хэл дээр гарсан. Урьдны бичсэн бүтээлүүдийг судалсан юмнууд их бий. Миний хувьд бариа засал болон ховс эмчилгээгээр бүх төрлийн өвчнийг анагааж болно гэдгийг нотолж бичсэн. Элэгний В, C вирустэй хүмүүс ирж эмчлүүлээд Солонгост очиж шинжилгээ өгөхөд вирус илрээгүй. Элэгний В, C вирусийг Америкийн нэгдсэн улсын эмээр эдгээсэн. Гэтэл эдгэсэн хүний судсыг бариад үзтэл өвчний уурхай эмчлэгдээгүй байна. Үүнийг Монгол, Хятад, Америк, Оросын анагаах ухаан ярихгүй байна.

-Хатгаатай үед бариа засал хэр үр дүнтэй вэ?

-Хөнгөн хэлбэрийн өвчинд эм уугаад, бариулаад зүгээр болчихно. Уушгины архаг хатгаатай үед туссан өвчин эдгэрдэггүй. Хэрэв эрүүл мэндээ боддог бол өвчнөө хүндрэхээс нь өмнө бүрэн эмчлүүлэх шаардлагатай.

Монголын сайн эмнэлгүүд рентгенийхээ оношийг тавьж чаддаггүй. Нурууны яс мушгирдаг, мурийдаг, гулсдаг, яс ургадаг, диск нь бүлтэрдэг гэх маш олон онош бий.

-Коронавирусээс сэргийлэх уламжлалт арга бий юү?

-Коронавирусээс монголчууд битгий айгаасай. Энэ вируст өртсөн ч эдгэсэн хүн олон байна. Монголын уламжлалт эмнэлгийн жорд үүнийг эмчлэх жор байх нь зүйтэй. Хамба лам Д.Чойжамц гуай энэ өвчнийг дарах үрэл түгээнэ гэж байсан. Энэ ч байх бололцоотой зүйл.

-Танай эмнэлэг коронавирусээс сэргийлж эмчлүүлэгчдэдээ ямар эмчилгээ хийж байна вэ?

-Манай эмнэлэгт орж ирэхэд хомоол үнэртэж байгаа биз. Аргал, хомоолыг вирус устгадаг гээд япончууд судлаад тогтоочихсон. Эрүүл мэндийн яамнаас хүсэх хүсэлт байна. Вирус судлалын хүмүүсийг явуулж коронавирусийн эсрэг хийж байгаа эм, эмчилгээг мэдээд ирэх хэрэгтэй байна. Энэ вирусийн эсрэг эм, вакцин гартал удна.

Тиймээс энэ үед хүмүүст хандаж зөвлөхөд, нуруугаа бариулж, ховс эмчилгээнд орвол сайн үр дүнтэй шүү. Зүрхнээс гарсан цус тархинд очдог. Судсаар дамжиж хүзүүнд дарагдсан бол тархи толгой өвдөж эхэлдэг. Тэгэхээд энэ үед мэдрэлийн эмч нар энэ зөвхөн толгойны өвчин байна гээд эм бичиж өгөх нь элбэг. Тэр судсыг тавих бариа засал хийлгээд дараа нь эмийн эмчилгээнд орвол илүү үр дүнтэй. Хөнгөн хэлбэрийн ховс эмчилгээнд ороод эхлэхээр хүний бие организмын цонх нээгдэж эхэлдэг. Жишээлбэл, зүрх, уушги, судасны төв нээгддэг. Бүх организмыг тархи удирддаг. Тийм учраас чиний дархлаа сайн, бие эрхтэн эрүүл гэдэг үгийг тархинд шивнэж кодолдог юм. Ер нь эмийн дээд нь ширгээсэн ус, эмчилгээний дээд нь бариа засал гэж би боддог. Зүрх, ходоод, эмэгтэйчүүдийнх эмч гээд тусад нь хөгжүүлж байгаа боловч нэгтгэн зангидсан ерөнхий эмчийг олон бэлдээсэй гэж хүсч байдаг. Мөн үүний хажуугаар энэ жилийн эмнэлгийн даатгалын сонгон шалгаруулалтыг эрт хийвэл зүгээр байна. Тэгж байж ард түмэнд илүү их туслалцааг хүргэнэ.

С.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Цар тахал болон Коронавирусийн тухай

Шинэ төрлийн титэмт вирус болох коронавирусийн тархалт дэлхий нийтийг хамарч, гамшгийн хэмжээнд хүрээд байгаа энэ үед вирусийн тархалт гэж юу болох, хэрхэн явагддаг тухай бэлтгэн уншигчдадаа хүргэж байна. Халдварт өвчин гэдэг арьс өнгө, нийгмийн гарал угсаа, шашин шүтлэг, улс төрийн оролцоо, иргэншил хамаарахгүй халдварлаж чаддаг хамгийн аюултай өвчин. Хяналтнаас нэг гарвал хичнээн аймшигтай үр дагавар авчирдгийг бид бэлхнээ харж, сонсож мэдэрч суугаа. Ялангуяа амьсгалын замын өвчнүүд дээд зэргийн урьдчилан сэргийлэлт, чанга хатуу хорио цээрийн тусламжтай буурч, устдаг.

ЦАР ТАХАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Pandemic буюу цар тахал нь грек хэлний pan-all-бүх, demos-people-хүн гэсэн үгсийн нийлбэр бөгөөд тив, улс дамнасан өргөн хэмжээний нутаг дэвсгэрийг хамрах халдварт өвчнийг ерөнхийд нь нэрлэх олон улсын нэршил юм. Epidemic нь харин богино хугацааны туршид тархаад өнгөрдөг, нэг улс эсвэл муж гэхчлэн жижиг нутаг дэвсгэр хамардаг халдварт өвчин. Жишээлбэл, манайхаар бол тарваган тахал өвчин нь pan­demic биш epidemic гэсэн үг. Менингококк болон улирлын чанартай томуу, томуу төст өвчнүүд үүнд хамаарна. Харин цар тахлын хувьд бол маш өргөн хүрээний, ихэвчлэн үхлийн аюултай, тархалт хурдантай өвчнүүд байна. Салхин цэцэг, сүрьеэ зэрэг тахлын голомтот өвчин хэдэн арваар тоологдоно.

ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ХӨНӨӨЛТЭЙ ЦАР ТАХЛУУД (ОН ЦАГИЙН ДАРААЛЛААР)

1. Антонины тахал. МЭӨ 165 он

Галены тахал гэгддэг Антонины тахал нь Бага Ази, Египет, Грек, Италид тархсан маш эртний тахал бөгөөд юунаас болж үүссэн нь одоог болтол тогтоогдоогүй. Энэхүү үл мэдэгдэх өвчнийг Месопотамаас эргэж ирсэн цэргүүд Ромд авчирсан гэж үздэг. Тухайн үед таван сая гаруй хүний аминд хүрч байжээ.

2. Юстинийн тахал. 541-542 он

Византийн эзэнт гүрэн ба Газар дундын тэнгисийн далайн боомт хотуудад өрнөж байсан дайны үед 25 сая хүн амиа алдаж байсан булчирхайн тахал. Бубоны тахлын анхны тохиолдол гэгддэг энэхүү өвчин нь Газар дундын тэнгисийн зүүнтээ төвлөрөх хүн амын дөрөвний нэгийг нь хөнөөсөн. Ид дэгдэлтийнхээ үед өдөрт 5000 хүн үхдэг байсан уг тахал Константинополь хотын хүн амын 40%-ийг сүйрүүлжээ.

3. Хар тахал. 1346-1353 он

Европын хүн амын 30-60% буюу 75-200 сая хүний амь насыг авч одсон цар тахал. Хар тахлыг Зүүн Азиас гаралтай, торгоны замаар дамжин Евразид түгсэн гэж үздэг ч тухайн үед худалдааны хөлөг онгоцон дээр хэдэн саяараа үүрлэн амьдардаг байсан харх, түүний бүүрэгнээс үүсэлтэй гэх магадлал хамгийн өндөрт тооцогддог. Тиймдээ ч худалдааны боомт хотууд төвлөрсөн гурван тивийг дамнан сүйтгэсэн байна.

4. Гуравдагч холер. 1852-1860

Долоон төрлийн холер өвчин байдгийн хамгийн их хөнөөл учруулсан нь Энэтхэгээс гаралтай уг тахал юм. Ази, Европ, Хойд Америк, Африк тивээр дамжиж сая гаруй хүний амийг авч оджээ. Их Британийн эмч Жон Сноу Лондонгийн буурай хөгжилтэй газар нутагт ажиллаж байхдаа холерын тохиолдлыг бүртгэж, улмаар бохирдсон ус нь өвчний халдвар тархах гол хүчин зүйл болохыг олж тогтоожээ.

5. Томуугийн тахал 1889-1890

Анх “Азийн ханиад” буюу “Оросын ханиад” гэж нэрлэдэг байсан H2N2 томуугийн хүрээний вирусийн дэгдэлт гэж үздэг байсан боловч саяхан нээсэн нээлтүүд нь томуугийн А хэлбэрийн H3N8 хүрээнийх байсныг баталжээ. Таван сая хүний амь эрсэдсэн.

6. Зургаадагч холер. 1910-1911

Зургаа дахь холернь бусад таван тохиолдлын адил Энэтхэгээс гаралтай бөгөөд 800,000 хүн амиа алдаж, Ойрхи Дорнод, Хойд Африк, Зүүн Европ, Орос руу тархжээ. Америкийн эрүүл мэндийн байгууллагууд эртнээс урьдчилан сэргийлсний ачаар халдвартай хүмүүсийг тусгаарласнаар ердөө 11 хүн нас барж байсан аж.

7. Испани ханиад. 1918-1920 он

Энэ нь томуугийн цар тахлын өвчин бөгөөд H1N1 хүрээний тахлын анхны тохиолдол. Тухайн үед дэлхийн хүн ам 1,8-1,9 тэрбум байж. Тэгвэл “Испани ханиад”дэлхийн нийт хүн амын 27% буюу 500 орчим сая хүнд халдварлаж 50-100 сая хүнийг үхэл рүү илгээжээ. Эхний 25 долоо хоногт л гэхэд 25 сая хүн нас барж байж.

8. Азийн ханиад. 1956-1958

Азиас гаралтай уг өвчин нь Хятадаас гаралтай H2N2 томуугийн тахлын дэгдэлт байсан бөгөөд 1958 он хүртэл үргэлжилжээ. Хоёр жилийн хугацаанд Азийн ханиад нь Хятадын Гуйжоу мужаас Сингапур, Хонконг, АНУ-д тархсан байна. Азийн ханиадны улмаас нас барсан хүний тоо эх сурвалжаас хамааран өөр өөр байдаг боловч ДЭМБ-ын тооцооллоор хоёр сая хүн нас барсан гэсэн судалгаа байдаг.

9. Томуугийн тахал. 1968 он

Хоёрдугаар ангиллын томуугийн тахал, зарим тохиолдолд “Хонконгийн ханиад” ч гэдэг. H2N2 дэд бүлгийн удамшлын томуугийн H3N2 омгийн улмаас үүссэн. Хонконгт анх гарснаас хойш гурван сарын дотор Филиппин, Энэтхэг, Австрали, Европ, АНУ-ын хэмжээнд тархжээ. Нас баралтын түвшин харьцангуй бага байсан (5%) боловч нэг сая хүний аминд хүрчээ.

10. ХДХВ/ДОХ-ын халдвар. 1976-

1976 онд анх Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад бүртгэгдсэн ХДХВ/ДОХ нь дэлхий даяар тахал болж, 1981 оноос хойш 36 сая хүн амиа алдаад байна. Одоогийн байдлаар 31-35 сая хүн уг өвчний вирусийг тээдгээс 25% нь Африк тивд хамаарна. Бэлгийн замаар болон цусаар дамждаг, бүрэн эмчлэгддэггүй өвчин юм.

Түүнчлэн 2009 онд H1N1 хүрээний томуугийн халдвар болох гахайн ханиад дэгдэж дэлхийн хүн амын 21%-ийг халдварлуулжээ. 150-750 мянган хүн нас барсан тоон баримт бий бөгөөд испани ханиадны нэгэн адил уушги үрэвслүүлдэг аж. Түүхийн баримтаас үзвэл энэ мэтчилэн зуу зуун төрлийн тахал өвчин энд тэндгүй тархаж, дэлхийн хүн амын өсөлтөд мэдэгдэхүйцээр нөлөөлж байжээ.

COVID-19 БУЮУ КОРОНАВИРУС НЬ ЦАР ТАХАЛ МӨН ҮҮ?

Өнгөрсөн оны сүүлээс БНХАУ-ын Хэбэй мужийн Ухань хотоос дэгдсэн коронавирус нь өдгөө 60 гаруй улс орны 90 орчим мянган хүнд халдварлаж, 3000 гаруй хүн уг өвчний улмаас хорвоог орхиод байгаа билээ. Энэ өвчнийг цар тахал гэж үзэх эсэх талаар ДЭМБ одоог хүртэл нэгдсэн ойлголтод хүрээгүй байгаа. Гэсэн ч тэдний зүгээс коронавирусийн дэгдэлтийн зэргийг “өндөр”-өөс “маш өндөр” ангилал руу шилжүүлээд буй. Хамгийн аюултай нь өвчний зовуурь илрээгүй үедээ халдварлуулах боломжтой. Хятад улс тархалтыг зогсоох ажил буюу containment-ийг нэгэнт алдсан харин одоо тархалтыг бууруулах буюу mitigation ажиллагаанд шилжсэн гэдгээ хүлээн зөвшөөрчихсөн.

Ямар тохиолдол цар тахал буюу pandemic болж, ямар тохиолдолд халдварт өвчин буюу epidemic болох вэ гэдэг нь нэлээд субьектив шинжтэй бололтой. Коронавирусийн тухайд одоогийн байдлаар энэ хоёр нэр томьёог хоёуланг нь ашиглаж байгаа бөгөөд аль нь ч байсан үхлийн аюултай, дэгдэлтийн өндөр зэрэгтэй гэдгийг мэржгэжилтнүүд хүлээн зөвшөөрчихлөө. Өнгөрсөн сард ДЭМБ дэлхийн хэмжээнд онц байдал зарласан. ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус “тахал” гэсэн үгийг хэрэглэх эсэх нь вирусийн газарзүйн тархалт, нийгэм дэх нөлөөллийн хэмжээ болон тасралтгүй үнэлгээн дээр үндэслэгдэнэ гэдгийг мэдэгдсэн. Мөн уг өвчин нь тахлын халдвартай юу гэвэл тийм хэмээн онцолжээ.

Ийм хурдацтай тархаж буй аюулт өвчнийг цар тахал гэж зарлахгүй байгааг мэргэжилтнүүд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж буй. Коронавирусийг цар тахал мөн гэж үзэж байгаа эрдэмтэд “Хэрвээ тахал гээд зарлачихвал дэлхий нийтээрээ сандралд орж, үймээн самуун дэгдэхвий гэдгээс болгоомжлоод байх шиг байна” хэмээн байр сууриа илэрхийлж байна. Эдийн засгийн хямралаас авахуулаад олон сөрөг үр дагавар бий болох учраас тэгтэл нь дэвэргэчихгүй шиг болгоомжтойгоор, гэхдээ шаргуу тэмцэж байгаа нь илт байна гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл, мэдээллүүдийг гадны эх сурвалжуудаас уншиж мэдэж болохоор байна. Гүнзгийрүүлж судалъя гэвэл олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн судалгааны бүтээлүүдийг уншиж болох юм. Түүнчлэн зарим эрдэмтэд хэдийгээр дэлхий даяар онц байдал зарлан өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласаар байгаа ч халдварын хүрээг хумьж чадалгүй алдсан тохиолдолд яалт ч үгүй тахлын үе шатанд шилжих болно. Ийм зүйл болоход маш ойрхон ирчихээд байна, тиймээс бодолтой байх хэрэгтэй хэмээн сануулсан байна лээ. Харин энэ талаар ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч Тарик Жасаревич “Цар тахлын нэгдүгээр зэргийг тодорхойлох зургаан үе шат бий. Үүнийг баримтлан ажиллах боломжгүй байна. Учир нь мал, амьтнаас хүнд халдварлаж цар тахлын хэмжээнд хүрсэн кэйс бидэнд алга” хэмээжээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн стандартад зургаан түвшнээр цар тахлын нэгдүгээр шатыг тодорхойлдог бол CoVid-19 халдварын тухайд уламжлалт энэ аргаар биш харин нийгэмд үзүүлж буй нөлөөллөөр нь цар тахал мөн эсэхийг тодорхойлно гэсэн үг болж таарч байна.

ХҮН АМЫН БӨӨГНӨРӨЛ ҮГҮЙ БОЛСНООР ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ ХЯЗГААРЛАХ БОЛОМЖТОЙ

Хүмүүс томоохон хотуудад төвлөрөн суурьшсанаар байгаль экологид асар их хохирол учруулдаг. Агаар, хөрс, орчин бохирдсоноор экологийн тэнцвэр алдагдаж, халдварт өвчин тархах магадлал ихэсдэг. 20 сая хүн амтай метрополитан хотод тахал дэгдлээ гэхэд эрсдэл маш өндөр, авах арга хэмжээний хувьд ч хязгаарлагдмал болох юм. Эсрэгээр энэ 20 сая хүн 500.000 юм уу нэг, нэг саяараа жижиг хотууд үүсгэн суурьшвал халдварт өвчин гарсан тохиолдолд маш хурдан тусгаарлалт хийж урьдчилан сэргийлэх боломжтой. Эдийн засгийн хувьд ч алдагдал бага хүлээнэ. Улсаас тухайн халдвар гарсан бүс нутагт анхаарал хандуулан, чанартай, хурдан шуурхай арга хэмжээ авах бололцоо бүрдэнэ ээ гэсэн үг. Хятадын жишээнээс харахад 11 сая гаруй хүн амтай том хотод халдвар тархаж, вирус хуурай өвсөнд ассан түймэр шиг дэгдлээ. Томоохон эдийн засгийн шинжээчид Хятадын амсах хохирлыг судлан дүгнэж буй энэ өдрүүдэд геополитикийн салбарынхан ч энэ талаар нухацтай авч хэлцэж байгаа юм билээ. Дээрх туршлагыг нэвтрүүлэх нь дэлхийн улс орон бүрийн оролцоо, нэгдмэл бодлогоос хамаарах нь мэдээж. Урт хугацааны ажил гэдэг нь ч тодорхой. Сүүлийн жилүүдэд хүмүүс томоохон хотуудаас аль болох зайлсхийж, жижиг хот суурингуудыг бараадан амьдрах нь олширсон. Дэлхий нийт дээрх хандлага руу өөрийн эрхгүй чиглэж байж магадгүй л юм.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Б.Туяацэцэг: Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөрөө далимдуулж, цахим орчинд хот хооронд зорчих зар тараасан иргэнд хариуцлага тооцсон

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Туяацэцэгтэй ярилцлаа.


-Өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд Өвөрхангай аймгийн Цагдаагийн газар ямар зохион байгуулалтад орж ажиллав. Ачаалал хэр байв?

-Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг чиглэсэн хөдөлгөөн Өвөрхангайгаар дайрч өнгөрдөг. Ийм ч учраас аймгийн онцгой комисс, цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдал зарласан энэ өдрүүдэд ачаалалай ажилласан.

-Сар шинийн өдрүүдэд нөхцөл байдал ямар байсан бэ. Ямар хүндрэл тулгарч байв?

-Онцгой комисс, цагдаагийн газраас эргүүл гарч ажилласан. Мөн зарим газруудад камерын хяналт тавьж олуулаа цуглаж, айл хэсч байгаа эсэхэд хяналт тавьж ажиллалаа. Золголт хийлгэхгүй байх шийдвэрийн хүрээнд урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээг Цагдаагийн газраас авч “Дараа нь золгоё” гэсэн видео шторк бэлтгэж цахимд түгээсэн. Энэ ажил ч үр дүнгээ өгсөн гэж үзэж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд олуулаа цугласан, айл хэссэн тохиолдол цөөн гарсан. Тухай бүрт нь алба хаагчид шаардлага тавихад иргэд эерэгээр хүлээж авч байсан нь сайшаалтай. Ер нь иргэд төр засгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж Сар шинийн өдрүүдэд ёс зүйтэй байж, гэр гэртээ шинэлсэн. Мөн шинийн 1-ний нар хардаг уламжлал, зан үйл байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж эргүүл гаргаж ажилласан. Нэг ч иргэн эргүүлд гарсан алба хаагчдад чирэгдэл учруулаагүй.

-Хөдөлгөөн хязгаарласан үед замын нөхцөл байдал ямар байв. Ямар төрийн зөрчил дутагдал гарсан бэ?

-Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах, хяналт шалгалтаар ажиллаж байгаа алба хаагчдын тавьсан шаардлагыг эсэргүүцэх зэрэг зөрчил гарсан.

Мөн нас барсан хүний гэрчилгээ ашиглаж хот руу орохыг завдсан тохиолдол гарсан. Тухайн иргэнээс тайлбар авахад “Яаралтай хот орох ажилтай байсан” гэж байгаа юм.

Үүнээс гадна Онцгой комиссоос олгосон зөвшөөрлөөрөө далимдуулж, хот хооронд болон сумаас аймаг руу зорчих зар нийтлэх, худал мэдээллийг түгээх, зэргээр цахим орчинд худал мэдээллийг түгээсэн иргэнд хуулийн хариуцлага хүлээлгэсэн. Тэрбээр хот хооронд хүн зөөвөрлөхийг завдсан.

-Хөдөлгөөн хязгаарласан үед хулгайн замаар зорчихыг завдсан жолооч нарт хяналт хэрхэн тавьж ажиллав. Ер нь энэ төрлийн хэдэн зөрчил бүртгэгдсэн бэ?

-Хөл хорио тогтоосон үед зарим жолооч нар баталгаат бус замаар явахыг завдах зөрчил хэд хэд гарсныг хяналт шалгалтаар илрүүлсэн.

Төрөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлээгүй замын хөдөлгөөнд оролцож, эрх бүхий албан тушаалтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй 34 жолоочийг илрүүлж, аймгийн Онцгой байдлын газарт шилжүүлэн 18 жолоочид Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5.13.1-д зааснаар хариуцлага хүлээлгэсэн.

Зөрчил гаргасан жолооч нараас тодруулахад постон дээр очоод учир байдлаа хэлээд гарч болох байх, мөн таньдаг хүнээрээ гаргуулна гэсэн өрөөсгөл бодлоор олон зуун км замыг туулж ирсэн тохиолдол байгаа.

Баталгаат бус замаар зорчсон зөрчлийг камерын тусламжтайгаар хяналт тавьж илрүүлсэн.

-Маргааш (Өнөөдөр) зам нээнэ. Баруун аймгуудаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн Өвөрхангай аймгаар дайрч өнгөрдөг. Аймгийн цагдаагийн газраас хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?

– Улсын онцгой комиссын шийдвэрээр улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр болсон.

Үүнтэй холбоотойгоор улсын хэмжээнд олон мянган тээврийн хэрэгсэл нэг зэрэг орон нутгийн зам дээр хөдөлгөөнд оролцох мэдээлэлтэй байна. Ялангуяа Улаанбаатар хотын чиглэлд 40.0 мянган иргэн, 14.0 мянган орчим тээврийн хэрэгсэл зорчих тоо гарсан.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрмийн хэрэгжилт, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын 20 цэгт Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагчид болон мэргэжлийн анги байгууллагын ажилтнууд замын хөдөлгөөнд оролцогч тээврийн хэрэгслийн жолооч нарт хяналт тавьж, урьдчилан сэргийлж, зөвлөгөө мэдээлэл өгнө.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 18 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэн урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж ажиллана.

Иймд зам нээгдэж байгаа хэдий ч хяналт, шалгалтыг эрчимжүүлэх тул замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, шаардлагагүй тохиолдолд хот, хооронд, орон нутгийн замд зорчихгүй байхыг анхаарна уу. Мөн замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар хурдаа тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Хөл хорьсноор хөдөө сумдад юу болоод байна вэ?” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

З.Энхболд “209 жил ашиглах, жил бүр нэг тэрбум ам.доллараар зарж болох нөөцөө ганцхан тэрбум ам.доллараар борлуулах гэж байна” хэмээн ярьсныг нэг, хоёрдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

ХААХҮЯ гадаадаас 160 мянган тонн улаанбуудай импортолж авахаар болсныг тариаланчид эсэргүүцэж жагслаа. Энэ талаар хийсэн сурвалжлагыг нэг, 12 дугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Б.Цэнддоогийн “Урилгатай хэсүүл” нийтлэл хэвлэгдлээ.

Дарханд тусгаарлагдаад байгаа иргэн Л.Наранбаатар “Тусгаарлагдсан иргэд хаа хаанаа айдастай байна” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

М.Энхсайхан “Хонгил гээч юмны ажиллах нүхийг прокурор гаргачихлаа” хэмээн “Улс төр” нүүрт ярьжээ. Нэг, тавдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай.

Б.Баасандорж “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хувь хүн, аж ахуйн нэгжид гарсан санхүүгийн алдагдлыг шууд нөхөх, олговор олгох хуулийн заалт одоогоор байхгүй” хэмээн ярьсныг “Багш” нүүрнээс хүлээн авч уншаарай.

“Бүтэн амьдрал” телевизийн олон ангит уран сайхны киноны Цэнгэлмаагийн дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргалтай хийсэн сонирхолтой ярилцлагыг “Уран бүтээлч” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ