Categories
мэдээ нийгэм

УБ-Эрхүү-Улаанбаатар, УБ-Улаан-Үд-УБ чиглэлийн нислэгийг зогсоов

Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоох шийдвэр гаргалаа.

Мөн БНСУ, Япон Улсаас ОХУ-аар дамжин нутагтаа ирэх иргэдийг зөвхөн Буянт-Ухаа, Сүхбаатар, Алтанбулаг боомтоор нэвтрүүлнэ. БНСУ, Япон, Итали, Иран Улсаас ирэх гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, монгол иргэдээ оруулах хэдий ч 14 хоног тусгаарлаж ажиглахаар боллоо.

Сөүл хот дахь Монголын Элчин сайдын яамны мэдээлснээс үзвэл агаарын тээврийн “МИАТ”, “КАЛ”, “Асиана”, “Эйр Пусан” компанид захиалга өгсөн 6200 иргэн ойрын өдрүүдэд эх орондоо ирэх хүсэлтэй байна.

500 орчим хүн нислэг сэргээсний дараа Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэхээр захиалгаа өгчээ. Нислэг нь цуцлагдсан учир БНСУ, Японд байсан монгол иргэдийн ихэнх нь Москва хотоор дамжин буцсан байна хэмээн ЗГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргажээ

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулж Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдэгдэл гаргасан байна.

Уг мэдэгдэлд “Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор салбар болон орон нутгийн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлаар даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоохдоо тухайн иргэнийг заавал оролцуулахгүй амбулаторийн карт, төрөлжсөн мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дүн, эмнэлэг хяналтын комиссын саналыг үндэслэн цахим болон бичиг баримтад тулгуурлан сунгахаар болжээ. Харин шинээр тогтоолгож байгаа тохиолдолд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд төрөлжсөн мэргэжлийн эмч танилцуулж, шийдвэрлүүлэх бөгөөд энэ зохицуулалт 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэгжинэ” хэмээн мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

ЭМЯ: Ахмад настан, архаг өвчтэй хүмүүсийн анхааралд

Коронавируст халдвар (COVID-19)-аар ахмад настан, чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, хавдар, зүрх судас, бөөр, амьсгалын замын өвчтэй, дархлаа дарангуйлах эм хэрэглэдэг хүмүүс хүндрэх эрсдэлтэй байгааг ДЭМБ-аас анхааруулж байна. Иймд ахмад настан, архаг өвчтэй хүмүүс:

  • Эмчийн хяналтад тогтмол байх,
  • Эмийг эмчийн зааврын дагуу хэрэглэх,
  • Холбоо барих хүний утасны дугаартай байх,
  • Давс, чихэр, өөх тос багатай хоол, хүнс хэрэглэх,
  • Халуун, бүлээн шингэн зүйл уух,
  • Сайн унтаж амрах,
  • Тайван стрессгүй ядрахгүй байх,
  • Дулаан хувцаслах, даарахгүй байх,
  • Өөрт тохирсон дасгал хөдөлгөөн хийх,
  • Ханиаж, найтааж байгаа хүнээс хол байх,
  • Олон нийтийн газраар явахгүй байх,
  • Амны хаалт зүүх,
  • Гараа сайтар савандаж угаах. Хэрэв бие тавгүйрхвэл Яаралтай тусламжийн төв 103, СЭМҮТ 1800-2000 утсаар зөвлөгөө авах, харьяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг зөвлөж байна.
Categories
мэдээ нийгэм

Хөдөлгөөн нээснээр 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл нийслэлд орж ирнэ

2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06.00 цагаас зорчих хөдөлгөөнийг нээхээр Улсын онцгой комисс шийдвэрлэсэн.

Ингэснээр өмнө нь шалган нэвтрүүлэх цэгүүдэд бүртгүүлж гарсан 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод буцаж орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоолж байна.

Бөөгнөрөл, түгжрэл үүсгэхгүйн тулд Улаанбаатар хот руу нэвтэрдэг долоон үндсэн хяналтын цэгт нэмэгдлээр найман урсгал нээж, нэг урсгалт хөдөлгөөнийг таван бүсэд хуваахаар болжээ. Энэ дагуу:

  1. Зүүн бүсийг Хэнтий аймаг, Хэрлэнгийн гүүр, Багануур дүүргийн байнгын хяналтын цэгт
  2. Урд чиглэлийг Багахангай дүүргийн шалган нэвтрүүлэх цэгт
  3. Баруун бүсийг Өвөрхангайн Тарнын гүүр, Төв аймгийн Лүн сумын шалган нэвтрүүлэх цэгт
  4. Хойд бүсийг Дархан, Баруунхараа, Төв аймгийн Баянчандмань сумын цэгт
  5. Өмнөд бүсийг Төв аймгийн Өндөр дов орчимд ажиллуулна.

Шалган нэвтрүүлэх долоон цэгт ХӨСҮТ-ийн баг 24 цагаар хоёр хоног ажиллахаар болсон байна. Мөн Улаанбаатар хот руу чиглэсэн улсын чанартай замуудад орон нутгийн эмнэлгийн тусламжийн бүлгийг 50 км тутамд томилж, болзошгүй осол, зөрчлөөс сэргийлэхээр төлөвлөжээ. Аймгуудын Онцгой байдал, Эрүүл мэндийн байгууллагаас бүрдсэн 105-ын бүлэг ч хоёр хоногийн хугацаатай ажиллах юм.

Categories
мэдээ нийгэм

​Дипломат төлөөлөгчийн газрууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Image result for Монгол Улс гадаад хэргийн яам

Гадаад харилцааны яам дэлхийн 80 орчим улсад байгаа 190 гаруй мянган монгол иргэнээ бүртгэх, Шинэ коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж өгөх, байгын холбоотой байхад онцгой анхаарч байна. Ялангуяа БНХАУ, БНСУ, Япон, Итали, ОХУ болон Европын орнуудад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудыг өндөржүүлсэн бэлэн байдалд оруулж, заавар, чиглэл өгч байна. Европын орнуудад Монгол Улсын 50 мянга гаруй,БНСУ-д 48 мянга гаруй, Япон Улсад 14 мянга орчим иргэн амьдарч байна. Улс хоорондын нислэг зогссоноос иргэдийн визийн хугацаа хэтэрч байгаа тул Сөүл, Токио дахь Элчин сайдын яам тухайн улсын Хууль зүйн яам, Цагаачлалын албанд албан ёсны хүсэлт гаргасан байна. Энэ дагуу Японы тал иргэдийн визийг 15-30 хоног сунгах чиглэлийг 47 мужийн Цагаачлалын албандаа өгчээ. Харин БНСУ асуудлыг тухай бүр нь шийдвэрлэхээ мэдэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасаар шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Төв аймгийн өмнөд, Дундговийн хойд хэсгээр, маргааш өдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, өдөртөө Дундговь, Өмнөговийн нутаг, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст цас, ялангуяа Сүхбаатарын өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар хүчтэй салхитай байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 03 дугаар сарын 01-ний 20 цагаа­с 2020 оны 03 дугаар сарын 02-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий орчмоор 31-36 хэм, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 20-25 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 8-13 хэм, бусад нутгаар 16-21 хэм, өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 13-18 хэм, Монгол Алтайн нуруу, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө, Орхон-Сэлэнгэ голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм, нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруунаас хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө хүйтэрч Өмнөговь, Дорноговийн өмнөд хэсгээр 1-6 хэм, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө цас, өдөртөө ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 14-16 хэм, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна.

2020 оны 03 дугаар сарын 03-ноос 03 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3, 6-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын баруун хэсгээр цас орж салхи секундэд 14-16 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. 3, 6-нд нутгийн зүүн хагаст, 5-нд ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Бусад хугацаанд өдөртөө хүйтний эрч суларна.

Categories
мэдээ нийгэм

Нас барсан иргэний бичиг баримт ашиглан хот руу орохыг завджээ

Засгийн газрын тогтоол, улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 03-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.

Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн “Х” нь Улаанбаатар хотруу явахын тулд нас барсан иргэний гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн иргэнтэй ямар ч холбоогүй болох нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэв.

Энэ талаар иргэн “Х”-ээс тодруулахад Улаанбаатар хотод ажилладаг, ажлаа таслахгүй байхын тулд бусдын бичиг баримтыг ашиглаад нэвтрэх бичиг авч болох байх гэж материалаа бүрдүүлж өгсөн талаар ярьсан юм.

Иймд иргэн та хэн нэгний баримт бичгийг ашиглан хуурамчаар материал бүрдүүлэхгүй байхыг сэрэмжлүүлэг болгон хүргэж байна гэж Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

УОК: Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг мягмар гаригийн 06:00 цагт нээнэ

Улсын онцгой комиссын хуралдаанаар улс хоорондын хөдөлгөөний хязгаарлалтыг нээхтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ.

Хот хоорондын зорчих хөдөлгөөнийг ирэх мягмар гарагийн 06:00 цагт нээнэ. Хот руу 40 гаруй мянган иргэн, 14 мянга орчим тээврийн хэрэгсэл орж ирнэ гэж цагдаагийн байгууллага тооцоо гаргасан байна.

Улсын Онцгой Комиссийн хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

  • Тусгаарлах байрны нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Гадаад улс орнуудад амьдарч буй монголчуудын нөхцөл байдал,
  • Улс хоорондын зорчигч тээврийн хязгаарлалтын арга хэмжээг нээхтэй холбогдуулан авах арга хэмжээ,
  • Нүүрс, газрын тосны экспортыг эхлүүлэхтэй холбоотой арга хэмжээ.

Categories
гадаад мэдээ нийгэм

АНУ-д коронавирусийн халдвараар хүн нас барлаа

АНУ-д коронавирусийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Нас барсан өвчтөн нь Вашингтон мужийн иргэн, архаг хууч өвчтэй, 50 гаруй насны эмэгтэй байсан хэмээн Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.

Үүний өмнө АНУ-ын Калифорни болон Орегон мужуудад коронавирусийн халдвар дотоод эх үүсвэрээс тархсан хоёр тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд зарлаад байсан юм.

Бямба гарагт АНУ даяар Covid-19 вирусийн халдварын 19 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийтдээ 62 болоод байгаа аж.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр Олон улсын Иргэний хамгаалалтын өдөр

Өнөөдөр буюу 03 дугаар сарын 01-нд Олон Улсын Иргэний хамгаалалтын өдөр тохиож байна.

Энэ жил Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагаас “Иргэний хамгаалалт, өрх бүрт анхны тусламж үзүүлэгчтэй байх” уриаг гишүүн орнуудын хүрээнд дэвшүүлээд байна.

Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллага нь 1931 онд байгуулагдсан. Франц Улсаас гаралтай ба Швейцарийн Холбооны Улсын Женев хотод байрлаж үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор Олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад нийт 59 жинхэнэ гишүүн, 16 ажиглагч гишүүн, 23 холбоотон орон байдаг ба олон улсад өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй байгууллага юм.

Монгол Улс олон улсын Иргэний хамгаалалтын байгууллагад 1992 онд ажиглагч гишүүнээр, 2002 оны 11 дүгээр сард жинхэнэ гишүүнээр элсэж, зохион байгуулж байгаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэйгээр оролцож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.