Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Энэ 7 хоногийн теле хичээлийн хуваарь

Хорио цээрийн дэглэмийг сунгасантай холбогдуулан цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад зориулсан теле хичээлийг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Ингэхдээ

  • 2020.03.03-2020.03.06 ны өдрүүдэд 2020 оны 02 сарын 3 наас 14 -ний хооронд заасан 2 долоо хоногийн теле хичээлийг давтан хүргэх болно.
  • 2020.03.09-2020.03.20 хүртэл ажлын өдрүүдэд СӨБ, ЕБС-ийн суралцагчдад зориулсан шинэ хичээлүүдийг тогтсон цагийн хуваарийн дагуу хүргэнэ.
  • 2020.03.23-2020.03.27 -ны өдрүүдэд өмнөх хичээлүүдээ бататгах хичээлийг хүлээн авч үзээрэй.
  • 2020.03.09-нөөс эхлэн элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан теле хичээлийг шинээр бэлтгэн хүргэхээр төлөвлөж байна.
  • 2020.03.09-нөөс Насан туршийн боловсролын үндэсний төвөөс эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан теле сургалтыг “Стар” телевизтэй хамтран зохион байгуулна.

Бэрхшээлийг боломж болгон ашиглаж, гэртээ байх хугацаандаа номтой нөхөрлөн, илүү сайн суралцахыг хичээгээрэй хүүхдүүд ээ. Эцэг эх асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ теле хичээл үзэхэд нь туслаарай.

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

image

Categories
мэдээ нийгэм

Энэ сард 3 болон 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нар татвараа төлнө

Таны автомашины улсын дугаар 3 болон 8 гэсэн тоогоор төгссөн бол энэ сардаа багтаан татвар төлөх ёстой.

Хэрвээ танд банк явах зав зай хомс буй бол авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг хугацаагаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн энэ жилээс төрийн зарим үйлчилгээг “Ebarimt.mn” сайтаар дамжуулан үзүүлж эхэлсэн бөгөөд энэхүү сайт, аппликейшныг ашиглан автомашины татвараа төлөх боломж бүрджээ.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулж болно.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар:

  • 1,6 тоогоор төгссөн бол НЭГДҮГЭЭР сард
  • 2,7 тоогоор төгссөн бол ХОЁРДУГААР сард
  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө
Categories
мэдээ спорт

“Харү башё” хаалттай явагдана

Японы сүмогийн холбооны захирлуудын зөвлөлийн хурлаар Хаврын тэмцээнийг цуцлахгүйгээр шийдвэрлэв. Дэлхий дахиныг түгшээж буй коронавирус Японд ч эрсдэл өндөртэй байгаа учраас сургуулийг хааж, олон нийтийн үйл ажиллагааг цуцалсан билээ.

Харин төр засгийнхаа зөвлөмжийг Японы сүмогийн холбооны захирлуудын зөвлөл шууд биелүүлэлгүй, “Харү башё”-г үзэгчгүйгээр явуулах шийдвэрт хүрчээ. Ингэснээр Хаврын тэмцээнийг үзэх тасалбар авсан үзэгчдэд бараг нэг тэрбум иен (ойролцоогоор 10 сая ам.доллар) буцаан олгох юм. Харин сүмогийн холбоо Харү башёг шууд дамжуулсны төлбөрт олон нийтийн NHK телевизээс 500 сая иенийг авах ажээ. Үүнээс өмнө 1945 оны зуны тэмцээнийг хаалттайгаар явуулсан бөгөөд тэр үед үзэгчдийн суудлыг шархадсан цэргүүдээр дүүргэж байжээ.

Categories
мэдээ нийгэм

Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баяраар арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өчигдөр буюу 03 дугаар сарын 02-ны өдөр болж улс, хот хоорондын зорчигч тээвэр, суудлын галт тэрэг болон орон нутгийн хуваарьт нислэг, хувийн тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 06:00 цагт нээхээр боллоо.

Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Улаан-Үд-Улаанбаатар чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд түр зогсоов.

БНСУ, Япон Улс, БНИтали улс, Лалын БН Иран Улсаас ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин эх орондоо зорчиж буй Монгол улсын иргэдийг 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал зөвхөн агаарын замын “Буянт-Ухаа”, авто замын “Алтанбулаг-Хиагт” төмөр замын “Сүхбаатар-Наушки” боомтоор улсын хил нэвтрүүлэхээр болов.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Монгол цэргийн өдөр, Наурызын баяр зэрэг тэмдэглэлт өдрийг тохиолдуулан нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн удирдлагад үүрэг болголоо

Categories
мэдээ нийгэм

Хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт тусгаарлав

БНСУ-аас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор тусгай чиглэлийн автобусаар өчигдөр буюу 2020.03.01-ний 23:15 цагт орж ирсэн Монгол Улсын 13 иргэн, тээвэрлэсэн 1 жолооч, 1 эмчийн эрүүл мэндийн байдалд Мэргэжлийн хяналтын байгууллагаас хяналт, тандалт хийлээ. Эдгээр иргэдийн биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн судалгаа авч, хоёр иргэнийг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 12 иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлав.

Мөн 2020.03.01-ний 22:25 цагт Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр Сүхбаатар боомтоор орж ирсэн зорчигчдод хяналт тандалт хийж, хоолой өвдсөн, ханиалгасан болон Вьетнам Улсад нэг сар зорчсон гэх өгүүлэмжтэй гурван монгол иргэнийг Сүхбаатар сумд ажиглалтад түр тусгаарлаад байна.

Categories
мэдээ цаг-үе

Энэ айхавтар өвчнийг хятадууд дийлээсэй гэж “Босоо хөх Монгол”-ынхон ч гэсэн залбираарай даа

“Босоо хөх Монгол” гэх төрийн бусынхан их үндсэрхэг үзэлтэй. Гэхдээ тэд орос, англи, америк гэж нэг их үзэлцээд байдаггүй. Хятад хүмүүсийг л айхавтар хэлцгээж байгаа дуулддаг. Одоо бол шал өөр цаг үе бидний өмнө тулж ирээд байна. Урд хөршид тахал дэгдлээ. Хятад бол бидний мөнхийн хөрш. Том зах зээл. Урд хөрш маань энэ өвчнийг дийлэхгүй бол монголчууд бидний хувьд мөхөлтэйгөө нүүр тулахад ойрхон болчихоод байна. Москвад найтаалгахад Улаанбаатарт ханиалгана гэсэн үг бий. Түүн шиг Бээжинд коронавирусийн халдвар тархсан нь бидэнд том аюул. Хэдий өнөөдрийг хүртэл илрээгүй нь бидэнд зол ч гэлээ анхаарал болгоомжоо сулруулж болохгүй. “Босоо хөх Монгол”-ынхон үнэхээр үндсэрхэг, эх орондоо хайртай л юм бол энэ тохиолдолд ядаж өөр байгаасай. Хятадад гарсан энэ өвчин хурдан дарагдаасай гэж залбираасай даа. Цаагуураа бас дэлхийн бусад улс орны төлөө, бүр цаашлаад Монголынхоо төлөө л залбирч байгаа хэрэг шүү дээ.

Учир нь өмнөд хөрш хэцүүдвэл бид бас хэцүүднэ. Идэж уух, өмсөж зүүх, олдог мөнгө бүгд байхгүй болно. Урд хөршөөс бараа авчирдаг, Хятадын хөрөнгө оруулалттай компаниудад бол шууд утгаараа хүндхэн тусч байгаа. Хятадттай хамгийн урт газар нутгаар хиллэдэг, эдийн засаг, гадаад худалдааны хамгийн их хамааралтай улс бол Монгол. Энэ байдал удаан үргэлжилбэл биднийг 1990 оны үе рүү шууд аваачихаар болж байна. Тарган цатгалан, цаг сайхан үеийн балайрлаа мартах хэрэгтэй. Омогшин бардамнаж, тэнгэрлэг заяагаа магтан дуулах чинь та бүхний хэрэг.

Урд хөрш өвчнөө дийлээсэй гэж хүн бүр ямар тус дэм байна, дэмжих хэрэгтэй. Урд хөршид амьд адуу гаргахгүй гэдэг, урд хөршийн дарга ирэхэд тосч гүйж эсэргүүцдэг, урд хөршийн хөрөнгө оруулалттай уурхайг цагдаа, тусгай хүчнийхэнтэй очиж хаадаг манай төрийн удирдлагууд Хятадаар улс төр хийхээ түр зогсоогоод байх шиг байна. Манай гадаад харилцааны яам ч хөрштэйгөө зөв ойлголцож, тэнд байсан иргэдээ бусад улс орнуудаас эхний ээлжинд авчирлаа. Найрсаг харилцаагаа бататгаж, зөв бодлого явуулж байна. Манай ард түмэн ч ингэж улстөржиж хийрхдэгээ болих хэрэгтэй. Ухаарлын түвшинд нийтээрээ очих хэрэгтэй. Ямар улс орон өөрийн улсыг, өөрийн улсын иргэнийг нэн тэргүүнд тавих ч найрсаг хамтын ажиллагаа, энэ дэлхийн улс орон болгон биенээсээ хамааралтай болсон дэлхийд алсыг харж, төр засгаасаа эхлээд энгийн иргэд ч ухаалаг бодлого явуулах хэрэгтэй.

Тэнд дэгдсэн аюулт өвчин хурдан дарагдвал бид сэтгэл амар байж болно. Саяхан Монгол цэргийн нэгдсэн холбооныхон хандивын аян өрнүүлж, чин сэтгэлийн дэм өгч байгаагаа илэрхийлж, өнөөх хандивыг Ц.Тогоо генерал Хятадын элчинд гардуулна лээ. Тун сайхан санагдав. БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Венруй “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж монголчууд хэлдэг хэмээн талархлаа илэрхийлж байсан.

“Ялж яваа орос нөхдөдөө арван сайхан морь бэлэглэе. Хүн ялгах муухай, ялагдаж яваа Гитлер хүүд нэг морь бэлэглэе” гэсэн хоёрдугаар дайны үед фронтод бэлэг илгээх үед нэг өвгөний хэлсэн үгийг ам дамжин ярьцгаадаг даа, бид. Эртнээсээ өрөвч зөөлөн сэтгэлтэй ард түмэн. “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг дээ. Бидний тус тэр том гүрний тэр олон өвдсөн хүнд хүрэхгүй л дээ. Гэвч тусын бага, их гэж юу байхав. Хоорондоо таагүй харьцаатай байсан Япон улс гэхэд хамгийн түрүүнд тусламжийн гараа Хятадад сунгалаа. Энэ хоёр улсын үл ойлголцол магадгүй энэ тусаар цайрч, ойлголцох ч юм билүү. Бид ч бас Японд байгалийн гамшиг болоход тусламжийн гараа сунгасан. Одоо болтол тэд өчүүхэн тусыг мартаагүй. Тухайн үедээ манай зарим нэгэн ойворгон нөхөд “Бидний тустай тусгүй тэр хөгжсөн орон болно биз. Ялихгүй зусар баяжихад саад” гэлцэж байлаа. Гэвч өндөр хэмжээний айлчлал болох бүрийд Японы удирдлагууд Монголын тэр өчүүхэн хандив, тусламжийг заавал дурддаг. Бид нэг дэлхийд амьдардаг. Хэнд ч, хэзээ ч юу тохиолдохыг хэлж мэдэхгүй. Бусад улс орон энхийн цагт, элдэв гамшиг тохиолдоогүй байхад бидэнд буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. Авахаа тулахаар алгаа тосдог. Өгөхөө болохоор гэдийгээд байж боломгүй.

Хятадад Монгол Улсын Засгийн газар 200 мянган доллар өгсөн. Бид бусад улс орноос үргэлж тусламж гуйж байдаг. Зовох цагт нь тусаллаа гээд ямар асуудал байхав. Дандаа гуйж байна гэж юу байхав. Хятадад төгсөгчид, Ухань хот дахь Монголын оюутны холбоо, Уханьд төгсөгчдийн холбоо, БНХАУ дахь Монголын оюутны нэгдсэн холбоо Мөнхийн хөрш- энхийн тусламж” аяныг хамтран зохион байгуулж, хандивын аян өрнүүлж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Монголын элчингээр дамжуулан хүлээлгэн өгчээ. Мөн Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим бизнес эрхлэгчиддээ уриалан аян өрнүүлснээр 140 сая төгрөг цуглаж БНХАУ-д хандивлажээ. Хандивын аян цаашид ч үргэлжилнэ. Хичнээн сайхан санагдав. Боломж бололцоогоороо хөрш орондоо туслахыг хүсч байна. Хятадууд Монгол Улсын Засгийн газрын тусламжийн талаарх мэдээллийн доор сэтгэгдлээ үлдээжээ. “Сайхан сэтгэл нь монгол хүний үндсэн чанар юм”, “Чингис хааны үр ач нар”, “Хятад мэдээж энэ мөнгөөр дутахгүй. Гэхдээ чухал цагт гараа сунгах анд нөхдөөр дутна, Монгол Улсыг дэмжиж байна. Мөнгөний их бага чухал биш, сэтгэл чухал.

Тэр ч бүү хэл өөр улс орнуудтай биднийг харьцуулж ирээд магтсан байна. Урд хөрш энэ вирусийн халдвартай маш сайн тэмцэж байгаа. Улстөржиж шаагихаа түр азна. Одоогоор хорь гаруй улс Хятадад тусламжийн гараа сунгажээ. Гэтэл бид хажууд нь мөнх байна гээд бод доо. Тэдэнд хичнээн үндсэрхэг үзэл гарган улстөржлөө ч тэр улс байдгаараа л оршин тогтнож, хүн ам нь өсдөгөөрөө л өснө. Энэ хүнд үеийн ард ч тэд ажиггүйхэн гарчихна. Амьдрал үргэлжилдгээрээ л үргэлжилнэ. Тэд коронаг ялвал бид ч бас ялснаас ялгаагүй.

Categories
мэдээ цаг-үе

Өрнөдийн хэмжүүртэй мөр зэрэгцэж алхах ёстой юм уу

Маргарет Корт хэмээх дал нэлээн давсан настай австрали эмэгтэй бий. Залуудаа газрын теннисний Их Дуулгын ганцаарчилсан төрөлд 24 удаа түрүүлсэн хосгүй аварга эмэгтэй л дээ. Католик шашныг үнэн сэтгэлээсээ бишрэн шүтдэг уг эмээ олон жил ижил хүйстнүүд хоорондоо гэрлэж хүүхэд үрчилж авахыг тууштай эсэргүүцэж байгаа, түүнээсээ шалтгаалан сүүлийн үед Европ, Америкийн одуудын зүгээс байнгын шүүмжлэлд “зодуулах” болсон. Хүний эрхийн асуудлыг боомиллоо, хэн гээч хэндээ сэтгэл алдуурах нь түүнд хамаагүй гээд л. Америкийн кино урлагийн шилдэг продюсер Харви Вайнштейныг буруутгасан олон жүжигчид дотроос нэгэн эмэгтэй түүнийг санаатайгаар хэд хэдэн удаа мөрийг нь илсэн гэж мэдүүлж байлаа. Нөгөө албан тушаалаа ашигласан бэлгийн дарамт гэдэг зүйл анги юм уу. Зарим Өрнөдийн улсуудад хүүхэдтэй гэр бүлээсээ илүү тэжээвэр нохойтой айл нь илүү их болчихсон мэт харагддаг. Шинэ Зеландад хүүхдүүд тусдаа өрөөнд унтахгүй бол эцэг, эхийг нь шийтгэдэг хуультай гэв. Хотоо хоёр банхараараа мануулчихаад эсгий гэртээ таван хүүхэдтэйгээ чихцэлдээд нүгэл, буянаа хослуулан тооноороо од тоолон хэвтэх жаргал тэдний нутагт тэр чигтээ гэмт хэрэгт тооцогдох юм байна. Бид тэдний тийм соёл, харьцааны хэмжээс рүү тэмүүлж хөгжих ёстой юу.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

Ард олныг айлгах тактик

Хотын удирдлагууд саяхнаас “Гудамж талбайд нус цэрээ хаясан хүнийг торгож шийтгэнэ” гэлээ. Үнэхээр дэмжих санал яахын аргагүй мөн. Агаар, дуслын замаар халддаг коронавирус гэх айхавтар аюул дэгдээд байгаа энэ үед олон нийтийн дунд нус, цэрээ ил хаях нь халдварын хамгийн том талбар. Дээр нь газраар нэг нус, цэр болох нь нийслэл хотын өнгө үзэмжид ч муухай. Түүнийг хянадаг байцаагчтай болох нь ээ гэтэл яг газар дээрээ ингэж ажилладаг хүмүүс нь байдаггүй аж. Хотын захиргаа нь ч, цагдаа нь ч үүнийг хэрэгжүүлдэггүй гэдгээ хэлж байна.

Саяхан бас коронавирус илэрсэн гэж олон нийтийг айлгаж, түгшээн худал мэдээлэл тараавал Зөрчлийн хуулиар торгоно гээд мэдэгдээд байсан. Үнэн худал нь мэдэгдэхгүй зөндөө л мэдээлэл сошиалаар хөвөрсөн. Явж, явж “Баянзүрх дүүргийн эмнэлэг дээр яг одоо коронавирус илэрч хөл хорио тогтоолоо” гэх мэдээлэл тараасан хэмээн иргэн Э-г олж, хоёр сая төгрөгөөр торголоо гэж цагдаагийн байгууллагаас мэдэгдсэний дараа гомдол гаргагч эмнэлгийн байгууллага олдсонгүй. Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь ч “Юу ч мэдсэнгүй” гэж байх жишээтэй. Яг л манай хуулиуд шиг. Хэрэгждэггүй, мөрддөггүй захирамж, тушаалууд энэ аж. Дарга нар ерөөсөө айлгах тактик л хэрэглэдэг юм байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Толгойноосоо даарах нь цус харвалтыг нэмэгдүүлдэг

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг гэж та мэдэх үү. Хүйтний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсан амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсдэг. Мөн бодисын солилцоо өөрчлөгдөж, хөлс ялгаралт багасдаг гэнэ. Үүний улмаас уураг тархины гадар саатаж, цусны даралт буурдаг аж. Түүнчлэн амьсгалын үйл ажиллагаа суларч, цусан дахь чихрийн хэмжээ багасдаг байна. Өөрөөр хэлбэл, даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсдаг тул цусны урсгал саатдаг гэх. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсаж, тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний судас агшиж нарийсдагаас түүгээр гүйх цусны урсгал удааширдаг байна. Энэ нь уураг тархины хэвийн үйл ажиллагааг муудуулж, цус харвалт үүсгэх эрсдэлтэй аж. Хүйтний улиралд толгой нүцгэн явахад архаг өвчин сэдэрдэг. Түүнчлэн толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг шинж тэмдгээр илрэх аж. Иймд хүйтэн сэрүүнд тогтмол малгай өмсөж байхыг эмч нар зөвлөж байна. Дулаан явбал мянган лан гэдэг дээ.

Д.ЦЭРЭНДОЛГОР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж дэмий ч нэг хэлээгүй байх аа хэмээжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 24 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Даваа гарагийн дугаарын уламжлал болон тогтсон “Танайд өнжье” буландаа бид энэ удаад Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Энхболдыг урьж оролцууллаа. Түүний амьдралын нэг өдөртэй нэг болон 13 дугаар нүүрнээс танилцаарай.

Бизнесийн удирдлагын доктор, эрхзүйч Б.Лхагважавтай хийсэн ярилцлагыг нэг, 14 дүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Д.Золбоотой хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэлээ.

Мөн Улс төрийн хоёрдугаар нүүрнээс Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын тухай мэдээг унших боломжтой.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд сэтгүүлч О.Ариунцэцэгийн “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж дэмий ч нэг хэлээгүй байх аа нийтлэл хэвлэгдлээ.

Улс төрийн зургадугаар нүүрэнд Улсын онцгой комиссын сүүлийн хуралдаанаараа хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлуудыг нийтэллээ.

11 дүгээр нүүрнээс корона вирусийн дэгдэлт дэлхий нийтэд хэр хурдацтай тархаж буй талаар, өвчний үйл явцын талаар багцлан бэлтгэснийг уншиж сонирхоорой.

Цэргийн дуу бүжгийн чуулгын дуучин, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч.Бадралтай ярилцлаа. 12 дугаар нүүрнээс унишх боломжтой.

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцсаынг 21 дүгээр нүүрнээс уншаарай.Саяхан дэлхийн алдарт сагсан бөмбөгчин Коби Брайнт охинтойгоо хамтаар зуурдаар таалал төгссөн билээ. Тэдний тоглодог байсан 2 болон 24 дугаарыг хүндэтгэн хоёрдугаар сарын 24-нд эцсийн замд нь үдсэн. Энэ тухай “Дэлхийн спорт”-ын 23 дугаар нүүрнээс уншаарай. Кобигийн багш болон дотны ах болох Майкл Жордан “Би сурсан эрдмээ өвлүүлэх гэж хичээсэн дүүтэй байсан гэдгээрээ бахархана” хэмээжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гарагийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ