Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн нийтийн тээвэрт дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн ажлын хэсэг хуралдлаа

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан Францын Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Нийслэлийн нийтийн тээвэрт агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэх төслийн судалгаа, бэлтгэл ажил хариуцсан ажлын хэсгийн хурал боллоо. Хуралд НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, мэргэжилтэн Б.Золзаяа, Нийслэлийн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн дарга Д.Одбаяр, Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Х.Молор-Эрдэнэ, Нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга М.Мөнхбаяр болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Хурлын үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “төслийн зээлийн хэлэлцээр ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар орно. Хуралдаанаар дэмжигдэхээр Сангийн сайд болон БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд нар Зээлийн хэлэлцээрийг үзэглэнэ, үүний дараагаар төлөвлөгөө ёсоор инженерингийн ажлыг Пома групп эхлүүлнэ. Удахгүй төслийн бэлтгэл ажлыг хангах явцад газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэнэ. Газрын гэрчилгээ баталгаажуулалт хийгдэх зэрэг ажлуудын нарийвчилсан хугацааг тодорхой болгох. Пома группын инженер, техникийн ажилтнууд хэзээ ирэх, хэзээнээс нарийвчилсан судалгааны ажлыг хийх талаар графикийн дагуу мэдээллийг тухай бүрт нь өгч байх”ыг албаныханд даалгалаа.

Мөн хурлын үеэр агаарын дүүжин тээврийн бэлтгэл ажлын трассын дагуу геологийн судалгаа хийгдэнэ. Ажлын зургийг батлуулах, 200 метр тутамд өрөмдлөг хийж хөрсний судалгаа хийх талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

Categories
мэдээ нийгэм

Иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгоно

Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор иргэдийн дотоодод зорчих хөдөлгөөнийг түр зогсоосон хугацаа дууссаны дараа тэтгэврийг олгох болсныг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 4000 давжээ

БНСУ-д ням гаргийн шөнө дундаас хойш коронавирусийн халдварын 476 шинэ тохиолдол илэрснээр, халдвар авсан нийт хүний тоо 4212 болж нэмэгдэж, дахин дөрвөн хүн нас барсан гэж тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээллээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 377 нь Дэгү хотод, 68 нь Умард Гёнсан мужид үлдсэн нь бусад бүс нутагт бүртгэгджээ. Нас барсан тохиолдлын тоо 22-т хүрсэн бол 31 хүн эдгэрсэн байна. Одоогийн байдлаар 33 799 хүний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.

Нийслэл Сөүл хотод халдвар авсан нийт хүний тоо 91, Дэгүд 3081, Умард Гёнсан мужид 624, Гёнги мужид 92, Бусан хотод 88 болсон байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна

2020 оны хоёрдугаар сарын 29-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан хоёр, Сэлэнгэ аймагт тусгаарласан ес нийт 11 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Гуравдугаар сарын 1-нд тусгаарласан таван иргэнд шинжилгээ хийж байна. Хариу гараагүй байгаа.

Өнөөдрийн байдлаар таван иргэн тусгаарлалтад, 335 хүн ажиглалтад байна.

“УОК-ын шийдвэрээр Солонгос, Иран, Итали улсаас ирэх гадаад иргэдийг онгоцонд суулгахгүй үлдээж байгаа бөгөөд монгол иргэддээ бол очоод 14 хоног тусгаарлдана гэдэг мэдээллийг өгөөд онгоцонд суулгаж байгаа” хэмээн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал хэллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Ламбаа: Коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор монголчууд маск зүүж, гараа угааж сурч байна

-ЭМЗЭГ БҮЛГИЙНХЭН, АХМАД НАСТНУУДЫН ДАРХЛААГ САЙЖРУУЛАХ НЭМЭЛТ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ХАНГАХ АЖЛЫГ ХИЙХ ХЭРЭГТЭЙ-

УИX-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хөл хориог дахин нэг сараар сунгах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Та Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд болж буй үйл явдлыг хараад дүгнээд сууж байгаа байх?

-2009-2010 онд дэлхийг донсолгосон H1N1 вирусийн халдвараас ард түмнээ урьдчилан сэргийлэх, хамгаалах, эмчлэх ажилд салбарын хамт олонтойгоо өдөр шөнөгүй зүтгэж “зовлон үзсэн” хүний хувьд коронавирусийн тухай анх яригдаж байх үеэс санаа зовж фэйсбүүк, твиттер хуудсандаа анхааруулж байсан.

Хятадын Ухань хотод энэ вирус дэгдсэний дараа халдвараас сэргийлэх ажилд Эрүүл мэндийн яамны хамт олон маань ханцуй шамлан орсон. Маш сайн ажиллаж байна. Эхэн үедээ коронавирусээс урьдчилан сэргийлэх ажил эрүүл мэндийн салбарынханд хамаатай мэт хандлага ажиглагдаж байсан учраас би Улсын онцгой комисс яагаад таг чиг байна аа гэж твиттер хуудсандаа бичсэн.

Маш олон хүн дэмжсэн. Маргааш нь Улсын онцгой комисс хуралдаж Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсож сургууль, цэцэрлэгүүдийг хааж, холбогдох арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Вирусийн халдвар нэг ороод ирвэл хэцүү шүү дээ. Тийм учраас хөл хорио тогтоох нь маш зөв алхам. Сунгаж байгаа нь ч зөв гэж бодож байна.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч сувилагчид маш их ачаалалтай байх шиг байна аа?

-Манай халдвартын эмч, сувилагчид чинь мэргэжилдээ үнэнч, байнгын хүнд нөхцөлтэй тулсаар байгаад сурчихсан, гаршчихсан үнэхээр бахархмаар хамт олон юм шүү дээ. H1N1 вирусийн халдварын үед бэлэн байдлын 50 орыг нээж, яаралтай тусламжийн тасгуудыг тоног төхөөрөмжөөр нэлээд сайн хангасан. Түүний хүчээр хэдэн жил болж байна.

Одоо хуучирч, элэгдсэн байх. Одоо Засгийн газрын нөөц хөрөнгөөр нэг сайн хангах хэрэгтэй.

Ялангуяа амьсгалын замын аппаратаар ХӨСҮТ төдийгүй төрөлжсөн төв эмнэлгүүд болон аймаг, дүүргийн эмнэлгүүдийг хангах хэрэгтэй. Нөгөө талаар халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эмч сувилагчдыг тусгай зориулалтын хувцсаар маш сайн хангах хэрэгтэй.

Нэг зүйлийг хэлэхэд бид H1N1 вирусийн халдварын үед “Биоаюулгүйн гуравдугаар зэрэглэлийн лаборатори”-той болох зорилт тавьж зураг төслийг хийж 2012 онд ХӨСҮТ-ийн хашаанд барилгын ажлыг эхлүүлснээс хойш олон жил болж байна.

Байнга л шинэ вирусийн дэгдэлт гарч байгаа өнөө үед энэ лабораторийг яаралтай ашиглалтад оруулах нь Монгол төрийн амин чухал зорилт болж байна. Бид чинь малдаа зориулаад ийм түвшний лабораторийг байгуулчихсан мөртлөө хүндээ зориулсан нь одоо болтол байхгүй байна гэхээр харамсмаар байгаа биз.

-Урд хөршийн нэгэн академич ард иргэддээ хандан “Монголоос суралц” гэж жишээ татжээ. Тэрбээр монголчуудын дархлаа сайн байгаа нь цэвэр чанартай хоол хүнс хэрэглэдэгтэй холбоотой гэжээ. Монголчуудын дархлаа ерөнхийдөө сайн байдаг гэж үзэж болох уу?

-Монголчуудын давуу тал энэ шүү дээ. Бас цаг агаарын нөхцөл ч нөлөөлж байна. Сая цас ороход хүртэл баярлаж л суулаа шүү дээ. Вирусийн халдвараас хамгаалах нь хүний биеийн дархлаатай шууд холбоотой. Дархлаа сул байх нь халдвар авах үндэс болдог. Тиймээс л өндөр настай хүмүүс энэ халдварт өртөх магадлал өндөр байна гэж зарлаад, сэрэмжлүүлээд байна.

Нөгөө талаар чанартай хоол хүнс хэрэглэх нь иргэдийн амьдралын боломж нөхцөлтэй маш их холбоотой. Тиймээс эмзэг бүлгийн болоод ахмад настнуудын дархлааг сайжруулах нэмэлт бүтээгдэхүүнээр хангах ажлыг хийх хэрэгтэй гэж бодож байна.

-Төрөөс гаргасан шийдвэрийг иргэд дэмжиж хэрэгжүүлнэ гэдэг нэг ёсондоо төрөө түшилцэж буйн нэг хэлбэр гэж үзэх нь бий. Энэ үед монголчууд төрийнхөө шийдвэр, Ерөнхийлөгчийн зарлигийг дуулгавартай хүлээж авч байгаа нь харагдаж байна?

-Коронавирустэй холбоотойгоор төрийн зүгээс шат дараатай арга хэмжээ авч байна. Төрийн тэргүүн зарлиг гаргаж бүх шатны төрийн байгууллагуудад маш ойлгомжтой чиглэл, даалгавар өглөө. Яагаад гэвэл төрийн байгууллагууд бүх шатандаа хариуцлагатай байж гэмээнэ улс орны өмнө тулгамдаж байгаа асуудлыг цогцоор нь шийднэ. Үүний дагуу аймаг нийслэл, дүүргүүд идэвхтэй ажиллаж байх шиг байна.

Гэхдээ халдвараас сэргийлэх нь зөвхөн төрийн байгууллагын үүрэг биш. Тийм ч учраас төрийн тэргүүн ард иргэддээ хандаж уриалга гаргалаа. Эрүүл мэндийн сайдын уриалга ч гарлаа. Энэ бүхнийг төрийн шийдвэр гэж үзэж иргэд хэрэгжүүлэх үүрэгтэй. Төр түшилцэх гэхээсээ илүү иргэн бүрийн хүлээх үүрэг нь гэж ойлгох хэрэгтэй.

Би хувьдаа төрийн байгууллагуудын хувьд ч иргэдийн хувьд ч энэ шийдвэрүүдийг ухамсартайгаар хэрэгжүүлж, биелүүлж байна гэж харж байна. “Монголын хууль гурав хоног” гэдэгчлэн энэ асуудалд анхаарлаа сулруулж огт болохгүй. Бид чинь цөөхүүлээ шүү дээ.

-Бүх нийтийн эрүүл мэндийг сүүлийн үед их ярих болсон. Коронавирусийн дэгдэлттэй холбоотойгоор бүх нийтийн ариун цэвэр, хувь хүний ариун цэврийн асуудал хөндөгдөж байна. Уг нь монголчууд их цэвэрч ард түмэн байсан шүү дээ?

-Үнэндээ Эрүүл мэндийн салбарын нэг том алдаа гэвэл нийтийн эрүүл мэндийн асуудлыг орхигдуулж хүнийг эмчлэхэд хэт анхаарсан тал бий. 2010 онд Эрүүл мэндийн тухай хуулийг боловсруулж батлахдаа нийгмийн (нийтийн) эрүүл мэндийн асуудлыг тэргүүн зэрэгт тавьж хуульчилсан.

Иргэдийн анхаарлыг хандуулахын тулд АНУ-ын буцалтгүй тусламжаас Эрүүл мэндийн салбарт хуваарилагдсан 39.2 сая ам.долларын хөрөнгөөр “Халдварт бус өвчин, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх” төслийг хэрэгжүүлсэн.

Ямартаа л Монголд бидний хэлж заншсанаар бохирын өвчин гэж нэрлэгддэг “шар өвчин” буюу А вируст гепатитын өвчлөл газар авч байх вэ дээ.

-Одоо харин багасчихсан юм биш үү?

-2007-2011 онд улсын хэмжээнд А вируст гепатитын өвчлөл 10 мянган хүн амд 22.1-49 бүртгэгдэж, зарим аймаг, суманд дэгдэлт хэлбэрээр гарч, өвчлөгсдийн 80-86.1 хувийг 0-15 насны хүүхдийн өвчлөл эзэлж, сургууль цэцэрлэгүүд хүртэл хаагдаж байсныг санаж байгаа байх.

Тиймээс Эрүүл мэндийн сайдын 2011 оны 357 тоот тушаалаар “Заавал хийх дархлаажуулалтад нэвтрүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”, “А вируст гепатитын эсрэг вакциныг хэрэглэх заавар”-ыг баталж улмаар Английн “Гласко Смит Клайн” компанийн дэлхийд алдартай А гепатитын HAVR-IX 720 вакциныг худалдан авч, Улаанбаатар хот, 12 аймгийн 1-5 дугаар ангийн хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулахаар шийдвэрлэж энэ ажлыг ХӨСҮТ-ийн хамт олон амжилттай хэрэгжүүлсэн юм.

Вакцинжуулалтын үр дүн богино хугацааны дотор гарсан учраас А вируст гепатитын эсрэг вакциныг үндэсний товлолд оруулж, 2012 оноос нэг ба хоёр настай хүүхдийг дархлаажуулалтад тогтмол хамруулсан.

Үүний үр дүнд бага насны хүүхдийн дунд нийтлэг бүртгэгдэж, нийт вируст гепатитын өвчлөлийн дотор 90 хүртэлх хувийг эзэлж байсан А вируст гепатитын өвчлөл сүүлийн таван жилийн дунджаар 10,000 хүн ам тутамд 25.0 тохиолдол бүртгэгдэж, 2016 онд гэхэд 0.1 болж буурсан.

Элэгний хавдар өндөртэй орны хувьд А вируст гепатитын өвчлөлийг зогсооно гэдэг том амжилт юм шүү.

-Хятад улсын хувьд Цагаан сарын баярыг өргөнөөр тэмдэглэснээр коронавирусийн дэгдэлтийг түргэтгэчихсэн нь алдаа болсон. Харин манай улсын хувьд Цагаан cap бүтэн сараар зөрж байгаа нь бидэнд хөршөөсөө сургамж авах нөхцөлийг бүрдүүллээ?

-Харин тийм ээ. Монголчуудын буян заяа нь түшсэн юм байлгүй дээ. “Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна” гэдэг биз дээ. Нэг удаа Цагаан сараа өнжөөд дараа нь хорио цээр тавигдахаар айж эмээх юмгүй уулзаж учирч болно шүү дээ. Бид чинь уулзаж учраагүй хүнтэйгээ хавар зун уулзаад гар зөрүүлж золгодог л биз дээ.

-Таны анзаарч байгаагаар вирусийн дэгдэлт хэдийгээр намжих бол гэж харж байна вэ. Эдгэсэн хүний тоо нь нас барсан хүний тооноос давчихсан гэдэг нь найдвар бий гэсэн үг биз?

-Тэнгэр хангай дулаарч, хаврын урь орох дөхөж байна. Энэ нь манайд эрсдэл үүсгэж болзошгүй. Эм, вакцин нь бэлэн болоогүй байна. Шинэ эм, вакцин үйлдвэрлэх гээд эмийн том компаниуд ажиллаж л байна. Гэхдээ энэ эм вакциныг эмчилгээнд оруулахын тулд тодорхой хугацаанд туршина, ДЭМБ хүлээн зөвшөөрсөн нөхцөлд үйлдвэрлэнэ, хуваарилна гээд олон шат дамжлага дамжина.

Зориулалтын эм, вакцин байхгүй ч халдвар авсан хүнийг зүгээр хараад үхүүлээд байж болохгүй шүү дээ. Эдгэрсэн хүний тоог зарлаад байхыг бодоход эмч нар янз бүрийн эм тариа туршиж үр дүнд хүрч байгаа юм болов уу гэж бодож, бас найдлага төрж байна.

-Таны хувьд цахим золголтыг хэр хүлээж авсан бэ. Цагаан сараар цахим золголт хийх үү?

-Зөв л гэж үзэж байна. Утсаар ярьчихсан ч болно шүү дээ. Би Цагаан cap хийхгүй гэдгээ аль эрт ах дүү нартаа хэлчихсэн болохоор санаа зовох юмгүй сууж байна.

-Хүн өдөр тутамдаа ямар зүйлсийг мөрдлөг болговол эрүүл байх вэ. Ариун цэвэрч байна гэдэг нь гараа зөв угаахаас эхэлнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Манай эмч нар коронавирус дэгдсэнтэй холбоотойгоор монголчууд маск хэрэглэж, гараа угааж сурч байна гэж ярьж байна лээ. Үнэхээр сурч байна. Ер нь томуу, томуу төст өвчин дэгдсэн, утаа униартай үед маск тогтмол зүүсэн хүн ханиад хүрдэггүй шүү дээ.

Нөгөө талаас өвчтэй хүн бусдад халдвар тараахгүйн тулд заавал маск зүүх хэрэгтэй. Энэ бол бусдыг хүндэтгэж байгаа хэрэг.

-Нус, шүлсээ ил задгай, гудамж талбайд хаяж байгаа хүмүүсийг хараад байхад ихэнх нь тамхи татдаг хүмүүс байдаг. Тэднийг торголоо гээд тэр байдлыг нь болиулж чадахгүй. Үүнийг хэрхэн шийдэх ёстой юм бол оо?

-Би хувьдаа бидний орчин тойрон ямар ч хог шороогүй, цэвэр цэмцгэр байхад л энэ асуудал аяндаа шийдэгдэнэ гэж боддог.

Гял цал болсон цэвэр цэмцгэр гудамжаар алхаж яваа хүн нусаа нийж, шүлсээ хаях боломж байхгүй шүү дээ. Нөгөө талаас гудамжинд явж байхдаа аль болохоор тамхи татахгүй байхыг тамхи татдаг хүмүүс хичээх хэрэгтэй. Зарим оронд гудамжинд тамхи татахыг хориглочихсон байдаг шүү дээ. Энэ бол бас л асуудлыг шийдэх гарц.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Отгонсүх: Нийтийн тээврийн салбарын шинэчлэл, бүтээн байгуулалтын ажил саадгүй явж байна


Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхтэй ярилцлаа.


-Нийслэлийг хөдөлгөдөг томоохон салбар болох нийтийн тээврийн асуудал багагүй шүүмжлэл дагуулдаг. Энэ салбарт өөрчлөлт хийх цаг хэдийнэ болсон. Нийслэлийн зүгээс энэ асуудалд ямар бодлого барьж ажиллаж байгаа вэ?

-Улаанбаатар хотын нийтийн тээвэр бол том салбар. Өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч давхардсан тоогоор үйлчлүүлдэг. Эдгээр зорчигчдод өдөртөө 900-950 автобус, троллейбус үйлчилж байна. Сүүлийн 10 жил энэ салбарт парк шинэчлэлт огт хийгдээгүй, хүрэлцээ, үйлчилгээ муу талаар иргэдээс гомдол, санал их ирдэг. Тиймээс нийслэлээс энэ онд нийтийн тээврийн салбарыг шинэ шатанд гаргахаар төлөвлөж, аль хэдийнэ бэлтгэл ажлууд хийгдээд явж байна. Бидний барьж буй бодлого бол нийтийн тээврийн олон хувилбарт системийг нэвтрүүлэх.

Энэ хүрээнд автобусны парк шинэчлэлтийг хийнэ. Туршилтаар цахилгаан автобусыг нийтийн тээвэрт явуулж байна. Шат дараатай төлөвлөгдөн хийгдэж байна. Сabel car буюу агаарын дүүжин замын тээврийг нэвтрүүлэхээр тооцоо судалгаа нь хийгдээд явж байна. Агаарын дүүжин замын тээврийн хувьд Хайлааст, Дарь-Эх, Баянхошуу гэх мэтчилэн өндөрлөг газар амьдарч байгаа иргэдийнхээ ая тухыг бодож энэ төрлийн тээврийг хэрэглээнд нэвтрүүлэхээр сонгосон. Агаарын дүүжин тээврийг зөвхөн аялал жуулчлалын зориулалтаар хэрэглэдэг байсан бол ОХУ-ын Новогород хот болон Камбож, Тайланд, Францын Брэст хот, Туркийн Анкарад, Амeрикийн Нью-Йоркд, Английн Лондонд, Тайвань, Солонгос, Хонконг, Сингапур, Колумб, Бразил, Пeру гэх мэт дэлхийн олон оронд нийтийн тээвэртээ хэрэглээд эхэлсэн. Манай улсын хувьд ч нийтийн тээврийн салбартаа нэвтрүүлэхэд олон талын давуу талтай гэж харж байгаа.

Түүнчлэн хамгийн их зорчилттой Энхтайваны өргөн чөлөө буюу Таван шараас Офицеруудын ордны хооронд өдөрт 400-450 мянган зорчигч зорчдог. Энэ замд соронзон галт тэрэг явуулахаар ажиллаж байна. Нөгөөтэйгүүр эдгээр ажлуудын зэрэгцээ таксины үйлчилгээг сайжруулах шаардлагатай гэж үзсэн. Өнөөдрийн байдлаар нийслэлд албан ёсны зөвшөөрөлтэй 598 такси үйлчилгээнд явдаг. Олон улсын стандартаар Улаанбаатар хотод 3-4 мянган такси шаардлагатай. Тиймээс эхний ээлжинд энэ жилдээ багтаан 1000 таксигаар парк шинэчлэл хийчих юм бол нийтийн тээврийн ачааллыг бууруулах нэг шийдэл болох юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд энэ төслүүдийг хөдөлгөнө.

Мөн нийтийн тээврийн салбарын ачааллыг бууруулахад эко бодлогын хүрээнд дугуйн замын асуудлыг шийдэхээр ажиллаж байгаа. Сонирхуулж тоо баримт дурдахад, сүүлийн 10 жилийн хугацаанд нийтдээ 27 км дугуйн зам тавигдсан байна. Харин бид нэг жилийн хугацаанд 50.1 км дугуйн зам нэмж барихаар тооцоо, судалгаа хийгээд, ирэх дөрөвдүгээр сараас ажил нь эхлэх гэж байна. Бид иргэддээ дугуйгаар явах нөхцөл боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Тиймээс дээр дурдсан ажлууд цогц болсноор нийтийн тээврийн олон хувилбарт систем бий болж, зорчигчид аюулгүй, ая тухтай зорчих, замын түгжрэл буурах асуудал шийдэгдэх юм.

-Түгжрэл бууруулах арга замуудыг эрж хайхын зэрэгцээ дэлхийн жишигт нийцсэн нийтийн тээврийг хэрэглээнд нэвтрүүлэхээр зорьж байгааг та хэллээ. Гэхдээ агаарын дүүжин замын тээврийн тухайд л гэхэд энэ төрлийн тээврийн хэрэгслийг хэрэглээнд нэвтрүүлнэ гэдэгт итгэхгүй олон хүн байгаа.

-Автобуснуудаа шинэчилж чадаагүй байж соронзон галт тэрэг,агаарын дүүжин тээвэр тавина гэдэг нь сонгуулийн шоу гэдэг ч юм уу тиймэрхүү хандлага байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бид хийнэ. Төсөв мөнгө нь шийдэгдсэн. Франц, Монгол Улсын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хийгдэхээр болсон. ТЭЗҮ нь урьдчилсан байдлаар хийгдсэн. Энэ оны дөрөвдүгээр сараас агаарын дүүжин тээврийн ажил эхэлнэ. Тэгэхээр энэ мөрөөдөл биш. Биелнэ.

Одоо бид өчнөөн удаан хэрэглэсэн автобусыг эх орондоо авчирч хэрэглэхээ больё. Улаанбаатар хот 2020 онд “Нэг хот нэг стандарт” уриатай бодлого барьж байна. Энэ хүрээнд нэг километр ч бай, нэг метр ч бай замыг стандарт, норм дүрмийнх нь дагуу гүйцэтгэнэ гэдэг бодлого барьж ажиллаж байгаа. Тиймээс нийтийн тээвэр дээр болохгүй, бүтэхгүй зүйл байхгүй. Шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлууд нь саадгүй явж байна.

-Өнгөрсөн онд иргэдэд хамгийн их таалагдсан зүйл бол хүүхдийн сургуулийн автобус байсан. Энэ онд автобусны тоог нь нэмэхээр болсон гэж байсан?

-Сургуулийн автобусыг туршилтаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас эхлэн 29 сургуулийн 33 чиглэлд 40 автобус явуулж эхэлсэн. Зөвхөн сурагчдад зориулсан тусгай чиглэлийн тав тухтай, аюулгүй байдлыг хангасан 40 автобус үйлчилсэн. Хичээл амрахад буюу арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн статистик тоо баримтыг харахад давтагдсан тоогоор 115 мянган хүүхдэд сургуулийн автобусаар үйлчлүүлсэн байв. Үр дүнд нь дээрх тооны хүүхдүүдийг зам тээврийн осол, аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан гэж хэлж болно. Мөн эцэг, эхчүүд тайван ажлаа хийх боломж нөхцөлөөр хангаж, хотын түгжрэлийн асуудалд тодорхой тооны хувь нэмрээ оруулсан нь харагдсан. Тиймээс Улаанбаатар хотоос энэ ондоо 200 шинэ автобусаар хүүхдийн автобусны парк шинэчлэл хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Одоогоор нийтийн тээвэрт явж байгаа автобусуудыг хүүхдийн автобусны үйлчилгээнд явуулж байгаа. Шинээр авах гэж буй 200 автобус нь хүүхдэд зориулагдсан,тусгай стандартын дагуу байх юм. Энэ оны тавдугаар сард эхний автобусуудаа оруулж ирнэ. Бид ч мөн хүүхдийн зам тээврийн ослыг 0 болгох ёстой хэмээн ажлаа уялдуулж ажиллахыг зорьдог.

-Та бүхний эхлүүлсэн ажил сонгуулийн дараа өөрчлөгдөж, эсвэл зогсчихгүй байгаа?

-Аль ч нам, эсвэл сонгуульд ялалт байгуулсан бай бүтээн байгуулалтын ажлыг цааш нь үргэлжлүүлэх хэрэгтэй, шаардлагатай гэж үздэг. Нийтийн эрх ашиг, Монгол хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах асуудал чухал учраас түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх томоохон эхлүүлсэн ажлыг аль ч улс төрийн хүчин эсэргүүцэхгүй болов уу.

-Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон нийслэлээс олон ажил хийж байгаа. Жишээ нь, нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгал илт сайжирсанд, иргэд ам сайтай байна.

-Их хотын 600-650 мянган иргэнийг тээвэрлэж буй нийтийн тээврийн салбарт онцгой анхаарал хандуулах ёстой. Парк шинэчлэлт огт хийгдээгүй байлаа гээд заавал хиртэй суудлын бүрээс дээр сууж, хүйтэн, бохир орчинд зорчих ёсгүй. Би ажлаа авснаас хойш энэ асуудалд анхаарч ажиллаж байна. Мэдээж өмнө хэлсэнчлэн нийтийн тээврийн парк шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай болсон. Харин парк шинэчлэл хийтлээ байгаа автобуснуудаа өнгө үзэмжтэй, цэвэрхэн байлгахын төлөө нийтийн тээврийн үйлчилгээний газар болон бусад харьяа байгууллагатай хамтран ажиллаж байна. Шинэ коронавирус тархсантай холбоотойгоор Нийслэлийн онцгой комиссоос ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсэг өглөө болгон 06:00 цагаас эх авалтыг шалгаж,суудлын бүрээсийн хир тортог, үндсэн цэвэрлэгээ, ариутгалыг шалгахын зэрэгцээ жолооч нарын биеийн байдлыг хүртэл хянаж явуулж байгаа. Энэ эрсдэлтэй цаг үед ариутгал, халдваргүйжилт хийх нь маш чухал. Нэг дор олон хүн тээвэрлэж буй автобусны ариутгал, халдваргүйжилт дээр нийслэлээс хэрэгжүүлж буй бодлого чиглэлийг манай автобус компаниуд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин ажиллаж, орой болгон автобусуудад ариутгалыг хийж байна. Солонгос улсад ариутгалыг ямар технологоор хийдэг үү манай нийтийн тээвэр яг тэр горимоор ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа нь сайшаалтай. Нэг зүйлийг онцолж хэлэхэд өмнө нь нэг автобусыг 30 минут цэвэрлээд буудаг байсан бол одоо хоёр цаг цэвэрлэж байна. Суудлын бүрээс, зөөлөвчийг нь хүртэл ариутгаж байгаа. Аж ахуйн нэгжүүд маань цэвэрлэгээ, ариутгалыг маш сайн хийдэг болсон. Улмаар халдвараас сэргийлж гар ариутгах уусмалыг бүх автобусуудад байршуулсан.

Харин иргэд маск, бээлий зүүж, ЭМЯ-наас гаргасан заавар зөвлөмжийг сахин биелүүлэх хэрэгтэй. Мөн автобусаар зорчихдоо гараа ариутгаж хэвшээрэй гэдгийг иргэддээ уриалмаар байна.

-Иргэд нийтийн тээврээр зорчихдоо картаар үйлчлүүлж хэвшиж байгаа. Энэ ажлыг дэмжих үүднээс ямар ажлууд хийж байна вэ. Нийтийн тээврийн картаар үйлчлүүлсэн иргэдэд НӨАТ-ын баримт олгодог болох гэж байгаа гэж дуулсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Иргэд нийтийн тээврээр карт уншуулж үйлчлүүлж байгаа. Карт борлуулах болон цэнэглэх цэгүүдийг бүх төлбөрийн системээр нэвтрүүлэх шаардлагатай учраас шат дараатай арга хэмжээ авч байна. Нэгдүгээрт, энэ сардаа багтаагаад автобусаар зорчиж буй иргэдэд НӨАТ-ын баримт олгохоор болж байгаа. Нэг иргэн өдөрт 2-3 удаа автобусаар зорчихдоо карт уншуулсан бол тэр дунд нь нэг ширхэг НӨАТ-ын баримт өгдөг байхаар зохицуулж байгаа. Яагаад гэвэл маш олон зорчилт хийгдэж байгаа учраас тэр болгонд нь НӨАТ-ын баримт өгөх боломжгүй юм билээ. Энэ мэтчилэн нийтийн тээврийг хөгжүүлэх ажлуудыг шат дараатай хийж хэрэгжүүлж байна. Ямар ч байсан 2020 онд нийтийн тээврийг шинэ үйлчилгээтэй, шинэ шатанд гаргана.

Д.ТУЯА

Categories
мэдээ нийгэм

Гудамжинд нус цэрээ хаясан 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ

Нийслэлийн Засаг Даргын захирамжаар нийт сүм хийдийн 2596 аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн томуу, томуу төст өвчний тархалт, COVID-19 вирусээс сэргийлэх чиглэлээр, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн үүрэг хариуцлага ухамсрыг нэмэгдүүлэх зорилгоор нутгийн захиргааны байгууллагын 71 байгууллагын 6705 албан хаагч нийтийн эзэмшлийн гудамж талбайд эргүүлээр ажиллаж байна.

Нийтийн эзэмшлийн гудамж талбайн хяналт шалгалтаар 281 мянган иргэнд зөвлөмж тарааж, нус шүлсээ хаях, ил задгай бие засах, хог хаяж орчныг бохирдуулсан 29 мянга 129 иргэнд анхааруулга, зөвлөмж өгч 4662 иргэнд 47 сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Зам нээхэд иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна

Улсын Онцгой комиссын 7 дугаар хуралдааны шийдвэрээр улс, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 03 дугаар сарын 03-ны өглөөний 08:00 цагаас эхлэн нээхтэй холбогдуулан иргэд, жолооч нарт дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна.

Жолооч та:

Замын хөдөлгөөн нээх өдрүүдэд нийт нутгаар цас орох төлөвтэй байх тул жолооч та бүхэн халтиргаа гулгаатай авто замаар бага хурдтай, аюулгүй байдлаа хангаж зорчоорой.

• Автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангах

• Суудлын тооноос илүү зорчигч тээвэрлэхгүй байх

• Хамгаалах бүсээ бүсэлж, бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэх

• Автомашины хөдөлгөөн ихтэй байх тул аль болох гүйцэж түрүүлэх үйлдэл хийхгүй байх

• Шөнийн цагт холын гэрлээ шилжүүлэх

• Олон цагаар автомашин жолоодохгүй байх. /2 цаг тутам бууж, биеийн чилээг гарган амарч байх/

• Орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас, суурин газар 60 км/цагаас хэтрүүлэхгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох

Иргэн та:

Та бүхэн автомашинаар зорчихдоо өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангах зорилгоор жолоочид дараах шаардлагыг тавьж хөдөлгөөнд оролцоорой.

• Жолооч хөдөлгөөний үед гар утсаар ярьж байгаа эсэх

• Жолооч нойрмоглох, зүүрмэглэх үйлдэл гаргаж байгаа эсэх

• Жолооч орон нутгийн замд хурдыг 80 км/ цагаас хэтрүүлж байгаа эсэх

• Таны зорчиж яваа тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэх хэрэгсэл бүрэн бүтэн эсэх

• Өөдөөс автомашин ирж байгаа үед гүйцэж түрүүлэх үйлдэл хийх эсэх

• Түр зогсохдоо автомашинаа аюулгүй газар зогсоосон эсэхэд иргэн та байнга хяналт тавьж, зорьсон газартаа аюулгүй очиход анхаараарай.

Улсын онцгой комиссын 5, 7 дугаар хуралдааны шийдвэрээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл Аймаг, нийслэлээс орох, гарах хөдөлгөөн 9 хоног бүрэн хаасантай холбоотойгоор иргэдийн хот хоорондын авто замд зорчих урсгал нэмэгдэж, хөдөлгөөний ачаалал ихтэй байх тул жолооч, иргэд та бүхэн анхаарч, замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

“Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээ мэдэгдлээ

Улсын онцгой комиссийн дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин Хурд хамтлагийг хүлээн авч уулзаж байна. “Хурд” хамтлаг олон улсын эмэгтэйчүүдийн баяраар онлайн тоглолт хийхээ мэдэгдлээ. Гэртээ суугаад HDМонгол телевизээр Хурд хамтлагийн тоглолтыг үзэхийг уриаллаа.

Шадар сайд Ө.Энхтүвшин:

-Онлайн хэлбэрээр тоглолт хийхээр болж байгаад баяртай байна. Өдөр бүр шинэ коронавирусийн халдварын тархалт нэмэгдэж байна. БНСУ сэтгэл түгшээж байна. Тэнд манай монголчууд олуулаа байгаа. Тийм учраас Улсын онцгой комисс Сар шинийн өдрүүдээр хуралдлаа. Цаашдаа хөл хөдөлгөөний хязгаарлалтыг хэвээр үргэлжлүүлнэ. Олон улсын эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраар ч хөл хориог үргэлжлүүлнэ.

Зарим нислэгүүдийг зогсоохоор өөр аргагүй болж байна. Замын Үүд, Буянт-Ухаагийн боомтоор зарим хөдөлгөөнийг хүлээж авна. Бид энэ вирусийг ороод ирвэл ямар эмчилгээ хийхээ мэдэхгүй. Гэхдээ ороод ирсэн тохиолдолд бэлэн байдлыг хангана. Та бүхний өгч байгаа хандивт баярлалаа. Та бүхний хандив сайн сайхан бүхний булаг болж ундрах болтугай гэж ерөөе. Та бүхэн дуу хуураараа төдийгүй нийгмийн хариуцлагаараа уриалж байгаад баяртай байна хэмээв.

Categories
гадаад мэдээ

Хятадад коронавирусний халдварын 202 шинэ тохиолдол бүртгэгджээ

Эх газрын Хятадад өнгөрсөн ням гарагт шинэ коронавирусний халдварын 202 шинэ тохиолдол бүртгэгдэж, уг халдварын улмаас 42 хүн нас барсан талаар тус улсын Эрүүл мэндийн газрын удирдлагууд даваа гарагт мэдээлжээ.

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, ням гарагийн оройны байдлаар коронавирусний халдвар авсан хүний тоо 80026 хүрч, 2837 хүн нас барж, 44462 хүн эдгэрэн эмнэлгээс гарчээ.

Ням гарагт нас барсан хүмүүс бүгд Хубэй мужид бүртгэгдсэний зэрэгцээ шинээр илэрсэн 202 тохиолдлын 196 нь уг мужид бүртгэгдсэн байна.

Мөн тухайн өдөрт халдвар авсан байх магадлалтай 141 тохиолдол бүртгэгдсэн бол 2837 хүн эмнэлгээс гарч, биеийн байдал хүнд хүний тоо 255-аар буурч 7110 болжээ. Үүнээс гадна халдвар авсан хүмүүстэй ойр байсан 46279 хүн эмнэлгийн хяналтад байгаа бөгөөд ням гарагт хяналтад байсан 8154 хүн гэртээ харьжээ.

Ням гарагийн байдлаар Хонконгт коронавирусний халдварын 98 тохиолдол, Макаод 10 тохиолдол, Тайваньд 40 тохиолдол бүртгэгдэж, Хонконгт 2, Тайваньд 1 хүн нас баржээ. Мөн Хонконгт 33, Макаод 8, Тайваньд 9 хүн эдгэрсэн байна.