Categories
мэдээ нийгэм

Нэг айлын гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас баржээ

Өчигдөр (2020.02.05) Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид дуудлага мэдээллийн дагуу 17:30 цагт очиж, нас барсан 5 настай Я, 4 настай эмэгтэй А, 1 нас 6 зургаан сартай эмэгтэй Ц нарын цогцсыг тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат иргэн Ч 2019 оны есдүгээр сараас Дархан-Уул аймгийн Дархан суманд гэр бүлээрээ түр ирж, иргэн Г-ын эзэмшлийн дөрвөн өрөө байрны нэг өрөөг түрээсэлж амьдарч байжээ. Ажлын хэсэг тухайн айлд очиход угаалтуурын хэсэг бөглөрч, хэрэглээний халуун ус хальж /шалнаас 2.5 см/ гоожсон байдалтай, хальсан усан дотор уртасгагч залгуур цахилгаанд залгаатай, өрөө рүү нэвтрэх боломжгүй байсныг аюулгүй болгосон байна. Цагдаагийн болон прокурорын байгууллагаас ослын газарт үзлэг хийж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

Туркт 179 хүнтэй “Boeing 737” онгоц осолджээ

Өчигдөр орой /2020.02.05/ Туркийн Истанбул хотын нисэх онгоцны буудалд “Boeing 737” онгоц газардах үеэрээ сүйрчээ. Онгоцонд 179 хүн байсан бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр гурван хүн нас барсан гэжээ. Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Кожугийн мэдэгдсэнээр 157 хүн гэмтэж бэртсэн байна. 179 зорчигчийн 20 гаруй нь гаднын орны иргэд байжээ.

“Pegasus” агаарын тээврийн компанийн онгоц Измирээс Истанбул руу нисэж ирсэн байжээ. Онгоц маш хүчтэй газардаж, хөөрөх-буух зурвасыг давж гаран дундуураа хуваагдаад дараа нь шатсан байна. Удалгүй гал сөнөөгчид ирж галыг түргэн шуурхай унтраажээ.

“Boeing 737” онгоц осолдох үед аадар бороо орж байсан гэнэ. Ослын дараа Истанбулын нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоож, нислэгүүдийг хойшлуулаад байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын Онцгой комиссын шуурхай бүлэг хилийн боомтуудад ажиллана

Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах салбар хоорондын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлагаар хангах, хилийн боомтуудад үүссэн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан “Шуурхай бүлэг” өнөөдөр өглөө хилийн боомтууд руу нислэг үйлдлээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ЗТХЯ, МХЕГ, ТЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ болон Авто тээврийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн холбогдох мэргэжилтнүүд багтаж байгаа юм.

Ажлын хэсэг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд”, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь “Гашуунсухайт”, мөн аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн”, Улаанбаатар хот дахь “Буянт-Ухаа” боомтын үйл ажиллагаа, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ, мэргэжлийн байгууллагуудын бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, үүрэг чиглэл өгнө.

Categories
мэдээ нийгэм

Автомашинуудад техникийн үйлчилгээ хийлээ

Цагдаагийн ерөнхий газрын Автобааз 2020 оны 01 дүгээр сараас эхлэн Автомашины техникийн хуваарьт үйлчилгээнээс гадна гражид тавигддаг болон байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэдэг автомашинуудад хяналт тавих, техникийн бэлэн бйдлыг хангах зорилгоор хөдөлгөөнт явуулын техникийн үйлчилгээ ажиллуулан хөдөлгүүрийн тос, хөргөлтийн шингэн, тормозны шингэн нэмэх, гэрлийн ламп солих зэрэг техникийн үйлчилгээг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтэс дээр очиж газар дээр нь хийж ажиллалаа.

Гадна гражид тавигддаг болон байнгын хөдөлгөөнт эргүүлд ажилладаг 249 автомашинд дээрх үйлчилгээг үзүүлснээр техникийн бэлэн байдлыг хангах, автомашины ашиглалтыг сайжруулахад ихээхэн үр дүнтэй ажил болж, цаашид энэ ажлыг үргэлжлүүлэн хийхээр төлөвлөж байна.

Categories
гадаад мэдээ нийгэм

​Шинэ коронавирусийн халдвараар 565 хүн нас барж 1,173 хүн бүрэн эдгээд байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо хоногт 4000 орчмоор өсч, өнөөдөр өглөөний /2020.02.06/ байдлаар дэлхий даяар 28259 болоод байна. Халдвар авсан байж болзошгүй хүний тоо 24000 орчим байгаа бол нас барагсдын тоо 74-өөр нэмэгдэж 565 болжээ. Эдгэрсэн өвчтөний тоо 1162 болжээ.

Зөвхөн Хятад улсад л гэхэд халдвар авсан 28060 хүн байгаа бол бусад 25 улсад нийтдээ 200 орчим тохиолдол бүртгэгдээд байна. Өмнөд Солонгост нэмж дөрвөн тохиолдол бүртгэгдэж, нийт 23 хүн уг өвчнөөр өвчлөөд байгаа нь өндөр үзүүлэлт болоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сонгуулийн “ороо” орж дуулиан шуугиан дийлдэхээ байлаа

“Ороо” гэдэг үгийг тайлбарлах нь илүүц биз дээ. Бүгд мэдэх хойно. Ер нь шинэ он гарав уу, үгүй юү сонгуулийн “ороо” айхавтар орлоо доо. Дуулиан шуугианы талаар сонсож, уншиж, үзэж барахгүй байна. Энэ юу болов гэж байтал дараагийнх нь дуулиан залгаад мэдрэлээр ёстой тоглож байна. Сонгуулийн “ороо” ийм хүчтэй орж байсныг мэдэхгүй юм байна. Бас аюултай юм байна. Өнөөдөр өвчний вирусийн “ороо” ид байна. Өвчтэй хүмүүсийн “ороо” дагаад орох нь бүр хэцүү юм.

Баахан баривчилгаа, хар тамхи, мөрийтэй тоглоом… хэмээн сүйд болсон. Залгуулаад цагдаагийн хурандаа нарын авлига, Тагнуулын ажилтнуудын дээрэм, Г.Батхүү агсны учир битүүлэг үхэл, Их хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэлт, Коронавирусийн халдвар, өчигдрийн байдлаар Буяндоржийн зарласан авлига авсан гэх прокуроруудын нэрсийн дуулиан…

Би ингэвэл гараад ирэх болов уу гээд бүгд л хороо найруулж байгаа бололтой. Эцэстээ бүгд унах байх даа. Дэлхийд шинэ шинэ өвчин вирус цаг үргэлж гарч байсан. Өмнө нь ч, өнөөдөр ч, маргааш ч гарсаар байх биз. Бид хэтэрхий сүржин байна. Хэтэрхий дуулиан шуугиантай болгож дэвэргэж байна. Эцсийн бүлэгтээ энэхүү вирусийн эсрэг Засгийн газар л сайн ажиллаж байгаа юм байна гэсэн ганц ойлголтыг нийгэм авч байгаа. Сонгуулийн дүнд нь сайнаар нөлөөлөх болтугай. Өдөр бүрийн 11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас Монголд огт илрээгүй, бид сайн ажиллаж байна гэсэн сураг төдий байгаа вирусийн талаар мэдээлэл хийж байна. Засгийн Газрын нөөц хөрөнгөнөөс өдөр бүр тэрбум тэрбумаар нь яам руу шилжүүлж байна. Түүнийг нь цэвэрлэгээний материал, маск, оношлогооны аппартанд зориулж байна. Одоогоор ХӨСҮТ-д 4,2 тэрбум төгрөг өгчихөөд байна. Үнэндээ тэр маск нь вирусээс хамгаалж чадах, чадахгүйг хэн ч, хаана ч тогтоогоогүй байгаа. Хамгийн ойроор нь “Маск зүү” гэсэн зөвлөмжийг ДЭМБ-аас өгч байгаа юм. Миний мэдэхийн арай л эхнэртэйгээ унтахдаа маск зүүхгүй байгаа хүн “Амралтын хоёр өдөрт ханиад маань бүр үгдэрчихлээ” хэмээн маскныхаа цаанаас ярьсаар ажилдаа ирээд, хар өглөөгүүр гэр рүүгээ буцаад явчихаж байна шүү дээ. Тэгэхээр тэр маск чинь хамгаалж чадаж байгаа юм уу. Гэтэл өнөөдөр дэлхий даяар маскны дайн болж байна. Монголд бүр янзтай юм болж байгаа. Төр засгийн бүх байгууллагууд “Маск зүүгээгүй хүнд үйлчлэхгүй” гэсэн зарлалыг том томоор хадчихсан. Энэ нь ямар үр дагавартай байна гэхээр үйлчилгээ авах гэж очсон иргэн, үүдэнд нь зогсож байгаа харуул хоёрыг зодолдуулсан өдрүүдийг бий болгож байна. Учир нь маск Монголд байхгүй. Нийлүүлдэг хятад нь өгөхгүй байгаа юм чинь. Бидний монголчуудын байж байгаа царай л энэ. Та нар тогтож хар л даа, чуулганы танхимд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Үхрийн мах 5000 төгрөг л байгаа” гэж байна. Гараад зах дээр очихоор 13000 төгрөг. Эрүүл мэндийн яамнаас “Маск бүгдээрээ зүү” гээд байдаг. Гараад авах гэхээр байхгүй. За тэгвэл өөрсдөө хувиараа маск оёод зүүцгээ гэж зөвлөсөн. Тэгье байз гээд ухасхийтэл оёдлын машинуудаа аль эрт ерэн оны төмрийн хогонд ачуулчихсанаа сая мэдэх жишээтэй. Ерөөсөө ийм л дампуу байна. Монголчууд бидний үнэн төрх, аливаад тулхтай ханддаггүй, юм боддоггүй, хандлага буруу байгааг энэ их захгүй, шил шилээ дарсан дуулиан шуугиан харуулах шиг болж байна. Монгол Улсад юу ч тохиолдсон бэлэн, бэлтгэлтэй байдаг мэргэжлийн баг салбар бүрт байна уу. Байхгүй болохоор л ингэж их сүржигнэж, дэвэргэж, улс орноо хөмөрчих гээд байна шүү дээ. 14 хоногийн өмнө 34 000 төгрөгөөр авч байсан хүнсний бүтээгдэхүүнээ өчигдөр яг тэр хэвээр нь авахад 56 000 төгрөг болчихсон байна. Сүртэй ч юм биш, талх, боорцог төдий өргөн хэрэглээний бараа. Гэтэл 14 хоногийн дотор 22 000 төгрөгөөр нэмэгдчихсэн байна. Монголын дундаж, дунджаас дээш давхаргынхан цөөхөн ам бүлтэй. Сайндаа хоёр хүүхэдтэй. Тэр хэрээр зардал бага. Бага зардлаар амьдралыг, нийгмийг харж байна. Гэтэл дийлэнх нь болох хүнд амьдралтай өрхүүдийн ам бүл олон. Тэдний зовлонг шийдвэр гаргагчид, дундажууд, нийгэмд идэвхтэй хэсгийнхэн нь ойлгохгүй “Орк зан, дэлгүүр лангуу хоосоллоо” гэх жишээтэй. Ингэж хэлснийг буруутгах, гомдох юм байхгүй. Бодит амьдрал өөр байгаа гэдгийг тэд олж харах ёстой. Тэгж байж Монголын нийгмийг өөд нь татна.

Аливааг бодитой харж, үнэн ярьж байх хамгийн чухал байна. Гэтэл төр засгийн албан эх сурвалжууд нийгэмд итгэл төрүүлэх мэдээлэл өгөх чадваргүй болчихлоо. Энэ орон зай дээр нь сайтын хэдэн хүүхдүүд сайн саваадаж байна. Нийгмийн сэтгэл зүй үүнд нь сайн савж байна. Төр засаг нь шат шатандаа мэдээллийг үнэн зөв өгч, байр суурь дээрээ бат нягт зогсож, судалгаа тооцоотой ярьж чадахгүй байгаа нь угаас хэрсүү бус байгаа монголчуудыг тэнэг болгож байна даа. Хамгийн гол нь айхавтар улс төр хийж, сонгуулийн “ороо” болгож байгааг харах хэрэгтэй.

Өнөөдрийн мэдээллийн урсгалыг харж байхад шуурхай байх гэдэг дээр л тогтож байна. Би ч, та ч, ер нь бүгдээрээ аливаа мэдээллийн үнэн эсэхийг ялгах боломжгүй болчихлоо. Яагаад гэвэл сошиал дахь энэ их замбараагүй урсгалаас болж. Хэн түрүүлж мэдээлсэн нь үнэн болчихоод байна. Түрүүлж мэдээлсэн нь чухал болохоос тэр мэдээллийн үнэн, худал нь хоёрдугаар асуудал болчихоод байна. Жишээ нь “Өдрийн сонин”-ы редакци аливаа мэдээллийн үнэн эсэхийг тодруулах гэж бүхэл бүтэн редакциараа хөдөлж, олон эх сурвалжаас тодруулж, сая нэг бодитой цэг дээр хүрсний дараа буурь суурьтай мэдээллээ нийгэмд хүргэж байхад, иргэд түрүүлж уншсан сошиалын хөнгөн хуумгай мэдээлэлд итгэчихсэн сууж байна. Хажуугаар нь улстөрч бүхэн, үйл явдал бүр дээр гарч ирж өөр өөрийнхөөрөө бурдаг нь нийгмийг бүр будлиантуулж байна.

Бид одоо нэг үнэнийг олж харах хэрэгтэй. Төр засгийн бүх томилгоо сүүлийн 30 жилд хэдхэн хүний эргэн тойронд эргэлдлээ. Тэртээ 30 жилийн өмнө намайг жаахан хүүхэд байхад Ч.Улаан гуай Үндэсний хөгжлийн газар гэж яамнаас том эрх мэдэлтэй газрын дарга байсан. Өнөөдөр тэр хэвээрээ сайд хийгээд “Мах 5000 төгрөг байгаа” гээд сууж байна. Ер нь салбар бүрийг хар. Арван настай байхад дарга л байсан, аравдугаар анги төгсөхөд дарга л байсан, авгай аваад амьдрал зохиоход дарга л байсан хүмүүс өнөөдөр бас сайд дарга хэвээрээ л байна. Ийм хүмүүсээ одоо больчихож, сольчихож болдоггүй юм уу. Арван тэрбумын бэлэн төсөвтэйгөөр орж ирээгүй коронавиусийн эсрэг үзэж тарах нь 30 жилийн туршлага, технологитой тэдэнд ямар амар хялбар хоол байгаа бол. Өдөр бүр мэдээлэл хийж, ард түмнээ тахлаас хэрхэн сэргийлж байгаа, түүний төлөө цаг наргүй хөдөлмөрлөж байгаагаа яриад л… түүнд мэдээллийн бүх хэрэгсэл дагаж хошуураад л… Улс төрийн том акц, том пиар юм даа. Орж ирээгүй вирус дээр “ороо”-гоо оруулах хэрэггүй ээ. Түүнийг нь хэвлэл мэдээлэл дөгөөх хэрэггүй. Тэгж яривал ХӨСҮТ гэсэн мэргэжлийн ганц байгууллага нь сэргийлчих, шийдчих ажил шүү.

Эцэст нь хэлэхэд, сонгуулийн “ороо” орох нь орчихлоо. Сонгуулийн маргааш гэж нэг өдөр бий дээ л гэж бодож сууна. Тэр хүртэл хэд нь тэсч үлдэх юм. Их хуралд хэн гарах юм. Ямар ч байсан сонгуулийн маргааш өдөр энэ бүх ороо орсон шигээ гарна. Ганц мэдэж байгаа үнэн энэ л байна. Өнөөдөр бол маскны дайн ид л байна. Маргааш ямар “ороо” орохыг манай баатрууд мэдэж байгаа байлгүй. Харж л байя. Харин мэдээлэх дээрээ, мэдээллийг хүлээж авах дээрээ жаахан хэрсүү баймаар байна шүү, монголчууд аа.

Categories
мэдээ нийгэм

Хоёрдугаар сарын 6-нд болох үйл явдлууд

10.30 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд “Улаанбаатар смарт карт” ХХК-иас “U-Money” ухаалаг картыг банкны посс машинаар цэнэглэдэг болох талаар мэдээлнэ. Утас: 99693440

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдэл хийнэ.

11.30 цагт Төрийн ордонд УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Эв санааны нэгдэл үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Цэнгэл: Би Орост их сургуулиа төгссөн хүн л дээ

БОАЖ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Ц.Цэнгэлтэй ярилцлаа.


-Таны мэргэжил эрчим хүчтэй шууд холбогддог. Оросод боловсрол эзэмшсэн хүн. Станцад ажиллаж байсан үеийнхээ онцгой дурсамжаас хуваалцаач…

-Миний бие ОХУ-ын Уралын Политехникийн их сургуулийг төгссөн. Хэдий хойно сургууль төгссөн ч орос хэлийг бүрэн төгс эзэмшинэ гэж юу байх вэ. Гэхдээ Сибирийн Шинжлэх Ухааны Академид докторын зэрэг хамгаалсан байдаг юм. Дүгнэх хүмүүс нь дүгнэх л байх гэж бодож байна.

Ер нь Уул уурхай, эрчим хүчний яамны нэр дээр суралцаад сургуулиа төгсөж ирээд, тус яамныхаа харьяа нэгдсэн засварын газарт V, VI зэргийн слесариар ажлын гараагаа эхэлж, нэг жил шахам ажиллаад мастер болсон. Тэр үеийн яамны бодлого салбарын боловсон хүчний мэдлэг, боловсролд ихээхэн анхаардаг байсан учраас мастер, инженерүүдээс жилдээ хоёр удаа орос хэл дээр шалгалт шүүлэг авдаг байлаа. Миний хувьд турбины их бие тохируулгын мастераар ажилласан. Ажиллаж байх тэр үед Дөрөвдүгээр цахилгаан станцын нэгдүгээр турбины гол гулзайсныг (80 мгвт) шуурхайгаар албан байгууллагуудад мэдэгдэж, ихээхэн шуугиан тарьсан асуудал болсон юм. Турбины гол гулзайсан нь нүдэнд харагдаж, гарт баригдах юм биш, тусгай индикатор багажаар хэмждэг зүйл. Гулзайлт нь хэмжилтээр 0,25 мм байсан нь 1 мм-ийг 1000 хуваасаны (25 сот) гэж ойлгож болно. Энэ нь Олон Улсын хэмжээнд ховор тохиолддог. Энэхүү турбин нь зургаан метр урт, найман тонн хүнд жинтэй нэг минутад 3000 эр/мин эргэдэг гээд бодоод үзэхэд аргагүй нарийн шинжлэх ухааны гайхамшиг юм. Турбиныг өргөн цар хүрээгээр нь ойлгуулах юм бол сансрын пуужин, агаарын болон хөлөг онгоц, усан болон шумбагч онгоцнуудын хөдөлгүүр гэж ойлгож болно. Цахилгаан станцад хэвтээ байдлаар цахилгаан үүсгэж ашиглагддаг юм. Турбин гулзайсан нь улс орон даяар эрчим хүчний хязгаарлалтад орж, олон үйлдвэрүүд сул зогсоход хүрч төлөвлөгөө тасрах, манай улсын эдийн засагт онцгой нөлөө үзүүлсэн асуудал болж байсан тул цаг алдалгүй засварлах шаардлага гарсан. Тухайн үед Зөвлөлтийн мэргэжилтнүүд яаж ямар аргаар засварлах тухай цаг тутам зөвшилцөж, зөвхөн үйлдвэрлэсэн үйлдвэрт нь аваачиж засварлах нь зөв гэж үзсэн. Гэтэл тээврийн зардал нь 90 мянган алтан рубль (худалдааны тусгай ханш байсан) болох тооцоо гарсанд монгол инженерүүд ер нь бүгд л сэтгэл гонсойж байсан.

Тэр үеийн ТЭХС-ийн ахлах инженер турбинист Нүдэн багш хэсэг турбинистчүүддээ үүрэг даалгавар, тооцоо судалгаа хийлгэх үүрэг өгч үр дүн нь сайн байсан учир өөрсдөө тэгшилье гэж зоримог шийдэн итгэлт нөхдөө уриалж дарга нарт сайн ойлгуулсан юм. Гэвч тэр үеийн ЗХУ-ын талаас монголчууд хийж чадахгүй гэж маш их цаг хугацаа алдуулсан. Бидний шийдмэг саналыг Монголын талын сайд, дарга нар дэмжиж их ч хөөцөлдсөн. Жишээ нь, Шадар сайд Пүрэвдорж гуай 2-3 удаа Москва руу явсан, ТЭХС-ийн дарга Чимид гуай Сибирийн засварын газрынхыг хэд хэдэн удаа урьж уулзах гэх мэт Нэгдсэн засварын газрын дарга Дорж гуай гээд бүгд л зөвхөн турбины гулзайлтыг яаж цаг алдалгүй засварлах тухай ярьдаг байв. Энэ томоохон ажил нь миний сурсан мэргэжлээрээ гардан ажиллах боломж болсон юм. Бидний нөхөд болох Довчинсүрэн, Пүрвээ, Балсан, Бадрал, Улаанхүү, Дамбийням нараас бүрдсэн гурван ээлжийн ажлын баг хамт олон 45 хоног бэлтгэл ажлыг онц сайн гүйцэтгэсэн. Мөн маш олон төрлийн инженер техникийн ажилчдыг татан оролцуулсан байдаг.

Турбины гол гулзайлтыг тэгшлэх ажлыг маш хариуцлагатайгаар нууцын зэрэгтэй ДХЯ-ны хяналтан дор хүн бүр тус тусдаа үүрэг хүлээн 17 хоног өдөр шөнө цурам хийлгүй бүхий л мэдлэг, ур чадвараа дайчлан ажиллаж гулзайлтыг тэгшилж чадсан юм даа. Өнөөдөр 30 жил тус зассан турбин хэвийн ажиллахдаа хоёр их наяд 980 тэрбум төгрөгийн ашиг оруулсан тооцоог хараад өөрийн эрхгүй сэтгэл хөдөлдөг.

-Жил ирэх тусам л эрчим хүчний хэрэглээ манайд төдийгүй дэлхий дахинд нэмэгдэж байгаа. Манайх эрчим хүчээр экспортоо төрөлжүүлэх боломж бий гэж яригддаг. Боломж бололцоо хэр байна вэ?

-Миний үед эрчим хүч маш их хязгаарлагддаг байлаа. 365 хоногийн 200 гаруйд нь гэмтэл гарч байсан. Дээр нь гадаадын зээл тусламж гэж байдаггүй. Тэр үеийн Зөвлөлт холбоот улсаас бүрэн хамааралтай. Манайд эрчим хүчний ажилчдын 20 гаруй хувь нь Оросын мэргэжилтнүүд ажиллаж байлаа. Харин Дулааны гуравдугаар цахилгаан станц анх удаа Азийн хөгжлийн банкнаас эрчим хүчний зээлд хамрагдаж таван зуухаа шинэчилж байсан.Цахилгаан станц гэдэг бол өөрөө тэр чигтээ асар олон зүйлээс бүтдэг технологийн тоноглол. Шинэхэн дулааны дөрөвдүгээр станц дээр хурц уурын шугам цоордог байсан үед Японы хөрөнгө оруулалттай анхны томоохон төсөл хэрэгжиж япончууд ирж засварлаж байсан. Харин өнөөдөр Монгол Улсын эрчим хүч улам л боловсронгуй болж гадны зээл тусламжаас гадна инженер, техникийн ажилчдын авхаалж самбаа, ур чадвар, мэдлэг боловсрол дээшилж эрчим хүчний салбар хурдацтай хөгжих түлхүүр болж байгаад сэтгэл хангалуун байна. Намайг залуу байхад шагай тулсан үнсэн дунд хоёр нүд л гялалзаад л явж байсан үе, харин одоо бол цагаан халадтай явж байна шүү дээ. Энэ бүхнээс харахад хөгжлийн хандлага маань зөв байна л гэсэн үг. Эрчим хүчний нэгдсэн систем гэдэг зураглалыг Жигжид сайд болон бидний үеийнхэн гаргаж өнөөдөр тэр зураглалаар явж ирсэн. Харин одоо зарим нь өөрчлөгдөж байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүч орж ирж байна. Сүүлийн таван жил салбарынхан маань усан цахилгаан станц барих гэж нэлээд даваа туулж байна даа. Ер нь нааштай болоод ирэхээр манайх дотроосоо л болдоггүй. Энхболд Ерөнхий сайдын үед барьчихсан бол хөрөнгө нь боломжтой л байсан. Засаг төр нь сайн дэмжвэл хувийн хэвшлийн үйлдвэрүүд орж ирэх боломжтой. Гэтэл энэ тал дээр сайн хандаж өгдөггүй. Уул уурхай томоохон үйлдвэрүүд манайд ороод ирвэл эрчим хүч дутагдана. Дэлхий дахинд эрчим хүч өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эрчим хүчний зөв оновчтой бодлого барьж ажиллах ёстой. Манай улс эрчим хүчээ экспортлох боломж бүрэн бий гэж боддог.

-Та улс төрд ороод багагүй хугацаа өнгөрч байна…

-1996 оны сонгуулийн үеэр Шадар сайд Л.Энэбиш гуайтай уулзах гээд чадаагүй. Л.Энэбиш гуай манай нутгийн хүн, манайхны ахтай нэг ангид сурч байсан юм. Тэр үед миний хувьд бизнес маань нэлээд цэцэглэж байсан үе. 1989 онд компани байгуулж байсан гэхээр 1996 онд хөл дээрээ босчихсон үе. Бас ч болоогүй турбины гол янзлаад хоёр өрөө байраар шагнуулчихсан. Тэр жилийн сонгуулиар Л.Энэбиш гуай Ерөнхий сайд байсан Н.Алтанхуягтай өрсөлдөж байсан юм. Л.Энэбиш гуайг тэртэй тэргүй ялна гэж ярьж байсан. Тэгтэл сонгууль ч болж мань хүн өөрөө тавиулчихдаг юм байна. Урьд нь би Л.Энэбиш гуайтай халз уулзаж байгаагүй л дээ. Сонгуулийн дараа Сталины номын сангийн хажуугаар Л.Энэбиш гуай явж байна, тэгээд бид хоёр анх уулзаж байлаа. Ингээд миний улс төр рүү орох эхлэл тавигдсан гэж хэлж болно. Шүтээн минь болчихсон хүн л дээ.

-Сүүлийн үед сошиалаар таны англи хэлээр үг хэлж байгаа хэсэг нэлээд явлаа. Жишээ байдаг л даа. Хятадууд англи хэлийг өөрсдийн дуудлагаараа дуудаад хятаджсан англи хэл гэж нэрлэж болохоор ярьдаг. Улс үндэстэн бүрд л тийм зүйл байх шиг байна…

-За яахав, идүүлсэн бут ургадаг, идсэн эрүү хувхайрдаг гэж Монголын айхавтар үг байдаг даа. Энэ бол 2015 он буюу таван жилийн өмнө ХБНГУ-ын Бонн хотноо болсон Юнеско-гийн хуралд би дөрвөн яам болох БОАЖЯ, БСШУЯ, ГХЯ, ЭХЯ-ыг хариуцан оролцсон.

Дэлхийн өвийн хороонд Бурхан халдун хайрханыг бүртгүүлэх, “Эгийн голын УЦС”-ыг хурлаар хэлэлцүүлэх даалгавартай байв. Нэг-дүгээрт, Эгийн голын усан цахилгаан станц барих асуудлыг Оросын Холбооны Улсаас Монголын талыг үндэслэлгүй буруу ташаа мэдээ өгч дэлхийн хосгүй үнэт Байгал нуурыг бохирдуулж байна гэсэн гомдол гаргасан байсан. Энэ нь Эгийн голын УЦС-ыг бариулахгүй тал дээр ажиллаж байгаа нь тэр. Дэлхийн өвийн хороо нь манай энэ асуудлыг энд ярих асуудал биш ОХУ , Монгол Улс хоёр хилийн усны гэрээтэй (1996) энэ хүрээнд яригдах зүйтэй гэсэн байр суурийг тавьсан юм. Ер нь хоёр улсын Засгийн газрын бүрэн эрхт гэж байдаг. Монголын талын бүрэн эрхт нь миний бие билээ, тийм учраас хэд хэдэн удаа Эгийн голын УЦС-ын яриа хэлэлцээрийг нааштайгаар ойлгуулж ярьж байсан. Хоёрдугаарт, Бурхан халдун хайрханыг дэлхийн өвд бүртгүүлэх ажил урьд нь хоёр удаа хойшлогдоод байсан тус хурал дээр ч экспертүүд нь хойшлуулах санал тавьсан юм. Ер нь 21 орон үг хэлэх эрхтэй байдаг. Урьдчилсан лобби хийж ярьсны хүчинд 21 орноос 17 орон дэмжиж шийдэгдсэн юм. Энэ лобби хийхэд буруу ташаа ойлгуулахгүй байх талаас маш сайн ажиллах хэрэгтэй болдог. Анхааран ажилласан хамт олон болох Уртнасан, Намхай, Хашмаргад, Түвшинжаргал, Оюунбилэг, Далай, Даваасүрэн нарыг дурдах нь зүйтэй болов уу. Асуудлыг шийдсэний дараа нэг минут талархлаа англи хэл дээр илэрхийлдэг юм билээ.

Миний хувьд анх удаа 180 гаруй улсын өмнө ярьж байгаа нь тэр юм. Уг нь гайгүй болчихмоор санагдсан боловч их сандарчихсан ярьж байгаа царай нь тэр л дээ. Хүн ер нь байнга л сурч байх ёстой. Ахмад гээд хойш сууж болохгүйг мэдэж байгаа. Ер нь ах зах, ёс суртахуун гэх Монголын уламжлалт гэрийн хүмүүжил өнөө үед устан үгүй болж байгаад харамсдаг. Миний хувьд хүнд сурталгүй, ард иргэдэд чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчилж байхыг л хамтарч ажиллаж буй хамт олондоо байнга захиж хэлдэг дээ. Одоо үед бие бие рүүгээ хүний ёсноос хэтэрсэн байдлаар харьцдаг болжээ. Аливаа зүйлд ёс суртахуун гэж байх ёстой гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Билгүүн: Уханьд онц байдал зарлах үед хамгийн түрүүнд “Хүүгээ л хамгаалах ёстой. Би хамаагүй” гэж боддог юм билээ

БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод шинэ төрлийн коронавирусийн халдвар дэгдэж, өнөөдрийг хүртэл олон мянган хүн халдвар тээгч болж зарим нь амь насаа алдсаар байна. Өвчний голомтод суралцаж байсан Монгол Улсын 31 оюутныг Засгийн газрын шийдвэрээр эх оронд нь авчраад удаагүй байна. Тэд одоо ХӨСҮТ-д тусгаарлагдан хянуулж буй. Оюутнуудын дунд нэг ойтой бяцхан хүүтэй залуу гэр бүл Б.Билгүүнийх байсан юм. Б.Билгүүн Ухань хотын төв Хятадын шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Эдийн засгийн сургуульд Хүнд аж үйлдвэрийн эдийн засагч мэргэжлээр магистрт суралцдаг бол эхнэр Р.Болорцэцэг нь ч тус сургуульд менежмэнтийн чиглэлээр магистр горилж буй төгсөх курсийн оюутан аж. Гэр бүлийнхээ хамтаар эрүүл саруул эх орондоо ирсэн баярт мөчийг нь хуваалцаж Б.Билгүүнтэй ярилцлаа.


-Монгол оюутнуудаа эх оронд нь авчрах Засгийн газрын шийдвэрээр МИАТ-ийн онгоц Ухань хотыг зорьсон мэдээллийг анх сонсоход ямар байв?

-Юуны өмнө танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. МИАТ-ийн онгоц хөөрлөө гэсэн мэдээллийг фэйсбүүкээс анх авсан. Мэдээж баярлах сэтгэл цээжинд багтаж ядсан. Түүнээс хоёр, гурван цагийн дараа Бээжин дэх Монголын Консулын газраас холбогдож ийм дугаартай жолоочтой автобус та бүхнийг авахаар очиж байгаа. Маскаа олон давхарлаж зүүгээд, чихээ бөглөж, дулаан хувцас өмсөөрэй. Аль болох бага ачаатай явахыг эрмэлзээрэй гэсэн. Удалгүй автобус ч ирж биднийг авч явсан. Манай оюутнуудыг нийт зургаан байрлалаас очиж авсан юм билээ. Онгоцны буудалд очсон даруйд биднийг эрүүл мэндийн үзлэгт оруулж эхэлсэн. Самбар дээр Улаанбаатар ОМ72-26 чиглэлийн онгоц 02:14 цагт буулаа гэсэн мэдээлэл урсахад зүрх пал пал гээд. Монголын онгоц газардсан мэдээг уншаад бас л их баярласан. Бүгдээрээ алгаа ташаад л бөөн юм болцгоосон. Бараг л удахгүй онгоцондоо суух нь гэж бодтол тийм ч амар байгаагүй. Үзлэгт орохоор бидний өмнө Орос, Пакистан, Солонгос гээд хэд, хэдэн орны 400 гаруй оюутан дугаарлаж байсан. Бүгдийнх нь халууныг хэмжиж, анкет бөглүүлсээр дөрвөн цаг орчим болсон байх. Тэгж явсаар 06:00 цаг өнгөрч байхад МИАТ-ийнхээ онгоцыг цонхоор харсан. Бараг онгоцоо хараад л Монголдоо ирчихлээ гэж баярлацгаасан.

-Монгол Улсын төрийн далбаа нүдэнд туссан биз?

-Биднийг угтсан онгоц бүр “Зүчи хаан” гэсэн нэртэй байсан шүү. Маш их омогшсон. Тэр онгоцыг харах хүртэл хоёр гурван шат дамжлагаар гурав дөрвөн цаг зогсоогоороо байсан. Тэр хооронд маш их түгшүүртэй. 300, 400 хүн оочерлож байдаг. Тэр дунд халдвартай хүн ч байж мэдэх учраас аль болох зайгаа барьж, хол байхыг хичээж байсан. Яг кинон дээр гардаг шиг, үнэхээр их түгшүүртэй байсныг яана. Ялангуяа нялх хүүхэдтэй болохоор бүр хэцүү. Хүү маань маскаа зүүж сураагүй. Авч шидчих гээд. Тэгэхээр нь маскийг нь толгойных нь ард гаргаад зангидчихсан чинь 10 миунт орчим уйлж байгаад сая нэг дассан. Уг нь тэнд хүүхэдтэй хүмүүс харагдсан. Гэхдээ манай хүүхдээс арай том, биеэ даачихсан хүүхдүүд болохоор маскаа зүүгээд сурчихсан.

-Онгоцонд яваад ороход монгол хүмүүс угтахад ямар байх юм?

-Хамгийн гол нь Уханиас Монгол руу анх удаагийн шууд нислэг байсан. Энгийн үед бид Уханиас заавал Бээжин юм уу Шанхай руу явж байж шууд нислэгт суудаг. Гэтэл Уханиас анх удаа МИАТ-ийн цэнхэр морины логотой “Зүчи хаан” гэсэн онгоц угтаж хараад үгээр илэрхийлэх аргагүй сэтгэл хөдөлсөн. Онгоцонд яваад очиход хоёр, гурван эмч тусгай хувцастайгаа, онгоцны багийн ахлагч нар бүгд гарч ирээд тосч авсан. “Сайн байцгаана уу” гэж монголоор мэндлээд ямар сайхан байсан гээч. Бидэнд анхаарал халамж тавиад л хүүг маань “Өө нөгөө хүүхэд үү” гэж ирээд л өхөөрдөөд л. Онгоцонд суухын өмнө гар ариутгагч өгөөд “Суудал бүрт та бүхний нэрийг биччихсэн. Түүний дагуу суугаарай” гэсэн. Ачаагаа тавиад тус тусынхаа бичсэн суудал дээр суугаад хартал 200, 300 хүний суудалтай онгоцонд 31-үүлээ суухыг харах их сонин юм билээ.

-Монгол Улсынхаа 31 оюутны төлөө монгол түмэн ч сэтгээлээ чилээж, Засгийн газар шийдвэр гаргаж илгээсэн хөлөг шүү дээ?

-Ухань чинь боловсрол судалгааны төв гэдэг утгаараа маш олон газраас хүмүүс очиж судалгаа хийж суралцдаг. Нийтдээ 138 орны оюутан залуус тэнд ажиллаж амьдарч сурч байгаа. Энэ өвчинтэй холбоотойгоор өөрийн орны иргэдээ авна гэж хамгийн эхэлж хүсэлт гаргасан 50 хэдэн орны эхний арван хэдэд Монгол Улс багтсан байдаг. Баярлаж, бахархмаар зүйл биш гэж үү. Ингэж бодохоор л цаанаасаа огшоод явчихсан. Герман, Солонгос гээд манайхаас хөгжилтэй улс орон байгаа ч Монгол Улс маань 30 хэдхэн оюутнаа авах гээд ирчихсэн байна гэдэг… Сайхан байсан л даа. Онгоцонд суучихсан чинь нутагтаа ирчихсэн юм шиг санагдаж байсан.

-Онгоцондоо суух хүртэл дөрвөн цаг орчим оочерлосон гэлээ. Магадгүй тэр дундаас сэжигтэй гээд буцах вий, гэр бүлээсээ тусгаарлагдах вий гэсэн айдастай байв уу?

-Тийм айдас маш их байсан. Гадны тэр оюутнууд оочерлоод үзүүлж байхад л халуурч ханиалгаж байвал эмч нар хамгаалалтын хүмүүстэй ирээд дагуулж яваад өөр өрөөнд үзлэгээ улам нарийн хийгээд л. Тэндээс бүр хүнд байгааг нь шууд эмнэлэгт хүргэхээр түргэний машинаар авч яваад л. Тийм зүйлийг өөрийн нүдээр харахаар улам сандарч, “Хилээр гарч чадахгүй бол яана. Ханиадтай байсан ч ханиалгаж болохгүй юм байна шүү” гэж бодоход хүргэсэн шүү. Цаг нь тулахаар их олон сонин зүйл толгойд орж ирдэг юм билээ. Ямартаа ч эхнэр, хүүхэд хоёроо оочерлож байгаа хүмүүсээс нэлээд хол зайд суулгачихсан. Хөл муутай нэг найз маань бас хамт явсан юм. Түүнийгээ ч эхнэр, хүүхдийнхээ дэргэд суулгачихаад өөрөө би оочерлосон. Хамгийн түрүүнд надад “Хүүхдэдээ л халдааж болохгүй. Би хамаагүй” гэж бодогддог юм билээ.

-Монголдоо хөл тавихад бас л сонин байсан биз?

-Монголынхоо хөх тэнгэрийг харах л хамгийн сайхан байсан даа. Онгоцноос буунгуут биднийг ХӨСҮТ-д хүргэж, өрөө өрөөнд тусгаарласан. Энд биднийг эмч нар маань маш халуун дотноор угтаж авсан. Тийм ч болохоор бид ч бас сэтгэл санаа тайван байлаа.

-Шинжилгээний хариу өнөөдөр /өчигдөр/ албан ёсоор гарч, оюутнууд бүгд эрүүл гэсэн мэдээг зарлалаа. Хэдийгээр бие сайн байсан ч шинжилгээний хариу гарах хүртэл айдастай байсан уу?

-Тэгэлгүй яахав. Халуунаа байнга үзээд биеийн байдлаа хянаад байгаа ч нээрээ халдвартай бол яана гэсэн айдас байсан.

-Тусгаарлагдсан үед ХӨСҮТ-ийн зүгээс ямар хяналт тавьж байна вэ?

-Биеийн халууныг тогтмол хэмжихээс гадна даралт байнга үзэж байгаа. Дээр нь биднээс байнга асуумж авч байна. Дархлаа дэмжих эм бэлдмэл, хоол ундаар маш сайн хангаж байгаа.

-Монгол хоолоо амтлах өөр байв уу?

-Мэдээж гоё. Гоё хоол хийж өгч байгаа Халдвартын хамт олонд маш их баярлалаа.

-Ар гэрийнхэн нь юу гэж байх юм. Хөгшид нь маш их сэтгэл зовнисон байсан биз?

-Аав ээж нар маань “Тосоод авах эх оронтой хүмүүс ийм сайхан шүү. Хүүхдүүдийг минь авчирч өгсөн төр засагтаа л маш их баярлалаа” гэсэн хүмүүс л байгаа. Фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд ч баярлаж талархсанаа чадах чинээгээрээ илэрхийлж байна. Үнэхээр ч бид азтай. 130 гаруй орноос эхний орнуудад багтаад эх орондоо ирчихдэг. Сургуулийн гадаад оюутнуудын харилцдаг олон нийтийн сүлжээн дээр гэхэд өнөөдрийг хүртэл Уханиас явж чадаагүй оюутнууд маш олон байна. Зарим нь бүр эх орноос нь өнөөдөр хүртэл сураг алга гэцгээж байна. Тэдний зарим нь дотуур байрандаа тусгаарлагдаад байрных нь хаалгыг хаачихсан байх жишээтэй. Биднийг Уханиас авч ирж байхад халдвар авсан хүний тоо 9800 гэж байсан бол өнөөдөр 17000 гэж байна. Нөхцөл байдал хүндрэхээс өмнө Монголдоо ирж чадсан маш их азтай л хүмүүс юм гэж бодож байна. Манай улс орон маш сайн шуурхай ажиллаж чадлаа.

-Энэ бүх зүйлийг даван туулаад Монголдоо ирсэн залуус эх орны үнэ цэнийн тухай юу гэж ярилцацгааж байх юм. Энэ үйл явдлаас улбаалж эх оронтой байхын омогшил, бахархлын тухай их ярьцгааж байна шүү дээ?

-Уханиас ирсэн залуус маань бүгд ам сайтай байгаа. “Эх орондоо сайхан бүхнийг хийхийн төлөө сайн суралцана”. “Хийж байгаа бүх ажлаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна” гэдгийг л хамгийн түрүүнд хамгийн их хэлж байгаа. Уханьд байхад хятад хүмүүс тэр айхавтар өвчний эсрэг тэмцэж байгаа эв нэгдлийг харахад их бахархшуутай байсан. “Ухань амжилт, Ухань амжилт” гээд хашгирч байгаа хүмүүсийн бичлэгийг үзсэн байх. Тийм хүнд нөхцөлд цонхоо нээгээд тагтан дээрээ гараад хүн бүр яг нэг тогтсон цагт дуу нэгтэй хашгирч байсан. Монгол хүмүүс бидэнд яг тийм нэгдмэл байдал хэрэгтэй юм болов уу гэж бодогдсон. Монгол хүн бүр ийм ийм сайхан оронд төрснөөрөө бахархах ёстой. Цөөхөн ч гэсэн бид нар бахархах омогших эх орон байна. Өмнө нь надад эх орны төлөөх бахархах сэтгэл байдаг ч гэсэн одоо бол бүр их омогшил төрж байна.

-Өвчний голомтод байсан бага насны хүүхэдтэй залуу гэр бүл хэрнээ өөрсдийгөө маш сайн хамгаалсан нь харагдаж байна. Өвчин анх гарсан захаас танай сургууль хэр хол вэ?

-Манай амьдардаг сургуулиас 22 км-ийн радиуст тэр зах байгаа юм билээ. Ухань бол 11 сая хүн бүртгэгдсэн том хот. Бид ч кампусаасаа гарах шаардлага бараг гардаггүй.

Монгол хүний өөрсдийнх нь онцлог байдаг шүү дээ. Далайн бүтээгдэхүүнд хошуурч шуурдаггүй. Монгол мах байхад хоолоо хийж идээд явдаг хүмүүс. Гадны оюутнууд биднийг хэлдэг. “Монголчууд нутгаасаа ирэхээрээ бүгд хоол хүнсээ чирээд ирэх юм. Та нар гадаадад ирж байгаа хүмүүс биз дээ” гэцгээдэг. Тэр нь давуу тал боллоо. Өөрсдийнх нь үндэсний онцлог мах, ааруул, борц, боорцгоо авч ирээд л хүнсэндээ хэрэглэдэг. Манайх гэхэд өнгөрсөн есдүгээр сард хүүхдээ авч явах шийдвэр гаргаад ирэхдээ шар тос, сүүлний тос гээд хүүхдийн дархлаа дэмжих бүх юмыг аваад явсан. Тэр бүхэн маш их хэрэг боллоо. Монголоос эмээ, өвөө нар маань “Хоолондоо шар тос хийгээрэй, цайндаа борц хийгээрэй” гээд зааж зөвлөсний дагуу тэр бүхнээ ашиглаж байсан.

-Хамгийн гол нь бага насны хүүхэдтэйгээ хөл хорионд орсон нь их эмзэглэмээр байлаа. Та хоёр хүүгээ хамгаалах гэж багагүй хичээсэн байх?

-Хүү маань Монголоос анх явахад дөнгөж хөлд орж байсан юм. Намар очиход бол гадаа дулаахан. Вирус гараагүй байсан үе. Бид хоёр хүүхдээ хөлийг нь чангаруулах гээд орой болгон салхилуулдаг. Хүү маань ч гадна гараад сурчихсан байсан. Тэнд 11 дүгээр сараас эхлээд хүйтэн усан бороо орж эхэлдэг. Сүүл рүүгээ бараг өдөр болгон шахуу ордог. Маш их хүйтэн бороо. Бидний байранд Монгол шиг паар гэж байхгүй. Кондейшн асаадаг. Гэтэл вирус дэгдэх үеэр кондейшн асаах дэмий. Кондейшн гаднаас агаар салхи сэлгэдэг учраас халдвартай агаар өрөө рүү орох боломжтой гэсэн. Тэгэхээр нь бид өрөөндөө тенн асааж эхэлсэн.Тенн байнга асаахаар өрөөний агаар хуурайшиж хүүхдийн хамар битүүрээд хэцүү. Хүү маань Монголд байхад зургаан сартайдаа хатгалгаа аваад эмнэлэгт хэвтэж байсан. Хүүхэд өвдөх маш их хэцүү юм билээ. Тийм болохоор дааруулчих вий, халдвар авахуулчих вий гэж л хамгийн түрүүнд эмзэглэж байсан. Ядахдаа хүүхдээ санадаг юм байна гээд аваад явчихсаныг хэлэх үү. Гэтэл тийм нөхцөл үүсэхээр “Яах гэж хүүхдээ авч ирэв ээ. Эмээ өвөө дээр нь Монголдоо л үлдээдэг” байж гэж өөрийгөө их зүхсэн. Тэгээд хүүхэд рүүгээ харахаар өөдөөс инээхээр нь л “За за давж гарна даа” гээд зориг орж аль чадахаараа өрөөгөө чийгшүүлж, гаднаас агаар оруулахгүй гээд хаалга үүдээ скочдоод битүүлчихсэн. (инээв). Монголоос явахдаа шингэн хүчилтөрөгчтэй явсан болохоор хүүхдэдээ өгөөд унтах болгонд шар тосоор тослоод л, монгол арга маань их нэмэр болсон доо. Монгол түмний маань бэлгэдлээр хүүхдийн маань буян заяа түшиж бид элэг бүтэн, эрүүл саруул эх орондоо ирсэндээ талархаад баршгүй. Бид бүхний дуу хоолой болж үнэн зөв мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа танай сонины хамт олонд маш их баярлалаа.

Эцэст нь хэлэхэд, монгол залуус бидэнд хийх зүйл маш их байна. Хүчирхэг Монгол Улсыг бүтээхийн төлөө дор бүрнээ өөр өөрсдийнхөө чаддаг бүхнээ хамгийн сайнаар хийцгээе гэж уриалмаар байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Академич Д.Цэрэнсодном: Олон түмэн гэр гэртээ золгоход л болно

-ОРЧИН ҮЕД БАЯРЛАХААС ГАДНА ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ, АЮУЛГҮЙ ТЭЭВЭР ЗЭРЭГ АЛИВАА ЭРСДЭЛЭЭ Ч ЗӨВ ТООЦОХ ЁСТОЙ-

Урд хөршид коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбоотойгоор манай улс хилээ хааж, Цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхаар болсон. Иймд өв уламжлалаа гажуудуулахгүйгээр Цагаан сарыг хэрхэн цомхон, чирэгдэл багатай тэмдэглэх талаар шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодномтой ярилцлаа. Тэрбээр Цагаан сарыг хэрхэн тэмдэглэхтэй холбоотой хэд хэдэн бүтээл, өгүүлэл хэвлүүлж байсан юм.


-Юуны өмнө үндэсний өв уламжлал болсон Цагаан сар ямар утга учиртай талаар ярилцлагаа эхэлье?

-Хүн хорвоод мэндлээд нас нэмсний баяр, шинэ онтой золгосны баяр ч гэж хэлж болно. Ийм учраас аль ч улс үндэстэн ялгаа байхгүй хуучин оноо үдэж, шинэ оноо угтах ёсыг эрт дээр үеэс тэмдэглэсээр иржээ. Монголчуудын хувьд Хүннүгийн үеэс намар цагт сүүн сарын баяр гэж тэмдэглэдэг байсан тухай түүхэнд бий. Сүүлд Чингис хааны үеэс өвлийг өнтэй давсны баяр болгож хаврын тэргүүн сарын шинийн нэгэн буюу бар сард бүх нийтээр тэмдэглэх болсон. Миний олж үзсэнээр Цагаан сар их зовлон үзсэн баяр юм. Намайг бага байхад Цагаан сар хийж, би морь унаад айлуудаар хэсдэг байлаа. Гэтэл маршал Ч.Чойбалсан нас барсны дараа Цагаан сарыг хорьсон. Мөн малчдын Цагаан сар хэмээн нэг хэсэг тэмдэглэсэн.

-Монголчууд Цагаан сарыг их өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Заримдаа хэн нь том ууц, идээ засч байгаагаар уралдаж байгаа мэт санагддаг. Үүний хөлд олон хүн чирэгдэх нь бий. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Цагаан сарын үүх түүхийг харахад сонин дүр зураг харагддаг. Цагаан сарын ёс заншил, уугуул төрхийг төв суурин хүмүүс их эвдсэн. Одоо ч эвдэж байна. Д.Нацагдорж яагаад “Цагаан сар ба хар нулимс” гэж өгүүлэл бичив ээ. Тэр үед хүрээний баячууд хэтэрхий их тансаглаж барлаг ардыг хөлдөө чирж байсан. Иймээс их зохиолч тухайн үеийн нөхцөл байдлыг буулгасан нь тэр юм. Тухайн үеийн нөхцөл байдал одоо ч байна. Төв суурин газрынхан баярхаж, тансаглаж, Цагаан сарыг хэт дэвэргэснээр бусдыг хөлдөө чирдэг. Өнгөрсөн жил хогийн цэг дээр хэвийн боов, ууц хаясан байсан. Энэ арай дэндэж байна. Ингэж баярладаггүй юм. Хөдөө бол мах муудна гэж байхгүй, агаар нь сайхан. Харин хотынхон орон сууцанд амьдарч байна. Ууц чанаад жүжиг тавьж байгаа юм шиг шөнө тагтан дээр гаргаж, өдөрт оруулж ирдэг. Ингээд хэдхэн хоноод л нөгөө ууц доороосоо ногоороод ирдэг. Нэгэнт ногоорч муудсан ууцыг хаяж байна. Ер нь хотынхон ууц тавих ямар хэрэг байна аа. Нэг төлөг онд оруулж чадахгүй байж ийм байдлаар малын амь гарздах шаардлагагүй. Тэгээд бүр идсэн ч юм байхгүй муутгаад хаяж байгаа нь уламжлалаа алдсан үйлдэл. Ууцыг орлох мах гэж бий. Дал дөрвөн өндөр үе сүүлтэй чанаад, дээр нь уураг сүүл тавиад л болоо шүү дээ.

Мөн гучин хэдтэй залуучууд цаанаас нь өөрөө харагдахгүй шахам идээ засах юм. Тэгээд идэж чадахгүй хатаагаад хогийн цэг дээр хаяж, нохой шувуунд өгч байна. Энэ бол уламжлалаа дээдэлж байгаа хэрэг биш. Хатуухан хэлэхэд хүн ёсоо алдсан үйлдэл. Энэ жил вирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сар хумигдах шинжтэй байна. Энэ нь ч зөв. Хүн төрөлхтөн ёсоо дагахгүй бол ёс бусын гай нөмөрч ирдэг юм шүү дээ.

-Монголчууд Цагаан сараар буурлуудаа хүндэлж заавал очиж золгодог. Энэ жил айл хэсээд байж болохгүй нөхцөл байдал үүслээ?

-Байгууллагууд Цагаан сарын өмнө ахмадуудаа хүлээж авна гээд бужигнадаг. Цагаан сарын дараа ахмадуудтайгаа золгоно гээд гэрээр нь хэсч, амар заяа үзүүлдэггүй. Золгоно гэж зовооно, эргэнэ гэж илээнэ гэсэн хуучны үг бий. Энэ нь баяр биш зовлон, тээр болж байгаа юм. Ийм учраас насны урт нь сайн, найрын богино нь сайн гэсэн үг бий. Би Цагаан сарыг хумих нь зохистой гэж үздэг. Энэ жил төрийн золголт байхгүй, бөх барилдахгүй гэлээ. Тийм учраас олон түмэн гэр гэртээ золгоход болно. Яахав, төрсөн үр хүүхдүүд нь аав, ээждээ ирээд золгодог юм байгаа биз. Түүнээс биш хамаатан садан гээд айл хэсэх хэрэггүй. Ер нь монголчууд шинийн 8, 15-ны дотор амжиж золгох ёстой гээд айл хэсээд явдаг. Энэ бол хоцрогдсон зүйл. Шинийн 1, 2-нд багтаж золгоод, түүнээс хойш айл хэсэхээ болих хэрэгтэй.

Хоёрдугаарт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн мэс заслын тасгаас надад мэдээ хүргүүлсэн. Үүнд айхавтар ноцтой баримтууд байна лээ. Цагаан сарын дараа элэгний суурь өвчин, нойр булчирхайн өвчлөл бусад үеэс гурав дахин их тохиолдож байна. Энэ бол тоглоом биш. Монгол орон дөрвөн улиралтай. Хавар нь элэг, зун нь гэдэс, зүрх, намар нь уушги, өвөл нь бөөр, самсай сунадаг. Гэтэл хавар элгээ хичээх цаг дор айл хэсээд тав, гурван бууз, банш зэргээр хэмжээ хязгааргүй зооглодог. Ингэснээр ходоодыг тамлаж, элгийг муутгаж байна. Энэ буруу зуршлыг өөрчлөх цаг болсон. Өвөрмонголчууд аль хэдийнэ өөрчилсөн байна лээ.

-Ямар байдлаар өөрчилсөн байна вэ?

-Тухайн овгийн хамгийн өндөр настай, хүндтэй хүн гэж бий. Тэр хүндтэй хүнийгээ тойроод ах дүүсээрээ ресторан, эсвэл нэгнийхээ гэрт цуглаж сайхан хооллоод бие биеэ танилцуулдаг. Ноднин ганцаараа байсан хүн энэ жил эхнэртэй болж болно, шинэ хүн мэндэлнэ. Энэ болгоныг ах дүүсдээ танилцуулаад цугладаг. Ийм л байхад болно. Төвөг, чирэгдэл багатай. Мөн элдэв осол гэмтлээс ч сэрэмжилнэ. Ер нь баяр наадмын үеэр гэр бүлээрээ айл хэсч байгаад авто осолд өртөх тохиолдол элбэг байдаг. Энэ нь айлд ороход хундага барьдаг, мөн золгуут хийхээр орон нутаг руу яардаг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална. Орчин үед баярлахаас гадна зохистой хооллолт, аюулгүй тээвэр зэрэг аливаа эрсдэлээ ч зөв тооцох ёстой. Цаашид манайхан Өвөрмонголчуудын жишгээр цагаан сараа тэмдэглэвэл зүгээр санагдсан. Энэ жилийн тухайд гэр гэртээ золго.

-Ахмадууддаа заавал хүндэтгэл үзүүлэхгүй бол гомдоно хэмээн зорьж очдог. Хүндэтгэл үзүүлэх өөр дэг жаяг бий юү?

-Байлгүй яахав. 61, 73, 85, 97 настай, мөн жил нь орсон ахмад хүнд бэлэг хүргэдэг уламжлалтай. Ах дүүсээ нэг нь төлөөлөөд бэлэг хүргэчихнэ. Сайхан зүйл бичиж болно. Өөрсдөө санаж сэдээд өөрийн гар орсон бэлэг хүргүүлбэл тун сайхан. Хөөрөгний даалин, сайхан засаад бэлдсэн дөрвөн бэрхийг угалзтай уутанд хийгээд өгсөн ч бэлэг шүү дээ. Бэлэг үнэтэйдээ биш, утга чанартай байх нь чухал. Гараар хийсэн хэвийн боов, настай хүний идэх дуртай зөөлөн боорцог, хэрэгцээтэй бусад зүйлс юу байна, түүгээр гар цайлгах хэрэгтэй. Хошуу ноён, хошууны тамгын газраас онцгойлон дээрх насыг зооглосон хүнд бэлэг хүргэдэг байсан уламжлалтай. Ийм хөнгөхөн байдлаар ахмадууддаа хүндэтгэл үзүүлж болно. Түүнчлэн, хүүхдэд бэлэг өгнө. Бусад хүнд бэлэг сэлт барих ер хэрэггүй. Энэ жил Эрээн рүү бэлгэнд шогшдог байдал намжих нь дээ гэж бодож байгаа.

-Хүүхдэд ямар бэлэг өгвөл тохиромжтой вэ?

-Энэ жил айл хэсээд байх шаардлагагүй. Ер нь цаашид хүүхдэд дэвтэр ном, хичээлийн хэрэгсэл, танин мэдэхүй, ой ухааныг хөгжүүлэх зүйлс бэлэглэж байвал сайн. Эсвэл өөрийн гар оролцож бий болгосон зүйлс бэлэглэх нь бэлгэшээлтэй байдаг.

-Идээ засахын тухайд тодруулахгүй юу?

-Заавал төдөн үе идээ засна гэсэн зүйл байхгүй. Гурван боовон дээр еэвэн тавиад цагаан идээ тавьчихсан байсан ч болно. Би 80 гарч явна. Одоо хүртэл хонины ууц тавьдаггүй. Зориуд тавьдаггүй юм. Гэхдээ махаа чанана. Үхрийн өвчүү чанаж тавьдаг. Зүсээд өгөхөд идэнгэтэй. Харин ууцыг хүн идэж чадахгүй шүү дээ. Өөх ихтэй. Үхрийн өвчүү бол өөх, мах нь алагласан идэхэд таатай сайхан. Ер нь үзүүлэх биш, идүүлэх гэж идээ засдаг юм. Мөн манайх Цагаан сараар ирсэн зочдод сайхан зутан шөл хийж өгнө. Хүмүүс их амтархаж иддэг юм. Яахав бууз, банш нь байна. Өөрийн тааваар багахан хүртвэл тэр биз. Шөл устай хоол биед тустай. Мөн элдэв зууш биед хал балгүй сайхан хүнс. Хэтэрхий их өөх тостой хүнс нэг дор хэмжээ хязгааргүй идсэнээр элэг, ходоодонд хөнөөлтэй.

-Цагаан сараар хацраа өгч үнсүүлдэг. Өнөө жил энэ байдлыг хориглож байгаа?

-Бага залуу нь ахмадуудынхаа тохойг түшээд хүндэтгэл үзүүлэхэд л болно. Мөн Чингис хаанаас өв уламжилж ирсэн хүндэтгэлийн ёс бий. Энэ нь баруун гараа өвчүүнийхээ харалдаа бариад зүүн гараа дэлгэж мэхийх байдлаар хүндэтгэл үзүүлэх явдал юм. Ийм байдлаар ёс төр гүйцэтгэж болно. Ахмадууд ач, зээгээ сэвлэгэн дээр нь үнэрлэхэд болоо шүү дээ. Мөн энх явж мөнх жарга, эдийн сайныг үзэж, эрдмийн дээдийг сур гэх зэргээр ерөөж сурах хэрэгтэй. Зарим ахмад 20-30 хүн орж ирэхэд бүгдэд нь давтагдахгүй, тухайн хүний онцлогт тохирсон ерөөл хэлдэг. Энэ чинь өв соёл, ёс уламжлал юм. Түүнээс биш идээ будаа их зассанаар ёс заншлаа дээдэлж харуулж байгаа хэрэг биш. Ахмад хүн үр хүүхэд, ач зээ, багачуудад ерөөл хэлэхгүй байх нь тун эвгүй харагддаг.

-Энэ жилийн өнгийг та хэрхэн харж байна вэ?

-Цагаан хулгана жил гарах гэж байна. Хувьтай хүн хулгана жил үзнэ гэж үг бий. Тэгэхээр сайхан жил болох байх гэж бэлгэшээж байна. Аятай сайхан, олон түмэнд өгөөжтэй, юм юм нааштай эргэсэн, шинэ зүйлсийн эхлэл тавигдсан жил байх болов уу гэж бодож байна.

Г.БАТЗОРИГ