Categories
мэдээ улс-төр

Хүмүүнлэгийн тусламж үзүүлсэнд Австрали Улс талархал илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Австрали Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Дэйв Воусэнийг хүлээн авч уулзав. Австрали Улсын Шинэ Өмнөд Уэльс болон Күинслэнд мужид ойн түймэр гарч хүний амь нас үрэгдэн, их хэмжээний хохирол учирсантай холбогдуулан Монгол Улс мөнгөн тусламж үзүүлсэнд Элчин сайд талархал илэрхийлэв. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны илрэл болсон тусламжийг гамшигт өртсөн иргэдэд шаардлагатай байгаа зүйлд зарцуулна гэдгээ хэлэв.

Энэ тусламж монголчууд Австрали Улс, тус улсын ард иргэдтэй сэтгэл санаа нэг байгаагийн илэрхийлэл. Цаашид гамшгийг хохирол багатай даван гарна гэдэгт итгэлтэй байна гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэмдэглэв. Зургаан сая гаруй га талбайг хамарсан түймрийн улмаас 19 хүн амь насаа алдаж, эд материалын асар их хохирол учраад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд Кэмбриж Аналитика компанийн үйлчилгээг ашигласан байж болзошгүйг мэдээлжээ

2018 оны гуравдугаар сард Британид үйл ажиллагаа явуулдаг, улс төрийн зөвлөх үйлчилгээний Кэмбриж Аналитика компани Фэйсбүүк сошиал сүлжээний 87 сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг хууль бус аргаар цуглуулснаа дэлхийн янз бүрийн улс орнуудын сонгуулийн үйл ажиллагаанд ашиглаж байсан нь илэрсэн юм.

Тус компанийн үйл ажиллагаа 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэгдэж байгаа. Энэ тухай Нэтфликс компани “The Great Hack” нэртэй баримтат киног өнгөрсөн онд бүтээсэн юм.

Тэгвэл Кэмбриж Аналитика компанийн бизнес хөгжлийн газрын захирал асан Бриттани Кайзер тус компанийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байсан, дэлхийн ямар ямар улсуудын сонгуульд нөлөөлөх үйлчилгээ үзүүлж байсан талаар 2014-өөс 2018 оны баримтуудыг дэлгэж эхэлжээ.

Тэрээр Малайз, Бразил, Кени улсуудын сонгуулийн үйл ажиллагаанд хэрхэн оролцсон талаар баримтуудыг эхний ээлжинд дэлгэн үзүүлсэн байна.

Кэмбриж Аналитика нь дэлхийн 65 улсын сонгуулийн үйл явцад ямар нэг хэмжээгээр оролцсон ажээ.

Сонирхолтой нь тус компаниас ил гарсан дотоод имэйлүүдэд 2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөхөөр ажиллаж байсан тухай дурдагджээ.

Өөрөөр хэлбэл Монголын талаас аль нэг нэр дэвшигч нь Кэмбриж Аналитика компанийн үйлчилгээг авч ашиглахаар хандаж байсан бололтой.

Ямар үнэ өртөг төлж, хэрхэн ашигласан тухай мэдээлэл дараа дараагийн задрах баримтуудаас ил болж магадгүй байна.

Одоогоор ил гараад байгаа баримтууд дээр Монгол улсын нэр хэд хэдэн удаа дурдагджээ. Тухайлбал Монголын талд тавих санал бэлэн болсон тухай Кэмбриж Аналитика компанийн удирдлагуудын хоорондоо харилцсан имэйлд өгүүлсэн байна.



Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Зээлийн дарамтад төр засаг анхаараас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.


-АҮБЗ-өөс тэтгэврийн зээлийг тэглэх зөвлөмж гаргасан. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд Засгийн газар хэрхэн ажиллах вэ?

-ҮАБЗ зөвлөмж Засгийн газарт сая ирсэн. Үүнийг ирэх Даваа гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болж байна. Засгийн газраас хууль боловсруулах ажлыг ХНХ-ын сайд С.Чинзоригоор ахлуулахаар болсон.

Зээлийн дарамтад төр засаг анхаараас өөр аргагүй нөхцөл байдалд ороод байгаа. Эдийн засгийн эргэлтэд зарим орднуудыг оруулах байдлаар энэ асуудлыг цэгцлэе гэдэг чиглэлээр ажиллана.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Сангийн яамны саналыг авч нэгтгээд холбогдох мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцсэний үндсэн дээр ямар байдлаар шийдвэл эдийн засагт эрсдэлгүй байх вэ гэдэг нь тодорхой болно.

-Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж тэтгэврийн зээлийг тэглэх санхүүгийн эх үүсвэрийг бий болгох уу?

-Салхитын мөнгөний ордын ТЭЗҮ гарсан. Улсад хоёр их наяд төгрөгийн хөрөнгө хуримтлуулах боломжтой таван жилийн хугацаатай ТЭЗҮ гарсан байгаа. Үүний үр өгөөжийг иргэдэд шууд хүртээх жишиг тогтоох ерөнхий философи үйлчилж байна гэж би хувьдаа ойлгосон.

Гэхдээ энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар бүх яамдууд ярилцана, УИХ-ын мэргэжлийн байнгын хороодоор хэлэлцүүлнэ. Үүний өмнө тааж хариулт хэлэх боломж алга.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Тавантолгой”-н борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн 2019 оны борлуулалтын орлого нэг тэрбум ам.доллар буюу 2.7 их наяд төгрөгт хүрчээ. Тус компани өнгөрсөн нэг жилийн хугацаанд 14.3 сая тонн нүүрс экспортолж, нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна.

Өнгөрсөн оны хувьд тус компани 1.9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбумын ашигтай ажиллахдаа борлуулалтын төлөвлөгөөг 240 хувиар давуулан биелүүлж, нүүрсний үнийг тогтмол өсгөж чадсан хэмээн онцолж байсан бөгөөд 1,072 хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахаар болсноо мэдэгдэж байсан юм. Гэвч урт хугацааны хөгжлийн үүднээс компанийн ашгийг төмөр замын төсөлд хөрөнгө оруулахаар болсон билээ.

Categories
мэдээ нийгэм

ЗТЯ-ны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны хэлтсийн даргад холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр боллоо.

Шүүхээс Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, түүнийг үргэлжлүүлэн хорихгүй, батлан даалтад гаргахаар шийдвэрлэжээ.

Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймаг Хүчилтөрөгчийн үйлдвэртэй боллоо

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн эмнэлгийн байгууллагыг хүчилтөрөгчийн хийн системээр бүрэн хангах хүчин чадал бүхий “Хүчилтөрөгчийн үйлдвэр” байгуулагдлаа. Тус систем нь хүчилтөрөгчийн зөөврийн баллон цэнэглэх хүчин чадалтай бөгөөд бүсийн таван аймгийн нэгдсэн эмнэлэг болон шаардлагатай сумдыг “Хүчилтөрөгч”-өөр ханган ажиллах боломжтой.

Хүчилтөрөгчийн үйлдвэрт гурван төрлийн систем нэгэн зэрэг ажиллаж байна. Тодруулбал, БОЭТ-ийг 93-99 хувийн хүчилтөрөгч, цэвэршүүлсэн өндөр даралттай агаар, вакуум /сорох систем/-ээр хангана. Мөн БОЭТ-ийн Төрөх эмэгтэйчүүд, Мэс засал, Хагалгааны нэгдсэн хэсэг, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, Яаралтай тусламж, Дотор, Хүүхэд, хөнгөвчлөх зэрэг хүчилтөрөгчийн хэрэгцээ шаардлага ихтэй тасгуудад байршуулсан нь учирч болохуйц хүндрэлээс урьдчилан сэргийлж байгаа юм.

Тус үйлдвэрийг Монгол улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны 350 сая төгрөгийн санхүүжилтээр байгуулсан бөгөөд Хүчилтөрөгчийн үйлдвэртэй болсноор Улаанбаатар хотоос тээвэрлэх тээвэрлэлтийн зардлыг хэмнэхээс гадна доорх давуу талууд бий болж байна.

Орон нутагт хүчилтөрөгчийн хийн системийн үйлдвэр байгуулагдсанаар:

  • Хуучин төмөр баллоныг өвчтөний орны дэргэд байрлуулж, эрсдэл үүсгэдэг технологийг халж орчин үеийн хананы хүчилтөрөгчийн системтэй болсон.
  • Хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй болсноор хүчилтөрөгчийн дутагдалд орсон өвчтөнд түргэн шуурхай хүчилтөрөгч өгч, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг бий болгож, өвчтөнд хийх эмчилгээний аюулгүй байдал алдагдахгүй, эмч ажилчдын ажиллах нөхцөлд сайтар тохирсон зэрэг онцлог давуу талтай байна.
  • Өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор эмнэлэгт хоног болоогүй нас баралтыг бууруулах, эрчимт эмчилгээний тасагт яаралтайгаар ирсэн эрхтэн тогтолцооны хүндрэлийг эмчлэхэд маш чухал ач холбогдолтой. Ялангуяа амьсгалын зам, хоол боловсруулах, тархи, нуруу нугас зэрэг эрхтэн тогтолцооны хүнд эмгэгийн үед хүчилтөрөгчийн дутагдалд орсноос хүний биемахбодийн амин чухал эрхтэнд эргэшгүй өөрчлөлтөнд орохоос сэргийлэх, хүчилтөрөгчийн дутагдлаас гаргахад маш чухал ач холбогдолтой бөгөөд урьд нь хэрэглэж байсан зөөврийн хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат нь тухайн өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 60-70 хувийг өгч байсан бол энэхүү өндөр өтгөрөлттэй хүчилтөрөгчийн ханын хийн системтэй болсноор өвчтөнд шаардлагатай хүчилтөрөгчийн 90-96 хувийг өгөх бүрэн боломж бүрдэнэ.
  • Уг систем нь өвчтөний ор тус бүрт хүрэх бөгөөд тухайн өвчтөн эмнэлэгт ирсэн даруйд хүчилтөрөгч өгөх нөхцөлийг бүрдүүлсэн орчныг байгуулж байна.
Categories
мэдээ нийгэм

Хил хамгаалах ерөнхий газрын даргаар бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ

Засгийн газрын 2019 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 480 дугаар тогтоолоор Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Ц.Сэргэлэнг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ

Харин түүний оронд бригадын генерал Ж.Бямбасүрэнг томилжээ. Тэрбээр 2019 оны 12 дугаар сарын 30-нд үүрэгт ажилдаа орсон байна.

Ж.Бямбасүрэн нь Ерөнхийлөгчийн зарлигаар 2016 онд “Бригадын генерал” цол хүртсэн. Цэргийн шинжлэх ухааны магистр.

  • 1994-1998 онд Цэргийн их сургуулийн /хуучнаар/ Хилийн цэргийн дээд сургууль,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академи,
  • 2009 онд мөн академийн дээд курс,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг тус тус төгссөн.

Эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын туршлага:

  • 1998-2000 онд хилийн 0146 дугаар ангид заставын орлогч, заставын дарга,
  • 2000-2001 онд Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтэст оператив жижүүрийн офицер,
  • 2001-2004 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын албаны Хилийн академид сонсогч,
  • 2004.07-2004.11 сард Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын газарт шалган нэвтрүүлэх албаны офицер,
  • 2004-2005 онд хилийн 0184 дүгээр ангид захирагчийн 1 дүгээр орлогч, штабын дарга,
  • 2005-2007 онд Хил хамгаалах ерөнхий газрын Тамгын хэлтэст тогтоол шийдвэрийн биелэлт, дотоод ажил хариуцсан ахлах офицер,
  • 2007-2008 онд мөн газрын Захиргааны удирдлагын газарт Ажлын албаны дарга, даргын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2008-2009 онд мөн газрын Тамгын хэлтсийн дарга,
  • 2009-2012 онд хилийн 0286 дугаар ангийн захирагч,
  • 2012-2013 онд хилийн 0151 дүгээр ангийн захирагч,
  • 2013-2016 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын академид сонсогч,
  • 2016 оны 07 дугаар сараас Хил хамгаалах ерөнхий газрын Хил хамгаалалтын хэлтсийн дарга, Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга,
  • 2019 оны 05 сараас Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын даргаар тус тус ажиллаж байжээ.
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 11.40 цагт эхэллээ. Чуулганаар 10 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг томилох тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай, “Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт батлагдсантай холбогдуулан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл, Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай” тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Ингээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдсан Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж эхэллээ. Ингэхдээ, тус төслийн ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй 44 саналын томьёолол, найруулгын шинжтэй багцалсан долоон саналаар санал хураана. Өнгөрсөн 12 дугаар сарын 19-ний хуралдаанаар, Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд ойлгомжгүй байдал үүссэн тул төслийг хойшлуулахыг гишүүдийн олонх дэмжсэн юм. Ийнхүү ажлын багийн хуралдааны дараа тус төслийг үргэлжлүүлж буй юм.

Categories
мэдээ нийгэм

Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна

Хөвсгөл аймгийн нийт нутаг дахь гол мөрөн болон нуурууд битүү мөсөн бүрхүүл тогтсон боловч мөсний зузаан хангалтгүй байгаа тул ард иргэдийг баталгаат зам гүүрээр зорчих ялангуяа Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхааруулж байна.

Хөвсгөл нуурын мөсний зузаан Хатгал тосгон болон Ханх сум орчимд 32-34 см байгаа нь өмнөх оны мөн үеэс 18-34 см бага байна. Харин Сэлэнгэ, Бүсгий голын мөсний зузаан олон жилийн дунджаас 8-30 см ахиу байгаа бол Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруунаас эх авсан Үүр, Шишгэд, Идэр, Дэлгэрмөрөн,Бэлтэс голын мөсний зузаан 2-35 см бага зарим газраар олон жилийн дунджийн орчим байгааг Мөрөн ус судлалын өртөөнөөс мэдээлж байна.

Ийнхүү гол мөрөн болон нуурууд харилцан адилгүй зузаантай, мөсний даац тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул малчид, тээвэрчид, ард иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулан сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ТЦА: Зам тээврийн ослын дуудлага өмнөх долоо хоногоос 26.3 хувиар буурсан ч нас барсан хүний тоо хоёр дахин өссөн

Image result for тца

Тээврийн цагдаагийн албанд сүүлийн дөрвөн хоногийн хугацаанд 878 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүн амиа алдаж, 24 хүн гэмтэж бэртжээ.

Зам тээврийн Ноцтой ослууд:

  • 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр 13:45 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Сант сумын төвөөс урагш 5 км-т Toyota land cruiser маркийн автомашин Toyota Voltz маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 47 настай, эмэгтэй Г нас барсан.
  • Энэ сарын 2-ны өдөр 21:50 цагийн орчимд СХД-ийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Hyundai Grace маркийн автомашины жолооч явган зорчигч хоёр иргэнийг мөргөж, 35 настай, эрэгтэй А гэмтэж, 52 настай, эмэгтэй Ш нас барсан.
  • Энэ сарын 2-ний өдөр 08:52 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвөөс хойшоо 88 км-т Hyundai Sonata маркийн автомашин онхолдож, зорчигч 26 настай, эрэгтэй Б нас барсан.

Мөн тухайн өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 тохиолдол бүртгэгдсэн бол эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 13 хүнийг баривчилж, хуулийн дагуу хариуцлага тооцжээ.

Зам тээврийн ослын шинжтэй дуудлага өмнөх долоо хоногоос 26.3 хувиар буурсан бол нас барсан хүний тоо хоёр дахин өссөн байна.

Иймд иргэд, жолооч нар замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал сарниулах үйлдэл хийхгүй (гар утсаараа оролдох гэх мэт) байхыг ТЦА-аас анхааруулж байна.