Categories
мэдээ нийгэм

Дөрвөн хөл нь хөлдсөн Хүрэн баавгайг зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байна

Онон-Балжийн аялал жуулчлалын бүс Битүүгийн ар гэдэг газраас 11 дүгээр сард өөрөө идэш тэжээлээ олж идэх, өвөлжих боломжгүй, 4 хөл нь хөлдсөн байдалтай олдсон хүрэн баавгайг Хамгаалалтын захиргаа нь зориулалтын торонд байршуулан өвөлжүүлж байгаа тухай БОАЖЯамнаас мэдээллээ.

Баавгайг хооллон өвөлжүүлэх, байрыг дулаалах ажлыг хариуцах ажлын хэсэг байгуулж орчны бүсийн иргэдэд баавгайн талаарх мэдээллийг хүргэн хоол хүнс хандивлах уриалга гаргаж, эрүүл мэндийн ажиглалт хийж, дэвтэр хөтөлж байгаа аж.
Тус ажиглалтаар баавгай нь 1 өдөрт 3 кг мах, 2 л ус, 200 гр жимс, хүнсний ногоо буюу нийтдээ 7 хоногт 21 кг мах, 14 л ус, 1,4 кг жимс, хүнсний ногоо хэрэглэж, эрүүл мэнд, зан төрхийн хувьд хоолоо тогтмол идэж, хэвийн байна гэж мэдээллээ.
Categories
мэдээ улс-төр

​Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын 13 яамны ТНБД нар болон зарим агентлагийн дарга нар, их, дээд сургуулийн захирал, удирдлагууд, ТББ-ын төлөөлөл зэрэг нийт 1500 орчим хүн ажилласан юм.

Монгол Улс 1992 оноос хойш хөгжлийн урт болон дунд, богино хугацааны 517 төсөл, хөтөлбөр, бодлогын баримт бичгийг боловсруулан мөрдөж ажилласан ч хэрэгжилт нь хангалтгүй, хоорондын уялдаа нь тааруу байсан. Ажлын хэсгийнхэн үүнд ихээхэн анхаарч салбар, салбарт хэрэгжсэн бүх төсөл, хөтөлбөрийн алдаа, оноог дүгнэж, дараагийн 30 жилийн төлөвлөлтийг үүн дээр суурилж, олон улсын чиг хандлагатай уялдуулан 7 сарын туршид боловсруулсан бөгөөд салбар салбарын баримт бичгүүдийг шинэ оны өмнөхөн нэгтгэн боловсруулж дууссан юм. Ингээд 2020 оны эхэнд буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн “Алсын хараа-2050” бодлогын баримт бичгийг хүлээлгэн өглөө.

Энэ үеэр бодлогын баримт бичгийн гол агуулга болон онцлогийг ЗГХЭГ-ын дарга, ажлын хэсгийн ахлагч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд хариуцсан салбартай нь холбоотой бодлогын баримт бичигт тусгагдсан онцлог, шинэлэг ялгааны талаар Ардын багш С.Дулам, академич, доктор, профессор Т.Дорж нар товч тайлбарласан. Эдийн засгийн сарбарт л гэхэд ирэх 30 жилд тэргүүлэх чиглэлүүдээр Уул уурхай түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Хөдөө аж ахуй, түүнийг дагасан боловсруулах аж үйлдвэр, Сэргээгдэх эрчим хүч, Тээвэр, логистик, Төрөлжсөн аялал жуулчлал, Мэдлэг шингэсэн бүтээлч эдийн засаг (Creative industries) гэж зэргээр тусгасан байгаа аж. Иймэрхүү байдлаар бүх салбарын хөгжлийн бодлого, хэрэгжих үндэслэл, суурь судалгаа, ТЭЗҮ зэргийг бодлогын баримт бичигт нарийвчлан тусгасан байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс өнгөрсөн 7 сарын туршид энэхүү ажлын хэсэгт орж ажилласан 1500 гаруй эрдэмтэн, судлаачид, төрийн албан хаагчид, төрийн бус байгууллагуудын төлөөлөлд бүгдэд нь хувиасаа болон Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлсэн юм. Мөн 2050 он хүртэлх хөгжлийн баримт бичигт өнгөрсөн жилүүдийн алдаа, оноогоо үнэлж дүгнээд тусгасан нь ихээхэн сайшаалтай байна гээд “Монгол Улсын ирээдүйн хөгжлийн АЛТАНГАДАС нь энэхүү урт хугацааны хөгжлийн баримт бичиг байх болно” хэмээн тодорхойлсон юм.

Энэхүү “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг Засгийн газрын хуралдаанаар ойрын үед хэлэлцүүлсний дараа УИХ-д өргөн барих аж.

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай олныг хамарсан хордлого, халдвар гараагүй байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллалаа. Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 670 нэр төрлийн 26.3 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулж, 12.4 сая төгрөгийн хүнсийг буцаан татан авалт хийлгэв.

Хяналт шалгалт энэ сарын 3 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд шинэ жилийн өмнөх өдөр буюу 12.31-ний өдөр хадгалалтын горим алдагдсан 50 бялууг устгуулж, хаяг шошгын зөрчилтэй найман нэр төрлийн 1344 бялуу худалдаанд гарсныг тогтоож, худалдаалагдаагүй 523 ширхэгийг нь буцаан татууллаа. Мөн энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 42 дэлгүүр, төв, захуудад шалгалт хийж, хугацаа нь дууссан 11 нэр төрлийн 776 ширхэг бялуу, чанарын шаардлага хангахгүй 173 ширхэг хиам худалдаалагдаж байсныг татан авалт хийлгүүлж, хадгалах хугацаа дууссан 35 ширхэг мах, махан бүтээгдэхүүнийг устгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Шинэ жилийн баяраар нийтийг хамарсан хүлээн авалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ихээр хийгддэг бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаанд хяналт тавьсаны дүнд баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай олныг хамарсан хордлого, халдвар гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм

Нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож халтуур хийдэг жолооч нарт хариуцлага тооцно

Image result for замын хөдөлгөөн

Өнөөдрийн байдлаар үйлчилгээнд явж байгаа автобусуудын хөдөлгөөнд оролцох дундаж хурд 18 км/цаг, ачаалалтай үед 5км/цаг байна. Үүний гол шалтгаан нэгдүгээр эгнээгээр зорчих ёсгүй тээврийн хэрэгслүүд нийтийн тээврийн хөдөлгөөнд оролцох давуу талыг алдагдуулж байгаатай холбоотой.

Иймд замын нэгдүгээр эгнээгээр тэмдэг зөрчиж зорчдог, автобусны буудлууд дээр байнга зогсож халтуур хийдэг жолооч нарт хариуцлага хүлээлгэх ажлыг Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний төлөвлөлт зохицуулалт инженерчлэлийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Зорчигч тээврийн нэгтгэлүүд хамтран эхлүүллээ. Ингэхдээ нийтийн тээврийн автобусуудад суурилуулсан дүрс бичлэгийн камераар баримтжуулан Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэхээр болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авлаа

Image result for монголбанк

Монголбанк 2019 онд 15.2 тонн үнэт металл худалдан авсан нь 2018 онд 21.9 тонн үнэт металл худалдан авснаас 6.7 тонноор бага буюу 30%-иар буурсан үзүүлэлттэй байна.

Монголбанк 2019 оны 12 дугаар сард 761 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 29 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.5 кг үнэт металлыг худалдаж авсан нь өмнөх оны мөн үед 2.9 тонн үнэт металл худалдан авч байснаас 2.2 тонноор буурсан үзүүлэлттэй байна.

2019 оны 12 дугаар сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 129,222.85 төгрөг байлаа.

График 1. 2018-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны сарын мэдээ (кг)

График 2. 1990-2019 онд Монголбанкны худалдан авсан алтны хэмжээ (тонн)

График 3. 2019 оны 12 дугаар сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав

Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2020.01.03/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв.

Ингээд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураалтыг явууллаа. Ажлын хэсгээс гаргасан саналын томьёололтой холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, Д.Лүндээжанцан, Ц.Цогзолмаа, Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, О.Баасанхүү, Д.Тэрбишдагва, М.Билэгт нар үг хэлж, санал хэлсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ, Энэ хууль 2015 онд батлагдсан. Эрүү, Зөрчлийн хуульд олон удаа өөрчлөлт орж байгаа. Хууль зүйн байнгын хороо Зөрчлийн тухай хуулиар хүнийг шууд торгодог байдлаас татгалзаж, эхлээд албан шаардлага хүргүүлж, биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгодог бусад механизм руу шилжье гэсэн бодлого барьж байна. Бид өдөр бүр шинэ хууль баталдаг. Тэрхүү хуулиудын хариуцлагатай холбоотой хэсэг нь Зөрчлийн тухай хуульд ордгийг гишүүдэд сануулахын зэрэгцээ ирэх хаврын чуулганаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг оруулж ирэх гэж байгааг тодотгож байлаа.

Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын 5.19 дүгээр зүйлийг мөн зүйлийн 14 дэх заалтын 6.26 дугаар зүйл болгон “1.Бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна. 2.Ажил олгогч хөдөлмөрийн дотоод журамд ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах үүргээ биелүүлээгүй бол хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.7 хувь нь дэмжлээ. Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Цогзолмаа, “Хүний ёс зүйн гаргаж болохгүй хэм хэмжээг торгуулийн хэлбэрээр шийдэх нь хэр зөв бэ. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон бусад эрүүгийн хуультай ялын санкцыг хэр зэрэг жишиж авч үзэж байгаа вэ гэдэг асуудал дээр онцгойлон анхаарах шаардлагатай” гэсэн бол Н.Оюундарь гишүүн “Төсөлд бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл гаргасан хүнийг 100 мянган төгрөгөөр торгох заалт байсныг сая төгрөг болгосон байна. Гэхдээ бэлгийн дарамтад өртсөн хүний сэтгэл санааны хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй үлдлээ” хэмээн байр сууриа илэрхийлсэн.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 11 дэх заалтын 1 дэх хэсгийг “Олон улсын хөл хориот өвчин гарсан улс орноос ирсэн хүн эрүүл мэндийн тодорхойлолтыг мэдүүлэхээс татгалзсан, эсхүл үнэн зөв мэдүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 12 дахь хэсгийг “Стандартад нийцсэн утааны шүүлтүүргүй дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машиныг замын хөдөлгөөнд оролцуулсан эсхүл агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой нутаг дэвсгэрт хориглолт тогтоосон захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, хориглосон бүсэд түүхий нүүрс тээвэрлэсэн, нэвтрүүлэхээр авч явсан бол зөрчилтэй эд зүйлийг хурааж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус өөрчлөхөөр болов.

Харин төслийн 1 дүгээр зүйлийн 24 дэх заалтыг “Энэ зүйлийн 18 дахь хэсэгт заасан гаалийн болон бусад татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнгээс тооцон хугацаа хожимдуулсан хоног тутам 0,3 хувийн хүү ногдуулах ба уг хүүний хэмжээ нөхөн төлүүлэх татварын дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна. Энэ тайлбарт заасан “хүү” нь Иргэний хуульд заасан “анз”-д хамаарахгүй” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар уг саналыг дэмжихгүй байгаагаа мэдэгдэхдээ, “Зөрчлийн тухай хуулийн үзэл баримтлал нь бага эрүүгийн хууль биш. Миний эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байгааг хүнд сануулах агуулгатай. Гэтэл энэ зарчмаар үргэлжлэхгүй байна. Торгоно гэсэн агуулга нь сүүлдээ хүү, анз болж байна. Ийм байж болохгүй” гэж байлаа.

Төслийн 1 дүгээр зүйлийн 29 дэх заалтын 13.9 дүгээр зүйл буюу Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль зөрчихтөй холбоотой харилцааг зохицуулсан хэсгийн талаар үг хэлсэн гишүүдийн олонх эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд мал төхөөрсөн бол зөрчлийг арилгуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэснийг эргэн харах шаардлагатай гэж байлаа. Сум орон нутагт халуун, хүйтэн устай орчин нөхцөл нь бүрдсэн мал боловсруулах үйлдвэр байхгүй. Орчин нөхцөл, дэд бүтэц нь бүрдээгүй байхад үйл ажиллагаа эрхэлж байгаа хэдэн хүмүүсээ торгох гээд байгааг эргэн харж, анхаарах шаардлагатай гэж байлаа.

Харин дээрх санал хэлсэн гишүүдэд хандаж Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар, “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг өнгөрсөн хавар баталсан. Нийтийн хэрэгцээнд зориулан мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд мал төхөөрч, иргэдийн хүнсний хэрэгцээнд оруулах ёстой. Түүнчлэн малчин зөвшөөрөлгүй вакцин, эм тариа малдаа хийж болохгүй гэдгийг заасан. Та бүхэн үүнийг бүгд дэмжиж баталсан. Гэтэл үүнийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг Зөрчлийн хуулиар зохицуулах учиртай гэдгийг гишүүдэд тайлбарлаж байлаа.

Ингээд үдийн завсарлагааны цаг болсон тул чуулганы хуралдаан түр завсарлаж, үдээс хойших хуралдаанаар санал хураалтыг үргэлжлүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Н.Энхбаяр: Төгрөгийн ханш унахад нөлөөлсөн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм

“Монголоо Шинэчилье” клубээс Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогыг хэрэгжүүлж “Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга”-ыг дэвшүүлж байгаагаа өнөөдөр танилцуулаа.

“Монголоо Шинэчильеклубийг үүсгэн байгуулагч, УИХ-н гишүүн асан Д.Ганхуяг “Ирэх 10 жилд тодруулбал, 2030 он хүртэлх хугацаанд монгол хүн бүрт оногдох ДНБ-ийг 10,000 ам.доллар, дундаж цалинг 1,000 ам.долларт хүргэх зорилтыг дэвшүүлж байгаа юм. Бид энэ санаачилгыг гаргаж тавихдаа Монгол Улсын сүүлийн 10 жилийн эдийн засгийн үзүүлэлтүүд болон дэлхийн хөгжилтэй орнуудын туршлагыг судалсан. Өнөөгийн хөгжилтэй томоохон эдийн засагтай орнууд хөгжлийнхөө тодорхой үе шатанд ижил төстэй санаачилга, хөтөлбөрийг хэрэгжүүлж бодитой үр дүнд хүрсэн туршлага, түүх байдаг. Үндэсний хэмжээний зорилт учраас үүнийг төр засаг, хувийн хэвшил, нийт ард иргэд дэмжиж байж амжилтад хүрнэ” гэдгийг хэллээ.

“Монгол хүний бодит орлогыг ирэх арван жилийн дотор ам.доллароор хоёр дахин нэмэгдүүлэх үндэсний санаачилга”-ыг боловсруулах болсон үндэслэл, шалтгааны талаар эдийн засагч Н.Энхбаяр “Зах зээлийн эдийн засагтай, ардчилсан засагтай улс орны хөгжлийн бодлогын үндсэн зорилт нь эдийн засгаа тогтвортой өсгөж, бизнесийн ая тухтай орчныг бүрдүүлэх замаар иргэдийнхээ амжиргааны чанарыг дээшлүүлэхэд чиглэж байдаг.

Эдийн засгийн тогтвортой хүртээмжтэй өсөлт нь энэ зууны хөгжлийн үндсэн чиг хандлага болоод байна. Энэ хандлагатай уялдуулан, манай орны эдийн засгийн төлөв байдлыг илтгэх үндсэн үзүүлэлтүүд болох ДНБ, нэг хүнд ногдох ДНБ, эдийн засгийн өсөлт, төсвийн орлого, зарлага зэргээс 2011-2020 онд буюу өнгөрсөн арван жилийн хугацаанд дараах дүр зураг харагдаж байна.

Сүүлийн 10 жилд төгрөгөөр илэрхийлсэн ДНБ жилд дунджаар 6.3%-ийн өсөлттэй байсан. 2011 онд 17.3 % буюу хамгийн өндөр, 2016 онд 1.2 % буюу хамгийн бага өсөлттэй байжээ. Дээрх үзүүлэлтийг нэг хүнд ногдох байдлаар авч үзвэл, 2011 онд 4.9 сая төгрөг байсан бол 2020 онд 12.4 сая төгрөг болж нэмэгдэхээр байна.

Гэтэл ам.доллароор илэрхийлсэн нэг хүнд ногдох ДНБ 3,048-4,658 ам.долларын хооронд хэлбэлзэж, дундаж нь 4,062 ам.доллар байна.
Хамгийн багадаа 2011 онд 3,048 ам.доллар, хамгийн өндөртөө 2013 онд 4,658 ам.долларт хүрч байжээ. 4,062 ам.доллар нь олон улсын аргачлалаар ядуу ба дундаж орлоготой орнуудын зааг дээрх үзүүлэлт юм.

Эндээс Монгол Улсын нэг хүнд ногдох ДНБ 4,100 ам.доллар орчимд хэлбэлзэж, сүүлийн 10 жилийг зогсонги байдалтай өнгөрөөсөн нь харагдаж байна.

Мөн сүүлийн 10 жил буюу 2010 оныг 2019 онтой харьцуулахад төгрөгийн худалдан авах ерөнхий чадвар хоёр дахин унажээ. Төгрөгийн ханшийн уналт нь өдөр тутмын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний 50-60 хувийг эзэлдэг импортын барааны үнийг хөөрөгдөн өсгөж, энэ хэмжээгээр айл өрхийн зардлыг нэмэгдүүлж, үр дүнд нь дундаж орлоготой айл өрхийн тоо буурч, орлого багатай айл өрхийн тоо нэмэгдэж байна.

Тэгвэл төгрөгийн ханш унахад нөлөөлсөн хүчин зүйл нь юу вэ? Хамгийн гол хүчин зүйл бол хавтгайрсан халамжийн бодлого, бэлэн мөнгө тараасан явдал юм.

2004-2012 оны хооронд хүн бүрд Эх орны хишиг /нэг сая төгрөг/, залуу гэр бүл болон хүүхдийн мөнгөөр ойролцоогоор нийт 1.8 тэрбум ам.доллар буюу 2.6 их наяд төгрөгийг бэлнээр тараасан байдаг. Энэ санхүүжилтийг босгохдоо зээл авах, мөнгө хэвлэх замаар шийдвэрлэсэн. Бэлэн мөнгө тараах нь бэлэнчлэх сэтгэлгээг хөөрөгдөөд зогсохгүй баялаг бүтээдэггүй, бүтээмжийг өсгөдөггүй, зөвхөн түр зуурын хэрэглээг дэмжсэнээр хуримтлал, төлбөрийн тэнцлийн ашиг болон гадаад валютын нөөц багатай оронд бол үндэсний валютын ханшийг унагаах урьдчилсан нөхцөл болдог байна. Хэрэв бэлэн мөнгө тарааснаас шалтгаалж үндэсний валютын ханш огцом унавал үр дагавар нь нийгэмд илүү их хор хөнөөлтэй байдаг.

Хэрэв бид цаашид улс төрийн намын амлалтаар бэлэн мөнгө тараадаг популист үйл ажиллагааг үргэлжлүүлбэл нийт хүн амын тэн хагас нь ядууралд өртөх эрсдэлтэй байна” хэмээн ярилаа.

Эдийн засагч, судлаач Ч.Отгочулуу “13 тэрбум ам.долларын эдийн засгийг 10 жилийн дотор 40 тэрбум ам.долларт хүргэхийн тулд энгийнээр тайлбарлавал бидэнд ахиад Оюутолгой шиг 10 төсөл хэрэгтэй. Бидний зүгээс эхний ээлжинд доорх 15 төслийг санал болгож байна. Эдгээр төсөл бизнесийн хувьд судалгаа, шинжилгээ нь хийгдчихсэн хэдий ч улс төрийн зөвшилцөл хэрэгтэй байгаа юм. Тиймээс энэ төслүүд дээр нэгдсэн ойлголтод хүрэхийг уриалж байна” гэлээ.

Эдийн засгийн өндөр өсөлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлбэл зохих улс төрийн зөвшилцөл шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд:

  1. Шинэ нисэх онгоцны буудалд түшиглэсэн худалдаа, үйлчилгээ, банк санхүү, тээвэр логистикийн чөлөөт бүс
  2. Сэргээгдэх эрчим хүч болон эрчим хүчний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж экспортлох
  3. Байгалийн хий дамжуулах хоолой
  4. Нүүрсний гүн боловсруулалт (нүүрс хийжүүлэх, нүүрснээс байгалийн нийлэг хий ялгаруулах)
  5. Нүүрсний давхаргын метан хий олборлох, ашиглах төслүүд
  6. Овоотын коксжих нүүрсний уурхай(Хөвсгөл аймаг)-г эдийн засгийн эргэлтэд оруулах’
  7. Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогод тусгагдсан төслүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлэх
  8. Металлургийн салбарт зэс хайлуулах, төмөрлөгийн болон гангийн үйлдвэрүүдийн уөслүүд
  9. Замын-Үүд дэх эдийн засгийн чөлөөт бүсийг ажиллуулах
  10. Хөдөө аж ахуй салбарт боловсруулах үйлдвэрлэлийг дэмжиж ноолуур, мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний бүтээгдэхүүний экспортыг эрс нэмэгдүүлэх
  11. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байрлах Дулаан, Зөөвч Овоогийн цацраг идэвхт ашигт малтмалыг ашиглах төслийг дэлхийд тэргүүлэгч Арева, РеЗицубиши компаниудтай хамтран хэрэгжүүлэхийг (өнөөгийн байдлаар хөрш орнууд шинээр баригдаж ашиглалтад орсон атомын цахилгаан станцын тоогоор дэлхийд тэргүүлж байна) дэмжих
  12. Газрын ховор элементийн салбарт хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх
  13. Хармагтайн зэсийн ордыг эргэлтэд орулах
  14. Гацууртын алтны ордыг эргэлтэд оруулах
  15. Газрын тос боловсруулах үйлдвэрийг нефть-химийн аж үйлдвэрийн цогцолборын хамтаар ашиглалтад оруулах.

Categories
мэдээ нийгэм

“Цусны донорын үндэсний өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүллээ

Өнөөдөр “Цусны донорын үндэсний өдөр” тохиож байна. Орон даяар тэмдэглэдэг энэхүү хүмүүнлэгийн өргөн хүрээтэй үйл ажиллагааг ЦССҮТ тав дахь жилдээ зохион байгуулж байгаа юм.

Цусны доноруудыг алдаршуулах, урамшуулах, тэдний үйл хэргийг олон нийтэд таниулан сурталчлах зорилготой уг арга хэмжээний хүрээнд 100-аас дээш цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж “Мөнгөн донор”-ын болзол хангасан Гэндэнбалжирын Бямбажав, нийт 100-аас дээш цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэж “Хүрэл донор”-ын болзол хангасан Чанцалдуламын Анхбаяр нарт цол тэмдгийг нь гардуулж, үйлс гавьяаг нь алдаршуулав.


Мөн МУЗН-ийн шагналаар 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн Хүндэт донор Г.Хишигжаргал, ховор бүлгийн цусны донор П.Баасанжаргал нарыг МУЗН-ийн “Нигүүлсэл” мөнгөн медалиар, Хүмүүнлэгийн үйлсэд идэвх зүтгэлтэй оролцдог МNВ телевизийн хөтлөгч Г.Ган-Эрдэнийг “Энэрэл” алтан медалиар тус тус шагнасан бол МДХ-ны гүйцэтгэх захирал Д.Мандах, тус холбооны идэвхтэн М.Гэрэлчимэг, МУЗН-ын аргазүйч Ө.Барбаатар нар Цусны албаны Хүндэт тэмдгийн эзэн боллоо.

Түүнчлэн “Бахархал-50” тэмдгээр Хүндэт донор Г.Тайванбаатар,“Бахархал-40” тэмдгээр Хүндэт донор Ц.Оюундэлгэр, “Бахархал-30” тэмдгээр донор Б.Амаржаргал, “Бахархал-20” тэмдэгээр донор Д.Очирваань, “Бахархал-10” тэмдгээр донор Э.Хишигдамдин нарыг тус тус шагнаж урамшуулав.

Үндэсний цусаа бэлэглэх өдрийн хүрээнд цусны донорын үйлсийг дэмжигч хамтран ажилладаг “Гурван гал” эмнэлгийн хамт олныг “ДОНОР ХАМТ ОЛОН”-оор, “Жем Интернэшнл” ХХК-ийг “ХҮМҮҮНЛЭГИЙН ҮЙЛСИЙГ ДЭМЖИГЧ” байгууллагаар, МУИС-ийн дэргэдэх “Клуб-25”-ын идэвхтэн залуусыг “ШИЛДЭГ КЛУБ-25”-аар тус тус өргөмжилж, хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдрийн үйл ажиллагааг тохиолдуулан 2019 онд хамгийн олон удаа цусаа бэлэглэсэн доноруудад цус өгөлтийнх нь тоогоор онооны урамшуулал гардуулж, МДХ-ны 25 сайн дурын идэвхтэнд ЦССҮТ-ийн зүгээс мөнгөн урамшуулал гардуулж, баяр хүргэлээ.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байна

Монгол улсын Засгийн газрын түүхий нүүрсийг хориглох тухай 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын 500-аад албан хаагч 5 чиглэлээр хяналт шалгалтын обьектуудад хуваарилагдан ажиллаж байна.

1. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хамтарсан шуурхай штаб нийслэл, дүүргүүдэд байрлаж, албан хаагчид хуваарийн дагуу 24 цагаар ажиллаж байна. Төв штаб нь Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт байрлаж, 70128012, 98807012 дугаарын утсаар угаарын хийн хордлогын дуудлага мэдээллийг авч, хийн хордлогын учир шалтгааныг тодорхойлох, түүхий нүүрс түлсэн, хот руу оруулж ирэхээр завдсан зөрчил мэдээллийг нэгтгэж, ҮАБЗ, ТЕГ, Нийслэл зэрэг холбогдох төрийн байгууллагуудад яаралтай хүргэх мэдээлэх үүрэгтэй.

2. Сайжруулсан түлшний үйлдвэрлийн хүртээмж, савлагаа, худалдаа, эрэлт нийлүүлэлтийг судлах зорилгоор Таван толгой ХХК-ийн дундын борлуулалтын 27 цэг, жижиглэн борлуулалтын 347 цэгүүдэд хяналт тавьж ажиллаж байна. Албан хаагчид долоо хоногийн 1,3,5 дахь өдрүүдэд борлуулалтын цэгүүдэд, 2,4 дахь өдрүүдэд дундын цэгүүдэд хүрч холбогдох арга хэмжээг авч ажиллах юм.

3. Тавантолгой ХХК дээр 24 цагаар ажиллаж буй албан хаагчид үйлдвэрлэлийн технологийн процесст хяналт тавих, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, бүтээгдэхүүний нөөц түгээлт хадгалалтанд хяналт тавьж, тоо бүртгэлийг хийж, мэдээллийг Нийслэлийн Төв штабт хүргэдэг.
4. Авто тээврийн шалган нэвтрүүлэх 8 товчоодод ажиллаж буй албан хаагчид нийслэлд орж, гарч буй тээврийн хэрэгсэлд 24 цагаар хяналт шалгалт хийж, түүхий нүүрс нийслэлд оруулж ирэхээр завдсан үйлдлийг таслан зогсоож, Амгалангийн дулааны цахилгаан станцад буулгуулж, зөрчил гаргасан аж ахуй нэгж, иргэдэд Зөрчлийн хуулиар арга хэмжээ авч ажиллаж байна.

5. Агаарын чанарын хэлтсээс нүүрс түлэх зөвшөөрөлтэй 243 обьектын 389 зуух, янданд утааны шүүлтүүр тавиулах, зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр түүхий нүүрс оруулж ирсэн эсэх зэрэг асуудлуудад байнгын хяналт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг суллалаа

Нийслэлийн прокурорын газраас Зам тээвэр хөгжлийн яамны Зам ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2019.12.31-ний өдөр ирүүлсэн.

Түүнийг өнгөрөгч арванхоёрдугаар сарын 30-ны өдөр цагдан хорьсон бөгөөд үргэлжлүүлэн хорих эсэхийг шийдэх шүүх хуралдааны үеэр өмгөөлөгч шүүгчээс татгалзсан тул шүүх хуралдааныг 2020.01.03-ны өдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Зам тээврийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын санал баримтаар нотлогдохгүй байх тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Эргэн сануулахад Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг барьж буй БНХАУ-ын гүйцэтгэгч компанийн Хятад иргэдээс их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан тухай албаны эх сурвалж мэдээлж байлаа.