Categories
мэдээ нийгэм улс-төр

Ногоон бүс, үерийн даланд хог хаявал хүнийг 50,000 төгрөгөөр торгох заалтыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн үдээс хойшх хуралдаанаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа.

Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 31 дэх заалтын 2 дахь хэсгийн “эсхүл тээвэрлэгч” гэснийг, 2.4 дахь заалтын “зорчигч нь” гэснийг, 2.5 дахь заалтын “зорчигчид” гэснийг, мөн заалтын “төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “авалгүйгээр” гэснийг “аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр” гэж өөрчилж, 5.7, 5.8 дахь заалтыг “5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн”-ийг дэмжлээ.

“5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн юм.

Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг эл найруулгаар төсөлд тусгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив.

Химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг дээрх найруулгаар төсөлд тусгах юм.

Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн.

Үргэлжлүүлэн аюултай хог хаягдалтай холбоотой зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, Нийгмийн даатгалын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төсөлтэй холбоотой найруулгын шинжтэй гурван санал, Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэв.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллууд болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-2019” өнөөдөр эхэлж байна

Жилдээ нэг чуулдаг “Уран үгсийн чуулган” өчигдөр өндөрлөсөн бол өнөөдөр “Болор цом-2019” яруу найргийн наадам 13.00 цагаас эхлэх гэж байна.

Уран үгс, яруу найргийн дээрх наадмууд нь Багануур дүүргийн 40 жилийн ойн хүрээнд энэ жил тус дүүрэгт буюу Их зохиолчД.Нацагдоржийн төрсөн нутагт, түүний нутгийн нэрээр болж байгаагаар онцлогтой.

Яруу найргийн наадамд ирсэн, оролцож буй зохиолч, яруу найрагч, зочид төлөөлөл өнөөдөр Их зохиолчийн талбайд цуглан түүний хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэж байна.

Дүүргийн Соёлын ордонд эхлэх “Гүн Галуутайн Болор цом-37” наадамд 27 найрагч оролцон өрсөлдөж байна.

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом” наадам анх Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж нарын санаачилгаар 1983 оны арванхоёрдугаар сард болж байсан түүхтэй. Анхны наадамд санаачлагч Д.Пүрэвдорж “Хүн төрөлхтөнд хэлэх үг” шүлгээрээ тэргүүн байр эзэлж байв. Тэгвэл өнгөрсөн оны “Болор цом-2018”-ыг яруу найрагч Б.Баттулга “Гүн ухааны сүлжээ бодролууд”-оор хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

​Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Image result for орон сууц"

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан төсөл санаачлагчийн илтгэлийг, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Д.Дамба-Очир танилцуулсан.

Засгийн газраас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн өмчлөлийн эрх зүйн зохицуулалтыг сайжруулах, орон сууцны ашиглалтыг хариуцах мэргэжлийн байгууллага, сууц өмчлөгчдийн холбооны чиг үүргийн давхардал, хийдлийг арилгах, тэдгээрийн үйл ажиллагааны цар хүрээ, эрх үүргийг шинээр тодорхойлох, санхүүгийн механизмыг бий болгох, түрээсийн орон сууцны зохицуулалтыг боловсронгуй болгох, төрийн байгууллагын эрх, үүргийг тодорхой болгох, хууль хоорондын уялдаа холбоог хангах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Иргэний хуульд өөрчлөлт оруулах тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Газрын төлбөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Орон сууцны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Орон сууцны тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг нийт 8 хуулийн төслийг өргөн барьжээ.

Хуулийн төсөл батлагдснаар төрөөс орон сууц хөгжүүлэх үйл ажиллагааны эрх зүйн орчин сайжирч, орон сууцны ашиглалтыг сайжруулах оновчтой тогголцоо бүрдэн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад ихээхэн ахиц гарна гэж төсөл санаачлагч үзжээ.

Эдийн засгийн байнгын хорооны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцжээ. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат дундын өмчлөлийн эд хөрөнгийн зохицуулалт, тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд хариуцлагатай байх, татварын ачааллыг хуваалцах зарчим болон нийтийн эрх ашиг, аюулгүй байдалд харшилсан аливаа үйлдвэр, үйлчилгээг орон сууцанд явуулахыг хориглох зохицуулалтыг тус тус нэмж тусгах, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр шинэ гэр бүл, эмзэг бүлгийн өрх гэрийг хямд өртөгтэй орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэх, төвлөрөл багатай суурин газарт орон сууцны дэд бүтцийг шинээр татаж, нийтийн болон амины орон сууцыг хөгжүүлэхэд анхаарах, газар чөлөөлөлтийг нэгдсэн бодлогоор хийж, төлбөрийн чадварт нийцсэн хямд орон сууцаар иргэдийгхангах бодлогыг хэрэгжүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд олон улсын сайн туршлагыг дахин судалж, гол зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах зэрэг саналыг гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Л.Энх-Амгалан, Ц.Цогзолмаа, А.Ундраа нар асуулт асууж, Барилга, хот байгуулалтын сайд болон ажлын хэсгээс тайлбар, тодруулга авсан. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, С.Бямбацогт, А.Ундраа нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Төр бодлогын түвшинд орон сууцны хэрэглээг хангах асуудлыг шийдвэрлэх, үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг хамгаалах, дундын өмчлөл, хадгалалт хамгаалалтыг оновчтой шийдвэрлэх, төр оролцоогоо зөв тодорхойлж, олон нийтэд зөв, бодит мэдээлэл хүргэх шаардлагын талаар санал хэлсэн.

Ийнхүү Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ

Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгчийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд тавих шаардлагыг тогтоох, хэрэглэгч өөрт тохирсон үйлчилгээг сонгон авахад шаардлагатай санхүүгийн мэдлэг, боловсролыг үнэ төлбөргүйгээр авах, санхүүгийн үйлчилгээтэй холбогдсон гомдол, маргааныг шүүхийн бус замаар мэргэшсэн байгууллагаар хурдан, шуурхай шийдвэрлүүлэх зэрэг харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Байнгын хорооны хэлэлцүүлгийн явцад гишүүд төслийн санхүүгийн хэрэглэгч гэдэгт иргэдээс гадна банк, санхүүгийн байгууллагаас үйлчилгээ авдаг аж ахуйн нэгж, төрийн байгууллага, Засгийн газрын тусгай сан зэрэг бусад этгээдийг хамруулж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах зохицуулалтыг нэмж тусгах, иргэдэд санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох зэрэг тунхаглалын шинжтэй, хэрэгжүүлэхэд хүндрэлтэй зохицуулалтаас илүүтэй хэрэглэгчийн эрхийг бүтээгдэхүүний түвшинд хамгаалсан, санхүүгийн өдөр тутмын харилцаанд тулгардаг асуудлыг шийдсэн зохицуулалтыг төсөлд тусгах асуудлыг анхаарах нь зүйтэй хэмээн хэлсэн байна. Түүнчлэн зээлийн хүү буурах механизмыг бүрдүүлэх, нийт банк, санхүүгийн байгууллагууд дээр төвлөрөөд байгаа эх үүсвэрийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ялангуяа хөрөнгийн зах зээл рүү оруулах сонирхол, нөхцөлийг бүрдүүлэх талаар тусгах, төслийг Иргэний хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай зэрэг бусад хуультай сайтар уялдуулах, банкны бүтээгдэхүүний нөхцөлийг уян хатан болгох, түүнд тавих Монголбанкны хяналтыг сайжруулах асуудлыг анхаарах шаардлагатай гэж үзлээ. Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан банк-зээлдэгчийн харилцааны тэнцвэрийг хангах, монполь хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг байдлыг зохицуулсан эсэхийг лавлаж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Б.Баттөмөр нар төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлэв.

Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 39 гишүүний 23 буюу 59.0 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.

Categories
мэдээ нийгэм

ТЕГ: Үнэгүй Wi-Fi ашиглахгүй байхыг зөвлөж байна

Image result for тег"

Шинэ он гарч өвлийн аялал жуулчлал нэмэгдэж буйтай холбогдуулан олон нийтийн газарт компьютер, таблет, гар утас болон бусад мэдээлэл дамжуулах хэрэгсэл ашиглахдаа хувийн мэдээллийн аюулгүй байдлаа хангахад тань тустай доорх зөвлөмжийг хүргэж байна.

Цэнэглэгч кабель

Нийтийн цэнэглэгч USB кабелийг ашиглах нь зарим үед таныг гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй хэмээн кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд анхааруулж байна. Учир нь халдлага үйлдэгчид цэнэглэгч кабельд нэмэлтээр чип суулган олон нийтийн газар ашиглуулахаар орхиж, уг цэнэглэгч кабелийг ашигласан хохирогчийн гар утсан дахь нууц мэдээллийг олзлох, дамнан худалдах, барьцаалах тохиолдол олширч байна.

“Juice jacking” гэж нэрлэгдэх энэ төрлийн халдлага нь ихэвчлэн нисэх онгоцны буудал, төмөр замын өртөө, зочид буудал гэх мэт олон нийтийн газрын цэнэглэх станц болон бусдын цэнэглэгчийг ашиглах үед гарч байгаа бөгөөд хохирогчид нь жуулчид, томилолтоор явж буй албан хаагчид байгаа юм.

USB цэнэглэгчээр дамжих хорт код нь утасны эзэнд мэдэгдэхгүйгээр хувийн нууц мэдээллийг хулгайлахаас гадна дуут болон видео бичлэг хийх, тусгай дугаар руу залгах, текст мессэж илгээх чадвартайгаар зохион бүтээгдсэн байдаг байна.

Зөвлөмж:

  • USB charge-only adapter буюу зөвхөн цэнэглэх зориулалттай адаптер ашиглах;
  • Шууд цахилгаан залгуурт залган цэнэглэх;
  • Машины цэнэглэгч ашиглах;
  • Power bank буюу зөөврийн цэнэглэгч батерей ашиглах;
  • Өөрийн найдвартай цэнэглэгч кабелийг ашиглах.

Үнэгүй Wi-Fi бүс

Олон нийтийн үнэгүй Wi-Fi ашиглах нь дэлхий нийттэй холбогдох боломжийг бидэнд олгодог боловч хувийн аккаунтын мэдээлэл задгай, шифрлэгдээгүй сүлжээгээр дамжин мэргэжпийн хакерууд, кибер гэмт хэрэгтнүүдэд нээлттэй боломж олгодог. Энэ төрлийн халдлага үйлдэхэд зориулагдсан олон тооны хэрэгсэл интернэтэд байдгаас гадна хакерууд хуурамч Wi-Fi сүлжээ цацаад холбогдсон хүний мэдээллийг цуглуулах боломжтой байдаг.

Нийтийн Wi-Fi-д холбогдсон үед аюулгүй байдлын үүднээс дараах зүйлст анхаарах нь зүйтэй:

  • Тухайн холболт хяналттай байж болох тул нийтийн Wi-Fi ашиглаж байх үедээ өөрийн хувийн нууц мэдээлэл, имэйл, санхүүгийн систем зэрэгт нэвтрэхээс зайлсхийх;
  • Автомат холболтыг идэвхгүй болгох. Нээлттэй Wi-Fi-д холбогдох эсэхийг асуух тохиргоог идэвхжүүлэх.
  • Зөв, аюулгүй, цоож тэмдэглэгээтэй нууц үг шаардсан сүлжээг сонгох. Кафе, зочид буудал зэргийн сүлжээг нягталж асуух.
  • Яг одоо ашиглахгүй байгаа аппликешнуудыг хаах. Интернэт холболт үүссэн үед ихэнх аппликешнууд мэдээллээ шинэчлэхээр нэвтрэх мэдээллийг дамжуулдаг.
  • VPN /Virtual Private Network/ холболт ашиглах. Нийтийн Wi-Fi сүлжээг ашигладаг нийт хэрэглэгчдийн 25 хувь нь л VPN ашигладаг гэсэн судалгаа байдаг. VPN ашигласнаар таны байршлаас үл хамааран зохих түвшний хамгаалалтаар хангаж өгнө.
  • Хуучирсан үйлдлийн систем халдлагад өртөх өндөр магадлалтай байдаг тул интернэтэд холбогдох боломжтой бүх төхөөрөмжийн үйлдлийн системийг байнга шинэчилж байх зэрэг болно.

Танд амжилт хүсье.

Categories
мэдээ нийгэм улс-төр

​Конвенц соёрхон батлах тухай хуулийг баталлаа

Засгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Европын холбооны зөвлөлийн татварын асуудлаар хамтран ажилладаггүй бүс нутгийн жагсаалтаас гаргах, татварын ил тод байдлыг хангах, мэдээлэлхарилцан солилцоо, татвараас зайлсхийхийн эсрэг олон улсын дүрмүүдийг хэрэгжүүлэх зорилгоорбатлагдсан Засгийн газрын 2017 оны 350 дугаар тогтоол, Ерөнхий сайдын 2019 оны 157 дугаар захирамжийн дагуу Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-д 2019 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо гарын үсэг зурсан. Тус конвенцыг соёрхон баталснаар манай улс Европын холбооны өмнө хүлээсэн үүрэг амлалт бүрэн биелэх бөгөөд дэлхийн 130 гишүүн улстай мэдээлэл харилцан солилцох боломж бүрдэнэ гэдгийг Н.Энхболд сайд танилцуулгадаа онцолсон. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүд төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна.

Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, ажлын хэсгээс хариулт тайлбар авсан юм. Ингээд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй. Дараа нь төслийгбатлах санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 56.4 хувь нь дэмжив. Ийнхүү “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенц”-ыг соёрхон батлах тухай хууль батлагдсан тул Улсын Их Хурлын дарга эцсийн найруулгыг уншиж, танилцуулсан.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, далан сувагт хаявал хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох заалт дэмжигджээ

Улсын Их Хурлын чуулганы (2020.01.03) нэгдсэн хуралдаан 15 цаг 52 минутад эхэлж, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, Хууль зүйн байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 31 дэх заалтын 2 дахь хэсгийн “эсхүл тээвэрлэгч” гэснийг, 2.4 дахь заалтын “зорчигч нь” гэснийг, 2.5 дахь заалтын “зорчигчид” гэснийг, мөн заалтын “төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний” гэснийг тус тус хасаж, 3 дахь хэсгийн “авалгүйгээр” гэснийг “аваагүй, техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй тээврийн хэрэгслээр” гэж өөрчилж, 5.7, 5.8 дахь заалтыг “5.7.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчилсөн”, “5.8.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гаргасан бол зөрчлийг арилгуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” хэмээн өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Түүнчлэн төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас тогтоосон дэглэм зөрчиж, төрийн тусгай хамгаалалтын бүсийн агаарын зайд нисгэгчгүй, зайнаас удирддаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн бол зөрчлийг арилгуулж, хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг эл найруулгаар төсөлд тусгахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 61.5 хувь нь дэмжив. Мөн химийн хорт, аюултай бодистой холбогдсон үйл ажиллагааг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох нь зүйтэй хэмээн дэмжлээ.

Хог хаягдлыг дэд бүтцийн шугам хоолой, эсхүл нийтийн эдэлбэр газар, ногоон бүс, үерийн далан сувагт хаясан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Мөн хог хаягдлыг ил задгай шатаасан, эсхүл гэрийн болон нам даралтын зууханд нийлэг материалтай хог хаягдлыг шатаасан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зохицуулалтыг дээрх найруулгаар төсөлд тусгах юм. Энгийн хог хаягдлын төвлөрсөн цэгийн болон хог хаягдлыг сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагааг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргаас олгосон зөвшөөрөлгүйгээр эрхэлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, хог хаягдлын төвлөрсөн цэгт аюултай хог хаягдал, халдвартай хог хаягдал, эсхүл шингэн хаягдал, чөлөөт шингэн агуулсан хаягдал булшилсан, шатаасан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хэмээн өөрчлөн найруулахыг тус тус дэмжсэн. Үргэлжлүүлэн аюултай хог хаягдалтай холбоотой зөрчил, хүүхдийн эрхийн зөрчил, Нийгмийн даатгалын тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтуудтай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг томъёоллуудаар санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төсөлтэй холбоотой найруулгын шинжтэй гурван санал, Хууль зүйн байнгын хорооны дэмжээгүй нэг саналаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Categories
мэдээ цаг-үе

Т.Алтангэрэл: Иргэдэд мэдэгдэхгүй, элдэв эсэргүүцэлтэй нүүр тулахгүйгээр хууль батлах маяг руу орчихлоо

Хуульч, арбитрч Т.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Хөгжил өндөр улсуудад хуулийг батлахаас өмнө нөлөөллийн үнэлгээ тогтоодог, аль нэг салбарт сөрөг нөлөөтэй гэвэл эргэж хардаг жишиг тогтсон гэв үү?

-Тийм жишиг бий. МҮХАҮТ-аас “Өглөөний бизнес цай” гэсэн арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд бид хууль тогтоомжийн үр нөлөөний судалгааний чиглэлээр олон улсын эксперт урьж бизнес уулзалт хийсэн юм. Чарльз Хэнри Монтин гэдэг хүн. Уулзалтын зорилго сая таны асуусан зүйл байсан л даа. Хууль тогтоомжийг гарахаас өмнө төсөл байхад нь үр нөлөөг нь судалдаг. Эдийн засаг, хүний эрх зэрэг олон талаас нь судалж үздэг үр нөлөөний олон улсын аргачлал бий.

-Аргачлал нь улс орон бүрд адилхан байдаг уу?

-Үгүй. Улс бүр өөрийн гэсэн загваруудтай. Эдгээр аргачлалыг хэрэглэж хуулийн үр нөлөөг урьдчилж судалдаг юм. Эдийн засаг талаасаа ямар үр нөлөөтэйг нарийн судална. Компаниудад яаж тусах вэ, бизнесүүдэд ямар нөлөөтэй байх вэ гээд олон талаас нь харна. Эцсийн үр дүнд маш чанартай хууль гардаг.

-Нөлөөллийн үнэлгээг хийхэд олон чиглэлийн эксперт оролцох уу?

-Тэгнэ. Олон талын оролцогчдыг хамруулдаг.

-Хуулийг батлагдахаас нь өмнө ямар үр нөлөө үзүүлэх талаар судалдаг ямар нэгэн зохицуулалт манайд бий юү?

-Манай улсын хувьд Хууль тогтоомжийн тухай хууль гэж бий. 2015онд батлагдсан юм. Хууль хоол хийхтэй адилхан. Ямар ч хоолыг тохирсон хэмжээний давсаар амтлах гэх мэтээр жорыг нь тааруулдаг даа. Хууль ч ялгаагүй, тодорхой аргачлалаар хийгдэх ёстой. Тэгж байж чанартай, хэрэгжих боломжтой, гарах үр нөлөө нь урьдчилж тооцоологдсон хууль батлагддаг. Бизнесийн хүрээнд гээд ярихад ямар нэгэн татвар нэмж, хасахад эдийн засаг, аж ахуйн нэгжид яаж нөлөөлөх вэ гэдэг маш том асуулт бий. Сөргөөр нөлөөлөх нь үү, эерэгээр тусах нь уу гэдгийг харах ёстой. Ийм шүүлтүүрээр орж байж хэрэгтэй хууль мөн үү, биш үү гэдэг нь харагдана. Хууль тогтоомжийн тухай хуулийг ярьдаг нь учиртай. Бид 2015 онд энэ хуулийг батлахдаа ямар ч байсан эхлэлээ тавьсан. Олон улсын жишигтэй хөл нийлүүлэх гэж үзэж байна. Гэхдээ дөнгөж эхний үе шатандаа яваа.

-Тэгэхээр хуулиа чанартай болгох аргачлалыг ямар ч байсан хэрэглээд эхэлчихжээ дээ?

-Энэ аргачлалыг ашиглаж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, энэ аргачлалд суралцаж байна.

-Хуулийн төслүүдэд сая хэлсэн аргачлалуудыг ашиглаж үзсэн үү?

-Ганц хоёр хуулийн төсөлд ашиглаж үзэж байгаа.Манай хууль боловсруулагч, санаачлагчид хууль боловсруулахдаа энэ аргачлалыг хэрэглэж үзсэн ч тийм сайн үр дүнд хүрээгүй гэж салбарын яамныхан ярьж байсан. Энэ чиглэлээр мэргэшсэн, сургалтад хамрагдсан хүн харьцангуй цөөн юм байна. Ийм шалтгаанаар төдийлөн сайн хийж чадахгүй яваа юм билээ. Яг энэ чиглэлээр хүмүүсээ мэргэшүүлээд, холбогдох яамд нь иж бүрэн сайн хийгээд сурчихвал хуулийн чанар, үр нөлөө маш сайжирна.

-MҮХАҮТдээр болсон бизнес уулзалтад олон улсын эксперт юу ярьж байна вэ, ямар туршлагатай, аль улсын иргэн бэ?

-Тэр хүн Дэлхийн банк, Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага, Европын холбоо гээд маш олон байгууллагад ажилласан туршлагатай Франц улсын иргэн.Эрх зүйн реформын олон улсын ахлах зөвлөх хүн л дээ. Францын Хууль зүйн яаманд хууль боловсруулах чиглэлээр олон жил ажилласан нарийн мэргэшсэн эксперт. Энэ хүн олон улсын практикийг түлхүү ярьсан. Ямар улс ямархуу моделиор явдгийг сонирхуулсан. Англи Төв Европоос арай өөр, эдийн засгийн үр нөлөөг нь судалсан тал нь илүү гэх мэтээр тодорхой жишээтэйгээр тайлбарласан юм. Ер нь энэ аргачлалыг улс бүр өөрийн онцлогтоо тохируулж хөгжүүлж яваа.

-Таны яриад байгаа үнэлгээг хуулийг батлахын өмнө төсөл байхад нь хийчихээр ямар үр дүн гардаг бол?

-Хийдэл маш их багасдаг. Эдийн засгийн үр ашгийг нь тооцож байж хууль гаргаж байгаа учраас олон эрсдэлээс сэргийлчихэж байна.

-Манайд эсрэгээрээ урьдчилж нөлөөллийг нь судлахгүйгээр хуулиа баталчихдаг, өнөө хууль нь эргээд эдийн засгаа хорлоод яваа гэдэгтээ та санал нийлэх үү?

-Ер нь манайд тэгдэг л дээ. Хуулийг учир дутагдалтай, үр нөлөөг нь судлахгүйгэээр баталчихдаг. Ингэж батлагдсан хуулиас болж бизнесийн, харилцагчдын эрх ашиг хохирдог. Тэдний саналыг сонсож чаддаггүй нь том шалтгаан болдог.

-Эдийн засагт нөлөөлөхөөр хууль батлахдаа бизнесийнхний саналыг сонсдоггүй гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог шүү?

-Санал нэг байна. Таны хэлсэн шиг шүүмжлэл их сонсогддог. Зүй нь олон нийтийн оролцоог хангаж, саналыг нь авч, үр нөлөө нь яаж тусахыг тооцсоны үндсэн дээр хуулиа батлах ёстой. Энэ ажилд Сангийн яам, хөгжлийн агентлаг нь оролцох ёстой юм байна л даа. Түүнээс биш зөвхөн хуульчдын ажил биш.

-Хуулийн үр нөлөөний судалгаа олон нийтэд ил байдаг уу, эсвэл тодорхой хүрээнд судалж дүгнэлтээ гаргаад явчихдаг юм болов уу?

-Үр нөлөөний судалгаа нь олон нийтэд ил байх ёстой. Иргэд түүнийг нь сонирхож “Энэ хууль батлагдвал үр нөлөө нь бидэнд ингэж тусах нь ээ. Бидний өдөр тутмын амьдралд ийм төлбөрүүд нэмэгдэх юм байна” гэх мэт ойлголт, багцаа авдаг. Ингэж харсан иргэд өнөө хуулийн төсөлд дуу хоолойгоо оруулахыг бодно. Энэ мэт харилцан хамтын ажиллагаа хууль боловсруулах процессийн хүрээнд явагдах ёстой. Бизнес уулзалтад оролцсон эксперт энэ хүрээнд зөвлөгөө өгсөн.

-Гол зөвлөгөө нь юу байв?

-“Бизнесийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж хууль боловсруулах ажиллагаанд хүчтэй оролцох шаардлагатай. Энэ бүтэц нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим байж болох юм” гэсэн зөвлөгөө өгсөн. Бизнесийн үйл ажиллагаатай холбогдох хууль гаргах гэж байвал уг хуулийн төсөлд урьдчилсан байдлаар үр нөлөөний судалгаа хийх гарц бий. Өөрөөр хэлбэл МҮХАҮТ эдийн засаг, үр ашиг талаас нь судалж, урьдчилаад хараат бус дүгнэлт гаргадаг, үр нөлөөнийх нь үнэлгээг хийдэг болох шаардлага бий. Тэр дүгнэлт, үнэлгээгээ УИХ-ын гишүүдэд өгч байх ёстой юм байна л даа. Гишүүд өнөө хараат бус дүгнэлтийг нь харж байж хуулийн хэлэлцүүлгээ хийдэг байвал чанартай, сайн хуулиуд гарахад асуудалгүй. Төр, хувийн хэвшлийн харилцааг бодлогын төвшинд аргачлалынх нь хүрээнд сайжруулах гэх мэт шаардлагууд байгаа.

-Яг ямар улсуудад хуулийн нөлөөллийг батлагдахаас нь өмнө судалж тооцдог юм бол. Манайх шиг хөгжиж байгаа орнуудын хувьд хэр нэвтрүүлсэн байдаг вэ?

-Европын орнууд бүгдээрээ нэвтрүүлчихсэн. Хойд хөрш ч нэвтрүүлсэн. Ер нь хууль боловсруулах үйл ажиллагаа сүүлийн хэдэн жилд асар нарийн процесстойгоор хөгжиж байна. Тэгэхээр зөвхөн хөгжиж байгаа, өндөр хөгжилтэй улсууд гэж ялгаж харах арга байхгүй. Хөгжиж буй орнууд олноороо хэрэгжүүлж яваа. Батлагдсан хууль маш олон салбарт нөлөөлдөг. Дүнжингарав худалдааны төвд худалдаа хийж суугаа бизнес эрхлэгчээс эхлээд таксинд явдаг жолоочид хүртэл шууд болон шууд бусаар нөлөөлнө. Тэр утгаараа хуулийн үр нөлөө асар их. Түүнийг нь урьдчилж харж тооцоолж, үр нөлөөг нь байгаль орчин, хүний эрх, эдийн засаг талаас нь харж дүгнэлт гаргах нь олон талын ашиг тустай. Жишээ нь, МҮХАҮТ хараат бус дүгнэлт гаргахдаа “Энэ хууль бизнес эрхлэгчдэд сөрөг нөлөөтэй” гэчихвэл тухайн хуулийг эргэж хардаг жишиг тогтох шаардлага үүсчихсэн. Хувийн хэвшлийг хууль тогтоох байгууллагатай холбож өгдөг энэ чухал процесс манайд хэрэгжихгүй гэх үндэс байхгүй. Хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

-Та бид хоёрын ярьж суугаа асуудал одоогийн байдлаар Хууль зүйн яаман дээр илүү төвлөрч байна уу?

-Тэгж байгаа. Түрүүн хэлсэнчлэн энэ асуудлыг цаашид Сангийн яам, хөгжлийн агентлаг, бизнесийнхний нэгдэл болох МҮХАҮТ илүү бодитой оролцоотой ажиллах шаардлага бий. Ийм бололцоог хангаж өгөх хэрэгтэй.

-Чиглэл чиглэлийн төрийн бус байгууллагуудын оролцоо ч өндөр байх бололтой, тийм үү?

-Яг үнэн. Төрийн бус байгууллагуудын оролцоо их чухал. Бас нэг зүйлийг дахин онцлоход энэ чиглэлээр мэргэших шаардлагатай байна. Нөгөө талаас гаргаж өгөх тоон мэдээлэл нь бодитой байх ёстой. Худлаа мэдээлэл дээр суурилаад, буруу дүгнэлт гаргавал хууль эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлээд явчих эрсдэлтэй.

-Урт нэртэй хууль, 68 хувийн татварын хууль гэх мэт эдийн засагт үзүүлэх нөлөөг нь тооцолгүй баталсан хуулиудаасаа буцах тохиолдол УИХ-д цөөнгүй гардаг. Хууль гарснаар ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдгийг хардаг болчихвол энэ байдал өөрчлөгдөх л юм байна гэж ойлголоо?

-Тэгнэ. Таны хэлдэг үнэн л дээ. Нэг хууль батлаад хагас жилийн дотор буцаагаад өөрчилсөн жишээ бий. Эсвэл ямар нэгэн баярыг далимдуулаад сэмхэн хууль баталдаг жишиг анзаарагддаг. Иргэдэд мэдэгдэхгүйгээр, элдэв эсэргүүцэлтэй нүүр тулахгүйгээр хууль батлах маяг руу орчихсон байна. Ингэж батлагдсан хуулиуд эдийн засагт асар сөрөг үр дагавар авчирдаг. Гарсан сөрөг үр дагаврыг нь нарийн тооцож чаддаггүй асуудал бас бий. Нэгэнт батлагдсаных нь дараа бухимдаж сошиалаар шуугьдаг хандлага ажиглагддаг. Судалгаа хийж үр нөлөөг нь бодитой тодорхойлсон, гаргалгаатай, бодлого нь үндэслэлтэй байвал хэрэгжихэд ч дөхөмтэй, иргэд ч буруугаар ойлгохгүй. Тухайн хуулийг баталсан гишүүд шүүмжлэлд өртөхгүй. Гэх мэтийн олон талын ач холбогдолтой.


Categories
мэдээ цаг-үе

Б.Одончимэг: Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүйг “Солонго үүл” киногоор харуулсан

Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Б.Одончимэгтэй ярилцлаа.


-Шинэ уран бүтээл “Солонго үүл” уран сайхны киноны тань албан ёсны нээлт хэзээ болох вэ?

-Өнөөдрөөс бүх кино театруудаар гарч эхэлж байна. Албан ёсны нээлт нь 2020 оны нэгдүгээр сарын 1-нд болно.

-Та “Donna film” нэртэй энтертайнмент байгуулжээ. Энтертайментийнхаа талаар сонирхуулбал?

-Кино, энтертаймент, гадаад харилцаа гээд ер нь юу ч хийж болно. Магадгүй жүжиг ч тоглож болно. Янз янзаар л төлөвлөж бодоод байна даа.

-“Donna film” энтертайментийн анхны томоохон бүтээл бол “Солонго үүл” кино болж байна. Киноны трейлерийг үзээд “Ямар ч байсан эмэгтэй хүний дотоод сэтгэлийг илэрхийлэх юм байна. Үүл, солонгоор эмэгтэй хүний сэтгэлийг төлөөлүүлж, хоёр өөр ертөнцийг харуулах нь” гэж таамаглалаа?

-Баярлалаа, та бараг зөв таажээ. Киноны трейлер дундуур “Эмэгтэй хүн эрх чөлөөтэй байхын тулд бусдаас зөвшөөрөл гуйх ёсгүй” гэж үг гардаг. Энэ бол үнэн. Эмэгтэй хүн аз жаргалтай амьдрах гэж ирдэг. Эмэгтэй хүмүүс хамтдаа байж, дуу хоолойгоо нэгтгэж хүчтэй байж, эрх чөлөөнийхөө төлөө урагшаа тэмүүлцгээе. Энэ киног үзсэн эмэгтэй хүн “За даа, ингээд нэг юм урсгалаараа биш, өөрөө ямар нэгэн алхам хийх ёстой юм байна” гэсэн жаахан ч гэсэн сэргэлт авч үлдээсэй, урам зориг аваасай гэдэг үүднээс бид энэ киног “Oi entertainment”-тай хамтарч хийсэн юм.

-Эмэгтэй хүний амьдрал нөхөрт гарснаар дуусдаг, эрэгтэй хүний амьдрал эхнэр авснаар эхэлдэг гэдэг нэг үг ярьцгаагаад байдаг. Зарим эмэгтэй нөхөрт гараад л бүх юмандаа цэг тавьчихдаг?

-Хоёр талтай сонсогдож байна. Ээж аавын гар дээр эрхэлж өссөн цаг минь ингээд дуусаад хүний эрхшээлд очиж байна гэсэн санаа явж байна. Нөгөөх нь одоо би бүх юмыг бие дааж, толгой мэдэж шийдэх үе маань эхэллээ гэсэн утга сонсогдож байна. Ганц мод гал болохгүй, ганц хүн айл болохгүй гэдэг. Эмэгтэй хүн амьдралын бүх ачааг нуруун дээрээ үүрэх ёсгүй байхгүй юу. “Чи ингэх ёстой, тэгэх ёстой”, “Хүүхэд гаргах ёстой, чи гэрийн эзэгтэйн ажил хийх ёстой”, “Чи хоол хийх ёстой” гэдэг. Энэ ёстой гэдэг үг байхгүй байхгүй юу. Үүн дээр нь өөрөө ч нэмэрлэж “Би чинь өөрөө хүүхдээ харах ёстой”, “Би чинь нөхөртөө хоол хийж өгөх ёстой” гэж өөрөө өөрийнхөө эрх чөлөөг хязгаарлаад байгаа юм.

Эмэгтэйчүүдэд өөрсдөд нь алдаа байгаа. Нөхрүүд ч тэр нийтлэгээр “Би гадаад ажлаа зохицуулаад санхүүгээ хариуцаад явна. Та нар ойр зуурын, хүүхэд шуухад, гэр ахуйн юмаа, хоол ундтай, халуун дулаан байлгах асуудлыг хариуц. Цэвэр цэмцгэр байлгах нь та нарын үүрэг” гэдэг. Энэ бүгд эрэгтэй, эмэгтэй хүнд давхар, давхар хуваарилагдах ёстой, ойлголцох ёстой, ярилцах ёстой. Эмэгтэйчүүд гэр орон, хүүхдүүддээ дарагдаад нэг тийм сонин, эрх чөлөөгүй байгаад байна уу даа гэж харж, эмзэглэдэг юм. Монгол эмэгтэйчүүд эрх чөлөөгүй байх тийм хандлагаар зарим эрэгтэйчүүд гэр бүлийн амьдрал бүтээгээд байх шиг байна.

-Киноны зураг авалтыг хаагуур хийв?

-Зураг авалтын 45 хувь нь Эрхүү хотод хийгдсэн. Алтанбулаг, Сэлэнгэ, Улаанбаатарт 55 хувийг нь авсан.

-Зураг авалт хэр удаан үргэлжилсэн бэ?

-Долдугаар сарын 5-наас наймдугаар сарын нэгэн хүртэл үргэлжилсэн. Улаанбаатарт 4-5 хоног зураг аваад замд гарч явж байхдаа зураг авалтаа хийж байсан. Хил давах завсарт зураг авалт хийсэн. Мөн Байгаль нуурын эрэг дээр зураг авсан. Гол дүрүүдийн хувцасны загварыг бид ярилцаад манай стилист өөрөө оёсноороо онцлог болсон.

-Киноны нэрийг тайлбарлавал… Эсрэгцүүлсэн утгатай ч юм шиг?

-Хүн болгон өөр өөрөөр ойлгож байна. Үүл, солонго гэх байгалийн үзэгдэл ямар байдаг билээ, тэр хоёр үзэгдлийг эмэгтэй хүний амьдралтай холбож гаргажээ ч гэж ярьж байна. Энэ хоёр эмэгтэй Монголын өнөөгийн нийгэм дэх хоёр өөр амьдралын төлөөлөл болж гарч байгаа. Манай нийгэмд их олон төлөөлөл бий. Тэр төлөөллүүдийн ердөө хоёрхныг л энэ хоёр эмэгтэй харуулах юм.

-Танай энтертайментийн анхны уран сайхны кино үзэгчдэд хүрч байна. Нэг тийм доглол, цагаахан айдас төрж байна уу?

-Мэдээж тийм. Гэхдээ бид энэ ажлыг эхлүүлэхдээ айж эхлээгүй. Би өөрөө эмэгтэй хүн учраас энэ бүгдийг ойлгоход амар байсан. “Oi” entertainment-ийн найруулагч Р.Эрхэмбүрэн энэ киноны зохиолыг бичиж, найруулсан. “Солонго үүл” кино Г.Нарансолонго эгчийн тоглосон анхны драм төрлийн кино. Энэ төрлийн дүрийг чадварлаг бүтээж чадах жүжигчин хэдий ч яг ийм жанрын уран бүтээлд тоглож байгаагүй болохоор илүү шинэлэг, сонирхолтой санагдсан л даа. Тиймээс гол дүрийн жүжигчнээрээ сонгосон. Манай кинонд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ, А.Баттүшиг, М.Тогтохжаргал, Т.Нямдорж, Т.Бадамжав зэрэг олон чадварлаг жүжигчид тоглосон. Түүнчлэн ОХУ-ын Эрхүү хотын залуучууд, театрын жүжигчид хамтарч ажилласан. Энэ кино бол “Oi entertainment”-ийн долоо дахь, “Donna film”-ийн анхны уран бүтээл болж мэндэлж байгаа юм. Кино маань үзэгчдэд хүрч байгаа энэ өдөр киног маань үзсэн үзэгчид бидний хүсч байгаа тэр мэдрэмжийг аваасай, хүргэхийг зорьсон мессэж маань үзэгчдэд хүрээсэй л гэж бодож байна. Сэтгэл догдлоод түгшүүртэй ч гэмээр нэг тийм баяртай байна шүү.

-Жүжигчин хүн бүтээсэн дүрээрээ овоглох сайхан. Таныг “Аз жаргалын шок” кинонд тоглосон дүрээр тань хүмүүс таньж “Нөгөө шоконд ордог, нөхөртэйгөө солигддог Одноо юу” гэж ярьцгаадаг юм билээ?

-Янз бүр байдаг юм. Анхны гол дүр бүтээсэн “Аз жаргалын шок” кинондоо хайртай. “Гэрлэн дохио” цувралд Тамираагийн дүр бүтээсэн. Тэгтэл нэг хэсэг хүмүүс “Ааштай эхнэр Тамираа” гэдэг байлаа. Ямар кинонд энэ жүжигчин тоглосон билээ гэхээсээ илүүтэй миний тоглосон уран бүтээлээр овоглож байгаад нь баяртай байдаг. Сүүлийн үед би “37-р точка”-ын Бурмаа гэдэг нэртэй явж байна даа (инээв).

-Хоёр он солигдох босгон дээр шинэ киногоо үзэгчдэд хүргэж, шинэ жилээр үзэх юмтай болгож байна шүү?

-Энэ киногоо маш гоё өдөр нээж, нээлтийг нь хийж байна гэж ойлгож байгаа. 2020 оны нэгдүгээр сарын 1-нд эмэгтэйчүүд бүгдээрээ нэгдэж, нэгэн үдшийг сайхан кино үзэж өнгөрүүлцгээе. Эмэгтэйчүүд минь жаргалтай амьдралынхаа төлөө бодож буй бүх хүсэл нь 2020 ондоо биелэх болтугай. “Солонго үүл” киноны хамт олноос Шинэ жилийн мэнд хүргэе, манай киног шимтэн үзэж таалан болгооно уу.


Categories
мэдээ цаг-үе

Дугуйн олгойн дээр хавтан бэхэлчихээд Хурхын голоор аялж байсан ангийнхан


Монгол Улсын төрийн шагналт, Ардын уран зохиолч Сэнгийн Эрдэнийн нэрэмжит Хэнтий аймгийн Биндэр сумын арван жилийн дунд сургуулийн 47 дугаар төгсөлтийн хамт олныг “Нэг ангийнхан” буландаа онцолж байна.

Арвин түүхтэй энэ сургуулиас төрсөн алдартнууд олон. Москвагийн олимпийн наадмын мөнгөн медальт, гавьяат тамирчин Цэндийн Дамдин агсан, хөдөлмөрийн баатар н.Шириндэв, гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо нарын олон алдартнууд энэ сургуульд боловсорч амжилтын их аяндаа мордож байсан түүхтэй.

Тэртээ шинэ мянган гарч байхад л дөнгөж сургуульд орж байсан жаахан хүүхдүүд өнөөдөр өөр өөрсдийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж эх орныхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж явна. А.Мөрөн, Б.Бадамгарав, Б.Жаргалмаа, Га.Ганцэцэг, Н.Мөнжаргал, Долгор нарын шилдэг багш нарын сэтгэл зүтгэлийн үр дүнд бэлтгэсэн шавь нар нь салбар бүрт л гялалзаж байна.

Энэ хамт олны төлөөллөөс дэлхийд данстай тамирчин, шилдэг барилгын инженер, архитектур, эмч, их сургуулийн багш, дасгалжуулагч, нар төрсөн. Түүнчлэн эх орны хилээ хамгаалж буй цэргүүд, төрийн албанд ажиллаж буй залуус ч бий.

Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин С.Батцэцэгийг “дээш нь харуулж” байсан цөөхөн тамирчдын нэг олон улсын хэмжээний мастер Зоригтын Болортунгалаг энэ ангийнх. Алдарт бөх Иван Яриганы нэрэмжит олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд түрүүлж төрийн дууллаа эгшиглүүлж байсан энэ охин дэлхийд нэрээ дуурсгасан шилдэг тамирчин юм. Мөн З.Тунгалагбаатар, Э.Асралт, Т.Баярмаа нар спорт аяллын улсын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байсан гавьяатай.


АЯЛАГЧ АНГИЙНХАН

Байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн араараа модтой Биндэръяа нутгийн хүн зон байгальтайгаа уялдаатай аж төрдөг. Энэ ангийнхан ч тийм. Сургуулийн газарзүйн багш Г.Үржинсүх хүүхдүүдийг ширээний ард суулгаж, номын хуудас эргүүлэхээс илүү сум орон нутагтай нь танилцуулж, эх байгалиа хайрлаж хамгаалах сэтгэхүйг хүүхдүүдийн ухамсарт суулгахыг илүү үздэг байжээ. Энэ ч утгаараа ангийнхныг аялалд авч явдаг байж. Явганаар аялж байгалийн сайхантай танилцдаг байсан хамт олон сүүлдээ завьтай аялдаг болжээ. Тухайн үед зориулалтын завь байсангүй. Том дугуйны олгойн дээр хавтан бэхэлж уяад л, урт шургаагаар сэлүүр хийж Хурхын голын дагуу хэд хоног аялж байсан дурсамж энэ хамт олонд бий. Хүүхдүүдийн хүсэл сонирхлыг үнэлсэн АНУ-ын жуулчид 10 хүн сууж аялах зориулалттай рафтинг завь дурсгаж байсан нь одоо хэр нь сургуульд хадгалагддаг юм билээ. Аяллын завьтай болсон ангийнхан өргөн Ононгоо хөндлөн гулд туулж Биндэр нутгийн байгалийн сайхныг биширч явсан нь хүүхдүүдийг ирээдүйн мэргэжлээ сонгоход нь нөлөөлжээ. З.Тунгалагбаатар “Актив энд Адвенчер Турс Монгол” компанийн маркетингийн менежерээр ажилладаг. Энх байгалиа хайрлах сэтгэлтэй болж төлөвшихөд газарзүйн багш Г.Үржинсүхийн байгуулсан гавьяа их хэмээн ангийнхан ярьж байна лээ. Д.Содном цаг уурчийн мэргэжлээ завьтай аялж явахдаа л сонгосон аж.

Энэ хамт олны хүүхэд насны ихэнх хугацаа нь Онон голын ойролцоо л өнгөрчээ. Зун нь хужиртталаа усанд сэлнэ, хясаа барьж иднэ. Хажуугаар нь загас барина, сумын дэлгүүрт зарж чихэр боохор аваад идчихдэг байж. Харин өвөл нь сумын хойд талын уулнаас цүнхээ дороо хийгээд л үдэш болтол гулгана. Арай том болоод ирэхээрээ цанаар гулгадаг болсон аж. Толь шиг тунгалаг Онон голын мөсөн дээгүүр өдрийн турш гулгаж тоглох нь тэдний хувьд аз жаргал. Хавар, намартаа бол Нарсан хонгил, Яргуй хавцал гээд үзэсгэлэнтэй газруудаар аялчихна. Интернэтгүй үеийн эдний бага нас ингэж л өнгөрсөн байна. Биндэр нутгийн зон олон ажилсаг, эдний хамт олон ч тэр. Хөдөлмөрийн баатар Доржхандбаатарын зээ Г.Мөнх-Оргил эдний ангийнх. хөдөлмөрийн баатрын зээ хүү нь хөдөлмөрч бүтээлч хүүхэд байсан талаар ангийнхан нь ярьж байлаа.

Хөвгүүд нь хадлан бордоо, охид нь жимс ногоо түүхээс авахуулаад ажил мундахгүй. Чацаргана хураалтад анги хамт олноороо явж хөглөж байсан дурсамж ч бий гэнэ. Ийм л эгэл орчинд өссөн хамт олон салбар бүрт сайн ажиллаж, манлайлж явна.

Энэ хамт олны төлөөллүүдээс багш нар олон. Х.Оюун-Эрдэнэ Их засаг их сургуулийн багшаар ажилладаг бол Т.Баярмаа, У.Мөнжаргал нар мөн л багшийн мэргэжил эзэмшжээ. Э.Мэргэн Монгол Улсын их сургуульд ажиллаж байна. Буриад үндэстэн ястнаараа бахархдаг тэрбээр “Амин тоонто” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Э.Асралт нийслэлийн 63 дугаар сургуульд биеийн тамирын багшаар ажилладаг. Түүний хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дасгалжуулж тусгай олимпийн наадамд заалны хоккейн төрлөөр өрсөлдөж шагналт байр эзэлж байжээ.

Эмч нар ч хэд хэд бий. Х.Биндэръяа АШУИС-ийг төгсөж өдгөө шүдний эмчээр ажилладаг гэнэ. М.Гэрэлтнаран, О.Даваасоёмбо, Г.Үүрийнтуяа, З.Хишигжаргал нар эрүүл мэндийн манаанд зогсож буй. Харин хилийн манаанд Г.Билгүүнтамир, Э.Ууганбаяр, Батжаргал, Мөнгөнзул нар зогсож байна. Усанд гавшгай сэлдэг тэрбээр үерлэж улаанаа эргэж байсан Онон голоос хүний амь аварч гавьяа байгуулж байсан удаатай. Түүнийг Онцгой байдлын алдар, Хан Хэнтийн алдартан, хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнаж, орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр алдаршуулж байсан аж. Энэ мэт үлгэр жишээ залуус энэ хамт олон дунд олон бий. Мөн М.Хаш-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн цагдаагийн газарт алба хашдаг. Банк санхүүгийн салбарт Э.Урангоо ажилладаг. Б.Хатанбаатар, Э.Болд нар барилгын инженерийн мэргэжил эзэмшиж эх нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж явна. Л.Ангарагсандуй аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд алба хашдаг юм байна.

Урлагийн авьяастнууд ч олон. Д.Ононцэцэг, Э.Жарантай “Ёохор” буриад бүжгийн наадамд удаа дараа амжилттай оролцож байсан. Д.Ононцэцэг аймгийнхаа бүжгийн аваргаар шалгарч байсан зэрэг амжилтуудыг нь дурдахад зай талбай их авна.

Мөн гэрэл зургийн хичээлд авьяастай Ц.Баярсайхан одоо “Urban jeans” брэндийн дизайнераар ажиллаж байгаа аж. Э.Цолмонбаяр Төмөр замын дээд сургууль төгсөж мэргэжлээрээ ажиллаж байгаа юм. Шатрын спортоор аймгийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцдог байсан Э.Энхцэцэг хуульчийн мэргэжил эзэмшжээ.

Өнгөрсөн зун Б.Түвшин Хурх тосгоны баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж сумын заан цол хүртсэн юм. Ер нь эдний ангид сум овооны наадамд зодоглож түрүүлж үзүүрлэдэг залуус олон би. Э.Оюун-Эрдэнэ, Г.Мөнхбаатар, Ж.Мөнх-Оргил нар овоо тахилгын наадмуудад ногт ганзагалж очиж шөвгөрчихөөд буцаж байсан удаа олон бий. Мөн Н.Гандаваа үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагналт байрт шалгарч байсан удаатай. Мөн уяачид ч олон. У.Анхбаяр уяа сойлгыг тааруулдаг шарга азарга Хэнтийн хойд бүсийн уралдаанд түрүүлж голынхноо баярлуулж байсан удаатай. Д.Хувьтай, Э.Алтанбагана гээд залуусын уясан хурдан хүлгүүд сум орон нутгийн наадамд тогтмол айрагддаг.

47 дугаар төгсөлтийн хамт олон спортын уралдаан тэмцээнд манлайлж оролцдог. Сумын засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Алтан цом” анхдугаар спортын наадамд багаараа түрүүлж байсан юм. Цомын эзэн болсон хамт олон дараа жилийнх нь наадмыг ивээн тэтгэж зохион байгуулалтад оролцсон байна. Дараагийн наадмуудад ч илүү өндөр ач холбогдол өгч оролцох талаараа ангийнхан ярьж байсан юм.

Энэ төгсөлтийн хамт олноос хоёр ч гэр бүл төрөн гарсан. Төмөр замчин Э.Цолмонбаяр М.Ундрал нар гэр бүл болсон байна. Мөн Б.Одхүү Х.Биндэръяа нар сурагчийн ширээний үерхлээ өдий хүртэл үргэлжлүүлж өнөр бүл болон аж төрж байна.

Шинэ мянганы эхэнд л эрдмийн аянд хамт мордож байсан нэг ангийнхны тухай сийрүүлэхэд ийм байна. Сонгосон мэргэжилдээ эзэн болж, нэр төртэйгөөр ажил албаа хийж буй энэ хамт олны нэгнээ гэсэн сэтгэл одоо хэр нь хөрөөгүй л байна. Уулзахаараа бага балчир үеийнх шигээ хөгжилдөж, хөнгөн дэггүйтдэг эдний нэгнээ гэсэн халуун сэтгэл хэзээ ч хөрөхгүй биз. Арван жилийн үерхэл, нөхөрлөл гэдэг ийм л бат бөх байдаг аж. Уулзалгүй удвал нэгээ үгүйлдэг энэ хамт олны дундаас О.Мөнх-Оргил, Булган нар нь ихийг хийж бүтээх насандаа тэнгэрт дэвшжээ. Хөдөлмөрч хичээнгүй нөхдөө ангийн хамт олон нь өнөө хэр нь сэтгэлдээ тээж л явна.