Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ

Монгол Улсын Засгийн газар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 120 дугаар тогтоолыг баталсан. Мөн Иргэний нисэхийн Ерөнхий газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А/677 тоот тушаалаар батлагдсан “Ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр орон нутгийн Засаг дарга нартай байгуулсан “Хамтын ажиллагааны гэрээ”-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэлэнгэ аймаг руу туршилтын шууд нислэг үйлдлээ.

Өнгөрөгч оны 11 дүгээр сард Иргэний нисэхийн ерөнхий газрын мэргэжилтнүүд газар дээр нь ажиллаж, мэргэжлийн зөвлөмж, зөвлөгөө өгсөн бөгөөд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар харилцан тохиролцсоны дагуу ерөнхий зориулалтын нисэхийн дэд бүтцийг хөгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр тус аймгийн ЗДТГ-ын захиалгаар Геосан ХХК-ийн “JU-9993” бүртгэлийн дугаартай агаарын хөлгийн нисгэх баг техникийн нислэгийг амжилттай гүйцэтгэв.

Цаашид, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай байгуулсан “Хамтын ажиллагаа”-ны гэрээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аэродромын дэд бүтцийг үе шаттайгаар хөгжүүлэх бөгөөд ингэснээр алслагдсан аймаг, сумдад зорчигч, ачаа, шуудан тээвэр, эрэн хайх авран туслах үйл ажиллагаа, ойн хортон шавьжтай тэмцэх, байгаль орчин хамгаалал, хилийн эргүүлийн нислэг үйлдэхээс гадна хилийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

“Болор цом-37″: Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ

“Болор цом-37” яруу найргийн наадам өнөөдөр Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. “Болор цом-37” наадмын айргийн тавд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан, Б.Энхжаргал, Д.Жамбалдорж нар шалгарч үлдсэнээс шүүгчдийн үнэлгээгээр яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ. Яруу найрагч Б.Энхжаргал хоёрдугаар байр эзэлсэн бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байрыг тус тус эзэлсэн юм. “Болор цом-37” наадмын тусгай байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар шалгарлаа.

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яаш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотнохон мөр харалгүй уджээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн, ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал, зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л бид чинь будраад өнгөрөх цас аа…

Categories
мэдээ нийгэм

157,930 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 24 хувьцаат компанийн 24,271,217 төгрөгийн үнийн дүн бүхий 157,930 ширхэг хувьцаа арилжигдсанаас 11 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан байна. Үүнээс “Дархан гурил тэжээл” ХК (DAR+14.99%) болон “Талх чихэр” ХК (TCK+5.06%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ариг гал” ХК (EER-14.03%) болон “Хар тарвагатай” ХК (TVT-13.79%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

“TOP 20” индекс 0.1 хувиар өсч 19511.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,666,684,969,708 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа

ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээ болон Хүүхдийн тасагт иж бүрэн засвар хийн, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Ингэснээр дотоод халдвараас бүрэн хамгаалагдсан, дуу чимээнээс тусгаарлагдсан бие даасан тусгай боксын зохион байгуулалттай болж байгаа аж.

Эрчимт эмчилгээ яаралтай тусламжийн багийн ажиллах тусгай зориулалт бүхий эмчилгээний өрөө нь ариутгал, халдваргүйжүүлэх болон агааржуулалтын системтэй, эрчимт эмчилгээний иж бүрэн аппарат тоног төхөөрөмж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр бүрэн хангагдсан байна.

image

Түүнчлэн хэвтэн эмчлүүлэгчийн тав тухыг хангах үүднээс тусгай өрөө бүрт дотоод сүлжээ, интернэт, хяналтын камертай, SMART LED дэлгэцтэй USB, HDMI, AV WiFi-тай олон үйлдлийг зэрэг хийж гүйцэтгэх чадвартай ухаалаг дэлгэц холбосон аж.

Дотоод сүлжээний тусламжтай интернэт орчинд эмч үйлчлүүлэгчийн биеийн байдлыг харж үнэлэх, хяналт тавих, түүнчлэн үйлчлүүлэгчийн талаарх мэдээллийг ар гэрт нь дүрс, дуутай дамжуулах нөхцөлийг бүрдүүлжээ.

Хүүхдийн гэмтэл согогийн нэгдүгээр тасгийн хувьд өнгөрөгч онд 21 ажилтантай, 12 хэвтэн эмчлүүлэх өрөө, 35 ортойгоор хотын таван дүүрэг, хөдөө орон нутгийн 10 аймгийн харьяалал бүхий 1,499 хүүхдэд Осол гэмтэл, согогийн үеийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Ташрамд дуулгахад, ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг нь өнгөрөгч онд эмнэлгийн анхны тусламжийн үйлчилгээг 125,688 иргэнд хүргэжээ.

Тус тасгуудыг хүлээж авах үйл ажиллагаа өнөөдөр болж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүн оролцлоо.

image

Categories
мэдээ нийгэм

200 мянган өрхөд угаар мэдрэгч тараана

Нийслэлийн гэр хорооллын 200 мянга гаруй өрхийг угаар мэдрэгчээр хангахаар болсон ч урд хөршид захиалгаар хийлгэж буй угаар мэдрэгч одоог болтол ирээгүй байна.

Өнгөрсөн жилээс эхлэн нийслэлд түүхий нүүрс ашиглахыг хориглосонтой холбоотойгоор нийтээрээ сайжруулсан түлш ашиглаж байгаа. Гэвч сүүлийн гурван сард 631 өрхийн 1500 иргэн угаарын хийнд хордоод байгаа юм. Үүний 90 гаруй хувь нь сайжруулсан түлшнээс шалтгаалсан хордлого аж. Тиймээс нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрөхөд угаар мэдрэгч суурилуулах шийдвэрийг Засгийн газар аравдугаар сарын 9-нд гаргасан.

Ингэхдээ бусад оронд түгээмэл ашиглаж байгаа угаар мэдрэгчдийг нийслэлийн гэр хорооллын 200 мянган өрхөд нэг удаа үнэ төлбөргүй тараахаар болж, БНХАУ-ын нэгэн үйлдвэрт захиалга өгсөн. Захиалгын дагуу эхний ээлжид маргааш /2020.01.05/ 50 мянган ширхэг угаар мэдрэгч ирэх ажээ. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс нэгдүгээр сарын 10-аас гэр хорооллын өрхүүдэд угаар мэдрэгч суурилуулж эхлэх гэнэ.

Тус угаар мэдрэгч нь 18 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд угаар мэдрэгчид нийт 3.7 тэрбум төгрөг зарцуулагдах аж. Мөн үйлдвэрлэгч талын зүгээс тус угаар мэдрэгчийг 1.5 м өндөрт, 4-37 хэмд байрлуулахыг зөвлөснөөс гадна шороо тоостой, чийгтэй орчинд хэвийн ажиллах боломжгүй гэдгийг анхааруулсан байна.

Categories
мэдээ улс-төр

​Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Image result for сонгууль"

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийниргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, Монгол Улсын Их Хурлын болон орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг хамтад нь нэг хуулиар зохицуулсан. Энэ хуульд 2016 онд 4 удаа, 2017 онд 2 удаа, нийтдээ 6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан. Эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд буюу хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байв. Улсын Их Хурлын сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь тус тусын зохион байгуулалтын онцлог шинжтэй, ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг. Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар Сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, үүнээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсгэхийн зэрэгцээ иргэд сонгогчдод ойлгомжгүй байв.

Иймээс улс орны улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үндсэн зарчим, журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн уг сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн орчныг сайжруулах зэргээр орон нутгийн Хурлын сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагын үүднээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг баримтлан орон нутгийн Хурлын сонгуулийн харилцааны онцлогыг тусгасан бие даасан хуулийн төслийг боловсруулжээ.

Төслийг боловсруулахдаа Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагаас 2016, 2017 оны сонгуулиудыг ажиглаад өгсөн зөвлөмж, Сонгуулийн ерөнхий хороо болон Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нийт улс төрийн намууд, Батлан хамгаалах яам, Гадаад харилцааны яам, Тагнуулын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Хил хамгаалах ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Үндэсний аудитын газар, Гадаадын иргэн харьяатын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, МҮОНРТ зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс нээлттэй санал авч тусгасныг хууль санаачлагч илтгэлдээ дурдав.

Энэ үндсэн дээр хуулийн төсөлд орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийг товлон зарлах болон санал авах өдрийг хамтад нь тогтоох, ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн аравдугаар сарын эхний хагасын аль нэг ажлын өдөр байх, дахин сонгуулийг тухайн шатны сонгуулийн хороо нь дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүссэн өдрөөс хойш 14 хоногийн дотор, нөхөн сонгуулийг тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нөхөн сонгууль явуулах нөхцөл байдал үүссэнээс хойш 50 хоногт багтаан товлон зарлах, нөхөн болон дахин сонгуулийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж Сонгуулийн ерөнхий хорооны төсөвт жил бүр тусгаж батлах, сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлээс гадна төлөвлөлт, зарцуулалтад аудитын байгууллага хяналт тавьж, дүгнэлт гаргаж байхаар тусгасан байна. Өмнө нь орон нутгийн Хурлын сонгуультай холбоотой гомдол маргаан шийдвэрлэгдэхгүй удах, шийдвэрлэгдсэн ч дахин, нөхөн сонгуулийг товлон зарлахгүй байх тохиолдол гардаг байдлыг нэг мөр цэгцэлж, сонгуулийг товлон зарлах хугацааг нарийвчлан тодорхойлж, хуульд заасны дагуу сонгуулийг товлон зарлаагүй, зохион байгуулаагүй этгээдэд оногдуулах хариуцлагыг хуулийн төсөлд тусгажээ. Мөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчид тойргийг нутаг дэвсгэрийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, хэмжээ, байршил зэргийг харгалзан байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох бөгөөд тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл буюу хилийн зэргэлдээ байх, нэг хэсэгт байх сонгогчийн доод хязгаарыг 200 сонгогч байхаар тогтоох, сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах ажиллагаа дуустал засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжийн бүтэц, нэр, дугаарт өөрчлөлт оруулахыг хориглохоор зохицуулж өгчээ.

Түүнчлэн улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын итгэмжилсэн ажилтан нь сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлсэн өдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг хариуцан хэсгийн хорооны дэргэд ажиллах, сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, давхардлыг арилгах, нягтлан шалгах, хүргүүлэх үйл ажиллагаанд тагнуулын байгууллага хяналт тавихаар төсөлд тусгажээ. Үүний зэрэгцээ нэр дэвшигч нь төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө, ээлжит бус, нөхөн, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаас чөлөөлөгдсөн байх зохицуулалтыг оруулсан байна.

Мөн нам, звслийн сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтны тоог үйл ажиллагааных нь цар хүрээтэй уялдуулан тогтоохын зэрэгцээ нам, эвсэл болон бие даан нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийг төрийн аудитын байгууллагад хянуулах хугацаа, журмыг тодорхой болгож, цахим орчин ашиглан сонгуулийн сурталчилгаа явуулах нарийвчилсан зохицуулалтыг тусгаж өгсөн байна.Уг хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн “төсөлд орон нутгийн сонгуулийн сурталчилгааг зохицуулсан хугацаа урт байгаа талаар, 8-9 дүгээр сарууд нь шилжилт хөдөлгөөний оргил үе байдаг тул сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг орон нутгийн сонгуулийг товлон зарлах өдрөөс 30 хоногийн өмнө болгох мөн хууль бус сурталчилгааг хориглох хугацааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн хугацаатай адилсгаж 6 сарын өмнөөс хориглох” нь зүйтэй тул хэлэлцүүлгийн явцад өөрчлөх талаар саналаа илэрхийлсэн байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дээрх хуулийн төслүүдийгУлсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг асуулт асууж, хариулт авлаа.

Санал хураалтад оролцсон 39 гишүүний 27 нь буюу 69.2 хувийн саналаар хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай хордлого, халдвар гараагүй

Image result for хүнсний худалдаа"

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шинэ жилийн баярын өдрүүдэд болзошгүй хордлого халдвар гарах, чанар, аюулгүй байдал нь алдагдсан хүнс худалдаалагдахаас урьдчилан сэргийлж улсын хэмжээнд хяналт шалгалт хийж ажиллалаа. Шалгалтын явцад чанар аюулгүй байдлаа алдсан, хэрэглэх хугацаа хэтэрсэн 670 нэр төрлийн 26.3 сая төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг устгуулж, 12.4 сая төгрөгийн хүнсийг буцаан татан авалт хийлгэв.

Хяналт шалгалт энэ сарын 3 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд шинэ жилийн өмнөх өдөр буюу 12.31-ний өдөр хадгалалтын горим алдагдсан 50 бялууг устгуулж, хаяг шошгын зөрчилтэй найман нэр төрлийн 1344 бялуу худалдаанд гарсныг тогтоож, худалдаалагдаагүй 523 ширхэгийг нь буцаан татууллаа. Мөн энэ сарын 2-ны өдөр нийслэлийн хэмжээнд хүнсний худалдааны 42 дэлгүүр, төв, захуудад шалгалт хийж, хугацаа нь дууссан 11 нэр төрлийн 776 ширхэг бялуу, чанарын шаардлага хангахгүй 173 ширхэг хиам худалдаалагдаж байсныг татан авалт хийлгүүлж, хадгалах хугацаа дууссан 35 ширхэг мах, махан бүтээгдэхүүнийг устгуулан, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллаж байна.

Шинэ жилийн баяраар нийтийг хамарсан хүлээн авалт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ ихээр хийгддэг бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаас эдгээр үйл ажиллагаанд хяналт тавьсаны дүнд баярын өдрүүдэд хоол хүнсний гаралтай олныг хамарсан хордлого, халдвар гараагүй байна.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч иргэдийн саналыг авч байна

Image result for жижиг худалдаа"

Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтооход иргэдээс санал авч байна. УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа.

Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно” гэж заагаад байгаа. “Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлого олж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хэмжээг аймаг, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал тогтооно” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх үүднээс нийслэлээс энэ талаар иргэдийн саналыг авч байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Болор цом-37”-гийн эзэн өнөөдөр тодорно

“Болор цом 37” яруу найргийн наадам Багануур дүүрэгт өнөөдөр 13.00 цагаас эхэллээ. “Болор цом-37” наадамд 27 найрагч өрсөлдөх юм. Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг тус наадам анх 1983 онд зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралтыг сунгахгүй гэв

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт арванхоёрдугаар сарын 23-наас эхэлж нэгдүгээр сарын 13-ныг хүртэл буюу 21 хоног үргэлжилнэ. Харин орон нутгийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 30-наас 2020 оны нэгдүгээр сарын 10-ныг хүртэл 14 хоног үргэлжлэх юм. Хавар мал төллөх үеэр орон нутгийн сурагчдыг нийслэлийн сурагчдаас нэг долоо хоногоор илүү буюу 14 хоног амраах төлөвлөгөөтэйгөөр ийнхүү зөрүүлж амрааж байгаа юм.

Тэгвэл нийслэлд томуу, томуу төст өвчний тархалт 10 гаруй хувьтай байгаатай холбоотойгоор сурагчдын амралтыг долоо хоногоор сунгах хүсэлтийг Эрүүл мэндийн яамнаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүргүүлсэн билээ.

Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгээс сэтгүүлчид тодруулахад тэрбээр “Эрүүл мэндийн яамнаас сурагчдын амралтыг сунгах хүсэлт ирсэн. Томуу, төст өвчин амбулаторийн үзлэгийн 15 хувьд хүрвэл сурагчдын амралтыг хойшлуулах зохицуулалттай. Одоогоор 10 гаруй хувьтай байгаа юм билээ. Бид нийслэлийн Эрүүл мэндийн газраас дахин мэдээлэл авна. Одоо сурагчдын хоёрдугаар улирлын амралт үргэлжилж байна. Амралт долоо хоногийн дараа дуусна. Энэ хугацаанд нөхцөл байдал өөрчлөгдөх эсэхийг харна. Ер нь сурагчдын амралтыг сунгахгүй, хичээллэх хугацааг тогтвортой байлгах байр суурьтай байгаа. Өнгөрсөн жилүүдэд хоёр сараар сурагчдыг амрааж байсан. Өнгөрсөн жил л гэхэд Элсэлтийн ерөнхий шалгалт эхэлчихсэн байхад сургуулийн хүүхдүүд амраагүй байсан. Ийм хүндрэлүүд гардаг учраас хичээллэх хугацааг тогтвортой байлгах нь чухал” гэлээ.