Categories
мэдээ нийгэм

“Насны хишиг”-ийн тэтгэмжинд шинээр хамрагдах ахмадуудын өргөдлийг авч эхэллээ

Энэ оны цагаан сарын шинийн 3-ны өдөр 2020.02.26-ны өдөр тохиож байгаа тул “Насны хишиг”-ийн тэтгэмжинд шинээр хамрагдах ахмад настангууд /1954.07.11-нээс 1955.02.26-ны хооронд төрсөн/ харьяа багийнхаа Хөдөлмөр, эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэндээ маягтын дагуу өргөдлөө гаргаж өгнө үү.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого энэ сарын 9-нд эхэлнэ

Монгол Улсын Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны нэгдүгээр сарын 9-15-ны хооронд орон даяар нэгэн зэрэг явагдана. Уг тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох юм.

Хүн ам, орон сууцны тооллогын тухай хуулийн 8.3-т заасны дагуу ээлжит тооллогыг товлосон өдрөөс эхлэн долоо хоногт багтаан явуулахаар заасан байдаг. Уг заалтын дагуу Хүн ам, орон сууцны Улсын ээлжит тооллогыг 2020 оны нэгдүгээр сарын хоёр дахь долоо хоног буюу энэ сарын 9-нөөс 15-ны өдрийн 22.00 цаг хүртэл мэдээлэл цуглуулалтыг явуулна.

Иргэн та өөрийн өрхийн бүртгэлтэй баг, хороондоо хандан мэдээллээ хянан баталгаажуулж, тооллогодоо идэвхитэй хамрагдана уу гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

1, 6-гаар төгссөн дугаартай машины жолооч нар энэ сард татвараа төлнө

Автомашины тань улсын дугаарын сүүлийн тоо 1 болон 6-аар төгссөн бол та нэгдүгээр сард буюу энэ сард багтаан татвар төлөх ёстой.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч нь өөрийн харьяаллын дагуу татварын албаны дансанд төлөх эсвэл ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний www.smartcar.mn, www.e-tax.mta.mn цахим хуудсаар дамжуулан, цаг хугацаагаа хэмнэж, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг аль ч банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээгээр дамжуулан төлбөрөө төлөх бүрэн боломжтой. Мөн ГЭРЭГЭ киоск машинаар дурын банкны картаар төлөх боломжтой.

Иргэн та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргаарай. Эсвэл өөрт ойрхон татвар хураах дурын цэгт төлбөрийн баримтаа шалгуулж, тамга даруулан баталгаажуулах боломжтой юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана

УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт, байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.

Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай”, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Коммиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай”, Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын төрийн соёрхолт яруу найрагч Санжаажавын Оюун

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Харанга” хамтлагийн таван уран бүтээлийн зохиогч нарт Төрийн шагнал хүртээсэн юм. Эдгээр таван уран бүтээлийн нэг болох “Үгүйлэн санана” дууны үгийг 30 гаруй жилийн тэртээ Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч С.Оюун бичиж байсан нь ийнхүү ард түмний хайртай уран бүтээл болж мөнхжин, Төрийн шагнал хүртсэн билээ. Энэ эрхэм хүмүүний баярыг хуваалцаж, “Танай өнжье” буландаа урилаа. С.Оюун гуайд гурав хоногийн өмнө “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Чулуунбат утас цохиж Төрийн шагнал хүртэж байгааг дуулгасан аж.

“Хэтэрхий баяртай мэдээ хүлээж аваад эхэндээ итгээгүй. Тоглоод байгаа ч юм болов уу гэж бодсон” хэмээн тэрбээр ярив. Ингээд хэд хоног сэтгэл хөөрч, бас андуурсан юм биш байгаа хэмээн эргэлзэж байтал энэ сарын 28-ны орой Ерөнхийлөгчийн Тамгын газраас утасдаж албан ёсоор мэдэгдсэн байна. Цэнхэр дээлээр гоёсон эрхэм яруу найрагч Ерөнхийлөгчөөс шагналаа гардан авсны дараа шууд Монголын зохиолчдын эвлэл рүүгээ яарсан. Энэ гурван давхар хуучны цагаан байшин С.Оюун гуайн уран бүтээлийн амжилт ололттой салшгүй холбоотой. Тийм ч учраас яаран тэмүүлж, босгоос нь адис авч, хамт олонтойгоо хамгийн эхэнд баяраа хуваалцах нь зүйн хэрэг аж. Монголын зохиолчдын эвлэлийн удирдлага, гишүүд, уран бүтээлчид С.Оюун гуайг тосон авч, цэцгийн баглаа бэлэглэж, хэсэгтээ л хонь, хурга нийлсэн мэт болов. Хоёр давхар хүртэл эгнэн зогссон яруу найрагчид С.Оюун гуайг халуун дотноор тэврэн авч баяр хүргэн, зарим нь нулимс дуслуулж, дуу хуур болцгоолоо.

Тэрбээр хамгийн эхэнд Монголын зохиолчдын эвлэлийн хурлын заалны хойморт байрлах Сүхбаатарын одонт тугнаас адис авч хүндэтгэл үзүүлсэн юм. Хамт олон нь алд цагаан хадаг, мөнгөн аягатай барьж ерөөлийн сайхан үг хэллээ. С.Оюун гуай хамт олныхоо дунд орж ирээд улам ч хөөрч догдолжээ. Монголын утга зохиолын салбарт гурван эмэгтэй л Төрийн шагнал хүртсэн байдаг аж.

“Харанга” хамтлагийн анхны хит уран бүтээл “Үгүйлэн санана” дууг мэдэхгүй хүн гэж үгүй.

Санана даа чи намайг санана

Сар нарыг унтуулан сэрээж санана

Нартайд чи намайг санаж гандана

Сартайд чи намайг санаж бүдэрнэ… хэмээн 30 гаруй жилийн тэртээ бичсэн шүлгээр бүтсэн дуу ийн утга уянга төгөлдөр байж, он цагийн уртад шигшигдэн гялалзаж байна. Анх “Харанга”-ын Ц.Чулуунбат сонинд гарсан шүлгийг хараад, гэргий нь гадагш явсан үе таарсан байсан тул үгүйлэн санаж ая хийжээ. Энэ талаар С.Оюун “Би анх удаа эх орныхоо хилийн дээсийг даваад М.Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд суралцахаар явсан юм. Ингээд хол газар хилийн дээсэн дээгүүр хоёр сэтгэл дүүлэн бие биенээ хайна хэмээн бичиж байлаа. “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбат миний шүлгийг сонин дээр гарсан байсныг хараад ая хийснийг бүр сүүлд сонссон. 1990-ээд оны үед чиний дуу хит болоод байна гэж хүмүүс хэлдэг байлаа. Би хит гэж юу байдгийг ч мэддэггүй байв. Тухайн үед тог их тасарна. Дээрээс нь зурагт байхгүй. Хаана, ямар дуу яваад байгааг огт мэдэхгүй байсан. Тэгээд бүр сүүлд олж сонссон доо.

Нэг удаа би циркийн араар явж байсан чинь “Харанга” хамтлаг “Үгүйлэн санана даа” гэсэн тоглолт хийж байсан. Тоглолтын зарлал гэрэлт самбар дээр гарчихсан. Миний дуу хит болоод байдаг. Чулуунбат намайг танихгүй. Ингээд сүүлд “Харанга” хамтлагийг зориуд сураглаж Варета чуулга дээр байхад нь очиж уулзсан. Энэ дууны үгийг би бичсэн юм гээд танилцаж байлаа. Соёлын төв өргөөнд тоглолтоо хийхдээ намайг тайзан дээр гаргаж “Үгүйлэн санана” дууны автор энэ хүн шүү гэж танилцуулж байсан” хэмээн хуучлав.

“Үгүйлэн санана” гэдэг нэрийг “Харанга” хамтлагийнхан өгчээ. С.Оюун “Энэ шүлгийг анх бичихдээ ямар ч нэр байхгүй. М.Г-д зориулав гэсэн байсан. Манай хорооныхон М.Г гэж хэн юм гэж асууна. Зохиолчдын хороон дээр ирсэн чинь Дашдооров гуай чи хэнд зориулсан юм бэ гэж асууж билээ. Тэгэхээр би “Өө та нар мэдэхгүй байна уу, Михайл Горбачев гэж байгаа байхгүй юу гээд инээд хөөр болж байсан. “Харанга”-ын хамгийн анхны хит дуу юм билээ. 1990-ээд онд урдаас ачаа зөөсөн ганзагын наймаачид энэ дууг хангинатал дуулна. Би сонсоод л, миний дуу гэлтэй нь биш. Тэр үеийнхний сүлд дуу болсон шүү. “Харанга” нэрийг олон түмэнд хүргэсэн дуу, миний залуу насыг хүргэсэн дуу юм. Миний бичсэн шүлгийг сонины тасархайгаас олоод дуу болгосон тэнгэрт мөргөж байна. Аав, ээждээ залбирч байна. Охиныгоо тэнгэрээс хараад баярлаж байгаа байх аа” хэмээн дурслаа.

С.Оюун гуай хүн бүрийн сэтгэлд хоногшсон олон уран бүтээлийн эзэн билээ.

Наран наадавч харламгүй

Насны салхитай үсийг тань

Ариун гангын усаар угааж

Ачийг тань нэг хариулахсан… хэмээх мөртийг уншаад ямар дуу болохыг төвөггүй таах биз ээ. “Хорвоод ганцхан ээждээ” хэмээх энэ уран бүтээл Төрийн шагнал авна хэмээн олон хүн бэлгэшээж ярьж байсан гэдэг. Өнөөдөр “Үгүйлэн санана” дуугаар ийн биелэлээ олжээ. Дууны аялгууг бичсэн зохиолч Ц.Чинзориг Булган аймгийн Могод сумынх аж. Өөрөөр хэлбэл, С.Оюун гуайтай нэг нутаг ус юм. Хоёул хамт Могод сумынхаа хар нууранд багаасаа л тоглож өсчээ. Нэг удаа ижиигээ нэг л хүндлэхгүй байна, ойлгож ухааруулъя хэмээн бодож шүлэг бичиж “За чи дуу болговол болго” хэмээн өгсөн гэдэг.

Түүнчлэн, “Тань руу нүүж явна” уран сайхны киноны зохиолыг бичсэн хүн бол С.Оюун гуай юм. Уг зохиолд эх хүний сэтгэлийн нандин утсыг уран яруу хөндөж чадсан нь Монголын кино урлагийн салбарт мөнхрөх нэгэн бүтээл төрүүлсэн юм хэмээн хамт олон нь хэлсэн. С.Оюун “Нутгийнхаа илч, энергиэс л олж авсан сэдэв юм л даа. Булган аймгийн Могод сум сайхан айрагтай, хүмүүс нь зан сайтай. Манай хошууны ноён Бишрэлт гүн Сундуй гэж хүн байсан. Энэ үеэс эхлээд “За” ноёны сум гэдэг болсон. Үгүй гэж ерөөс хэлдэггүй. Аав, ээжийг залуухан байх үед өргөмөл ганц хүүтэй Тамзав гэж хөгшин байсан гэдэг. Ганц хүү Дарьсүрэн нь бүсгүйчүүдийн харц булаасан их сайхан залуу байсан гэж эгч нар ярина. Малын эмч хүүдээ Тамзав гуай суманд мотоцикль ирэхэд хамгийн түрүүнд авч өгчээ. Хүү нь мотоциклиороо хүн үзэх гэж яваад өөд болчихож. Энэ түүхийг сонсоод л би эх хүний сэтгэлийг харуулсан, зүрх шимшрэм сайхан кино хийх юмсан гэж бодсон. Тэгээд л хэнээс ч зөвшөөрөл авалгүй бичсэн” хэмээв. Тухайн үед “Энэ их шинэ сонин юм, ийм ахуйн сэдэвтэй кино манайд ер байхгүй болохоор зүгээр юм биш шүү” хэмээн шууд л дэмжиж арав хоногийн дотор төсвийг нь батлаад зураг авалтад орсон аж. С.Оюун гуай тухайн үед киногоо үзээд уйлаад л байсан гэдэг. Одоо бодоход хөгжим хүний сэтгэл зүйд айхавтар нөлөөлдөг юм билээ хэмээн дурсан ярьж байна. Хөгжмийг З.Хангал бичсэн юм.

Монголын зохиолчдын эвлэлийн дарга До.Цэнджав “Монголын зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг жилийн турш тэмдэглэж байна. Өнгөрсөн жил Б.Бааст гуайд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олголоо. Мөн П.Бадарч гуай Төрийн шагнал хүртсэн. Өнөөдөр энэ сайхан өдөр С.Оюун Төрийн шагнал авсанд үнэхээр баяртай байна. Бараг 50 шахам жил яруу найраг бичсэн. Мөн олон сайхан зохиол бичиж байлаа. “Тань руу нүүж явна” киног монголчууд андахгүй. Тун сайн уран бүтээл болсон гэж үнэлэгддэг. Ээж хүний дотоод сэтгэлийг их нарийн харуулсан байдаг шүү дээ. Монголын утга зохиолд гурван эмэгтэй л төрийн шагнал хүртсэн байдаг юм. Эхнийх нь С.Удвал гэж агуу хүн байсан. “Их хувь заяа” романаар авсан. Мөн Э.Оюун “Ах дүү нар” жүжгээрээ авсан байдаг. Одоо С.Оюун “Үгүйлэн санана” дууны шүлгээр төрийн шагнал хүртлээ. Яруу найрагч гэж үгийн урлаг эзэмшсэн, олон түмнийг гийгүүлдэг, дотоод зүрх сэтгэлийг баясуулдаг ариун нандин хүмүүс байдаг. Яруу найргийн авьяас ховор шүү. С.Оюун гуай шагналаа аваад хороон дээрээ ирж босгоноос нь адис аваад орлоо. Хороогоо гэр минь гэж хэлдэг” хэмээн ярилаа.

Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Д.Ганчимэг “Оюун эгчийг 1984 оноос хойш мэднэ. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд хань ижил, үр хүүхэд, гэр бүлээрээ нөхөрлөж ирлээ. Яг жилийн өмнө эгч маань соёл судлалын доктор болж байлаа. Одоо төрийн шагнал хүртлээ. Бэлгэшээлтэй сайхан байна. Оюун эгч бол уйгагүй, тэвчээртэй, хөдөлмөрч хүн” хэмээн ярив. С.Оюун гуай төрийн шагналт зохиолч Зундуйн Доржтой ханилж байсан. Мөн Д.Нацагдоржийн шагналт нэрт яруу найрагч Д.Баянтунгалагийн хань нь гэдгийг хүмүүс мэднэ байх. Булганаас Д.Баянтунгалаг гуай баяр хөөртэй ярьж байна билээ. З.Дорж Монголын ард түмэнд хоногшсон “Эрдэнэ засгийн унага”, “Сүүтэй чулуу” роман, “Нас тогтох сайхан”, “Тоодог шандын зүлэг”, “Ишиг гижигдэх зэрэглээ” зэрэг дуун уран бүтээлүүдээрээ 1993 онд төрийн шагнал авч байсан юм. С.Оюун гуай дөрвөн хүүхэдтэй. Тэднээс Мандахсан, Цэнгэнжав нар нь ирсэн байв. Сонирхуулахад, Мандахсанг Эрдэнэтэд суугаа багшийнхаа нэрээр нэрлэсэн байдаг. Хүүхдүүд нь ээжийнхээ тухай “Тархиндаа л эрдэм хийж ав. Үүнийг хэн ч чамаас булааж авч чадахгүй” хэмээн хэлдэг тухай ярьсан юм. Мөн “Биднийг ухаан ороход л өглөө сэрэхэд ажилдаа явчихсан, харанхуй шөнөөр орж ирдэг хүн байсан. Одоо ч хэвээрээ. Үүрээр 04:00 цагт сэрчихсэн нөүтбүүкэн дээр юмаа бичээд сууж байдаг. Ер нь зүгээр суудаггүй хүн” хэмээв.

С.Оюун гуай Монголын нийт ард түмэн, хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлсэн. Тэрбээр “Өнөөдөр зохиолчдын хороондоо орж ирээд сууж байна. Монголын зохиолчдын байгууллага энэ байшинд орж байхыг би мэднэ. Сүхбаатарын одон авч байхыг би харж байлаа. Ийм түүхт байгууллагынхаа хамт олонд баярлаж явдаг. Манай удирдах зөвлөлийн гишүүд, уран бүтээлийн хамт олон ирсэнд сайхан байна. Би 1970 оны Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн. 131 тоот үнэмлэх бий. Тухайн үед намайг нэг ч номгүй байхад энэ байгууллагад С.Удвал гэдэг агуу хүн намайг элсүүлж байлаа. Би хороон дээрээ ирээд Сүхбаатарын одонт тугнаас адис авлаа. Энэ хамт олон, байгууллага бол намайг Монголын ард түмэнд алдаршуулж, миний нэрийн хуудас болсон байгууллага юм. Тийм учраас хамт олондоо маш их баярлаж явдаг” хэмээсэн юм.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Ч.Уртнасан: Томуугийн Вхүрээний вирус бага насны хүүхдийг хурдан хүндрүүлж байна

-А ХҮРЭЭНИЙ H1N1 ВИРУС ОРЧИЛД ОРЖ ИРЭЭГҮЙ БАЙНА-

Хүйтний эрч чангарч, томуугаар өвчилсөн хүүхэд багачууд, томчууд гэлтгүй дүүргийн эмнэлгүүдийг бараадаж байна. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүд орны хүрэлцээ муутайгаас коридортоо өвчтөнүүдийг хүлээн авч эмчилсээр байна. Томуугийн өвчлөл өндөр байгаагийн шалтгаан H1N1 вирус дэгдсэн байж болзошгүй мэдээлэл ч тархаад байна. Тиймээс бид ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн эмч Ч.Уртнасантай энэ асуудлаар ярилцлаа.


-Хүйтний эрч чангараад томуугийн дэгдэлт улам өндөр болж байгаа дүр зураг харагдах юм. Бүр өнгөрсөн жилийнхээс ч томуугийн өвчлөл өндөр байна гэлцэх хүмүүс байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Бид томуу, томуу төст өвчний тандалтын үйл ажиллагааг долоо хоног тутамд 21 аймаг, есөн дүүргээс улсын хэмжээний мэдээлэл аваад нэгтгээд хийж байдаг. Энэ мэдээгээр улсын хэмжээнд нийт амбулаторийн үзлэгийн 11 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна. Өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад томуугийн өвчлөл бага зэрэг нэмэгдсэн байдал ажиглагдаж байгаа. Эмнэлэгт хэвтэх тохиолдол ч бага зэрэг нэмэгдсэн. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр өвчлөлийн дэгдэлт оргил үедээ хүрч байсан. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын дунд үед гарч байсан оргил үе орчмын өвчлөл, эмнэлэгт хэвтэлтийн хэмжээнд хүрчихсэн байна. Түүнээс биш өвчлөл өнгөрсөн жилийнхээс эрс нэмэгдсэн, хэд дахин хүндэрсэн байдал одоогоор ажиглагдаагүй байна.

-Ямар төрлийн вирусээр томуугийн өвчин үүсгэгдэж байна вэ?

-Томуу 200 гаруй төрлийн вирусээр үүсгэгддэг. Манайд ихэвчлэн томуугийн А, В хүрээний вирус орчилд байдаг. Түүнээс гадна томуу, томуу төст өвчний вирус манайд жилийн турш орчилд байгаад байдаг. Томуугийн вирус, томуу төст өвчний вирус гэж хоёр өөр. Өөрөөр хэлбэл, өөр өөр вирусээр үүсгэгддэг. Эмнэл зүйн шинж тэмдгийн хувьд ойролцоо. Гэхдээ бид эмнэл зүйн шинж тэмдгээр нь ялгах боломжгүй. Лабораторийн шинжилгээгээр нарийн тогтоогддог. Яг өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд томуугийн В хүрээний вирус орчилд байна. Мөн амьсгалын замын синстиаль вирус буюу RSV вирус адилхан орчилд байна. Энэ хоёр вирусийн онцлог нь хоёулаа бага насны хүүхдийг илүү өвчлүүлдэг. Амархан хүндрүүлдэг. Синстиаль вирус нь зургаа хүртэлх сартай хүүхдүүдэд илүү хүндрэлийг үүсгэдэг. Томуугийн В вирус бол тав хүртэлх насны хүүхдүүд, архаг хууч өвчтэй, 65-аас дээш насны, жирэмсэн эмэгтэйчүүд илүү өртөх эрсдэлтэй. Нэг онцлог нь жаахан ужиг явцтай, удаан эдгэдэг. Мөн бага насны хүүхдүүдийг амархан уушгины хатгалгаанд хүргэдэг.

-Бусад вирустэй харьцуулахад хүнд төрөлд орох уу?

-Ер нь томуугийн вирус бүгд хүндрэлийг үүсгэдэг. Өвчлөл маш богино хугацаанд олон хүнийг хамруулдаг. Томуу, томуу төст өвчний амьсгалын замын синстиаль вирус бусад вирусийг бодоход бага насны хүүхдүүдэд илүү хүндрэлийг үүсгэдэг. Ялангуяа зургаа хүртэлх насны хүүхдүүдэд. Энэ жилийн хувьд яг одоо томуугийн В вирус орчилд байгаа ч гэсэн эмнэлэгт хэвтэж байгаа байдлыг харахад нэг хүртэлх насны хүүхдүүд илүү өвчлөлтэй, эмнэлэгт хэвтэлт өндөр байгаа.

-Эмнэлэгт хэвтээд гарсан хүүхдүүд хүндрээд буцаж хэвтэх тохиолдол элбэг байна. Ер нь энэ төрлийн вирусүүдийн эмчилгээ манайд хэр чанартай вэ?

-Эмчлэгч эмч тухайн хүүхдийг үзээд биеийн онцлог, өвчнийх нь явцад тохирсон стандарт эмчилгээг хийдэг. Гол нь хүүхэд томуу, томуу төст өвчнөөр хэвтээд бүрэн эдгэрдэггүй. Эмнэлгээс гараад эмчийн зааврын дагуу эмээ бүрэн уухаас эхлээд эцэг эхийн өөрийн асаргаа маш их шаарддагддаг. Эмчийн зааврын дагуу эмийг нь бүрэн гүйцэд өгөхгүй, асаргаа сувилгаа дутуугаас эргээд тэр өвчлөлөөр хүндрээд хэвтдэг. Бараг ихэнх тохиололд эцэг эхийн асаргаа сувилгаанаас хамаарсан байдаг.

-В хүрээний томуу, томуу төст өвчний хүндрэлээс болж нас барах тохиолдол бүртгэгдсэн үү?

-Нас баралтын талаар бид ярих боломжгүй.

-H1N1 вирус тархсан байж болзошгүй гэсэн мэдээлэл байна?

-Томуугийн А, В хүрээний вирус манайд ихэвчлэн байдаг гэж гэж дээр ярьсан. Түүний нэг нь А хүрээний H1N1 вирус байдаг. H1N1 вирус өнгөрсөн жилийн өвчлөлийг дэгдэлтийг үүсгэж байсан. Энэ жилийн хувьд В хүрээний вирус дэгдэлтийг үүсгэж байна. Яг одоогоор А хүрээний H1N1 вирус орчилд орж ирээгүй байна. Манайх жилийн турш лабораторийн тандалт тавьж байдаг. 21 аймаг, есөн дүүргийн эмнэлэг, мөн харуулдан тандалтын нэгжүүд буюу өрхийн эрүүл мэндийн төвүүдээс жилийн турш сорьц авч шинжлээд тухайн жилийн энэ дэгдэлт ямар вирусийн гаралтай байгааг байнга тандаж байдаг. Энэ тандалтын мэдээгээр В вирус л орчилд байна.

-Хүйтний эрч цаашдаа ч улам чангарна. Магадгүй өөр ямар ч төрлийн вирус дэгдэж болзошгүй байх нь ээ?

-Манайх жилийн туршид томуугийн тандалт явуулж байдаг. Хэдий тийм ч В вирусийн дараа ийм вирус эргэлтэд орно гэж таамагдах ямар ч боломж байхгүй. Томуугийн вирус өөрөө маш хувьсамтгай. Ямар вирус түлхүү ороод ирэх, ямар хүндрэлтэй байхыг хэн ч таашгүй. Тиймээс жил бүр улирлын томуугийн эсрэг вакцин хийдэг.

-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх зөвлөгөө өгөөч?

-Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн л бол тав хүртэлх насны хүүхэд, 65-аас дээш насныхан, жирэмсэн эхчүүд заавал харьяа өрх, дүүргийн эмчдээ үзүүлж байж эмчийн зааврын дагуу эмчилгээ хийлгэх ёстой. Яагаад гэвэл ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд хүндрэх магадлалтай байдаг учраас заавал эмчийн зааврын дагуу эмчилгээ хийх хэрэгтэй. Эцэг эхчүүд дур мэдэн антибиотик хэрэглэдэг. Антибиотик томуугийн вирусийн эсрэг үйлчилгээ байдаггүй, нянгийн буюу бактерийн эсрэг үйлчилгээтэй. Тийм учраас вирусээр үүсгэгдэж байгаа томуугийн үед антибиотик ямар ч үр дүн байхгүй. Харин ч эсрэгээрээ хүүхдийн дархлааг сулруулж, хордлогыг нэмэгдүүлэх эрсдэлийг үүсгэдэг. Мөн эцэг эхчүүд томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол хүүхдээ гэрт нь байлга. Бүрэн эдгэсний дараа сургууль, цэцэрлэгт явуулаач гэдэг зөвлөмөөр байна. Харин урьдчилан сэргийлэхийн тулд бага насны хүүхдийг шаардлагагүй бол олон нийтийн газраар авч явахгүй байх, явахаар бол заавал маск зүүж хэвших хэрэгтэй. Эцэг эхчүүд гаднаас орохдоо гараа угаасны дараа хүүхэдтэйгээ харьцаж байгаарай. Хүүхдүүддээ ч гараа угаах дадлыг хэвшүүлэх, бохирдсон тохиолдол бүртээ гараа угаах ёстой. Бид яагаад бүх халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд гар угаахыг зөвлөөд байна вэ гэхээр томуу агаараар болон бохирдсон гараар дамждаг. Гэдэсний халдвар бүгд бохир гараад дамждаг. Тиймээс гарын ариун цэвэр сахина гэдэг урьдчилсан сэргийлэх арга хэмжээний хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй аргуудын нэг байдаг. Маск зүүх нь амьсгалын замын халдварыг таслан зогсоох хэлбэр. Гэхдээ маскийг зөв зүүх хэрэгтэй. Нэг маскийг дөрвөн цаг таутамдаа солих зэрэг эрүүл ахуйн шаардлагыг хангаж байх ёстой. Мэдээж хүүхдээ эрүүл амин дэмтэй хоол хүнсээр ойр ойр хооллох нь зөв. хүүхдийг компьютер, утаснаас аль болох хол байлгах, зөв амрааж, 22.00 цаг гэхэд унтуулж хэвшүүлээрэй. Дархлааг сайжруулах тухай ярьдаг. Наад захын дархлаа сайжруулах витамин уухаас илүүтэй цэгэн бариа массаж хийх, хүүхдийн насанд тохирсон хөдөлгөөн хийх, зөв амраах, зөв хооллох зэрэг нь бүгд дархлааг дэмжих энгийн арга.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм улс-төр

Тэтгэврийн зээл тэглэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан ахмадын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн долоо хоногт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэдгээ мэдэгдсэн юм. Тэтгэврийн зээлтэй 230 мянга гаруй ахмадын тэтгэврийн зээлийг тэглэхэд нийт 800 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.

Монгол Улсын хэмжээнд 400 мянга гаруй ахмад настан тэтгэвэр авдаг. Тэднээс 100 мянга гаруй нь тэтгэврийн зээлгүй байгаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү эл асуудлаар байр сууриа илэрхийлэх үеэрээ “Тэтгэврийн зээлгүй ахмадыг ялгаварлах ёсгүй. Мөнгийг нь өгдөг үү, зээл авах боломж олгодог уу. Тэгш хандах ёстой” хэмээнд мэдэгдэж, энэ талаар хуулийн төсөл өргөн барихаа мэдэгдсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ууган-Од: Хүүхдийн шүдийг дутуу, буруу угааснаар шүд цоорох эхний шалтгаан болдог

65 дугаар сургуулийн шүдний эмнэлгийн эмч Т.Ууган-Одтой ярилцлаа.


“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төслийг 2017 оны аравдугаар сараас эхлүүлж, Нийслэлийн СХД-ийн 65 болон 9 дүгээр бүрэн дунд сургуульд шүдний эмнэлэг байгуулж, өнөөдрийг хүртэл 9 мянган хүүхдэд үнэ төлбөргүй үзлэг, оношилгоо, эмчилгээ хийжээ.

-“Хүүхдийн инээмсэглэл” зорилтот төсөл 2017 онд эхэлсэн. Төслийн хүрээнд хэдэн хүүхэд хамрагдсан бэ?

-“Хүүхдийн инээмсэглэл” төслийн хүрээнд нийт есөн мянга гаруй хүүхэд хамрагдсан. Энэ бол дундаж тоо. Нарийн тоо одоогоор гаргаагүй л байна. Эдгээр хүүхдээс таван мянга гаруй нь сувгийн эмчилгээтэй явж байна. 2300 хүүхэд нь эрүүл шүдтэй гэж гарсан. Харин 2700 гаруй хүүхэд нь шүд ломбодуулах, түрхлэг түрхүүлэх зэрэг эмчилгээнүүд хийлгэсэн. Таван мянга гаруй нь сувгийн эмчилгээ хийлгэсэн, хүндэрсэн, шүд авахуулсан байна.

-Шүдний өвчлөл, тэр дундаа хүүхдийн шүдний өвчлөл өнөөдөр аюулын харанга дэгдээх хэмжээнд хүрсэн. Хүүхдийн шүдийг хэрхэн арчилж байх ёстой юм бэ?

-Манай улсын хэмжээнд шүдний цоорол маш өндөр тархацтай байгаа. Хүүхдүүдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгож, эцэг эхчүүдтэй нь хамтад нь сургалт зөвлөгөө өгөх хэрэгтэй. Хүүхдийн шүдийг арчилахад олон зүйлс нөлөөлнө л дөө. Нэн тэргүүнд идэж, хэрэглэж байгаа хоол хүнс нөлөөлнө. Мөн хүүхдийн шүдийг маш сайн угаах хэрэгтэй. Үүнд эцэг эхийн хараа хяналт маш сайн байх ёстой юм. Хүүхдийн шүдийг зөв угаах нь цооролтоос сэргийлэх эхний алхам. Шүдийг дутуу, буруу, бүрэн угаагдахгүй байна гэдэг цоорол үүсэх эхний шалтгаан болдог. Бүрэн цэвэрлээгүй шүдэн дээр чихэрлэг зүйл, хоол хүнс очсоноор цооруулдаг. Хоолны үлдэгдэл нь шүдний завсар хуримтлагддаг. Энэ бохирдол удаан хугацаанд хуримтлагдахаараа нян бактери үржих таатай нөхцөл бүрддэг. Тэр үед гурилан бүтээгдэхүүн, чихэрлэг, исгэлэн зүйл, газтай ундаа зэрэг ороод ирэхээр цоорол үүсгэж эхэлдэг. Дутуу угаагдсан шүдэн дээр очиж наалдсанаар шүдийг зөөлрүүлж идэж эхэлдэг гэсэн үг. Шүдээ өглөө, орой заавал угааж хэвших хэрэгтэй. Орой унтахдаа шүдээ угаасны дараа хоол, хүнс хэрэглэхгүй байх нь зүйтэй.

-Шүдийг хэрхэн зөв угаах вэ?

-Шүдний сойзоо буйлнаас 45 градусын налууд ойр барьж шүдний гадаргууны бүх хэсэгт хүрч угаана. Эрүүний шүднүүдээ буйлнаасаа шүд рүүгээ буюу доороос нь дээш чиглэлд угаана гэсэн үг. Шүдээ өдөрт хоёр удаагийн давтамжтай хамгийн багадаа 2 минут үрж угаах хэрэгтэй. Ингэснээр аман дотор байрлах 600 гаруй нэр төрлийн бактерийг устгадаг. Хэрвээ бактерийг утсгахгүй бол амны эвгүй үнэр, буйлны үрэвсэл болон шүд цоорлыг үүсгэх гол шалтгаан болдог.

-Сургуулийн хүүхдийн шүдний өвчлөл өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-65 дугаар сургуулийн шүдний эмнэлэг нийт таван хороо үзэж байгаа. Таван хорооны хүүхдүүд дунд шүдний цоорол өндөр. Бага болон дунд ангийн хүүхдүүд дунд шүдний цоорол өндөртэй. Тэр дундаа хүндэрсэн шүдтэй хүүхдүүд их байна. Эрүүл шүдтэй хүүхэд маш цөөхөн. Маш бага тоог эрүүл шүдтэй хүүхдүүд эзэлж байна гэдэг эцэг эхийн анхаарал халамж их сул байгааг харуулж байгаа юм. Учир нь хүүхэд мэдээж эцэг эхийн нөлөөгөөр шүдний эмнэлэгт очиж үзүүлж таарна. Эмчилгээ нь хэдэн өдөр үргэлжлэх ёстой байхад нэг үзүүлчихээд дахиж ирдэггүй. Зарим хүүхдүүд нь эмчилгээндээ сайн яваад дуусгаж байгаа. Гэхдээ ихэнх нь орхиод явчихдаг. Шүд эрүүл байх ач тусыг сайн мэдэхгүй байна л даа. Өвдөнө гэдгээс их айдаг юм шиг байгаа юм. Түрхэн хэмжээнд тэвчихэд шүд эрүүл болоход ямар олон зүйл сайнаар нөлөөлхийг мэдэхгүй байна.


-Эцэг эхчүүдийн зүгээс ямар хандлагатай байдаг вэ. Хүүхдийнх нь сургууль дээр шүдний эмнэлэг ажиллаж, эмчилж байгаад мэдээж сайшаалтай ханддаг байх…

-Эцэг эхчүүд талархдаг. Гэхдээ их цөөхөн. Тухайн хүүхдийн амны хөндийд ямар их том хөрөнгө оруулалт хийж байгааг ойлгодоггүй, ухамсарладаггүй. Хэнэггүй ханддаг эцэг эхчүүд олон байна л даа. Шүд ломбодож өгнө гэдэг ямар том хөрөнгө оруулалт билээ. Үүнийг сайн ойлгохгүй байна. Хувийн эмнэлэгт очоод мөнгөө төлөөд үзүүлэхээрээ тэр шүдээ гамнадаг. Гэтэл үнэгүй ломбодоод өгсөн шүдэнд гамгүй ханддаг хандлага их ажиглагдсан. Ломбыг сайн тогтоож байх нь ганц эмчийн үүрэг биш. Тухайн хүн ломбоо гамнаж идэж болохгүй хоол хүнснээсээ татгалзах хэрэгтэй. Мэдээж сургууль дээр шүдний эмнэлэг байрласнаар хүүхдүүдэд маш том давуу үүссэн. Хичээл дээрээ шүд нь өвдсөн бол ороод ирнэ. Хичээлээсээ чөлөө авах шаардлага гарахгүй.

-Сургууль дээр шүдний эмнэлэг ажилласнаар шүдний өвчлөл буурч байна уу?

-Тодорхой хэмжээнд буурсан. Улсын сургууль дээр шүдний эмнэлэг байгуулагдсан анхны жишиг шүү дээ. Сургууль дээр шүдний эмнэлэгтэй болсноор хүүхдийн шүдийг багаас нь эрүүл байлгаж, шүдний цоорлыг бууруулахад өндөр нөлөөтэй. Энэ төсөл маань хоёр жил хэрэгжиж байна. Шүдийг нь эмчлээд явуулахад зургаан сарын дотор дахиад шүдээ цоолоод ирдэг. Бидний зүгээс чихэр, газтай ундаа хэрэглэхгүй байхыг зөвлөгдөг. Угтаа хүүхдийн шүдийг ломбодсоны дараа эцэг эх нь шүдийг арчилж байх ёстой. Шүдийг дээд зэргээр угаах шаардлагатай. Тэр дэглэм маш их алдагдаж байна. Шүдийг нь эрүүл болгоод гаргахад хэдхэн сарын дараа цоолоод орж ирж байгаа хүүхдүүд олон байгаа. Ямартаа ч энэ төсөл хоёр жилийн хугацаанд хэрэгжихэд сургуулийн хүүхдийн шүдний өвчлөл 60-70 хувьтай эрүүлжсэн.

-Шүд цооролтын гол шалтгаан нь юу вэ?

-Эх үүсвэрээс нь яривал шүдний цоорлын өвчин эхээс урагт халддаг. Эхийн шүд цоорол ихтэй байвал урагт халддаг, цоорлын вирустай төрдөг гэсэн үг. Хэдий шүдгүй ч буйлан дээр нь тэр вирус тогтчихдог. Шүдний цоорол үүсгэдэг вирус маш тэсвэртэй, удаан амьдрах чадвартай байдаг. Хүүхдийн шүд нь гараад дөнгөж бор хоолонд орж эхлэхээр шүдийг угаадаггүй. Шинээр ургаж байгаа шүдэнд бактери очиж наалддаг. Хамгийн гол нь чихэр идсэн тохиолдолд шүдийг маш сайн угаах ёстой.

-Шүд өвчлүүлж байгаа хүнсний төрлийн ямар бүтээгдэхүүн байна вэ?

– Нэн тэргүүнд чихэр, газтай ундаа, гурилан бүтээгдэхүүн багтана. Эцэг эхчүүд бага насны хүүхдийг хооллохдоо угж, соосгийг нь амандаа хийж хоолыг нь өгдөг. Амнаас аманд нян халдварладаг болохоор эцэг эхчүүд, эмээ өвөө, асран хамгаалагчид нь бүгд анхаарах ёстой. Гэр бүлийн гишүүд өөр өөрийн гэсэн аяга таваг, халбага сэрээтэй байх нь зүйтэй. Ингэснээр шүдний цоорлоос төдийгүй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нэг алхам болно.

У.НАР

Categories
мэдээ цаг-үе

Б.Буджаргал: 10 өдөр 10 шөнө Монголоо бодож л гүйдэг

Ультра марафон буюу олон өдрийн уралдааны дэлхийн аварга Б.Буджаргалтай ярилцлаа. Тэрбээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлээд байгаа юм.


-Сая та БНХАУ-д болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоод ирлээ. Тэмцээн хэд хоног үргэлжлэв. Сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-БНХАУ-д болсон олон улсын улсын уралдаанд дэлхийн 7.6 тэрбум хүнээс шигшигдсэн сайн тамирчид оролцлоо. Тэмцээн зургаан өдөр, зургаан шөнийн турш тасралтгүй үргэлжилсэн. Миний хувьд дөрөв дэх удаагаа алтан медаль хүртээд ирлээ. БНХАУ-ын тамирчидтай өрсөлдөхөд амар байсангүй.

-Марафоны тамирчдаараа дэлхийд алдартай АНУ-д зохион байгуулагдсан олон өдрийн уралдаанд таны хувьд удаа дараа амжилттай оролцож байсан?

-АНУ-д болсон ультра марафонд дөрвөн удаа түрүүлсэн. Олон улсад Монголынхоо нэрийг дуудуулж, төрийн дууллаа эгшиглүүлэхдээ баяртай байдаг юм. Би 5000 м-ыг 50 хоног туулах тэмцээн дээрээ Агуу Үндэстнийг Дэлхийд Таниулах төрийн бус байгууллагатай хамтарч Монгол брэндүүдээ Дэлхийн зах зээлд гаргаж сурталчлах ажил өрнүүлж байна.

-Дэлхий нийтийн соёл болж байгаа марафон гүйлт нь МЭӨ 490 онд Фэйдифидэс гэдэг цэрэг Марафон тосгоноос Афинд 42,198 км гүйж ялалтын мэдээг хүргэснээс үүдэлтэй байдаг. Одоо цагт 10 өдөр 10 шөнө гүйнэ гэдэг санаанд багтахгүй юм. Хүнээс их тэвчээр гарна биз?

-Монгол үндэстэн бол хүн төрөлхтний түүхэнд агуу түүхийг бүтээсэн шүү дээ. Өнөөдрийн монголчууд ч хүн төрөлхтний түүхийг салбар салбартаа бүтээж яваа. Цаашид ч агуу түүхийг бүтээх болно гэдэгт би итгэж явдаг юм. Дэлхийн нэртэй философич Хегел Агуу түүхийн санамжтай ард түмэн агуу түүхээ дахин бүтээдэг гэж хэлснийг үзвэл монгол үндэстэн дахин сэргэн мандаж хүн төрөлхтний хөгжил дэвшилд дахин түүхийн агуу хуудсыг бүтээнэ гэдэг итгэдэг.

-10 өдөр гүйхдээ юу идэж, уудаг вэ?

-Би нэг аяга ч ус уугаагүй. Зөвхөн жимс идэж, жимсний шүүс уусан.

-Өдөр шөнөгүй гүйдэг Дэлхийн ультрамарфонд спортын төрөлд дөрвөн удаа түрүүлсэн байна. Таны амжилтын нууц юу бол?

-Ультрамарфон нь мэргэжлийн спорт. Тиймээс мэргэжлийн бус хүн хамаагүй оролцож болохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.Миний нууц гэвэл монгол үндэстний бүтээсэн агуу түүх сэтгэлийн тэнхээ болж монгол хүн болж төрсний хувьд хийх ёстой зүйлээ хийж, авах ёстой алдар цолоо авч байна гэж боддог. Монгол хүн олимп, дэлхийн аварга болсон ч нулимс асгаруулаад зогсож болохгүй гэж боддог юм. Хийх ёстойгоо л хийж багаа мэт энгийнээр хүлээж авах хэрэгтэй. Агуу Монголын үр садын ёс зүй байх ёстой гэж боддог. Саяхан БНХАУ-д болсон олон өдрийн марафонд түрүүлэхдээ нэг их баярлаж сэтгэл хөдлөөгүй ээ. Болдог юм болдгоороо л болж байгаа мэт сэтгэгдэл төрсөн. Ультрамарфонд гүйхдээ монголчуудын түүхийн агуу гайхамшгийг дотроо магтан дуулж, ирээдүйн монголчуудын бүтээх гайхамшгуудыг иж бүрнээр нь төсөөлж мөрөөдөж, бясалгалын өндөр түвшинд ордог учир махан биены зовуурь аяндаа үгүй болж, сэтгэлийн амар амгалан аз жаргалын мэдрэмжийг их авдаг учраас Монголын сайн сайхан намайг ажилтанд хүргэж байдаг.

– Гүйлтийн спорт хүний биед ямар тустай юм бэ?

Б: Гүйлтийн спортыг Монгол үндэстний соёлын аж үйлдвэрийн салшгүй нэгэн хэсэг болгон хөгжүүлэх шаардлагатай гэж боддог. Урт замын гүйлт нь хүнд хатуужил, тэвчээр, зориг, бодох, амьдралыг мэдрэх гэх мэтийн эрдмийг олгодгоос гадна монгол хүн бүр илүүдэл жингүй эрүүл энх амьдрах экологийн эрүүл энх амьдрах арга юм.

Өнөөдөр дэлхийд 2.5 тэрбум илүүдэл жинтэй хүмүүс амьдарч байгаа бөгөөд илүүдэл жингээс үүдэлтэй өвчин эмгэг төрөл зүйл нь олширч төсөв болон хувь хүний эрүүл мэндийн даатгалын зардлыг нь даахгүй болсон олон орон байна. Илүүдэл жингээ багасгах гэж зүйл бүрийн эм тариа, нэмэлт тэжээл цаашилбал, нөхөн сэргээгдэх боломжгүй маш өндөр өртөгтэй мэс засал хийлгэж байна. Хэрэв энэ дэлхийн төрийн тэргүүнүүд надаас зөвлөгөө авбал 2.5 тэрбум илүүдэл жинтэй хүмүүсийг урт замын гүйлтээр бүрэн эдгэрүүлж илүүдэл жин гэдэг нэр томьёог хүн төрөлхтний үгийн сангаас бүрэн устгаж болно гэдгийг би баттай хэлж чадах байна.

-Олон өдрийн уралдааны дөрвөн удаагийн дэлхийн аварга болсон таны хүсэл мөрөөдөл юу вэ?

-Дэлхийн олон өдрийн уралдаанд оролцсон энэ хэдэн жилийн туршид дэлхийн нэртэй банкер, хөрөнгө оруулалтын сангийн захирал, эрдэмтэн, бизнесмэн улстай уулзаж явлаа. Эдгээр дэлхийн түвшний хүмүүстэй ярилцаж явахад тэд надаас бас л таны тавьсан асуултыг асуудаг. Тэдэнд би Монгол үндэстэн хүн төрөлхтний түүхэнд агуу их хувь нэмэр оруулж ирсэн. Одоогийн болон ирээдүйн монголчууд хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд дахин агуу хувь нэмэр оруулах үндэстэн болж төлөвшихөд өөрийн чадах бүхнээ хийнэ гэж хариулдаг юм.

-Тэгвэл та Монголын хөгжлийг яаж төсөөлж байна?

-Хүн төрөлхтний хөгжлийг авч явдаг монгол үндэстнийг сэргээн мандуулахын тулд дараах дөрвөн асуудлыг цаг алдалгүй хийх хэрэгтэй гэж боддог.

Франц үндэстэн үндсэн хууль дээрээ үндэстнээ тодорхойлохдоо Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг үндэстэн гэж тодорхойлсон байдаг. Хүн төрөлхтний агуу түүхийг тээсэн монгол үндэстэн үндсэн хуулиндаа үндэстнээ Монгол үндэстний хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйл болох үнэт зүйлээр тодорхойлох ёстой. Монгол үндэстэн бол өнөөдрийн дэлхийгээс илүү сайн дэлхийг бүтээхийн тулд хүний дегнити , хүний эрх , эрх чөлөө, эрх тэгш, ахан дүүсэг/эгч дүүсэг, учир, уваа, түүхийн өв,Бунт төлөө нэгдсэн үндэстэн гэж тодорхойлсны дараа хөгжлийн асуудлыг ярих боломж бүрдэнэ.

Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлүүдийг үндэслэж төрөө бүтээх хэрэгтэй. Дээр дурдсан монгол үндэстнийг тодорхойлсон хүн төрөлхтний үнэт зүйлээс харвал Монгол орон үүрд ардчилсан, зах зээлийн эдийн засагтай байж Монголын төр коммунист төр болохгүй, автотариат төр болохгүй бас хаант болон дектатурт төртэй болохгүй байх баталгаа болох юм.

Хүн төрөлхтний хөгжлийг цаашид авч явах монгол үндэстнийг бүтээх асуудал тавигдаж таарна. Дэлхийн олон эрдэмтэдтэй уулзаж, ярилцаж санал бодлоо солилцож явсны суурин дээр хүн төрөлхтний хөгжлийг орчин үеийн монгол үндэстэн авч явна гэвэл монгол үндэстэн өөрөө дэлхийн санхүүгийн үндэстэн, дэлхийн старт апп үндэстэн болгох хөгжлийн стратегийг монгол хүн бүр өөрийн биеэс эхлэн хийх мөн төр ч тийм болдогтой байх хэрэгтэй.Би ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог.

Монгол үндэстнийг тодорхойлсон нийтлэг үнэт зүйлд тулгуурласан төрийг бүтээх, санхүүгийн үндэстэн болон старт апп үндэстэн болж төлөвшин хөгжих, монгол үндэстний оюуныг бүтээх ажилдаа орох шаардлагатай. Оюуныг бүтээх нь гэр бүлийн хүмүүжил, боловсролын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, шашны байгууллагууд гар бие оролцож, хөдөлмөрийн хуваарилтад орох нь чухал.

Хүн төрөлхтнийг хөгжүүлэх зорилт тавьснаар монгол агуу хөгжилд хүрэх агуу урамтай болно. Иймийн тулд Монгол хүн бүр ёс зүйн боловсролтой байж ,мэдлэгтэй, эрдэмтэй бөгөөд улс дамнасан санхүүгийн хүчирхэг институтийг бүтээх шаардлагатай.

Би Монголын хөгжлийг дээрх дөрвөөр төсөөлдөг. Аль нь ч дутаж болохгүй.

-Сайхан хүсэл мөрөөдөлтэй юм байна. Та монгол үндэстнийг санхүүгийн үндэстэн болгон хөгжүүлэх тухай тодорхой ярихгүй юу?

-Санхүүгийн эрх чөлөөгөө бүрэн олж авч чадахгүй бол бусад эрх чөлөө оршин тогтнох боломжгүй гэдгийг хүн төрөлхтний түүх баталчихсан юм. Нью-Йорк-д бэлтгэл хийн тэмцээнд орж явахад Нью-Йоркийн санхүүгийн дүүрэгт ажилладаг олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангийн захирлуудтай уулзаж санал бодлоо солилцсон явлаа. Тэдний ярьж байгаагаар:

1780-аад оны үед дэлхийн цорын ганц олон улсын санхүүгийн төв болох Лондонд еврэй хүмүүс анх хөл тавьж санхүүгийн бизнес эрхлэн еврэй үндэстэн дэлхийн санхүүгийн үндэстэн болох эхлэлээ тавьсан байдаг. 1860-аад оны үед Америкчууд тэр үеийн цорын ганц санхүүгийн төв болох Лондонд төвлөрч санхүүгийн комунитийг байгуулан АНУ-ын аж үйлдвэрийн хувьсгалыг явуулах санхүүгийн эх үүсвэрийг байгуулсан байдаг.

Дэлхийн алдартай философич Хүн төрөлхтөн ижил учраас тэдэнд тулгарах асуудал нь ч ижил шийдвэрлэх гарц нь ч ижил байдаг учир түүх давтагддаг гэж хэлсэн байдаг. Тиймээс монголчууд дэлхийн санхүүгийн үндэстэн болж төлөвшихийн тулд дэлхийн олон улсын санхүүгийн төв болох Нью-Йорк, Лондон, Хон конг, Сингапур, Люксенбург, Франкфурд, Парис, Токио зэрэг хотуудад Монголын санхүүгийн комунити цаашлаад дүүрэг хороодыг байгуулж эхлэх хэрэгтэй байна. Үүнийг хийж бүтээх нь тийм ч хүнд ажил биш. Монголчууд зорилгоо тодорхойлон бие биедээ тусалж цаашид улс дамнасан Монголын санхүүгийн комунитын сүлжээг үүсгэх хэрэгтэй. Ингэж л Монгол Улсыг үсрэнгүй дэвшилд хүргэх санхүүгийн эх үүсгэврийг бий болгож чадна.

Санхүүгийн эрх чөлөөг монголчууд эхлээд олж авахгүй бол бусад эрх чөлөөгөө олж авах боломж байхгүй. Улс дамнасан Монголын санхүүгийн комунитыг үүсгэхдээ бусад үндэстэнд хайлан уусахгүйн тулд түүхээсээ сургамж авч еврей үндэстэн, хятад, япон үндэстнүүдтэй адилхан өөрийн үндэстний дүүргүүдийг тэдгээр санхүүгийн төвүүд дээрээ байгуулах шаардлагатай. Тус дүүргүүд нь орон сууцны хороолол, цэцэрлэг, сургууль, сүм хийд, үйлчилгээний төвүүдтэй иж бүрнээр нь байгуулах хэрэгтэй.

-Таныг ямар тэмцээнүүд хүлээж байна вэ?

-Бэлтгэлээ хийхээр Таиландыг зорьж байна. Ирэх дөрөвдүгээр сард Нью-Йорк хотод 10 өдрийн гүйлтийн тэмцээнд орно. Дараахан нь зургадугаар сард 5000 км-ийн гүйлтийн тэмцээнд оролцоно. Ингээд есдүгээр сард эх орондоо ирнэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “МАНАН-тай зуны ногоо сайн ургадаг юм аа” хэмээн өгүүлжээ


Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Шинэ оны өмнөхөн гавьяатын тэмдгээр энгэрээ мялаалгасан Аж үйлдвэрийн
гавьяат ажилтан С.Эрдэнэбал
гуайнд “Танайд өнжье”
булангаа бэлтгэн уламжлал ёсоор нэг болон 13 дугаар нүүрэнд хэвлэлээ.

Мөн даваа гарагийн дугаарын эхний нүүрэнд “Э.Бат-Үүл бичиж байна” буланг нийтлээд хэдийнэ уламжлал болжээ. Түүний “Триумвират” нийтлэлийг нэг, хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Монгол
Улсын гавьяат хуульч,
цагдаагийн бэлтгэл
хурандаа, профессор
Д.Алтангэрэлтэй хийсэн ярилцлагыг нэг, дөрөв, тавдугаар нүүрнээс
УИХ-ын гишүүн
А.Ундраатай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрнээс унших боломжтой.

Манай сонины брэнд нүүр болох гуравдугаар нүүрэнд “МАНАН-тай зуны ногоо
сайн ургадаг юм аа” нийтлэл хэвлэгдлээ.

Тээврийн цагдаагийн
албаны урьдчилан
сэргийлэх албаны
мэргэжилтэн, ахлах
дэслэгч Ч.Чимэдбаттай баярын өдрүүдэд зам тээврийн осол аваар ямар зэрэгтэй байсан талаар болон бусад асуудлаар ярилцлаа. баримт, үйл явдлын долдугаар нүүрнээс уншаарай.

өнгөрсөн 12 дугаар сарын 30-ны өдөр Япон улсын Мицүбиши компанийн машин үйлдвэрлэгч Карлос Гон батлан даалтын
хугацаандаа Ливан улс руу
оргон зайлсан хэрэг гарч, олон
улсын анхаарлын төвд
байгаа. Энэ тухай “Дэлхийн мэдээ”-ний есдүгээр нүүрнээс уншиж сонирхоорой.

Энэ сарын 4-нд Багануур дүүрэгт Г ү н
галуутайн “Болор цом 37” яруу найргийн
наадам амжилттай болж
өндөрлөлөө. тэмцээнд яруу найрагч Б.Жамбалдорж түрүүлж цом гардсан юм. Түүнтэй ярилцаж сэтгэгдлээс нь хуваалцсаныг, мөн дүрүүлсэн шүлгийг нь 12 дугаар нүүрэнд нийтэллээ.

“Люмино” хамтлагийн
ахлагч, продюсер Mcвeatz
буюу Д.Тэмүүжинтэй хийсэн ярилцлагыг 17 дугаар нүүрнээс уншаарай.

Дэлхийн спортын 19 дүгээр нүүрэнд энэ онд зохиогдох томоохон хэмжээний спортын тэмцээнүүдийн хуанлиг тоймлон нийтэллээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ