Categories
мэдээ улс-төр

Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж байна

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаалттай хэлэлцэж байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас түүнийг хамаарал бүхий этгээдэд зээл авч өгсөн байж болзошгүй хэмээн хуулийн байгууллага шалгаж буй. УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр дээрх асуудлаар хэвлэлийн бага хурал хийхдээ хэргийн нууц материал задруулсан хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас түүний бүрэн эрхийн түдгэлзүүлэх бичиг ирүүлжээ.

Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын байнгын хороо УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг хэлэлцэж дэмжсэн. Харин Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг хэлэлцээд хүлээн авахаас татгалзаад байгаа юм. Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг эцэслэн шийдэх юм.

Categories
мэдээ нийгэм

Эмзэг бүлгийн малчдад хүргэх тусламжийн цуваа хөдөллөө

Зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан Монголын улаан загалмай нийгэмлэг Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбоотой хамтран эрсдэл өндөр байгаа Хэнтий, Архангай, Сүхбаатар, Өвөрхангай, Ховд, Говь-Алтай, Булган, Увс аймгийн эмзэг бүлгийн малчдад бэлэн мөнгөний болон малын эрдэс тэжээлийн тусламж үзүүлэхээр болсон. Тусламжийн хүрээнд эмзэг бүлгийн 1000 малчин өрхөд тус бүрт 240,000 төгрөгийг тухайн иргэний Хаан банкны дансаар олгосон байна.

Харин малын эрдэс тэжээлийн багцыг малчдад хүргэхээр тусламжийн цуваа аймгууд руу хөдөллөө. Малын эрдэс тэжээлийн багцад эрдсийн долооц, амин тун буюу малын нэмэгдэл тэжээл, загасны тос, нүдний тосон түрхлэг, туурайн тос зэрэг зүйлс багтжээ.

Хүмүүнлэгийн тусламжинд хамрагдсан малчин өрхийг 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүл бөгөөд 200 хүртэлх малтай малчин өрх гэсэн шалгуур үзүүлэлтээр аймгийн Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтарч сонгон шалгаруулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдалд хяналт шалгалт хийж байна

Дэлхийн улс орнуудад дэгдэлт, тархац нь хурдацтай өсөн нэмэгдэж буй шинэ коронавирусын халдвар болон томуу, томуу төст өвчнөөс хүн амыг урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргын баталсан 02-02/34 дугаартай “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийж байна.


Categories
мэдээ улс-төр

Орон нутгийн сонгуулийн хуулийг баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг эцэслэн хэлэлцэж баталлаа.

Хуулийн төсөлд, нэр дэвшигч нь ээлжит сонгуулийн тавдугаар сарын 1-нээс өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна гэж тусгасныг наймдугаар сарын 1-нээс гэж өөрчлөхөөр боловсруулжээ. Мөн сонгуулийн сурталчилгааны хугацаа 22 хоног байсныг 15 хоног болгосон байна. Сонгуулийн өмнөх иргэдийн шилжих хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, дараах өдрөөс сэргээнэ гэж зохицуулсан. Өөрөөр хэлбэл, иргэдийн шилжих хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-наас зогсоож 10 дугаар сарын 15-наас нээх аж.

Төслийн анхны хэлэлцүүлгийг энэ сарын 23-ны чуулганы нэгдсэн хуралдаанаар явуулсан бөгөөд ажлын багийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хурааснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хуулийн төслийн зарчмын зөрүүтэй 11 саналын томъёоллыг дэмжсэн байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг, хуулийн төсөлд, 29.4 дэх хэсэгт, төрийн албан хаагч, төрийн өмчит байгууллагын захирал сонгуульд нэр дэвшихээс өмнө зургаан сарын өмнө чөлөөлөгдөх байсныг наймдугаар сарын 1 болгож өөрчилсөн үндэслэлийг тодруулав. Мөн тэрээр, Орон нутгийн сонгуулийг улс төрийн сонгуулиас ангид авч үзээд, нэр дэвших эрх авсан өдрөөс ажлаа хүлээлгэн өгдөг байх зохицуулалт тусгах хэрэгтэйг онцолж байлаа. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Орон нутгийн сонгуульд 7000 хүн нэр дэвшдэг бөгөөд, дийлэнх нь тодорхой албан тушаал хашдаг гэдгийг тодотгоод, нэр дэвшигч нь зургаан сарын өмнө ажилгүй болсноор тухайн айл орлогогүй болно гэдгийг тайлбарлалаа. Харин нэр дэвших эрхээ авсан даруй албан тушаалаасаа түдгэлзэх нь улсын ажил цалгардуулах эрсдэлтэйг тодотгов. Тиймээс хугацааг нь арай ойртуулж, наймдугаар сарын 15 гэж тусгасныг тэмдэглэлээ.

Гишүүд асуулт асууж хариулт авсны дараа Байнгын хорооны дэмжсэн зарчмын зөрүүтэй 11 саналыг гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, Төслийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “аймгийн төв 3000-аас дээшгүй, нийслэлийн дүүрэгт 4000-аас дээшгүй” гэснийг “аймгийн төвийн сум болон дүүрэгт 3000-аас илүүгүй” гэж өөрчлөх, төслийн 78 дугаар зүйлийн 78.2, 20 дугаар зүйлийн 20.9 дахь хэсгийг тус тус хасахыг дэмжлээ. Түүнчлэн төслийн 28 дугаар зүйлд “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн агуугатай 28.8 дахь хэсгийг нэмэх, төслийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийг “сумын хүн амын тоо нь 5000-аас дээш бол нэмж сонгуулийн тойрог байгуулж болно” гэж өөрчлөхийг дэмжив.

Ингээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг бүхэлд нь батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Дараа нь уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг бүхэлд нь батлахыг мөн дэмжив. Ийнхүү Монгол Улс УИХ болон орон нутгийн ээлжит сонгуулийн тухай тусгайлсан хуультай болж буйг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан онцлон тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Барс захын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан 01/13 дугаартай “Нийтийг хамарсан баяр ёслол, цаг үеийн шаардлагаар зохион байгуулж буй арга хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй “Барс импекс” ХХК-ний худалдааны төвийн үйл ажиллагаанд НМХГ-ын ХАБХААХХ-тэй хамтран 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийж, зөвлөмж сэрэмжлүүлгийг хүргүүлж ажиллалаа.

Шалгалтаар тус аж ахуйн нэгжийн эрүүл ахуйч эмч болон дотоод хяналтын ажилтныг байлцуулан нийт 29 иргэний үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд:

1. Шинжилгээ баталгаажилтгүй, гарал үүсэл тодорхойгүй 4 нэр төрлийн зөгийн бал худалдаалсан.

2. Хаяг шошгын зөрчилтэй импортын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, хатаасан жимс, бууз, банш, хадгалж, худалдаалж байсныг татан авалт хийлгүүлэв. Хяналт шалгалт үргэлжилж байна.



Categories
мэдээ нийгэм

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд эмнэлэгт хандсан тохиолдолд албадан буцаахгүй

БНСУ-д коронавирусийн халдвар авсан 4 тохиолдол гарч, уг өвчний тархац нэмэгдэх хандлагатай байгаатай холбогдуулан 2020 оны нэгдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн тус улсын холбогдох байгууллагууд уг халдварт өвчний эсрэг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

БНСУ-ын “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн дагуу Солонгост хууль бусаар оршин суугаа болон визийн зөрчилтэй гадаадын иргэн эмнэлэг, эрүүл мэндийн төвд хандсан тохиолдолд тухайн иргэний оршин суугаа статусын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэхгүй, албадан нутаг буцаах арга хэмжээ авахгүй тул БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд коронавирусын халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэг илрэх тохиолдолд ямар нэг айдас, түгшүүргүй аль ойрхон байгаа эмнэлэг, эрүүл мэндийн төвд яаралтай хандахыг БНСУ-ын Хууль зүйн яамны Гадаадын иргэн, харьяатын газраас уриалсан байна.

Categories
мэдээ улс-төр

​УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ өнөөдрийн хуралдаанаар 16 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай, 3.Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтжээ. Мөн Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох, техник хэрэгсэл хэрэглэх тухай, сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай, Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх, Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай, Прокурорын байгууллагын 90 жилийн ойн баярыг тэмдэглэх тухай, Өвөрхангай аймгийн Арвайхээр, Тарагт, Баян-Өлгий аймгийн Бугат сумдын хилийн цэсэд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх аж.

Categories
мэдээ улс-төр

Улсын Онцгой комисс Цагаан сарын асуудлаар хуралдана

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусын 4593 тохиолдол бүртгэгдэж, сэжигтэй 6973 тохилдол илрээд байна. Нас барсан хүний тоо 106 хүрч, БНХАУ-аас гадна дөрвөн бүсийн 14 улсад 56 тохиолдол бүртгэгдсэн байна.

Иймд цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Улсын Онцгой комиссын хуралдааныг маргааш өглөө хуралдана. Онцгой комиссоор коронавирусын халдвараас сэргийлэх ажлын явц, цаашдын төлөвлөгөө болон цагаан сарыг хэрхэн тэмдэглэх, баярын бөхийн барилдаан, золголтын асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тогтоолоор хүүхдээ асарсан эцэх эхэд тав хоногийн цалинтай чөлөө олгохоор боллоо

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, эсвэл гэрээр асарсан эцэг, эх, асран хамгаалагчид тав хоногийн цалинтай чөлөө олгохыг төсвийн байгууллагын дарга, захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагуудад зөвлөжээ.

Энэ тухай Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 тоот тогтоол гарлаа. Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис, оношлуур, хилийн боомт дахь Мэргэжлийн хяналтын алба, хэлтэст нэн шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах таван тэрбум 510 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм.

үүнчлэн нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шардагдах хөрөнгийг батлагдсан төсвийн багцаасаа санхүүжүүлэхийг сайд Д.Сарангэрэлд даалгав. Шаардлагатай зүйлсийг шууд гэрээ байгуулан худалдан авч, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг холбогдох сайд нарт зөвшөөрөв.


Categories
мэдээ нийгэм

Коронавирусаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБТЗ-д хяналт тавин ажиллаж байна

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Төмөр замын хяналтын албаны эрүүл ахуйч нартай хамтран 2020 оны 1 дүгээр сарын 29-ны өдөр Төмөр замын төв буудал, Замын-Үүд -УБ чиглэлийн 08:45 цагийн 275 дугаар галт тэрэг, Хөх хот- УБ чиглэлийн 10:00 цагийн 33 дугаар галт тэрэгнүүдэд хяналт шалгалт хийлээ.

Төмөр замын удирдах газрын гамшигаас хамгаалах штабын дарга Ч.Цогтбаярын баталсан “Коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд УБТЗ-ын гамшигаас хамгаалах штабын хийх ажлын төлөвлөгөө”-ний дагуу үйл ажиллагаа нь жигдэрсэн хангалттай арга хэмжээ авч ажиллаж байна. Ачаа тээвэр болон зорчигч тээврийн тээшинд далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн, тахиа, шувууны махыг тээвэрлүүлэхгүй байх шийдвэр хэрэгжиж, дотоодын хяналт шалгалт сайн хийгдэж байна. Тээшийн вагон, зорчигчдын вагонуудыг шалгахад дээрхи төрлийн бүтээгдэхүүнүүд илэрсэнгүй.