Корановирусийн цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
Нэгдүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагийн байдлаар манай улсад коронавирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.
Дэлхий дахинд коронавирусийн тохиолдлын тоо 7,711-д хүрчээ. Халдварын улмаас 170 хүн нас бараад байгаа юм байна. Харин 124 хүн эмчлэгджээ. Тохиолдлын тоонд нэг орон нэмэгдсэн нь Арабын нэгдсэн Эмират улс гэнэ.
Тус улсад дөрвөн тохиолдол нэмж бүртгэгдсэн талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица мэдэгдлээ. Тэрбээр “Тархалт идэвхтэй явагдаж буй улс болох Хятадын хилийн гарах цэг дээр хяналт шалгалт хийхийг зөвлөж байгаа. Өмнөх дэгдэлтийн туршлагаас харахад хил дээр нэвтрүүлж байгаа аргын үр дүн судалгаа тодорхой биш байгаа тул иргэд эмнэлэгт хандаж байгаа нь чухал мэдээлэл, судалгаа болж байгаа.
Тэгэхээр голомттой бүс нутгаас шууд нислэгээр ирж байгаа зорчигчдод хяналт тавих нь зүйтэй гэдгийг зөвлөж байгаа.
Тохиолдлын тоо тасралтгүй нэмэгдэж, хүнээс хүнд халдсан тохиолдол өөр улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шуурхай хороо дахин хуралдаж халдварын улмаас олон улсын хэмжээнд онц байдал зарлах эсэхийг шийдэхээр болсон.
Японоос саяхан оношлуур авсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэгвэл дахин нэг таатай мэдээ хэлэхэд ЭМЯ, ДЭМБ-тай хамтран дахин коронавирусийн оношлуурыг авахаар хамтран ажиллаж, тооцоо судалгаагаа гаргаж худалдан авалтаа эхлүүлээд байна” гэв.
Энэ сарын 28-ны өдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдолтой 14 хүн ханджээ. Эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсныг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцлов.
Тэрбээр “Энэ сарын 29-нд дөрвөн иргэн сэжигтэй тохиолдлоор ирж хоносон. Шинжилгээ нь 24 цагийн дараа гарна. Иргэд өөрсдөө шинж тэмдгээ хэлээд ирж байгаа зүйлс их байгаа нь сайн хэрэг.
Бид бүхэн газруудаас туршлага авч бэлэн байдалд ажиллаж байгаа. Үндсэн туршлага авч байгаа газар маань хятад орон тул бид өдөр болгон мэдээ солилцож, чиглэл болгон дээрээ бэлтгэл хийж байгаа гэдгийг онцолъё. ДЭМБ нэмэлтээр шинэ оношлуур егөхөөр болсон нь таатай байна. Оношлуурын захиалгын захиагаа явуулсан, удахгүй нийлүүлэгдэх байх.
Бид бусад оронтой туршлага хуваалцаж байгаа тул оношилгоо амжилттай явагдаж байна. Энэ өвчний дамжих зам нь агаар дуслын замаар тул шинэ зүйл зохиож ярихгүй байхад анхаарах хэрэгтэй. Маскаа зөв зүүж, зөв авах хэрэгтэй. Бусадтай холбоо үүсэж байгаа явдлыг хувь хүмүүс өөрсдөө зогсоох хэрэгтэй. Бид нүдэнд үл үзэгдэх дайснуудтай тэмцэж байгаа тул та бүхэн бидний өгсөн зөвлөмжийг гололгүйгээр, хариуцлагатай хэрэгжүүлбэл үр дүнд хүрнэ.
Сурагчдыг хичээллүүлэхгүй болсонтой холбоотойгоор гадуур сэлгүүцэж байна. Хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байхыг анхааруулъя. Мөн маскны үнийг нэмэхгүйгээр эерэг хандлагаар хандаж, хууль дүрэм, гаргасан зөвлөмжийг биелүүлэх хэрэгтэй” гэв.
АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА: 100 ГАРУЙ ЭМЧ УХАНЬД АЖИЛЛАХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭЭД БАЙНА
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор Эрүүл мэндийн дэд сайн асан Ж.Амарсанаа Ухань руу сайн дурын эмчээр явахаар болсон талаараа мэдэгдсэн. Бид Анагаах ухааны доктор Ж.Амарсанаагаас тодруулга авлаа.
-Та коронавирус дэгдээд буй голомт Ухань хот руу сайн дурын эмчээр ажиллахаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн. Энэ талаар тодруулахгүй юу?
-Бид Монгол Улсдаа коронавирусийг оруулахгүйгээр, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байна. Өвчний голомт тэлэх тусам л Монгол Улс руу орж ирэх магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Бид нар гарч байгаа үр дагавартай биш, гарч байгаа шалтгаантай нь тэмцэхгүй хүлээлтийн байдалтай байна гэдэг нь эрсдэлтэй асуудал. Дээрээс нь БНХАУ олон жилийн турш найрсаг харилцаатай явж ирсэн хөрш улс.
Хөрш улсад гамшигт үзэгдэл болж байхад бид юу ч болоогүй юм шиг урьдчилан сэргийлж байна гээд суугаад байх нь улс орны тухайд ч, хувь эмчийн тухайд байж болохгүй хариуцлагагүй үйлдэл гэж харж байна. Энэ утгаараа эмч нар өвчний голомт-Ухань руу хэн нэгний албадлагаар биш сайн дураараа явах ёстой.
Албадлагаар явна гэдэг цаанаа муу үр дагавартай байдаг. Үүргээ гүйцэтгэж яваад ямар нэгэн байдлаар амь эрстэх юм бол том асуудал дагуулна. Сайн дураараа явсан хүн ямар нэгэн асуудал үүсэхэд хариуцлагаа өөрөө хүлээдэг.
-Эндээс сайн дураар ажиллах эмч нарын баг бүрдүүлэхэд Ухань хот та бүхнийг хүлээж авах уу. Энэ бол албан хүсэлт бус таны санаачилга байна шүү дээ?
-Япон улсаас эмч нар баг бүрдүүлж өвчний голомтод ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.
Бид БНХАУ-ын Элчин сайдын яам руу энэ асуудлаар холбогдсон ч Цагаан cap гэдэг утгаараа амарчихсан юм билээ. Ингээд Гадаад харилцааны яам руу хандахад дэмжиж байсан. Мөн Улсын онцгой комисст хандсан. Ийм сайн үйлсийн аянг дэмжиж ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.
-Та вирусийн эсрэг эмчилгээний чиглэлээр хаана ямар боловсрол эзэмшсэн бэ?
-Би вирусийн эсрэг чиглэлээр олон жил ажиллаж байна. Токиогийн их сургуульд вирусийн судлалаар найман жил ажилласан. 2008 онд л анх Монгол Улсад элэгний В,С вирусийг тоолох технологийг нэвтрүүлж байлаа. Энд нэг зүйлийг онцлоход коронавирусийг тоолох технологи нь С вирусийг тоолохтой ижил, төстэй байдаг.
-Таны санаачилгыг дэмжиж Уханьд ажиллах эмч нар байна уу?
-Олон эмч надад хандсан. Ганц хоногийн дотор шүү дээ. Монгол эмч нарын зоригтой, өргөсөн тангарагтаа үнэнч байдлыг л илтгэж байна. Эмч нараараа бахархах сэтгэл төрж байна.
-Уханьд ажиллах ач холбогдлыг та яаж харж байна вэ?
-Очоод эхний ээлжинд ажиглалт хийнэ. Коронавирусээр өвчилсөн хүний цусны шинжилгээ ямар гардаг, дотоод эрхтнүүдийн рентген зураг ямар байдаг, хүнд ямар зовиур өгдөг зэргийг судална. Энэ нь нэг талаараа бидэнд том туршлага болно.
Магадгүй гэж харж байна.
-Та Ухань дахь нөхцөл байдлын талаар хэр мэдээлэлтэй байна вэ. Хаанаас мэдээлэл авч байна?
-Бид нар хэвлэл мэдээллээс л ойлголт авч байна. Олон улсын сайтууд, тэр дундаа БНХАУ-ын гол мэдээллийн сайтуудыг ажиглаж байна. Нас баралт өдөрт л 20 орчмоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Энэ бүхэн тэнд ноцтой байгааг илэрхийлж байна. Хүний нөөцийн дутагдалтай байгааг эндээс харж болно.
-Та бүхэн ажиллах хугацаандаа халдвар авчих юм биш үү. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
-Бүрэн эмчлүүлсний дараа эх орондоо ирнэ. Хувь хүн гэдэг утгаараа энэ вирусийг чирээд ирэх аюул байгаа. Нууц үед байхдаа халдвар дамжуулах эрсдэлтэй юм билээ. Тэнд байх хугацаандаа бүх шинжилгээ өгөөд сөрөг гарсан тохиолдолд ирнэ.
-Шинэ төрлийн коронавирусийн эсрэг вакциныг гаргаж амжаагүй байна. Энэ вирусээр өвчилж 170 орчим хүн нас бараад байгаа мэдээлэл гарлаа. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь юу вэ?
-Олон нийтийн газар явахгүй байх нь энэ төрлийн вирусээс сэргийлэх хамгийн найдвартай арга. Зайлшгүй тохиолдолд чанартай амны хаалт хэрэглэх нь чухал. Нэмж хэлэхэд эмнэлгээр явах нь эрсдэлтэй. Эрүүл мэндийн байгууллагаар ханиадтай, халуурсан хүмүүс их явдаг. Энэ утгаараа эрсдэл өндөр. Онцолж анхааруулах зүйл энэ л байна.
Сүлжээний бэлдмэл хэрэглэх нь эрсдэлтэй” гэсэн юм.
Монгол эмч нарын баг Ухань хотод ажиллах талаар Эрүүл мэндийн яамнаас тодруулахад “Ухань хотод буюу коронавирусийн голомтод Монгол Улсын иргэн очиж ажиллах гэж байгаа талаарх албан ёсны мэдээлэл манайд ирээгүй.
Хөл хорио тогтоосон энэ үед халдварын голомт руу явах эсэх нь хувь хүний өөрийнх нь сонголт” гэсэн юм.
ЗАМЫН-ҮҮДИЙН БООМТООР НЭВТРЭХ ИРГЭД АДУУ ШИГ ЧИХЦЭЛДЭЖ БАЙНА ГЭВ
БНХАУ-д дэгдээд буй коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор тус улсад сурч, ажиллаж, амьдардаг монгол иргэд наашаа хил нэвтрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа юм байна.
Замын-Үүдийн боомтоор хувийн тээврийн хэрэгсэлтэй нэвтрэхийг хориглоод байгаа.
Энэ сарын 30-ны өдрийн байдлаар БНХАУ-д ажиллаж амьдардаг, суралцдаг олон зуун иргэд хил нэвтрэхээр Замын-Үүдийн боомт дээр дугаарлаад байгаа гэнэ. Аяллын зорилгоор хил нэвтэрсэн иргэд ч Эрээнд гацчихаад байгаа юм байна.
Гадаад харилцааны яамнаас хил нэвтрэх хүсэлтэй иргэдэд дэмжлэг үзүүлж, Зам тээврийн яам, Хил хамгаалах ерөнхий газартай хамтран ажиллаж байгаа аж.
Замын-Үүдийн боомтоор энэ сарын 28,29-ний өдрүүдэд 16 автобус, таван вагон үйлчилгээнд гаргаж иргэдийг хил нэвтрүүлжээ. Энэ нь хил нэвтрэхээр дугаарлаж буй иргэдэд хүрэлцэхгүй байгаа юм байна. Улмаар зарим иргэд 500 юань төлж унаагаар хил нэвтэрч байгаа талаар эх сурвалж хэлж байна.
Замын-Үүдийн боомт дээрх нөхцөл байдлын талаар Эрээн-Замын-Үүдийн чиглэлд зорчигч тээвэрлэдэг жолооч Б-тэй холбогдож тодруулга авлаа.
-Замын-Үүдийн боомт хил нэвтрэхээр зэхэж буй монгол иргэдийн хөлд дарагдаад байгаа гэж дууллаа. Газар дээр нөхцөл байдал ямар байна вэ?
-Хил нэвтрэх иргэд боомт дээр олон байгаа. Боомт ч энэ өдрүүдэд ачаалалтай ажиллаж байна. Иргэдийг автобусаар хил нэвтрүүлж байгаа ч хэдэн зуун хүнийг бүгдийг нь тээвэрлэх боломжгүй байна. Урдуур дугаарласан цөөхөн иргэд таксигаар хил нэвтэрч байна.
-Урт дугаарласан иргэд оочероо булаацалдах, эмх замбараагүй байдал үүсгэх тохиолдол байна гэж байсан. Энэ талаар?
-Бие биеийнхээ урдуур дайрах, түлхэлцэх асуудал жирийн үед ч гарч л байдаг. Таксинд бол эрэгтэй хүмүүс л сууж байна. Үлдсэн иргэдийн олонх нь урд сурдаг эмэгтэй оюутнууд байгаа. Битүү чихцэлдсэн л улс байна.
-Хил нэвтрэхээр зэхэж буй иргэд хаана байрлаж байгаа бол. Энэ талаар мэдээлэл байна уу?
-Зарим нь буудалд байрлаж байгаа байх гэв.
Эрээнд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа. Ийм эрсдэлтэй нөхцөлд монгол иргэд хил нэвтрэхээр адуу шиг чихцэлдэж байгаа нь олонд айдас төрүүлж байна.
Бидэнд олдсон мэдээллээр урт дараалал үүсгэсэн иргэдийн дунд маргаан гарч эмх замбараагүй байдал үүсэж хамгаалалт авах хэмжээнд хүрээд байгаа гэнэ.
Энэ талаар бид Гадаад харилцааны яамны эх сурвалжаас тодрууллаа.
-Замын-Үүдийн хилийн боомт дээр дугаарлаж буй иргэдийг оруулж ирэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Энэ сарын 28-нд зургаан автобус гаргаж, 400 гаруй иргэнийг хил нэвтрүүлсэн. Маргааш нь 10 автобус гаргаж, 640 орчим монгол иргэнийг хил нэвтрүүлээд байна.
-Хилээр нэвтэрсэн иргэдэд ямар хяналт тавьж ажиллаж байна вэ. Халууныг нь хэмжиж үзээд явуулчхаж байна уу?
– Тусгаарлаж үзлэгт хамруулж ажиллаж байна” гэв.
Дугаар шилжих мөчид: Эрээний боомтын ойролцоох буудалд байрласан хятад эмэгтэй коронавирусийн халдвар авсан нь тогтоогджээ. Ингэснээр буудлын орчимд хөл хорио тогтоогоод байгааг эх сурвалж хэлж байна. Нааш хил нэвтрэхээр зэхэж буй монголын 100 гаруй иргэдийг буудлууд хүлээж авахгүй байгаа аж. Иймд иргэд гадуур хоноглож байгаа юм байна.