Categories
гадаад мэдээ

БНХАУ-ын санхүүгийн байгууллагууд шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд 3.9 тэрбум ам.долларыг зарцуулахаар болжээ

БНХАУ-ын санхүүгийн байгууллагууд шинэ төрлийн титэм вирустэй тэмцэхэд 3.9 тэрбум ам.долларыг зарцуулахаар болжээ. Энэ талаар тус улсын Сангийн яамны мэдэгджээ. “Хятадын Коммунист намын Төв хороо болон Төрийн Зөвлөлийн стратегитай нийцүүлэн санхүүгийн байгууллагууд өвчний дэгдэлтээс урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажлыг идэвхтэй дэмжиж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл”-ийг энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд “Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах төсөл” -ийг хэрэгжүүлэх талаар хэлэлцлээ. Уг асуудлыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав танилцуулав.

Ядуурлыг бууруулах Японы сангийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2023 он хүртэл хэрэгжүүлэх уг төслийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар хариуцаж хэрэгжүүлэх аж.

Уг төсөл нь ногоон, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Улаанбаатар хотод хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах технологийг иргэдийн оролцоотойгоор нэвтрүүлэх зорилготой бөгөөд төслийг гурван хэсэгт хувааж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эхний үе шатанд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулах хувилбаруудыг тодорхой болгох юм байна. Ингэснээр Улаанбаатар хотын хүнсний хог хаягдлын нөхцөл байдалд нарийвчилсан судалгаа үнэлгээ хийгдэж цаашид гарах үр дүнг тодорхойлох юм. Мөн хүнсний хог хаягдлыг иргэдийн оролцоотой дахин боловсруулах туршилтын төсөл хэрэгжүүлж иргэд хүнсний хог хаягдлыг дахин боловсруулсан бордоог үйлдвэрлэж хорооны тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажилд ашиглахаар төлөвлөж байгаа аж. Уг төслийн үйл ажиллагааг албан ёсоор энэ оны нэгдүгээр улиралд багтаан эхлүүлэхээр болжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Гадаад дотоодын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх нэгжийн чадавх, боловсон хүчний чадамж сул байгаагаас цөөнгүй төсөл үр дүнгүй болдог. Тиймээс цаашид төслийн нэгжийг чадвартай боловсон хүчээр хангаж ажиллах хэрэгтэй. Мөн гадаад дотоодын төсөл хөтөлбөрүүдтэй холбоотой албан ёсны мэдээллийг нэгдсэн байр сууринаас өгч ажиллахыг НЗДТГ-ын Төсөл, хөтөлбөрийн хяналт зохицуулалтын хэлтэс бүрэн хариуцаж хариуцлагатай ажиллах ёстой” гэв.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцээд Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахыг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

ХӨСҮТ-д коронавирусаар өвчилсөн байх магадлалтай дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

ЭМЯаас шинэ коронавирусийн тархалттай холбогдуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТөөс “Өнөөдрийн байдлаар тусгаарлан эмчлүүлж байгаа 12 хүн эмнэлгээс гарах төлөвтэй байна. Мөн өнөөдөр коронавирусаар өвчилсөн байх магадлалтай дөрвөн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг тусгаарлан шалгаж байна” гэж мэдэгдлээ.

Хэвлэлийн хурлын үеэр ДЭМБын суурин төлөөлөгч Сергей Диордица Урд шөнө ДЭМБын онцгой байдлын хороо хуралдаж, БНХАУ-д коронавирусын тархалт нэмэгдэж байгаа учраас бусад улс оронд учруулах хохирлыг нэмэгдүүлэхгүйн тулд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал гэж зарласан. Өмнө нь БНХАУ-д л тархаж байсан бол өнөөдрийн байдлаар Африкаас бусад дөрвөн тивд илрээд байна. Сүүлийн үед хүнээс хүнд халдах нь эрчимжиж байна” гэлээ.

Мөн Монгол Улсын Эрүүл мэндийн яам кронавирусийн оношлогооны төхөөрөмж үйлдвэрлэгдэж эхэлсэнтэй холбогдуулан ДЭМБаас 3000 мянга орчим хэрэглэгдэхүүнийг хоёр долоо хоногийн дотор авахаар болсон байна.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
гадаад мэдээ

Европын парламент Брекситийн хэлэлцээрийг дэмжжээ

Их Британийн ерөнхий сайд Б.Жонсоны Брекситийн хэлэлцээрийг дэмжих эсэх асуудлаар Европын парламент лхагва гаригт хуралдаж, санал хураалт явуулан олонхын саналаар дэмжжээ. Ингэснээр Их Британи улс нэгдүгдүгээр сарын 31-нд буюу өнөөдөр албан ёсоор Европын холбооноос зохицуулалттай гарах нөхцөл бүрдэж байна. Тодруулбал, Гринвичийн цагаар 23.00 цаг гэхэд албан ёсоор тус холбооноос гарах юм. Их Британи Европын холбооноос гарсны дараа шилжилтийн хугацаа эхэлж, нэг жил үргэлжилнэ. Энэ хугацаанд талууд хоёр талын эдийн засгийн харилцааны асуудлыг хэлэлцэх ёстой аж. Талууд худалдааны хэлэлцээрийг ирэх гуравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Их Британийн тал энэхүү асуудлыг арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө дуусгах сонирхолтой байна. Учир нь энэ өдөр шилжилтийн үе төгсөж, Их Британи Европын холбооны дүрмийг дахин мөрдөхгүй юм байна. Гэхдээ шаардлагатай нөхцөлд сунгаж магадгүй гэдгээ Европын холбоо мэдэгджээ. Сануулахад, 2016 онд Их Британид бүх нийтийн санал хураалт болж байв. Саналд оролцогчдын 51.89 хувь нь Европын холбооноос гарах асуудлыг дэмжсэн байдаг. Гэхдээ уг санал асуулгад оролцсон шотланд иргэдийн 62 хувь нь Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцсэн байдаг.

Дашрамд хэлэхэд, Шотландын парламент лхагва гаригт Их Британиас тусгаар тогтнох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулжээ. Улмаар “64:54” харьцаатайгаар уг асуудлыг дэмжив. Шотландын хууль тогтоогчид улс төрийн шийдвэр гаргах замаар Их Британи улс Европын холбооноос гарах асуудлыг эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр хэмээн ажиглагчид үзэж байна. Шотландын парламентын дээрх шийдвэр нь тус улсын тусгаар тогтнох асуудалд шууд нөлөө үзүүлж чадахгүй. Учир нь Шотландын ард түмэн Их Британийн Засгийн газартай тохиролцохгүйгээр тусгаар тогтнох асуудлаар санал хураалт явуулах боломжгүй аж.

Categories
мэдээ улс-төр

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийв.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар соёрхон баталсан. Тиймээс уг дүрэмтэй уялдуулан Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж буй юм. Тухайлбал, Эрүүгийн хуулийн 29.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайныг” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайныг” гэж, 2 дахь хэсгийн, 29.2 дугаар зүйлийн гарчиг, 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “түрэмгий дайн” гэснийг “түрэмгийлэл, эсхүл дайн” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. Ийнхүү өөрчлөлт оруулснаар Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, тухайлбал Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд заасан нэр томьёотой уялдуулж, нэг мөр болгох юм.

Хуулийн төслийн талаар асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58.7 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ нийгэм

Өдөрт дунджаар 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна

ШӨХТГ-аас титэм вирустэй холбоотойгоор амны хаалт, ариутгагч бодисын худалдаа эрхлэгч аж ахуй нэгжүүдийн дунд хийсэн хяналт шалгалтын талаар сэтгүүлчдэд өнөөдөр /2020.01.31/ мэдээлэл хийлээ.

Өрсөлдөөний бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Батцэцэг “Эм эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг томоохон аж ахуй нэгжүүдийн дунд шалгалт хийсэн. Нэгдүгээр сард тус аж ахуй нэгжүүд 278 мянган амны хаалтыг импортоор оруулж ирсэн байна. Титэм вирусын халдвар дэгдэлт хурдацтай тархаж буй энэ үед амны хаалтыг нөөцлөн хомсдол үүсгэж зохиомлоор үнийн хөөрөгдөл үүссэн зөрчил ирээгүй бөгөөд импортоор оруулж ирсэн бүх амны хаалтыг зах зээлд нийлүүлж дууссан байна. Монгол Улсад зөвхөн “Мөнхийн тун” ХХК амны хаалт үйлдвэрлэж байгаа. Тус компани өдөрт дунджаар 40 мянга орчим амны хаалт үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна” гэлээ.

Мөн зарим эмийн сангаас амны хаалт борлуулах үнэ тодорхойгүй нөхцөл байдал илэрсэн байна. Тухайлбал “Метро молл” худалдааны төвд байрлах “Монос”-ын эмийн сангаас өчигдөр /2020.01.30/ хэдэн төгрөгийн ямар маск зарж буй нь тодорхойгүй нөхцөл байдал гарсан. Зарлагын падан дээр 3600, 5700 төгрөгийн үнэтэй маск мэт боловч үнэндээ 2500 төгрөгийн үнэтэй худалдаалдаж буй маск мэт үнийн талаар бодитой мэдээлэл өгч ажиллаагүй нөхцөл байдал тогтоогдсон байна. Энэ мэтчилэн иргэдээс үнийн бодит мэдээллийг өгөхгүй байна гэдэг гомдол ШӨХТГ-т ихээр иржээ.

Иймд энэ төрлийн зөрчил гаргасан эмийн сангуудын тусгай зөвшөөрлийг цуцлах, торгууль ногдуулахаар ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Ухань хотоос Монгол оюутнуудаа татах хүсэлтийг Хятадын тал хүлээн авлаа

БНХАУ-ын Ухань хотноо сурч байгаа Монголын 31 оюутанг тусгай үүргийн онгоцоор эх орондоо авчрах хүсэлтийг БНХАУ хүлээн авчээ.

Нийт 33 оюутан Ухань хотод сурч байгаагаас одоогоор 31 нь эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм.

Монголоос тусгай үүргийн онгоц хоёрдугаар сарын 1-нд нисэх боломжтойг Хятадын талаас мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нэг сарын хугацаанд 126 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 320 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 1,4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Мөн 13 хүн нас барж, 35 толгой мал хорогдож, 188 гэр, орон сууц шатсан байна.

Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 126 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 7.0 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 20 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 10 хувь өссөн байна.

Нийслэл хотод нийт 199 удаагийн гал түймэр гарч, 741 сая төгрөгийн хохирол, орон нутагт 121 удаагийн гал түймэр гарч, 617 сая төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Гал түймрийн 32,5 хувь буюу 104 нь ил галаас, 27,5 хувь буюу 88 нь яндангийн цонолтоос, 25,3 хувь буюу 81 нь цахилгааны буруу ашиглалтаас, 7,8 хувь буюу 25 нь технологийн горим зөрчигдснөөс шалтгаалсан байна.

This image has an empty alt attribute; its file name is 5.jpg

ХОЁР. УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР

Энэ хугацаанд 1674 байгууллага, аж ахуйн нэгж, 9551 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 7953 зөрчил дутагдал илрүүлэн, 3935 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 473 заавал биелүүлэх албан шаардлага, 453 мэдэгдэл, 18 танилцуулга, 506 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 1 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 40.2 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 325 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 153 удаа явуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Жендэрийн үндэсний хороо хуралдаж, 2020 онд хийх ажлын төлөвлөгөөгөө баталлаа

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан болж 2019 оны ажлаа дүгнэн 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. Энэ онд нийт 88 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн хурлаар “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлж байгаа хүчин зүйлс”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, аймаг, орон нутгийн сайн туршлагыг нэвтрүүлэх зэргийг хэлэлцэн тогтоол гаргав. Мөн ажлаараа тэргүүлсэн Батлан хамгаалах яам, нийслэл, Өвөрхангай аймгийн салбар хороог шагнаж урамшууллаа. Цаашид:

– Сангийн яам жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж батлах, бүх түвшинд нэвтрүүлэх

– Хорооны гишүүд тоо бүртгэл, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналтаа хянаж, хүйсээр ялгасан тоон мэдээ, чанарын шалгуур, үзүүлэлтүүдийг тусгах

– Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн наслалтын зөрүү 10 жил байгаад онцгой анхаарч, тодорхой бодлого гарган ажиллах

– ХНХЯ, МҮЭХ, Хараат бус судалгааны хүрээлэн хамтран Ажил-амьдралын тэнцвэрийг хангах бодлого, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр гадаадын туршлагыг судлах, загварчлал түгээх

– Ажлын байран дахь хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгах

-Төрийн албан хаагчдын жендэрийн талаархи ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх үүрэг болгов

Categories
мэдээ нийгэм

МИАТ Бээжин, Хонгконгийн нислэгүүдээ цуцлав

“МИАТ” ТӨХК нь Коронавирусийн дэгдэлттэй холбогдуулан Бээжин, Хонгконгын чиглэлийн зарим нислэгээ цуцлаад байна. Тус компани Бээжин хотын чиглэлд хоёрдугаар сард нийт 10 нислэг, Хонгконг хотын чиглэлд хоёр болон гуравдугаар сард нийт 8 нислэг цуцласан бөгөөд бусад нислэг хэвийн үргэлжилж байна. Бид нислэг цуцлагдсантай холбогдуулан 24 цагийн турш зохицуулалт хийж ажиллаж байна.

МИАТ ТӨХК-ИЙН ЦУЦЛАГДСАН НИСЛЭГҮҮД:

  • Бээжин хот: Хоёрдугаар сарын 3,5,7,9,11,12,14,17,19,29 өдрийн ОМ223\224
  • Хонгконг хот: Нэгдүгээр сарын 31, Хоёрдугаар сарын 14-ны өдрийн ОМ297\298 болон 2-р сарын 3, 24, 3-р сарын 2, 9, 16, 23-ны ОМ2971\2972 аялалууд