Categories
мэдээ соёл-урлаг

“Дуурийн од” шагналд МУГЖ Э.Амартүвшиний нэр дэвшжээ

Олон улсын дуурийн найм дахь удаагийн, дуурийн “Оскар” хэмээн нэрлэгддэг “Дуурийн од” шагналд Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшиний нэр дэвшжээ.

Энэхүү шагналыг Италийн Ерөнхийлөгч болон Засгийн газрын ивээл дор тус улсын Гадаад Харилцааны Яам, Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод, “Верона сан” зэрэг мэргэжлийн өндөр статустай олон улсын сонгодог урлагийн сангууд, байгууллагуудаас ивээн тэтгэж тодруулдаг юм байна.

Энэ удаагийн шагналд симфони хөгжмийн шилдэг удирдаачид гурав, дуурийн шилдэг найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнер зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтний нэр дэвшсэнээс дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучны дотор нь Монголын дуучин багтжээ.

Categories
мэдээ нийгэм

Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

Зах худалдааны төвүүдийг хаах шийдвэр гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдлээ

НЗДТГ-ын Хууль , эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар нар өнөөдөр нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан нийслэлийн Засаг дарга А/108 дугаар захирамж гаргасан. Уг захирамжийн хүрээнд иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулахгүй байж холбогдох албаныхан хяналт тавьж ажиллаж байна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал “БНХАУ-д илэрээд байгаа коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийг хамарсан хурал цуглаан, сургалт, спортын тэмцээн уралдаан, аялал зугаалга, соёл урлаг, кинотеар, жолооны курс, цахим болон бага насны хүүхдийн төрөл бүрийн тоглоомын газрын үйл ажиллагааг түр зогсоох, 04:00 цаг хүртэл ажилладаг ресторан, караоке баар болон бусад төрлийн кафег 00:00 цаг хүртэл ажиллуулах, сургууль, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг албан байгууллага, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар дагуулж явах, үйлчлүүлэх, үйлчлэхийг хориглосон. Захирамжтай холбогдуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон. Өнөөдрийн байдлаар хичээллэж байгаа сургууль цэцэрлэг байхгүй. Харин хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдийн мэдээллийг цуглуулж харъяа дүүрэг хороодуудад нь мэдээллэж үйл ажиллагааг нь түр зогсоохоор ажиллаж байна. Эрүүл мэндийг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг фитнесс, чийрэгжүүлэлтийн төвүүдийг хаагаагүй” гэв. Захирамжийг зөрчсөн иргэнийг 200 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах бөгөөд иргэдийн эрүүл мэнд амь нас, аюулгүй байдлыг хангах үүднээс захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж хамтарч ажиллахыг иргэн аж ахуйн нэгжүүдэд уриаллаа.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар “Томоохон зах, худалдааны төвүүдийг нийслэлийн хэмжээнд хаах шийдвэр албан ёсоор гараагүй. Захирамжийн дагуу томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, аюулгүй байдлыг сайтар хангах зөвлөмжийг хүргүүлсэн байгаа. Тийм учраас иргэд, олон нийтийг цахим орчноор тархаад буй зах, худалдааны төвүүдийг хаана гэсэн худал мэдээлэлд итгэн, бараа бүтээгдэхүүнийг их хэмжээгээр нөөцөлж, “үнийн хөөрөгдөл” үүсгэх шаардлагагүй. Мөн “Буянт ухаа хорооллын подволд гэр оронгүй хүмүүсийг байршуулах талаар хотын Захирагч захирамж гаргасан талаар сошиал орчинд мэдээлэл тархсан. Ийм асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй, бас гарахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Хотын даргын зүгээс орон гэргүй хүмүүсийг нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлэх талаар холбогдох хүмүүст үүрэг даалгавар өгсөн. Зарим нэг төрийн бус байгууллагын төлөөллүүд энэ асуудлаар холбогдох албаныхантай уулзаж ярилцсан байдаг юм билээ. Үүнийгээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шийдвэрлэсэн мэт буруу ташаа мэдээлэл өгч байна. Иргэд олон нийт та бүхэн цахим сүлжээгээр явж байгаа эх сурвалжгүй мэдээ мэдээлэлд итгэхгүй байхыг хүсэж байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Бага ангийн сурагчдын теле хичээлийн хуваарь

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад зориулсан теле хичээлийн хуваарийг хүргэж байна. Теле хичээл ирэх Даваа гариг буюу 2020.02.03-наас эхэлнэ. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заахаар агуулга, хуваарь батлаад байна.

Албан ёсны хуваарийг БСШУСЯ-ны вэбсайт, пэйж хуудсаар түгээнэ. Теле хичээлийг нийгмийн сүлжээгээр хяналтгүй цацах, бага ангийн хүүхдүүдэд сошиал хаяг нээх зэргийг хориглож, цахим орчны халдлагаас хүүхдүүдээ хамгаалахад анхаарна уу.

2020.02.03-2020.02.14 хүртэлх хуваарь:












Categories
мэдээ нийгэм

Резидент эмч нарын бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн сайдын албан даалгаврын хүрээнд резидент эмч нарын бэлэн байдлыг хангаж ажиллан байна
• Суралцагч эмч нарын судалгааг дэлгэрэнгүй гаргав. Төгсөлтийн дараах сургалт эрхлэх 19 байгууллагын төрөлжсөн мэргэжлийн сургалтад 124, үндсэн мэргэшлийн сургалтын 1 дүгээр дамжаанд 536, 2 дугаар дамжаанд 443, нийт 1103 их эмч суралцаж байна.

• Суралцагч эмч нарт сургалт зохион байгуулж эхлэв: Төгсөлтийн дараах үндсэн болон төрөлжсөн мэргэшлээр суралцаж буй суралцагч, анагаах ухааны боловсрол олгох сургуулийн төгсөх дамжааны оюутнуудад зориулсан “Шинэ коронавирусийн халдвар, томуу, томуу төст өвчний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээ, халдварын хяналт, сэргийлэлт” сургалтыг 2020.01.28-ны өдрөөс эхлүүлж эхний 301 резидент эмчид ЗӨСҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хичээл заасан. 2020.021.29-30-ны өдрүүдэд уг сургалтыг үргэлжлүүлнэ.

• Нөөцөд ажиллах хүүхэд, дотор, халдварын эмч (тэтгэвэрт гарсан)-ийн судалгааг гаргаж байна. Одоогийн байдлаар 33 эмчийн судалгаа бэлэн болсон.

Categories
мэдээ улс-төр

Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэх хуулийн төсөл санаачилжээ

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Ахмад настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөлд ахмад настны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэхээр тусгасан байна. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэвэр авагч иргэдийн тэтгэврийн нэмэгдэлд жилд 552,7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжилт шаардлагатай юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Номтойбаярыг явуулах, эс явуулахын ард юу болох вэ

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан. Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор өчигдөр хэлэлцсэн. Тус байнгын хороодоос Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн юм. Ингээд харахад түүнийг явуулахааргүй л харагдаж байна. Гэхдээ байнгын хороод Засгийн газрыг огцруулахгүй гэх шийдвэр гаргасан ч чуулганы хуралдаанаар огцруулчихаж байсан гашуун түүх бий. Хамгийн наад захын жишээ гэвэл 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан үйл явцыг дурдаж болно. Үүний нэгэн адил чуулганы хуралдаанаар “Асуудлуудынхаа үнэн мөнийг олоод ир” гэсэн гэмгүй үг хэлээд, бүрэн эрхийг нь түдгэлзүүлчихийг үгүйсгэх аргагүй. МАН-ын бүлгийн хурал дээр ч ийм л үг хэлжээ.

УИХ-ын гишүүн үнэн мөнөө тогтоолгоод эргээд парламентдаа сууж байсан түүх байдаггүй. Сонгууль дөхчихсөн энэ үед хэзээ үнэнээ олж, хэзээ нь ч буцаж ирэх юм. Энэ нь эелдгээр явуулна л гэсэн үг. Ямартаа ч МАН-ын бүлэг дээр ингэж шийдсэн нь сонирхол татаж байгаа. Энэ нь намын даргын өмнөөс өрвөлзөж, үгэнд нь ороогүйн сануулга байсан биз. Хатуу ч сануулга байв.

Хэрвээ Н.Номтойбаяр гишүүнийг явуулах юм бол хэрэг үүсгэж шалгаж байгаад сонгуулийн дараа “Уучлаарай. Та гэм буруугүй байжээ” гэж хэлэх магадлал өндөр. Н.Номтойбаяр л хүн алав гэж. Хөдөлмөр эрхлэх сантай холбоотой гэх асуудал салбарын сайдын хувьд хийх ёстой ажлуудынх нь л нэг байсан. Нэг ёсондоо энэ бүхэн ирэх сонгуулиас нэрийг нь татуулах арга л даа. Энэ технологи шинэ зүйл ч биш юм. Намбарын Энхбаяр, “Сод Монгол”-ын Ц.Анандбазараас эхлээд энэ технологид өртөгсдийн нэр хөвөрнө.

Байнгын хорооны шийдвэрээс харахад Н.Номтойбаярыг явуулахгүйгээр шийдчих шиг боллоо. Хэрэв энэ шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанаар бататгавал УИХ болон МАН-д юу өрнөх, ямар үр дүн үүсэх вэ гэдэг нь тун сонин. Хэрэв тэр үлдвэл МАН-д жинхэнэ тулаан үүснэ. Учир нь тэрээр “Нам биш, харин гишүүд минь намайг авч үлдлээ” л гэж бодно. Үүнийг Н.Номтойбаяр ойлгохтойгоо. Тиймдээ ч түүний хэний эсрэг яаж тэмцэх нь тодорхой. Ёстой нууж хаах зүйлгүй хүчтэй тэмцэж таарна. Энэ хэрээрээ Монголын улс төр асар сонирхолтой болно. Тэгвэл Н.Номтойбаярыг үлдээж байгаад улстөрчдийн дундах хагаралдаанаар хэн нь хэн бэ гэдгийг харвал яасан юм бэ. Нэг ангиас нөгөө анги руугаа улам сонирхолтой болж үргэлжлэх, үйл явдал нь шатлан өргөжих сериал мэт л байх биш үү. Үүнд эргэлзэх зүйл огтхон ч алга.

Categories
мэдээ нийгэм

Монголд титэм вирус илрээгүй ч томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас короновирусын талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн яамны төрийн захиргаа удирдлагын албаны дарга Цогтбаатар “БНХАУ-ын эрүүл мэндийн яамнаас авсан мэдээллээр короновирусээр өвчилсөн тохиолдол 5974, нас барсан хүний тоо 132, сэжигтэй тохиолдол 9239 байна. Хамгийн сүүлийн мэдээллээр 976 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа бөгөөд 103 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан” гэлээ.

Одоогоор дэлхийн 20 орчим оронд сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд манай улсад короновирусын тохиолдол илэрээгүй байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасалмаа “Хилээр Монгол улсын иргэдээс бүгдээс нь судалгаа авч байгаа. Халуурсан хүмүүс их ирж байгаа нь томуугийн дэгдэлт өндөр байгаатай холбоотой” гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар манай улсад Нэгдүгээр сарын 9-29-ны хооронд нийт 36 хүнд тархвал судлалын тандалт, онош тодруулах шинжилгээг хийгээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 13 хүний тусгаарлаад байна. Мөн түүнэчлэн БНХАУ-аас улсын хилээр орж ирсэн иргэдээс өндөр халуурч байсан 29 зорчигчийг ХӨСҮТ-д тусгаарлан лабораторийн шинжэлгээ хийж, 14 хүнээс короновирусын халдвар илрээгүй байна. Үлдсэн 18 зорчигчид шинжэлгээ хийж байгаа юм.

Энэ сарын 27 өдөр Хэнтий аймагт 14 настай охин аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн дариу даа нас барсан юм. Энэ талаархи дэлгэрэнгүй мэдээллийг ЭМЯ эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Нас барсан 14 настай охины шинжэлгээний хариу өчигдөр гарлаа. Бид шинжэлгээ хийхдээ өмнө нь байсан 21 вирусыг илрүүлэх шинжэлгээ болон короновирусыг илрүүлэх тестүүдийг тавьсан. Шинжэлгээний хариу А хүрээний H3N2 халтгалгааны хүндэрлээс болж нас барсан гэж хариу гарсан” гэв.

ЭМЯ-аас өгсөн мэдээллийн эхэнд ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица шинэ короновирусын нөхцөл байдлыг танилцуулсан юм. Тэрбээр “2020 01 сарын 28-нд ДЭМБ-ын удирдах ажилтнууд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, Ухань хотод халдварын тархалтыг удаашруулах, биологийн сорьцыг өгөхөөр тохиролцсон. Одоогоор БНХАУ-аас гадна 16 улсад 56 короновирусын тохиолдолыг батлаад байна. Мөн халдвар авсан хүмүүсийн дийлэнхийг эрэгтэйчүүд эзэлж байна. Халдвар авсан хүмүүс ямар нэг архаг хууч өвчтэй хүмүүс короновирусээр өвчилж байна.” гэлээ.

Ч.ОЧИРРЭНЧИН

Categories
мэдээ улс-төр

Монгол, Сингапурын парламент хорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар ярилцлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Дэд дарга Чарльз Чонг-тойБүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын ордонд уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар энэ жил Монгол Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, ойн хүрээнд хоёр талын харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтран ажиллах шинэ боломжуудыг нээн хэрэгжүүлэх нь чухал гэж үзэж байгааг онцлов.

Тэрбээр Монгол Улс нь байгалийн баялаг, ашигт малтмалын нөөцөөр дэлхийд тэргүүлэгч улсуудын нэг бөгөөд газар зүйн хувьд Ази, Европыг холбосон “төв” зангилаа юм. БНХАУ, ОХУ, Монгол Улсыг холбосон эдийн засгийн коридорыг байгуулаад байна. Газар зүйн энэ таатай байдлаа ашиглан, уул уурхайн салбараа “зөв” хөгжүүлэх, эдийн засгаа солонгоруулах, техник, технологийн дэвшлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэн, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бодлого баримталж байна. Монгол Улс нь байгалийн нөөцөөр баян ч, далайд гарцгүй улс. Харин Сингапур Улс байгалийн баялаг багатай ч, далайд гарцтай өндөр хөгжилтэй улс. Тиймээс манай хоёр улс давуу талаа харилцан ашигтай байдлаар ашиглан хорших боломжтой хэмээн үзэж байна гэлээ. Түүнчлэн Сингапур Улсын “Темасек” олон улсын сан, Сингапурын техникийн хамтын ажиллагааны хөтөлбөртэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ. Ноён Чарльз Чонг уул уурхай, мэдээлэл технологи, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх гээд олон салбарт хамтран ажиллах боломжтой. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд найрсаг харилцаат Монгол Улстай мэдлэг, туршлага, чадвараасаа хуваалцахад ямагт нээлттэй байна. Түүнчлэн Монгол Улсаас дээд, өндөр түвшний болон УИХ-ын гишүүдийн айлчлалыг хүлээн авахад бэлэн байна гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны дээд, өндөр түвшний айлчлалын давтамж нэмэгдэж, Монгол Улс 2016 онд АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг зохион байгуулах үеэр Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн Монгол Улсад айлчилсан. Энэ онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сингапур Улсад айлчлахаар төлөвлөж байна. Дээд түвшний айлчлалын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, ойрын ирээдүйн чиглэлийг тогтоох нь дамжиггүй. Бүгд Найрамдах Сингапур Улс нь хөгжиж буй улс орнуудын хувьд үлгэр дуурайл болсон улс юм хэмээн онцоллоо.

Тэрбээр хоёр орны парламент, гишүүд, Тамгын газар хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх асуудлыг хөндсөний зэрэгцээ Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын дарга Тан Чуан Жин болон ноён Чарльз Чонгийг парламентын гишүүдийн хамт боломжтой цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа.

Ноён Чарльз Чонг урилгыг талархан хүлээж авч байгаагаа илэрхийлээд, миний бие 2 жилийн өмнө Монгол Улсад зочлох завшаан тохиож байсан. Хугацаа богино байсан тул баялаг түүхтэй танай сайхан оронтой бүрэн танилцах боломж гараагүй. Бид Парламентын гишүүдээ Монгол Улсад айлчлахыг дэмжих болно гэв.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, УИХ-ын даргын зөвлөх З.Төмөртөмөө, Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Элчин сайд Т.Лхагвадорж, Бүгд Найрамдах Сингапур Улсын Парламентын Тамгын газрын дэд дарга Сиов Пенг Хан, хэлтсийн дэд дарга Чен Шяо Лин болон албаны бусад хүмүүс байлцав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Алдах эрхгүй Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд Ховд гол дээр 90-100 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц барих болоод байгаа билээ. Эх сурвалжийн мэдээлснээр одоогоор техник эдийн засгийн үнэлгээ боловсруулах ажил ид үргэлжилж байгаа аж. Станцыг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцалд барих бөгөөд гэрээ хэлэлцээрүүд нь хийгдчихсэн, тэнд бүтээн байгуулалт эхлэх нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Баруун бүсийн эрчим хүчний хангалтад ихээхэн ач холбогдолтой тус станцыг барихдаа шийдвэр гаргагчид зайлшгүй анхаарах ёстойчухал асуудлууд байна.

МОНГОЛ ХАДРАН ЗАГАС ШИЖИГТИЙН ХАВЦЛААР ДЭЭШ ӨГСӨЖ ТҮРСЭЭ ШАХДАГ УУ?

Монголын загас судлаачид монгол хадран загасанд уян тэмдэглэгээ тавьж шилжилт хөдөлгөөн, үржлийн нүүдлийг нь судалжээ. Тэдний судалгаагаар монгол хадран загас Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутаг дахь Шижигтийн хавцлаар дээш Ховд голоо өгсөж түрсээ шахдаг нь батлагдсан байна. Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сард Шижигтийн хавцал орчмоос барьж уян тэмдэглэгээ зүүсэн загаснуудаас гурав нь Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын нутаг дахь Ховд голоос баригджээ. Зүүлт нь загасандаа ямар ч хор хөнөөл учруулахгүй, уян пластик юм.

Судалгааны энэ үр дүн монгол хадран загасны хамгаалалдих ач холбогдолтой. Учир нь, Шижигтийн хавцалд монгол хадран загас түрсээ шахдаг гол цэг байдаг бөгөөд усан цахилгаан станцын бүтээн байгуулалт үржилд нь сөргөөр нөлөөлөх магадлалтайг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Харин албаны зарим хүмүүс “усан цахилгаан станц барих газар нь монгол хадран загасны үржлийн цэгээс дээш байгаа тул ямар ч асуудалгүй” хэмээн тайлбарладаг. Өмнө нь тодорхой судалгаа байгаагүй бөгөөд судлаачид ч энэ загас Шижигтийн хавцалд ирж түрсээ шахчихаад буцдаг гэсэн ойлголттой байв.

Тэгвэл монгол хадран загас үржлийнхээ үед Шижигтийн хавцлаар дээш өгсдөг нь ийнхүү тодорхой болсон учир тэнд усан цахилгаан станц барихдаа загас дамжин өнгөрүүлэх суваг байгуулах шаардлагатай болж байна. Байгуулахдаа ямар загвараар хийхэд анхаарал хандуулах шаардлагатай болжээ. Учир нь, Дөргөний усан цахилгаан станцыг байгуулахдаа загас дамжин өнгөрүүлэх байгууламж хийсэн боловч тэр нь яг л төөрдөг байшин хэлбэртэй, стандартын шаардлага хангаагүйгээс загас дамжин гарч чадаагүй юм. Одоо ашиглагддаггүй, харин ч эсрэгээрээ монгол хадран загасны генетикийн нэгдмэл популяцийг баруун, зүүн гэсэн тусгаарлагдмал хэсэгт хуваасан хэмээн судлаачид харамсангуй ярьдаг. Хэрвээ энэ алдааг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад давтах юм бол Монгол орны унаган загас болох хадран цөөрөх эрсдэлтэй юм.


ТАЙШИР, ДӨРГӨНИЙ АЛДААГ БҮҮ ДАВТААСАЙ

Шинээр усан цахилгаан станц барихдаа алдааг нь давтаж болохгүйг сануулдаг тод жишээ нь Тайшир, Дөргөний усан цахилгаан станцууд юм. Баригдсан даруйдаа байгаль, экологид хамгийн их сөрөг нөлөө үзүүлсэн нь Тайширын усан цахилгаан станц. Завхан голын усыг боосноос энэ гол тасарч Увс аймгийн Завхан сумын малчид уух ус, малаа тэжээх бэлчээргүйболж олон арваараа нутгаа орхин нүүж байсан цаг саяхан. Завхан голын ус татарснаас болж Их нууруудын хотгорын усны экосистемд онцгой үүрэгтэй Хяргас нуурын усны төвшин жил ирэх тусам багасч, эргийн бүс дотогшилсоор байгааг судлаачид онцлох болсон.

Яг үнэндээДөргөн, Тайширын хувьд бид ус багатай нутагт усан цахилгаан станц барьж сургамжтай түүх бичсэн билээ. Нөгөө талаар Тайшир, Дөргөний усан цахилгаан станцаас болж байгаль, экологид хэр хэмжээний хохирол учирсныг тодорхойлсон судалгаа өдийг хүртэл алга. Хяргас нуурын усны төвшин хэр буурсан, Завхан голын урсац станц барихаас өмнөхтэй адил хэмжээтэй байж чадаж байна уу гэдгийг судалж тогтоосноор маргаантай олон асуултад хариулт өгөх учиртай. Дөргөн, Тайширын усан цахилгаан станцын хам нөлөө Хяргас, Дөргөн нууранд тусдаг. Алтайгаас ирж байгаа ус Ховд, Буянт голоор, Хангайгаас ирж байгаа ус Хүнгүй, Завхан голоор дамжин Хяргас, Дөргөн нуурт цутгадаг. Гэтэл Хангайгаас ирж байгаа Завхан голын усыг Тайширт, Алтайгаас ирж байгаа Ховд, Буянт голын усыг Дөргөний станцын далангаар хаачихсан. Их нууруудын нэг хэсэг болох Хяргас нуурын хотгор нь хуурайшилт ихтэй, гадагш урсгалгүй бүс нутаг юм.

Ховд гол олон төрөл, зүйлийн усны шувуу цуглардаг Хар-Ус нуурт цутгаж гол тэжээл нь болдог. Энэ нуур Рамсарын конвенцид бүртгэлтэй, олон улсын хамгаалалтад орсон. Хар-Ус бол Монголын дөрвөн том нуурын нэг мөртлөө гүехэн. Хөвсгөл 234 метр, Хяргас нуур 80 метр гүн. Тэр хэрээр ус ихтэй. Харин Хар-Ус нуур гүн хэсэгтээ л 3-4 метр хүрнэ. Гол тэжээл нь болсон Ховд голын ус татарвал хуурайшилт ихтэй энэ цаг үед нуурын усны төвшин багасах эрсдэлтэй гэж усны мэргэжилтнүүд анхааруулж байна. Мөн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн 20 гаруй сумын 80 гаруй мянган хүн, хоёр сая гаруй мал сүрэг Ховд голоос ундаалдаг. Тиймээс л энэ төсөлд эхнээс нь болгоомжтой хандаж тооцооллоо маш сайн хийх шаардлагатай болоод байгаа юм. Ялангуяа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийхдээ үүнийг тооцох хэрэгтэй байна.

Мэдээж зээл өгч байгаа Хятадын тал ч энэ асуудалд онцгой анхаарч таарна. Тэд өөрсдийнх нь санхүүжүүлсэн төсөл олон улсын хамгаалалтад орсон Хар-Ус нуур болон Их нууруудын хотгорын экосистемд сөргөөр нөлөөллөө хэмээх шүүмжлэлд өртөхийг хүсэхгүй нь лавтай. Хятадууд аливаа бүтээн байгуулалтыг хийхдээ байгаль, экологид сөргөөр нөлөөлөхгүй байхад онцгой анхаардаг болчихсон, холбогдох хууль журмандаа ч бодлогын өөрчлөлт оруулж дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхаж байгаа. Хятадын дарга Ши Жинпин 2018 оны тавдугаар сарын сарын 18-19-нд Бээжин хотод болсон Бүх Хятадын экологихамгааллын хуралд оролцохдоо” Ногоон хөгжлийг бүх талаар ахиулах ёстой. Экологийн эрсдэлээс хамгаалж, бүх явцын олон давхаргын экологи хамгааллын системийг байгуулах хэрэгтэй” хэмээн онцолсон билээ. Мөн тэрээр 2019 оны гуравдугаар сард Өвөр Монголын төлөөлөгчдийн хянан зөвлөлдөх хуралд оролцохдоо “Эдийн засгийн хөгжил хүндрэлтэй болох үед төсөл хэрэгжүүлж, байгаль орчныг хохироож эдийн засгаа нэмэгдүүлэх үзэл бодолтой байж болохгүй. Экологи хамгааллын улаан шугамыг эвдэж болохгүй” гэж сануулж байсан юм.

Улс орны хөгжил, иргэдийн амьдралд эрчим хүч хэрэгтэй нь маргахын аргагүй үнэн. Тэр тусмаа эрчим хүчнийхээ хэрэгцээгээ бүрэн хангаж чадаагүй, бусдаас хамааралтай манай улсын хувьд бүр ч чухал. Хамгийн гол нь, өмнөх алдаагаа давтахгүйгээр экологид ээлтэй бүтээн байгуулалт хийх нь энэ төслийг хариуцагчдын заавал анхаарах ёстой асуудал юм. Нөгөө талаар цаашид бүтээн байгуулалт хийхдээ заавал ус гэхгүйгээр нар, салхины сэргээгдэх эрчим хүчээр асуудлыг шийдэх олон сонголт гарч ирээд байна. Технологийн дэвшлээс шалтгаалж үнэ тариф нь ч өдрөөс өдөрт хямдарч байгааг анхаарах хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа билээ.

Д.БАТБАЯР

Categories
мэдээ нийгэм

Томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийг хаахгүй

БНХАУ-д дэгдээд буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссын шийдвэр, НЗД-ын 108 дугаар захирамжийн дагуу нийслэлд олон нийтийг хамарсан ажил зохион байгуулахыг хориглож, 12 төрлийн байгууллагын үйл ажиллагааг түр зогсоогоод буй талаар НЗДТГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжийг зөрчсөн иргэнийг Зөрчлийн хуулиар 200.000 төгрөг, ААН-ийг 500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх Тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал: “Шөнийн 04 цаг хүртэл ажилладаг бар, ресторануудыг 00 цаг хүртэл ажиллуулж, урлаг соёл, спортын арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон НЗД-ын захирамжийг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэг байхгүй. Харин ямар ч бүртгэлгүй хүүхдийн өдөр өнжүүлэх байруудын үйл ажиллагааг зогсоох тал дээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна. Захирамжийн хэрэгжилтийг хангаагүй иргэнийг 200.000 төгрөг, ААН-ийг 500.000 төгрөгөөр торгож, үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэв.

Томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийг хаана гэсэн ташаа мэдээллийн дагуу иргэд хүнсний бүтээгдэхүүнээ ихээр нөөцөлж, зохиомол хомстол үүсгэж байна.

НЗТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатар: “Томоохон зах, худалдааны төв, дэлгүүрүүдийг хаахгүй. Эдгээр газруудад ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийг сахин ажиллахыг НЗД-ын захирамжид тусгасан. Иймд иргэд сандарч тэвдэн, хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр худалдан авах шаардлагагүй. Түүнчлэн орон байргүй иргэдийг Буянт-Ухаа 2 хороололд байршуулж нийгэмшүүлнэ гэсэн ташаа мэдээлэл гарсан. Тийм захирамж гараагүй бас гарахгүй гэдгийг мэдэгдье. Орон гэргүй хүмүүсийн асуудлыг судалж, өвлийн нөхцөлд дулаан байраар хангах, нийгэмшүүлэх тал дээр холбогдох байгууллага судалгаа хийж байгаа бөгөөд тодорхой шийд гараагүй байгаа” гэв.