Categories
мэдээ цаг-үе

Агуу эрдэмтдэд тохиолдсон зугаатай түүхүүд

ТОМАС ЭДИСОН

“Чиний царай зүс авах юм алга, дэндүү ядарчээ гэж Америкийн алдарт зохион бүтээгч Эдисонд эхнэр нь хэлээд, -гэрээсээ нэг хоногоор яв, тав тухаараа сайхан амар гэжээ. Эдисон үгийг нь сонсоод, хаашаа ч юм яваад өгчээ. Харин нэг өдрийн дараа эхнэр нь түүнийг лабораторидоо ээлжит туршилтаа хийж байхад нь олжээ. “Сайхан амарлаа шүү!” гэж нөхөр нь уулзахдаа баясгалантайгаар хэлсэн гэдэг.

l l l

Томас Альва Эдисон зургаан настай байхдаа нэг удаа өндгөө дарж байгаа эм галууг анхаарч ажигласан ба удалгүй түүний орчин тойронд дэгдээхэйнүүд гүйлдэж байхыг харжээ. Нэлээд хэдэн өдрийн дараа бяцхан Аль хаашаа ч юм алга болчихов. Ээж нь нэлээд удаан хайсны эцэст түүнийг тахианы байрнаас олов. Жаалхүү нугасны өндөгнүүд дээр суучихсан нугасны дэгдээхэйнүүд гарахыг хүлээж байсан гэнэ.

l l l

Нэг удаа есөн настай Эдисон хий үүсэх үедээ дээш хөөрөн зарим зүйлд нисэх боломж өгдөг онолыг шалгахаар шийджээ. Тэгээд догшин шүүний ус үйлдвэрлэх үед хэрэглэдэг Зейдлицийн нунтгаас өөрийн найз Михаэль Оатаг хүчтэй тунг уухыг ятгав. Үүсч байгаа хий нь түүнд нисэх боломж олгоно гэж найздаа итгүүлжээ. Үр дүн нь гэнэтийн болов. Итгэмтгий Михаэль хүчтэй өвдөлт мэдэрч, залуу туршигч саваадуулж шийтгүүлжээ.

l l l

Цахилгаан чийдэн зохион бүтээгчдийн нэг Томас Альва Эдисон төлбөр төлөөгүйн улмаас дархны газрынх нь шатдаг хийг хааж тасалсан хийн компанид уурлаж бухимдсан үедээ цахилгаан гэрэлтүүлгийн боломжийн тухай анх бодсон гэдэг. Тэр энэ талаар өөрөө бичихдээ: “Би тэр үеэр жижигхэн дархны газрыг маань хааж битүүмжлэх хугацааг хойшлуулахын тулд цагдаагийн даргад өдөрт таван доллар төлдөг байсан юм.

Гэтэл бас хийн компанийн хүн ирээд хийг маань хааж тасалчихлаа. Би уурлаж бухимдахдаа, хийн гэрэлтүүлгийг цахилгаанаар сольж болох эсэх талаар мэдэхийн тулд хийн техникийн тухай, эдийн засгийн талаар бүх ном хэвлэлүүдийг уншиж судалсан юм. Хэрэв ингэж сольчихвол эдгээр харамч амьтдаас хариугаа бүрнээ авна!”

l l l

Нэг удаа Эдисон дээр нэгэн залуу зохион бүтээгч ирээд, дэлхий дээрх бүх юмыг хайлуулж уусгах чадвартай нийцлэг уусгагч нийлэгжүүлэн гаргаж чадна гэж хэлжээ. “Энэ чинь маш, … маш сайн хэрэг. Гэхдээ та энэ гайхамшигтай шингэнээ юунд хийж хадгалах юм бэ?” гэж Эдисон хэлсэн гэдэг.

НИЛЬС БОР

Нильс Бор Геттингенд сурч байхдаа нэг удаа коллоквиумд \сорих яриа\ муу бэлтгэсэн ба түүний илтгэл тааруухан болжээ. Харин Бор сэтгэлээр унасангүй, үгийнхээ төгсгөлд инээмсэглэн хэлэхдээ, би энд өчнөөн муу илтгэлүүд сонссон. Миний саяын илтгэлийг өс хонзонгоо авсан гэж тооцож үзэхийг гуйя гэжээ.

l l l

Нильс Бор өөрийн тосгоны байшингийн үүдэн дээр тах хаджээ. Хуучны мухар сүжгээр тах үүдэн дээрээ хадах нь аз жаргал авчрах ёстой гэнэ. Тэднийд ирсэн зочдын нэг тахыг хараад, -Тан шиг ийм агуу эрдэмтэн үүдэн дээрх тах аз авчирна гэдэгт үнэхээр итгэдэг гэж үү? хэмээн дуу алдав. -Үгүй, мэдээж, би итгэдэггүй. Энэ бол балай заншил. Гэхдээ үүнд итгэдэггүй хүмүүст ч гэсэн тэр аз авчирдаг гэж ярьцгаадгийг та мэдэх үү хэмээн Бор хариулжээ.

l l l

Нильс Бор эхнэр ба голландын залуу физикч Казимирын хамт шөнө орой болсон хойно айлд зочлоод буцаж явжээ. Казимир ууланд авирах хорхойтой хүн байсан ба хаданд авиралтын талаар бахдалтайгаар ярьж явжээ. Харин дараа нь өөрийн ур чадварыг үзүүлэхийг санал болгоод, яг тухайн үед тэд дэргэдүүр нь өнгөрч байсан байшингийн ханыг сонгон авчээ. Тэр ханын төвгөрөөс барьж авирсаар хоёр давхраас дээш гарах үед, хор нь хөдөлсөн Бор түүний араас дээш авирчээ. Маргарита Бор дороос нь сэтгэл түгшин ажиглаж зогсчээ. Яг энэ үеэр шүглийн дуу тасхийн сонстож, байшин руу хэдэн цагдаа гүйлдэн хүрч ирсэн байна. Энэ байшин нь банкны салбар байсан ажээ.

l l l

Нильс Бор ЗХУ \Зөвлөлт Холбоот Улс\ -ын ШУА-ын физикийн хүрээлэнд илтгэл тавьж байх үедээ, түүнээс хэрхэн физикчдийн шилдэг сайн сургууль байгуулж чадсан тухай асуултад хариулахдаа, “Би хэзээ ч өөрийн шавь нарт би тэнэг гэж шууд хэлэхээс ичиж байгаагүйгээс болсон байх….” гэжээ. Нильс Борын үгийг орчуулж байсан Оросын физикч, эрдэмтэн Е.М.Лифшиц энэ хэлсэн үгийг нь дараахь байдлаар орчуулж сонсогчдод хүргэжээ. “Би хэзээ ч өөрийн шавь нарт тэднийг тэнэг гэж хэлэхээс ичиж байгаагүйгээс болсон байх …” гэжээ. Энэ үг сонсогчдыг хөгжөөсөн ба тэр үед Е.М.Лифшиц дахин лавлан асуугаад, санамсаргүй эндүүрлийнхээ төлөө уучлал гуйгаад, үгээ залруулжээ. Харин танхимд сууж байсан физикч эрдэмтэн П.Л.Капица гүнзгий утгатайгаар, энэ бол санамсаргүй эндүүрэл биш гэж хэлсэн байна. Энэ үг нь Е.М.Лифшиц харьяалагдаж байсан Лев Ландау болон Нильс Борын сургууль хоорондын зарчмын ялгааг үнэн хэрэгтээ илэрхийлж байв.

l l l

Нильс Бор ярилцагчтайгаа нүүр тулан ярилцаж байх үедээ өөрийн бодол санааг гайхалтай сайн илэрхийлдэг байсан ба харин олон сонсогчдын өмнө илтгэх үедээ бүтэл муутай байх нь олонтаа, тэр ч байтугай заримдаа ойлгомж муутай байдаг байв. Түүний ах, нэрт математикч Харальд гайхамшигтай лектор байлаа. Тэр хэлэхдээ, “Үүний шалтгаан нь энгийн юм, би үргэлж урьд нь ярьж байсан юмаа тайлбарлан ярьдаг, харин Нильс үргэлж хожим нь ярих юмныхаа тухай тайлбарладаг” гэжээ.

ИСААК НЬЮТОН

Исаак Ньютон хайнга, алмайгаараа ялгардаг байлаа. Энэ нь ямар нэг сэдэвт анхаарлаа маш их төвлөрүүлдгийн шинж байсан биз. Ийм учраас агуу физикч эрдэмтэнд олон зугаатай, хөгтэй явдал тохиолддог байжээ. Тэр нэг өдөр өндөг чанахаар шийдээд, бүгдийг нь зохих ёсоор маш нямбай хийжээ. Гэхдээ тэр зөвхөн ганцхан юман дээр алдсан байв. Тэр нэг гартаа өндгөө барьчихаад, харин цагаа хайруулын тавган дээр тавиад хайрчихжээ.

l l l

Ньютонд зулзагатай муур байжээ. Тэд өглөөгүүр унтахад нь саад болохгүйн тулд хаалгандаа том, жижиг хоёр нүх гаргасан гэнэ. Ньютоны хөрш үүнийг харчихаад, ганцхан том нүх гаргачихвал болох байсныг хэлжээ. –Нээрээ, тийм байна шүү дээ! Энэ гайхамшигтай санаа толгойд минь орж ирсэнгүй гэж Ньютон дуу алдсан гэдэг.

ЭРНЕСТ РЕЗЕРФОРД \1871-1937\

Резерфорд нэгэн орой лабораторидоо оржээ. Хэдийгээр цаг нэлээд орой болсон байсан ч, лабораторид нь түүний олон тооны шавь нарын нэг багажин дээр тонгойчихсон юм хийж байв.

-Ийм орой болсон хойно та юу хийж байгаа юм бэ? гэж Резерфорд асуужээ.

-Ажиллаж байна гэж шавь хариулав.

-Харин та өдөр юу хийдэг юм бэ?

-Мэдээж, ажилладаг гэж шавь хариулав.

-Өглөө эрт мөн л ажилладаг уу?

-Тийм ээ, профессор оо, өглөө ч ажилладаг гэж алдарт эрдэмтний амнаас магтаалын үг сонсох байх гэж найдсан шавь батлан хэлэв.

Резерфорд царайгаа барайлган, ууртайгаар асуусан нь,

-Тэгээд та хэзээ нь боддог хүн бэ? гэжээ.

l l l

Эрнест Резерфорд ажилтан сонгож авахдаа дараахь шалгуурыг ашигладаг байв. Түүн дээр анхны удаа ирэхэд нь Резерфорд даалгавар өгнө. Хэрэв үүний дараа шинэ ажилтан цаашаа юу хийхийг асуувал, түүнийг халдаг байжээ.

ГЕЙ-ЛЮССАК ЖОЗЕФ ЛУИ \1778-1850\

Францын томоохон химич, физикч Гей Люссак химийн нэгэн туршилтын үеэр нэг нүдээ сохолжээ. Түүнтэй нэг өдөр Францын академийн “мөнхийн” гишүүдийн тоонд ивээлээр багтсан, биеэ тоосон Сиезийн хамба лам уулзжээ.

-Ердөө ганцхан нүдтэй байж яаж эрдэмтэн байж болдог юм бэ, ойлгохгүй юм! Ганц нүдээр юу харж болох юм бэ?

-Танаас илүү ихийг хардаг юм, жишээлэхэд, би танд хоёр нүд байгааг харж байна, харин та надаас зөвхөн ганцыг харж байна! гэж Гей Люссак огт самгардсангүй хариулжээ.

l l l

1802 онд Францын эрдэмтэн Жозеф Луи Гей-Люссак Парист шинжлэх ухааны туршилтууд явуулж байв. Түүний туршилтад зөвхөн Германд шил үлээгчдийн хийдэг байсан шилэн хоолойнууд хэрэгтэй байлаа. Эрдэмтэн тэдгээрийг захиалж авчрах үед, Францын гаалийнхан худалдаж авах аргагүй тийм өндөр татвар ногдуулсан байв. Александр Гумбольд энэ тухай мэдээд, Гей-Люссакт туслахаар шийджээ. Тэр барааг илгээгчдэд шилэн хоолойнуудын үзүүрүүдийг холбон гагнаж, дээр нь “Болгоомжтой! Германы агаар!” гэсэн шошго наахыг зөвлөсөн гэдэг. Агаар гэнэ ээ? Гаалийн тарифт агаар гэсэн зүйл байсангүй, тэгээд энэ удаад шилэн хоолойнууд Францын эрдэмтэнд ямар ч татваргүйгээр хүрч ирсэн гэдэг.

А.ЭЙНШТЕЙН

Нэг удаа Эйнштейнээс:

-Дэлхийн III дайнд ямар зэвсэг гол зэвсэг байх бол? гэж асуужээ.

-Мэдэхгүй, гэж эрдэмтэн хариулаад, -Харин Дэлхийн IV дайнд гол зэвсэг нь чулуун сүх байх нь лавтай гэжээ.

l l l

Эйнштейн танилындаа зочилсон ажээ. Бороо орж эхлэв. Эйнштейнийг харихаар гарах үед нь түүнийг бүрх малгай өмсөхийг санал болгожээ.

-Яах юм бэ? гэж Эйнштейн хэлээд, -Би бороо орохыг мэдэж байсан юм, чухам ийм учраас бүрх малгай өмсөөгүй. Малгай миний үснээс удаан хатна шүү дээ. Энэ чинь маргаангүй үнэн биз дээ гэжээ.

l l l

Нэгэн хатагтай А.Эйнштейнээс түүн рүү орой утасдахыг гуйжээ. “Миний утасны дугаар тогтооход хэцүү, 24361” гэж хэлжээ. “Үгүй, хэцүү биш юм, 12-ыг 2-оор үржүүлээд, 19-ийг квадрат зэрэг дэвшүүлчихвэл боллоо. Амархан байгаа биз!”

l l l

-Өөртөө яагаад ч туслагч олж чадахгүй байна гэж Эдисон нэг удаа Эйнштейнд гомдолложээ. -Өдөр бүр залуус ирдэг боловч, тэдний нэг нь ч таарч тохирохгүй юм.

-Та яаж тэдний таарч тохирохыг тодорхойлдог юм бэ? гэж Эйнштейн сонирхов. Эдисон асуултууд бүхий хуудас үзүүлээд, -Тэднээс эдгээр асуултад хариулсан хүн миний туслах болно гэж Эдисон хэлэв.

Эйнштейн “Нью-Йоркоос Чикаго хүртэл хэдэн миль вэ?” гэх асуултыг уншаад, -“Төмөр замын лавлах харах хэрэгтэй юм байна” гэж хэлэв. Дараагийн асуулт: “Зэвэрдэггүй ганг юугаар хийдэг вэ?” -Энэ тухай металл судлалын лавлахыг харах хэрэгтэй…” Эйнштейн үлдсэн асуултуудыг гүйлгэн харчихаад, хэлсэн нь: -Татгалзахыг хүлээлгүйгээр би өөрөө ажилд орох саналаа татаж авъя даа гэжээ.

А.АРВИЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д Б.Цэнддоогийн “Хятад ялна…” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

“Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс теле хичээлүүд эхэлнэ” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

Долоо хоног бүрийн пүрэв гаригийн дугаарт хэвлэгддэг Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэлийг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

БНХАУ-д дэлгэрсэн коронавирусийн халдвартай холбогдуулан хүнсээ нөөцөлж байгаа иргэд ямар байр суурьтай байгааг “Өдрийн сурвалжлага” нүүрнээс уншиж сонирхоорой.

УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэтэй хийсэн ярилцлагыг “Улс төр” нүүрнээс хүлээн авч уншаарай.

Ч.Мөнхзул “Энэ зун “Аварга тосон”-ыг зорих хэрэггүй” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт ярьжээ.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт Б.Цэнддоогийн “Хятад ялна…” нийтлэл хэвлэгдлээ

“1990 кино гэгээн сайхан бас гунигт дурсамжид хөтөлнө” хэмээн “Кино” нүүрт өгүүлжээ.

Д.Дамба “Уул уурхайг нь үзэн ядуулах сэтгэлгээ ард түмнийг баялаггүй, баялгаа ашиглах чадваргүй болгох тийм л зүйлд хүргэнэ” хэмээн “Уул уурхай” нүүрт өгүүлжээ.

Түүнчлэн “Дэлхийн мэдээ”, “Багш” булангуудаа өнөөдрийн шинэхэн дугаараас хүлээн авч уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвижина

Аргын тооллын нэгдүгээр сарын 30, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, хар бич өдөр. Өдрийн наран 08:23 цагт мандан 17:47 цагт жаргана. Энэ өдөр хараал жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвижина.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг чуулганы энэ сарын 23-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэн эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2019 оны 04 дүгээр тогтоолоор дээрх хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнээр ахлуулан бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Х.Нямбаатар, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нар болон холбогдох бусад албан тушаалтнууд орж ажиллажээ.

Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг боловсруулсны зэрэгцээ хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулахаар өгсөн чиглэлийн дагуу холбогдох саналын томьёолол бэлтгэснийг нэг бүрчлэн санал хурааж шийдвэрлэлээ. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай болон Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг төсөл санаачлагчид нь буцаахаар тогтов.

Байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсаас зарим улсад суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг зөвшилцөхөөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн саналыг хэлэлцэхээр товлосон байсан ч Ерөнхийлөгч энэ сарын 28-ны өдөр уг саналаа татаж авсан байна. Мөн Гадаад харилцааны яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг сонсохоор төлөвлөсөн байсан ч салбарын сайд нь гадаадад томилолтоор ажиллаж байгаа учраас уг асуудлыг хойшлуулав.

Ингээд хуралдааны төгсгөлд Батлан хамгаалах яамны 2019 оны үйл ажиллагааны тайланг хаалттай горимоор хэлэлцлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Дүрмийн нэмэлт, өөрчлөлт, Конвенц соёрхон батлах тухай хуулийн төслүүд дэмжигдлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Олон Улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай болон дайны гэмт хэргийн тухай 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл -ийг соёрхон батлах тухай асуудлыг хэлэлцэж дэмжлээ. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд танилцуулсан юм.

Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийг 1998 оны 07 дугаар сарын 18-нд Италийн Ром хотноо баталж, 2002 оны 07 дугаар сарын 01-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлжээ. Монгол Улс Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэмд 2000 оны 12 дугаар сарын 29-нд гарын үсэг зурж, 2002 оны 04 дүгээр сарын 05-нд соёрхон баталсан байна.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийг 1998 онд батлах үеэр түүнд оролцогч талууд түрэмгийллийн гэмт хэрэг, мөн уг гэмт хэргийн шүүхийн харьяалал, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн оролцооны талаар өөр өөр байр суурьтай байсан учраас түрэмгийллийн гэмт хэргийг Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд тодорхой тусгалгүйгээр баталсан байдаг аж. Харин Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэм хүчин төгөлдөр болсны дараа буюу 2002 оны 09 дүгээр сард түрэмгийллийн гэмт хэргийн асуудлаар байгуулагдсан Тусгай ажлын хэсэг нь 2009 оны 02 дугаар сард Ромын дүрмийн оролцогч талуудын нэгдсэн хуралдаанд уг гэмт хэргийн талаарх саналаа танилцуулж, саналыг үндэслэн боловсруулсан төслийг Уганда Улсын Кампала хотноо 2010 оны 05 дугаар сарын 31-нээс 6 дугаар сарын 11-нд болсон Олон улсын эрүүгийн шүүхийн Хяналтын бага хурлын үеэр хэлэлцүүлж Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрэмд “Түрэмгийллийн гэмт хэргийн тухай” нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Мөн Ромын дүрмийн 13 дугаар зүйлийн зохих дэд хэсэгт нийцүүлэн түрэмгийллийн гэмт хэргийг Шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар зохицуулсан зүйлийг нэмжээ.

Уг зүйлийн дагуу түрэмгийллийн үйлдэл гэж тооцоход НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн дүгнэлт заавал гарах шаардлагагүй бөгөөд оролцогч улс, эсхүл Олон улсын эрүүгийн шүүхийн дэргэдэх прокурор түрэмгийллийн үйлдэл гэж үзэх хангалттай үндэслэл байгаа тохиолдолд мөрдөн байцаалтыг эхлүүлэх эрхтэй байхаар заажээ. Мөн энэ зүйлээр түрэмгийллийн гэмт хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхэд хоёр төрлийн хязгаарлалт тогтоосон бөгөөд нэгд, Ромын дүрмийн оролцогч биш улсын иргэн, эсхүл түүний нутаг дэвсгэрт түрэмгийллийн гэмт хэрэг үйлдэгдсэн тохиолдолд шүүх тус хэргийг харьяалан шийдэхгүй. Хоёрт, аливаа оролцогч улс түрэмгийллийн гэмт хэргийн хувьд Олон улсын эрүүгийн шүүх хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тусгайлан мэдэгдсэн тохиолдолд уг гэмт хэргийн таслан шийдвэрлэх ажиллагааг Олон улсын эрүүгийн шүүх явуулахгүй байхаар тусгажээ.

Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 8 дугаар зүйлийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн тухай санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 1988 оны 167 дугаар конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж, хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь 1919 онд үүсгэн байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсын Женев хотноо байрладаг бөгөөд одоогоор 187 гишүүн улстай. Тус байгууллагын Ерөнхий бага хурлаас 1988 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 167 дугаар конвенцыг баталжээ. Монгол Улс уг конвенцыг соёрхон баталснаар манай улсын барилгын салбарт ажиллаж буй 107 мянган инженер техникийн ажилтан, ажиллагсад конвенцын үр шимийг хүртэж, хөдөлмөрлөх эрх нь бүрэн хангагдаж, хөдөлмөрийн нөхцөл сайжирч, хөдөлмөрийн стандартыг нэг мөр хэрэглэх, хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг сайд илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь Барилгын аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

АБГББХ: Санхүүжилтийн хэлэлцээр, Ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 14 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, зургаан асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл -ийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм.

Сайд илтгэлдээ, мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилгоор Дэлхийн банкны 11 сая ам.долларын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг 2013-2017 оны хооронд 5 аймгийн 15 суманд амжилттай хэрэгжүүлсэн.

Уг төслийн хүрээнд малчдыг зах зээл, хэрэглэгчидтэй нь шууд холбох, мал сүргийн үржлийг сайжруулах, үр ашгийг нэмэгдүүлэх, мал аж ахуйн салбарын өртгийн сүлжээг хөгжүүлэх арга хэмжээнд голчлон анхаарсан. Энэхүү төслийн хүрсэн амжилтад суурилж, төслийн 2 дугаар үе шат буюу “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохироод байгааг дурдав.

“Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төсөл нь салбарын өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих, мал эмнэлгийн тогтолцоог чадавхижуулах, малын эрүүл мэндийн чиглэлээр тулгамдаж байгаа томоохон асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэх бөгөөд 2017 онд батлагдсан Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн хэрэгжилтийг хангахад тодорхой хувь нэмэр оруулна гэж Засгийн газар үзэж байгаа аж. Олон улсын хөгжлийн ассоциацийн 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү жилийн 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, үйлчилгээний хураамж 0.75 хувь юм байна.

Уг санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ салбарын сайдаас асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Гишүүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өгсөн хариултдаа, манай улс 2018 онд 70 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргасан бол 2019 оны эцсийн байдлаар 72 мянган тонн болж өссөн. Гэхдээ гадаад зах зээл хязгаартай, малын гоц халдварт өвчний голомтоос шалтгаалан адууны мах, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргаж байгаа. Сүүлийн хоёр жилд малын гоц халдварт өвчин гараагүй баруун бүсийг Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас гоц халдарт өвчингүй тайван бүс болгуулах арга хэмжээг үе шаттай авч хэрэгжүүлэхээр салбарын яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг гадагш гаргах ажлыг улс хоорондын хэлэлцээр, хорио цээрийн дэглэм журмын дагуу зохицуулдаг учраас дуртай болгон нь гаргах боломжгүй. Тиймээс мах, махан бүтээгдэхүүн гадагг гаргах ажлыг Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийн хуваарийн дагуу зохицуулж байгаа, цаашид тоо хэмжээг нь нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Энэ үндсэн дээр хятадын талтай мах, махан бүтээгдэхүүн гаргах протоколыг удахгүй байгуулах гэж байна, сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах протокол байгуулагдсан. Энэ мэтчилэн зах зээлээ тэлэх чиглэлд анхаарч байна. Ер нь цаашдаа жилд 20-25 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна гэдгийг хэллээ. Мөн 15 сая тонн арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дарханд баригдана, ер нь малын арьс шир, түүхий эдийг бүрэн боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэлийг яамны зүгээс барьж байгаа гэдгийг нэмж тодотголоо.

Ингээд Байнгын хороодын саналын дагуу Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжих санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжсэн тул энэ талаар санал, дүгнэлтийг хуралдааны тэмдэглэлийн хамт Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

Дараа нь Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлийг зөвшилцөв. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын эрчим хүчний хангамжийн нэгдсэн системийн тогтвортой, найдвартай байдлыг бий болгох зорилгоор цэнэг хураагуурын системийг Төвлөрсөн бүсийн нэгдсэн сүлжээнд барьж байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтийг Азийн хөгжлийн банкинд хүргүүлж, үргэлжлүүлэн хэлэлцээ хийсний үр дүнд нэмэлт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг авахаар тохиролцсон.

Цэнэг хураагуурын системийг барьж байгуулснаар Монгол Улс өөрийн эрчим хүчний системийн тохируулга хийх боломж нэмэгдэж, эрчим хүчний хувьд бие даасан байдлаа хангах, эрчим хүчний системийн уян хатан байдлыг сайжруулах, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, эрчим хүч үйлдвэрлэлт, хэрэглээний балансыг тогтворжуулах болон эрчим хүчний алдагдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж буйг дурдлаа.

Мөн уг Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн болон Төсвийн байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсов.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Батболд ажлын хэсгээс асуулт асууж хариулт авсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувийн саналаар Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээо болов.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа

“Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн ажиллах журам батлах тухай” Байнгын хорооны 2019 оны 02 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг ТБХ-өөр хэлэлцлээ. Тогтоолын төслийн талаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Ё.Мөнхбаатар танилцуулав.

өсвийн тогтвортой байдлын зөвлөлийн төсвийг УИХ-ын төсвийн бүрэлдэхүүнд баталж зарцуулалтыг УИХ-ын төсвийн ерөнхий менежерийн хувьд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн даргын албан ёсны хүсэлтээр зориулалтын дагуу зарцуулж байгаа билээ. Төсвийн энэхүү харилцааг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны журамд тусгаж эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байгаа талаар УИХ-ын Тамгын газраас хүсэлт гаргасны дагуу тус Зөвлөлийн ажиллах журамд өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан байна. Төсөлд “5.З.Улсын Их Хурлын Тамгын газар нь Зөвлөлийн төсвийг батлагдсан төсвийн хүрээнд, зориулалтын дагуу Зөвлөлийн даргаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн зарцуулна. 5.4.3өвлөлийн даргын цалин, гишүүдийн урамшууллыг Зөвлөлийн батлагдсан төсөвт туссан цалингийн сан, урамшууллын дүнд багтаан сар бүр олгоно.” гэж ажиллах журамд өөрчлөлт оруулахаар тусгасныг дурдав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байгаагүй тул тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай” Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын 2017 оны 83 дугаар тогтоолын хавсралтын 8.2 дахь хэсэгт зөвлөлийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос 2, Засгийн газраас 2, Монголбанкнаас 2 хүний нэрийг дэвшүүлж, хараат бус 3 гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар нэр дэвшүүлж, УИХ-ын Төсвийн байнгын хорооноос томилно гэж заасны дагуу Байнгын хорооны 2018 оны 10 дугаар тогтоолоор зөвлөлийн гишүүдийг томилсоныг онцлон тэмдэглэв.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүнд нэг гишүүний сул орон тоо гарсан тул нээлттэй сонгон шалгаруулалтад оролцох урилгыг өдөр тутмын сонинд нийтлүүлсэн. Сонгон шалгаруулалтад оролцохоор О.Бат-Эрдэнэ, Л.Отгонтуяа, Г.Энхбаяр нар өөрийн нэрээ дэвшүүлж, материалаа Байнгын хороонд ирүүлжээ.Эдгээр гурван нэр дэвшигчээс нэг хүнийг тус зөвлөлийн гишүүнээр томилох байсан ч, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд Засгийн газраас нэр дэвшүүлэх нэг гишүүний асуудалтай хамт хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэн уг асуудлыг хойшлуулахаар болов гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

​Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоожээ

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Иргэн хуулийн этгээдэд газар олголтын байдал, газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах шийдвэр, үйл ажиллагаа нь Газрын тухай хуульд нийцсэн эсэх /2015-2018/”-д хийсэн нийцлийн аудитын тайланг сонсов.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч, тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Тус аудитад БОАЖЯ, Чөлөөт бүсүүдийн захиргаа, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Газрын даамал зэрэг газрын харилцааны чиглэлийн байгууллага, албан тушаалтнуудын 2015-2018 оны байдлаарх газар олголт, ашиглалттай холбогдох үйл ажиллагааг хамруулан, холбогдох шийдвэр, нэгж талбарын хувийн хэрэг, баримт материалыг түүвэрлэн шалгасан. Аудитад Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлд хамаарах хилийн зурвас газар, улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалттай газар зэрэг тусгай хэрэгцээний ангиллын газар олголт болонУИХ, Засгийн газрын шийдвэрээр зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах үйл ажиллагааг хамруулаагүй, хязгаарласан гэдгийг онцлов.

Мөн тэрбээр, аудитаар илэрсэн нийтлэг зөрчилд өгсөн дүгнэлтийн талаар танилцуулсан. Тухайлбал, Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэрэг баримт бичгүүд нь хоорондоо уялдаагүй, давхардсан тоогоор 13 аймаг, 2 чөлөөт бүс болон Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн газар зохион Байгуулалтын ерөнхий ерөнхий төлөвлөгөөгүй байгаа нь улсын хэмжээнд газрыг үр ашигтай зөв хуваарилан төлөвлөх, зохистой ашиглах, хамгаалахад эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд 2015-2018 оны хугацаанд шинээр олгосон газрын 51 хувь нь Газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаагүй зөрчилтэй байгаа нь хот, суурин газрууд төлөвлөлтгүй, эмх замбараагүй тэлэх нөхцөлийг бүрдүүлж, орчны бохирдол, замын түгжрэл ихсэх зэрэгт нөлөөлж байна. 2015-2018 оны хугацаанд олгосон газрын 12.1 хувь буюу 25015 га газрыг дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтгүй бусдад давуу байдлаар эзэмшүүлж, ашиглуулснаас үзэхэд төрийн байгууллага, алба тушаалтнууд ашиг сонирхлын зөрчил бүхий шийдвэр гаргадаг байх эрсдэлтэй байна. Нийслэлийн болон 19 аймаг, 170 сумын нутаг дэвсгэрт хилийн цэсийн маргааныг шийдвэрлээгүйгээс 24064.4 га газар давхардуулан олгож, улмаар газрын болон өмчийн маргаан үүсэх, төрөөс нөхөн төлбөр олгох зэрэг сөрөг үр дагаврууд гарсныг Тэргүүлэх аудитор тайландаа дурдав.

Түүнчлэн тэрбээр, Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, хугацаа сунгах, зориулалтыг өөрчлөх шийдвэр гаргахдаа дуудлага худалдаа зохион байгуулалгүйгээр газрын хэмжээг үнэ төлбөргүй нэмэгдүүлэн шийдвэрлэдэг зөрчил нийтлэг байгаа нь хуульд заасны дагуу шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимд нийцэхгүй байна. Иргэн, хуулийн этгээдэд газар шинээр олгох шийдвэрийг үндэслэн газар эзэмшигч, ашиглагчтай гэрээ байгуулах хугацааг хууль тогтоомжид тодорхой тусгаагүй, газрын гэрчилгээний үнийг зөрүүтэй тогтоосон эрх зүйн зөрчилтэй байгаагаас улс, орон нутгийн төсөвт газрын төлбөр, хураамж бүрэн төлөгдөхгүй байна. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан байхад нийслэлийн болон 16 аймгийн нутаг дэвсгэрт нийт 110 байршилд газрыг зөвшөөрөлгүй ашиглаж, уул уурхайн чиглэлийн үйл ажиллагаа явуулсан зөрчлийг зохих хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн. БОАЖЯ-ны кадастрын мэдээллийн сангийн бүртгэл мэдээлэлд сансрын зураг ашиглан 1260 нэгж талбарт дүн шинжилгээ хийхэд Богдхан уулын дархан цаазат газарт 195 иргэн, хуулийн этгээд байнга оршин суух зориулалттай амины орон сууц, нийтийн орон сууц, үзвэр, үйлчилгээний барилга байгууламж барьсан зэргээр дархан цаазат газарт хориглосон үйл ажиллагаа явуулж байна. Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд иргэн, хуулийн этгээдэд газар ашиглуулах зөвшөөрөл олгоход тавих шалгуур, шалгаруулалтын талаар тодорхой зохицуулалтгүйгээс тухайн бүс нутагт газар ашиглуулах үйл ажиллагаанд Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчим алдагдахад хүргэж байна. Алтанбулаг, Цагаан нуур чөлөөт бүсүүдийн үйл ажиллагаа жигдрээгүйгээс газар олголт хийгдсэн хэдий ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, эзэмшил газрынхаа ашигтай чанарыг гаргаж чадахгүй байна гэж байлаа.


Газрын кадастрын нэгдсэн сан бүрдүүлэх талаар салбар хуулиудад тодорхой зохицуулалтгүйгээс улсын хэмжээнд газрын бүртгэл, зураглалыг нэгдсэн нэг мэдээллийн стандартгүй, өөр өөр солбицлын тогтолцоо, программ хангамж эрхлэн хөтөлж байгаагаас улсын хэмжээнд газрын нэгдмэл сангийн тайлан, тоо, бүртгэл үнэн бодитой гарч чадахгүй байна. Чөлөөт бүсүүд, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн суурин бүсийн газрын кадастрын зураглалын мэдээллийн сангийн төлөвлөлт, хөгжүүлэлт хангалтгүй байгаа нь эрх бүхий албан тушаалтнууд давуу байдлаар ашиглах эрсдэлтэй байна. Улсын хэмжээнд ойн болон усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт тодорхой үйл ажиллагааг хязгаарласан бүс зөрчин газар эзэмшүүлж, ашиглуулдаг зөрчлийг арилгах, давтан гаргахгүй байх хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Аудитаар 162,384.6 сая төгрөгийн зөрчил илрүүлж, 75,495.7 сая төгрөгийн зөрчилд төлбөрийн акт тогтоож, 78,093.4 сая төгрөгийн зөрчил бүхий 449 байгууллага албан тушаалтанд хугацаатай албан шаардлага хүргүүлж, зургаан төрлийн зөрчлийн асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад шилжүүлж, давхардсан тоогоор нийт 237 зөвлөмж холбогдох байгууллага албан тушаалтанд хүргүүлсэн гэж тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулгадаа дурдсан.

Тайлан, мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол асуулт асууж, хариулт авсан бөгөөд үг хэлж, байр сууриа илэрхийлэх гишүүн байсангүй.

Categories
мэдээ нийгэм

Архангай аймгийн иргэн коронавирусийн халдвараар өвчлөөгүй

Image result for архангай аймаг

Архангай аймагт шинэ коронавирусийн халдварын сэжигтэй байж болзошгүй гэгдэж байсан хүний шинжилгээний хариу албан ёсоор гарчээ. Уг иргэний шинжилгээний хариу A хүрээний Н3N2 вирусээр үүсгэгдсэн энгийн томуу гэж гарсан байна. Архангайн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байгаагаар тухайн иргэний уушгины хатгаа өвчин хүндэрч эмнэлэгт эмчилгээ хийлгэж биеийн байдал нь сайжирч байгаа гэжээ.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

ТБХ:Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжиж, Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2020.01.29) хуралдаан 12.00 цаг 14 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд онгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлсэн хэлэлцээрийн төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Мал аж ахуйд суурилсан үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, зах зээлтэй холбох, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготойгоор Дэлхийн банкны буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Хөвсгөл, Завхан, Архангай, Говь-Алтай, Баянхонгор гэсэн 5 аймгийн 15 суманд 2013-2017 оны хооронд амжилттай хэрэгжүүлсэн байна. “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийг Дэлхийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр урьдчилан тохирчээ. Энэхүү зээлийн эргэн төлөгдөх хугацааг 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацааг эхний 5 жил зээлийн хүү 1.25 хувь, бусад шимтгэл 1,25 хувь байхаар төсөлд тусгажээ.

Хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Н.Амарзаяа, Б.Чойжилсүрэн нарасуулт асууж, санал хэлэв. Гишүүдийн зүгээс төслийн үр нөлөөг тодруулахын зэрэгцээ ирэх жилийн вакцины үйлдвэрлэл, хүрэлцээ хангамж хэр байгааг тодруулав. Мөн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг дэмжихэд Засгийн газраас баримталж буй бодлогын талаар лавласан.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан хариултдаа, 2020 оны хувьд графикийн дагуу хийдэг дотооддоо үйлдвэрлэдэг вакцинынөөцийг хангалттай бүрдүүлсэн. Ноднин жил вакцин үйлдвэрлэлтэд хугацаа алдсан тал бий. Цаашдаа Биокомбинатыг өргөтгөх төслийг хэрэгжүүлж эхлэх гэж байна. Энэ хүрээнд шүлхий, мялзангийн вакциныг дотооддоо үйлдвэрлэдэг болно. Биокомбинат дотоод нөөц бололцоогоо ашиглаад шүлхийн вакцин үйлдвэрлэх шугамыг нээхээр ажиллаж байгааг дурдав.

Мөн тэрбээр, Засгийн газрын зүгээс мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дотоодын боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд нь тааруулж түүхий эдийг бэлтгээд, илүү гарсныг экспортлох бүх талын боломжийг нээж өгөх бодлогыг барьж байна. Энэхүү бодлогыг хэрэгжүүлэхэд хэлэлцэж байгаа төсөл шийдвэрлэх ач холбогдолтой. 14 аймгийн 150 суманд мал эмнэлгийн лабораторийг сайжруулах томоохон арга хэмжээг авна. Өөрөөр хэлбэл, энэ төсөл нь малчдын үйлдвэрлэж байгаа бүх бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах, олон улсын байгууллагын шаардлага, стандартад нийцэх нөхцөл боломжийг бүрдүүлэх, цаашлаад халдварт өвчнөөс ангид бүс нутгийг баталгаажуулахад чиглэж байна гэж байлаа.

Ингээд Монгол Улс болон Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 54.5 хувь нь дэмжив.Иймд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан танилцуулахаар боллоо.