Categories
мэдээ нийгэм

Хандгай нэрийн архийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Хяналт шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлалтай “Эх жаргалан” худалдааны төвд “Мөнхжин-Од” ХХК-ийн Хандгай нэрийн архийг хураан авч, холбогдох арга хэмжээг авч байна.

Уг архийг үйлдвэрлэдэг Мөнхжин-Од ХХК-ийн тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 130 дугаар тогтоолоор хүчингүй болгож, цуцалсан болно.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж буй иргэд аж ахуйн нэгж байгууллагууд Хандгай нэрийн доорхи архийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хориг тавьж буйг мэдэгдлээ.

МОНГОЛ УЛСЫН 2020 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬ БОЛОН ТҮҮНИЙГ ДАГАЛДАН БАТЛАГДСАН ЗАРИМ ХУУЛЬД ХОРИГ ТАВИХ ТУХАЙ АЛБАН БИЧИГТ:

“Монгол Улсын Их Хурал 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Улсын төсөв бол өнөө маргаашийн өчүүхэн эрх ашигт үндэслэх ёсгүй, хэтийн ололт, үр дагавар, эрсдэлийг тооцсон алсын хараатай нэгдмэл бодлого, эдийн засгийн тусгаар тогтнол, хараат бус, бие даасан байдлыг хангах нэгдсэн зорилтын хүрээнд батлагдах ёстой төрийн чухал бодлого мөн гэдгийг өнгөрсөн жилийн төсөв хэлэлцэгдэх үеэр Улсын Их Хуралд тусгайлан сануулж, улс орны эрх ашгийг дээдэлсэн, хэмнэлттэй, үр ашигтай төсөв батлах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрээгүй болно.

Түүнчлэн уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, уламжлалт хөдөө аж ахуйдаа тулгуурлан мал аж ахуйн гаралтай баялаг, түүхий эдээ боловсруулж, экспортлох үйлдвэрүүдийг барьж байгуулах нь ажилгүйдэл, ядуурлыг эрс бууруулах, улс орны эдийн засагт үсрэнгүй хөгжил авч ирэх онцгой ач холбогдолтойг сануулж, тодорхой санал, санаачилга гаргасан боловч эрх баригчдаас улсын төсөвт тодорхой бодлого, арга хэмжээг тусган хэрэгжүүлэх эрмэлзэл, хичээл зүтгэл огт гарсангүй.

Монгол Улсын 2019 оны төсөв 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай, хэт үрэлгэн, татвар төлөгчдийн мөнгийг Улсын Их Хурлын гишүүдийн тойрогт “авлига” мэтээр хуваарилсан, зураг төсөлгүй олон барилга, байгууламжийг барихаар тусгасан зэрэг алдаа дутагдал ихтэй, Төсвийн тухай, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн байдалтайгаар батлагдсан бөгөөд үр дүн нь Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо хэдэн сургууль, цэцэрлэг барьснаа сайрхаж, сурталдахаас цааш хэтрээгүй гэж хэлж болно.

Энэ жил нөхцөл байдал өөрчлөгдсөнгүй, өмнөх жилийн алдаа, завхрал улам төгөлдөржиж, дахин давтагдсан байдалтай байна. Тухайлбал, Улсын Их Хурлаар батлагдаад байгаа 2020 оны төсвийг сонгуулийн явцуу ашиг сонирхолд илт баригдсан, хэтэрхий өндөр зарлагатай, тухайн зарлагадаа тохируулж үндэслэл муутай, бүрдэхээргүй хийсвэр орлогыг ихээр төлөвлөж тооцсон, төсвийн алдагдлыг 2.07 их наяд төгрөгт хүргэж улам нэмэгдүүлсэн зэрэг улс орны эдийн засаг, нийгмийн амьдралд хүндрэл учруулах олон дутагдалтай, алдаа ихтэй, эрсдэл бүхий төсөв болсон гэж дүгнэж болохоор байна.

Хэдийгээр улсын төсвийг батлах нь Улсын Их Хурлын бүрэн эрх мөн боловч хувь хүний ухамсар, ёс зүй болон албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд тодорхой хязгаарлалтууд тогтсон байдгийг гишүүн бүр анхаарвал зохино. Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж тус тус заасан байдаг.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын нам “Иргэдээ ядуурлаас аварна” гэх уриатай сонгуулийн мөрийн хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулж, төсвийн алдагдал 1 их наяд төгрөг давах болсныг шүүмжлэн “үр ашиггүй зардлуудыг танаж хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийн алдагдлыг бууруулна, татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн тодорхой амлалтуудыг ард түмэнд өгч, сонголт дэмжлэгийг нь татсанаар Үндсэн хуулийн дээрх үзэл санаа, зохицуулалтын дагуу төрийн эрх барих эрхийг олж авсан бол тухайн намаас нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн хувийн явцуу ашиг сонирхлоо хойш тавьж, нийт иргэн, улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нэн хариуцлагатай үүргийг хүлээсэн болно.

Үндсэн хуульд тусгалаа олж, бусад хуулиар баталгаажсан ийм тодорхой болзлоор ард түмний мэдэлд буй засгийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх эрх олж авсан намын, түүнээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн сонгуулийн мөрийн хөтөлбөр хий хоосон уриа, лоозон байж таарахгүй. Харамсалтай нь эрх баригчид ард түмэнд өгсөн дээрх болон “эдийн засгийн хямралын өртгийг иргэдээр төлүүлэхгүй” гэх мэт гоё сайхан амлалтуудаа бүрэн умартаж, татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар ачааны хүндийг ард иргэдэд үүрүүлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Тухайлбал 2017 оноос хойш хадгаламжийн хүүгийн, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхины, согтууруулах ундааны, суудлын авто машины, шатахууны зэрэг 7 төрлийн татварыг нэмэгдүүлж, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэлийг 3 хувиар өсгөөд байгаа бол 2020 онд нийгмийн даатгалын шимтгэл дахин 2 хувиар өсөж, ард иргэдийн амьдралд учирч байгаа хүндрэл, дарамтыг улам нэмэгдүүлэн, бүрэн туйлдуулах нөхцөл бүрдээд байна.

Төсвийн үрэлгэн зардлуудыг танах, төрийн байгууллага, албан тушаалтнуудын тансаглалыг зогсоох, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд эргэлт, өөрчлөлт авч ирэх үр өгөөжтэй, хүртээмжтэй бодлого хэрэгжүүлэх ажил хэрэгч санал, шаардлагуудыг үл хэрэгсдэг атлаа татвар, төлбөр, шимтгэлийг нэмэгдүүлэх замаар нэг гараараа иргэдийнхээ халаасыг тэмтрэн, нөгөө гараараа тойргийнхоо иргэдийг халамжилдаг эрх баригчдын энэ харалган, сонгуульд чиглэсэн явцуу бодлого улс орны амьдрал, хөгжилд гол түшиг болдог дундаж давхаргыг үгүйрүүлэх нэн таагүй үр дүнд хөтөлж, засаж залруулахад туйлын төвөгтэй, хүнд нөхцөл байдалд хүргэж байна.

Тиймээс Монгол Ардын нам, түүнээс нэр дэвшин сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдэд үүрэг хариуцлагаа ухамсарлах, ард түмэнд өгсөн амлалт болон авч хэрэгжүүлсэн бодлого, шийдлээ эргэн харах, алдаатай зарим бодлогоо энэ удаагийн төсвөөр засаж, залруулах боломжийг олгох үүднээс Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчилсэн байдлаар хориг тавих нь зүйтэй гэж үзлээ.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийн 2 хувийн нэмэгдлээс 174,2 тэрбум орчим төгрөг төвлөрүүлэхээр тусгасныг эрс эсэргүүцэж буй иргэдийн шаардлагыг Улсын Их Хурал хүлээн авч амлалт, хөтөлбөртөө нийцсэн хүнлэг, оновчтой бодлогоор нэн тэргүүнд залруулах шаардлагатай гэж үзэж байна.

2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэлтэй байна.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, ажил олгогчдын төлөөлөлтэй байгуулсан “Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйлд тусгагдсан “…нийгмийн даатгалын шимтгэлийг 2018 онд 2 хувь, 2019 онд 1 хувь, 2020 онд 2 хувь болгон нэмэгдүүлэх шийдвэрийг нийгмийн түншлэлийн талууд судалж, санал боловсруулан Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэсэн тохиролцлоо үл хайхран, зөрчсөн байдалтайгаар 2020 оны төсвийг боловсруулж, батлуулсныг хэлэлцээрийн талууд илт буруушаан, эсэргүүцэж байгааг мөн анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.8 дахь хэсэгт “Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно” гэж заасан бөгөөд Улсын Их Хурал энэхүү хоригийг хүлээн авсан тохиолдолд дурдсан зохицуулалтын дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлсэн холбогдох хуульд зохих өөрчлөлтийг оруулж, ард иргэдийн амьдралд дарамт болж байгаа буруу бодлогоо засах бүрэн боломжтой болно.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл нь иргэд, даатгуулагчдын ирээдүйд зориулсан хөрөнгө гэдгийг анхаарч, хариуцлагагүй байдлын уршгаар Капитал банканд өгч алдсан нийгмийн даатгал, эрүүл мэндийн сангийн 240 тэрбум төгрөгийг олж авах, татвар төлөгчдийн мөнгийг завшсан этгээдүүдээр нь буцаан төлүүлэх асуудалд Улсын Их Хурал “хуулийн биелэлтийг хянан шалгах” онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд анхаарал хандуулж, холбогдох байгууллагуудад үүрэг, чиглэл өгөн эрчимтэй, шуурхай ажиллуулах шаардлагатай гэж үзэж байна.

  1. Монгол Улсын 2020 оны төсвийн нийт зарлага 13.87 их наяд төгрөг, тэнцвэржүүлсэн орлого 11.79 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.07 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувьтай тэнцэхээр батлагдсан. Энэ нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан “нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” тухай шаардлагад нийцээгүй, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “Төсвийг …батлах …эрх бүхий байгууллага …нь төсвийн зарчмыг мөрдлөг болгож, хэрэгжүүлэх үүрэгтэй”, мөн зүйлийн 6.2.1-ийн “Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангах” гэснийг тус тус зөрчиж байна.

Ард иргэдийн амьдралд асар их дарамт, хүндрэл учруулж байгаа татвар, төсвийн бодлогоо анзаарч, хэт үрэлгэн зардлаа танаж засахын оронд урьд өмнө байгаагүй хэмжээний алдагдалтай төсвийг жил дараалан баталж, алдагдлыг улам нэмэгдүүлсээр байгаа нь улс орны эрх ашигт огт нийцэхгүй юм.

Монгол Ардын Нам 2016 оны сонгуулийн дараагаас өнөөг хүртэл төрийн эрхийг барихдаа төсвийн нийт алдагдлыг 9 гаруй их наяд төгрөгт хүргэж, 2016 онд хүлээж авсан 1.2 хувийн инфляцыг 9 хувьд хүргэн, ард иргэдийн амьжиргааг 8 пунктээр ядууруулсан хүнд нөхцөл бий болголоо. Өөрөөр хэлбэл эрх баригчдын хариуцлагагүй бодлого, үйл ажиллагаанаас үүдэлтэй инфляцын нэмэлт зардлыг халааснаасаа төлөх замаар төсвийн тэлэлт, төсвийн алдагдлын хор уршгийг зөвхөн иргэд нуруун дээрээ үүрч байна.

Түүнчлэн инфляцын түвшин 8-9 хувьд хүрэхийг гипер инфляц буюу хямралд тулсан босго үзүүлэлт гэж үздэг. Ийм эрсдэлтэй нөхцөлд эрх баригчид дүгнэлт хийж, инфляцыг бууруулах, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ёстой. Харамсалтай нь улам алдагдалтай төсөв батлах замаар инфляцын одоогийн байгаа өндөр түвшинг ирэх 3 жилд ч буулгаж чадахааргүй, өөрсдийн явцуу эрх ашгийг өнөөдөр гүйцэлдүүлж байвал улс орны маргаашийн амьдрал, ирээдүй огт хамаагүй мэт бодлого явуулж байгааг хүлээн зөвшөөрөх аргагүй юм.

Тиймээс Улсын Их Хурал төсвийн зардлаа эргэн нягталж, үр ашиггүй, үрэлгэн зардлуудыг танах, үүний дотор 2020 оноос эхэлж, 2021-2022 оныг хүртэл хугацаанд дамжин хэрэгжих барилга, арга хэмжээний зардлуудыг төсвөөс бүрэн хасах шаардлагатай байна.

  1. Монгол Улсын Их Хурал 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү хууль нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилго бүхий онцгой ач холбогдолтой, бодлого, зарчмынх нь дагуу цаг алдахгүйгээр хэрэгжүүлбэл зохих хууль мөн.

Гэтэл Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийг дагалдуулж Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд “Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болох хүртэл сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын банк, санхүүгийн байгууллагуудтай хамтран санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ, “Сангийн хөрөнгийн удирдлагыг энэ хуулийн дагуу байгуулагдах Корпорац хэрэгжүүлнэ” гэсэн Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийг Корпорац бие даасан тогтвортой үйл ажиллагаа явуулах бүтэц, чадамжтай болсноор дагаж мөрдөнө” гэсэн утга бүхий нэмэлт, өөрчлөлтийг оруулсан байх бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг бүхэлд нь хэрэгжих бололцоогүй болгож, баялгаа зүй зохистой, тэнцвэртэй, ард иргэддээ хүртээмжтэй ашиглах гэсэн Монгол төрийн нэг чухал бодлогыг тасалдуулахад хүргэж байна.

Тухайлбал, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан “Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллага, албан тушаалтнаас нөлөөлөхгүй, зааварчилгаа өгөхгүй байх, Сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, энэ хуульд зааснаар шалгаруулах, томилох, гэрээ байгуулах ажиллагааг хэрэгжүүлэхэд бусдын нөлөөнд автахгүй, хараат бус, бие даасан байх” зэрэг зарчим болон эдгээрийн хүрээнд хэрэгжих ёстой хуулийн бусад зохицуулалтууд энэхүү нэмэлт, өөрчлөлтийн хуулиар мөн чанараа бүрэн алдаж, хэрэгжих ямар ч бололцоогүй болж байна.

Монгол Ардын нам төрийн эрхийг авч, улс орныг удирдсанаас хойш 4 дэх жилээ үзэх гэж байна. Энэ хугацаанд төсвийн болон бусад бодлогоо оновчтой, үр ашигтай болгох чиглэлд анхаарч, ард түмэнд өгөөжтэй, улс оронд хэрэгтэй ийм хуулийг амьдралд хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэх бус хугацаагүйгээр зогсоох буюу гацаах бодлого оруулж ирж байгаа нь хүлээн зөвшөөрөх аргагүй болгож байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн:

  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтад заасан, 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих, хоригийн хавсралтад дурдсан, 1,424,277.3 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий 386 барилга, арга хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан 1,828,930.3 сая төгрөгөөс 2020 оноос эхэлж 2021, 2022 оныг дамжин хэрэгжих барилга, арга хэмжээнд төсөвлөсөн 350,846.7 сая төгрөгийг хасуулахаар тухай зүйлд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлд нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлээс төвлөрч, зарцуулагдах 174,2 тэрбум төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн,
  1. Монгол Улсын 2020 оны Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тус тус хориг тавьж байна.

Хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Х.Баттулга: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хариуцлагыг нэмэгдүүлэх шаардлагатай

Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэж ирсэн билээ. Манай улс НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг 2016 онд баталсан юм. Гэвч, энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангахад олон талт түншлэлийг бэхжүүлэх хэрэгтэй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үзэж, төр, төрийн бус байгууллага, иргэн, хэн бүхэнд дараах илгээлтийг хүргүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлтэд:

“Нэгдсэн Үндэстний байгууллага 1981 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон тэмдэглэн ирсэн билээ. Энэ жил “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх уриалга гаргасан байна. Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцыг 2008 онд соёрхон баталж, 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг батлан хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлаарх бодлого, эрх зүйн орчныг боловсронгуй болгон, хуулийн хүрээнд багагүй арга хэмжээг хэрэгжүүлж ирлээ.

Энэ хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг тусгаж өгсөн. Гэсэн хэдий ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд орчны болон мэдээллийн саад бэрхшээлтэй тулгарч, энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмээс тусгаарласан хамгийн том саад тотгор байсан хэвээр байна хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие үзэж байна.

Иймд, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй хүний Нийгмийн харилцаанд тэгш оролцох эрх, ажиллах амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, сурч боловсрох эрх, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх, нийгмийн халамж, бусад эрхийг ханган хэрэгжүүлэх үүрэг бүхий төрийн захиргааны төв байгууллага, иргэн, хуулийн этгээдэд хуулийг хэрэгжүүлээгүйн төлөө ногдуулах хариуцлагыг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд илүү нарийвчлан тодорхой тусгах шаардлагатай хэмээн үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасанчлан хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй холбоотой төрийн бодлого, шийдвэрийг боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх үйл ажиллагаанд хөгжлийн бэрхшээлтэй хүн, тэдгээрийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангах, тэдгээр байгууллагууд өөрсдийн дуу хоолойг хүргэн, санаачилгатай ажиллах шаардлагатай юм.

Монгол Улсад нийт хүн амын 3.3 хувь буюу 105 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Үүнээс хөдөлмөрийн насны буюу 15-64 насны ердөө 30 мянган гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн хөдөлмөр эрхэлж байна. Миний бие хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн харилцаанд бусдын адил оролцох эрх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр Засгийн газарт чиглэл өгсөн 128 дугаар зарлиг гаргасан билээ.

Уг зарлигаар, Аж ахуйн нэгж байгууллагаас хөгжлийн бэрхшээлтэй буюу одой хүнийг ажиллуулаагүй орон тоо тутамд сар бүр төлөх төлбөрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын оролцоог тэгш хангасан Үндэсний хороог байгуулж, санд төвлөрүүлэх, сангийн хөрөнгийг зарцуулах, хяналт тавих дүрэм журмыг баталж мөрдүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон. Иймд тус хуулийн болон зарлигийн хэрэгжилтийг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд тайлагнахыг Засгийн газарт чиглэл болгож байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдаж буй нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, дэд бүтэц, нийгэмд тэгш оролцох оролцоо зэрэг олон асуудалд зөвхөн төрийн зүгээс анхаарах бус аж ахуйн нэгж байгууллагууд, иргэдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалахад идэвхтэй оролцохыг уриалж байна” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриаллаа

Байшин, орон сууцны улсын тооллого нийслэлийн хэмжээнд 11-р сарын 19-нөөс 12-р сарын 22 хүртэл явагдаж байна. Бэлтгэгдсэн тоологч танай өрхөөр орж, тооллогын асуулгыг таблет төхөөрөмжөөр бүртгэнэ. Тиймээс иргэн Та тооллогын ажилтанг гэр, орон сууцандаа нэвтрүүлэн, хуульд заасан иргэнийхээ үүргээ биелүүлэн, тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

Хэрэв танай өрх эзгүй байгаад тооллогод хамрагдаагүй бол харьяа хороо, дүүргийн тооллогын түр товчоонд хандаж, тооллогод хамрагдана уу.
Түр товчооны хариуцлагатай жижүүрийн утас 70171660, 70171322

Иргэд та бүхэн өөрийн дүүрэгт явагдаж байгаа тооллогодоо идэвхтэй хамрагдаарай.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр 12 дугаар сарын 03-ны өдөр Москва хотын “Внуково” олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр газардлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг “Внуково” олон улсын нисэх буудалд Оросын талаас Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов тэргүүтэй төлөөлөгчид, Монголын талаас Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа тэргүүтэй төлөөлөгчид угтан авч Москва хотын хүндэт харуулын гарнизон жагсаж хүндэтгэл үзүүлэв. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.

Айлчлалын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхаж, ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевтэй ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцож хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна. Маргааш буюу 12 дугаар сарын 04-ний өдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Москва хотноо зохион байгуулагдах ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж, “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцоно.

Categories
мэдээ улс-төр

Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа солилцов

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын улс төрийн намын олон улсын шинжээчдийн багийн гишүүн Фернандо Вертоа тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2019.12.03) хүлээн авч уулзав.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт Улсын Их Хурлаас Улс төрийн намын тухай хуулийн төслийг боловсруулж байгаа энэ үед дахин уулзаж буйдаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд онцлоод өнгөрсөн хугацаанд хууль эрх зүйн хүрээнд томоохон өөрчлөлт гарч, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсныг цохон тэмдэглэв. Ингээд тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн улс төрийн намтай холбоотой заалтуудаас товч танилцуулав.

Харин хамтарч ажиллах хүсэлтийг нь таатай хүлээн авч, гаргасан санал, зөвлөмжид ажил хэрэгчээр хандаж буйд Фернандо Вертоа Байнгын хорооны даргад талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан тус байгууллагаас гаргасан санал зөвлөмж, олон улсын сайн туршлагыг нэгтгэсэн тайлангаас танилцуулсан юм. Улс төрийн намын тухай хуулийн одоогийн төсөл нь өмнөх төслөөс хавьгүй давуу болсонд баяртай байгаагаа тэрбээр дурдаад хуулийн төсөлд тусгагдсан улс төрийн намын бүртгэл, төрөөс олгох санхүүгийн дэмжлэг, иргэн, байгууллагаас үзүүлэх хандив туслалцаа, тэдгээрийн тайлагналт, хяналт, хариуцлагын механизм зэрэг асуудалтай холбогдуулан зарим саналаа хэллээ.

Уулзалтын төгсгөлд Байнгын хорооны дарга С.Бямбацогт хуулийн төсөлтэй холбогдуулан санал зөвлөмж ирүүлж, бусад улсын сайн жишиг туршлагаас хуваалцсанд талархал илэрхийлээд тайлан, санал зөвлөмжийг хуулийн төсөлд тусгахад аль болохоор анхаарч ажиллахаа илэрхийлэв. Мөн улс төрийн намуудыг хариуцлагажуулах, намууд бодлогоо хэн нэгэн, хэсэг бүлгийн хүрээнд биш, нийт улсын хэмжээнд тодорхойлж, түүнийхээ төлөө үүрэг, хариуцлага хүлээдэг байх, намуудын санхүүжилт, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод, ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байх нөхцөлийг бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн сайн хуультай болохыг хичээж байгаагаа дурдаад энэ үндсэн дээр хуулийн төслийг улам чамбайруулах үүднээс он гараад хамтарсан семинар зохион байгуулах хүсэлтээ илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны дарга О.Содбилэг, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын дэд хэсгийн гишүүн, улс төр судлаач, доктор Ц.Мөнхцэцэг, International IDEA төслийн Монгол дахь зохицуулагч Б.Баттуул нар оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Хүмүүнлэгийн шугамаар Монголд ирэх гадаад иргэдийн визийн зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч тавдугаар сараас эхлэн жуулчин “J”, бизнес “B”, албан хэрэг “А”, суралцах “S” ангиллын визийн зөвшөөрөл, нэг болон олон удаагийн бизнес орох, гарах визийн зөвшөөрөл олгох зургаан төрлийн үйлчилгээг цахимжуулаад байгаа юм.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн төрийн бус байгууллага, олон улсын хүмүүнлэгийн байгууллагын шугамаар ирэх гадаадын иргэдэд олгодог “О” ангиллын визийн зөвшөөрлийг цахимаар олгохоор боллоо.

Уг цахим үйлчилгээ авахдаа интернэтийн сүлжээтэй газраас http://immigration.gov.mn/ холбоосоор Гадаадын иргэн, харьяатын газрын цахим хуудас руу нэвтэрч, үндсэн цэсний баруун дээд хэсэгт байрлаж буй ЦАХИМ ВИЗ хуудсаар болон https://evisa.mn/ хаягаар шууд нэвтэрч, цахим зөвшөөрлийн хүсэлтээ ирүүлэх боломжтой юм.

Энэхүү цахим үйлчилгээ нэвтэрснээс хойш “J”, “B”, “А”, “S1,S2” суралцах, олон удаагийн орох, гарах визийн зөвшөөрөл зэрэг нийт 5,000 гаруй иргэний материалыг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид цэргийн тангараг өргөв

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2019 оны А/362 дугаар тушаалаар шинээр томилогдсон офицер, ахлагч нарт цэргийн нийтлэг дүрэм, цэрэгжилт жагсаалч байдлыг олгож хэвшүүлэх, албаны ёс зүйн хэм хэмжээ, онцлогийг таниулан цэргийн хэргийн анхан шатны мэдлэг, ур чадвар, дадлага олгох “ЦХМ-19.3” сургалтыг Үндэсний аврах бригадад зохион байгууллаа.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагад шинээр томилогдсон 37 алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчид онолын, цэргийн дүрмийн болон жагсаалын бэлтгэл, бие бялдрын цогцолбор хичээл гэсэн сэдвийн хүрээнд 14 хоногийн хугацаанд суралцаж, өнөөдөр “Цэргийн тангараг”-аа өргөж, төгсөлтийн гэрчилгээгээ гардан авлаа.

Тус ажиллагаанд ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар оролцож, сургалтад хамрагдсан алба хаагчдад гэрчилгээг нь гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.


Categories
мэдээ нийгэм

Сайд Ё.Баатарбилэг БНХАУ-ын Боловсролын сайдтай уулзлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг БНХАУ-д хийж буй айлчлалын хүрээнд БНХАУ-ын Боловсролын сайд Чэнь Баошэньтай уулзалт хийв.

Сайд Ё.Баатарбилэг хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцож, БНХАУ-ын дарга Си Зиньпиний айлчлалын үр дүнд тусгай тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжиж, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон сургууль, нэг цэцэрлэгийн барилга барьж өгч байгаад талархал илэрхийлэв.

Сайд нар цаашид хоёр орны их сургууль хоорондын хамтарсан судалгаа хийх, багш, судлаачдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр ажлын хэсэг гаргаж, хамтран ажиллахаар тохиролцов.

Categories
мэдээ эдийн-засаг

​“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал эхэллээ

Image result for Хийн хоолой

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурал өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ. Монгол Улсын хөгжлийн зам хөтөлбөр, БНХАУ-ын Бүс ба зам санаачилга, ОХУ-ын Евразийн эдийн засгийн хөгжил санаачилгыг уялдуулах зорилгоор 2016 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан билээ. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монголын талын Үндэсний ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар 2017 онд байгуулсан.

“Евразийн эдийн засгийн коридорт Монгол Улсын оролцоо” сэдэвт олон улсын хурлыг ГХЯ, ЗТЯ, Дэлхийн банк хамтран зохион байгуулж байна. Уг хурлаар Евразийн эдийн засгийн коридорын ач холбогдол, түүнийг хэрхэн хэрэгжүүлэх мөн өнөөгийн Монголын эдийн засаг ямар түвшинд байгаа талаар хөндлөө. Ялангуяа Евразийн эдийн засгийн коридорыг хэрэгжүүлэх төслүүдийн ТЭЗҮ-г хэрхэн боловсруулах уу гэдэгт төр болон хувийн хэвшил, судалгааны байгууллагууд харилцан мэдээллээ солилцож, нэгдсэн ойлголтод хүрэх явдал нь хурлын ач холбогдол оршино гэдгийг Гадаад харилцааны яамны Эдийн засгийн хэлтсийн дарга Г.Жаргалсайхан тодотгосон юм.