Categories
мэдээ нийгэм

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаа эхэллээ

Монгол Улсын Засгийн газраас баталсан “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд 2019-2020 онд өвөлжих болон хэрэгцээлэх малын тоог ХХААХҮЯ-аас аймаг, орон нутгийн мэдээлэл, судалгаанд тулгуурлан гаргасан юм. Судалгааны дүнгээр өнгөрөгч есдүгээр сарын байдлаар бэлчээрт 84.2 сая толгой мал байгаагаас 16.5 саяыг хэрэгцээлэх, 67.7 сая малыг өвөлжүүлэх тооцоо гарчээ.

Тиймээс төв суурин газрын хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтран “Өвлийн идэш” арга хэмжээг өнөөдрөөс эхлэн энэ сарын 20-ны хооронд зохион байгуулах гэж байна. Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа уг арга хэмжээний үеэр Мал эмнэлгийн байгууллагын үзлэг шинжилгээнд хамрагдсан, гарал үүсэл нь тодорхой уламжлалт аргаар эрүүл ахуйн шаардлага хангасан мал нядалгааны цэгт бэлтгэсэн мах, малын дайвар бүтээгдэхүүнийг дундын зуучлагчгүй үнээр малчид өөрсдөө нийслэлийн иргэдэд худалдаалах юм.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдааг Хан-Уул дүүрэгт Яармагийн зам дагуу байрлах “Сансар” худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт Нарны зам дагуу байрлах “Саруул” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт Чингис зочид буудлын эсрэг талд байрлах “Скай” их дэлгүүрүүдэд тус тус зохион байгуулж байна.

“Өвлийн идэш” махны өргөтгөсөн худалдаанд Булган, Дорноговь, Төв, Өмнөговь, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Сүхбаатар, Увс, Ховд, Өвөрхангай гэсэн 11 аймаг оролцохоор мэдээгээ ирүүлээд байгаа юм. Махны өргөтгөсөн худалдаанд таван төрлийн мах, малын дайвар бүтээгдэхүүн худалдаална.

Хэдийгээр салбарын яамны зүгээс зах зээлийн үнийн тухайд оролцох боломжгүй ч орон нутгийн удирдлагуудаас авсан тоон мэдээгээр үхрийн мах 7500, хонины мах 6000 төгрөгөөс ихгүй байхаар тооцоо гарч байна. Нийслэлийн иргэдийн хөдөө явж идэш бэлтгэх цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэж малчдын гараас ямар нэгэн зуучлагчаар дамжуулалгүй, аль болох бөөний үнээр өвлийн идшээ базаахад нь туслах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд мөсөн хотхон байгуулах уралдаан зарлагдлаа

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн А/1210 тоот Захирамжийн дагуу Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд “Бидний хот” сэдэвт мөсөн хотхон байгуулах уралдаан зарлалаа.

Уралдаанд Монгол Улсын иргэншилтэй иргэдээс бүрдсэн мэргэжлийн уран бүтээлчдийн багууд болон Төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, Элчин сайдын яамдууд төсөл боловсруулан оролцох боломжтой.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь өөрийн товч намтар ажил гүйцэтгэх чадварыг илтгэх танилцуулга, Д.Сүхбаатарын талбайд хийх мөсөн хотхон байгуулах төслийг боловсруулан битүүмжлэн ирүүлэх ба материалыг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн 17:00 цагаас өмнө нийслэлийн Соёл, урлагийн газрын бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө. Сонгон шалгаруулалтад оролцогчдын дүнг 12 дугаар сарын 11-ны өдөрт багтаан зарлан танилцуулах бөгөөд шалгарсан багтай тус өдөрт багтаан гэрээ байгуулж, хамтран ажиллах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэт” үйлдвэр “Росгеологи” компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалын хүрээнд хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурж байгаа билээ. Үүний нэг нь “Геологи, геофизикийн болон инженер-геологийн судалгааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон ОХУ-ын “Зарубежгеология” ХН хоорондын гэрээ” ба гэрээнд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Росгео” ХН-ийн Удирдлагын дарга, Ерөнхий захирал С.Н.Горьков нар гарын үсэг зурлаа.

Гэрээний талаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн дараах тайлбарыг өгсөн юм.
Х.БАДАМСҮРЭН: “Эрдэнэт үйлдвэрийн хувьд “Росгеологи” компанитай геологи хайгуулын чиглэлээр хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурж байна. Энэ бол Эрдэнэтийн овооны ордыг гүнд нь хайгуул хийх, мөн тухайн орчимд хайгуул хийх, ингэхдээ хамгийн орчин үеийн арга аргачлал, техник технологийг нэвтрүүлэх ажил болж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн хувьд сүүлийн гурван жилд геологи хайгуулынхаа ажлыг 2016 онтой харьцуулахад хоёроос гурав дахин нэмэгдүүлсэн. Ингэсний үр дүнд үйлдвэрийн насжилтыг 20 жилээр урстасгаж, өнөөдрийн байдлаар цаашдаа 60 жил ажиллах нөөц баялагтай байна. Нөөц баялаг улам их байвал Эрдэнэт үйлдвэрт ч, Монгол Улсад ч үр өгөөжтэй байх учиртай. Уулын баяжуулах үйлдвэрийн оршин тогтнох үндсийн үндэс нь нөөц баялаг. Ийм учраас олон жил Зөвлөлтийн, Оросын геологичидтой хамтарч ажилласан туршлагадаа тулгуурлан шинэ нөхцөл байдалд, шинэ арга барилаар хамтарч ажиллахаар гэрээнд гарын үсэг зурлаа. Ордыг ашиглах нөөц баялаг бол хэмжээтэй. Тиймээс хайгуулын менежмент, байгаль орчны асуудлыг байнга ярьж явах ёстой. Гэхдээ болж өгвөл, аль болох урт удаан хугацаанд үйлдвэрлэлээ ажиллуулах, насжилтыг удаан байлгахын төлөө ажиллах хэрэгтэй. Цаашдаа баяжмал гаргаж байгаа бол боловсруулалтын түвшинг дээшлүүлэх чиглэлд явж байна. Нөгөө талаас уул уурхайн үйлдвэрлэлийн явцад үүсмэл ордууд бий болдог. Ядуу агуулгатай хүдрийн овоолго, хаягдлын аж ахуйд бий болсон орд бол үүсмэл орд. Тиймээс энэ чиглэлээрээ ч бид орос нөхдүүдтэй хамтарч судалгаа шинжилгээ хийнэ”
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жорлонтой детектив

Учир битүүлэг нэгэн хэргийн түүхийг ярьж өгье. Тэр жил, хашаатай бол хашаатай, нохойтой бол нохойтой, “Түц”-тэй бол түцтэй, тэгж ярих юм бол пүрүүстэй ч байсан байж мэдэх нэгэн айл гэнэтхэн алга болчихсон юм. Одоо болтол хэргийн учиг тайлагдаагүй гэж байгаа.

Хэрвээ гэрийн эзэн Тавхай ч юм уу, хэн нэгэн нь алга болсон бол “Сураггүй болсон иргэд”-ийн жагсаалтад оруулан эрж хайх байв. Гэтэл хашаа, нохой, түц, пүрүүс, тэр байтугай хашааны газар нь хүртэл алга болчихжээ.

Цагдаагийн газрын дүрэм ёсоор бол алга болсон зүйлийг эрж хайхын тулд ямар нэгэн ангилалд оруулан бүртгэх ёстой байдаг. Тэр үеийн цагдаагийн дарга “Х” янз бүрийн арга сэдэж “Сураггүй болсон хүн”, “хулгайд алдагдсан эд хөрөнгө”-ийн жагсаалтад бүртгэж үзсэн боловч газар дээр очоод гацжээ. Хууль номд “Сураггүй болсон газар” гэсэн ойлголт, түүнийг эрж байсан туршлага огт байсангүй.

Ингээд хэргийг “нууцын нууц” гэсэн бичигтэй шкааванд хийгээд орхив. Хачирхалтай нь тэдний араас сураглах, нэхэмжлэх хүн амьтан огт гарсангүй. Ингээд доорхи түүхийг ярьсан дадлагын оюутан түүнийг олох хүртэл мартагджээ.

…Хамаг юм жорлон дүүрснээс эхэлсэн ажгуу. Хэдийд ч юм бэ, Тавхайн элэнц эцгийн үед ч юм уу, ухсан тэр жорлон үнэхээр уужуу эд байж. Ухсан хүмүүс нь насаараа өтгөн шингэнээ үлдээгээд тэнгэрт хальжээ. Тавхайн аав, ээж ч жорлон гээч юм дүүрдгийг огоот мэдэлгүй явсаар мөнх бусыг үзжээ.

Жил болгон талбай дүүрэн ургадаг жимс ногоо, нуга бэлчээрт дүүрэн идээшилж явсан хонин сүрэг алга болоод хаашаа ордог болохыг бас хэн нь ч сонирхож байсангүй. Тэр ч байтугай, тогоо тогоогоор хийгээд алга болсон хоол, хөргөгч дүүрэн байсан идэш ууш ч яг одоо хаана байгааг төсөөлж байсангүй.

Гэтэл тэр бүгд мөнөөх жорлонд ороод байжээ. Анх жорлонг ухахад хорвоо ертөнц дээр байсан бүхэн Тавхайнхны гэдсээр дамжин тийшээ орсоор байгаад дүүргэчихсэн нь тэр байж.

Дүүрсэн жорлонг ухуулдаг болохыг Тавхай дуулж мэдсэн байлаа. Ингээд жорлонгоо ухуулах хүн хайлаа. Монгол хүн баах гэж төрснөөс баасаа цэвэрлэх гэж төрөөгүй тул гадны хүн хэрэгтэй болов. Мэдээж, муу нэртэйгээрээ нэг хятад иргэн олдож. Хятадууд ялгаатай нь “Хүн идэх ч ёстой, баах ч ёстой, бас баасаа цэвэрлэх ч ёстой” гэж боддог хачин улс байв.

Тавхайнхан үүнд нь болоод хятадуудыг их үзэн ядна. “Идэж уугаад гаргасан баасаа цэвэрлэх гэж төрөөд ч яахав дээ” хэмээн гэртээ жигшин хэлэлцэнэ. Хэлэлцэх төдийгүй ойр хавийнхандаа баална.

Хэргийн гол гогцоо болсон нэгэн мэдээллийг орхих шахаж. Энэ явдал өвөл болсон байгаа юм. Жорлон овойж хөлдсөөр байгааг хонхойж байх учиртай газраа түмбийгээд ирсэн гэдэг. Хавтаст хэргээс алга болсон нэгэн мэдээллээс үзвэл, Тавхай бээр хамгийн сүүлд жорлондоо ороод гарахдаа баасаа гаргахын оронд гэдсэндээ баас нэмж аваад гарч ирсэн гэх. Гагцхүү яаж гэдгийг нь төсөөлж чадаагүй байцаагч энэ мэдээллийг хавтаснаасаа аваад хаяжээ.

Ингээд хүрз барьсан луухаан ирээд жорлонг ухах болов. Илжиг хөтөлж ирсэн нь цуг ухалцах бус харин гарсан хөлдүүсийг ачих тэргэнд хөллүүлэх юм гэнэ. Хөлс мөнгөө тохироод төлбөр ч хийгдэж, ажил эхлэв.

Жорлончин этгээд хамгийн түрүүн Тавхайд онц таагүй үйлдэл үзүүлсэн мөсөн баганыг хэмх цохиод унагахын хэрд сэтгэл нь сонин болоод явчихжээ.Саяхныг хүртэл холдуулж хаяхын түүс болж байсан тэр зүйлс сэтгэлд нэг л ээнэг санагдаад байв. Төрөл саднаа “яс махны тасархай” гэж нэрлэдэг ч санаанд орж байх шиг. Ямар ч байсан биеэр нь дамжаад гарсан ямархан нэг амин холбоотой зүйлийг нь хятад хүн хайр найргүй хэмхчин нураах мэт мэдрэмжээ арайхийн барьж байлаа.

Энэ зуур хэн нэгэн шүгэлдэх нь Тавхайг ойрын хөрш нь дуудсан хэрэг юм. Тэрээр Тавхайн санаагүйг сануулж, бодоогүйг бодуулдаг мэргэн нэгэн гэх. Хөрш нь “Жорлон гэдэг чинь ялгадас биш эрдэнэ, хаягдал биш үнэт бордоо. Наадахаар чинь хятадууд газраа бордоод асар их ургац хураадаг гэж байгаа. Ийм үнэт баялгаа хүнд зүгээр өгч байдаг, чи мөн тэнэг хүн ээ” гэж айлгах, сануулахын завсарт хэлжээ.

Ингээд, Тавхай хулгаж ядсаар мөнөөх жорлончин дээр очиж баасаа хувааж авах санаагаа арай ядан цухуйлгав. Хачирхалтай нь өнөөх хятад зөвшөөрлөө. “Хувааж байгаа юм чинь хамтын хүчээр аваачиж хаяна шүү дээ” гэснийг нь сонсоод л өнгөрөв. Гол нь холдуулж хаяхын түүс болж байсан баасныхаа талыг нь хувьдаа авсан гээд бодохоор магнай тэнийж “…Аюулхай цээжиндээ дүүрэн баяртай” гэсэн үгтэй дуу аманд нь ороод салахгүй байлаа.

Орон дээрээ хэвтээд униа тоолж байтал өөр нэг мэргэн санаа орж ирлээ. Тэр нь “Миний хашаанд, миний гаргасан баасыг цэвэрлэх гэж байгаа юм чинь жорлонгийн хүрз, ялгадас зөөдөг тэрэг, чирдэг илжигнээс нь хувь эзэмшиж болох юм биш үү. Хэрвээ миний баас байгаагүй бол эд сул зогсоод алдагдалд орно. Би чинь зүгээр нэг баадаг гар биш, баахынхаа хэрээр ажил олгогч юм байна шүү дээ. Хэрвээ би баахаа байчихвал энэ муу луухаан турж үхэх байсан байна” гэсэн гүн ухааны нээлт бүхий санаа. Хөршөөсөө очиж асуувал, түүний мэргэн болж байгааг гайхаад, “өөр шиг нь ухаантай болох цаг холгүй байна” хэмээн баяр хүргэжээ.

Ингээд мөнөөх нь хятад дээрээ очив. Цаадах дуугүй сонсож байснаа бас л зөвшөөрөх нь тэр. Тавхай жорлонгийнхоо бааснаас салах гэсэн биш ялгадасныхаа тавин хувийг, нэмээд мөнөөх хятадын хүрз, тэрэг, илжигний 40 хувийг эзэгнэх болсныхоо учрыг олж ядан, дэмий л аз заяагаа биширчээ. Хөрш нь түүнийг “Чи бол маш аз заяатай хүн. Гагцхүү миний үгэнд л сайн орох хэрэгтэй” гэж сануулсан бөлгөө. Тэрээр цээж тооцоо хийж үзвэл, жорлончинд төлсөн мөнгөө хэд нугалан олж ирэхээр байлаа.

Ажил үргэлжилж байтал мөнөөх жорлончин Тавхайг дуудлаа.

-Ай түнш ээ. Тан шиг эрхэм хүний ялгадсыг эгэл төмөр хүрзээр цэвэрлэж яахин болох билээ. Иймд “Бээрбээри” брэндийн хүрз авлаа. Брэндийн хүрзийг жирийн модоор ишлэх нь тусгүй тул “Лүүвтоон” фирмийн саваа залгалаа. Түнш та үүнийг хамтран эзэмшиж байгаа тул үнэ өртгийн өөрт ногдох хэсгийг төлнө үү” гэлээ. Тавхай “ийм үнэтэй юмаар жорлон ухах хэрэг байна уу” хэмээн эргэлзэвч үнсний хутгуураас өөр багаж өөрт үгүйг санаж амаа барилаа. Хөршөөсөө очиж асуувал “их мөнгө гаргаж байж их мөнгө олдог” хэмээн сургажээ. Өөрийнх нь жорлонг ухах багажны үнэнд пүрүүс машинаа өглөө.

Түүнчлэн Тавхай бээр жорлон цэвэрлэх хамтарсан пүүсийн араб илжиг, ферари морин тэрэгний хамтран эзэмшигч болсноо мэдэж авлаа. Энэхүү гайхамшигт эд хөрөнгийн төлөөсөнд Тавхайн ТҮЦ хүрэлцэхгүй тул гэр, хашаагаа нэмж өглөө.

Жорлончин хөлдүү ялгадсыг хүрздэн ухсаар хашаанд нь байшингаас том овоо босчээ. Өөрийнхөө баас болон баасаа цэвэрлэх хэрэгслийн хамтран өмчлөгч болсон тэрээр машингүй, түцгүй, хашаагүй болсон боловч үнэ цэнэтэй ялгадасныхаа 50 хувийг эзэмшиж үлдсэн билээ.

Гэнэт түнш нь түүнийг дуудлаа. “Та энэ баасан овоолгын тал хувийг эзэмшиж байгаа учраас зөөж хаях зардлынхаа талыг гаргах учиртай” гэж тулгалаа.

Тавхайн уур хүрлээ. Тэрээр яг юуг нь хэлж мэдэхгүй боловч ямар нэг юм буруу байна гэж ойлгоод байлаа. Бодоод үзэхээр, хийсэн бүх алхам зөв бөгөөд ашигтай нь илэрхий боловч эцсийн дүндээ ашиггүй гардаг нууцыг ухаарсангүй.

Ингээд гэнэт хамтран ажиллагчаа хулхидан хөөж явуулах санаа төрлөө. Хөрш нь энэ удаа түүнд “Сорон мөлжигч, харийн луйварчинг хөөж явуулах цаг яг мөн” хэмээн зөвлөжээ.

Жорлончин хятад хөөгдөн оджээ. Хөлдүү баасан овоолгоо налан суугаа Тавхайгийн ухаантайг гайхан “Гол нь хамаг өмчөө аваад үлдсэн чинь сайн байна. Ийм баялгаа харийнханд алдах шахжээ” хэмээн мэргэн хөрш нь урамшууллаа.

Үнэт хүрз нь арчилгааны зардлын тал хувийг гаргаагүй Тавхайгаас болоод хугарсан гэнэ. Араб илжиг ч хагас хоолтой байсаар турж үхсэн хэмээн түнш нь түүнд хэлжээ. Морин ферари тэрэг ч тэр мэт болжээ.

Тавхай хашаагүй, гэргүй, түцгүй, пүрүүсгүй болсон ч сэтгэл хангалуун “өвөг дээдсийн хэдэн үеэрээ арвижуулсан буяныг харийн хүнд алдчихаагүй маань зол завшаан” хэмээн ярьсаар өвөлжиж.

Харин урин хавар ирж мөс цас хайлахад жорлонгийн овоолго гэсэж хайлсаар аюул болжээ. Хүмүүс Тавхайг тэндээс холдохыг зөвлөсөн боловч явсангүй “Өнөө зальтай хужаа маань эзгүй хойгуур ирээд ачаад явчихыг хэн байг гэхэв” хэмээн тайлбарлажээ.

Тавхайн хашаа байсан газар хаваржин зусангаа өмхий үнэртээд намар тийшээ эрүүлжив. Харин Тавхайн барааг харсан хүн үгүй. Түүнийг жорлондоо живсэн гэх юм билээ.

Өнөөдөр тэдний буурин дээрх үржил шимтэй газар мөнөөх цэцэн мэргэн хөршийнх нь хашаанд багтжээ. Мөнөөх жорлончин, хөрш хоёр хамтраад тэдний буурин дээр нарийн ногооны хүлэмж барьсан гэсэн яриа ч явж л байдаг, хэн мэдлээ?

Харин Тавхайнх ул мөргүй алга болсон нь бол үнэн юм.

2019.12.04

Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Улс нэг тойргоор сонгогдох 26 нэр дэвшигчийг бүсчлэх нь зөв

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Сонгуулийн тухай хуулийг өргөн барьчихлаа. Та энэхүү хуулийн ажлын хэсэгт ажилласан. Ирэх сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар тогтчихсон уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлэг дээр ямар ч байсан сонгуулийн тогтолцоог пропорциональ байхыг иргэд эсэргүүцсэн. Их хурал дээр ч энэ заалт унасан. Одоо олонхын бүлэг, АН 50:26 мажоритар маягийн тогтолцоогоор сонгуулийг явуулах санал өргөн барих шиг боллоо. Сонгуулийн хуулийг ажлын хэсэг дээр нэлээд бүрхэг ярьсаар байгаад шууд өргөн барьчихлаа. Шинэ Сонгуулийн хуулийг Б.Чимид гуай бид хамтарч хийсэн. Тэр сонгуулийн хуулиар өнөөдрийг хүртэл сонгууль том гэх маргаангүй явсанд хуулийн ач холбогдол харагдаж байгаа. Томсгосон мажоритар тойргийн санал гаргасан. Бүх хуулийг нь 100 хувь авч баталчихаад тойрог дээр нь өнөөдрийг хүртэл тойроод яваад байгаа. Энэ бас л алдаа болно. Түүнээс татгалзаад холимог, жижиг мажоритараар сонгууль явуулаад алдаа болсон. Одоо 50:26 дахиад алдаа болно. Хоёр чанартай, хоёр түвшний гишүүд байж болохгүй. Нэг нь бүх ард түмнээс сонгогдсон гэж ярьдаг. Нөгөө нь тойргоос сонгогдсон. Ингэх юм бол хоёр тусдаа танхим байх ёстой. Ард түмэн болоод тойргоос сонгогддог нь тусдаа байх ёстой. Аль аль нь ард түмнээс эх үүсвэртэй. Манай улс чинь гашуун туршлагатай шүү дээ. АИХ, УБХ гэж байсан. УБХ нь бүрэн эрхтэй парламент байдаг. Харин АИХ нь бүрэн эрх багатай парламентаасаа сонгогддог. Энэ хоёр цаашаа явахааргүй болсон. Тэгээд хоёр жил болоод Үндсэн хуулиа батлаад тарсан. Олон улсад нотлогдсон тогтолцоо Монголд ч тохирохгүй гэдэг нь харагдсан. Ямартаа ч эрх баригчид, сөрөг хүчний нам хамтраад холимог тогтолцоог сонгоод ярьж байна. Их хурал дээр нэлээд нухацтай ярина. Шинэ намын хувьд ард түмнээс асууна. Бид бүх аймгуудаар ажиллаж, ард түмнээс санал авч байна. Ард түмэн юу хүсч байна, тэр талд Шинэ нам байна.

-Туршлагатай улстөрчийн хувьд энэ сонгуулийн тогтолцоог жижиг намуудад ямар ашигтай гэж харж байна вэ. Эрх баригчид сонгуулийн хуулиа мэдээж өөрсдийн эрх ашгийн үүднээс шийдэх учраас ашиггүй байх тал байх юм биш үү?

-Ер нь аль ч сонгуулийн тогтолцоо том намуудад ашигтай байдаг. Тэд бүх тойрогт дэвшүүлдэг, бүхэлдээ том машин ажиллуулдаг. Жижиг намуудад пропорциональ тогтолцоо ашигтай байдаг. Үүнийг ард түмэн эрс эсэргүүцэж байгаа.

Ямар ч тогтолцоо байсан том намуудад ашигтай тогтолцоо гарна.

-Гэхдээ бараг пропорциональ тогтолцоо болчихлоо гэж байсан…

-Биш л дээ. Том намууд 26 хүнээ дэвшүүлнэ. Жижиг намууд цөөхөн хүн дэвшүүлнэ. Авах бүх саналаа авч чадахгүй л гэсэн үг. Том намууд авч болох бүх саналаа бүрэн хэмжээнд авна.

-УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн сонгууль тус бүр онцлогтой учраас нэг хуулиар зохицуулах боломжгүй юм байна гэсэн нөхцөл байдал үүссэн гэж байгаа. Одоо үүнийг өөрчилж тус бүрийн хуулиар зохицуулахаар болж байна. Ингэж өөрчилснөөр ямар ач холбогдолтой вэ?

-Нэг хуультай ч, тусдаа хуультай ч сонгууль хийгээд л явж байсан. Чихрийн цаас нь ямар байхаас чихрийн амт шалтгаалдаггүй. Үүн шиг ямар ч ялгаа байхгүй. Сонгуулийн хуультай сайн танилцана. Сонгуулийн зөрчил, мөнгө тараадаг, авлига өгдөг бүхий л зөрчлийг арилгах хэрэгтэй. Мөн сонгуулийн тооллого, хяналтын асуудал байна. Сонгуулийн саналыг хар машинаар тоолж болно. Өнөөдрийг хүртэл хар машинаар санал тоолохыг эсэргүүцдэг байсан. Үүний цаана луйвраа нууж байсан байна. Машинаар тоолоод хянах юм бол гар аргаар тоолсонтой адилхан. Машинаар санал тоолвол хурдан хариу гарна. Гар аргаар тоолбол өглөө дүн гарна. Шөнө юу болдгийг бүгд л мэднэ.

-50 гишүүнийг одоогийн жижиг 76 гишүүн шиг тойргоос сонгоно. Харин улс төрийн намууд 26 нэр дэвшигчээ улс даяар нэг тойрог гэж зарлаад ард түмнээсээ санал авна гэж байгаа. Тэгэхээр танай нам 26 хүн нэр дэвшүүлэх үү?

-Манай нам 26 хүн нэр дэвшүүлнэ. Бүх аймагт манай нам байгуулагдаж байна. Бид ийм өргөн хүрээтэй нам болно гэж ерөөсөө бодоогүй. Хувьсгалаар гарч ирсан нам учраас цаанаа хувьсгалын үзэл санаатай, хийх ажилтай, тодорхой зорилготой баялгаа ард түмэндээ өгнө. Иргэд 20 гаруй жил иргэд цөхрөнгөө барчихсан. Шинэ намд баялгаа авах асуудал бодитоор ажил хэрэг болж хийгдэнэ. Яагаад гэхээр үүнийг ард түмэн өөрөө хийх юм. Бид хэнийг ч дээрээс дэвшүүлэхгүй нь бидний онцлог. Миний хувьд 26 нэр дэвшигчээ бүсчлэх саналтай байгаа. Ингэхээр тодорхой нэг тойрогтой болж, тэндээ ажиллана гэсэн үг. Ингэснээр бүсийн хөгжлийн асуудал Монгол Улсад эзэнтэй болж байгаа юм. Түүнчлэн санал хураалтын цаас ч ойлгомжтой болчихно.

-Шинэ сонгуулийн хуульд сонгуулийн үеэр цахим орчинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийнэ гэж байна. Энэ тухайд?

-Энэ бол маш буруу. Миний хувьд 100 хувь эсэргүүцэж байгаа. Намайг цахим орчинд хамгийн их гүтгэдэг, доромжилдог. Гэхдээ ардчиллын нэг баталгаа. Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа. Цахим орчны эрх чөлөө байхгүй бол өнөөдөр Монгол Улс сөнөчихсөн. Хэвлэлийн эрх чөлөө байхгүй. Харин хүн онлайнаар гүтгэлээ гэвэл хуулийн байгууллага руу явуулдаг. Хуулийн байгууллага тэр дор нь гүтгэсэн этгээдийг олдог, илрүүлдэг ёстой. Гүтгэлэг даамжирсаар сүүлдээ үнэн юм шиг болж байна шүү дээ.

-Ардчиллын 30 жилийн ой тохиож байна. Манай улсад ардчилал гажуудаж байна гэж ярьж байна. Ардчилал өнөөдөр ямар хэмжээнд байна гэж харж байна вэ?

-Ардчилал бол том хувьсгал, том ололт. Энэ бүх хугацаанд Монголын ардчилал хулгайд алдагдсан. Өнгөрсөн жил шударга ёсны хувьсгал гарч, ардчиллыг буцааж авчрах хувьсгал байсан. Яагаад гэвэл бид эд хөрөнгө, эрх чөлөөгөө алдсан. Дуртай хүнээ барьж хорьж, шоронд хийчихэж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад эрх чөлөө, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөө байхгүй болчихсон. Тэгэхээр энэ бүгдийг буцааж авах ёстой. Тэрнээс ардчилал гэдэг баяр биш юм аа. Тэмдэглэдэг баяр биш ээ. Октябрийн хувьсгалыг тэмдэглэдэг. Энэ бол дарангуйлал. Ардчилал дарангуйлал биш шүү дээ. Бид талбай дээр тэмцээд явж байхдаа Их хурлын гишүүн болъё, шагнал авъя, ямар нэг компани байгуулъя гэж яваагүй. Ардчиллыг хулгайлсан хүмүүс ийм зүйлийн тоглоом болгоод байгаа юм. Ардчилсан хувьсгал хуучин комминуст маягаар явж болохгүй. Ардчилал нь аюулд учирчихсан болохоор өнгөрсөн өвөл 50 мянга гаруй иргэн жагссан шүү дээ. Жагсаж байгаа орнуудыг хар л даа. Тэд ардчиллаа алдаж байгаа учраас жагсаж байна. Бид хуулиа сайжруулж, хүний эрхээ баталгаажуулж, ардчиллыг буцааж авчирна.

-Та болон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан, Ж.Батзандан нарын гишүүд тухайн үед УИХ-ын дарга байсан М.Энхболдыг огцруулъя гэж шаардлага өгч байсан. Тэр үеэр та хэдтэй хамт явсан нэг нь хутга гаргаж, М.Энхболд руу дайрсан гэх мэдээлэл байна. Ийм зүйл болсон юм уу?

-Энэ бол худал мэдээлэл. МАНАН-гаас явуулж байгаа ямар зорилготой мэдээлэл гэдгийг мэдэхгүй байна. Төрийн ордон руу нэвтрэхэд бүх зүйлийг л шалгадаг биз дээ. Байгаа бүх зүйлээ хураалгасан. Бид хэдтэй жагсагчдын төлөөлөл гэж гурав, дөрвөн хүн хамт орсон. Нэг залуу нь М.Энхболдыг огцрохгүй гэнгүүт нь бухимдаад суудлаасаа босоод ирсэн. Тэгээд шууд хамгаалагч өргөөд гараад явсан. Хутга шөвөг байтугай харандаа үзэг ч байгаагүй.

-Таныг гарч ирээд “Хүний амь эрсэдвэл бид хариуцахгүй” гэж мэдэгдэл хийсэн нь ийм учиртай байсан гэх зүйлс ч яригдаж байна…

-Тухайн үед ордны хоёр талд залуучуудад архи өгөөд байсан. Согтуу хүмүүс үймээн самуун үүсгэвэл жагсаал цуглаан зохион байгуулсан бид хуулийн хариуцлага хүлээнэ. Тийм утгаар мэдэгдэл хийсэн.


Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, ОХУ-ын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд хоёр улсын аж ахуйн нэгжүүд хооронд байгуулах баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцов.

Үүнд:

-“Хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Евразийн эдийн засгийн комисс хоорондын Ажлын хэсгийн 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө”

-“Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Оросын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”

-“Хамтын ажиллагааны тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын Санамж бичиг”

-“Монгол-Оросын ажил хэргийн зөвлөлийн үйл ажиллагааны зарчим, механизмын тухай Протокол”

-“Бизнес-Маркет талбайг ашиглах талаар хамтран ажиллах тухай Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Москвагийн Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоорондын хэлэлцээр”

-“Хамтын ажиллагааны тухай “Монгол Эмимпекс” ХХК болон “Ласа Лабораториос” ХХК хоорондын Санамж бичиг”

-“Хамтын ажиллагааны тухай Монголын чанарын менежментын холбоо болон Чанарын асуудлаарх Бүх Оросын нийгэмлэг хоорондын Санамж бичиг”

-“Харилцан ойлголцлын тухай Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг болон Олон улсын хөрөнгө оруулалтын банк хоорондын Санамж бичиг”-т холбогдох хүмүүс гарын үсэг зурав.

Categories
мэдээ цаг-үе

Н.Цэрмаа: Монгол бичгийг 21 хоногийн курсээр суучихаад сурагчдад зааж байлаа

Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн бага ангийн багш, боловсролын тэргүүний ажилтан Н.Цэрмаатай ярилцлаа.


-Та зах зээлийн нийгэмд шилжиж байх 1990-ээд оны үед бага ангийн багшаар ажиллаж эхэлсэн юм билээ. Ер нь энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ. Тухайн үед эцэг, эхчүүд үр хүүхдээ хоол ундтай, мөр бүтэн байлгахын тулд борви бохисхийлгүй зүтгэж хичээл номонд нь анхаарал сул хандуулдаг байсан байх?

-Би 1984 онд Төв аймгийн Зуунмод хотод аравдугаар ангиа төгссөн. Уг нь Дарханы Политехникумд уул уурхайн цахилгааны ангид орсон ч цэцэрлэгт ажиллахаар шийдсэн юм. Анх багш болох гараа маань ингэж л тавигдсан даа. Ер нь хүүхэд байхдаа ихэвчлэн багш болж тоглодог байлаа. Бүр багаасаа энэ мэргэжилд дурласан. Ингээд 1986 он хүртэл цэцэрлэгт хоёр жил ажиллаад багшийн сургуульд элсэн суралцсан. Сургуулиа 1990 онд төгсөж Төв аймгийн Атрын сангийн аж ахуйд нэг жил ажилласан юм. Тухайн үед Төв аймгийн Дөрөвдүгээр сургууль анх нээгдэж байлаа. Тэнд бага ангийн багшаар 5-6 жил ажилласан. Улмаар Улаанбаатар хотод ирээд 20 дугаар сургуульд ажиллах болсон. Энэ сургуульдаа 22 дахь жилдээ ажиллаж байна. Төв аймагт хоёр бага анги төгсгөсөн. Энэ сургуульдаа зургаа дахь ангиа хүлээн авч ажиллаж байна. Анх багш гуравдугаар анги хүртэл дааж, төгсгөдөг байлаа. Дараа нь дөрөв, тэгээд таван жилээр төгсгөх болсон.

Ажлын гараагаа эхэлсэн Төв аймгийн Дөрөвдүгээр сургуульд малчны хорооллын хүүхдүүд явдаг байлаа. Сургууль шинээр байгуулагдсан тул багш нар нь шинэ, шижигнэсэн залуус байсан юм. Төмөрчөдөр, Ариунсайхан гэж хоёр найзтайгаа багшлахаар ирж байлаа. Тухайн үед хүүхдүүдийг одоогийнх шиг цаг наргүй шахдаггүй байсан. Найман настайдаа сургуульд орно. Нэг хэсэг кириллийн оронд монгол бичиг заасан юм. Бид өөрсдөө 21 хоногийн курст суусан. Монгол бичгээ сайн мэдэхгүй. Цаанаас “заа” гэсэн учраас маргаашийн хичээлийг гэртээ оройжин бэлдээд ордог байлаа. Бид зарим үгээ уншиж чадахгүй. Тэрийгээ хүүхдүүдэд мэдэгдүүлэхгүйг хичээнэ. Харин хүүхдүүд маань маш амжилттай суралцсан. Хөдөө 20 орчим хүүхэдтэй ажиллаж байгаад Улаанбаатарт 1998 онд ирж багшилахад 40 гаруй хүүхдийн дунд хэсэг самгардсан. Хүүхдүүдийнхээ эцэг, эхийг ч танихгүй.

Зах зээлийн нийгэм рүү шилжиж байсан 1990-ээд оны үед амаргүй байлаа. Хүүхдүүдээ хаячихсан. Өөрсдийн зөнгөөр л суралцсан даа. Багшаас их зүйл хамаардаг байлаа. Эцэг, эхийн хурал хийхэд хүртэл мөнгө нэхэх гэж байна уу гэж хардаг байсан. Одоо бол өөр. Эцэг эхчүүд хүүхдүүддээ их анхаардаг болсон. Энэ нь багшийн ажлыг их хөнгөвчилж өгдөг. Манай анги 53 хүүхэдтэй.

-Та бага ангийн багшаар 20 гаруй жил ажилласан. Мэдээж хөгжилтэй, сургамжтай олон дурсамж байгаа байх. Энэ талаар дурсахгүй юу?

-Мэдээж маш олон сайхан дурсамж бий. Манай 20 дугаар сургуульд Лхагваа гэж хичээлийн эрхлэгч байлаа. Одоо тэтгэвэртээ гарсан л даа. Тун чанга хүн байсан. Үүний ачаар бид жинхэнэ багш болж төлөвшсөн гэж ярьдаг юм. Лхагваа багш дуудаж байна гэхэд шатаар өгсөж явах үед сүүлийн нэг сарын амьдрал нүдний өмнүүр өнгөрдөг байлаа. Би хэнтэй буруу ярьж, ямар эцэг, эхтэй муудсан билээ, биелүүлээгүй төлөвлөгөө байгаа бил үү гэх зэргээр тэрүүхэн хугацаанд түмэн бодолд дарагдана. Одоо бид “Та их хатуу хүн байсан шүү” гэж ярилцаад инээлддэг юм. Улаанбаатарт ирээд миний анх хүлээж авсан анги бол 1″ж”. Тэд одоо болтол холбоотой байдаг. Цагаан сараар ирж золгоно. Мөн миний гурав дахь төгсөлтийн хүүхдүүд их холбоотой байна. Утсаар ярина. Баяр наадмаар ирнэ. Тэд гуравдугаар ангид байхад манай ангид гурван охин шилжиж ирэв ээ. Манай анги хоёр Намуунаатай байсан юм. Шилжиж ирсэн гурван охинтойгоо танилцлаа. Эхнийх нь Намуунаа гээд танилцуулж байна. Тэгэхээр нь “Дараагийнх нь бас Намуунаа биш шүү” гэж хэлтэл “Багшаа яана аа, намайг бас Намуунаа гэдэг” гэж хэлээд бөөн инээдэм болж билээ. Ингээд дөрвөн Намуунаатай болж байсан. Ер нь багш мэргэжлийн хамгийн сайхан нь эерэг энергитэй орчинд ажилладаг нь. Хүүхдүүдээ хараад муу муухай, гачигдаж дутагдсан бүхэн мартагдана. Би багшийн мэргэжил сонгосондоо бахархадаг. Тэр ч байтугай, би багш болоогүй бол өөр юу ч хийж чадахгүй байх байсан гэж боддог.

-Бага ангийн хүүхдүүд ямар хичээлдээ илүү дур сонирхолтой вэ. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад одоогийн хүүхдүүд илүү их мэдээлэлтэй болсон, түүнийгээ дагаад сурах арга барил нь ихээхэн өөрчлөгдөж байгаа байх?

-Ер нь анх уншаад, бичээд сургачих юм бол боллоо гэж боддог байсан. Одоо бол хүн болох талаас нь давхар анхаарч, ажиллаж байна. Хичээлүүд нь ч гэсэн тэгж ороод эхэлсэн. Монгол хэл, математикаас гадна ёс зүй, хүн орчин зэрэг хичээлүүд бас л харилцааных. Ёс суртахууны хичээл энэ жилээс хоёр цагаар ороод эхэллээ. Хуучин иргэний боловсрол гэж нэг цагаар л ордог байсан. Манай ангийнхан ёс суртахууны хичээлдээ хамгийн их дуртай. Бичдэггүй, дандаа харилцан ярилцдаг, зүрх сэтгэлийг нь хөдөлгөсөн хичээл байдаг тул дуртай, идэвхтэй оролцдог. Даваа гаригийн эхний хоёр цагт орно. Өглөө хүүхдүүд орж ирээд багшдаа сануулдаг. Хүүхдүүд харилцан ярилцах, санал бодлоо илэрхийлэх, аливаад дүн шинжилгээ хийх, юмыг ухаж ойлгох, танин мэдэх асар их сонирхолтой байгаагийн жишээ бол энэ юм. Тухайлбал, нэг сэдэв ярихад хүүхдүүдийг буруу зөв, сайн муу ч бай хамаагүй яриулаад байдаг. Ингээд хичээлийн сүүлийн арван минутад нэг шийдэлд хүрч, дүгнэлтээ хийдэг. Ингэснээр тэд үзэл бодлоо илэрхийлж сурах, мөн зөв бурууг тунгааж, эргэцүүлдэг. Ер нь одоогийн хүүхдүүд их чөлөөтэй болсон шүү дээ. Дээр үед багшийн буруу байсан ч хэлдэггүй байлаа. Одоо бол тэр чинь буруу байна гээд шууд хэлнэ. Дадлагын багш нарыг бараг л алдааг нь хянаад сууж байгаа юм. Та хоёрын тоогоо тэгээд биччихсэн байна шүү дээ гэнэ. Тэгэхээр хүүхдүүд хөгжиж байгаа. Илүү их мэдээлэлтэй болсон.

-Ихэнх эцэг, эхийн хувьд бага ангийн хүүхдээ уншуулж бичүүлж сургана гэдэг амаргүй даваа байдаг. Үсэг нүдлүүлж, тоо бодуулж, даалгавар хийлгэх гэж багахан “дайн” дэгддэг гэр бүл олон бий. Та эцэг, эхчүүдэд хэрхэн зөвлөдөг вэ?

-“Миний хүүхэд яаж байна” гэж битгий асуу гэж хэлдэг. Би мэдээж муу байна гэж хэлэхгүй. Цагаан цаас шиг хүүхдүүдийг авчихаад танай хүүхэд тийм ийм байна гээд хов зөөгөөд сууж таарахгүй. Мөн бусдын дэргэд, эсвэл эцэг эхийн хурал дээр хүүхдийг харьцуулж дүгнэх, ярих нь тун зохимжгүй. Тиймээс хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах, урам зориг өгөх талаар эцэг, эхчүүдэд тус бүрт нь зөвлөдөг. Хүүхэд ямар ч түвшинд байж болно. Гол нь тасралтгүй ахиц гарч, дэвшиж байх хэрэгтэй. Сүүлийн үед би хэт их даалгавар өгөхөө больсон. Энэ нь дарамт болдог. Тоогоо арай ядан дуусгачихаад цаана дахиад монгол хэл байгаа шүү дээ гээд дарамт болдог. Хүүхдүүдийн хувьд маш том асуудал шүү дээ. Тиймээс нэг даалгаврыг нь түлхүү өгөх байдлаар явдаг. Ер нь манай эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ маш сайн ажилладаг болсон шүү дээ. Сурлагын ахиц гаргахад байнга анхаарна. Мөн дугуйлан, сургалтуудад тогтмол явуулж хүүхдээ хөгжүүлж байна.

Ер нь хүүхдэд зөв цагт нь урам өгч сурах хэрэгтэй. Хүүхдүүдээ өдөр орж ирэхэд нь харна. Ээж, аавдаа загнуулж уу, хоол ундтай байж уу гэх зэргээр бүх зүйл хүүхдийн нүүрэн дээр харагдана. Зарим хүүхдийн нүдэнд нулимс цийлэгнээд ороод ирэх жишээтэй. “Яасан юм” гээд асуухаар “Даалгавар хийгээгүй. Миний төрсөн өдөр болж тэмдэглэсээр байгаад даалгавар хийж амжсангүй” гэнэ. Ер нь хүүхэд гэнэн цайлган, иймэрхүү зүйл дээр үнэнээ л хэлнэ. Тэгэхээр нь “За яахав, төрсөн өдөр чинь байсан юм бол баяр хүргэе, нэг удаа даалгавар хийгээгүйг чинь харж үзье” гэхэд нүдэнд нь оч гэрэлтээд явчихдаг. Удаан даалгавраа хийж амждаггүй, эсвэл хичээлээ сайн ойлгохгүй байгаа хүүхдүүдийн дэвтэрийг шалгахад хоёр тоо зөв бодсон байвал “Энэ хоёр тоо чинь хамгийн хүнд нь байхгүй юу. Чи бодож чадсан байна” гэхэд инээгээд буцаж суугаад үлдсэн тоогоо нухсаар байгаад дуусгачихдаг. Тиймээс хүүхдэд урам өгөх нь тун чухал.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Д.Бямбаа: Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг ард иргэдээр төлүүлнэ гэдэг бол эрх баригчдын хүчирхийлэл

-НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ НЭМЭГДСЭНИЙ ДАРАА АЛБАН БУС СЕКТОР ШУУД ӨСЧ, ХОЁР ДАНСТАЙ СИСТЕМ ИЛҮҮ ӨРГӨЖИХ ЭРСДЭЛТЭЙ-

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга асан Д.Бямбаатай нийгмийн даатгалын шимтгэлийн асуудлаар ярилцлаа.


-Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл ард түмнийг багагүй бухимдуулж байна. Ер нь нийгмийн даатгалын сан хэзээнээс ямар зорилгоор үүсч байсан тухай та ярьж өгөөч?

-Үүх түүх гэж ярих юм бол би өөрийнхөө хөдөлмөрийн гараагаа эхэлсэн 1984 он буюу 35 жилийн өмнөх түүхээс ярих болно. Тэр үеийн хууль гэдэг бол социалист Монголын хууль. 1970 хэдэн онд анх Тэтгэврийн хууль хэрэгжиж эхлээд 1980-аад оны үед шинэчилсэн. Бид нар яахав дээ тэр үед Оросын хуулиудыг хуулж орчуулж тэндээс санаагаа авдаг байсан. 1984 онд Оросод сургууль төгссөн цөөн хэдэн бид нар Оросын хуулийн зузаан номыг орчуулсан. Орчуулснаа дарга мэргэжилтнүүддээ өгдөг. Тэд болдовсруулах ажил хийдэг. Ер нь эв хамтын тогтолцоо гэдэг тэтгэврийн даатгалын тогтолцоо маань 1995 он хүртэл үргэлжилсэн байдаг. 1995 од Монгол Улсад нийгмийн даатгалын тогтолцоог цогцоор нь бий болгоё гэж даатгалыг нь дотор нь таван төрөлд хуваасан. Ингээд Нийгмийн даатгалын багц хуулийг баталсан. Энэ хуулийг баталж мөрдүүлэхэд П.Жасрай гуай Засгийн газрыг тэргүүлж байлаа. Шинэ хуулиар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл байгуулагдаж, зөвлөлийн анхных нь даргаар ажиллаж эхэлсэн. Албан бус энэ зөвлөлийн үйл ажиллагаа нь нийгмийн даатгалын санд хуримтлагдсан сан хөмрөгийг зөв зохистой ашиглаж зорилтот бүлэгт хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх, түүний төлөө төрийн үйлчилгээ, иргэний оролцоо, үйлдвэрчний эвлэл, эздийн байгууллагуудын хамтын ажиллагааг хангана гэсэн чиглэлтэй байсан. Үндэсний зөвлөл гурван талт есөн хүний бүрэлдэхүүнтэй. Гурван хүн нь Засгийн газрыг төлөөлж, гурав нь Үйлдвэрчний эвлэлийн байгууллагаас, гурав нь эздийн байгууллагаас байдаг. Энэ есөн хүн бол нийгмийн даатгал, тэтгэвэр, тэтгэмжийн даатгалыг ойлгодог, мэргэшсэн хүмүүс байх ёстой гэдэг философи үйлчилж тухайн үедээ яам, Тамгын газрын мэргэшсэн хүмүүс орж ажиллаж байсан. Миний итгэл зүтгэл шингэсэн хөдөлмөрийн түүх 2000 он хүртэл үргэлжилж, Нийгмийн даатгалын багц хуультай зууралдаж, хуулийн орчинг боловсронгуй болгох гэж зүтгэсэн. Нийгмийн даатгалын таван төрлийн сан бүр өөрсдийн зориулалттай. Хувь хэмжээ нь өөр. Гэхдээ ажил олгогч ажилтан нийлээд 19 хувь, хүнд аюултай нөхцөлийнхөн 20 хувь төлдөг байлаа. Энэ сангийн нэлээд хэсэг нь тэтгэвэр тэтгэмжийн эрх үүссэн хүмүүст зарцуулагддаг. Өөрөөр хэлбэл, бидний төлсөн шимтгэлийг 20, 30 жилийн өмнө ажиллаж байсан хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийг өгдөг тогтолцоо байсан. Үүнд харин төр анх хариуцлага үүрэх ёстой гэсэн үүрэг хариуцлага орж ирсэн. Яагаад гэвэл 70, 80 оны үед ажиллаж байсан хүмүүсийн асуудал өнөөдрийн 90 оныхны үүрэг 100 хувь биш. Тэгэхээр эв хамтын тогтолцоог аль ч улс орон хоёр салаалж хэрэгжүүлдэг. Ялангуяа социалист орнууд, ЗХУ-ын бүрэлдэхүүн улс бүгд адилхан хуультай. Тэд энэ системээсээ үе шаттай шилжсэн. Шилжихдээ зах зээлийн хуульд нийцүүлсэн өөрчлөлтүүдийг хийж эхэлсэн.

-Манай улс яасан бэ?

-Мөн адилхан. Нийгмийн даатгалын багц хуулийг 10 жил хэрэгжүүлнэ. 2005 оноос үе шаттайгаар хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэж хуульчилсан байсан. Хагас хуримтлалын тогтолцоо гэдэг Энхзаяа гэж хүний өнөөдөр төлсөн шимтгэлийн тодорхой хэсэг таны нэрийн дансан дээр бүртгэгдэнэ. Та хэчнээн төгрөг хуримтлуулсан тайлангаа жил бүр харах бололцоотой. Үүнийг хавтгайруулахгүйн тулд 1960 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн бүх хүмүүст нэрийн данс нээнэ. Дансан дээр төлсөн шимтгэлийн дүнг нь тавьж өсөлтийн хувьтай нь харуулж байя гэсэн заалттай энэ хуулийг 2000 оноос хэрэгжүүлэхээр 1999 онд баталсан юм. Таван жилийн хугацаанд шилжилтийн шинжтэй хэрэгжүүлсээр 2005 он гэхэд шилжсэн байхаар заасан байв. Түүнээс хойш юу болчихов гэтэл

1995 оноос 10 жилийн хугацаатай явах шилжилтийг 2000 оноос нурааж эхэлсэн. Ингэхдээ нөгөө хагас хуримтлалын тогтолцоонд шилжинэ гэсэн өөрчлөлтийг хуулиас аваад хаячихсан. Би үүн дээр харамсдаг юм. Хүн муулах гэж дурлаад байгаа юм биш. Гэхдээ 2000 онд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар улстөрч байх ёстой гэдэг шийдвэр гаргасан.

Төрийн мэргэшсэн албан хаагч мэргэшсэн хүмүүс удирдах ёстой гарч ирсэн концевц 2000 оны арванхоёрдугаар сард батлагдсан УИХ-ын 50 дугаар тогтоолоор нурсан. Түүнд яамдын дэд сайд нар Үндэсний зөвлөлийн гишүүн байна гэж хуульчилсан. Энэ бол тухайн үед салбарыг удирдаж байсан Өвөрхангайн хоёр хүнээс угшилтай. Түүнээс биш төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг мэргэшсэн хүмүүс зөвлөлийг яваад явах боломж байсан. Улс орнуудад тийм ч байдаг. Ингээд улстөрч хариуцдаг болсон цаг үеэс алгуураар сан хөмрөгийн менежмэнтийг улс төрийн зорилгоор ашигладаг, сонгуулийн амлалтыг нөхдөг, улс төрийн сонгуульд идэвх зүтгэл гаргасан хүмүүсийг шагнах урамшуулах хэрэгсэл болж хувирсан. Шуудайнд хийсэн арвайг тал талаас нь цоорхой гаргаад гоожуулдаг шиг хуулиудыг сэглэж эхэлсэн дээ.

-Олон нийт одоо яг л таны хэлж байгаа хуримтлалын тогтолцоог хүсч байгаа. Уг нь бол санаачлаагүй биш санаачлаад хуульчлаад явж байсан юм байна шүү дээ?

-Энэ гажуудал 2005 оноос эхлээд, хамгийн эхэнд сангийн мөнгийг хувийн банкуудад байршуулж өсгөнө гэдэг зүйл оруулаад исэн. Тэр үеийн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь Хөдөлмөр нимйгмийн хамгааллын дэд сайд С.Чинзориг байсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь Эрдэнэ байсан. Тэр хоёр хүн хоршоод л банкуудад байршуулж эхэлсэн. Эхлээд таван тэрбумаар дараа 10, 20 100, 200 тэрбум болоод явчихсан. Одоо бүр нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмээд даатгалын санг бие даасан болгоно гэсэн гажиг философийг гаргаж ирж байна. Уучлаарай гэж хэлнэ.

-Олон улсад нийгмийн даатгалын тогтолцоогоо амжилттай хэрэгжүүлдэг гэсэн. Жишээлэх ямар хувилбар байна вэ?

-Социалист орнууд гурван давхар шатлалыг амжилттай хэрэгжүүлж байна. Эхний давхарга нь хүн бүр хөдөлмөрлөх нь үнэн, хөдөлмөрлөөд татвар төлөх нь үнэн. Татвар даатгал төлсөн бол өндөр насандаа төрөөс буцааж авах нь үнэн. Энэ үнэнд нийцсэн нийгмийн хамгааллын агуулгатай хамгийн бага тэтгэврийн доод хэмжээг тогтоодог нэг давхарга байгаа. дараагийн тогтолцоо бол чи хөдөлмөрлөөд, чиний хөдөлмөрөөр материал баялгийг үйлдвэрлээд танай компани хөгжиж байгаа. чи хувь хүний орлого хийж байгаа бол тэр орлогоосоо шимтгэл төлдөг. Энэ бол даатгалын хариуцлагын тогтолцоо бөгөөд хуулиар зохицуулагддаг. Тэр нь цэвэр нэрийн дансан дээр бүртгэгдэж, ирээдүйд түүнтэйгээ дүйцсэн тэтгэвэр авдаг. Жишээ нь, чи арай бага ажиллаад 60 саяыг хадгалуулсан, би арай ахиу ажиллаж 100 сая төгрөг хадгалуулсан байна. Тэр бол тэтгэвэр их бага байх эсэхийг шийддэг механизм байх ёстой. Гурав дахь шатлал нь хүн өөрийгөө урт насална, ингэхдээ аялна зугаална. Идэж уух хэрэгцээ өндөр байх ёстой гээд магадгүй хувьцаа хэлбэрээр давхар даатгалын тогтолцоог бий болгодог. Өөрөөр хэлбэл, суурь тэтгэвэр, хамтын даатгалын тогтолцоогоор өгөх үндсэн тэтгэвэр, тэгээд дээр нь нэмэгдэл тэтгэвэр гээд гурван эх үүсвэрээс санхүүжих механизмыг дэлхийн улсууд санал болгоод амжилттай хэрэгжүүлээд яваад байгаа. Манайх зөвхөн анхных дээрээ хууль эрх зүйн орчин байгаа хэрнээ түүнийг нь өгөхдөө бас л зиг заг үүсгээд түүний цаана огт шимтгэл төлөөгүй хүмүүсийг хүртэл хамруулдаг, огт ажиллагаагүй хугацааг ажилласан хугацаанд тооцдог гажиг системтэй болчихоод байна. Үүний үр дүнд байнгын ажилтантай байхаас илүү гэрээт ажилтантай болох сонирхол ажил олгогчдод улам бүр нэмэгдэж байна. Манай улсад өнөөдөр нэг сая гаруйхан хүн нийгмийн даатгалын шимтгэл төлж байна. Гэтэл нийтдээ 1.6 сая хүн ажиллаад байдаг.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй малчдын тэтгэврийн насыг наашлуулж, тэтгэвэр олгож байгаа асуудал байна?

-Малчид бол зарим үед орлого сайтай байдаг. Гэтэл огт татвар төлдөггүй. Гэхдээ тэднийг жирийн хүнээс таван жилийн өмнө тэтгэвэрт гаргана. Тэгээд төрөөс тэтгэврийг өгнө гэсэн гажиг хуулийг санаачлаад байгаа. Энэ эмзэг асуудлын цаана улс төрийн шийдвэр гэхээс илүү мэргэжлийн шийдвэр гэж байлаг юм. Энэ тогтолцоон дотор мэргэшсэн хүмүүс нь байхгүй болчихсоных энэ. Ер нь хөдөлмөрийн нөөц салбарт яг мэргэшсэн хүмүүс маш их цөөрсөн. Эрхбиш ганц нэгээр гадаад дотоодод яваад суралцсан, соёлтой нийгмийн хариуцлагатай компаниуд хүний нөөцөө чадавхжуулаад дахин сургаж мэргэшүүлээд явж байна. Цэвэр монгол хүнийг ажиллуулна гэвэл тэмээ туйлсан юм шиг болгож хаяна. Хөдөлмөрийг дэмжих ёстой хөдөлмөрийн салбар нь өөрөө тэтгэвэр, тэтгэмжин дотроо будилаад огт ажиллахгүй байхыг дэмжиж, ажилгүй байх тусмаа аз жаргалтай байх юм шиг үзлийг бий болгосон.

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг уг нь бид ирээдүйгээ төрд даатгуулж байгаа явдал. Одоо харах нь ээ даатгуулах биш татвар төлдөг систем болчихож. Тэгээд дээр нь шимтгэлээ нэмж төлөх болчихлоо. Энэ хууль нь хоёр жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн. Тэр үед нь дуугарах чинь яасан юм бэ гэсэн байр сууриуд ихээхэн явж байна?

-Нийгмийн даатгалын сан улсын төсвийн нэг хэсэг нь байна гэж хууль батлаад төсвийн бүрэлдэхүүн хэсэг болгочихсон. Тэгээд шимтгэлийг татвар шигээ хараад эхэлсэн. Ийм байхад хүмүүс татвар гэж ойлгохоос арга байхгүй. Уг нь хүн чинь ирээдүй рүүгээ харсан хуримтлал гэдэг ойлголттой явах нь нийгэмд тустай. Тиймээс татвар болгож хувиргаад татвараа нэмж байгаа өнөөдрийн эрх баригчдын хүчирхийллийг эсэргүүцэхээс өөр яахав. Нийгмийн даатгалын шимтгэл 26 хувь болно гэдэг аль ч улс оронд байхгүй өндөр шимтгэл. Төлсний дараа гарах үр дагавар нь албан бус сектор шууд өснө, хоёр данстай байгаа систем илүү өргөжинө. Аливаа улсын алдагдлыг иргэдээрээ төлүүлнэ гэдэг бол монголчууд хэтэрхий хүлцэнгүй, сүх далайтал байтугай далайчихаад байгаа сүхнээсээ айхгүй байгаа юм болов уу даа. Бид ер нь ямар ч унхайгүй, хүлцэнгүй ард түмэн болчихов гэж эмзэглэхэд хүргэж байна. Тиймээс 26 хувийг яагаад ч дэмжиж болохгүй. Бүх тооцоо судалгаагаар эдийн засгийг ухраасан, нийгмийн чадамжтай, амьдралаа авч явах хүмүүсийн амьдралын үнэ цэнийг боомилсон, хөдөлмөрлөх идэвхийг боомилсон буруу шийдвэр.

Олон улсын практикт 20 хувиас доогуур байдаг. Бүр 11, 12 хувьтай улс орон ч бий. Харин манайд шимтгэлийн 20 хувийг нэмэх тухай хэн нэгэн улстөрчийн толгойд орж ирсэн бол давхар даатгалын системийг бодож олсон байх ёстой.

Тэгсэн бол ард иргэд маргаашийнхаа төлөө хийж байгаа хөрөнгө оруулалт гэж хүлээн авч бухимдахгүй. Гэтэл хүчээр авдаг татварынхаа хэмжээг өсгөөд олж ирсэн бүх мөнгийг нь захиран зарцуулна. Зарцуулахдаа өнгөрсөн цаг үеийн тэтгэвэр авагчдад зарцуулна. Огт ажиллаагүй, шимтгэл төлөөгүй хүмүүст өгнө. Хөрөнгө оруулалт нэрээр байшин сав болгоод устгачихна. Эсвэл дампуурч байгаа банк руу хийгээд устгачихна. Уг нь Хөдөлмөрийн сайд гэдэг Засгийн газар дотроо сөрөг хүчин байдаг юм, олон улсад. Тэр хүий нүдэнд тэтгэврийн хөгшид нь, өвчин эмгэгтэй хэсэг, ядуу зүдүү орлогоороо амьдарч чадахгүй хүмүүс харагдаад сэтгэл нь тавигдаж чаддаггүй хүн Хөдөлмөрийн сайд хийдэг. Гэтэл эсрэгээрээ нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээс өөр арга байхгүй, тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэхийн тулд хоёр хувиар нэмж байгаа гэж тайлбарлаж байгаа хүнд ёс суртахууны эрх байна уу. Нийгмийн даатгалын сангийн мөнгө дутлаа гэж яриад байгаа. Банкуудад тарааж байршуулсан хөрөнгөө татаж авах хэрэгтэй. Олон банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө бий шүү.

-Тэгвэл ямар шийдэл байж болох вэ?

-Халамжийн сэтгэхүйгээс аль болох татгалзаж, хөдөлмөрөөр дамжсан үнэ цэнийг бий болгож чадвал улс хөгжинө. даатгалын эрсдэл гэж яриад байгаа зүйл бол эрсдэл биш. Шийдэл хоёр хувь нэмэх ч биш. Харин үүнийгээ зогсоочихоод ард иргэддээ “Төр хоёр хувийн нэмэгдлээс татгалзлаа. Хариуд нь та нар сайн ажилла. Ажлын байран дээрээ өндөр бүтээмжтэй ажилда. Ур чадвараа нэмэгдүүлэхийн тулд сур, хөдөлмөр, харилцааны соёлыг сур” гэж уриалах юм бол 1000 ажилтантай аж ахуйн нэгж хоёр хувийн хуримтлалаар тачигнатал хүмүүсээ сураад өөр хүнийг төлөвшүүлнэ. Зүгээр л хийж байгаа юм нь өнгөтэй бүтээмжтэй чанартай болно. Зүлгэх тусам гэдэг шиг хүнээ зүлгэж, хүндээ урам өгөх ёстой.

Б.ЭНХЗАЯА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д нийтлэлч Б.Цэнддоогийн “Жорлонтой детектив” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Засгийн газраас өчигдөр “Дижитал Монгол” үндэсний
хэлэлцүүлгийг зохион
байгууллаа. Энэ тухай нэг, хоёрдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн сэтгүүлчдийн
асуултад хариулсныг нэг, хоёрдугаар нүүрэнд нийтэллээ.

“Эм ханган нийлүүлэх байгууллага,
эмийн сангууд эмийг хилийн үнээс 2-3
дахин нугалж борлуулж байна” нийтлэлийг нэг болон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд нийтлэлч Б.Цэнддоогийн “Жорлонтой детектив” нийтлэл хэвлэгдлээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн ярилцлагыг хоёрдугаар нүүрнээс уншиж сонирхоорой. Тэрээр өөрийгөө З.Энхболдоос илүү заргач хэмээн тодорхойлжээ.

“Сизу” компанийн захирал
Н.Гантулгын өмгөөлөгч
О.Санчирбалтай хийсэн ярилцлагыг нэг, долдугаар нүүрнээс уншаарай. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн холбогдоод буй хэргийн талаар ярьжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы лхагва гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх Москва хотод болж буй Бизнес форумд үг хэлэв

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын дарга Д.А.Медведевийн урилгаар 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 12 дугаар сарын 4-ний өдөр Москва хотноо зохион байгуулагдсан ”Монгол-Орос. Евразийн эдийн засгийн холбооны нэгдсэн зах зээлд бизнес эрхлэх нь” сэдэвт бизнес форумд үг хэлж “Монголд үйлдвэрлэв” бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн нээлтэд оролцов.

Тус айлчлалын тохиолдуулан манай талаас Монгол Улсын Гадаад харилцааны яам, МҮХАҮТ хамтарч Евразийн эдийн засгийн холбоо болон Оросын ХАҮТ-тай хамтран энэхүү бизнес форум болон үзэсгэлэнг зохион байгуулж байгаа нь хоёр улсын бизнес эрхлэгчдийн хооронд хэлхээ холбоо тогтоох, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж бололцоог нээхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнд Монголын 50 гаруй бизнес эрхлэгчид, томоохон экспортын компаниуд оролцож, хоёр орны бизнес эрхлэгчид хамтын ажиллагааны гэрээ хэлцлүүдийг хийлээ. Мөн Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хооронд 2020-2021 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан нь чухал ач холбогдолтой байв.