Categories
мэдээ нийгэм

Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг аварчээ

Согтуурсан үедээ өндрөөс үсэрч амиа хорлохыг завдсан эмэгтэйг цагдаа болон онцгой байдлын албан хаагчид аварчээ.

Тодруулбал Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд “Нисдэг машин” авто засварын газрын дээвэр дээрээс хүн унах гэж байна гэсэн дуудлага 2019.12.09-ний шөнийн 03:34 цагт Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Нийслэлийн аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 8 км замыг туулан 03:44 цагт очиж иргэн О /22 настай, эмэгтэй/ согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж 6 давхар байшингийн дээвэр дээр сууж байсныг тус дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн албан хаагчдын хамт аварсан байна.

Categories
мэдээ нийгэм

Аймаг, нийслэлийн 64 иргэний улсын бүртгэгч нар сургалтад хамрагаж байна

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Тамгын газраас иргэний улсын бүртгэгч нарт ээлжит сургалтаа зохион байгуулж байна.

Иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд ашиглагдах програм хангамжийн хөгжүүлэлтийг танилцуулах, системд шинээр нэмэгдсэн өгөгдөл, түүнийг удирдах, ажиллуулахад мэдлэг, дадлага олгох, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх уг сургалтанд аймаг, нийслэлээс нийт 64 иргэний улсын бүртгэгч нар хамрагдаж байна.

Сургалтыг УБЕГ-ын дэд дарга Д.Дэлгэрсайхан нээж, үг хэлсэн бол Интерактив ХХК-ийн бизнес аналист Э.Ундрал, Г.Нармандах нар Иргэний улсын бүртгэлийн нэгдсэн систем, хэрэглэгчийн удирдлагын модуль болон системд агуулагдаж буй төрсний, гэрлэсний, эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн, үрчилсний, шилжилт хөдөлгөөний бүртгэлийн өгөгдлийн тухай зэрэг 30 гаруй өгөгдлийг танилцуулж, дадлагын ажил хийлгэх юм.

Сургалт хоёр өдөр үргэлжлэх ба Азийн хөгжлийн банкны “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл”-ийн санхүүжилтээр зохион байгуулагдаж байгаа болно. Иргэний улсын бүртгэлийн үйл ажиллагаанд одоогоор онлайн, оффлайн болон афис программуудыг ашиглаж байгаа ба иргэний улсын бүртгэлийн нэгдсэн системд шилжснээр тулгамдаж буй бэрхшээлүүдийг арилгах юм. Тухайлбал, алслагдсан сумдад сүлжээ ороогүйн улмаас бүртгэлийн оффлайн программ ашигладаг ба иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг заавал сүлжээнд холбогдсон аймгийн бүртгэлийн хэлтэст тухайн мэдээллийг шивж оруулдаг. Энэ нь хугацаа алдах зэрэг асуудалтай тулгардаг аж. Иймээс 2020 он гэхэд Азийн хөгжлийн банкны “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох төсөл”-ийн хүрээнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэг, 330 сум, 152 хороог бүртгэлийн нэгдсэн системд холбож дуусгахаар Улсын бүртгэлийн ерөнхий газар ажиллаж байна.


Categories
мэдээ нийгэм

УНТЭ эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдэд дархлаа дарангуйлах эмийг урьдчилан олгож эхэлжээ

Монгол Улсын иргэд эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс заслыг 1998 онд Хятад улсад бөөр шилжүүлэн суулгуулж эхэлснээр хийлгэж эхэлжээ. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүс насан туршдаа дархлаа дарангуйлах эмийг хэрэглэх болсон. Бөөр шилжүүлэн суулгуулсан иргэдэд Програф /Такролимус/ эмийг олгох зохицуулалтыг 2004 оноос эхлээд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар эмчлэгч эмчийн жорын дагуу олгож эхэлжээ. Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь улирал бүр эмийн тайлан тооцоог гарган Эрүүл мэндийн яаманд хүргүүлж ажиллаж байна.

Энэ оны эхний гурван улирлын байдлаар Дархлаа дарангуйлах эмийг Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд нийт 500 гаруй хүн ууж байна. Өнөөдрийн байдлаар 2018-2019 онд Эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдээс УНТЭ-т эмийн хангалтанд орох хүсэлтээ өгсөн элэг шилжүүлэн суулгасан 33, бөөр шилжүүлэн суулгасан найм, Хавдар судлалын үндэсний төвөөс таван хүн хүлээгдэж байна. Эдгээр иргэдийн хувьд өмнө жил нь хэдэн сард хагалгаанд орсноос үл хамааран эмийн зардал нь дараа оны улсын төсөвт тусгагдаж, шинэ оны нэгдүгээр улирлаас нь эмийн хангалтандаа орох ёстой байдаг аж.

Тэгвэл Улсын нэгдүгээр төв эмнэлгийн захиргаа, Эрхтэн шилжүүлэн суулгах төв, Эмзүйн албанаас 2019 оны гуравдугаар улирлын эмийн гүйцэтгэлийн тайланг үндэслэн эмийн тунгийн хэлбэлзэл, гемодиализ эмчилгээнд орсон болон өөр эмэнд шилжсэн шалтгаануудаас эмийн хэмнэлт үүссэн байна. Тэр хэмнэсэн зардлаараа хүлээгдэж буй хүмүүсийг Програф/Такролимус/ эмэнд хамруулах боломжийг бүрдүүлжээ.

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн удирдлагууд, Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн эмч мэргэжилтнүүд, Эмзүйн албаныхан,эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэдийн холбооны төлөөллийг хүлээн авч, хүлээгдэж буй нийт 46 хүний хүсэлтийг урьдчилан шийдвэрлэж 50 гаруй сая төгрөгийн эмийн олгож эхэлжээ. Мөн гадаадад эрхтэн шилжүүлэн суулгуулсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн хяналтанд эмээ ууж эхлэх боломжтой болсон байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын цахим аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотноо болж буй ЕАБХАБ-ын Сайд нарын зөвлөлийн 26 дугаар уулзалтын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Томас Гремингертэй уулзлаа.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар ЕАБХАБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэж, цаашид үндэстэн дамнасан аюул заналхийлэл, тэр дундаа терроризм, түүнийг санхүүжүүлэхтэй тэмцэх, хүний наймаа, соёлын биет бус өвийг хууль бусаар хил давуулан худалдаалахтай тэмцэх чиглэлээрх хамтын ажиллагаагаа тэлэх эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв. Тэрбээр аюулгүй байдлыг хангахад залуучуудын оролцоо, хувь нэмрийг нэмэгдүүлэх үүднээс “Peacebook форум” зохион байгуулснаа дурдаж, энэ чиглэлээр хамтран ажиллахыг хүсжээ.

Хоёр талын хамтын ажиллагааг үр дүнтэй өргөжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа ЕНБД Томас Гремингер тэмдэглэж, цаашид сайн засаглалыг бэхжүүлэх, сонгуулийн тогтолцоог улам бүр боловсронгуй болгох, кибер аюулгүй байдлыг хангах чиглэлээр Монгол Улсад бодит дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Categories
мэдээ спорт

Улсын аварга шалгаруулах тэмцээнээс 5 алт, 2 мөнгөн медаль хүртлээ

Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан Боксын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооны тамирчид 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.

Тодруулбал эмэгтэйчүүдийн 51 кг-ийн жинд Л.Алтанцэцэг, 69 кг-ийн жинд У.Шинэцэцэг, М.Мягмаржаргал, 69 кг-ийн жинд Б.Мишээлт, 75 кг-ийн жинд О.Бямба-Эрдэнэ нар тус тус алтан медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд О.Есүгэн, 57кг-ийн жинд Э.Баярсайхан нар мөнгөн медаль хүртээд байна.

Мөн тэмцээний шилдэг эрэгтэй тамирчнаар Б.Мишээлт, шилдэг эмэгтэй тамирчнаар Л.Алтанцэцэг нар тодорсон юм.

Боксын спортыг үүсгэн байгуулагч ОУХМ С.Баттулгын нэрэмжит тус тэмцээнд 26 байгууллагын 219 тамирчин эрэгтэй найм, эмэгтэй тав буюу олимпийн наадмын 13 жинд өрсөлдөж, энэ сарын 02-08-ны өдрүүдэд аваргуудаа шалгарууллаа гэж ОБЕГ-ын “Аврагч” биеийн тамир-техник спорт хорооноос мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг дахин хэлэлцүүлэхийг чиглэл болгов

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхантай уулзаж, авто зам ашигласны хураамж нэмэх асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг өнөөдөр чиглэл болголоо.

НИТХ-ын хурлаар баталсан Нийслэлийн 2020 оны төсөвт авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэхээр тусгасан. Үүнийг иргэд эсэргүүцэж, автомашинтай жагсаал зохион байгуулж буй юм. Төр засгаас олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа шийдвэр гаргахдаа иргэдийн саналыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгаж байх хэрэгтэйг Ерөнхий сайд онцолсон байна. Улмаар уг асуудлыг НИТХ-аар дахин хэлэлцүүлэхийг чиглэл болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан уг асуудлыг дахин судлаж, хуулийн хугцаанд НИТХ-д хандахаа хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Жагсагчдыг хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа

Авто зам ашигласны төлбөр нэмсэнтэйгээр холбоотойгоор иргэн Б.Цэгмид, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан нар болон “Үнэн ба зөв” намын гишүүд автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Жагсагчид өглөө 08:00-18:00 цаг хүртэл Д.Сүхбаатарын талбайг тойрон таван хоногийн турш хөдөлгөөнд оролцох юм.

Тээврийн цагдаагийн албанаас жолоочдыг автомашинтай цуглаан, жагсаалд оролцох үедээ дараах хуулийн болон дүрмийн заалт шаардлагын дагуу замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

image

Categories
мэдээ нийгэм

Туркийн аялал жуулчлалын агентлагтай албан ёсоор хамтран ажиллахаар тохиролцов

“Монгол-Туркийн аялал жуулчлалын салбарын бизнес форум” 2019 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Истанбулд болж, форумыг нээж Монгол Улсын БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Сэрдэр Чам, Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Р.Болд нар үг хэлэв.

Форумд Монгол, Туркийн аялал жуулчлалын бизнес эрхэлдэг, холбоод, компаниуд оролцож, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар ярилцаж, харилцан холбоо тогтоов.

Форумын хүрээнд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Нури Эрсой нар уулзаж, хоёр яамны хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Монголын аялал жуулчлалын хөгжлийн төв, Туркийн аялал жуулчлалын агентлагийн хооронд албан ёсны холбоо тогтоон ажиллахаар тохиролцов.

Сайд Нури Эрсой Монголд аялал жуулчлалыг татахад Монголыг хамтран сурталчлах талаар хамтран ажиллах саналыг тавьж, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв. Сайд Н.Цэрэнбат Турк улсад “Тал нутгийн эзэнт гүрэн” үзэсгэлэн гаргах, 2020 онд Бурсад болох дэлхийн нүүдэлчдийн наадамд Монголыг оролцуулах саналыг тавьж хамтран ажиллахаар ярилцав.

Сайд Н.Цэрэнбат мөн агаарын тээврийн “Туркиш Эйрлайнс” компанийн захирал Билал Экшитэй уулзаж, 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Улаанбаатар-Истанбул чиглэлд эхлэх шууд нислэг нь аялал жуулчлалыг нэмэгдүүлэхэд үлэмж хувь нэмэр болно гэдгийг харилцан тэмдэглэж, хамтран ажиллах тодорхой саналуудыг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Форумыг Монгол Улсын БОАЖЯ, Туркэд суугаа Монгол Улсын ЭСЯ, Турк улсын Соёл, аялал жуулчлалын яам, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEİK) хамтран зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-д хоорондын 20 дахь удаагийн консулын зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улс, БНХАУ-ын Гадаад харилцааны яамд хоорондын 20 дахь удаагийн Консулын зөвлөлдөх уулзалт 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Бээжин хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, хятадын талаас БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Цүй Аймин нар тэргүүлэн оролцсон бөгөөд Хөххот, Хонконг, Шанхай дахь Ерөнхий консулын газар болон Эрээн дэх Консулын газрын төлөөлөл байлцав.

Уулзалтын үеэр талууд иргэд харилцан зорчих нөхцөл, хоёр талын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалах, Гашуунсухайт-Ганцмод боомтоор тээвэр хийж буй жолооч нарт консулын үйлчилгээ хүргэхэд тулгарч буй асуудлаар санал, мэдээлэл солилцсоноос гадна БНХАУ-д суралцах монгол оюутнууд виз мэдүүлэхэд сүүлийн жилүүдэд тулгарч буй хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэх зэрэг консулын харилцааны өргөн хүрээтэй асуудлаар ярилцаж, тодорхой тохиролцоонд хүрлээ.

Түүнчлэн энэ үеэр хоёр талын иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, хоёр улсын холбогдох хууль, журмыг иргэдэд сурталчлах, тэдэнд мэдээлэл түгээх аяныг хамтран зохион байгуулахаар тогтсон нь энэ удаагийн уулзалтын нэг онцлог байлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Капитал банкнаас 240 тэрбум төгрөгөө буцаагаад авчихвал ндш-ийг хоёр хувиар нэмэх шаардлагагүй

– “ГАЗПРОМ” АШГАА БОДОЖ БАЙВАЛ ХИЙН ХООЛОЙГ ЕРДӨӨ ХОЁР ЖИЛИЙН ДОТОР Л ТАВИНА –


Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой ярилцлаа.


-Ерөнхийлөгч 2020 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд хэсэгчлэн хориг тавьсан.Яагаад хориг тавихаар болов?

-Төсвийн гурван хэсэгт хориг тавьсан. Нэгдүгээрт, нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хоёр хувиар нэмээд 174.2 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөнд хориг тавьж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэлээр олох орлого талаасаа 174.2 тэрбумыг хасна гэсэн үг. Сүүлийн 20 жил нийгмийн даатгалын шимтгэл тогтвортой явж ирсэн. 2016 онд МАН УИХ-д олонх болмогцоо нэмж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар НДШ гурван хувь нэмэгдчихээд байна. Дахиад хоёр хувь нэмэгдэх нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс байсан. Энэ хоригийг хүлээж авах юм бол УИХ 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувиа зогсоох хуулийн өөрчлөлтийг хийх үүрэгтэй болж байгаа. Түүнээс зарим гишүүд, сайд нарын тайлбарлаад байгаа шиг гурван жилийн өмнө батлагдсан хууль дээр хориг тавьж байгаа юм биш.

Зөвхөн 2020 оны төсөв дотор байгаа Нийгмийн даатгалын сангийн орлогод тооцогдсон байгаа 174.2 тэрбум төгрөгт хориг тавьсан.

-Олон улсын валютын сантай байгуулсан гэрээний дагуу Нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараатай нэмж байгаа гэх тайлбарыг зарим гишүүд өгсөн. ОУВС-гийн хөтөлбөрийг үгүйсгэж байгаа хэрэг биш үү?

-ОУВС нь Монголын сонгуульд оролцоод ялаад улс орныг удирдаж байгаа биш, МАН л сонгуульд ялсан.МАН л энэ шимтгэлийг нэмж байгаа. Нэмэхгүй байх бүрэн боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байгаа юм. Нийгмийн даатгалын шимтгэл аж ахуй нэгж болон ажиллагсдыг татвараас илүү дарамталдаг. 20 хувиараа яваад болоод байсан шүү дээ.

Хамгийн гол нь МАН 2016 оны сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт “татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй” гэсэн амлалт өгсөн. Гэтэл хадгаламжийн хүү, хувь хүний орлогын, газар эзэмших, ашиглах эрх борлуулсны, импортын тамхи, согтууруулах ундааны, суудлын автомашин, шатахууны татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) зэрэг есөн татвар, шимтгэл, төлбөр нэмжээ. Долоон татвар, нэг шимтгэл, нэг төлбөр нийтдээ есөн татвар нэмсэн гэсэн үг. Арав дахь нь нийслэлийн авто зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүллээ. Хэрэв та нийслэлд амьдардаг бөгөөд приус машинтай бол авто зам ашигласны төлбөрт тав дахин их мөнгө буюу 100 мянган төгрөг төлдөг болох нь. Жийп машинтай хүн 300 мянган төгрөг төлнө. Тэгэхээр сонгогдохдоо нэг юм амлаад гарсан хойноо тэрнийхээ эсрэг байдаг балмад үйлдэл байж болохгүй. Түүхий эдийн үнэ өссөн энэ үед татвар нэмэхгүйгээр эдийн засгаа удирдаад аваад явах бүрэн боломж байсан. Нүүрс, зэс, алт гээд манай экспортын бүхий л бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Гэтэл дээр нь татвар нэмж байна.

Саяхан дампуурсан “Капитал” гээд банкинд 240 тэрбум төгрөгийн НДШ-ийн мөнгө алга болсон. “Капитал” банкны эздүүдийн хөрөнгийг хураагаад энэ мөнгөө олоод авчих юм бол НДШ-ийг хоёр хувь нэмэхгүйгээр хоёр жилийнхээ төлөвлөсөн зарлагыг гаргаж болно. Энэ мэтээр идэх уух нь хэтэрсэн. Үүнийг нь нөхөхийн тулд Улаанбаатарын иргэд арав, хөдөө орон нутгийнхан есөн татвар, төлбөр, шимтгэлийн нэмэлтэд дарлуулах нь. Ядаж 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх хоёр хувийн орлогыг болих нь зүйтэй гэж төрийн тэргүүн үзэж байгаа.

-Үүнээс гадна төсвийн хоёр хэсэгт хориг тавьсан.Тэдгээрийг тодруулаач?

-Хөрөнгө оруулалтын жагсаалт дээр 2020, 2021, 2022 он дамжиж баригдах 386 барилга, арга хэмжээн дээр хэсэгчлэн хориг тавьсан.Эдгээрийн нийт дүн нь нэг их наяд 424 тэрбум 277.3 сая төгрөг. Үүнээс 2020 онд хэрэгжих нь 350 тэрбум 846.7 сая төгрөг. Эдгээрт хориг тавьж байгаа. Энэ УИХ-ын хугацаа ирэх зургадугаар сард дуусна. Дараагийн УИХ ийм үрэлгэн төсөвтэй санал нийлэхгүй байж болно. Гэтэл дараагийн УИХ-ын ажиллах 2020 оны сүүл хагас, 2021, 2022 оны төсвийн орлогыг урьдчилаад зарцуулчихаад байна л даа. Хэрэгтэй, хэрэггүй маш их барилга барьж байгаа.

-Яг ямар барилга байгууламжууд байгаа юм бэ?

-2020 ондоо багтаж дуусах барилгуудад хориг тавиагүй, энэ Их хурлын бүрэн эрх юм даа гэж бодсон учраас. Харин 2020 онд эхэлж 2021, 2022 онуудад үргэлжлэх бүх барилгуудад хориг тавьж байгаа. Оныг нь харгалзан үзсэн болохоос тэр энэ гэж цохож зааж тусгаагүй гэсэн үг. Энэ объектууд угаасаа баригдаж эхлээгүй, зураг төсөв ч байхгүй юу ч хийгдээгүй байгаа. Тэгэхээр хоёроос гурван жилийн турш үргэлжлэх 1.4 их наяд төгрөгийн 386 барилга алга болно. Гэхдээ үүний 350 тэрбум нь 2020 онд зарцуулагдах юм. Ингэснээр төсвийн алдагдал буурна. Ийм эерэг үр дүн гаргахыг Ерөнхийлөгч зорьж байгаа.

-2022 он гэхэд баригдаж дуусна гэгдээд буй Улсын драмын театр, Дуурь бүжгийн театр, Байгалийн түүхийн музейн барилгуудын төсөв хоригт багтсан уу?

-Тийм. Эдгээр барилгыг 2022 онд барьж дуусгахаар төсөвлөсөн. Иймэрхүү 386 барилгыг 2020-2022 онуудад барьж дуусгахаар төлөвлөсөн нь дараагийн УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна гэж үзсэн. Магадгүй дараагийн УИХ нураахгүйгээр ч шийдэл олж болно. Хориг хүлээж авбал сая нураадаг Байгалийн түүхийн музей шиг болохгүй гэсэн үг.

-Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан нь ямар учиртай юм бэ?

-Төсвийн тухай хуулийг дагалдаж батлагдсан Ирээдүй өв сангийн тухай хуульд хориг тавьсан. Ирээдүй өв сангийн мөнгийг Сангийн яамнаас өөр корпораци байгуулж удирдуулах хуультай юм. Манай Их хурлын үед гарсан хууль. МАН-ын УИХ, Засгийн газар гарсныхаа дараа энэхүү корпорацийг байгуулалгүй өнөөдрийг хүрсэн. Уг корпорацийг байгуулагдах хүртэл Сангийн яам Ирээдүй өв сангийн менежмэнтийг хийнэ гэдэг нь төсвийн цоорхой нөхнө л гэсэн үг. Төсвийн цоорхой нөхдөг учраас л Сангийн яамаар удирдуулахгүй гэж түрүүчийн Их хурал үзсэн байна шүү дээ. Тиймээс Сангийн яам удирдах нэмэлт, өөрчлөлтийг болохгүй гэж үзэн хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авбал корпораци байгуулж, тэрхүү хуулийн заалтын дагуу удирдлагыг нь хэрэгжүүлж, ашгийг нь арвижуулах юм. Ирээдүй өв сангийн хуулийн нэмэлт өөрчлөлт хүчингүй боллоо гэхэд төсөвт ямар ч ачаалал байхгүй. Тэр санг хэн удирдах тухай ярьж байгаа болохоос тоонд ямар нэгэн өөрчлөлт орохгүй. Ийм гурван хэсэг хориг байгаа.

-Төсөв хэлэлцэх, батлах хуулийн хугацаатай. Энэ хоригийг хүлээж авахаар төсөв задарч таарна. Энэ нь хуулиараа боломжтой юм уу?

-Задрах ёстой бол задарна шүү дээ. Ирээдүйд гарах УИХ-ын захиран зарцуулах төсвийг урьдчилаад зарцуулчихаж байгаа УИХ-ыг яах юм. Төсвөөс дээр дурдсан 386 объект хасагдана. Эдгээр барилгад төсөвлөсөн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтаас хасагдана. Нийгмийн даатгалын сангийн тухай 2020 оны төсвийн тухай хуулийн гурав, дөрөвдүгээр зүйлд хоёр хувийн өсөлтөөс НДШ санд төвлөрч зарцуулагдах 174.2 тэрбум төгрөгийг хасна. Ингэснээр НДШ хоёр хувь нэмэгдэхгүй болно. Үүнээс гадна Ирээдүй өв сангийн тухай хуулийн дагаж мөрдөх тухай хуулийн нэмэлтийг хүчингүй болгосугай гэсэн ганц өгүүлбэр гаргачих нь. Хоригийн үр дүнд төсөв сайжирна. Өөр ямар нэгэн өөрчлөлт хийхгүй.

-Ерөнхийлөгч Өмгөөллийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан зарим хуульд мөн хориг тавьсан.Түүний зүгээс “Өмгөөлөгчдийн холбоо”-г дахин байгуулахыг дэмжих боломжгүй гэж үзжээ. Үүнийг тодруулаач?

-Өмнө нь тусдаа байсан Хуульчдын холбоо, Өмгөөллийн холбоог хууль гаргаад нэг байгууллага болгосон юм. Хуульч, өмгөөлөгч Хуульчдын холбоондоо татвар төлнө, тэгж байж хуульчаар ажиллах сертификатаа авна. Өмгөөллийн холбоо байснаар өмгөөлөгч дахиад л тус холбоонд давхар татвар төлнө гэсэн үг. Өмгөөлөгчийн,шүүгчдийн, прокуроруудын зэрэг холбоо байхыг болиулаад дэлхийн жишгийн дагуу нэг холбоо байгуулсан юм. Хэдэн мянган төрийн бус байгууллагаас дөрөв, тавхан нь л өөрийн гэсэн хуультай байдгаараа ялгагдаж байдаг. Нэг нь энэ Хуульчдын холбоо. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхим буюу Компаниудын холбоо, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах холбоо, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагууд юм. Эд бүгд өөрийн гэсэн хуультай. Хуультай байдгийнхаа хувьд улс даяар ганцхан л байх ёстой. Хуульчдын холбоо нь хуульчдыг сургах, сонгон шалгаруулах, лиценз өгөх, зөрчил гаргах юм бол лицензийг нь хураах гэх мэтийн үйл ажиллагаа явуулдаг түүнийхээ төлөө гишүүдээсээ татвар авах юм. Хуучин хууль зүйн яамны хийдэг байсан үүргийг энэ холбоонд хуулиар шилжүүлээд өгчихсөн хэрэг. Хоёр дахь холбоог хэрхэвч байгуулж болохгүй шалтгаан нь төрийн бодлогын эсрэг болчихоод байгаатай холбоотой. Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагуудын тухай хуулийг хэлэлцэж эхлэх гэж байх шиг байна. Уг хууль батлагдвал Монгол Улсад тухайн асуудлаар ганцхан л мэргэжлийн холбоотой болно.

Жишээ нь, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 60, 70 холбоо бий. Ерөнхийлөгч чиглэл өгснөөр эдгээр холбоод нэгдэж “шүхэр холбоо”-той болсон. Хуулиар компаниуд тодорхой тооны хөгжлийн бэрхшээлтэй хүн авч ажиллуулах ёстой, хэрэв ажиллуулаагүй бол тухайн компани төлбөр төлдөг. Тэр төлбөрийг хуучин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам авдаг байсан. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод “шүхэр холбоо”-той болж чадвал тэр мөнгийг өгье гэсэн юм. Тэр мөнгөний захиран зарцуулах эрхийг яам биш холбогдох холбоонд нь өгье гэхэд 60, 70 холбоотой байгаа юм. Тиймээс нэгдэж нэг холбоо болох чиглэлийг өгсөн хэрэг. “Шүхэр холбоо” нь чухал үүрэгтэй. Тэд аж ахуйн нэгжүүд дээр очоод хичнээн хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгана. Ажиллуулаагүй байвал төлбөрөө авна. Ингэж хагас төрийн байгууллага шиг ажиллана. Олсон мөнгөөрөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ ажилтай болгоно. Холбоог нэг болгож, онцгой эрх өгөх гэсний учир нь төр өөрийнхөө үүргийг жинхэнээс нь шилжүүлж өгөх гээд байгаа юм. Төр бүгдийг нь хариуцаж даахгүй байна шүү дээ. Компани бүрээр яваад хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулж байгаа эсэхийг шалгаад, тоолоод явах хүн хүч, орон тоо байхгүй учраас хариуцсан хүнд нь орлогыг нь өгөөд, жил бүр тайланг нь авч байх юм. Цаашид холбоодын үйл ажиллагааг жигдрүүлэх, дарга нь тодорхой хугацаанд солигдож байдаг дүрмүүдийг хуульчилж өгөх юм. Хэрэв энэ шалгуурыг даахгүй бол төрөөс өгсөн эрхээ буцаагаад авчихна. Хуульчдын холбоо нь Өмгөөллийн холбоо болоод хоёр хуваагдчих юм бол хуульчдын холбооны тухай хууль дээр байгаа сертификат өгдөг эрхээ буцаагаад авчихна гэсэн үг. Нэг холбоо болсноор өмгөөлөгч шүүгч, прокурорт үнэлгээ өгнө. Шүүгч, прокурор нь өмгөөлөгчдөө үнэлгээ өгнө. Ажлаа хийж чадахгүй нэгнийг холбооноосоо хасчихаж болно.Энэ хүн хуульчаа хийж чадахгүй гэдэг л үнэлгээнд хүрнэ. Угтаа Хуульчдын холбоон дотор Өмгөөлөгчийн дэд холбоо байдаг. Хуульчдынхаа холбоонд төлсөн нэг л татвараар дэд холбоо нь санхүүждэг. Холбоо байгуулъя гэсэн хүн бүрт хууль гаргаж өгөөд байх юм бол дахиад л замбараагүй байдал руугаа орно.

-Ерөнхий сайд ОХУ-д айлчлаад ирлээ. Хийн хоолойтой холбоотой тодорхой үр дүн гарах болов уу гэсэн хүлээлт байсан ч дорвитой шийд гарсангүй. Судлаачдын зүгээс хоёр хөрш хийн хоолойг Монголоор дамжуулах сонирхолгүй ч гэх юм.

-Яагаад.

-Товчхондоо хоёр хөрш манай улсад тийм давуу талыг өгөхгүй гэж байгаа.

-Манайхаар явах зам богино, уул намаг байхгүй, хоолой тавих зардал нь хямд учраас эдийн засгийн хувьд ашигтай юм. Богино замаар хямдхан хүргэхийг л хоёр хөрш сонирхож байгаа.

-Саяын айлчлалаар энэ асуудал хөндөгдсөн үү?

-Манайх хийн хоолойн талаар баримтлах бодлогоо Ерөнхий сайдын ярианы сэдэвт оруулаад явуулчихсан байгаа.Түүнийгээ танилцуулсан. Одоо нөгөө тал судалгаагаа хийгээд шийдвэрээ гаргах ёстой.

-Яг хэдийд ажил хэрэг болох вэ?

-Энэ өөрөө бизнес юм. Дэлхийн хамгийн их хий экспортолдог ОХУ, хамгийн том импортлогч БНХАУ руу хэдэн хийн хоолойгоор очих вэ гэдгээ л бодож байгаа болохоос биш очихгүй байх тухайгаа бодохоо больсон. “Газпром” ашгаа бодож байвал хийн хоолойг ердөө хоёр жилийн дотор л тавина. Гол нь тогтвортой байдал чухал. Украйн шиг дундаас нь хулгай хийгээд байж болохгүй шүү дээ. Түүний баталгааг л манай улс өгөх ёстой.

-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулж авлаа гэх шүүмжлэл гарч, Цэц ч үүнийг нотолж шийдвэр гаргасан.Ийм нөхцөл байдалд хүртэл нь лоббидсон хүн нь таныг гэх юм. Энэ үнэн үү. Мөн Цэцийн шийдвэр гарах хүртэл багагүй хэмжээний татварын алдагдал хүлээсэн гэж байгаа. Энэ тухайд?

-АМНАТ-ийг татвар гэж ойлгодог Сангийн сайдад л хамаг учир байгаа юм. Энэ бол татвар биш. Үндсэн хуулийн дагуу ашигт малтмал нийт ард түмний өмч. Түүнийгээ олборлож байгаа компанид нь таван хувиар зардаг. Энэ оны гуравдугаар сар хүртэл зөвхөн А лицензтэй олборлогч нарын төлдөг энгийн төлбөр байсан. Харин олборлоогүй компани төлөх хууль гаргаснаас бүх юм буруудаж байгаа.Тэглээ гээд ашигт малтмалын А лицензгүй боловсруулдаг үйлдвэрүүд нэг ч төгрөг төлөөгүй, энэ төлбөрийг нь эсэргүүцээд. Сангийн сайдын ярьж байгаа АМНАТ-ийн тухай асуудал бол татвар гэдгээс үүдэлтэй туйлын буруу ойлголт. Үүнээс зугтах арга байхгүй. Тиймээс энэ төлбөр хэзээ ч зогсохгүй. Төлбөрөө төлөөгүй хүнд бараагаа зээлээр өгдөггүйтэй адил АМНАТ хуулиас болж зогсохгүй. Ямартаа ч энэ асуудлыг дараагийн Их хурал засаж залруулах байх. А лицензгүй 38 үйлдвэр хаалгаа барьсан. Д.Бямбасүрэн гуай “Малчнаас 200 мянган төгрөгөөр хонь авлаа. Гуанзан дээрээ өнөөх хониороо бууз хийж зараад 400 мянган төгрөг болголоо. Гэтэл малчин давхиж ирээд олсон ашгаас чинь би авна гэж заргалдадгүй биз дээ” гэж их ойлгомжтой тайлбарласан байна лээ.

Би Монголын баялаг эх орондоо ямар нэгэн бүтээгдэхүүн болоосой гэж лоббидож байгаа. Тухайлсан компанитай ямар нэгэн холбоо байхгүй. Тэр бол гүтгэлэг. Цагдаад өргөдөл гаргасан, гүтгэснийг тогтоовол зөрчлийн хуулиар торгох байх.

-УИХ АМНАТ-ийн тухай хуульд өөрчлөлт оруулсан шүү дээ.

-Ашигласан компаниудаас нь авна гэдэг хуучин хуулиа л сэргээсэн.

-Тэгэхээр эргээд Цэц дээр унах юм биш үү?

-МАН-тай заргалдаад нэмэргүй юм байна л гэж харж байгаа байх. Монголын А лицензгүй бүхий л ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдийн хаалгыг барих бодлого явуулж байгаа бол яая гэхэв дээ. Хаахаас л биш. Ажилгүй болсон 18 мянган хүн нь л дараа нь сонголтоо зөв хийг.

-УИХ Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Сонгуулийн тогтолцоог 50:26-аар явуулах эсэх дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Сонгуулийн хуулийг эрх барьж байгаа нам өөрчлөх байх. Аль нь зөв, буруу гэж хэлэх аргагүй. Учир нь эд нар дотроо хэрэлдээд байгаа юм. Хэнийх нь тал дийлэхийг мэдэхгүй. Ер нь бол холимог тогтолцоог Үндсэн хуульдаа оруулж, гишүүдийн тоог 108 болгон, гишүүдийн хагас нь нэг мандаттай тойргоос, үлдсэн хагас нь намын жагсаалтаар сонгогддог байх саналыг Ерөнхийлөгч өгсөн боловч УИХ хүлээж аваагүй. Ерөнхийлөгчийн саналыг хүлээж аваагүй мөртлөө холимог тогтолцоог авч байгаа нь сонин. Сонгуулийн мажоритар систем нь сонгогчдын саналыг алдаатай тусгадаг буюу гээгдүүлдгээрээ алдартай. 2016 онд МАН сонгогчдын 45 хувийн саналаар УИХ-ын 76 суудлын 65-г нь буюу 85.5 хувийг авсан.Хоёр дахь сонгуулийн систем болох пропорциональ нь санал гээгдүүлэхгүй сайн талтай боловч хүний төлөө бус намын төлөө өгдөг гэдгээрээ дутагдалтай. Ийм сайн, муу хоёр системийг хослуулан холимог болгож хэрэглэх нь УИХ-д сонгогчдын өгсөн санал зөв тусгал болох учраас Монгол Улсын хувьд чухал юм. Хэдийгээр сонгуулийн үндсэн хоёр систем, түүнийг хольсон гурав дахь холимог систем байдаг боловч саналын хуудас, санал тоолох аргачлал зэргээсээ хамаараад 100 орчим болж задардаг. Энэ 100 замын алиныг нь сонгохыг мэдэхгүй. Удирдах зөвлөлийнхөө шийдвэрээр ийм зүйл хийж байгаа бол батлагдах магадлалтай л байх. Гэхдээ түүнийг нь эсэргүүцсэн олон гишүүн байгаа гэсэн. Ямартаа ч холимог болох юм бол сонгуулиас сонгуульд гардаг энэ их савлагаа багасна. Энэ төсөв дээр маш тодорхой харагдаж байгаа юм. Огт хэрэггүй зүйлд маш их мөнгө үрж байгаа. Улс орны хэмжээний том бүтээн байгуулалтад нэг ч төгрөг тавихгүйгээр өөрийнхөө тойрогт амбаар шовойлгож, тууз хайчлахыг илүүд үзэж байна.

-50:26-аар явбал намаар дулдуйдсан, тэр дундаа рейтинг өндөртэй нэгнийхээ далбаан дор нуугдсан нөхдүүд гараад ирэхгүй юу?

-Намаар дулдуйдсан хүмүүс гарахгүй байхаар ярьж байгаа юм билээ.Өргөн барихаас өмнө ярьж байсан яриаг нь сонсоход 50 хүн жижиг тойргоос сонгогдоно. Гурван тойрогтой байсан аймгууд хоёртой болно. Нам болгон 26 хүнийг жагсаана. 10 нам байлаа гэхэд 260 хүн жагсана. Нам өөр, өөрсдийн 26 хүнийг жагсаалаа гэхэд ард түмэн сонголтоороо дэс дарааллыг нь өөрчилнө. Өөрчилсөн дэс дарааллаас хувьчилж бодно.

-Хувь тэнцүүлчихээр өндөр санал авсан байлаа ч гишүүн болж чадахгүй.Энэ нь шударга бус юм биш үү?

-Тэрийг нь МАН өөрөө шийдэх ёстой байхгүй юу.

-Сонгогчдод түвэгтэй байдал үүсгэхгүй юү?

-Би Шведэд очиж сонгуулийнх нь үеэр ажигласан юм. 260 хүнийг нэг хуудсанд бичдэггүй юм билээ. Намуудын өнгөтэй цаасан дээр нэр дэвшигчдийнх нь л нэрийг биччихдэг. МАН байвал улаан, АН байвал цэнхэр ч гэдэг юм уу. Сонгогч сонголтоо хүмүүст мэдэгдүүлэхгүйн тулд өрсөлдөж буй бүх л намуудын нэр дэвшигчдийн нэрстэй цаасыг аваад бүхээгтэй ороод суучихдаг юм. Харин бүхээгт орсныхоо дараа дэмжиж буй намынхаа цаасыг аван, нэр дэвшигчээ сонгодог.

-Ардчилсан нам сонгуулийн санхүүжилтээ ил тод зарласан. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Бүх намын санхүүжилт ил тод байх ёстой. Ардчилсан нам түрүүлж ил болгосноороо шүүмжлэл хүлээгээд байх шиг байна. 76 хүн бүгдээрээ бие дааж явж байгаад гарчихдаг сонгууль байхгүй болсон.Тэдний нийтлэг сурталчилгааг явуулахын тулд зардал гарах ёстой. АН түүнийгээ олигархуудаас авахгүй байхаар шийдсэн. Харин нэр дэвшиж байгаа хүмүүстээ үүрүүлэхээр шийдсэн байна лээ. Энэ нь бодлогын хувьд зөв л дөө. Одоо АН-ын 100 сая төгрөгийг шүүмжлэхийн оронд МАН, МАХН, Иргэний зориг нам болон бүх намууд сонгуулийн зардлаа хэрхэн цуглуулах гэж байгааг анхаарах хэрэгтэй.АН-ынх ойлгомжтой. Сонгуульд оролцох гэж байгаа хүн бүр 100 сая төгрөгийн хандивыг намдаа цуглуулж өгнө. Хувиасаа өг гэсэн үг биш шүү дээ. Би нэр дэвшье гэж бодож байгаа бол “Энхболдыг УИХ-ын гишүүн болгоё гэж дэмжиж байгаа бол АН-д 100 сая төгрөгийн хандив өгнө үү, арванхоёрдугаар сарын 15-наас өмнө 40 сая төгрөгийн хандив өгнө үү” гэх хандивын арга хэмжээ явуулна гэсэн үг. Таньдаг компаниуд руугаа утасдана. Улс төрийн намын тухай хуулиар дээд тал нь компани 10 саяыг, хувь хүн нэг сая төгрөгийн хандив өгнө. Нэг сая төгрөг өгөх 40 найз, эсвэл 10 сая төгрөг өгөх дөрвөн компани олон хэрэгтэй.

-Та мэдээж УИХ-д нэр дэвшинэ байх. Хэзээ ЕТГ-ын даргын ажлаа өгөх вэ?

-Хуулиараа би ажлаа өгөхгүй ч байж болно. Улс төрийн албан тушаал, сайдтай адилхан гэсэн үг.

-Гэхдээ та сонгуулийн сурталчилгаагаа хийнэ биз дээ.

-Хийнэ. Сонгуулийн сурталчилгаагаа хийх, тойрогтоо ажиллах зэрэг олон ажлууд бий. Сонгуулийн хууль нь эхлээд ойлгомжтой гараг дээ. МАН дотроо үзэлцээд л байна. Аль бүлэглэл нь дийлэхийг харж л байя.

-Та намдаа хандиваа өгчихсөн үү?

-Арванхоёрдугаар сарын 15-наас өмнө олж өгнө. Би Ардчилсан намд Улс төрийн намын тухай хуулийн дагуу хандив цуглуулахад нь тусална. Миний оруулсан хандивыг над дээр бүртгэнэ. Хандивын бүх орлого нь шилэн, ямар компани хэн гэдэг хүн хэдэн төгрөг өгснийг мэдэх боломжтой. АН-аас бусад намууд хандиваа ил тод болгох хэрэгтэй.

-Та Өвөрхангайд нэр дэвших юм уу?

-Хаана ч дэвшиж магадгүй.

-Хэрэв сонгууль 50:26-аар явбал та жагсаалтад орохуу?

-Нам бүр ялахын тулд эхлээд тойрогтоо танигдсан рейтингтэй 50 хүнээ явуулна.26 хүн дээрээ улс даяар рейтинг өндөртэй хүнээ явуулж таарна.Аймаг, нийслэл гэлтгүй улс даяар сонгогчид таньдаг нэр дэвшигчдийг олж явуулна гэсэн үг. Зарим гишүүд зөвхөн өөрийнхөө зургаан суманд л танигдаад байна шүү дээ. Сонгуулийн систем нь тийм юм чинь. Гэтэл улс даяар таньдаг хэсэг хүн байгаад байна л даа. Холимог систем нь жижиг намуудад шаанс өгч байгаа. Гэхдээ таван хувийн босго давсан тохиолдолд.

-Эмэгтэй болон шинэ залуу улстөрчдийн боломж багасах юм биш үү?

-Эсэргээрээ шүү дээ. Нам бүр 26-гийн жагсаалтыг хийхдээ тодорхой тооны эмэгтэй, залуу улстөрчдийн төлөөллийг оруулна. Учир нь эмэгтэй улс төрч тухайн тойргоос эрэгтэй хүн шиг өрсөлдөөд гарч ирэх шаанс нь үргэлж бага. Мөнгө цуглуулах талаасаа ч тэр. Сонгуулийн чухал элемент чинь мөнгө шүү дээ. Тэр мөнгө нь хуулийн дагуу цугларч, зарцуулагдах ёстой.