Categories
гадаад мэдээ

2019 оны Ертөнцийн Миссээр Өмнөд Африк бүсгүй шалгарлаа

Miss Universe 2019 наадмын эцсийн шалгаруулалт саяхан АНУ-ын Атланта хотод болж өндөрлөлөө.

Энэ оны Ертөнцийн миссийн титмийг Өмнөд Африкийн оролцогч, 26 настай Зозибини Тунзи зүүхээр шалгарсан байна. Тэрээр сүүлийн шатанд Пуэрто Рика, Мексикийн оролцогчдыг ялсан юм.

Тэмцээнийг Америкийн телевизийн од Стив Харви хөтөлж, ялагчийг долоон эмэгтэйгээс бүрдсэн шүүгчдийн баг шалгаруулжээ.

“Над шиг арьс, үс, зүстэй эмэгтэй хэзээ ч гоо сайханд тооцогддоггүй ертөнцөд би өссөн билээ. Энэ цаг үе өнөөдөр дуусаж байна” гэж Тунзи титэм зүүснийхээ дараа хэлсэн байна.

“Miss Universe” наадам энэ жил 68 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд дэлхийн 90 гаруй орны сайхан бүсгүйчүүд оролцжээ.

Өнгөрсөн онд энэ тэмцээнд түрүүлж байсан Филиппиний Кэтриона Грэй өөрийн титмийг Тунзид зүүж өгсөн байна.

Энэ жилийн тэмцээний үеэр Мьянмарын оролцогч өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан нь “Miss Universe”-ийн түүхэнд анхны тохиолдол болжээ.

Өнгөрсөн долоо хоногт тэр People сэтгүүлд ярихдаа “Энэ тэмцээнийг ашиглаад би өөрийгөө лэсби болохыг зарлаж байна. Ингэснээрээ би Мьянмарын LGBTQ хүмүүст том нөлөө үзүүлэх юм” гэсэн байна.

Зүүн өмнөд Азийн Мьянмар улсад ижил хүйстэн байх нь хууль бусад тооцогддог бөгөөд баригдвал бүх насаар хоригдох хүртэл хатуу шийтгэл амсдаг.

2018 оны тэмцээний үеэр Испанийн мисс “Miss Universe”-ийн түүхэнд анхны транс жендер оролцогч болж байжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп 1996-2015 онд “Miss Universe” байгууллагыг эзэмшдэг байсан бөгөөд энэ үеэрээ оролцогчдын хувцас солих өрөөнд байнга нэвтэрдэг байсан талаар хэд хэдэн эмэгтэй гомдол гаргаж байсан түүхтэй.

Энэ жилийн тэмцээний үеэр сүүлийн үед шүүмжлэл, маргаан дагуулах болсон усны хувцастай үзүүлбэрийг телевизээр дамжуулалгүй, зөвхөн танхимд суусан үзэгчдэд сонирхуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Шинэ Зеланд улсад оршин сууж, зорчиж буй Монгол иргэдийн анхааралд

Шинэ Зеланд Улсын Өмнөд аралд болсон цаг агаарын аюултай үзэгдлийн улмаас газрын гулгаа үүсч, хэд хэдэн замууд хаагдсан байна. Westland дүүргийн Иргэний хамгаалал, онцгой байдлын газраас мэдээлснээр олон тооны гадаадын жуулчид Баруун эрэг /West Coast/ -ээс зорчих боломжгүй болсон бөгөөд ялангуяа Franz Joseph болон Fox Glacier хотод жуулчид олноороо хашигдсан байна.

Түүнчлэн Шинэ Зеланд Улсын White Island-д өнөөдрийн 14.30 цагийн орчимд галт уулын дэлбэрэлт болсон бөгөөд энэ үеэр уг арал дээр гадаадын жуулчид байсан гэсэн мэдээлэл байна. Жуулчдын тоо болон харьяаллын талаарх мэдээлэл одоогоор алга.

Иймд Шинэ Зеланд Улсад ажиллаж, амьдардаг Монгол иргэд Та бүхнийг анхаарал болгоомжтой байж, холбогдох байгууллагаас гаргаж буй сэрэмжлүүлэгт анхаарал хандуулж, мөрдөж ажиллахыг зөвлөж байна. Мөн дээрх арал болон хотуудад зорчиж буй, хүнд нөхцөлд орсон Монгол иргэд байвал ЭСЯ-тай яаралтай холбоо барина уу.

ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Categories
мэдээ улс-төр

“Торгоны зам”-ын хотуудын холбоо БНХАУ-д чуулж байна

“Торгоны зам”-ын хотуудын холбооны анхдугаар чуулган БНХАУ-ын Жан Жяажье хотод болж байна.

“Торгоны зам”-ын хотуудын холбоо нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Торгоны зам” Олон улсын худалдааны танхимын дэргэд байгуулагдаж ийнхүү анхны чуулганаа хийж байна. “Торгоны зам” Олон Улсын Худалдааны Танхимын дээд хэмээжний чуулга уулзалтад 22 орны 58 хотын холбоод оролцож, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ үеэр манай улсаас Дорноговь аймаг Торгоны замын хотуудын холбоонд албан ёсоор элсэж, Жан Жяажье хоттой найрсагаар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн, Монгол Улсаас БНХАУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн тэргүүн С. Бямбацогт тэргүүтэй Дархан-Уул, Дорноговь, Дорнод, Төв аймгийн Засаг дарга, удирдах ажилтнууд, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар оролцож байна.

Categories
мэдээ нийгэм

Аврагчид “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид он гарсаар 11 сарын байдлаар 4681 удаагийн гамшиг, ослын голомтод үүрэг гүйцэтгэж, 1658 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалан үүргээ нэр төртэй биелүүлэхийн зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна.1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байна.

Баян-өлгий аймгийн Ногоон нуур сумын нутаг дэвсгэр дэх энэхүү далд уурхайд аврагчид өдөр бүр цасан шуургатай, -20-30 хэмийн тэсгэм хүйтэн, зарим газраа 10 орчим метрийн зузаан хунгарласан цас, мөс тогтсон, байгаль цаг уурын хүнд нөхцөлд уртасгасан цагаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна гэв

Улсын зарим эмнэлгүүдэд хууль бус тендерийн будлиан газар авч, эрүүл мэндийн даатгалын сан, иргэдийн татварын мөнгийг зарим эмнэлгийн удирдлагууд хувийн эмнэлэг, эрх ашиг бүхий байгууллагуудад зарцуулж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д “Ази фарма” ХХК-ийн дэд захирал М.Тунгалаг, Хуулийн зөвлөх С.Наранцэцэг, Тендер хариуцсан ахлах эм зүйч З.Цэрэнхүү нар хэвлэлийн бага хурал зарласан юм. Тэд улсын хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг, Монголдоо ганц байдаг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хууль бус тендерийн сонгон шалгаруулалт явагдснаас сүүлийн үед чанаргүй имплант, протез үе суулгуулсан иргэд эрүүл мэндээрээ хохирч, эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгө улсын томоохон эмнэлгүүдийн дарга нарын халаасны компаниуд руу орж байгааг онцолсон юм. Тус байгууллагын хувьд, Герман улсын “Валдимар инк” гэж үйлдвэрийн хиймэл үе солих имплант, протезийг Монголд оруулж ирэх, эрүүл мэндийн болон халамжийн сангаар дамжуулж, иргэдэд хүргэх зорилготойгоор ГССҮТ-ийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцсон байна. Гэтэл ГССҮТ-ийн 2019.03.06-ний өдрийн №196 тоотоор “Ази фарм” ХХК-д ТБОНӨБҮХАТХ-ийн 27.4-ийг үндэслэн гэрээ байгуулахаас татгалзсан хариу өгчээ. “Ази фарм” ХХК-ийн зүгээс Сангийн яаманд тендер шалгаруулалтыг хянуулахаар гомдол гаргаж, Сангийн яамны зүгээс 2019.03.25-ний өдөр 6-1/630 тоотоор ГССҮТ-ийн тендрийн сонгон шалгаруулалтыг шударга явуулаагүй байна, дахин хянаж үзнэ үү гэсэн албан бичгийг илгээж, шаардлага тавьсан байна. Гэвч үүнийг үл ойшоож, тендрийн сонгон шалгаруулах журамд огт байхгүй заалтуудыг оруулж ирэн оролцож байгаа байгууллагуудад ижил тэгш шаардлага тавихгүй, эрх ашиг бүхий байгууллагадаа шударга бус үнэлгээг хийсэн тухай хэлэв.

Мөн монгол хүнд хамгийн өргөн хэрэглэгддэг түнх, өвдөгний үений протез, хиймэл үе нийлүүлэх тендер будлиантаж, тендерт хувийн компаниудаа шалгаруулах болсон эргээд иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Үүнээс үүдэж, хариуцлагагүй компаниудын нийлүүлж буй чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээс болж, үе солиулах хагалгаанд орсон хүмүүс эмнэлэгт эргэн хандах нь түгээмэл болж, ясны цуурал, түнх үений мултрал, цусанд халдвар орж бохирдох гэх мэт эрүүл мэндээрээ хохирох асуудал гарсаар байгааг шүүмжлэв. Мөн гадны цахим сайтуудад ч бас энэ талаарх мэдээллүүд гарсныг хэлж байсан юм. Түүнчлэн “Улсын томоохон эмнэлгүүдэд иргэдийн эрүүл мэндийн асуудалд анхаарах олон асуудал бий. Гэтэл иргэдийн эрх ашгийг хөндсөн энэ мэт үйл ажиллагаа нь эргээд эрүүл мэндийн салбарт ажиллаж буй залуу үед буруу үлгэр дуурайлал үзүүлэх, эрүүл мэндийн салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна. Эрүүл мэндийн салбарт нийлүүлж буй чанарын шаардлага хангасан эм эмийн бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, техник хэрэгсэл нь энэхүү тендерийн сонгон шалгаруулалтын хууль бус ажиллагаанаас болж Монгол Улсад нийлүүлэхгүй байх, монгол хүний эрүүл мэндэд хэрэглэх боломжийг бид авч чадахгүй байх эрсдлийг үүсгэж байна. Иймд төр захиргааны байгууллагууд, эрүүл мэндийн салбар, улсын томоохон эмнэлгийн удирдлагууд энэ асуудалд аль аль талаасаа анхаарч ажиллаасай. Энэ тендерт оролцож буй аж ахуй нэгжүүд бас идэвхтэй оролцоосой. Ингэж тал талаасаа энэ асуудалд анхаарч байж эрүүл мэндийн салбарт шударга өрсөлдөөнийг бид тогтоож чадна” гэв.

Categories
мэдээ нийгэм

“Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2019 оны нэгдүгээр сарын 01-ээс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан төрийн алба дахь шинэтгэлийн үйл явц улс орон даяар үе шаттайгаар өрнөж байгаа билээ.

Энэхүү ажлын нэг хэсэг болох “Төрийн албаны нэгдсэн сургалт” өнөөдөр Дотоод хэргийн их сургууль дээр эхэллээ. Сургалтыг Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс хамтран зохион байгуулж байна. Сургалтад Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат нар оролцож үг хэлэв.

Төрийн албаны зөвлөлийн дарга сургалтыг нээж хэлсэн үгэндээ, “Хувийн хэвшил хүнээ бэлдээд, чадварлаг боловсон хүчнийг татаж байхад төрийн алба хүн ирж ажиллахыг хүлээгээд сууж таарахгүй. Өсөн дэвжих төрийн үйлийг өрсөлдөх чадвартай, өндөр боловсролтой, ёс зүйтэй хүмүүс залгуулах учиртай.

Тиймээс, дэлхийн улс орнуудад хувийн хэвшлийн хэрэгжүүлж ирсэн арга барилуудын нэг болох head hunting буюу мэргэжлийн топ экспертүүдийг байгууллагадаа урин ажиллуулдаг туршлагыг Мерит зарчмын хүрээнд төрийн албанд нэвтрүүлэх хэрэгтэй. head hunting буюу “толгой ангуулчлах” утгачилбал оюуны өндөр чадамжтай хүний хүний сэтгэлгээг төрийн албанд ашиглах тухай асуудал юм.

Зөв хүнийг зөв ажилд нь томилж зөв үр дүнд хүргэх зорилтыг дэвшүүлж бодит ажил хэрэг болгох зөв ажлын эхлэлийг тавьж байна. Чадахуйн зарчмын мөн чанар ийм юм.

Эстони улс үндсэндээ дижитал орон болж, төрийн үйлчилгээ блокчэйн технологид суурилан 24 цаг 7 хоног тасралтгүй системд шилжиж чаджээ. Төрийн бүх үйлчилгээ өдөр шөнө, амралт баяр ёслолын өдрүүдээс үл хамааран онлайнаар явагдаж байна. Аргентин энэ оны эхний өдрөөс цаасгүй Засгийн газартай болж, технологийг авлигатай тэмцэх гол түншээ болгож байна.

Хятадад “нийгмийн оноо”-ны системийг туршиж эхэлжээ. Архи их авдаг, уудаг, гарцгүй газраар гардаг, гудамжинд зүй бус авирладаг хүнийг царайгаар нь таниад хиймэл оюун ухааны оролцоотойгоор зээлжих зэрэглэлийг нь бууруулж, нийгмийн хариуцлага хүлээлгэж байна.

“Сөрөг үйл явдлыг сөрөн зогсож болдог, харин цаг нь ирсэн үзэл санааг зогсоох боломжгүй” гэсэн ухаантны үг бий. Иргэд, олон нийтийн дунд төрийн албаны шинэчлэлтийг хийх хүлээлт өндөр давтамжтай, шударга ёсны хүсэмжлэл их байна. Бэлтгэгдэж чадсан хүн бэрхшээл, сорилыг хохирол багатай даван туулна.

Мэдлэгтэй, ур чадвартай, мэдээлэл боловсруулж чаддаг эрдэм илүү төрийн албан хаагч үүнийг хийж чадна. Ирэх жилийг төрийн албан хаагчдын хувьд тогтвортой, урьдчилан төсөөлөх боломжтой, үр ашигтай үйлчилгээг иргэдэд үзүүлэх жил болгоно” хэмээн онцолсон юм.

Гурван өдрийн турш үргэлжлэх уг сургалтад, яамндын Төрийн нарийн бичгийн дарга нар, агентлаг дарга нар, нийслэл, аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд, салбар зөвлөлгүй байгууллагын хүний нөөцийн асуудал эрхэлсэн мэргэжилтэнгүүд гээд нийт 300 гаруй төлөөлөгчид хамрагдаж байна.

Сургалт үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк Тайланд Бат (THB)-ыг төлбөр тооцоонд нэвтрүүллээ

ХХБанк Монгол Улсад анхлан Тайланд улсын мөнгөн тэмдэгт болох Бат (THB)-ыг энэ оны 10-р сарын 15-ны өдрөөс эхлэн гадаад төлбөр тооцоондоо нэвтрүүллээ.

Манай улсын иргэд Тайланд улс руу 2007 оноос эхлэн 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боломж нээгдсэнээс хойш жилд дунджаар 10-15 мянган иргэн аялал жуулчлал болон эмчилгээний зорилгоор Тайланд улсыг ихээр зорьдог болсон.

ХХБанк Тайланд улсын валют Бат (THB)-ыг гадаад төлбөр тооцоондоо нэвтрүүлснээр иргэд, харилцагчид Тайланд улсыг зорихдоо ам.доллар худалдан авч, Бат (THB) руу хөрвүүлэн ашигласнаар үүсэж болох ханшийн зөрүүний болон бэлэн мөнгөний эрсдэлүүдээс бүрэн хамгаалагдах боломжтой боллоо.

ХХБанк нь гадаад харилцаа, олон улсын банкны үйл ажиллагаагаар банкны салбартаа үргэлж тэргүүлэгч нь байсаар ирсэн бөгөөд 2019 оны байдлаар Монгол улсад хамгийн олон төрлийн валютаар буюу үндсэн 16 болон бусад 23 нийтдээ 39 төрлийн валютаар харилцагч нартаа үйлчилгээ үзүүлж, Монгол Улсын нийт гадаад төлбөр тооцооны 85 хувь, Худалдааны санхүүжилтийн 57 хувийг дангаараа гүйцэтгэж байна.

ХХБанкны сошиалд нэгдээрэй.

Categories
мэдээ нийгэм

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч зарлиг гаргаж, Монгол Улсын гавьяат цол олголоо

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж:

Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүст өнөөдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн Их танхимд Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор

  • “Нүүрэнтэйн илч” Төрийн бус байгууллагын дэд тэргүүн Чимэдцэрэнгийн Дашбаатар,
  • “Тосон тогоо” ХХК-ийн захирал Цэвээний Өлзийтогтох нарыг,

Гавьяат багш цолоор

  • Ховд аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн ахмад багш Тогмидийн Даваа,
  • Дархан-Уул аймгийн Дархан дээд сургуулийн ахмад багш Мөнхөөгийн Очирбат
  • Хүүхдийн “Өнөр бүл” төвийн захирал Сүхзагдын Сэнгэдорж нарыг

Гавьяат хуульч цолоор

  • “Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн ахмад багш Чүлтэмийн Отгонбаярыг,

Гавьяат эдийн засагч цолоор

  • Голомт санхүүгийн нэгдлийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Данзандоржийн Баясгаланг,

Гавьяат эмч цолоор

  • Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ахмад эмч Дамбын Нямхүүг,

Гавьяат мал зүйч цолоор

  • “Түмэн шувуут” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаярыг,

Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор

  • Монголын хөгжмийн зохиолчдын холбооны гишүүн Түмэнбаярын Нямдоржийг,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор

  • “Хилэм-Ост” ХХК-ийн ерөнхий захирал Бадарчийн Алтаншанд,
  • Орхон аймгийн Зураач урчуудын холбооны дарга Даржаагийн Батбилэг,
  • Чөлөөт уран бүтээлч Санжаагийн Баянмандах,
  • Дэлхийн захирлуудын холбооны дэд ерөнхийлөгч Соёлсүрэнгийн Билэгсайхан,
  • Нийслэлийн Баянгол дүүргийн Гэрлэх ёслолын ордны дарга Хорлооновын Болор-Эрдэнэ
  • Төв аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн дарга Дондовын Дунхорол,
  • “Алтан алим” ХХК-ийн ерөнхий захирал Нацагийн Жаргалсайхан,
  • Баян-Өлгий аймгийн “СУАТ” ХХК-ийн ерөнхий захирал Сапылгалийн Шарив,
  • Баянхонгор аймгийн Баянхонгор сумын өндөр настан Анандын Рэгзэн,
  • Дундговь аймгийн “Амьдрал” сонины эрхлэгч Сандагдоржийн Пүрэвсүрэн нарыг,

Худалдааны гавьяат ажилтан цолоор

  • Шинэ дэвшилтэт холбооны нарийн бичгийн дарга, худалдааны байгууллагын ахмад ажилтан Намсрайноровын Цэнгэлийг шагнав.

Мөн Монгол Улсад хүмүүнлэг иргэний Ардчилсан нийгэм цогцлоон байгуулах, хадгалах, хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулсан аж үйлдвэр, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, нийгэм, үйлчилгээний салбарын нэр бүхий хүмүүсийн төлөөлөл болгон Төрийн дээд одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор

  • Радио, телевизийн дээд сургуулийн ахмад багш Цэндийн Дагийг,

Алтан гадас одонгоор

  • Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн бага ангийн багш Рэгзээгийн Оюунсувд,
  • Нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Жамсранжавын Оюунсүрэнг,
  • Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны ахмад настан Алтангэрэлийн Пүрэв-Очир нарыг шагнав.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ШАГНАЛ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:

“Манлайлагчид, гавшгайчид аа,

Ард иргэд ээ,

Ардчилсан хувьсгалын түүхт 30 жилийн ойг тохиолдуулан салбартаа ажил үйлсээрээ манлайлсан гавшгайчдад төрийн дээд цол, одон медаль олголоо.

Өнөөдөр цол, шагнал гардаж буй хүмүүсийн ихэнх нь Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэл, ардчилсан хувьсгалын төлөөх бүх нийтийн хөдөлгөөний тэргүүн эгнээнд явж, ард түмнээ иргэний эр зориг, ухамсарт үйлдлээрээ манлайлсан төдийгүй ардчилсан өөрчлөлтийг баталгаажуулах, тусгаар байдлыг хангах үйлст хичээнгүйлэн зүтгэж, амжилт гаргасан гавшгайчид юм.

Та бүхэнд баяр хүргэе.

Монгол Улсын үйлчилгээний гавьяат цол тэмдгээр шагнагдаж байгаа Соёлсүрэнгийн Билэгсайхан 1983 оноос эхлэн барилгын инженерээс Монголын ардчилсан холбооны дарга, Ардын Их хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүн зэрэг албан тушаалыг хашихдаа бүтээн байгуулалтын талбарт ч, иргэдийн эрх ашгийг хамгаалах, хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох үйлст ч ихийг хийж Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцан, Өмч хувьчлалын хууль, Хэлмэгдэгсдийг цагаатгах хууль зэргийг санаачилан батлалцсан хүмүүсийн нэг юм. Ардчиллын эрх зүйн үндсийг тавилцсан болон бүтээн байгуулалтын талбарт гаргасан амжилтыг тань Монголын төр ийнхүү үнэлж байна.

Монголын ардчилсан холбооны анхны гишүүдийн нэг Бадарчийн Алтаншандыг мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагнаж байна. Бадарчийн Алтаншанд 1974 оноос автобус баазын жолоочоор ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж, ардчилсан нээлттэй нийгмийн төлөөх иргэний хөдөлгөөнд идэвхтэй оролцож, ажил олгогч эздийн холбоог үүсгэн байгуулалцаж барилга, худалдаа үйлчилгээний салбарт олон жил тууштай, өгөөжтэй, идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн хүн юм.

“Түмэн шувуут” хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ломбын Эрхэмбаяр орон нутагт ардчиллын төлөөх хөдөлгөөнд анхлан оролцогчдын нэг. Архангай аймгийн Ардчилсан намын даргаас өгсүүлээд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, аймгийн болон нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн зэрэг сонгуульт албан тушаалуудыг хашиж байсан бөгөөд улс төрийн үйл ажиллагааныхаа хажуугаар хүн амыг эрүүл, найдвартай хүнсээр хангах үйлст гаргамгай амжилт гаргасан Хөдөө, аж ахуйн ухааны доктор билээ. Тэрбээр импортоос хэт хамааралтай байсан өндөг, тахианы аж ахуй болон малын тэжээлийн үйлдвэрүүдийг эх орондоо үүсгэн байгуулж, хөгжүүлсээр дотоодын зах зээлийг бүрэн хангах хүртэл хэмжээнд хүргэж ажиллаж байгаа салбартаа манлайлагч хүн юм. Монгол Улс одоо өндөг болон тахианы тэжээлийг импортоор авахаа бүрэн зогсоожээ. Ломбын Эрхэмбаярын хөдөлмөр зүтгэлийг үнэлж Монгол Улсын гавьяат малзүйч цол, тэмдгээр шагнаж байна.

Илгээлт өвөртөлсөн адуучнаас Ардын Их хурлын депутат болон дэвшиж Ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан Баянхонгор аймгийн Галуут сумын харьяат Анандын Рэгзэн танд мөн Монгол Улсын үйлчилгээний гавьяат цолыг олгож байна. Тэрбээр орон нутагт 44 жил ажилласны 37 жилийг сум орон нутгийг удирдах үйлст зориулж Галуут сумыг Улсын тэргүүний сумаар шалгаруулахад бодит хувь нэмэр оруулсан эрхэм юм. Анандын Рэгзэн Ардчилсан Үндсэн хуулийг хэлэлцэх явцад “Малыг малчдад хувьчлах”, “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна”, “Газрын доорх баялаг төрийн хамгаалалтад байна” гэх зэрэг зарчмын ач холбогдолтой заалтуудыг санаачлан хэлэлцүүлж байсан нь Ардын Их хурлын чуулганы протоколд тэмдэглэгдэн үлджээ. Танд баяр хүргэж, талархал илэрхийлье.

Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат Аж үйлдвэрийн инженер-эдийн засагч Сапылгалийн Шаривыг Монгол Улсын үйлчилгээний гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

Сапылгалийн Шарив нь 1977 оноос хойшх 42 жилийн хөдөлмөр бүтээлийн замналдаа нефть хангамж, барилга, нийтийн аж ахуй үйлчилгээний салбарт үр бүтээлтэй, санаачилгатай ажиллажээ. Тэрбээр орон нутгийн түүхий эдээр нь М-75/100 маркийн тоосго үйлдвэрлэсэн, нефтийн бүтээгдэхүүний зүй бус хорогдлыг багасгах шийдлүүд гаргасан, орон нутаг дах Шатахуун түгээх станцуудыг орчин үеийн стандартын шаардлагад хүргэх ажлыг зохион байгуулсан, гэр хорооллын айл өрхүүдийг цэвэр усны магистраль шугаманд холбох, шинэ сум төслийг орон нутагт хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг амжилттай удирдан гүйцэтгэжээ.

Сапылгалийн Шарив нь 1989 оноос өнөөдрийг хүртэл Монголын ардчилсан холбооны гишүүн, Ардчилсан хувьсгалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн, орон нутагт ардчилсан үзэл санааг дэлгэрүүлэх, бэхжүүлэх үйлст манлайлагчдын нэг юм.

Эрхэм манлайлагчид аа, Та бүхэнд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлж сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс түгэн дэлгэрч, хүн зон амар амгалан аж төрөх болтугай.

Баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

НДШ-ийг нэмэгдүүлсэн хуульд тавьсан хоригийг хүлээж авна

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөв. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийв. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-2020 оны улсын төсвийн хуультай холбоотойгоор Ерөнхийлөгч хориг тавьсан. Бүлэг хэлэлцээд 2020 оны улсын төсвийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн Ирээдүйн өв сангийн хуульд хориг тавьсан. Үүнийг мөн хүлээж авах боломжгүй гэж үзсэн. НДС-гийн шимтгэлийн хэмжээ өсч байгаатай холбоотой хориг тавьсан. Энэ хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Ерөнхийлөгч хэсэгчлэн хориг тавьсан бол хэсэгчлэн хүлээж авч болох заалт байдаг. Мөн Ерөнхийлөгчөөс Өмгөөллийн тухай хуульд хориг тавьсаныг МАН-ын бүлэг хүлээж авахгүй гэж үзсэн хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-НДШ-ийн хуульд тавьсан хоригийг хүлээж авснаар хэрхэн зохицуулах вэ?

-Төсвийн тухай хууль батлагдсан. Аймаг, нийслэлийн ИТХ хуралдаж, төсвөө баталсан. Тиймээс улсын төсөвт тавьсан хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Харин НДС-гийн хуулийг хүлээж авснаар хоёр хувиар нэмэгдүүлэх асуудлыг хойшлуулах уу, бүр болих уу гэдгийг УИХ-аар хэлэлцсэний дараагаар шийднэ.

-ОУВС-гийн хүрээнд НДШ-ийг нэмсэн гэж байгаа. Энэ талаар ОУВС-тай зөвшилцсөн үү?

-Хоригийг хүлээж авсны дараагаар Төсвийн байнгын хороо хэлэлцэнэ. ОУВС-тай яриа хэлэлцээр хийж шийдэгдэнэ. Капитал банкинд хадгалагдаж байгаад алдагдсан мөнгөтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцэнэ.

Categories
мэдээ спорт

Монголын “Алтан бөмбөг”-ийн эзэд пүрэв гарагт тодорно

Монголын хөлбөмбөгийн 2019 оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслол болоход гуравхан хоног үлдлээ.

Энэхүү “Алтан бөмбөг”-ийн эздийг тодруулах хөлбөмбөгийн номинаци тус бүрд эхний гуравт багтсан шилдгүүдийг Монголын хөлбөмбөгийн холбооноос танилцуулж байна.

“Алтан бөмбөг”-ийн “Шилдэг эрэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн тоглогчдоос А.Дөлгөөн, И.Цэдэнбал, Х.Цэнд-Аюуш нарын гурван тоглогч хамгийн олон санал авчээ.

Монголын хөлбөмбөгийн “Шилдэг эмэгтэй тоглогч” номинацид нэр дэвшсэн тоглогчдоос С.Удвал, О.Цасан-Охин, Т.Цолмон нарын тоглогчид хамгийн олон саналыг авсан байна.

Монголын хөлбөмбөгийн 2019 оны “Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацид нэр дэвшсэн дасгалжуулагчдаас И.Отгонбаяр, Д.Лүмбэнгарав, З.Баттулга гэсэн гурван багш хамгийн олон санал авсан байна.

Харин “Шилдэг футзалын тоглогч” номинацид нэр дэвшсэн тоглогчдоос П.Алтантулга, Э.Пүрэвдорж, М.Чанцал, гэсэн гурван тоглогч хамгийн олон санал авчээ.

“Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч” номинацид нэр дэвшигчдээс Ц.Ганболд, Л.Банзрагч, В.Мөнхжаргал гэсэн дасгалжуулагчид бусдаас хамгийн олон саналыг авсан байна.