Categories
мэдээ улс-төр

Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Н.Учрал танилцууллаа.

Байнгын хорооны 2019 оны 01 тоот тогтоолоор хуулийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Учрал ахлан УИХ-ын гишүүн А.Ундраа, М.Оюунчимэг, Ц.Цогзолмаа, Я.Санжмятав нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажиллажээ.

Ажлын хэсэг хоёр удаа хуралдсан бөгөөд ажлын хэсгээс гарааны болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийг төрөөс татварын бодлогоор дэмжих, тэдгээрийг бүртгэх, тэдгээрт үзүүлэх татварын дэмжлэгийг зохион байгуулах журмыг Засгийн газар батлах зэрэг зарчмын зөрүүтэй саналууд гаргасныг Ажлын хэсгийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Н.Учрал танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Д.Оюунхорол аливаа тусгай зөвшөөрөл олгох шат дамжлагыг багасгах бодлогыг төр, засгийн зүгээс баримталж байгааг дурдаад, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах зөвшөөрлийг тухайн орон нутагт аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр олгохоор Ажлын хэсгээс санал гаргасан учрыг тайлбарлахыг хүссэн.

Ажлын хэсгийн гишүүд, технологи дамжуулах төв, хамтын оффис байгуулах тусгай зөвшөөрөл олгохоор биш орон нутгийн Засаг дарга, ИТХ-аас гаргасан дүгнэлтийг бүртгэлжүүлэх гэсэн утгатай хэмээн тайлбарласан. Тиймээс дээрх саналыг найруулгын хувьд өөрчлөхөөр Байнгын хорооны гишүүд санал нэгдсэн.

Үргэлжлүүлэн Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн орнуудын парламентчид чуулж байна

Улсын Их Хурлын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна.

Энэ сарын 9-12-ны өдрүүдэдүргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгч нар оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв.

Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль орчны экологийн асуудал, орчны бохирдлын асуудлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын төлөөлөгчдтэй уулзалт хийж,Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Дашрамд дурдахад,уг чуулган нь 46 гишүүн оронтой бөгөөд Засгийн газар хоорондын харилцан хүчин чармайлтад бодлого боловсруулалтын болон парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

“Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн боллоо

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Боловсролын газар хамтран 2016 оноос эхлэн нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, насан туршийн боловсролын төвүүдийн дунд “Монгол хүн” хүмүүжлийн аяныг 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Ийнхүү “Монгол хүн” хүмүүжлийн аяны III зөвлөгөөн өнөөдөр Ub palace концертын их танхимд боллоо. Нээлтэд нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун Ё.Цацралтуяа, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба нар оролцлоо.

Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариусан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал хэлэхдээ “Энэ жилийн “Монгол хүн” хүмүүжлийн аянаар “Уншлагыг дэмжих -2021” төслийг хэрэгжүүлснээрээ онцлогтой. Мөн энэ аяны хүрээнд сургууль цэцэрлэгийн ногоон багууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон орчин-Танхимын бус сургалт” тэргүүн туршлага шалгаруулан төсөл хэлбэрээр дэмжиж энэхүү арга хэмжээг зохион байгуулж байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд зөвхөн сургууль, цэцэрлэг, насан туршийн боловсролын төвүүдээс гадна үр хүүхдээ үлгэрлэн хүмүүжүүлэх нэр төр, ёс зүй, зан харилцааны соёл эзэмшүүлэх, төлөвшүүлэх асуудалд эцэг эх, асран хамгаалагч, багш, сурган хүмүүжүүлэгч, удирдлага, ажилтан албан хаагчид анхаарлаа хандуулж, хамтран ажилладаг болсон” гэв.

Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлсэн тус аяны хүрээнд боловсролын байгууллагууд хүүхэд хүмүүжлийн бодлого, хөтөлбөр, арга зүйн сайн туршлагуудаа түгээн дэлгэрүүлж, Монгол хүүхдэд тохирсон хүмүүжлийн гарын авлага, хөтөлбөр боловсруулах зорилго зорилттой Монгол хүүхдийн хүмүүжлийн тухай гарын авлагыг хэвлүүлсэн байна. “Монгол хүн” хүмүүжлийн аянд нийт 31 ерөнхий боловсролын сургууль, 42 цэцэрлэгийн төлөөллүүд тэргүүн туршлагаа танилцуулж ,шилдэг 5 ерөнхий боловсролын сургууль, 5 цэцэрлэгийг шалгаруулж нийт 20 сая төгрөгөөр шагнав.

Categories
мэдээ нийгэм

​Маргааш эрүүл мэндийн даатгалын өдөрлөг болно

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөгийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 10:00 цагаас улсын дөрвөн эмнэлэгт зохион байгуулна.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохиогдох тус өдөрлөгийн үеэр эрүүл мэндийн даатгалын үйл ажиллагааг сурталчлан таниулах, эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээний чанарыг талаар даатгуулагчдын санал хүсэлтийг хүлээн авч ажиллана.

Мөн өдөрлөгийн үеэр дүүргүүдийн Нийгмийн даатгалын байцаагч нар ажиллах тул иргэд Та бүхэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлөх боломжтой юм.

Categories
мэдээ нийгэм

Согтуу жолооч айлын хашаа мөргөжээ

ТЦА: Согтуу жолооч айлын хашааг мөргөжээ

Тээврийн цагдаагийн албанд 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 287 дуудлага, мэдээлэл хүлээн авсны 225 тохиолдол нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.

Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ. Энэ он гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна.

Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна.

ӨНГӨРСӨН ШӨНӨ БҮРТГЭГДСЭН ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛУУД:

  • Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас хоёр хүн гэмтжээ.
  • Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, приус маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн.
  • Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд приус маркийн автомашины жолооч Э нь приус маркийн автомашинтай мөргөлдсөн.
  • Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрхны 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.
Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

– Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангаж байх зорилгоор Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу газрын тосны хайгуул хийж байгаа аж ахуйн нэгжийг дэмжих, ажлыг нь эрчимжүүлэх, газрын тосны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, бүх шатны Засаг дарга нарт даалгав.

– “Терроризмтэй тэмцэхэд хамтран ажиллах тухай Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Хоёр улсын эрх ашгийг хөндсөн, хоёр улс, иргэдийн эсрэг үйлдэж болзошгүй террорист ажиллагаа, терроризмын сэжигтэй этгээд, бүлэглэлийн талаар мэдээ, мэдээлэл солилцох, терроризмоос урьдчилан сэргийлэх, хэргийг илрүүлэх, таслан зогсоох зорилгоор халдлага үйлдсэн этгээдийг эрэн сурвалжлах, шаардлагатай тохиолдолд саатуулах зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн Бүгд Найрамдах Казахстан Улстай байгуулсан хэлэлцээрийг баталлаа.

– “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс, БНСВУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг дэмжив. УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо.

– Академич Б.Бямбаагийн “Паразиттах өвчтэй малыг эмчлэх, сэргийлэх дэвшилтэт технологи” бүтээлд шинжлэх ухаан, технологийн салбарын 2019 оны “Технологийн дэвшлийн шагнал” олгохоор шийдвэрлэв. Шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг сайд Ё.Баатарбилэгт зөвшөөрөв.

– 2020 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин Бүгд Найрамдах Өмнөд Судан, Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад энхийг дэмжих болон олон улсын цэргийн ажиллагаанд алба хаагчдаа оролцуулна. Монгол цэргүүд нэр бүхий долоон улсад энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна.

– Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр болов. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилов.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг дэмжиж, хуулийн төслүүдийг хэлэлцэв

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.12.11) хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Засгийн газраас өргөн мэдүүлсэн Орон сууцны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй гишүүд танилцах шаардлагатай гэж үзсэн тул хэлэлцэх хугацааг 7 хоногоор хойшлуулав.

Хуралдааны эхэндЗасгийн газраас 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.

Хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхин банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас 12.0 сая ам.долларын хөнгөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү 1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа онцолсон.

Хуралдаанд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Дамба-Очир, Я.Содбаатар нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүдийн зүгээс төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ зуух солих нь утаа бууруулах шийдэл биш гэдгийг тодотгохын зэрэгцээ төслийн хөрөнгийг стандарт боловсруулах, ТЭЗҮ хийх зэрэг хөрөнгө шаардахгүй ажлуудад зарцуулсанд анхаарах шаардлагатай гэв. Түүнчлэн нэмэлт санхүүжилтийн хүрээнд хийх ажлын талаар тодруулав.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хариултдаа, өмнө нь авсан 15 сая ам.долларын зээлээс 13.5 сая ам. доллар зарцуулагдсан. 2012-2016 онд 10.7 ам.доллар зарцуулагдсан бол 2016-2018 онд 2.8 сая ам.долларыг Засгийн газраас гаргасан чиглэлийн дагуу дотоод агаарын чанарыг сайжруулахад анхаарч сургууль, цэцэрлэг, Эрүүл мэндийн байгуулагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх, Дулаалга аянаа үргэлжлүүлэхэд зарцуулсан гэдгийг онцолсон. Мөн нэмэлт санхүүжилтийн хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй, нүүрсний бус халаалтын технологийг дэмжих чиглэлийн саналыг оруулаад байгаа талаараа дурдав.

Ингээд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ

Үргэлжлүүлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэхуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцуулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн16 дугаар зүйлийн 2-тзаасан “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй”. Мөн УИХ-ын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын 2.3.1-ын Зорилт-2-д “Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усан хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.” гэж заасан байна. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулиар үүсгэн байгуулагдсан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн эрх олгосноор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хариуцлагын механизмыг бүрдүүлэх замаар хүн амын эрүүл, аюулгүй амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, хариуцлагатай хүргэх үүргийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэдгийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцлов.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр үг хэлэхдээ, хэлэлцүүлгийн үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болсон.

Шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

Дараа нь Засгийн газраас2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Хуулийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Зам, тээвийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан танилцуулсан. Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгааг танилцуулгадаа дурдав.

Хуулийн төсөлд хөлөг онгоцны зориулалтаас хамаарсан олон улсын жишигт нийцсэн шаардлагуудыг тусгаж өгсөн бөгөөд эдгээр шаардлагыг хангаж байгаа эсэхэд хяналт тавих эрх, үүрэг бүхий Далбааны эзэн улсын хяналт, хянан шалгагчийн зохицуулалт шинээр тусгажээ. Мөн хөлөг онгоцонд техникийн үзлэг шалгалт хийж, гэрчилгээжүүлэх үүрэг бүхий Монгол Улсаас хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын байгууллагатай хамтран ажиллах, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, томилохтой холбоотойг зохицуулалт, хөлөг онгоцны баг, ахмадад тавигдах шаардлага, ээлжийн ажиллагаа болон чиг үүргийг нарийвчлан олон улсын гэрээ конвенцид нийцүүлсэн байна. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг хэрэгжүүлэх, хууль тогтоомж зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог тусгаж, хуулийг практикт хэрэгжих нөхцөлийг бүрдүүлэх зэрэг зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан хэмээн салбарын сайд танилцуулгадаа онцоллоо.

Хуулийн төсөл батлагдсанаар далай ашиглах үйл ажиллагааны нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцэж, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талуудын уялдаа, холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрахаас гадна хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг нарын асуултад Ажлын хэсэг хариулт өглөө. Ажлын хэсгийн зүгээс, 1999 онд батлагдсан Далай ашиглах тухай хуульд хөлөг онгоцны бүртгэлийн боомт нь Улаанбаатар хот байна гэж заасан. 2003 оноос хойш бүртгэлийн хамтарсан компанийг Сингапур улсад ажиллуулж байгаа. Өмнө нь тус компани бүртгэлийн ажлыг хариуцдаг байсан бол өнөөдөр Далайн захиргааны газар бүртгэлийн ажлыг хариуцах болсныг хариултдаа онцлов. Мөн одоо мөрдөгдөж байгаа хуульд хяналтын байгууллагын асуудлыг зохицуулаагүй байсан бол шинэчилсэн найруулгын төслөөр далбааны эзэн улсын хяналт, шалгалт гэсэн бүлгийг нэмж оруулсан гэж байлаа.

Хуулийн төслийн талаар санал хэлэх гишүүн байгаагүй тул Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг дэмжлээ

Хуралдааны төгсгөлд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнийг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн Д.Баярсайхан тус газрын даргаар томилогдсонтой холбогдуулан Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15.1,15.2-т заасныг үндэслэн Эдийн засгийн байнгын хорооноос Түдэвийн Цэрэнбадралыг нэрийг дэвшүүлжээ. Нэр дэвшигчийн талаар Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар танилцуулав.

Т.Цэрэнбадрал нь 1978 онд Дундговь аймагт төрсөн, 2000 ондМУИС-ийн Олон улсынхарилцааны дээд сургуулийг гадаад албаны ажилтан, 2002 онд СЭЗДС-ийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр тус тус төгссөн. 2010 онд Либерти дээд сургуулийг төрийн удирдлагын магистр, 2014 онд Австралийн үндэсний их сургуулийн бизнесийн удирдлагын магистр хамгаалсан. 2001-2004 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн, 2004-2007 онд Монгол Упсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 2008-2014 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газарт хянан шалгагч, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус зөвлөх, 2014-2016 онд Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яаманд Олон нийтийн асуудал хариуцсан ажилтан, 2017-2019 онд Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга, орлогч дарга, 2019 оны 09 дүгээр сараас“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж иржээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтнээс нь эхлээд орлогч даргын албыг хашсан мэргэжлийн хүн нэр дэвшсэнийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ энэ салбарын эрх зүйн орчныг сайжруулахад анхаарах, үнэт цаасны зах зээлд ахиц дэвшил гаргах, ломбардын үйл ажиллагааг цэгцлэх талаар бодлого барьж ажиллахыг захиж байлаа.

Ингээд Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр Т.Цэрэнбадралыг нэр дэвшүүлэх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Гадаадын тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж байсан иргэнд найман жилийн ял оноожээ

Монгол Улсын иргэн А.Адъяа нарт холбогдох нууцын зэрэглэлтэй хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

А.Адъяа нар нь гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж байсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлсэн аж. Улмаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жил хорих ял оноожээ

Төрийн банкны захирал асан Д.Баярсайхан нарт холбогдох хэргийг даваа гарагт Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүх хэлэлцэж, шүүгдэгчдэд 1-3 жилийн хорих ял оноосон байна.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Сун Гуан Чинд хоёр жилийн хугацаагаар хорих ял, Төрийн банкны захирал асан Д.Баярсайханд хоёр жилийн хугацаагаар хорих ял оноож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан байна. Хэрэг гарах үед Төрийн банкинд албан тушаал хашиж байсан Б.Цэндсүрэнд гурван жил зургаан сар, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг таван жилийн хугацаагаар хасах шийтгэл оноожээ. Мөн Г.Тогтохбаярт нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноож, дөрвөн жилийн хугацаатай нийтийн албан тушаал хаших эрхийг хязгаарлав.

Түүнчлэн, Л.Чинбатыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг хоёр жил, Д.Ганбаатарыг мөн 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албан тушаал эрхлэх эрхийг дөрвөн жилээр хязгаарлажээ. Үүнээс гадна М.Болортуяаг 12 сая төгрөгөөр торгож, Ц.Энхтунгалагт 1 жил 6 сарын хорих ял оноож, уг шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жилийн хугацаагаар хойшлуулсан байна.

Д.Баярсайхан нар нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон гэх хэрэгт холбогдсон юм.

Categories
мэдээ нийгэм

Мисс М.Цэвэлмаагийн хүмүүнлэгийн ажил топ 10-т шалгарлаа

“Дэлхийн мисс 2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож буй мисс Мандахын Цэвэлмаагийн хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил 130 орны бүсгүйчүүдээс топ 10-т шалгарлаа. Тэрбээр хүмүүнлэгийн төслөөрөө тус тэмцээний шилдэг 10-т шалгарсан анхны монгол мисс болж байна.

М.Цэвэлмаа нь Монгол Улс дахь нас баралтын тэргүүлэх шалтгаан болох элэгний өвчлөлийг бууруулах, өвчний эрт илрүүлгийн үед оношлох зорилгоор “Эрүүл Монгол-Эрүүл Дэлхий” төслийг санаачлан хэрэгжүүлэхдээ элэг шилжүүлэн суулгах нэн шаардлагатай 17 настай охиныг хагалгаанд оруулж, хагалгааны дараах зардлыг хандивын аян өрнүүлэн бүрдүүлжээ. Мөн элэгний В,С вирусээс урьдчилан сэргийлэх вакцинд 486 хүнийг хамруулж, тус вирусээр халдварласан тохиолдолд даатгалын системд хамрагдах боломж бий болгох зэрэг чиглэлээр үе шаттай ажил хийсэн нь ийнхүү үнэлэгджээ.

М.Цэвэлмаа одоогоор мультимедиа буюу олон нийтийн санал асуулгын төрөлд Mobstar апплейкшнаар хоёрдугаарт, www.missworld.com сайтын санал асуулгаар тавдугаарт бичигдэж байна. Хэрвээ олон нийтийн санал асуулгад түрүүлбэл хэрэгжүүлсэн хүмүүнлэгийн ажил нь өргөжиж Монголын нийгэмд хэрэгжих боломжтой болох юм.