Categories
мэдээ нийгэм

Шин Дун Ү “Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон”

Нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлуудыг шийдэх, одоо хийгдэж буй ажлын явцын талаар Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар Смарт карт”-ын удирдлагууд, холбогдох албаныхантай уулзлаа. Уулзалтад Нийтийн тээврийн үйлчигээний газрын дарга Ч.Сайханбаяр, Улаанбаатар Смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү, гүйцэтгэх захирал Б.Батзориг болон холбогдох албаныхан оролцлоо.

Уулзалтын эхэнд Нийслэлийн зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс гомдол, санал ирдэг. Тухайлбал, автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ, автобуснууд буудал руугаа бүрэн орж зогсохгүй байх зэрэг асуудлыг тавьж байна. Мөн нийтийн тээврээр иргэд бэлэн мөнгөөр зорчих, карт цэнэглэх цэгүүд яг цагтаа онгойж ажиллахгүй зэрэг асуудал шийдэгдэхгүй байна. Түүнчлэн картаа цэнэглэх тал дээр илүү олон талын төлбөрийн системийг яаралтай нэвтрүүлэх шаардлагатай байна. Тиймээс дээрх асуудлуудтай холбогдуулан дараах хэд хэдэн арга хэмжээг авч, эрчимжүүлэн ажиллах хэрэгтэй байна. Үүнд, Нийтийн тээврийн газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр зорчих нөхцөлийг бүрдүүлэх, нэгдүгээр эгнээг хааж зогсдог, машинаа орхидог энэ байдалтай тэмцэж зохих хууль журмын дагуу арга хэмжээ авч ажиллах, Улаанбаатар смарт карт компаниас энэ ондоо багтаан карт цэнэглэх цэгээ нэмэгдүүлэх, одоо ажиллаж буй карт цэнэглэдэг 530 цэг өглөө эрт яг цагтаа онгойж иргэдэд үйлчилдэг байх тал дээр хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байна. Иргэд картаа цэнэглүүлж нийтийн тээврээр үйлчлүүлээд сугалааны дугаартай и-баримт авдаг болох асуудал удаа дараа яригдаж байгаа учраас Улаанбаатар смарт компаний зүгээс Сангийн яам, татварын алба руу хандаж шуурхайлах шаардлагатай байна. Түүнчлэн иргэд, зорчигчдод карт цэнэглэх, бусад холбогдох мэдээллийг сайн хүргэж ажилла. Нийтийн тээврээр бэлэн мөнгөөр зорчих асуудлыг бүх талын холбогдох байгууллагуудыг ажиллуулж цэгцлэх болно. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хувьд ирэх оны нэгдүгээр улиралд эхлүүлэхээр төлөвлөж байгаа” гэлээ. Мөн нийтийн тээврийн цэвэрлэгээ, үйлчилгээн дээр нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болголоо.

Улаанбаатар смарт компанийн ерөнхий захирал Шин Дун Ү хэлэхдээ “Манай байгууллагын зүгээс гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, гүйцэтгэл муу ажиллаж байгаа цэнэглэх цэгүүдтэй гэрээгээ цуцлах хүртэл арга хэмжээ авч ажиллаж байна. Бүтэн нэг жилийн датаг харахад өглөө эрт онгойдог цэнэглэх цэг зургаадугаар сард гэхэд л 30-40 байсан бол өнөөдөр 80 болж нэмэгдсэн. Бид энэ сарын 20-оос өмнө поссын цэнэглэлтээ үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр болсон. Төлбөрийн олон талт системийн хувьд одоо ХААН, Голомт банкны төлбөрийн картаар нийтийн тээвэрт зорчиж байгаа. Харин бусад банктай гэрээ хийсэн боловч шинэ төрлийн төлбөрийн карт гаргахад Монголбанкнаас зөвшөөрөл өгөхгүй хүлээгдээд байгаа учраас энэ асуудал хүлээлтийн байдалд байна. Нийтийн тээврийн төлбөрийн системд и-баримт олгох системийн ажлыг манайхаас хийж дууссан. Гэвч татварын албанаас энэ системийг нэвтрүүлэхэд төсөв суугдаагүй, тэдний сервер ачааллаа дийлэхгүй гэсэн хариу өгсөн. Цаашид бид цэнэглэх цэгүүд дээрээ тавих хяналт, дотоод зохион байгуулалтаа сайжруулж ажиллана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Улсын Их Хурлын дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганд оролцож байна

Улсын Их Хурлын Дэд дарга Я.Санжмятав тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо болж буй Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы 19 дүгээр Ерөнхий ассамблейд оролцож байна.

Энэ сарын 9-12-ны өдрүүдэдүргэлжлэх Ерөнхий ассамблейд 12 орны нийт 60 гаруй төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд чуулганыг нээж БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы ерөнхийлөгч Вон Ю Чол үг хэллээ.

Тэрбээр хэлсэн үгэндээ, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, шар шороо зэрэг байгаль орчны асуудал нь нэг улс, үндэстний бус дэлхийн бүх орнуудад тулгараад буй нэн даруй шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болоод байгааг онцлохын зэрэгцээ уг асуудалтай тэмцэхэд дэлхий нийт, тэр дундаа хууль тогтоох байгууллага харилцан мэдээлэл, туршлагаа солилцох нь нэн чухал болохыг тэмдэглэв.


Ерөнхий ассамблейн нэгдсэн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын чуулганы дэд ерөнхийлөгч О.Баасанхүү “Монгол Улсын байгаль орчны өнөөгийн нөхцөл байдал” сэдвээр илтгэл тавьж, улс орнуудын зүгээс хамтран ажиллах шаардлагатай арга хэмжээний талаар санал бодлоо илэрхийлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, улс орнуудын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ядуурлыг бууруулах асуудлыг шийдээгүй цагт байгаль экологийн асуудал, орчны бохирдлыг шийдвэрлэж чадахгүйг онцоллоо.

Мөн энэ үеэр Улсын Их Хурлын Дэд дарга Я.Санжмятав Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын төлөөлөгчидтэй уулзаж,Монгол Улсын говь хээрийн бүсэд цөлжилтөөс үүдэлтэй тоосонцор, шар шороон шуурганы давтамж, үүсэл, хувирал өөрчлөлтөд ажиглалт хийх, шийдлийг олоход судалгааны хамтарсан баг бүрдүүлж, экспедиц зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн.

Дашрамд дурдахад,уг чуулган нь 46 гишүүн оронтой бөгөөд Засгийн газар хоорондын харилцан хүчин чармайлтад бодлого боловсруулалтын болон парламентын түвшинд дэмжлэг үзүүлэх зорилготой аж.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.54 цагт 41 гишүүний ирцтэйгээр эхэллээ. Энэ долоо хоногт нийт 15 асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэх асуудлын жагсаалттай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх санал гаргав. Мөн өчигдөр ХЗБХ-ны уралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн Эрүүгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр зарчмын зөрүүтэй олон санал гарсан тул чуулганы завсарлагаанаар дахин хуралдуулж дээрх асуудлыг эцэслэх саналтай байгаагаа илэрхийлэв. УИХ-ын дарга Г.Занданшатар, чуулганы үдийн завсарлагаанаар ХЗБХ-г хуралдуулж, хэлэлцэх асуудлаа эцэслэн шийдвэрлэх чиглэл өгөв. Харин хэлэлцэх асуудлын жагсаалтад өөрчлөлт оруулсангүй.

Хуралдаан үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баясгалан: Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавих боломж бүрдчихлээ гэж ойлгохоор байна

МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн багш, доктор С.Баясгалантай ярилцлаа.


-Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалыг хэрхэн дүгнэж байна?

-Манай улс ОХУ-тай Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Тэр хүрээнд Засгийн газрын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах, харилцаагаа бүх түвшинд бэхжүүлэх талаар Ерөнхий сайд айлчлал хийсэн болов уу гэж харж байна. Үр дүнтэй айлчлал боллоо.

-Оросоос нийлүүлэх хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэр дээгүүр дайруулах асуудал олон ажил яригдсан. Энэ хоолойн өөр нэг шугамыг Монголоор дайруулах боломжийг судалж үзэх талаар Ерөнхий сайдын айлчлалын үеэр илэрхийллээ. Энэ тухайд?

-Энэ хүрээнд 12 баримт бичигт гарын үсэг зурсан байна. Үүний хоёрыг нь харахад нэг нь “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “НК “Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”.

Нөгөөх нь “Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпром” нийтийн хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан байна. Хүмүүсийн гол анхаарлаа хандуулж байгаа зүйлс нь энэ.

2000 оноос ОХУ, БНХАУ хий дамжуулах хоолой байгуулах тухай яриа хэлэлцээрийг эхлүүлж байсан. Тухайн үед Монголын нутгаар хийн хоолой татах саналыг Монголын талаас тавьж байсан. Энэ санал яваандаа сураггүй болсон.

Тухайн үед ОХУ ч тэр, Хятад ч тэр Монголыг нэг их ач холбогдол өгч авч үзээгүй гэхэд болно. Харин 2018 оны Дорнодын эдийн засгийн чуулганы үеэр Путин Ши Жиньпинд “Сибирийн хүч 2” төслийг хэрэгжүүлье гэсэн санал тавьсан байгаа юм. Энэ саналд Хятадын тал зөвшөөрсөн хариу өгсөн бололтой.

2019 онд манай Ерөнхийлөгч энэхүү эдийн засгийн чуулга уулзалтад оролцохдоо хий дамжуулах хоолой гэхээсээ илүү Зүүн хойд Азийн эрчим хүчний супер сүлжээний асуудлаар ярьж, санал тавьж байсан. Үүний зэрэгцээ хийн хоолой тавих асуудлыг хөндсөн байсан. Үүнд ч Оросын тал нааштай хариу өгсөн.

“Сибирийн хүч 2” төсөл нь Оросын хойд хэсэгт орших Ямалаас Хятад руу татах төлөвлөгөө байгаа юм. Тэр нь Алтай хязгаараар явж байгаа. Казахстан Монголын хооронд Орос-Хятадын хилийн богино хэсгээр дайруулна гэж үзэж байсан. Манай нутаг дэвсгэрээр явуулах ойлголт байгаагүй. Одоо харин ОХУ манайхаар тавих сонирхол байна. Харин Хятад хийг гуравдагч орноор дамжуулахгүйгээр шууд Оросоос авах илүү сонирхолтой.

Гэхдээ Монголоор хийн хоолой барих асуудлыг зарчмын хувьд зөвшөөрсөн бололтой.

-Тэгэхээр манайхаар хий дамжуулах хоолойг тавих боломж бүрдсэн гэж ойлгох уу?

-Уг нь “Сибирийн хүч 2” төсөл нь Хятадын баруун хэсгийн нутаг болох Шинжан руу орж байгаа. Гэхдээ сүүлийн үед энэ хэсгээр хийн хоолой тавихгүй байх хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байх. Үүнд эдийн засгийн үр ашиг болон аюулгүй байдлын асуудал байгаа. Хятад баруун талаараа Казахстан болон Туркменистанаас байгалийн хий авдаг.

Мөн Шинжанд ч гэсэн тодорхой хэмжээний нөөц байгаа. Тэр үүднээсээ баруун чиглэлээ хангачихна гэсэн бодолтой байна. Гэхдээ сүүлийн үед Хятадын баруун хэсэг тэр дундаа Шинжанд, мөн хил орчмын нөхцөл байдал аюултай, тогтворгүй болоод байна. Тэгээд ч Алтайн нуруугаар хийн хоолой тавина гэдэг асар их зардалтай болох учраас Оросын саналыг зөвшөөрч байж магадгүй. Тэгэхлээр Шинжанаар хийн хоолой тавьсны дараа түүний аюулгүй байдлыг хангах хэрэгтэй болно.

Эцсийн дүндээ Хятад Монголоор дайруулахыг зөвшөөрье гэсэн хариулт өгсөн бололтой. Ямар утгаар бололтой гэж байна гэхээр Путин Газпормын удирдлагад (төрийн өмчит компани) энэ асуудлыг судлах үүрэг өгч, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалаар Газпромтой харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж байгаа нь Монголын нутгаар хий дамжуулах хоолой тавих боломж бүрдчихлээ гэж ойлгохоор байна. Энэ төсөл хэрэгжих, ажил хэрэг болох боломжтой болсон гэсэн үг.

-Хэдий хугацаанд манай улсаар хий дамжуулах хоолойг тавих талаар судлах бол. Судалж байна гэх нэрийдлээр манайхыг тойроод явчихыг үгүйсгэхгүй юм…

-Хэрвээ Засгийн газрын түвшинд судалж үзнэ гэж хэлсэн бол энэ төсөл хэрэгжих эсэх болон хаагуур татах нь тодорхойгүй байх байлаа. Монголоор тойрох байсан бол Монголын талтай ярих ч үгүй. Харин одоо төслийг шууд хэрэгжүүлэх Газпром компанид судлах үүрэг өгч, санамж бичиг байгуулж байна гэдэг нь Монголоор хийн хоолой тавих боломжтой болсныг харуулж байна.

Газпром бол төрийн өмчит компани, мөн төсөл хэрэгжүүлэх талаарх судалгаа хийх учраас Монголоор дайруулна гэсэн үг. Харин одоо Газпром энэ төслийг хэрэгжүүлэхэд ТЭЗҮ-ээс эхлээд ашигтай юу, үгүй юү, ямар зардлаар хоолойг тавих зэрэг асуудлуудаа үүргийн дагуу судлах байх.

Манайхаар дамжуулахыг судалж үзэхэд ойролцоогоор нэгээс хоёр жил болно байх. Харин барих асуудал бол өөр. “Сибирийн хүч” төслийг 2014 оноос хэрэгжүүлж эхэлсэн ч 2019 онд л Хятадтай холбон сая нээлтээ хийж байна.

Гэхдээ Орос хоосон газраар хийн хоолой тавиагүй. Алс дорнодод өмнө нь тавигдсан хоолойн дээр суурилан нэмж залгаж хийсэн. Тиймээс их тойрсон. “Сибирийн хүч” төслийг таван жилийн хугацаанд барьсан байх нь.

Хэрвээ Монголоор хийн хоолой татах болбол судалгаатайгаа нийлээд 5-6 жил болох байх гэж бодож байна. Мэдээж манайд хий дамжуулах хоолой тавигдсанаар бид дамжин өнгөрсний татвар авахаас гадна үүнийг дагаж манай эдийн засгийн коридор, авто тээвэр, төмөр зам хөгжинө. Мөн эрчим хүч, дулаан ороод ирэхээр суурин газрууд хөгжих үндэс бүрдэх юм.

-ОХУ-аас судалж үзье гэсэн боловч Хятадын талаас ямар нэг байр суурь илэрхийлээгүй байгаа. Хятад ямар хариу өгөх бол гэдэг сонин байна…

-Хятадад эрчим хүчний хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байгаа. Хүрээлэн буй орчны асуудал, агаарын бохирдлоос үүдэж дулааны цахилгаан станцуудаа хааж байгаа. Одоогийн байдлаар Хятадын эрчим хүчний дөнгөж таван хувийг байгалийн хий эзэлж байгаа.

Гэхдээ 2030 он гэхэд 30 хувьд хүргэх зорилт тавьсан. Гэвч байгалийн хийг хүссэн хүсээгүй авч хязгаарын нутгуудаа хангах шаардлага гарч байгаа. “Сибирийн хүч” Хятадын зүүн эргийн нутгуудыг байгалийн хийгээр хангах юм. Бээжингээс эхлээд Шанхай хүртэл тавигдчихсан. Харин “Сибирийн хүч 2” төсөл бол Хятадын төв хэсгийг байгалийн хийгээр холбох бодлого юм.

Энэ утгаараа Хятадын хувьд чухал. Гэхдээ “Сибирийн хүч 2” хаагуур тавих нь Хятадын хувьд бодох шаардлагатай. Баруун талаас Казахстан, Туркменистанаас хангаж байгаа ч Оросын байгалийн хийг Монголоор дамжуулах нь илүү аюулгүй гэсэн байр сууринаас одоо хандаж байх шиг байна.

-Өмнө нь Хятад манай улсын нутаг дэвсгэрээр дамжуулахаас татгалзаж байсан…

-Өмнө нь Хятад манайхаар дамжуулахаас татгалзаж байсан гэдгээр харах бус “Сибирийн хүч 2” төслийг хүлээж авахгүй цааргалдаг байсан. Энэ талаар Оросын шинжээчид ч бичиж байсан. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн Хятад хийн хоолойг гуравдагч улсаар дамжуулах сонирхолгүй. Энэ нь эдийн засгийн хувьд ч, аюулгүй байдлын хувьд ч тооцох зүйл нэмэгдэж байна гэсэн үг. Тиймээс ОХУ хэрэглэгч нь үгүй гэж байхад юу ч хийж чадахгүй.

2018 оны Алс дорнодын эдийн засгийн чуулганы үеэр Оросууд Хятадын талд санал тавихад дургүйцээгүй бололтой. Оросын ашиг сонирхолд Монгол Улсаар хийн хоолой татах нь бүрэн нийцэж байгаа. Гэхдээ Орос яах бол гэж хэтэрхий хардах илүүц байх. ОХУ өмнөд Сибирийн бүх хотоо байгалийн хийгээр хангах, систем байгуулах бодлого явуулж байгаа. Үүнийгээ газификац гээд байгаа юм.

Баруун сибирь, өвөр байгалийн хотуудыг дулаанд холбох том хэмжээний төсөл явж байгаа. Одоо Хятад руу тавьсан “Сибирийн хүч” хийн хоолой нь Байгал нуурын хойгуур явдаг. Наана нь Чит, Улаан-Үд, Эрхүү хотууд байна.

Тэгэхээр энэ хотуудыг тогтвортой хийгээр хангах шаардлагатай болж байгаа юм. Үүнд өртгөө нөхөх хэцүү хоосон зардал гаргахыг оросууд бодохгүй. Тиймээс гадагшаа экспортолж, зардлаа нөхөх давхар бодлого явуулж байна. Хязгаарын хотуудаа хөгжүүлэх гэж оролдож байна гэсэн үг.

Хийн хоолойн асуудлаас гадна Орос Улаан-Үдээс наашаа Галуут нуураар дамжин Улаанбаатар руу, эсвэл Дархан руу эрчим хүч явлаа гэхэд буцахдаа Хөвсгөлөөр дамжаад Туваг цахилгаанжуулах хэрэгтэй байгаа юм. Тува бүр орхигдчихсон, хөгжлөөс хоцорчихсон, хязгаар нутаг шүү дээ. Жил бүр Тувад дулааны цахилгаан станц нь хөлдөж онцгой байдал руу ордог. Жилээс жилд энэ давтагддаг л зүйл.

-Хятадууд манай улсаар дамжуулахгүй гэх үндэслэл бий юү?

-Оросууд Хятадтай ямар нэгэн ойлголцолд хүрсэн учраас л Орос ийм алхам хийж байгаа гэж ойлгож байгаа учраас ямар нэг асуудал гарахгүй байх. Харин манайхаар хий дамжуулах хоолой Оросын хөрөнгөөр барилаа гэхэд хэдэн хувийг нь Монгол, хэдэн хувийг нь Орос эзэмших вэ гэх асуулт гарч ирнэ. Дамжин өнгөрүүлэх тариф хэд байх зэрэг асуудлууд байгаа. Одоо Хятад Оросоос хийг үнээр нь шууд авч байна. Харин дамжин өнгөрөх шугамаар явлаа гэхэд Монголын татварыг нэмээд хэдээр Хятад авах вэ гэх асуудлууд үүснэ. Энэ бүгдийг хоёр том гүрэн тооцоолж байгаа нь ойлгомжтой.

-Манай улсаар дамжих хийн хоолойг барихад хоёр гүрэн хамтрах болов уу. Ямар сонирхол явж байгаа бол?

-Оросын байгалийн хийг нийлүүлэгч төрийн өмчит компани нь Газпром байгаа. Хятадад ч мөн газрын тос, байгалийн хий олборлолтын төрийн өмчит компани (CNPC) байгаа. Сая тэд хамтран ажиллаад “Сибирийн хүч” төслийг хэрэгжүүллээ.

Ямар ч байсан Монголын тал Газпромтой санамж бичиг байгуулчихлаа. Өөрөөр хэлбэл, хийн хоолой тавих тохиолдолд Оросын талаас л хөрөнгө оруулна. Аль улсын мөнгө урсаж байна, тухайн улсын ашиг сонирхол хамт орж ирнэ.

Одоогийн байдлаар хоёр том гүрэн хий дамжуулах хоолой барихад хамтрахгүй болж харагдаад байна. Хятад энэ талаар ямар байр суурьтай байгааг харах хэрэгтэй байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг боллоо

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Талуудын 25 дугаар бага хуралд оролцож байна. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэ үеэр Монгол Улсын Засгийн газраас шинээр баталсан Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Монгол Улсын зорилтыг танилцуулж, “Монгол Улс Парисын хэлэлцээрт оруулах үндэсний зорилтоо шинэчилсэн анхдагчдын нэг болсонд баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол Улс уг хуралдааны 10 гаруй үйл ажиллагаанд илтгэгчээр оролцож, анх удаа түнш байгууллагуудын хамт үйл ажиллагааг санаачлан амжилттай зохион байгуулсан юм.

Дэлхийн 197 улсын олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм, залуучууд, хэвлэл мэдээллийн төлөөллөөс бүрдсэн 25 000 гаруй төлөөлөгчид Испани Улсын Мадрид хотноо хуралдаж байна. Энэ удаагийн хурлыг Чили улс даргалж байгаа бөгөөд хурлын даргын газраас зарим салбар тухайлбал эрчим хүч, зам тээвэр, шинжлэх ухааны салбарын сайд нарыг оролцуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан нь хурлын бас нэг онцлог болж байна. Энэ хүрээнд анх удаа Сангийн сайд нарыг оролцуулсан өндөр түвшний хэлэлцүүлэг болж уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гарз хохирол улс орны эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа болон ямар тодорхой шийдэл байж болох талаар ярилцав.

Бодит арга хэмжээ авах уриатай энэ удаагийн бага хурлын эхний долоо хоногт улс орнууд уур амьсгалын өнөөгийн өөрчлөлт нь энгийн сорилт бус харин онцгой байдал гэдэгтэй санал нэгдэж, үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтоо ахиулан тодорхойлж, шинжлэх ухааны судалгаа, дүгнэлтэд үндэслэсэн бодлогыг чиг болгож, тогтвортой шинэ хөгжлийн тогтолцоо руу шилжих асуудлын талаар санал солилцон хэлэлцэж байна. Өнгөрсөн жилийн бага хурлаар шийдэгдээгүй Парисын хэлэлцээрийн 6-р бүлэг буюу зах зээлийн шинэ механизмын үндсэн зарчмыг тодорхойлох асуудал мөн л энэ удаагийн хэлэлцээрийн гол асуудал байсан бөгөөд хөгжилтэй болон хөгжиж буй улс орнууд хүлэмжийн хийн ялгарлыг тооцох үндсэн зарчим дээр нэгдсэн ойлголцолд хүрэхэд нилээд хүндрэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлийн арга хэмжээ авахад үндсэн механизмыг тодорхойлох 6-р бүлгийг энэ удаад шийдвэрлэх нь нэн чухал байгааг хуралд оролцогчид онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Хууль зөрчиж зээл олгосон гэх Төрийн банк яг жинхэнэдээ ямар байна вэ?

Д.Баярсайхан Төрийн
банкны ерөнхий захирлаар
ажиллах үедээ Хятадын
“Шинжан шинфа” компанид
хорин тэрбум төгрөгийн
зээлийг хууль зөрчиж олгосон
гэх шуугианд нэр холбогдож,
мань эрийг шүүхээс буруутай
гэж тогтоогоод байгаа. Хууль
зөрчиж зээл авсан компани
нь мөнгөө төлөөгүй гэсэн
фактыг хэвлэлүүд онцлоод
эхэлчихлээ. Хорин тэрбум
гэдэг бол бага мөнгө биш. Тэр
утгаараа шуугихаас аргагүй
сэдэв. Төрд данстай ганц
банкинд үнэхээр ийм асуудал
бугшчихсан юм биш байгаа
гэх болгоомжлол олон хүнд
төрчихсөн яваа нь тодорхой.
Бид энэ асуултад хариу
хайсан юм. Учир нь банк бол
цэвэр итгэлцэл дээр тогтдог
байгууллага. Энэ банкны
тухайн үеийн удирдлага
тухайн үед алдаа гаргасан
уу гэдэг нь шүүхийн шийдэх
асуудал. Гол нь одоо үйл
ажиллагаа явуулж байгаа
Төрийн банк найдвартай
хэвээрээ байна уу гэдэг л
бидний анхаарал хандуулах
сэдэв.
Төрийн банк аль хэдийнэ
шинэ удирдлага, шинэ бүтцээр
ажиллаад чамгүй хугацаа
өнгөрсөн.

Төрийн банкны
захирлуудын тоо 2017
оныхоор 73-аар тоологдож
байж. Харин 2018 оны бүтцээр
өнөө олон захирлынхаа
тоог хоёр дахин цөөлж, 40
захиралтайгаар ажиллаж
байгаа юм байна. Захирал
нь Хятадын компанид хууль
зөрчиж хорин тэрбум төгрөг
олгосон үеэс хойш энэ банкны
удирдлага солигдоод хоёр жил
өнгөрч буй. Шинэ захирлын
буюу өнөөдөр Төрийн банкийг
удирдаж буй Г.Дөлгөөнийг
ажлаа авах үед Төрийн банк
хорин тэрбум төгрөгийн
алдагдалтай байсан бол өдгөө
ашиг нь хорин тэрбумаар
хэмжигдээд эхэлчихэж.
Хасах 20 тэрбумаас нэмэх
20 тэрбумд хүрсэн гэсэн үг.
Хоёрхон жилийн дотор энэ
бол чамлахааргүй амжилт
юм. Үүнээс гадна өнгөрсөн
жил санхүүгийн тайланд
нь “Кэй Пи Эм Жи” аудит
хийсэн байна лээ. Олон улсын
аудитын энэ байгууллага тус
банкинд өндөр үнэлгээ өгчээ.
Аудит хийсэн энэ байгууллага
дэлхийд зөвшөөрөгдсөн
дөрвөн том байгууллагын нэг
учраас тэдний энэ үнэлгээ
хэрэглэгч бидний санааг
амраах нэг шалтгаан юм.

Бас болоогүй ээ. Зээлжих
зэрэглэлийг нь дэлхийд хүлээн
зөвшөөрөгдсөн “Мүүдис”
“тогтвортой” гэж сайн дүн
тавьж. Хараат бус, олон
улсын байгууллагад ингэж
үнэлэгдсэн банкинд гадаад
ертөнцтэй харилцахад олон
том боломж нээгддэг. Тэд энэ
боломжоо ч ашигласан биз.
Монголын банкуудаас анх удаа
Репо хэлцэл хийж, дэлхийн
санхүүгийн зах зээлээс
доллар оруулаад ирснийг
бодоход ойлгомжтой. Төв
банкинд тушаах алтны хэмжээ
багассан, Оюутолгойгоос
өөр гадны том хөрөнгө
оруулалтгүй шахам байгаа,
ОУВС-гийн хөтөлбөрийн
санхүүжилт үргэлжлэх эсэх нь
тодорхойгүй ийм үед доллар
олж ирнэ гэдэг яалт ч үгүй
олзуурхахаар ажил. Банкууд
энэ мэт ашигтай хэлцэл хийж,
доллар татах тусам валютын
нөөц зузаарах эерэг талтай.

Репо хэлцлийг энгийнээр
тайлбарлавал Төрийн банк
эзэмшлийнхээ төгрөгөөр
илэрхийлэгдсэн Монгол
Улсын Засгийн газрын үнэт
цаасыг АНУ-ын Засгийн
газрын бондоор сольсон гэсэн
үг. Хүчирхэг эдийн засагтай
их гүрний бондтой болно
гэдэг алга ташихаар шийдэл.
АНУ-ын Засгийн газрын
бонд бол олон улсад хөрвөх
чадвараараа шагшигддаг.
Ийм хөрөнгийг барьцаалж
дэлхийн хаанаас ч зээл
авахад асуудал байхгүй.
Төрийн банкны гүйцэтгэх
захирлын албыг хашиж яваа
Г.Дөлгөөн саяхан хэвлэлд
өгсөн ярилцлагадаа “Барьцаа
хөрөнгийн чанар сайжрах
тусам авах зээлийн хүү ч
дагаад буурах давуу талтай”
гэж онцолсон байна лээ.
Тийм л дээ, тэдний хийсэн
Репо хэлцлийн иргэдэд
наалдах өгөөж нь энэ.
Дэлхий рүү харсан энэ мэт
ухаалаг шийдлүүд нь Төрийн
банкны харилцагчдадаа бага
хүүтэй зээлээр үйлчлээд
яваагийн бас нэг нууц.
Г.Дөлгөөний хувьд салбартаа
танигдчихсан, хийсэн ажил,
хэлэх үгтэй удирдагч гэдгийг
эдийн засаг, санхүүгийн
салбарынхан хүлээн
зөвшөөрдөг. Монголбанкинд
олон жил ажилласан
туршлагатайгаас гадна
Люксембургийн “Шродерс”
хөрөнгө оруулалтын санд
ажилласан түүх түүний
намтарт бий. Олон улсын зах
зээлийг мэдэрч, тоглоомын
дүрмийг нь ойлгодог түүн шиг
банкир манай улсад цөөнгүй.

Сүүлд өрнөсөн шуугианы
мөрөөр ухаад үзэхээр “төрд
данстай банк хэрэггүй” гэх
шүүмжлэл худлаа болохыг
нотолсон энэ мэт олон
шинэчлэл Төрийн банкинд
өрнөжээ. Зүгээр л нэг энгийн
жишээ хэлэхэд төрөөс олгодог
халамж, тэтгэврийн 80 хувийг
Төрийн банк дангаараа
олгодог. Төрийн банк гэж
байгаагүй бол Засгийн газар
хүүхдийн хорин мянгыг
олгохдоо банкны шимтгэл гэж
төсвөөс мянган төгрөг нэмж
гаргахаас аргагүйд хүрнэ.
Гэтэл төсвийн мөнгө төрийнх
биш, иргэд, компаниудын
буюу бидний төлсөн татвар.
Бүр энгийнээр хэлбэл төрөөс
иргэдэд өгдөг тэтгэвэр,
халамж, тэтгэмжүүдийн
шимтгэл гэж арилжааны
банкуудад очдог мөнгө
бидний халааснаас гардаг юм.
Төрд данстай банк байхын
зайлшгүй шалтгаануудыг нэг
нь энэ. За тэгээд ипотек,
жижиг, дунд үйлдвэрийн
гэх мэт төрөөс бодлогоор
хэрэгжүүлэх ёстой зээлийн
төрлүүд гэж бий. Төрөөс
хямд хүүтэй ийм зээлийн
хөтөлбөр хэрэгжүүлэхийн
тулд арилжааны банкуудаар
дамжуулбал илүү мөнгө төлдөг.
Засгаас мөнгө хураамжийг нь
төлөөд иргэд, компаниудад
хэрэгтэй иймэрхүү хөтөлбөр
хэрэгжүүллээ гэхэд арилжааны банкууд байрны
зээл хүссэн иргэн, жижиг, дунд
үйлдвэрлэлийн зээл горилсон
компаниудад барьцаа
хөрөнгө гэх мэт өндөр босго
тавьчихдаг. Ийм асуудлуудыг
шийдэх зөв бүтэц нь төрд
данстай банк гэдгийг дэлхийн
олон орны жишээнээс харж
болно. Төрд данстай банкны
тухайд иргэд, үйлдвэрлэгчдэд
өндөр босго тавихгүй, халамж
тэтгэврээс нэмэлт хураамж
авахгүй гэх мэт давуу талууд
үүсдэг гэж эдийн засагчид
онцолдог. Төрийн юм болгон
уруудуулаад доройтуулаад
байдаг юм биш. Нарийн
яривал Төрийн банк гэдэг чинь
хэн нэгэн хувь эзэнтэй, тэр
хүнийг баяжуулж байдаг юм
биш, ард түмэн бидний л юм
шүү дээ. Энийгээ яажшуухан
явж байгаа, үйл ажиллагаа
нь ямар байна гэж санаа
тавих эрх нь бидэнд бий бий.
Тиймдээ ч нөхцөл байдал
ямар байна, өмнөхөөсөө ямар
болж байна, удирдлага нь
ямар хүн байдгийг анзаарч,
бодитоор харах гэж нэхэж
хайсан маань энэ.

Энэ дашрамд төрийн
банкны гүйцэтгэх захирал
Г.Дөлгөөн энэ жилийн
“Bloomberg TV Mongolia
awards”-ын “Шилдэг өсөлт”
шагналын эзэн болсон нь
дээр дурдсан амжилтуудтай
холбоотой юм билээ. Тэд
өнгөрсөн жил нийт активаа
27.9 хувиар өсгөсөн бол
татан төвлөрүүлсэн хөрөнгөө
30.5 хувиар нэмчихэж. Нийт
зээлийн багцынх нь өсөлт
28.3 хувиар өссөн нь ТОП-5
банк дотроо тэргүүлэх
үзүүлэлт болж. Энэ оны
аравдугаар сарын 31-ний
өдрийн байдлаар гурван их
наяд 93 тэрбум төгрөгийн
актив хөрөнгө, хоёр их наяд
848 тэрбум төгрөгийн татан
төвлөрүүлсэн хөрөнгөтэй, нэг их наяд 831 төгрөгийн зээлийн
багцыг амжилттай удирдаж,
харин арванхоёрдугаар сарын
1-ний байдлаар19.4 тэрбум
төгрөгийн цэвэр ашигтай
ажиллаж байгаа юм байна.

Төв банкнаас тодорхой
шалгуур үзүүлэлтээр
банкуудыг шалгадаг. Жил
гаруйн өмнөхөн Төв банкнаас
зарим арилжааны банкуудын
нэрсийг зарласныг тодхон
санаж байна. Асуудалтай,
өөрийн хөрөнгөө нэмэх
шаардлагатай гээд л .
Тэдгээрийн дотор лав Төрийн
банкны нэр зарлагдаагүй
явсан. Асуудалгүй байсан
гэдэг утгаараа шүү дээ. Ер
нь бол Монголбанкнаас
хэрэглэгчдийн эрх ашгийг
хамгаалах зорилгоор
байнгын шалгалт хийдэг.
Энэ шалгалтад үзүүлсэн
амжилтаараа толгой цохиж
яваа банкуудын нэгд Төрийн
банк багтжээ. Тухайлбал
төлбөр түргэн гүйцэтгэх
чадварын үзүүлэлт 25 хувиас
дээш байх ёстой гэсэн
шаардлагыг Монгол банкны
зүгээс тавьдаг. Төрийн банк
энэ үзүүлэлтээр гэхэд л 41.23
хувь байх жишээний. Банкны
үйлчилгээг харилцагчдадаа
эрсдэлгүйгээр хүргэж явааг
нотолсон ийм тоонуудыг тус
банкны ажлын үзүүлэлтээс
харчихаж болж байна лээ.
Хэдий нас залуу ч ажил
мэргэжлийн туршлагатай
хүн удирдаж байгаагийнх
бидний төсөөлснөөс энэ банк
хавьгүй илүү амжилттай, сайн
үзүүлэлттэй юм байна. Төрд
итгэл алдарч, улстөржих нь их
ард түмэн шүү дээ, бид. Төр
нь ч биднээрээ даажигнаж
дуусахгүй л юм. Харин
Төрийн банк бидний итгэлийг
алдчихаагүй л байгаа юм
байна гэсэн итгэл үнэмшил
төрж байна.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Categories
мэдээ нийгэм

Залуу тэмцэгч Грета Тунбэрг “TIME” сэтгүүлийн оны хүнээр шалгарлаа

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл хийн алдаршсан 16 настай швед охин Грета Тунбэргийг “TIME” сэтгүүл 2019 оны хүнээр шалгаруулжээ.

Түүний зургийг “TIME” сэтгүүлийн нүүрэнд “Залуу үеийнхний хүч” гэсэн тайлбартайгаар нийтэлсэн байна. Гретаг эрс шийдэмгий үйлдлээрээ дэлхийн дулаарлын асуудалд шийдвэр гаргагчдын анхаарлыг хандуулж чадсан хүн гэж “TIME” сэтгүүл онцолжээ.

Тус сэтгүүлийн оны хүний шалгаруулалтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон Британийн гүнж Меган Мэркл зэрэг алдартнууд оролцжээ. Сэтгүүлийн оны хүнийг зарлах үеэр Грета Тунбэрг Испанийн нийслэл Мадрид хотноо НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн чуулганд оролцож байсан аж.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын чуулганд хаалттай мэдээлэл хийнэ

Энэ долоо хоногт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын чуулганд хаалттай горимоор мэдээлэл хийхээс гадна УИХ-ын гишүүн Шадар сайдад хандан тавьсан “Өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар” асуулгын хариуг сонсох аж.

Мөн УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 15 асуудал хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Монгол Улсын 2020 оны төсөв, Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг, Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны “Стратегийн төлөвлөгөөг батлах тухай”, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Далай ашиглах тухай, Орон сууцны тухай, Ерөнхийлөгчийн болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

Categories
мэдээ нийгэм

Хөхүүрийн айраг исгэх зан үйл ЮНЕСКО-д бүртгэгдлээ

Бүгд Найрамдах Колумби Улсын Богота хотноо 2019 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр ЮНЕСКО-гийн Соёлын Биет Бус Өвийг Хамгаалах Конвенцийн Засгийн газар хоорондын хорооны 14 дүгээр хурлаар “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэх асуудлыг хэлэлцэн баталлаа.

Энэхүү хуралд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.

“Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсний үр дүнд ийнхүү дэмжигдэв. Цаашид энэхүү өвийг хадгалж, хамгаалах, өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулахад Монголын ард түмний үүрэг оролцоо чухал юм.

Categories
мэдээ нийгэм

12 дугаар сарын 12-нд болох үйл явдлын тойм

09.00 цагт Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуутай уулзана.

09.00 цагт “Новотел” зочид буудалд Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно. Утас: 98119897

10.00 цагт Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.00 цагт Засгийн газрын III байран ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

11.00 цагт “Корпорейт” зочид буудалд “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг болно.

11.00 цагт Монголын Уран зургийн галерейд “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлнэ.

12.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд ХХААХҮЯ, МҮХАҮТ, “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлнэ.

12.00 цагт ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас: 88113858, 88886676

12.30 цагт ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

13.00 цагт Монголын Хүүхдийн төв номын санд “ХХ зууны дорнын уянгын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн туурвил” эрдэм шинжилгээний хурал болно.

13.00 цагт ЭМЯ-нд ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060

15.00 цагт Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.50 цагт “Чингис хаан” нисэх буудалд “UCMAS” соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ. Утас: 99110605, 88090605

Төрийн ордонд

10.00 цагт УИХ-ын чуулган хуралдана.

10.00 цагт Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Номын баярын өдрийг оруулах талаар хэлэлцүүлэг болно.

12.00 цагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.