Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн сонгуульд нэр дэвшвэл хасна

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.


-Эрх баригчид сонгуулийн тогтолцоог 50:26 байхаар ярьж байна. Гэсэн ч жагсаалтыг эсэргүүцэж байгаа гишүүд их байна. Хувь гишүүний хувьд та ямар саналтай байна вэ?

-Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэг нийт есөн гишүүний бүрэлдэхүүнтэй гарч ажиллалаа. УИХ-д суудалтай АН, МАХН, ШИНЭ намын төлөөллүүд орж ажилласан. Одоогоор судлах, хууль дээрээ ажиллах байдалтай байна. Сонгуулийн системийн тухайд 50:26 байхаар өргөн баригдсан. Ирэх долоо хоногоос энэ асуудлыг эцэслэн ярих болов уу гэж бодож байна. Манай бүлгийн гишүүдээс өргөн барьж буй систем дээр санал зөрөлдөж буй гишүүд ч байгаа. Дэмжиж буй гишүүд ч бий. Тийм учраас энэ асуудал өргөн дэлгэр яригдах болов уу.

Сонгуулийн жижиг мажораторын давуу тал бий. Сонгогчид өөрсдөө гишүүнээ шууд сонгох, гишүүд нь тойрогтоо, сонгогчидтойгоо ойр ажиллах, тэдний саналыг төрийн бодлогод тусгах, улсын төсвийн хөрөнгө оруулалтыг тойрогтой хуваарилж, ажил хэрэг болгох зэрэг эерэг талууд бий. Нөгөө талаар улс орны хэмжээнд төвлөрч, бодлогын хүрээнд шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байна. Тэр утгаараа зарим улстөрчид сонгуулийнхаа системийг том болгож, улсын хэмжээний томоохон асуудлуудад хүч, анхаарал, бодлого төвлөрүүлэх хэрэгтэй байна гэж үзсэн. Энэ агуулгаар нь хандаж жижиг болоод улс орны хэмжээний сонгуулийн системийг хамтад нь оруулахаар 50:26-г өргөн барьсан.

-Эрх баригч намын өндөр албан тушаалтнууд болоод УИХ-д олон удаа сонгогдсон хүмүүс дахин сонгогдохын тулд л 50:26 гэх хувилбарыг гаргаж ирээд байгаа юм биш үү?

-Эцсийн эцэст дахин сонгогдох эсэхийг иргэд л шийднэ. 26 хүн улсын хэмжээнд нэг тойрог юм. Яахав танигдсан хүмүүс ороод ирчих нь гэдэг агуулгаар нь ойлгохыг үгүйсгэхгүй. Гэхдээ нөгөө талаасаа олон жил болснуудаас нь уйдчихсан хүмүүс нь зөндөө байна шүү дээ. Тийм учраас энэ асуудлыг аль аль талаас нь харах ёстой гэж бодож байна.

-26 гишүүнийг хувь тэнцүүлсэн байдлаар гаргаж ирэх нь шударга бус гэдгийг зарим улстөрчид хэлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?

-Хуулийн 75 дугаар зүйл дээр сонгуулийн дүнг гаргахтай холбоотой асуудал байгаа юм. Ялангуяа 26 хүний дүнг хувь тэнцүүлсэн хэлбэрээр гаргах юм. Үүнийг Үндсэн хуультай нийцэхгүй байна гэж ярьдаг хүмүүс ч бий. Тиймээс үүнд анхаарлаа хандуулж, бодож үзэх хэрэгтэй. Бид энэ системээр явуулж үзээгүй учраас олон талаас нь л сайн ярих ёстой.

-Эмэгтэйчүүд болоод залуу үеийн төлөөлөл УИХ-д ороход улам хүндрэлтэй болж байгаа хэрэг биш үү?

-Нийгэмд эмэгтэйчүүд, залуучуудыг дэмждэг хандлага бий болчихсон шүү дээ. Тухайн улс төрийн нам жагсаалт дээрээ нийгмийн төлөөлөл болсон хүмүүсээ оруулж л таарна. Боловсрол, эрүүл мэндийн ч гэдэг юм уу сайн төлөөллүүдээ оруулах л байх гэж бодож байгаа.

-Эрх баригчид Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх бүртээ өөрт ашигтай гэх хувилбарыг санал болгодог. Энэ удаад ч тэр жишиг өөрчлөгдөөгүй байх. Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт МАН-д дахин гарч ирэх боломжийг нэмэгдүүлэх үү?

-Бид дахиж гарч ирнэ, ирэхгүй гэдэг агуулгаар нь Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа юм байхгүй. Өмнөх сонгуулийн хуулиудад байсан алдаа гажуудлыг засах нь л чухал байгаа юм. Тэр агуулгаар нь Сонгуулийн хуульд өөрчлөлтүүд хийгдэж байгаа. Сонгуулийн нэг хууль байсныг гурван салангид хууль болгон гаргана. Хариуцлагагүй байдлуудыг бий болгож байсан заалтуудыг хассан. Тиймдээ ч энэ хуулийг сонгогч саналаа өгөхөд ойлгомжтой энгийн, хариуцлага өндөртэй болгож оруулж байгаа.

-Орон нутгийн болоод Ерөнхийлөгчийн сонгуулийг салгасан. Тэдгээрт ямар тодорхой өөрчлөлтүүд орж байгаа вэ?

-Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг аравдугаар сард хийнэ. Ерөнхийлөгчийн сонгууль өөрөө хуулийн хугацаатай байдаг. Ерөнхий процессийн асуудлууд нь ижил.

-Сонгуулийн хуулиар сонгуулийн сурталчилгаан дээр сэтгэгдэл үлдээх боломжгүй болж байгаа хэрэг үү?

-Нэгдүгээрт, цахимаар суртачилгаа хийж болно. Гэхдээ тэр сурталчилгаа тодорхой нэр хаягтай л байх ёстой. Сонгуулийн сурталчилгаа явуулах вебсайт, цахим хаягуудыг сонгуулийн байгууллагад бүртгүүлнэ. Түүгээрээ л дамжуулж сонгуулийн сурталчилгаа явуулах юм. Өргөн барьсан хуульд сонгуулийн сурталчилгаатай холбоотой цахим мэдээлэл дээр сэтгэгдэл бичихгүй гэж заасан.

-Сэтгэгдэл бичүүлэхгүй байх тохиргоог хийнэ гэсэн үг үү. Ямар байдлаар хязгаарлах юм бэ?

-Технологийн асуудлуудыг нь мэдэхгүй байна. Түүнд Харилцаа холбооны зөвлөлийнхөн хариу өгөх ёстой.

-Ял эдэлсэн хүн УИХ-д нэр дэвшиж болохооргүй заалт Сонгуулийн тухай хуульд орж байгаа юм уу?

-Сонгуулийн тухай хуульд Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн нэр дэвшвэл хасна гэх заалт орсон.

-Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа хүн гэдгийг тодруулаач?

-Зарим нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа хүмүүсийг нэр дэвшүүлж болохгүй нь гэж яриад байгаа юм. Магадгүй гэрч, сэжигтнээр ч юм уу шалгагдаж байхыг үгүйсгэхгүй шүү дээ гэж байна. Үндсэн хуульд гэм буруутай нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон хүнийг гэмт хэрэгтэн гэж үзнэ хэмээн заасан байдаг. Өмнөх шатанд нь гэмт хэрэгтэн гэж үзэхгүй. Сонгуулийн хуульд орсон заалт бол үүнийг л хэлж байгаа. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд явж байгаа тохиолдолд сонгуульд нэр дэвших нь нээлттэй. Гагцхүү шүүхийн шийдвэрээр гэм буруутай нь тогтоогдсон хүн л нэр дэвшихгүй. Хорих ялаас өөр төрлийн ял эдэлж байгаа хүмүүс байдаг. Тэднийг хэлж байгаа юм. Тухайлбал, тэнсэн харгалзах ял эдэлж байгаа, шүүхээр торгуулийн ял авчихсан хүмүүс хамаарна. Хүнд хөнгөн гэмтэл учруулаад торгуулийн ял авсан ч гэдэг юм уу. Дээрээс нь төрийн алба эрхлэх хугацаагаа түр хугацаагаар хязгаарлуулчихсан хүн нэр дэвшиж болохгүй. Түүний хувьд эрүүгийн хариуцлага хүлээж байна гэсэн үг шүү дээ.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн 2020 оны төсөвтэй холбогдуулж тавьсан хоригийг хэсэгчлэн хүлээж авсан. Холбогдох хуулиудад өөрчлөлт орж таарах байх. Гарах үр дагаврыг хэрхэн тооцож байна вэ?

-Засгийн газар 2017 онд ОУВС-тай хамтарч өргөтгөлийн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөрт зааснаар Нийгмийн даатгалын хувь хэмжээг таван хувь нэмэгдүүлэх тухай зааж, энэ дагуу өнгөрсөн хоёр жилд гурван хувиар нэмсэн. Улмаар 2020 онд хоёр хувь нэмэгдүүлэхээр заасан. Засгийн газар 2020 оны төсвийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийнхаа хүрээнд л төсвийн хуулиа боловсруулсан. Үүнд Ерөнхийлөгч хориг тавьсан. МАН-ын бүлгийн зүгээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх нь ажил олгогч, хөдөлмөр эрхлэгчдэд дарамт учруулж байна гэж үзсэн. Тиймээс НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуулиа эргэж харахаар боллоо. Хоригийг хүлээж авснаар хоёр асуудал үүснэ. Нэгдүгээрт, НДШ-ийн хоёр хувийн үйлчлэлийг хойшлуулах, цуцлах, хувь хэмжээг нь багасгах зэрэг хувилбаруудыг ярилцана. Хоёрдугаарт, НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэх хүрээнд Нийгмийн даатгалын сангийн орлогод туссан 174.6 тэрбум төгрөгийг яаж олох вэ гэдгээ ярих юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд үүнийг олох боломж бий гэдгийг хэлж байсан.

-Татвар, шимтгэл нэмж таарах уу. Эсвэл “Капитал”-аас НДС-гийн мөнгийг авах уу?

-Татвар нэмэхгүй. Нийгмийн даатгалд даатгуулагчдынхаа хүрээ хязгаарыг нэмэх, өмнөх өр авлагыг барагдуулах зэрэг өөр олон төрлийн эх үүсвэр байна. Тэр хүрээнд 174.6 тэрбум төгрөгөө бүрдүүлэх боломж бий. Түүнийг нь бид хуулиараа зааж өгөх ёстой. Хоригийг хүлээж авсных нь дараа Нийгмийн даатгалын сангийн хууль, Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуульд тус тус өөрчлөлт оруулна. Ямартаа ч энэ ондоо багтаан Нийгмийн даатгалын сангийн төсвийн хуулийг батална. Тэгэхгүй бол ирэх оноос эхлээд тэтгэвэр нэмэгдээд эхэлнэ шүү дээ.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд цөөнгүй органик хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүссэн. Тэдгээрт хэзээ өөрчлөлт хийх вэ. Цаг хугацааны хувьд хэрхэн төлөвлөж байгаа бол?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд 30 гаруй хуульд өөрчлөлт орно гэж үзэж байгаа. Ойрын үед УИХ Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хуулиудын жагсаалтыг гаргана. Бид дотроо хуваагдаад ажиллаж байна. Миний хувьд л гэхэд Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль дээр ажиллаж байна. Чадвал энэ намрын чуулгандаа багтаагаад Үндсэн хуульд нийцүүлээд өргөн барьчих санаатай байгаа. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг дагаад Хот тосгоны хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиуд өргөн баригдаж, багцаар хэлэлцэгдэх ёстой. Хэлэлцсэнийх нь дараа Засгийн газар улсын болон орон нутгийн чанартай ямар хотууд байх, түүний статус ямар байж, засаг захиргааны ямар чиг үүрэг эдлэх ёстой вэ гэдгийг оруулж ирэх учиртай юм. Хамгийн том асуудал нь энэ байгаа. Шүүхийн чиглэлээр хууль эрх зүйн шинэчлэлийн асуудлууд ч бий. Парламентын хуулиуд ч орж ирнэ. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль зэрэг хуулиуд байгаа. Эдгээр дээр гишүүдийн ажлын хэсэг чиглэл чиглэлээрээ ажиллаж байна.

-Үндсэн хуулийг хэрэгжүүлэх хуулиудыг энэ хаврын чуулгандаа багтааж батлах уу?

-Заавал энэ удаагийн парламент бүгдийг нь батална гэж байхгүй. Бид хуулийн төслийг нь боловсруулаад бэлэн болгоод чадвал өргөн барина. Дараагийн парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийнхөө чиг хүрээнд батална. Бид зарим нэг хуулийг нь хэлэлцээд баталчих юмсан гэсэн бодолтой байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Эрчим хүчний хүндэт инженерүүд төрсөн нэг ангийнхан

Энэ удаагийн нэг ангийнхан буландаа 2000 онд МУТИС-ийн /тэр үеийн нэрээр/ Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн анхны оройн ангийг төгссөн ангийнхныг урьж оролцууллаа. Ангийнхнынхаа талаар МХТС-ийн Электроникийн салбарын ахлах багш Доктор(Ph.D) Г.Уртнасан бидэнтэй хөөрөлдсөн юм.

Тэрээр “Би МУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Электроник, автоматжуулалтын тэнхимд нарийн бичгийн даргаар ажиллаж байх хугацаандаа оройн ангид элсэн суралцсанаар энэхүү сайхан мэргэжлийг эзэмших хувь тохиосон билээ. Тус тэнхим нь 1996 оны есдүгээр сарын 1-нд анх байгуулагдаж тэнхимийн эрхлэгчээр талийгаач Жанчивын Дашдорж багш маань ажиллаж байгаад шинэчилсэн сургалтын төлөвлөгөөгөөр Эрчим хүчний сургуулийн мэргэжилтэй ажилчдад дээд боловсрол олгох инженерийн ангийг нээж байсан түүхтэй. Энэ үед манай ангийн хамт олон 1997 онд МУТИС-ийн Эрчим хүчний инженерийн сургуулийн Цахилгаан системийн автоматжуулалт мэргэжлийн анхны оройн ангид элсэн суралцсан билээ. Манай анги нь доктор Б.Лхагвадорж багш, Б.Мөнхбаяр даргаар удирдуулсан 16 оюутнаас, эрэгтэй 14, эмэгтэй хоёр инженер төгсч улс эх орныхоо гол дэд бүтэц болох эрчим хүчний байгууллагуудын удирдах алба, нэгжид одоог хүртэл үр бүтээлтэй ажиллацгааж байна. Манай ангийнхан Монгол Улсын гавьяат багш Х.Цагаан, Х.Сүхбаатар, Төрийн шагналт Ч.Зундуйсүрэн, Б.Нүүрэй, доктор, профессор, М.Цэрэндорж, хүндэт профессор Н.Дашням, Ш.Ангар, Доктор, Б.Мандах, Ч.Нацагдорж, Б.Лхагвадорж, Д.Халзаа, Н.Цэвгээ, Б.Бат-эрдэнэ, Ж.Арслан, Шинжлэх Ухааны доктор Т.Уранчимэг, доктор С.Эрдэнэтуяа, Б.Загдхорол, Г.Бэхбат, Б.Пүрэвсүрэн, Д.Алтанцэцэг зэрэг олон сайхан эрдэмтэн багш нараар хичээл заалгаж байсан минь их хувь заяа гэж боддог.

Ангийн охин Г.Уртнасан ШУТИС-ийн ректорын тушаалаар Докторын зэргээ авсан баярт мөч

Манай ангийн хамт олон инженерийн диплом горилогч эрчим хүчний системд олон жил ажилласан, цахилгааны техникум төгссөн, ажлын арвин туршлагатай мэргэжилтнүүд байсан. Хичээллэх явцдаа бие биендээ мэдэхгүй, чадахгүй зүйлээ харилцан зааж өгдөг ёстой л гар нийлж, баг бүрдсэн анги хамт олон болж чадсандаа. Анги дундаас сайн мэтгэлцээнчин, гарын ур дүйтэй инженер, зохиол бүтээл туурвигч, сагсан бөмбөгийн аварга, шатрын их мастер, хөл бөмбөгчин, бүжигчин, дуучин гээд аль авъяас чадал байна тэр бүр нь шингэсэн сайхан ангийнхан юм.

Одоо ангийн хүүхдүүд Эрчим хүчний салбарын тэргүүний ажилчин, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Боловсролын тэргүүний ажилтан, Мэдээлэл харилцаа технологийн тэргүүний ажилтан цол тэмдэгүүд авч хийсэн ажлынхаа үр дүнг үзэж яваа эрхэм хүндэт инженерүүд болсон нь бахархууштай.

Ангиа төгсөн гарахад би ЭХИС-дээ компьютерийн багшаар үлдэж эрчим хүчний оюутнууддаа мэдээллийн технологийн хичээлийг зааж эхэлсэн. Улмаар Эрчим хүчний салбарыг Боловсрол судлалтай холбосон диссертацийн ажлыг доктор, дэд профессор С.Эрдэнэтуяа, МУБИС-ийн сургалтын дэд захирал доктор, дэд захирал Х.Тамир нараар удирдуулан Эрчим хүчний сургуулийн Цахилгаан хэмжлэгийн лабораторийн бааз дээр “Оюутны суралцах хандлагад нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа” нэрээр 2018 онд Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалсан.

Судалгааныхаа ажлын хүрээнд эрчим хүчний мэргэжлийн оюутнуудын суралцах хандлагыг тодорхойлох, сургалтын орчны шинжилгээнд хийн цахилалтыг дүрслэх арга хэрэглэн хичээлийн анги танхимын цахилгаан соронзон нөлөөллийг гаргаж ирэх мөн суралцаж буй оюутнуудынхаа сургалтын сэтгэл зүйг судлан хэмжилт туршилтыг хийсэн нь сургалтын чанарыг дээшлүүлэхэд ахиц гаргахад нь эмэгтэй инженерүүдийн хувьд салбартаа оруулах хувь нэмэр байлаа. Миний мэргэжил эрчим хүч, мэдээллийн технологи, боловсрол судлал гэсэн хөрвөх чадвартай инженер болон багшилж байгаа маань эрчим хүчний инженер болох анхны гараа маань сайн тавигдсаны ач гавъяа гэж боддог. Манай тэнхимийн эрхлэгч Ч.Нацагдорж багш маань төгсөлтийн уулзалт бүрдээ хөрвөх чадвартай хэд хэдэн сайхан инженерүүд байна тэдний дундаас манай Уртаа багш маань гэж дандаа ярьдаг нь үнэхээр сайхан санагддаг юм” хэмээсэн.

Нэг анги болон ижилдэн дасч, ээнэгшин дотносч энэхэн буурал замбуулинд эзэмшсэн мэргэжилдээ эзэн болохын сайхныг тод томруунаар тэд харуулсаар явна. Нэг намар, хоёр намар, гурван намар… Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр 20 гаруй намар өнгөрчээ.

Хоёрхон хоноход саначихдаг хонгор багын андууд минь

Хорин жил өнгөрсөн ч нэг нэгнээ гэсэн сэтгэл минь

Насан туршдаа мартамгүй гэнэн цайлган үерхэл минь

Насаараа биесээ үгүйлэх нэг ангийнхан минь

Уулзаад салахдаа саначихдаг уяхан багын андууд минь…


Categories
мэдээ цаг-үе

Баруунд сурсан оюутан Лин Хуй-Ин бүсгүйн түүх буюу хуучин байшинг нураах уу, сэргээх үү?

Бяцхан байшингийн өрөө бүр номоор дүүрэн

2019 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдөр АНУ дахь Монгол Соёлын Төвийн хэсэг нөхөд Филадельфи хотноо Монголын “Хү” хамтлагийн тоглолтыг үзсэн билээ. Хол хотод зорин ирснийх, шууд буцахыг яарсангүй, маргааш нь хоттой танилцаж, түүхийн дурсгалт газраар нь зочилсон юм. Ингэж явтал “Хуучин, шинэ ном” (Old and New Books) нэртэй жижиг номын дэлгүүр таарч, бүгд мөнөөх бичил дэлгүүрийн ном шавсан өрөөнүүдэд суун, хэсэг зуур саатав. Номын дэлгүүрийн эзэн, хатагтай Дэбби завтай таарч, яриа хөөрөө өрнүүлэв. Тэрбээр юун түрүүнд “Манай энэ номын дэлгүүр чинь уг нь бол оюутны байр байсан юм. Энд алдарт архитекторч Лин Хуй-Ин хориод онд амьдарч байсан юм шүү дээ” гэх нь тэр. “Хэн сэн билээ, юу сан билээ, яагаад ийм танил сонстох билээ?” гэж бодон эргэлзэх зуур Хятад яруу найргийн антологиос уншиж байсан “Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар” хэмээх шүлэг нь тархинд харван орж ирэв. Харин тэгтэл юун архитекторч билээ? Яруу найрагч биш бил үү? Нэгэнт ийм олон асуулт ургасных Лин Хуй-Ин бүсгүйн үүх түүх, амьдрал намтрыг сурвалжлан өгүүлээд, эцэст нь номын дэлгүүрийн эзэн Дэббитэй эргэн нэг уулзуулахаа амлая.

БАРУУН ЭТГЭЭДЭД СУРАХААР МОРДСОН НЬ

Лин Хуй-Иний намтрыг уншихад яг манай баруунд сурсан анхны оюутнууд санаанд орно. Эх нутагтаа бичгийн эрдэмд сурч боловсроод дараа нь баруунд гарч орчин цагийн шинжлэх ухааныг ул суурьтай судалсан залуус тухайн үедээ зөвхөн Монгол, Хятад гэлтгүй ерөөс Ази даяар эх түүх соёлоо хамгаалах хадгалахын зэрэгцээ ирээдүй өөд хөгжин боловсрох үүд хаалгыг нээлцэж байсны тод жишээ нь тайж Нацагдорж, гүн Гомбожав, тэгээд урагшилбал Лин Хуй-Ин гэх мэт залуус болсон мэт. Гэхдээ нэг ялгаа нь манайд улсын бодлого болгон төр засгаас зардал гарган явуулж байсан, манай хэд байгаа жаахан зүйлээ амьдрал ахуйдаа хүргэхийн хажуугаар сурч боловсрох гэж мэрийж байсан бол Хятадын хувьд ихэвчлэн баян язгууртнуудын үр хүүхэд барууныг зорьсон байдаг юм. Лин Хуй-Ин 1904 онд чухам тийм нэгэн баян айлд мэндэлж, бага залуу наснаасаа эцгээ даган дэлхийн олон улсаар аялсаар нүд нь нээгджээ. Анхлан Лондоны Сэйнт Мэри их сургуульд орж суралцсан бөгөөд тэнд суралцаж байхдаа Кэймбрижийн оюутан, алдарт найрагч Шү Жи-Мотой танилцсан байна. Тэр хоёрын нэгэндээ зориулсан шүлэг найраг олон буй. Ерөөс тэр үеийн Хятадын гэлтгүй дэлхийн олон том зохиолч Линд дурлан, шүлэг зохиолоо зориулсан байдаг билээ. Хүний сэтгэлийг татсан тийм нэгэн ялдам, зөөлөн, бас боловсрол мэдлэгтэй бүсгүй байж. Алдарт Рабиндранаат Таагүр Бээжинд ирэхдээ Лин Хуй-Ин, Шү Жи-Мо хоёртой танилцан, зохиол бүтээлийнхээ орчуулгыг хийлгэн, гурвуул хэсэг хамт ажиллажээ. Линий төгс англи хэлийг Таагүр бахдан гайхаж, бас дээр нь ялдам ялгуунд нь дурлан, ийм нэгэн шүлэг зориулсан нь алдаршин үлдсэн буй:

“Тэнгэрийн хөх

Газрын ногоон өнгөнд дурлав

Тэр хоёрын дундах салхин болбоос:

Санаа алдахуй”

(М.Саруул-Эрдэнийн орчуулга) Гэвч Линий гол бүтээл, амжилт, үлдээсэн өв нь яруу найргаасаа илүү барилга, архитектур, соёлын өвийн судалгаа юм. Энэ тухайд одоо өгүүлсү.

АНХНЫ ЭМЭГТЭЙ АРХИТЕКТОРЧ

1924 онд Лин Хуй-Ин Пэннсилваниагийн их сургуульд элсэн суралцжээ. Яг тэр жил багын найз Лиан Си-Чэн нь бас тус сургуульд элссэн байна. Лиан архитектурын ангид орсон бол чухам тэр мэргэжлийг сонирхож байсан Лин Хуй-Инийг эмэгтэй хэмээн хүйс зааж авсангүй. Учир нь тэр үед хөдөө гадаа явах, байшин барилга дээр гарч судлах ажлыг эмэгтэй хүн үйлдэх ёсгүй гэж үздэг байсан аж. Лин Хуй-Ин сэтгэлээр унасангүй, Урлагийн сургуульд орж суралцаад, хажуугаар нь архитектурын хичээлүүдийг сонгон суралцах болжээ. Ингэж сурах явцдаа бидний өмнө дурдсан байранд амьдарч байснаас гадна багын найз, өдгөө бол мэргэжил нэгт Лиан Си-Чэнтэй амраглан, ханилжээ. Нутагтаа буцаж очоод буюу 1930-аад оны эхээс залуу хос Хятадын үүх түүх, өв соёлын түүхэнд үлдэх гарамгай гавьяа байгуулсан нь эгээ л миний өмнө дурдсан Франц, Германд сурахаар одсон анхны монгол сэхээтнүүдийн эх орондоо байгуулсан гавьяатай, бас он цагтай дүйнэ.

Филадэлфи хотноо Линий амьдарч байсан байшин өдгөө номын дэлгүүр болжээ.

ХУУЧИН НУРААХААС ӨМНӨ

Пэннсилваниагийн их сургуульд Монгол судлалыг үндэслэн хөгжүүлж буй Нанси Стэйнхардт гэж профессор буй. Анх Хятадын уран барилгыг судалж эхэлсэн боловч сүүлдээ Буддын урлаг сонирхон, Монголын сүм хийдийг бүтцийн талаас үзэж эхэлснээр Монгол судлалд “урвасан” багш байгаа юм. Бидний зохион байгуулдаг Монгол судлалын хуралд олон удаа идэвхтэй оролцож, нэг удаа Хэрлэн барсын суваргын тухай, нэг жил Амарбаясгалант хийдийн архитектурын тухай илтгэл тавьж байлаа. Лин Хуй-Интэй чухам мэргэжил нэгтэй, бас сурч төгссөн сургуульд нь багшилж байгаагийнх нь хувьд Смитсониан, Үндэсний Газар зүйн Нийгэмлэг, Хятадын Төв Телевиз гээд Лин Хуй-Иний тухай нэвтрүүлэг мэдээлэл бэлдсэн бүх албан газар Нанси багшаас ярилцлага авсан байх юм. Би ч бас түүнээс Лин Хуй-Ин, Лиан Си-Чэн хоёрын Хятадын уран барилгын түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар лавласан юм.

“Лин Лиан хоёр Хятадын түүхэнд анх удаа судалгааны экспедицээр орон нутгаар явж, түүхэн дурсгалт барилгуудыг судлан, баримтжуулж авсан юм. Хамгийн гол нь тэдний судалгааны дараахан Японы довтолгоо, хожим нь Коммунист соёлын хувьсгал өрнөж, ихэнх хуучны сүм хийд, уран барилга бүрмөсөн устсан. Залуу хосын судалгаа байгаагүй бол тэгээд бүр юу ч үлдэхгүй байж” хэмээн Нанси багш тайлбарлав.

Хоёр судлаач 2000 гаруй уран барилга, сүм хийд, суварга дуганыг судалж, сэргээн засварлаж, баримтжуулан бүртгэж чаджээ. Ингэж явахдаа зөвхөн уран барилга төдийгүй лам нарын сүмийнхээ дээвэр, хонгилд нуусан өдий төдий ховор хуучин гар бичмэл, судар сэлтийг олж, улсдаа тушаасан аж. Тэр үед хаашаа явж, юуг судлах ёстой, хаана түүхийн үнэт эрдэнэ нуугдаж буй талаар судалгаа гэж огт байсангүй, эртний зарим сурвалж мэдээ, нутгийн ардын аман баримт, заримдаа бүр цуурхал яриаг хүртэл баримжаа болгон хөдөө гадаа явдаг байв. Хожим Лиан энэ тухайгаа “Сохор хүн сохор морь унаад явж байгаа шиг л байдаг сан” хэмээн дурсжээ.

ЭМГЭНЭЛТ ТӨГСГӨЛ

Хуучны байшин барилгаа нурааж шинийг барих уу, эсвэл сэргээн засварлах уу хэмээх асуудал өдгөө манай улсын нийслэлийн шийдэх чухал асуудал болжээ. Төв музейн барилгыг хэдийн нураагаад эхэлж. Мао тэргүүтэй коммунистууд ялж, Бээжин хотыг шинэчлэн босгох соёлын их хувьсгал эхлэх үед чухам ийм асуудал гарч байсан юм байна. 1949 онд Мао феодалын хэмээх бүх зүйлийг эвдлэн нураахаар шийдэв. Лин Хуй-Ин мэдээж эсэргүүцсэн нь тодорхой. Гэвч Маогийн дураар болж, Бээжин хотын 25 бээр урт хэрэм хийгээд хуучны бусад бүх дурсгалыг нэгмөсөн сөнөөсөн юм. Уй гашууд автсан Лин Хуй-Инийг сүрьеэ бас давхар нэрмэж, 1955 онд нас бартлаа тэрбээр аз жаргал гээчээс ангид байв. Нөхөр Лиан нь бүр ч илүү зовлон үзэж, “хувьсгалын эсэргүү, ардын дайсан” хэмээх хаяг хүзүүндээ зүүн, олны өмнө шоовдорлуулж, улаан хамгаалагч нарт зодуулан, эрдмийн зэрэг цол бүх зүйлээ хураалгаад бяцхан шавар байшинд ганцаар гунихран хэвтсээр, 1972 онд насан өөд болжээ.

Эгээ л манай баруунд гарсан анхны сэхээтнүүд, эх орныхоо төлөө зүтгээд хэлмэгдсэн түүхийг сануулах мэт.

Лин Хуй-Ин Лиан Си-Чэн хоёр бал сараараа, Европод. 1928 он

ЧИ ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ДӨРӨВДҮГЭЭР САР (ХАЙРЫН МАГТУУ)

Тагтаа хэвлэлийн газраас гаргасан “Орчин үеийн Хятад яруу найраг” хэмээх түүвэрт орчуулагч Нацагдоржийн Энхбаяр Лин Хуй-Иний дөрвөн шүлгийг оруулжээ. Үүнээс хамгийн алдартай нь болох энэхүү шүлгийг Н.Энхбаярын орчуулгаар хүргэе.

Чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

Инээх чинь дөрвөн зүгийн салхи хөгжөөж, илбэдэх мэт

Дөлгөөн хаврын урсгал дунд бүжсээр одном.

Чи бол дөрөвдүгээр сарын өглөөний тэнгэр дэх үүл болоод манан

Үүрээр сэвэлзэх салхи мэт тийм зөөлхөн!Өөр юу ч биш, зүгээр л

Өндөрт анивчиж буй од, бас цэцгэн дээр дусалж буй бороо!

Тайвшрал болоод ариусал – Чи бол

Тансаг цэцэгсээр сүлжсэн титэм. Чи бол

Цайлган бас хүчирхэг, чи бол цагаан шөнийн дүгрэг саран!

Хайлж буй цас мэт гэрэлтсэн шар өнгө – чи бол, хавар цагийн

Анхны нахиа мэт тунгалаг ногоон өнгө – чи бол, зүүдэнд дохилзох лянхуаг

Усны мандал мэт бүүвэйлэх зүрхэн дундах энхрийлэл!

Чи бол энд тэндгүй дэлбээлж буй цэцэгс, гүүр сүлжин

Эрх дураараа жиргэж буй хараацай. Чи бол хайр, халуун,

Бас найдвар, чи бол хүмүүсийн дундах дөрөвдүгээр сар!

МОДОН БАЙШИНГ СУРВАЛЖЛАН ОЛЖ, ХАМГААЛАН СЭЛБЭСЭН НЬ

Лин Хуй-Ин, Лиан Си Чэн хоёрын судалгааны хамгийн том ололтыг өнөөгийн судлаач нар нэгэн бяцхан модон сүм олж, сэлбэн засварласан үйл нь хэмээн дүгнэх бөлгөө. Залуу хос Тан улсын (618-907) үеийн модон барилга олох юм сан гэж олон жил мөрөөдөж явжээ. Тийм нэгэн сүмийн барилгыг мань хоёр 1937 онд, монголчуудын хэдэн зуун жил гороолон очиж мөргөсөөр ирсэн Утай Таван богдын орноос олсон билээ. Харваас Тангийн үеийн хийцтэй модон байшинг хараад залуу хос хэсэг ангайн гайхаж. Тэгээд лам нарыг дайчлан хаалгыг нээн орвоос дээвэрт нь хэдэн мянган сарьсан багваахай үүрлэн, нэвтрэхийн аргагүй юм болсон байх ажээ. Шууд л дайраад орж.

Тоо томшгүй шавж хорхойд хазуулж идүүлснээ мань хоёр маргааш нь л мэдсэн юм гэнэ лээ. Жаахан онгойлгож, гэгээ оруулаад харваас дээвэр, таазны ур хийц, будаг шунх, үсэг бичиг, бүгд Тангийн үеийнх нь болох нь эргэлзэхийн аргагүй тодорхой байв. Лин Хуй-Иний нүдэнд бэхээр бичсэн нэгэн гар бичмэл өртсөнийг уншваас “Тан гүрний Та-чунгийн 11 дүгээр он” хэмээн дурайх нь тэр. Нийтийн тооллын 857 он гэсэн үг.

Ингэхэд Лин Хуй-Ин яагаад заавал модон сүм, модон байшин хайгаад, хайрлаад, хамгаалаад байсан хэрэг вэ? Тухайн үед модоор барьсан хамгийн эртний барилга Японд олдоод байж. Япон ч өв соёлоо хадгалж үлдсэн гэдгээрээ бахархан, хамгийн эртний гэдгээ товойлгож байлаа. Лин Хуй-Ин харин эртний сурвалж бичгээс Япон дахь байшингаас өмнө Хятадад модон сүм барьсаар ирсэн гэдгийг олж уншсан, тэгээд л чухам хаа байгааг нь мэдэхгүй, мөрөөдөн бэдэрсээр явсан нь тэр ажээ.

Арван нэгэн зууныг дамжаад олон их дайн, шашны мөргөлдөөн, гал усны аюулыг даваад гараад ирсэн бяцхан модон сүм. Лиан Си-Чэн хожим нь “Ердөө арц хүжийн өчүүхэн цог л ноцоод бүхэл хийдийг хайлуулчихдаа хүрвэл хайлуулчихна шүү дээ” хэмээн гайхан өгүүлсэн байдаг.

Манайд ч бас хорьдугаар зууны түүхийн олон их үйл, хувьсгал, дайн, хэлмэгдүүлэлт, нугалаа, хотын дахин төлөвлөлт, барилгажуулалт, гал, үер бүгдийг даваад ирсэн модон байшин цөөн боловч буй. Гэндэн сайдын амьдарч байсан байшин нэг нь. Сайтар хадгалж арчилж байгаа хэмээн найдна. Хол сууж байгаа болохоор миний бие сайн мэдэхгүй л байна.

БАЙШИН АВАРСАН БҮСГҮЙНХЭЭ БАЙШИНГ АВАРЧ ЧАДААГҮЙ ТҮҮХ

Хориотой хотоос хориод минут алхвал өнөө миний өмнө өгүүлсэн Маогийн устгасан хэрмийн ор балгаст хүрнэ. Барилга нураадаг том гахиуран бөмбөлөг гинжилсэн кран ирэхийн өмнөх орой Лиан хэрэм дээр нэвширтэл уйлж суусан гэдэг. Тэр газрын дөнгөж цаахан хутонг хэмээх бяцхан тагцын хорооллын үлдэл буй. Хутонг гэдэг нь монгол хэлний гудамж гэх үгээс гаралтай юм билээ. Хутонг хорооллын Бэй Зонг Бу гудамжны 24 тоот бяцхан байшинд Лин Лиан хоёр гучаад онд амьдралынхаа хамгийн аз жаргалт үеийг өнгөрөөжээ. 2007 онд тэр орчимд сууж байсан арван айл нүүж, хотын дахин төлөвлөлт буюу хар яриагаар бол газарт орох болж. Тэр цагт Лин Хуй-Йн нэгэнт алдаршсан, шүтэн бишрэгчид нь амьдарч байсан байшинг нь “соёлын нандин өв”-ийн бүртгэлд оруулахаар бичиг цаасны ажлаа эхлүүлсэн байлаа. Тэгтэл 2012 онд, Хятадын цагаан сарын битүүний шөнө буюу бүх хүнийг ид завгүй байх үеэр Засгийн газартай нягт холбоо бүхий барилгын компани өв соёлын алдарт зүтгэлтнүүдийн амьдарч асан байшинг нурааж орхижээ. Өдгөө тэнд тэр гэх тэмдэг үгүй, орчин үеийн олон давхар гял цал байшин баригдаж. Соёлын өвийн төлөөх зүтгэлтнүүд, судлаач багш нар эсэргүүцэн, нийтийн сүлжээ даяар шүүмжлэн хэлэлцэв. Тэдний сэтгэлийг засах үүднээс Хятадын төрөөс мөнөөх барилгын компанийг 80.000 доллар орчмын мөнгөөр торгоод өнгөрчээ. Хэдэн зуун мянган доллар төлөөд Лин Хуй-Иний тэр бяцхан байшин ахин босох уу?

Түүх гэдэг өнгөрснөөсөө сургамж авч байж урагшлах учиртай. Байшин хамгаалдаг бүсгүйн байшинг хамгаалж чадаагүй харь улсын 1949, 2012 оны түүхээс та бид сургамж авч, өнөө миний өмнө өгүүлсэн Гэндэн гуайн модон байшин хийгээд бусад хуучин барилга байгууламжийг хамгаалах ёстой юм шүү. Үгүй бол төр засгаас нураасан тэр компанийг нь наян мянган доллараар торгосон болоод өнгөрөх вий.

БЭЭЖИНД ҮЛДЭЭГҮЙ Ч ФИЛАДЕЛФИД БУЙ

Амласан ёсоор уншигч таныг Лин Хуй-Иний Пэннсилваниагийн их сургуульд сурч байхдаа амьдарч асан байшинг номын дэлгүүр болгон ажиллуулж буй Дэббитэй эргэн уулзуулъя.

М. С: Энэ байшинд Лин хуй-ин ганцаар суудаг байсан юм уу?

Дэбби: Үгүй, найм есөн өөр эмэгтэй оюутантай хамт амьдардаг байж. Энэ гудамж ер нь тэр чигээрээ сорорити (зохион байгуулалттай бүлгэм маягаар ажилладаг эмэгтэй оюутны байр, байгууллага) байж. Ихэнх нь одоо хүртэл ажиллаж байгаа. Тийм маягаар хэдэн охин амьдарч байсан юм билээ.

М. С: Хэдэн оноос та номын дэлгүүр болгосон юм бэ?

Дэбби: 1971 онд анх аваад л би номын дэлгүүрээ нээсэн юм. Хүмүүс надаас их асууна. Та Лин Хуй-Инийг таньдаг байв уу? гээд л. Яаж таних вэ дээ, Лин чинь энд хориод онд амьдарч байсан, бүр хуучны хүн л дээ.

М. С: Номын дэлгүүр нээе гэсэн санаагаа анх яаж олов? Эрсдэлтэй бизнес биш үү?

Дэбби: Тэр үе чинь Америкийн түүхийн их сонин үе шүү дээ. Бидний ид залуу цаг. Бүх л юмыг туршиж үзсэн, эрсдэл элдэв юмнаас айдаггүй, нээлттэй байв шүү.

М.С: Энэ жижиг байр Пэннсилваниагийн их сургуульд их ойрхон, байрлал нь бол их сайхан юм. Байрлал сайтай жижиг байруудыг том компаниуд авч нураагаад шинэ байшин бариад байна уу, үгүй юу?

Дэбби: Соёлын үнэ цэнгүй байр бол хамаагүй. Миний хувьд бол би ямар ч үнэ амласан өгөхгүй ээ. Үүх түүхээ хүүрнээд, номын бяцхан дэлгүүр чигээрээ байж л байг.

Дэбби шиг сэтгэдэг хүмүүст л үүх түүхт бяцхан байшингийн түлхүүрийг атгуулах ёстой юм байна даа гэж бодсоор Вашингтон хотын зүг машины жолоог залав. Намрын сүүл сарын жихүүн салхитай өдөр бөлгөө.

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай сурвалжлагч М.САРУУЛ-ЭРДЭНЭ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Үндэсний статистикийн
газраас манай улсын өнгөрсөн
сарын нийгэм, эдийн засгийн
тайланг танилцууллаа. Энэ тухай дэлгэрэнгүйг нэг, долдугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

УИХ-ын гишүүн
Н.Номтойбаяр өчигдөр
өөртэй нь холбоотой
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
сангаас 3.9 тэрбум төгрөгийг
улстөрчдөд олгосон гэх, мөн
Г.Батхүү агсны амь насаа
алдсан хэрэгтэй холбоотой
мэдээлэлд тайлбар
хийсэн юм. Тайлбарыг нэг, хоёрдугаар нүүрэнд хэвлэлээ.

Монгол Улсын
гавьяат мал зүйч цолоор
шагнагдсан “ Түмэн
шувуут” ХХК-ийн ТУЗ-ийн
дарга Л.Эрхэмбаяртай хийсэн ярилцлагыг нэг өолон 11 дүгээр нүүрнээс уншаарай.

Баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрэнд “Жамбын Батмөнх ардчилсан хувьсгалыг
эхлүүлж Цахиагийн Элбэгдорж ардчилсан
хувьсгалыг сүйдэлсэн болж хувирсан уу” нийтлэл хэвлэгдлээ.

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр i toim.mn цахим хуудсын сэтгүүлч Г.Отгонбаяртай онгоцны үйлчлэгч бүсгүйтэй холбоотой хэрэгт хэрхэн холбогдсон талаараа, цаашид яах тухайгаа ярилцсан байна. Энэхүү ярилцлагыг тоймлон байр суурь хүргэж байна, зургадугаар нүүрнээс уншиж сонирхоорой.

Дэлхийн мэдээний есдүгээр нүүрэн дээр Д.Трампын хүү
Монголд ирээд аргаль
угалз агнаад буцсан талаар онцолсон байна. Мөн эх дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч швед охин “Time” сэтгүүлийн оны хүнээр шалгарсан тухай бтгэн нийтэллээ.

Эдгээрээс гадна уламжлалт “Нэг ангийнхан”, “Залуусын ертөнц”, “Ном ярьж өгье” булангуудаа баасан гарагийн шинэхэн дугаараасаа амтархан уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

Аргын тооллын арванхоёрдугаар сарын 13, Сугар гариг. Билгийн тооллын 16, хөх бич өдөр. Өдрийн наран 08:32 цагт мандан 16:59 цагт жаргана. Энэ өдөр бэр авах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх зэрэгт сайн. Шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.

Categories
мэдээ улс-төр

ХЗБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, УИХ-ын гишүүд болон Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалтыг явуулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 23 саналын томьёлол бүрээр санал хураасан. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 12 дахь заалтын 5 дахь хэсгийг “5.Прокурор энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд мөрдөгчийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг хянаад үндэслэлгүй гэж үзвэл дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 5.1.гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг дахин шалгуулахаар буцаах; 5.2.хэрэг бүртгэлтийн хэрэг нээх; 5.3.эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах.” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 17 дахь заалтыг 17/34.17 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг “6.Энэ зүйлд заасан түдгэлзүүлэх нөхцөл арилсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээнэ.” гэж тус тус өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн төслийн 2 дугаар зүйлийн “, эс зөвшөөрвөл даалгаврыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн прокурорын газрын дээд шатны прокурорт бичгээр саналаа 1 удаа гаргах;” гэснийг, “, даалгаврыг эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор энэ тухай дээд шатны прокурорт саналаа бичгээр нэг удаа гаргах” гэж, “хойш 3 хоногийн” гэснийг “хойш ажлын 3 өдрийн” гэж өөрчлөх, төслийн 2 дугаар зүйлийн “21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн” гэсний дараа ““хураан авсан” гэсний дараа “, битүүмжилсэн” гэж, “батална.” гэсний дараа “Прокурор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, эд мөрийн баримт, гэмт үйлдлийн замаар олсон орлого, түүнтэй адилтган үзэх бусад эд зүйлийг хууль ёсны эзэмшигчид нь олгох, эсхүл улсын орлого болгуулахаар шүүхэд санал гаргаж шийдвэрлүүлнэ.” гэж, “өмгөөлөгч” гэсний өмнө “хууль ёсны төлөөлөгч,” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олон дэмжив.

Үргэлжлүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 15 саналыг хуралдаанд оролцсон гишүүд тус тус дэмжсэн. Тухайлбал, Ажлын хэсгээс төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалт, 3 дугаар зүйлийн 4 дэх заалтыг нэгтгэн өөрчлөн найруулж, 3 дугаар зүйлийн 4 дэх заалт болгохыг гишүүдийн олонх дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлэхдээ тавин сая төгрөгөөс дээш хэмээн тодотгож үнийн дүнгээр ялгаварлах нь өрөөсгөл тул эргэн харах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

Төслийн 2 дугаар зүйлийн “6 дугаар зүйлийн 6.4.5 дахь заалтын “баривчлах”шийтгэл оногдуулсан” гэсний дараа “, эсхүл гадаадын иргэнийг саатуулах тухай” гэж, гэснийг “6.4.6.гадаадын иргэнийг саатуулах тухай шүүхийн шийдвэр;’’ гэж өөрчлөн найруулж, нэгдүгээр зүйлийн 1 дэх заалт болгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Түүнчлэн төслийн3 дугаар зүйлийн 5 дахь заалтын 155.2 дахь хэсгийг “Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 158.2-т заасны дагуу прокуророор хянуулсан эрүүгийн шийдвэргүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай шийдвэрийг ажлын 3 өдрийн дотор цагдаагийн байгууллагад хүргүүлнэ.” гэж өөрчлөн найруулах Ажлын хэсгийн саналыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжих нь зүйтэй гэж үзэв.

Ингээд УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэлсэн тул Байнгын хорооны хуралдааныг түр завсарлуулж, хуулийн төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллын санал хураалтыг маргааш үргэлжлүүлэхээр боллоо.

Categories
мэдээ нийгэм

Засаг даргын захирамжаар Петро Матад компанийн газрыг албадан чөлөөллөө

Дорнод аймгийн Матад сумын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах гэрээт Матад 20 талбайд газрын тосны хайгуул хийхээр хайгуулын өрөмдлөгийн ажлын төлөвлөөг батлуулан ажиллаж байгаа гэх Петро Матад компани нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийг хөндөн барилга байгууламж байршуулан 2 байршилд 6 га газрыг хууль бусаар ашигласан нь тогтоогдсон байна. Тиймээс өнгөрсөн 5-р сараас буюу үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас нь эхлэн Дорнод аймаг болон Матад сумын зүгээс газар чөлөөлөх 2 удаагийн мэдэгдэл, 2 удаагийн захирамж хүргүүлсэн боловч Петро Матад компани дээрх шаардлагуудыг үл биелүүлсэн. Ийм учраас дараагийн шатны хуулийн арга хэмжээ буюу газрыг албадан чөлөөлөх Дорнод аймгийн Засаг даргын захирамж гарч энэ сарын 11-ны өдөр Петро Матад компанийн хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа газрыг цагдаагийн хяналтан дор чөлөөллөө. Мөн газар чөлөөлөхөд гарсан зардал дээр байгаль орчинд учруулсан хохирлыг мэргэжлийн байгууллагаар тогтоолгон тус компаниар нөхөн төлүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмэх бэлтгэл ажлыг хийж дууслаа

Сайжруулсан шахмал түлшний түгээлт, борлуулалт, нөөцлөлт, үйлдвэрлэлийн үйл явцын талаар өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар, Борлуулалт, маркетингийн хэлтсийн дарга Д.Миняа, инженер Ж.Батбилэг нар мэдээлэл хийлээ.

“Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Өндөржүүлсэн бэлэн байдлын горимд үйлдвэр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэр есөн шугамаар өдөрт 2400-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа. Түлшний түүхий эд болон бусад шаардлагатай материалуудын хүрэлцээ хангалттай бий. Улаанбаатар хотын гэр хорооллынхны сайжруулсан түлшний хэрэгцээ нь өдөрт 1700-2100 тонн гэсэн бодит тооцоо судалгаа байдаг. Бид энэ хэрэгцээнээс давсан хэрэглээг үйлдвэрлэж байна. Оройн цагаар зарим цэгүүдэд түлш тасрах, хоромдол үүсч байгаатай холбогдуулан 24 цагаар ажиллах 50 борлуулалтын цэг нэмж ажиллуулахаар бэлтгэл ажлыг хийж дуусгалаа. Түлшний хангалт болон нөөцлөлтийн хувьд хүндрэл байхгүй” гэлээ.

Улаанбаатар хотод 430-аад борлуулалтын цэг ажиллаж байна. Эндээс 200 цэг нь өөрсдөө савлагаагаа хийдэг. Энэхүү цэгүүд дээр дундын 10 баазыг оруулаад, нийтдээ 3000 орчим иргэд түлшийг савлах ажлыг хийж гүйцэтгэж байна. Үйлдвэрт 1500 орчим хүн ажилладаг. Шинэ ажил эхлэхэд хүндрэл мэдээж тулгардаг. Энэ бүхнийг бид даван туулах ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадал хүрэлцээтэй байгаа. Ард иргэдийг түлшний хомсдолд орж болзошгүй гэсэн янз бүрийн мэдээ мэдээллийн дагуу ихээр нь авч нөөцлөх гэж зохиомол хомсдол үүсгэх шаардлагагүй гэдгийг онцлон хэлмээр байна. Бид тулгамдсан асуудлуудаа тухай бүрт нь шийдээд явж байна. Үйлдвэрлэлийн хүчин чадалд эргэлзэхгүй байж болно хэмээн хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.

Categories
мэдээ нийгэм

Шинжээч эмч нар ОХУ-д сургалтад хамрагдаж байна

Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Дагиймаагаар ахлуулсан эхний ээлжийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газар болон аймгийн шүүхийн шинжилгээний албадын 18 шинжээч эмч Оросын холбооны улсын Эрхүү хотын Анагаах ухааны дээд сургуулийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтэд шүүх эмнэлгийн мэргэжил дээшлүүлэх 14 хоногийн сургалтад хамрагдаж байна.

Тэд энэ сарын 7-ны өдрөөс эхлэн сургалтад хамрагдсан бөгөөд цаашид.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк Нарантуул олон улсын худалдааны төвд шинэ салбараа нээлээ

Худалдаа, хөгжлийн банк Нарантуул олон улсын худалдааны төвийн бизнес эрхлэгчид болон Баянзүрх дүүргийн 18-р хорооны иргэдэд банкны үйлчилгээгээ хүргэх зорилготойгоор Баялаг Ундраа төвийн 1-р давхарт Нарантуул салбараа өнөөдөр буюу 2019 оны 12-р сарын 12-ны шинийн 15-ны билэгт сайн өдөр харилцагчдынхаа халуун алга ташилтын дунд нээлээ.

Тус салбар нь ХХБанкны хамгийн отгон салбар болон үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Салбар нээгдсэнээр Нарантуул олон улсын худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн БНХАУ-руу илгээх юанийн гадаад гуйвуулга, төлбөр тооцоо, олон улсын картын үйлчилгээ зэрэг өдөр тутмын бизнесээ, тасралтгүй явуулах боломжууд нэмэгдэж байгаад иргэд, бизнес эрхлэгчид баяртай байлаа.

Мөн Худалдаа, хөгжлийн банк бүх салбар, тооцооны төвүүдээ Олон улсын жишигт нийцүүлэн “Allen” стандартын загвараар шинэчлэн ажиллаж байгаа юм байна. Энэ жилийн хувьд Занабазар, 40-н мянгат зэрэг нийт 7-н салбараа олон улсын стандартын дагуу тохижуулан харилцагчдадаа илүү тав тухтай орчинд үйлчилж эхэлсэн байна.

2020 онд Худалдаа, хөгжлийн банкны 30-н жилийн ой тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд харилцагчид, иргэддээ зориулсан маш олон төрлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ, урамшуулал болон нийгмийн сайн сайхны төлөө олон төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлэх болно.

Та бүхэн Нарантуул салбарын эрч хүчтэй, чадварлаг, найрсаг хамт олноос банкны бүхий л үйлчилгээг тав тухтай орчинд шуурхай хүлээн аваарай.

Харилцагч бүрдээ хүрч үйлчилнэ

Худалдаа, хөгжлийн банк

ХХБанкны сошиалд нэгдээрэй.