Categories
мэдээ нийгэм

Он гарсаар 44 иргэн ахуйн гал түймрийн улмаас амь насаа алджээ

Он гарсаар улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 4,039 удаагийн ахуйн гал түймэр гарч, түймрийн улмаас 44 иргэн амь насаа алджээ. Үүний 29 нь том хүн, 15 нь хүүхэд байгаа юм.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж:

  • Яндангийн цонолт, халалтаас хамгаалах
  • Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийндээврээс 60-80см-ээс дээш байх.
  • Үнс нурмаа ил задгай асгахгүй байх
  • Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.
  • Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх
  • Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх,
  • Гэр орондоо бензин болон бусад шатах, тослох материал хадгалахгүй байх
  • Хялбар гал гаргах асаагуур, чүдэнзийг хүүхдийн гар хүрэхээргүй газарт нууж тавих,
  • Хийн зуухны аюулгүй хэрэглээг хангах
  • Хийн зуухны буруу хэрэглээний улмаас гал түймэр гарах тохиолдол ихсэж байгаа учир хийн зуух ашиглах заавар, зөвлөмжийг дагах,
  • Гэр орондоо утаа мэдрэгч суурилуулж, гал унтраагуур байрлуулах
  • Утаа мэдрэгчийн хэвийн ажиллагаа болон гал унтраагуурын хадгалах хугацааг тогтмол шалгаж, гэр бүлийн гишүүдээ гал унтраагуурыг хэрхэн ашиглах талаар зааж сургах.
  • Дуудлага өгөх, бусдад мэдэгдэх
  • Гал гарсан тохиолдолд 101 утсанд яаралтай дуудлага өгөх. Өөрөө дуудлага өгөх боломжгүй бол хөрш айлуудаасаа тусламж хүс, чанга дуугаар хашхирч бусдад мэдэгдэх,
  • Галын машины замыг чөлөөлөх, мэдээллээр хангах

Галын машин ирэх замыг чөлөөлж, гал гарсан газарт очих замыг зааж өгөх. Галын голомт хаана байгааг тодорхой хэлж, гэр байшингийн дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх зэрэг арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн мэдээллийн аюулгүй байдлын асуудлаарх хэлэлцүүлэгт оролцов

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Төрийн мэдээллийн аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, шийдэл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлэгт оролцон үг хэлж, мэдээллийн аюулгүй байдлын асуудлаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн “Мэдээллийн аюулгүй байдал” гэх нэн чухал сэдвээр төрийн байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүлж байгаа нь цаг үеэ олсон явдал болохыг онцлон тэмдэглээд, хэлэлцүүлэгт амжилт хүсэв.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ш.Батболд: Нийгмийн тодорхой хэсэг “Жокер” киног үзээд өөрийгөө гол дүрээс нь олж харсан байж магадгүй

-НИЙГЭМД БУСДЫГ БУРУУТГАХ ХАНДЛАГА ДАВАМГАЙЛБАЛ ЯЛГАВАРЛАН
ГАДУУРХАХ, ҮНДСЭРХЭХ ҮЗЭЛ ГААРЧ ХЯМРАЛ, МӨХӨЛ РҮҮ ЯВДАГ-

МУБИС-ийн сэтгэл судлалын багш, сэтгэл судлаач Ш.Батболдтой ярилцлаа.


-”Жокер”-ын сэтгэл зүй гэх шинэ нэр томьёо манай нийгэмд гараад ирчихлээ. “Жокер” киног үзсэн хүмүүс юу яриад байгааг гадарлаж байгаа байх. Юм бүхэнд гомдоллодог, хэн нэгэн өөрийнх нь боломжийг булаасан мэт үргэлж ярьдаг тийм хэсэг бүлэг бий болчихжээ. Та үүнийг мэргэжлийн хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Сэтгэл судлаач Т.Адорно 1940 оны эхэн үед Америкт “Нууц фашистууд” гэж өөрсдийгөө нэрлэсэн хүмүүсийн үзэл бодол, сэтгэл-зүйн шинжүүдийг судалсан байдаг. Энэхүү судалгаанаас тэдгээр хүмүүс дарангуйлал, устгал, эвдэн сүйтгэхийг дэмждэг, нийгмийн ямар нэг сөрөг үзэгдлийн шалтгааныг “тодорхой нэг буруутай этгээдэд” тохох хандлагатай байдгийг тогтоосон.

Тэдний судалснаар сэтгэл зүйн энэ шинж нь гол төлөв боловсрол багатай, 30-аас дээш насны, доогуур орлоготой хүмүүст илүү их илэрдэг.

Сэтгэл зүйн энэ онцлог бий болоход бага насанд нь тохиолдсон сэтгэлзүйн таагүй тааламжгүй үйл явдал, дурсамж, эцэг эхийнх нь боловсрол мөн хожим нь насанд хүрсэн үед нь тохиолдсон эдийн засаг, нийгмийн тааламжгүй байдал нөлөөлдөг. Ийм хүмүүс хийж бүтээх ид оргилуун үедээ ирээдүйдээ найдвар тавьж, харин дунд эргэм насны үедээ итгэл найдвараа алдаж эхэлдэг.

Ингэснээр эвдэж бусниулах, хэн нэгэн буюу нийгмийн тодорхой нэг давхаргыг үзэн ядах, тааруу амьдарч байгаагаа ямар нэгэн тогтолцоотой холбож тайлбарлах хандлагатай болдог. Олон нийтэд ийм хандлага давамгайлахад нийгэм-эдийн засаг, улс төрийн хямрал шууд нөлөөлдөг.

-Сошиал орчин дахь ямар ч мэдээллийн доорх сэтгэгдлийг ажиглахад “Би баяжих байсан юм. Гэтэл энэ хүн миний боломжийг хулгайллаа”, “Би үүнээс ч сайхан амьдрах байсан. Энэ хэд л намайг ийм амьдруулж байна”. “Би эд нар шиг баян байх ёстой байсан. Гэтэл одоо би өр зээлэндээ баригдчихсан. Хар даа” гээд гомдоллож, зовлонгоо тоочсон нь их байна?

-Хэрвээ нийгэмд таагүй үйл явдлууд их болж, эдийн засаг доройтож, хувь хүний амьдралд даван туулж чадахгүй бэрхшээл үүсэж, дээр нь хувь хүн өөрөө мэдээлэлд үнэн, зөв анализ хийх чадвар бололцоогүй, боловсрол муутай, бага насны амьдрал нь таагүй байсан бол аливаа үзэгдлийн шалтгааныг тодорхой нэг хүн, нийгмийн нэг бүлэгт бурууг нь тохох хандлагатай.

Үүнийг нийгмийн сэтгэл судлалд “Буруутныг хайх хандлага” гэж нэрлэдэг. Ихэнхдээ мэдээлэл дутуу, зөрчилтэй баримтуудын цаад шалтгааныг шууд хүлээж авсан өөртөө таалагдсан баримттай холбож ойлгодог.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь нийгэмд болж байгаа үйл явдлын талаар шалгаж болохооргүй хоорондоо зөрчилтэй олон мэдээллийг өгдөг. Хүн эдгээр мэдээллийн алинд нь итгэх вэ? гэсэн асуулттай тулгардаг.

Мэдээлэл дутуу, зөрчилтэй тохиолдолд олон нийт тухайн үзэгдлийг ойлгохдоо нэг л “шалтгааныг” сонгож аваад түүнтэй зөрчилдөж байгаа бусад бүх зүйлийг хасаж дүгнэлт хийдэг.

Жишээ нь, УИХ-ын 76 гишүүний бүгдийг нь энгийн нэг иргэн маш сайн мэддэг байх боломжгүй. 800,000 төгрөгийн цалинтай төрийн албанд насаараа ажилласан хүн “УИХ-д 20 гаруй жил сонгогдож ажилласан хувийн компанигүй гишүүн гурван тэрбумын хауст амьдарч байна” гэдэг мэдээлэл сонсоод юу гэж дүгнэх вэ? Дүгнэлтээ бусад 76 гишүүн рүү шууд шилжүүлнэ. Бүгдийнх нь сайн, мууг ялгах гээд цаг заваа үрээд байхгүй. Яг үүнтэй адил дүгнэлтийг өөрт тохиолдож байгаа, нийгэмд болж байгаа олон үзэгдэл дээр шилжүүлнэ.

-Ингэж гомдоллодог ахимаг насныхан байсан бол энэ ”жокер”-ын сэтгэл зүй залуу үе, хүүхэд рүү халдварлаж, дунд сургуулийн хүүхдүүд хүртэл олны танил хүмүүс, чинээлэг хүмүүс өөрсдийг нь л ядуу амьдруулаад байна гэж ярих болжээ?

-Хүний танин мэдэхүйн тогтолцооны нэг онцлог бол дунджаар 21 нас хүрч байж хийсвэр ойлголтод логик дүгнэлт хийх чадвартай болдог. Үүнээс өмнө ихэнх хүүхдүүдийн дүгнэлт алдаатай, өөртөө төвлөрсөн, үеийнхний болон бусдын үзэл бодол, итгэл үнэмшил, олон нийтийн мэдээллийн хэрэгслээс хамааралтай байдаг учраас ингэж дүгнэлт хийх нь аргагүй.

Хаягдсан, хүчирхийлэлд өссөн, эх нь ч, өөрөө ч сэтгэцийн өвчтэй, боловсролгүй, ажилгүй хүн зах зээлийн нийгмийг хэрхэн хардаг вэ гэдгийг харуулсан киноны тодорхой жишээ нь “Жокер”. Бүх хүүхдүүд, өсвөр үеийнхэн, ахмад насныхан ийм сэтгэл зүйтэй болчихлоо гэж дүгнэж болохгүй.

Нийгмийн тодорхой хэсэг энэ киног үзээд өөрийгөө гол дүрээс олж харсан байж магадгүй. Гэхдээ бүх нийгмийн гишүүдийг ийм харах өнцөгтэй болчихлоо гэж дүгнэх нь учир дутагдалтай.

-Гэтэл Монголд ажил хийж, амьдралаа хөлс хүчээрээ босгож, үүрээс үдшийн бүрий хүртэл борви бохисхийлгүй зүтгэдэг хүмүүс нэн ховор. Хүний аз жаргалтай байх нь тухайн хүнээс өөрөөс нь 100 хувь хамаардаг биз дээ, уг нь?

-Би хувьдаа монголчууд нийтээрээ ажил хийхгүй, залхуу байна гэдэгтэй санал нийлдэггүй. Миний үеийн залуучуудыг харахад ажиллаж байгаа салбар бүртээ чөлөө завгүй ажиллаж, гэр бүлдээ санаа тавьж, бүгд шахам ер зээлтэй байгаа ч болгож бүтээх гэж уйгагүй ажиллаж байна. Бүгдийг хавтгайруулан хар цагаанаар харж болохгүй.

Позитив сэтгэл судлаачид хувь хүн аз жаргалтай байхад юу нөлөөлдөг вэ гэдэг талаар судалгаа эрчимтэй хийж байгаа, тэдний зарим судалгаанаас харахад хүн аз жаргалтай байхад хувь хүний хичээл зүтгэл чармайлтаас 40 хувь, нь нийгэм-эдийн засгийн байдлаас 10 хувь, тухайн хүний өссөн гэр бүл, эцэг эх, сэтгэл зүйн суурь шинжээс 50 хувь орчим нь хамаардаг гэдгийг ойролцоо байдлаар тодорхойлоод гаргачихсан.

Өөр нэг судалгаа нь хүний аз жаргалыг тухайн улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийгмээс үзүүлж буй дэмжлэг, эрүүл мэнд, сонголт хийх эрх чөлөө, бусад хүмүүст үзүүлсэн тусламж, авлига гэх зэрэг үзүүлэлтээр тодорхойлдог. Энэ индексээр авч үзвэл Финланд, Дани, Норвеги хамгийн аз жаргалтай, харин манайх 156 улсаас 83 дугаар байрт 2019 оны байдлаар явж байгаа.

-Гомдлоо удаан тээх нь сэтгэл зүйг гэмтээж, элгийг өвчлүүлдэг гэж дуулсан юм байна. Хэрвээ бид нийгэм дэх энэ их гомдолтойгоо удаан явбал юу тохиолдох вэ?

-Улс төрийн болон нийгмийн сэтгэл судлаачдын хийсэн олон судалгаанаас үзэхэд хэрвээ нийгэмд бусдыг буруутгах хандлага давамгайлбал ялгаварлан гадуурхах, үндсэрхэх үзэл гаарч хямрал, мөхөл рүү л явдаг.

-Одоо тэгэхээр энэ гажуудсан сэтгэлгээ, асар их гомдлын сэтгэл зүйг нийгмийн болоод хувь хүний түвшинд хэрхэн эдгээх ёстой вэ. Ямар арга зам байна вэ?

-Аль ч түвшинд боловсролд, мөн тогтвортой алсыг харсан бодлогод анхаарах шаардлагатай. Гэр бүлийн хүрээг аваад үзье. 1980-аад оны дунд үеэс АНУ-д гэр бүл салалт гамшгийн хэмжээнд хүрч, дунджаар хоёр гэр бүлийн нэг нь салалтаар дуус-даг байсан.

Гэтэл сүүлийн жилүүдэд энэ тоо буурсан, учир нь гэр бүл, хувь хүний сэтгэл зүйн боловсролд бүх түвшинд анхаарал хандуулсны үр дүнд залуучууд сонголтдоо хариуцлагатай хандах болсноор салалтын тоо буурсан гэж судлаачид дүгнэж байна.

Манай эцэг эхчүүд 10 жилийн өмнөх үетэй харьцуулахад хүүхдүүдийнхээ боловсролд маш их анхаардаг болсон, гэвч энэ хандлагатай төрийн бодлого зэрэгцэж явж байж өөрчлөлт гарна. Залуучуудын ажил эрхлэлтийн хүрээг аваад үзье. Чадвартай, ажилдаа сэтгэл зүтгэлтэй бүх үеийн төлөөлөл болсон хүмүүс төрд ч, хувийн хэвшилд ч олон байна.

Тэд хийж бүтээгээд, нийгэмд хувь нэмрээ оруулаад явж байна. Гэтэл хэн нэгэн улстөрчийн тавиул, ажлаа мэддэггүй шахаасны хурга, хуцан дарга нар тэр ажил руу орвол системийн гацаа үүснэ. Тэгэхээр хувь хүний түвшинд өөрчлөлт гарсан ч бодлогын ч түвшинд шинэчлэл явахгүй бол ахиц гарахгүй. Аль аль нь зэрэгцэж явж байж л өөрчлөлт гарна.

Categories
мэдээ нийгэм

Говь-Алтайд 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Бүс-Уул багийн “Хөх хасганы дух” гэдэг газарт энэ сарын 25-ны өдрийн 10:22 цагт 5.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Уг газар нь аймгийн төвөөс баруун хойд зүгт 270 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 60 км-т оршдог байна.

Газар хөдлөлтийн тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар Онцгой байдлын албанд мэдээлсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Бугат, Төгрөг, Тонхил сумдын Засаг даргын Тамгын газрын дарга нартай холбогдож тодруулахад тухайн газарт малчид нутагладаггүй, дээрх сумдын иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч учирсан хохирол байхгүй тухай мэдээлжээ.

Categories
мэдээ нийгэм

Монгол бахархалын өдөрт зориулсан барилдаанд улсын начин Н.Баярбаатар түрүүллээ

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилий ой, Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан хүчит бөхийн барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэлээ.

Өндөр чансаатай, шилдэг 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Н.Батсуурь болон улсын харцага О.Хангай нар шалгарч үлдсэн боловч шинэхэн начингуудад өвдөг шороодлоо.

Монгол бахархлын өдрийн барилдааны үзүүр түрүү булаалдсан Сэлэнгэ нутгийн хоёр бөх энэ жилийн Сэлэнгэ аймгийнхаа баяр наадамд үзүүр,түрүү булаалдсан бөгөөд улсын баяр наадмаар нэг өдөр Монгол Улсын начин цол хүртсэн юм.

Categories
мэдээ нийгэм

МҮОХ-ны ерөнхийлөгч өнөөдөр сонгогдоно

Монголын Үндэсний олимпийн хорооны /МҮОХ/-ны гишүүд өнөөдөр хуралдаж байна. Энэхүү хурлаар МҮОХ-ны дараагийн шинэ ерөнхийлөгчийг томилох асуудал, 2019 оны үйл ажиллагааны тайлан болон дараагийн ээлжит бус чуулганы товыг зарлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

МҮОХ-ны дарга Д.Загдсүрэн эрүүл мэндийн шалтгаанаар өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Одоогоор МҮОХ-ны ерөнхийлөгчийг дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг орлон гүйцэтгэж байгаа юм.

МҮОХ-ны харъяад спортын бүх холбоод мөн Допингийн эсрэг төв багтдаг бөгөөд шинэ ерөнхийлөгчид Б.Батүшиг, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Ц.Бат-Энх нарын хүмүүс нэр дэвшиж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно

УИХ-ын чуулганы энэ 7 хоногийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хүргэж байна.

11 дүгээр сарын 28-ны Пүрэв гарагт 15.00 цагаас, 29-ний Баасан гарагт 10.00 цагаас:

  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;
  • “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 11 гишүүн 2018.10.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл/Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.08.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, Засгийн газар 2019.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай /анхны хэлэлцүүлэг/;
  • Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.11.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
  • “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.11.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2019.10.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2019.10.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2019.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МОНГОЛ: 11 ҮГЭЭР (III)

Түрүүч нь №233(6334), 238(6339) дугаарт


Ийм учраас амиа аврах нь, гэр бүл, овог аймгаа аврах нь нэр хүндээ хамгаалахаас давсан үйл хэрэг байсан гэсэн үг.

Хүн төрөлхтөн иргэншин суурьшиж, амь насаа аврах, гэр бүл үндэстнээ хамгаалахаас давсан үзэл санааны эрх ашиг бий болсоор байлаа. Тэр ч байтугай нэр төр, ёс суртахууны үнэт зүйлсээ хамгаалан амиа өргөх, тэр ч байтугай өөрийн үндэстэнтэйгээ байлдан тулдаг цаг үе ч бий боллоо.

Энэ зуур монголчууд нүүдэлчин хэвээрээ л байв. Харин олон жилийн дотоодын самуун, хагарлаа эцэслээд, Манж Чингийн ивээл, хараан дор буддистууд болон суув. Өөрөөр хэлбэл, “шар малгай асааж, аранзал орхимжинд хоргодон туулдаг нэгэн тийм улирал иржээ” гэж ойлгосон бололтой.

ХОЁР ДАХЬ ҮЗЭЛ САНАА

Хамаг амьтныг буян хийх замаар жаргаах суртлын улирал дуусав. Оронд нь даян дэлхийн пролетари нарыг хувьсгалт хүчирхийллийн аргаар албадан жаргаах суртлын улирал ирлээ.

ХIX зууны сүүлчээр Өрнөдөд коммунист үзэл санаа гарчээ. Үүнийг аж үйлдвэрийн хувьсгалын үрээр бий болсон ухамсартай ажилчин ангийн үзэл санаа гэж Зөвлөлтийн үед ухуулж байсан нь буруу юм. Харин, хүн төрөлхтөн боловсрон гэгээрч сэхээтэнтэй болсны үр дүн байлаа. Тэд баян хоосны ялгаа, нийгмийн тэгш бус байдлыг анзааран эмзэглэх болов. Улмаар, хүн бүр тэгш жаргалтай, баян хоосны ялгаагүй амьдарч болох арга замыг хэрэндээ л эрэлхийлжээ. Яг энэ хүсэл эрмэлзэл дээр хүч хэрэглэн байж нийгмийг тэгшитгэх Марксизмын үзэл санаа амилан боссон юм.

Өөрснөө санаачлан жаргаж, жаргааж өгөхгүй дүлий дүмбэ оргиод байгаа хорвоог хүч хэрэглээд албадан жаргаах энэ үзэл санаа хэдэн зуун сая хүний амийг залгиад “Аз жаргал өөрөө үүдэх ёстой. Хэнийг ч хөндлөнгөөс нь оролцон байж жаргаах ёсгүй” гэсэн ухаарал үлдээжээ.

XX зууны эхэн үеийн Марксист, коммунистууд үзэл санааныхаа төлөө амь амьдралаа золиосолсон хүмүүс байлаа. Тэд шорон гяндан, цөллөг, цаазын ялаас айдаггүй, үзэл санааныхаа төлөө тэмцэж явж.

Энэ зуур “үзэл санаа”-тай болж амжаагүй монголчууд малаа маллан, жилийн дөрвөн улиралтайгаа үзэж тарсаар л ажгуу.

1921 онд Хүрээг эзэлсэн Хятадын гамин цэргээс чөлөөлж өгөөч гэж Зөвлөлтөөс тусламж хүсэхээр шийдсэн хэдэн Монголыг улаантнууд дор нь өөрчлөн зохиомжлов. Яг л Сорхон шарын гэрийн функцийг Таргудай Хирилтуг өөрчлөн шоронд хөрвүүлж байсан шиг. Ингээд Богд хаанаа чөлөөлөхөөр мордсон ардын намынхан Богд хаанаас Монголоо чөлөөлөгчид болон буцаж иржээ.

Цаашдаа, монголчууд хэрхэн социализм байгуулсан нь энэ номын сэдэв биш учраас орхиё. Гол нь социализм байгуулсан далаад жилд Монголд нэг ч үзэл санааны марксист, амь амьдралаа түүнд зориулсан хувьсгалч төрсөнгүй гэхэд болно. Харин түүний оронд социализмыг зүгээр л нэг улирал хэмээн хүлээн авчээ.

Социализм нь монголчуудыг харах өнгөнөөс нь хотшуулан, суурьшуулсан боловч өөрөө нэгдсэн дэглэмтэй том хуаран байсан юм. Өнөөдөр, Норвеги, Швед эднүүсийг Скандиновын, Персийн булангийн орнуудыг “Булангийн орон” хэмээн товчилдог шиг Социалист системийг нийтэд нь “Социалист лагерь” хэмээн зүгээр ч нэг нэрлэдэггүй.

Бас л “Яг түүн шиг” гэлээ гэгчээр социализм байгуулагч монголчууд иргэншлийн нийтлэг ёс суртахуунд суралцахаасаа илүүтэйгээр, лагерийн дэглэмдээ зохицон, түүнийг даван туулахаар тэвчиж байсан ажгуу.

Дэглэм, хуаран хоёроос чөлөөлөгдөж эхлэв

Харин 1990 онд дэлхийн социалист систем задарсны дараа цогцолсон монголчууд хүн төрөлхтний суурин амьдрал ба хотшин хөгжих замнал руу сая орсон юм. Өнгөрч байгаа гучаад жил бол бидний хувьд амь наснаас илүү үзэл санаа, хувийн амьдралаас давсан ёс суртал, амь наснаас дээгүүр тавигдах нэр төртэй болох учиртай тийм зам бөлгөө.

Хэрвээ та, зохиогчийн бичсэн “Монголын соёлын альманах. Иргэншлийн замд” гэдэг номын уншсан бол “Монголчууд төрт ёсны хоёр мянганаар ярих түүхтэй ч, хотшил иргэншлийн утгаараа орь залуу үндэстэн юм” гэсэн өгүүлбэрээр эхэлснийг санаж байгаа болов уу?

Энэ хугацаанд бид хэр төлөвшин хөгжиж, орчин үеийн үндэстэн болон төлөвшихөд зайлшгүй хэрэгтэй ёс суртахуун, үнэт зүйлсийн нийтлэгтэй болж чадсан бол гэдэг хариугаа эрж буй асуулт.

Харвардын диплом өвөртөлж, нэрийн оёдолчны хослолоор гангарч, гурван хэлээр ус цас мэт ярьж, дэлхийн шилдэг эдийн засагчдаас эшлэсэн монголчуудад барууныхан эхэндээ маш итгэж, эзгүй хээрээс ижлээ олсон мэт найрсаг ханддаг байсан нь өчигдрийн явдал.

Бас тэдний гараас гарч буй нүүдэлчний шийдэл, увайгүй алхам, “ёс суртахуунтай байсанд орвол мөнгөтэй байсан дээр” гэдгийг илт тунхагласан байдалд нь хорвоо ертөнц ой гутаж эхэлсэн нь өнөөдрийн нүүр царай.

Харин Токиод Япон, Солонгост хангүүг, туркт түрэг шиг байж чадах мөртлөө, тал нутагтаа ирэхээр алийгаа алдан монголчлогддогийн нэгэн нууцын хураангуй эл бөлгөө.

Хүн төрөлхтөн хотшин суурьшиж, нэг нэгнээсээ бүрэн хамааралтай болсны дараа нийтлэг үнэт зүйлсийн цогц бий болжээ. Нийтээрээ (дотор нь өөрийгөө оруулаад) зөв шударга амьдрах хэрэгцээ гарсан учраас л ёс суртахууны үнэт зүйлс нь нийтээрээ дагадаг номлол болжээ. Үзэл санааны “Үхүүт зангилаа” ч гэмээр юм уу?

Гэхдээ энэ цогц үзэл санаа, үнэт зүйлсийн нийтлэг нь хуарангийн дэглэмд бүрдэггүй аж. Тодорхой утгаар сургууль, шорон хоёр хүнийг хүмүүжүүлдэг боловч мааш ялгаатай. Сургууль соёлын газар хүнийг үүрд дагаж явах дадалд сургадаг. Харин шорон, хуаран бол түр зуур тэвчин дагаж яваад орхих дэг ёсыг мөрдүүлдэг. Монголчуудын дамжин гарсан Социалист лагерь бол яг л амь насаа, гэр бүлээ, ажил төрлөө аварч үлдэхийн тулд түр зуур дагах дэглэм, тэвчин өнгөрөөх хугацаа байлаа. Нүүдэлчид ийм юманд дадамгайг хэлэх үү!

Ганцхан социализм ч монголчуудын хувьд түр зуурын дэглэм байсан юм биш. Тал нутгийн цаг уур, ээлжлэх дөрвөн улирал ч монголчуудын хувьд дөрвөн янзын дэглэм байсан хэрэг.

Жинхэнэ утгаараа, 1990 оны социализмын задралаар л монголчууд Социалист лагериас төдийгүй, “дөрвөн улирлын дэглэм”-ээсээ жинхэнэ утгаараа чөлөөлөгдөж эхэлсэн билээ. Чөлөөлөгдөж эхэлсэн болохоос биш, чөлөөлөгдсөн юм биш гэдгийг давхар саначихаарай. Монголчууд бол хотшил, иргэншлийн утгаараа орь залуу үндэстэн гэж энийг л хэлээд байгаа юм аа. Бас сайн муу нь хамаагүй туйлбартай нэг ёс суртлын нийтлэгтэй болж чадахгүй, хадны үенгийн зүс мэт хувирамтгай өнгөтэй яваагийн нууцыг эндээс хайгууштай санагддаг аа.

Хүмүүжүүлэх лагерь, шоронгоос суллагдсан хүмүүст эрх чөлөөнд дасан зохицох нь маш хэцүү. Учир нь хорих лагерь тэдний эрх чөлөөг хасдаг ч амьд байлгах үүргийг өөртөө авдаг. Суллагдагсад, амьдралаа өөрөө хариуцах, хоол хүнсээ олж, амьдрах орон байраа бий болгох үүрэг хүлээнэ. Энэ хариуцлагыг үүрч дийлээгүй олон хүн шорон руу буцах сонголт хийдэг.

Харин хуарангийн тогтцоос, бас улирлын дэглэмээс чөлөөлөгдсөн боловч өөрийгөө авч явах хариуцлагын өмнө мятарсан үндэстэн яадаг вэ? Эрх чөлөөг нь хураан аваад, өөрийг нь ажил хөдөлмөрийн нэгжийн хувьд тэжээж байсан тогтоцоо сэргээхийг мөрөөддөг үү?

Яадаг ч байсан эрх чөлөөнөөс уйдагчдыг хүлээн авах бэлэн зэхээний лагерийн дэглэм байхгүй юм…

Categories
мэдээ улс-төр эдийн-засаг

УИХ: Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

Image result for уих

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 15.00 цагт эхэлнэ. Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар 15 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр товлосон байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Хоршооны тухай, “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл багтжээ.

Мөн чуулганаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол, ОХУ-ын гэрээг соёрхон батлах тухай, “Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль бий болгох тухай”, Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ.

Түүнчлэн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Усны тухай, Давс иоджуулж иод дутлаас сэргийлэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Байгаль орчныг хамгаалах тухай, Генетик нөөцийн тухай, Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх аж.

Categories
мэдээ цаг-үе

Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?

Монгол Улсын Боловсролын их сургуулийн багш, уран зохиол шинжээч доктор Г.Батсуурийн “Монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ” судалгааны бүтээлийг хүргэе.


Аливаа үндэстний урлаг, уран зохиол өөрийн үндэстний түүх уламжлал, зан заншил, ёс суртахуун хийгээд нийгэм, соёлын хүрээний бүхий л асуудлыг дүрслэн илэрхийлдэг. Зөвхөн илэрхийлээд ч зогсохгүй өөрийн үндэстний цаашдын ирээдүйг тодорхойлоход гол үүрэг гүйцэтгэдэг. Манай үндэстний сүүлийн үеийн урлаг, уран зохиолын дүрслэлийн баримтуудаас харахад олон зуун жилийн туршид монгол хүний хэвшүүлж тогтоосон ёс зүй хийгээд зан суртахууны хэм хэмжээг ихээхэн зөрчиж, зарим талаар эвдэх болов. Энэ талаар нухацтай эргэцүүлэх нь даяаршлын эринд чухамдаа монгол хүний хадгалан авч явах үнэт зүйлийн тухай асуудалд шууд холбогдох юм. “Монгол хүн-Монголын баялаг” гэх нэгэн уриаг манай улстөрчид цуурайтуулах дуртай, гадны нэгэн дипломатч “Танай улсын баялаг бол танай залуу үе юм байна” гэж хэлсэн гэх яриаг УИХ-ын дарга (Г.Занданшатар) нь дахин дахин ярьж явдаг. Мэдээж дээрх ярианууд үнэн. Харин монгол хүн гэж хэн юм гэдгийг, хэн болгож харагдуулахыг хүсээд байгааг урлаг, уран зохиолд дүрсэлнэ. Тухайлбал, эмэгтэй хүний дүр.

Монголын эртний уран зохиолд эмэгтэй хүний дүрийг дүрсэлж ирсэн уламжлал бий. “Монголын нууц товчоо”-нд л гэхэд монгол эмэгтэй хүнийг эрх чөлөөтэй, ухаалаг, зоригтой, үнэнч, журамтай, цэвэр ичимтгий байдалтайгаар дүрсэлсэн байдгийг Алунгоо, Өэлүн, Бөртэ, Хулан, Есүй.., гээд олон дүрүүдээс үзэж болно. XIII зуунаас шууд уламжилсан “Алтан ордны үйсэн дээрх бичиг”-т эх нь хүүгээ эзний зарлигт үнэнч, эрэлхэгээр тулалдахыг сургасан буй нь хусны үйсэн дээр дуралзан үлдсэн буюу. 1929 оны тавдугаар сарын 1-нд хэвлэгдсэн Монголын орчин үеийн уран зохиолын анхны томоохон бүтээл болох Ц.Дамдинсүрэнгийн “Гологдсон хүүхэн” туужид Цэрэн хүүхнийг эрх чөлөөгөө олсон тэгш эрхт монгол орны эзэн хүн байдлаар дүрсэлсэн байдаг. ХХ зууны уран зохиолын томоохон дурсгал болох зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг Тамир” роман хэдийгээр үзэл сурталд идэгдсэн боловч уг бүтээлээс монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрсэлсэн болон тухайн цаг үед монгол эмэгтэй хүнийг хэрхэн дүрслэх бодлого барьж байсныг бэлхнээ үзэж болно. Түүнийг нь уг романы Дулмаагийн дүрээр төлөөлүүлэн үзвэл романы эхэнд Дулмаа Итгэлтийн зарц, нэрэн дээрээ Галсангийн эхнэр боловч нэдэр дээрээ Итгэлтийн бэлгийн дур хүслийг нууцаар хангагч, төрүүлсэн үрээ ч өөрөө өсгөх эрхгүй дарамтлагдсан эм байдаг бол зохиолын төгсгөлд эрэлхэг тэмцлийнхээ үр дүнд эр нөхөр Төмөрийнхөө өшөөг авч, шинэ цагийн үзэл суртлыг ойлгосон, ирээдүйдээ итгэл төгс эмэгтэй болон хувирдаг. Хувь хүнийхээ хувьд Дулмаа эхэн үедээ төөрөлдөж, Цамба мэтийн асманчуудын бэлгийн дур хүслийн объект болдог ч Төмөр, түүний хайр сэтгэлтэй учирснаар үнэнч, ариун журамт эмэгтэй болж байгаагаар үзүүлсэн нь социалист нийгмийн үзэл суртал биш, гагцхүү хүн ёсны тэр дундаа журамт монгол эмэгтэйн үнэт зүйлийг тодруулсан дүрслэл, өгүүлэмж юм. Романы өөр нэгэн дүр болох Долгор. Эр нөхрөө, энэ амьдралаа сүйтгүүлэхгүй гэсэндээ Итгэлтийн хүчинд автсан боловч үхэн үхтлээ эр нөхөр Эрдэнийгээ үнэнчээр хайрлан, түүний өмнөөс амиа золин дуусах зориг, итгэл, ухааныг гаргаж чадаж буй нь бас л монгол эмэгтэйн бахархам нэгэн жишээ, дүр дүрслэл. Энд социалист үзэл суртал гэхээсээ илүү хүн ёс, ариун журам, үнэнч байдал, тэгээд монгол гэх бусдаас ялгарах сэтгэхүй, түүнийг тодруулан үзүүлэх зохиолчийн эрмэлзэл нэвт харагдана. “Тунгалаг Тамир”-ийн Гэрэлийн дүрээс ч ийм чанарыг үзэж болно. Зөвхөн энэ роман гэлтгүй өмнөх үеийн олон зохиолоос ийм монгол эмэгтэйчүүдийг олж харах боломжтой.

Тодруулбал, орчин үеийн уран зохиолын эхэн үед холбогдох Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс”, “Хөдөө талын үзэсгэлэн”, “Үзэгдээгүй юм”, “Учиртай гурван толгой”, “Нууц янаг”, “Мөрөөдөл”, “Шансонет”, “Миний ээж”, “Гэргий хүүхдээсээ хагацахуй”, “Норжмаа янагаа бодохуй”, С.Буяннэмэхийн “Харанхуй засаг”, Ши.Аюушийн “Харц Дамдин, хатан Долгор”, Ц.Дамдинсүрэнгийн “Явж байгаа зам дээр”, “Үдийн нар шиг хонгор минь”, “Буурал ижий”, “Усан дагина”, “Ургамлын сайхан нь”, “Наалинхай хоёр нүд чинь”, “Солийг сольсон нь”, “Багш шавь хоёр”, “Хэлдэг гурав хийдэг ганц”, “Чемодантай юм”, “Хоцрогдсон эмгэнийг сурвалжилсан тэмдэглэл”, “Балармаа хүүхний ярьсан нь”, “Сайхан хүүхэн” зохиолуудаас эхлээд Б.Явуухулан, Ж.Бадраа, Ч.Чимэд, Д.Пүрэвдорж, Н.Нямдорж, Д.Шагдарсүрэн, Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн, Д.Урианхай, Л.Дашням, Т.Галсан, Ш.Дулмаа, Ч.Дагвадорж, Ц.Чимэддорж, Ш.Гүрбазар, Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо, Б.Доржпалам, О.Дашбалбар, Л.Мягмарсүрэн, Ч.Мягмарсүрэн, Дан.Нямаа, Бя.Энхтуяа.., гээд олон яруу найрагчийн шүлгүүдээс, Б.Ринчен, Д.Намдаг, С.Удвал, З.Баттулга, С.Эрдэнэ, Д.Мягмар, П.Лувсанцэрэн, С.Дашдооров, Ж.Пүрэв, Д.Гармаа, П.Пүрэвсүрэн, Ц.Доржготов, Д.Батбаяр, С.Пүрэв, Ж.Лхагва, Б.Догмид, Д.Норов, Д.Намсрай, До.Цэнджав, П.Баярсайхан, Д.Энхболд, А.Шартолгой, Н.Нагаанбуу.., гээд олон зохиолчийн өгүүллэг, тууж, романуудаас үнэнч сэтгэлтэй, ариун журамтай, ухаалаг, үзэсгэлэн төгс монгол эмэгтэйчүүдийн дүрүүдийг уншиж болно.

1921 оны Ардын хувьсгал гэрийн баганаас дээш гарах эрхгүй, нөхрийнхөө өмнүүр дуугарахаас эмээдэг, шийдвэр гаргадаггүй, эцгийн эрхт ёсны нөхөн үржихүйн объект эмэгтэйг гэрээс нь гарган нийгмийн орон зайд оруулж ирсэн билээ. Гэхдээ учиртай гаргасан. Уламжлалт сэтгэлгээний цэвэр ичимтгий гэдэг томьёоллыг үзэсгэлэн гоогийн гивлүүр болгож, ариун журам гэх ойлголтыг хайр сэтгэлдээ үнэнч гэдэг нөмрөгөөр хучсан нь монгол эмэгтэйн дүрийг төгөлдөржүүлж, ухаалаг шинжийг эрх чөлөөгөөр сүлэн гэрэлтүүлснээр өмнөх зууны үеийн монгол эмэгтэйн сонгодог дүрийг хэлбэржүүлжээ. Үндэсний урлагийн бодлогыг хэрэгжүүлэгч бас нэгэн чухал салбар нь кино урлаг. ЗХУ-ын найруулагч Ю.Таричийн 1945 онд хийсэн “Цогт тайж” киноны Хулан гэх эмэгтэйн дүрийн талаар судлаач Б.Дэлгэрмаа, Б.Дэлгэрбаяр нар «Монголчууд хүнийг гоо сайхны үүднээс үнэлэхдээ дөрвөн гол зохицол, хослолоор үнэлж байжээ. Үүнд, тухайн хүний:

1. Ажил, үйлийн тал

2. Сэтгэлийн тал

3. Зан төлөвийн тал

4. Гоо үзэмжийн тал эдгээр дөрвөн талын нэгдлээр үнэлж байв. Хулан бол энэ дөрвөн шинжийг бүрдүүлж чадсан эмэгтэй юм. Хулан эр нөхөртөө үнэнч, эх орондоо хайртай, эр зоригтой бүсгүй юм. Хулангийн дүр бол ёс суртахууны сайн гэдэг ойлголтыг бүрэн гаргаж чаджээ» (Дэлгэрмаа.Б. Дэлгэрбаяр.Б. “Кино ба ёс суртахуун” УБ. 2015. 56-57) гэсэн байна. Мөн үеэс хойш гарсан “Морьтой ч болоосой”, “Энэ хүүхнүүд үү”, “Өндөр ээж”, “Суварган цэнхэр уулс”, “Тууврын замд”, “Өнөр бүл”, “Гэрлэж амжаагүй явна”, “Жаргал даахгүй зовлон”, “Нарны унага”, “Гарын таван хуруу”, “Нандин эрдэнэ”, “Тань уруу нүүж явна”, “Хань”, “Загийн алим”, “Говийн зэрэглээ”, “Би чамд хайртай”, “Ирж яваа цаг”, “Ирэх хаврын цэцэг”, “Илүү сартай зун”.., гээд олон кинонуудаас “Тунгалаг тамир” романы Дулмаа, Долгор, Гэрэл шиг, “Цогт тайж” киноны Хулан шиг ариун журамтай, үнэнч, хайр татам жолооч Янжмаа, малын эмч Дулмаа, Өндөр ээж, сурвалжлагч Солонго, автобусны кондуктор Цэрмаа, оюутан Сүрэн, Сүндэръяа баатар, Шагдарын том охин Сүрэн, холбоочин Номин.., гээд өөрийн гэсэн онцлог бүхий монгол эмэгтэйчүүдийг үзэж болно. Мэдээж ихэнх кинонд социалист үзэл суртлын нөлөө, нэг нам, нэг хүнийг тахин шүтэх үзлийн тусгал, худал хиймэл дүрслэл, хэт зохиомол үйл явдлууд дүрслэгдсэн байдаг нь нууц биш боловч монгол эмэгтэй хүнийг дүрсэлж ирсэн бодлого нь үнэ цэнэтэй.

Үнэлэмжийн тухай асуудлыг ерөнхий утгаар нь үзвэл үнэн, сайн үйл, гоо сайхан гэдэг ойлголтууд нь үнэт зүйл болдог, үнэлэмжийн тухай сургаалыг аксиологи гэдэг бөгөөд аксиос буюу үнэт зүйл гэсэн грек үгээс үүсэлтэй. Нарийвчлан үзвэл эдийн засгийн үнэт зүйл, улс төрийн үнэт зүйл, зан суртахууны үнэт зүйл, шашны үнэт зүйл гэх мэтээр зааглан үзэх ба үнэт зүйл хэр урт удаан хугацаанд тогтвортой оршин байх хийгээд хэр ханамж өгч байгаагаасаа хамааран үнэлэгддэг. Тэгвэл өмнөх үеийн уран зохиол хийгээд кино урлагт дүрслэгдэж байсан монгол эмэгтэйн дүрийн үнэлэмж нь зөв хийгээд манай үндэстний үнэт зүйлд нийцэж байжээ. Өөрөөр хэлбэл, өмнөх үеийн буюу 1990-ээд оныг хүртэлх Монголын урлаг, уран зохиолд монгол эмэгтэй хүнийг ариун журамтай, үнэнчийг эрхэмлэдэг, ухаалаг, шинэ цагийн боловсролд тэмүүлсэн, ирээдүйдээ итгэлтэйгээр дүрслэн үзүүлж байсан, тэгж дүрслэх нь урлаг, утга зохиолын бодлого, үндэстний үнэт зүйл болж, дараа үеэ үлгэрлэн дагуулж ирсэн билээ.

1990 оны Ардчилсан хувьсгалын дараахь буюу постсоциалист үеийн уран бүтээлүүдэд гэрээсээ гарч, нийгмийн орон зайд дэвшсэн монгол эмэгтэйг бүрэн шалдлав. Энэхүү их тайчилтын тэргүүн эгнээнд “Бой” кинондоо өөрийн эхнэрийг бүрэн нүцгэлж, салтааг нь дэлгэсэн найруулагч И.Нямгаваа гэгч бичигдэх «гавьяатай». Дараа нь зохиолч Д.Маам гуайн “Газар шороо” романаар порно кино хийсэн нь түүний «гавьяаг» улам батжуулна. Мэдээж урлагт натур дүрслэл чухал бөгөөд үнэ цэнэтэй, гэхдээ И.Нямгаваагийнх эрос бус порно байснаараа бусармаг. Үүний араас хошин шогийнхон гэх увайгүйчүүдийн арми харанхуй массын халаасыг сэгсрэхийн тулд уухайлан орж ирээд эдүгээ хүрэхэд монгол эмэгтэйг хэн болгов?

Б.Батзаяа, Д.Сосорбарам тэргүүт алиалагчид монгол эмэгтэйг “Салтаа уужим, ташаа өндөр…” гэх мэтээр морьчилон ярьж эхэлсэн нь төгөлдөржин хөгжсөөр өдгөө, өөрийн хамтлаг (продакшн)-ийн хамгийн бүдүүн гүзээтэй, хамгийн муухай царайтай, хамгийн майга хөлтэй, бүр хамаг муу муухайгийн туйлаа эмэгтэй хүний хувцсаар гадуур нь бүрж, хамгийн тэнэг текст цээжлүүлэн тайзан дээр хөөж гаргаад хамгаас муухай, эргүү тэнэг, увайгүй, ичгүүргүй эмэгтэйг үзүүлэхийг аль байдгаараа хичээх болов. Хошин урлагийнхан гэж өөрсдийгөө өргөмжлөгчдийн (яг үнэндээ урлаг биш, шоу бизнес Г.Б) энэ олон жилийн хүчин чармайлтын үр дүнд монгол хүн инээхээ больсон, тэднийг инээлгэх сүүлчийн арга нь ийнхүү ээжийгээ доромжлох л бололтой. Хошин шогийн бизнес эрхлэгчдэд зохиолч, зохиол, найруулагч, дүр, нүүр хувиргалт, жижиг хэрэглэл, энэ тэр.., гээд урлагт хэрэглэдэг алив бүхэн хэрэггүй, тэд өөр өөрсдийн нэрээрээ, гудамжныхаа хувцастай, эсвэл шалдагнаж гарч ирээд бүдүүн гүзээ, бөгтөр нуруу, батгатай нүүр, банзан бөгс, барзгар арьсандаа найдан элий, балай яриагаа ундруулж хар массыг зугаацуулаад мөнгөө авна. Сар бүр тайлан тоглолт хийж, тэдгээрээсээ хамгийн увайгүй доромжлолуудаа нийлүүлэн шилдгийн шилдэг гэж бас нэг тоглоод, эцэст нь CD хэвлүүлж зараад ч санаа нь үл амармой. Дараагийн бүр илүү увайгүй, илүү ичгүүргүй шинэ балайрлын эрэлд хатан мөнгөө хөөцгөөнө. Угаасаа тэдний үндсэн зорилго нь мөнгө юм хойно өөр арга ч үгүй бололтой. Харин энэхүү нөр их элийрэл балайрлын үр дүнд монгол эмэгтэйн дүр бүрэн нүцгэрч, үнэ цэнэ нь гудманд гарлаа, монгол эмэгтэйн дүрд эрхэмсэг хийгээд нууц юм юу ч үлдсэнгүй.

Энэхүү увайгүй байдал нь кинонд халдварлаж кино бүрт ямар нэгэн хоосон марзганалын элемент тусах болов. Арилжааны гэх амар нэр үрүү хамаг муугаа чихсэн монгол кино үл зүгшрэх шинждээ зохирсоор 20 жилийг үдлээ байна. Монгол эмэгтэйн дүрийг бие махбодын болоод сэтгэл зүйн талаас нь бүрэн тайчих их аяны хүрээнд хийгдсэн хамгийн төгс увайгүйтэл бол “Single ladies-1, 2, 3” гэх цуврал. Энэхүү киног зохиолч, найруулагч А.Миеэгомбо гэх эрхэм, жүжигчин Г.Ундармаа гэх хошин шогчны захиалгаар бүтээсэн бөгөөд хүрээ, хөдөөгүй нөхөр хайсан гурван эмэгтэйгээр монгол эмэгтэйг төсөөлнө гэдэг аймшигтай. Хөгшин өвгөн дээр очиж янханчлах, айлын нөхөртэй амраглаж тагтаар дамжих, ажлын газрынхаа харчуулыг ангуучлах, ресторан, бар, гудамж талбай, жорлон, суултуур, хөдөө, гадаа, сум, суурин, хот айл, аян зам, ширээ сандал дороос.., гээд аль таарсан газар бүрээсээ зогсоо чөлөөгүй нөхөр хайн бэдрэх нь нэн шаналгаатай. Марзаганаж л байвал юу ч хамаагүй гэх энэхүү арчаагүй байдлаа, дэлэн хөхөө цухалзуулах, гуя хасаа гялалзуулах, нүүр амаа татвалзуулах зэргээр мэдрэлтэн чимэглэж, байшингийн гоё, байгалийн сайхнаар тордон дэлгэцэнд гаргаж мөнгө олохыг санаархах нь мөн ч өрөвдөлтэй. Эмэгтэй хүн эмэгтэй хүнээ ийнхүү доромжлон үзүүлж, мөнгө олох нь яруу найрагч Б.Лхагвасүрэн агсны хэлсэнчлэн сүүлчийн хоолоо буюу бахархлаа мэрж идэж буйн сонгодог жишээ юм. Өөрөөр хэлбэл, монгол эмэгтэй хүний эрхэмсэг оршихуй, үнэт зүйлийг хэмхэлж, алхам тутамдаа эр сүвтэй юм хайж явдаг, ороо нь орсон гичийс лүгээ гэж үзүүлэн мөнгө олж идэх нь тэдгээр эмсийн сүүлчийн хоол, суусан мөчрөө хөрөөдөж буй эмгэнэл буюу. Уг чанартаа монгол охид бүсгүйчүүд маань ийм биш биз дээ, эсвэл хаа таарсан газар бүрээсээ эр сүвтэй юм хайж явдаг монгол эмэгтэйчүүд ийм түгээмэл болчихсон юм уу? Арай ч үгүй байлтай. Тэрчлэн оюутан охидыг доромжлох явдал хэрээс хэтэрсэн гэхэд болно. Жүжигчин Д.Хүрэлхүү гэгчийн “Эргэлзээ” гэх марзганалд “Оюутан ч юм шиг, Ор хөнжлийн ажилтан ч юм шиг” гэдгээс эхлээд оюутан охидыг эрүү хамхилгүй доромжилсоор байгаад “Эмэгтэй оюутан бол янхан мөн” гэдэг ойлголтыг аугаа урлагийнхан маань нийгэмд бүрэн төлөвшүүлж чадлаа. Гэвч арай бүгд тийм биш байлтай.

Улс орон бүр кино урлагтаа өөрийн үндэстний үнэт зүйлсийг эрхэмлэн үздэг, зөвхөн америк кинонд л гэхэд эрчүүд нь булчинтай, зоригтой, ухаантай, арга зальтай, бүхнийг чадагч, бүгдийг дийлэгч, дэлхийг аврагч байдлаар дүрслэгддэг бол гол дүрийн эмэгтэйчүүд нь үзэсгэлэнтэй, үнэнч, эрэгтэйчүүдээсээ ч дутахгүй сайн зодолддог, зоригтой, шийдмэг байдлаар дүрслэгддэг болохыг монголчууд олон жил үзсэн, үзсээр ч байгаа. Гэтэл Монголын кино урлаг аугаа түүхийг бүтээж ирсэн ухаалаг монгол эмэгтэйг хэн болгож харагдуулахыг зорино вэ?!

Муу дээр муухай, муухай дээр улцан гэгчээр өөрсдийгөө зохиолч гэж ойлгон, жендер ярьсан хар массын эрээчигч хөгшин залуу, эр эм шүүдэрцэцэгтнүүдийн бүтээгдэхүүнүүд энэхүү доромж өнгө аяст ташуур өгч улам хөгжүүлэх нь гаслалтай. Ганцхан жишээ дурдваас өөрийгөө зохиолч гэх Л.Сарантуяагийн “Тавилан” роман гэгчид «Үгүй дээ хонгор минь. Хоёулаа амаръя. Би чамд орчлонгийн жаргалыг мэдрүүлээд өгье. Гарьд охиныг хумин тэвэрч хувцсыг нь тайчин хаяад орон дээрээ даран унав. Охины хэлийг суга татах гэсэн юм шиг улангасан сорсон Гарьд уруулыг нь цус хуртал хазлан озож гарав. Охин орилох гээд чадсангүй. Бүргэдийн хүчит саварт базагдах болжмор шиг л байлаа. Охины булбарай хоёр хөх ганган цагаан хүзүү түрэмгийлэгч эрийн хүчирхэг эрхтэн охины дотоод эрхтэнд хүч түрэн орж ирэв. Аштайхан ч юм шиг нэгэн сонин мэдрэхүй хамаг биеийг нь эзэмдэхэд Оюунаа зөөлөн гиншээд дээрээс нь хүчтэй цохих эрийг угтан хөдөлж эхлэв» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 64) гэж нэгэн онгон охин анх удаа бэлгийн хавьталд орохдоо дуртай нь аргагүй “аштайхан” хүчиндүүлж байгааг үзүүлжээ. “Нохой агталсан хүндээ янаг” гэгчээр ийнхүү хүчиндүүлсээр байгаад хайртай болдог нь монгол охин аж даа. Иймэрхүү өмнөөс нь ичиж үхмээр бүдүүлэг, болхи заваан дүрслэл хар массынхны бүтээгдэхүүнүүдэд нэн түгээмэл. Залуухан охиныг дээрх мэтээр дүрсэлсэн байгаа бол нөхрөө хуурагч нас тогтсон бүсгүйг «Нэгэн таатай гэгчийн мэдрэмж хамаг биеийг нь баглахад Оюундарь хүлцэнгүй номхорч залуу эрийн янаглалыг хүлээн авав. Гарьдаас өөр хүнтэй энгэр зөрөх нь байтугай эгцхэн хараад эр хүнтэй ярилцах завгүй шахам явсан Оюундарь энэ орой Лутхүүгийн эрхшээлд ороод дараа нь энэ. Гайхмаар юм. Залуу эрийн шийдэмгий хүчтэй уруул умдагных нь үсийг ярж хэлүүг нь сорон озож хэлээрээ долоож эхлэхэд Оюундарь тэсэж ядан дуу алдав. Чухам энэ дуу алдалтыг л хүлээж байсан юм аятай Галаа түүний дээр гарч гантайтал боссон эртхнээрээ ёвчин дотоод ертөнцөд нь нэвтрэхэд тэрбээр үгээр илэрхийлэхийн аргагүй таашаалыг түүнээс ханатлаа авч байлаа» (Сарантуяа.Л. “Тавилан. УБ. 2012. 174) гэж нөхрөөсөө өөр хүнийг бараг эгц харж яваагүй эмэгтэй нэг дор хоёр эрийн дурыг хангаж байгааг ийн «гайхалтай урнаар» дүрсэлсэн нь жендерчин, эмэгтэй зохиолч. Зохиолд тэрхүү Галаа дараа нь Оюундарь бүсгүйн охинтой явалдах бөлгөө. Ийм л зохиолууд гарч, хар массынхаа дурыг ханган, хамаг олныхоо хайрыг татах нь эдүгээгийн төрх.

Энэ бүхний эцэст монгол эмэгтэйн дүр нь мөнгөний төлөө хэний ч өвөрт орохоос буцахгүй, олны өмнө нүцгэлэхийг тэчьяадан хүсдэг, ичгүүр сонжуургүй, завхай зайдан, байнга сексийн тухай бодож мөрөөддөг, дуртай нь аргагүй хүчиндүүлдэг, увайгүй худалч, өөрийн гэсэн бодолгүй, бие даан амьдрах чадваргүй, мэдлэг боловсролгүй, бүдүүлэг, арчаагүй байдалтайгаар төсөөлөгдөх боллоо. Төрийн бодлого, хяналт нэгэнт үгүй хойно яасан ч яахав гэж үзэх нь даяаршлын эрин үед монгол хүн үнэт зүйлээ алдан үгүйрч, бусдын хоол болохын цондон бус уу? Монгол хүний үнэт зүйлийг монгол хүн л, монгол эмэгтэйн үнэт зүйлийг монгол эмэгтэй л бүтээх учиртай гэдгийг хаа, хаанаа эрхбиш тунгаалтай.