Categories
мэдээ нийгэм

Саппород цагдаагийн кабон байршууллаа

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл (НГХУСАЗЗ)-өөс гудамж талбайд аюулгүй байдлыг сахиулах, олон нийтийг аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн XII хороо, Саппорогийн тойргийн автобусны буудлын дэргэд цагдаагийн кабон байршуулж, үйл ажиллагааг нь эхлүүллээ.

Саппоро орчимд гар дээрээс зөвшөөрөлгүй худалдаа эрхлэх, цаашлаад биеэ үнэлэх, архидан согтуурч бусдын амгалан байдлыг алдагдуулах гэмт хэрэг, зөрчил олноор үйлдэгддэг болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж буй. Тиймээс нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун тухайн хэсэгт цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргасныг НГХУСАЗЗ-өөс дэмжиж ажил болгосон юм. НГХУСАЗЗ-ийн Нарийн бичгийн дарга Б.Батбямба кабоны нээлтийн үеэр “Цагдаагийн байгууллагаас Саппоро орчимд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх статистик мэдээллийг гаргасан байдаг. Гарч буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулахын тулд уг кабоныг ажиллуулж байна. Тухайн ажлын санжхүүжилт 2019 онд төсөвт суугаагүй ч НГХУСАЗЗ-аас хөрөнгө шийдвэрлэж, кабоныг байршуулж буй. Нийслэлийн удирдлагын үндсэн үүрэг бол иргэдийг ажиллаж, амьдрахад таатай орчин бүрдүүлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхэд онцгойлон анхаарах явдал юм. Тиймээс Нийслэлийн цагдаагийн удирдах газартай хамтран арга хэмжээ авч байгаа юм” гэв.

Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн нутаг, “Хархорин” захын орчимд мөн ийм кабон байршуулсан бөгөөд үр дүнд нь тухайн орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 20 орчим хувиар буурсан үзүүлэлттэй байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв. “Цагдаагийн байгууллагын хяналтыг сайжруулсанаар хэрэг, зөрчил гарах нь цөөрдөг гэдгийг “Хархорин” захын дэргэд байршуулсан кабоны жишээнээс харж болно. Тухайн орчинд мөн л гар дээрээс худалдаа эрхлэх, архидан согтуурах, хулгай, танхайн хэрэг олон гардаг байсан тул цагдаагийн кабон байршуулах санаачилга гаргаж, дүүргийн ГХУСАЗЗ-ийн санхүүжилтээр шийдүүлж байсан. Энэ удаа НГХУСАЗЗ-ийн хөрөнгөөр Саппорогийн автобусны буудлын дэргэд кабон байршуулуулж, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтэст хүлээлгэн өгч байна. Энэ хавьд гэмт хэрэг олон гардаг. Үүнийг шийдэхийн тулд эхний ээлжинд цагдаагийн байнгын посттой болгож байгаа юм. Тус кабон 24 цагийн турш үйл ажиллагаа явуулах тул Саппоро орчимд гэмт хэрэг, зөрчил гарах тохиолдол багасна” гэж нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун онцоллоо.

Categories
мэдээ спорт

Үндэсний дээд лигийн хоёрдугаар тойргийн тэмцээн өндөрлөлөө

Монголын Волейболын холбооны дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн эхний тоглолт Эрдэнэт хотод гурван өдрийн турш үргэлжилж амжилттай өндөрлөлөө.

Үндэсний дээд лигийн тэмцээнийг найман жилийн дараа зохион байгуулсан мөн легионер тоглогчдыг урьж оролцуулснаараа энэ удаагийнх онцлог байлаа. Тэмцээнд “Алтайн барс”, “Эрчим”, “Тэнүүн Огоо”, “Хасу Мегастарс”, “Хос бар”, “Уурхайчин” зэрэг зургаан клуб мөн Булган аймгийн волейболын холбооны зургаан баг оролцлоо.

Тэмцээн 10 дугаар сарын 25-наас 12 дугаар сарын 6 хүртэл үргэлжлэх бөгөөд хоёрдугаар тойргийн тэмцээнийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ дэмжин оролцож аймагтаа зохион байгуулсан нь энэ юм. Дараагийн тэмцээн энэ сарын 15-наас Улаанбаатар хотод үргэлжилнэ.

Монголын Волейболын холбооны дээд лигийг 1995-2012 он хүртэл тасралтгүй зохион байгуулж байсан ажээ.

Ташрамд дурдахад, дээрх тэмцээний үеэр Орхон аймагт волейболын ордон байгуулах шийдвэрийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Монголын волейболын холбоо” хамтран гаргав.

Categories
мэдээ нийгэм

Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Энэ сарын 14,15-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч суларна гэж ЦУОШГ-аас мэдээллээ.

-Арваннэгдүгээр сарын 13-ны 20:00 цагаа­с 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ-

Улаанбаатар хот: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 22-24 градус, бусад хэсгээр 16-18 градус, өдөртөө 6-8 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 2-7 градус хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр зүүн өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

Говийн аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч суларч шөнөдөө Дундговийн нутгаар 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Энэ сарын 15-19-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

15-нд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 16-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн зүүн хагаст, 18-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15-нд Алтайн салбар уулсаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд говь, талын нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

16-нд нутгийн баруун хагаст, 17-нд ихэнх нутгаар,18-нд нутгийн зүүн хагаст хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Categories
гадаад мэдээ

Хятадаас Европыг чиглэсэн Төмөр замын буухиа галт тэрэг Бүгд Найрамдах Турк Улсын газар нутгаар дамжин өнгөрөв

Эртний Торгоны замын эхлэл цэг болох Хятадын Сиань хотоос хөдөлсөн “Сиань Олон улсын худалдаа, ложистикийн хүрээлэн” компанийн эзэмшдэг Хятадын Төмөр замын бухиа галт тэрэг 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Каспийн тэнгисээр дайрах Өрнө – Дорнын төв коридориор зорчин Туркийн нийслэл Анкара хотод хүрэлцэн ирэв.

Цахилгаан тоног төхөөрөмж тээвэрлэж буй 76 м3 багтаамжтай 42 ширхэг контейнэрээс бүрдэх 850 м урт тус галт тэрэгний цуваа нь Казахстан, Азербайжан, Гүрж болон Карс хотын газар нутгаар дайран Туркийн газар нутагт ирсэн юм. Истанбулын далайн доогуур тавигдсан Мармарай хоолойн гарцаар явж Болгар, Серби, Унгар болон Словакийн газар нутгаар дамжин Праг хүрнэ. 42 ширхэг адил хэмжээтэй бараа бүтээгдэхүүний цуваа тээвэрлэж буй Хятадын Төмөр замын буухиа галт тэрэг 2 тив, 10 улсын газар нутаг болон 2 тэнгисийг давж нийт 11.483 мянган километр газар нутгийг 18 өдрийн турш туулах болно.

Баку – Тбилис – Карс чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хятад Улс, Турк Улсын хооронд ачаа тээвэрлэх хугацаа 1 сар байснаас 12 хоног болон багасч, “Мармарай” далай доогуурх төмөр замыг дээрх чиглэлийн төмөр замтай холбосноор Зүүн Азиас Баруун Европын хооронд ачаа тээвэрлэх хугацаа 18 хоног болж буурна. Энэ хүрээнд Турк Улс нь дээрх төсөлд өөрийн дэд бүтцийг хэрэглүүлж, чухал хувь нэмэр оруулж байна.

Хятад, Ази, Европ, Ойрхи дорнодыг хооронд нь холбосон асар том дэд бүтэц, тээврийн сүлжээг бий болгох зорилготой Хятадын Бүс ба Зам төсөлд Турк Улс онцгой ач холбогдол өгч байна. Азербайжан болон Гүрж Улстай хамтран барьсан Баку – Тбилис – Карс чиглэлийн төмөр замаар зорчиж буй Хятадын Төмөр замын буухиа галт тэрэг нь дэлхийн ачаа тээврийн салбарт шинэ чиглэл бий болгох бөгөөд Баку – Тбилис – Карс Төмөр замаар дамжуулан манай улс бусад тээврийн коридоруудтай харьцуулахад цаг хугацаа, эрчим хүчийг хэмнэж байгаа тул Турк Улс Бээжин хотоос Лондон хот руу хүрэх Дунд коридорын хамгийн чухал холбох цэг болох юм.

Энэхүү ахиц дэвшил нь Монгол Улсын хөрш орнуудтайгаа болон дэлхийн бусад улстай худалдаа, тээвэр хийх боломжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах хүлээлт бий.

Энэ хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр Анкара хотноо тус буухиа галт тэргийг угтан авах ёслолын ажиллагаа Бүгд Найрамдах Турк Улсын Зам тээвэр, дэд бүтцийн сайд Жахит Турхан, Худалдааны сайд Рухсар Пекжан нар оролцоотойгоор зохион байгуулагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Зургаан удаагийн үйлдлээр 20 бог, дөрвөн бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүлжээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт энэ он гарсаар үйлдэгдсэн 20 бог, дөрвөн бод мал хулгайлсан зургаан удаагийн үйлдэлтэй хэргийг Сүхбаатар сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Э.Мөнхнасан, Эрдэнэцагаан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Б.Сугаржав нар илрүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох шалгалтыг хийж байгаа аж.

Тодруулбал, Энэ хэрэгтэй холбоотойгоор иргэдийг гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийг цаг алдалгүй цагдаагийн байгууллагад өгөхийг анхааруулав.

Categories
мэдээ улс-төр

60.7 хувийн саналаар 2021-2020 оны төсвийн төсөөллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг баталлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх арга байна уу. Жилд 10000-20000 төгрөгөөр нэмэгдүүлж байхаар ахиухан нэмэгдүүлэх бололцоо байна уу. Ядаж тэтгэврийн доод хэмжээ 320 мянган төгрөгийг ахиулах хэрэгтэй байна. Гуравдугаар хэлэлцүүлгээр 300 орчим тэрбум төгрөгөөр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр тэтгэвэр нэмэх хэрэгтэй байсан юм биш үү?

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг 2020 оны улсын төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөөлөл, Засгийн газрын тусгай сангийн хууль дээр ажилласан. Бага тэтгэвэртэй хүмүүсийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажиллаагүй. Зөвхөн зарим олон хүүхэдтэй эхчүүдийн тэтгэврийг нэмэгдүүлэх талаар ажилласан.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Өнөөдөр төсөв батлагдахаар асуух зүйл л асуугдаад байна. Тэтгэвэр нэмэгдсэнээр амьдрал өмнөхөөсөө дээшлэх үү? Төрийн албан хаагчдын цалин хэзээнээс нэмэгдэж байна. Тэр нь амьдрал ахуйд нь дэм болж байна уу. Зургаан сарын төсөөллөөр хийсэн үү, жилийн төсөөллөөр хийсэн үү? Сангийн сайд нь 1.3 их наяд төгрөгөөр төсвийн орлого тасарлаа гээд байдаг. Төсвийн байнгын хорооны дарга нь НДШ болохоо байлаа гэж байна. Амьдрал дээр бууж өгөхгүй байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Тэтгэвэр, цалинг 2020 оны улсын төсөвт нэгдүгээр сарын нэгнээс инфляцийн түвшинтэй уялдуулж 8 хувиар нэмнэ. Төрийн үйлчилгээний албан хаагчдад удаан жилийн нэмэгдэл олгоно. Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр олон чухал арга хэмжээ авахаар тусгасан. ЖДҮХС-г хэвээр байлгахаар дэмжсэн. 2020 оны хувьд ЖДҮХС-гийн эргэн төлөлтөөс 69 тэрбум төгрөг эргэж төвлөрнө гэж тооцсон. Энэ нь ЖДҮХС-гийн хувьд боломжтой мөнгө гэж тооцсон.

Ийнхүү гишүүд асуулт тавьж, хариулт авч дууслаа. Ингээд байнгын хорооны дүгнэлтээр Монгол Улсын 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2020 оны төсвийн төсөөллийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг батлах санал хураалт явууллаа. Санал хураалтаар 60.7 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа.

Categories
мэдээ нийгэм

​Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчид чадавхжуулах сургалтад хамрагдлаа

Цагдаагийн байгууллагын мэдээлэл судалгаа хариуцсан алба хаагчдад гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх, алба хаагчдын мэдээллийн санд ажиллах чадварыг дээшлүүлэх зорилгоор “Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийн сангийн бүрдүүлэлт, ашиглалтыг сайжруулах, статистик мэдээнд дүн шинжилгээ хийх” сэдэвт сургалт өнөөдөр зохион байгуулагдаж байна.

Сургалтын нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, мөн газрын дэд бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа О.Зоригт, мөн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Пандиймаа нар оролцлоо.

Энэхүү сургалтад нийслэлийн дүүргүүд дэх цагдаагийн газар, хэлтсийн мэдээлэл судалгааны ахлах мэргэжилтэн, мэргэжилтэн, зөрчлийн тоо бүртгэгч зэрэг 40 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Сургалт “Шинэ зүйлд хурдан дасан зохицох буюу аливааг эерэгээр хүлээж авах хандлага”, “Мэдээлэлд суурилсан цагдаагийн ажил”, “Хэрэглээний Excel программыг ашиглах нь”, “Тайлан судалгаа хэсгээс судалгаа татах арга зүй” зэрэг сэдвээр зохион байгуулагдах юм.

Categories
мэдээ нийгэм

Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны талаар ярилцлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэнг хүлээн авч уулзав. Уулзалтын хүрээнд эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

Ноён Элчин Сайд Австрали, Монгол хоёр улс нь уул уурхайн салбарт хамтын ажиллагаатай, дэлхийн зах зээл дээр нүүрсний салбарт өрсөлдөхүйц гэдгийг онцлоод цаашдаа нүүрсний эрчим хүчийг дангаар нь бус сэргээгдэх эрчим хүчтэй хослуулан хөгжүүлэх нь зүйтэй талаар тэмдэглэв. Мөн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг дурдаж, байгалийн хий, нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр арвин туршлагатай улсын хувьд энэ чиглэлээр хамтарч ажиллах боломжтойг онцоллоо.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн шинээр томилогдсон Элчин сайд Дэйв Воусэнд баяр хүргэж, ажлын амжилт хүсэхийн зэрэгцээ хоёр орны найрсаг харилцаа, ялангуяа эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов. Манай улсын хувьд зөвхөн уул, уурхайн салбар бус хөдөө аж ахуйн салбарын хөгжил тэргүүлэх зэргийн ач холбогдолтой гэдгийг Сайд онцолж, Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй бодлого, дунд хугацааны хөтөлбөр, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтын ажлын тухай товч танилцууллаа.

Уулзалтаар өмнийн бүс болон “Оюутолгой”, “Тавантолгой” зэрэг уул уурхайн томоохон орд газрын эрчим хүчний хэрэглээг найдвартай хангах зорилго бүхий “Тавантолгой дулааны цахилгаан станц”-ын талаар ярилцав. Монгол Улсын Засгийн газартай байгуулсан гэрээний дагуу “Рио Тинто” компани тус станцыг 2023 он гэхэд ашиглалтад хүлээлгэн өгөх ажил саатах ёсгүйг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн онцолсон. Элчин Сайдын яамны зүгээс шаардагдах арга хэмжээг авч ажиллан, дэмжлэг үзүүлнэ гэдгээ ноён Дэйв Воусэн илэрхийллээ.

Categories
мэдээ нийгэм

​Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-нд эхэлнэ

Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16, 19, 21-нд болно. Шалгалтыг Ш.Отгонбилэгийн нэрэмжит ТИС-ийн хурлын танхимд зохион байгуулах юм байна. Монгол Улсын Төрийн албаны зөвлөл нь шалгалтын дүрэм, журам болон зохион байгуулалтын талаарх зөвлөгөө, мэдээллийг 21 аймгийн салбар зөвлөлүүдэд цахим хурлын үеэрээ өгсөн байна.

Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн юм. Иймд төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм. Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой аж.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байх шаардлагагүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга танилцуулсны дараагаар гишүүд горимын санал гаргав. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2020 оны төсвийг батлахаас өмнө АМНАТ-ын асуудлыг хэлэлцэх горимын санал гаргаж байна. Засгийн газар өнөөдөр хуралдсан. Санал нэг байгаа. 1.3 их наяд төгрөгийн орлогын алдагдалтай төсөв баталж болохгүй гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-НДШ ирэх онд нэмэгдлээ гэж олон нийт бухимдаж байна. Малчдын насыг нэмэгдүүлсэнтэй холбоотой НДШ нэмж байна гэж байгаа. Үндсэн хуулийн асуудлаа эхэлж хэлэлцэх хэрэгтэй. Энэ хооронд НДШ-тэй холбоотой ажил олгогч эздийн холбоо, МҮЭХ-той хамтарч гурвалсан уулзалт хийх шаардлагатай байна гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар:

-АМНАТ-ийн талаар энэ асуудал МАН-ын бүлгээс завсарлага авсан. Ажлын хэсэг санал, дүгнэлт ирүүлнэ гэсэн. Засгийн газрын сайд нар чуулганы хуралдаанд орж ирж хэрэлдээд байх шаардлагагүй хэмээн тайлбарлав.

Ингээс ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийн, 2021-2022 төсөөллийн эцсийн хэлэлцүүлгийг хийж эхлэв.