Categories
мэдээ нийгэм

Нийслэлд 100 тэрбумын хөрөнгө оруулалт төлөвлөжээ

Ирэх жил нийслэлд нэг их наяд гаруй төгрөгийн орлогыг төлөвлөөд байна. Үүнээс суурь орлого 894.1 тэрбум төгрөг байхаар, суурь зарлагыг 338.1 тэрбум төгрөгөөр тус тус тооцон, 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөжээ.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нийслэлийн Иргэний танхимд өчигдөр болсон нийслэлийн 2020 оны төсвийн төслийг иргэд, олон нийтэд танилцуулж хэлэлцүүлсэн нээлттэй уулзалт дээр мэдээлсэн юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан 2019 оны хүлээгдэж буй ажлын гүйцэтгэл, хийж хэрэгжүүлсэн томоохон ажлууд, 2020 оны төсвийн төслийг танилцуулсан юм. Тэрээр нийслэлийн өмнө тулгамдсан олон ажлыг шийдвэрлэхэд ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатайг онцолж, хөрөнгө, мөнгө хязгаартай байгаа ч шаардлагатай зүйлийг хийхээр зорьж буйгаа хэлсэн юм.

Тэрээр, Улаанбаатар хотод шаардлагатай, хийж хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг харьцуулан үзэх юм бол энэ оны нийслэлийн төсөв харьцангуй бага байгааг хэллээ. Яагаад гэвэл, энэ онд нийслэл хотоос улсын төсөвт 319 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа. Үүнээс үүдээд нийслэлд үлдэх хөрөнгө оруулалтын тоо хэмжээ багасаж байна. Тэр хэрээр олон салбарт оруулах ёстой хөрөнгө оруулалтын ажил хасагдаж байна гэлээ.

Энэ жил нийслэлээс улсын төсөвт төвлөрүүлэх хөрөнгийн тоо, хэмжээ ирэх онд 40 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр улсын төсвийг баталсан. Энэ нь нийслэлийн хувьд 2020 онд орлогоо нэмэгдүүлэх үүрэг болоод байна.

“2020 онд нийслэлээс Хүний хөгжлийг дэмжих бодлого барина. Нийгмийн энэ бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлаа үргэлжлүүлнэ” гэдгээ хотын удирдлага мэдэгдлээ.

Төсвийн төслийн нээлттэй хэлэлцүүлэгт нийслэл, дүүргийн 400 орчим иргэн оролцож, 40 орчим иргэн санал бодлоо хэллээ. Тэд дүүрэг хороодод хийж буй төсөл, хөтөлбөрийн ажил газар дээрээ удаашралтай байгааг ярив. Зарим хороонд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барих, нийтийн тээврийг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний ажил хийх зэрэг саналыг илэрхийлж байв.

Иргэдээс гаргасан саналыг нэгтгэн, Нийслэлийн 2020 оны төсвийн эх үүсвэрийн хүрээнд тусгах аж. Мөн оролцогсод нийслэлийн ирэх оны төсөвт тусгах саналаа бичгээр буюу санал авах маягтыг бөглөж өгсөн юм.

Categories
мэдээ нийгэм

46 тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийж устгажээ

Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат иргэний хууль бусаар агнасан 46 тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлт хийж устгасан тухай тус аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээлэв.

Тодруулбал, хууль бусаар агнасан дээрх тооны тарвагыг худалдаалахыг завдаж байсан үйлдлийг Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газар хураан авч, Зоонозын өвчин судлалын төвд устгуулахаар 11-р сарын 19-ний өдөр авч ирж өгсөн байна.

Тухайн өдөрт 46 тарваганы хүйсийг тодорхойлон лабораторид дээж материал авч 0.1% -ийн жавелионы уусмалаар тарваганд халдваргүйжүүлэлт хийж тусгай цооногт хийн хлорын шохойн нунтгаар дарж устгалд оруулав. 46 тарвага нь бүгд эр хүйсийнх байжээ. Уг устгал, ариутгалын ажиллагааг Зоонозын өвчин судлалын төвийн ариутгагч Ц.Мөнхдөл хийж, ажлын гүйцэтгэлд лаборант Б.Батзаяа хяналт тавьж хамтран ажиллажээ.

46 тарваганы зарим нь муудах шинжтэй болж нялзран задарч, зөөлөн эд мах гоожсон төлөв байдалтай байжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дарьхүү: Өнөөдөр нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол хүнлэг байдал, хүн чанар, шударга ёс юм


МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш, доктор, профессор Р.Дарьхүүтэй манай нийгэм хэрхэн соён гэгээрсэн, ёс суртахууны төлөвшил ямар түвшинд байгаа талаар ярилцлаа.


-Манай нийгмийн соён гэгээрсэн байдлыг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ. Нийгэм соён гэгээрэхийн хэрээр ач тус нь өндөр байдаг. Энэ тухайд та саналаа хуваалцахгүй юу?

-XXI зуун, боловсролын зуун гэж байгаа энэ цаг үед манай нийгмийн хувьд соён гэгээрсэн байдал хангалтгүй гэж бодогддог. Учир нь боловсролын салбарт мэргэжилтнүүд дутагдалтай байна. Боловсролын салбарт төрөөс баримтлах бодлого үгүйлэгдэж байна. Нэг сонгууль болохоор нэг Засгийн газар гарч ирээд нэг шинэ хөтөлбөр ярьдаг. Өмнөхийг биш байсан гэж үгүйсгэдэг ч юм уу. Энэ бол ерөөсөө боловсролын тогтолцоо хүн ардад сайн төлөвшиж чадаагүй, боловсролын ёс зүй гэж чухал асуудал хаягдаж орхигдсон, түүнийг тоодоггүй, энэ чиглэлийн гол шинжилгээ хийж байгаа эрдэмтдийн үгийг сонсдоггүй, хүлээж авдаггүйтэй холбоотой. Хамгийн сүүлийн жишээ гэхэд иргэний ёс зүйн боловсролын хичээл 1-12 дугаар ангид орно гэсэн боловч ёс зүй, философич мэргэжлийн багш судлаачаас нэг ч хүн сурах бичиг зохиогчийн багт ороогүй байна. Боловсрол гэдэг чинь хүний амьдрах чадварт сургах, хүний хүмүүжүүлэх, хүнийг хүн болгох чухал зүйл шүү дээ. Хүн байх мэдлэг ухааны хамгийн ууган нь философи. Түүний бүрэлдэхүүн нь ёс зүй. Ёс зүй нь ёс суртахууныг судална. Ёс суртахуун гэдэг хүний үнэт хөрөнгө юм. Ёс суртахууны хувьд төлөвшиж байж сая л хүн болно. Хүнийг хайрладаг, ойлгодог, хүндэлдэг, хөдөлмөрч, хариуцлагатай, за бол за гэдэг. Энэ бүхэн чинь ёс суртахуун зан чанарын төлөвшлийн асуудал шүү дээ.

Өнөөдөр боловсролын тогтолцоо нь эхлээд англи хэлтэй, олимпиадад түрүүлдэг мундаг хүн бэлтгэнэ гээд нэг талыг бариад явчихсан. Энэ бүхнээс илүүтэй ёс суртахууныг төлөвшүүлнэ гэдэг хамгийн чухал юм. Уг нь иргэний ёс зүйн боловсролын хичээл гэж зөв хөтөлбөр гарч ирсэн боловч амьдрал дээр тус хөтөлбөрийн агуулга нэрэндээ тохирохгүй. Дээр нь тэр хичээлийг заах багшаа бэлдээгүй. Нийгмийн ухааны багш заана гэсэн боловч монгол хэлний багшаар заалгах ч юм уу. Сурах бичиг нь гараагүй. Багш нар нь юу заахаа мэдэхгүй, ном сураглаад явж байна. Энэ нь нийгмийг соён гэгээрүүлдэг яам, мэргэжлийн байгууллагууд нь ажлаа хийж чадахгүй байгааг харуулж байгаа хэрэг.

-Нийгмийг соён гэгээрүүлэх ажлыг хэн манлайлах ёстой вэ?

-Нийгмийг соён гэгээрүүлэх ажил бол бүх нийтийн үйл хэрэг юм. Мэдээж төр илүү их үүрэг хариуцлага хүлээх ёстой. Хоёрдугаарт, иргэний байгууллагууд байна. Тэд тус тусдаа төсөл хөтөлбөр бариад явдаг, хамтарч ажилладаггүй. Шашны байгууллагууд нийгмийг соён гэгээрүүлэхэд мөн чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Яагаад Монголын нийгэмд гэмт хэрэг буурахгүй, улам харгис хатуу болоод байна гэвэл нийгмийг соён гэгээрүүлэх ажил хангалтгүй байгааг харуулж буй бас нэг жишээ юм. Хичнээн олон хууль гаргалаа ч ёс зүйн хувьд төлөвшөөгүй бол шударга бус зүйл, хулгай дээрэм гарсаар байна.

-Европын орнуудын хүн ардын хувьд ёс суртахууны төлөвшил сайтай тул амьдрахад таатай байна. Нийгэм нь үүргээ ухамсарладаг. Ядаж л зөрөхдөө бие биедээ зам тавиад өгчихдөг. Энэ бүхэн нь амьдрахад илүү таатай, хялбар болгоод байна л даа?

-Үүнийг хүүхдэд багаас нь албан болон албан бус сургалтаар төлөвшүүлж өгч байгаа юм. Эцэг эх, нийгэм хамтаар хариуцлага хүлээж байна. Зөвхөн гэр бүлийн асуудал биш, эсвэл нийгэм, хувь хүн рүү чихдэггүй. Бүх зүйл хоорондоо уялдаатай, шүтэлцээтэй байгаа шүү дээ.

-Нийгэм соён гэгээрээд ирэхээр илүү зөв шийдвэр гаргаж, төлөвшдөг гэдэг. Энэ тухайд?

-Соён гэгээрүүлнэ гэдэг чинь боловсролтой хүн болгоно гэсэн үг. Боловсрол гэдгийг зөв, бүрэн дүүрэн ойлгох хэрэгтэй. Өнөөдөр өчнөөн олон их, дээд сургууль байгаа ч ажилд авах гэхээр боловсролтой хүн олдохгүй байна шүү дээ. Ажлын хариуцлагатай, аливаад үнэнчээр чин сэтгэлээсээ ханддаг байна гэдэг чинь жинхэнэ боловсрол юм. Тэрийг олгоход эцэг, эх ч нэг их ач холбогдол өгөхгүй, сургууль ч энэ тэр ч хэрэгтэй гээд баахан мэдлэг чихээд байдаг. Яг хүн байх ухаан, ёс суртахуун, ерөнхий философийн мэдлэг өгөх нь дутмаг байна. Философийн мэдлэг гэхээр социализмын үед дунд сургууль, ахлах ангид үзээд, их, дээд сургуулиудад заавал судалж улсын шалгалт өгдөг байлаа. Энэ чинь хүний төлөвшил хандлагад нөлөөлж, зөв сэтгэх, бүтээлчээр сэтгэх, шүүмжлэлтэй хандах зэрэг олон чадварыг олгодог байсан. Одоо бол дунд сургууль, их сургуульд ч үзэхгүй байна. Их сургуульд сонгон гээд цөөхөн оюутан л үзэж байна.

Гэтэл баруун гэж дуурайдаг газруудад ахлах сургуульд философи үзэж л байгаа байхгүй юу. Энэ мэтээр ерөнхийд нь хаашаа явах уу гэж удирдан залж чиглүүлдэг боловсролын яам ажлаа хийхгүй байна. Тэнд ажил мэдэхгүй хүн олон байгааг харуулж буй хэрэг. Би асуудлыг шударгаар хэлдэг хүн.

-Манай нийгэмд тэгш бус харьцаа их байна. Дарга нарын ёс зүйтэй холбоотой олон асуудал гардаг. Гэвч буруугаа шударгаар хүлээн зөвшөөрч, хариуцлага хүлээн нийгэмд үлгэрлэж байгаа хүн бараг алга. Бусад иргэдийн хувьд ч гэсэн ёс зүйн асуудал шат бүртээ дутагдалтай байгаа нь анзаарагддаг. Наад зах нь бусдыг ялгаж харьцахаас эхлээд энэ бүхэн илэрдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Ёс суртахуун төлөвшүүлнэ гэж ярих ёстой. Ерөөсөө ёс зүйг хүмүүс их ярьж байгаа. Ярихаас ч аргагүй. Цаг нь болсон. Гэхдээ ёс зүй, ёс суртахуун хоёрыг зөв ойлгох хэрэгтэй. Онолын хувьд ёс зүй гэдэг чинь философи үүсэхэд хамт үүссэн мэдлэгийн салбар юм. Түүний судлагдахуун нь ёс суртахуун. Ёс суртахуун бол нэгдүгээрт хүний үнэт хөрөнгө. Хувь хүнийг үнэ цэнэтэй болгож өгдөг зан суртахууны эерэг чанаруудын нэгдэл юм. Тийм учраас бид ёс зүй биш ёс суртахууныг төлөвшүүлнэ гэж ярих ёстой. Хоёрдугаарт, ёс суртахууны төлөвшил эхийн хэвлийд байхаас эхэлж байгаа юм. Дээр нь гэр бүл, сургууль зэрэг бүх талаас үүнд анхаарч ажиллаж байж хамтын хүчин чармайлтын үр дүнгээр ёс суртахууны төлөвшил хангагдана. Хэчнээн мундаг сургууль төгссөн ч ёс суртахууны хувьд төлөвшөөгүй хүмүүс гарч ирчихээд улс орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгэж, хувийн сонирхлоо эхэндээ тавиад, шуналдаа хөтлөгдөж гэмт хэрэгтэн болж улсынхаа нэр хүндийг гутааж байна. Тэгэхээр зэрэг ёс суртахууны төлөвшил гэдэг ямар чухал болох нь харагдаж байгаа биз. Ёс суртахууны төлөвшлийг аль болох сургуулийн өмнөх наснаас нь эхлээд анхаарах ёстой. Нийгэм өөрчлөгдөхөөр хүмүүс бас өөрчлөгдөж байна шүү дээ. Социализмын үед хүмүүс хамтач байсан. Тийм ч учраас нийт нь нэгний төлөө, нэг нь нийтийн төлөө гээд бусдын төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс харьцангуй олон байж. Одоо 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд орсноор яах аргагүй хувь, хувийн хэвшил давамгайлаад ирэхээр би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн хэт амьтанлаг хувиа хичээсэн үйлдэл давамгайлж нийгмийн ёс суртахуун улам бүр уналтад орж байгаа юм. Тийм учраас социализмын үед хүмүүс шударга, хүнлэг, хөдөлмөрч байсан. Одоо яагаад ядуурал буурахгүй байна вэ. Эцсийн дүндээ залхуу хүмүүс олон байна шүү дээ. Хөдөлмөр гэдэг зүйлийн эдийн засгийн утгаас гадна ёс суртахууны ач холбогдлыг ойлгохгүй байна. Монголчууд ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог гэж ярьдаг. Тэр хөдөлмөр чинь цалин авахаас гадна хүнийг төлөвшүүлдэг, нийгэмшүүлдэг гэдгийг эртнээс хэлсэн байдаг. Тиймээс ёс суртахууныг төлөвшүүлэхэд эртний уламжлалт арга ухаанаас суралцах зүйл их байгаа. Өвгөдийн бор авдар уудлахад их зүйл бий. Одоо гадаадыг шүтэх үзэгдэл хэт дэлгэрснээс болоод таарах таарахгүй баахан хөтөлбөр авчирч тавиад л байдаг. Гэтэл тараахгүй нь олон байгаа. Энэ нь орчин үеийг үгүйсгэж байгаа зүйл биш юм. Уламжлалт болоод орчин үеийн мэдлэгийн шүтэлцээтэй боловсролын салбарыг шинэчлээд явах ёстой. Тухай тухайн үеийн боловсролын салбарыг тодорхойлж байгаа байгууллага , мэргэжилтнүүд үүнд мэргэжлийн үүднээс хандах ёстой. Дандаа мэргэжлийн бус хүмүүс байгаа учир ойлголтгүй байна.

Ер нь ёс суртахууны асуудал дэлхий нийтийнх болсон. Хүн төрөлхтөн мөхөх үү, сэхэх үү гэдэгт тулсан. Өнөөдөр ногоон ёс зүй гэж яриад байна. Байгалиа хайрлах, хамгаалахгүйгээр хүн төрөлхтөн мөхөхөд хүрчихээд байна шүү дээ. Хүний хэрэгцээ өсөөд дэлхий хүний шуналыг даахгүй болж байна. Тэгэхээр зэрэг хэрэглээгээ хязгаарлах, байгалийн зөв зохистой, тэнцвэртэй байдлыг хэрхэн хадгалах уу, ашиглалаа гэхэд хэрхэн нөхөн сэргээх үү. Энэ бүрхэн чинь явж явж эдийн засаг, эрх зүй гэхээс илүү ёс суртахуунаар зохицуулагдах зүйл болж байна. Тэгэхээр зэрэг ёс суртахуун нийгмийн амьдралын бүх хүрээ салбар, мэргэжилд чухал зүйл юм.

-Нэг талаас хууль эрх зүй, нөгөө талд ёс суртахуун төлөвшин зэрэгцэж байж нийгэм тэгш хүртээмжтэй хөгждөг байх. Зөвхөн хуулиар бүхнийг шийдэх боломжгүй шүү дээ?

-Таны хэлсэн зүйл нийгмийн харилцааг зохицуулж байгаа хоёр гол хүчин зүйл мөн. Хуулиар зохицуулагдах зүйл байна, бас зохицуулагдахгүй зүйл ч бий. Өдөр тутмын харилцаанд буюу үр хүүхэд, багш шавийн харилцаанд тэр болгон хууль бариад байхгүй. Энэ нь илүү ёс суртахуунаар зохицуулагдаж байгаа. Дээр нь Монголд хууль шиг их юм алга. Ингээд нийгмийн сайн сайхныг хангаж чадаж байна уу. Тэгэхээр бүгдийг хуулиар зохицуулж чаддаггүй. Угаас ёс суртахуунаар сайн зохицуулчихсан байвал олон хуулийн хэрэг ч байхгүй. Бие биенээ хүндлээд, шударга байж, харилцан ойлголцоод, итгэлцээд байвал хоёр талаасаа хууль бариад байх шаардлагагүй. Өнөөдөр нийгэмд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл чинь хүнлэг ёс, хүн чанар, шударга ёс юм. Энэ чинь ёс суртахууны үнэт зүйл биз дээ.

-Хүмүүст ёс суртахууныг төлөвшүүлж, нийгэмд гүйцэтгэх үүргийг нь нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарах шаардлагатай вэ?

-Философийн боловсролыг төрөөс бодлогоор бүх шатны боловсролын хөтөлбөрт тусгах хэрэгтэй. Өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдэд зориулсан философи гээд явж байна шүү дээ. Бүр багаас нь бүтээлчээр, зөв сэтгэх, юманд олон ургалч үзлээр хандах, бусдад хүлээцтэй байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, маргах мэтгэлцэх соёл гэдгийг төлөвшүүлэхэд философи их чухал юм.

-Манайх философи гэхээр гүн ухааны шинжтэй хүндээр тусгаж авах нь түгээмэл байдаг?

-Философи маш өргөн утгатай. Одоо онолын түвшинд, практик философи гэж байна. Практик философийн жишээ нь энэ ёс зүй юм. Нас сэтгэхүйн онцлогт тохирсон хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлээд явъя гэвэл манай их сургуулийг төгссөн 700 гаруй философийн мэргэжилтэн байна. Тодорхой хэмжээний хүний нөөц гэсэн үг. Гэтэл үүнийг ашигладаггүй. Тэгвэл баруун, тухайлбал Германд бүхий л асуудлыг философич нараасаа асуудаг. Яагаад гэвэл философи гэдэг аливаа зүйлийн мөн чанар, утга учрыг жинхэнэ ёсоор нь олон талаас нь янз бүрийн арга зүйгээр тайлбарлаж, ийм ийм арга зүй байна, тухайн нөхцөл байдалд аль нь илүү чухал вэ гэдэг зөв сонголтыг хийх онол арга зүй юм.

-Нөгөө талаас улс төрд нийгмийн тархийг угаах амархан гэж үзэх хүн олон байх шиг байна?

-Зарим хүн ямар ч эргэцүүлэн бодож, шүүн тунгаахгүйгээр бусдын үгэнд шууд итгэж үнэмшээд явчихаж байгаа шүү дээ. Философи үзсэн хүүхэд хэзээ ч тийм байхгүй. Асуудлыг олон талаас нь бодоод, шүүмжлэлтэй ханддаг. Хэзээ ч аялдан дагалдаж, хүний үгэнд хөтлөгдөж явдаггүй. Тэгэхээр өөрийн гэсэн үзэл бодолтой, үнэлэмжтэй байна гэдэг чинь хүн байхын чухал зүйл. Ер нь манайд оюуны соёлын хомсдол их байна. Энэ хомсдолоос гарахын тулд зайлшгүй багаас нь эзэмшүүлэх ёстой боловсрол бол хүмүүнлэгийн ухааны боловсролууд юм. Тэр дотор философи, ёс зүйг ямар ч шатанд үзэхгүй яваад байгаад эмзэглэдэг.

Г.БАТ

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Түмэнцогт: “Оюутолгой”-н орлогын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудад зарцуулагддаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Бид өөрсдийн сул талаа бага ярьж, алдаагаа хэрхэн засах талаар бодож үгээ хэлээсэй. Ажлын хэсгийн гишүүн болсноос хойш “Рио тинто” компанийнхан уулзах хүсэлт их ирүүлсэн. Нэгэн ч удаа уулзаагүй. “Эрдэнэс Оюутолгой”-н ТУЗ-д ажиллаж байгаа Монголын талын гурван хүн муу ажиллаж байна. Монголын талын ашиг авах талаар ярихгүй, эдний байр суурь ажиглагдахгүй байна. Бид 1000 тонн унц алтаа хэрхэн ашиглах талаар ярилцахгүй байна. Алт нь гараад байна уу, зэс нь гараад байна уу, мөнгө нь гараад байна уу бүү мэд. Бид хувь хүртэх биш өрөнд орж байна. Үүн дээр ямар байр суурь барьж ажилласан бэ?

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:

-Нэг цонхоор байх гэдэгтэй санал нэг байна. Манай УИХ-ын гишүүнд уулзах хүсэлтийг нь хүлээн авч тал тал тийшээ утасдахаа болих хэрэгтэй. Эрх бүхий салбарын сайд болон Засгийн газраас бусад нэг ч хүн албан бусаар уулзалт хийхийг хориглосон. Далд уурхайн төлөвлөлтийн гарын үсгийг зурах эрх өгсөн тогтоол байдаг. Мөн ажлын хэсэг байгуулах захирамж гаргасан.

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Түмэнцогт:

-“Оюутолгой”-н орлогын 80 хувь нь Монголд бүртгэлтэй компаниудад зарцуулагддаг. Цахилгааны хуваарилах байгуулж, ган бөмбөлгийг “Оюутолгой”-д нийлүүлдэг. Алт, зэс, мөнгийг олон улсад зөвшөөрөгдсөн багцаар дээж авч, баталгаажуулдаг.

УИХ-ын гишүүн А.Сүхбат:

-Говийн газрын доорх усан дээр бид бодлоготой хандах хэрэгтэй. Энэ ус бол газрын доорх баялаг шиг дахин сэргээгдэхгүй ус. Усны хэрэглээн дээр ямар бодлого барьж байна вэ?

“Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Түмэнцогт:

-Оюутолгой компани 16.9 тэрбум төгрөгийг усны төлбөрт төлсөн байдаг. Ашигласан усныхаа 90 орчим хувийг дахин ашигладаг. Цаашдаа гадаргууны усыг ашиглахад бэлэн байгаа.

УИХ-ын гишүүн Х.Баделхан:

-Оюутолгойн төсөвт оруулах мөнгө нь “Эрдэнэт”-ээс бага байгаа. Үүнийг олон түмэн мэдэж байгаа. Тиймээс энэ гэрээг засч сайжруулах шаардлагатай.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх төмөр замын бүтээн байгуулалттай танилцав

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414 км төмөр замыг гурван хэсэгт хувааж доод бүтэц болон төмөр замын ажлыг зэрэг хийж байгаа юм. Одоогоор 14 км далан барьж дуусган төмөр замаа тавихад бэлэн болгоод байна. Энэ чиглэлийн төмөр зам нь зургаан зөрлөг, хоёр том өртөөтэй байх бөгөөд ирэх сарын нэгэн гэхэд зөрлөгийн барилгын ажлыг дуусгахаар төлөвлөжээ. Төмөр замын зураг төслийг төрийн өмчит компани хийсэн бөгөөд цэргийн найман ангийн алба хаагч, 64 аж ахуйн нэгжийн нийт 2300 хүн, 1300 техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Говийн бүс нутагт түгээмэл тархацтай дүүргэлтийн материал ховор байдаг нь төмөр замын далангийн ажил хийхэд хүндрэл учруулж байна. Гүйцэтгэгч байгууллага хэрэгцээт балласт чулуугаа энэ өвөл бэлдэх юм.

Мөн 36 худаг гаргахаас дөрвөн худаг гаргаад байна. Энэ төсөлд 1,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Тавантолгой- Зүүнбаян чиглэлийн төмөр зам дагуу ашигт малтмалын 37 орд байрладаг бөгөөд газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна ОХУ, БНХАУ-ыг холбосон хоёр дахь транзит төмөр замтай холбогдох зэрэг стратегийн чухал ач холбогдолтой төсөл юм.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Гүррагчаа: Электорат хөдөлгөөний гол зорилго улс төрд зөв шударга хүмүүсийг сонгох юм


БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисэгч Ж.Гүррагчаатай ярилцлаа.


-“Электорат” хөдөлгөөн байгуулагдаад хэдэн сар болж байна. Уг хөдөлгөөн зөв хүнийг олж, дэмжиж, улс төрд гаргах зорилгоор ажиллаж байгаа гэж ойлгосон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Электорат хөдөлгөөний анхлан санаачлагчид нь нийтлэлч Баабар, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Ерөнхий сайд асан Д.Содном, Сангийн сайд асан Э.Бямбажав, иргэн Д.Ламжав, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц, Гадаад Харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн нар юм. Энэхүү хөдөлгөөн маань намын харьяаллыг гол болгоогүй. Олон нийтэд аль хэдийнэ танил болсон хүмүүс багтаж байгаа. УИХ-ын сонгуульд нэр дэвших хүмүүсийг тодруулах Электорат хөдөлгөөнийг байгуулсан. Хөдөлгөөний гол зорилго мэдээж таны хэлсэнтэй адил улс төрд зөв хүнийг сонгохоос гадна улс төрийн сонгуулийг шударга явуулж, олон түмний төлөө ажиллах хүмүүсийг сонгож нэр дэвшүүлэхээ урьтал болгосон. Энэхүү хөдөлгөөн нь УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх субьект биш. 2020 оны УИХ-ын сонгуулийн 76 тойрогт өрсөлдөх бие даан нэр дэвшиж болохуйц хүмүүсийг олон түмнээр бүтэн жилийн турш хэлэлцүүлэх зорилготой.

Электорат хөдөлгөөний гишүүд олон нийтэд танигдсан, нийгэм-улс төрийн талаар тодорхой хэмжээний ойлголттой хүмүүс. Тиймээс ч өөрсдөө сонгуульд нэр дэвшихгүй.

-Электорат хөдөлгөөн улс төрийн сонгуульд нэр дэвших хүмүүсийн талаар иргэдээс санаа бодлыг нь сонсож байгаа гэлээ. Хүмүүс хэр санал бодлоо илгээж байна вэ?

-Хөдөлгөөний гол зорилго маань улс төрд зөв шударга хүмүүсийг сонгох гэж байгаа. Тиймээс бид иргэд олон нийтээс ирэх оны сонгуульд ямар хүн нэр дэвшиж, хууль тогтоогч хэн байхад болох талаар санал авч байна. Хамгийн гол нь улс орны ирээдүйд зөв зүйл хийж бүтээхээс гадна ард иргэдийн амьдралыг хэрхэн дээшлүүлэх вэ гэдэг хамгийн гол асуудал. Ард иргэдийн санаа сэтгэлд нийцсэн хүмүүс сонгуульд нэр дэвшиж оролцоод амжилт гаргаж байвал манай хөдөлгөөний зорилго биеллээ гэсэн үг. Түүнээс манай хөдөлгөөн ямар нэгэн улс төрийн хэсэг биш. Бид дотроосоо хэн нэгнийгээ сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгийг дээр дурдсан. Хөдөлгөөнийхөн маань хэд хэдэн хурал зохион байгууллаа. Энэ үеэр хүмүүсээс ирсэн саналд үндэслэж нэлээд хэдэн хүний нэр гарчихаад байгаа юм билээ.

Онлайнаар санал авна. Тийм болохоор хүн болгон оролцох боломжтой. Орон нутгаас ч санал авч байгаа. Хүмүүстэй ч уулзаж байна. Өөрсдийнхөө санаа бодлыг нэмэрлэж байна. Маш олон саналууд ирж байгаа юм байна лээ. Энэ бүгдийг нэгтгэж нэр дэвших хүнээ сонгох байх. Бид хамгийн гол нь сонгуульд нэр дэвших хүнийхээ номыг нь ч хараад, хүний номыг нь ч хараад сонгох нь зүйтэй гэдэг дээр хөдөлгөөнийхөн маань нэгдэж байгаа юм.

-Ирэх оны сонгуулийг та хэрхэн харж байна вэ?

-Бидний сонголтоос улс орон хаашаа явах, төр засаг хэрхэн бүрэлдэх, ямар хуультай байх улс төрд гарч байгаа хүмүүсээс ихээхэн шалтгаалдаг. Хамгийн зөв хүмүүс бодлого боловсруулж, хууль тогтоож, төр засгийг удирдах нь зүйтэй. Өнөөдөр хууль тогтоогч нараас хууль хяналтын байгууллагаас эхлээд олон зүйл хамаарч байна. Одоогийн эрх баригчид янз бүрийн зүйлээрээ гологдож байна даа.

-Иргэдийн сонгох чадвар манайд хэр хэмжээнд байна вэ?

-Үнэн хэрэг дээрээ сонгуульд хэнийг нэр дэвшүүлэхээ иргэн хүн шийдэж чадахгүй байна. Улс төрийн намууд нэрсийн жагсаалт гаргаад эндээс сонго гэдэг. Яг иргэдийн дундаас ийм л хүн бидэнд хэрэгтэй гээд дотроосоо нэр дэвшүүлж гаргаж байгаа хүн байхгүй.

-Сүүлийн үед зарим хүмүүс шинэ үеийн төлөөлөл, залуу хүмүүсийг улс төрд гаргах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тухайд?

-Насаар хязгаарлаад байх хэцүү. Амьдрал, ажил хөдөлмөрийн туршлагатай хүмүүс төрийн ачааг үүрч чадна. Монголчуудын сайхан үг байдаг. 40 хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэж. Энэ хоёр л өвлийн хүйтэнд жингийн хүндийг дааж байсан гэж байгаа юм. Өвөг дээдэс маань бидэнд хууль болгоод хэлчихсэн үг, сургаалууд байдаг. 40 гарч байж хүн амьдралын хар бор, халуун хүйтнийг өөрийн биеээр ч үзэх юм. Өрөөл бусдаас ч сонсох юм. Манай залуучууд их яардаг л даа. Гэхдээ би ойлгож байна. Өнөөдөр төрийн тэргүүн байж чадах уу гэж асуухад чадахгүй гэж хэлэх хүн бараг байхгүй.

-Зөв хүнийг ямар шалгуураар гаргаж ирэх вэ?

-Зөв хүн гэдгийг маш олон үзүүлэлтээр шүүнэ. Мэдлэг боловсролтой, эх орноо гэсэн чин сэтгэлтэй, ёс зүйтэй. Хүлээлгэх үнэт зүйлтэй. Тийм хүмүүсийг л олж сонгохыг зорьж байна.

Бид сонгуульд нэр дэвшүүлсэн хүнийхээ төлөө санах зоволгүй яахав. Нэр дэвшүүлсэн 76 хүнээ шууд сонгогдчихно гэдэг дээр 100 хувь итгэлгүй байна. Цаашдаа зохицуулах зүйл олон бий. Хамгийн гол нь төрд хэрэгтэй хүнийг сонгох нь чухал байна.

С.ГИЙХ

Categories
мэдээ нийгэм

“Санхүүгийн зах зээл” сэдэвт семинарыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас Санхүүгийн зохицуулах хороотой хамтран “Санхүүгийн зах зээл” сэдэвт семинарыг зохион байгуулж байна. Сургалтад ОБЕГ-ын 19 алба хаагч хамрагдаж байгаа бөгөөд сургалтыг Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох мэргэжилтнүүд удирдан явуулж байна.

Сургалтаар оролцогчдод үнэт цаас, даатгал, хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн зах зээл, финтек, регтек болон мөнгө угаах, терроризмийн санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгөх юм.

Categories
мэдээ нийгэм

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Image result for Баяртсайхан

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны эхэнд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэн, уг асуудалтай холбогдуулан гишүүд өмнө нь асуулт асууж, үг хэлж дууссан байсан тул Санхүүгийн зохицуулах хорооны даргыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлье гэсэн горимын саналаар санал хураалт явуулахад гишүүдийн 60.5 хувийн саналаар дэмжигдлээ. Үүгээр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө. Мөн Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг үүрэгт ажлаас нь өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонх нь дэмжлээ.

Categories
мэдээ нийгэм

Үлийн цагаан оготныг устгаж эхэллээ

Говь-Алтай аймгийн ихэнх сумдын малын бэлчээр, тариалангийн талбайд гол хөнөөл учруулж буй үлийн цагаан оготно устгах ажлыг зохион байгуулахаар аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, Есөнбулаг сумын мэргэжлийн баг өчигдрөөс үүрэгт ажлаа эхлүүллээ.

Үлийн цагаан оготнотой энгийн механик болон микро биологийн аргаар тэмцэх ажлын хүрээнд хордуулсан тариаг үлийн цагаан оготно их тархсан бүсэд урхи маягаар цацаж тараасан байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Дэлгэрсайхан: Улстөрчид төсвийг эдийн засгийн талаас нь харахыг хүсэхгүй байна

СЭЗИС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Энэ оны төсөв нэлээд алдагдалтай батлагдлаа. Үр ашиггүй зардал хэр туссан гэж та харж байна вэ?

-Юуны өмнө бид төсөв гэж чухам юу вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Төсвийн хувьд товчхондоо эдийн засгийн үр ашигтай байх ёстой. Эдийн засгийн хөгжлийг дэмжихийн тулд хатуу, зөөлөн дэд бүтцийг бий болгох шаардлагатай.

Цаашлаад яривал эдийн засаг, нийгмийн зорилтуудыг шийдвэрлэх үүрэгтэй зүйл бол төсөв. Ингэж байж эдийн засаг хөгжиж ажилгүйдэл, ядуурал буурч, төрийн бодлого, үйлчилгээ сайжирна. Ингэж шат дараатай харахгүй бол жилийн жилд л үрэлгэн төсөв боллоо гэсэн шүүмжлэл дэгдээд өнгөрөөд байна л даа.

Сая миний онцолсон ойлголт улс төрийн хүрээнд төлөвшөөгүйгээс төсөв буруу явсаар ирсэн. Улстөрчид төсвийг зөвхөн улс төрийн эрх ашгаа хангах, хамгаалах хэрэгсэл гэж ойлгоод сурчихсан. Үүнээс өөрөөр бодохыг хүсдэггүй.

Манай улстөрчид төсвийг улс төр талаасаа харж ашиглахдаа сайн ч эдийн засагт талаас нь харахыг хүсэхгүй байна. Аль ч намын үед ялгаагүй эдийн засаг талаас нь харахыг хүсдэггүй. Эрх барихаараа төсвийн үр ашиггүй бодлого явуулж, сөрөг хүчин болохоороо шүүмжлэх маягаар өнөөг хүрсэн.

Төсвийн хувьд сүүлийн жилүүдэд сайжирсан зүйл бас бий. 2017-2018 оны төсвийн тухайд эдийн засаг сэргэж байсан, ОУВСангийн хөтөлбөрт орсон үе таарсан. Ийм шалтгаанаар тэлэлт, алдагдал бага, төсвийн үрэлгэн байдал буурсан зэрэг сайн зүйлс гарсан. Харий 2019-2020 оны төсвийн хувьд энэ байдал алдагдлаа. Төсвийн алдагдлыг өндөр баталчихлаа.

-Алдагдал багатай төсөв батлах боломж байсан уу?

-Алдагдал бага төсөв батлах боломж байсан. Зардал, төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлын хувьд шаардлага бага гэж хэлж болох зүйлс олон байна. Ялангуяа хөрөнгө оруулалт талд.

-Сумын улаан буланд 200 гаруй тэрбум төгрөг төсөвлөчихлөө. Ирэх жилдээ амжиж баригдана гэж байхгүй. Сонгуулийн дараа үргэлжлүүлж барина гэхэд эргэлзээтэй. Хий дэмий хөрөнгө мөнгө царцаасан ажил болчихож байгаа юм биш үү?

-Уг нь Монгол Улсын төсвийн эрх зүйн орчин сайн, хөрөнгө оруулалтын асуудлыг хэрхэн шийдвэрлэх тухай зохицуулалтууд хангалттай бий. Гэтэл жил жилийн төсөвт учир нь үл ойлгогдох хөрөнгө оруулалтууд ихээр орж ирдэг.

Өмнөх дөрвөн жилд үр ашиг муутай зам барьж өнгөрөөсөн. Одоо бид маш олноор нь байшин барьж байна. Гэтэл эдгээр нь Монгол Улсын эдийн засагт нэн тэргүүнд шаардлагатай зүйлс мөн үү гэвэл үгүй.

Аймаг, сум руу зам тавих, сумын төвд соёлын төв барих асуудал хэзээ нэгэн цагт хэрэгтэй болохоос өнөөдөр амин хэрэгтэй зүйл биш. Ингэхийн оронд босоо тэнхлэгийн авто замыг хурдны зам болгох, төмөр замын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг хийх учиртай.

Харамсалтай нь хийхгүй байна л даа. Сумын төвд хэрэггүй байшин барьснаас сумын төвийн иргэдийг ажилтай болгох асуудал дээр анхаарах ёстой. Ийм бодлого огт алга. Үүнээс гадна 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын хэрэгжилт маш сул байгааг ярихгүй орхиж болохгүй. Төсвийн баримтад дурдсанаар хөрөнгө оруулалтын хэрэгжилт дөнгөж 36.9 хувьтай байна. Бодит байдал ийм байхад хөрөнгө оруулалтыг яагаад ингэж ихээр тэлж байна вэ, ямар зорилгоор тэлэв гэсэн асуулт гарч ирнэ.

Эргэлзэхээс аргагүй өнцөг. Эдийн засгийг ирээдүйд тэлэх дэд бүтэц, иргэдийн амьжиргааг сайжруулах үйлдвэржилтийг дэмжих чиглэлд л анхаарах цаг гэж би хувьдаа бодож байна. Үүний дараа бусад нь шийдэгдэх боломж бүрдэнэ.

-Улсын төсвийн шууд хөрөнгө оруулалтын бараг дөрөвний нэг нь Ерөнхий сайдын аймагт хуваарилагдсан гэж ирээд шуугьсан ч тодорхой үр дүнд хүрсэнгүй л дээ. Нэр бүхий эрх мэдэлтнүүдийн тойрогт төсвийн чамгүй хөрөнгө зарцуулагдах нь тодорхой болчихлоо. Хамгийн их хөрөнгө оруулалт хуваарилагдсан тойргууд дээр задаргаа хийж үзэв үү?

-Таны сөхөж буй асуудал манай төсөвт бараг хэвшил болсон зүйл. Дээр дурдсанчлан улстөрчид төсвийг улс төрийн эрх мэдлээ хадгалах, ашиг сонирхлоо хангах арга хэрэгсэл гэж бодож байгаагийн л илрэл шүү дээ. Улс төрийн нөхцөл байдал, сонгуулийн тогтолцоо өөрчлөгдөөгүй цагт энэ байдал өөрчлөгдөхгүй байх.

Олны анзаарахгүй нэг өнцөг энд бий. Улстөрчид нийтийн мөнгөөр нийтийн саналыг авах оролдлого хийсээр ирсэн. Иргэд үүнийг нь ойлгож ухаж хармаар л байгаа юм.

-Төсөв дээр нүүрс, зэсийн экспорт болон ханшийг хэт өөдрөгөөр төсөөлсөн. Гэтэл өнөөгийн байдлаас харахаар Дубайн гэрээ тойрсон улстөржилт хүчээ авч байна. Нүүрс яах нь тодорхой бус байгаа. Төсвийн орлогыг хэт өөдрөг төлөвлөсөн гэдэгтэй та санал нийлэх үү?

-Орлого өөдрөг төсөөлсөн гэдэгтэй санал нэг байна. Энэ онд 42 сая тонн нүүрс гаргахгүй нь бараг тодорхой болчихоод байхад мөн л тэр хэмжээнд төлөвлөж байна. 2020 оны дэлхийн эдийн засгийн болзошгүй эрсдэлийн талаар төсвийн баримтад дурдсан байсан. Тэгэхээр орлогыг өөдрөг төлөвлөх өөр шалтгаан байна. Би хувьдаа орлогыг өөдрөг төлөвлөх сэдэл нь зардлыг санхүүжүүлэх явдал гэж хардаж байгаа.

Өнөөдөр эдийн засаг харьцангуй сайн үед ингэж болдог юм аа гэж бодъё. Гэтэл 2016 оны төсвийн төлөвлөлтөөс ч мөн ийм өөдрөг тооцоог харж болж байгаа нь гайхалтай.

-Хямралтай, төсвийн орлого буурна гэдэг нь хэнд ч ойлгомжтой үед нээрээ тэгсэн шүү…?

-Харин тийм. Таны хэлсэнчлэн 2016 оны төсвийн орлого буурна гэдэг нь хэнд ч тодорхой байсан. Гэтэл орлогыг мөн л өөдрөг төлөвлөсөн. Ингэснээр үүсэх хамгийн гол сөрөг үр дагавар нь төсвийн алдагдал. Тодруулбал, төсвийн алдагдал нэмэгдэж өр нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлдэг. Энэ нь эдийн засгийг хойш нь чангаах хүчин зүйлсийн нэг болж байна.

-ОУВС-гийн зүгээс энэ жилийн алдагдалтай төсөвт хэрхэн хандаж байгаа бол?

-ОУВС-гийн хөтөлбөрт ороход сайжруулах шаардлагатай гэж тохирсон олон зүйлийн нэг нь төсвийн сахилга бат, эдийн засаг дахь бүтцийн шинэчлэлийн асуудал. Иймээс тэдний зүгээс ийм өндөр тэлэлттэй, үр ашиггүй хөрөнгө оруулалтын жагсаалттай, нийгмийн халамж, татаасыг ихээр нэмэгдүүлсэн, өндөр алдагдалтай гээд төсөвт байж болох олон сул талыг агуулсан төсвийг сайнаар харахгүй нь ойлгомжтой.

Энэ нь дараагийн бидэнд өгөх үнэлгээнд сөргөөр нөлөөлөх, санхүүжилтийн асуудал, хөтөлбөрийн хэрэгжилтийн амжилтад нөлөөлөхийг үгүйсгэхгүй.

-Алдагдалтай төсөв, Дубай тойрсон улстөржилт гээд жагсаавал ОУВС-гийн санхүүжилт ирэх жил ч гацсан хэвээр байх магадлал өндөр харагдаад байна л даа. Засгийн газар валютын сангийн санхүүжилтэд найдаж суугаа нь ирэх оны төсвөөс тод анзаарагдаж байгаа. Валютын сангийн санхүүжилт амжилттай үргэлжлэх болов уу?

-Сангийн яамны зүгээс хийж байгаа мэдэгдлүүдийг харахад таны таамаг зөв. Дотооддоо бонд гаргахгүй, өндөр хүүтэй гадаад эх үүсвэр ашиглахгүй тохиолдолд өөр боломж харагдахгүй байна. Харамсалтай нь одоо ч хөтөлбөрийн санхүүжилт тодорхой хэмжээнд саатсан байдалтай байна. Хөтөлбөрийн зарим хамтрагчид санхүүжилтийн асуудалд эргэлзээтэй хандсан байдалтай суугаа. Ийм эрсдэл бий. Гэхдээ шийдвэрлэгдэх болов уу гэж харж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг асуултын тэмдэг хэвээр байгаа. Оюу толгойгоос гадна сонгуулийн өмнөх жил хөрөнгө оруулагчид азнасан байдалд шилждэг. Валютын сангаас өөр гаднаас доллар орж ирэх өөр гарц, шийдэл юу байна?

-Валютын урсгалыг нэмэгдүүлэх сувгууд угаасаа тодорхой. Гадаадын хөрөнгө оруулалт, экспорт, гадаад зээл, тусламж, алт гэсэн хэдхэн суваг бий. Үүн дээр дотоодын хэрэгцээг хангах бодлого баримталж импортыг бууруулах гарц байж болно. Гэхдээ энэ нь богино хугацаанд буюу 2020 онд шууд хэрэгжих боломжгүй.

-Таны онцолсон сувгууд дээр тэгвэл нааштай хандлага, аяс анзаарагдаж байна уу?

-Үнэнийг хэлэхэд нааштай хандлага ажиглагдахгүй байна. Харин УУХҮЯ-ны зүгээс гадаадын хөрөнгө оруулалт дээр хатуу байр суурь баримталж байгаа. Таван толгой төслийг олон улсын зах зээлд гаргаж санхүүжилт босгох асуудлын хүрээнд тодорхой хэмжээнд найдлага бий.

Гэхдээ сонгууль дөхсөн энэ үед улстөрчдөөс эх орон, ард түмэндээ хайртайгаа харуулах ямар санаа гарахыг таашгүй. Энэ их улстөржилт нь эргээд бидний нөхцөл байдалд сөргөөр нөлөөлөх өндөр эрсдэлтэй. Товчхондоо Оюу толгойг гацаанаас гаргах, томоохон төслүүдийг хөдөлгөх нь бидний хувьд сайнаар нөлөөлөх гол гарц гэж үзэж байна.

-Нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхгүйгээр төсвийнхөө алдагдлыг багасгаад асуудлыг шийдчих боломж байсан гэсэн байр суурь дуулдаж байна. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Нийгмийн даатгалыг нэмэх нь буруу гэдгийн хувьд нийтийн байр суурьтай санал нэг байна. Шийдлийн хувьд олон хувилбар байх боломжтой. Яагаад бид ийм байдалд хүрэв гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Үүний шалтгаан нь 2000 оноос хойш шийдвэр зохих нийгмийн, тэтгэврийн даатгалын шинэчлэлээ хийж чадаагүй явдал гэж би хувьдаа үздэг. 2000 оноос хэрэгжих ёстой байсан бодлогоо хэрэгжүүлж чадалгүй 2030 болгож дахин 2015 онд баталсан байдаг.

Шуудхан хэлэхэд энэ удаагийн нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг миний хувьд төр бодлогын алдаагаа иргэд, аж ахуйн нэгжийн ачааллыг нэмэгдүүлэх замаар засах гэж байгаа хувилбар гэж харж байгаа. Бүр тодруулж хэлбэл, үе үеийн Засгийн газар, салбарын яамны хариуцлагатай холбоотой асуудал.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт сайжрахгүй, валютын сангийн санхүүжилт гацсан хэвээр бол долларын ханш өсөж, аж ахуйн нэгжүүдэд ачааны хүнд нь ирнэ. Нэг талд компаниудынхаа ашиг хийх нөхцөлийг хангаж өгөөгүй хэр нь нөгөө талд татварыг нь төсөв дээр өсгөөд оруулаад ирсэн нь хэр зөв шийдэл вэ?

-Наадах чинь татвар, шимтгэлийг өсгөхийн эсрэг байгаа миний байр суурийн гол шалтгаан. Төрийн зүгээс бидэнд бизнесийн эрүүл орчин, иргэдийн орлого амьжиргаа сайжрах нөхцөлийг бий болгож өгсөн үү, тийм тууштай бодлогыг энэ гучаад жилд хэрэгжүүлсэн үү гэдэг асуудал энд яригдана.

Хэрвээ тэгж чадсан, бизнес эрүүл, тогтвортой хөгжих нөхцөл бүрдэж, иргэд хангалттай орлоготой болсон бол татвар, шимтгэлийг нэмэх асуудлыг дэмжиж ч болох юм. Сүүлийн үед харьцангуй сайжирч яваа байдал анзаарагдаж байгаа боловч үнэхээр хангалттай нөхцөл бүрдээгүй.

Манай улстөрчид татвар шимтгэл нэмэхдээ гадаадын өндөр хөгжилтэй орныг ярьдаг. Тэр шимтгэлийн ард ямар улс төрийн төлөвшил, төрийн бодлого, бизнесийн орчин, иргэдийн амьжиргаа байгааг харах хэрэгтэй.

-Ипотек дээр амсуулах төдий мөнгө төсөвлөсөн. Зүй нь ипотек дээр дажгүй мөнгө тавивал барилгын салбар өндийнө, ажлын байр нэмэгдэнэ гээд компани, иргэд рүү хандсан эерэг нөлөө их. Ер нь ирэх жилийн төсөвт компани, иргэдэд анхаарсан ямар шийдэл байна вэ?

-Мэдээж ипотекийн зээлийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бий. Энэ зээлийн эдийн засаг нийгмийн үр дагавар өндөр л дөө. Гэхдээ энэ нь манай зах зээлийн бүтээгдэхүүн биш зохиомол зүйл.

Хүчээр эхлүүлсэн тул тодорхой хэмжээний асуудал гарч үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн санхүүжилтийн эрүүл тогтолцоо үүсэж чадахгүй байгаа юм. Үүнийг засах гаргалгааг олох хэрэгтэй. Нөгөө талаас дараа жилийн төсвийн тухайд аж ахуйн нэгжүүдэд сайнаар нөлөөлөх гол зүйл нь татварын шинэ орчин. Энэ засгийн үед хийсэн эдийн засагт урт хугацаанд эерэг нөлөө үзүүлэх томоохон ажил гэж би хувьдаа үзэж байгаа.

Бид зөвхөн муулах, шүүмжлэх биш сайн зүйлийг нь эергээр хүлээн авч дэмжиж чаддаг байх хэрэгтэй. Тухайн татварын орчин нь ЖДҮ-ийг хөгжихөд томоохон нөлөө үзүүлнэ гэж хүлээж байна. Татварын харилцааг шинэ түвшинд гаргаж чадсан нь бизнесийн орчин соёлд эерэг нөлөөлөх боломжтой. Гагцхүү Засгийн газрын зүгээс хэрэгжилтэд, татварын албаны технологийн болон мэргэжилтний чадавхад онцгой анхаарах шаардлагатай.

-Төсөвтэй холбоод асуухад ирэх онд эдийн засаг гадаад дотоод талдаа ямар байх таамаг ажиглагдаж байна вэ. Эрсдэл болон боломжийн хувьд?

-Бидэнд эрсдэл их байна. Монгол Улсын эдийн засаг гадаад зах зээл, уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай. Гадаад зах зээл дээр дэлхийн эдийн засгийн өсөлтийн таамаглалыг бууруулж, томоохон эдийн засгууд үүнээс болгоомжлох арга хэмжээ авч байна.

БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч тэд үүний эсрэг ямар бодлого хэрэгжүүлэх нь бүрэн тодорхойгүй байна. Хаврын хурлаар томоохон шийдвэр гаргахыг үгүйсгэхгүй. Энэ бүгд нь бидний гол тулгуур болох эрдсийн салбарт сөрөг нөлөөлөх магадлалтай. Уул уурхайн салбартаа тогтсон бодлогогүй хэт улстөржиж байгаа нь бүр том асуудал.

-Төсөв, мөнгөний бодлогын уялдаа ер нь хэр байна. Анхаарах асуудал, олзуурхах тал гэвэл та юуг онцлох вэ?

-Төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах гэдэг асуудлыг харьцангуй ойлгох хэрэгтэй гэж боддог. Энэ нь урд урдаасаа харж сууж байгаад чи ингэ, би ингэе гээд байдаг зүйл хараахан биш. Гэхдээ макро эдийн засгийн гол бодлогууд болохын хувьд зорилго чиглэл давхцах, хэрэгжилт нөлөөллийн хүрээнд уялдаатай харагдах нь гарцаагүй. Би хувьдаа эдгээр нь тус тусдаа өөр өөрийн зорилгод чиглэсэн хослол байгаасай гэж хүсдэг.

Гэхдээ бодит байдал дээр манай төсвийн бодлого хэт замбараагүй, тэлэлтэй байгаагаас мөнгөний бодлого арга буюу түүнд хөтлөгдөж ирсэн гэж боддог. Тодруулбал мөнгөний бодлогод төсөв эдийн засгийн чиг үүргээ хэрэгжүүлэх орон зай олгохгүй байгаагаас илүү эрсдэлийг бууруулах чиглэлд ажиллаж байна. Төсөв бага тэлсэн үед мөнгийг тэлэх боломж бий болж байна.

-Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахын тулд яах ёстой вэ, ирэх жилийн хувьд ханшид нөлөөлөх эрсдэл болон боломж гэвэл…?

-Ерөнхийдөө төгрөгийн ханшийг тогтвортой байлгах үндсэн арга нь урт хугацаандаа эдийн засгийн нөхцөл байдлыг л сайжруулах юм. Эдийн засгийг тэлэх, иргэдийн амьжиргааг сайжруулах.

Харин богино хугацаанд бидний хийж чадах байсан зүйл нь төсвийн хумих бодлого, мөнгөний тэлэх бодлогоор эдийн засгийн дэмжихийг хичээх явдал байсан. Энэ нь хэрэгжих боломжгүй болсон. Нөгөө хувилбар нь гадаадын хөрөнгө оруулалт, томоохон төслүүдийг хөдөлгөх асуудал. Энэ ямар байгааг та мэдэж байгаа.

-Жил жилийн төсөв дээр парламент ажиллаж чаддаггүй, усыг нь шүүдэггүй гэх шүүмжлэл бий. Энэ жил ч парламент хэт сул ажилласан гэдэгтэй та санал нийлэх үү. Төсвийн хэлэлцүүлэг дээр парламентын чадавхыг сайжруулахын тулд яах ёстой гэж та бодож байна вэ?

-Ер нь төсөвт нөлөөлөх УИХ-ын, цаашилбал улс төрийн тодорхой нөлөөллийг бууруулах хэрэгтэй. Парламент төсөв дээр ажиллаж өөрчлөх ганцхан л зүйл бий. Энэ нь тухайн төсвийн Монгол Улсын язгуур эрх ашиг, хөгжлийн бодлогод нийцсэн эдийн засаг, нийгмийн эерэг нөлөөлөл авчирч чадах эсэх асуудал. Гэтэл УИХ дээр ийм маргаан мэтгэлцээн явагдаж байна уу гэвэл үгүй. Тэр их авсан, би бага авсан гэсэн л булаацалдаан явагддаг.

Одоо бүр УИХ-ын гишүүд төсөвт санал өгдөг, нөлөөлдөг албан бус тогтолцоо бий болсон. Тэрийгээ өөрсдөө албан мэтээр ярьж суудаг болсон. Парламентын чадавхыг сайжруулахын тулд парламентын гишүүн байх хэмжээний хүмүүсийг парламентад оруулах хэрэгтэй л дээ.