Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

TESLA анхны цахилгаан пикапаа танилцууллаа, үнэ $39,900 эхэлнэ

Дөнгөж сая Лос Анжелес хотноо Элөн Маск өөрсдөйн шинэ загварын пикап буюу Cybertruck-ыг танилцууллаа. Үнийн хувьд 39,900 доллараас эхэлж худалдаанд 2021 оноос гарна гэнэ.

Хэлбэрийн хийцийн хувьд аварга том метал трапец хэлбэртэй байгаа нь тун зоримог бөгөөд өвөрмөц бас хэн ч төсөөлж байгаагүй хэлбэр байв.

Тус загварыг танилцуулснаар компанийн хувьд 2003 оноос хойш 6 дахь уран бүтээл болж байгаа юм. Түүнийг АНУ-ын зах зээлд 40 жил ноёлсон Фордын Ф цуврал, Шевролетийн Силверадо загваруудтай өрсөлдүүлэх аж.

Өөр нэгэн онцлог гэвэл түүний шилийг алхаар цохисон ч хагарахгүй, кузовыг гар буугаар буудсан ч сум нэвтрэхгүй хийцтэй гэнэ.

Хүчин чадлын хувьд хямд загвар нь ганц цахилгаан мотортой. Бүтэн цэнэгээрээ 400 км зайг туулна. Харин арай үнэтэй нь хос цахилгаан мотор, бүх дугуйн хөтлөгчтэй. Үнийн хувьд $49,900 гэнэ. Харин туулах зай нь 800 км гэсэн онц ноцтой тоог хэлсэн юм.

ЭХ СУРВАЛЖ: cardoctor.mn


Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзлаа

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильеватай уулзалт хийлээ.

ОХУ-ын Гэгээрлийн сайд О.Ю.Васильева ОХУ-д орос хэлний багш бэлтгэх, тэднийг мэргэжил дээшлүүлэх, Монгол Улсад орос хэлний өндөр түвшний мэргэжилтнүүдийг илгээж ажиллуулах зэрэг Монголын талаас тавьсан саналуудыг ажил хэрэг болгож, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх талаар санал хэлэв.

Сайд Ё.Баатарбилэг ОХУ-ын Гэгээрлийн яам, сайдын зүгээс дэмжиж, хамтран ажиллаж буйд талархал илэрхийлээд ОХУ-ын сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын хөтөлбөрийн агуулгын шинэчлэл, хүүхэд багачуудад эх оронч үзэл, хүмүүжил, төлөвшил олгож байгаа болон багшийн хөдөлмөрийн үнэлэмж, нэр хүндийг хэрхэн хамгаалж, дээшлүүлэх тал дээр хийж, хэрэгжүүлж буй ажлуудаас сонирхож, дээрх чиглэлээр зарим талаар хамтран ажиллах санал тавилаа.

Орос хэлний багш нарын цогц хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын хүрээнд эцэслэн шийдвэрлэх чиглэлд хоёр тал хамтран ажиллахаар болоод байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар хамтран өнөөдөр Төрийн ордны их танхимд Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоонд шилжсэний 10 жилийн ой, улсын бүртгэлийн ажилтны 79 жилийн ойн хүрээнд “Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлгийг нээж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж, УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нар үг хэллээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандоржоос хэлэлцүүлгийн зорилгын талаар тодруулахад, “Хууль эрх зүйн орчин шинэчлэгдсэнтэй холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагаас төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ямар ажил хийсэн бэ, тэр дундаа иргэд рүү чиглэсэн, иргэдийн цаг хугацаа, эдийн засгийг хэмнэсэн, аюулгүй байдлыг хангасан ямар үйл ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл өгч, ажлаа тайлагнаж байна” гэлээ.

Тэрбээр мөн 2018 онд батлагдсан Улсын бүртгэлийн багц хуулийн гол үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа цахим болгох бодлогыг баримталж, энэ чиглэлээр хийсэн ажлын талаар ярилаа.

Тухайлбал, бүртгэлийн лавлагаа, үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор 2018 онд BURTGEL.MN системийг бий болгож, тус системээс өнөөдрийн байдлаар иргэд 23 төрлийн лавлагааг үнэ төлбөргүй авч байна. Мөн 2019 оны эхнээс иргэний үнэмлэхийг онлайн системээр захиалдаг болсон бөгөөд 1100 гаруй иргэн иргэний үнэмлэхээ онлайнаар захиалан авчээ.

Хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд тодорхой төрлийн мэдээллүүд буюу нэрийн болон хаягийн сангийн мэдээллийг нээлттэй болгожээ. Энэ хүрээнд Монгол Улсад байгаа 192 мянган аж ахуйн нэгжийн мэдээллийг нээлттэйгээр байршуулан иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл авах эрхийг хангасан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэг иргэнд Улсын бүртгэлийн, иргэний үнэмлэхний, жолооны үнэмлэхний, татвар төлөгчийн, нийгмийн даатгалын дэвтрийн гэхчлэн 10 орчим дугаар байдаг ч иргэд үүнийг тэр болгон мэддэггүй учир энэ асуудлыг цэгцэлж, хэрхэн нэг бүртгэл болгох вэ гэдгийг судалж үзсэний үндсэн дээр Улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг хэрэглээнд оруулах гэж байгаа юм байна.

“Бүртгэлийн нэг дугаар буюу 12 оронтой дугаарт тухайн иргэний бүх мэдээллийг нэгтгэн байршуулснаар жинхэнэ утгаараа “Нэг иргэн-Нэг бүртгэл” болно.

Энэ ажлыг эхлүүлэхээр холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах төслийг боловсруулан ажиллаж байна” гэж Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж ярилаа.

Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нэг иргэн-Нэг бүртгэл” хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан бөгөөд уг хөтөлбөрт бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлж, төрийн болон цахим бизнес, онлайн банкны үйлчилгээг жигд, тэгш авах нөхцөлийг бүрдүүлэх, төрийн ой санамж болох улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, өгөгдлийн бүрэн бүтэн, нэгдмэл, аюулгүй байдлыг хангаж нэг эх сурвалж бүхий мэдээлэл, нээлттэй өгөгдлийг бий болгох зэрэг зорилтуудыг тусгажээ.

“Нэг иргэн-Нэг бүртгэл” хэлэлцүүлэгт Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны ололт, амжилт, цаашдын зорилт”, Азийн хөгжлийн банкны Монгол дахь дэд захирал Деклан Магий “Нийгмийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох нь”, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Монгол Улс дахь олон зорилтот кадастр ба улсын бүртгэл”, Үндэсний дата төв УТҮГ-ын захирал М.Баттулга “Төрийн цахим шилжилтийн суурь систем”, Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Л.Мөнбат “Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа-Invest in Mongolia center” сэдвээр илтгэл тавилаа.

Үргэлжлүүлэн хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, асуултад холбогдох албан тушаалтнууд хариулт өгөв.

Хэлэлцүүлгийн үеэр улсын бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааны талаар гэрэл зургийн үзэсгэлэн гарч, улсын бүртгэлийн зарим үйлчилгээг иргэдэд үзүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арваннэгдүгээр сарын хоёрдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна. Мөн мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

-Цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх,

-Бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх,

-Аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх асуудлыг зөвшилцөв

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцуулав.

Монгол,Оросынхувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгт Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулан олгосон МОН-П1, МОН-П2 хөнгөлөлттэй зээлтэй холбоотой төлбөрийн үлдэгдлийн хэмжээгээр тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг өсгөх тухай асуудлыг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ирүүлжээ.

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг нь Монгол Улсын ачаа эргэлтийн 69.4 хувь, зорчигч эргэлтийн 21.7 хувийг дангаар гүйцэтгэж, 15.8 мянган хүнийг ажлын байраар хангадаг. Гэвч Сүхбаатараас Замын-Үүд чиглэлийн Улаанбаатар төмөр замын суурь бүтэц 25 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай гэж тооцоологдсон ч 2018 оны гүйцэтгэлээр 25.8 сая тн ачаа тээвэрлээд байгаа нь өсөн нэмэгдэж буй тээврийн эрэлт хэрэгцээг хангаж чадахгүй байдалд хүрчээ. Мөн төмөр замын үндсэн бааз суурь болсон зүтгүүр, ачааны болон зорчигчийн вагон зэрэг хөдлөх бүрэлдэхүүн, замын техникийн өнөөгийн байдал насжилт өндөр, элэгдэл ихтэй, ашиглалтын хугацаа дуусаж байгаа аж. Тухайлахад, зүтгүүрийн ашиглалтын хугацаа 25, ачааны вагоны ашиглалтын дундаж хугацаа 33 жил байдаг агаад одоогоор Улаанбаатар төмөр замын нийт 127 зүтгүүрийн 47.2 хувь, нийт 3326 ачааны вагоны 51.7 хувийнх нь ашиглалтын хугацаа хэтэрсэн байна.

Иймээс Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг харгалзан төмөр замын тээврийн аюулгүй байдлыг хангах, үйл ажиллагааг нь тасралтгүй хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг тус нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэнийг Барилга, хот байгуулалтын сайд илтгэлдээ дурдав.

Энэ үндсэн дээр Японы Олон улсын хамтын ажиллагааны банкнаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн үлдэгдлийн хэмжээ буюу 128.8 тэрбум төгрөгөөр “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр уг төслийг боловсруулжээ.

Дараа нь энэ асуудлыг зөвшилцөхийг хэлэлцэж дэмжсэн талаарх Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь уг асуудлыг зөвшилцөхийг дэмжиж гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Албан тушаалтан хэрэглээ, зарлагаа ч мэдүүлэх шаардлагатай

Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгуулж байна.

Уг арга хэмжээний үеэр албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, хөрөнгийг бүртгэхээс гадна зарлагын асуудлыг хэрхэн тусгах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогыг хэрхэн бүртгэж, хянадаг, манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдүүлгийн маягтыг улам боловсронгуй болгохоор саналаа гаргаж нэгтгэнэ.

Авлигын эсрэг хууль тогтоомжид зааснаар нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Авлигатай тэмцэх газраас албан тушаалтнууд нь тухайн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу олсон эсэх, хөрөнгийн эх үүсвэрийг нягтлан үзэхээс гадна өөрийн болон гэр бүлийн гишүүний өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгийн орлогын эх үүсвэрийг нягтлах замаар нуугдмал эд хөрөнгө, хууль бус орлогыг илрүүлэхэд анхааран ажиллаж байгаа боловч хянан шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд зарим томоохон хүндрэл, бэрхшээл учирсаар байна.

Тухайлбал, ХОМ-ийн хяналт шалгалтын хүрээнд албан тушаалтан, түүний хамаарал бүхий этгээдүүдийн банкны данс, гүйлгээтэй холбоотой мэдээллийг гаргуулан авах боломжийг хуульчлан тогтоогоогүй нь албан тушаалтны үндэслэлгүйгээр хөрөнгөжих зөрчил, нуугдмал хөрөнгийг илрүүлэх ажиллагаанд томоохон бэрхшээл учруулж байгаа ба тухайн албан тушаалтны өөрийн гаргаж өгч буй мэдээллээр хязгаарлагдах, хяналт шалгалтын үйл ажиллагаанд шаардлагатай нотолгоог бүрэн цуглуулах, хугацаа алдах зэргээр хяналт шалгалтын үйл ажиллагаанд хүндрэл учирч байна.

Өмнө нь зөвхөн төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг олон нийтэд мэдээлдэг байсан бол мэдүүлгийн цахим системийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотойгоор 2018 онд нийт 35700, 2019 онд нийт 36800 орчим мэдүүлэг гаргагчийн ХОМ-ийн хураангуйг АТГ-ын цахим мэдээллийн сүлжээнд байршуулсан. Мэдүүлгийг нээлттэй, ил тод байршуулж иргэдийн хяналтад ийнхүү өгч байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал үйл ажиллагаа юм. Нөгөө талаас ХОМ гаргах нь нийтийн албан тушаалтны шударга ажиллаж байгаа гэдгээ олон нийтэд нээлттэй харуулах баталгаа нь болдог билээ.

Categories
мэдээ нийгэм

Баянзүрх, Баянгол дүүрэгт нэмж дөрвөн хороо байгуулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус наймдугаар хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар хороодын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэв. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан танилцуулгыг хийсэн юм. Баянгол дүүрэг 23 хороотойгоос 1, 4 дүгээр хороог хувааж хоёр шинэ хороо байгуулахаар санал оруулсан байна. Баянзүрх дүүргийн хувьд 5, 8 дугаар хороог хувааж шинэчлэн байгуулснаар нийт 30 хороотой болгохоор санал оруулжээ. Уг саналыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн дэмжиж, нийслэл хот 173 хороотой боллоо.

Хороодыг нэмж байгуулахтай холбогдуулан зарим төлөөлөгчдөөс санал, асуулт тавив.

ИТХ-ын Төлөөлөгч Ё.Цацралтуяа “Хороодуудын ачаалал их болсон. Хувааж буй хороодын тоо бага байна, цаашид нэмэх боломж бий юу” гэх асуултанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Дүүргүүдээс ч мөн хороодыг хуваах саналууд ирсээр байгаа. Бид энэ талаар судлан үзэж хүн амын нягтрал их дээрхи 4 хороог нэн тэргүүнд хуваахаар шийдвэрлэсэн” гэв.

НИХТ-аас төрийн үйлчилгээг шуурхай хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор өрх, хүн амын тоо, газар нутгийн хэмжээг харгалзан Баянгол, Баянзүрх дүүрэгт шинээр байгуулах хороодыг хавсралтаар батлан, хороодыг шинээр байгуулах, зохион байгуулалтын өөрчлөлт хийхэд шаардагдах зардлыг 2020 оны төсөвт тусгуулан, хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын С.Амарсайханд үүрэг болгов.
Categories
мэдээ улс-төр

Н.Цэрэнбат: Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 14 хувиар бууруулах зорилтоо ахиулан 22.7 болголоо

Дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод буй уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах замаар дэлхийн дулаарлыг цельсийн 2 хэм, цаашлаад 1.5 хэмд хязгаарлах зорилт бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрт 200 гаруй улс нэгдэж, эдийн засгийн үйл ажиллагаанаас улбаатай хүлэмжийн хийн хэт ялгарлыг бууруулах чиглэлээр тодорхой үүрэг хүлээж байна.

Монгол Улс Парисын хэлэлцээрийг 2016 онд соёрхон баталсан.

Тус хэлэлцээр нь 2020 оноос нэгдсэн байдлаар хэрэгжиж эхлэхтэй холбогдуулж гишүүн орон бүр дэлхийн хүлэмжийн хийг бууруулахад өөрсдийн оруулах хувь нэмрээ тодорхойлж, тогтмол тайлагнаж, хүлэмжийн хийг бууруулах зорилтоо ахиулах шинэ тогтолцоонд шилжиж байгаа юм.

Иймд, Монгол Улсын Засгийн газар 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдөр төр, Монгол Улсад суугаа гадны элч, төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарын 300 гаруй төлөөллийг оролцуулсан “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний зорилт, арга хэмжээ чуулган”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад Монгол Улсын шинээр тодорхойлсон хувь нэмрийг олон нийтэд таниулан, сурталчлах бөгөөд үндэсний энэхүү шинэ хөгжлийн чиг хандлагад гадаад, дотоодын бүхий л талуудыг хүчин чармайлтаа нэгтгэн, бодит үр дүнтэй хамтран ажиллахыг уриалж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх боломжийг бүрдүүлэх юм.БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Нийт эдийн засгийн 80 гаруй хувь уур амьсгалаас шууд хамааралтай манай улсын хувьд конвенц болон хэлэлцээрийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр олон талын дэмжлэг авч, идэвхтэй хамтран ажиллах нь улс орны эдийн засаг, ирээдүйн аюулгүй байдалд нэн чухал ач холбогдолтой.

Мөн бид конвенц болон Парисын хэлэлцээрийн гишүүн улсын хувьд уг зорилтоо тодорхойлж хүргүүлэх үүрэг хүлээсэн юм.

Энэ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/91 дүгээр тоот тушаалаар салбар дундын ажлын хэсгийг байгуулж, олон улсын шинжээч, үндэсний зөвлөхүүдтэй хамтран эдийн засгийн голлох салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, барилга, зам тээвэр, аж үйлдвэр, хог хаягдлын салбаруудын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга хэмжээнүүдийг тооцоолж, “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилт”-ыг тодорхойлоод байна.

Үүний үр дүнд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд ямар ч арга хэмжээ авахгүй байх түвшинтэй харьцуулахад 14% бууруулахаар 2015 онд тодорхойлсон өмнөх зорилтыг ахиулан 22.7% болгосныг дуулгахад таатай байна” хэмээсэн юм.

Уг хурлаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг баталж, Конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газарт хүргүүлэх тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Үүнд Монгол Улс эдийн засгийн тэргүүлэгч салбарууд болох эрчим хүч, хөдөө аж ахуй, зам тээвэр, барилга, аж үйлдвэр, хог хаягдлын чиглэлээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт, арга хэмжээнүүдийг тодорхойлов.

Хөгжлийн чиг хандлагыг тогтвортой, ногоон болгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх дээрх шинэ тогтолцоог үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхэд олон талын хамтын ажиллагаа, дэмжлэг нэн чухал.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Төрийн дээд цол, одон медаль гардууллаа

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр Төрийн ордонд Төрийн дээд цол, одон медаль гардууллаа.

Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол:

Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн ардыг эрүүл, цэвэр хүнсээр хангах үйлсэд онцгой гавьяа байгуулж, залуу хойч үедээ хөдөлмөрч хичээнгүй чанарын үлгэр дуурайлал үзүүлж буй Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их Шинэстэй” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Сандагийн Ганболдод Монгол Улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж, Хөдөлмөрийн баатрын алтан соёмбо, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Мөн Атар газар эзэмшсэний 60 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон хүнс хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан дараах нэр бүхий хүмүүст Монгол Улсын гавьяат цол хүртээв.

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан:

  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ахмад ажилтан Жамцийн Дашдаваа,

Гавьяат агрономич:

  • Хэнтий аймгийн Биндэр сумын “Амжилт” ХХК-ийн захирал Цэнджавын Аюурзана,
  • Увс аймгийн Баруунтуруун сумын Сангийн аж ахуйн ахмад ажилтан Сидийн Даваалхүмбэ,
  • Орхон аймгийн Улаантолгойн сангийн аж ахуйн ахмад ажилтан Ойдовын Дүгэрсүрэн,
  • Монголын тариаланчдын үндэсний хорооны Өвөрхангай аймгийн салбарын тэргүүн Дашзэвэгийн Лхагвабуд,
  • “Дэвшил трейд” ХХК-ийн ерөнхий захирал Дамдинсүрэнгийн Мөнхбаатар,
  • Сэлэнгэ аймгийн “Бүрэнтал” ХХК-ийн захирал Чойндонгийн Нямжав,
  • Сэлэнгэ аймгийн Бооцын тариа ХХК-ийн зөвлөх Сайнхүүгийн Санжсүрэн,
  • Завхан аймгийн Улиастай сумын ахмад тариаланч Галсанжамцын Цэрэн,

Гавьяат механикжуулагч цол:

  • Сэлэнгэ аймгийн Зүүнхараагийн сангийн аж ахуйн ахмад ажилтан Сампилийн Сүхбаатар,
  • “Гурван борхууд” ХХК-ийн трактор комбайнч Чилхаажавын Хүрэлтөмөр,
  • Хэнтий аймгийн “Идэр-Онон” ХХК-ийн захирал Магваны Оюунжаргал нарыг,

Соёлын гавьяат зүтгэлтэн цол:

  • Монголын радиогийн сэтгүүлч Лханаагийн Мөнхтөр,

Хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цол:

  • Төв аймгийн Атарын сангийн аж ахуйн ахмад ажилтан Сүрэнжавын Тамжид нарыг шагналаа.

Мөн эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын дараах хүмүүст Төрийн одон медаль гардууллаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон:

  • Өвөрхангай аймгийн Хөдөө аж ахуйн газрын агрономич Юнгрэнгийн Батцэнгэл,
  • Булган аймгийн Засаг даргын орлогч Отгоны Гантулга,
  • Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Ургамал, хорио цээрийн газрын улсын байцаагч Шаравын Тунгалаг,
  • Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын ахмад тариаланч Сандагийн Түмэнбаяр,

Алтан гадас одон:

  • “ЖС Агро” компанийн гүйцэтгэх захирал Магсарын Бадрах,
  • Төв аймгийн Жаргалант сумын “Хонгор буудай” компанийн захирал Гэндэндарамын Болормаа,
  • “Урт ус” ХХК-ийн агрономич Очирбатын Рэнцэнханд,
  • Булган аймгийн Баян-Агт сумын “Актив-Агро” компанийн комбайнч Бямбасүрэнгийн Сандагдорж,
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Өгөөж мандал уул” компанийн трактор комбайнч Галбадрахын Энхбаяр,

Хөдөлмөрийн хүндэт медаль:

  • Сэлэнгэ аймгийн “Газар агро” компанийн трактор комбайнч Жоохүүгийн Энхтүвшин нарыг тус тус шагналаа.
ШАГНАЛ ГАРДУУЛСНЫ ДАРАА МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА БАЯР ХҮРГЭЖ:

“Тариаланчид аа

Манлайлагчид аа

Атрыг далайцтайгаар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлснээс хойших 60 жилийн хугацаанд Монгол Улсын төрөөс 1959, 1976, 2008 онуудад Атрын гурван удаагийн аяныг зарлан хэрэгжүүлж байлаа.

Жаран жилийн хугацаанд 1.2 сая га атар газрыг тариалангийн эргэлтэд оруулж, 64 сангийн аж ахуй, тэжээлийн аж ахуй, 13 гурилын үйлдвэр байгуулагдаж, монголчууд өөрсдийн тарьж ургуулсан буудай, төмсөөр ард иргэдийнхээ хэрэгцээг хангах хэмжээнд хүрсэн.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хүнсний хангамж найдвартай, хангалттай, эрүүл, аюулгүй байхыг чухалчлан үздэг. Улс орны хүнсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийг дотоодын хүнсний бүтээгдэхүүнээр хангахад тариаланчдын үүрэг маш чухал билээ. Өнөөдөр газар тариалангийн салбарт үр тарианы чиглэлээр 1200, төмс, хүнсний ногооны чиглэлээр 370 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж, ард иргэдийн хүнсний хэрэгцээг хангах үйлсэд 60 мянган тариаланч, ногоочид зүтгэж, нийт 35 мянган өрх төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн тариалан эрхэлж байна.

Атрын аянуудад идэвх зүтгэлтэйгээр оролцож, тариалангийн ажилд хүч хөдөлмөр, залуу насны эрч хүчээ зориулан, ачааны хүндийг үүрч ирсэн манлайлагчдыг түүхт 60 жилийн ойн баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон медалиар шагнаж байна.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор Сандагийн Ганболдыг шагнаж байна. С.Ганболд 1974 онд Ерөөгийн сангийн аж ахуйд тракторч, комбайнчаар ажиллаж эхэлсэн цагаасаа өнөөг хүртэл газар тариалангийн салбарт тасралтгүй 45 жил зүтгэж яваа юм. 1983, 1985, 1986, 1987, 1988, 1990 онуудад БНМАУ-ын Ургацын аваргаар шалгарч байсан. Таны Монгол Улсад газар тариаланг хөгжүүлэх, хүн амыг дотоодын эрүүл бүтээгдэхүүнээр хангах, улс орон, орон нутгийн эдийн засаг, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд оруулсан хувь нэмэрт Монголын ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье.

1970 оноос моторчноор ажлын гараагаа эхлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл тракторч, комбайнчаар олон жил үр бүтээлтэй ажиллаж, нутаг орондоо газар тариаланг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулж байгаа Чалхаажавын Хүрэлтөмөрийг Монгол Улсын Гавьяат механикжуулагч цолоор шагналаа.

1964 оноос хойш тасралтгүй 56 жил тариалангийн салбарт ажиллаж байгаа, Завхан аймгийн харьяат, ахмад буурал Галсанжамцын Цэрэн гуайг Монгол Улсын Гавьяат агрономич цолоор шагнаж байна. Г.Цэрэн гуай Завханы улаан хальст саримс гэх нутгийн өвөрмөц сортыг үржүүлж, үрийг нөөцийг нэмэгдүүлэн, хүнсний эрүүл мэндийн брэнд бүтээгдэхүүн бий болгож, тариалах талбайг өргөжүүлснээс гадна төмс, манжингийн нутагшсан сортуудыг гаргаж авах, тариалах зөвлөмжийг боловсруулсан зэрэг тариалангийн салбарыг хөгжүүлэхэд үр бүтээл, идэвх санаачилгатай нэгэн жарныг зориулжээ.

Монголын Үндэсний Радиогийн редактор, сэтгүүлч Лханаагийн Мөнхтөрд Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олголоо. Л.Мөнхтөр 1978 оноос хөдөлмөрийн гараагаа эхэлсэн. 1992 оноос Монголын радиод сурвалжлагч, сэтгүүлч редактораар ажиллах хугацаандаа “Ургацын далай” хэмээх уламжлалт, газар тариалангийн мэдээ мэдээллийн нэвтрүүлэгт ажиллаж ирсэн. Мөн монгол адууны талаар судалгааны ажил олныг хэвлүүлсэн соёлын зүтгэлтэн юм. Газар тариалангийн талаарх “Ургадаг алт” хэмээх цувралыг 8 удаа хэвлүүлжээ. Тариаланчдын амжилт үйлсийг сурталчлах, тариаланд тулгарч байгаа асуудлуудыг олон нийт, шийдвэр гаргагчдад хүргэхэд онцгой нөлөөлөл үзүүлж байсан сэтгүүлч мөн.

Шагнал хүртсэн манлайлагчид, гавшгайчид Та бүхэнд болон нийт тариаланчид, тариалангийн салбарын ажилтан, ажилчдад Атар газар эзэмшиж, газар тариаланг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хөгжүүлж эхэлсний түүхт 60 жилийн ойн баярын мэндийг ахин дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор идээ ургац арвин байж, зон олон эрүүл саруул аж төрөх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг тус тус томиллоо

Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг тус тус томиллоо

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.11.22) хуралдаан 12 цаг 02 минутад 56.0 хувийн ирцтэйгээр эхэлж, Монголбанкны ерөнхийлөгчийг томилох тухай асуудлыг хэлэлцэн, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулга хийлээ.

Төрийн албаны тухай хуулийн үзэл баримтлал, Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1 дэх заалтыг үндэслэн нэр дэвшигчийг сонгохдоо шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж буй төрийн албан хаагчдаас сонгохоор хуульчилсан. Энэ дагуу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын шатлан дэвших зарчим, нэр дэвшигчийн эдийн засаг санхүүгийн мэдлэг, ажлын туршлагыг харгалзан үзэж Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилуулахаар саналаа Улсын Их Хурлын дарга танилцуулсан.

Б.Лхагвасүрэн нь 1965 онд Улаанбаатар хотод төрсөн. 1973-1983 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1985-1989 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төлөвлөгч эдийн засагч мэргэжлээр төгссөн байна. 1998-1999 онд АНУ-ын Колумбын Их Сургуульд олон улсын харилцааны эдийн засгийн мастер цол хамгаалжээ. 1989-1994 онд Улсын төлөвлөгөөний комисст ШУА-ийн харъяа Эдийн засгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1994-1997 онд Монголбанкны Мөнгө, зээлийн бодлогын газарт эдийн засагч, ахлах эдийн засагч, 1997-1998 онд Монголбанкинд Хяналт шалгалтын газрын захирал, 1999-2000 онд Дэлхийн банкны Вашингтон дахь төвд Зүүн хойд Ази, Номхон далайн орнуудын санхүүгийн секторын хэсэгт зөвлөх, 2000-2001 онд Монголбанкны ерөнхийлөгчийн туслах, 2001-2007 ондМонголбанкны Бүртгэл, тооцоо, мэдээллийн технологийн газрын захирал, 2007-2009 онд Монголбанкны Сургалтын төвийн захирал, 2013-2016 Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирал, 2001-2014 онд Үнэт цаасны хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны гишүүн, 2016 оноос Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа банкны салбарын мэргэшсэн мэргэжилтэн гэдгийг танилцууллаа.

Эдийн засгийн байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Байнгын хорооны санал дүгнэлт, Улсын Их Хурлын даргын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Х.Баделхан, С.Чинзориг, Д.Оюунхорол, Ч.Хүрэлбаатар нар асуулт асууж, нэр дэвшигчээс хариулт авч, Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой саналаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 42 гишүүний 32 нь буюу 76.2 хувь нь Бядрангийн Лхагвасүрэнг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилохыг дэмжлээ. Уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь дагаж мөрдөнө.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг нөхөн томилох тухай асуудлыг хэлэлцэн, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцуулав.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар 27.1.1-т заасны дагуу төрийн жинхэнэ албаны шатлан дэвших зарчмыг үндэслэн эдийн засгийн мэдлэг, туршлагыг харгалзан үзэж Санхүүгийн зохицуулах хорооны даргад Дэмбэрэлдашийн Баярсайханыг нэр дэвшүүлж буйгаа танилцууллаа. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд тус хорооны даргыг Улсын Их Хурлын дарга нэр дэвшүүлж, Улсын Их Хурал томилно хэмээн заасан байдаг. Хорооны даргад тавигдах шаардлагыг дээрх хуульд тодорхой тусгасан байдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэн хэлсэн. Төрийн албаны тухай хуулинд Санхүүгийн зохицуулах хорооны дарга нь төрийн тусгай албан тушаалтан байхаар заасан бөгөөд төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу тухайн төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас нэн тэргүүнд сонгох зарчмыг баримтлахаар хуульчилсан байдаг. Холбогдох хууль тогтоомжийн хүрээнд Улсын Их Хурлын даргын зүгээс шатлан дэвших зарчмыг баримтлан Санхүүгийн зохицуулах хорооны дэд даргаар ажиллаж буй Д.Баярсайханыг хорооны даргаар томилуулах саналаа танилцуулж байна гэв.

Нэр дэвшигч 1975 онд төрсөн. Санхүү, эдийн засагч мэргэжилтэй. Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийн Санхүү менежмент эдийн засгийн бакалаврыг 1997 онд, АНУ-ын Индианагийн Их Сургуулийн Төрийн санхүүгийн удирдлагын магистрыг 2004 онд тус тус дүүргэсэн байна. Түүнчлэн АНУ,ХБНГУ, БНИУ, Люксембургийн Их Гүнт Улсад мэргэжил дээшлүүлжээ. Д.Баярсайхан нь 1997 онд Сангийн яамны мэргэжилтэн, 1998-2002 онд “Түмэн Аюуш” ХХК-д захирал, 2006-2012 онд Дэлхийн банкны “Тогтвортой Амьжиргаа” төслийн зохицуулагч, 2012-2016 онд Бичил санхүүгийн хөгжлийн сангийн гүйцэтгэх захирал, 2016 оноос Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүн бөгөөд дэд даргаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулсан бөгөөд тус Байнгын хороо энэ асуудлыг өнөөдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн юм.

Улсын Их Хурлын даргын танилцуулга, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, З.Нарантуяа, Д.Оюунхорол нар нэр дэвшигчээс асуулт асууж, Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаатай холбоотой саналуудаа хэлэв. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүний 46 гишүүний 35 нь буюу 76.1 хувийн саналаар Дэмбэрэлдашийн Баярсайханыг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилох тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдав. Иймд Улсын Их Хурлын дарга дээрх тогтоолыг уншиж, эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Дараа нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Төслийг хэлэлцсэн талаарх Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11. 47.5.12, 47.5.13 дахь заалтууд хүчингүй болсон тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжтой нийцүүлж Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан. Эдийн засгийн байнгын хороо хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаараа хийж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын даргаас уг төслүүдийг Төсвийн байнгын хороотой хамтран хэлэлцэж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах чиглэл өгсөн болохыг Б.Баттөмөр гишүүн танилцуулсан. Энэ дагуу Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хамтарсан хуралдаан хийж, хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийжээ. Хуралдаанаар хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн “ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон ашигт малтмал дамжуулан борлуулсан этгээд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан тухай бүр татварын хууль тогтоомжид заасан төлбөрийн баримт үйлдэх, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авсан төлбөр төлөгч нь худалдан авсан ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг суутган авах бөгөөд хуулийн дагуу тайлагнаж, төсөвт төлөх” гэсэн саналуудыг нэмж тусгах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна. Эдгээр зохицуулалтыг төсөлд нэмж тусгаснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим хангагдах бөгөөд борлуулалтын шатанд үйлдэх баримт, өмнөх шатанд ногдуулсан болон суутгуулсан төлбөрийн дүнг хасаж ногдуулах, улмаар тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй этгээдээс ашигт малтмал худалдан авахад төлбөр төлөгч суутгах, төлөх, тайлагнах үүргийг тодорхой болгох юм байна.

Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн юм. Ингээд санал хураалт явуулахад Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлахыг хуралдаанд оролцсон 43 гишүүний 27 буюу 62.8 хувь нь дэмжсэн. Мөн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 42 гишүүний 26 буюу 61.9 хувь дэмжив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.