Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Өлзийбаатар: Хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар бид тусгаар улс гэдгээ олон улсад мэдэгдсэн


Монгол Улсын Төрийн шагналт, түүхч, доктор Д.Өлзийбаатартай ярилцлаа.


-Монголчууд бид жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд анхны Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах улсаа тунхагласан түүхт өдрөө тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ түүхт өдрийн тухай та эргэн сануулаач?

-1921-1924 оны хооронд өрнөсөн засаглалын хэлбэр, төрийн байгуулалтын талаарх үзэл бодлын зөрөлдөөн тэмцлийн үр дүн, үр дагаврын шийдэл нь болж БНМАУ-ын анхдугаар Үндсэн хууль мэндэлсэн билээ.

Тухайн үед нийгмийн дэвшил, хөгжлийн хэрэгцээ шаардлагыг Ардын хурлын хэлбэртэй Бүгд найрамдах байгуулал тогтоож, түүнд нийцсэн Үндсэн хуулийг батлах явдал хэмээн ойлгож байсан чиг шугам ялсан юм.

Өөрөөр хэлбэл, Монгол оронд 1921 онд өрнөсөн хувьсгалт үйл явц эхнээсээ ядуу, дунд давхаргын эрх ашгийг хамгаалж, хуучны ноёлох хэсгийн эрх мэдлийг халах зорилго шинжийг хадгалж явсны учир анхдугаар Үндсэн хуулийн агуулга, үзэл санаа нь “зөвлөлтжүүлэх” бодлогын хүрээ, нөлөөнд амархан автаж, нийгмийн тодорхой бүлгийн сонгох сонгогдох эрх, өмч хөрөнгөтэй байх эрхэд халдсан хатуу ширүүн заалт орж улмаар нийгмийг үл эвлэрэх анги бүлэгт хуваан талцуулах хууль эрх үндэс болж өгсөн юм.

Энэ бол сөрөг тал нь. Гэхдээ Монголд анх удаа ард түмний эрх, үүргийн тунхаглал болсон Үндсэн хуультай болж, ардын Бүгд найрамдах хэмээх Үндсэн хуулийн засаглал тогтон Хаант ёс халагдаж, бүхэлдээ тэгш эрхт гишүүдээс бүрдэх учиртай нийгмийн шинэ байгууллын үндэс суурь тавигдсан нь дэвшилтэт үйл явц байсан юм.

-Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулах ажлын хэсгийг хөрөнгөтөн орнуудын Үндсэн хуулийг хуулах нь гэсэн үндэслэлээр татан буулгасан гэдэг бил үү?

-Үндсэн хууль бол эрх баригчид нь хэрхэн засаглах, ард иргэд нь түүнд хэрхэн оролцох харилцааг зохицуулсан эрх зүйн баримт бичиг шүү дээ. Нэг үгээр бол төр, иргэн хоёрын гэрээ. Энэ ойлголтыг монголчууд сайн мэдэж байсан.

Ер нь бол хэмжээгүй эрхт хааны эрх мэдлийг хязгаарлаж төр барих үйл ажиллагаанд бусад этгээдийг оролцох оролцоог нэмэгдүүлэх явдал л аливаа улсын Үндсэн хуулийн гол агуулга нь болж үүссэн гэдгийг бид мэднэ.

Монголчууд XX зууны эхэн үеэс л нийгмийг шинэчлэх үзэл санааны тухай олонтой ярьж бичиж байсан. Үүний практик илрэл нь Богд Хаант Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн санаачилга оролцоотойгоор Улсын Дээд, Доод гэдэг хурлын хоёр танхимыг Оросын дум болон Английн парламентын зарчмаар байгуулсан явдал шүү дээ.

Ардын хувьсгалын дараа Ардын Засгийн Ерөнхий сайд Д.Бодоогийн санаачилгаар 1921 оны аравдугаар сард Ардын эрхт хэмжээт цаазат засгийг байгуулсны учир “дагаж шийтгүүлэх үндсэн хуулийг зохион тогтоож нийтээр журамлан дагаж явах” санал дэвшүүлж, удалгүй “Тангаргийн гэрээ” гэдэг баримт бичгийг Ардын Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн баталсан бөгөөд уг баримт бичгийг “Монгол Ардын Засгийн газраас хэмжээт засагт улсуудын үндсэн хуулийн гол утгыг баримтлан тогтоосон дүрэм хэмжээ хэмээн тодорхойлсон юм. Энд “гэрээ” гэснийг анзаарч байгаа биз.

Эндээс үүдээд Үндсэн хууль засаглалын тухай монголчууд ямар ойлголттой байв. Хэдий үеэс монголчууд өөрийн оронд байж болох тохиромжтой засаглал, төрийн байгууламжийн тухай санаа бодлоо илэрхийлж байсан бэ, юуны учир гадны нөлөөт Үндсэн хуультай болсон юм бэ гэдэг асуудал урган гарна.

Ер нь 1921-1924 оны хоорондох Монголын улс төрийн дотоодод өрнөсөн нөхцөл байдлыг ажвал засаглалын хэлбэр, төрийн байгууламжийн талаарх үзэл хандлага, чиг шугамын зөрөлдөөн голлож байсан мэт харагддаг.

Хувьсгалын дараах үеэс төрийн байгууламж, засаглалын хэлбэрийн талаар Үндсэн хуульт Хаант засаг, парламентын засаглалт БНУ, Ардын төлөөлөгчдийн хэлбэртэй Зөвлөлт маягийн БНУ гэсэн гурван өөр үндсэн үзэл бодол бий болж, түүнийг тойрсон маргаан мэтгэлцээн, талцал зөрөлдөөн өрнөсөн гэж үзэж болох юм, Одоо ч бид засаглалын хэлбэрийн талаар маргалдаад л байгаа биз дээ.

Энэ ч үүднээс монголчууд өөрийн чинь хэлснээр олон орны Үндсэн хуулийг орчуулж судалсан. 1922 оны тавдугаар сард Үндсэн хуулийн төсөл боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны сайд Магсаржав хурц, Судар бичгийн хүрээлэнгийн эрдэмтэн түшмэл Ж.Цэвээн, Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд удалгүй тэдний боловсруулан буй төслийг хөрөнгөтний Бүгд Найрамдах Улсын Үндсэн хуулийн жишээн дээр зохиогдож байна хэмээн буруушааж комиссыг татан буулгаж, уг дүрмийг Засгийн газрын Хууль цааз эмхлэх хэлтэст хариуцуулсан байна.

Үүний дараа 1924 оны тавдугаар сард ЗХУ-ын хууль цаазны мэргэжилтэн П. В.Всесвятскийг урин ирүүлж хууль боловсруулахад оролцуулснаар-ажлын явц хурдсаж Зөвлөлтийн Үндсэн хуулийн хувьсгалт үзэл санаа Үндсэн хуулийн заалтуудад гүнзгий туссан даа.

Улсын анхдугаар их хурал ЗХУ-ын 1918 оны Үндсэн хуулийг загвар болгосон хуулийн төслийг 1924 оны арваннэгдүгээр сарын 25-26-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж баталсан.

-Анхдугаар Үндсэн хууль хэчнээн зүйл, заалт, ямархуу цар хүрээтэйгээр батлагдаж байсан бэ?

-Анхны Үндсэн xyyль зургаан бүлэг 50 зүйлтэй. Да жунтан гэдэг ерөнхий даргыг сонгохгүй улсын бүх дээд эрхийг УИХ-д мөн хурлаар сонгогдсон Засгийн газар хадгална гэсэн заалтыг тодотгоё л доо. Да жунтан гэж Ерөнхийлөгчийг хэлж байна л даа.

Энэ үеэс монголчууд төрийн тэргүүнгүй, Засгийн удирдлага эрх баригч нэг намын бодлого шийдвэрийн дор үйл ажиллагаа явуулдаг болсон юм. Нам бол хамтын удирдлагын байгууллага шүү дээ. Зүүнтний алдаа нугалаатай үйл ажиллагааны дараа МАХН-ын нэр хүнд буурч Засгийн тэргүүний үүрэг нөлөө нэмэгдсэн. П.Гэндэн, А.Амар, Х.Чойбалсан зэрэг Ерөнхий сайдуудын нэр түүхэнд тод үлдсэний учир үүнд оршдог.

Намын үүрэг хоёрдугаар эгнээд орсон гэсэн үг. Ю.Цэдэнбал даргын үед 1950-иад оны сүүл үеэс МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн үүрэг нөлөө өсөж 1960 оны гуравдугаар Үндсэн хуульд төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол МАХН мөн гэж хуульчилсан шүүдээ.

Дараа нь Ю.Цэдэнбал дарга АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга болсноор нэг хүний гарт эрх мэдэл төвлөрсөн. Монголчуудын нэг онцлог бий, тодорхой удирдлага, манлайлагчийг дагаж нэгддэг. Манлайлагчийн хүч нөлөө нь сулрахаар бутарч салдаг, хагарч талцдаг.

Анхдугаар Үндсэн хуулинд Да жунтангүй гэж онцлон заасан, дараа нь Богдын хойд дүрийг тодруулахыг хориглосон нь Монголын нэгдлийг л сулруулах гэсэн харийн бодлого юм.

-Хөрш орнууд энэхүү үйл явдалд ямар байр суурьтай хандаж байсан бол?

-Мэдээж хэрэг урд хөрш эсэргүүцсэн. Монголчууд Үндсэн хуулиа яаравчлан баталсны цаана нэг учир бий.

Энэ нь Хятад, ЗХУ-ын хооронд Монголын талын олон удаагийн хүсэлт шаардлагыг үл хэрэгсэж, 1924 оны тавдугаар сарын 31-нд байгуулсан ЗСБНХУ, Бүгд Найрамдах Хятад улсын хоорондын асуудлыг зохицуулах ерөнхий зарчмын тухай хэлэлцээрийн тавдугаар зүйлд, ЗСБНХУ нь Гадаад Монголыг Бүгд Найрамдах Хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэж хүлээн зөвшөөрч Хятадын бүрэн эрхийг хүндэтгэнэ гэж заасан юм.

Үүнийг эсэргүүцэн манай зүгээс хийсэн улс төрийн нэг акц бол Үндсэн хууль баталсан явдал юм гэж хэлж болно. Энэ үйл явдал бол бид тусгаар улс гэдгээ хөрш орнуудын тулгалт шахалтыг эс хайхран олон улсад мэдэгдсэн хэрэг болсон юм. БНМАУ-ыг тунхагласны үнэ цэн нь энд оршино. Үүгээр монголчууд үндэсний аюулгүй байдлаа хангах үйлсдээ бас нэг алхам урагш ахисан юм.

-Та энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ач холбогдлыг хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхий сайдын эрх хэмжээ нэмэгдэж. аливаа үйлдлийн хариуцлага, ял гавьяа хоёр нэг хүн дээр очиж байгаа нь саяын нэмэлт, өөрчлөлтийн сүнс нь болж байна уу даа. Яг манай улсын өнөөгийн нөхцөл байдалд, үндэстний болон газар нутгийн онцлог, нүүдэл суурьшил иргэншлүүдийн ялгаа онцлогийг харгалзсан үндэсний онцлогтой улс орон байя гэвэл хоёр танхимт парламент зохимжтой гэж боддог.

Одоогийн 76 гишүүнтэй нэг танхимт парламент бол манай нөхцөлд биш байна гэдгийг өнгөрсөн он жилүүд харууллаа. 1949 онд Үндсэн хуулинд хийсэн нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн системд өөрчлөлт оруулсан. Энэ бол манай түүхийн онцлох ёстой үйл явдлын нэг гэж би боддог. Үүгээр 2,500 хүн тутмаас нэг нь төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөгчөөр сонгогддог болсон юм.

Агуулга нь их зөв. АИХ 400 гаруй төлөөлөгчөөс бүрдэж байлаа. Манай газар нутаг бол байгалийн олон бүсэд оршдог, түүнийгээ дагаад ард олных нь амьжиргааны хэв байдал сэтгэлгээ нь хүртэл янз бүр. Өмнөговь аймаг, Хөвсгөл аймаг хоёр бол тэс ондоо шүү дээ.

Дуулдаг дууных нь ая, үг хүртэл өөр, малладаг мал ахуй нь хүртэл өөр. Тэгэхээр төрийн бодлого үүнийг харгалзах ёстой биз дээ. Үүнийг л бодолцож байж тэр үед. Харин одоогийн мажоритар системээр сонгогдож байгаа нэг танхимт парламентын 76 гишүүд бол энэ шаардлагыг хангахгүй байгаа юм.

76 гэсэн тоондоо захируулж сонгууль явагдах тойрог байгуулж байгаа нь Монголын онцлогийг харгалзахгүй болгочихож байгаа юм. Хот суурин газрын төлөөллийн тоо, хөдөө орон нутгийн төлөөллийн тоо өөр өөр байх, сонгуулийн холимог болон мажоритар системийг оновчтой хослуулсан сонгуулийн системтэй байх шаардлагатай юм.

Парламентад төлөөллийн энэ онцлог тусч байх ёстой. Ингэхийн тулд хоёр танхимт парламент манайд илүү тохиромжтой болов уу гэж боддог.

Categories
мэдээ нийгэм

Л.ЭРДЭНЭБАТ: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, дэлхийн жишигт хүрсэн хөгжилтэй, Монголчуудын бахархал байх болно

Аливаа бүхэн стратеги, хөдөлмөр зохион байгуулалтын нарийн төлөвлөлт дээр тулгуурлан хөгжлийн шинэ шатанд гарах боломж нээгддэг. Зууны манлай Эрдэнэт үйлдвэрийн хамт олон ч энэ суурь зарчмыг баримтлан ажиллаж буйг Стратегийн төлөвлөлт, бодлогын газрын орлогч дарга Л.Эрдэнэбат ярилцлагандаа онцоллоо.

Эрдэнэт үйлдвэрийн алсын хараа, үнэт зүйлс, хөгжлөө тодорхойлох үндсэн чиг зүг юу вэ?

-Стратеги, төлөвлөлт бодлогын газар нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болсноор бүтэц зохион байгуулалт өөрчлөлтийн дагуу шинээр байгуулагдан ажиллаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 14 нд үйлдвэрийнхээ эрхэм зорилго, алсын хараа,үнэт зүйлсээ тодорхойлсон. Бид өнөөдөр “Дэлхийн жишиг, Монголын бахархал” алсын хараатай, Эрхэм зорилгоо “Тогтвортой хөгжил, хариуцлагатай уул уурхайг эрхэмлэн үндэсний баялагийг бүтээнэ” хэмээн тодорхойлсон бол бидэнд байгаа үнэт зүйлсээ “Аюулгүй байдал ба эрүүл мэнд”, “Ёс зүй, хариуцлага”, “Байгаль орчны тэнцвэртэй байдал”, “Хамтын хүч, багаар ажиллах чадвар”, “Бүтээмж, инноваци буюу шинэ санал” гэж таван чиглэлээр боловсруулсан. Үүн дээрээ үндэслэн Эрдэнэт үйлдвэрийн стратегийн зорилго, зорилтуудыг тодорхойлж байна. Нийт таван үндсэн зорилт манай үйлдвэрийн хамт олон дэвшүүлж байгаа. Нэгдүгээрт, Үйлдвэрийн газрын өрсөлдөх чадвар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, Хоёрдугаарт, үйл ажиллагааг тасралтгүй сайжруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, Гуравдугаарт санхүүгийн удирдлагыг дээшлүүлж, үйлдвэрийн ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, Энэхүү зорилт нь цаашид мөнгөн хөрөнгөө хэрхэн зөв зохистой удирдах, ямар төсөл хэрэгжүүлж, хичнээн хэмжээний орлого олох вэ гэдэг бодлогод чиглэнэ. Дөрөвдүгээрт, хүн капиталын өгөөжийг дээшлүүлж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, Үүнд бүтээмж инновацийн чиглэлээр хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрүүд багтаж байна. Тавдугаарт, хариуцлагатай уул уурхай, зөв тогтолцоог бий болгон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх, Уг зорилтыг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэстэй хамтран хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, бүс нутгийн хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг тулгамдсан асуудлыг хэрхэн шийдэх замаар хэрэгжүүлнэ. Энэ бүхэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын стратегийн бодлогыг тодорхойлж, цаашид хэрэгжүүлэх үндсэн зорилт болж байгаа юм. Энэ зорилгодоо бид хүрэхийн тулд яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгохын тулд 2017-2031 он хүртэлх үйлдвэрийн Хөгжлийн Үндсэн чиглэлийн бодлогоо боловсруулан, хэрэгжүүлж байна.

Дараагийн нэг томоохон асуудал бол бүтээмж, инновацийн чиглэлийн бодлого байгаа юм. Бүтээмж гэдэг ойлголт бол орц, гарцын харьцааг хэлдэг. Бид ямар хэмжээний орц оруулаад хэдий хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна вэ гэдгийг тодорхойлдог. Нөгөө талаас, бүтээмж бол үйл явц буюу процессийн сайжруулалт гэж ч ойлгож болно. Бүтээмжийн талаар манай үйлдвэр 2005 оноос “5 сайн үйлс” /5S/, “Сайн саналын систем” /kaizen suggestion system/, Бүтээмж чанарын дугуйлангууд анх Баяжуулах фабрикт, 2012 онд бусад 23 цехэд нэвтрүүлж ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өнөөг хүртэл нийт 14 жилийн турш энэ хөтөлбөрийг нэвтрүүлж, нутагшуулж байна. Харин одоо бид энэ чиглэлээр хөгжлийн ямар түвшинд явж байна вэ гэдгээ дүгнэж, цаашид ямар хэлбэрээр хөгжүүлэх вэ гэдгээ тодорхойлох ёстой. Тэгвэл цаашид бид Азийн орнуудын томоохон бизнесийн байгууллагын бүтээмжийн түвшинд хүрэхийн тулд Зургаан сигма /Six sigma/, Бизнесийн төгөлдөршил /Business excellence/ хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай. Үүнийг манай “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд тодорхой төлөвлөгөө боловсруулан, сайн ажиллаж байна

Ер нь бүтээмж инновацийн хөгжлийн түвшингээр хаана явна гэсэн дүгнэлт гарсан бэ?

-Дунд буюу төлөвших түвшинд байна гэж дүгнэсэн. Бизнесийн төгөлдөршлийг батлагдсан загварын дагуу үнэлдэг. Бүтээмжийн эхний алхмуудыг хэрэгжүүлсэн гэж өмнө би хэлсэн. Үүнийг оноогоор дүгнэж хэлбэл, 1000 оноо авах ёстой гэвэл 351 оноо авчихсан байна гэж хэлж болно. Ингэхээр үйлдвэрийн газрын хувьд боломжийн үнэлгээтэй. Харин дараагийн алхмуудыг хэрэгжүүлэх, идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой юм. Удирдлагын түвшингийн менежерүүддээ энэ чиглэлийн сургалтанд хамруулах, ойлголтыг өгөх хэрэгтэй. Өөрсдөө илүү сайн мэдлэгтэй байх ёстой. Үйлдвэрийн удирдлагуудын зүгээс дэмжин, ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.

-Бүтээмж инновацийн хөдөлгөөнийг үйлдвэрийн хэмжээнд өрнүүлж, ажиллагсдын идэвх оролцоог дээшлүүлэх зорилгоор “1000 инженерийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулж, Инноватор цомыг шилдэг төсөлд олгодог гээд олон үйл ажиллагаа бий. Эдгээрийн үр дүн хэрхэн харагдаж байна вэ?

-Манай газрын харьяа Хөгжлийн хэлтсийн дэргэд Инновацийн төв ажилладаг. Эндээс 100 сая төгрөгийн шагналын сантай шилдэг төсөл шалгаруулах “Инноватор” уралдааныг зохион байгуулж байна. Үр дүнд нь манай цех нэгжүүд маш идэвхтэй болж, үйлдвэрлэлд өндөр үр ашигтай санал санаачлага, төсөл хэрэгжүүлэхийн төлөө мэрийдэг болсон. Бидний зүгээс ч тэднийг дэмжиж, сайн төслүүдийг Оюуны өмч буюу патентжуулах бодлогыг барьж ажиллаж байна. Инженерүүд, ажилтнуудынхаа сайн төсөл, бүтээлийг нь Оюуны өмчийн хуулийн дагуу эрхийг хамгаалах чиглэлээр бас анхаарч байгаа. Энэ утгаараа ч манай үйлдвэр “Оюуны өмчийн бодлоготой байгууллага” тодотгол авсан гэж хэлж болно.

-Ажиллагсдынхаа санаачилгыг идэвхжүүлэх, түүгээр дамжуулан бүтээмж нэмэгдүүлэх үүднээс “Сайн саналын систем”-ийг нэвтрүүлэн ажиллаж буйг түрүүн та дурьдсан. Энэ чиглэлээр гарч байгаа эерэг талууд юу байна вэ? Илүү боловсронгуй болгох ямар арга ашиглаж байна вэ?

-Энэ тал дээр “Хөгжлийн хэлтэс”-ийн бүтээмж, инновацийн мэрэгжилтнүүд маань олон ажил, сургалтуудыг тасралтгүй хэвшүүлснээр Сайн саналын тогтолцоо манай үйлдвэрт жигдэрсэн гэж хэлэх байна. Саяхан “Сайн саналын систем”-ийн 100 манлайлагчийг шалгаруулж, алдаршуулж урамшуулсан байгаа. Энэ үйл ажиллагааг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн болон Захиргаа, хүний нөөцийн бодлогын газар сайн дэмжсэнээр Хөгжлийн хэлтэс, бүтээмжийн чиглүүлэгч нар сайн саналын манлайлагчидтай “Зангиагүй уулзалт” зохион байгуулж, санал бодлыг сонсон ярилцсан байгаа. Улаанбаатар хотод болсон “Залуу инженерүүдийн үндэсний чуулган”-ы үеэр манай сайн саналын системийн туршлагыг бусад компани, үйлдвэрийн газрууд ихээхэн сонирхож байсан. Тэр тусмаа ажиллагсдынхаа саналыг үнэлж, урамшуулж байгааг асууж, харилцан туршлага солилцох саналаа ч бидэнд хэлсэн. Сүүлийн үед манай үйлдвэрийн сайн саналын систем илүү идэвхжиж байгаа нь харагдаж байна. Тухайлбал, 2017 онд сайн саналын систем дэх ажилтнуудын оролцоо 20 хувь байсан бол 2018 онд 24 хувь болон өсч, энэ оны эхний 9 сарын байдлаар 29 хувьд хүрсэн дүнтэй байна. Энэ нь манай ажилтнуудын идэвх хандлага сайжирч байна гэсэн үг. Бүтээмж инноваци хоёр бол салшгүй ойлголт. Бүтээмж чанарын дугуйлангаар дамжуулан сайн саналын систем дэх оролцоог нэмэгдүүлснээр нэг төгрөг зарцуулж, 6.5 төгрөг болгон олж байна гэсэн үзүүлэлт гарсан. Энэ бол маш том бүтээмж. Нөгөө талаасаа зөвхөн эдийн засгийн хэмжигдэхүүнээр тооцож гаргасан дүн. Харин нийгэмд оруулж буй хувь нэмрээр нь тооцвол маш том хөрөнгө оруулалттай, цаг хугацаа хэмнэж, бүтээмж нэмэгдүүлсэн өгөөжтэй ажил болж байгаа гэдгийг онцолмоор байна.

Эрдэнэт үйлдвэрийн цаашдын стратеги төлөвлөлт ямар дүр зураг, төсөөлөлтэй байгаа вэ?

-Стратеги, төлөвлөлт бодлогын газрын Хөгжлийн хэлтэс, төслийн нэгж дээр Эрдэнэт үйлдвэрт хэрэгжүүлэх 6 том төслийг холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран судалж, боловсруулсан. Эдгээрээс Ил уурхайд мөчлөгт урсгал тээврийн технологи нэвтрүүлэх төслийн ажил эхэлж, Үнэлгээний хороо байгуулагдан ажиллаж байна. Энэ бол стратегийн том төсөл төдийгүй эдийн засгийн хувьд үр ашигтай төслүүдийн нэг. Дараагийн төсөл Уусган баяжуулах /SX/EW/ технологиорисэлдсэн хүдэр боловсруулах үйлдвэр барих, богино хугацаанд хөрөнгө оруулалтаа нөхөж, ашгаа өгөх энэ төслийн Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байна. Мөн Баяжуулах үйлдвэрийг өргөтгөх, шинэчлэх төсөл чухал стратеги төлөвлөлтийн нэг болж байгаа. Эрдэнэт үйлдвэр урт хугацаанд тогтвортой эдийн засгийн ашигтай ажиллахын тулд жилд Баяжуулах үйлдвэрээ өргөтгөж, хүчин чадлыг нь 6 сая тонноор нэмэгдүүлэх хүчин чадалтай Өөрөө нунтаглах хэсгийн шугамын өргөтгөлийг ирэх оноос барихаар төлөвлөн ажиллаж байна. Засвар механикийн заводын Цутгуурын цехэд одоо хийгдэж буй техникийн өргөтгөл, шинэчлэл Герман улсын ФАТ компанитай хамтран үргэлжилж байна. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлснээр цаашид Эрдэнэт үйлдвэр хэрхэн хөгжих, багаар бодоход 60 жил ашиглахуйц нөөц дээрээ түшиглэн Эрдэнэт хотыг яаж авч явах гэх зэргээр стратеги төлөвлөлт, хэтийн зорилт бодлого тодорхойлогдоно. Үүнтэй уялдуулан ажлын байр нэмэгдүүлэх, иргэдээ хөгжүүлэх зэргээр хаалт менежментийн хөтөлбөрөө боловсруулан ажиллах боломж нээгдэнэ гэж харж байгаа. Бидний ойрын үеийн зорилго ч үүнд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, дээрх том төслүүдийг хөдөлгөх бэлтгэл ажлуудаа бүрэн хангаж, бас эхлүүлнэ гэж хэлж болно. Өмнө хэлсэнчлэн бүтээмж инноваци болон сайн саналын тогтолцоог илүү боловсронгуй болгож, ажиллагсдынхаа оролцоог дээшлүүлэх чиглэлээр эрчимжүүлж ажиллана. Энэ бүхэн Эрдэнэт үйлдвэрийн ирээдүй, хөгжлийн дүр зургийг илэрхийлнэ.

М.Балжинням

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзав

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хайминийг 2019 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтаар олон улс, бүс нутаг, хоёр талын хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлаар санал солилцов.

Түүнчлэн энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг бүтэн жилийн туршид тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө амжилттай хэрэгжин өндөрлөж байгааг талууд сайшаан тэмдэглэв.

Categories
мэдээ нийгэм

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дадлага сургууль боллоо

Нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагуудын төлөөллийг хамруулсан “Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дотоодын сургуулилт”-ыг анх удаа Булган аймагт зохион байгууллаа.

Дадлага сургуульд ИНЕГ болон түүний харьяа байгууллагууд, ОБЕГ-ын Үндэсний аврах бригад, ЗХЖШ-ын Агаарын цэргийн ангийн Улсын нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зориулалт бүхий Ми-171Е нисдэг тэрэгний нисгэх багийнхан зэрэг 60 гаруй алба хаагч оролцлоо.

Мөн Булган аймгийн Онцгой байдлын газар, Нисэх буудал, Аймгийн Засаг даргын тамгын газар болон орон нутгийн Цагдаа, Тагнуулын төлөөлөгчид өөр өөрийн үүргийн дагуу тус сургуулилтад оролцож, хамтарсан дадлага сургуулийг хийсэн байна.

Булган аймаг нь олон улсын агаарын замын гол цэгт байрладаг, баруун аймгуудын дотоодын нислэг дамжин өнгөрдөг онцлогтой.

Тиймээс нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд голлон оролцогч байгууллагууд нисэхийн эрэн хайх болзошгүй асуудал үүссэн үед хамтран ажиллах уялдаа холбоогоо сайжрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч амиа алджээ

Арваннэгдүгээр сарын 21-нд Цагаан хад дахь гаалийн талбайд нэг жолооч шалаанз машиныхаа ачаан дээрээс унаж, золгүй байдлаар амиа алдсан хэрэг гарчээ. Энэхүү хэргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.

Одоогийн байдлаар Цагаан хад бүст 4000 орчим нүүрс ачсан тээврийн хэрэгсэл болон төдий тооны жолооч нар машиндаа хонож, түлш хоолны нөөц нь шавхагдсан байдалтай байгаа аж. Тавантолгой, Гашуун-сухайт боомтод үүссэн нүүрс тээврийн нөхцөл байдал хүнд хэвээр байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Үндсэн хуулийн өөрчлөлтийг булхайтай баталлаа

Өнгөрөгч пүрэв гаригийн УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эцэслэн баталсан. “Сүүлийн хорь шахам жил яригдаж, гурван парламент дамжин хэлцэгдсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бид баталж чадлаа” хэмээн эрх баригч Ардын намын нөхөд баяр хөөрөө багтааж ядаж байна. Парламентын танхимд бүгд алга ташицгаан бие биедээ баяр хүргэн сүйд болцгоож байна. Харин улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын гол баталгаа болсон эцэг хуулиа дан ганц нам олонхоороо түрж, эз дийлэн хуудуутай булхайтай баталсанд олон нийт эсэргүүцэж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал эхнээсээ булхайтай явагдсаныг төрийн түшээдээс аваад ард иргэд шүүмжлэлтэй хандаж буй. Энэхүү булхай нь хэн бүхэнд илэрхий харагдаж байгаа юм.“Парламентад суудалтай намуудтайгаа зөвшилцөөгүй, ард түмнээрээ хэлэлцүүлээгүй Үндсэн хуулийн өөрчлөлтийг ямар өөрчлөлт гэхэв. Ардын намынхны 2020 оны сонгуулиа бодсон, зөвхөн өөрсдөө дахиж төрийн эрхийг булааж авах гэсэн башир арга хэрэгсэл болсон нь харамсалтай. Юун улс орны хувь заяа, ирээдүй, хөгжил дэвшил, парламентын төлөвшил вэ” гэж захын хүн хэлж байна.

“Бид нийгмийн зөвшилцлийг хангаж, өргөн хүрээг хамруулан хэлэлцэж баталлаа. Ойлголцол зөвшилцлийг гүнээ эрхэмлэсэн, нэгдэн хамтрах зарчмыг бариимталсан” гэж Г.Занданшатарын хэлсэг үг олон нийтийн дургүйцлийг хүргээд зогсохгүй ард түмнээрээ доог тохуу хийх шиг санагдсан. Эрх баригч Ардын нам Ардчилсан намтай зөвшилцлөө хэмээн зөвшилцлийн ажлыг хэсэг хүртэл байгуулж Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг төрт ёсны хэмжээнд авч үзэн, ярьж тохирсон. Гэвч яг цагаа тулахаар Ардчилсан намаа хууран мэхэлсэн. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд парламент засаглалын хамгийн гол тулгуур зарчим болох “Монгол Улсын Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болъё”, “Ерөнхий сайд нь танхимаа өөрөө бүрдүүлдэг болъё”, “Сонгуулийн холимог тогтолцоо”-оог санал болгосон.

“Эдгээр гурван тулгуур зарчмыг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд заавал тусгах ёстой. Тэгж байж ардчилсан парламентыг төлөвшүүлэх, ирээдүйд улс төрийн намууд нь бодлоготой байх, түүгээр дамжаад төрийн уламжлалт бодлого хадгалагдаж парламент дахь гишүүдийн сахилга хариуцлага нэмэгдэх болно” гэж Ардчилсан намын зүгээс эцсийн хэлэлцүүлгийг батлах хүртэл сануулж хэлсээр байсан. Эрх баригч Ардын намын нөхөд инээж байгаад дээрх саналыг унагаж зөвшилцлөөсөө нүүр буруулж, ярьж тохирсноосоо ухарч, Монгол Улсын цаашдын хувь заяаг бус намынхаа хувь заяаг бодсон нь илэрхий. Д.Эрдэнэбат гишүүн парламентын танхимд тун харамсалтайгаар “Монгол Улсын Үндсэн хууль доголон хууль” боллоо гэж мэдэгдсэн бол З.Нарантуяа гишүүн “Монгол Улсын үндэсний хэмжээний энэ том намын эрх баригч бүлгийнхэн өмнөөс харж суугаад зөвшилцлөө гэж хариуцлагатай мэдэгдсэн хэрнээ буцаад эргэхдээ ар хударгаар ингэж хуурлаа. Улс төрийн нам ямар соёлгүй байгаа, манай улстөрчид хэлсэндээ хүрдэггүйн бодит жишээ боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийн амин сүнс нь парламентыг төлөвшүүлэх, увайгүй худалч хулгайч улстөрчдийг Монголын төрд оруулж ирэхгүй байхын тулд жижиг мажоратори системийг үүрд хаах гэсэн зорилго байсан, харамсалтай нь тэгсэнгүй. Хоёрхон хоногийн өмнө бид улсын төсвөө чуулганаар баталсан. Төсвийн зарцуулалт ямар замаар хуваарилагдсаныг бүгд харсан. Та бүхэн жижиг жижиг тойрогтоо сонгогчдынхоо саналыг авахын төлөө энэ төсвийг хуваарилсан. Ирэх сонгуульд улс төрийн намын болоод бие даан нэр дэвшигчид та нартай хөрөнгө санхүүгийн хувьд тэнцвэргүй өрсөлдөхөөр боллоо. Гэхдээ ард түмэн ухаан зарж, эрүүл саруул сонголт хийнэ гэдэгт эргэлзэхгүй байна” гэж эрх баригчдын улаан нүүр рүү харж үнэнийг нь улалзтал хэлээд чуулганыг орхисон юм.

Ардчилсан намаа ингэж хулхидсан эрх баригчид улс төрийн бусад намуудын саналыг тусгасан гэдэг нь ёстой гонж байлгүй. Дээрээс нь хамгийн гол нь энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ард түмнээр хэлэлцүүлсэнгүй. Ард түмнээр бас л хэлэлцүүлэх гэж байгаа юм шиг дүр үзүүлснээ яг цагаа тулахаар Ардчилсан намыг хуурсан шигээ ард түмнээ бас хуурчихаж байгаа юм. Болсон процессыг бид сайн мэдэж байгаа. Ард нийтийн санал асуулга явуулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их хурлын 73 дугаар тогтоолд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг Их хурал шуурхай гэгч нь хүлээж аваад ард түмнээрээ хэлэлцүүлэлгүй шууд гуравдугаар хэлэлцүүлэг буюу эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Ер нь энэ далимд хэлэхэд Ардын намын дарга сайдуудҮндсэн хуулиа ард түмнээрээ хэлэлцүүлэхгүй, ард нийтийн санал асуулгыг авахгүйн тулд Ерөнхийлөгчид өгөөд хориг тавиулчихсан гэх хэл ам гарч л байсан. Үнэн эсэхийг мэдэхгүй юм. Ямар ч байсан ард нийтийн санал асуулгыг авч Үндсэн хуулиндаа тусгаагүй нь үнэн. Харин Их хурлын гишүүд зун, намрын саруудад хөдөө явж баахан шоу хийснийгээ ард түмнээрээ хэлэлцүүлсэн гэж худлаа мэлзээд байгаа.

Олон түмний санал тусаагүйд эрх баригч намын гишүүдээс ч сэтгэл дундуур байгаагаа чуулган дээр хэлж байв. Тухайлбал, Ш.Раднаасэд “Орон нутгийн хуралтай холбоотой хэд хэдэн зохицуулалт байсан. Багийн даргыг томилдог болъё, сумын Засаг даргыг ард иргэдээс нь томилдог болъё гээд. Ний нуугүй хэлэхэд үүнийг ард түмэн маш их дэмжиж байсан. Одоо бид мөлгөр болгоод хаячихлаа. Цаашид засах ямар ч хувилбаргүй болгочихлоо” гэж харууссан. Г.Тэмүүлэн“Үндсэн хуулиар заавал хийх ёстой байсан хоёр зүйл ороогүй байгаа нь хачирхалтай. Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох АН-ын санал хэрэгтэй байсан. Яагаад унагачихсан юм бэ. Үүнийг зөвшилцлийн ажлын хэсэг улстөржихгүйгээр, намчирхахгүйгээр хийх байсан юм. Ард түмэн жагсаалтын ард нуугддаг, өөрийн тойрог хаяггүй улстөрчдөд дургүй. Намын жагсаалт, давхар дээлийг л эсэргүүцдэг. Ноёны бөхөө дахиад гаргаж байна гэж шүүмжилдэг. Гэтэл бид ноёны бөхөө ноёнтой нь хамт оруулж ирлээ. Улс төрийн нам цэвэрших, эрүүлжих гэдгийнхээ эсрэг зогслоо” хэмээн эсэргүүцсэн.

Ардын нам ийнхүү олон кнопныхоо хүчинд Үндсэн хуулийн өөрчлөлтөө улайран баталлаа. Монгол Улс түүхэндээ дөрвөн удаа (1924, 1940, 1960, 1992) Үндсэн хуулиа баталсан байдаг. Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс дагаж мөрдөнө гээд байгаа. Бид өмнө нь “Аль Үндсэн хууль нь хүчинтэй болж байна аа” гэж бичиж байсан. Яг ийм үед хуулийн гажуудал гарчих вий гэж санаа зовж байна. Өнгөрөгч пүрэв гаригийн чуулган дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай төслийг хэлэлцэх үеэр баахан хэрүүл болсон. Үүнээс харахад хуулийн гажуудал гарахгүй гэх баталгаа алга. Бас нэг зүйлийг тодотгоход, ерэн оноос өмнө монголчууд бид нэг намын тогтолцоотой байсан. Ерэн хоёр оны Шинэ Үндсэн хуулийг хуучин “Ху” намын буюу одоогийн Ардын намын депутатууд олонхоороо баталж байсан. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хууль маань Монгол ардын намын үед л батлагдах тавилантай юм байж дээ, хөөрхий. Ардын нам сонгууль дөхсөн энэ үед улс төрийн нам хүчин тэр бүр зориглож гар хүрээд байдаггүй улс орны мөнх оршихуйн баталгаа Үндсэн хуулиндаа ингэж худал хуумгай хандах хэрэг байсан уу. Аливаа зүйлд ёр билиг гэж нэг юм бий. Тэр жил Ардын нам “Хөгжлийн мод” гэсэн хөтөлбөр дэвшүүлж, үндсэндээ “мод”-оо барьж сонгуульд ороод ялагдаж байсан. Энэ удаад ард түмнээ ч тоолгүй эцэг хуулиараа “тоглож” сонгуульд ороод заяа нь хаях вий дээ?

Б.Батболд

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоолоо

Хэд хоногийн өмнө хээр машин нь эвдрэхэд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон хэрэг гарсан. Сураггүй болсон хүнийг эрэн хайх ажиллагааг долоо хоног зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийнхэнтэй нь зөвшилцсөнөөр өчигдөр 17:12 цагт зогсоосон зогсоожээ.

Хүн алга болсон тухай дуудлагыг 11.17-ны өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гээд нийт 32 хүн, 7 автомашинтайгаар өчигдөр 11.24-ний өдрийн 07:30 цагаас “Бетон гүүр” гэдэг газраас “Бэлхийн гарам”, “Хэцүүгийн даваа”, “Тээлийн-Адаг” гэдэг газар хүртэл нийт 15 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Монгол найруулагчийн бүтээл тусгай байр эзэлжээ

Монгол найруулагч Японы кино наадмаас тусгай шагнал хүртлээ

Токио хотод жил бүр болдог “Цүрүкава” богино хэмжээний кино наадамд Монголын залуу уран бүтээлч, найруулагч Ц.Дэнсмаагийн “Аргал” кино тусгай шагнал хүртжээ. Уралдаанд нийт 92 бүтээл ирснээс 24 бүтээлийг шилдгээр сонгосон байна. Сонгосон бүтээлүүдийг арваннэгдүгээр сарын 22-ны баасан гаригт олны хүртээл болгож, шагнал гардуулах ёслол 11-р сарын 23-ны бямба гаригт болж өндөрлөжээ. Найруулагч Ц.Дэнсмаагийн “Аргал” кино долоон минут үргэлжлэх бөгөөд монголчуудын өвөрмөц ахуй, зан заншлыг харуулснаараа онцлог бүтээл болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Лука Дончич бол сагсан бөмбөгийн ирж яваа ирээдүй

Өнгөрөгч амралтын өдөр Даллас Маверикс нутагтаа Кливлендийг хүлээн авч тоглоход Техасын багийн холбогч Лука Дончич гучин оноо, 14 амжилттай дамжуулалт өгснөөр НБА-гийн түүхэнд гурван тоглолт дараалан гучаас дээш оноо, арваас дээш дамжуулалт өгсөн хамгийн залуу тоглогч хэмээн зарлууллаа. Өдгөө хорин настай энэхүү словен залуу ноднин жил драфтын гурваар шалгаран Даллас Маверикс багт элссэн даруйдаа бүхний анхаарлыг татаж эхэлсэн билээ. Тэр жилээ шууд шилдэг шинэ тоглогчийн шагналыг хүртэж хоёр дахь жилдээ Леброн Жэймс, Жэймс Харден зэрэг томчуултай талбайд үзүүлж байгаа амжилтаараа эн зэрэгцэн үзэлцэж буй Лука Дончичын талаар цухас танилцуулах цаг нь болжээ.

Словен улсын Люблян хотод хорин жилийн өмнө серб сагсан бөмбөгч Саша Дончич, Словены хөнгөн атлетикч Мириам Потербины гэр бүлд нэгэн хүү төрсөн нь Лука байлаа. Зарим хэвлэлд бичихдээ Лукаг гуравхан сартай байх үеэс л ээж нь сагсан бөмбөгийн заал руу аавынх нь тоглолтыг үзэх гээд дагуулж явдаг байсан гэлцдэг. Өөрөөр хэлбэл, хүү шаргал бөмбөг хөөхөөс өөр хувь тавилан байхгүй байсан бололтой. 2008 онд эцэг эх нь салж хүү эхтэйгээ үлдсэн ч сагсан бөмбөг хэдийнэ түүний амьдралд гүн шигдчихсэн байв. Долоон наснаасаа сагсан бөмбөгийн анхан шатны сургуульд нас илүү хүүхдүүдтэй хамт суралцаж дараа жилээс нь 11-тэй хүүхдүүдийн ангид тоглуулж байсан гэхээр хар багаасаа вундеркинд гэж нэрлүүлэх ёстой байж.

2015 оны дөрөвдүгээр сарын 30-нд тэр 16 настайдаа Испаний “Реал” багт элсэн орж уг багийн өмсгөлтэй талбайд гарсан хамгийн залуу тоглогч хэмээн нэрлүүллээ. Лука гэхдээ зүгээр нэг сандал эзэлж ээлжээ хүлээсэн залуу байсангүй, нэртэй багийн зүстэй холбогч нь болж шууд л өөрийгөө танилцуулж эхэлсэн юм.

Европ тивд НБА-гийн дараа нэр хүндээрээ бичигддэг Евролиг хэмээх тэмцээн бий. “Реал”-д хоёр жил гаран тоглосны дараа Лука Дончич уг тэмцээний аваргаар тодрон финалийн тоглолтын MYP болсон. Тэгээд Европ тив “жижигдсэн” тул тэр жилээ өөрийн нэрийг НБА-гийн драфтад дэвшүүлэхийг зөвшөөрчээ.

Уг нь 2018 оны драфтын гурваар түүнийг Атланта Хоукс сонгосон юм шүү дээ. Гэхдээ драфтын түүхэнд азын сугалаагаа ашиггүй наймаа хийн алдсан түмэн тохиолдол байдгийг санацгаая. Атланта Хоукс тэр замаар гүйж түүнийг сугалаа явагдсан өдрөө Трэй Янгаар сольж Даллас Маверикст өгснөөр сагсан бөмбөгийн талбайн гурван байрлалд эн тэнцүүхэн тоглож чадах гайхалтай залууг алдсан бөлгөө. Лука Дончич 201 сантиметрийн өндөртэй 105 кг жинтэй агаад холбогчоос гадна довтлох чиглэлийн хамгаалагч тэр бүү хэл хөнгөн довтлогчын байрлалд хүртэл тоглочихдог, талбай сайн харж тоглолт уншихдаа сайн, хол ойрын бүх зайнаас довтолдог, Порзингис тэдний багт ирснээс хойш хослол үүсгэн оновчтой дамжуулалтын хувь нь асар дээшилсэн гээд магтах юм олон бий. Ер нь сүүлийн үед энэхүү цагаан арьст залууг НБА тойрсон элдэв мэргэжилтнүүд баруун солгойгүй магтаж буй нь яалт ч үгүй амьдралаас ургаж буй бодит үйл буюу. Ганц нэг жишээг нь харъя л даа.

Алдрын танхимын гишүүн Трэйси Макгрэйди The Jump нэвтрүүлэгт оролцохдоо “Стефен Карри гэмтэлтэй, Кайри Ирвинг бас гэмтлээсээ бүрэн илаашраагүй, Уэстбрук хуучин формондоо ороогүй байгаа өнөө үед Лука Дончичийг яг энэ цаг хугацаанд сагсан бөмбөгийн талбай дахь шилдэг холбогч гэж хэлнэ” гэсэн бол цаашлаад “хаан” Леброн Жэймс “энэ хүү ямар хурдан чангарчихав аа, солиотой бацаан” гэж магтсан. Мэдээж Далласын дасгалжуулагч Карлайл яаж чимээгүй байхав, “Лука энэ чигээрээ тоглоод байвал улирлын эцэст шилдэг тоглогчийн шагналын төлөө өрсөлдөх бодит гишүүн байх болно” хэмээн санаагаа хэлсэн байх.

НБА-д хөл тавьж буй залуучууд байг гэхдээ хоёр гурван жил хатуу ширүүн өрсөлдөөний тогоонд зөв чанагдах гэж хугацаа алдан туршлага хуримтлуулдаг бол Лука Дончич Европтоо тэр зовлонг үзээд хатуучихсан хойноо, өөрөөр хэлбэл “хал үзэж халуун чулуу долоочихсон хашир цэрэг” НБА-д хөл тавьсан нь давуу тал нь гэж бичих хүмүүс байдаг юм билээ.

Улирал эхэлснээс хойших сар гаруйн хугацаанд таван удаа трибл-дабль хийж, бусад багуудыг бодох нь ээ тийм ч олон мэргэн буучидтай баг биш гэхэд Даллас Мавериксыг олон оноо авдаг багуудын жагсаалтад хоёрт бичигдтэл чирч яваа энэ словен залууг НБА-гийн шинэ үеийн тэргүүлэгч нь, ирээдүйн шилдэг од нь гэж ярих болжээ.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Categories
мэдээ цаг-үе

ХАРВАРД


Манай гаригийн хамгийн шилдэг их сургууль. “Харвард” гэх энэ үг эрдэм номын мөрийг хөөсөн хэн бүхний мөрөөдлийн, гайхалтай бүр биширмээр үг гэдэг нь гарцаагүй. Энэ сургуулиас хамгийн чадалтай улстөрчид, бизнесмэнүүд, нийгмийг хөдөлгөгч шилдэг сэхээтнүүд, шинжлэх ухаанчид, эрдэмтэд төрөн гардаг. Босго оноо, шалгуур өндөртэй, бас төлбөр ч их болохоор хүссэн болгон нь энд сураад байдаггүй. Гэхдээ төлбөрийн маш уян хатан нөхцөлтэй. Нэгэнт потенциаль нь байгаад шалгуур давчих юм бол тэтгэлгээр сурах ч боломжтой. Тэгэхээр хичээмтгий, зорилготой хүн бүхний өмнө энэ сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг аж. Ингээд тус сургуулийн талаар багахан мэдээллийг тоймлон хүргэе.


ЭНЭХҮҮ ЭРТНИЙ ИХ СУРГУУЛИЙГ ҮНДЭСЛЭГЧ НЬ ХАРВАРД БИШ ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Харвардын их сургууль нь АНУ-ын Массачусетс мужийн Кембридж дэх “Ivy League” бүлгэмд багтдаг судалгааны хувийн сургууль юм. “Ivy League” гэдэг нь Зүүн хойд Америкийн найман шилдэг их сургуулийг нэгтгэсэн бүлгэм юм. Энд Харвардаас гадна Брауны их сургууль, Колумбын их сургууль, Корнеллийн их сургууль, Дартмонтын их сургууль, Пенсилванийн их сургууль, Принстоны их сургууль, Йелийн их сургууль багтана. Нэршлийн хувьд 1800-гаад онд тус сургуулиудыг дүүргэсэн оюутнууд төгсөлтийн баяраар сургуулийнхаа ханыг дагуулан ivy буюу ороонго өвс тарьдаг байсан уламжлалтай холбоотой юм байна.

АНУ-ын эртний их сургуулиудын нэг болох Харвард нь 1636 онд есөн оюутантай анхны хичээлээ эхэлж байсан бол одоогоор жилд дунджаар хорин мянга гаруй оюутан суралцдаг ба 16000 орчим багш ажилтантай. 1607-1638 онд Англи улсаас АНУ-д Элчин сайдаар сууж байсан Жон Харвард Чарльз Таун дөнгөж байгуулагдаад удаагүй байсан коллежид өөрийн хувийн хөрөнгө болон номын сангаа өвлүүлэн үлдээжээ. Тэр коллеж нь өнөөгийн Харвардын их сургууль бөгөөд Жон Харвардад талархсан үүсгэн байгуулагчид нь түүний нэрээр сургуулийг нэрлэх болсон байна. Сонирхуулахад, Харвардын цэцэрлэгт хүрээлэн дэх Жон Харвардын хөшөө Америктаа хамгийн их зургаа даруулдаг хөшөөнүүдийн гуравдугаарт жагсдаг юм байна. Энэ хөшөөг оюутнууд “Гурван худлын хөшөө” гэж хочилдгийн учир нь хөшөөний суурин дээрх бичээстэй холбоотой. Тэнд “Үүсгэн байгуулагч Жон Харвард 1638” хэмээн бичсэн байдаг. Нэгдүгээр худал нь сургуулийг Жон Харвард байгуулаагүй, хоёрдугаарх нь 1638 онд биш 1636 онд байгуулагдсан гэдгийг дээр дурдсан шүү дээ. Харин гурав дахь худал нь гэвэл энэ хөшөө Жон Харвардын өөрийнх нь хөшөө ч биш гэнэ. Хөшөөг урлах үед Даниел Честер Френч гэх оюутан модель болж байжээ. Гэсэн ч оюутнууд хөшөөний мутраас адис авч, шалгалтад орохынхоо өмнө хөлийн өлмийг нь зүлгэх уламжлал тогтсон байдаг аж.

1650 онд Харвардын удирдах байгууллага болох “Харвард корпораци”-ийг байгуулав. 19 дүгээр зууны үед Бостоны элитүүдийн дунд соёл, боловсролын төв байгууламж болж, 20 дугаар зуун болоход нэр хүндтэй профессоруудынхаа ачаар нэр алдар нь улам бүр түгсээр дэлхийн хамгийн нэр хүндтэй их сургууль болсон байна. 1900 онд Харвард Америкийн их сургуулиудын холбооны үүсгэн байгуулагч гишүүн болсон юм. Хачирхалтай нь охид бүсгүйчүүд Харвардын үндсэн сургуульд суралцах эрхгүй байжээ. Мөн бусад коллеж, их сургуулиудын л адил арьс өнгөөр ялгах үзэл ч энд ноёлдог байж. 1879 онд Харвардын охидын сургууль болох Рэдклифф коллеж байгуулагдан, АНУ-даа эмэгтэйчүүдийн хамгийн нэр хүндтэй сургуулиудын нэг болжээ. Харвардын анхны эмэгтэй ангийг 1945 онд Анагаахын сургуульдаа авч байсан гэдэг. Улмаар 1999 онд Рэдклифф охидын коллеж Харвардтай албан ёсоор нэгдсэн байна.


ХАРВАРДЫГ ТӨГССӨН АЛДАРТНУУД

Харвард 13 мэргэшсэн салбар сургуультай ба Бизнесийн сургууль нь дэлхийн хамгийн шилдэг сургууль гэх тодотголтой. Энд оюутнууд эрдмийн зэрэг хамгаалахаас гадна төрийн удирдлагын ажилтнууд мэдлэг, чадвараа дээшлүүлэхээр дэлхийн өнцөг булан бүрээс зорин ирдэг, эрдэм мэдлэгийн хамгийн том уурхай болоод байна. Харвардыг төгссөн алдар, цуутнуудаас хэдийг энд онцолъё.

-АНУ-ын хоёр дахь ерөнхийлөгч Жон Адамс (1755, 1758)

-АНУ-ын зургаа дахь ерөнхийлөгч Жон Күинси Адамс (1787, 1798)

-АНУ-ын 19 дэх ерөнхийлөгч Ратерфорд Бөкард Хэйс (1845)

-АНУ-ын 26 дахь ерөнхийлөгч, Нобелийн шагналт Теодор Рузвельт (1880)

-АНУ-ын 32 дахь ерөнхийлөгч Франклин Рузвельт (1880)

-Америкийн зохиолч, улс төрийн зүтгэлтэн, лектор Хелен Келлер (1904)

-АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Жон Кеннеди (1940)

-Либерийн ерөнхийлөгч, Нобелийн шагналтан эллен Жонсон (1971)

-Пакистаны 11 дэх ерөнхий сайд Беназир Бхутто (1973-Рэдклифф коллеж)

-АНУ-ын 43 дахь ерөнхийлөгч Жорж Буш (1975)

-“Майкрософт” компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс (19778 2007)

-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн (1984)

-АНУ-ын Дээд шүүхийн шүүгч Элена Кааган (1986-Харвардын хуулийн сургууль)

-АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч, Нобелийн шагналт Барак Обама (1991)

-АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама (1981)

-“Фэйсбүүк” компанийг үүсгэн байгуулагч Марк Цукерберг (2006)

Түүнчлэн Жон Хакок, Самуэль Адамс, Жон Адамс, Уилльям Эллери, Уилльям Уилльямс, Уилльям Хүүпер, Элбриж Герри, Роберт Треат Пайн нарын найман төгсөгч АНУ-ын Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж байжээ. Мөн Нобелийн 44 шагналтан, Пулитцерийн (сэтгүүл зүйн дээд шагнал) 38 шагналтныг төрүүлсэн.

ЗӨВХӨН ХАРВАРДАД Л БАЙХ ГАЙХАМШГУУД

209 акр талбай (85 га) бүхийн сургуулийн үндсэн кампус нь Бостон хотын төвөөс баруун хойд зүгт таван км зайд оршино. Харвардын эдлэн нь захиргааны төв оффис, их сургуулийн төв номын сан, Север танхим, их сургуулийн танхим, дурсгалын сүм, шинэ оюутнуудын дотуур байр, спорт заалнууд, зочид буудлууд зэргийг багтаасан байдаг. Оюутны байр нь арванхоёр ширхэг орон сууцны байшингаас бүрдэнэ. Байшин бүр амьдрах өрөөнүүдээс гадна, багш нарын өрөө, хоолны өрөө, номын сантай. Харвардад байрлах “Wid­ener Library” нь АНУ-ын хоёр дахь хамгийн том номын сан юм. Тус номын сан нь арван давхар бөгөөд доод талын дөрвөн давхар нь газар доор байрладгаараа онцлог. Энэ номын санг анх Харри Элкинс Вэйденерийн (1907 онд Харвард төгссөн) ээж хүүгийнхээ дурсгалд зориулан байгуулж байжээ. Тэрээр энэ номын сангийн барилгыг хэзээ ч өөрчлөхгүй гэсэн амлалтыг удирдлагуудын зүгээс авч байж хандив өргөсөн байна. Хожим номын сангийн барилгыг өргөтгөх шаардлага тулгарахад архитекторууд газар доорх дөрвөн давхрыг нэмж барьсан гэдэг. Тус сургуулийн төгсөгч ажлын байран дээр гарахад жилийн цалин нь 60000 доллараас эхэлдэг. Ингээд бодохоор ямархуу чансааны мэргэжилтнүүд бэлтгэн зах зээлд нийлүүлдэг болох нь тодорхой харагдаж байгаа биз.

ЯАГААД ЗААВАЛ ХАРВАРД ГЭЖ

Тус сургууль нь мэргэжил олгох 46, боловсролын зэрэг ахиулах 134 төрлийн, мэргэшсэн тусгай зэрэг олгох 97 төрлийн сургалтын багцыг санал болгодог байна. Сургалтын программ нь амьдрал дээр үндэслэгдсэн, асуудлыг хэдэн талаас нь харж, оновчтой шийдэх арга барилд сургадаг гэдгээрээ бусад сургуулиудаас ялгарна. Хичээлийн жил есдүгээр сарын эхнээс тавдугаар сарын дунд хүртэл үргэлжилнэ. Нэг жилийн сургалтын төлбөр ойролцоогоор 30-40 мянган доллар. Оюутны ирүүлсэн өргөдлийг сайтар судалж үзээд босго оноо болон бусад шалгуураа хангаж чадаж байвал тэтгэлэг олгодог. Ингэхдээ жилийн орлого нь 60000 доллараас бага айлын хүүхдийг 100 хувийн тэтгэлэгт хамруулдаг. 60000-80000 долларын орлоготой бол багахан төлбөр төлнө. Харин 120-180 мянгын долларын орлоготой айлын хүүхэд жилийн орлогын 10 хувиас хэтрэхгүй мөнгөн дүнг төлбөрт өгдөг байна. Харвардын их сургуульд элсэхийн тулд танаас маш их хичээн зүтгэл шаардагдах нь мэдээж. Тэтгэлэгт хамрагдахын тулд нэг жилийн өмнөөс судалж, хэлний шалгалтуудаа өгч, өргөдөл, эссэ бичиж, маш их цаг зав, хүч хөдөлмөр зарцуулна. Хичээл зүтгэлгүй амжилт гэж угаасаа хаа ч байхгүй шүү дээ. Манай Монголоос нэлээд хэдэн хүн Харвардыг төгсчихсөн гэдгийг уншигчид маань мэдэх байх.

2009 онд Харвардын их сургуулийн зүгээс оюутнууддаа зориулсан дүрэм гаргасан байна. Энэ 15 дүрэм нь оюутнуудад маш их сэтгэлийн дэм, цааш урагшлах түлхэц болж өгдөг гэсэн шүү. Дараахь алдартай 15 дүрмийг хичээл болон ажилдаа хэрэгжүүлээрэй.

1.Чи одоо унтах юм бол сайхан мөрөөдлөө зүүдэлнэ. Харин унтахынхаа оронд хичээлээ хийвэл тэр сайхан мөрөөдлөө биелүүлэх боломжтой болно.

2. Ямар нэг зүйл хийхэд хэтэрхий оройтсон гэж бодож байвал тэр үе чинь яг тохирсон цаг нь байх болно.

3. Юм сурах зовлон бол хэсэгхэн хугацааных, харин юм мэдэхгүйн зовлон бол мөнхийн.

4. Сурах гэдэг бол цаг хугацаа бус хичээл зүтгэл юм.

5. Амьдрал гэдэг зөвхөн сурах үйл явц биш. Хэрэв чи амьдралын энэ үеийг л даван туулж чадахгүй бол ер нь өөр юу хийж чадах юм бэ?

6. Хичээл зүтгэл, хүчин чармайлт хоёроос сэтгэл ханамж авч болдог.

7. Бүх зүйлийг бусдаас түрүүлж, шаргуу хийдэг хүмүүс л жинхэнэ амжилтын амтыг мэдэрдэг.

8. Хүн болгонд бүх зүйлийг амжуулах авьяас байдаггүй. Гэхдээ өөрийгөө цаг үргэлж хөгжүүлж, шийдвэр гаргаж чаддаг хүн л амжилтад хүрдэг.

9. Цаг яг л харвасан сум шиг өнгөрдөг.

10. Өнөөдөр нусаа татаж байгаа бол маргааш энэ чинь нулимс болох вий.

11. Риалистууд гэж ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийг хэлнэ.

12. Цалингийн хэмжээ боловсролын түвшнээс шууд хамаардаг.

13. Өнөөдөр гэдэг өдөр дахиж ирэхгүй.

14. Чиний өрсөлдөгчид яг одоо маш шуналтайгаар номын хуудас эргүүлж байгаа гээд бод доо.

15. Хөлсөө урсгахгүйгээр мөнгө олохгүй.

А.МӨНХЗУЛ