Categories
мэдээ улс-төр

Г.Занданшатар: Сайн цаг, сайхан ирээдүйн төлөө хамтран зүтгэхийг уриалъя

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 95 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Уг мэндчилгээнд:

Бүрэн эрхт, тусгаар Монгол Улсын иргэд ээ,

Та бүхэндээ Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхаглан зарласны 95 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлье.

Өдгөөгөөс 95 жилийн тэртээ Монгол нутгийн өнцөг булан бүрээс аймаг, шавь, хошууны 77 төлөөлөгч Нийслэл Хүрээнд хуран цуглаж Анхдугаар их хурлаа хийсэн түүхтэй. Энэхүү хурлаар Хаант засгаас Бүгд Найрамдах засаглалд шилжин, хамжлагат ёсыг халсан анхдугаар Үндсэн хуулийг 15 хоног хэлэлцэж, 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр баталж байжээ.

Анхдугаар Үндсэн хуулиар бүх шатны Ардын хурал нь шинэ төрийн үндэс болохыг хуульчлахын хамт ард түмнээс төрийн хэрэгт оролцох эрх чөлөөг Монгол Улсын түүхэнд анх удаа тунхаглан зарласан байна.

Анхдугаар Үндсэн хуульд Монголын газар шороо, хөрсөн дорхи баялаг, ой мод, ус рашаан, ан амьтан нь ард түмний өмч хэмээн зарлажээ. Түүнчлэн Ази тивд анх удаа эмэгтэйчүүдэд эрчүүдийн адил тэгш эрх олгож, иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хуульчилж, нийгмийг ардчилах шинэ үйлсийн эхлэлийг тавьсан юм.

Мөн “БНМАУ-ын дээд эрхийг Улсын Их Хуралд хадгалах бөгөөд мөн хурлын чөлөө цагт Улсын Бага Хуралд хадгалуулах ба, бас мөн хурлын чөлөө цагт Бага Хурлын Тэргүүлэгчид ба Засгийн газрын дунд хадгалуулбал зохино” хэмээн тусгаж, парламентын засаглалын эхийг тавьсны үргэлжлэл нь өнөөгийн байнгын ажиллагаатай парламент – Улсын Их Хурал юм.

Тиймээс энэ өдөр тусгаар тогтнол, үндэсний бахархлаа дээдлэн, эх түүхийн үнэ цэнийг мэдэж ухаарах, хойч үеийнхэндээ утга учрыг нь ойлгуулан өвлүүлэх явдал эрхэм чухал билээ.

Эрхэм хүндэт иргэд ээ,

Монгол Улс түүхэндээ 4 удаа Үндсэн хууль баталсан байдаг. Хамгийн сүүлийн буюу 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль шинэ сонголтоо баталгаажуулах, ардчилсан засаглалаа бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна. Гэхдээ цаг хугацаа улирч, улс орон хөгжин дэвших тусам нийгмийн харилцаанд шинэ зохицуулалт шаардагдаж байдаг. Шинэ Үндсэн хуулийг ч энэ жам ёсны үзэгдэл тойрсонгүй.

Парламентат ёсоо бэхжүүлэх, засаглалын харилцан хяналт-тэнцлийг зохистой болгох, хууль шүүхийн байгууллагын хараат бус байдлыг хангах, нутгийн удирдлагыг боловсронгуй болгох зэрэг чиглэлээр зарим нэг нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүссэн талаар бид сүүлийн 10 гаруй жил ярьсан.

Тиймээс Улсын Их Хурал эрдэмтэн судлаачидтайгаа зөвлөлдөж, улс төрийн нам, иргэний нийгмийнхэнтэй хэлэлцэж, ард түмэндээ танилцуулж, санал бодлыг нь авч, бүхий л түвшний ойлголцол зөвшилцлийг ханган ажилласны үндсэн дээр Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад байна.

Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Төр цэгцрэн, Засаглал тогтворжиж, Шударга ёс тогтох Өөрчлөлт шинэчлэлт, эрх зүйн хувьсгалын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна.

Улсаа тунхагласны ой, Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдөр, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ёсчлон батлагдсан цаг хугацаа нэгэн дор давхацсанд ихэд бэлгэшээж, Монголын ард түмний хүсэн хүлээсэн САЙН ЦАГ ирнэ гэсэн итгэл батжиж байна.

Монгол түмэн та нар минь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг сайтар судалж, засгийн бүх эрх мэдэл гагцхүү ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн суурь зарчмаа хэрэгжүүлж, САЙН ЦАГ, САЙХАН ИРЭЭДҮЙН төлөө хамтран зүтгэхийг уриалъя.

Төрийн нуруу төвшин, түмний сэтгэл амгалан оршиг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Эрхэмбаатар: ЖДҮ дээр Эрүүгийн хуулиар хэн ч хариуцлага хүлээхгүй

“Онч шийдэл” хуулийн фирмийн хуульч Ж.Эрхэмбаатартай ЖДҮ тойрсон асуудлаар ярилцлаа.


-Танай хуульчдын баг нэлээд хэдэн сарын өмнө ЖДҮ-гийн хэргийн эх үүсвэр болсон ххаахҮ-ийн сайдын 2018 оны а01 тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд хандаад гомдлоо авч байсан. гэтэл өнгөр-сөн сард та бүхний нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээс хэрэгсэхгүй болгочихлоо. Үр дагавар нь юу болж үлдэв?

-Юуны өмнө бид яагаад энэ хэрэг дээр ажиллах болсныг тайлбарлах нь зөв байх. Манай хуулийн фирм 2010 онд Сангийн яамтай өр, авлага барагдуулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулаад ажиллаж эхэлсэн. Мөн 2012 онд ЖДҮХС-тай 89 хариуцагчтай, 10 орчим тэрбум төгрөгийн зээлийн авлага барагдуулах ажлыг хариуцаж зөвлөх үйлчилгээ үзүүлж ажилласан. Ингэж ажиллах явцад гадаадын донор байгууллагаас орж ирсэн эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүд авч ашиглаад эргэж төлдөггүй жишээтэй анх нүүр тулж байлаа.

ЖДҮХС дээр төслийг сонгон шалгаруулах, түүнд зээл олгох, зээлийн эрсдэлийг удирдах удирдлагын чанар ямар байна, хамгийн чухал нь эргэн төлөлт ямар байгаатай нүүр тулж ажилласан гэсэн үг. Энэ явцад хэд, хэдэн зөрчил харагдаж байсан. Жишээ нь, 1998-2003 онд олгогдсон зээлийг 2010 онд буюу 7-10 жил өнгөрсний дараа авлага барагдуулахаар шүүхэд өгч байсан. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх Иргэний хуульд зааснаар гурван жил байдаг учраас хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийнэ дуусчихсан гэх мэт. Үндсэндээ 2013 онд ЖДҮ-тэй холбоотой энэ асуудал ил болчихсон байсан. Тухайн үед бид холбогдох албадад хэлж байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагад ч хандаж байсан. Сангийн яамны өр авлага тухайн үеийн ханшаар 250 тэрбум, одоогийн ханшаар 500 тэрбум төгрөгийн дүнтэй. ЖДҮХС-гийн асуудал 10 орчим тэрбум төгрөгийн дүнтэй хэрэг байсан. Харамсалтай нь олон нийтийн анхааралд ороогүй. Бидний өгсөн зөвлөмж зааврыг хэрэгжүүлээгүй. “Аз болж” ЖДҮ-гийн хэрэг илэрсэн. Сангаас зээл авч, өөрийнхөө бизнесийг дэмжих санхүүгийн хөшүүрэг болгож ашигласаар байгаад улайм цаймдаа гарчихсан, айж эмээх зан нь бүр арилаад ил тод шууд өөрийн компанидаа зээл авах байдлаар хэрэгжих хэмжээнд тулчихсан байсан. Бүх шийдвэр нь баримттай, алхам тутамдаа хууль зөрчсөн учраас ЖДҮХС-гийн асуудлыг олон нийт эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн байгууллага ч өлгөж аваад нэлээд ярьсан. Энэ дуулианы үр дүнд төсвийн мөнгийг зохисгүйгээр, ашиг сонирхлын зөрчилтэй зарцуулж байгаа хувийн бизнесийг дэмжих зорилготой төрийн өндөр дээд албан тушаалтнууд авч байгааг хэлэх завшаантай мөч тохиосон. Тийм учраас бид энэ асуудал дээр зүгээр сууж болохгүй гэдэг үүднээс шүүхэд хандсан. Хандахдаа хоёр нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрх нь, ЖДҮХС-гаас төсөл сонгон шалгаруулах журамд оруулсан нэг өөрчлөлтийг хууль бус байна гээд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл. Нөгөө нь нэр бүхий 16 компанид зээл өгсөн А88, А131, А141 тушаал буюу УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудад хамаарах компанид олгосон зээлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ хоёр хэргийн хоёулангийнх нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд.

-ХХААХҮ-ийн сайдын ЖДҮ-ийн төслийг шалгаруулах журамд оруулсан өөрчлөлт ихээхэн маргаантай, маапаантай байдаг. Та бүхэн яг юу гэж үзсэн юм бэ?

-Хэм хэмжээний актыг удирдлага болгож нэхэмжлэл гаргасан нь өөрөө их учиртай. Нэгдүгээрт, ЖДҮ-ийн хэрэг бол хулгай гэдэг нь батлагдаад байгаа. Энэ хулгай хуулийн “хулгай”-тай зэрэгцүүлж хосолж үйлдсэнээрээ онцлогтой. Энэ хэргийг судлаад үзэхээр хуульд нэг өөрчлөлт ороход ямар хохирол учруулж болдгийн жишээ бол энэ ЖДҮ. Хуульд нэг заалтад өөрчлөлт оруулахад ямар том хэмжээний хулгай илэрч болдог вэ гэдгийн нэг жишээ ЖДҮ юм. Тодруулж хэлье. 2016 оны арваннэгдүгээр сарын 9-ний өдөр Засгийн газраас 138 дугаар тогтоолоор ЖДҮХС-гаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам гэдгийг баталсан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14.5.2-д ЖДҮХС-гаас олгох зээлийн сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батлах байсан. Гэтэл 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр тус хуулийн ганцхан заалтад өөрчлөлт орсон. Тэр нь 14.5.2 буюу Засгийн газар баталдаг журмыг сайд баталдаг болгож УИХ-аас өөрчилсөн. Ингэснээр нэг сайд дээр зээл сонгон шалгаруулах, зээл өгөх, зээл эргэн төлүүлэх, магадгүй эргэн төлүүлэхгүй байх эрх төвлөрсөн. Хуулийн хулгай гэж хэлсэн учир нь дараа нь үүссэн бүх үр дагавар, гарсан шийдвэрүүдийг хөөгөөд үзэхээр 2017 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр хуулийн нэг заалтад орсон өөрчлөлт дараагийн бүх үр дагаврыг үүсгэсэн байдаг. Уг нь Хууль тогтоомжийн тухай хуулиар аливаа хуулийн нэмэлт өөрчлөлт судалгаатай, эрх ашиг нь хөндөгдөх хүмүүст танилцуулсан, ил тод байх ёстой байтал энэ шаардлагыг хангаагүй. Тэгээд 2017 оны зургадугаар сарын 12-ны өдөр А76 дугаар тушаал гаргаад ХХААХҮ-ийн сайд журмаа баталсан байдаг. Энэ журмын 6.7 гэдэг заалт бий. Энэ заалтад өмнө нь зээл олгоно гээд шийдвэр гаргаад зээлийн эх үүсвэрээ хүлээж байсан байсан аж ахуйн нэгжүүдэд олгохоор заачихсан. Гэтэл үүнийгээ хүчингүй болгочихсон. Ингэснээр тэргүүн ээлжинд санхүүжилт авахаар байсан аж ахуйн нэгжүүд зээл авахгүй болгочихсон. Дараа нь дахиад 2018 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр өмнө нь зээл өгье гэсэн тушаалуудаа бүгдийг хүчингүй болгосон.

-Журам, тушаалуудыг ингэж хүчингүй болгосон үндэслэлээ юу гэж тайлбарласан байдаг вэ?

-Төсвийн тодотголоор зээлийн санхүүжилтийг тусгах гэсэн боловч тусгагдсангүй. Тэгэхээр энэ зээлийг санхүүжүүлэх эх үүсвэр байхгүй байна гэсэн байдаг.

-Гэхдээ хоёр сарын дараа зээл олгоод эхэлсэн байдаг шүү дээ?

-Ингээд сайд өөрөө журмаар ч зээлийг санхүүжүүлэх үүрэг хүлээхгүй. Дээр нь үүрэг хүлээсэн тушаалаа өөрөө хүчингүй болгосон. Бидний мэдэж байгаагаар 54 аж ахуйн нэгжийн зээлийг өгөхгүй гэж мэдэгдсэн. Гэтэл дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт явагдсан. ЖДҮХС мөнгөтэй болчихсон. Ингээд тавдугаар сарын 14-нд сайдын А88 гэдэг тушаалаар 134 аж ахуйн нэгжид 100 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Монгол Улсын Ерөнхий прокурорын УИХ-ын чуулган дээр хэлсэн мэдээлэлд “Эдгээр 134 аж ахуйн нэгжээс 120 орчим нь ямар нэгэн байдлаар төрийн өндөр дээд албан тушаалтантай холбоотой байсан” гэсэн. Нэг хуулийн зүйл заалтын цаашид үүссэн үр дагавар, нэг хүнд эрх мэдэл төвлөрлөхөөр дур зоргоороо аашилсан нэг жишээ энэ. 2018 оны зургадугаар сарын 21-нд Улсын бүртгэлийн ерөнхий хууль батлагдсан. Энэ багц хуулийн 12.2-т улсын бүртгэлийн хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээллийг нээлттэй болгочихсон. Энэ заалтаар л ЖДҮ-тэй холбоотой булхай илэрсэн. Хэн дуртай нь компанийн хувь эзэмшигч хэн байна, гүйцэтгэх захирал хэн байгааг мэдэх боломжтой болсон. Нэг заалт хууль эрх зүйн орчныг бий болгоод нийгэмд үүссэн шударга бус албан тушаалтны дур зоргыг хязгаарлаж болох юм байна, зогсоож болох юм байна гэдгийн тод жишээ бол ЖДҮ юм.

-Ийм ноцтой асуудлыг бий болгосон сайдын тушаалыг хууль бус гэдгийг батлах боломжгүй гээд Улсын дээд шүүхээс үзчихсэн байдаг…

-Өөртөө эрх олгосон буюу төслийг санхүүжүүлэх үүргээс чөлөөлж, бусдад давуу байдлыг бий болгосон өөрчлөлт хийжээ гэдгийг давж заалдах шатны шүүх тогтоогоод хүчингүй болгочихсон. Гэтэл Дээд шүүхэд асуудал очсон. Нэхэмжлэл гаргаад явж байх явцад ЖДҮХС-гаас зээл сонгон шалгаруулах журмыг хүчингүй болж, шинэ журам батлагдсан. Тэгэхээр бид нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд тухайн үед үйлчилж байсан хэм хэмжээнгий акт хууль бус байсныг тогтоолгоё гэдэг байдлаар хандсан. Хэдийгээр одоо хүчингүй болчихсон ч тухайн үйлчилж байсан цаг үедээ хууль бус байсныг тогтоох эрх мэдэл захиргааны шүүхэд байна уу үгүй юү гэдгийг тогтоохыг хүссэн. Давж заалдах шатны шүүх байна гэж үзсэн. Дээд шүүх бол Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.8-д дээрх асуудлыг тогтоох эрх мэдэл олгогдоогүй байна гээд хэрэгсэхгүй болгосон. Ингээд бид ялагдсан гээд байгаа юм. Энэ маргаан зөвхөн Монголд байгаа юм биш. 1978 онд ХБНГУ-д яг ийм маргаан үүссэн. Хэм хэмжээний акт үйлчилж байх явцдаа хэдийгээр одоо хүчингүй болсон ч гэсэн хууль бус байсныг тогтоох бодит ямар шаардлага байна уу гэдэг маргаан үүссэн байдаг. Энэ хэм хэмжээний актын үр дагавар одоо болтол үйлчилж байгаа. Үүнээс үүдэлтэй хохирол одоо болтол байгаа учраас хууль бус байсныг тогтоогоод үүнээс үүдэлтэй хохирлоо нэхэмжлэх бололцоотой гээд 1978 онд шийдээд жишиг тогтоочихсон. Манайх бол хүчингүй болгосон. Асар хохиролтой шийдвэр болсон. Хэрэв энэ кейс дээр бид ялаад тушаал хууль бус байсныг тогтоосон бол нөгөө тушаалаас үүдэлтэй зээл авъя гээд хүлээж байсан 54 аж ахуйн нэгж өөрт учирсан хохирлоо тухайн үед хууль бус тушаал гаргасан хүнээр төлүүлэх бололцоотой болох байсан.

-УИХ-ын гишүүдийн хамаарал бүхий компаниудтай холбоотой хэрэг ямар шатанд явна вэ?

-А88, А131, А141 гэсэн сайдын тушаалаар төрийн өндөр дээд албан тушаалтнууд зээл авчихсан. Зээл өгнө гэсэн тушаалтай холбоотой заалтыг хүчингүй болгуулъя гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэг анхан шатны шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байна. 16 компани бүгд гуравдагч этгээдээр татагдаад байгаа.

-АТГ-аас хэдхэн хоногийн өмнө мэдээлэл хийхдээ ЖДҮ-ээс зээл авч банк бус санхүүгийн байгууллага байгуулсан найман иргэнийг зарлалаа. УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүдийн хамаарал бүхий ББСБ-ууд байгаа гэж мэдэгдэж байсан. Гэтэл АТГ-аас энэ мэдээлэл батлагдаагүй гэлээ. Ер нь ийм маягаар энэ хэрэг шийдэгдэх нь үү, хэн нэгэн хариуцлага хүлээх нь үү гэдэг улам эргэлзээтэй болоод байх шиг. Олон нийтийн зүгээс хариуцлагын асуудал дээр маш их хүлээлттэй байна?

-Бид анх хэд хэдэн үр дүнд хүрэхээр шүүхэд хандсан. Нэгт, зориулалтын бусаар зарцуулсан гээд байгаа асуудал хууль бус үйлдэл болсон уу гэдгийг тогтоох. Хоёрдугаарт, шүүхийн журмаар нотлох баримтуудыг олж аваад дүгнэлт хийх, олж авсан нотлох баримтаа нийтэд ил болгох. Гуравдугаарт эцсийн дүндээ хохирлыг төлүүлэх. Ингээд эхлээд ЖДҮ-гийн хэрэг ямар хууль тогтоомж зөрчсөн юм бэ гэдэг асуудал гарч ирнэ. Үүнийг хариуцлагатай холбож иргэд яриад байгаа. Ихэнхдээ шоронд хорь, эрүүгийн хариуцлага хүлээлгэ гэж байгаа. Өнөөдөр ЖДҮ-тэй холбогдолтой асуудал өрнөснөөс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Хэн нэгэн одоо болтол ял аваагүй байгаа. Ингэхээр ер нь энэ гэмт хэрэг мөн үү. Ял авах юм уу. Эсвэл түүнийг шалгаж байгаа хууль хяналтын байгууллага буруутай юм уу. Ял өгөхгүй байгаа шүүх нь буруутай юу. Ийм зүйлийг гэмт хэрэгт тооцдог, үүнийг тооцдоггүй гэсэн хуульдаа асуудал байна уу. Зориуд тэр хуульд ирээдүйд үүсч болох эрсдэлээ мэдээд өөрчлөлт оруулаад субьективээр хандсан гишүүдэд буруу байна уу. Энэ мэт маш олон асуудал үүсч байгаа юм. Дээр би хэлсэн. ЖДҮ бол хуулийн хулгай юм гэж. 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Батлахгүй дарсаар байгаад хоёр жилийн дараа баталсан байдаг. Энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлахдаа 22.2 гэдэг заалтыг алга болгочихсон. Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл заалтад албан тушаалтан өөрийн эрх мэдлээ хэтрүүлж, албан тушаалын давуу байдлаа ашигласан, бусдад давуу тал олгох шийдвэр гаргасан бол энэ гэмт хэрэг гэсэн заалт байсан. Харин 22.2-т нь өөрөө шийдвэр гаргахгүй ч албан нөлөөлөл ашиглаад яам руу утасдаад, сан руу бичиг хүргүүлээд “Энэ хүнд зээл өг” гэж шийдүүлж хэн нэгэнд давуу байдал олгосон бол хариуцлага тооцох заалт байсан. Гэтэл энэ заалтыг хүчингүй болгочихсон. Түүнийхээ дараа гишүүд “Би зүгээр дэмж гэсэн бичиг явуулсан. Өөр оролцоо байхгүй” гэж зарлаад байгаа нь ийм учиртай. Энэ зүйл заалт алга болсноор өнөөдөр хэнд ч хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаа юм.

-ЖДҮ-д холбогдсон ихэнх төрийн өндөр албан тушаалтнууд бичиг хүргүүлж, дэмжлэг хүсч нөлөөлсөн байдаг. Гэтэл АТГ-аас энэ үйлдэл гэмт хэрэгт нотлогдохгүй байна гээд эхнээс нь хэрэгсэхгүй болгож байгаа?

-Учир нь одоогийн 22.1 гэдэг заалтаар энэ бол гэмт хэрэг биш. Яг тэгж ярьж байгаа гишүүд өөрсдөө Эрүүгийн хуулийн өөрчлөлтийг батлахдаа хүчингүй болгосон 22.2-оор л гэмт хэрэг болох байсан байхгүй юу. Өнөөдөр иргэдийн шаардаад байгаа эрүүгийн хариуцлага хүлээлгээч гээд байгаа заалт байхгүй. АТГ-ынхан 22.1 рүү оруулах гээд үйлээ үзэж байна. Прокурор ч үүн дээр толгойгоо гашилгаж байгаа байх. Шүүх шийдэж чадах болов уу. Эрүүгийн хуулийн маш том зарчим байгаа. Гэмт хэргийг зөвхөн энэ хуулиар л тодорхойлно. Энэ хууль дээр тодорхойлсон үйлдэл нотлогдоогүй бол бусад ямар ч үйл ажиллагаа гэмт хэрэгт тооцохгүй гэж үздэг. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэж чадахгүй байгаагийн цаад учир энд л байгаа юм. Ингэхээр хуульч хүний хувьд үүн дээр хэлэхэд Эрүүгийн хуулиар хэн ч хариуцлага хүлээхгүй. Магадгүй хөөрхий төрийн нарийн бичгийн дарга, сангийн захирал гэх мэт хүмүүст ял өгч магадгүй. Харин нэр холбогдоод байгаа, нөлөөллөө бодитоор ашигласан албан тушаалтнууд хариуцлага хүлээх эрх зүйн орчин байхгүй.

-Магадгүй түүний тод жишээ бол ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг нарын хэрэг өнөөдөр /өчигдөр/ дөнгөж шүүхийн анхан шатны хэлэлцүүлэгт орж байна. Нөгөө нөлөөлсөн төрийн өндөр албан тушаалтнууд сураг алга?

-Шүүх хурал нь болох гэж байтал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихвал яах вэ. Хөөн хэлэлцэх хугацааг бас л УИХ-ын гишүүд өөрчилсөн шүү дээ.

-Зарим гишүүд бүр өөрийн хамаарал бүхий компаниудаар зээл авсан баримтууд ил байгаа. Тэд хариуцлага хүлээх үү?

-Энэ үйлдэл Эрүүгийн хууль зөрчөөгүй болж таараад байна шүү дээ. Харин Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг солнирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль гэж байгаа. Энэ хуулийн 22.2, 22.3-д УИХ, Засгийн газрын гишүүн төрөөс зээл авахыг хориглоно. Бас УИХ-ын ёс зүйн дүрмийн 3.1, 3.2-т УИХ-ын гишүүн өөрт байгаа мэдээллээ ашиглаж ашиг олохыг хориглоно, зээл авахыг хориглоно, төрөөс үйлчилгээ авахыг хориглоно гэсэн. Гэхдээ бас ямар ч хариуцлага байхгүй. Ажлаас л чөлөөлнө гэж байгаа. УИХ-ын гишүүд ямар хариуцлага хүлээх вэ.

-Тэгвэл энэ хэрэг ингээд бусад том хэргүүдийн адил намжих уу. Эрүүгийн хариуцлага биш байлаа ч өөр ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээх ёстой биш үү?

-Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 22.2, 22.3 зөрччихлөө. Анхан шатны шүүхэд бид нэхэмжлэл гаргахдаа энэ заалтыг зөрчөөд албаны эрх мэдлээ ашиглаад төрөөс зээл авчихсан байна. Энэ хууль бус гэдгийг тогтоолгоё гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт, ингээд ашиг сонирхлын зөрчилтэйгөөр төрөөс зээл авчихлаа. Үүнийг хууль бусыг тогтоочихвол зээлийн гэрээг хууль бус гээд хүчингүй болгочихно. Ингэхээр сан өөрөө хугацаанаас өмнө мөнгөө олж авах бололцоотой болно. Олон нийтэд хэд хэдэн албан тушаалтан “Би зээлээ төлчихсөн” гээд мэдэгдэл хийгээд байгаа. Уучлаарай, дөрөвхөн компани төлсөн. Бусад нь төлөөгүй байна. Гэхдээ үүнийг шийдэх арга зам бий. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд хууль бус шийдвэрийн улмаас иргэд аж ахуйн нэгжийг хохироовол иргэн аж ахуйн нэгж шүүхэд хандаад хохирлоо төрөөс гаргуулж авах эрхтэй. Ер нь манайд төрийн албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас иргэд аж ахуйн нэгжид жилд 7.2 тэрбум төгрөгийн хохирол учруулдаг. 2014-2018 оны стаститикийг харахаар 36 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Энэ хохирлыг төр өгчихсөн. Гэтэл төр хохирлоо барагдуулсан нэг ч тохиолдол байдаггүй. 36 тэрбум төгрөг бол 36 цэцэрлэг. Цэцэрлэг барих мөнгө байхгүй байгаа шүү дээ. Уг нь энэ ажлыг Үндэсний аудитын газар хийх хууль эрх зүйн орчин байдаг. Гэтэл үүний араас нэг ч явсан тохиолдол байдаггүй. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйл буюу санхүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байна. Бид Үндэсний аудитын газрыг шүүхэд өгөөд хоёр жил болж байна. Хууль байна хуулийнхаа араас буруутай этгээдээс төлүүлээч гэхээр харамсалтай нь ҮАГ-аас үүний араас явах хууль эрх зүйн орчин боловсронгуй биш байна гээд хууль биелүүлэх үүргээс өөрсдийгөө чөлөөлчихсөн. Анхан шатны шүүх дээр бид ялсан. ҮАГ хариуцах юм байна гэдэг шийдвэр гарчихсан. Гэтэл тэд зөвшөөрөхгүй давж заалдаад явж байгаа. Төрийн хохирлын араас хөөцөлдөх ёстой байгууллага нь өөрөө одоо болтол хөөцөлдөх ёсгүй гэж үзэж байна. Гэтэл энгийн аж ахуйн нэгж нэг иргэнийг хохироочихвол хохирлыг төлөөд хохирхлоо ажилтнаасаа яаж олж авдаг билээ. Ийм мянган жишээ хэлж болно. Гэтэл хуулиараа эрх мэдэл нь олгогдсон төрийн байгууллага явахгүй байна.

-Тэгвэл зөвхөн эрүүгийн хариуцлагаас гадна санхүүгийн хариуцлага илүү тохиромжтой гэж хэлэх гээд байна уу?

-Олон улсад ямар ч судалгаагаар хамгийн үр ашигтай, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлж чаддаг, хамгийн хүндээр тусдаг хариуцлагын нэг төрөл бол эрүүгийн хариуцлага биш эд хөрөнгийн хариуцлага гэж үздэг. Хүүхдийнх нь сургалтын төлбөр, хоол ундных нь мөнгө рүү, өөрийнх нь халаас руу ордог хариуцлагын төрөл учраас хамгийн үр дүнтэй гэж тооцдог. Манайд бол энэ хариуцлагыг биелүүлэх эрх зүйн орчин байна. Харамсалтай нь биелүүлэхгүй байна.

Ямартаа ч өнгөрсөн хугацаанд ЖДҮ хэмээх ийм дур зоргын, хууль зөрчсөн шийдвэр үйл ажиллагаа явуулж байж. Үүнээс үүдэлтэй хамгийн чухал шийдэх асуудал бол учирсан хохирлыг төлүүлэх. Иргэд аж ахуйн нэгжид учирсан бодит хохирол, хоёрт төсөвт учирсан хохирлыг төлүүлэх ёстой. Цаашдаа ийм үзэгдэл, хулгай гаргахгүй байх үүднээс хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ёстой. Сангийн тухай хуулиа батал. Нөгөө 22.2 дахь заалтыг Эрүүгийн хуульдаа сэргээх ёстой. Эцсийн дүндээ хэн нэгэн шоронд явах бол хариуцлага мөн үү, биш үү. Өчнөөн албан тушаалтан авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод ялаа эдлээд гараад ирснийг бид мэднэ. Гараад ирсний дараа өндөр дээд албан тушаалд томилогдож л байдаг. Хэдэн тэрбумын үнэтэй байранд амьдарч байгаа. Хорих ял нь хариуцлага болохгүй байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж: Хэрэв чи мэргэжилдээ үнэнч бол чиний мэргэжил чамайг хэзээ ч гомдоохгүй шүү

Монгол Улсын атар газар эзэмших их үйлсийг оройлон манлайлж, уг салбарын 60 жилийн түүхийг бичилцсэн эрхэм хүн бол Ш.Гунгаадорж гуай юм. Тэрбээр Монгол Улсын 15 дахь Ерөнхий сайд, мөн газар тариалангийн салбарын бүхий л шатанд ажиллаж, салбарын яамыг толгойлж явсан эрдэмтэн, манлайлагч билээ.


-Та газар тариалангийн салбарт хэрхэн орж, ажил амьдралаа холбож байсан бэ?

-Газар тариалангийн салбар бие дааж хөгжөөд 60 жил болж байна. 1959 он хүртэл Монгол Улсын хөдөө аж ахуй зөвхөн мал аж ахуй л байсан. Ингээд ЗХУ-д тэр үеийн төр засгийн удирдлага Ю.Цэдэнбал дарга Москвад очиж хэлэлцээр хийж, ер нь 1944 онд их зуд боллоо. Малаа зуданд дуусгах юм байна. Тиймээс тэжээлийн бааз хэрэгтэй боллоо, хоёрдугаарт бид 100 хувь гурилаа гаднаас авч байна. Энэ болгоныг шийдэж, онгон зэлүүд байгаа газраа ашиглаж, шимийг нь хүртмээр байна гэсэн санал тавьсан. Тухайн үед би оюутан байлаа. Ингээд ЗХУ-ын тухайн үеийн удирдлагууд саналыг хүлээн авч 1959 оны арваннэгдүгээр сарын бүгд хурлаар Монгол Улсад атар газар эзэмшиж үр тариа, гурилаар хангах үйлдвэрүүдийг байгуулах зорилт дэвшүүлээд эрчимтэй хэрэгжүүлж эхэлсэн. Би энэ цаг үед агрономич мэргэжлээр төгсөж ирээд Амгалангийн сангийн аж ахуйд ажиллаж эхэлсэн. Тэнд найман сар ажиллаад дөнгөж эв зүйгээ олж, нөхөдтэйгөө ойртон танилцаж байтал Сангийн аж ахуйн удирдах газар гэж байгуулагдсан. Энэ нь атар газар эзэмших чиглэлээр сайд нарын зөвлөлийн харьяа байгууллага байв. Ингээд Говь-Алтайн намын хорооны дарга байсан Ц.Лоохууз гэж хүнийг даргаар нь тавьсан юм байна. Намайг боловсон хүчин хариуцсан хүн дуудаад ажилла гэлээ. Тэгэхээр нь би очиж уулзаад “Аж ахуйд ажиллаж, үйлдвэрлэл дээр нь юм сурмаар байна” гэж хэлээд яваад өглөө. Нөгөө боловсон хүчин хариуцсан хүн ч надад юм хэлээгүй. Ингээд 20 гаруй хонож байтал дахиад дуудлаа. Яваад очсон чинь “Чи дарга дээр ор” гэж байна. Ц.Лоохууз гуай намайг хүлээж аваад нэлээн ширүүн уулзсан даа. Би үүдээр нь ороод 10 гаруй минут зогссон юм. Чи юу юм гээд загнаж байна. Яв гэхээр явахгүй гэдэг, ир гэхээр намын том бодлого хэрэгжих гэж байхад ирсэнгүй гээд донгодлоодоо. Ингэж атарын аянг хэрэгжүүлэх ажилд анх орж байсан. Атарын залуучуудтай газар хагалах, тариа тарих зэргээр эхний 3-4 жилийн 230-240 хоногт хөдөө нутгаар тасралтгүй бужигнасан даа. ЗХУ-ын мэргэжилтнүүд аж ахуй бүрт ирсэн. Трактор, комбайнчаар манай хүмүүсийг сургадаг. Энд нэг зүйлийг онцолж хэлэхэд манай Монголын залуус үнэхээр авьяастай л даа. Малчин залуус сар хүрэхгүй, заримдаа 45 хоногийн курст сураад л трактор бариад явна. Зөвлөлтийн хүмүүс Монголын залуус яасан авьяастай юм, манай 30-40 жил ажилласан тракторчин, комбайнчаас дутахгүй явж байна гэж толгой сэгсэрнэ. Өдий болтол намайг ийм зэрэгтэй хүн болгоход атарын анхдугаар аян их зүйлийг сургасан. Замд нь саад бэрхшээл тохиолдсон ч уг салбар Монголыг тэр чигт нь авч яваа гэж боддог.Энэ 60 жилийн хугацаанд би мэргэжилтэн, агрономич, орлогч сайд, сайд, аймгийн намын хорооны дарга гэх зэргээр ажиллаж ирлээ. Тариа будаанаасаа ер салсангүй. Тариаланч, ногоочидоосоо салсангүй. Одоо ч гэсэн энэ салбарт сэтгэл зүрх минь үргэлж хамт байж л байна.

-Атар газар эзэмшсэн 60 жилийн хугацаанд түүхэн үүрэг гүйцэтгэсэн олон хүн байгаа нь дамжиггүй. Бүгдийг нь дурдвал та бид хоёрын цаг зав хүрэхгүй байх. Та онцолж хэдэн хүнийг нэрлэхгүй юү?

-Тэгэлгүй яахав. Сайд нарын зөвлөлийн харьяанд байсан Сангийн аж ахуйн удирдах газрыг удирдаж байсан Ц.Лоохууз гуайг хэлэх байна. Монгол Улсад атар газар эзэмшиж, тариа ногоотой болох ажилд тэр хүний гүйцэтгэсэн үүрэг агуу. Яахав анхны тракторч, комбайнч, сангийн аж ахуйн дарга нар гээд олон хүн бий. Тэр болгоныг дурдвал барагдахгүй. Тиймээс энэ бүх ажлыг дээрээс нь зохион байгуулж, нэг шугамаар явуулахад чухал үүрэгтэй байсан штабыг гол болгон хэлж байна. Үүнийг Лоохууз гуай удирдаж байсан. Мөн Х.Банзрагч байна. Сангийн аж ахуйн удирдах газрын орлогч байж байгаад сүүлд даргаар томилогдсон. Санжаажамц гэж байлаа. Жамбал гэж сангийн аж ахуйн дарга байж байгаад Сангийн аж ахуйн удирдах газрын дарга болсон. Шинээр атар хагалсан дөрвөн аж ахуй байгаа. Зэлтэр, Дархан, Хэрлэн, Ерөөгийн сангийн аж ахуй юм. Дархан хот байгаа газар онгон зэлүүд атар газар байв. Түүн дээр анхны шанг татаж, Дарханы сангийн аж ахуй байгуулсан. Даргаар нь Төв аймгийн эвлэлийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Бадарчин гэх залууг тавьж байсан. Тухайн үед 20-иодхон настай байсан даа. Атрын 60 жилийн ойгоо үзэж чадалгүй таалал төгслөө. Олон жил атрын аж ахуйг удирдсан анхны эвлэлийн ажилтан юм. Ер нь эвлэлийн ажилтнууд болох залуучууд л атрыг эзэмших ажилд манлайлж оролцож байсан юм. Үүнээс гадна аж ахуйн дарга нар олон байна. О.Нямаа гэж сайд байлаа. Б.Бадамжав гэж Дорнод аймгийн Хэрлэнгийн сангийн аж ахуйд бид нэг баг болж ажилласан. Т.Даваасүрэн гэж байна. Бид гурав яамны 410 номерын өрөөнд сууж удирдаж байлаа. Бид эхний таван жил энэ штабыг удирдаж зохион байгуулж ажиллаж байсан. Би хойч үедээ хэрэгтэй юм гээд Атрын нэг, хоёр, гуравдугаар аяны талаар дэлгэрэнгүй бичиж, хүмүүсийг дурдаж өгсөн. Ном болж гарах байх. Энэ ажил яаж өрнөж, ямар хүмүүс хэрхэн зохион байгуулж явсан юм гэдэг бүхнийг бичээд үлдээсэн. Би өнөөдөр 84 насыг насалж байна. 60 жилийн ойгоо харж байгаадаа их л баяртай байна.

-Атрын гуравдугаар аяны тухай монголчууд сайн мэднэ. Харин 1, 2 дугаар аян хэрхэн явагдсаныг мэдэхгүй залуус олон байна. Энэ тухайд та дэлгэрүүлэхгүй юү?

-Атрын нэгдүгээр аян 1959, 1960 оноос эхлээд хоёр үе шаттай хэрэгжсэн. Нэгдүгээр үе шат нь 1960-1969 он, 1969-1975 он юм. Үндсэндээ 15 жилийн хугацаанд атрын нэгдүгээр аян өрнөсөн юм. Анхны аянд ерөөсөө л газар хагалаад байсан. Шинжлэх ухааны үндэстэйгээр хөрсийг боловсруулах, бордох, үрийн аж ахуй гэж байсангүй. Эхний 10 жил ерөөсөө л газар хагалаад шимтэй хөрснөөс үр тариагаа хураан авч байсан. Ингээд 1969 оноос нөгөө хагалсан газар маань аажимдаа салхинд идэгдээд, үржил шим нь муудаад эхэлсэн. Тэгэхээр нь 1969 онд улсын агрономчидын анхдугаар зөвлөгөөн хийгээд ер нь өнгөрсөн 10 жилд юу болов, цаашид яах вэ гэж ярьсан. Ингээд уг зөвлөгөөнөөс газар тариалангийн систем гэдгийг боловсруулаад Монголын баруун, зүүн, төвийн бүс нутгаар ямар систем байх уу гэдгийг боловсруулаад баталж гаргасан. Хоёрдугаарт газар тариаланг материаллаг техник баазаар хангахгүй бол болохгүй нь гэж үзсэн. Орчин үеийн техникээр хангах хэрэгтэй байна, засварын газар, үрээ хадгалах агуулах зэргийг 1970 оноос бодлого болгож суулгаж чадсан. Хөдөө аж ахуйн яам эрчимтэй ажилласан. Би тухайн үед яамны газар тариалан хариуцсан орлогч сайдаар томилогдсон юм. Тухайн үед үнэхээр нойр хоолгүй ажиллаж байлаа. Ингээд 1973 он гэхэд үндсэндээ бүх сангийн аж ахуй засварын газартай, үрийн агуулахтай, нэг үгээр хэлбэл, материаллаг баазаар бүрэн хангагдсан. Мөн мэргэжилтэй боловсон хүчинтэй болсон байлаа. Ингэж ургац тогтворжиж 1973 онд 512 мянган тонн ургац авч түүхэн дээд ажмилт тогтоож байсан. Гадаадад будаа тариа гаргаж байсан даа. Ингээд 1975 оноос атрын хоёрдугаар аян залгасан юм.

-Таныг энэ үед сайдын албаас чөлөөлөгдөж тушаал буурч байсан гэж сонссон. Ямар учраас тэгсэн юм бол?

-Би Тэсийн тэжээлийн аж ахуйд гурван жил шахам ажилласан юм. Сайд байж байгаад буусан. Гэр бүлийн хэрэг юм даа. Авгай сольсон “хэрэг”. Тэр үед чанга хатуу, нам хайрладаггүй байлаа шүү дээ. Ингээд намаас арга хэмжээ авахуулаад Завхан аймгийн Тэсийн тэжээлийн аж ахуй гэж ЗХУ-ын хүч хөрөнгөөр байгуулагдсан газар руу илгээлээ. Тус аж ахуй 1968-1975 он хүртэл нэг ч удаа ургац аваагүй. Ерөөсөө ургац авдаггүй байсан. Баруун аймгуудыг тэжээлээр хангах чухал газар байтал ингэж болохгүй шүү дээ. Ингээд би очсон. Би тэнд нэг зүйлийг маш сайн ойлгосон. Хэрэв чи мэргэжилдээ үнэнч бол чиний мэргэжил чамайг хэзээ ч гомдоохгүй шүү гэж нэг хүн хэлж байсан. Тэр үг надад орж ирж байлаа. Би том сургууль төгсөөд, Казахстан зэрэг улсад нь очиж туршлага судлаад ирсэн мэргэжилдээ эзэн болсон хүн. Тийм учраас дээрх асуудлыг яаж шийдэх үү гэж өөрөө өөртэйгөө ярьсан. Үнэхээр буруу технологи хэрэглээд хөрсөө эргүүлсээр байгаад салхинд хийсчихсэн байсан. Нөгөө хөрсийг эргүүлдэггүй Канад, Казахстаны технологийг очсон намар 80 хувьд хэрэглээд, дараагийн жил хагаст 100 хувь нэвтрүүллээ. Ингээд очсон жилээ 80 хувийн ургац авсан. Дараагийн жилүүдэд мөн өндөр ургац авлаа. Ингэж Тэсийн тэжээлийн аж ахуй улсад өндөр ургац авдаг аж ахуй болоод би буцаж яамандаа ирсэн. Тэр бол миний биеэр хийсэн гавьяа гэж боддог. Хүн ер нь ном эрдэм үзээд, зохион байгуулаад ард түмний хүчээр ажил явуулаад байх нэг хэрэг. Эзэмшсэн мэргэжлээрээ гардан гүйцэтгэж шим шүүсийг нь өөрийнхөө гараар хүртэнэ гэдэг бас нэг хэрэг. Би хоёр зүйлийг л яг тэгж өөрийн гараар хөлсөө дуслуулж хийсэн гэж боддог юм.

-Нөгөөх нь юу вэ?

-Яам руу ирсэний дараа намайг Сэлэнгэ аймаг руу нэг явуулсан. Тус аймаг тарианы гол район. Ургац алдаад байсан гэсэн. Ю.Цэдэнбал дарга “Чи агрономич, залуу хүн. Мэргэжлээ мэдэж байгаа, чи тэр Тэст сайн ажилласан. Харин одоо Сэлэнгэ явж сахилгагүй, хариуцлагагүй байдалтай тэмцээрэй. Мэргэжлийнхээ ажлыг чамбай хийхийг чинь мэдэж байна” гэсэн. Ингээд би Сэлэнгэд зургаан жил ажиллаад үндсэндээ тус аймаг өндийсөн. Хөдөлмөрийн баатар Гончигбал Сэлэнгэд гурван хамуу бий. Нэг нь тарианы хамуу, нөгөөх нь малын хамуу, гурав дахь хариуцлагагүйн хамуу гэж хэлж байлаа. Мөн эхний хоёр хамуу яахав ээ, мэргэжлийн хүн эдгээчихнэ. Харин хариуцлагагүйн хамууг анхаарч үзээрэй гэсэн дээ. Үнэхээр ч хариуцлага алдсан газар байсан. Гэхдээ олон түмний хүчээр намын байгууллагыг толгойлож ажиллаж байсан учир гарт амархан орж ирсэн. Тухайн үед нам бүхнийг шийддэг, захиргааддаг байлаа шүү дээ. Намайг явахад ганц Сэлэнгэ аймаг 323 мянган тонн ургац авч байлаа. Одоо улсын хэмжээнд авч байгаа ургац юм уу даа. Тэгээд тэндээс намайг хөдөө аж ахуйн яамны сайдаар томилоод ажилласан.

-Та 60 жилийн өндөрлөгөөс салбарынхандаа юуг захиж явдаг вэ?

-Ер нь аль ч албанд ажилласан, тариа байна уу, мал дээр ч байна уу адилхан. Юм хариуцаж л байгаа бол хариуцсан ажилдаа эзэн болж, уусан шингэх ёстой. Энэ салбарын онцлог юу байна, юу дутав, удирдлага технологийн хувьд хэрхэн анхаарахаар байна гэх зэргээр анхаарна. Тэр дундаа хүнтэй зөв ажиллана гэдэг ямар ч салбарт чухал. Хүний эвийг олох, удирдан зохион байгуулах нь тун чухал юм шүү. Муу хүн гэж байдаггүй. Харин муу удирдагч гэж байдаг. Удирдагч хүний урлаг бол зэмлэх цагт нь зэмлэж, урамшуулах цагт нь урамшуулж чаддаг байх хэрэгтэй. Зөв хослуулж чадвал тухайн салбарт аяндаа хүмүүс хүрээлээд ороод ирдэг. Түүнээс биш өөрийгөө бодоод, хувиа хичээгээд байж таарахгүй. Танил талаар асуудал шийддэг байдлаас хол явах хэрэгтэй. Үнэнч шударга байна гэдэг тун эрхэм зүйл. Ингээд салбарынхандаа хандаж мэндчилгээ дэвшүүлье.

-За?

-Монгол Улсад цоо шинэ газар тариалангийн салбар бий болж1959 оноос хойш өнөөг хүртэл зовлон бэрхшээлийг даван туулж хөгжихөд сайн нь саараасаа их байсан. Энэ 60 жилийн босгон дээр манай тариаланчид, анхны атарчид маань бүгд өнөөдөр их баяртай, сэтгэл өндөр ойтойгоо золгож байгаа гэж ойлгож байна. Энэ баярын өдөр нийт тариаланч хамт олондоо, мөн атрыг эзэмших 1,2,3 дугаар аянд оролцсон баатарлаг хүмүүсдээ ойн баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Эх орноо хүнсээр хангах ажилд улам ихийг хийж яваарай гэж хүсч байна. Мөн будаа, ногоо иддэггүй хүн гэж байхгүй. Тиймээс атар газар эзэмшсэн нь нийт ард түмний эрх ашгийн асуудал юм. Мөн нийт түмний үүрэг. Тийм учраас ард түмэн газар тариаланг хөгжүүлэх үйлсэд сэтгэл санаа бүх талаараа дэмжлэг туслалцаа үзүүлж яваарай гэж хүсэх байна. Та бүхэндээ атрын 60 жилийн ойн мэндийг давхар дэвшүүлье.

Г.БАТЗОРИГ

Categories
мэдээ цаг-үе

Эмчийн бичсэн жорын дагуу антибиотик хэрэглэхийг уриалж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас жил бүрийн арваннэгдүгээр сард антибиотикийн эсрэг долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жилийн антибиотокийн эсрэг долоо хоног “Антибиотикийн ирээдүй бид бүгдээс хамаарч байна” уриан дор өчигдөр эхэллээ. ДЭМБ-аас 2015 оноос энэхүү арга хэмжээг нянгийн тэсвэржилтийн талаарх дэлхийн хүн амын мэдлэгийг сайжруулах, олон нийт эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, бодлого боловсруулагчдын дундах сайн дадлыг дэмжих зорилгоор хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал ярихдаа “ДЭМБ-аас Монгол Улсад хийсэн судалгаагаар нийт хүн амын дунд хэрэглэж байгаа эм, эмийн бүтээгдэхүүний 70 орчим хувийг импортоор авч хэрэглэдэг. Монгол Улсын эмийн бүртгэлд 5900 орчим эм бүртгэгдсэнээс 14 хувь нь нянгийн эсрэг үйлдэлтэй эм байна. Өөрөөр хэлбэл, антибиотикийн эсрэг үйлдэлтэй эм. ДЭМБ-аас антибиотикийн хэрэглээний судалгааг зарим улс орнуудын мэдээлэлд тулгуурлан гаргасан. 2012 оны мэдээлэл дээр үндэслэхэд Монгол Улс нянгийн эсрэг антибиотикийн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог орны тоонд орсон. Энэ байдалдаа бид дүн шинжилгээ хийгээд ЭМЯ, эрүүл мэндийн байгууллагууд хамтран жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногийг антибиотикийн эсрэг долоо хоног болгон маш идэвхтэйгээр тэмдэглэх болсон. Арга хэмжээний хүрээнд нийтийн үйлчилгээний эмийн сангаас антибиотик авахдаа жороор олгох үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Сүүлийн үед жоргүй эм олгох асуудал нэлээд цэгцрээд, эмийн сангууд жоргүйгээр нянгийн эсрэг үйлчилгээтэй эм буюу антибиотикийг өгөхөө больсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй олгож байгаа эмэнд цахим жорыг нэвтрүүлснээр антибиотикийн жор бичих, хэрэглээний хяналтыг хийх үйл ажиллагаа сайжирсан. Азийн хөгжлийн банкны эрүүл мэндийн салбарын хөгжил форумын хөтөлбөр байдаг. Энэ төслийн хэмжээнд нийт ард иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа улсын хэмжээний үйлчилгээтэй дундах шатлалын эмнэлгүүд, аймаг дүүргүүдийн эмнэлгүүдийн нөөц судлалын лаборторийн хүчин чадлыг сайжруулах засвар хийсэн. Шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Эмнэлэгт хэвтэж, үзүүлж байгаа иргэд ямар нэгэн халдвар авсан тохиолдолд нянгийн эсрэг эм буюу антибиотик тэсвэртэй байна. Ямар антибиотик хийвэл энэ өвчлөлийг илүү эмчлэх вэ гэдгийг тодорхойлж байгаа. Ингэснээр олон эмэнд дасалтай буюу нянгийн эсрэг антибиотикд дасал үүсэхээс сэргийлэх үйл ажиллагаа манай улсын хэмжээнд бүрдэж байна” гэв.

Нянгийн эсрэг эмэнд тэсвэржилт үүсэхээс сэргийлэх арга нь бид бүхний хийж чадах, дадах ёстой маш энгийн арга юм. Антибиотикийн тэсвэржилтийг сааруулах, урьдчилан сэргийлэхэд дараахь алхмуудыг хийх ёстой ажээ. Үүнд:

•Гараа савандаж, тогтмол угаах

•Бэлгийн аюулгүй харилцааг эрхэмлэх

•Вакцинжуулалтад тогтмол хамрагдах

•Зөвхөн танд зориулж зөвлөсөн антибиотикийг бусадтай хуваалцахгүй байх

•Антибиотик эмчилгээг зөвхөн мэргэшсэн эмчийн заавраар хэрэглэх

•Эрүүл ахуйн шаардлага хангасан нөхцөлд хоол, хүнсээ бэлтгэх

•Өвдсөн тохиолдолд бусад хүмүүстэй ойрхон харилцахаас зайлсхийх

•Эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй ус хэрэглэх гэх мэт аргуудыг хэрэглэх зөвлөмжийг мэргэжилтнүүд өгч байна.

Энэ тухай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Биотехнологи, инновацийн албаны дарга Б.Ичинхорлоотой ярилцлаа.

-Антибиотикийн эсрэг долоо хоногийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар ямар арга хэмжээ авах, хүртээмжтэй байх талаар яаж ажиллах вэ?

-НЭМҮТ сургалт сурталчилгааг нь хариуцаж байгаа. Сурталчилгаа гэхээр ард иргэд рүү чиглэсэн энгийн үг хэллэгтэй, хэлэхэд амархан үгтэй уриа бүхий сурталчилгаануудыг тараана. Сошиал орчин, телевиз, сонин хэвлэл гээд ард иргэдэд хүргэх боломжтой бүх сувгаар мэдээллээ тараана. Энэ үйл ажиллагаанд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг хамтран оролцож байгаа. Нэгдүгээр эмнэлгийн эмч нараас антибиотикийн тэсвэржилт гэж юу болох, яаж урьдчилан сэргийлэх, антибиотикийг яаж хэрэглэвэл тэсвэржилтээс хамгаалах талаар тодруулга авч ярилцлага мэдээллүүдийг хүргэхийг зорьж байна.

-Антибиотикийн тэсвэржилт гэж яг юуг хэлээд байна вэ?

-Антибиотик анх нээгдсэн цагаасаа хойш олон өвчнийг дарсан. Антибиотик хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гэхдээ түүнийг зөв хэрэглэж байж хэрэгтэй байдлыг ашиглана. Тухайлбал, хүмүүс антибиотикийг хэрэглэхдээ эмчийн зааваргүйгээр нэгнээсээ ам дамжин сонссон эмээ эмийн сангаас аваад хэрэглэчихдэг. Хоёр хоног ч юмуу ууж байгаад жаахан гайгүй болонгуут би зүгээр болчихлоо гээд уулгүй хаячихдаг. Антибиотик гэдэг зүйл чинь амьтай, өөр хоорондоо мэдээлэл солилцож байдаг. Эргүүлээд өөрөөсөө устгах кодыг мэдээлж эхэлнэ. Жишээлбэл, амоксициллин өөрөөсөө задалдаг эмийг гаргаад ирнэ. Дараа нь тэр өвчин дахин тэр амоксициллинийг уухад хэзээ ч дарагдахгүй. Дараа нь өөр нянгууд руугаа мэдээллээ дахин дамжуулаад эхэлнэ. Тэгээд бүх нянгуудад антибиотиктийн тэсвэржилт үүсээд эхэлдэг. Хэчнээн антибиотик хэрэглээгүй ч гэсэн тэсвэржилт үүсдэг. Дараа нь тэр нянгаар үүсгэгдсэн өвчнөөр хүн өвдлөө гэж бодоход тэр өвчин антибиотикт аль хэдийнэ дасал болчихсон байдаг. Гэтэл тэр өвчнийг дарахын тулд илүү хүчтэй антибиотик, эсвэл 2-3 антибиотикийг хольж хэрэглэж байж дарах шаардлагатай болдог. Тиймээс антибиотикийг зөв зохистой хэрэглээд, тэсвэржилтийг бууруулах шаардлагатай.

-Өрхийн эмнэлэг, эмнэлгийн байгууллага гэхээсээ илүү хувийн эмийн сангуудын эм зүйч нарт илүү мэдээлэл өгөх ёстой юм шиг байна л даа. Эм зүйч нарт мэдээллийг яаж хүргэдэг вэ. Сургалт хийдэг үү?

-Эмч, эмнэлгийн ажилчдад сургалт мэдээллийг хүргэдэг, заадаг. Ард иргэд бол зөвхөн эмчийн зөвлөсөн эмийг жорын дагуу хэрэглэх нь чухал.

-Манай улс эмийн замбараагүй хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт ордог. Энэхүү антибиотикийн эсрэг долоо хоногийг хэрэгжүүлж эхэлснээс хойш судалгаа хийсэн үү. Буурч байгаа болов уу?

-Ер нь ард иргэдийн дунд хэвшмэл болсон зан үйл байна л даа. Энэ ханиаданд ч гэдэг юмуу, энэ өвчинд ийм эм сайн гэсэн сургаар нөгөө хүн нь дур мэдэн эм авч хэрэглэдэг. “Жор үзсэн ламаас зовлон үзсэн чавганц дээр” гэдэг үг сэтгэхүйд нь суучихсан. Энэ эмийг уугаад би зүгээр болчихсон гэхээр л нөгөөхийг нь аваад уучихдаг. Энэ мэт зан үйлүүд нөлөөлөөд байна. Жороор л эм олгодог эмийн сангууд олон болж, замбараагүй хэрэглээ бага ч гэсэн буурч байна. Гэсэн ч зарим эмийн сангууд жоргүй олгоод байна.

-Эмийн сангуудад хяналт тавьж чаддаг болов уу?

-Хяналтыг Мэргэжлийн хяналтын газар хийдэг болохоор сайн мэдэхгүй юм.

-Антибиотикийн хамгийн хор нөлөөтэй зүйл юу вэ?

-Антибиотикийг дутуу хэрэглээд орхиход өвчний шинж тэмдгийг байхгүй болгочихдог. Гэтэл нөгөө нян нь үхэхгүй. Тухайн үедээ хагас унтаа байдалд ордог. Дахин хэсэг хугацааны дараа хоолой өвдөх ч юмуу ямар нэгэн өвчлөл илрэхэд нөгөө антибиотикийг дахин хэрэглэхэд дарагдахгүй. Хүмүүс түүнийг нь эмэнд дарагдахгүй болчихсон, одоо амоксициллин хэрэглэхгүй, пенициллин хэрэглэнэ гэдэг. Энэ л антибиотикийн буруу хэрэглээ болоод байгаа юм. Хоёрдугаарт, хүнсэнд хэрэглэсэн антибиотикоос болоод тэсвэржилт үүсээд байна. ДЭМБ-аас гурван зөвлөмжийг өгдөг. Нэгдүгээрт, эмчийн бичсэн жорын дагуу антибиотикийг хэрэглэ. Хоёрдугаарт, эмчийн бичсэн эмийг хэн нэгний өвчин адилхан гэж бодоод хувааж битгий хэрэглэ. Гуравдугаарт, хэн нэгний уулгүй үлдээсэн антибиотикийг үргэлжлүүлэн битгий уу. Энэ л гурван дүрмийг иргэд маань чанд сахих хэрэгтэй байна.

ЭМЯ-ны эмнэлгийн хэрэгслийн хэлтсийн мэргэжилтэн Н.Амаржаргал ярихдаа “Нийслэлийн эрүүл мэндийн газраас Нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудын эм зүйч нарт маргаашнаас (өнөөдрөөс) сургалт зааж эхэлнэ. Тэсвэржилтийн байдал дээр судалгаа хийсэн зүйл одоогийн байдлаар байхгүй. Энэ төрлийн судалгааг зайлшгүй хийх шаардлага үүсээд байна. ДЭМБ-аас хоёр төрлийн судалгаа хийж байгаа. Нэгдүгээрт, тухайн улс оронд антибиотикийн хэрэглээ ямар байна. Хоёрдугаарт, тэсвэржилтийн байдал ямар байна гэдэг тандалтын судалгааг хийж байна. 2015 онд бид ДЭМБ-тай хамтран судалгаа хийсэн. Судалгаагаар манай эмийн замбараагүй хэрэглээ өндөр гарсан. Эхний ээлжинд бид нийтийн үйлчилгээтэй эмийн сангуудад жоргүй эм өгөхгүй гэдэг сургалт сурталчилгааг хийнэ. Энэ арга хэмжээг эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдад ч авсан. Бүх шатанд арга хэмжээ, сургалт сурталчилгааг хийгээд явж байна. 2018 онд тандалт судалгааг хийж үзсэн. Нянгийн эсрэг эмийн импортоор орж байгаа болон үйлдвэрлэлийн хэрэглээ 21.7 хувиар буурсан гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь сайшаалтай хэрэг ч буурч байна гээд орхиж болохгүй. Иргэд аль болох жоргүй эмнээс татгалзаад эхэллээ. Одоо эмч эмнэлгийн ажилчид маань нянгийн эсрэг эмнээс аль болох зайлсхийх, шууд антибиотик бичдэг асуудлаас аль болох татгалзаж, өөр эмчилгээний аргыг сонгоосой хэмээн уриалж байгаа юм” гэв.


Categories
мэдээ нийгэм

Төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон зална

11 дүгээр сарын 28-нд Монгол Улсын төрийн дууллыг Төрийн түүхийн музейд үзмэр болгон залах гэж байна.

Төрийн хошой шагналт, ардын жүжигчин хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ой, Монгол төрийн билэг тэмдэг МУ-ын төрийн дууллын хөгжмийг зохиосны 70 жилийн ойг тохиолдуулан МУ-ын төрийн дуулалд хүндэтгэл үзүүлэх, төрийн дууллыг зохиогч Лувсанжамбын Мөрдорж, Билэгийн Дамдинсүрэн, Цэндийн Дамдинсүрэн нарын гавьяаг алдаршуулж дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор “Лувсанжамбын Мөрдорж” сангаас санаачлан БСШУСЯ-ны Соёл Урлагийг дэмжих сан, Airticket компаний санхүүжилт, Архивын ерөнхий газар, Төрийн түүхийн музейн дэмжлэгтэйгээр энэхүү ажлыг зохион байгуулж байгаа аж.

Монгол төрийн сүлд, туг, далбаа, тамганы хамтаар Төрийн түүхийн музейд залрах энэ үзмэр нь төрийн дууллыг бүтээсэн тухай архивын баримт сэлт ба аудио бичлэг, шинэ баримтат видео бүтээл, 3 зохиолчийн 3 эх бүтээлийг анх удаа олон нийтэд толилуулах юм.

“Лувсанжамбын Мөрдорж” санг Л.Мөрдоржийн хөгжмийн бүтээлийг сурталчлах, баримтат өвийг хамгаалах, Л.Мөрдорж судлалыг хөгжүүлэх зорилгоор түүний хүү төгөлдөр хуурч удирдаач М.Эрдэнэбаатар агсан байгуулсан бөгөөд Л.Мөрдоржийн ач нар тус сангийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Тус сангаас Л.Мөрдоржийн намтар уран бүтээлийн тухай баримтат кино бүтээж, Монгол улсын анхны симфони Л.Мөрдоржийн 1-р симфоний пянз хэвлэн нийтэлж, “Л.Мөрдорж-100 жил” шилдэг бүтээлийн хүндэтгэлийн тоглолтыг 12 сарын 4-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт зохион байгуулна.

11 дүгээр сарын 28-нд 12 цагаас болох МУ-ын Төрийн дууллын үзмэрийн нээлтийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99196623 утсаар авна уу.

Image result for Төрийн дуулал

Түүхийн баримт сөхвөл 1914 онд Богд хаант Монгол улсын төрийн дууллыг Богд хаант Монгол Улсын Засгийн газрын захиалгаар Оросын Санкт-Петербургийн Маринийн театрын хийлч А.Кадлец “Зуун лангийн жороо луус” ардын дууг найруулан зохиожээ. Энэхүү сүлд дууг 1914-1924 ондшашин төрийн ёслолд эгшиглүүлж байв. Үүний дараа С.Буяннэмэх, Н.Насанбат нарын 1922 онд зохиосон “Монгол Интернационал” дууг аливаа ёслол арга хэмжээнд төдийгүй Монголын радиогийн өргөн нэвтрүүлгийн эхлэл төгсгөлд улсын төв театрын хөгжимчид хөгжимдөж байжээ.

1945 онд Тусгаар Монгол улс төрийн сүлд дуулалтай байх нь зүйтэй гэсэн ард нийтийн санаачилга гарснаас хойш БНМАУ-ын төрийн дууллыг бүтээх ажил ундарсан гэдэг.

Мөн ондоо Урлагийн Хэрэг эрхлэх газраас төрийн дууллын шүлгийг бичих хааллтай уралдааныг зохиолч яруу найрагчдын дунд зарлаж, Ц.Дамдинсүрэнгийн шүлэг ба Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлэгт ая зохиолгох болжээ.

1949 онд БНМАУ-ын сүлд дууллын хөгжмийг зохиох уралдаанд тухайн үеийн урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Мөрдорж гуай “Бор шувуу”, Б.Дамдинсүрэн “хэрээ” гэх нууц нэрээр оролцож, зохиолч Д.Сэнгээ, Л.Дүгэрсүрэн, Ч.Лодойдамба нарын хамтран бичсэн шүлгээр төрийн сүлд дууллын аялгууг бичиж, 1949 оны 3 сард циркийн хөгжимчид ба төв театрын найрал хөгжим нэгдэн хор дуучидтай тоглуулж сонирхуулжээ. Уралдаанд ардын дуунууд, Монгол интернационал, Зуун лангийн жороо луус тэргүүтэй олон бүтээлийг харьцуулан сонссоны эцэст Б.Дамдинсүрэнгийн сүлд дууллын бадаг хэсгийн аялгууг, Л.Мөрдоржийн зохиосон сүлд дууллын дахилт хэсгийн аялгуутай нийлүүлэхээр болжээ. Ингээд 1949 оны 12 сард энэхүү шинэ дууллыг төв театрын найрал хөгжимчид ба цэргийн үлээвэр найрал хөгжмөөр тоглож Маршал Чойбалсан болон Урлагийн асуудал эрхлэх хорооны хөгжмийн зүтгэлтнүүдэд сонсгон санал хурааж олонхиороо дэмжсэн байна. Улмаар 1950 оны 2 сарын 24-ны улс төрийн товчооны хурлаар төрийн дууллын хөгжмийг албан ёсоор баталсан байна.

Улсын дууллын уралдаанд 1946 оны 4 сард ирүүлсэн Цэндийн Дамдинсүрэн гуайн шүлгийг хэдэн удаа хэлэлцэж засварласны хойно 1950 оны 3 сард төрийн дууллын шүлгээр баталсан байна. Үүнтэй зэрэгцэн 1950 оны 3 сард Москвад Б.Дамдинсүрэн, Л.Мөрдорж нарын зохиосон төрийн дууллын ая, төгөлдөр хуурын клавирыг ЗХУ-ын эмэгтэй хөгжмийн зохиолч Морова тоглож дуулж яруу найрагч С.Михалков, Исаковский нарт сонсуулсан ба С.Михалков симфони найрал хөгжим болон үлээвэр найрал хөгжимд найруулах, партитур буюу удирдварыг оросын Василенко,Чернецкий нараар бичүүлэхийг санал болгожээ. Хожим нь эдгээр 2 удирдвар нотыг Монгол руу илгээжээ.

1950 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчид “БНМАУ-ын шинэ сүлд дууллыг батлах тухай” 43 дугаар зарлиг гарган батлаж, 1950 оны 5 дугаар сарын 1-нээс эхлэн төрийн сүлд дууллыг орон даяар эгшиглүүлж эхэлжээ.

Монгол Улсын төрийн дууллыг зохиосон Ц.Дамдинсүрэнд төрийн шагнал, хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, Б.Дамдинсүрэн нарт төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртээж хүндэтгэл үзүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Эргүүлийн машинуудад засвар хийжээ

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн удирдлага, алба хаагч нар эргүүлийн автомашинуудад засвар хийхэд шаардлагатай 9.9 сая төгрөгийн зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Автобааз, дүүрэг, орон нутгийн удирдлагуудаар шийдвэрлүүлжээ.

Дээрх ажлын хүрээнд “Киа рео” маркийн 2, “Hyundai accent” маркийн 2, нийт 4 автомашинд өнгө будаг, тусгай тоноглолыг шинэчилж, урсгал засвар үйлчилгээг иж бүрэн хийж, автомашины техникийн бэлэн байдлыг хангуулсан байна.

Мөн Цагдаагийн ерөнхий газрын Автобааз болон Нийслэлийн цагдаагийн удирдах газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй өвлийн дугуйны гүйлт норм нь дууссан болон өвлийн улирлын дугуйгүй 117 автомашинд 468 дугуйг худалдан авах зардлыг Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албанаас шийдвэрлэн өгсний дагуу худалдан авах ажиллагааг зохион байгуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Сургуулийн автобусны үйлчилгээнд явж буй жолооч нарт сургалт зохион байгууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баян-хүрээ” сургалтын төвтэй хамтран арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд”, нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С. Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт”, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э. Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?”, “Баян-хүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан бизнес эрхлэгчидтэй уулзана

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим Төр, хувийн хэвшлийн хэлцэлийг хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд бизнес эрхлэгчдийн санал, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Business breakfast” уулзалтыг сар бүр зохион байгуулж байна.

Уг уулзалт, ярилцлагад Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, сайд, агентлагийн дарга болон бусад төрийн байгууллагын удирдлагууд урилгаар оролцож, бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзан, санал бодлоо солилцох боломжийг бүрдүүлдэг юм.

Арваннэгдүгээр сарын 29-ний баасан гарагийн “Business breakfast” уулзалтын зочноор Монгол Улсын Засгийн Газрын Гишүүн, Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайд Ч.Улаан уригдан бизнес эрхлэгчидтэй санал бодлоо солилцох юм.

Categories
мэдээ нийгэм

Ирэх онд найман байршилд өмч хувьчлал хийхээр төлөвлөжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нийслэлийн өмч хувьчлалын 2019 оны дүн, 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалт батлах тухай асуудлын танилцуулгыг Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын Өмчийн хувьчлал хариуцсан ахлах мэргэжилтэн Ч.Мөнхбаяр хийв.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2018 оны 20/21 дүгээр тогтоолоор 2019 онд хоёр аж ахуйн нэгж, 13 барилга байгууламжийг хувьчлахаар шийдвэрлэж, нийслэлийн төсөвт өмч хувьчлалаас 90.1 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр шийдвэрлэсний дагуу хувьчлалын ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах барилга байгууламж, эд хөрөнгийн жагсаалтын төслийг бэлтгэхдээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, есөн дүүргийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн харьяа 34 агентлагаас ирүүлсэн санал, нийслэлийн өмчлөлд зайлшгүй байх шаардлагатай эсэх, ашиглалтын өнөөгийн түвшин, цаашид ашиглах хэрэгцээ шаардлага зэргийг харгалзан төслийг боловсруулжээ. Ингэхдээ 2020 онд хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн барилга, Баянгол дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга, “Монгол шуудан” ХК-ийн 26 дугаар салбарын түрээсээр эзэмшиж буй байр гэх зэрэг нийт найман байршилд өмч хувьчлал хийхээр төлөвлөсөн байна.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад оруулах нэмэлт өөрчлөлтийн саналуудыг нэгтгэн НИТХ-д өргөн барихаар шийдвэрлэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзыг Төрийн түүхийн музейд хадгалууллаа

“Монгол бахархлын өдөр”, Их эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилийн ойн хүрээнд “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзны тусгай загварыг Төрийн түүхийн музейд залах ёслол өнөөдөр боллоо.

Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” бүтээл олон улсын тайзнаа эгшиглэсний 30 жилийн ой тохиож буйтай холбогдуулан 300 ширхэг хос алтан пянзыг Английн The Vinyl Factory үйлдвэрт хэвлүүлж, энэ оны тавдугаар сарын 22-ны өдөр нээлтийг нь хийсэн байна. Хос алтан пянзны тусгай загвар болох алтан бүрмэл 9 пянзны “03/09” дугаартай пянзыг Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсныг Төрийн түүхийн музейн сан хөмрөгт хадгалуулахаар болсон билээ.

Хөгжмийн зохиолч Б.Шарав агсны “Хоёрдугаар симфони” алтан пянзанд “Монгол орон бадартугай”, “Зуурдын орон”, “Трио”, “Эхийн сэтгэл шиг” зэрэг шилмэл бүтээлүүд багтжээ.