Categories
мэдээ нийгэм

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 9.4 хувиар өсчээ

Төмөр замын тээврээр тээсэн ачаа 2019 оны эхний 10 сард 23.0 сая тонн, зорчигчид давхардсан тоогоор 2.5 сая хүн болж, өмнөх оны мөн үеэс тээсэн ачаа 2.0 (9.4%) сая тонн, зорчигчид 304.1 (14.0%) мянгаар өссөн байна.

Харин тээсэн ачаа 2019 оны 10 дугаар сард 2.6 сая тонн болж, өмнөх сараас 171.0 (7.0%) мянган тонн, зорчигчид 316.8 мянган хүн болж, өмнөх сараас 55.7 (21.4%) мянган хүнээр өссөн байна.

Categories
мэдээ спорт

​Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ойн бөхийн барилдаантай

Бүгд найрамдах улсаа тунхагласны 95 жилийн ой болон Эзэн чингис хааны мэндэлсэн Монгол бахархалын өдөрт зориулсан чансаа өндөр шилдэг 128 бөхийн барилдаан 11-р сарын 27-ны 14:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд болно.

Барилдах бөхчүүдийг 11-р сарын 25, 26-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

Categories
мэдээ нийгэм

“Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн жолооч нарт сургалт зохион байгууллаа

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.8 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлж буй нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч нарт нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, “Баян-хүрээ” сургалтын төвтэй хамтран арваннэгдүгээр сарын 23-ны өдөр сургалт зохион байгууллаа.

Нийтийн Тээврийн үйлчилгээний газрын сургалт хариуцсан мэргэжилтэн Ц.Базаррагчаа “Сургуулийн автобусны жолооч нарын хөдөлгөөний аюулгүй байдал, анхаарах асуудлууд”, нийслэлийн Боловсролын газрын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга С. Ганчимэг “Хууль эрх зүйн орчин, бодлого зорилт”, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Э. Батбаяр “Хүүхдийн хөгжил, хүүхэд гэж хэн бэ?”, “Баян-хүрээ” сургалтын төвийн захирал Х.Баянхангай “Сургуулийн автобусанд хүүхэд тээвэрлэх үеийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа” сэдвүүдээр илтгэл тавьж, сургалт зохион байгуулсан юм. Тус сургалтад сургуулийн автобусны үйлчилгээнд ажиллаж буй 10 аж ахуйн нэгж байгууллагын 45 жолооч хамрагдлаа.

Categories
мэдээ нийгэм

Томоохон худалдааны төвүүд хоёр өдөр амарна

Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр буюу 11 дүгээр сарын 26-нд мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу билгийн тооллын өвлийн эхэн сарын шинийн нэгэнд бүх нийтээр амрах хуулийн заалттай.

Энэ дагуу энэ сарын 26, 27-нд “Нарантуул” олон улсын худа

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын иргэний андгайг 850 сурагч өргөлөө

Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхагласны түүхт 95 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 850 сурагч “Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол” өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэхүү ёслолд их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл оролцдог. Мөн нийт сурагчдын төлөөлөл болсон 33 сурагч Монгол Улсын Ерөнхий сайд болон салбар бүртээ манлайлан ажиллаж байгаа олны танил эрхмүүдээс иргэний үнэмлэх, батламжийг гардан авдаг уламжлалтай. Уламжлалын дагуу дээрх ёслолыг 17 дахь жилдээ зохион байгуулж буй юм.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тангараг өргөж буй хүүхдүүдэд Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахыг захилаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй байж дэлхийн талыг эзэлж явсан бол эвдэрч, талцсан үед бусдын дарлалд орж байсныг Монгол Улсын буурал түүх өгүүлдгийг Ерөнхий сайд иш татсан юм. Мөн тэрбээр, “Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн түүхэн өдөр иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж буй сурагчдад эх орныхоо төлөө хийж бүтээх, ололт амжилт, хариуцлагыг хуваалцах бүрэн эрхт иргэн болж байгаад баяр хүргэе” гэлээ.

Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын гарт Монгол Улсыг хөгжүүлэх боломж байгааг Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Уянга андгай өргөж буй сурагчдыг төлөөлөн индрээс хэлсэн үгэндээ онцлов.

Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг эрх баригчдаас шаардан, 2018 оны наймдугаар сард Стокхольм дахь парламентын ордны гадаа хичээл хаялт зохион байгуулсан 16 настай Грета Тунберг гэх сурагч Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшиж байсан түүхтэй. Энэ нь 16 настнуудын гарт ямар их боломж байгааг харуулсан түүхэн үйл явдал хэмээн сурагч Н.Уянга иш татаад, хариуцлагатай, бүтээлч, манлайлагч иргэн байхыг үеийнхэндээ уриаллаа. Түүнчлэн эх орныхоо хөгжил дэвшлийг тодорхойлох бүхий л ажилдаа хүүхэд, залуусын дуу хоолойг нэгтгэж байхыг төрийн түшээдээс хүссэн юм.

Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч, Монгол Улсын иргэн би

Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж

Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж

Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн

Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан

Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж

Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж

Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж

Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж

Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж

Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа

Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн андгай өргөлөө.

Энэ онд Монгол Улсын 42 мянга 822 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж буй юм. Энэхүү ёслолыг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ-үүд нэгэн зэрэг зохион байгуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Я.Содбаатар: Сонгуулийн хуулийн цоорхойг хаахыг хичээсэн

УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Энэ нь нийгэмд эерэг өөрчлөлтийг авчирч чадах уу?

-Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хууль баталж, 2000 онд долоон нэмэлт, өөрчлөлт хийсэн. Энэ өөрчлөлттэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал судлаачид, иргэдийн дунд санал, шүүмжлэлийг дагуулсан. Ийм 20 жилийг бид өнгөрүүлсэн байна. Сүүлийн гурван парламент Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ёстой, ийм утга, агуулгатай оруулъя гэдэг санал, санаачилга гаргаж, төслийн хэмжээнд бэлтгэсэн. МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуулийг өөрчлөх асуудлыг тусгасан байсан учир 2016 оноос шат дараатай хэд хэдэн арга хэмжээ авсан. Иргэдийн саналыг авах, зөвлөлдөх санал асуулга явуулах, Үндсэн хуулиар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдын үгийг сонсох, 1992 оны Үндсэн хуулийн хэрэгжилтийн байдалд мониторинг, дүн шинжилгээ хийх зэрэг арга хэмжээнүүдийг авсан юм. Улмаар өнгөрсөн зургадугаар сард Уих-ын 62 гишүүн санал нэгдэж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан. Үүний дараа Ерөнхийлөгч, парламентад суудалтай болон суудалгүй намууд, иргэдийн саналыг авч, хэлэлцүүлэх ажлыг өргөн хүрээнд зохион байгууллаа. УИХ есдүгээр сард Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар баталъя гэдэг шийдвэр гаргасан. Аравдугаар сард Ерөнхийлөгч хориг тавьсан учраас Ард түмнээс асуух шаардлагагүй, парламент өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд батлахаар болсон. Ийнхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гишүүдийн 100 хувийн саналаар батлагдсан.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орсон гол зохицуулалтууд нь юу байв?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт үндсэндээ таван асуудалд төвлөрсөн. Нийт 19 хэсэг, 36 зүйлд өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсад сахилга, хариуцлагыг тодорхой болгож, хариуцлагыг дээшлүүлж, үүнийгээ дагаад эрх мэдлийн хуваарилалтыг зөв болгохыг зорьсон. Багийн Засаг даргаас эхлээд Ерөнхийлөгч хүртэлх хүмүүс ямар үүрэг, хариуцлагатай байх эсэхийг тодорхой болгох чиглэлд томоохон өөрчлөлт хийсэн. Парламент, Ерөнхийлөгчийн зарим чиг үүргийг багасгаж, гүйцэтгэх эрх мэдэл буюу Засгийн газар, Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн зохицуулалтууд орсон. Хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд ард иргэд улстөржилтийг багасгах ёстой талаар маш их ярих болсон. Гуравхан сая хүнтэй Монгол Улс 30 гаруй улс төрийн намтай болчихлоо, улс төрийн намаар дамжиж төр байгуулах үйл явц өрнөж байгаа юм бол намууд нь сахилга хариуцлагатай, ил тод байх хэрэгтэй гэх шаардлагыг ихээр тавьсан. Тийм учраас улс төрийн намд тавих шалгуурыг өндөр болгож байна. Хуучин Үндсэн хуулиар улс төрийн нам 801 хүний дэмжлэг авбал, одоо сонгогчдын нэг хувь буюу 20 мянган хүний санал авч байж нам бий болно.

Зарим сонгуулиудын давтамжийг багасгасан. Энэ мэтчилэн улстөржилтийг багасгах чиглэлд том алхам хийж байгаа. Үүнийгээ дагаад намын тухай, сонгуулийн тухай зэрэг холбогдох хуулиудад томоохон өөрчлөлт орно. Ингэснээр улстөржилтийг дагаж үндэсний эв нэгдлийг алдаж, тархай бутархай болж байгаа байдлаа цэгцлэх том өөрчлөлт гарна гэж харж байна. Гуравдугаарт, баян хоосны ялгаа их боллоо. Энэ өнгөрсөн 30 жилд гарсан хамгийн том үзэгдэл. Баян хоосны ялгаа их болж байгаа нь нийгэмд нэгнийгээ үзэн ядах, эв нэгдэлгүй байх хандлагыг бий болгож байна. Иймд баян хоосны ялгааг арилгаж, баялгийн хуваарилалт, ашиглалттай холбоотой гарч буй асуудлыг цэгцлэх зохицуулалтуудыг тусгасан. Нэг ёсондоо энэ нутаг оронд олон зуун сая жил бүрэлдэн тогтсон байгалийн баялаг нь монголчуудын өмч юм, өмчийн эзэн нь монголчууд юм гэсэн үндсэн заалтууд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд орсон. Мөн шүүхийн хараат бус байдлыг авч үзсэн. Өнгөрсөн 30-аад жилд иргэд улстөрчдөд дөрвөн жил тутамд дүн тавьсаар ирсэн. Мууг нь явуулж, авч үлдэхээ үргэлжлүүлэн сонгоод л. Харин энэ 30 жилийн хугацаанд хуулийн шүүхийн байгууллагынханд дүн тавьсангүй. Ерөнхийлөгчөөс буюу нэг институцээс, нэг хүнээс хамааралтай бүтэн нэг засаглал бий болжээ. Ерөнхийлөгч байсан хүнээсээ хамаараад эсвэл хувь хүн, зарим бүлэглэлүүдийн оролцоотойгоор тэнд үнэхээр бугшсан идээ бээр бий болжээ гэдгийг иргэд шүүмжилдэг. Тийм учраас шүүгчийг сонгож, санал болгодог Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс нь эхлээд, шүүгчдэд хариуцлага тооцдог Сахилгын хороо хүртэл нь Үндсэн хуулийн байгууллагын хэмжээнд авч үзсэн.

-Энэ хэрээрээ шүүхийн хараат бус байдалд нөлөөлдөг Ерөнхийлөгчийн нөлөөлөл багасах уу?

-Багасна. Үүнээс гадна Үндсэн хуулиар нутгийн удирдлага, Засаг захиргааны нэгжийн асуудлыг нарийвчлахыг зорьсон. Орон нутаг бие даан хөгжих боломжийг нээж, хот, тосгоныхоо эрх зүйн байдлыг тодорхой болгохыг илүүд үзсэн. Хүссэн хүсээгүй ард иргэдэд хүн төрөлхтний хөгжлийг дагаад хотжих үйл явц бий болоод байдаг. Гэтэл бид ганцхан Улаанбаатар гэсэн хоттой, бусдыгаа аймаг, сум болгочихоод байдаг. 15 мянган хүнтэй ч Хархорин сум гэгдэж байгаа. Хэдий хүн ам ихтэй ч 2000 хүнтэй сумынхтай яг адил хэмжээний бүтэц, орон тоо, хувьсах зардалтай байгаа юм. Үүнээс болж тэнд амьдарч буй иргэдийн эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсдэг. Нөгөө талдаа нутгийн удирдлагын байгууллагад өмчийн, татварын зарим эрх мэдлийг нь шилжүүлье гэж байгаа. Ингэж олсон орлогоо өөрчдөө авч, орон нутгаа бие даан хөгжүүлэх боломжийг нээсэн. Эдгээр нь Монгол Улсын ирэх 30 жилийн улс төр, эдийн засгийг тодорхойлох томоохон өөрчлөлтүүд бол-сон. Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн үг, үсэг бүрийг нь парламентын 57 гишүүн дэмжиж, өндөр босго давж байж батлагддаг. 20-30 жил ярьж байж ганц өөрчлөлт хийдэг ийм амаргүй ажил. Тиймдээ ч энэ удаагийн парламентыг түүхэн үүрэг гүйцэтгэсэн.

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох заалтыг оруулсангүй гэж зарим гишүүд шүүмжилж буй. Энэ өөрчлөлтийг хийж болоогүй хэрэг үү. Та ач холбогдлыг нь хэрхэн харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийг парламентаас сонгох асуудлаар Ардчилсан намын зөвлөлөөс тодорхой санал орж ирсэн. Үүнийг Зөвшилцөх ажлын хэсгийн хүрээнд яриад, өнөөдрийн Монгол Улсын түвшинд хараахан Үндсэн хуульд оруулах шаардлагагүй гэж үзсэн. Хоёр шалтгаан бий. Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Монгол Улсын төрийн байгуулалтын суурь зарчмыг эвдэх өөрчлөлт хийж болохгүй гэсэн заалт бий. Хоёрдугаарт, шилжилтийн гэж хэлж болох энэ цаг үед парламентыг, Засгийн газрыг хянаж, ард иргэдийн дуу хоолой болж үгээ хэлж байх бүтэц, институци байх нь зөв юм гэж гишүүдийн олонх үзсэн. Ер нь бол хэтэрхий олон суудалтай улс төрийн хүчин гарч ирээд янз бүрийн асуудал гарч байсан тохиолдол бий. Олон нам гарч ирээд хэн нь ч олонх болж чадахгүй, Засгаа байгуулж чадахгүй хэмжээнд очиж байсан. Эсвэл тодорхой эдийн засаг, улс төрийн бүлэглэл бий болгоод улс орныг самрах гэж оролдож байсан нь ч бий. Энэ утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт ард түмний сонголтоор гарч ирэх нь зөв юм. Ялангуяа өнөөгийн тогтворжоогүй энэ үед ард түмний сонгох эрхийг хасах нь буруу. Ард түмэн ч үүнийг хүлээж авахгүй байна гэдгийг гишүүд хэлж байсан. Яахав сонгодог парламенттай Герман зэрэг оронд парламентаасаа Ерөнхийлөгч нь сонгогдоод явдаг тохиолдол бий. Монгол Улс магадгүй 20 жилийн дараа, дараагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн түвшинд энэ саналыг ярихыг үгүйсгэхгүй. Харин яг өнөөдрийн нийгмийн сэтгэл зүй, нийгэм, эдийн засгийн байдал, Монгол төрийн төлөвшиж байгаа энэ нөхцөл хараахан боломжгүй. Засгийн газар, УИХ-ыг дураараа дургих, ямар нэгэн буруу зүйл хийхэд ард нийтийн саналыг авч сонгогдсон Ерөнхийлөгчийн дуу хоолой орж ирэх нь зөв юм. Гишүүд ч ингэж харсан.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Үүний сөрөг тал нь юу вэ?

-Энэ удаагийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг томоохон ололт бол хүчтэй Ерөнхий сайдтай болсон явдал. Парламентын засаглалтай оронд байдаг жишгийн дагуу энэ алхмыг хийсэн. Нөгөө талаараа өнгөрсөн 20 жилд Үндсэн хуулийг тойрч ярьсан гол зүйл нь Засгийн газрын тогтвортой ажиллахад анхаарах тухай байсан. Мөн УИХ-ын зарим гишүүд шантаажид Засгийн газар нь ажилладаг, Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хүчин чад-лын хувьд хомс байгаа явдлууд ч яригдаж байв. Энэ удаагийн Үндсэн хуулиар Ерөнхий сайд нь Засгийн газраа өөрөө бүрдүүлдэг, Ерөнхийлөгч парламентын түвшинд танилцуулгаа хийн, хариуцлагаа үүрсэн шиг үүрдэг болж байгаа. Ингэснээр Ерөнхий сайд Засгийн газартаа муу хүн санал болгоод, оруулж ирвэл өөрөө толгойгоороо хариуцах болж байгаа юм. Нэг талдаа Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн мэт боловч нөгөө талдаа хариуцлага нь асар өндөр болсон.

-Сонгуулийн тухай хууль тун удахгүй хэлэлцэгдэнэ. Энэ хуулиар сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндөх үү?

-Өнөөдрийн Үндсэн хуулийн хүрээнд л зохицуулна. Үндсэн хуульд ард иргэд өөрийнхөө төлөөлөл болсон парламентын гишүүнийг шууд сонгох агуулгатай заалт бий. Тиймээс миний хувьд нам сонгохгүй, хүн сонгох тогтолцоо л явна гэж бодож байгаа.

-Сонгуулийн тухай хуулиар ямар өөрчлөлтүүд орж байгаа юм бэ?

-2015 онд Ардчилсан нам Засгийн эрх барьж байхдаа өмнө нь байсан Орон нутгийн, УИХ-ын, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай гэсэн гурван хуулийг нэгтгээд Сонгуулийн тухай хууль болгочихсон. Энэ гурван сонгуулийг нэг хуулиар зохицуулсны дараа энэ байдлыг Сонгуулийн Ерөнхий хорооноос шүүмжилсэн. Гурван өөр агуулгатай сонгуулийг нэг хуулиар явуулснаар маш их хүндрэл дагууллаа, тиймээс хуучин шигээ тус тусын хуулиар нь явуулаач ээ гэсэн. Үүний дагуу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажилласан. Эргээд сонгуулийн гурван хууль болгон өөрчилж байна. Мөн сонгуулийн хуулийн цоорхойг хаахыг хичээж, Сонгуулийн тухай хуулийн төслийг бэлэн болгосон. Ирэх долоо хоногт өргөн барих болов уу.

-Саналыг гараар тоолох юм уу?

-Машинаар тоолно байх. Тэрийг сонгуулийн хуулиар бус тогтоолоор шийддэг.

-Оюу толгой, Дубайн гэрээтэй холбоотойгоор УИХ-аас тогтоол гарлаа. Оюу толгой компани хэлэлцээрийн ширээнд суух уу?

-Гэрээ хэлцэл учир хоёр талын эрх ашиг байх ёстой. Үүнийг анхаарч үзэх ёстой байгууллага нь Засгийн газар юм. Засгийн газар хөрөнгө оруулагчтай ширээний ард сууж Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд, эрх ашгаа хамгаалах тодорхой саналууд гаргаж, хоёр талдаа ойлголцооч ээ гэж үзсэний үндсэн дээр УИХ тогтоол гаргасан. Ухаж байгаа баялгийн эзэд нь монголчууд. Мэдээж эрсдэл гаргаж, хөрөнгө оруулалт хийж байгаа хүмүүсийн эрх ашиг ч гэж бий. Ямартаа ч нөгөө тал хэлэлцээрийн ширээний ард сууна байх. Суух ч ёстой. Үүнийг хаана, хаанаа ойлголцож, засаж сайжруулах хэрэгтэй. Засгийн газар хэлэлцээрийн ширээний ард сууж, тодорхой үр дүн гаргах байх гэж бодож байна.


Categories
мэдээ улс-төр

Монгол Улсыг “Саарал жагсаалт”-аас гарахад АХБ хамтран ажиллана

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас (АХБ) Монгол Улсад суугаа суурин төлөөлөгч ноён Павит Рамачандраныг өчигдөр буюу энэ сарын 25-нд хүлээн авч уулзав.

УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсыг хариуцан ажиллахаар томилогдсонд нь ноён Павит Рамачандранд баяр хүргээд, АХБ Монгол Улсад өрнөсөн ардчилсан шинэчлэлийн жилүүдэд итгэлт, дотнын түнш байж, байнга туслан дэмжсээр ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Монгол Улс, ОУВС хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэж байна. Макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирч байгаа ч ФАТФ-ын “саарал жагсаалт”-аас гарах нь Монгол Улсын өмнө тулгамдсан асуудал болж байгааг УИХ-ын дарга мөн онцлов.

Монгол Улс энэ сарын 13-нд 2020 оны төсвөө баталсан. Дэлхийн эдийн засгийн ойрын үеийн чиг хандлагатай холбоотойгоор эдийн засгийн өсөлт ирэх онд саарах магадлал бий. Түүнчлэн манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай байна. Тиймээс урт хугацаандаа экспортыг дэмжих, эдийн засгаа төрөлжүүлэх зорилт тавьж ажиллаж байгаа. Хүрээлэн байгаа байгаль орчныг хамгаалах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах нь чухал зорилтын нэг боллоо. Эдийн засгийн өсөлтийг дэмжих, банк санхүүгийн шинэчлэлийг тууштай үргэлжлүүлэх, эрчим хүч, дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх томоохон зорилтууд хүлээж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар хэллээ.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын банкны салбарт хийж буй өөрчлөлт амжилттай өрнөж байгааг тэмдэглээд, “саарал жагсаалт”-аас гарах, эдийн засгаа сайжруулахад нягт хамтран ажиллах болно хэмээн онцлов.

УИХ-ын дарга Г.Занданшатар, “Бид газрын тосны үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ үйлдвэрийг барьснаар газрын тосны бүтээгдэхүүнээр хоёр хөршөөс хараат байгаагаа өөрчилнө. АНУ-ын зах зээлд Монголын нэхмэл бүтээгдэхүүнийг тарифын хөнгөлөлттэй оруулах талаар хэлэлцэн тохирсон. Монголын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хөрш орнуудын том зах зээлд гарах боломж ойрын хугацаанд бүрдэнэ гэж итгэж байна” гэлээ.

Ноён Павит Рамачандран Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амжилттай хийж, баталсанд УИХ-ын даргад баяр хүргэв.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй малчдын төлбөрийг биднээр төлүүлж байгаа нь шударга уу?

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх тусам бидний гар дээр ирдэг цалин улам багасах боллоо. Он гараад энэ шимтгэл дахин хоёр хувиар нэмэгдэнэ. Энэ бол шинэ юм биш. Аль хоёр жилийн өмнө Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо нийгмийн даатгалын шимтгэлийг шат дараалан нэмэхээр болж, хуулиндаа оруулсан юм. Тухайлбал, 2018 онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувь, 2019 онд нэг хувь, 2020 онд хоёр хувь нэмэхээр болсон. Энэ нэмэгдлийн ачаар Нийгмийн даатгалын сангийн орлого нэмэгдэх сайн талтай ч ажил олгогч болон жирийн ажилтнуудын нуруун дээр ачаа улам хүндэрсээр байна. Та өнөөдөр сая төгрөгийн цалин авдаг байлаа гэхэд нийгмийн даатгалын шимтгэлд 26,5 хувь буюу 265 мянган төгрөг төлнө. Энэ хүн амын орлогын албан татвартайгаа нийлэхээр таны цалингаас 30 гаруй хувь буюу 300 гаруй мянган төгрөг авна гэсэн үг. Ингэж цалингаасаа төлөх шимтгэлийн хувь хэмжээ нэмэгдэх нь ажил олгогчид, даатгуулагчдад маш их дарамт үүсгэх ч нийгмийн даатгалын сангийн орлогоо нэмнэ гэж тооцжээ.

Гэтэл өнөөдрийн байдлаар Нийгмийн даатгалын сангийн Тэтгэврийн даатгалын сан нь хоосорч, улсаас 600 тэрбум төгрөгийн татаас авч тэтгэврээ тавьж байна. Энэ санд байх ёстой мөнгийг төр аваад өөр зүйлд хэрэглэсэн гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын сангийн мөнгийг дампуурсан банкуудад ихээр хадгалуулсан нь илэрсэн ч өдийг хүртэл төлж барагдуулсан зүйл алга. Нийтийн мөнгө гээд нэхэж хөөцөлдөх хүн алга уу гэлтэй л харагдаж байна.

Өдгөө Нийгмийн даатгалын сангаас жилд 440 мянган иргэн тэтгэвэр авч байна. Хүн амын насжилт, тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн өсөлт нь Нийгмийн даатгалын сангийн зардлыг нэмж байгаа учраас тэтгэвэрт гарах насыг жил бүр зургаан сараар нэмж байгаа. Энэ мөн л ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд амласан амлалт. 20 жилийн дараа гэхэд манайд эрэгтэй хүн 65, эмэгтэй нь 60 нас хүрч тэтгэвэртээ гарна гэсэн үг. Гэтэл үүнтэй зэрэгцээд сонгуулиар санал авах уран гоё амлалтуудын нэг болох малчдын тэтгэврийн насыг наашлуулах хууль батлагдаж, малчид 50-55 насандаа тэтгэвэрт гарах болж байна. Ажил хийж байгаа бүх хүний тэтгэврийн нас цаашилж, шимтгэл нэмэгдэж байхад малчдын тэтгэвэрт гарах нас наашилж байгаад эгдүүцэх хүн цөөнгүй байгаа. Үүнээс гадна малчид 50 нас хүрээд тэтгэвэрт гарах хууль хэрэгжсэнээр нийгмийн даатгалын сангаас гарах мөнгө огцом өсч, айхавтар ачаалал үүсээд байгаа аж. Малчдын 20 хувь нь нийгмийн даатгал төлдөг. Ирэх жилээс 1995-2019 онд хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй ахмадууд энэ хоорондох мөнгөө нөхөн төлөөд тэтгэвэр авах хууль хэрэгжинэ. Энэ нь нийгмийн даатгалын санд бас л айхавтар их ачаалал үүсгэнэ гэж таамаглаж байна. Нөхөн төлбөр нь таван сая төгрөг төлөөд тэтгэвэрт гарах боломжтой байх бололтой.

Дэлхий даяар хөдөө аж ахуй болон тэнд ажиллагсдад дэмжлэг үзүүлдэг. Төр нь татаас өгч, бодлогоор дэмждэг жишиг бий. Манайхан ч хүнд хүчир нөхцөлд ажиллаж, амьдардаг малчдаа дэмжих нь зөв юм.

Гэхдээ энэхүү дэмжлэг үзүүлэх татаасны мөнгөө төр өөр эх үүсвэрээр гаргаж байх ёстой. Төр өөрийн данхар бүтцээ жижигрүүлж, үргүй зардлаа багасгах хэрэгтэй. Дарга нарын унадаг том том жипүүд, сум бүрт барьж байгаа хэдэн зуун Соёлын төв, конторын барилгууд гээд хасаж, танаж болох маш олон зүйл байна. Энэ бүхнийг багасгаж малчдын тэтгэвэр өгөх эх үүсвэр гаргаж болно. Түүнээс биш татвар төлж, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа хүмүүсийн шимтгэлийг нэмж асуудлыг шийдэж болохгүй. Манай дарга сэтэртнүүд өөрсдийн тансаг ямба, сонгуульд ялахын төлөө л барьж буй клубийн барилга мэтийн үргүй төсвөө танахын оронд амраар нь хөдөлмөрлөж, ажлын байр бий болгож буй хүмүүсийг шулж буй нь хэтэрхий харалган шийд юм. Засгийн газрын популист бодлогын хор уршгийг ажил олгогчид, ард түмэн, хөдөлмөрлөхөөр зүтгэж буй нэг хэсэг нь удаа дараа амсаж, амьдрал ахуйгаараа хохирч байгаагийн тод жишээ энэ билээ.

Төгрөгийн ханшийн уналт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цалин нэмэх, бүр малчдын тэтгэвэр тавих хүртэл бүх асуудлыг Монголын нийгмийг авч явж буй ажил олгогчдын нуруун дээр үүрүүлэх хэрэггүй. Үүний нэг илрэл болсон Нийгмийн даатгалын шимтгэл нэмж байгаагаа болих хэрэгтэй. Ер нь засаг төр нь ард иргэдээ алагчилж үздэг хачин зангаа ч татах ёстой. Нэгнийх нь тэтгэвэрт гарах насыг наашлуулж, нөгөөхийнх нь насыг сунгаж байгааг нийгмийг шударга бусаар алагчилж үзэж байгаагийн нэг хэлбэр гэж үзэхээс өөр арга алга.

Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдүүлэх асуудал дээр Ерөнхийлөгч хориг тавих тухай дуулдаж байна. Хэдий энэ нь аль хоёр жилийн өмнө батлагдаад хэрэгжиж байгаа хууль ч үүнийг нийгэм талархан хүлээж авч байна. Сошиал болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч үүнийг тавтар, шимтгэл нэмэхийг эсэргүүлцсэн давалгаа, хөдөлгөөн өрнөж байгаа харагдсан. Цаашдаа улам л хүчээ авах ийм эсэргүүцлийг олон хүн дэмжиж, зөвтгөж байгаа. Үүнээс харахад Нийгмийн даатгалын багц хуулийг үндэсээр нь шинэчлэх, шинэ хууль өргөн барих шаардлага бий болжээ. Мөн Нийгмийн даатгалын санг хувьчлах, менежмент хийх, нэгэнт цугласан мөнгийг өсгөх олон улсын туршлагаас авч хэрэгжүүлэхгүй бол энэ янзаараа цаашаа хол явахгүй болсныг харуулж байна.


Categories
мэдээ улс-төр

Х.Баттулга: Үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж байна

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан зохиож буй монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг-2019” сурагчдын бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” үзэсгэлэнгийн танхимд боллоо.

2011 оноос уламжлал болгон 8 дахь жилдээ, сурагчдын бүтээлийн үзэсгэлэн хэлбэрээр гурав дахь жилдээ болж буй “Мөнх тэнгэрийн бичиг” үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцон үг хэлж, шалгарсан шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

“Мөнх тэнгэрийн бичиг-2019” үзэсгэлэнд нийт 310 гаруй сурагч 220 орчим бүтээл дэлгэжээ. Үзэсгэлэн 2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл үргэлжилнэ.

ҮЗЭСГЭЛЭНГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА:

“Сурагч багачууд,

Монгол бичигтэн хүүхдүүд ээ,

Монгол хэлний тухай хуулийн дагуу 2025 оноос Монгол Улс албан хэргээ үндэсний болон кирилл бичгээр хөтөлж, хос бичигт шилжинэ. Үүний бэлтгэл болгож, Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие хүүхдүүд та нарын адил үндэсний бичигтээ шамдан суралцаж байна. Түүнчлэн Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудаас гадаад улс руу явуулж байгаа албан бичиг, захидлууд бүгд монгол бичгээр явж байгаа.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг төлөөлөх гадаад харилцааг үндэсний бичгээрээ явуулж байгаа юм. Их Эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид, Монголын эзэнт гүрний үед монгол бичиг маань дэлхийн өнцөг булан бүрд хүрч хааны зарлиг, Монголын эзэнт гүрний төрийн хэргийг төлөөлөн залгуулж байсан. Түүн лүгээ адил Эзэн Чингис хааны үр хойчис, Их Монгол Улсын залгамж халаа болсон өнөөгийн монголчууд бид гадаад харилцаагаа хүчирхэг дээдсийн улбаагаар үргэлжлүүлэн явуулж байгаагаа илтгэж байгаа хэрэг мөн.

Үүний зэрэгцээ дотоодод үндэсний бичиг соёлынхоо хэрэглээг нэмэгдүүлэх нь түүнээс ч илүү чухал. Ер нь тухайн улсын иргэд, хүүхэд багачууд үндэсний өв соёл, түүх уламжлалдаа суралцах, гүн бат танин мэдэх явдал бол оршин тогтнохуй хийгээд оюун санааны амин чухал дархлаа болдог.

Ийм учраас бид монгол уран бичлэгийн “Мөнх тэнгэрийн бичиг” уламжлалт үзэсгэлэнг сурагчдын дунд сүүлийн 3 жилийн турш тасралтгүй зохион байгуулж, сурагч багачуудаа өргөнөөр хамруулах, урамшуулах ажлыг хийж хэвшээд байна. Өнөө жилийн үзэсгэлэнд 310 орчим сурагч 220 гаруй бүтээлээр оролцож, үзэсгэлэнгийн цар хүрээ улам өргөжжээ. Цаашид ч энэ үзэсгэлэн хэлбэр, агуулгын хувьд өргөжин шинэчлэгдэж, үргэлжилсээр байх болно. Учир нь энэ бол бид эх оронч, үндэсний үзэл ухамсартай ирээдүй хойч үе, эх орныхоо бахархалт иргэдийг бэлтгэх үйлс билээ.

Энэ үзэсгэлэнгээс шалгарсан сурагчдын бүтээл Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадаад улсын төрийн тэргүүнүүд, өндөр дээд зочдод өгөх гарын бэлэг болон очдог болохыг энэ ялдамд сурагчдадаа дуулгахад таатай байна.

Өнгөрсөн жилийн Үндэсний бичиг үсгийн баяраар миний бие зарлиг гаргаж, монгол бичгийн цахим хэрэглээг нэмэгдүүлэх, Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, монгол бичгийн төрөлжсөн улсын олимпиад зохион байгуулж хэвшихийг Боловсролын яаманд үүрэг болгосон. Удахгүй энэ хичээлийн жилдээ багтаагаад хүүхэд багачууд Та нарын дуртай үндэсний бичгийн төрлөөр улсын олимпиад зохион байгуулагдана гэж найдаж байна. Мөн Боловсролын яамнаас энэ үзэсгэлэнд шалгарсан сурагчдын бүтээлийг нийт Ерөнхий боловсролын сургуулиудаар аялуулж, үеийн найзууд, ах эгч, дүү нар нь үндэсний бичигтээ ийм үлгэр жишээ суралцаж, бичиж, бүтээж туурвиж байгааг үзүүлэн таниулж, сурталчлах нь зүйтэй. Орчин үе бол цахим хөгжлийн эрин үе тул сурагчид маань үндэсний бичгээ цахим орчинд хэрэглэх чадварыг хичээлийн хөтөлбөрөөрөө сайтар эзэмшихийг уриалж, аминчлан захиж хэлье. Ингэж байж үндэсний бичиг үсгийн маань ирээдүй батжих болно.

Ингээд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан уламжлал болгон зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2019” монгол уран бичлэгийн үзэсгэлэнд оролцож байгаа бүх хүүхдүүд, уран бичээч-монгол бичигтэн багачууддаа гүн талархал илэрхийлж, халуун баяр хүргэе.

Мөнх тэнгэрийн ивээлээр монгол бичиг, үндэсний соёл маань ашид дэлгэрэн дэвжих болтугай» гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа үзэсгэлэнгийн бүтээлүүдтэй танилцаж, нас насны ангилалд шалгарсан сурагчдад шагнал гардууллаа. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн зургийн дугуйлангийн дунд ангийн сурагчдын ангиар зочилж, яриа өрнүүлэв.

10, 11, 12 дугаар ангийн Ахлах ангилалд

  1. Тэргүүн байр: Ганболдын Пүрэвсүрэн – Нийслэлийн Баянгол дүүргийн “Хүрээ тулга” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  2. Дэд байр: Мөнхчулууны Цэнгүүн – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 12в ангийн сурагч. Бүтээл: Цаасан шувууны сургаал
  3. Гутгаар байр: Батчимэг – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Авьяас” сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Үндсэн хуулиас
  4. Тусгай байр: Сэргвалын Айсулу – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 67 дугаар сургуулийн 12а ангийн сурагч. Бүтээл: Өлзий
  5. Тусгай байр: Отгонжаргалын Анхбаяр – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагч. Бүтээл: Би хаана төрөө вэ.

8, 9 дүгээр ангийн Дунд ангилалд

  1. Тэргүүн байр: Цэрэндоржийн Анхцэцэг – Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 86 дугаар сургуулийн 9-ийн 6 ангийн сурагч. Бүтээл: Оюун түлхүүр
  2. Дэд байр: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн “Бийрийн жим” дугуйлангийн сурагчдын хамтын бүтээл
  3. Гутгаар байр: Алтанцэцэгийн Маралмаа – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн 9б ангийн сурагч. Бүтээл: Гэсэр хаан
  4. Тусгай байр: Ням-Очирын Бадармаа – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9а ангийн сурагч. Бүтээл: Миний нутаг
  5. Тусгай байр: Хүрэлбаатарын Номин – Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 3 дугаар сургуулийн 9д ангийн сурагч. Бүтээл: Хөх судар

6, 7, 8 дугаар ангийн Бага ангилалд шавь нараа бэлдэж оролцуулсан багш нар

  1. Тэргүүн байр: Даваадоржийн Мөнхчимэг – Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ЕБС-ийн багш.
  2. Дэд байр: Батсуурийн Алимаа – Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод эрдэм” ЕБС-ийн багш
  3. Гутгаар байр: Дашмягмарын Дуламсүрэн – Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн Уран бичлэгийн багш
  4. Тусгай байр: Жамсрандаваагийн Ишдулам – Нийслэлийн Баянгол дүүргийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн багш
  5. Тусгай байр: Намжилдоржийн Золжаргал – Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн багш

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн өөрчлөлтийн эхийг ёсчилно

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталснаас хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна” гэсэн байдаг.

Дээрх хуулийн дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад биечлэн авчирч, танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Монгол Улсын Их хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг Монгол Улсын Төрийн тэргүүн танаа өргөн барьж, танилцуулж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн 28.5 хувь буюу 70 зүйлийн 19 зүйл, 36 заалтыг хөндсөн. Эдгээр өөрчлөлтөөр засаглалын хяналт, тэнцлийг хангаж, Засгийн газрын тогтвортой байдал, парламентын хариуцлагыг нэмэгдүүлэх, нутгийн захиргааны бие даасан байдлыг бэхжүүлэх суурь зарчмын хүрээнд нэгдүгээрт, Үндсэн хуулийн 2000 оны 7 өөрчлөлтийн 6-г нь засаж сайжруулсан. Хоёрдугаарт, таны болон гишүүдийн саналаар байгалийн баялаг ард түмний мэдэлд байж үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногддог байх зарчим туссан” талаар танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг танилцуулсны дараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн уг эхийг нотолж, баталгаажуулах ажлыг ёслол төгөлдөр зохион байгуулж өгнө үү хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас хүсэв.