Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Түүх, намтар, лого ба бусад​

НЭГ. БНМАУ БАТҮҮХ

Бид ХХ зууны Монголын түүх бичлэгийг бут шүүмжлэх, эсвэл цээжээрээ хамгаалагч алин байсан ч хамаагүй хоёр зүйлийг ойлгох ёстой. Нэгдүгээрт, БНМАУ-ын түүх бичлэг, ялангуяа дүгнэлт гаргалгаа нь монголчуудын санаа зоригоос хамаараагүй гэдгийг: хоёрдугаарт, 1990-ээд оноос хойш монголчууд түүхээ өөрийн үзэмж, хандлагаар бичих боломж гарсан гэдэг дээр тогтоод цаашаа явбал хэрүүл маргаанаас зайлсхийж болно.

ХХ зуунд бүтээгдсэн БНМАУ-ын түүх Коминтерн, Зөвлөлтийн хүчирхийллийг зөвтгөх, социалист дэглэмээ магтах зорилгоор бүтээгдсэн учраас ихээхэн гуйвжээ. Монголчууд анх удаа аз жаргалтайгаа золгосон нь коммунист хүчирхииллийн аргаар социализм мөн болохыг “нотлох”, үнэмшүүлэх нь БНМАУ-ын түүх бичлэгийн гол зорилт байв.

Өөрөөр хэлбэл, ХХ зууны БНМАУ-ын түүх бичлэгийг туурвихдаа, дүгнэлтээ эхэлж гаргачихаад, судалгаагаа түүндээ зориулан хийдэг байжээ. Хэрвээ, мөрдөн байцаагч нь хэргийн газар очихоосоо өмнө “алуурчин бол Дорж мөн” гэж дүгнэчихээд, нотлох баримтыг зөвхөн энэ санаандаа зориулан цуглуулж, материал бүрдүүлбэл ямар болох вэ? Ингээд зогсохгүй, жинхэнэ алуурчин хэн болохыг нотолсон, эсвэл Дорж хэрэгт хамааралгүйг харуулсан баримтыг хавтаст хэргээсээ авч хаясантай төстэй, тийм л түүх бүтээгдэж.

Улсынхаа түүхийг ч судалсан, аймгийнхаа замналыг бичсэн нь, хувийн намтраа гаргасан ч ялгаагүй энэ л шаардлагад нийцүүлэх учиртай байв. Ерээд оноос өмнө гарсан аймаг сумын түүх ч мөн адил, 1921 оны ардын хувьсгалын ач буяны хураангуй л байгаа. Хэрвээ та архив ухаад, зарим нэг хүмүүсийн гурван үеийн намтрыг гаргаад ирвэл “Өвөг эцэг Х…(Икс) нь ядуу зүдүү амьдарч, айлд зарагдан боолчлогдож яваад ардын хувьсгалын буянаар эрх чөлөөтэй болоод, Нэгдэлд элсээд (Үнэндээ бол хөрөнгөө хураалгаад) жаргаж эхэлсэн” тухай заавал гарна.

Зөвхөн нийгмийн ухааны салбарт ч ингээгүй, байгалийн шинжлэлд энэ нөлөө тусч, монгол малын үүлдэр угсааг судалсан ч гэсэн ардын хувьсгалын ач буяныг дурдах хэрэг гарна. Нэг хэсэг нь шууд л “монгол хонь ардын хувьсгалын үр шим, нэгдэлжсэний (улсын өмч болсны) буянаар үүлдэр нь сайжирч” гээд санааг нь амрааж байхад, нөгөөх нь “Ардын хувьсгалын үр шимээр монгол хонийг судлах боломж гарч” гэсхийн аргална. Тоо, физикийнхэн бол ядаж л “Намын төддүгээр их хурлаас шинжлэх ухаан хөгжүүлэхийг уриалсны дагуу энэ судалгааг хийх урам зориг төрж, социалист уралдаанаар жигүүрлэн ажиллаад” гэх маягийн оршил хийхгүй бол эрдэм судалгааны бүтээл гаргаж чадахгүй талдаа.

Энэ дүрмийг санаатай зөрчих байтугай, санаандгүй байж байгаад тааламжгүй жишээ баримт гаргасан буруутан болох аюултай. “Ардын унших бичиг”-ийг зохиогчдод арга хэмжээ авсан, “Монголын түүхийн дээж бичиг” эмхэтгэгч нарыг буруутгасан, Орос-монгол толь”-д “Мянган жилийн харьцуулсан хүснэгт” хавсаргаад үзэл суртлын алдаанд орсон гэхчлэнгийн хэлмэгдүүлэн, дэглэсэн явдлууд олон байдаг нь үүний жишээ. Уг ном бүтээлийг зохиогчид коммунист тогтцыг шүүмжлэх бодолгүй, тийм зорилготой судалгаа хийгээгүй боловч үзэл суртал тогтоогчид “буруу гэж үзсэн” учраас л хэлмэгдсэн байна.

Түүх бичигч нар бие дааж судалгаа хийхээс болгоомжилдог болж, хожмын өдөр хариуцлага үүрэх хүрээг аль болох өргөтгөхийг эрмэлзэж эхэлсэн гэдэг. Иймээс БНМАУ-ын түүхийн нэгэн болон гурван ботиуд Шинжлэх ухааны академийн нэрээр, ганцхан Монголынх биш, СССР-ийн ШУА-тай нэр хавсран гарч байв. Уналаа гэхэд зуурах юмтай, хүрээлэнтэйгээ, академитайгаа, бүр Зөвлөлтийн Академитай цугтаа нуртал хаа ч билээ, мөн үү?

Гэхдээ энэ цаг үед цөөнгүй лут түүхч төрөн гарсан гэдгийг тэмдэглэхийн зэрэгцээ бас цаг үеийнхээ боломжийг ашиглан товойсон нөхөд ч бишгүй мэндэлснийг дурдууштай.

Ийм учраас ХХ зуунд, БНМАУ-ын түүхчдийн гаргасан бүтээл туурвилуудыг ойлгох арга зүй өнөөгийнхөнд хэрэгтэй. Ядаж нь дээр өгүүлсэн хэдэн гаргалгааг мэддэг, өөрийн боломжоор шүүж, үнэн нь хаанаа нуугдаж байгааг сөхөх чадвартай, цаг үедээ тааруулсан хөшиг хучлага нь аль болохыг шинжин хардаг туршлага суусан байгууштай санагддаг.

ХОЁР. ХУВИЙН САНААЧИЛГА БА ТҮҮХ

Харин монголчууд түүхээ бодитойгоор, ядаж л өөрийн гэсэн сэтгэгдлээрээ бүтээх боломж гарснаас хойш шинэ боломжууд нээгдлээ. Улс төдийгүй аймаг, сум, орон нутаг өөрийн түүхээ сэргээн бичиж эхлэв. Ингээд зогссонгүй, хувь хүмүүс ч гэсэн хуучин намтрынхаа “ядуу малчны гэр бүлд төрөөд, ардын хувьсгалын ач буянаар чөлөөлөгдөөд, нэгдэлд малаа хураалган жаргасан” тухай худал хуурмаг хэсгүүдийг эхний ээлжинд хасав. Оронд нь “тайж язгууртан явсан, удам дамжсан цол хэргэмээ хураалган хэлмэгдсэн, малыг нь хүчээр нийгэмчлэн хурааж хохироосон” дурдаж эхлэв.

Найр наадамд дуртай монголчууд сум орныхоо ой, хутагт хувилгаадынхаа мэндэлсэн явдлыг өөрийн үзэмжээр тэмдэглэх болсон нь орон нутаг судлал болон намтар судлалын шинэ үеийг эхлүүллээ. Сум орны болон хутагт хувилгаадын ойгоор түүхчилсэн болон намтарчилсан номууд гаргадаг уламжлал тогтлоо.

Гэвч салбарын түүх бичлэг ихэнхдээ хувийн санаачилгын байдалтай, сонирхогчийн хэмжээнд эхэлсэн нь нэг талаасаа жам ёсны үзэгдэл бололтой юм. Гагцхүү, мэдээллийн эх сурвалжууд нь аман яриа, домог хууч голчилж, ялангуяа шашны түүхтэй холбогдох салбар нь ид шидээр баялаг, заримдаа “Чойжид дагинын тууж”, “Молон тойны намтар” лугаа нэн төстэй болох нь ч элбэг байсан нь дээрх чиглэлийн ном товхимлуудын судалгааны үнэ цэнийг баахан бууруулдаг байлаа. (Чойжид дагина, Молон тойныг муухай гэлээ гээд мушгиад давхичихгүй биз дээ, арай) Гэхдээ л ингэж эхэлдэг нь жам ёсны үзэгдэл байсан шиг байгаа юм.

Бодит судалгаа, түүхэн эрэл хайгуулд баримжаа болохуйц олон санаа, өлгөц, баримтын үзүүрүүд маш олноороо орсон байдаг, дээрх бүтээлүүдэд. Үнэндээ бол, орон нутгийн түүхийн нийлбэр нь Монгол орны түүх болж, иргэн бүрийн намтрын цоморлиг нь үндэстний шастир болон хураангуйлагддаг билээ.

Ийм учир шалтгааны үүднээс, НЭПКО хэвлэлийн газар орон нутаг болон намтар судлалын сайн дурын хандлагуудыг эрэм судлал, шинжлэх ухааны танин мэдэхүйн хүрээнд татан оруулах зорилгоор хэд хэдэн төсөл амжилттай хэрэгжүүлж байгаа юм.

Орон нутаг, хувь хүний намтар, байгууллагын ойн бүтээлийг монгол үндэсний түүхийн салшгүй нэг хэсэг болгон, орчин цагийн он дарааллын бичиг-хроника бүтээх, түүхэн альманах гаргах стандартад оруулах санаачилга л даа.

Юуны өмнө байгууллага, салбар бүр өөрийн ойгоор, дотоод түүхээ тусгайлан бичдэг уламжлалыг дэмжин хамтрахдаа өөрийн түүхийг өргөжүүлэн салбарын түүх болгон туурвих тухай санаачилга хэрэгжүүллээ. Энэ санаачилгын хүрээнд MCS групп болон СЭЗДС сургууль өөрийн ойгоор Монголын Эдийн засгийн альманах(NatGeo ба НЭПКО) бүтээснээр эхэлсэн юм. Манай орчин цагийн бизнес болон бараг бүтэн зууны эдийн засгийн үзэл санааны илэрхийллийн түүхийн салшгүй хэсэг болсон дээрх байгууллага өөрийн намтрыг тусгайлан өгүүлэхийн оронд салбарынхаа түүхийн альманах бүтээж бараг энэ чиглэлийн түүхийн албан бус сурах бичгийг бүтээсэндээ сэтгэл хангалуун байгаа. Үүний араас Гадаад харилцааны түүхийн альманах, Соёлын альманах, Банк, санхүүгийн альманах дараалан гарсан. Аль алин нь Гадаад харилцааны яамны болон банкны хүрээнээс хальсан, үндэсний түүхийн хэмжээний бүтээлүүд болсон гэдэгтэй маргах аргагүй.

Удахгүй “Монголын харилцаа холбооны түүхийн альманах” хэмээх нэгэн сонирхолтой бүтээл АНУ-ын Үндэсний газар зүйн нийгэмлэгийн Монгол дахь хэвлэлийн эрхтэйгээр гарах юм. Чингис хааны санаачилсан морин өртөөнөөс эхлээд хүний түүхийн шуудан холбооны товч цадиг, Хүрээ-Хаалганы төмөр утсан холбооноос авахуулаад үүрэн холбоо, интернэтийн эринг хамарсан энэ цоморлигийг Скайтел группийнхэн 20 жилийн ойдоо зориулан бүтээж байгаа билээ.

Мөн “Хүмүүн хорвоо” нийгэмлэг НЭПКО хамтран “Түүхэн эрхмүүдийн цадиг” цуврал гаргаж эхэлсэн нь мөнөөх жалгын нэг тарсан намтар судлалыг хувийн санаачилга дээр тулгуурласан хэвээр нь орчин цагийн стандарт руу хөтлөх оролдлого юм. Түүнчлэн бичлэгийн хэв маягийг орчин үеийн баримтат уран сайхны зохиолын жишигт хүргэх замаар зах зээлийн жам ёс руу хөтлөх нь ч бас чухал байв.Энгүүнээр хэлэхэд, хүмүүс дуртайяа худалдан авдаг, амтархан уншдаг, намтрын ном маань эхний ээлжинд зардлаа нөхдөг байлгах л гэсэн үг.

Хамгийн сүүлд л гэхэд төр шашны зүтгэлтэн “Жалханз хутагт Дамдинбазар”, “Гончигжанцангийн Бадамждорж” нарын намтар хэвлэгдэн гарсныг даруухнаар магтахад “Молон тойны намтар”-аас шал өөр л болсон дог.

Мэргэжлийн түүхчид, хүрээлэн, их сургуулиуд өөрсдийн чиг үүргийн хүрээнд хийж буй судалгааны хажуугаар хувийн санаачилгаар хийгдэж буй бүтээл, хэрэгжүүлж яваа иймэрхүү төслүүд байна даа, хэн минь.

ГУРАВ. НУТАГ БАТҮҮХ

Аймаг сум болгон ямар нэгэн ойгоо тэмдэглэж байна. Тэр л хүрээнд, 2013 онд Завхан аймаг 90 жилийнхээ ойг тэмдэглэсэн юм. Мэдээж хэрэг, ойгоо тэмдэглэж байгаа аймаг өөрийн түүхээр ном гаргах нь дамжиггүй. Харин аймгийн удирдлага, Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, НЭПКО хэвлэлийн газар хамтран илүү шинэлэг арга сонгож билээ. Энэ бол Завхан аймгийн нэвтэрхий толийг “Британника нэвтэрхий толь”-ийн стандартаар бүтээх, түүнчлэн орон нутгийн түүхийг Германы Хроника-ГМБХ-ын дизайны эрхээр туурвих явдал байсан юм.

Завхан аймаг орчин үеийн дэлхийн стандартаар өөрийн лавлах болон түүхээ бүтээсэн анхны аймаг болсныг гэрчилсэн хоёр боть “Завхан-нэвтэрхий толь” мөн Халх дөрвөн аймаг байгуулагдсанаас өнөөг хүртэлх он дарааллын бичлэгтэй “Завхан аймгийн түүхэн Хроника” хэвлэгдэн гарч билээ. Би “хамгийн гоё хавтастай, эсвэл хамгийн олон хуудастай түүх анх гаргасан аймаг” гээгүй шүү. Харин орон нутгийн түүхээ хамгийн түрүүн дэлхийн стандарт руу оруулж эхэлсэн л гээд байна.

Үнэхээр ч тийм болохыг батлах мэт хэсэг судлаач, залуус “Завхан судлал төв” гэдэг төрийн бус байгууллага санаачилсан байна. Төрийн бус байгууллага гэхээр л манайхны санаанд буудаг Уул уурхайн компаниудыг дарамталдаг гарууд огоот биш.

“Завхан судлал төв”-ийнхэн орон нутгийн түүхээ л судална, гэхдээ тэдний зорилго нь “Завхан аймаг бусдаасаа илүү түүхтэй болохыг батлах”, эсвэл “Завхан хүн увс хүнээс ядаж хоёр сантиметр өндөр гэдгийг нотлох” явдал ерөөсөө биш.

Ердөө л Монголын түүхийн Завхан аймагт хамаарах хэсгийг илүү тодорхой болгохыг тэд зорьжээ. Манай улс үндэстний түүхэнд ерөнхий байдлаар тусгагдсан зүйлсийн өөртөө хамаатай хэсгийг нарийвчлах явдал юм байна. Завханыхныг өөрийн гэсэн түүхтэй болгох гэхээсээ илүү эх орныхоо түүхийгорон нутагт хамаарах илүү нарийн судалгаагаар баяжуулах сайхан эхлэл.

Тэд, манай орны ууган хотын нэг болох Улиастайн түүхэнд холбогдох баримт бичгүүдээс эхлээд газар усны нэрийн цэс, орон нутгийн домгийн эмхэтгэл гэхчлэнгийн 13 боть гаргажээ. Бүхий л бүтээлийг шинжлэх ухааны салбарт зүтгэж байгаа, эрдмийн зэрэг цолтой залуус бичиж, эмхэтгэж, редакторласан байна.

Хамгийн сүүлд 1929 оны хүн амын тооллогыг дөрвөн боть болгоод “Хантайшир уулын аймгийн Дэлгэрхан уулын хошууны 1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Сэцэн Сартуулын хошууны 1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Отгонтэнгэр уулын хошууны 1929 оны хүн амын тооллогын данс”, “Хантайшир уулын аймгийн Нөмрөг уулын хошууны хүн амын тооллогын баримтууд” гэхчлэнгээр хэвлүүлж, эрдэм шинжилгээний зохих тайлбаруудыг дагалдуулсан нь маш сонирхолтой, бас эрэлттэй байна.

Өөрийн ураг овгийн намтраа тодруулах, сум орныхоо түүхийг судлах гэсэн хэнд ч сайхан гарын авлага ингээд гараад ирж байх жишээний. Ухаандаа, Отгонтэнгэр уулын хошуу гэхэд Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут сумд багтсан тул нэлээн дэлгэрэнгүй, гэхдээ сумдыг томоохон уулаар нэрлэснийг дагуулан хайхад эмээ өвөөгийнхөө бүртгэлийг амархаан олж болох юм билээ.

Танд “Тэгж ярих юм бол манай аймаг ийм түүх, ийм намтар зохиож байгаа, тэрний хажууд энэ бол шалихгүй” гэсэн бодол төрж байгаа биз. Тэгээсэй ч гэж бичсэн юм.

Зузаан түүх бичиж, урт намтар зохиож, гайхалтай судалгаа хийж болно, гол нь тэрийгээ ямар стандартаар нийтэд хүргэх вэ гэдэгт л асуултын хариу байгаа юм аа. Яг л өнөөгийн түвшинд машин юмуу, гар утас угсрах хэцүү биш болсон шиг. Хамгийн гол нь угсарсан машин, эвлүүлсэн утсан дээр чинь ямар лого байх вэ гэдэг л чухал шиг. Хэрвээ алимны зурагтай утас, бензийн логотой машин угсарвал хүмүүс уралдаад л авна. Харин өөрийнхөө нэрийг бичсэн бол утсаа өөрөө барих, машинаа өөрөө л хэрэглэхдээ тулах байх.

Түүх бичлэг, намтар судлал ч тэр мэт болчихоод байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойн цэргийн парад

БНХАУ улс байгуулагдсаныхаа 70 жилийг тохиолдуулан 10 ду­гаар сарын 1-нд Бээжин хотноо томоохон баярын жагсаал зохион байгуулж, өнгөрсөн хугацаанд бий болгосон орчин үеийн, хүчирхэг үндэсний батлан хамгаалахын бо­лон зэвсэгт хүчний салбарынхаа ололт амжилтуудыг бүх нийтэд дэлгэн харууллаа.

Хятад улс сүүлийн хэдэн жи­лийн хугацаандзэвсэгт хүчний салбартаа асар их шинэчлэл хийс­ний дараа анх удаагаа парад зо­хион байгуулсан нь энэ юм. 70 жилийн ойгоо тус улс “шинэ эхлэл” гэж үзэж, цаашид ч энх тайванч хөгжлийн замаар замнаж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгохын төлөө тууштай зүтгэхээ илэрхийлсэн юм.

БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалын өмнө цэргүүд бэлтгэл хийж буй нь. (Синьхуа/Юй Юйвэй)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын арга хэмжээний үеэр цэргийн бие бүрэлдэхүүнүүд БНХАУ-ын аварга том төрийн далбаа болон бэлгэ тэмдгийг залж буй нь. (Синьхуа/Жай Зяньлань )


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалын үеэр Дунфэн-41 тив алгасах стратегийн цөмийн пуужингуудыг байршуулсан буй нь.

(Синьхуа/Лю Бинь)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалд оролцож буй эмэгтэй цэргийн бие бүрэлдэхүүн.(Синьхуа/Лань Хунгуан)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалд оролцож буй цэргийн бие бүрэлдэхүүн. (Синьхуа/Жан Хунсян)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалд оролцож буй нисэх онгоцуудын цуваа. (Синьхуа/Лян Сюй)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотноо зохион байгуулсан баярын жагсаалд эмэгтэй цэргийн бие бүрэлдэхүүн оролцож буй нь. (Синьхуа/Лань Хунгуан)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын арга хэмжээний үеэр агаарын хөлгийн цуваа Тяньаньмэнийн талбайн дээгүүр нисэж буй нь. (Синьхуа/Зинь Лянкуай)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын 1-нд Бээжин хотод зохион байгуулсан баярын жагсаалд оролцож буй газар уснаа явагч тээврийн хэрэгслүүд. (Синьхуа/Инь Ган)


БНХАУ байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан 2019 оны 10 дугаар сарын

1-нд Бээжин хотын Тяньаньмэнийн талбайд зохион байгуулсан баярын жагсаалд Ардын Чөлөөлөх Армийн бие бүрэлдэхүүн оролцож буй нь.(Синьхуа/Ли Га)

Categories
мэдээ цаг-үе

Х.Тэмүүжин: Уул уурхайг түшиглэсэн популизмыг Үндсэн хуульд биччих шиг боллоо

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга явуулахаар тогтсон. Үүнтэй зэрэгцэн ээлжит бус сонгууль явагдах тухай ч дуулдаад эхэлсэн. Таны хувьд энэ бүхнийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтээс асууж болно. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд гэдэг чинь маргаантай, ердийн арга хэрэгслээр шийдвэрлэх боломжгүй асуудлыг ард түмэн эцэслэн шийдвэрлэх эрхтэй гэх санаа. УИХ-д 64 суудалтай Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн хийх чадвартай олонхыг бүрдүүлсэн атлаа өөрсдөө хариуцлагаас зугтаагаад ард нийтийн санал асуулга явуулахын нэрийн дор эцэст нь ард түмэн л ингэж шийдсэн гэж хэлэх гэж байгаа, санаачилсан асуудлынхаа хариуцлагаас зугтаж байгаа нь зохимжгүй, хуурмаг л юм. Эрх баригчдын санаархлуудын хамгийн аюултай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нэрийн дор ард нийтийн санал асуулга зохион байгуулах гэдэг халхавчаар УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулах гэж оролдсон нь. Энэ бол маш увайгүй, ямар ч аргаар хамаагүй эрх мэдэлтэйгээ үлдэх шунал тачаал байгаагийн шинж. МАН 2016 оны сонгуулиар УИХ-д хэт олонх болсон. Яагаад хэт олонх болчихсон тухайгаа МАН-ын дарга, Ерөнхий сайд, Хууль зүйн сайд нар нь маш тодорхой баримтууд дурдаад, амьд гэрч гэж байгаад ил цагаан ярьж хэлж байсан. УИХ, Засгийн газрын гишүүнээс авахуулаад Монгол Улсын төрийн өндөр алба хашиж байгаа 300 орчим хүн ардын намын бага хурал гэх нэрэн дор хуралдаад нэг шийдвэр гаргачихсан. Тэр нь 2016 оны сонгуулийг 60 тэрбумын схем буюу төрийн тодорхой албан тушаалуудыг их хэмжээний мөнгөөр арилжиж, тэр мөнгөөрөө сонгууль хийж, 65 суудал авч, хүмүүсээ төрд байршуулсан тухай. Өөрөөр хэлбэл, төрийн эрхийг хууль бусаар авсан тухайгаа, өөрсдөө хуралдаад, шийдвэр гаргаад хүлээн зөвшөөрчихсөн. Тэгээд болоогүй 60 тэрбумын Засгийн газраа унагаж дараагийн Засгийн газар байгуулахдаа ЖДҮ-ийг дэмжих сангийн мөнгийг авлига байдлаар тарааж УИХ-ын гишүүдийн тэн хагасыг хахуульдаад тэднийгээ авлига албан тушаалын хэрэгт бөөнөөр нь холбогдуулчихсан. Хэрэгт холбогдоод төмсөгдүүлчихсэн гишүүдээ дарамталж, барьцаалаад улс орныг самрах, Монгол Улсын төрийн байгуулалтыг нураах бүх шийдвэрээ гаргуулаад сууж байна.

УИХ-ын дарга нь “парламентын засаглалыг бэхжүүлэх” юм гээд УИХ-аа тараах гээд санаачилга гаргаад, гэмт хэрэгтэн гишүүдээрээ гарын үсэг зуруулаад сууж байгааг эрүүл ухаанаар ойлгох арга үгүй. Парламентыг тарааж, төр эзгүйчлүүлж парламентат ёсыг хамгаалдаггүй юм л даа. Хоёр үзүүртэй зүү шиг хорлонтой. Тэр дундаа УИХ-ын дарга нь өөрөө ийм санаачилга гаргаад явж байгаа бол тэр нөхөр шууд зайлах ёстой. Занданшатар гэдэг хүн үндсэндээ Монгол Улсыг хоёр дахь удаагаа хорлож байна.

Өмнө нь 2012 онд гадаад хэргийн сайд байхдаа, олон улсын түвшинд Монгол Улсын гуравдагч цонх гэдэг эдийн засаг болон улс төрийн бодлогыг барьж байх ёстой албан тушаалыг хашиж байхдаа стратегийн салбарт хөрөнгө оруулалт хийх тухай хууль өргөн бариад Монгол Улсаас маш олон хөрөнгө оруулагчдыг хөөн гаргаж байсан. Монгол Улс руу орж ирэх үнэ багатай, урт хугацаатай мөнгөний урсгалыг боомилон хааж эдийн засгийнх нь хувьд хоёр хөршийн дунд хоосон хувхай яс шиг Монгол Улсыг хаяж байсан. Гэтэл одоо парламентын засаглалыг дэмжих нэрийдлээр парламент тараах санал гаргаад гүйж байдаг. Магтаад байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дотор нь яг өмнөх 2012 онд бий болгосон шиг нь үр дагаврыг хэдэн арав дахин томоор 20-30 жил үргэлжлүүлэх өгүүлбэр орчихсон л явна. Хүмүүсийн халаасанд байгаа мөнгийг хоослоод, улстөрчдийн тэнэглэлийг дэврээгээд Венесуэлийн араас явуулах поп үг үсэг Үндсэн хуулийн хүч чадалтай болох гэж байна шүү дээ. АНСА, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэдэг нь хуурмаг гоёчилсон үг, дэврүүн сэтгэлтэй хүлээлт байгаа болохоос бодит байдал дээр ухралт, том сэдвээр халхавчилсан, буцаад яаж УИХ-д орж ирэх вэ гэдэг улс төрийн жижигхэн амбицууд л байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс засаглалын хэлбэр асуух санал ч гарч ирсэн.

-Бид Үндсэн хуулийнхаа дархлааг сайжруулж чадаагүйгээс, нөгөө талаас УИХ-д байгаа 64 нөхөр өөр хоорондоо учир шалтгаанаа олохгүй байгаагаас шалтгаалаад нэг хүний хүч нөлөө хэтэрхий өндөр авчихлаа. Ерөнхийлөгчийг ийм их эрх мэдэлтэй болгосон гол буруутнууд нь энэ 64 гишүүн л дээ. ҮАБЗ дээр шүүгчдийг, хуулийн байгууллагуудын удирдлага, албан тушаалтнуудыг дур зоргоороо өөрчлөх эрх мэдлийг энэ хэдэн гишүүн л өгчихсөн. Тэгээд буцаад хэрэгт холбогдоод хууль шүүхийн байгууллагын дуудлагатай болоод, амиа хоохиолж, хэргээ цайруулахын тулд тал засаж гүйх шалтгаантай болсноос бүгд тэр хүний гарт орчихсон. Нөгөө хүн нь ч хангалттай сайн тоглож байна. Үүний горыг улс орноороо амсах гээд сууж байна.

Үндсэн хууль болон өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, бусад хууль тогтоомжоор Ерөнхийлөгч өөрийнхөө бүрэн эрхийг нэмэгдүүлэх зорилготойгоор, мөн Үндсэн хуулийн суурь үндсийг үгүйсгэх, өөрчлөх санаачилга гаргах нь хязгаартай. Ийм санаачилга гаргаж байгаа тохиолдолд Цэцэд асуудал нь хөндөгдөж байх учиртай. Өнөөдөр манайд хууль хүчтэй ажиллахаас илүү улс төрийн хор, авлигын хамжигч бүтэц нь хуулиасаа илүү ажилладаг болчихоод байна. УИХ парламентын институциуд хэвийн үйл ажиллагаа явуулаад Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа үнэнч зогсож байгаа нөхцөлд Монгол Улсад хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглал, нэг хүний дарангуйллын хэв маяг тогтохгүй, энэ санаачилга ч гарах учиргүй. Засаглал солих гэж зүтгэсэн хэн ч байсан Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хариуцлага нь тооцогдон төрөөс зайлуулагдаж байх ёстой. Шударга ёс хүчгүй байх, шударга бус зүйл хүчтэй байх хоёулаа аюултай гэдэг шиг Үндсэн хуулийн үзэл санаанд хүч өгөх ёстой тэр механизмууд ажиллахгүй байх үнэхээр аюултай. Нөгөө талдаа Үндсэн хуулийг нулимж Үндсэн хуулиас давж тонгочиж байгаа улстөрчид хүчтэй байх бүр аюултай. Энэ хоёр аюул давхцаад Монгол Улсын тусгаар бүрэн эрхт байдал, ардчилал, хууль ёсонд нь эрсдэл үүсгээд байна л даа.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын хэвлий дэх баялаг, ой усны сан, ан амьтан төрийн нийтийн өмч мөн” гэж заасан. Энэ хэр оновчтой заалт вэ?

-Уг нь баялаг гэж хэлэх ёсгүй. Баялаг гэдэг чинь хүний хөдөлмөр шингэж байж тэнд ямар нэгэн байдлаар эдийн засгийн үр ашиг бий болж байж баялаг гэдэг ойлголт үүсдэг. Байгалийн нөөц гэдэг юм уу арай өөр үгээр илэрхийлэгдэнэ л дээ. Бүгдээрээ нийтийн өмч гэх тодорхойлолтод орж явдаг. Манайх “төрийн нийтийн өмч” гэх ойлголт шинээр гаргаад ирчихлээ. Хууль зүйн хувьд маш маргаантай ойлголт. Төрийн нийтийн өмч гэхээр нөгөө талд төрийн хувийн өмч гэх ойлголт гарч ирэх л байх. Хууль асуудлаа шийдэх ёстой болохоос өөрөө бүрхэг ойлгомжгүй ойлголтоосоо болж нэмэлт асуудал үүсгэж болохгүй.

-Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх ч заалт орж байгаа. Энэ тухайд?

-Дийлэнх гэдэг 66 хувь гэсэн үг. Энэ чинь өөрөө Оюу толгойн 66 хувийг авна гэсэн үг юм уу. Хөрөнгө оруулалтын 66 хувь нь дандаа манайх байна гэсэн үг юм уу. Эдийн засгийн үр дагавар юу вэ гэдэг дээр маш бүрхэг маргаантай. Энэ агуулгуудыг нь харахаар Монгол Улс сүүлийн жилүүдэд гаараад байгаа, ихэнхдээ шантааж, сүйтгэл дагуулаад, зарим талаар гадны гар хөл болж, Монголын дотоод шийдлийг үгүй хийхэд хүргээд байгаа уул уурхайд түшиглэсэн популизмыг Үндсэн хуулийн болгоод биччих шиг боллоо. Үүний үр дагавар ирээдүйн 20,30 жилдээ Монголд гадны хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүй болгоно. Яагаад гэхээр хэн ч үйл ажиллагааныхаа дийлэнх буюу 66 хувийг дээрэмдүүлээд сууна гэж байхгүй шүү дээ. Хоёрдугаарт, манай эдийн засаг царцах юм байна. Хүмүүсийн амьдралд нөлөөлж, иргэдийн халаас хоосорч, улстөрчдийн чихэр, боов тараалт нэмэгдэх юм байна.

Монгол Улс Венесуэлийн араас маш хурдацтайгаар явах нөхцлөө бүрдүүлж байгаа юм байна гэж харж байна. Яг энэ заалтын цаана Монголын эдийн засаг ирэх жилүүдэд ямар байдалтай болох, улстөржилт хэрхэн өрнөх, засаглалын хэлбэр яаж өөрчлөгдөх, гадаад бодлого хаашаа эргэх, гуравдагч хөрштэй үлдэх эсэх гээд олон асуудал таг харанхуй байна даа. Мэргэжилтнүүдээс асуух хэрэгтэй. Анх өргөн барьсан төсөл дээр ийм гажууд, хорлонтой заалтууд байгаагүй.Зөвшилцөл нэртэй хуйвалдаан, явцуу жижиг амбицуудыг кнопын тоонд амилуулаад эхэлхээр Үндсэн хуулийн үзэл санаа наймааны хэрэгсэлд өртөж хулгайлагдаж байгаа нь энэ. Үндсэндээ эдийн засгийн алуурчид, чөлөөт нийгмийн дайснууд гэдэг чинь энэ л дээ. Эдийн засгаа тэлж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж, ажлын байр үүсгэн, иргэдээ баялаг бүтээх үйл ажиллагаанд оролцуулах, тэдэнд эдийн засгийн өсөлтийн үр шимийг шударгаар хүртээж, татварын боломжоо нэмэгдүүлэх гээд үнэнд ойр, үр ашигтай ажилаж болох механизмыг хажуунаас нь хий хоосон попорч орж ирээд лоомдоод эвдчих нүх Үндсэн хуулиар үүсгэх гэж байна. Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа гэж нүх үүсгээд гэмт хэргийн хамсаатнуудаа гоожуулдаг шиг.

-Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэний нэг хувиас доошгүй иргэн эвлэлдэн нэгдэж нам байгуулна гэсэн заалт орсон. Намуудын зүгээс улс төрд орох эрхийг хасч байна, хоёр нам улс төрд үлдэх нь зэргээр шүүмжлэлтэй хандаж байна?

-1992 оны Үндсэн хуульд иргэд эвлэлдэн нэгдэх эрхтэй гэж заасан. Нөгөө талдаа Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Тэд шууд болон сонгож байгуулсан төлөөллийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан. Монгол Улсад төр ямар байх, ямар бодлого хэрэгжүүлэх, эс хэрэгжүүлэхийг иргэд мэдэж шийднэ гэх утгатай. Энэ эдлэх боломж нь эвлэлдэн нэгдэх эрх. Эвлэлдэн нэгдэх эрх болон төрийн шийдвэр, үйл ажиллагаанд оролцох эрх нь хоёулаа нэгдсэн үү, 20 мянгуулаа нэгдсэн үү гэдгээр ялгаварлагдаж болохгүй гэдэг санаа. Тэр дундаа иргэндээ хянагдах учиртай төр засаг иргэддээ “тэд хүрч байж та нар эрхээ эдэлнэ” гээд босго тавиад, заагаад сууж байх, ийм гажуудсан утгаа тэдний нэрээр нийгмийн гэрээнд нь оруулах гээд давшилж байх ёс зүйгүй үйлдэл. 2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дордуулсан долоо гэж яриад байдаг. Гэхдээ тэр өөрчлөлт энэ удаагийнх шиг иргэнийхээ үндсэн эрхийг хулгайлаагүй.Энэ бол иргэнийхээ үндсэн эрхээс хулгайлж байгаа хулгай. Хууль хулгайлаад дөжирчихсөн, цайчихсан хүмүүст энэ бас хамаагүй байх л даа…

Ер нь бол нэгдүгээрт, иргэдийнхээ улс төрийн эрх чөлөөг хумих чиглэл рүү алхаж ардчиллаас ухралт хийж байна. Хоёрдугаарт, энэ зүйл заалтын хор хөнөөл юун дээр гарч ирэх вэ гэхээр Монгол Улс социализмын үеийн үлэг гүрвэл шиг нүсэр бүтэцтэй, хатуу гишүүнчлэлтэй тэр гишүүдээ нэг бол айдсаар, нөгөө бол халамжаар тэжээдэг байдлыг Үндсэн хуульжуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл энэ нь албан тушаалын сүрдүүлэг, бүхий хагас цэргийн тогтолцоо, эсвэл бохирч хамаагүй их мөнгөөр оршин тогтнох клиентелист түншлэл дээр суурилсан олигархын халаасанд багтсан нам гэсэн үг. Үр дагавар нь нөгөө талдаа төсвөөс их хэмжээний мөнгө хулгайлдаг хулгайч түшмэлүүдийн сүлжээ үүсгэнэ. Өөрөөр хэлбэл 60 тэрбумын схемийг албан ёсоор Үндсэн хууль руу бичиж байна даа. Ийм нүсэр бүтэцтэй тэдэндээ халамж тараадаг худалдан авалт хийж Клиентелист буюу харилцан тохиролцож байвал юуг ч зарж үрж наймаалцаж болдог гэдэг системээ албан ёсоор Үндсэн хууль руугаа бичиж байна гэж харагдаж байна. Улс төрийн намаас болж төрд авлига гаарч байгаа. Оймс, малгайндаа нуугаад тэр мөнгө нь хэн нэгэн улстөрчийн дараагийн сонгуулийнх нь бэлтгэлийг хангах гээд зүтгэж байгаа. Улстөрчдийн, намуудын тавиулууд мөнгөтэй гэж бодсон төрийн бүх байгууллага, албан тушаалууд дээр очоод сүлжээгээрээ мөнгө хулгайлцгааж байгаа. Энэ гажиг авлигажсан улс төрийн тогтолцоог албажуулж Үндсэн хуульдаа бичиж байгаа нэг хэлбэр нь энэ. Нэг талаас иргэний үндсэн эрхийг хулгайлж байна. Нөгөө талаас авлигажсан улс төрийн намыг Үндсэн хуульдаа бичих гэж оролдож байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтүүд ерөнхийдөө шувтарч байна. Анх зорьсон зорилгодоо хүрч чадах болов уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс орныг урагшаа алхсан өөрчлөлт байх ёстой гэж үзээд дэвшүүлсэн зөв зүйтэй санал олон байсан. Хамгийн гол нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх ёстой гэж үзэхийн нэг шалтгаан нь Засгийн газрыг тогтвортой байлгах, гүйцэтгэх эрх мэдлийг эзэнжүүлж Ерөнхий сайдад хариуцлага, эрх мэдэл хоёрыг нэг мөр өгөх зорилготой байсан. Бас гүйцэтгэх эрх мэдлийг гурав дөрвөн төрийн институци хоорондоо булаацалдсан байдалтай, нэг нэгнийхээ өмнүүр орж эрх мэдэл олж авахыг оролдсон мөртлөө хариуцлага үүрэх болохоор нэг нэгнийхээ араар ороод нуугдчихдаг явдлыг зогсоох. Тэгэхийн тулд Ерөнхий сайд Засгийн газрынхаа кабенитыг өөрөө бүрдүүлдэг. Ерөнхий сайд Их хурлын өмнө хуулийн биелэлтийг хариуцна гэсэн бол тэр үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэх хэмжээний эрх мэдэлтэй байх гэдэг нь гол зарчим байсан. Энэ үзэл санаагаар Их Хурал гүйцэтгэх эрх мэдэлтэй хутгалдаж санхүүгийн сахилга батыг доголдуулдаг, дураараа төсөв мөнгө зарах гэж оролддог явдлыг зогсоох, Үндсэн хуулиар олгогдоогүй боловч хэт тэлсэн Ерөнхийлөгчийн эрх мэдлийг танах, УИХ-аас гадна УИХ-ын дарга гэж УИХ-аасаа том эрх мэдэлтэй болчихсон, орохгүй зүйлгүй, мэдэхгүй асуудалгүй болчихсон нөхрийг цэгцлэхийг оролдсон. Харамсалтай нь оролдсон л гэж хэлэхээр болж байх шив дээ.

Ерөнхий сайд Засгийн газрын кабенитаа өөрөө бүрдүүлдэг заалт нь уначихлаа. Гол зарчим нь унаад техникийн туслах шинжтэй заалтууд нь дэмжигдээд тодорхойгүй үр дүнтэй л байх шив. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хөндөхийг хүссэн чухал асуудал нь Шүүхийн хараат бус, бие даасан байдлыг сайжруулах нөгөө талаас хариуцлагыг нэмэгдүүлэх байсан. Мордохын хазгай гэгчээр анх өргөн баригдахдаа зүйл заалтаа онож өргөн барьж чадаагүй, ихэнхдээ Үндсэн хуулийн бус асуудлыг хамаад явчихсан. Ядахад яр гэгчээр зөвшилцөл нэрийн дор Ерөнхийлөгч орж ирж самраад чухал заалтуудыг нь хасчихсан. Дээр нь УИХ-аар хэлэлцэх явцад анх өргөн барьсан үзэл баримтлалыг 180 градус эргүүлчихсэн. Үндсэн хуулийн энэ нэмэлт, өөрчлөлтөөс Шүүхтэй холбоотой шинэчлэлийн үйл явц тод харагдахгүй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт техникийн шинжтэй дэвшил байгаа болохоос зарчмын болон тулгуур үнэт зүйлийн шинжтэй асуудлууд дээрээ ухралт хийчихэв үү л гэж харж байна.

-Ардчилал гарч ирээд 30 жил болж байна. зарим хүмүүс аливаа зүйлийн бүх бурууг ардчилал руу нялзаадаг. өнгөрсөн хугацааг эргээд харахад ардчилал бидэнд юу өгсөн гэж та дүгнэх вэ?

-30 жилийн өмнөх хүмүүсийн амьдрах хэв маяг, амьдралын чанар,өөрөө өөртөө итгэх итгэл, хүсэл мөрөөдлүүдийг нь 30 жилийн дараахьтай харьцуулаад үзэхэд харагдах байх аа. 30 жилийн өмнө ах дүүгээрээ гутал, өмдөө дамжуулаад өмсдөг, нийгмээрээ нэг мөрөөдөлтэй, өөртөө итгэхээсээ илүү нам засагтаа итгэсэн, ах дүүг нь авч яваад буудчихад би буудуулаагүй үлдсэн нь их юм гэсэн айдас хүйдэстэй л байсан даа. Энэ цаг үе зарим талаараа шүүмжлэлтэй, хүлээлтэд хүрэхгүй байгааг үгүйсгэхгүй. Хоёрдугаарт, ардчилал бол ид шид биш. Иргэд өөрөө өөрсдийнхөө амьдралыг дээшлүүлж болох боломжийг бүрдүүлж өгдөг л зам. Үр дүн бол иргэдийн өөрсдийнх нь идэвх санаачилга хариуцлагаас дийлэнхдээ шалтгаална.

1990 оноос төөрөгдсөн нэг зүйл бий. Бидний амьдарч байгаа нийгэм ардчилсан гэхээсээ илүү чөлөөт нийгэм. Энэ чөлөөт нийгэмд зэрэгцэн оршин байдаг хэд хэдэн суурь инститиуци, зарчмууд байдаг. Тэрний зөвхөн нэг нь ардчилал. Бид бүх нийгмээ ардчилал гэдэг ойлголтоор төлөөлж илэрхийлэх гэж оролдож байгаа нь алдаа. Ардчилал иргэдэд эд хөрөнгө, баялгийг авчирч өгдөггүй. Баялгийг хувь хүмүүст хуваарилж, авчирч өгдөг тогтолцоо чинь зах зээлийн тогтолцоо. Чөлөөт зах зээлийн зарчмуудаа хэрэгжүүлээгүй мөртлөө зах зээлийн бий болгох ёстой зүйлсийг ардчиллаас нэхэж болохгүй. Ардчилал нийтийн шийдвэрийг гаргадаг, тэгэхдээ цөөнхөө сонсож, олонх нь шийдвэр гаргадаг харилцан ярилцдаг, ойлголцлын тогтолцоо. Ардчилал, зах зээлээс гадна чөлөөт нийгэмд хуулийн засаглал нэг зарчим бий. Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, байгаа байдлаараа ялгаварлагдахгүй байх, хууль хоёр өөрөөр үйлчлэхгүй байх чинь ардчиллын тухай ойлголт ердөө биш. Зах зээлийн тухай ойлголт ч биш. Хуулийн засаглалын тухай ойлголт. Хоорондоо уялдсан зарчмуудыг зэрэг хэрэгжүүлэх ёстой.

Ардчилал монголчууд бидэнд асуудлаа дотроо өөр хоорондоо ярилцаж өөрсдийнхөө хувь заяаг өөрсдөө шийдвэрлэх бүрэн эрхийг өгсөн. Гарсан шийдвэрээ амьдралд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх гэдэг чинь хуулийн засаглалын тухай яриа. Ардчилал маань гажигтай байгаа. Учир нь авлигажсан улс төрийн намууд,байнга иргэдээ хуурдаг лидерүүд, ярьсан болон хийж байгаа үйлдэл нь зөрдөг шийдвэр гаргагч нартай холбоотой итгэл алдарч байгаа.

Нөгөө талдаа яагаад хууль ялгаатай, алагчилж үйлчлээд байгаа юм бэ, хуулиас давсан эрх мэдэлтэн, хуулийг өөрийнхөөрөө өөрчилж үйлчлүүлээд байгаа мөнгөтөй хүмүүс, хамгийн гол нь худалдагдаж, айн бэргэж хуулиа завхруулаад байгаа хуулийн байгууллага, албан тушаалтнуудын бурууг Ардчилал үүрч болохгүй. Эдийн засгийн зөв тогтолцоо бүрдээгүй учраас хэт ялгаатай байдал үүсчихээд байгаад ардчилал буруутай юу. Асуулт зөв тавигдахгүйгээр шийдэл зөв олдохгүй л дээ.

Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөр: Улс орны хөгжил эрдэмтдээсээ асуулт асууж, сонсохоос эхэлдэг

Монгол Улсын Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн Магистр, докторын сургуулийн захирал Биологийн ухааны доктор, профессор Б.Баттөртэй ярилцлаа.


-Та Биологи, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн салбарын эрдэмтэн болсон тухайгаа эхлээд ярихгүй юу?

-Би 1991 онд ХААИС-ийг малын их эмч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгсөөд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажил хийж байгаад судалгааныхаа үр дүнгээр 1998 онд Биологийн ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. ХААИС-ийн харьяа мал эмнэлгийн хүрээлэнгийн паразитологийн лабораторид 1991-2001 он хүртэл ажилласан. 2001-2002 онд энэ сургуулийнхаа халдварт өвчин судлалын тэнхимд паразит судлалын багшаар ажилласан. Харин 2003-2007 он хүртэл дөрвөн жилийн хугацаанд ХААИС-ийн харьяа Ургамал хамгааллын хүрээлэнгийн захирлаар ажиллаж, 2007-2009 он хүртэл Японы Кагошима их сургуульд зочин судлаачаар ажилласан. Тэгээд 2009 онд Монголд буцаж ирээд Мал эмнэлгийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 2010 оноос ХААИС-ийн Магистр, докторын сургуулийн захирлаар ажиллаж байна. Монголдоо буцаж ирснээс хойш Мал эмнэлгийн хүрээлэнгийн молекул генетикийн лабораторид хэрэгжсэн шинжлэх ухаан технологийн гурван төслийн удирдагчаар ажиллахын зэрэгцээ сүүлийн таван жил Япон-Монголын хамтарсан “САТРЕПС” төслийн дэд удирдагч, менежер, Хятад-Монголын хамтарсан судалгааны төслийн удирдагч гэх мэт арваад төсөл хөтөлбөрийг удирдан ажиллалаа.

-Хятад-Монголын хамтарсан ямар төсөл дээр ажилласан бэ?

-БНХАУ-ын Шанхайн Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтраад хүнсээр дамжин халдварладаг өвчний оношилгооны технологийг боловсронгуй болгох сэдэвт төслийг Мал эмнэлгийн хүрээлэнгийнхээ молекул генетикийн лаборатори, Хүнсний аюулгүй байдал, ариун цэврийн лабораторийн судлаачидтай хамтран хэрэгжүүлж байна.

-Магистр, докторын сургуульд хичнээн оюутан суралцаж байна?

-ХААИС нийт 10 мянга гаруй оюутантай. Үүнээс 3800 оюутан магистр, докторт суралцаж байна. 3300 магистрант, үлдсэн 500 орчим оюутан нь докторт суралцдаг. Манай сургууль бүрэлдэхүүний таван сургуультай, Дарханд салбар сургууль нь байдаг. ХААИС-д үндэсний хэмжээний дөрвөн хүрээлэн харьяалагддаг. Манай сургууль судалгаанд суурилсан их сургууль болохоор зорилт тавин ажиллаж байна. Магистр, докторт сурч байгаа оюутнууд хөдөө аж ахуйн бүх чиглэлээр суралцдаг. Докторын 29, магистрын 44 хөтөлбөрөөр суралцуулж байна. Нийтдээ мал эмнэлгийн салбар, мал аж ахуйн салбар, ургамал газар тариалангийн салбар, эдийн засаг бизнесийн салбар, газар экологи, хөдөө аж ахуйн инженерийн бүх чиглэлээр сургадаг.

-Танай сургуулийн “Малчны анги” одоо байгаа юу?

-Хуучин “Мэргэжилтэй малчин” бэлтгэе гээд сургалтууд явуулдаг байсан. Одоо бол малчны анги байхгүй.

-Манай улсын хөгжилд хөдөө аж ахуйн салбар чухал үүрэгтэй. Үүнд энэ чиглэл салбарын сургалт, мэдлэг, мэргэшсэн мэргэжлийн хүчин чухал үүрэг гүйцэтгэх байх. Танай сургууль ямар бодлого баримталж ажилладаг вэ?

-Хөдөө аж ахуйн их сургуулийн хамгийн том зорилго нь судалгааны их сургууль болох зорилготой. Судалгааны их сургууль юугаараа ялгагддаг вэ гэхээр багш профессорууд нь өөрсдөө зөвхөн мэдлэгийг дамжуулдаг биш, мэдлэгийг бий болгодог судалгаа хийдэг байх хэрэгтэй. Бид аль болох ахисан түвшний сургалтад анхаарах, сургалтын тоо, чанарыг нэмэгдүүлэх,гадаад дотоод хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, ялангуяа судлаачид дэлхийн түвшинд судалгааны ажлыг хийж олон улсын сэтгүүлд эрдэм шинжилгээний томоохон өгүүллүүдийг нийтлэх бодлого баримталдаг. Энэ нь тухайн их сургуулийг дэлхийн хэмжээний сургуулиудтай өрсөлдөх, дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх, их сургуулиудыг эрэмбэлэхэд хамгийн чухал үзүүлэлт болдог. Тийм учраас бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх сургууль болох том зорилтын төлөө манай хамт олон ажиллаж байгаа.

-Сургалт, судалгааны ажил явуулахад хүндрэлтэй ямар асуудал тулгарч байна?

-Манай сургууль төрийн өмчит их сургууль боловч зөвхөн оюутнуудынхаа төлбөрөөр сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Төрөөс олгох ёстой санхүүжилтээ огт олгодоггүй. Манайх улсаас 1,8 тэрбум төгрөгний авлагатай. Энэ нь дулаан, цахилгааны суурь санхүүжилт гэж явдаг. Үүнийг олгохгүй байна. Харин улсын төсвөөс их сургуульд шинэ хичээлийн байрын барилга баригдаж байгаад их сургуулийн боломж чадавхыг дээшлүүлэх их ач холбогдолтой ажил боллоо хэмээн манай хамт олон энэ жилдээ багтаан хүлээж авахаар бэлтгэж байна.

-Та сургалт судалгааны эрдмийн ажил хийнгээ оюутнууддаа хичээл заадаг уу?

-Би хөдөө аж ахуйн салбарт ХААИС, мал эмнэлгийн хүрээлэнд 28 жил ажилласан. Яг багшилсан нь 4-5 жил. Магистр, докторын ахисан түвшний сургалтын бодлогыг сүүлийн арваад жил зангидан удирдаж ажиллаж байна. Ахисан түвшний сургалтаараа бид чадварлаг судлаачид, мэргэжилтнүүдийг бэлтгэж гаргахыг зорьдог. Энэ ч үүднээсээ өөрөө мал эмнэлгийн шинжлэх ухааны салбарт шилдэг технологиудыг бий болгох чадвартай шилдэг судлаачдыг бэлтгэж гаргахад анхаарч ажиллаж байна. Мэдээж хэрэг ХААИС-ийн Магистр Докторын Сургуулийг хариуцдаг хүнийхээ хувьд магистр, докторын сургалтыг аль болох олон талын чадварлаг мэргэшсэн эрдэмтдийг сургалтад оролцуулан тэднээрээ дамжуулан чадварлаг мэргэжилтнүүд, эрдэмтдийг бэлтгэж мэргэшүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг.

-Сүүлийн жилүүдэд сургалт судалгааны ямар ажлууд хийсэн бэ?

-Олон чиглэлд хөдөө аж ахуйн бүх салбарт сургалт судалгааны ажлуудыг тогтмол хийж байна. Эдгээрээс дурдвал, тогтвортой хөгжлийн төлөө Япон-Монголын эрдэмтдийн хамтарсан судалгааг дэмждэг САТРЕПС хөтөлбөрийн судалгааны төслийг Монгол Улсад анх удаа судалгааны багаараа хэрэгжүүллээ. Энэ төсөл нь Японы Засгийн газраас буцалтгүй тусламж хэлбэрээр Японы нийгмийн эрүүл мэндийн шинжлэх ухааны сан болон ЖАЙКА байгууллагаас нийтдээ 4,5 сая доллар буюу 10 орчим тэрбум төгрөгийн санхүүжилттэй байлаа. Төслийн хүрээнд Мал эмнэлгийн хүрээлэнгийн Молекул генетикийн лаборатори, Эмгэг судлалын лаборатори лабораторийн нэлээд тоног төхөөрөмжийг шинээр нийлүүлсний дээр нэг залуу судлаач докторын зэргээ Япон улсад хамгаалсан бол 20 гаруй хүнийг урт, богино хугацаагаар Япон улсад сургаж дадлагажууллаа. Монгол залуу судлаачид маань Японы судлаачидтай ижил түвшинд ажиллах чадвартайг ч харуулаад авлаа.

-Япон-Монголын эрдэмтэд хамтарч ямар чухал судалгааны үр дүн гаргасан бол?

-Япон-Монголын хамтарсан судалгааны баг маань “Монгол оронд эгэл биетүүдээр дамждаг өвчнүүдийн тархалтын судалгаа, оношилгооны аргуудыг боловсронгуй болгох” сэдэвт Монгол Улсад хэрэгжүүлсэн анхны САТРЕПС төслийн үр дүнгээ саяхан зургадугаар сард хүлээлгэж өгөөд байна. Энэ төслийн үр дүн нь судалгаа боловсруулалтын ажлын хамгийн сүүлийн үеийн техник технологийг ашиглан гүйцэтгэсний дээр гарсан үр дүн нь шууд үйлдвэрлэлд нэвтэрч эхэлснээрээ бусад оронд хэрэгжсэн САТРЕПС төслүүдээс онцлогтой байсныг төслийн үр дүнг хүлээж авсан Япон-Монголын хамтарсан үнэлгээний баг өндрөөр үнэлснийг зориуд тэмдэглэхэд таатай байна. Төслийн хүрээнд цусны паразитаар үүсгэгддэг өвчнүүд болох хачигийн халуун, адууны нийлүүлгийн өвчнүүдийн үүсгэгчдийн цэвэр өсгөврүүдийг лабораторийн нөхцөлд ялган авч эдгээр өсгөврүүдээс гарган авсан өвөрмөц рекомбинант уургуудыг ашиглан дөрвөн төрлийн өвөрмөц оношлуурууд, түүний дотор адууны нийлүүлгийн өвчнийг малын бэлчээрт нь 10 хүрэхгүй минутын дотор оношлох боломжтой түргэвчилсэн оношилгооны тестийн технологийг боловсруулан бүх оношлуурууд маань малын эмч нар болон мал эмнэлгийн лабораторийн оношилгоонд ашиглагдаж эхлээд байна. Оношлууруудыг маань үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Монгол Улсын Малын ерөнхий эмч Д.Түмэндэмбэрэлд талархлаа илэрхийлье. Шижлэх ухаан талаасаа ч манай төсөл маш ололттой байлаа. Адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийг лабораторийн өсвөр болгон гарган авсан үр дүн маань олон улсад үнэлэгдэж шинэ эмийн бодис турших, шинэ вакцин гаргах, шинэ төрлийн оношлуурын судалгаанд олон улсын хэмжээнд шинэ хэрэглэгдэхүүн болж байгаад бид их сэтгэл хангалуун байгаа. Манай судалгааны хамтарсан баг дэлхийд сүүлийн 40 жилд гаргаж авч чадаагүй байсан адууны нийлүүлгийн өвчний үүсгэгчийг нь өвчтэй адуунаас ялган авч зохиомол орчинд буюу лабораторийн орчинд өсгөврлөж тогтвортой омог гарган авсан.Түүнчлэн дээр дурдсан өвчнүүдийн тархалтын судалгааг Монгол орны бүх аймгийг хамруулан судалж тархалтын зураглалуудыг гаргалаа. Хийсэн судалгаануудынхаа үр дүнд тулгуурлан эдгээр өвчнүүдтэй тэмцэх зааврыг боловсруулан батлууллаа.

-Та “Монгол орны мал, амьтдын паразитын ангилал зүйн нэгдсэн атлас” хэмээх бүтээл хэвлүүлсэн гэсэн?

-Мал эмнэлгийн ухааны доктор профессор Б.Батцэцэг захирал, дэд профессор Н.Дамбий багш бид гурав нийлээд “Монгол орны мал, амьтны паразитын ангилал зүйн нэгдсэн атлас”нэртэй томоохон бүтээлийг хэвлүүлэн гаргаад байна. Энэхүү ном 800-гаад хуудастай, 384 мал амьтанд шимэгчилдэг паразитыг нэгтгэж бидний үеийн болон биднээс өмнөх үеийн хүн эмнэлэг, мал эмнэлэг, биологийн салбарын эрдэмтдийн судлан тодорхойлсон Монгол оронд байдаг зүйл зүйлийн эгэл биетэн, хорхой шавж, хачиг, шимэгчдийн бүх зүйлийг олон салангид эх сурвалжид байсныг нэгтгэн ном буюу монограф болгож гаргасан гэж хэлж болно. Энэ ном бол маш олон эрдэмтэд судлаачдын олон жилийн хөдөлмөр болсон судалгааны үр дүнг нэгтгэсэн том бүтээл юм. Түүнчлэн өвчин үүсгэгчийг таних, биологи болон тархалтыг нь мэдэхэд гарын авлага болж байна. Мөн судлаачид төдийгүй практикт ажиллаж байгаа хүний эмч нар болон малын эмч, биологичид, энэ чиглэлээр сонирхон суралцаж байгаа оюутнуудад ач холбогдолтой бүтээл юм.

-Өнөөдөр шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурал болох гэж байна?

-Энэ чуулганыг их сургуулийн болон хүрээлэнгийн эрдэмтэд маш их хүлээж байсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү хурлаар шинжлэх ухааны салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлээд шийдчих болов уу гэж хүлээгээд байгаа шүү дээ. Тиймээс энэ их хурлын үр дүнд шинжлэх ухаанд зарцуулдаг төсөв хөрөнгө бодитойгоор нэмэгдэж шинжлэх ухаанд хандах хандлага, эрдэм шинжилгээний ажлын үнэлэмж, судлаачид, эрдэмтдийн үнэ цэнэ нэмэгдэхэд бодитой хувь нэмэр оруулсан шийдвэр гарах байх гэсэн хүлээлт салбарынхны дунд их байна. Мөн их, дээд сургуулиудыг шинжлэх ухааны бодлогоор дэмждэг болоосой. Ялангуяа ахисан түвшний тэтгэлэгт хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх алхам хийгдэх байх гэж харж байна.

-Эрдэм шинжилгээний салбарыг манай улс хэр дэмжиж байна вэ?

-Манай улс сүүлийн 30 жил эрдэмтдээ тоосонгүй шүү дээ. Уг нь улс орны хөгжил эрдэмтдээсээ асуулт асуухаас эхэлдэг байхгүй юу. Манай улс эрдэмтдийн үгийг биш, улстөрчдийн үгийг их сонсдог болчихсон. Шинжлэх ухаан улс орныхоо хөгжлийг хөтлөгч байх ёстой юм. Дэлхийн ямар ч улс оронд ийм л байдаг. Энэ бодлого манайд их алдагдсан. Үүнийг төр засаг маань анхаарч эхэлж байгаа нь энэ удаагийн шинжлэх ухааны их хурал зохион байгуулагдаж байгаагаар харагдаж байна.

Б.ОЮУНЖАРГАЛ

Categories
мэдээ цаг-үе

Алдагдсан боломжийг эргүүлэх алхам

Монголчуудад гараа сунгадаг улс орнуудын тэргүүн эгнээнд явдаг Япон улс байтугай бусад улсын хөрөнгө оруулагчдыг итгэлийг монголчууд бид алдаж, нүүр буруулахад хүргэснийг хэн хүнгүй мэднэ. Чин сэтгэлийг эхэнд тавьж, нарийн судалгаанд цаг зарж, итгэж болох юм гэж үзсэний дараа л япон хүн шийдвэрээ гаргаж, гараа сунгадаг. Энэ бүхнийг манай төрийн бодлого, хууль эрх зүйн орчны тогтворгүй байдал, хувь хүмүүсийн увайгүй үйлдэл үргээхэд хүргэжээ. Японы хувьд төр засаг нь тогтвортой биш л дээ. Парламент нь ч, засаг нь ч бүрэн эрхийнхээ хугацааг дуусгахгүй, тарж л байдаг. 72 жилийн хугацаанд ганцхан удаа л парламент нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг. Японд парламент тарах, шинээр бүрдэх бол нэг их шинэ сонин зүйл биш. Өндөр ёс зүйтэй улс орон учраас алдаа гаргалаа гэж үзвэл өршөөл гуйн бөхийж, өөрсдөө огцорчихдог. Гэхдээ энэ улсын парламент нь ч, засаг нь ч солигдлоо ч төрийн бодлого тогтвортой үргэлжилсээр байдаг. Япончуудын амьдралд дарга солигдох, парламент нь цаг бусаар унах нөлөөлөхгүй. Дараа нь гарч ирсэн хэнбугай ч улсынхаа бодлогыг үргэлжлүүлж ажиллаад л явна. Тиймээс бидний хариуцлагагүй, худалч, ёс зүйгүй, хэлснээсээ буцдаг нь Засгийн газар, парламент нь солигдох бүртээ сайд, дарга нар нь дур дураараа яриад эхэлдэг нь тэдний хэм хэмжүүрээр ойлгоход бэрх л дээ.

Алдсан итгэлийг олж авах хэцүү. Манай улсын үе үеийн Ерөнхий сайд нар алба ажлаа авмагц хамгийн түрүүнд Японд бадар барин очдог. Гэлээ гээд хөрөнгө оруулагчдад таатай байх нөхцөл үүссэнгүй. Улсынхаа эдийн засагт хамгийн чухал нөлөөтэй уул уурхайгаа л дээдэс, доодосгүй дарамтална, зүхнэ. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид энэ бүхэнд хэлэх үгээ бардаг. Хөрөнгө оруулагчдыг үргээдэг хачин үйлдлийн эсрэг тууштай үгээ хэлж, бодлого ярьдаг хүн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар. Тиймдээ ч энэ сарын 18-23-ны хооронд Япон улсад ажлын айлчлал хийхдээ хоёр улсын парламентын бүлгийн даргын хүрээний уулзалтаас гадна “Уул уурхайн хөрөнгө оруулалтын форум” зохион байгуулсан нь цагаа олсон, айлчлалаа илүү үр дүнтэй болгохыг зорьсон хэрэг байлаа. Энэ нь хөрөнгө оруулагчдыг алдсан монголчуудын алдагдсан боломжийг эргүүлэх эхний алхам болсон гэж үзэж болох юм.

Форумыг Мэжи Кинэнкан ордонд зохион байгуулсан нь ч ач холбогдол өгснийх. Мэжи Кинэкан ордон нь Мэжигийн хааны үед баригдсан бөгөөд 1947 оноос хуримын ордны үүрэг гүйцэтгэж байжээ. Форум болсон өдөр ч олон хос хуримаа хийж байсан юм. Харин одоо бол уламжлалт хуримын арга хэмжээнээс гадна дотны томоохон зочдыг хүлээж авах, ач холбогдол өгсөн өндөр хэмжээний арга хэмжээг зохион байгуулдаг болжээ. Японы түүхэнд Мэжигийн үе гэж гардаг. Тэгвэл тэр Мэжи хаан энэ ордонд 1888 онд Үндсэн хуулийн төсөл хэлэлцэхэд өөрөө оролцож байжээ.

Энэхүү Мэжи Кинэнкан ордонд Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Монгол, Японы парламентын бүлэг, Япон улсын Эдийн засаг, худалдаа аж үйлдвэрийн яам Японы газрын тос, байгалийн хий, металлын үндэсний корпораци JOGMEC хамтран зохион байгуулсан форум боллоо. Гурван зуу гаруй бизнесийн байгууллага, банкны салбарынхан оролцож, Монголд хөрөнгө оруулах талаар энэ өдөр ярилцав. Өнгөрсөн хугацааны алдаа, оноо, одоо байгаа нөхцөл байдал, ирээдүйд хэрхэн хамтрах талаараа ярилцлаа, илтгэлдээ ч дурдаж байна. Япончууд дүрэм журмыг ягштал барьдаг улс. Тиймээс дүрэм зөрчигсдөд дургүй. Тэд хэр баргийн газар хөдлөлт, байгалийн гамшигт барьц алдахгүй. Энд тэнд байгалийн гамшиг болбол үүргэвчээ үүрээд хэний ч заавар зөвлөгөөгүй, тэгэх л ёстой хэмээн хувийн бэлтгэлээ базаан үүргэвчээ үүрэн явж очдог. Үүнийгээ гавьяа байгууллаа гэж рекламдахгүй, ингэх л ёстой гэж ханддаг нэгдмэл цул ард түмэн. Тийм хүмүүс байнга дүрэм зөрчиж, хэнэггүйтдэг, стандарт барьдаггүй, ямар ч юмыг оромддог, хувьдаа л болж байвал, улсаа боддоггүй монголчуудад итгэл алдрах үе байсан биз. Дээр дурдсан, форумыг зохион байгуулагч JOGMEG байгууллага нь газрын тос байгалийн хийг тогтвортой урт хугацаанд хангах үүрэг бүхий Японы үндэсний газрын тосны корпораци болон өнгөт металл эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах Металл олборлолтын агентлагийн чиг үүргийг нэгтгэх замаар 2004 онд байгуулагдсан. Тус байгууллага Монгол Улстай асуудал тодорхой болсон тохиолдолд хөрөнгө оруулахад бэлэн, хамтрах боломжтой гэж байлаа. Форумд оролцогч зарим компанийн төлөөлөл Оюу толгойн гэрээний талаар тодруулж байсан. Цуцлах гэж байгаа юм биш биз гэж асуусан. Харин Уул уурхайн сайд Монголын эдийн засагт чухал ач холбогдолтой энэ гэрээг үргэлжлүүлнэ. Засч сайжруулах зүйл бий гэж хариулсан. Гэрээг сайжруулах саналыг Рио Тинтод тавьсан гэлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Оюу толгойн гэрээний талаарх дээрх асуултад мөн хариулахдаа” засч сайжруулж Монголын ард түмэнд өгөөжөө өгөх тал дээр ажиллана. Зөвхөн нэг тал илүү ашигтай байж болохгүй. Хоёр тал хоёулаа гэрээний үр дүнд адилхан ашиг хүртэх ёстой” гэсэн юм.

ЯПОНЧУУД МОНГОЛ УЛСЫГ СОНИРХЛЫН ГАДНА ҮЛДЭЭГЭЭГҮЙ

Форумд шинэ, шинэ хөрөнгө оруулагчид, томоохон компаниуд ихээр ирсэн нь анхаарал татав. Энэ нь Монголыг сонирхлын гадна хаячихаагүйг хэлээд байх юм. Гэвч өнөөх л олон жилийн өмнөөс сонссон тогтворгүй төр засаг, хэзээ ч, яаж ч өөрчлөгдөхөд бэлэн хууль эрх зүйн үл ойлгогдох таагүй орчны талаар үгс хөврөх юм. Хөрөнгө оруулагчдыг татахыг хүсэх хэрнээ үргээдэг үйлдэл хийж ирсэн нь, тэр нь засагдаагүй явсаар өнөөг хүрснийг анхааруулж байна. Японы хөрөнгө оруулагч томоохон компанийн төлөөллүүд зайгүй суусан танхимд Д.Сумъяабазар сайд илтгэл тавилаа. Салбарынхаа хөгжлийн бодлого, манай улсад байгаа боломж бололцоогоо ярилаа. Манай улсын байгалийн баялгийн арвин нөөцийг Японы өндөр технологиор боловсруулж дэлхийн зах зээлд гаргая гэсэн саналаа хэлэв. Товчхондоо манай байгалийн баялагт япон технологиор нэмүү өртөг шингээн дэлхийн зах зээлд гаргахад хамтран ажиллахыг хүслээ. Энэ нь түүний хэлсэн хамтран ажиллаж, хамтдаа хожъё гэсэн санаа юм.

Хоёр улсын 1990 оноос 2018 оны хооронд гадаадын шууд хөрөнгө оруулалтаар 23.9 тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалтыг дэлхийн зах зээл дээрээс татаж чаджээ. Үүнээс уул уурхайн салбарт 17.5 тэрбум ам.доллар нь татжээ. Тэр дундаа Монгол, Японы гадаад худалдаа 544 сая.ам.доллар бол хөрөнгө оруулалт 372 сая. ам доллар байна. Форумаар Монголын талаас автозам, төмөр зам, эрчим хүч, нүүрс угаах үйлдвэр гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг танилцуулсан юм. Форумд Монголын талаас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаас гадна УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захрал П.Ганхүү, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Монгол Улсаас Япон улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батжаргал нар оролцож, уул уурхайн чиглэлд ямар хөрөнгө оруулалт оруулах боломжтой, Монголын эдийн засаг, уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын нөхцөл байдлын талаар танилцуулсан. Форумын үеэр болон албан уулзалтын үеэр Японы тал Монголоос газрын ховор элемент, нүүрс авах сонирхлоо илэрхийлж байлаа. Таван толгойн IPO гаргахад хөрөнгө оруулаач гэсэн Монголын талын саналыг Японы тал сонирхлын гадна үлдээсэнгүй. Мөн айлчлалын үеэр Д.Сумъяабазар сайд шохойн чулуунаас пластик хуванцрыг орлох бүтээгдэхүүн гаргаж авах технологи эзэмшигч компанитай санамж бичигт гарын үсэг зурсан.

Монгол Улс Үндсэн хуулиндаа Баялгийн сан байгуулахаа тусгаж байгаа бөгөөд энэ нь уул уурхайн салбар тогтвортой хөгжихөд чухал ач холбогдолтой болж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын форумаас гадна ажлын айлчлалын үеэр нэлээдгүй уулзалтууд боллоо. Эхний өдөр уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар албаны төлөөллийн хамт Японы Жайка олон улсын байгууллага, Японы олон улсын хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй уулзаж, Таван толгойн кокосжсон нүүрсийг нэмүү өртөг шингээж, Японд экспортлох талаар санал солилцсон юм. Жайка олон улсын байгууллагатай байгуулсан 2013 оноос уул уурхай, байгалийн нөөцийн салбарын ажилчдын чадавхыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлж ирсэн төсөл ирэх онд дуусгавар болох юм. Энэ төслийн хугацааг сунгах талаар талууд ярилцлаа. Мөн Монгол Улсын Засгийн газар Таван толгойн IPO гаргахаар бэлтгэж байгаа болон өмнөд хөршөөрөө дамжуулан Япон, Солонгост борлуулах ажлын хүрээнд хүнд даацын машин техникийг сайжруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн гаргаж экспортлох боломжтойг танилцуулсан юм. Жайка олон улсын байгууллага энэ салбарт хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлэв. Японы хамтын ажиллагааны банкны төлөөлөлтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд уулзах үеэрээ “Японоос их хэмжээний хөрөнгө оруулалт авч чадвал Улаанбаатарын автозамын түгжрэл болон нийтийн тээврийн асуудлыг цогц шийдсэн метро барих төслөө хэрэгжүүлэх боломжтойг ярилаа. Уулзалтын үр дүнд уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг банкаар дамжуулахгүй салбар бүрт шууд зээл авах боломжийг судалж үзэхийг мөн онцолсон шүү. Д.Сумъяабазар сайд Монгол, Японы парламентын бүлгийн даргын хувьд Японы парламентын гишүүдтэй уулзахдаа талууд эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэн хамтран ажиллахаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн дараа Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулахаар ярьж буй цаг үед Монгол Улс ч бас Үндсэн хуулийн өөрчлөлтөө ярьж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд нэг л удаа парламент нь бүрэн эрхээ дуусгаж байсан тухай дээр дурдсан. Манайхан УИХ-аа тарааж арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой ард нийтийн санал асуулгатай хавсран дахин сонгууль явуулах юм болоод баахан ярьсан. Япон ч бас ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус парламентын сонгууль явуулахаар бэлдэж байгаа юм. Айлчлалын үеэр хөрөнгө оруулалтын форумаас гадна хоёр талын уулзалтууд болсон нь үр дүнтэй байв. 2013 онд байгуулсан иж бүрэн түншлэлийн, 2017 онд баталсан дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцов. Айлчлалын хоёр дахь өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Японы зөвлөхүүдийн танхимын дарга А.Санто, Тус улсын төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхав. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар хатагтай А.Сантог Монголд айлчлахыг урьсан юм. Мөн өдөр Токио хотын дарга Ю.Киокэтэй уулзсан юм. Хатагтай Ю.Киокэ Монголын хог хаягдлын талаар ихэд сонирхон асууж байсан. Япон улс хог хаягдлыг багасгаж, дахин боловсруулах чиглэлд үр дүнтэй ажиллаж байгааг хэлж, Монгол Улс ч энэ тал дээр анхаарах хэрэгтэй гэсэн байсан юм. Нэг үгээр хог хаягдлын менежмэнтийг сайжруулах тал дээр Япон улс Монгол Улсад тусалж болохоо илэрхийллээ.

ХАРИЛЦАН АШИГТАЙ ТӨСЛҮҮД ДЭЭР ХАМТАРЪЯ

Ажлын айлчлалын баг бүрэлдэхүүнд явсан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Японы бизнес эрхлэгчдэд стратегийн төслүүдээ форумын үеэр танилцуулж, ахисан түвшний түншлэл, хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжтойг онцлов. П.Ганхүү ”Япон улс манай улсад эрчим хүчний салбарт маш их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо хөгжлийнхөө харилцааг шинэ шатанд гаргаж харилцан ашигтай төсөл хэрэгжүүлж, хамтаръя. Нүүрс боловсруулах, газрын ховор элемент, ашигт малтмалын чиглэлээр эцсийн бүтээгдэхүүүн болгодог өндөр технологийг нэвтрүүлж, нэмүү өртөг шингээж хөгжих боломжтой гэж харж байгаагаа хэлсэн юм. Мөн нүүрс боловсруулах, зэс хайлуулах болон мөнгөний төслүүдээ танилцууж, зэсийн хайгуулаас эхлээд хамтарч ажиллах боломжтойг дурдсан. Зуны олимпийн 32 дахь наадам ирэх онд Японы Токио хотноо болохтой холбогдуулан “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү Монголын дугуйн холбооны ерөнхийлөгчийн хувиар Японы Олимп хариуцсан сайд хатагтай Хашимото Сейкотой уулзаж, олимпийн наадамд тамирчдын бэлтгэл хангах болон хамтран ажиллах талаар санал солилцов. Уулзалтын үр дүнд хоёр улсын дугуйчид хамтран бэлтгэл хийх талаар ярилцав. Энэ хүрээнд Монголд олон улсын стандартад нийцсэн дугуйн цогцолбор төв барих ажлыг шат дараатай хамтран хэрэгжүүлэх боломжийг хөндсөн юм.

ЗӨӨЛӨН БОДЛОГО

Монгол Японы хандивлагчийн уулзалтаас эхлээд хэдэнтээ Японд албан болон дээд хэмжээний айлчлалд явж байсан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Уул уурхайн сайдын дээрх уулзалтуудад оролцохдоо хэд хэдэн асуудлыг хөндөж ярьж байлаа. Сүүлийн үед япончууд улс хоорондын эдийн засаг хамтын, ажиллагаанаас гадна зөөлөн хүчний бодлогод анхаарах болжээ. Бүх зүйл мөнгөөр хэмжигддэггүй. Хүн хоорондын харилцаа, хоёр ард түмэн илүү ойр дотно болох олон боломж байгааг ярьж байсан юм. Тухайлбал, хүүхэд, эмэгтэйчүүд, залуусын асуудалд ч харилцан хамтрах сонирхлоо илэрхийлсэн. Аялал жуулчлал гэхэд Японы талаас Монголд аялах боломж илүү байхад Монголоос Япон руу аялахад тулгардаг бэрхшээлүүдийг багасгах хэрэгтэй байгаа гэлээ. Ирэх онд болох Токиогийн олимпийг үзэх сонирхолтой олон монгол залууст аялах боломж олдоосой гэж М.Оюунчимэг гишүүн хэлсэн юм. Уулзалтын үеэр хоёр улс хамтран дэлхийн брэнд гаргая гэсэн санал солилцлоо. Монголын эмэгтэйчүүдийг нийгэмд эзлэх байр суурь, чадавхыг нэмэгдүүлэхэд Японы тал анхаарч ажиллах боломж байгаа, залуу парламентчдыг туршлага судлуулах чиглэлээр хамтрах боломжоо уулзалтын үеэр ярив. Сүүлийн үед Монголоос суралцах оюутны тоо, тэр дундаа IT чиглэлээр суралцагсад, ажиллагсад нэмэгджээ. Японы өндөр настныг асрах сонирхолтой хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа гэнэ. Тиймээс тэдний эрх зүйн орчны талаар ч анхаарах шаардлага бий болж байгаа аж. Энэ удаагийн ажлын айлчлалаар бадар барьж, мөнгө гуйсангүй, хамтын ажиллагаан дээр суурилсан, хамтдаа хөгжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, хамтдаа хожиход л чиглэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижина

Аргын тооллын аравдугаар сарын 3, Бархасбадь гариг. Билгийн тооллын 5, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 06:53 цагт мандан 18:28 цагт жаргана. Энэ өдөр мэргэ төлгө тавих, эм найруулахад сайн. Мал агтлах, нууц зөвлөгөөн хийх, хурим найр хийх зэрэгт харш.

Өдрийн сайн цаг нь хулгана,бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд мал арвижина.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улаанбаатарт өдөртөө 3-5 градус дулаан ялимгүй хур тунадас орно

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, ялимгүй хур тунадас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 3-5 градус дулаан байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хангайн уулархаг нутгаар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 4-9 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 градус, бусад нутгаар 3-8 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус, өдөртөө бүх нутгаар 5-10 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 8-10 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 3-8 градус, өдөртөө бүх нутгаар 6-11 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн гүйцэтгэлийг батлах тухай тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 14.46 цагт эхэлж, “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.

Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулга хийлээ.

Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн орлогын гүйцэтгэл 9,3 их наяд тэрбум төгрөгт, нэгдсэн төсвийн зарлага 9,3 их наяд төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 0.09 хувьтай тэнцсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багц дахь төсвийн 373 шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит аж ахуйн нэгж болон Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа төсөл болон Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн гаргасанаа Сангийн сайд танилцууллаа.

Тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд багтах байгууллагуудын төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 5 их наяд 526.2 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 289.7 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ. Урсгал зардалд 5 их наяд 78.9 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 399 тэрбум төгрөг, цэвэр зээлийн зардалд 48.3 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Нийт зарлага ба цэвэр зээлийн дүнгийн 26.3 хувь буюу нийт 1 их наяд 455.3 тэрбум төгрөгийг Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын сайд, 22.1 хувь буюу 1 их наяд 222.7 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, 13.1 хувь буюу 721.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн сайд, 32.8 хувь буюу 1 их наяд 814.6 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын сан, 5.6 хувь буюу 311.7 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага эзэлжээ. Тайлант онд улсын төсвөөс 285.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг олгосон байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын багцад 222.4 тэрбум төгрөг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын багцад 16.8 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн сайдын багцад 46.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилтийг тус тус олгосон байна.

Улсын төсвөөс 3 их наяд 582.9 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан бол төсөвт байгууллагын өөрийн орлогоор 86.4 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилтээр 612.6 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Үргэлжлүүлээд Монгол Улсын 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч С.Оюунбилэг танилцуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 224 тайлан нэгтгэгдсэнээс 103 байгууллагад дүгнэлт гаргаж, 117 байгууллага түүвэрт хамрагдан, 2 байгууллагад итгэл үзүүлж, 2 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 103 байгууллагаас 88 байгууллагад “Зөрчилгүй”, 14 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар нийт 376,6 тэрбум төгрөгийн 361 алдаа зөрчил илрүүлснээс 2,6 тэрбум төгрөгийн 18 алдаа зөрчлийг залруулж, 125.2 сая төгрөгийн 3 зөрчлийг хууль хяналтын байгууллагад шилжүүлж, 299.4 сая төгрөгийн 29 төлбөрийн акт тогтоожээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын санхүүгийн нэгтгэсэн тайланд нийт 185 байгууллагын тайлан нэгтгэгдсэнээс 146 байгууллагад дүгнэлт гаргаж, 29 байгууллага түүвэрт хамрагдан, 5 байгууллагад итгэл үзүүлж, 5 байгууллага аудитад хамрагдаагүй байна. Дүгнэлт гаргасан 146 байгууллагаас 124 байгууллагад “Зөрчилгүй”, 21 байгууллагад “Хязгаарлалттай”, 1 байгууллагад “Сөрөг” дүгнэлт өгсөн байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитаар нийт 17,1 тэрбум төгрөгийн 357 алдаа, зөрчил илэрснээс 3 тэрбум төгрөгийн 31 алдааг санхүүгийн тайланд залруулж, 95.7 сая төгрөгийн 63 акт, 4,8 тэрбум төгрөгийн 74 албан шаардлага тогтоож, хариуцлага тооцуулах 22 саналыг хүргүүлжээ.

Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 188 тайлан нэгтгэгдсэнээс 139 байгууллагад дүгнэлт гаргаж, 41 байгууллага аудитын түүвэрт хамрагдаж, 8 байгууллагад итгэл үзүүлсэн байна. Дүгнэлт гаргасан 139 байгууллагаас 117 байгууллагад “Зөрчилгүй”, 18 байгууллагад “Хязгаарлалттай”, 2 байгууллагад “Сөрөг”, 2 байгууллагад “Санал дүгнэлт өгөхөөс татгалзах” дүгнэлтийг өгсөн байна.

Аудитаар нийт 15,6 тэрбум төгрөгийн 419 алдаа зөрчил илрүүлснээс 23.1 сая төгрөгийн 1 алдааг санхүүгийн тайланд залруулж, 324.4 сая төгрөгийн зөрчлийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр 73 төлбөрийн акт тогтоон, 12,6 тэрбум төгрөгийн зөрчилд 139 албан шаардлага хүргүүлжээ.

Нийгмийн даатгалын сангийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 34 тайлан нэгтгэгдсэнээс 32 байгууллагад дүгнэлт гаргаж, 2 байгууллага аудитын түүвэрт хамрагдсан байна. Дүгнэлт гаргасан 32 байгууллагад “Зөрчилгүй” дүгнэлтийг өгсөн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд 3 тайлан нэгтгэгдэн дүгнэлт гарсан байна. Аудитаар 2 байгууллагад “Зөрчилгүй”, 1 байгууллагад “Хязгаарлалттай” дүгнэлтийг өгсөн байна.

Аудитаар нийт 436,1 тэрбум төгрөгийн 28 алдаа, зөрчил илрүүлснээс 294,6 тэрбум төгрөгийн 1 алдааг аудитын явцад залруулж, 641.3 сая төгрөгийн зөрчилд 3 акт тогтоож, 1,5 тэрбум төгрөгийн зөрчлийг арилгах 7 албан шаардлага өгчээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуусан. Тэрбээр, тэтгэврийн зээлийн хүүг 10 дугаар сарын нэгний өдрөөс эхлэн бууруулсан гэсэн шийдвэр гарсан атал энэ шийдвэр банкин дээр хэрэгжихгүй байгаа нь ямар учиртай вэ хэмээн лавласан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт нарын мэдээлснээр, Ахмадуудын тэтгэврийн зээлийн дарамтыг бууруулах ажлын хүрээнд 2017 онд жилийн 18 хувийн хүүтэй байсан тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 15, 2018 онд 12 хувь болгон бууруулсан бол энэ оны нэгдүгээр сарын 16-наас эхлэн тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг 10 хувь болгон бууруулсан байна.

Гэвч бага хүүтэй зээлийг зөвхөн 12 сар хүртэлх хугацаагаар тэтгэврийн зээл авч буй ахмадуудад олгож байсан учраас тэтгэвэр авагчдаас урт хугацаатай зээлийн хүүг бууруулах хүсэлтийг удаа дараа гаргажээ.

Иргэдээс ирсэн хүсэлтийг харгалзан 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 18 хувийн хүүтэй олгож байсан зээлийн хүүг 15.6 хувь болгон бууруулахаар болжээ. Түүнчлэн 2020 оны 01 дүгээр сараас зээлийн хүүг дахин 2.6 пунктээр бууруулж 13.0 хувь болгохоор арилжааны банкуудтай харилцан тохиролцоод буй аж. Харин 12 сар хүртэлх хугацаатай зээлийн тухайд 10 хувийн хүүтэйгээр олгох ажлыг үргэлжлүүлнэ гэлээ.

Энэ зээлийн хүүгийн хөнгөлөлт одоо зээлтэй байгаа иргэдэд хамаарахгүй бөгөөд шинээр тэтгэврийн зээл авах ахмад настнууд дээрх бууруулсан хүүтэйгээр тэтгэврийн зээл авах боломжтой болж буй юм байна.

Манай улсад нийт 417 мянган иргэн тэтгэвэр авч байгаагийн 56 хувь нь буюу 230 мянган иргэн тэтгэврийн зээл аваад буй бөгөөд нийтийн зээлийн хэмжээ нь 844 тэрбум төгрөг байгаа юм байна.

Урт хугацааны тэтгэврийн зээлийг 18 хувиас буруулан 15.6 хувийн хүүтэйгээр Төрийн банк олгож эхэлсэн бөгөөд “Хаан” банк программын шинэчлэлээ хийж дуусган 10 дугаар сарын 3-ны өдрөөс олгож эхэлнэ хэмээн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга мэдээлсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд тус Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд шалгалт хийв

Иргэний гаргасан гомдлын дагуу 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүрэг дэх МХХ-ийн холбогдох улсын байцаагчид хамтран ЧД-ийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хүчит шонхор” худалдааны төвийн үйл ажиллагаанд тус захын удирдлагыг байлцуулан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар хөдөө орон нутгаас мах тээвэрлэн ирж буй иргэд зориулалтын бус тээврийн хэрэгсэл дээрээс худалдаа эрхэлсэн, мах худалдан борлуулж буй хүн нь ажлын хувцас байхгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, ил задгай худалдаа явуулсан зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг Монгол эмч нар амжилттай хийлээ

Хүүхдийн бөөрний чулууг дурангаар авах мэс заслыг Монгол эмч нар анх удаа амжилттай хийжээ.

ЭХЭМҮТ-ийн Бөөрний Мэс Заслын тасагт зүүн бөөрний тэвшний чулуу оноштой хэвтэн эмчлүүлж буй зургаан настай хүүхдэд УНТЭ-ийн Урологи-Андрологийн төвийн эмч нар болон ЭХЭМҮТ-н эмч нар хамтарч арьсны гаднаас бөөрөнд хатгалт хийж, бөөрийг дурандаж чулууг бутлан авах (PCNL) мэс заслыг амжилттай хийсэн байна.