Categories
мэдээ нийгэм

75 шуудай дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хилээр гаргахыг завджээ

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүгийн үндэс хууль бусаар хилээр гаргах гэж байсныг илрүүлэв.

Тодруулбал, Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсэд 2019 оны есдүгээр сарын 19-ний өдөр Монгол Улсын иргэн Г нь өөрийн жолоодож явсан “Истана” маркийн суудлын автомашины зорчигчийн хэсэгт 75 шуудай буюу нийт 736.9 кг дэрвэгэр жиргэрүүгийн хатаасан үндсийг тээвэрлэж, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байжээ. Энэхүү хууль бус үйлдлийг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Дэрвэгэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг БОАЖ-ын сайдын 2018 оны А/43 тоот тушаалаар таван жилийн хугацаанд хориглосон.

Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон энэхүү ургамлыг түүж бэлтгэвэл холбогдох хуульд зааснаар хохирлыг тухайн ургамлын экологи, эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон нөхөн төлүүлэх заалттай юм.

Categories
мэдээ нийгэм

ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг ойрын хугацаанд нээхээр тохиролцлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Сочи хотноо 2019 оны 10 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд болж буй “Валдайн 16 дугаар бага хурал”-ын үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж хоёр талын харилцааны зарим асуудлаар санал солилцов.

Тухайлбал, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд түлхэц үзүүлэх “Бүгд Найрамдах Монгол Ард Улс ба Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын хоорондох 1957 оны худалдааны гэрээ”-нд нэмэлт оруулах арга хэмжээ эцэслэсэнтэй холбогдон ОХУ-ын Владивосток хотноо Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газрыг нээх ажлыг хурдасгаж, ойрын хугацаанд зорилтыг хэрэгжүүлэх тухай хоёр тал тохиролцлоо.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Оросын төвийн томоохон хэвлэл, мэдээллийн агентлаг болох “ТАСС”, “Риа Новости” болон олон улсын “Валдай” клубийн хэвлэлийн албанд манай улсын гадаад бодлого, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар тус тус ярилцлага өгсөн байна.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Өлзий-Орших: 1980 онд аав минь авч өгсөн 36 төгрөгний орос банзан гитараар гитартай танилцах түүх эхэлсэн

“Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Оршихтой ярилцлаа.


-Тоглолтынхоо талаарх мэдээллээр ярилцлагаа эхлэх үү?

-2019 оны аравдугаар сарын 4-5-ны өдөр UB Palace-ийн концертын их танхимд миний зохиосон дуунуудын “Чи над шиг дурлаж чадах уу?” нэртэй тоглолт болох гэж байна. Тоглолтод маань Монголын рок попын дийлэнх том одууд бүгд ирнэ. Хуучин болон шинээр зохиосон гуч орчим дуу дуулагдах байх. Тоглолтын онцлог нь урьд нь ерөөсөө хүмүүс сонсож байгаагүй шинэ дуунууд дуулагдана. Ямар нэгэн сурталчилгаа, клип хийгдээгүй.

-Таны зохиосон шинэ дууны клипний зураг авалт дөнгөж дуусч байгаа гэнэ. Ямар дууны клип, хэн дуулсан юм бэ?

-Хоёр хоногийн өмнө “Гурван охин” хамтлагийн дуучин Анхмаагийн дуулсан “Би чиний хайртай бүсгүй” гэдэг шинэ дууны клип олны хүртээл болсон. Өнөөдөр “Мотив” хамтлагийн дүү нар маань миний 1994 онд зохиож байсан “Үгүйлэх сэтгэл” дууг шинэчлэн их гоё найруулга хийгээд шинэ клип хийлгээд миний тоглолтод бэлэг барьж байгаад би маш их баяртай байна.

-Тоглолтын бэлтгэл хэр явж байна?

-Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө болчихсон. Мэдээж тоглолт маань амьд болно. Тоглолтын хөгжмийн бүрэлдэхүүнд манай “Никитон” хамтлагийн хөгжимчид болон Монголын шилдэг хөгжимчдөөс бүрдсэн баг ажиллаж байгаа. Би өөрөө тоглолт эхлээд дуусах хүртэл бүх дууныхаа хөгжмийг тоглох болно.

-Залуу уран бүтээлчид таны тоглолтод оролцох уу?

-Оролцож байгаа. Дуучин Наки миний шинэхэн хоёр дууг дуулна. Дуучин Наагий, Анхмаа, “Мотив” хамтлаг болон миний үе тэнгийн уран бүтээлийн олон жилийн хамтрагчид Ариунаа, Сараа, Алтанцэцэг, Сэрчмаа гэх мэт Монголын рок попынхон олон ирнэ.

-Тоглолтоо яагаад “Чи над шиг дурлаж чадах уу?” гэж нэрлэсэн юм бэ?

-Миний зохиосон дууны нэр л дээ. Ихэнх ая зохиогчид өөрийн дуунуудын тоглолтыг хийхдээ өөрийнхөө зохиосон ямар нэгэн дууны нэрээр нэрлэдэг шүү дээ. Жишээ нь, удахгүй 30 жилээ хийх гэж байгаа Харанга хамтлаг тоглолтоо “Замд гаръя…” гэж өөрсдийн дууны нэрээр нэрлэсэн. Нэг хөгжилтэй зүйл сонирхуулахад тоглолтоо хийх болчихоод өөрийнхөө нүүр номын найзуудаас асуусан юм. Ямар нэр өгөх үү гэтэл нүүр номын найзууд минь ихэвчлэн алиа марзан зантай хүмүүс байдаг л даа. “Саарал чонын улиан” гэх үү гээд. Яагаад тэгж байгаа юм бэ гэтэл “Чиний наад үс чинь яг чоно шиг саарал байгаа биз дээ” гээд. Эсвэл “Ухааны цараатай хосолсон сүүн аялгуу” гэдэг нэр өгөх үү гээд маазраан болсон. Тэгээд л өөрийнхөө зохиосон дууны нэрээр нэрлэсэн. Энэ дуу 2013 онд бичигдсэн. Би хөгжим тоглох карьерийнхаа туршид хамгийн олон жил хамт зүтгэсэн хамтлаг минь “Никитон” болчихоод байна л даа. “Никитон” хамтлагт зохиож өгсөн хамгийн анхны дуу. Тэгээд л энэ дууныхаа нэрээр нэрлэх нь зөв болов уу гэж бодсон юм.

-Анх гитар барьсан түүхээсээ хуучилбал. Хамгийн анх ямар гитар барьж байв?

-Миний хамгийн анхны гитарыг 1980 онд аав минь авч өгч байсан. 36 төгрөгний орос банзан гитар. Тэгээд л гитартай танилцсан түүх эхэлсэн. 1980 онд би жаахан хүүхэд байсан. Тухайн үеийн орос гитар хатуу утастай, бүдүүн баарагдуу хийцийн гитар байсан болохоор тухайн үедээ сайн сурч чадаагүй. Үндсэндээ 1984 оноос гитарыг эрчимтэй тоглож эхэлсэн. Хамгийн анх 1985 оны аравдугаар сард яг өдийд л юм байна. Тухайн үедээ шинэхэн байгуулагдан будаг нь ханхалсан Монголын хүүхдийн ордны тайзан дээр улс төрийн дууны “Солонго” гэдэг хамтлагтай хамт гитар тоглож гарч байлаа. Тэр цагаас хойш 34 жил өнгөрсөн байна. Анх гарахад тэр тайз маш том битүү үзэгчтэй, айх сандрах мэдрэмж зэрэг төрж байсан л даа. Одоо санадаг юм л даа. Тэр үед гурван дуу дуулсан. Эхний дуун дээр миний зүүн гарын дунд, ядам хурууны шөрмөс татаад ерөөсөө тоглож чадаагүй. Азаар тэр хамтлаг олон банзан гитартай байсан л даа. Тэгээд мэдэгдэхгүй өнгөрсөн. Миний амьдралдаа үзсэн хамгийн том сандрал тэр л байсан болов уу гэж боддог. Тэр олон нүд зэрэг намайг харж байна гэдэг үнэхээр аймар мэдрэмж. Сүүлдээ ч дасаад түүнээсээ кайф авдаг болдог юм байна лээ.

-Та гитарын том цуглуулгатай байх. Хэдэн гитартай вэ?

-Арав гаруй гитар байгаа. Заримыг нь миний хүү авчихсан. Хүү маань бас гитар тоглож эхэлсэн. Одоо Герман улсад сурдаг. Тэр нөхөр зарим гитарыг минь аваад явсан. Тоглолтын үеэр ойролцоогоор 5-6 гитар тоглох байх аа.

-Таны хамгийн үнэтэй гитар ямар гитар вэ, хэдэн төгрөгөөр авч байв?

-Гитарын үнэ ярихаас илүү тэр гитарыг хэн тоглож байсан болон миний сэтгэлд хамгийн үнэтэй гитар гэж бий. Хамгийн хайртай гитар минь 1995 онд худалдаж авсан, одоо хүртэл хааяа нэг тоглодог долоон утастай гитар минь. Түүнийгээ би тухайн үед дөнгөж байгуулагдаж байсан Голомт банкны хэрэглээний зээлээр авсан юм. Эргээд яаж төлсөн гэхээр тэр үед ажилладаг байсан Эмун гэдэг шөнийн клубт зургаан сар билүү бүтэн жил ажиллах гэрээ хийж цалингаа Голомт банкны зээлийн төлбөртөө хийдэг байлаа. Өөрийнхөө хүч хөдөлмөр, хөлсөөр авч байсан болохоор тэр л миний хувьд хамгийн үнэтэй, хамгийн хайртай гитар.

-Хамгийн анх “Солонго” хамтлагтай хамт тайзан дээр гарсан гэлээ. Та Монголын рок попын бүхий л хамтлаг дуучидтай хамтран ажилласан байх?

-Би олон хамтлагтай тоглосон. “Солонго” хамтлагийн дараа “Сэтгэмж” гэж хамтлаг байгуулж үзсэн. 1986 билүү 87 онд тэр хамтлагийг байгуулсан юм. Хамтлаг маань тухайн үед Улаанбаатар хотын хамтлагуудын аварга шалгаруулах билүү дээ нэг том тэмцээнд орлоо. “Би чамд хайртай” кинонд Дэлгэр Баяраагийнхаас гараад гүйдэг шүү дээ. Тэгэхэд нь явдаг “BeeGees” хамтлагийн дууг тэр тэмцээнд тоглотол биднийг хөрөнгөтний үзэл суртлыг үзүүллээ гээд шүүгчид тайзнаас хөөж буулгасан юм. Түүний дараа “Соёмбо” хамтлагт 1989 онд, дараа нь “Баян Монгол” чуулга, “Хөх тэнгэр хамтлаг”, “Соёл-Эрдэнэ”-д ажиллаж байгаад буцаж “Хөх тэнгэр”-ээ сэргээж тоглолоо. Нэг хэсэг жазз хамтлагт тоглосон. Дараа нь “Шар айраг” хамтлагтай бараг арван жил хамтран тоглосон. Тэр хооронд “Никитон” хамтлагтай 2004 оноос байх аа өнөөг хүртэл явж ирлээ.

-Гитараа тоглоод тайзан дээрээс үзэгчидтэйгээ уулзахад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Урлагийн хүмүүсийн хамгийн кайф авдаг, эерэг энерги авдаг зүйл нь үзэгчдийн алга ташилт. Урлаг бол уралдаан тэмцээн биш. Урлаг бол спорт биш. Хоёр тамирчин барилдахад үзэгчид ялсанд нь л баяр хүргэдэг. Урлаг бол уралдаан тэмцээн биш учраас үзэгчид ямарваа нэгэн ая зохиогч аяаа тоглоод дуусахад, дуучин дуугаа дуулаад дуусахад үзэгчид таашаал авч танхим дүүрэн алга ташилт нижигнэж, шүгэлддэг юмуу ямар нэгэн эмоциор өөрсдийгөө илэрхийлдэг. Сайхан үг хэлэх ч юмуу, “браво” гэж хашгирах ч юмуу ямар нэгэн байдлаар урлагт сайн сайхныг хүсч байгаа тэр илэрхийлэл л миний хувьд хамгийн сайхан, хамгийн хүсдэг, хамгийн гэгээлэг мэдрэмж байдаг даа.

-Гитар барьж үзээгүй хүн анх гитарыг яаж барих ёстой юм бол. Яаж харьцах ёстой вэ?

-Бидний үед орц болгон өөрийн гэсэн хамтлагтай байлаа. Би чинь хотын төвийн хүүхэд шүү дээ. 40, 50 мянгатын. Манай орцны хамтлагийн нэрийг дээр үеэс өгчихсөн “Шүлс” нэртэй хамтлаг байлаа. Гитар тоглож байхдаа байнга тамхи татаж, шүлсээ хаядаг нөхдүүд байсан юм шиг байгаа юм. Өдөр хичээлээ тараад л орцондоо орж ирэхэд гитар барьсан залуус, хүүхдүүд сууж байдаг. Тэрний хажуугаар харахгүй гарах ямар ч арга байхгүй. Эхлээд харна. Дараа нь дурлана. Сонирхоно. Гитаранд татагдана. Сүүлдээ тэдний нэг болно. Тэгж л эхэлж байсан. Өнөөгийн нийгэмд орцонд төдийлөн гитар тоглоод суух хүн байхгүй болчихсон. Биднийг анх сурч байсан үетэй харьцуулахад бүр их давуу талтай болж. Яагаад гэвэл сошиал медиа, интернэт, Youtube гээд бүхэл бүтэн том багш нар байна. Нэг дууны гитарын барилтыг яаж сурах талаар видео хичээлүүд маш их болчихсон. Хэрвээ хүн өөрийгөө дайчилж чадах юм бол бидний сургаар сурч байсан үеийг бодвол илүү нээлттэй боломжтой болсон. Миний бодлоор одоогийн хүүхдүүдийн чадвар хурдан сайжрахад юу саад болоод байна гэхээр анхаарал татах зүйл дэндүү олон болчихсон. Гитар тоглохын хажуугаар фэйсбүүк орно, твиттер сонирхоно, инстаграмаа шалгана. Янз бүрийн мэдээлэл авна. Бичлэг үзнэ. Бидний үед тийм зүйл байгаагүй. Телевизийн ганцхан сувагтай. Тэгэхээр өдөржин гитар тоглохоос өөр ажилгүй л байдаг байхгүй юу.

-Таны хувьд үлгэр дуурайл авдаг гитарчин хэн бэ?

-Дэлхийн том гитарчид бүгдээрээ л миний багш. Одоо ч гэсэн би гадны ертөнцөд шинээр гарч ирж байгаа том том гитарчдын бичлэгийг үздэг. Яг ямар өнцгөөс тоглоод байна. Гитарыг хүн бүр өөрөөр тоглодог. Сонгодог хөгжмийн нэгэн программыг нэг хийлч тоглолоо гэж бодъё. Гэтэл тэр программаас нэг ч нот илүү дутуу тоглох эрх байдаггүй. Яагаад гэвэл сонгодог зохиолын нот гэдэг өөрөө яг бурхны ном шиг болчихсон. Түүнийг хүн болгон мэддэг. Яг тэр ая дангаар нь, тоглох ёстой нотуудыг бүгдийг нь тоглох ёстой. Түүнээс илүү ч үгүй, дутуу ч үгүй яг тэр чигээр нь тоглохыг шаарддаг. Рок юмуу поп, жазз төрлийн гитарчид хоорондоо өөр байдаг. Гитарын дуугаралтууд нь хүртэл хоорондоо өөр. Жишээ нь, Энхманлайгийн дуугаралт миний дугаралт хоорондоо тэс өөр. Бид хоёрынхоос Отгонбаярынх бүр өөр гэдэг ч юмуу. Дэлхийн гитарчид ч гэсэн ялгаагүй. Тоглодог гитарууд нь өөр, дуугаралтууд нь өөр. Гитарчин бүр өөр өөрийн гэсэн өвөрмөц ертөнцийг бүтээж чаддаг. Яг нэг хэвэнд цутгасан юм шиг адилхан тоглодог гитарчин дэлхий дээр хаана ч байхгүй дээ.

-Таны хувьд Монголын хамгийн чадварлаг гитарчин хэн бэ?

-Түүнийг бол би хэлэх зүйл биш. Тэр зөвхөн үзэгчдийн дүгнэлт. Бид ямар хоорондоо уралдаж байгаа спортын тамирчин биш.

-Зохиолчдын хувьд үг нь урсаад л ороод ирдэг байх. Ая зохиоход нот нь яаж орж ирдэг юм бол оо?

-Бараг л адилхан болов уу даа. Яагаад гэвэл дуу хийхийн өмнө заавал үг нь байх ёстой. Миний дуу зохиодог дараалал нь тийм л дээ. Эхлээд үг. Үгэн дээр аялгуугаа хийдэг. Тэрний дараа нь түүнд тохирсон гармонь буюу аккордуудыг бодож олдог. Тэгээд хөгжмийн найруулгын шат руу шилжинэ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шүлэг миний зохиосон шүлэг ч юмуу, ер нь үгэнд ая байдаг. Хүмүүс үгэнд ая байдаг гэж ярьдаг даа. Тэр аялгуу л зөв аялагдах юм бол тухайн дуу амжилтад хүрч чаддаг юм уу даа.

-Ая зохионо гэдэг цаанаасаа өгөгдөлтэй хүмүүсийн хийдэг ажил байх аа. Хүн бүрийн хийж чадах зүйл биш байх?

-Би бол тэгж боддоггүй. Ая зохиохыг хүн бүр хийж чадах зүйл мөн. Тухайн хүний хийсэн ая хүмүүст хүрч байна уу, таалагдаж байна уу, үгүй юу гэдэг дээр л хамгийн гол нь байгаа юм. Би хорвоод хоёр хүний нэг нь дуучин байдаг гэж уншиж байсан юм. Сэтгэлийн хөөрөлтэй, хайрлаж дурлах үедээ ямарваа нэгэн мөчлөгийн үеэр хоёр мөр ч гэсэн холбож дуулж үзээгүй хүн гэж байдаггүй байх гэж би боддог. Тэр хүний зохиосон ая хүн бүрт таалагдах уу, таалагдахгүй юу гэдэг дээр л хэргийн гол нь оршдог.


ХҮН ХУВИЙН АМЬДРАЛАА НИЙТЭД ДЭЛГЭЖ ТАВИАД БАЙХ НЬ ОНЦ ЗҮЙЛ БИШ

-Дуу бүхэн өөрийн гэсэн түүх дурсамжтай бүтдэг байх. Таны хувьд хамгийн сэтгэлд хоногшсон дурсамжтай бүтсэн дуу аль нь вэ?

-Би фэйсбүүкэд пэйж нээгээд зарим дууныхаа бүтсэн түүхийг бичсэн байгаа. Хоёр, гурван дууныхаа түүхийг л бичихэд тийм байгаа юм чинь урьд нь зохиосон дуунууд бүгдээрээ л ямар нэгэн тухайн цаг үеийнхээ илэрхийлэл болдог байсан байх.

Дуу болгон өөрийн гэсэн жижиг хэмжээний түүхтэй. Дуу гэдэг бол надаас төрсөн туурвил. Би уран бүтээл гэж ярих дургүй. Уран бүтээл гэхээр надад нэг бодлын инээдтэй санагдаад байдаг юм. Уран бүтээл гэдэг нь урнаар бүтээнэ гэсэн үг шүү дээ. Тийм биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө хэдэн дууг уран бүтээлийн хэмжээнд очсон гэж онцгойрон сагсуурах хүсэлгүй. Миний хийсэн дуу бүрт жижиг хэмжээний түүх бий.

Таван хүүхэдтэй хүн байлаа гэж бодоход би энэ хүүдээ илүү хайртай, энэнд нь бага хайртай, өө тэрэнд бүр хайргүй гэж хэзээ ч хэлдэггүй биз дээ. Тэгэхээр би өөрийнхөө зохиосон бүх дуунд л хайртай.

-Монголын гитарчдын чадвар Азидаа харьцуулбал хэр түвшинд байгаа гэж бодож байна вэ?

-Манай залуус сайн тоглодог. Ер нь залуус их сайжирч байна, сайн тоглож байгаа. Дутах зүйл байхгүй. Жишээ нь, Японы гитарчин гартаа арван нэг биш, адилхан арван хуруутай л байгаа шүү дээ. Тэгэхээр эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Би хаа нэгтэйгээс “Аливаа нэг хөгжмийг сурахын тулд таван мянган цагийг л яс зарцуулж сурах хэрэгтэй” гэж уншсан юм.

Таван мянган цагийг зарцуулсны дараа хэрвээ тэр хүн үнэхээр авьяастай бол бүх зүйл нь боловсроод бэлэн болдог гэж байгаа. Гэхдээ урлагт бичигдээгүй нэг хууль бий.

Хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг дээ. Хөдөлмөр 99 хувь, авьяас нэг хувь гэдэг. Би түүнтэй санал нийлдэггүй. Урлагт бол эсрэгээрээ авьяас 99 хувь, хөдөлмөр нэг хувь гэж боддог. Урлаг өөрөө хүнээс маш өндөр мэдрэмж шаарддаг. Хэчнээн хоёр хүний нэг нь дуулдаг ч гэсэн жинхэнэ дуучин арван хуруунаас дээш олдохгүй.

-Та өөрөө урлагтаа хэдэн цагийг зарцуулдаг вэ?

-Надад зарцуулдаг үе байсан. Одоо бол нас явж байна шүү дээ. 50 хүрч байна. 1990-1993 он хүртэл би хоол идэх, унтахаас бусад цагаа гитар тоглоход зарцуулдаг байсан. Өөрөөр хэлбэл, өдөрт хамгийн багадаа 12 дээшээ 16 цаг зөвхөн гитар тоглодог байсан.

Тэр үеийн нөр их бэлтгэл гарт ороод үлдчихсэн. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг шиг. Зарим үед бол том тоглолт тоглохын өмнө нэг хоёр cap бэлтгэл хийгээгүй жаахан төсөөрчихсөн байдаг. Буцаад 7-8 хоног, өдөрт 4-5 цаг бариад эхлэх юм бол яваандаа зүгшрээд гайгүй болчихдог.

-Таныг МУИС-ийн Түүхийн ангид орох гээд явж байхад хоовон Энхбаяр ах урлаг руу хөтөлж оруулж байсан гэж сонссон. Энэ талаар ярихгүй юу?

-Үгүй ээ яах вэ, би конкурсандаа уначихсан юм. Тэгээд нэг жил хийх ажилгүй болоод тэр үед “Улаан од” гэдэг армийн сонин гардаг байлаа. Одоо ч гардаг л байх л даа. Тэр сонин дээр “Соёмбо” хамтлаг гитарчин авна гэсэн зарлал гарсан байсан юм.

Тэр зарлалыг хараад “за за ядаж жилд нь ажилтай цалинтай байя” гэж бодоод яваад очихгүй юу. Тэгээд л дахиж МУИС-даа шалгалт өгсөн ч юм байхгүй тэр чигээрээ гитарчин болсон доо.

-Гэр бүлийнхээ тухай яриач?

-Миний хувийн амьдрал хэнд ч сонин биш. Хэрвээ чамд жаргал гэдэг юм байдаг бол түүнийгээ сэтгэл дотроо өөр өөртэйгөө чимээгүйхэн эдэл. Хэрвээ чамд зовлон гэж юм байгаа бол түүнийгээ хүнд дэлгэх хэрэггүй. Чи дотроо л зов. Магадгүй ганцаараа гэртээ байхдаа уйлдаг юм уу чимээгүйхэн эдэл. Түүнээс хүн өөрийнхөө хувийн амьдралыг нийтэд дэлгэж тавиад байх онц зүйл биш байх. Хувийн амьдрал гэдэг хувийн л зүйл. Хувийн амьдрал хувийн бат цайзан дотроо л байх ёстой.

-Хүү тань таны гитаруудыг аваад явсан гэсэн. Хэр сайн тоглодог вэ, таныг дуурайгаад гитарчин болох болов уу?

-Тоглоод удаагүй байгаа. Би тэр нөхрийн сайн муу ямар болохыг одоохондоо сайн мэдээгүй л байна. Гэхдээ ганц хоёр удаа харж байсан. Мэдрэмж бол маш сайн юм байна гэж би дотроо бодож байсан.

Урлагт хамгийн түрүүнд тавих шаардлага бол мэдрэмж байдаг. Мэдэрч чадах, яг юу туулахаар зорьж байгаагаа мэдрэх, ямар дүрд жүжиглэх гэж байгаагаа мэдэрч чадах тэр мэдрэмж хамгийн чухал зүйл. Дуучны хувьд ч ялгаагүй. Дуугаа мэдэрч чадах хэрэгтэй.

-Продюсерийн ажлыг хэзээнээс хийж эхлэв. Одоо ямар хамтлаг, дуучидтай ажиллаж байна?

-Намайг продюсер гэж нэрлээд байгаа болохоос яг тэр ажлыг хийдэг хүн би биш л дээ. Ямар нэгэн концерт юм уу тоглолтын үед хүмүүстэй хамтарч ажиллах үе надад байдаг. Жишээ нь, би “Номин талст” хамтлагийн хоёр CD-н дээр продюсерээр ажиллаж байсан.

Өнгөрсөн жил болсон VOICE тэмцээний ялагч Энгүүнд дунд шатнаас эхлээд төгсгөл хүртэл нь зөвлөгөөг өгсөн. Продюсер маягаар жаахан ажилласан. Продюсер хийх гэдэг маш хэцүү ажил. Яагаад гэвэл тухайн дуучны бүх асуудлыг хариуцаж явдаг. Надад бол ерөнхий продюсерийн ажлыг хийгээд явахад хэтэрхий хүндэднэ.

Тухайн хэсэг дээр гүйцэтгэх продюсерээр ажиллах, энэ дууг ингэж дуулбал зүгээр, энэ хэсэгт ингэж анхаар гээд зөвлөгөө өгөх маягаар ажиллах нь надад илүү амар байдаг.

-Та сошиал орчинд их идэвхтэй байдаг шүү дээ?

-Би яг өөрийнхөө нүүр номонд фоллов авдаггүй л дээ. Яагаад гэвэл тэр бол миний хувийн үзэл бодлын орон зай. Миний хувийн үзэл бодлын орон зай гэхээр миний хийж байгаа дуу, хөгжимтэй ямар ч хамаагүй л дээ.

Жишээ нь, хөгжимчин, дуучин, бүжигчин, жүжигчин хүнд өөрийн гэсэн үзэл бодол гэж юм байхгүй гэвэл түүн шиг худал зүйл байхгүй. Тэгэхээр надад ямар нэгэн хувийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзэл, Монголын хөгжлийн талаар, Монголын болохгүй бүтэхгүй байгаа зүйлийн талаар шүүмжлэх өөрийн гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрх байгаа шүү дээ. Тэр эрхээ л эдэлж байгаа хэрэг. Заримдаа ч хамаагүй биччихдэг. Зарим найз нөхөд хэлдэг л дээ.

Харангын Лхагваа жаахан уурладаг юм. “Юу бичээд байгаа юм бэ, арай дэндээд байгаа юм биш үү” гээд.

-Таны жиргээг сошиалд их зөв өнцөгтэй, зөв бодлоо илэрхийлдэг гэж ярьдаг. “Буян”-гийн Жагаа ахтай наргисан жиргээ тань нэг хэсэг давалгаа болсон шүү дээ?

-Зөв өнцөг гэж яривал аливаа юман дээр абсальютны зөв буруу гэж байхгүй шүү дээ. Туйлын зөв, буруу гэж юм хаана ч байдаггүй. Туйлын зөв дотор ч жаахан буруу явж л байдаг байхгүй юу. Би өөрийнхөө зөв гэж бодсон зүйлээ л бичдэг. Өөрийнхөө харах өнцгийн зүгээс. Тэр нь заавал бүх хүнд таалагдаж байх албагүй.

Яагаад гэвэл би доллар биш. Доллар бол магадгүй бүх хүнд таалагдах байх. Доллар гэдэг өөрөө мөнгө хөрөнгө учраас. Мэдээж Монголын жирийн иргэний хувьд энэ эх орныг аятайхан болчихоосой, сайхан болчихоосой, хурдан хөгжөөсэй, хүмүүс жаргалтай байгаасай, ээж нар эхчүүд нулимс битгий унагаасай л гэж бодож явдаг. Тэр зүйлээ л олон нийтэд хүргэх миний хувийн суваг минь сошиал орчин.

-Та бас Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн жимийг гаргасан уран бүтээлч хүн. 30 гаруй жил тайзан дээр ажиллаж амьдарлаа. Энэ хооронд үзэгчдийн урлагийн боловсрол таны хувьд хэр дээшилсэн гэж бодож байна вэ?

-Яг ний нуугүй хэлэхэд би тэрэн дээр шүүмжлэлтэй ханддаг. Аливаа урлаг гэдэг зүйлийн үндсэн үүрэг, роль нь хүмүүсийг гэрэлт ирээдүй, сайн сайхан, эрх чөлөө гээд бүх байж болох хүсэл тэмүүлэл рүү чиглүүлж, залж, чирч явах ёстой. Дээр үед “адгийн урлаг хүртэл ард түмнээс арван жилийн өмнө явдаг” гэж үг байсан юм.

Тэр бол урлагийн өөрийнх нь соён гэгээрүүлэх гэдэг үндсэн чиг үүрэг байхгүй юу. Би бүгдийг нь гэж хэлж байгаа юм биш.

Хэтэрхий өнөөгийн нийгмийн захиалгаар хийгдсэн, өнөөдрийн байдалдаа тохируулсан, өнөөгийн байдал дээр нь амьдраад авах гэсэн, жаахан мөнгө хийгээд авах гэсэн бодолтой уран бүтээлчид байхыг үгүйсгэхгүй. Би бол рок попын хамт олноо тэгж хэлэхгүй.

Манай рок попынхон дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа. Түүний нэг том жишээ бол манай “Хөх тэнгэр” хамтлагийн, миний хуучны анд Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Дашдондогийн маань долоон жилийн турш хийсэн хөдөлмөр биелж, THE HU хамтлагийн дүү нар маань дэлхийд Монголынхоо нэрийг цуурайтуулаад явж байна.

Хоёр, гуравхан хоногийн өмнө бид их сайхан мэдээ сонслоо шүү дээ. Америкт борлуулагдаж байгаа гадаад уран бүтээлчдийн цомогт багтан Billboard-ийн нэгт жагсана гэдэг маш бахархмаар үйл явдал.

-Таны зохиосон дуунууд голдуу хайрын тухай байдаг. Яагаад энэ сэдвийг сонгох болов?

-Би хайрын дуунуудыг их олон өнцгөөс харж зохиохыг хичээдэг. Мэдээж хүн амьдралдаа тохиолдсон бүхнээ дуу болгоод байна гэвэл түүн шиг худал зүйл байхгүй.

Хайр дурлалыг ямар өнцгөөс харуулж болох, хайр дурлалд юу тохиолддог, хайрын олон гэгээлэг зүйлийг, заримдаа гунигийг, харуусмаар тэр мэдрэмжүүдийг хүмүүст хүргэхийг зорьдог.

Тэгэхээр миний тоглолтод хүрэлцэн ирээрэй, миний зохиосон хайрын дууны ертөнцөөр аялаарай хэмээн үзэгч, уншигчдаасаа хүсье.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг саатуулжээ

Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбатыг өчигдөр Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатайгаар саатуулсан байна. Түүнийг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Доржхандын хэрэгт холбоотойгоор саатуулжээ.

Зам тээвэр хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг АТГ-аас Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх зүйл ангиар буюу авто замын компаниудын дунд тендер зарлахдаа бусдад давуу эрх олгож, авлига авсан байж болзошгүй үндэслэлээр есдүгээр сарын 10-наас өнөөдрийг хүртэл цагдан хорих 461 дүгээр ангид шалгаж байгаа юм.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

​Р.Энхбат: Эрх чөлөө мэдлэг, хөгжил дээр л цэцэглэдэг. Үгээгүй ядуус эрх чөлөөгөөр яах юм

“Адмон” группийн ерөнхий захирал Р.Энхбаттай ярилцлаа.


-“Адмон” групп Монголд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдчихсөн. Сая та Герман руу явж “Гёте” медалийн эзэн болоод ирлээ. Монголоос анх удаа Р.Энхбат гэж хүнийг, “Адмон”-ыг дэлхий хараад, үнэлээд эхэллээ гэсэн бодол төрсөн…?

-Би чинь шагнал авч үзээгүй хүн. Шагнал авахаар ямар мэдрэмж төрдөг тухай төсөөлөлгүй нөхөр гэнэтхэн л тийм мэдээ дуулсан. Хагас жилийн өмнө мэдэгддэг юм билээ. Гётегийн төрсөн өдрөөр гардуулдаг юм байна. Тэгээд л сая Герман яваад ирлээ. Герман тийм олон шагналтай улс биш. Хэдхэн шагналаа иргэд нь сайн мэддэг. Өөрийнхөө төлөө зүтгээд явж байтал Германы төр үнэлэхээр хэн ч гайхна л даа. Анх шагнал авах болсон тухайгаа сонсоод гайхсан. Би Германы төлөө яваагүй. Германы төлөө явъя гэсэн зорилго тавиагүй. Германаас яаж юм авах вэ гэж л бодож явсан хүн. Зүүдлээ ч үгүй юм боллоо. Амьдралынхаа төлөө чин сэтгэлээсээ зүтгээд явж байтал ямар ч хамаагүй хүн шагнахаар гайхах мэдрэмж давамгайлдаг юм билээ. “Яагаад шагнаж байгаа юм бол” гэж бодсон шүү. Ер нь маш хүмүүнлэг шагнал юм болов уу гэж харсан.

-Тантай хамт өөр улсын хүмүүс “Гёте” медаль авсан уу?

-Хоёр хүн авсан. Нэг нь Туркээс дүрвэсэн зохиолч. Төр засагтайгаа таарамжгүй, үзэл бодол тохироогүй учраас эх орноосоо гарсан уран бүтээлч. Нөгөөх нь бас уран бүтээлч бүсгүй. Америкт амьдардаг. Ираны эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцдэг юм билээ.

-Хүний эрхийн төлөө тэмцдэг уран бүтээлчид байжээ дээ?

-Хоёулаа л тэр талдаа хүмүүс байсан. Тэгэхээр намайг яамтайгаа тэмцдэг гээд энэ шагналыг өгсөн юм болов (инээв). Одоо эргээд анзаарах нь ээ чин үнэнээр явдаг байдлыг харгалздаг юм болов уу гэсэн бодол төрөөд байгаа.

-Шагнал авахаар тэгээд ямар мэдрэмж төрж байх юм?

-Би өмнө нь хэзээ ч тийм хүндлэл мэдэрч байгаагүй. Эхнэртэй минь хамт урьсан. Энхбат гэж хувь хүн биш, Монголоо төлөөлж очиж байгаа гээд бодохоор сайхан мэдрэмж. Бас хичээхээс аргагүй гэсэн бодол төрдөг юм билээ. Бэлдэж, хичээж байгаад очсон. Бүх арга хэмжээ өндөр түвшинд, хайрласан хүндэлсэн бахархсан уур амьсгалд өрнөдөг нь онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Хамгийн гайхмаар нь надаас илүү баярлах юм. Ямар гоё хандлага вэ. Жинхэнэ кайф гэдэг л тэр байх. Монголдоо ирсэн хойно хүмүүс хэдэн төгрөгийн шагнал авсан гэж асууж байна. Мөнгө дагалддаггүй, мөнгөнөөс үнэ цэнэтэй хүндэтгэл дагадаг сайхан шагнал байсан. Хичнээн ч хэвлэл мэдээлэлд уригдаж ярилцлага өгсөн юм бүү мэд. Ичмээр, хэвлэлийн од болж дууссан.

-Соён гэгээрүүлэх ажилд онцгой үүрэгтэй ажиллаж яваа гэж танд ийм урам өгсөн байх аа. Одоо ярилцлагаа ном гэсэн том сэдэв рүү хандуулъя. Хэвлэлийн газрууд номыг янз бүрээр нь хэвлэж байна. Залуус, тэр дундаа өсвөр насныхан номоо зөв сонгож, номноос авахаа авч чадаж байна уу?

-Ер нь насанд хүрэх асуудал маш чухал болчихож. Насанд хүрэх гэдгийг би зөвхөн биологийн утгаар нь хэлээгүй. Эдийн засаг, оюун ухааны хувьд насанд хүрэх гэсэн том өнцөг бий. Гэтэл оюун санаа, нийгэмшлийн хувьд тавь хүрчихсэн хэрнээ хүүхдээрээ яваа улс олон байна. Нэг гашуун үг байдаг даа, жар хүрч ухаан ороод 61-тэйдээ орчлонгоос буцна гэж. Өөрийн бодолгүйгээр амьдралыг туулж, тэгж оршсоныхоо зовлон, гашууныг амсч, насан эцэслэтлээ горыг нь мэдэрч явсаар сүүлд нэг ухаарч, ухаараад цааш амьдрах гэтэл урагшлах насгүй болохоос илүү том эмгэнэл ертөнцөд байхгүй. Тэгэхээр нийгмээрээ насанд хүрэх гэдэг асуудлыг хөндөж ярихаас аргагүй. Орчлон дээр хэн ч ганцаараа амьдардаггүй. Биенээсээ хамааралтай, салгах аргагүй холбоо харилцаан дунд аж төрдөг. Энэ бүхнийг ухаарч ойлгохоос эхлээд олон асуудал байгаа. Насанд хүрэхийн тулд яах ёстой вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ. Хамгийн түрүүнд ярих учиртай зүйл бол ном. Бидний хувьд насанд хүрэхэд нь тус дэм, шат гишгүүр болох номнууд орчуулж хэвлэхийн төлөө ажилладаг. Энэ чиглэлээр олон ном гаргаж байгаа. Жишээ нь, “Лолита”-г шинэ найруулгаар гаргах гэж байна.

-Танайхаас орчуулж хэвлэсэн япон зохиолчийн эмх цэгцийн тухай ном гарсан даруйдаа дуусч дахиж хэвлэгдсэн санагдаж байна. Та бид хоёрын яриад суугаа насанд хүрэхэд маш чухлаар нөлөөлөх агуулгатай ном. Ийм агуулгатай ном эрэлттэй байна гэхээр насанд хүрэх хүсэл нийгэмд төрөөд эхэлчихжээ…?

-Өөдрөгөөр харвал ийм хандлага анзаарагдаж байгаа нь үнэн л дээ. Өөрийгөө дажгүй аваад явахын тулд эмх цэгц хэрэгтэй. Гэр орны эмх цэгцээс гадна толгой тархины эмх цэгц хүртэл чухал болоод байгаа. Хэрэгтэй хэрэггүй юмсаар тархиа дүүргэчихсэн орчин цагийнхны хувьд анхаарч харахаас аргагүй өнцөг. Та түрүүн өсвөр насныхныг онцгойлж асуусан. Тэдний насныханд хайр дурлал, үерхэл нөхөрлөл, найз нөхдийн асуудал чухал байдаг. Тэр чигийн утгыг ухуулсан номнуудыг хэвлэхийн төлөө яваа. Хамгийн гол нь бие даах гэж юу болох, өөрийн гэсэн бодол гэж юуг хэлдэг вэ гэх мэтчилэнгийн амьдралд өөрөө өөрийгөө аваад явах чадварыг өгөх номнууд хэрэгтэй. Нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Ерөнхий боловсролын сургууль хүүхдүүдийг амьдралд сургахгүй байна.

-Амьдралд сургахгүй тэгээд юунд сургаж байна гэж?

-Амьдралд сургахаас илүү байгалийн ухаанд сургаж байна. Тоо, физик, химийн хичээлийг чухалчилж байна. Хэл уран зохиол, урлаг, хөдөлмөр, нийгмийн ухаан, түүхийн хичээл үнэлэгдэхгүй байна. Гэтэл яг үнэндээ хамгийн чухал нь эд шүү дээ. Нийгмээ ойлгох хэрэгтэй. Хүний амьдралд нийгмийн ухаан л илүү чухал. Байгалийн ухааны хувьд гээд яривал бүх юм нь шийдэгдсэн, өөрийн мэдэлтэй мэдэлгүй хийгдчихдэг зүйлс. Товчхондоо нийгмийн ухааны ойлголтууд манайд огт цэгцрээгүй. Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүн байна шүү дээ. Тусгаар тогтнол, эрх чөлөө, шударга ёс гэдэг ойлголтуудыг уншиж ухаарч авахаар ном бичиг ерөнхий боловсролын сурагчдад алга. Ганц үгээр хэлбэл бидэнд системтэй мэдлэг үгүйлэгдэж байна. Боловсролын салбарт энэ мэт хувьсгалт маягийн өөрчлөлтүүд хэрэгтэй.

-Улс гэж юу болохыг тайлбарлаж чадахгүй УИХ-ын гишүүнтэй болсон гол шалтгаан нь юу юм бол. Бид яагаад ийм байдалд хүрчихэв ээ?

-Бидэнд нэг асуудал байна. Тэр нь олон зуун жил явж ирсэн нүүдлийн амьдралын хэв маяг. Хот сууринд шилжиж, амьдралын хэв маягаа солиод бараг зуун жил ч болоогүй. Огт өөр хэв маяг бүхий амьдралууд шүү дээ. Нэг нь байгалийн эрхшээлээр, нөгөө нь засгийн газрын эрхшээлээр амьдардаг хэв маяг. Өнөөдөр огт өөр амьдрал бий болчихсон. Улс орон гэдэг систем бүрдсэн. Өмнө нь бидэнд тийм систем байгаагүй. Боловсрол, эрүүл мэндийн систем гэж байсангүй. Одоо бол бүгд биенээсээ хамаарсан систем дотор аж төрж яваа. Жишээ нь, нүүдэлчин ахуйд аж төрж явсан шигээ хүн бүр амиа бодвол бидний оршиж байгаа систем хөгжихгүй. Товчхондоо хамтаар амьдрах соёл, дадалд суралцахаас өөр арга бидэнд байхгүй.

-Таны ярианаас ийм соёл, дадал, хандлагад хөтлөх сурах бичгүүд алга гэж ойлголоо?

-Харамсалтай нь байхгүй. Манай хэвлэлийн газрын хувьд тэгж ажиллахыг хүсдэг. Төр засаг бодлогын хэмжээнд анхаармаар санагддаг, энэ асуудалд. Гэвч бодлогоор тэгж залж байгаа юм алга. Хэвлэлийн газрууд өөр, өөрийнхөөрөө л явж байна.

-Нүүдлийн ахуйн дадлаасаа өнөө аж төрж буй соёлтойгоо илүү ихээр ойртохын тулд юуг анхаарах ёстой гэж та харж байна вэ?

-Хүмүүжил, ёс суртахууны тухайд гээд харахаар хуучин уламжлалт ёс жаягаа дагая гэсэн хандлага маш их байна л даа. Хүүхдийн хүмүүжил дээр гэхэд л хуучнаа дагадаг. Хуучны ёс заншлын тухайд гэхэд л монголчууд захиргаадах, ахмадын үгийг сонсох, хамгийн туршлагатай хүний үгийг дээдлэх гээд насны эрэмбээр эрэмбэлэгдсэн эрхэмлэх зүйлтэй байсан. Нүүдэлчин амьдрал бол амьдралын туршлага дээр баазалдаг. Тэр ахуйгаар бол 81-тэй хөгшин хамгийн их туршлагатай хүн. Гэтэл өнөөдөр амьдрал туршлага дээр биш мэдлэг дээр суурилах болсон. Малын тухай мундаг малчнаас илүү мэдлэгтэй хүн байлаа гэж бодъё. Тэр хүний мэдлэгийг яаж үнэлэх вэ? Хуучин нийгмийн уламжлалыг дагая гэвэл мэдлэг хамаагүй, туршлага дагасан амьдрал илүү гэнэ. Гэтэл өнөөдөр бүх зүйл мэдлэг дээр суурилж байна. Нэг настай хүүхдийн онцлогийг мэдчихсэн байхад тэр хүүхдийг онцлогт нь тохирсон аргаар хүмүүжүүлэх асуудал биш. Өнөөгийн хүмүүжлийн гол зорилго, чиг ерөөсөө энэ. Гэтэл өнөөдөр бид ямар ахмадуудтай болсон билээ? Хэцүү ахмадууд олон байна. Үгэнд нь орвол нохойн замаар орохоор тийм жудаггүй хөгшчүүл олширсон.

-Үлгэр дуурайл авахад хэцүү ааш аяг, хандлагатай хөгшид олширсон гэдэг ч үнэн шүү. Гэхдээ хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ухааныг ухвал өөр байх л даа?

-Уламжлалаар хүүхэд хүмүүжүүлэх аргын тухай ярья, судалъя гээд эрэл хайгуул хийсэн. Би лав эрээд олоогүй. Тэр ухааныг мэддэг ярьж чадах хүн олдохгүй юм билээ. Тэгсэн хэрнээ бүгдээрээ уламжлалт энэ тэр гээд яриад байдаг нь гайхмаар шүү. Нэг талаасаа асуудал ийм болчихсон. Нөгөө талаас нь харвал нийгмийн олон асуудал хөндөгдөж байна. Сэтгэл зовоосон олон асуудал гарч байгаа. Бүх асуудлын учгийг хөөгөөд явахаар эцэстээ боловсролын асуудал болж хувираад байна л даа. Боловсролоос болж байна гэсэн хэрнээ боловсролоо сайжруулах тухай юу ч ярьдаггүй. Боловсрол ярихын тулд хүүхдүүд юу унших вэ гэсэн асуултад хариулт хайх хэрэгтэй. Насанд хүрэхийн тулд, өнөөгийн хүн болохын тулд яах ёстойг ярих учиртай. Хүн бүр өөрийнхөөрөө яваад байна л даа. Зүй нь улс оронд “Иргэн бүрээ ийм хэмжээнд хүргэнэ” гэсэн алсын хараа, бодлого байх ёстой. Тэгж байж хөгжил ярина. Хүн бүр өөр өөрийнхөөрөө явж байгаа дүр зургийг эрх чөлөө гэж ярьдаг. Эрх чөлөө эцсийн дүндээ хөгжил дээр л суурилдаг. Ядуу хүмүүсийн эрх чөлөө гэж юу байх вэ дээ. Мэдлэг, хөгжил, цэцэглэлтэн дээрх эрх чөлөө л учир утгатай болохоос үгээгүй ядуу хүн эрх чөлөөгөөр яах юм. Паспорт байгаад гадаад явлаа гээд хэлгүй, боловсролгүй, хар ажил хийгээд амь зуух нь эрх чөлөө биш.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийг сөхөөд харахаар бидний багад үзэж байсан зүйр цэцэн үг, үлгэр, өгүүллэг тэр чигээрээ бичээтэй харагддаг. Дэлхий тэс өөр болоод байхад бид ингээд сууж болох уу?

-Бид 1-5 дугаар ангийн ёс суртахууны (хуучнаар иргэний боловсрол) сурах бичгийг сар хагасын дотор хийж дуусга гэсэн үүрэг авлаа. Ёс суртахууны асуудал гэдэг бол ерөөсөө л янз бүрийн хүмүүс хоорондын харилцаа, хүний мөн чанар, зөв буруугийн тухай л асуудал. Тэр чигийн унших материал төдийлөн байдаггүй юм байна. Яг таны хэлсэнчлэн уламжлал ёс заншил гэдэг хүмүүс хэдэн зуун жилийн өмнө ном сударт бичсэн янз бүрийн зүйр цэцэн үгс, сургаал гэх мэтийг л ашигладаг юм байна. Нэгдүгээр ангийн хүүхдэд, хэдэн зуун жилийн өмнө зохиосон, хүүхдэд зориулаагүй элдэв сургаал үг уншуулсаар ирсэн. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд унших материал нь тэр чигээрээ иймэрхүү. Бид үүний эсрэг ажилласан. Унших бүх материалыг шинээр хийх гэж үзсэн.

Өнөөдөр амьдралд ямар асуудал байна, түүнтэй холбож л сэдвээ сонгож хийхгүй бол хичээлийн материал болохгүй шүү дээ. Өнөөдөр сургаал үгсийг зүгээр л хоосон цээжилж, уран яруугаар уншсан хүүхэд сайн дүн авч байна. Гэтэл уншаад ойлгоно гэдэг өөр хэрэг. Уншсан юм над руу орж байж минийх болно. Нэгэнт өөрийн болгосон зүйлийг хожим амьдралдаа хэрэглэж, ашиглаж таарна. Унших материал бол оюуны талх гэдэг шиг бидний авах ёстой тэжээл.

-Уншдаггүй хүн олон байна гэсэн шүүмжлэл та бид хоёрын яриад суугаа энэ асуудалтай холбоотой юм биш үү, хоосон уншиж хий цээжилж явсаар сургуулиа төгссөн хүүхдүүд номын амтанд дурлаж, номноос өгөөжийг нь авна гэдэг худлаа шүү дээ?

-Та зөв харсан байна. Багаасаа ном уншиж тэжээл аваагүй, зөвхөн дүн авахын төлөө цээжилж, номын сайхныг өөртөө шингээж энерги хүч болгож сураагүй хүүхдүүд том болоод номонд шимтэхгүй байхаас аргагүй. Би хүмүүсээс уншсан номынх нь тухай асуудаг юм. Тэгэхээр ямар хариу хэлдэг гээ. Хөөрхөн ном байна гэдэг. Юу нь хөөрхөн байна гэхээр амьдралтай юм аа гэдэг. Харин ном уншаад сурчихсан хүмүүс жинхэнэ шимийг нь авдаг. Тийм учраас тэд насан туршдаа уншдаг. Уран зохиолын ном барьж авлаа гэхэд тэнд амьдарч буй хүний оршихуйгаас өөрт хэрэгтэйгээ олоод харчихдаг. Гэтэл манайхан үйл явдал хөөгөөд байдаг. Ном уншиж сурсан хүмүүс үйл явдал хөөдөггүй. Боловсролын систем нь хөгжсөн улс орны сургуулиуд сурагчдынхаа уншсан номыг шалгахдаа биднээс өөрөөр шалгадаг. Чи энэ зохиолын гол дүр Доржийн оронд байсан бол яах вэ гэсэн сэдэвтэй зохион бичлэг хийлгэдэг. Ингэхээр хүүхэд тэр зохиолыг зажилдаг, амтыг нь араандаа уусгаж мэдэрдэг. Ингэснээр эх хэлнийх нь мэдрэмж сайжирдаг. Ийм боловсрол олгогдохгүй байгаа нөхцөлд бид хичнээн гоё ном гаргаад “Хөөрхөн ном байна лээ” гэсэн хариу л сонсоно. Ингээд бодохоор жаахан гомдолтой, гунигтай санагддаг. Номны тухай бодож байгаагаа ярих, маргах юм нийгэмд алга. Өөрийгөө л гайхуулцгаагаад байна. Нэг л их өрсөлдсөн хүмүүс. Та нэг сургууль руу ороод хараарай. Шилэн шүүгээ дүүрэн цом залчихсан байгаа. Өнөөдөр өрсөлдөөнөөс илүү хамтрах нь амин чухал асуудал болоод байна.

-Нэг өөдрөг хандлага ажиглагдаад байгаа. Залуус номонд их дурлах болж. Ном руу ингэж хошуурч байгаагийн нэг шалтгаан нь орчуулга гэж боддог юм. Өмнө нь гоё хавтастай орчуулга гэж авах юмгүй ном их байсан бол сүүлийн үеийн орчуулгын номнууд амттай, урсагдаж уншигдаад урамтай байна аа?

-Харин тийм, гоё байгаа биз. Ном амьтай. Номыг амилуулдаг амин сүнс нь орчуулга. Манайх орчуулган дээрээ онцгой анхаарч байгаа. Хүлхэгдэж, амт нь араанд уусч, нэг л мэдэхэд уншаад дуусах хөг аятай номын гол нууц нь ерөөсөө л орчуулга. Мэдээж хүн уншихад таатай хэвлэх ч ном амьтай байхын салшгүй нэг хэсэг. Хэвлэх үйлдвэрээ өргөтгөж шинэчилсэн минь цаанаа ийм утгатай.

Categories
мэдээ улс-төр

Бурхан багшийн Их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төсөл өргөн барилаа

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Бат-Эрдэнэ, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Д.Тогтохсүрэн, Д.Тэрбишдагва нар “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Г.Мөнхцэцэг нар Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монголын ард түмний олон зуун жилийн оюуны өвийг тээж, хадгалж, монголчуудыг эвлэлдэн нэгдэхэд нэн чухал хэрэгсэл болж, хэдэнтээ төрийн шашнаар хүлээн зөвшөөрөгдөж, хүн амын нэгдсэн тооллогоор 15-аас дээш насны хүн амын дийлэнх хувь нь өөрийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон зэрэг нь Монгол Улс бурхны шашинтан орон болохыг харуулж байгаа юм.

Буддын шашин нь Монголын төрийн шашин байсан бөгөөд Монголын хаад арга билгийн ухаан, хатуу, зөөлөн үйлийн үрийн харилцан шүтэлцээ, номт төрийн гадаад, дотоод холбоо, шашин төрийн хос ёсны бодлогоор улс, түмнээ удирдан жолоодсоор ирсэн түүхтэй.

Эдүгээ БНСУ, Тайланд, Шри Ланк, Сингапур, Япон, Энэтхэг, Вьетнам, Мъянмар зэрэг бурхны шашинт орнуудад Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн Их дүйчин өдрийг олон нийтийн баяр, амралтын өдөр болгон тэмдэглэж, түүгээрээ ард түмнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдэл, сүшиг бишрэлийг хүндэтгэн дээдэлж, хойч үедээ хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй, төлөвшсөн нийгмийг уламжлуулахыг эрхэм зорилгоо болгодог байна. Дээрх улс орнуудад Их дүйчин өдрөөр мацаг барих, согтууруулах ундаа хэрэглэхгүй, худалдахгүй байх, бие, хэл, сэтгэлийн аливаа муу үйлийг тэвчих, өглөг хандив өгөх, бусдад туслах, энх тайвны жагсаал цуглаан хийх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, мод тарих, цэвэрлэгээ хийх зэргээр нийгэм, олон нийтийг хамарсан сайн үйлс дэлгэрүүлдэг байна.

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас Бурхан багшийн Их дүйчин өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж байхаар 1999 онд шийдвэрлэсэн байдаг.

Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэр, иргэд, олон нийтийн хүсэлтийн дагуу Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Энэхүү нэмэлтээр Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Зуны тэргүүн сарын шинийн 15-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний түүх, хэл, соёл, шашны өв уламжлал, зан заншлаа хадгалан хамгаалж, хөгжүүлэх, монголчуудын эв нэгдлийг бататгах, хүний эрх, эрх чөлөөг хангах эдийн засаг, нийгмийн эерэг боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Categories
мэдээ улс-төр

Бага хүүтэй, барьцаагүй, 20.0 сая төгрөг хүртэлх хэмжээтэй Итгэлийн зээл олгох хуулийн төсөл санаачилжээ

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Ё.Баатарбилэг, Х.Баделхан, Б.Батзориг, О.Батнасан, М.Билэгт, С.Бямбацогт, Д.Дамба-Очир, Д.Лүндээжанцан, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат нар “Итгэлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, М.Билэгт, Г.Мөнхцэцэг нар уг хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

Монгол Улсын иргэдийн багагүй хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур буюу тогтмол бус, бага орлоготой байгаа тул тэдний орлогыг нэмэгдүүлэх, өрхийн болон бичил бизнесийг төрийн зүгээс дэмжих шаардлагатай байгаа юм. Гэвч бизнес эрхлэх сонирхолтой тэдгээр иргэдэд зээлийн хүрэлцээ бага, хүү өндөр, барьцаа хөрөнгө байхгүй зэрэг хүндрэлүүд тулгардаг.

Тиймээс бага хүүтэй, барьцаа хөрөнгө шаардахгүй, санхүүгийн уян хатан нөхцөлтэй бага дүнтэй зээлийг зорилтот бүлгийн иргэдэд хүргэх зорилгоор Итгэлийн зээл бий болгох эрх зүйн орчин бүрдүүлэх ажил 2016 оноос эхэлсэн байна.

Улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих, иргэдийн амьдралыг сайжруулах Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтыг хангаж, зорилтот бүлэгт хөнгөн шуурхай, чирэгдэлгүй зээлийн үйлчилгээ үзүүлэх, нийгмийн итгэлцлийг бий болгох бүтээгдэхүүн гаргахын тулд энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

Итгэлийн зээл эхний ээлжинд 200-300 тэрбумын санхүүжилттэй байх ба энэ нь Зээлийн мэдээллийн санд бүртгэлтэй 88.0 их наяд төгрөгийн зээлийн 0.22 хувийг эзэлж байгаа тул банк болон банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Монгол Улсын хэмжээнд нийт зээлдэгчийн 90 хувь нь 20.0 сая төгрөг хүртэлх зээл авсан байна. Итгэлийн зээлийн дээд хязгаар 20.0 сая төгрөг тул нийт зээлдэгчийн 90 хувь буюу давхардсан тоогоор 3.0 сая иргэн, хуулийн этгээдэд урт хугацаатай, бага хүүтэй, барьцаагүй зээл авах боломж бүрдэх юм.

Хуулийн төсөл батлагдсанаар:

-Өрхийн аж ахуй болон бичил бизнес эрхлэгчдийн орлого, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой дэмжлэг болно;

-Өрхийн болон бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахад эергээр нөлөөлөн, эдийн засгийг хөгжлийг дэмжинэ;

-Өрхийн дундаж орлого нэмэгдэхээс гадна санхүүгийн сахилга бат, хувь хүний чадавхийг дээшлүүлж, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг бууруулахад эергээр нөлөөлнө;

-Иргэдийн санхүүгийн боловсрол, сахилга хариуцлага сайжирна гэж төсөл санаачлагчид үзэж байна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

2019.10.03-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг мэдээлж байна.

Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

12:00-15:00 цагт: 9, 10-р хороо Дэнжийн 32, 34, 40-р гудамж, 54-р дэлгүүр Ентүн ХХК, Иргэн Баярсайхан, Болд /дугуй засвар/, Ганбат /ХХЭ/, Цэрэнжав /цайны газар/, Мөнхжаргал, Нандин хүсэл эмийн 2-р төв, Гантөмөр /гоймонгийн цех/, Эх үндэс, ХГӨ ХХК-ууд, 31, 43-р цэцэрлэгүүд, 9-р хорооны байр болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

10:00-17:30 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

10:00-18:00 цагт: Баяндэлгэр, Батсүмбэр сумд.

Categories
мэдээ нийгэм

Энхтайваны гүүрийн хөдөлгөөнийг түр хаана

“Энхтайваны гүүр”-ний техник ашиглалтын төвшинг тогтоох ажлын хүрээнд Энхтайваны гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны 00:00 цагаас аравдугаар сарын 04-ны өдрийн 05:00 цаг хүртэл хааж, туршилт, хэмжилтийн ажил хийх юм байна.

Иймд тус хугацаанд тээврийн хэрэгслийн болоод явган зорчигчийн хөдөлгөөнийг хязгаарлах болсныг Нийслэлийн авто замын хөгжлийн газраас мэдэгдлээ.

Categories
мэдээ нийгэм

34 согтуу жолоочийг илрүүлжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.10.02-ны өдөр нийт 360 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 289-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

2019.10.02-ны өдрийн 20:35 минутын орчимд Увс аймгийн Улаангом сумын нутаг, асфалтан замд Nissan X-trail маркийн автомашины жолооч, явган зорчигч С, Г нарыг мөргөж, явган зорчигч С нар барж, Г гэмтсэн.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явахыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.