Categories
мэдээ цаг-үе

Дөнгөтийн Цоодол найрагчтай Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ (IV)

Түрүүч 192, 193, 196(6293, 6294, 6297) дугаарт


Бүрэнгийнх нь сургуулийн сурагч Ардын зохиолчдоо хүндэтгэл үзүүлж буй агшин

Юунаас чиг үүдээд билээ, Бүрэнгийн наадмын тухай яриа дэлгэгдсэн юм. Сумын наадам нь улсын наадмаас дутуугүй баавартай болдог гэлцдэг. Асрын өмнө хоёроос гурван зуугийн ганд айраг сөгнөөстэй. Моринд даагддаггүй асар том биетэй учир өвөл зунгүй тэмээ унадаг бухан Тангад гуай ховоон чинээ хутгуур барин, багавтар гэрийн бүрээсэрхүү цагаан халаад өмсөөд сөн түшиж эхэлнэ.

Сумын их дууч Сосорын Намхай, Цоодол найрагчийн эцэг Баясгалангийн Дөнгөт, Мял богдын сахалт, их дуут Мижидийн Бат, Хишигтийн Дэндэв, нэгдлийн үед тэмээ хариулж байсан учир тэмээ Дашням ч гэдэг, Тэрбишийн Дашням ч гэдэг, Дашням, мөн Содномын Монхор, Ондогийн Хөгөнт гээд “Түмэн эх”-ээ хэнхэр хэнхэр тавьдаг аралтай дуучдын дуугаар наадам эхэлнэ. Алдарт Сарваацуцахын их хөндийнхөө жаврыг тийнхүү жилдээ нэг үргээж нааддаг юм гэсэн. “Бөх зарлаж зүүн барууны магнайд ах дүү сумын заан Чоймбол, Дугаржав хоёр дэвээд л, шаваад л, өрөөд л. Юу нь тийм сонин байсан юм. Наадамчид харж хөхрөөд л. Мань хоёрын давахыг би хувьдаа үзээгүй. Гэхдээ заан цол хүртэл авсан хойно давж л явжээ. Гэтэл барилдаад давах хөг нь өнгөрсөн хэзээний чургархан дээрээ улам шуурч гуя нь хийссэн өвгөдөө хараад баясна, өрөвдөж уярна гэдгийн цаана монгол ухаан, уламжлал цөм байж шүү” гэж ардын зохиолч хэлсэн.

“Наадамд хүн бүхэн юу байдгаараа гоёно. Дуутын борлог гэдэг цуутай ороо морьтой, гаднаа өндөр талхиар сур элдэж хэмхэрч үхэх нь гэж хүүхдүүд айлынхан нь хориод байхад үгэнд нь орохгүй, хүмүүс аль хэдийн тоохоо больсон онгорхой хар цахиур буу үүрэн Өндөрмагнай, Арвинбор толгойгоор гөрөөс агнана гэж сүр болж бусад цагт гэрээс гарах, дээл солих нь ховор дуут Доржпалам гэдэг хар өвгөн байсан сан. Хамгийн хээгүй энэ хүн хүртэл хэдий үеийн ч юм бэ халхгар улаан чисчүү дээл багачууд бидний үзээгүй өндөр оройтой хилэн малгай тавьж, бага жороо их сайвар буурал халзан мориороо наадамд дунхалзаж хүрдэг байсныг бодоход өөр хэн эс гоёхсон билээ. Далантүрүү Гүннуур хавиар нутагтай огно Дорж гэгч шалбалзсан шар хүн яаж гайхуулж яваа нь тэр юм наадмын халуун өдөр зулбандуу минжин оройвч малгайтай, жороо зээрд морьтой олны дэргэдүүр тавьж татаад өнгөрөхөд салхи хөдөлж сэрүү татах шиг болдог сон” хэмээн өгүүлэх нь нүднээ кино шийний зураг шиг л дурайж байна.

Энэхэн яриан дундаас бухан Тангаа бүр ч их сонирхол татна. Залуудаа хязаалан үрээн дээр мордоод ууцыг нь хугалснаас хойш морь унахаа больсон түүний гар нь хүрзэрхүү, хөл нь хот цэвэрлэдэг гаапархуу гэж үзсэн хүмүүс нь хэлдэг. Хоёр метр 30 см өндөртэй, 130 кг жинтэй аргагүй л аварга амьтан байж. Цоодол багшийг багад ээж аав нар хүүхдүүдээ “Мангаад хэлнэ шүү, тэр ирээд бөөрийг чинь иднэ” гэж айлгадаг байсан нь өнөө Тангаа гэнэ. Гэвч тэр хүн мангаа биш буянтай сайхан нэгэн. Хүүхдийн бөөр байтугай хүн болсоор ганц үмх мах идээгүй цагаан хоолтон байсан гэнэ лээ, хөөрхий минь. Наадам гэснээс Бүрэндээ арав түрүүлсэн “дархан аварга” Монхорын Зандраа гэж хэлхгэр сайхан эр Цоодол ахыгаа бараадаад алхаж явна. Наян нэгэн онд халхын их хүчтэн Цэрэнтогтох аваргыг ид байхад нь сумынхаа дэвжээнд шороодуулж явсан хуйхтай нэгэн. Тэр тухайгаа “Цэрэнтогтох аваргыг тахимдаад дайрахад нь давуулаад гуядчихсан. Аварга яалт ч үгүй уначихсан. Харин бөх тайлбарлагч Алтангэрэл “аварга давлаа” гээд зарлачихав. Би тахимаа өгөхөөс өөр аргагүй. Сумын дарга, хөдөлмөрийн баатар Батмөнх гуай шагнал гардуулахдаа “шороотой бөх түрүүлчихлээ” гэж аваргад нөхөрсгөөр хэлсэн байдаг” гээд инээд алдаж байсан. Зандраа ах, Цоодол багшийн дүү Багаа гэж олондоо хүндтэй сайхан хүн, тэр хоёр л сумынхаа наадамд ээлжлээд түрүүлээд байсан гэх. Зандраа нь арав бол, Багаа нь долоо түрүүлсэн гэж байгаа.

Мөн тэртээ тавин дөрвөн онд Цоодол найрагчтай хамт Бүрэнгийн бага сургуульд нэг ангид орж байсан Чимэддоржийн Пүрэв, Хасын Батбаяр гээд ангийнх нь “хөвгүүд” ирчихжээ. Сум нэгдлийн тэрэгний жолооноос салаагүй Пүрэв гэж өндөр гуухгар шар хүн. “Би Цоодолд насаараа дарлуулж явна. Уулзах бүртээ намайгаа шоолно, ер нь насаараа намайг идэж байгаа хүн л дээ. Сая намайг юу гэнэ үү, атан тэмээ болгочихов уу. Айл нүүхдээ номхон тулхтай тэмээнд хүүхдээ ачдаг, гэрийн тооноо ачдаг, Пүрэв маань тийм л нэг номхон шар ат гэж хэллээ” хэмээн бүр нэг таашаалтай нь аргагүй сууна. “Цоодолынхоо бага насыг дэндүү мэдэх юм даа, юмыг углуургаар нь, суурь ухаанаар нь хэлдэг айхтар хэрсүү, их тохины хүүхэд байж билээ. Дөнгөт ажаа бол мөн ч наргианч, аварга дууч хүн. Ижий нь гэж налгар сайхан хөгшин. Би бол Цоодолыгоо хоёр бурхны дундаас төрсөн бурхан гэж хэлнэ” гэв. Найрагчийн гэргий Цэвэлмаагийн ангийн хүү Даваасамбуугийн Найдандорж гэж адууны хийморьтой эр бас л ханайж сууна. Гэрэлтийн хөндийд 30-аад азарга адуу багширтал нь хурааж явсан түүнийг “Адуучин Найдандорж” гэх нь бий. “Манайхан хэдэн үеэрээ баячууд байсан” гэж яриагаа эхэлнэ билээ. Тавин долоон онд Өндөрширээт суманд нэгдэл байгуулагдахад аав нь 800-гаад мал, дараа жил нь Бүрэнгийнхээ нэгдэлд 400-гаад толгой мал, мөн нэгдэлжих хөдөлгөөн ялахад бас дахиад олон зуун толгой мал нийгэмчилсэн мал буяны тэнгэртэй ийм л айлын голомтыг түшиж яваа хүн. Батлан хамгаалах туслах нийгэмлэгт цэргийн алба хааж, морин тойруулгын адууг маллаж явсан гээд үнэхээр л адууны салхинаас салаагүй. Зүү ороосон, хуучны өлзий утсан хээтэй, сайхан хараатай монгол гутал жийсэн нь нүдэнд тусав. Ялангуяа надад хараа нь их сайхан харагдсан учир сонирхоод асуутал, монгол төрийн түшээ Мэндийн Зэнээгийн ээж нь хийж өгсөн гэнэ. Мөнгө хатуу байхад Мэнд гуайн хөгшнөөс 250 төгрөгөөр монгол гутлын хараа худалдан авч, энэ олон жил гоёж яваа аж.

Энэ мэт өндөр багшийнхаа найз нөхөд тулхтай хөгшидтэй хууч хөөрч, нутгийнх нь тэнгэр дор сэтгэл бүлээн явлаа. Бүрэнгийнхний нэгэндээ тустай хүнлэг чанар юухан хээхнээс ч мэдрэгдэнэ. Очирбат даргыгаа ихэд хүндэтгэдэг юм билээ. Хүндлэхээс ч аргагүй, өнөө л луухгар өвгөдийн үргэлжлэл гэмээр нуруутай нэгэн. Цоодол багшийн шинэ ном гарах бүрийд зорьж ирж авна. “Хөеө”-г, “Талынбулагийн вант улс”-ыг, “Дэргэд холын уулс”-ыг, сүүлд “Ганзагалаа”-г нь ганзагалаад л давхисан гэж байгаа. Тэгээд Цоодолыгоо уншиж байж бүр нэг шавай нь ханадаг нь аандаа мэдрэгдсэн. Бас болоогүй, тавь жарыг худалдаж авч нутгийнхандаа тараадаг юм гэсэн. Ардын зохиолчоо тэгж баярлуулахаас өөр яанам. Хоёр сайхан үрээ үерт алдаад элгээ цөмлөн харууссан Намсрай ахыг сүүлд нас хэвийсэн хойно охинтой болоход нь “Ингэж нэг санаа амрах гэж дээ” хэмээн зүрхнээсээ дуу алдаж, өрөөндөө дуудан баярыг нь хуваалцсаныг, худаг усны Санжаа нэртэй бүхий л насаараа худгийн моторчин явсан өвгөний өнгөрөхдөө захисан үгийг бодон бодон хуучин мотортой худгийн байшинг нь нураачилгүй яваад хэн бүхэн талархдаг. Ялангуяа Цоодол нь бүр ч талархдаг байна.

“МУИС-ийн гудамжинд одоо пропускын товчоо байгаа байшинд үйлдвэрийн барааны дэлгүүр гэж байлаа. Тэнд ачаа зөөхөөс эхлээд хожим нь Налайх хотын хооронд нүүрс татаж Дундговийн Ёндон, Увсын Жамбал гэдэг хоёр өвгөнтэй ээлжлэн дэлгүүр манаж, насанд хүрээгүй гэж ажлаасаа халагдан Бүрэн сумандаа заларч хүрэхээс өөр яахав. Бүрэндээ нэгдлийн мал хариулж үзлээ. Тариа бригадад тракторчдын туслах, галч, суманд явуулын багш, Сэлэнгэ аймгийн Ширээ нуруунд улсын тэжээлийн фондод ажилтан гээд Ц.Дамдинсүрэн гуайн “Толь Гэндэн” шиг л явжээ” гэж багш минь хэлсэн. Их утга зохиолын өргөөнд орж ирэхээсээ өмнө багш минь үнэндээ хар бор ажил хийж, яах аргагүй амьдрал үзсэн, өөрийнх нь хэлснээр нүүрсний амтыг мэдэрсэн. Харин анхны шүлэг, анхны номоороо утга зохиолд цахиур хагалсан.

“Тоосоор даллан үлдсэн замын хүзүүг гажиж

Товруу адил өргөөнд айлчин болоод очвол

Тоонон дээрх сар шиг өргөө гэр нь цагаан байв

Товруу цагаан гэрийнх нь босыг алхан орвол

Тогоо дүүрэн мэлтийх сүүний нь өнгө цагаан байв

Тогоонд байгаа сүүнээсээ аяга дүүрэн барьсан

Тормогор нүдэн бүсгүйн сэтгэл бас цагаан байв

Тоотой насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ

Хаяа өргөн талдаа туургалж буусан тэнгэр

Халуун эвийн бэлгэдэл далбаа адил цэнхэр байв

Халуун эвийн бэлгэдэл далбаан дороос тулсан

Хаш суурь шиг уулсын дасал өнгө нь цэнхэр байв

Хаш суурь шиг ууландаа үе улиран нутагласан

Хайртай аавдаа миний хоёр гардан барьсан

Хадагны минь өнгө далайн ус шиг цэнхэр байв

Хамаг насаараа хайрлах нутгийн минь өнгө тэр билээ…” хэмээх “Нутгийн зургаан өнгө” тэргүүт шүлгүүдийг нь барагтайд үг унагадаггүй дорнын их Явуу “Цог” сэтгүүлд “…уран бүтээл нь өсөн дэвжиж байгаад чин зүрхнээс баярлаж байна” гэх халуун сэтгэлийн үгтэй гаргаж, удалгүй яруу найргийн ном нь гарч их утга зохиолын өргөөнд “Явуугийн шавь” хэмээн цоллуулж дуутай шуутай орж ирсэн. Багшийн минь тухай бичээгүй цоллоогүй, зүрхнийхээ үгийг хэлээгүй хүн ч гэж ховор доо. Монголын утга зохиолд дүнжгэр сайхан хүрээллийг бий болгож, бүхий л амьдралдаа ерөөлийн үгийг од эрхэс шиг хүмүүний сэтгэлд булхуулж иржээ.

Бажуудайн Ганбат гэж нэртэй судлаач, ёстой уул шиг сайхан хүмүүн. Багштай минь олон жил нөхөрлөсөн гэдэг. Бишгүй ч олон юмны бөглөө мулталсан байх. “Цоодол насан туршдаа өсөж ирлээ. Энэ бол найрагч бүрт оногдох хувь тавилан биш” гэж Долгорын Нямаагийн хэлснийг Ганбат нь хэлэх дуртай байсан. Агуу их Лодойдамба гуайг, хорьдугаар зууны манлай роман “Тунгалаг Тамир”-ыг судалж нэрийн хуудсаа болгосон тэр эрхэм хориннэгдүгээр зууны босгон дээр Дөнгөтийн Цоодолыг судлан ном болгож гаргасан.

Ерээд оны дундуур Цоодол аваргыг “Ардын эрх” сонины хамт олон, мянга мянган уншигчид төрийн шагналд нэр дэвшүүлэхэд зохиолч нөхөд нь бүгд талархан хүлээж авчээ. Нэгнийгээ шагналд нэр дэвшихэд манайхан матдаг байсан гэх. Би мэдэхгүй л дээ, тийм л яриа дуулддаг. Харин багшийг минь матах нь байтугай бүгд магтсан байдаг юм. “Илүү гэр”, “Цэцэг нялхарсан зун” гээд өгүүллэгээрээ зартай “сарзаан” буюу Жанчивдоржийн Дашзэвэг “Болор цом”-д гурав түрүүлсэн, Ноён хутагт Равжаагийн наадамд мөн л түрүүлсэн, Батлан хамгаалах яамны сэлэм өгдөг наадамд бас л магнайлсан Цоодолыгоо монгол найргийн дархан аварга гэж цоллоод “Цоодолын ингэж хийморьтой байгаа нь аз эзийн асуудал биш ээ. Ердөө л хүчээр ааглан бярдаж байна. Олон өнгө эгшгийн тансаг монгол найргийн цэцэрлэгт тэрээр аж байдал иргэний уянгад нэгэн талаас нь урагш ахиулсан өөрийн хувь нэмрийг даацтай оруулж байгаад энэхүү ааглаж бярдаж байгаагийнх нь увдис оршино. Шүлгүүд нь эгэлхэн үнэнийг амьд зураг, ухааны хэлхээсээр нүд сэтгэлд харагдтал дүрслэн учирлаад өнгөрөх төдийгүй, дараа нь бодлоос салахгүй зүрх өвтгөн байн байн эргэн санагдаж шаналган байх нь түүний гүн ухааны хүч” гэж хэлсэн сэн. “Болор цом” гэснээс ерэн гурван онд хоёр дахиа түрүүлсэн наадмынх нь дараа Ерөнхийлөгч Очирбат гуай “…Дээврийн минь цоорхойг эх орны минь үүл нөхнө

Дээлийн минь товчийг хөх тэнгэрийн од орлоно

Дэнжийн минь чулуу цэцгийн шүүдэр тоогоороо бол

Дэлхийн маргааш надад юу дутах юм бэ

Ядрах тусам нь би Монголоо илүү хайрладаг

Яагаад гэвэл энэ чинь миний юм аа

Ямар их хайртайгаа яагаад хайрлах болсноо

Яг хэлчихье гэхэд тэнцэх сайхан үг л дутна

Дайснаас чамайгаа хамгаалсаар үхэхийн сэтгэл надад дутахгүй

Дахиад чиний төлөө үхэх хоёр дахь амь л дутах юм даа” хэмээх шүлгийнх нь эдгээр мөрүүдийг үндэсний телевизээр шууд цээжээр хэлж байсан удаатай. Тэгж л дуулиан шуугиан тарьж байжээ. Дамбын Төрбатынх нь хэлснээр “Дөнгөтийн Цоодолын тэсрэлтийн он жилүүд” нь тэр буюу.

“Харь холын газар замын эрхээр очсон

Хангал сайхан хүлэг шөнөдөө гүйдэг нутаг минь

Ханагар дэлхийн уудмаас энэхэн биед заяасан

Халуун зүрхний уяа эх орон та минь

Уудам хорвоод амьдрах хүний хувь зохиолоор

Уран цагаан өргөөндөө хүүхэд балчир ирэхэд

Уураг сүү шиг агаараа эхийн сүүтэй амсуулж

Ухаан суулгам тэнгэрээ тооноор харуулсан газар

Чихэр бурмын амттай урьхан хонгор салхинд нь

Чин халуун сэтгэлийн увдис шингээсэн орон

Чийг шимийн дээжтэй цэн цэнгийн бороондоо

Чийрэг залуу нас цэцэг дагуулсан газар

Босоо гэгддэг бөх шиг уулсын тэнүүн чөлөөгөөр

Болор толийн адил ус нуур нь цэлэлзсэн

Болд дугуй тогшсон ган замын хажуугаар

Болц гүйцсэн тариа газар шүргэн суялзсан

Амьдрах энэхэн насандаа жаахан ч холдохын аргагүй

Азтай миний өлгий жаргалтай дэлгэр орон минь…” шүлгийг нутагт нь уншиж явлаа. Тэртээ далан дөрвөн онд утга зохиол судлаач Гомбын Жамсранжав “Үнэн” сонинд ажиллаж байхдаа “Эх орны шүлэг хэрэгтэй байна, чамд бэлэн юм байхгүй биз” хэмээн асуухад нь шууд тэр дор нь бичээд өгсөн гэдэг юм. Цоодол гэдэг ийм л онгодтой найрагч. Гэхдээ мань мэтийн жулдрай юу хэлэх вэ. “Тэр шүлгээ унших нь “Сүнжидмаа” хэмээх ардын дуу дуулж байгаа мэт надад санагддаг. Монгол шүлгийн аялгуу хөгжим, эгшиглэн, уян налархай, дээш доош цохилго гэж юу болохыг мөн үе нугалаа дагнаас, орхиц, цэг таслалыг ч нарийн мэдрэн гаргаж олон өнгийн шингээлттэй уянгалаг хоолойгоор сонсголонтойгоор хүний сэтгэл рүү хөвүүлж өгдөг” гэж Жав нь (До.Цэнджав) хэлсэн.

Ийм л халуун дулаан яриа өрнүүлж багшийнхаа Бүрэнгийнх нь уул усаар бууж мордоод ирлээ. Булгийн эхэнд намаржиж буй Дамбадаржаагийнд шөнө дөл болтол найрлаж, Талынбулагийн цагаан шөнийг мэдрэн оддынх нь дор уяран зогсож, Багаа ахынхаа гэргий Чимгээ эгчийн ятга шанзны эгшигт сэтгэл бөмбөрөн, дууны сайхан аялгуунд мөн чиг жаргасан. Онгонхайрхандаа мөргөөд хөдлөхөд багш минь “Гунан хар”-ыг аялсан сан. Бүрэнгийн хонгор намрын хийлийн чавхдас шиг эгшиглэнт өдрүүд миний амьдралын баяр баясгалан байлаа. Үргэлжид ч тийм байх биз ээ.


Categories
мэдээ цаг-үе

Дунд сургуульдаа тайлан тоглолтоо хийж явсан ангийнхан

Орхон голын хөвөөгөөр суурьшсан Орхон сум бол говь, хангай хосолсон сайхан байгальтай нутаг. Намар болоход л энэ нутаг хөдөлгөөнд орж найман настай балчраас наян настай өвгөд хүртэл бүгд л хөдөлмөрлөж, түүнийхээ үр шимийг хүртэж амьдардаг хөдөлмөрч ард түмэн юм. Энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа Сэлэнгэ аймгийн Орхон сумын Ерөнхий боловсролын сургуулийг 2008 онд төгссөн 11А ангийнхныг урилаа. Сумын сургууль гэдэг ганц, хоёрхон бүлэгтэй. Цомхон сурагчидтай байдаг. Тийм ч болохоор энэ ангийнхан 1998 онд хоёр бүлэг болон сургуульд элсэж, наймдугаар ангидаа нэг анги болон нэгдсэн. Учир нь наймдугаар ангиа төгсөх үед нь хоёр ангийн сурагчдын ихэнх нь МСҮТ-д орж, хоёр ангийн хүүхдүүд цөөрсөн учраас есдүгээр ангид орох жил нь сургуулийн захиргаанаас ийм шийдвэр гаргасан хэрэг. Ийнхүү хоёр бүлэг нийлж Б.Ганхуяг багштай 9А анги бүрдэв. Хоёр анги нийлнэ гэдэг өсвөр насны хүүхдүүдэд амаргүй даваа. Ядаж л бүлэг бүлгээрээ найзалж, дайсагналцах байдал үүсчих гээд тунчиг эвгүй. Гэвч энэ хоёр анги маань нэгдэн нийлж, нэг хамт олон болж чадсанаараа онцлог юм.

9А анги сургуульдаа шилдэг нь болж эхэллээ. Дээд ангитайгаа ана мана үзэлцэж, илүүрхэж явсан гэхэд хилсдэхгүй. Учир нь зочин анги маань 11 дүгээр анги төгсөхдөө сургуулийнхаа спортын хошой аварга, урлагийн хошой аварга ангиар шалгарч амжилттайгаар сургуулиа дүүргэсэн аж. Урлагийн үзлэгтээ бол гойд анги байв. Реппер, хөгжимчин, бүжигчин, жүжигчин, дуучин гээд бүхий л авьяас нь бүрдсэн охид, хөвгүүдтэй болохоор өрсөлдөгчгүй л аварга анги нь байсан юм. Тиймээс сумын төвийн соёлын төвд өөрсдийн бэлдсэн номероор урлагийн тоглолт хийнэ. Тоглолт ч дүүрэн үзэгчтэй байдаг байв. Жишээ нь, Есдүгээр ангийн төгсөлтийн баяраар “Найм дахь хаврын уянга”, 11 дүгээр ангийн төгсөлтийн баяраар “Сүүлчийн хаврын уянга” нэртэй тайлан тоглолтуудаа сумынхаа нийт ард иргэд, хүүхэд багачууддаа толилуулсан байна. Тухайн үeдээ л эл анги анхдагч болж тайлан тоглолтуудаа тавьсан нь нутгийн ард иргэдийн сэтгэлд маш их хүрчээ. Охид, хөвгүүдгүй л нүдэндээ нулимстай төгсөлтийн баярын тайлан тоглолтоо хийж, нутаг орныхныхоо сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Энэ талаар ангийн дарга Б.Маралмаа “Тайлан тоглолтоо тавихаар ангийнхан маань маш их бэлтгэл хийдэг байсан. Хичээлээ тараад давтлагадаа суучихаад сумынхаа соёлын төвд очиж шөнө болтол бэлтгэлээ хийдэг байлаа. Нэгэн сэтгэл зүтгэлээр хамтдаа тэмүүлж зорьж хийсэн ажил учраас маш их дурсамжтай байдаг. Одоо бид хааяа уулзалдахаараа тоглолтынхоо талаар дурсамжуудаа их ярина. Буцаад тэр үeдээ оччихсон юм шиг үнэхээр сайхан байдаг шүү” хэмээн нүдэндээ баяр хөөртэйгөөр өгүүлсэн юм. Арга ч үгүй биз. Хүүхэд насны хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэн тэдний эхлүүлсэн үйл хэрэг сумын сургуулийн нэгэн уламжлал болжээ. Уг сургуулийн төгсөгчид эл ангиас үлгэр дуурайл авч, өөрсдийн тайлан тоглолтоо тавьж заншсан гэхэд болно.

Мөн бусад хүмүүс үлгэрлэж болохоор нэг зүйл нь тэдний хавар, намрын явган аялал. Энэ бол хамгийн сайхан дурсамжуудынх нь нэг. Тэгэхдээ баг болж хуваагдаж, төрөл бүрийн тэмцээнээр өрсөлдөнө. Дараа нь хээрийн цай хоол хийж идээд л, их гоё зугаална. Ангийн багшийн үлгэр дуурайл ч байдаг байх. Ардын боловсролын тэргүүний ажилтан, Биеийн тамир спортын тэргүүний ажилтан, Аймгийн гоц мэргэн Бямбацэдэнгийн Ганхуяг гэж мундаг багш, тамирчин, зөвлөгч, зааварлагч хүн бол эдний ангийн багш. Одоо ч эл ангийнхан үнэт сургаалаа хайрласаар байдаг багшдаа талархаж явдаг гэнэ.

Ангийн багшийн нөлөөгөөр ч юм уу ангийнхан бүгд л спортлог. Тухайлбал, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг Г.Мөнгөнсүлд, Б.Мөнхчулуун, Бая.Эрдэнэ-Оргил, Б.Маралмаа, Т.Энхриймаа, А.Наранзул, Б.Мөнхнаран, Г.Энхтунгалаг нар 11 дүгээр ангиа төгсөхдөө гар бөмбөгийн хоёрдугаар зэрэг хүртэж байв. Одоо ангийн хөвгүүн Г.Мөнгөнсүлд спортын дэд мастeр цол хүртсэн амжилттай байна. Сургуулийнхаа волейболын шигшээ багт л гэхэд эдний ангийн дийлэнх нь жагсчихна. Түүнчлэн урлаг, спорт, сурлага гээд бүх талын авьяас чадвартай хүүхдүүд олон байлаа, эл ангид. Ангийн дарга Б.Маралмаа сум, сургуулийн “Шилдэг сурагч”-аар хоёр удаа, сурагч А.Наранзул сум, сургуулийн “Шилдэг сурагч”-аар нэг удаа шалгарч байж.

Дээр дурдсанчлан Орхон сумынхан хөдөлмөрч ард түмэн. Тийм ч учраас сургуулийн сурагчид бөөнөөрөө л намрын ажилд дайчлагдана. Төмс хурааж, хадлан хийнэ. Эл ангийнхан бол дээр үеийнхээр тавын таван таван хошуутай, ажлын мангасууд. 30 хоног дараалан төмс хураалтад дайчлагдах бол энүүхэнд. Хөдөлмөр хүнийг бүтээнэ гэгчээр эдний ангийнханд байдаг хамгийн том сэтгэл зүй бол хэзээ ч, юунд ч эцэс цуцалтгүй, бууж өгдөггүй зан нь. Ажлыг ч гялтгануулна. Тиймээс эрэлт хэрэгцээтэй. Байнгын л төмс хураалтын ажлын санал эдний ангийнханд ирнэ. Хөвгүүд нь шуудайтай төмсийг хоёр, хоёроор нь давхарлаж мөрлөөд гүйж байхад, охид нь төмс хураалтаар нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, уралдана. Тэрүүхэн тэндээ бооцоотой. Бүтэн өдрийн цуцалтгүй тэмцэл тэнд л өрнөнө. Хоолны цаг боллоо. Манайхан гялс хоолоо идчихээд л ажлын талбар руугаа гараад гүйчихнэ. Ийм хүүхдүүд гэж байдаг аа гээд л хүмүүс гайхаад үлдэнэ дээ. Ажлаа дуусгачихаад оройн нам гүмийг ардын дуугаар үргээн, портер машины дэвшин дээр чихцэлдэн суугаад л сумын төвийн зүг шогшино. Энэ мэт сайхан дурсамж өчнөөн бий, тэдэнд.

ӨВӨЛ ЦАГ ХУРДАН ИРЭЭСЭЙ

Өвлийн улирал Орхон нутагт үлгэрийн мэт л өнгөрнө. Цэвэр агаартайг ч хэлэх үү. Орхон сумын төвийн баруухан талд Цагаан нуур гэх жижигхэн нуур бий. Тэр нууранд өдөр бүр л уран гулгалт, хоккейн тэмцээн болно. Харин хажуухан талд Орхон гол бий. Тэнд цанын уралдаан болчихно. Баруун талд нь сүндэрлэх уулнаас чаргаар хүүхдүүд гулгаад л. Харин доор нь хэдэн өвгөн цооног гаргачихсан загасчлаад сууж байдаг. Манай зочин ангийнхан гол дээр ангиараа очоод л жинхэнэ бужигнуулна. Цасаар байлдана. Орхон суманд цасны баяр бол хамгийн гоё баяр нь. Юун Шинэ жил, Цагаан сар. Сурагчдын бүтэн жилийн мөрөөсөл болдог байв. Голын эрэг дээр анги ангиараа түүдэг асааж, отоглоно. Тэгээд л хийцтэй цай хийж уугаад л. Мар мар хийн хөөрөлдөцгөөж, нэгнийгээ цаашлуулж, нөгөөгөө хөөргөөд л. Энэ мэтчилэн маазарч байхад нь цасны баярын өрсөлдөөнт фестиваль эхэлнэ шүү дээ. Олс таталт, чаргын уралдаан, мөсөн шагай гээд л өрсөлдөж өгнө. Хүүхдүүдийн хөөр баяраар жинхэнэ бялхдаг өдөр бол энэ. Орхон сумын сургууль бол хүүхэд хүмүүжүүлэх ариун эрдмийн далай юм. Энэхүү сургуулийн ийм нэгэн ангийнхны түүхийг өгүүлэхэд ийм байна. Өдгөө ангийн сурагчид тарсан будаа шиг л энд тэнд өөрсдийн гэсэн амьдралаа босгож, хөдөлмөрлөж явна даа. Нэг намар, хоёр намар, гурван намар… Нэг л мэдэхэд тэд төгсөөд нэлээд олон намрыг үджээ. Цаг хугацаа гэж ийм л хурдан юм санж. Хуанлийн хуудас намрын навчистай сэрчигнэн эргэсээр.

Цагаан туузаар үсээ гоён

Цагаан дүрэмт хувцсаар гангарч

Гартаа багшдаа өгөх цэцгээ барьж

Гал цог нүдэндээ бадруулан сургуульд орсон

Бага ангид сурагчийн ширээний ард

Гараа зөрүүлэн номхон сууж

Багшийн сургаж буй бүхнийг дагуулан

Гараа тохойлдон өргөн хариулдаг сан

Ангийн анд найз нартайгаа арван жил

Алдаг оног нэг ширээний ард нөхөрлөн

Хамтдаа даалгавар шалгалтаа

Хоолтой хоолгүй нойрмогхон бэлддэг сэн

Сар жилийн урсгалаар сурагч үе минь

Хүүхэд настай минь хамт гялтганан

Сургуулийн босгоор элэгдэн өнгөрсөн ч

Хөөрөлдөн дурсах адал явдлууд олоон.


Categories
мэдээ нийгэм

Хөх нохой өдөр

Аргын тооллын аравдугаар сарын 4, Сугар гариг. Билгийн тооллын 6, хөх нохой өдөр. Өдрийн наран 06:54 цагт мандан 18:26 цагт жаргана. Энэ өдөр хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх зэрэгт сайн. Бэрд холбогдох үйл, ашиг тустай үйл, нүүдэл хийх зэрэгт муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад зүс царай сайжирна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “Ухаант мэргэн дарга нарынхаа утааг “шийдсэн” аргыг гайхаад барахгүй юм​” хэмээжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Ерөнхий сайд
У.Хүрэлсүхийн ивээл дор
анх удаа “Мэргэжлийн
боловсролын сургалтын
салбарын багш нарын улсын
зөвлөгөөн”өчигдөр боллоо. Энэ тухай нэг, тавдугаар нүүрнээс уншаарай.

УИХ-ын гишүүн
Т.Аюурсайхантай хийсэн ярилцлагыг нэг, хоёрдугаар нүүрэнд, Монголбанкны Эрдэнэсийн
сангийн ахлах эдийн засагч
Д.Алтансүхийн ярилцлагыг нэг болон 11 дүгээр нүүрэнд хэвлэлээ.

9911-тэй дугаар барьцаалан зээл олгох бизнес ид цэцэглэж байгаа талаар мөн цахим мөнгөний тухай, ийм төрлийн бизнесийн тухай “Алтан бумба” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх
захирал Ч.Эрдэнэдалайтай
ярилцлаа. Нэг, 13 дугаар нүүрнээс унишиж сонирхоорой.

Манай сонины нийтлэлийн бодлогыг тодорхойлдог гуравдугаар нүүрэнд “Ухаант мэргэн дарга нарынхаа утааг
“шийдсэн” аргыг гайхаад барахгүй юм” нийтлэл хэвлэгдлээ.

Мөн арванхэдэн жил гудамжинд дуулж, бүжиглэж амьдралаа залгуулсан Сэлэнгэ аймгийн харьяат, иргэн О.Нарантуяагийн ярилцлагыг 15 дугаар нүүрнээс унших боломжтой. Тэрээр ард түмнээсээ сэтгэлийн хандив хүсч буй юм.

Түүнчлэн уламжлалт “Нэг ангийнхан”, “Ном ярьж өгье” булангууд болон шинээр гарсан “Залуусын ертөнц” буланг баасан гаригийн шинэхэн дугаараасаа сонирхон уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Цахим ертөнцийн “цагдаа” нар маргааш өрсөлдөнө

“MNSEC 2019” аюулгүй байдлын өдөрлөгийг маргааш “ШангриЛа”-д зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгийг зохион байгуулагч нь “Цахим аюулгүй байдлын мэдээлэл удирдлагын төв” буюу MNCERT/CC юм. Тус газар нь Монголын кибер аюулгүй байдлын салбарын мэргэжилтнүүдээс бүрдсэн ашгийн бус, төрийн бус байгууллага юм байна. MNCERT/CC-ээс уламжлал болгон зохион байгуулдаг цахим аюулгүй байдлын цогц арга хэмжээ MNSEC зургаа дахь жилдээ болж байгаа нь энэ юм. MNSEC арга хэмжээнд таван жилийн хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн оролцжээ.

Интернэт, кибер ертөнцийн, тогтвортой, аюулгүй байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын болон олон улсын байгууллагуудын аюулгүй байдлын мэргэжилтэн, судлаачид MNSEC-2019 арга хэмжээнд оролцож, олон улсад болон Монгол улсад болсон сүүлийн үеийн халдлагын шинжилгээ, судалгааны үр дүнг танилцуулж, тэдгээрээс сэргийлэх арга, мэдлэг, зөвлөгөөг өгдөг юм байна.

Сонирхуулж хэлэхэд тус өдөрлөгийн үеэр “Харуул занги” нэртэй ёс зүйт хакеруудын тэмцээн болдог юм байна. Өдөрлөгийг зохион байгуулагчид “Хакерууд дотроо хоёр янз. Сайн, муу гэж бий. Ёс зүйт хакеруудын хувьд тухайн улс, байгууллагад үүсч буй эрсдэлийг илрүүлж, урьдчилан сэргийлдэг. Энэ үүднээс ингэж нэрлэсэн. Тэмцээн гурван шаттай явагддаг. Эхний шатнаас 20 баг шалгарна. Үүнээс дахин шигшигдсэн 10 баг энэ сарын 4-ний өдөр финалын шатанд өрсөлдөнө. Жил бүр оролцогчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ жил эхний шатанд 125 баг оролцсон. Нэг баг гурван хүнтэй гэхээр хэр олон залуус хамрагдаж байгааг тооцож болно. Мөн бид “Харуул занги” тэмцээн өргөжиж байгаагийн хэрээр төрөлжүүлж “Харуул занги U18” тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах болсон. Уг тэмцээнийг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Тавдугаар сард болдог юм. Бид сурагчдыг багаас мэдээлэл технологийн салбарт сонирхолтой болгох үүднээс насны ангилал гаргасан” гэж сонирхууллаа.

Ц.БИЛИГ

Categories
мэдээ нийгэм

Боловсрол, сургалтын байгууллагын удирдлагууд цахимаар хуралдлаа

Дэлхийн болон Монголын багш нарын өдрийг угтан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны зүгээс орон нутгийн боловсрол, сургалтын байгууллагын удирдлагуудтай цахим уулзалтыг зохион байгууллаа. Цахим хурлыг БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ нар удирдаж, аймаг, нийслэлийн боловсролын газар, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд оролцов.

Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого, төлөвлөлтийг сайжруулах зорилгоор боловсролын чанарын үнэлгээний судалгааг 2014 оноос үндэсний хэмжээнд түүврийн аргаар зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн IX ангид суралцагчдыг 100 хувь хамруулсан юм. Өнөөдрийн цахим хурлаар чанарын үнэлгээний судалгааны үр дүнг танилцуулж, аймаг, дүүргүүд, түүний дотор сургуулиуд манай сургалтын чанар ямар түвшинд байна, бид хүүхдийг агуулгын хоцрогдолгүй сургаж чадаж байна уу, багш нар маань мэргэжлийн шаардлага хангаж байна уу зэрэг асуудлыг эргэцүүлэн бодож, сургалтын чанарыг сайжруулах гарц, шийдлийг ярилцав.

Мөн Боловсролын чанарын үнэлгээний судалгааны үр дүнг сургууль, багш нарт ил тод, нээлттэй болгох, даалгавар бүрт шинжилгээ хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор Боловсролын үнэлгээний төвөөс “Чанарын үнэлгээний статистик” програм хангамжийг ашиглахад бэлэн болсныг Боловсролын үнэлгээний төвийн хэлтсийн дарга Л.Ганбат танилцууллаа.

Өөр нэг онцлог гэвэл, БСШУС-ын яам өнгөрсөн жил, энэ удаа ч улсын тэргүүний сургуулийг шалгаруулаагүй нь ийнхүү сургалтын чанар, үр дүнд суурилсан байгууллагын үнэлгээний системийг хөгжүүлэх бодлого баримталж буйтай холбоотой юм. Цаашид боловсролын сургалтын байгууллагын үнэлгээний үндсэн үзүүлэлт нь чанарын үнэлгээний үр дүн байх бөгөөд шинэ зууны ур чадварыг сурагчдад төлөвшүүлж буй үйл ажиллагааг ч мөн голлох үзүүлэлт болгон авч үзнэ. Ийм учраас 2019-2020 оны хичээлийн жилийн зорилтод ээлжит хичээлийн бэлтгэлийг чанартай ханган, зохион байгуулах чиглэл баримталж байна.

Categories
мэдээ нийгэм

Амьсгалын замын цочмог халдвараас сэргийлэх зөвлөмж

Хүйтний улирал эхэлж, сургууль цэцэрлэгийн цугларалт болон хүмүүсийн хөл хөдөлгөөн, олон нийтийн газрын нягтрал нэмэгдэх тусам амьсгалын замын цочмог халдварт өвчин тархах нөхцөл бүрдэж байдаг.

Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус гоожих, үе мөч болон булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинж тэмдгээр илэрснээр өвчлөл, хүндрэл үүсгэдэг юм. Иймд амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гаргасан энэхүү зөвлөмжийг хүргэж байна.

• Өвчлөхөөс сэргийлэх хамгийн сайн хамгаалалт нь биеийн эсэргүүцэл, дархлааг сайн байлгах явдал юм. Тиймээс аминдэмээр баялаг, чанартай хоол хүнс болон жимс, жимсгэний шүүсийг тогтмол хэрэглэх, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийх, ажил амралтаа зөв зохицуулах, хангалттай амрах шаардлагатай.

• Амьсгалын замын цочмог халдвар буюу томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх үндсэн гол арга бол томуугийн эсрэг дархлаажуулалтанд хамрагдах. Томуугийн эсрэг дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-ийн сайн дурын дархлаажуулалтын кабинетад очиж хийлгэх бүрэн боломжтой. Ялангуяа 2-15 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настан, уушгины архаг суурь өвчтэй хүмүүс хамрагдвал илүү ач холбогдолтой.

• Улирлын байдалд тохируулан хувцаслах, хүйтэн нөхцөлд малгай, ороолт, бээлий хэрэглэх, амны хаалт зүүх.

• Гараа тогтмол савандаж сайн угаах.

• Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын байрны өрөөнд 2 цаг тутамд цэвэр агаар оруулж, агаар сэлгэж байх, өдөрт 2-оос доошгүй удаа чийгтэй цэвэрлэгээ хийх.

• Амьсгалын замын цочмог халдварын шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд хандаж, эмчид үзүүлэх.

• Өвчилсөн тохиолдолд гэртээ байж эмчийн зөвлөсөн эмчилгээ, дэглэмийг мөрдөх хэрэгтэй. Цэцэрлэг, сургуулийн багш, эмч нар болон эцэг, эхчүүд өвчтэй хүүхдийг аль болох гэрт нь тусгаарлан эмчлэх нь өвчний эдгэрэлтэнд сайнаар нөлөөлөхөөс гадна бусад хүүхдэд амьсгалын замын цочмог халдвар тархахаас сэргийлэх ач холбогдолтой.

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс түлсэн зөрчил илрүүлжээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Стийл энд Конкрийт” ХХК-ийн бетон хийцийн үйлдвэрийн халаалтын зуухны ашиглалтаас хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөөллийн байдалд хяналт шалгалт хийв. Шалгалтаар тус үйлдвэр нь тусгай зөвшөөрөлгүйгээр түүхи нүүрс хэрэглэн үйл ажиллагаа эрхэлсэн тул зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн зөрчлийн хэргийг хялбаршуулан шийдвэрлэж, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны 1 заалт бүхий албан даалгавар өгчээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд байрлах Ди Эйч Ти Эн ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр уурын зуухан түүхий нүүрс түлж байсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд зааснаар торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Заасан хугацаанд галт зэвсгээ бүртгүүлээгүй иргэдэд хуулийн хариуцлага тооцно

Галт зэвсгийн тухай хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2015 оны А/220 дугаар тушаалаар батлагдсан “Галт зэвсгийн тооллого явуулах журам”-д заасны дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсгийн тооллогыг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээжүүлэх ажил үргэлжилж байна.

Иймд иргэд, олон нийт та бүхэн галт зэвсгийн тооллогод идэвхтэй хамрагдаж эзэмшил, өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэлээ харьяа нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагад заасан хугацаанд бүртгүүлж, хуулиар олгогдсон үүргээ биелүүлэхийг уриалж байна.

Өмнөх 3 жилийн тооллогын дүнг Монгол Улсын хэмжээнд авч үзвэл 2016 онд нийт галт зэвсэг эзэмшигчдийн 70.6 хувь, 2017 онд 78.1 хувь, 2018 онд 94.7 хувьтай дүгнэгдэж жилээс жилд өссөн үзүүлэлттэй байгаа нь иргэн таны үүрэг, оролцоо чухал гэдгийг харуулж байна.

Хэрэв заагдсан хугацаанд галт зэвсгээ бүртгэлд хамруулаагүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг анхаарна уу.

Categories
мэдээ улс-төр

Хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн.

Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан танилцууллаа.

Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тогтолцоо, түүний үйл ажиллагааг сайжруулах, терроризмтой тэмцэх үндэсний чадавхийг бэхжүүлэх хүрээнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох дараах хэрэгцээ, шаардлага үүсээд байгааг тэрбээр дурдав. Хуулийн төслийн зохицуулах харилцаа, хамрах хүрээг хуулийн зорилтын түвшинд авч үзэхдээ дараах асуудлыг хуулийн зорилгод тусгаж, ийнхүү хуулийн зохицуулах харилцаа, хамрах хүрээ өргөжсөнтэй холбогдуулан хуулийн нэрийг “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” гэж өөрчилсөн байна.

Хууль зүйн болон практик хэрэгцээ шаардлага, гадаад болон дотоод хүчин зүйл, зохицуулж байгаа харилцааны агуулга, онцлогт үндэслэн хуулийн төслийг 6 бүлэг 26 зүйлтэй байхаар боловсруулсан байна. Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөлтэй уялдуулан Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг дагаж гарах хуулийн төслүүдийг боловсруулсан байна.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Энхбаяр нар төслийг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлэн санал хэлсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 69.2 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.