Categories
мэдээ нийгэм

АТГ-аас “НВЦ” компанийг шалгаж байна

“НВЦ” компанийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж эхэлсэн байна. Хөгжлийн банкнаас санхүүжсэн төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, санхүүжилт, эргэн төлөлт, зээл олгохдоо хууль зөрчсөн эсэхийг АТГ-аас шалгаж эхэлсэн бөгөөд тус банкнаас санхүүжсэн компанийн нэг болох НВЦ компанийн захирал Ц.Баатарбилэгийг 48 цаг цагдан хорьж саатуулаад байгаа аж.

“НВЦ” компани нь өндөгний үйлдвэрлэлийг гол чиглэлээ болгодог бөгөөд 2018 оны байдлаар 300 гаруй ажилтантай, жилд долоон тэрбум төгрөгийн татварыг улсад төвлөрүүлдэг гэж мэдэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Хээрийн дадлага, сургуулийг зохион байгууллаа

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын Холбоо зарлан мэдээллийн хэлтэс, Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн алба хаагчид “Зарлан мэдээлэх системийн хөдөлгөөнт удирдлагын төв, холбооны хөдөлгөөнт зангилаа дээр ажиллах хээрийн дадлага, сургууль”-ийг зохион байгууллаа.

Алба хаагчдыг 06:00 цагт “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар дадлага сургуулийг эхлүүлсэн юм.

Сургуулийн хүрээнд радио станцад тохируулан холбоонд орох, үүргэвчийн болон хэт богино долгионы станцуудын ашиглалт, хамгаалалт, тухайн газар оронд холбооны зангилаа дээр ажиллах, мэдээ, мэдээллийг дамжуулах дадлагыг хийлээ.

Мөн хөдөлгөөнт удирдлагын төвийн удирдлагын байрны бэлтгэл ажлыг ханган үүрэн холбооны сүлжээ үүсгэх төхөөрөмжтэй танилцах, ажлуулах дадлагыг хийж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлээд байна.

Categories
мэдээ нийгэм

Мэргэжлийн ур чадвар гарган гэмт этгээдийг илрүүлжээ

Өчигдөр Дорноговь аймгийн Иххэт суманд хутганы шархтай иргэн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ хэргийн талаар “Хохирогч өөрийгөө хутгалсан” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу Иххэт сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Бат-Эрдэнэ хэргийн газарт түргэн шуурхай очиж, ажиллан хохирогч Ө нь бусдад хутгалуулж амиа алдсан болохыг тогтоожээ.

Түүнчлэн гэмт этгээдийг мэргэжлийн ур чадвар гарган баривчилсан бөгөөд одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Categories
мэдээ спорт

“Алдар Танан гарьд” Монголын армийг төлөөлнө

Дөрвөн жил тутам зохион байгуулагддаг Дэлхийн цэргийн спортын наадам аравдугаар сарын 19-27-нд БНХАУ-ын Үхань хотноо болно. Манай улсаас тус наадамд анх удаа багийн спортын төрөлд Зэвсэгт хүчнээ төлөөлөн 2019 оны дээд лигийн аварга “Алдар Танан гарьд” баг оролцохоор бэлтгэлээ базааж байгаа юм. Хэсгийн сугалаа явагдаж Монгол Улсын баг БНХАУ, Катар, АНУ, Конго улстай А хэсэгт багтжээ. Нийт 10 орны армийн багууд хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөнө.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын чуулган хуралдаж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны ирц бүрдээгүйгээс товлосон хугацаанаасаа хагас цагийн дараа эхэлж байна.

Ёсзүйн дэд хорооны дарга Б.Бат-Эрдэнэ: “Ёсзүйн дэд хорооны ирц бүрдэхгүй байна. Б.Наранхүү нарын гишүүнийг өөрчлөх хэрэгтэй байна. Ёсзүйн дэд хороонд Засгийн газрын хэд хэдэн сайдууд байна. Би ганцаараа мэдээд, хуралдаан зарлан хуралдуулж болохгүй байна. “Бид уучлахгүй” гэдэг хөдөлгөөнөөс албан ёсоор бичиг ирсэн. Шаардлагыг хүлээж авсан. Цаг хугацаатай хариу шаардаж байгаа. Гэтэл Ёсзүйн дэд хороо гишүүдийн хөрөнгө орлоготой холбоотой асуудлыг хэлэлцэхэд нэлээн хугацаа шаардагдана. УИХ-ын 3 гишүүний хөрөнгө орлого үндэслэлгүйгээр нэмэгдсэнтэй холбоотой асуудал тавьсан. УИХ-ын гишүүд иргэний хөдөлгөөнүүдийг зохион байгуулалттай гүтгэж байна гээд тайлбар ирүүлсэн байгаа гэсэн горимын саналаа гаргалаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар: “Ёсзүйн дэд хороог хуралдах үүрэг өгсөн. Ирцээ бүрдүүлж хуралдах хэрэгтэй” хэмээсэн юм.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЗХЖШ-ын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байна. ЕТГ-ын дарга З.Энхболд ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзоригийг танилцуулгыг хийв.

Нэр дэвшигч Д.Ганзориг нь 48 настай, 1980-1990 ЗХУ-ын 8 дугаар дунд сургууль, 1990-1995 онд ОХУ-ын Тамбов хотын Цэргийн дээд сургууль, 1999-2000 онд БНХАУ-ын Тусгай хүчний сургууль, 2001-2002 онд АНУ-ын Явган цэргийн офицерын дамжаа, 2007-2008 онд АНУ-ын Команд штабын коллеж, 2011-2012 онд АНУ-ын Армийн дайны коллежийг тус тус төгссөн.

Тэрбээр 1995-1997 онд Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн салааны захирагч, 1997-2002 онд Зэвсэгт хүчний 150 дугаар ангид албаны дарга, сургагч багш, 2002-2003 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих сургалтын төвийн орлогч дарга, 2003-2007 онд Зэвсэгт хүчний жанжин штабт мэргэжилтэн, 2008-2010 онд Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг дэмжих ажиллагааны сургалтын төвийн дарга, 2010-2011 онд ҮАБЗ-ийн ажлын албанд референт, 2012-2014 онд Зэвсэгт хүчний жанжин штабт газрын орлогч дарга, 2014 оноос Зэвсэгт хүчний жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаа аж.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Төрийн эрхийг хүчээр авах гэдэгт юу хамаарах вэ? Бүх Засаг дарга нар Монгол цэргийн холбоонд ороод байгаа нь хуулийн дагуу юу? Нөгөө талаас фронт байгуулсан байна. Үндэсний аюулгүй байдлын тэргүүн нь үүнд холбоотой байна. Төрийн ордонд хүртэл цэргүүдийг авчирч байна.

ЕТГ-ын дарга З.Энхболд: Ерөнхийлөгч ямар нэг эвсэл холбооны ард байхгүй. Үндсэн хуулийн 10 дугаарт Эвлэлдэн нэгдэх эрхийн дагуу төрийн бус байгуулах нь нээлттэй. Цэргээс халагдсан улс төрийн бус байгууллага байгуулж болно. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй учир хариулах боломжгүй байна.

ЗХЖШ-ын даргад нэр дэвшигч Д.Ганзориг: Төрийн эрхзүйн хүрээнд төрийн эрх нэгдмэл байна гэсэн хуулийн хүрээнд явагддаг. Төрийн бус байгууллагын асуудал төрийн цэргийн хуулинд хамаарахгүй. Батлах хамгаалахын хуулинд эх оронч үзлийг төлөвшүүлэх дээр байх анхаарах хэрэгтэй гэж заасан байдаг.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: н.Ганбат гэдэг хүн ЗХЖШ-д ажиллаж байгаад 10-аад жилийн өмнө гараад хувийн компанид ажиллаж байгаад дахиад даргаар нь томилогдсон. Гэтэл жил хүрэхгүйн хугацаанд буцаад чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна. ЗХЖШ гэдэг тоглоомын газар биш. Цэргийн удирдлагыг шууд хэрэгжүүлнэ. Гадуур явж байсан хүнийг яагаад томилсон юм. Яагаад зэвсэгт хүчний байгууллагаар тоглоод байгаа юм. Цаашид битгий ийм зүйл болоосой.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Өмнөх н.Ганбат гэж генерал 4 хууль зөрчиж томилогдсон. Тийм учраас би ҮХЦ-д өгөх гэж байсан. Үүнийг сонсчихоод чөлөөлөгдөх шиг боллоо. Өнөөдрийн Д.Ганзориг генерал цэргийн бүх шатанд ажилласан, бүх зүйлийг туулаад гарсан, цэргийн зовлонгоо мэдэх хүн. Залуу үе батлан хамгаалах салбарыг аваад явах цаг нь ирж байна. Орчин үеийн цэрэг техникийн боловсролыг бусад оронд эзэмшсэн үе ирж байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Аюурсайхан: Үе үеийн сайд нар эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг өндөр албан тушаалд томилж ирсэн байна

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.


-Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа гэх 69 хүний нэрийг зарласан. Эдгээр хүмүүс дипломат алба хашиж байсан гэхээр энэ мэтийн хэрэг зөрчлүүд дипломат албанд үүрлэчихсэн байсан юм биш үү?

-Гадаад харилцааны яаманд 2009 оноос хар тамхины болон бусад хэрэг зөрчлүүд байсан юм байна. Үе үеийн сайд, төрийн нарийн бичгийн дарга нар мэдэж байсан ч, хэрэг зөрчилд холбогдон эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийг удаа дараа, Элчин сайд хүртэлх албан тушаалд томилж ирсэн байна. Би энэ материалыг Гадаад харилцааны яамнаас шаардаж байж олж авсан. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор нас барсан хүмүүс байна лээ. Энэ мэт хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох үүднээс ил гаргаж, олон нийтэд нэрсийг зарласан. Эдгээр асуудлыг байнгын хороогоор хэлэлцээд явж байна. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд миний хийх ёстой, таслан зогсоох ёстой асуудал мөн биз дээ.

-Үе үеийн сайд, дарга нар эдгээр хэрэг зөрчлийг мэдсээр байж томилгоо хийсээр байсан гэсэн үг үү?

-Тэгэлгүй яахав. Д.Цогтбаатар сайд ч энэ талаар мэдэж байсан. Би байнгын хорооны даргын хувьд чиглэл, үүрэг өгч байж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн. Яагаад энэ хүмүүс өнөөдрийг хүртэл зүгээр байгаад байгаа юм бэ. Албан тушаалаас нь чөлөөл, хариуцлага тооц гэдгийг хэлсэн. Д.Цогтбаатар сайдаас би яагаад зарим хүмүүсийг нь дахин дахин томилсон юм бэ гэдгийг ч асуусан. Зүгээр нэг янжуур тамхины ганц, хоёр удаагийн тээвэрлэлт гээд орхиж болохгүй. Үүний цаана дипломат алба, Монгол Улсын нэр хүнд явж байгаа шүү дээ. Өнөөдөр Монголын дипломат албаны нэр хүнд шалдаа унаж, цаана нь улсын нэр унаж байна. Дипломат эрх ямба эдэлж байгаа хүмүүс Монгол Улсын дипломат шууданг тээвэрлэхдээ Венийн конвенцийн дагуу халдашгүй явах байтал үл итгэсэн байдалтай байнга шалгаж байна. Төрийн нэр хүндийн асуудал энд яригдана. Зүгээр нэг янжуур тамхи гэдгээр нь орхиж, өөгшүүлээд хариуцлага тооцохгүй, нам нь далдлаад яваад байхаар эцэстээ хар тамхины хэрэг зөрчил болж хувирч байна. Янжуур тамхины сүлжээн дээр суурилж хэрэг зөрчил гарсаар байна. Илүү их орлого олъё гэх үүднээс хар тамхи руу орж байна. Ял завшаад яваад байж болдог юм байна гэх ойлголттой болчихсон учраас хар тамхийг илүү далайцтай гэж үзээд энэ чиглэл рүү орчихсон байна. Үүнийг таслан зогсоох нь миний хийх ажил.

Би байнгын хорооны даргын ажлыг өнгөрсөн тавдугаар сард аваад ханцуй шамлан орсон эхний ажил энэ. Тухайн үед Герман улсын нутаг дэвсгэр дээр их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгааг илрүүлсэн хэрэг гарч байсан биз дээ. Энэ бол ганц удаагийн, ганц хоёр хүний ажил биш. Маш өргөн хүрээг хамарчихсан, газар авчихсан байгаа. Иймэрхүү хэрэг зөрчлийг нийтээрээ хамтарч байж л арилгана. Польш улсад эрэн сурвалжлагдаж байгаа 69 хүний материалыг танилцуулснаас хойш сэтгүүлчид маань их идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг харж байна. Би шаардаад тэдгээр хүмүүсийг албан ажлаас нь чөлөөлүүлж, хариуцлага тооцуулж чадахгүй байна.

-Эрэн сурвалжлагдаж байгаа 69 иргэн хар тамхи зөөвөрлөснөөс өөр ямар хэрэгт холбогдчихсон байна вэ?

-Энэ талаар мэдээлэхдээ тэрхүү мэдээллийг харах цагдаагийн байгууллагын албан ёсны сайтыг нь зааж өгснөөс гадна польш хэл дээр гарч байгаа мэдээллийг яаж англи хэл дээр харахыг ч зааж өгсөн. Ямар гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа талаар хүн нэг бүрээр нь харж болно. Энэ дотроос дийлэнх нь бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан, татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэмт хэрэгт холбогдсон, мөн зохион байгуулалттай гэмт бүлэглэлд оролцсон гэдэг эрүүгийн хэргийн зүйл заалттай холбогдуулж эрэн сурвалжилж байна гэх мэдээллүүд байгаа юм.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгааар шийдэх шийдэлд хүрсэн ч Ерөнхийлөгч хориг тавьсан. Хориг тавьж байгаа шалтгааныг нь юу гэж харж байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хүсэхгүй байна гэж харж байна. Олон дэвшилттэй зүйл нэмэлт, өөрчлөлтөд орж байна. Байгалийн баялаг дээр нэлээд ярьж байж ахиц дэвшилтэй зүйл заалт оруулсан. Их хурлыг хариуцлагажуулж байгаа заалтуудад чуулганы хуралдаанаар гишүүдийг эргүүлэн татах, төсвийн хараат бус байдлыг арилгах, гишүүд тойргийн зарчмаар төсөвт мөнгө тусгаж улс орны нэгдсэн бодлого алдагдаад байгааг зогсоох. Түүнчлэн зарлага нь ихдээд үүнийгээ дагаад Монгол Улсын өр нэмэгддэг. Энэ байдлыг таслан зогсоож байгаа юм. Хотуудын асуудал байна. Дархан, Эрдэнэт, Дорнодын төв Чойбалсан хот, Архангай, Цэцэрлэг гээд бүгд хотоос өөр статустай явж байгаа. Ингэхээр төв суурин газрын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс хотын эрх зүйн байдлыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөрөө тусгаад өгчихсөн. Хотыг бий болгоно гэдэг суурин хөгжил болоод хотын бие даасан асуудлыг тодорхой зааж өгөх хэрэгтэй. Суурин хөгжлийг бий болгох ач холбогдолтой олон жилийн гацааг арилгаж байна гэсэн үг. Шүүхийн шинэчлэл ч зорьж байсан зорилгынхоо 60 хувийг хангасан гэж бодож байгаа. Ерөнхийлөгч шүүгчдийг томилж чөлөөлдөг. Энэ эрх нь хэвээрээ үлдэж байгаа ч шүүхийн ерөнхий зөвлөл харьцангуй хараат бусаар ажиллах, шүүхийн ерөнхий зөвлөл ямар шүүгч томилуулахыг санал болгох, шүүгчид хариуцлага тооцдог зэрэг зүйл заалтыг оруулсан. Жишээ нь гэхэд, Салхитын мөнгөний ордтой нэр холбогдож байсан шүүгчдийг Ерөнхийлөгч зарлиг гаргаад чөлөөлөхөд миний гаргасан шийдвэртэй холбогдуулж хэн ч шалгах эрхгүй гээд яриад сууж байгаа шүүгчид байна. Тэгэхээр шүүгчийг гаргасан шийдвэртэй нь холбогдуулж ноцтой зөрчил, авлига авсан байвал шалгуулдаг, эргүүлэн татдаг шүүхийн сахилгын хороог батлаад өгсөн. Ерөнхийлөгчөөс хамааралгүйгээр органик хуулиараа зохицуулж болох гарцтайгаар оруулж өгсөн. Ерөнхийлөгч Үндсэн хуулиар заасан эрхүүдтэй боловч органик хуулиараа үндсэн хуульд заагаагүй 70 гаруй эрх эдэлдэг. Эдгээр эрхийг нь болиулах ёстой гэж заасан. Үе үеийн Ерөнхийлөгчид шүүхийг өөрөөсөө хараат байлгахыг хүссээр ирсэн нь нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хориг тавьж байна гэж үзэж байна. Гэвч хуулиараа хоригийг хүлээж авах, эс авах шийдвэрийг Их хурал гаргана. Хоригийг хүлээж авахгүй бол мэдээж ард нийтийн санал асуулга явуулна. Гэхдээ хэзээ явуулах товыг одоохондоо тогтоогоогүй байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулна гэдэг УИХ-ын шийдвэрт хориг тавьсан. Хоригийг хүлээж авахгүй гэвэл товоо тогтооно, санхүү мөнгөө ч тогтооно. УИХ-ын дараагийн жилийн сонгуультай нэгтгэж ард нийтийн санал асуулга явуулах уу, түүндээ зориулж тодорхой төсөв гаргах уу гэдгээ шийднэ. Хоригийг хүлээж авбал мэдээж ард нийтийн санал асуулга явуулахгүй болчихоор гуравдугаар хэлэлцүүлгээ Их хурал дээр хийнэ.

-АНСА явуулахгүй бол Үндсэн хууль задарчих юм биш үү. Үндсэн хууль батлагдах найдлага бага болж байна гэх зүйл яригдаж байна л даа?

-АНСА явуулахгүй бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэхгүй, зогсоно гэж би бодож байна.

-Яагаад?

-Яагаад гэхээр ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй бол нэмэлт, өөрчлөлт тэр чигээрээ унана. Дэмжвэл Цэц ямар ч шийдвэр гаргах эрхгүй төдийгүй Ерөнхийлөгч ямар ч хориг тавихгүй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжээд эхэлнэ. АНСА явуулахгүй гуравдугаар хэлэлцүүлэг явах юм бол Цэц хориг тавьж болно. Ерөнхийлөгч ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дээр хориг тавьж болно ш дээ. Ерөнхийлөгчийн хориг тавьсан үндэслэлийг хараад байхад хоригийг хүлээж аваад гуравдугаар хэлэлцүүлэг орсон ч гэсэн хориг дээр дурдсан үндэслэл нь арилахгүй юм билээ.

-УИХ-ын чуулган дээр та “Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Энэ талаар удахгүй тайлбар өгнө.

-Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орлогыг ашиглахдаа байгалийн баялгийг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэх заалт орж байгаа. Тэгэхээр манайх Оюу толгойн гэрээний 34 хувиа нэмэгдүүлнэ гэсэн үг үү?

-Үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд зориулагдана гэсэн үг. Үр өгөөжийн дийлэнх гэдэг 50-иас дээш хувь эзэмшиж байхдаа ямар эдийн засгийн хувилбараар хувь хүртэж болох вэ зэрэг олон хувилбар байгаа. Түүнтэй дүйцэхүйц рояалти татвар байж болно. Тэр нь 15 хувь ч байж болно шүү дээ. Хөрөнгө оруулахгүйгээр шууд татварыг нь авдаг. Гэхдээ 50-иас дээш хувийн ногдол ашиг авч байгаатай дүйцэхүйц байна гэсэн үг.


Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана

2019.10.04-ний Баасан гарагт хийх засварын хуваарийг мэдээлж байна. Эрхэм хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд цахилгаан хэрэглээгээ түр зохицуулна уу.

  • БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
    12:00-15:00 цагт: 1-р хороо Өргөө инженеринг ХХК
  • ХАН-УУЛ ДҮҮРЭГ
    10:00-17:30 13-р хороо ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор
  • СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ
    10:00-17:30 цагт: 20-р хороо 1, 5-р баазууд, Хуучин цэргийн хотхон, Хангамж, Толгойтын 33, Баганарангийн 45, Алтан тарианы 1-3-р гудамж, Нефть, Хүнсчдийн байрууд, Цоглог найзууд цэцэрлэг, Петровис трейдинг, Тэвхэн, Халиун од, Танан импекс, Алтан жолоо импекс, Од-дин, Мон сүү, Савангийн үйлдвэр ХХК-ууд, Петростар ШТС-15 болон эдгээрийн ойр орчмоор
  • ТӨВ АЙМАГ
    09:30-17:00 цагт: Эрдэнэ сум Тамган өндөр радио реле.
Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Улаан: Махны нийлүүлэлтийг сайжруулаад ирэхээр үнэ тогтвортой болох боломжтой

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаантай ярилцлаа.


-Хөдөө аж ахуйн яамнаас өвлийн бэлтгэл дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Өвөлжилтийн бэлтгэл хангах талаар Засгийн газрын тогтоол өнгөрөгч наймдугаар сард гарсан. Бүх аймаг, сумд өвөлжилтийн бэлтгэлийн талаарх үүрэг чиглэлээ авлаа. Отор нүүдлээ хаана хийх талаар мөн хадлан тэжээлийн хэмжээг тодорхой зааж өгсөн. Орон нутагт өвөлжилтийн байдал хэрхэн хангагдаж байгаа талаар дэд сайд ахалсан ажлын хэсэг аймаг сумдаар ажиллаж байна. Энэ жил өвөлжилтийн бэлтгэл хангах ажил нэлээд өргөн хүрээнд хийгдэж байна.

-Энэ жилийн хувьд нэлээд хүйтэн өвөл болно гэсэн мэдээлэл өргөтгөсөн хуралдааны үеэр яригдаж байсан. Энэ талыг бодолцож олон ажил зохион байгуулагдаж байгаа байх?

-Цаг агаарын байдлыг мэргэжлийн байгууллагуудаас бидэнд танилцуулж байна. Олон жилийн дунджаас эрт цасан бүрхүүл тогтох, хур тунадас орох, зарим газраа хүйтэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар урьдчилсан мэдээлэл байна. Цаг агаарын байдлыг өвөлжилтийн бэлтгэл хангах ажилтай уялдуулж байна. Дээрээс нь энэ жилийн хувьд бэлчээрийн даацыг тодорхойлох арга аргачиллаа шинэчилсэн. Орон нутаг шинэ аргачлалын дагуу бэлчээрийн даацаа тодорхойлж, албан ёсны мэдээ, мэдээлэл гаргаж эхэлсэн.

Мэдээллээс харахад манай улсын бэлчээрийн 60 гаруй хувь нь өвөлжилт, хаваржилтыг хэвийн давах нөхцөл бололцоотой гэхээр бэлчээрийн даац ерөнхийдөө боломжийн байна гэсэн үг. 40 орчим хувьд нь даац нэлээд хэтэрсэн байдалтай байгаа. Энэ тухай аймаг, сум бүрээр нэг бүрчлэн гаргасан. Үүнтэй уялдуулж өвөлжүүлэх малынхаа тоо толгойг оновчтой, тодорхой тогтоох асуудал гарч ирж байна. Малчид өөрийн аймаг, сумандаа өвөлжих бодолтой байна. Ингэхээр энэ асуудлыг аймаг дотроо зохицуулах бололцоотой гэж үзэж байгаа. Цөөхөн аймгуудын хувьд асуудал амаргүй байгаа. Өмнө говь, Дундговь, Өвөрхангайн хэдэн сумд Говь-Алтайн цөөхөн сумдад зуншлагын байдал сайнгүй байсан. Энэ газруудаас отор нүүдэл хийхдээ хичнээн тооны мал явахыг нарийвчлан гаргаад отрын бүс нутгуудын хуваарийг нарийвчилж хийж байна. Энэ дагуу хаана оторлож, өвөлжих талаар аймаг орон нутгуудад чиглэлээ өгч байна.

Түүнчлэн мал эрүүл мэндийн үзлэгт орсон байх ёстой. Халдварт болон хүнд халдах өвчнөөс сэргийлсэн урьдчилан сэргийлэх вакцин тариаг хийж, оторт явах зам маршрутыг нарийвчилж тогтоосон байх ёстой. Энэ ажлууд үндсэндээ бүгд хийгдсэн. Одоогоор өвөлжилтийн бэлтгэлээ хангахад малын үзлэг, ангиллын ажил дуусах шатандаа явж байна. Шүлхий мялзангийн вакцин хийгдэж дуусах шатандаа явж байна. Энэ жилийн хувьд малын угаалга ялгалтыг нэлээд сайн хийсэн. Хадлан бэлтгэх ажлын явц 60 гаруй хувьтай явж байна. Ургац сайн ургасан. Үр тарианы хураалт 20 гаруй хувьтай. Зарим нутгуудаар бороо их орсон учраас үр тарианы болц оройтож байгаа. Богино хугацаанд үр тариагаа хураах бэлтгэл хангагдсан. Техникийн засвар үйлчилгээ хийгдээд дууссан. Шинэ техникийг ургац хураалтаас өмнө нийлүүлсэн. Аж ахуйн нэгжүүд аваад бэлдчихсэн. Аравдугаар сардаа багтаагаад үр тарианы ажлаа үндсэндээ дуусгачихна.

-Дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах боломжтой болсон уу?

-Хурааж авах тарианы хувьд урьдчилсан баланс гарсан. Балансаар бид дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангах түүнчлэн нөөц бүрдүүлэх боломжтой гэх тооцоо гарсан. Үр тарианаас гадна хүнсний ногооны хураан авалтын ажил эхэлж төмс хураах ажил дууссан. Хадгалах сав агуулгын хүрэлцээг бодож үзэхэд экспортод гаргах бололцоо бүрдсэн. Энэ ажлыг бүс нутгуудтай ярьж байна. Хүнсний ногоо хураан авалт 60 гаруй хувьтай явагдаж байна. Энэ жил манжин, луувангаар хэрэгцээгээ 100 хувь хангана. Нарийн ногооны хувьд өөрийнхөө хэрэгцээний 60-аас дээш хувийг хангах боломжтой болсон. Арваннэгдүгээр сар гартал хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг өргөн хүрээнд зохион байгуулна. Намрын ногоон өдрүүд арга хэмжээ нийслэлд зохион байгуулагдсан. Ихэнх аймгуудад зохион байгуулагдаж байна. Энэ хүрээнд Хэнтий аймагт гэхэд 20 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Нийслэлд өргөтгөсөн худалдаагаар 200 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийгдсэн байна. Ногооны өргөтгөсөн худалдааг залгуулаад сүү цагаан идээний өргөтгөсөн худалдааг арваннэгдүгээр сарын дунд хүртэл зохион байгуулна. Аймаг орон нутаг малчид ирээд өөрсдөө борлуулах бололцоог хангаж өгнө. Талбай лангууны түрээсийг хөнгөлөх арга хэмжээ авч ажиллаж байна. Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулна. Бүх аймгууд хуваариараа ажиллана. Энэ жил мах бэлтгэлийг нэлээд өргөн хүрээнд зохион байгуулахаар ажиллаж байна. Нийт 16 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага байна. Оны эцэст 67 сая мал өвөлжих хуваарь гарсан. Энэ дагуу бэлчээр худаг ус хашаа саравчаа тогтоож байна. Махны экспорт хийх ажлыг ч зохион байгуулна. Мал бэлтгэх үйлдвэрүүдэд тодорхой шаардлагыг тавьж байгаа. Нэгдүгээрт, малын гарал үүсэл тодорхой байх ёстой. Малчны хотноос эдийн засгийн эргэлтэд орохоор мал эмнэлгийн тодорхойлолт авснаар бүртгэлд орж, хаагуур дамжив, хаана боловсрогдов, эцсийн үйлдвэрлэлд очихдоо бар кодтой очих юм. Бэлдэж байгаа хүнс аюулгүй, эрүүл байх ёстой. Малын маханд байгаа антибиотикийн үлдэгдлийг хянадаг системтэй болсон. Бүх хүнсний захууд, үйлдвэрийн газруудад хяналтын системтэй болж байгаа. Хоёрдугаарт, малыг эдийн засгийн эргэлтэд оруулж боловсруулж байгаа бол иж бүрэн боловсруулах ёстой. Зөвхөн гулуузыг нь аваад бусдыг нь хаядаг байж болохгүй. Тиймээс бид мал боловсруулж байгаа үйлдвэрүүдэд тавьж байгаа хоёр дахь шаардлага гулууз мах хэд гарсан, гэдэс дотор дайвар бүтээгдэхүүн хэд гарсан арьс шир нь хаана байна. Байгаль дээр хаягдал хийдэг цус сэвс чинь хаана байна байгалиа бохирдуулсан уу, үгүй юу гэх шаардлагуудыг тавьж байгаа. Ийм шаардлага хангасан үйлдвэрүүдэд экспорт хийх эрхийг нь олгоно. Мах боловсруулах үйлдвэрийг хянаж шалгаж байгаа. Хууль хяналтын байгууллагуудтай хамтарч ажиллаж байгаа. Мал эмнэлгийн байгууллага ажиллаж байна.

-Махны үнэ цаашдаа нэмэгдэх үү?

-Нэмэгдэнэ. Ноднин жил шаардлагатай хэмжээнд мах бэлдэж чадаагүйгээс болж махны үнэ нэмэгдсэн. Зах руу орж ирдэг махыг үйлдвэрүүд ард иргэдээс өмнө худалдаад авчихсан. Ингээд ард иргэдийн гар дээр очих мах хомсдсон. Энэ жилийн махны бэлтгэлийг дор хаяж гурав дахин нэмнэ. Нөгөө талаар зах зээл дээр байгаа гажуудал ард иргэдэд очих махыг үйлдвэрүүд өрсөлдөж авдаг байдлыг цэгцэлнэ. Нийслэлд махны хангамж тогтвортой байна. Нийлүүлэлтийг бололцооны хэмжээнд нийлүүлнэ. Нийлүүлэлт сайжруулаад ирэхээр үнэ тогтвортой болно. Үнийн асуудал ярихаар хоёр зүйл яригдаж байгаа юм. Үнийг тогтвортой байлгана гэдэг нэг талдаа хүнс бэлдэж байгаа малчид тариаланчдын бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгана. Тэдний үнийг унагаж болохгүй. Малчдаас авч байгаа үнийг өнөөгийн зах зээлийн үнээс бууруулахгүй байна. Нөгөө талдаа хэрэглэгчдэд очиж байгаа үнийг өсгөхгүй хөөрөгдөхгүй байна. Зах зээл тогтвортой болвол зах зээлийн зарчмаар махны үнэ тогтоно. Малчдаас 2000-3000 төгрөгөөр мах аваад нийслэлд 10 гаруй мянган төгрөгөөр борлуулдаг гажуудал байсан. Бид энэ байдлыг засах бололцоотой гэж үзэн ажиллаж байна. Энэ жил малчдаас таван мянган төгрөгөөс доошгүй үнээр худалдаж авна гэж бодож байгаа. Хотод нийлүүлэгдэж байгаа махны үнийг 10 мянган төгрөгөөс нэлээд доогуур тогтооё гэсэн байр суурьтай байна. Энэ хоёрын зөрүү олон шат дамждаг явдалд энэ үнэ нэмэгддэг. Аль болох цөөхөн шат дамжлагатайгаар хэрэглэгчдээ хүргэхээр зорьж байна.

-Махны экспорт өнөөдөр ямар хэмжээнд байна вэ?

-БНХАУ-д мах экспортлох нэмэгдүүлэх чиглэлээр байнга яриа хэлцэл хийж байна. Нөгөө талаар мах үйлдвэрлэх үйлдвэрүүдийг сонгон шалгаруулах ажлууд ч хийгдэж байна. 60 гаруй үйлдвэр хятад улс руу мах үйлдвэрлэх саналаа тавьсан. Хятадын мэргэжлийн байгууллагуудтай хамтраад энэ дотроос 25 үйлдвэрийг эхний ээлжинд сонгож авсан. Цаашдаа үйлдвэрийн тоогоо нэмнэ. Үйлдвэрлэх бүтээгдэхүүнээ ч нэмнэ гэж бодож байна. Махны экспортыг манайх өнөөдөр 16 улсад экспортолж байна. Хятад улсад нийлүүлж байгаа нэг онцлогтой бүтээгдэхүүн бол дулааны аргаар боловсруулсан мах. Манайд дулааны аргаар мах боловсруулах стандарт байхгүй. Экспортод бид квот буюу хязгаар тавьж өгнө.

-Үндсэн хуулиар ард нийтийн санал асуулга явуулахтай зэрэгцүүлэн ээлжит бус сонгууль явуулах асуудал яригдаж эхэлсэн. Үүнд та ямар суурьтай байна вэ?

-Энэ асуудал яригдаад эцэслэгдээгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулъя гэхээр 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө шаардалгатай болж байгаа. Оны наана ард нийтийн санал асуулга явуулж 30 тэрбумыг зарлагадаад, оны дараа сонгууль явуулж 30 гаруй тэрбум төгрөг зарцуулна гэвэл эдийн засагт амаргүй дарамт болно. Эдийн засгийн агуулга талаас хамтад нь явууж болдоггүй юм уу гэх санал гарсан. Миний хувьд зардал чирэгдэл багатай хувилбарыг дэмжих нь зүйтэй гэж бодож байсан. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахаас шалтгаалж АНСА явуулах уу, үгүй юу гэдэг нь шийдэгдэнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Туркменистан авлигачдаа шившиглэж байгаа нь арай хүнлэг юм аа

Туркменистан гэж улс Азид бий. Авторитар дэглэмтэй. Хуучны “стан” орнуудаас нэг хүний эрхшээлд үлдсэн улсын нэг. Ерөнхийлөгч нь их сүртэй. Венесуэлийн араас орох гэж байгаа улсын төрийн тэргүүн гэмээргүй аяг ааш, үйлдэл гаргаж, тэр бүхнээрээ бахархсан шиг аж төрдөг нөхөр. Дэлхийн хамгийн өндөр шонд төрийнхөө далбааг мандуулсан, хамгийн том талбай эзэлсэн усан оргилуурыг Геннист бүртгүүлсэн гэж ирээд жагсаавал агуу сүрлэг байгууламжаараа л Туркменистаны нэр цэнхэр гаригт дуулддаг. Ерөнхийлөгч нь тэгж гэнэ, ингэж гэнэ гэсэн үлгэр домог шиг мэдээ, бичлэг хөвөрч байдгаар нь Гурбангулы Бердымухамедовыг дэлхий андахгүй. Товчхондоо Гурбангулы Бердымухамедов бол дарангуйлагч, Туркменистан авторитар дэглэмийн тод жишээ болсон улс.

Саяхан энэ улс хэдэн сайд дарга нараа теле камерын өмнө зэрэгцүүлж зогсоож байгаад шившиглэсэн бичлэгийг дэлхий даяараа харлаа. Энэ улс ч гэж юу байхав, ноён удирдагчийн ааш аягт таалагдаагүй учраас сайд, дарга нар нь камерын өмнө гэмшсэн дүртэйгээр зогссон хэрэг. Телевизээр шившиглэгдэж байгаа сайд дарга нар бүгдээрээ цэвэрхэн хослол, цагаан цамц, гялгар ботинк, толийтол самнасан халимаг үстэй харагдана лээ. Хэдийгээр дарангуйлагчийнхаа хүсэл зоргоор шившиглэгдэж байгаа ч Европтой ойрхон болоод тэр үү, залуу сайд нар гаднаасаа соёлтой, аятайхан харагдаж байсан. Товчхондоо Туркменистанд цэмбийсэн дарга сайд нар эцэг удирдагчийнхаа өмнө гэмшин уйлж байна.

Гэтэл манайд эсрэгээрээ. Бүс нутагтаа ардчиллын баян бүрд гэгддэг Монгол Улсын төр авлигаар буруутгаж шийтгэгдсэн иргэдээ сэтгэл эмзэглэмээр шившиглэдэг. Хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулсан гэж дэлхийд тунхаглаж урагшилж яваа улс гэхэд гутмаар дүр зураг нүдний өмнө хөвөрсөөр байгаа. Хүн ихэд айж, сүрхий цочирсон үедээ жолоодлогогүй үйлдэл хийдэг. Эрүүл саруул, айвуу тайвуу амьдарч яваа хүмүүс хөндлөнгөөс нь харахад ичгэвтэр байдалд орохоор үйлдэл үзүүлдэг. Гэмт хэрэгт буруутгагдаж, төрийн хараа, хяналтад орсон иргэд цочирдохдоо элдэв үйлдэл хийж таарна. Цочирдохдоо хэн ч, ямар ч аяг гаргаж мэднэ. Магадгүй зарим тохиолдолд элдэв үйлдэл хийтэл нь цочирдуулах эх үүсгэлийг гэм хийсэн иргэнээ барьж хорьсон төр өөрөө хийдэг. Хамгийн гутмаар нь төрийн нэрийн өмнөөс ажилладаг хууль, хүчний байгууллага гэм, ялаа эдэлж хоригдож байгаа иргэдийн, хариуцлагаа хүлээж шийтгүүлсэн хүмүүсийн цочирдохдоо хийсэн элдэв үйлдлийг камераар бичиж, олонд дэлгэж шившиглэдэг. Хүний эрх талаас харахад төрийн иргэнээ шившиглэж буй энэ арга алга ташихаар зөв зүйл угаасаа биш.

Ийм өнцөг хөндсөн хэвлэл мэдээллийг авлигачдыг өмөөрлөө гэсэн буруутгал анзаарагдаад удаж байна. Авлигачдыг өмөөрлөө гэж дүгнэж, буруутгах нь том эндүүрэл. Харин ч бид, хэвлэл мэдээллийнхэн авлигачдыг шийтгэх ёстой, авлигагүй нийгэмд амьдрахын төлөө хуулийг гууль болгохгүйгээр авлигач бүрт хариуцлага хүлээлгэх учиртай гэсэн хатуу байр суурьтайгаар үзгээ шүүрч, үгээ хэлдэг. Авлигын эсрэг тэмцдэг байгууллага гэж байгуулагдахаас өмнө бид авлигатай тэмцэж байсан. АТГ гэж байгууллага байгуулагдаж ажиллаж буй өнөө цагт ч тэднээс дутахгүйгээр авлигын эсрэг тэмцэж яваа. Тэгэхээр авлигачдыг хаацайлах гэж оролдлоо гэж дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл, муйхар буруутгал.

Авлигачдыг илрүүлж, шийтгэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Гэхдээ нэгэнт шийтгэлээ хүлээсэн иргэнээ шившиглэх эрх төрд, төрийг төлөөлж ажиллаж байгаа АТГт байхгүй. Нэлээд хэдэн жилийн өмнөх үйл явдлыг сөхье. Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын кейсийг. Монгол даяар түүний салаавч үзүүлж элдвийг хэлж буй нүд халтирам төрхтэйгөөр харсан. Уурлаж, бухимдаж, цочирдож энэ тэр болоогүй бол Н.Энхбаяр шиг хүн тэгж аашлахгүй нь тов тодорхой. Монголын төр иргэнээ улс төрийн зорилго, ашгаар ингэж шившиглэсэн тохиолдол ганц Н.Энхбаяраар дуусаагүй. Саяхан л гэхэд АТГ бахархалтайгаар хэвлэлийн хурал зарлаж байгаад иргэдээ шившиглэсэн. Дахиад хэлье. Бид авлигатай тэмцэх ёсгүй, авлигачдыг өмгөөлөх ёстой гэж хэлээгүй, асуудлыг тэгж хараагүй. Авлигачид шийтгэлээ хүлээх ёстой, гэхдээ улс төрийн жижиг сонирхлоор шившиглэгдэх ёсгүй гэсэн байр суурьтай байгаа. Хүний эрхийг уландаа гишгэсэн, үл тоосон ийм хандлагыг төр нь, төрийг төлөөлсөн байгууллага нь иргэддээ гаргаж болохгүй. Тэр дундаа ардчиллын замаар алхаж яваа Азийн Монголд байж боломгүй үзэгдэл.

Монголд хүний эрхийг хамгаалах чигийн олон байгууллага ажилладаг. Энд болж байгаа элдэв хэрэгт санаа оноогоо хэлж, мэдэгдэл гаргадаг олон улсын хүний эрхийн байгууллагууд ч цөөнгүй. Хүний эрх ярьж, хүний эрхийн төлөө ажилладаг байгууллагууд яг өдийд уг нь энэ зүгт анхаарлаа хандуулчихсан явах учиртай. Гэтэл хүний эрхийн төлөө ажилладаг ганц ч байгууллага иргэнээ шившиглэж, хувь хүний эрхэнд нь халдаж байгаа төрийг, төр төлөөлж ажилладаг байгууллагыг шүүмжилсэн мэдэгдэл байтугай, байр суурь ч илэрхийлэхгүй юм.

Хуучин нийгмийн үед, өнгөрсөн зууны гуч, дөчөөд онд л аавыг нь буудаж хөнөөчихөөд, хүүхдийг нь сургууль дээр нь шившиглэж хөөж, хэлмэгдүүлж хөнөөсөн иргэнийхээ гэр бүлийг гишгэх газаргүй болгодог байсан. Тэр цагийн иргэдээ шившиглэдэг хандлага энэ цагт тод илрээд байгаа нь гашуунаар хэлэхэд Монголын эмгэнэл. Үндсэн хуульдаа хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Монгол Улсад аль тэртээ тэр үеийн хар арга дэлгэрч байгаа нь яаж ч бодсон хүлээн зөвшөөрөхөөр жишиг биш. Үндсэн хуульт ардчилсан улсад бүх зүйл хуулийн дагуу өрнөх учиртай. Дахин давтаад хэлэхэд Монголын төр, АТГ авлигачдаа хуулийн дагуу шийтгэх ёстой.

Иргэнийхээ эрхэд халдаж шившиглэснээр авлига зогсохгүй л дээ. Ингэж шившиглэснээ авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажил хийж байна гэж сэтгэж суугаа бол тэрэн шиг том эндүүрэл байхгүй. Иргэдээ шившиглэж авлигын эсрэг тэмцдэг улс Хятад, манай хоёроос өөр үлдээгүй байх шүү, цэнхэр гаригт.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайд цалин тэтгэврийг тодорхой хувиар нэмэгдүүлнэ гэсэн. Ирэх оны төсвийг одоо хэлэлцэх гэж байна. Ер нь цалин, тэтгэврийг хэдэн хувиар нэмэгдүүлэх боломжтой вэ?

-Төсвөө УИХ-д өргөн мэдүүлчихсэн байгаа. Цалин, тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулж нэмнэ. 2014 оноос хойш цалин, тэтгэврийг огт нэмээгүй байсан. 2018, 2019 онд нэмсэн. 2020 онд ч нэмэх гэж байгаа. Урьд нь гэнэт нэмдэг байсан. Тэгэхдээ сонгууль дөхүүлж байгаад 20, 30 хувиар нэмдэг байлаа. Энэ нь эргээд инфляцийг хөөрөгдөж, хүмүүсийг бухимдуулдаг байсан. Инфляцийн түвшинтэйгээ уялдуулж нэмэхэд сөрөг зүйл гарах нь бага байдаг шүү дээ.

-Улс мөнгөтэй байгаа юу?

-Бид нэг ч төгрөгийн гадаад бонд гаргаагүй. Арилжааны банкуудаас өндөр хүүтэй нэг ч төгрөгийн зээл авахгүйгээр өөрсдөө бүх зардлаа зохицуулаад явж байна. Улс мөнгөтэй байгаа.

-2020 оны төсвийн алдагдлыг 5.1 хувьтай тооцсон нь хэр зэрэг бодитой вэ?

-5.1 хувийн төсвийн алдагдал гэдэг бол тэнцвэржүүлсэн тэнцэл юм. Энэ нь бид орлогоо тэнцвэржүүлсэн орлогоор тооцсон юм. Тэгэхээр энд хоёр орлого ороогүй гэсэн үг. Монгол Улсын тогтворжуулалтын сангийн мөнгө, ирээдүйн өв сангийн мөнгийг орлогоосоо хасч байгаад тэнцвэржүүлсэн тэнцлээ тооцож гаргасан. Тэгэхээр цаана нь нэг их наяд орчим л үлдэж байгаа юм.

Гэтэл төсвийн зардал дотор хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүд болох Улаанбаатар-Налайх чиглэлийн зам, Улаанбаатар-Дархан чиглэлийн зам, бусад замууд, концесс хийгдэж буй бусад замууд, нисэх онгоцны буудал, цэвэрлэх байгууламж, зээлээр босч буй сургууль, эмнэлгийн барилгууд гэх мэт эдгээр зүйлүүд орчихсон байгаа. үүний эх үүсвэр нь хөнгөлөлттэй зээл юм. Тиймээс бид төсөв зохиохдоо бонд гаргахгүй, арилжааны банкуудаас зээл авахгүй байхаар төсвөө тооцоод хийсэн. Өөрөөр хэлбэл, саяын энэ тоо эдийн засагт дарамт үзүүлэхгүй гэж үзээд төсвөө хийж байна. ингэж хийхгүй бол Монгол Улсын өр зээл нэмэгддэг. Богино хугацаатай, өндөр хүүтэй зээл авах шаардлага гардаг. Тиймээс бид аль болох урьд өмнө гарч байсан иймэрхүү алдаа дутагдлыг давтахгүйг хичээж байна.

-Он гарснаар нүүрсний үнэ унах магадлалтай байна. Энэ тохиолдолд эдийн засгийн өсөлт буурах магадлалтай юм биш үү?

-Бүгдээрээ л тэгж ярьдаг. 2019 оны төсвийг батлуулж байхад Уи х дээр хэтэрхий их өөдрөг төсөөлсөн байна аа, ч.хүрэлбаатар аа орлогоо биелүүлж чадах уу гээд л байсан. Бид бодитой, хийж чадах орлогоо төсөвлөсөн гэдгээ хэлсэн. Одоогийн байдлаар төсвийн орлого биелээд явж байна. Оны төгсгөлд 300-400 тэрбум төгрөгөөр даваад биелчих болов уу гэсэн горьдлоготойгоор ажиллаж байна.

-Саарал жагсаалтад орох асуудал энэ сарын 13-нд шийдэгдэх магадлалтай, зарим нэг эрсдэлүүд бий гэх мэдээлэл байна…

-Үнэн. Төсөв танилцуулахдаа хэлсэн. Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх эрсдэлүүдийн нэг нь саарал жагсаалт юм. Маш тодорхой бодитой эрсдэл. Мөнгө угаахтай холбоотой хэргээр шийдэгдсэн нэг ч хэрэг байхгүй. хүн болгон л яриад шуугиад байгаа боловч шийдэгдсэн нэг ч хэрэг алга. энэ асуудалтай Монгол Улс хэр тэмцэж байна вэ гэсэн асуудал байгаа шүү дээ. Арилжааны банкуудын өөрийн хөрөнгөтэй холбоотой хяналт шалгалт хийх тухай асуудлыг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс ярьж эхэлсэн. Шалгалт нь дууссан байгаа. үр дүн яаж гарах нь уу. үүнтэй холбоотой тодорхой асуудлууд байгаа гэж бий ойлгож байгаа. энэ өөрөө асуудал үүсгэнэ. Мөн санхүүгийн хяналтын асуудал байна.

-Улаанбуудайн урамшууллын үнийг 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Ингэх ямар шаардлага байсан юм бэ?

-ххААхү-ийн сайдаас тодруулбал зүгээр. 2020 онд байгаль цаг уурын нөхцөлтэй холбоотойгоор Улаанбуудайн үнэ өсөх магадлалтай. Мөн гурилын үнэ өснө гэсэн үг. Тиймээс энэ асуудлыг танилцуулсан.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барих зардлыг төсвөөс гаргана гэж мэдэгдчихээд байгаа. Хаанаас санхүүжилтээ босгох вэ?

-эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц бол эрчим хүчний системд чухал ач холбогдолтой үзүүлэх бүтээн байгуулалт. Учир нь баруун аймгууд ОхУ-аас дутагдаж буй эрчим хүчээ авдаг. Тэнд тодорхой хэмжээний гэрээ хэлцэл, тооцоо хийгдэж үнээ тохирох гэх мэтээр хараат байдаг. БНхАУ-ын банкнаас зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх хүсэлтээ тавиад техник эдийн засгийн үндэслэлийг хийгээд дуусч байгаа. Ойрын үед техник эдийн засгийн үндэслэл хийгдэнэ.

-Өчигдөр төсвийн гүйцэтгэлийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж байхад зарим зээл тусламжийн хөрөнгө, мөнгө бүрэн гараагүй гэх асуудал яригдаж байсан. Ямар учиртай юм бол оо?

-Тухайн төслийн ажил удаан явагдахаар санхүүжилт нь хийгддэггүй. зарим төслүүдийн ажлууд нь хийгдээд дахиад цаашаа ажил хийх гэхээр хөрөнгө мөнгөгүй болчихоод байдаг байсан. үүнийг 2019 оноос эхлээд алга болгож, бүх гадны зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилтийг зөвхөн сангийн сайдын багцад суулгаад өгчихвөл хооронд нь шилжүүлэх уян хатан байдал гарч ирж байгаа. Тэгэхээр эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдаад явах юм бол бид нар дотоодоос гарах санхүүжилтийг гаргаад явах бүрэн боломжтой.

-Хүүхдийн мөнгийг яаж олгох вэ?

-Одоо арилжааны банкуудаар дамжуулж олгож байгаа шүү дээ. Арилжааны банкууд руу мөнгө нь шилжигдээд тэндээсээ хийгдэхийг одоо төрийн сангаас хийх шийдвэр гаргаж байгаа. Богино хугацаанд асуудал шийдвэрлэгддэг байх боломжуудыг харж шийдэж байгаа. Сангийн яам системээ ашиглан төрийн үйлчилгээг богино хугацаанд гар утсаар хийдэг болгох чиглэл рүү явж байна.

-Арилжааны банкууд шимтгэл авдаг нь больж байгаа юм уу?

-Бид нар мөнгө шил-жүүлэхдээ арилжааны банкуудаар дамжуулдаг байсан. Одоо шууд төрийн сангаас хийдэг тогтолцоо руу оръё гэж ярьж байна. Төрөөс үзүүлдэг үйлчилгээнүүдийг мөн ялгаагүй нэг системээр хийдэг болж байгаатай уялдуулан эрх долоо хоногт энэ талаар дэлгэрэнгүй, нарийн мэдээлэл өгнө.

-Өндөр хааны нисэх онгоцны буудлыг шинэчлэх 3.8 сая ам.долларын асуудал төсөвт суугдсан уу?

-Кувейтийн буцалтгүй тусламжаар хийгдэж байгаа ажил. Төсөв нь зардал талдаа суугдаад л явж байгаа. Орлого нь мэдээж тусламжийнх.

-НӨАТ-ын 0.2 хувийн буцаалтыг нэмэгдүүлэх боломжтой юу?

-НүБ-д бүртгэлтэй улс орнуудаас НӨАТ буцааж өгдөг орон бол гурав, дөрөвхөн байдаг. Үүний нэг нь Монгол Улс. НӨАТ -ыг 100 хувь буцааж өгөх ёстой гэж ярьдаг. Түүн шиг худлаа зүйл байхгүй. Бусад орнууд бүгд авдаг. Бид татвар төлөх ёстой. худалдаанаас авдаг хоёр төрлийн татвар байдаг. худалдааны татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар. худалдааны татвар бол нийт үнийн дүнгээс шууд авдаг. АНУ-д байдаг. НӨАТ гэдэг бол зөрүүг нь тооцож байгаад авагддаг. НӨАТ-ын хамрагдалт жилээс жилд нэмэгдэж байгаа.

-Эдийн засгийн өсөлтийг иргэдийн амьдралд бодитойгоор хүртээх, үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгах талаар ямар бодлого баримталж байна вэ?

-Уих-аас төсвийн тодотгол хийхгүй гэсэн байр суурийг хоёр жил барьсны хүчинд эдийн засгаа босгож чадсан. Дотоодын нийт бүтээгдэхүүний 85 хувьд хүрээд байсан өрөө бид буулгасан. Валютын нөөц нэг тэрбум ам.доллар байсныг 3.8 тэрбум ам.долларт хүргэж өсгөсөн. Валютын нөөцөө өсгөж, дотоодын өрийн хэмжээг бууруулснаар үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш тогтвортой байх нөхцөлүүдийг бүрдүүлж байна. үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгахын тулд дунд, урт хугацааны бодлого шаардагдана. Мөн Засгийн газраас өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарлаа хандуулан ажиллаж байна.